Өртөөчдийн булан https://www.tsahimurtuu.mn Wed, 14 Nov 2018 12:33:21 +0800 Joomla! - Open Source Content Management mn-mn Тархиндаа сумтай хүмүүс https://www.tsahimurtuu.mn/index.php/urtuuchid/item/2044-article_20130215_02 https://www.tsahimurtuu.mn/index.php/urtuuchid/item/2044-article_20130215_02

Монголчууд заримдаа юм ойлгохгүй дүйнгэтээд байгаа нэгнээ усан толгойтой гэж ярьдаг, олгой толгойт гэж шоолох нь ч бий. Баруун европийн ихэнхи орнуудад, тархинд нь тос биш ус гүйсэн хүн гэж ярих дуртай ажээ. Эндээс ургуулаад тархины анатоми, физиологийн бүтцийг шинжлээд үзэхүй  шингэвтэр нь шингэвтэр гэхдээ, арай ч бас тос ус холилдчихсон юм биш байдаг юм байна. Ерѳнхийдѳѳ, бол түүхий ѳндѳг хагалаад, доторхыг нь алган дээрээ тогтоон шары нь ажиглаатхвал нэг ойролцоодуу дүр бууж ирж болохоор ч юм шиг. Тархи бол юуны ѳмнѳ цагаан, саарал нялцгай шингэнцэрийн нэгдлээс бүтсэн, майхан маягийн хатуу ясан хамгаалалтын дор орших лаг тогтнол, мэдрэлийн эд эсүүдийн бѳѳгнѳрѳл юм байна. Мэргэжлийн хүмүүс тѳв мэдрэлийн систем хэмээн нэрийдсээр иржээ. Гадуураа 3 давхар хамгаалалтын бүрхүүлтэй ланжгар эрхтэн гэнэ. Тархины ѳнгѳн хатуу бүрхүүлийг эмнэлзүйд хатуувч, торлог бүрхүүлийг аалзажтац,нимгэн хальсийг зѳѳлѳвчтѳц  гэх зэргээр ярьдаг юм байна. Ѳнчин тархи гээд, тархийг цусан хангамжаар тэжээж байдаг мундаг эрхтэн байнаа. Хоногт 650 грамм цусны даршалмал бэлтгэнэ гээд бодохоор хирэндээ хүнд ажилтай, дээр нь тархины ажиллагааг үндсэнд нь шийдчихэж байгаа болохоор үүрэг хариуцлагатай л  эрхтэн юм. Харин цус бэлдмэлийг хийхдээ биенд ямар түүхий эд бэлэн байна түүгээр л үйлдвэрлэж орхидог болохоор тун хариуцлаггүй эрхтэн ажээ. Түүхий эдийн ѳгѳгдѳлд шүүлтүүр ерѳѳсѳѳ хийхгүй шүү л гэсэн үг. Тэхээр усан, мѳсѳн, бул чулуун толгойт, ухаанд нь ухна ишиг ороод үхчихсэн гээд яриад байдаг нь басчиг ул үндэсгүй гүтгэлэг биш болтой. Ухна ишиг үхэх нь бүү ярь, бѳх орчихоод барилдаад байх, эсвэл морь мал орчихоод уралдаад, уралцаад байхийг боль гэхээргүй л юм байна. За тэр ч яахав, харин тархин дотор тос ус дүүргэсэнд хүрэн шоглуулчихаар ямар үйлдэл яваад байнаа гэдэг л сонин. Яахаараа ѳѳрсдийнхѳѳ сонгосон эрхэм түшээдээ 76 мангуу, бѳхчин морьчиноор нь цоллоод байдгийн болоо гэж.

Тархины үйлдэл, үйл ажиллагаа тун нарийн, одоо хирнээ л тайлахын аргаггүй оньсого шиг ажлаа орчин цагийн шинжлэх ухаанаас хармалсаар байгаа лут эрхтэн. Түүн рүү нэвтрэх нь Хѳвсгѳл нуурын баруун талбар, уулсын гүн рүү орохоос ч лавтайяа дутахааргүй нарийн техник шаардсан ажил бололтой. Хамгийн бүдүүн хадуун тѳсѳѳллѳѳр хандахуйд тархины зүүн ховдолд ой ухаан, баруун ховдолд мэдрэмж санамж байнаа л гэсэн юм ойлгогдож байна. Тэр ой ухаан гээчид нь учир жанцан их байнаа.  Зарим гаднын хаа хамаагүй  обьект тархины эд эсийг ѳдѳѳгѳѳд ой ухааныг нь оюун санаа, бодол сэтгэхүй, бүр унаган эрмэлзэл, сэтгэл зоригтой нь эзлээд суучихдаг, хувь хүнээр зогсохгүй нийгмийн талаасаа ч уршигтай үйлдэл тархинд явагдаж яв явсаар зуршил болчихож байна. Тэрийг ерѳнхийд нь дон гэж нэрийднэ. Ямар обьект тархинд орж сууснаар донг тодотгож ѳгнѳ. Ухаандаа хурдан морь тархинд нь ороод суучихвалморины донтон, хѳгшин, залуу хүүхнүүд аальгүйтэн гүйж ороод суучихвал хүүхний донтон гэх жишээтэй. Морины донтнуудын синдром зун наадам эхлэхээс ѳмнѳ эхэлнэ. Дон нь ид гаарахаараа морь малаа магтаж, аархан монголын хавтгай дээр БИ гэж ѳѳрийгѳѳѳргѳнѳ. Донтох үедээ алба ажлаа хоёрдугаарт тавьж заримдаа бүүр морьчин ажилтай болчихно. Нийгмийн цагаа харамлан зарим нэг чиг ухамсартай  нь сануулаатхвал, монгол ёсыг хүндэтгээгүй цагаач, бараг л эх орноосоо урвагч гэх нь халгүй загнана. Эмнэлэг, сургууль барьчихад данга хүрэхээр мѳнгѳ зарлагадаж хурд баалж авна, авсан морио сойх талаар гуулин зоосны бичээсийн тѳдий ч мэдлэггүй. Харин морь уяач, унаа ч гэж ажил гарган хэдэн хүнд мѳнгѳѳх нь л ѳнѳѳгийн хотлоороо ядуурч буй үед, малчны, хѳдѳѳгийн балчир хүүхдүүдийн ѳрийг бага зэрэг нимгэлэх юм биз дээ. Харин саяхан уяач хүнд хѳдѳлмѳрийн баатар цол олгосон нь цаагуураа уяачийн хѳдѳлмѳр болохоос тархиндаа морьтой донтны хѳдѳлмѳр бишээ гэдгийг олонд бодитой харуулчих шиг боллоо. Тархиндаа морьтой донтнууд УИХ-д их бий, хүмүүс андахгүй. Тулга тахих гэгчтэй барьцаад, тѳрийн ордонд морины чихмэл босгон морь тахих ёсон гээчийг сценаардаж хуулийн тѳсѳл боловсруулаад ороод ирэхэд бэлэн эрхэм гишүүд хэд бий, олны үг ортой. Тийм дээрээ тулвал тэдэнд бас л цол чимэг хайрлах нь шударга болно. Архаг донтогч, ѳсѳн нэмэх харьшгүй донтогч, ѳсч яваа идэр донтогч...гэх мэтээр. Нэгэнт донтсон бол донг эмчлэх арга эмнэлзүйд байхгүй, энэрэнгүй ёсыг бодоод донгий нь дагуулаад морь дээр гаргах арга бодмоор байгаа юм. Алба ажлы нь жинхэнээсээ карьер хѳѳсѳн, залгамж халаа, мэдлэг мэргэжилтэй шижгэнэсэн залуучуудад хүлээлгэн ѳгөх хэрэгтэй юм. Хамгийн шударга нь гэвэл донтогчид ѳѳрсдѳѳ биеэ илчлэн донтохоор явлаа, ажлаа ѳгьеѳ гээ л гараад явах, гэхдээ тийм эр зоригтой донтогч байгаа гэдэгт итгэхэд бас бэрх. 

Тэр тархиндаа хүүхэнтэй хүмүүсийг бол sexmania гээд байгаа л даа. Эмнэлзүйн нэр томьёо нь болохоор sexlibido, монголчууд англи хэлэнд торохгүй болохоор sexdrive гэчихвэл илүү ойлгомжтой ч юмуу. Залуухан донтогч Номтойбаярын сексманиа үйлдэл гэмт хэргийн шинжтэй гээд л мѳн ч их шуугицгаасан дѳѳ. Энийг зохицуулах хуулийн хэв хэмжээ манайд байдаггүй юм гэсэн, гэхдээ гарах ч гүй биз дээ. Эрхэм түшээд дотроо ийн донтогч тоогүй болохоор эсрэг кнооп дараад л унагачих биз.

Хүүхний дон туссан, донтож эхэлж байгаа хүмүүс их л уршиг тарьдаг болохоор европийн соёл иргэншилтэй орнууд үйлдлийг нь хязгаарлсан хуулиуд гаргачихсан байдийн билээ. Тэр бүү хэл тѳрийн ерѳнхийлөгч дээрээ ч арга хэмжээ аваад донд ѳртсѳн иргэдийг хохиролгүй болгочихдог л юм билээ, монголын томчууд барууныхнаас том сэтгэхүйтэй болохоор харна, судална, туршина...гүйцээ. Тэр барууны зарим хязгаарлалт хийсэн хуулиуд шууд аваа л хэргэлчихэд монголын ямар уламжлалд харшлаад байдгийг нь би олж харахгүй байгаа, тэгээд ч яагаад тэгдгийг нь ойлгодоггүй юм. Хүүхний донтон эрхмүүд аль ч оронд ѳѳрийгѳѳ тойруулан үй олон долдойнуудаар хүрээлүүлж байдаг. Тэдгээр нь гар хѳл, хэл ам, нүд чих, заримдаа тэмтрүүлийн үүрэг хүлээнэ, тэрнийхээ шанг харамгүй авна. Донтогчид, донтох үедээ буруу шийдэл гарган нийгмийг хохироох бол энүүхэнд. Хамгийн аймшигтай нь хүүхний дон, архины донтой хавсарч үйлдэгддэг болохоор уршиг нь агуу их. Ерѳнхийлэгч маань ард түмнийг ядуурал, авилгал, архидалт гэсэн 3 гачлангаас салганаа гэсэн, мэдээж нэгийг бодож хэлсэн нь лавтай. Энэ 3 гачлан, миний дурдсан 2 донтолттой мѳн ч их сүлбээтэй шүү л гэдгээр тѳгсгѳл болгоод дуусгачих минь! 

И.Цэрэнхүү

 

 

 

]]>
tugsuu1218@gmail.com (Admin) И.Цэрэнхүү Fri, 15 Feb 2013 13:02:35 +0800
Уран үгсийн шаглаа https://www.tsahimurtuu.mn/index.php/urtuuchid/item/2043-article_201302015_01 https://www.tsahimurtuu.mn/index.php/urtuuchid/item/2043-article_201302015_01

 

Ta бүхний амрыг эрье!

Ц.Урианхай гуайн Н.Энхбаярт, мүгдэн рүү бичсэн захидлыг анхааран уншлаа. Уран зохиолч хүний сэтгэлийн хатуу, зѳѳлѳн, уярал ѳрѳвдлийн халил дээр тэрлэсэн эл захидлын утга, агуулгыг анхаарах бодол байсангүй, миний хувьд нэг их чухал бишээ. Харин, тоо нь цѳѳрѳѳд л буй ухаант мэргидүүдийн маань нэгний ч болов үгийг амьд дээр нь сонсох нь надад олдсон завшаан байлаа. Доор нь зүүгдсэн коментуудыг бас уншлаа. Агуулгатай, сайхан  бичсэн хүн зѳндѳѳ, заримых нь бичсэнийг уншихад ч дургүй хүрмээр. Хѳгшин тѳгцѳг, үхэж далд орвол таарна гээд эгээтэй л бичсэнгүй харагдана. Эгдүү хүрсэн ч гэсэн иймэрхүү юм бичдэг хүмүүсийн ухааны зиндааг гадарлах хойно, нэг ч их ундууцсангүй харин афер гаргах маягаар дѳрѳлж хэлхсэн дѳрвѳн мѳртѳѳ хариу болгон чулуудлаа, тоон соёрхно уу! 

Үсэнд нь гүн цагаан суусан, гэлээ ч
Үйлийн эрдэм нь гандах яагаа ч гүй
Үсэг нь заримдаа мурийж тахийсан байлаа ч
Үг нь шулуухан энэ хэдхэн буурал
        Бидэнд харагдан амьдраг, янагш
        Билэг оюунаараа танхайрч л байг, яадийн
        Билүүтийн дэрний чулуу эрлэгийн үзлэгт уриа л эхэлнэ, аяндаа
        Би ч, чи ч эгээ л адил мѳнхийн ус уучихаагүй шүү дээ, жамаараа.
Жишүү харж ѳѳлѳѳд яахав, алдас
Жигшиж адлаж муулаад юүхэв, эндэс
Жишимгүй хэлсэн хэдэр үгээ сугалж аваад хармаалчих, хэрэг болно
Жил, цагийн аясаар нас чинь ѳтлѳх үед гаргаад унш, нэгиййг бодно
        Урианхай гуай та, урт удаан наслаарай!
        Уран үгсийн хэлхээсээ цувуулан шаглаарай!
        Утга гүй үг хэлж сэтгэлийг чинь сэвтүүлсэн бол
        Уулгамч биднээ болвол хэлтрүүлэн соёрхохыг хичээгээрэй! 

Ц.Урианхай гуайн нийтлэлээс цѳѳн хэдэн үг сугалан цувруулсныг та бүхэнд хүргүүллээ, тогтон соёрхно уу!

захидал бариулах
толхи
сэтгэлгээний тэнэмтгий
бодлогошролын цаг
нас ѳтгѳрѳх
ухаан нитгэрэх
сэтгэл ѳеглѳх
сэтгэл хатуунгших
сэтгэлийн ноцтой бодрол
шахамдуулах
элэрэх
ѳмнѳтгѳл
янар
...ажим
үг хумих
ѳчүүхмэд
бүү омтгойд!
инээд цалгиах
тоглоом тохууд авах
сувс үг
яншааг барах
пайтангшсан цаг
даашлуулан ёслох

Даашлуулан ёсолсон
И.Цэрэнхүү

 

]]>
tugsuu1218@gmail.com (Admin) И.Цэрэнхүү Fri, 15 Feb 2013 12:09:36 +0800
Авилгын харанхуйд үүрийн гэгээ татав уу https://www.tsahimurtuu.mn/index.php/urtuuchid/item/2030-buyantsogtoo-001 https://www.tsahimurtuu.mn/index.php/urtuuchid/item/2030-buyantsogtoo-001

georgiaАвилга гэдэг үзэгдэлтэй бид нэг л мэдэхэд ижил дасал болж орхиж. Энэ хорт мангас манай нийгэмд тун хүчтэй нэвчээд буй. Найман нэрийн барааны дэлгүүр, хиамны үйлдвэрийн зөвшөөрөл авах, сунгах зэргээс эхлээд ер бүх л төрлийн ажил хөөцөлдөхөд, за тэгээд засгаас зарлах тендер гэвэл заавал авилга атгуулна. Сүүлийн жилүүдэд уул уурхай эрчимжсэнээс болж засаг мөнгөжихийн хэрээр авилгын хэмжээ, хүрээ хамаагүй том болж хувирчээ. Авилга байдаг гэдгийг үгүйсгэх хүн манай улсад ганц ч байхгүй. Найман нэрийн дэлгүүр, дунд сургуулийн багш, эмч нарт атгуулдаг хэдэн бор төгрөг, набоор энэ тэр бол юу ч биш, хэдэн зуун мянга, сая доллараар хэмжигдэх болжээ. 

Хамгийн их авилга эргэлддэг газар  улстөрийн салбар болсон мэт. Сонгуульд орох эрхээ намаасаа мөнгөөр худалдаж авна. Сонгуулийн нэг тойрогт гарах сурталчилгааны зардлыг тооцох нэгж тэрбум төгрөг болж өсчээ. Хүмүүсийнх нь дундаж цалинтай харьцуулахад байж боломгүй том тоо. Мөнгөгүй хүн сонгуульд оролцох боломжгүй. Төрд насаараа ажилласан улсууд хамгийн баян байдаг, хахуулийг ихээр өгдөг компани огцом баяждаг жишиг бол манай өнөөгийн бодит байдал юм. 

Авилга гэдэг угтаа хүн төрөлхтний хамгийн хөнөөлт дайсны нэг юм. Энэ хорлонт дайсан хэзээ үүсч бүрэлдэв? Эрт нэгэн цагт Ромын эзэнт гүрэн гэж айхтар хүчтэй төрт улс байжээ. Тэр улсын ард иргэд ихээ халуун цустай, цөс ихтэй амбицлаг хүмүүс байсан нь тэгж мандан бадрахын үндэс болсон гэж судлаачид үздэг. Харин, тэр хүчирхэг гүрэн авилга гэгч хорт мангаст идэгдсэнээс болж мөхсөн юм. Авилгад идэгдсэн тэрхүү хүчирхэг гүрнийг хорт муу аюулаас салгаж цэвэрлэсэн нь бидний өвөг дээдэс Хүн гүрэн ажээ. Европчуудын дунд Аттилагийн стратегийн тухай ном одоо ч алдартай. Дэлхийн талыг эзэлсэн Монголын эзэнт гүрний нуран унасан шалтгаан бас л авилгатай холбоотой. 

Авилгаас салаагүй цагт хөгжил дэвшлийн тухай санасны ч гарз. Манайд харин сүүлийн жилүүдэд энэ тухай сүрхий ярьж, ганц хоёр авилгачийг шийтгэдэг болж байгаа нь асар том дэвшил юм. Монголын ард түмэн оюун ухааны хувьд том дэвшилд хүрч байна гэсэн үг. Хөгжил гэдэг чухамдаа ийм л дэвшлээс эхэлдэг. Түүх гэдэг  чухамдаа хүний оюун ухаанд гарч буй ийм төрлийн процессийг хэлдэг болохоос зүгээр нэг үйл явдлын он дарааллын бичиг биш. 

Хэдэн жилийн өмнө гаалийн хэмээх Баатрын хэрэг илэрсэн нь анхны томоохон авилгын хэрэг байв. Дараа нь банк цөлмөсөн хэд хэдэн хэрэг гарсан нь бас л авилгын хэрэг юм. Сураг ажиг нь гарч байснаа чимээгүй болж одсон авилгын хэргүүд ч олон. Харин, энэ удаад хорт үзэгдлийн үрийг Монголын улстөрд маш хүчтэй үндэслүүлж ургуулсан гол эзэн гэгддэг гурав дахь ерөнхийлөгчийн хэргийг шийдлээ. Энэ бол чухамдаа авилга гэгч хөнөөлт дайсан, бас шашин гэгч хар тамхинд гүн автсан харанхуй нийгэмд гэрэл гэгээ сацрахын горьдлого төрүүлсэн түүхэн үйл явдал боллоо.

Гэвч, авилгатай тэмцэхэд саад болохыг санаархаж буй хувь хүмүүс, нам бүлэглэл, хөдөлгөөн мэр сэр байгаа бололтой. Муу ч, сайн ч төрт нэгэн улсын институц ажиллаад дуулиант хэргийг зоригтой шийдэн том алхам хийлээ. Ардчилсан нийгэмд хүмүүс янз бүрийн саналтай байж, түүнийгээ чөлөөтэй илэрхийлж болноо. Гэхдээ, авилгатай хийх тэмцлийг системтэйгээр, зохион байгуулалттайгаар эсрэгцэн тэмцэлдэх эрх хэнбугайд ч, ямар ч байгууллага, бүлэглэлд байх учиргүй.

Сүүлийн хорин жилд хүчээ авч соёолж ирсэн авилга гэгчтэй хийсэн тэмцэл арайхийн үр дүнд хүрч эхэлсэн энэ эгзэгтэй цагт илүү оновчтой бодлого явуулж, авилгын  уг үндсийг үтэр түргэн устгах тэмцлийн эрчийг улам чангаруулах бодит шаардлага байна. Үүний тулд авилгын эсрэг Үндэсний гэрээнд бүх нам, улстөрийн хүчнийг нэгтгэн ам өчгийг нь авах хэрэгтэй. Авилга гэгч зөвхөн Монголын төдийгүй, хүн төрөлхтний намбар ван дайсан болсон энэхүү хорт дайснаас салахын тулд монголчууд бүгдээрээ хүч, оюунаа нэгтгэх шаардлагатай байна. Үүний тулд Авилгатай тэмцэх Үндэсний Зөвшилцлийг зарлаж түүнд хамгийн түрүүнд улстөрийн намуудыг татан оролцуулах нь зүйтэй. Ямар ч тохиолдолд аль нэг улстөрийн нам авилгатай хийх тэмцлийн эсрэг элдвээр дуу хоолой гаргадаг явдлыг бүрэн зогсоох учиртай. Хэрвээ, ийм зөвшилцөлд нэгдэхгүй байр суурьтай улстөрийн нам байвал хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийг дэмжсэн хэргээр шууд татан буулгаж, зохих шийтгэлийг олговол зохино. Гаалийн Баатар авилга авсныгаа намынхаа төлөө хийсэн гэж хээв нэг өчсөн гэдэг. Авилгыг өөгшүүлдэг нам байсан цагт Монголын ард түмэн хэзээ ч өөдлөхгүй.

Гүрж улс авилгатай хийсэн тэмцэлдээ чамгүй амжилт олсныг дэлхийд сайн жишээнд тооцож байна. 100 мянган доллараас дээш хөрөнгөтэй этгээдийг тэрхүү мөнгөө шударга хөдөлмөрөөр олсноо батал, чадахгүй бол Ард түмний нэгдсэн дансанд мөнгөө 6 сарын дотор тушаа, тэгвэл өршөөнө, үгүй бол зохих шийтгэлийг олгож 7-оос дээш жил хорих ял оноох замаар асуудлыг шийджээ. Үүнийгээ Авилгын өршөөлийн хууль гэж нэрлэсэн байна. Энэ мэт сайн жишээг судалж авилгыг устгах тэмцлийг хурдасгах хэрэгтэй.

Энэ цагт авилгын эсрэг хийж буй тэмцэл Монгол улс хөгжиж дэвжихийн эхний том алхам болно. Энэ ололт Монголын олон зуун мянган энгийн ард иргэдээс авахуулаад шударга сэхээтнүүд эх орондоо ажиллаж амьдрах итгэл, сэтгэлийн хүч бэлэглэнэ.

]]>
contact@tsahimurtuu.mn (Цахим Өртөө Холбоо) Ц.Буянцогтоо Mon, 06 Aug 2012 16:36:52 +0800
Оюу Толгойн талаарх мэтгэлцээн https://www.tsahimurtuu.mn/index.php/urtuuchid/item/2029-buyantsogtoo-02 https://www.tsahimurtuu.mn/index.php/urtuuchid/item/2029-buyantsogtoo-02

Өөрийн бодлыг товч хэлье.

bayartsogt-ganbaatarМэтгэлцээний утга учрыг оролцогч этгээдүүд харилцан адилгүй ойлгож бэлдэж иржээ. Баярцогт бол "дайснаа дарахыг" гол зорилгоо болгож. Зорилгоо тодорхойлохоосоо эхлээд тэр алдаа хийлээ. Уг нь бол 2 этгээд мэтгэлцсээр байгаад эцсийн дүндээ тухайн сэдэв дээр санал нэгдэх, асуудалд шинэ гарц олох нь мэтгэлцээний үндсэн зорилго баймаар. Гэтэл, хэт өөрийгөө хамгаалах тактик барьж, ОТ-ын гэрээг "төгс гайхамшиг" гэж тодорхойлж буй нь түүнийг цаанаа "маапаантай" гэдгийг илтгэх мэт. "Гудамжны", "мэдлэггүй" Ганбаатарыг "алаад өгөх" нь Баярцогтын үндсэн зорилго байлаа. Тэрхүү "аженда"-даа таарсан тактик боловсруулж иржээ.

Нөгөө талаас Ганбаатар мэтгэлцээний зорилгыг хувь хүмүүс хоорондын хэрүүл тэмцэл биш, илүү өргөн утгаар ойлгож, тэр хүрээндээ бэлдэж иржээ. Тэрээр энэ мэтгэлцээнээр олон нийтэд зөв мэдээлэл хүргэх ёстой, үүний тулд асууж тодруулах үүрэгтэйгээр оролцохоор бэлтгэлээ хийж. Тэрээр Оюу Толгойн гэрээг зөв, Монголын талд ашигтай байлгахын тулд өнгөрсөн жилүүдэд тэмцэж ирсэн олон хүмүүсийн нэг билээ. Олон жил ярьж, асууж байсан тэр л асуудлууддаа хариу авч олон нийтэд мэдээлэл хүргэхийг зорьсон байна. Түүний зорилго "урвагч" Баярцогтыг "алаад өгөх" биш байлаа.

Бидний урьд өмнөх төсөөллөөр бол энэ хоёр этгээд яг эсрэгээрээ баймаар. Тийм байх нь уг нь зөв логик. Яагаад гэвэл Ганбаатар ард түмнийг төлөөлж байгаа хүн. Тэр утгаараа ямар ч асуулт асууж тодруулах эрхтэй. Сэжиглэх, хардах эрхтэй. Баярцогт Төрийг төлөөлж гэрээ байгуулсан хүний хувьд үйлчлэгчийн байр сууринаас хандаж буруу ч бай, тэнэг ч бай, мэдлэггүй, мэдээлэлгүй, ер ямар ч асуулт байсан эелдгээр, нарийвчлан тайлбарлаж ойлгуулах үүрэгтэй. Тэрээр хувь хүнийхээ байр суурьнаас асуудалд хандаж огт болохгүй.

Гэтэл, бодит байдал яг эсрэгээрээ байлаа.

Энэ байдал нь Баярцогтын талаар маш сэжигтэй ойлголтыг төрүүлэв. Түүний байж байгаа нь олигтой мэдлэггүй, боловсрол муутай хүн гэдгийг нь илчилж өглөө. Тэр яагаад ийм алдаа гаргав? Ийм сагсуу, хамаа намаагүй хөдөлгөөн хийсэн, эмх замбараагүй яриатай, шаардлагагүй мэдээжийн зүйл дээр нуршиж цаг авах, мэтгэлцэгч этгээд рүү дайрч давшилсан энэ байдал нь түүнийг юуны төлөө ингэж үхэн хатан байж ядна вэ гэх асуулт эрхгүй тавихад хүргэж байна. Төрийн хүний алхам бүр нь утга учиртай байх ёстой. Байж байгаа бүхий л байдлаараа ард түмнийхээ төлөө гэсэн хандлага, сэтгэл зүрхээ илэрхийлж байх ёстой. Ард түмнийхээ өмнө бардам дээрэнгүй, сагсуу, мэдлэггүй соёлгүйгээрээ гайхуулсан байдал гаргаж  хэрхэвч болохгүй.

Гудамжны, популист гэх "муу нэрт" Ганбаатар харин өндөр соёлтой байсныг тэмдэглэх хэрэгтэй. Тэрээр зарим газар гэрээ байгуулагчдыг сайшааж байлаа. Тэр мэтгэлцээний туршид ёс зүйн хэм хэмжээг сайтар сахиж байсныг тэмдэглэх нь зүйтэй. Ганц Ганбаатар ч биш олон олон дэвшилт үзэлт Монголын сэхээтнүүд энэ гэрээний талаар дуу хоолой гаргаж ирсэний хүчинд харин ч танагтай болсон байх магадлалтай. Ганбаатарыг бэлтгэл муутай ирсэн байна гэж дүгнэх хүмүүс байна. Үгүй юмаа. Тэр олон жил ярьж ирсэн тэр л асуудлуудаа тэвэрсээр ирж. Түүний хувьд тэдгээр асуултаа асуух л үүрэгтэй. Баярцогт хариулах л үүрэгтэй. Ордоо яаж үнэлсэн юм бэ? гэх асуултад хариу өгсөнгүй. Хүрз, жоотуу, трактораа үнэлээд байхад баялгаа яагаад үнэлэхгүй байгаа юм бэ? Хариул л даа. Хариуд нь үнээгээ саалгахад тэжээл хэрэгтэй, зардал хэрэгтэй тэдгээрийг тэд дааж байгаа гэлээ. Уучлаарай, энэ хариулт хангалттай биш. Өр байгаа, зээл байгаа, хүү байгаа гэсэн мөртлөө энэ байхгүйтэй адил, яагаад гэвэл бид төлөхгүй тэднээр өөрсдөөр нь төлүүлчихэж байгаа гэлээ... Энэ бол гамшиг...

... Юутай ч Монголд анх удаагаа ийм хэлцүүлэг болсон нь том дэвшил юмаа. Хөгжилтэй гэх нийгмүүдэд ийм төрлийн мэдлэгийн мэтгэлцээн, хэлэлцүүлэг цаг ямагт болж байдаг. Тэр утгаараа энэ үйл явдал яах аргагүй дэвшил юм. Оюу Толгойн сэдвээр үргэлжлүүлэн хэлэлцэх шаардлага байгааг энэ удаагийн мэтгэлцээн баталж өглөө.

]]>
contact@tsahimurtuu.mn (Цахим Өртөө Холбоо) Ц.Буянцогтоо Sun, 25 Nov 2012 16:32:13 +0800
Хасбазарын Бэхбат: “Зөв л явбал зөөлөн зөөлөн замбуулин шүү” https://www.tsahimurtuu.mn/index.php/urtuuchid/item/2028-behbat-saidyn-yaria https://www.tsahimurtuu.mn/index.php/urtuuchid/item/2028-behbat-saidyn-yaria

(Монгол улс-АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтсоны 26 жилийн ойд зориулав)

Уулзалтыг хөтөлж, ярилцлагыг буулгасан Мягмарын Саруул-Эрдэнэ.

Монгол улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд, доктор Хасбазарын Бэхбат үүрэгт ажлаа дуусгаад эх орондоо буцаж байгаа юм. Түүнийг Элчин сайдаар ажиллаж байх хугацаанд АНУ дахь Монголчуудын холбоод, байгууллага, сургуулиуд нягт хамтран ажилласаар ирсэн билээ. Ялангуяа Монгол Соёлын Төв, Вашингтон Хот Орчмын Монголчуудын Холбооноос ЭСЯ-тай хамтран хийсэн ажлууд бодитой, тодорхой, үр бүтээлч үйл ажиллагаа байлаа. Тийм ч учраас тус хоёр байгууллагын төлөөлөл, ВХОМХ-ны тэргүүн Ц. Ивээлт, тэргүүлэгч гишүүн Г. Ганзориг, М. Дэлгэрцогт, Монгол Соёлын Төвийг төлөөлөн үүнийг бичигч миний бие, Стэрлинг балетийн сургуулийн захирал Д. Өлзийсайхан нарын нөхөд шинэ оны эхэн сарын нэгэн үдэш нутаг буцаж буй сайдыгаа гаргаж өгөнгөө дотно сайхан яриа өрнүүлэн суусан юм. Бэхбат сайдтай бид дандаа ажил төрлийн шугамаар уулзсаар байж, амьдралынх нь үүх түүхийг нь яриулах боломж гардаггүй байсан, энэ удаад харин сайхан завшаан тохиов.

Зураг 1. Бидний таван анд Х. Бэхбат сайдыг үдэж буй нь.
saidyg_udev

Амар сайн байна уу, та? Сайд, нүүх гээд л завгүй байна уу?

Уг нь ч нүүхийн зовлон мэддэг л айл, томхон тавилга энэ тэр аваагүй юм, гэтэл жижиг сажиг юм нийлсээр бас л овоо хэдэн хайрцаг болчихжээ. Миний ном л гэхэд та нар мэднэ дээ. Чингистэй холбоогүй номоосоо бол орхихоос аргагүй боллоо. (тодруулга: Х. Бэхбат сайд Чингис хаан, Эзэнт гүрний түүхийн сэдэвт номын арвин баялаг цуглуулгатай хүн М.С. )

 

Нэг. Сургуулийн хашаанд бөмбөг өшиглөж,
орос багшаар хэл заалгасан 40 мянгатын бага нас

 

Ингэхэд та чинь нас сүүдэр хэдийг зооглож байгаа, ямар жилтэй сэн билээ?

1951 оны туулай, Европынхоор бол 11 дүгээр сарын хилэнцийн ордны хүн. Зурхай энэ тэрээс харахад туулай, хилэнцийнхний зураг тун муугүй харагддаг юм. Туулсан амьдралаа, үзсэн харснаа одоо ингээд бодоод сууж байхад тэр зурхай үнэний ортой ч санагдах үе бий.

Угсаа гарал гэвэл?

Би чинь үндсэндээ Улаанбаатарын хоёрдахь үеийн хүн юм. Улаанбаатарт төрсөн, харин аав, ээж маань хоёул Архангайнх. Залуудаа хот орж ирээд, сургууль соёл хөөсөн, хоёулаа багш улс.

Дунд сургуулиа хаана дүүргэв?

23-р сургуулийг 1958 онд анх байгуулагдахад нь орж суралцаад 68 онд анхны арав төгсөгч нь болж байлаа. Тэгээд хоёр жил яваад иртэл сургууль маань тусгай сургууль болчихсон байсан. Намайг анх сургуульд орж байхад манай сургууль одоогийн Их дэлгүүрийн баруун хойд өнцөгт, нэг хашаанд, жижигхээн байшинд байдаг байлаа. Дөрөв тавхан л анги танхимтай байсан байх. Тэр хавь гэр хороолол. Сургуулийнхаа хашаан дотор захирал нь нэг байшинтай, багш нар нь бас тэндээ гэрт суудаг байв. Ээж маань 23-р сургуулийн хими биологи, түмэн бодисын анхны багш байсан учраас намайг нэгдүгээр ангид ороход манайх сургуулийнхаа хашаанд гэрээ бариад суудаг байлаа. Та нар санадаг уу, үгүй юу, тэгэхэд бид чинь даавуун цүнхтэй, дүрдэг үзэгтэй, бэх нь нэг шилэн савтай, дандаа гар цэнхэртүүлдэг. Би долоон нас арай хүрээгүй байхдаа сургуульд орчихсон, жижигхэн хүүхэд байсан юм. Сүүлд ээжийн найз багш нарын ярьснаар би гэж хурууных нь үзүүр цул бэх болчихсон шавилуухан амьтан явдаг байсан гэдэг юм билээ.

Тэгээд хоёр гурван жил болж байтал 40 мянгат баригдаж эхлээд, тэр хавь газарт орлоо. Гэхдээ тэр хашаатайгаа 40 мянгатыг баригдаж дуустал хэсэгтээ зууралдаад л байсан санагдана. Тэр хавийн гэр хорооллынхон 40 мянгатынхантай чулуугаар их байлдана аа. Хоёр талаасаа чулуу нүүлгээд л, “дайраад!” “ухраад!” гээд л. Тэгээд Их дэлгүүрийг барих болоод манай сургууль газарт орж, бид нэг хэсэг өөр өөр сургуульд хуваарилагдаж байгаад жил хагасын дараа одоогийнхоо энэ шинэ байранд орж байж билээ. Анги танхим, будаг шунх нь гял цал, гоё гэж жигтэйхэн, яг л өөр ертөнц шиг санагдаж байв. Гутлаа хүүдийнд хийж өлгөчхөөд л углааш өмсөж орно шүү дээ.

Энэ, таны нөгөө өмнөх үгийг нь бичсэн “Манайхан Америкт: Хөлбөмбөгийнхөн” ном хэвлэгдсэн байгаа. Танд бэлэглэе. Өмнөх үгэндээ та өөрөө багадаа хөлбөмбөг тоглож байсны хувьд энэ спортод элэгтэй болсон тухайгаа дурдсан байна. Хөлбөмбөг гээчийг хаагуур, хэрхэн тоглож өсөв дөө?

Манай сургууль ер нь спортоор гайгүй байсан юм. Гол шалтгаан нь тэр өмнө хэлсэн шинэ байранд орсноор хотдоо бас л анхаарал татах сургуулийн нэг болж байгаа юм. Тийшхэнээ нэгдүгээр сургууль, баруун урагшаа зургадугаар сургууль гэх мэтээр цөөн хэдэн гайгүй сургууль байсан, манай сургууль тийм сургуулийн тоонд маш богино хугацаанд, 40 мянгатын байрлалаараа ч тэр, шинэ байраараа ч тэр орсон юм. Овоо гайгүй сургууль ч болчихсон, дээр нь хамгийн гол нь манай сургууль спорт заалтай цөөхөн сургуулийн нэг байсан учир спорт сайн хөгжсөн юм. Заалтай болсноос хойш биеийн тамирын хичээл чанаржсан, бас тавиад оны үед хүмүүс волейбол их тоглодог байсан бол заалтай болоод ирэхээр сагсан бөмбөг хөгжиж эхэллээ. Бас хашаатай, тэндээ хөлбөмбөгийн талбайтай учраас хөлбөмбөг их тоглодог боллоо. Анги ангиараа үзнэ. Сургууль хоорондоо үзэлцэнэ. Эндээс юу харагдаж байна гэхээр биеийн тамир спортыг хөгжүүлэхэд орчин, бодлого чухал болох нь тодорхой. Яг тэр шинэ байранд орохоос өмнө манай сургуулийнхан бөх л их барилддаг байсан юм билээ.

Хөлбөмбөгийг сургуулиас гадуур бас өшиглөдөг л байлаа. Манайх жаран долоо найман оныг хүртэл Яргайтад зусланд гардаг байв. Зусланд бол том талбайтай, хүүхдүүд хөлбөмбөг л тоглоно. Бороотойд ч тэр, харанхуй болсон хойно ч өшиглөсөөр л байдаг байж билээ.

68 онд арваа төгсөөд ямар сургууль сонгов доо?

Би ер нь нэг дөрөв сурдаг хүүхэд байв. Дунд авахгүй, хааяа нэг хэдэн тавтай, гэхдээ “сайн” зонхилсон л хүүхэд байлаа. Тэр үед гадаад дотоодын сургуулийн хуваарь овоо өрсөлдөөнтэй болчихсон, хүмүүс аравдугаар анги төгсөөд хойшоо (Хойшоо гэж ЗХУ-ыг хэлдэг байв. М.С.) явахаас зугтдаг биш харин ч сонирхдог, өрсөлддөг болж эхэлсэн үе юм. Боловсролын яам сургуулиудад их дээд сургууль хуваарилна, манай сургуульд ирсэн хуваариар миний дүнд Их сургуулийн герман хэлний бэлтгэл анги оногдож байна аа. Дуртай л байлаа. Нэг жил герман хэл үзчихээд Герман явах нь ээ л гэж бодож байв. Тэгж байсан чинь хичээлийн эрхлэгч маань “Чамайг Гадаад яаман дээр дуудаж байна, яваад оч” гэдэг юм байна. Тэгсэн харин Гадаад яам тэр үед өөрсдөө гадаад руу оюутан явуулж мэргэжилтнээ бэлтгэдэг, сонгон шалгаруулалтаа хийж байж. Яамны боловсон хүчнийх нь дарга, хуучин Чойбалсан гуайн комиссар хийж байсан Намсрайдорж гэж нэг сайхан хүн байсан юм, Тэр хүн л хотын гол гол сургуулиар явж, хүүхдээ сонгож байхдаа манай сургуулиар орж бас хэдэн хүүхэд сонгож л дээ.

Боловсролын биш Гадаад яамнаас шууд сонгогджээ дээ, та тэгэхлээр?

Тийм гэх үү дээ. Гэхдээ тэгэхэд хэрхэн сонгогдсон талаар сүүлд Намсрайдорж гуай их хөгжилтэй юм ярьж билээ. Тэр үед төгссөн бүх хүүхдийг улсын шалгалтын дараа анги ангиар нь (манайх бол арвын дөрвөн бүлэгтэй төгссөн) гэрчилгээн дээр тавигдах дүн, улсын шалгалтын дүнгийн хамт ханан дээр томоор бичин жагсаадаг байсан юм. Хүүхэд бүрийн нэрийн өмнө цээж зургийг нь тавьдаг. Намсрайдорж гуай сүүлд надад “Чиний нэрийг бол сургуулиас чинь өгөөгүй юм шүү дээ. Би тэр ханын самбар харж байсан чинь нэг хөөрхөн хүү байхаар нь дүнгий нь харсан, бас дажгүй, тэгээд л энэ хүүхдийг бас шалгачихъя гээд нэрийг чинь өгсөн юм” гэж билээ. Би тэр жил төгсөгчдөөс бол долоо наймд л жагсаж байсан байх. Тэгээд бас дөрвөн бүлэгтэй байсан шүү дээ. Тэр бүгдээс тав зургаан хүүхэд сонгож шалгалтад оруулахад би тэгж багтсан юм билээ.

Аа бас шууд сургуульд явуулах ч биш, шалгалт авахаар дуудсан хэрэг үү?

Тэгэлгүй яах вэ. Гадаад яаман дээр очсон, гуч дөчин хүүхэд сууж байна. МУИС-ийн 2-р ангиас, УБДС-ийн 2-р курсээс ирсэн хүүхдүүд ч байна. Гол шалгалт нь орос хэл. Шүлэг өгч маш богино хугацаанд цээжлүүлж уншууллаа. Сонин уншууллаа. Найруулан бичлэг хийлгэлээ. Тэгээд дөчөөд хүүхдээс есөн хүүхдийг шалгаруулж авсанд оноогоороо би тэнцсэн юм. Шалгалтаа сайн өгөхөд, дээд сургуулийн хүүхдүүдээс хүртэл илүү гарахад маань хэд хэдэн зүйл нөлөөлсөн л дөө. Нэгд, манай сургууль Тамара гээд орос хэлний орос багштай, хичээл маань ч чанартай байсан. Би нуруу жижиг болохоор урдуур сууна, багш ч юм л болохоор “Бээхбаат” гээд л намайг дуудна. Тэгсээр байж орос хэлэнд овоо болсон шиг байгаа юм. Хоёрт, юмыг хурдан тогтоодог ой маань их хэрэг болсон. Залуу бага байхад ч баргийн шүлэг, эхийг ганц, хоёр уншаад л цээжилчихдэг байлаа шүү дээ. Өө тийм, бас нэг аз тохиосон нь тэр шалгалт дээр орос дуу дуулах нэг даалгавар байлаа. Бид улсын шалгалтдаа бэлдэж байхдаа гурав дөрөвхөн орос дуу сурсан юм. Тэгсэн чинь азаар яг нэг дуу нь тэнд хүрээд ирдэг юм даа. Босоод л олны өмнө дуулна шүү дээ. Сонин шалгалт байсан байгаа биз. Ингээд л тэр тэнцсэн есөн хүүхдээс тав нь Москвагийн ИМО-д хуваарилагдаж байсан юм. (ИМО гэдэг нь Институт Международных Отношений гэдэг үгийн товчлол, Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуулийг хэлж байна. М.С.)

Нөгөө дөрөв чинь аль аль сургууль төгссөн хүүхэд байв?

Надаас өөр дунд сургуулиасаа шууд шалгарсан хүүхэд байсангүй. Нэг нь ТМС-д багшилж байгаад ирсэн хүн. Нөгөөдүүл нь Багшийн дээдийн орос хэлний 2-р ангиа төгссөн оюутнууд. Ийм таван хүн ИМО-д явлаа.

Нийт есөн хүүхэд гэсэн, нөгөө дөрвөн хүүхэд чинь хаашаа, ямар сургуульд явах болов?

Хоёр охин Москвагийн Гадаад Хэлний Дээд Сургуульд, нөгөө хоёр нь Унгарт сургуульд явсан даа. Тэгэхэд хүний нөөц, боловсон хүчнээ бэлтгэх сүрхий бодлоготой байж. Бид тавыг гэхэд л яам гурвыг нь олон улсын, хоёрыг нь эдийн засгийн харилцаагаар бэлдье, мөн гурвыг нь франц хэлтэй, хоёрыг нь англи хэлтэй болгоё гэх мэтээр нарийн төлөвлөсөн байж. Ингээд л би Олон улсын харилцаагаар, франц хэл дагнан сурах болсон хүн дээ.

Зураг 2. Х. Бэхбат сайд аав ээж, эмээ, ах дүү нарын хамт. 1968 он. Зөвлөлтөд сургуульд явахынхаа өмнө.

bekhee-saidyn-family

 

Хоёр. Монгол хүн франц хэл сурдгийг биеэр үзүүлсэн оюутан цаг

 

За тэгээд оюутны амьдрал Москвад. Хэлний бэлтгэлгүй шууд сурах хэцүү байв уу?

Миний нөгөө арван жилд үзсэн орос хэл бусад хүүхдийн их сургуульд сураад очсонтой харьцуулахад яаж хүрэх вэ дээ. Шууд л том сургуульд сураад, орсоор лекц сонсоод л, Лениний ботиуд шагайгаад , конспект хийгээд л эхэлсэн, эхний семестрт үнэхээр хичээгээд хичээгээд баралгүй нэг хичээлд уначихдаг юм байна. “За нөхөр минь амралт гэж байхгүй шүү, нутаг буцахгүй ээ” л гэж байна. Бусад хүүхэд амралтаараа гэртээ харьж байна. Би үлдлээ. Хэлээ ч нухаад байлаа. Ганц унаснаасаа гадна өөр хичээлүүд, нөгөө айхтар дээд тоо, статистик эд нартайгаа ч ноцолдоод байлаа. Тэгсээр, овоо дөртэй болж өвөл нь нэг хичээл муу байсан хүүхэд хавар бүх хичээл сайн дүнтэй гарч, 2-р ангиасаа бол ер түүртэхээ байгаад явчихсан шүү.

Бас давхар франц хэл үзнэ биз дээ?

Тэгнэ ээ. Франц хэлийг бол сурах ёстой, мэргэших ёстой хамгийн чухал хичээл маань хэмээн илүү хичээж үздэг байлаа. Анх намайг очиход ахлах ангийн оюутнуудад бага курсийн хүүхдүүдийг даалгаж, шеф болгож өгдөг байв. Тэр оюутнууд ч “франц хэл л хэцүү шүү, хичээгээрэй” гэж захидаг байлаа. Гэтэл тэр үед манай сургуульд нэг базаахгүй хандлага байсан нь өмнө манайхаас ирж байсан зарим нэг оюутны улмаас монгол хүн франц хэл сурдаггүй гэсэн ойлголт, дүр зураг франц хэлний тэнхим, багш нарын дунд тогтчихсон байв. Тэр ойлголтын эсрэг л сурч, ажиллаж байлаа. Тэгсээр байгаад 4, 5-р курстээ ороод ирэх үедээ би франц хэлээрээ сургуулийнхаа орос, гадаад нийт оюутны дотор толгой цохидгийн нэг болсон юм даа.

Бас нэг чухал явдал тохиосон нь тэр үед 4-р ангиа төгссөн оюутнуудаа Гадаад яам хаа нэг газар томилж, дадлагажуулдаг байв. Тэгээд би Женевт дөрвөн сар дадлага хийсэн юм. Дүгэрсүрэн сайд Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байлаа. Дөрвөн сар Дүүгээ сайдад орчуулга хийж дагаж гүйсэн, тэгээд ирэхэд бол хэл үнэхээр сайжирчхалгүй яах вэ дээ. Угаасаа сууриа овоо сайн тавьчихсан байсан, дээр нь дадлага хийчихээр аргагүй юм. Сургуульдаа буцаж очоод дипломоо биччихээд, франц хэлнийхээ улсын шалгалтыг өгөхөд тэнхимийн хэмжээнд хоёр гуравхан оюутан “онц” дүн авсны нэг нь би болж байв. Намайг онц авчхаад гараад ирэхэд хүмүүс “Хөөх, монгол оюутан онц авчихсан байна ш дээ” гээд л багш оюутангүй, орос гадаадгүй шагшиж, баяр хүргэж байсан нь үнэхээр сайхан байж билээ. Дотроо би маш их баярлаж байсан.

Дүгэрсүрэн сайдад чухам ямар орчуулга хийж өгч байсан тань их сонин байна.

Дүүгээ сайд тэгэхэд Швейцарь дахь төлөөлөгчийн газраа нэг байртай болгочих гээд л ид ажиллаж байсан үе л дээ. Тэгээд тэр бүх ажилдаа намайг дагуулаад явна. Байр хайгаад, юм асуугаад яваа хүн чинь үндсэндээ нэг л юмаа яриад явна аа даа. Тиймээс хоёр дагаж яваад л, тэрнээс хойш ер нь сайдыг юу ярих гэж байгаа, юу ярьдгийг андахаа байсан, чихэнд ч орчих юм билээ. Тэгээд сүүлдээ би өөртөө итгэлтэй болж, сайдыгаа ярьж байхад хажууд нь бараг синхронный, зэрэг орчуулга шахуу юм хийдэг болсон. Дүүгээ сайд англитай, францаар өөрөө ярихгүй ч зөв буруу ярьж байгааг бол сүрхий мэдээд байдаг. Тийм болохоороо намайг тэгж орчуулахад их дуртай, их ч үнэлсэн юм билээ.

Зураг 3. ИМО-д сурсан таван монголын дөрөв нь.

IMO-tavyn-doerov-ny

 Улсын шалгалтдаа онц авснаар өнөө монголчууд франц хэл сурдаггүй гэдэг ойлголтыг та бут цохижээ?

Гэхдээ өмнө бас бүх монгол оюутан ч муу байгаагүй юм шүү. Халиун гэхэд л надаас өмнө мундаг төгсөж байсан. Ерөнхий нэг тийм хандлага л үүсчихсэн байсан хэрэг. Оросуудын авч чадаагүй тэр дүнг авчхаад атаархуулан зогсож байхдаа би анх удаагаа насан туршийнхаа карьер, ажлын тухай нухацтай эргэцүүлэн бодож билээ. “Миний эзэмшиж байгаа энэ мэргэжил бол Монголыг төлөөлөх, Монголын нэр хүндийг хамгаалах ажил. Анхныхаа тэр үүргийг би амжилттай биелүүллээ шүү дээ” гэж.

Одоо ингээд харахад тэр бодол тань л таныг насан туршид дагаж, ажлын тань мөрийн хөтөлбөр болж явжээ дээ?

Улсаа төлөөлөх дипломат хүний хамгийн чухал ажил бол ерөөсөө л тэр юм. Монголын нэрийг хамгаалах, хэчнээн асуудалтай үе гарлаа ч улсынхаа нэрийг өндөрт өргөх. Тийм ухамсар, бахархалтайгар карьераа эхэлсэндээ ч би баярладаг.

 

Гурав. Эцгийн үйлийг гүйцээж, эрдмийн зэрэг хамгаалав.

 

За тэгээд сургуулиа төгсөөд ажил амьдралын гараагаа хаанаас хэрхэн эхлэв дээ? Ингэхэд хэдэн он болж байгаа билээ?

1973 он болж байна. Сургуулиа төгсөөд Гадаад яамны нэр дээрс явсан улс яамандаа л ирцгээлээ. Гэхдээ нөгөө ес чинь бүр цөөрчихсөн ирсэн. Манай таваас нэг маань замдаа “мултарсан”, нөгөө Унгарын хоёр бол бүр намайг төгссөнөөс хоёр гурван жилийн дараа сая ирж байсан гэж байгаа. 1973 оны 7 дугаар сард анх Гадаад яаманд ажилд орж байснаа бодоход энэ жил 7 сард яг дөч дэх жил маань болж байгаа юм. Монголын дипломат албанд тасралтгүй дөчин жил зүтгэлээ дээ.

Өө за, ажил амьдралын сайхан тэгш ой тохиож байгаа юм байна. Баяр хүргэе танд. Яаманд анх ямар албан тушаалтайгаар орсон юм бэ?

ГЯЯ-нд Төлөвлөлт, баримт бичиг боловсруулах хэлтэс гэж цоо шинэ алба дөнгөж үүссэн байсанд ажилтнаар орсон. Олон улсын байдал, улс орныхоо гадаад байдалд дүн шинжилгээ хийдэг, манайх ямар алхам, арга хэмжээ авбал зохистой вэ гэдэг талаар санал тавьж төлөвлөдөг нэгж юм л даа. Тэнд гурван жил ажиллаад 1976 оны 4 сард, анхны гадаад томилолтоороо Парист, соёлын асуудал голдуу хариуцсан, ЮНЕСКО-той харилцах ажлыг эрхэлсэн, залуухан атташе томилогдон очиж байлаа. ЭСЯ-д таван ажилтан байхаас хамгийн залуу нь би, эхнэрээ дөнгөж авчхаад л очсон доо.

Гэргийгээ хаанаас аваа вэ?

Манай хүн их сургуулийн худалдаа, эдийн засгийн ангид сурч байсан. Бид хоёр анх 75 оны зун дайралдсан юм. Тэгээд л хойноос нь мятаршгүйгээр хөөцөлдсөний дүнд хойтон нь гэхэд сургуулиас нь гаргаад Франц руу авч явж байгаа маань тэр. Том охин маань Францад төрсөн, төрснийхөө дараа эхнэр маань сургуулиа төгсөх нь ер нь зүйтэй гэж шийдээд охиноо аваад нутаг буцаад, сургуулиа төгсчихөөд араас ахин ирж байв. Тэгээд удаахь маань ч мөн Францад төрсөн. Ингээд 81 онд буцаж ирээд нөгөө өмнө ажиллаж байсан Төлөвлөлтийн хэлтэстээ үргэлжлүүлэн ажиллалаа.

Социалист нийгмийн үед муу муухай гэгдэх капиталист улсад яваад, өөрөө тэнд амьдраад ирэхэд үзэл бодолд өөрчлөлт орох уу?

Ер нь угаасаа гадаад харилцааныхны нүд нь нээгдчихсэн байдаг юм. 81 онд намайг буцаад ирэхэд нөгөө “магтаж болохгүй шүү” гэж сануулдаг бол хэвээрээ. Гэхдээ л бас наяад оны эхнээс байдал бага сагаар өөрчлөгдөж л байсан юм. Үзэл бодол гэж асуусны хувьд бүр далаад оны эхээр, Москвад намайг оюутан байхад л оюутнууд аль хэдүйн эсэргүүн юм ярьдаг байсан юм шүү дээ. Мэдээж ил цагаан ярьж чадахгүй л дээ. Тухайлбал, конвергенцийн онол гэж моодонд орж байлаа. Хоёр нийгэм яваандаа нийлэн нэгдэх болно гэх маягтай. Оросын сурах бичиг, ном сонин дээр бол тийм юм гэж хэзээ ч байхгүй, буруу онол гээд л шүүмжилнэ. Харин овоо юм үздэг оюутнууд бол энэ онолыг цааш нь нягтлан судлах хэрэгтэй гээд л ил далд сүрхий ярина. Францад зургаан жил шахам амьдрахад нээрээ тийм юм байж болох юм байна шүү гэж нөгөө оюутан цагийн яриа хөөрөөгөө боддог л байлаа.

Наяад оны эхнээс манай гадаад харилцаа хэдий хязгаарлагдмал байсан ч өөр гарц эрж хайж, бага багаар өргөжсөөр л, байдал зугуухнаар өөрчлөгдсөөр л байв. Азийн бодлого гэж, Азийн орнуудтай илүү нягт харилцана гэж их ярьдаг болсон , чухам яг хэрхэн гэдгээ сайн олж чадахгүй ч бас л нэг гарц хайж байсны илрэл юм. Хувьсал, өөрчлөлт гэдэг юм чинь ингээд л аажимдаа дотроо бүрэлдээд л яваад байдаг юм шүү дээ.

81 онд Гадаад яамандаа, хуучин хэлтэстээ буцаад ирсэн гэсэн. Ажил албаны дараачийн буудал тань юу байв?

81-85 онд тэр анализ, төлөвлөлт хийдэг хэлтэстээ ажиллалаа. Сүүлдээ хэлтсийнхээ дарга нь болсон. Хэлтэс маань долоо, найман хүнтэй, ажлын хувьд яамандаа дээгүүрт тооцогддог болсон байлаа. 85 онд Төв хорооны гадаад харилцаанд очсон юм. Тэнд очдог маань бас учир тохиол, өөрийн түүхтэй. Ринчин гэж сайд байлаа шүү дээ, та нар мэдэх бил үү? ХАА-н сайд байж байгаад Гадаад яамны сайд болсон, дараа нь Югославт элчин сайдаар сууж, хожим нь Төв хорооны Гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч болж очсон хүн. Тэр хүнийг Гадаад яамны сайд байхад нь, 1975 онд билүү дээ,, Польш руу нэг дагаж явсан юм. Анх удаа хоёр гадаад улсад ажлын томилолтоор явсны нэг маань тэр. Шинэ залуу ажилтан сайдыг дагаад явна гэдэг хэцүү, айж эмээнэ гэж дэндүү. Тэгж явахдаа ярианы тэмдэглэл зэргийг нь их сайн хөтөлдөг байлаа. Уулзалт дууссан даруйд нь л маш хурдан, огт мадаггүй шахам биччихнэ. Тэгэхэд л би Ринчин сайдад таалагдсан юм билээ. Тэрнээс хойш тааралдаагүй байж байгаад 1985 онд яаман дээр таарсан юм. Тэгэхэд Ринчин гуай Төв хорооны Гадаад харилцааны хэлтэсийн дарга болчихсон, хэлтэсээ мэргэжлийн болгоно, залуужуулна гээд өөрчлөөд эхэлчихсэн, Ж.Батмөнх гуай ч гараад ирчихсэн, шинэчилнэ гэдэг байсан үе.

Яг тэр үед, Гадаад яамны коридорт Ринчин гуайтай таарлаа. “Чи чинь одоо юу хийж байгаа билээ?” гэж асууж байна. “Хэлтсийн даргаа хийж байна, сая Москвад Дипакадемийн (Дипломатическая академия Министерства иностранных дел хэмээх 1934 онд байгуулагдсан сургуулийг хэлж байна. М.С.) нэг курсэд яваад ирлээ” л гэлээ. Хожим бодоход намайг курс биш сургуулийг нь төгсчихөөд ирлээ гэж бодсон шиг байгаа юм. Тэгээд л Намын Төв Хороонд, өөрийнхөө орлогчоор авах юм боллоо доо. Дүгэрсүрэн сайд манай сайд байсан, дөнгөж хэлтэсийн эрхлэгч болгосон залуугаа өгөхгүй ээ л гэж байна. Тэгж нэг жаахан үзэлцээд, угаасаа Төв хороо “бид мэддэг юм аа” гэдгээрээ мэдээд л намайг авсан юм. Төв хорооны хэлтэсийн хамгийн залуу орлогч дарга гээд л бас хүмүүс шивэр авир гэнэ ээ гэнэ.

Томчуудын дарга болохоор хэцүү биз?

Ер нь хуучны архгууд намайг нэг их тоохгүй байна даа, том байна даа гэдгийг нь би мэдэрдэг л байлаа. Гэлээ гээд яах вэ дээ, ажлаа хийж л таарна аа даа. Би тэнд олон нийтийн төв байгууллагууд буюу Үйлдвэрчний эвлэл, Эмэгтэйчүүдийн хороо, Эвлэлийн төв хороо, Энх тайван, найрамдлын байгууллага зэргийн гадаад харилцааг хариуцдаг, бас Азийн орнууд гэж давхар хариуцан ажилладаг байв. Хоёр жил ажилласан юм байна.

Тэгтэл нэг өдөр Ринчин гуай маань дуудаад “Чи хойшоо сургуульд яваач” гэж байна. Тэр үед Нийгмийн ухааны академи гэж сургуульд явцгаадаг байсан юм. Тэнд хоёр жил сураад ир гэж байна. Тэгэхээр нь би “тэгвэл нэгмөсөн дэд эрдэмтэн хамгаалаад ирье ээ” гэлээ. Тэр нь гурван жил сурмаар байна гэж байгаа хэрэг. Заавал диссертаци хамгаалъя гэх учир надад бас байсан юм.

Юу гэхээр манай аав түүхийн багш хүн байлаа. 5-р сургуульд олон жил түүх заагаад дараа нь Цэцэрлэгийн багшийн сургуулийн багш болсон. Аав маань хөөрхий, нэг цол хамгаалчихмаар байна гээд л үдэш орой сууж, юм үздэг, нухдаг хүн байсан юм. Тэгээд даанч тэрийгээ гүйцээж чадалгүй, 1985 онд намайг Төв хороонд очдог жил өнгөрсөн юм л даа. Тэрнээс хойш надад аавынхаа хийж чадаагүй юмыг хийчих юм сан гэсэн санаа суучихсан юм. Ринчин гуайд тэрийгээ л хэлж байгаа нь тэр. Ингээд 1987 онд Москвад Нийгмийн ухааны академид ирэв ээ. Горбачев гараад ирсэн, перестройка, новое мышление ид өрнөчихсөн, Нийгмийн ухааны багш эрдэмтэд ид хоорондоо үздэг, жинхэнэ буцалж байсан үед би тэнд очсон доо. 1990 онд цолоо хамгаалаад нутагтаа буцсан.

Зураг 4. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жорж Шульцын хамт. Одоогоос яг хорин зургаан жилийн өмнө, 1987 оны 1 сарын 27-ны өдөр, энэ эрхэм АНУ-Монголын хооронд дипломат харилцаа тогтоох мэдэгдэлд гарын үсгээ сийлж байлаа.

shultz

 

Дөрөв. Монгол улсын шинэ үеийн гадаад бодлогыг тодорхойлолцсон нь

 

Ямар сэдвээр хамгаалав?

“Ази, Номхон далайн орнуудын энх тайван, аюулгүй байдал” гэсэн ерөнхий сэдэв, нарийсгавал энхийг эрхэмлэгч хүчний үүрэг ролийг чухалчлан авч үзсэн. Хамгаалахаас өмнө материалаа цуглуулах хоёр сарын чөлөө өгдөг байсан юм. Тэр чөлөөгөө аваад 89 оны 11 сард нутагтаа ирлээ. Миний гол материал цуглуулах, эргэлдэх газар, обьект маань Энх тайван, найрамдлын байгууллага юм л даа. Тэнд нөгөө Бошигт сууж байна. Монголын тэр үеийн оюун санааны лидерүүдийн нэг шүү дээ. Мань эр ч Монголын улс төрийн системийг ингэж өөрчлөх нь зөв гээд л авч өгч байна шүү. Тэрийг сонсоод л Монголд ч маш их юм болж байгаа юм байна даа гэж ойлгосон, үнэхээр ч их юм болж байлаа.

Жагсаал цуглаан, хурал хуй энэ тэрийг сонирхов уу? Хойно байхад тэр тухай мэдээлэлтэй байсан уу?

Мэдээлэл байсаан байсан. Байдал бол нэг хүн, нэг хэсэг хүнээс хамаарахгүйгээр, ерөөсөө нийгэм бүхэлдээ хөдөлгөөнд орчихсон нь тодорхой байлаа. Намайг тэгээд нутагтаа түр ирчхээд байхад нагац ах маань нэг удаа “Явъя, манай соц декүүдийн хуралд оролцъё” гээд аваад явсан юм. Өөрөө соц декийн анхдагчдын нэг л дээ. Би Баабарыг ялангуяа их сонирхож байсан учраас дагаад л МУИС руу явлаа. Баабарыг сонирхдгийн учир нь өмнө нь өнөөх “Бүү март, мартвал сөнөнө”-ийг нь уншчихсан байсан хэрэг. Ёстой нэг гэрэлтэй өдөр аянга цахих шиг л санагдсан даа. Тэгээд очсон, манайхан ямар цагтаа цуглах биш, нэг хоёр хүн ирээд л хүнгүй байна гээд явчихна, хонгилд нь бараг цаг шахам хүлээгээд цуглахгүй болохоор нь “болилоо” гээд явчихсан юм. Тэгээд Москвад буцаад ирсэн, өвөл өнгөрлөө, намыг шинэчлэх онц их хурал хуралдана гээд л бужигнаж эхэллээ шүү. Намын шугамаар сурч байгаа академийнхан гэхээр мэдээж идэвхтэй хэсэг, хурал хуй гэцгээгээд л. Тэгсэн, тэр их хуралд Москвагаас төлөөлөгч сонгох юм боллоо. Москвад намын хороо гэж том юм байсан юм. ЭСЯ, Академи, Намын, Комсомолын дээд гээд олон үүрүүдтэй. Тэгээд л бүгд хуралдаад шинэчлэл хийх төлөөллөө сонгох юм боллоо. Манай сургуулийнхан намайг бас тэр үед шинэчлэл энэ тэр гээд элдэв юм хааяа яриад байдаг байсан болохоор сонголоо. Би ч бас төгсөх ангийн аспирантын хувьд явбал явчихъя ч гэж бодсон юм. Гэхдээ тийм ч амархан шууд шийдчихээгүй ээ, дотроо хурал хийгээд л Хувьсгалт намыг ер нь яаж өөрчлөх ёстой юм бэ гээд л мэтгэлцэж барилаа. Академид үзсэн юмнаасаа л голдуу санаа аваад ингэх тэгэх ёстой гээд л авч өглөө. Тэгсэн заалнаас л “Та ер нь монгол бичгийн тухай юу гэж боддог хүн бэ?” гэж асууж байна. Тийм сэдэв моодонд ороод байсан юм. “Хуучин монголоор бол уншчихна аа. Одоо бичиж сурна даа “ гэв. Сурна, чадна гэдэг чинь хүнд их эерэг сонсдоно шүү дээ. Гэх мэтээр хариулсаар Москвагийн төлөөлөгчдийн тоонд багтаж Улаанбаатарт ирж билээ.

Намыг шинэчлэх хуралд хир идэвхтэй оролцов доо?

Бичиг баримт боловсруулах, үг санаагаа хэлэх зэрэг нь яг үнэндээ мань мэтээс тээр хол, дээгүүр л болоод байсан юм. Гэхдээ нэгэнт төлөөлөгч болж ирсэн хүн байр сууриа илэрхийлэх ёстой гэж бодож байсан учраас тэр үед гараад байсан нөгөө Зардыхан нарын эрдэмтдийн мэдэгдэл, байр суурийг дэмжиж байна, тэдний бүлэгт нэгдэж байна гээд албан ёсоор бичээд дээш нь өгсөн. Тэгээд хуралдаа сууж л байлаа. Яг миний дээрээс нэг их хүйтэн салхи үлээсэн суудал таарсан юм. Үүнээс болж хурлын шувтаргаар хатгаа тусаад, халуураад унаад өгөв өө, хөөрхий. Маргааш нь угаасаа буцах ёстой байсан, юун нөгөө хурал бодох, замдаа тувтан халуурсаар яваад арай гэж нэг гэртээ хүрээд л хэвтээд өглөө. Сүүлдээ бүр болохоо байгаад түргэн дуудсан, хатгаа хүндэрсэн, эмнэлэгт хэвт гэж байна. Ид хамгаалах гээд бэлтгэж байсан ажлын үеэр тэгээд эмнэлэгт хэвтлээ. Хэд хоноод их юм бичих ёстой, гаръя гэсэн гаргадаггүй. Эмнэлэгт нийт 14 хоноод, жаахан тэнхэрч аваад ахин гуйж байж арайхийн гараад, диссертацийнхаа ажилд орж байлаа. Тэр чинь 90 оны 3 дугаар сар юм байна. Тэгээд нөгөө их олон шат дамжлагаар нь явсаар байж, 6 дугаар сарын эцсээр зэргээ хамгаалаад нутаг буцсан юм даа.

Та чинь Төв хороонд байхдаа явсан, Намын онц их хурал хуралдаад явуулсан газар чинь өөрчлөгдчихсөн байв уу?

Ерөөсөө эрс өөр байдалд л буцаж ирж байгаа юм. Наадмын өмнөхөн л ирсэн. Тэгсэн хоёр Очирбат хоёулаа дуудаж байна гэнэ.

Аан за, Ерөнхийлөгч Очирбат, МАХН-ын дарга Очирбат хоёр уу?

Тийм, гэхдээ тэр үед чинь П нь Ерөнхийлөгч болоогүй, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга байсан үе. Г нь намын дарга. Тэгээд хэсэг бодсоны эцэст ер нь Төрөө түшиж, мэргэжлээ мөшгөсөн нь дээр гэж шийдээд эхлээд П.Очирбат гуай дээр очлоо. Намайг зөвлөхөө болооч гэж байна. Би ч зөвшөөрсөн.

Гадаад бодлогын зөвлөх үү?

Тийм ээ, гэхдээ бас л өөр олон юманд оролцож санаа оноо нэмдэг байж. Очирбат гуайг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч болоход нь дэргэд нь шадарлаж байсандаа би их баярлаж, олзуурхаж байдаг юм.

Гадаад бодлогын хувьд, зөвлөхөөр очсон даруйдаа, 7 дугаар сараас эхлээд л Монгол улсын гадаад бодлогын шинэчлэл дээр ажиллаж эхэлсэн. 8 дугаар сард, Очирбат гуайг Ерөнхийлөгч болохоос өмнө, шинэ Монголын гадаад бодлого ийм байх ёстой гэдгийг тодорхойлсон АИХ-ын тэргүүлэгчдийн зарлиг гарлаа. Өмнөх үеийнхээс тэс өөр зүйл гарсан юм шүү дээ. Тэр зарлигийн хавсралтаар Монголын гадаад бодлогын зарчим, чиглэлүүдийг цоо шинээр томьёолж, үзэл суртлаас ангижруулах анхны шийдвэрлэх алхмыг хийсэн юм. Дараа нь, гурав дөрвөн жилийн хойно батлагдан гарсан Гадаад бодлогын үзэл баримтлалын үндэс нь тэр болсон.

Хөөх, та чинь тэгвэл Монгол улсын шинэ цагийн гадаад бодлогын үзэл баримтлалыг голлон боловсруулсан хүний нэг юм байна шүү дээ. Энэ АНУ-д бол “эцэг” гэж нэр томьёо хэрэглэх их дуртай байдаг.

Эцэг нь ч юу юм бэ. (инээлдэцгээв). Ер нь бол Монголын шинэ үеийн гадаад бодлогыг боловсруулах, төлөвшүүлэх, хэрэгжүүлэхэд гар бие шууд оролцсон л гэвэл болоо юм биш үү.

 

Тав. Европод Монголыг төлөөлсөн, таниулсан он жилүүд.

 

Та чинь Гомбосүрэн сайдын үед дэд сайд байсан байх аа?

Тийм ээ. Очирбат гуайг Ерөнхийлөгч болсны дараа, тэр оныхоо 12 сард нь Гомбосүрэн сайд намайг яамандаа буцаж ирээч гээд. Би ч бас яамандаа очих дуртай байсан. Тэгээд Очирбат гуай дээр ороод учраа хэллээ. “Уг нь би чамайг үлдэх болов уу гэж бодсон. Явна гэж байгаа бол яв даа” л гэж байна. Ингээд л буцаад яамандаа дэд сайд болон ирсэн хүн дээ. Дэд сайдын хувьд Европ, Америкийн орнууд, соёлын гадаад харилцаа, ДБҮААГ (Дипломат байгууллагын үйлчилгээ аж ахуйн газар) - ыг хариуцдаг байсан. 92 оны сонгуулийн дараа яамд ганц дэдтэй болж, оны эцсээр Францад Элчин сайдаар явтлаа хоёр жил шахам ажилласан юм байна.

Франц улсад та өмнө нь ажиллаж байсан. Дахиад, энэ удаа Элчин сайдаар очиход хэр ялгаатай байв?

Нэг үгээр хэлбэл асар их ялгаатай байсан. Бага зэрэг дэлгэрүүлье. 70-аад оны эцсээр Монгол-Францын харилцаа ёс төдий гэхгүй ч маш бага байсан юм. Харин 90-ээд оны эх гэхэд манайд ардчилсан шилжилт эхэлсэнтэй холбогдон улс төрийн гайгүй эерэг уур амьсгал бүрэлдэж байлаа. Францын тал манайхыг сонирхож, дэмжиж туслахыг хичээдэг болж байсан боловч ихэвчлэн харзнах, хүлээх байдалтай байсан юм. Ийм нөхцөлд манай тал илүү идэвхтэй, оновчтой ажиллах шаардлагатай байсан нь ойлгомжтой. УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч, өөр хэд хэдэн сайд, дарга нарыг Францад айлчлууллаа. Францын засгийн газраас 20 сая франкийн буцалтгүй тусламж хөөцөлдөж авлаа. Соёл, боловсролын солилцоог идэвхжүүллээ. Элчин сайдаар ажилласан он жилүүд минь хоёр талын харилцаа цаашид улам өсөн хөгжих баттай үндэс суурийг тавьсан гэж үздэг юм. Би таван жил гаруй ажиллаад 1998 оны намар нутаг буцсаан.

Монгол-Францын харилцаа ер нь хир эртний түүхтэй байдаг юм бэ? Тэднийх манай юуг голчлон анхаардаг бол?

Монгол-Францын харилцааг Монголын Эзэнт гүрэн, Өрнөд буюу Христын шашинтнуудын хоорондын харилцааны хүрээнд авч үзвэл эртний, тун баян түүхтэй ш дээ. Та өөрөө юу эс андах вэ? 13 дугаар зууны үеэс алдаршсан Карпини, Рубрук, Лонжюмо, Марко Поло-гоос авхуулаад Францын хаадад илгээж байсан Ил Хаадын захидал гээд таны ч өөрийн тань олны хүртээл болгосон олон факт баримт байгаа. Ер нь Франц бол монгол судлалаараа дэлхийд тэргүүлэх хэмжээнд олон жил явж ирсэн. Тийм ч учраас манай түүх, соёл, уламжлал хоёр улсын харилцааны, мөн судалгааны гол объект болсоор ирсэн гэж хэлж болох юм даа.

Тэгээд Францаас ирээд ямар алба хашив?

98 оны сүүлчээс 2000 оныг хэвийтэл яамныхаа Улс төрийн газрын захирлаар ажилласан. Өөрөөр хэлбэл Амаржаргал, Туяа сайдын үе гэсэн үг шүү дээ. Тэр үед Улс төрийн газар нь одоогийн гурав, дөрвөн (бидний томьёолдгоор) чиглэлийн газрыг нэгтгэсэн “супер газар” байсан юм. Дипломат харилцаатай бүх орнуудтай харилцах асуудлыг нэгтгэн эрхэлж байсан гэсэн үг. Амаргүй байсан шүү. Бүх л юманд оролцоно, бэлтгэнэ, явна. Яаж амжуулж байсан юм бол оо гэж одоо бодогддог юм. Арай залуу байсан юм байлгүй дээ.

Швейцарьт байсан он жилүүдийнхээ сониноос хуваалцвал?

Женевт ажиллах нь өөрийн гэсэн ихээхэн өвөрмөц онцлогтой. Энд олон талт болон хоёр талын дипломат ёсыг хослуулах туршлага жинхэнэ ёсоор суудаг газар гэж хэлж болно. НҮБ-ын болон олон улсын зонхилох байгууллагуудын төв гэдгээрээ Женев бол их завгүй, хариуцлагатай, хөлтэй газар. Энд суугаа Байнгын төлөөлөгчийн газар Ромд байрладаг ОУБ-дыг мөн хариуцахын зэрэгцээ Швейцарьт суугаа ЭСЯ-ны үүргийг гүйцэтгэдэг юм. Би Женевт 4 жил гаруй болсон. Энэ хугацаандаа харилцаа, хамтын ажиллагаанд “анх удаа” гэсэн шошго зүүсэн олон ажлыг амжуулсандаа баяртай байдаг юм.

Жишээ татвал?

Олон бий дээ. НҮБ-ын Женев дэх Салбар төвийн захирлыг анх удаа Монголд айлчлуулж, МУ-ын Ерөнхийлөгчийг анх удаа Женевт зочлуулж, Швейцарь, Лихтенштейнд айлчлуулсан. Монголын анхны бэлэг – Эрдэнийн аягыг Салбар төвийн байр – “Үндэстнүүдийн ордон”-д байрлуулсан гээд л... Хүний өмнөөс ядарч зүдэрч байгаа юм шиг ярьсаар байгаад улсаа Швейцарийн албан ёсны тусламж хүртэгч болгож ч байх шиг. Ургац арвинтай л ажилласан. Тэр урмандаа гэх үү, тэр эрчээрээ ч гэх үү, 2005 онд нутагтаа буцаж ирээд хэсэг хугацаанд “тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд”-аар ажиллаж, өөрийн зүтгэл, өрөөлийн дэмжлэгээр 2006 онд Төрийн Нарийн Бичгийн дарга болж, яг хоёр жил ажиллаад АНУ-д томилогдсон юм. АНУ-д элчин сайдаар ажиллана гэдэг бол ямар ч улсын дипломатын хувьд өндөр нэр хүнд, мөрөөдлийн ч гэж хэлж болох үүрэг гэж боддог. Гэхдээ юуны өмнө нэн хүнд үүрэг хариуцлага, итгэл гэдэг нь ойлгомжтой.

 

Зургаа. Монгол АНУ-ын харилцааг “эрийн цээнд хүргэлцсэн” дөрвөн жил

 

Анх манай хоёр орны харилцаа ямар байдалтай байхад та ирж байсан бэ?

Ер нь дипломат албаны ар талаар шагайвал сонирхолтой гэхээсээ зовлонтой юм нь илүү их байдаг юм шүү дээ. Би чинь 2008 оны дөрвөн сард итгэмжлэхээ барьсан хүн. Тэгээд буцаж очоод төрийн нарийнаа өгчхөөд амарч, наадам өнгөрөөгөөд буцаж ирсэн юм. 7 дугаар сар гэдэг чинь эдний хуучин бүгд найрамдахчуудын засгийн сүүлийн үе л дээ. Би Буш Ерөнхийлөгчид итгэмжлэхээ барьсан. 11 дүгээр сарын сонгуулиар өөр хүн гарах нь тодорхой, тэгэхээр хоёр орны харилцааны асуудал бол шинэ засгийн эрхлэх ажил гэдэг нь бас ойлгомжтой байлаа. Шинэ он гарлаа, шинэ ерөнхийлөгч тангаргаа өргөлөө, хавар боллоо, манай тал тодорхой харилцмаар байгаад байдаг, гэтэл нөгөө “бюрократын инерц” гэж нэг юм байдаг юм. Ардчилсан нам шинэ засгаа байгуулаад, юм хумаа эмхэлж цэгцлээд л нэгээхэн хэсэг хугацаа өнгөрчихнө дөө. Бүхэл бүтэн найман жил бүгд найрамдахчуудын аваад явж байсан гадаад харилцааг шинээр авч үзнэ гэдэг амар биш, дандаа шинэ улс гараад ирсэн байдаг, гол нь тэр хооронд нөгөө Монгол маань гээгдчих гээд байдаг. Үндсэндээ Монгол гэж хэн билээ, юу билээ гэдгийг ахиад сайн ойлгуулах гэж бас л цаг авсан ажил боллоо.

Учир нь юу гэхээр Цагаан ордон, Төрийн Департаментад Монгол, Хятад хоёр нэг хэлтэст харьяалагддаг юм. Гарч ирсэн шинэ засаг, албан тушаалтнууд нь юуны өмнө Хятадыг яах вэ гэдэг дээрээ л хэлэлцээд, үзээд байна уу гэхээс цаана нь байгаа тэр Монгол руу гар тэр бүр хүрч чадахгүй шүү дээ. Тиймээс юуны түрүүнд Монголд анхаарлыг нь хандуулах ажлууд хийх хэрэгтэй боллоо. Ийм шилжилтийн гэмээр үе шат бүхэл бүтэн хоёр жилийг авсан гэж болох юм. Тэр дунд зөндөө л гүйсэн дээ.

Зураг 5. Жорж Буш Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барив.

bushtai

 

Эдний гадаад бодлого бас тэгж засаг солигдоход алдагддаг байна аа?

Яг бодлого алдагдаж байгаа хэрэг биш юм л даа. Өдөр тутмын жижиг сажиг гэмээр харилцааны асуудлууд, нөгөө тусламж дэмжлэг бол явдгаараа явж л байна. Гол нь нэлээд дээд шатандаа бол “личность” буюу хувь хүний асуудал заавал гарч ирдэг юм. Хувь хүний үзэл, туршлага, мэдлэгээс заавал шалтгаалж таараад байдаг гэсэн үг л дээ. Ерөнхий ноён нуруу хэвээрээ боловч шинэ хүмүүс байдлыг арай өөрөөр харж, Хятадтайгаа эхлээд учир зүйгээ олох гээд, манайхыг хойш тавих гээд байдаг. Жишээ нь гэхэд Цагаан ордонд Азийг хариуцдаг нэг чухал нөхөр хоёр жил Хятадтай үзэж үзчихээд, Обамаг тэнд айлчилсны дараа яваад л өгчихөж байгаа юм. Ахиад л шинэ хүн ирнэ, ахиад л уулзах барих ажил.

Тийм учраас анхаарлыг нь татахын тулд эхлээд нөгөө харилцааны өдөр тутмын ажлаасаа халих, өндөр авах хэрэгтэй болж байгаа юм. Тэгээд тэр 9 оны 9 дүгээр сард Ерөнхий сайд Баярыг Нью-Йоркод, чуулганд ирэхэд нь Вашингтоноор оруулж овоо хэдэн уулзалт зохиож, асуудал яриулж, шийдүүлж байж, байдал арай дээр болсон юм. 10 оны зун манай Гадаад харилцааны сайдыг эднийхэн авлаа, эднийхэн ч мөн янз бүрийн түвшинд очлоо, Бзежински, Мадлен Олбрайт гээд манайд очлоо, энэ үеэс манай нөгөө хоёр Толгойн асуудал ч өөр өнгө аястай болж ирлээ, ингэж улс төр, эдийн засгийн сонирхол хосолж байж, 2009 оны сүүл, 2010 оны эхнээс л хоёр орны харилцаа яг зохистой голдирлоороо хөгжих болсон юм.

Урсгалаараа л яваад байдаг, бүх юм тодорхой, амар харилцаа гэж боддог байсан, үгүй байх нь ээ?

Үгүй дээ. Харилцааг авч хөтөлж явахад юуны өмнө бүтээлч хандлага хэрэгтэй байдаг юм. Хэцүү юм ч их тохиолдоно. Ганц жишээ хэлэхэд, нөгөө Мянганы Сорилын Сангийн төслүүд байна. Эхлээд л бүх төслийг нь сайн сайхан төсөл юм гэж магтаад л, талархаад л явж байлаа. Тэгтэл төмөр замын төсөл унаад өгөв өө. Тэр чинь 280-ын 180 саяыг нь эзэлсэн, хамгийн том төсөл нь байхгүй юу. Айлын тал өгч байгаа тал юм чинь юу гэж л гуйв гэж, “Өө за, танайх Оростойгоо ингэж шийдээ юү? тэгвэл одоо болих уу даа” гэх маягийн хандлага гаргаж байна. Зөрүүлээд “Үгүй ээ, өгнө гэснийг чинь заавал авна аа, гэхдээ өөр төсөлд шилжүүлье” гэх мэтээр яриад л явна. Мэдээж шууд зөвшөөрчихгүй, тэрэн дээр бол нэлээд их ажилласан. Тэгээд байгаа хэдэн төслөө өргөжүүлэхээр, мөн гол хэсгийг нь автозам руу шилжүүлэхээр тохирч, төслөө бүхэлд нь аварч чадсан. Америкийн тал тийм ч дуртай биш байсан, учир нь бүр 19-р зууны үеэс манайд төмөр зам сонирхож байсан уламжлалтай байдаг юм. Тиймээс 180 саяа шууд татчихаж болохоор л байлаа. Төмөр зам яах вэ, авто зам манайд ингээд ингээд илүү чухал юм аа... гээд л ахин дахин яриад орох, гарах хэрэг зөндөө л гарсан даа.

Зураг 6. Ерөнхийлөгч Барак Обамагийн гэр бүлтэй.

obamatai

 

Хоёр талын томоохон хэмжээний айлчлалуудаас онцлох, хамгийн сонирхолтой нь юу байв?

Хэрэгжүүлсэн он цаг, утга агуулга, далайц талаасаа гэвэл Ерөнхийлөгч Элбэгдоржийн 2011 оны 6 дугаар сарын айлчлал тун сайхан болсон. Өвөрмөц, түүхийн нэгэн сонин тохиол ч гэмээр айлчлал бол мөн оны 8 дугаар сард хийсэн АНУ-ын дэд ерөнхийлөгч Жой Байдений айлчлал юм. Энэ зүгээр миний дотроо бодож явдаг хувийн бодол л доо. Юу гэхээр, 1911 онд Монгол улс туурга тусгаарласнаа зарласан, тэгээд хамгийн анх хандсан цөөн хэдэн улсын дотор АНУ байсан юм. Тэр үед АНУ манайхыг хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл яг тэр явдлынхаа, тусгаар тогтнолын 100 жилийн их ойн жил манай Ерөнхийлөгчийг хүлээн авахын зэрэгцээ дэд ерөнхийлөгчөө ч Монголд илгээж, тусгаар улс битгий хэл Ази дахь чухал нэгэн түншээ хэмээн зарлана гэдэг бол түүхийн нэгэн өвөрмөц тохиол юм даа. 100 жилийн дотор Монгол ч улс шиг улс болж, АНУ ч хэрхэн үнэлдэг болсныг эдгээр айлчлал харуулсан, түүхэнд улам бүр тодорхой болж үлдэнэ. Яахав, бид ийм айлчлалууд хэрэгжүүлэхээр аль Есөн оноос эхлэн ажилласан, гэхдээ чухамхүү 2011 онд бүтсэн нь их гайхалтай оносон юм.

Дөрвөн жил сайдаар суусан хугацааныхаа үеийн харилцааг дүгнэвэл?

Манай хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 25 жил боллоо. Яг миний ажилласан жилүүд гэлтгүй, ерөнхийд нь тав таван жилээр үе шат болгон ангилж үзвэл сүүлийн таван жил илүү өгөөжтэй, хамтын ажиллагаа илүү гүнзгийрсэн үе гэж хэлж болмоор байгаа юм. Улс төрийн томоохон харилцан айлчлалууд өмнөхөөс олширч, харилцан ойлголцол бэхэжсэн. Худалдаа, эдийн засгийн харилцаа сүүлийн хоёр жилд бол огцом өслөө. Шууд болоод хүн хоорондын солилцоо ихээхэн өргөжлөө. Ер нь 25 жил гэдэг бол нэг томоохон түүхэн мөчлөг юм. Энэ мөчлөг тун эвтэйхэн байдалтай дуусч, шинэ үе нээгдэж байна гэж хэлж болно. Ойрын дөрвөн жил харилцаа жигд, дажгүй явна байх, яагаад гэвэл энэ засаг захиргаа үргэлжлээд явах болсон учраас.

Тэгвэл та хоёр орны харилцааны өнгөрсөн 25 жилийг тэр чигээр нь базан дүгнэж ярихгүй юу?

Том хүрээнд яривал үндсэндээ шилжилт яг одоо болж байгаа юм. Юуны өмнө хоёр орны харилцаа илүү “насанд хүрсэн”, “эрийн цээнд хүрсэн” шинжтэй болж байна. Монголчуудын хүний насыг хэмждэг ойлголтоор бол “бага залуу” гэдэг үеэ амжилттай даваад байгаа хэрэг. Аль ч улс өөр улстай харилцахдаа давын өмнө өөрийнхөө эрх ашгийг эрхэмлэдэг гэдэг. Өнөөдөр Америкийн засаг захиргаа Монголын хэн бэ гэдгийг ойлгодог, мэддэг, харилцаандаа юу нь хэрэгтэй, хэрэггүй вэ гэдгийг ялган дүгнэж чаддаг болчихож. Улс төр, эдийн засаг, стратегийн сонирхлын хувьд манай улсыг илүү сайн таньж мэджээ. Нөгөө талаас АНУ манайхыг илүү чадвартай улс байгаасай гэж хүсэн хүлээх болж байна. Монгол улс илүү чадварлаг улс байх нь АНУ-ын ашиг сонирхолд илүү нийцэж байна гэсэн үг. Ингэж үзэх болсон нь манайд бас ашигтай. Гагцхүү манай талаас цаашид хэрхэн аяглахаас л бүх юм хамаарна даа.

Зураг 7. Тусгаар тогтнолын зуун жилийн ойтой давхацсан Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн айлчлал

elbegdorj-ailchlal

Манайх АНУ-г гуравдагч хөршөө гэж үздэг бодлогын талаар?

Би бол манай “хамгийн чухал гуравдагч хөрш” гэж томьёолдог юм. Гуравдагч хөрш манайд чинь олон бий шүү дээ. Гэвч яг үнэхээр “байдал хэцүүдлээ” гэж бодоход, эцсийн мөчид бол манайх ч тэр, нөгөө бусад гуравдагч хөршүүд маань ч тэр Америкийг л харна. Япон ч тэр, Солонгос ч тэр, Европын холбоо ч тэр. Миний “хамгийн чухал гуравдагч хөрш” гэдгийн учир тэр. Тийм ч учраас манайх АНУ-тай харилцаагаа маш эвтэйхэн, эмхтэй авч явах ёстой юм.

Гэтэл манайд анти-америк үзэл бас дэлгэрээд байх шиг?

Тэр бол манайд дэмий үзэл байгаа юм. Бид гадаад улс оронтой эрх тэгш харилцана, баланс барина энэ тэр гэдэг, гэтэл яалт ч үгүй нэг улсаас эдийн засгийн хувьд хараат байдалд ороод байна. Хоёр хөршөөсөө олон талаар хараат байх нь тодорхой ч гэж бас ярьцгаадаг. Ийм нөхцөлд, нэгэнт АНУ-тай эдийн засгийн талаар тэгтлээ өргөн дэлгэр харилцах боломжгүй үед бол улс төрийн талаар илүү дотно харилцаж байж л тэнцвэржүүлэх учиртай юм л даа. Америкийг эсэргүүцэх үзэл бол дэлхий даяар байдаг, тэр болгон нь цаанаа учир шалтгаантай. Тухайн улсын хувьд бол ямар нэг түүх, хүчин зүйлтэй холбоотой байдаг, харин манайд бол тийм үүх түүх, шалтаг байхгүй шүү дээ.

Сая эдний Ерөнхийлөгчийн сонгуулиар та хэнийг дэмжиж байв?

Мэдээж хэрэг албан ёсоор аль ч талыг нь дэмжиж болохгүйг та нар мэднэ. Одоо харин ажлаа өгчихөөд, ингээд чөлөөтэй ярихад бол найман жил ажиллаж, бодлогынхоо үр дүнг хараасай гэж хүсэж байсан учраас Обамад талтай байлаа. Хүний хувьд ч Обама их аятайхан, дулаан хүн шүү дээ.

Ард түмний 10 илүүхэн хувийг Африк гаралтай америкчууд эзэлж байхад тийм ерөнхийлөгч сонгогдоно гэдэг бол үнэхээр ардчилал, хүнийг тэгш үзэх үзэл хөгжсөн газар юм даа гэж хэлмээр.

Тийм ээ, бас дөч, тавин жилийн өмнөхтэй нь харьцуулахад эдний нийгэм ямар эрс өөрчлөгдөө вэ гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Хэдхэн арван жилийн өмнө арьсны үзэл ямар байлаа даа. Гэтэл одоо олонхоороо дэмжиж Ерөнхийлөгчөөр сонгож байдаг.

 

Долоо. Ул нь ханзарсан гуталтаас улсаа төлөөлсөн сайд хүртэлх замаа эргэн харахад

 

Гадаад харилцаанд дөчин жил ажиллачихсан, нас жар гараад явж байгаа хүний хувьд эргээд амьдралаа, карьераа дүгнэн өгүүлбэл?

Ер нь албаны болоод хувийн амьдралаа эргээд харахад сэтгэл хангалуун байдаг. Оросоор бол “жизнь удалась” гэж хэлмээр. 1951 онд төрсөн гэхээр би яг хорьдугаар зууны хоёрдугаар хагас эхэлж байхад төрсөн байгаа юм. Энэ цаг мөчөөс өнөөг хүртэлх Монгол улсын амьдралыг бодоход үргэлж өөдлөн дэвжих, орчин үежих замаар явж иржээ. Улам л илүү нээлттэй, илүү амьдрах чадвартай болсоор ирсэн байна. Улаанбаатараар л төлөөлүүлээд үзэхэд Усны гудамжнаас эхлээд 40,50 мянгат, хороолол гээд л явна. Гадаад харилцаа улам өргөжиж, нээлттэй улс боллоо. Ер нь л дандаа өөдөлсөөр ирсэн, тэрийг үзэж яваадаа би баяртай байдаг.

Хувийн маань амьдрал ч яг л улсаа дагасаар ирж. Цоорхой гуталтай, уранхай өмдтэй л хүүхэд гүйж байлаа шүү дээ. Арван жилийн сургууль төгсөхдөө би тохойг нь нөхчихсөн формтой сургуульдаа явдаг байлаа. Тохой цоорох бол энүүхэнд, ганцхан татаж хавирга руугаа нуучхаад л гүйчихнэ ш дээ. Бага ангид байхдаа нэг цагаан ултай савхин гуталтай, ул нь салчихсан, пад пад гээд л гүйж байсан гэж ээжийн найз багш нар ярьдаг юм. Цагаан ултын дараа бакааланд шилжинэ. Дараа дараагаар нь тэгээд юу болсон тухайгаа ярьсан, улс түмнээ дагаад л өөдлөөд явсан байгаа юм. Анх төгсөж ирээд “дэд атташе” гэж хаана ч огт байгаагүй албан тушаалтай болж байлаа. Тэгээд атташе болж Франц явлаа, ирээд 3-р нарийн бичгийн дарга, дараа нь хэлтэсийн дарга боллоо. Ер нь л Гадаад яамны бүх шат дамжлагыг биеэр туулсан даа. Газрын даргыг нь хийлээ, дэд сайдыг нь, бас Төрийн нарийн бичгийн даргыг нь хийлээ. Гурван ч өөр улсад элчин сайдаар суулаа. Одоо өөр яах вэ дээ, тийм үү?

Амжилттай ажилласан нууцаасаа бидэнтэй хуваалцвал?

Нууц гэж юм ерөөсөө байхгүй. Хүний хувь тавилан, төрөлхийн заяа гэж нэг юм байдаг юм байна гэдэгт би заримдаа итгэдэг юм. Өвөг дээдсийн, эцэг эхийн хураасан буян үр хүүхдэд нь их нөлөөлдөг бололтой. Аав маань малчин удамтай, долоон хүүхэдтэй айлаас ганцаархнаа хот орж, эрдмийн мөр хөөсөн хүн. Бусад ах дүү нар нь малчин, бас лам нар байсан. Харин ээж бол найман үе залгамжилсан ноёны угсаатай. Сайн сайхан яваа маань тэдэнтэй ч холбоотой.

Түүнээс биш ийм тийм ажил хийе, ийш тийшээ явъя гэж үхтлээ улайран зүтгэж үзсэнгүй ээ. Улайрсангүй гэдэг нь ажлаа хийсэнгүй, хичээсэнгүй гэсэн утгаар биш л дээ. Хэдэн шөнө сууж юм бичих, нойргүй хонох зэрэг бол байх, тэрийг бол тоохгүй байгаа юм. Гагцхүү юмаа бүтээхийн тулд учиргүй их улайран зүтгэдэг, хор найруулдаг, хүнийг хохироож байж өөрийнхөө зорилгод хүрдэг явдал байдаг даа. Би харин тэгдэггүй хүн. Тэгээгүй боловч ажил төрөл маань болоод л ирсэн. Сүүлд гарсан тэр “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин” гэдэг дуу надад нэг л дотно сонсогддог юм. Ажлаа сайн, сэтгэлээсээ хийгээд, зөв, зөөлөн явахад юм маань бүтэж ирснийг би эцэг эх, өвөг дээдэс, хувь тавилантайгаа холбон боддог юм даа.

Таныг анх Гадаад яаманд орж байх үеийн дипломатуудын чанар чансаа, гадаад харилцааны хүн ямар байх ёстой вэ гэдэг шаардлага шалгуур одоогийнхтой харьцуулбал ямар байв? Өнөөгийн залуусын чанарт сэтгэл хангалуун байна уу?

Энэ бол хоёр талтай асуудал юм. Дипломат хүн өргөн мэдлэг, боловсрол, соёлтой байх ёстой энэ тэр гээд олон шаардлагад нийцэж байвал мэдээж сайн хэрэг. Зан характерийн хувьд флегматик гэх мэт...

Урьд манайх хэрэгцээгээ харж, төлөвлөж, бэлтгэж боловсон хүчнээ авдаг байлаа. Харилцаа ч ойлгомжтой байв. Вьетнам гэхэд л цаашид найрамдалтай, харилцаатай байх нь тодорхой гээд Вьетнам руу хэдэн хүн явуулаад хэл устай болгоод бэлдээд авна. Одоо бол тэгэх хэрэггүй гэсэн хандлага давамгай болж. Гэтэл улсаар мэргэших шаардлага нь бол байсаар л байна. Ялангуяа онцгой хэлтэй хэдэн улс байна. Японд гэхэд л япон л хэлтэй хүн илүү ажиллана. Хэчнээн англи хэлтэй хүн яваад зүгээр л нэг ажиллаад л ирэх шүү дээ. Тиймээс Япон, Солонгос, Хятад, Орос гэсэн онцгой хэлтэй, манайтай илүү өргөн харилцаатай хэдэн улсад яг тэр улсаар мэргэжсэн хүн заавал байх ёстой. Гэтэл ингэж тодорхой улс, сэдвээр төлөвлөн мэргэшүүлэх тал дээр манайхан хуучинтай харьцуулахад үнэхээр мууджээ. Тодорхой бүс нутаг, улсаар мэргэжихгүйгээр энэ ажлыг сайн хийхэд хэцүү.

Боловсон хүчин бэлдэх бодлого, пост хоорондын залгамж чанар, уялдаа алдагджээ дээ?

Тийм л болоод байна. Уг нь бол жишээ нь АНУ-д ирээд, нэг, хоёрдугаар нарийн бичгийг нь хийгээд, төвд очиж тэр чиглэлээрээ ажиллаад, эргээд ирсэн хүн бол хамаагүй илүү үр бүтээлтэй ажиллах юм. Гэтэл одоо бол гэнэт гэнэт, хаа хамаагүй хүн, дуртай газраа томилогдоод байх болж. Тэгээд хэд гурван жил ажиллачхаад, огт өөр газар яваад өгдөг, дараагийнх нь хүн нь бүхнийг шинээр эхэлдэг. Залгамж чанар гэдэг чинь зүгээр л ар араасаа угсрах гэсэн үг биш л дээ. Мэдлэг, үйл ажиллагаа хадгалагдан үргэлжилж явах учиртай. Бидний хамгийн гол анхаарах зүйл энэ л болоод байх шиг.

Дипломат ажил хийхэд хамгийн зовлонтой, бэрхшээлтэй нь юу байдаг вэ?

Бидний ажил ихэнхдээ суваг болох, зуучлах ажил байдаг юм. Өмнө би хэлсэн дээ, ямар ч улс өөрийнхөө эрх ашгийг харж, урьтал болгож гадаад улстай харилцдаг гэж. Айлын талаас ямар учраас, яагаад ийм асуудал, ийм хариулт ирж байна вэ гэдгийг бол ойлгочхож болж байгаа юм. Гагцхүү тэрийг нь өөрийнхөө талд яг таг ойлгуулах л хамгийн хэцүү байдаг юм даа.

Манай талаас бас бизнес соёлын ялгаа ойлгохгүй зовлон их гарна. “Хоёр хоногийн дараа очлоо, тийм даргатай уулзмаар байна” л гэнэ. Гэтэл барууныхан чинь ажлаа, цагаа долоо хоног байтугай хэдэн сар, улирал, жилээр төлөвлөдөг улс, тэр үед нь нөгөөх нь уулзах байтугай бүр байхгүй ч байж мэднэ. Тэгээд болохгүй болохоор та нар ажилласангүй гэх гээд байна.

Хэрэгтэй, ашигтай мэдээлэл олоод төв рүүгээ мэдэгдэхээр заримдаа таг болчихно, хариу өгөхгүй, нэхэл дагал болно. Тэгээд л нөгөө талынхаа өмнө эвгүй байдалд орох, хэрхэн тайлбарлах гээд асуудал гарна. Очно уулзана гэж байснаа нэг хоёр хоног, хэдхэн цагийн өмнө болилоо гэх нь ч бий. Нөгөө албаны хүн нь бүх ажлаа зохицуулчихсан сууж байдаг. Хүний өмнөөс тэгээд л улалзах хэцүү. Энэ мэтээр гол зовлон нөгөө талаас биш өөрийн талаас л их ирэх гээд байдаг юм даа.

Гадаад яаманд дөчин жил ажиллахдаа хэдэн сайдын нүүр үзэв дээ? Ажил амьдралд тань хамгийн их үлгэр дуурайл болсон, нөлөөлсөн сайд гэвэл хэнийг хэлэх вэ?

Арван нэг хоёр сайдын нүүр үзсэн юм боловуу. Ганцыг л нэрлэ гэвэл Дүүгээ сайдыгаа л (Дүгэрсүрэн сайдыг авгайлж байна. М.С.) гэх байх даа. Намайг ажил амьдралаа эхэлж байхад сайд минь байсан гэдэг зөвхөн тэр утгаар биш, хорьдугаар зууны манай топ дипломат байсан гэж заримдаа бодогддог юм.

Дахиад нэг хүнийг нэрлэх боломж олговол Гооёо сайд (Ц. Гомбосүрэн сайдыг хэлж байна. М.С.) руугаа л заах болов уу. Шилжилтийн бэрх үед мөн ч гарамгай сайн ажилласан эрхэм дээ.

гэх мэтчилэн ярилцсаар эцэст нь ВХОМХ-оос сайдад АНУ дахь монголчуудын төлөө санаачилгатай ажилласныг нь үнэлж, харин Монгол Соёлын Төвөөс АНУ-д Монгол соёлыг түгээх дэлгэрүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийнх нь төлөө тус тус дурсгалын зүйл гардуулснаар бидний уулзалт өндөрлөв.

Зураг 8. АНУ дахь Монгол Соёлын Төвөөс гардуулсан дурсгал

beleg

]]>
contact@tsahimurtuu.mn (Цахим Өртөө Холбоо) М.Саруул-Эрдэнэ Sat, 26 Jan 2013 08:09:02 +0800
Дамбын Цолмон: Америкчууд хийсвэр зурагнаас маань ч Mонголыг таньж байгаад урамтай байгаа https://www.tsahimurtuu.mn/index.php/urtuuchid/item/2027-tsolmongiin-buteel https://www.tsahimurtuu.mn/index.php/urtuuchid/item/2027-tsolmongiin-buteel

Ярилцсан:
Мягмарын Саруул-Эрдэнэ,
Томас Червински,
Шаннон Браун

АНУ-ын нийслэл Вашингтон Ди Си хотын захиргаа жил бүр Зул сар, Шинэ жилийн баярын улиралд зориулан хотынхоо нэгэн төв гудамжинд Downtown Holiday Market http://www.downtownholidaymarket.com/ хэмээх баярын үзэсгэлэн худалдаа, наадмыг зохион байгуулдаг юм.

Наадамд дуучид хөгжимчид ая дуугаа өргөхөөс гадна уран зураг, баримал, гар урлал, гэрэл зураг гэх мэт олон өөр чиглэлийн уран бүтээлчид бүтээл туурвилаа дэлгэдэг аж. Найм дахь удаагаа уламжлал болон зохиогдож буй энэхүү наадамд Монголын нэгэн өнгө чимэг болон гэрэлтэх нь бахархалтай.

Зураг 1. Хотын төвийн үзэсгэлэн худалдаа

Зураач Дамбын Цолмон тус баярын хүндэт зочдын нэг. Ингээд бидний гурван этгээд Д. Цолмонг эргэхээр, зураг бүтээлтэй нь танилцахаар, бас ярилцлага авахаар Вашингтон хотын төвийг зорьсон юм. Бидний гурван этгээд гэдэг нь үүнийг сийрүүлэгч Саруул-Эрдэнэ миний бие, Төрийн Департаментийн Гадаад Харилцааны Дээд Сургуульд надаар монгол хэл соёл заалгаж буй одоохондоо бол оюутан, ер нь бол АНУ-ын дипломатч мэргэжилтэй Шаннон Браун гэж бүсгүй, Томас Червински хэмээх залуу нар билээ. Цолмонгийн зурагтай танилцана гэдэг нь бидний Монгол хэл төдийгүй соёл сурах ёстой зорилгод маань ч нийцсэн, бас уран бүтээлийнх нь тухай монголоор ярилцана гэдэг хэлний хичээлийн ч дадлага болно, эцэст нь уншигчдад Цолмонгийн тухай танилцуулна гэдэг ч нэгэн сайн үйл мөний тул нэг сумаар гурван туулай буудахаар ангиасаа бид гурав гарч явав.

Биднийг хотын төвд, баярын үзэсгэлэн дээр ирэхэд зураач Цолмон халуун савтай сүүтэй цайтай угтлаа. Улаан залаатай цагаан асар дотор монгол зураачийн зураг үзэнгээ монгол сүүтэй цай оочлон, монголоороо хэлэлцэхүйд АНУ-ын нийслэлд биш Яармагийн дэнж дээр сууж байгаа ч юм шиг сэтгэгдэл төрнө.

Зураг 2. Зураач Д.Цолмон биднийг сүүтэй цайгаар дайлав.

 

Ингээд Цолмонг гурван талаас нь шалгааж эхлэв:

Том: Та хэзээнээс зурж эхэлсэн юм бэ?

Цолмон: Би гурван настайгаасаа зурж эхэлсэн. Гэхдээ яг зургаа ойлгоод, зургандаа дуртай болоод, шимтэн зурж эхэлсэн үе бол 10 наснаас юм болов уу. Тэр болтол зүгээр л юу ч хамаагүй зураад л байдаг байлаа.

Би Зүүнхараа гэж газар өссөн хүн. Их сайхан байгальтай, нар өглөө мандахад, орой жаргахад тэнгэр нь нэн гоё болно. Тэрийг харж зурах их дуртай байв. Тэгж явсаар байж л ингээд зураач болчихлоо доо.

Шаннон: Та анх усан будгаар зурж эхэлсэн үү? Ямар материалаар зурж эхэлсэн юм бэ?

Цолмон: Анх би харандаагаар зурсан. Манай аав багш хүн байлаа. Дэвтэр харандааг ёстой нэг хангалттай хэмжээгээр авчраад овоолоод тавьчихдаг байсан юм. Тэр үед дэвтэр тийм ч олдоцтой байгаагүй шүү дээ. Миний хувьд харин асуудал байсангүй. Тэгээд л хуудас бүр дээр нь харандаагаар сараачаад л хаядаг. Одоо тэгээд би боддог юм. Хүүхдийг багад нь материалаар сайн хангаж, юмыг нь хангалттай тавьж өгч байвал өөрөө тэгж оролдсоор байж уран бүтээлч болоход нь тустай байдаг юм шиг билээ.

Саруул: Аав чинь тэгвэл сүрхий дэмждэг байжээ дээ?

Цолмон: Ер нь бол дэмжилгүй яахав. Тууш шугамтай дэвтэр байдаг даа, тийм дэвтэр гэрт бүр ийм овоолгоотой (гараараа цээж хавиараа хэмжээлэн үзүүлэв) байдаг байсан. Цаас харандаа хаана байна гэхгүй, цаг алдахгүй, материал хангалттай байсан нь зураач болоход маань том хувь нэмэр болсон байх аа .

Том: Тэгвэл таныг зураач болоход хэн хамгийн их нөлөөлсөн юм бэ?

Цолмон: Манай эмээ юм аа. Би эмээ өвөө дээрээ өссөн хүүхэд л дээ. Бага байхад эмээ намайг байнга “Одоо миний хүү зургаа зураарай” гээд л шахна, дэмжинэ. Тэгээд намайг арван тавтай байхад эмээ өөрөө хөтөлж Улаанбаатарт аваачаад, Дүрслэх Урлагийн Сургуульд шалгалт өгүүлж, элсүүлж байлаа. Сургуульд орно л гэж бодож, өөртөө их итгэлтэй байсан. Тэр үед шалгуур их өндөр байсан юм. 360 гаруй хүүхэд өрсөлдсөнөөс тэр жилдээ гучин таван хүүхэд л авч байв. Тэгэхээр бас их л өндөр шалгуур давж байж тэр сургуульд ордог байж дээ.

Зураг 3. Цолмонгийн уран бүтээлийн зонхилох сэдэв

Том: Тийм үү? Монголд тийм мэргэжлийн сургууль байдаг юм уу? Тэр 360 хүүхэд бүгдээрээ хүүхэд үү? Насанд хүрсэн хүн тэр сургуульд орж болдог уу?

Цолмон: Том хүн ордоггүй юм аа. Дандаа 16-17 насны хүүхдүүд ордог сургууль. Би гэхдээ 6 настай сургуульд орсон болохоороо ангийнхнаасаа дүү байсан. Одоо бодоход их л жижиг байсан байгаа юм. Арван тавтай, тэгээд биеэ даагаад Улаанбаатарт амьдарна гэхлээр...

Саруул: Эмээ чинь хүүгээ зураач болгоно гээд хөтлөөд явсан гэхээр бас л сүрхий боловсролтой хүн байжээ дээ? Ямар мэргэжилтэй хүн байсан юм бэ?

Цолмон: Эмээ маань зүгээр л хөдөөний нэг малчин эмээ байсан. Манайх хэдэн малтай, үхэр, хонь, ямаатай айл байлаа. Бас Зүүнхараа чинь тэр үед фермэрийн аж ахуй хөгжсөн газар байсан, манайх тахиатай байсан юм. Эмээ бас тахиачин байсан, тахиачин байсан гэхээр ямар ч сургууль төгсдөг юм, бүү мэд. Ямар ч л байсан зургийг маань бол их л дэмждэг, урамшуулж зуруулдаг байсан даа.

Шаннон: Та усан болон тосон будаг, харандаа, акрил, ширээр уран бүтээлээ хийдэг юм байна. Яагаад эдгээр тодорхой материалыг хэрэглэдэг юм бэ?

Цолмон: Ер нь уран бүтээлч хүн бол ямар ч материал ашиглаж болно. Гэхдээ дүрслэх урлагийн төрлөөр явах гэж байгаа хүн эхлээд, юуны өмнө харандаагаар маш сайн зурж сурах ёстой гэж би боддог. Тэрнийхээ дараагаар усан будаг, тосон будаг гэх мэтээр үргэлжлүүлэн, харандаатайгаа уялдуулан бүтээж сурах хэрэгтэй байх. Тэгээд бүр задраад, сэтгэлгээ яваад ирэхээрээ бусад элдэв материал, инсталлэйшн зэрэг рүү орох нь зөв юм бол уу. Эхлээд л хамгийн гол нь өөрийнхөө хийж сурах ёстой үндсэн юмыг маш сайн хийж сурах ёстой байгаа юм. Тэгэхийн тулд хамгийн түрүүнд харандаа, усан будаг хоёр л маш хэрэгтэй дээ. Бүтээл бол дараачийн асуудал шүү!

Саруул: Тэр л дарааллаараа явж байгаад арьс, ширэн урлал руу орчихов уу?

Цолмон: Тийм л юм даа. Арьсаар юм хийхийг бол надад хэн ч зааж өгөөгүй. Би өөрөө түүх их сонирхдог, юм уншдаг хүүхэд байлаа. Эртний Монголын эдлэл хэрэглэл, бүх зүйлсийг арьс ширгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэгээд эрт үедээ монголчууд арьс ширээр юу хийж, ахуйдаа хэрэглэж байв гэдгийг нь сэргээн судлаад, тэрнийгээ цааш нь үргэлжлүүлж, хөгжүүлэн урлагийн хэмжээнд аваачиж, бас нэгэн Монгол урлаг бий болгохыг зорьсон юм аа. Арьсан дээр шууд сийлбэр хийж эхэлсэн л дээ. Нэг хэсэг маш тууштай хийж байсан, сүүлийн үед больчихоод байгаа. Гэхдээ дахиж хийж эхэлнэ ээ. Бодсон юм бий.

Саруул: Өмнө арьсаар урлал хийдэг хүн байсан юм уу?

Цолмон: Байсан, байсан. Манай Дүрслэх урлагийн сургуульд арьсан урлалын анги гэж байсан юм. Гэхдээ манай тэр арьсны анги, сургалт болохоор Европ талыг барьсан, арьсыг хөөдөг, цаанаас нь товойлгож байгаад хэрэглээний голдуу зүйл бүтээдэг, тийм чиглэлийн юм. Минийх болохоор их эртний монгол маягтай. Түүхий арьсыг тэр чигээр нь зүснэ, малын ясыг бүтээлдээ оруулна, тэгээд сураар нь өөрөөр нь ороож, нааш нь төвийлгөх мэтээр эртний урлалын шинжтэй болгодог юм.

Зураг 4. Цолмонгийн ширэн урлалаас

Том: Та яагаад эрвээхий зурах дуртай юм бэ?

Цолмон: Уг нь би эрвээхий огт зурдаггүй байсан юм. Энд ирээд Черри Блоссом гэж наадам үзсэн маань нэгд нөлөөлсөн. Хоёрт, Ботаникийн цэцэрлэг гээд эрвээхийний нэг том үзэсгэлэн байдаг даа, тэрийг үзсэн чинь эрвээхий зурмаар санагдаад л. Эрвээхий чинь хөөрхөн амьтан шүү, нэг л зөөлөн ялдам. Гэхдээ эрвээхийг тэгтлээ их зурдаггүй юм аа. Гол сэдэв маань ер нь түүх, угсаатны зүйн талдаа, иймэрхүү (морьтой зохиомж үзүүлэв).

Шаннон: Та ямар материалаар зурах хамгийн дуртай вэ? Яагаад?

Цолмон: За яг нэг материалд илүү дуртай гэж хэлж чадахгүй юм байна аа. Би усан будаг, тосон будаг, акрил, харандаа бүгдээр нь л зурах дуртай. Бүгдийг нь бас заримдаа хольж, хамт зурна. Заримдаа бүр огт өөр юман дээр зурмаар санагдах юм. Тэгээд бүр сонин дээр хүртэл зурсан зураг бий. Жишээ нь энэ байна (ердийн сонин дээр зурсан бүтээлээ үзүүлэв). Торгон дээр ч зурдаг. Тэгэхээр материал бол хамаагүй, гол нь зураач өөрөө тэр материалаа яаж ашиглаад юу хийж чадах вэ гэдэг нь л чухал.

Зураг 5. Ердийн өдөр тутмын сонин дээр хийсэн бүтээл

Саруул: Энэ торгон дээрх зураг чинь их сонин юм байна даа. Торгон дээр ямар будгаар зурдаг юм бэ? Уусаад гоё тогтсон байна.

Цолмон: Энэ торгоны будаг гэж тусгай франц будаг байдаг юм. Торгон дээр зурах жирийн зурагнаас огт өөр. Эхлээд тэр тусгай будгаар торгон дээр зурчихаад дараа нь тусгай зориулалтын жигнүүрт жигнэнэ. Тэгж байж энэ будаг чинь торго руугаа ууж, арилахгүй бэхэжнэ. Тэрний дараа бас тусгай зориулалтын уурын индүүгээр дарж тэгшилж өгнө. Ийм олон дамжлагатай бүтээл байгаа юм.

Зураг 6. Торгон дээрх урлал.

Том: Та уран бүтээлээ хаана хаана үзүүлсэн бэ?

Цолмон: Анхны бие даасан үзэсгэлэнгээ Монголд Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэгийн танхимд гаргаж байлаа. Дараа нь Германд гаргасан. Тэгээд Европын зургаан улсад үзэсгэлэнгээ гаргаад, сүүлд Америкт бол маш олон үзэсгэлэн гаргасаан. Яг одоогийн байдлаар л гэхэд "Hill CENTER" гэж галлерейд миний үзэсгэлэн гарч байгаа. 12 сарын 14-нд энүүхэн Вашингтон хотын төв дэх Хаос гэж галлерейд бас нэг үзэсгэлэнгийн маань нээлт болох гэж байна. Гэхдээ би ганцаараа биш, өөр хоёр америк зураачтай хамтарсан үзэсгэлэн юм.

Шаннон: Та Монголдоо хир олон буцдаг вэ?

Цолмон: Жилдээ нэгээс хоёр удаа буцчихна аа.

Шаннон: Монголоос их онгод авдаг уу?

Цолмон: Маш их онгод авна шүү дээ. Одоо бас ирэх нэг сард явах санаатай. Очиж онгодоо сайн аваад ирэхгүй бол болохгүй оргиод байна. (бүгд инээлдэцгээв). Зургаа, долоон сар болоход л заавал нэг явчихаад ирмээр болоод байдаг юм.

Шаннон: Та Монголоос гадна хаанаас уран бүтээлийн онгодоо авдаг вэ?

Цолмон: Жилийн дөрвөн улирал байна. Улирал болгон өөрийн гэсэн өнгө үнэртэй байдаг. Тэр үнэр хүний тархи сэтгэхүйд ямар нэг хэмжээгээр зүг чиг өгдөг юм. Сонсгол, хөгжим бас миний хувьд их чухал. Улирал бүрийн тэр чимээ, үнэр тухайн үед онцгой сэдэл мэдрэмжийг төрүүлж өгч байдаг.

Том: Таны хамгийн дуртай сонгодог зураач хэн бэ?

Цолмон: Яг тэр гэж нэг нэр хэлэхэд хэцүү. Олон зураачийн бүтээлд би дуртай. Ялангуяа эртний Монгол баримал, эртний Япон, Хятадын мастеруудын нарийн зураг их таалагддаг. Бас Персийн миниатюр гэж нэн нарийн зургууд байдаг юм. Мөн Европын дундад зууны үеийн гайхамшигтай нарийн хийцтэй бүтээлүүд бий. Тийм нарийн зургуудын ихэнх нь зураачийнх нь нэр тодорхойгүй байдаг. Европын мундаг мастеруудад мэдээж бас дуртай байлгүй яахав. Ван Гог, Пол Гоген байна, Клод Монегийн өнгө бол их гоё. Америкаас бол Энди Уорхолл, Жаксон Поллок тасархай. Ер нь гэхдээ дотор нь ороод ойлгох юм бол зураг бүхэн өөрийн өнгө аястай. Хөгжим, яруу найраг бас адилхан шүү дээ. Нэгэнт хүний сэтгэлээс гарсан эгшиг аялгуу болохоор тодорхой хэмжээгээр тэр хүний ертөнцөөс урган гарсан учраас ойлгож сонсож, ойлгож уншиж чадвал гүн гүнзгий ухагдахуун л даа. Харин тухайн бүтээл маань хүний сэтгэлд хир зэрэг хүрч, хүмүүс түүнээс ямар амт мэдэрч байгаагаар тэрхүү бүтээлийн үнэ цэнэ яригдана.

Том: Таны бодлоор америкчууд яагаад таны энэ монгол зурганд дуртай байна вэ?

Цолмон: Яг монгол зураг гэвэл маш өргөн хүрээтэй ойлголт юм аа. Монгол зургийн үүсэл хөгжлийг бүр хадны сүг зурагтай холбон тайлбарлаж болно. Миний хувьд гол зорилго маань гэвэл заавал тэр нарийн детальтай зургаас илүү ганц зураас татаад л, бүтээл туурвиад, хамгийн гол нь тэрийг монгол хүн хийж дээ гэж мэдрүүлэхийг л хичээдэг юм. Жишээ нь энэ зургийг харахад нэлээд абстракт зохиомжтой зураг байгаа биз. Иймэрхүү хийсвэр зураг баруунд бол зөндөө л дөө. Гэхдээ энийг харсан хүн ямар нэг монголжуу төрх олж мэдрээд, монгол хүн зурж дээ л гэж таньж байвал энд уран бүтээлээ хийж байгаагийн гол утга учир оршиж байгаа юм аа. Харин Монголд бол арай өөр л дөө.

Саруул: Америкчууд зураг авахдаа өөрийг чинь ямар үндэстэн болохыг, бас Монгол гэдэг талаас нь илүү сонирхох хандлага байна биз?

Цолмон: Хамгийн сонирхолтой нь тээр тэрүүгээр явж байсан америк хүн энэ зургийг харчихаад “Чи монгол уу?” гэж асууж байгаа юм. Хүмүүс ер нь тэгж асууна шүү. Тэгэхэд нь их баярладаг. Энэ Монгол баатрыг биш, энэ монгол гэр, морийг биш, ийм хийсвэр зургийг хараад тэгж асууна аа гэдэг цаанаа, мөн чанартаа бас надад монгол үнэр хадгалагдаж байгааг үзүүлж байна даа гэж сайхан л санагддаг.

Зураг 7. Америкчуудын монгол хэмээн таньж буй хийсвэр бүтээлээс

Саруул: Америкчууд тэгэхээр бас нэлээд боловсролтой, Монгол гэж мэддэг болжээ дээ? Чи биднийг анх ирж байхад бас л хэцүү байсан шүү.

Цолмон: Харин тийм. Монголоор зүгээр шууд цэвэрхэн ярьдаг хүмүүс ч олон болсон байна. Энх тайвны корпус, их сургууль төгсөөд ирсэн залуус зураг үзэж зогсож байснаа гэнэт “Сайн байна уу, та” гээд л монголоор мэндлэхээр цочно шүү дээ. Гэхдээ бас мэдэхгүй улс байна аа байна. Монгол бичиг барьчихаад хэвтүүлж байгаад араас нь унших гээд оролдоно. Араб үсэг л гэж бодоод байгаа бололтой. Тэр болгонд нь би тайлбарлаж өгнө. Наадах чинь монгол бичиг юм аа, ийм учиртай юм гээд л.

Том: Та монгол бичиг хаана сурсан юм бэ?

Цолмон: Танай энэ Саруул-Эрдэнэ багш чинь миний монгол бичгийн багш байхгүй юу. Харин томхон чухал зүйл дээр монгол бичгээр бичих болохоороо Саруул багшаас чинь заавал зөвлөгөө авч бичдэг.

Шаннон: Нэг жилд та хэдэн бүтээл хийдэг вэ?

Цолмон: Тоолж үзээгүй юм байна. Би өдөр бүр зурдаг. Зарим өдөр хэд хэдийг ч зурчихна, зарим бүтээл дээр хэдэн ч өдөр ажиллана. Ер нь бол надад зурдаггүй өдөр гэж нэг ч байхгүй.

Саруул: Томхон бүтээл туурвиж байгаад дутуу орхиод маргааш нөгөөдөр нь үргэлжлүүлэхэд нөгөө анхны бодож байснаасаа зөрөөд, төгсгөл нь өөрчлөгдөх явдал гарах уу, үгүй юу?

Цолмон: Ер нь яг яаж дуусгах вэ гэдгээ багцаалаад, ерөнхий зургаа гаргах хүртлээ ажиллах л хэрэгтэй. Бүр зурж эхлэхээсээ өмнө энд нь ийм юм байна, тэнд нь тийм юм байна гэсэн санаагаа тогтоочих хэрэгтэй юм л даа. Нэг эвтэйхэн зохиомж гэдэг тэрүүхэн мөчид толгойд гялсхийгээд ороод ирдэг юм. Гэрэл зураг шиг л гялс гээд ороод гарна, тэр үед нь л нэг бол жижиг цаасан дээр буулгаад авах, үгүй бол толгойдоо ерөнхий дүр зургаа зангидаад авах хэрэгтэй. Тэгээд тэр зангидсан ерөнхий зурагтаа хүрч байж ажлаа орхих хэрэгтэй. Тэгээд дараа нь, өө энэ чинь энд нь би ингэнэ, тэнд нь тэгнэ гээд л амар байдаг юм. Жижиг зураг дээр бол тийм ч юм хэрэггүй, шууд л дуусгах ёстой...

гэх мэтчилэн ярилцсаар, эцэст нь зураач Д.Цолмон хоёр оюутанд маань төрсөн жилийг нь буюу Томд тахиа, Шаннонд туулай зурж, шинэ жилийн баярын бэлэг болгон дурсгаснаар бидний ярилцлага өндөрлөв.

Монгол хэлний гэрийн даалгавар болгож Цолмонгийн үзэсгэлэн дээр зочилсон тухайгаа бичихийг үүрэг болгосон, сайн өдрүүдээр манай хоёр ийн бичжээ: (Энэ 9 сараас л монгол хэл сурч эхэлсэн залуус гэдгийг эрхэм уншигч болгоогоорой доо)

Томас Червински:

Дөрөв дэх өдөр, Шаннон, Саруул багш, бид гурав Цолмоны үзэсгэлэн байгаа “Хотын Төвийн Баярын Зах”-д очсон. Тус зах Смитсонианы Америк Зургийн Музейний өмнө, Ф Зам Есдүгээр Зам хоёрын уулзвар дээр байдаг. Миний эхнэр бас явах байсан. Гэхдээ ажлаас болоод явж чадаагүй.

Цолмонд олон сонин зураг байлаа. Би Цолмоны ширэн урлагийг үзмээр байсан боловч тэр үзэсгэлэнд байгаагүй.

Нэг том зургийг Баян-Өлгийн хадны сүг зургаас сэдэвлэж зурсан байсан. Цөөхөн өөр зураг дээр дарсны хундага байсан. Түүнээс гадна ихэнх зураг морь, байгаль, монгол дайчны тухай байв. Цолмон тосон будаг, усан будаг, акрилийн будаг, бэх, харандаагаар буддаг. Тэмээн жин, өнгө өнгийн тэнгэрийн зураг, бэхээр зурсан монгол дайчны том зургуудад нь би хамгийн дуртай байсан.

Саруул багш бид хоёрын төрсөн жилийн амьтны зургийг бид нарын төлөө Цолмоноор зуруулжээ. Би тахиандаа их дуртай! Би Монголд очихдоо илүү их монгол урлаг, зураг үзэхийг хүсч байна.

Шаннон Браун:

Хоёр сар орчмын өмнө нэг хичээл дээр Саруул багш Том бид хоёрт Александрияд амьдардаг Цолмон гэдэг Монгол зураачийн интернетийн хуудсыг үзүүлсэн. Цолмоны бүтээлд Монголоос их онгод авдаг нь тодорхой байсан: Түүний бараг бүх бүтээл Монгол сэдэвтэй – жишээ нь, морь, хөдөө, гэр, жин, баатар, анчин гэх мэт. Тэр үед л би Цолмоны хэв маягт дуртай болсон юм. Учир нь, нэгдүгээрт, би ер нь уламжлалт зурганд дуртай. Хоёрдугаарт, зарим хүнд Цолмоны зураг энгийн санагдаж магадгүй боловч түүний зураг бүхэн амьтай, хөдөлгөөнтэй. Гуравдугаарт зураг, Монгол бичгийн холбоо их сайхан байсан.

Ингээд Саруул багш, Том, бид гурав өнгөрсөн дөрөв дэх өдөр Цолмонтой ярьж, түүний бүтээлийг үзэхээр Хотын төвийн баярын зах руу явлаа. Тэгэхэд би маш их баяртай байсан. Надад Цолмон их найрсаг бөгөөд бүтээлийнхээ тухай ярихыг их хүсэж байгаа мэт санагдаж байв. Мөн зарим шинэ хэв маягаар хийсэн зураг тавьсан байлаа. Цолмоны акрилийн будгаар хийсэн зураг нь тод өнгө, хийсвэр хэлбэртэй байсан. Цолмоны торгон дээр хийсэн бусад зураг зөөлөн өнгө, тайван налгар байгалийн сэдэвтэй байлаа. Тэр торгон дээрх зураг надад жаахан ер бусын – жаахан Монейгийн зураг шиг – санагдаж байсан. Миний бодлоор Цолмоны зураг бүхэн маш гоё. Гэхдээ Цолмоны зургийн хэв маягаас миний хамгийн дуртай нь усан будгийн зураг нь юм.

Хагас сайнд би Цолмоны бүтээлийг дахиад үзэхээр Хотын төвийн баярын захад буцаж очсон. Цолмонтой жаахан Монголоор яриад түүний зургийг удаан үзсэн. Би олон зурганд дуртай байсан боловч бүгдийг нь авч чадсангүй! Үзэж үзэж эцэст нь хоёр усан будгийн зураг сонгож авсан. Нэг нь хөх морь, нөгөө нь Монголын хөдөө морь унасан анчдын зураг. Одоо би Цолмоны зураг гуравтай боллоо: Хагас сайнд авсан хоёр болон Цолмоны надад дөрөв дэх өдөр өгсөн туулайн зураг. Надад одоо хүрээ л хэрэгтэй!

 

Төгсгөх зураг: Д.Цолмонгийн бийрийн уран нарийн ажилбарыг ганц зургаар нь жишээлэн үзүүлбэл:

 

 

 

 

Ярилцлагыг хөтөлж сийрүүлэн, фото зургийг авсан Мягмарын Саруул-Эрдэнэ.
@SaruulerdeneM

]]>
contact@tsahimurtuu.mn (Цахим Өртөө Холбоо) М.Саруул-Эрдэнэ Wed, 19 Dec 2012 03:33:56 +0800
Сталины бэлэглэсэн "жаргалант бага насны" бэлгэдэл буюу Буриад-Монгол Геля охины ээдрээт түүх https://www.tsahimurtuu.mn/index.php/urtuuchid/item/2026-buriad-ohin-gelya https://www.tsahimurtuu.mn/index.php/urtuuchid/item/2026-buriad-ohin-gelya

Мягмарын Саруул-Эрдэнэ
Зохиогчийн жиргээ: @SaruulerdeneM

2008 оны Бээжингийн Олимпийн нээлт түүхэн дэх хамгийн гайхалтай, шилдэг нээлтийн нэг болсон билээ. Гэвч нээлтийн үйл ажиллаганы сүр хүчийг, гоо сайхныг бүдэгрүүлсэн нэгэн тохиол хожим илчлэгдсэн нь царай зүс, дуу хоолой, эгдүүтэй төрхөөрөө бүхний хайрыг татсан Лин Миаоке охин үнэхээр өөрөө дуулсан биш Ян Пэеи гэж өөр охины дуунд ам барьсан явдал байлаа.

Уг нь бол хоёулаа авьяастай, сэргэлэн охид, гагцхүү Хятадын Коммунист Намын дарга нарын үзэмжээр бол Лин-гийн хоолой жаахан тиймэрхүү, харин Ян-гийн царай арай л нэг биш байсан аж. Ингээд хөөрхөн царайн дээр гоё хоолой монтажилсан нь коммунист дэглэмийн пиар,  үзэл суртлын нэг томруун жишээ болон түүхэнд хоцров оо гэж.

Энэ мэт үүх түүх, үйл явдал хуучин нийгмийн үед үй түмээрээ тохиож байсан, одоо бол бүгд тодорхой, нэг их сонин биш болсон зүйл, гэвч энэ удаад миний бие тэдгээрээс хамгийн эмгэнэлтэй, хамгийн дуулиантай нь болох буриад-монгол Геля охины түүхийг уншигчдадаа танилцуулахаар шийдлээ.

Поппе Геля Маркизовагийн тухай

Үүнийг тэрлээч миний бие 2009 онд нэрт монголч эрдэмтэн Николас Поппегийн “Дуртгал”-ыг орчуулан гаргасан билээ. Геля охины тухай тэгж л Поппегийн номоос анх удаа уншсан юм. Буриад-Монголд нэгэн хуралд оролцсон тухайгаа их эрдэмтэн ийн дурсчээ:

“... 36 онд Улаан-Үдэд хэл шинжлэлийн нэг хурал болсон юм. Хуралд оролцогсдод зориулан нутгийн захиргаанаас оройн зоог барьсан бөгөөд түүнд мужийн намын хорооны нарийн бичгийн дарга М. Н. Ербанов оролцов. Ербанов зоогийн ширээний эхэнд сууж, би түүний баруун талд, харин миний өөдөөс харсан суудалд дотоод хэргийн комиссар Маркизов суулаа. Нутгийн захиргаанаас надад хадаг гардуулснаас гадна үндэсний хүндэтгэлийн зоог болох төөлэй барив. Төөлэй нь хонины толгой, дал дөрвөн өндрөөс бүрдэнэ. Мэдээж энэ бүгдийг ганцаар иднэ гэж үгүй, харин гар эхлэн хүрч, бусдад түгээх эрх нь надад байлаа. Би энэ боломжийг ашиглан Ербановт зарим нэг уламжлал, түүх соёлын дурсгалыг хадгалж үлдвэл хэрэгтэй болохыг дурдаадхав. Жишээ болгон би шарын шашны ядаж ганц хийдийг үлдээн, түүх, угсаатны музей болгохыг зөвлөсөн юм. Харин Ербанов “Багш аа, би тантай санал нийлэхгүй байна. Та бас цөөн хэдэн лам хадгалж үлдэх саналтай байгаа байх. Энүүхэндээ хэлэхэд бид лам нарыг хорих ангиудад таны санаа зоволтгүйгээр сайн хадгалж байгаа” хэмээн хариулж билээ.

Ийн ярьж байсан Ербанов намын үйл хэрэгт цаг ямагт үнэнч явсан боловч тус нь гарсангүй. 1937 онд хөөрхий тэрбээр Москвад хуралд суухаар яваад баривчлагдан буудуулсан билээ. Энэ бол Их хэлмэгдүүлэлтийн үед болсон хэрэг, харин Ербановыг хувь заяаныхаа төгсгөлтэй учрахаас өмнө, 1936 оны мөнөөх хэл шинжлэлийн хурлын дараахан болсон бас нэгэн явдлыг ярьж өгсү.

Сталин Буриадын ударникуудад (гавшгай ажилчид. М.С.) зориулан Кремльд хүлээн авалт хийжээ. Маркизов Буриадын ударникуудын даамал болохын хувьд хүлээн авалтанд оролцсон байна. Тэнд мөн Маркизовын бяцхан охин Геля байсан бөгөөд Сталинд цэцгийн баглаа барихад Сталин охиныг тэврэн өргөөд үнсчээ. Тэр агшныг гэрэл зурагт буулган зурагт хуудас болгон тарааж, сонин бүрт гарснаас гадна бүх дунд сургууль “Жаргалант Бага Нас Бэлэглэж Буй Нөхөр Сталинд Талархъя” гэсэн тайлбартайгаар ханандаа хадсан юм. Маркизовыг эхнэртэйгээ хамт баривчлагдах үед ч зурагт хуудас олны нүдэн дээр байсаар байлаа. Маркизов буудуулж, эхнэр нь бөөнөөр хорих ангид нас барсан. Дөнгөж дөрөв, тавтай байсан Геля охин асрамжийн газарт өөр нэрээр илгээгдсэн байна. Тэрбээр нөхөр Сталинд “аз жаргалтай бага нас бэлэглэсэнд” нь талархсан хэвээр байсан эсэх эргэлзээтэй...” (Николас Поппе “Дуртгал”, Непко, 2009, 96-р тал)

хэмээжээ.

Зураг 1. Алдарт зураг уг эхээрээ

satliny_ohin 

Геля хаачсан бэ, түүнийг олсон болов уу?

Поппегийн “Дуртгал”-ыг уншсан хүн бүр хөөрхий охины хувь заяаны тухай, хэлмэгдүүлэлт, дайны  жилүүдээс амьд гарч чадсан эсэх тухай нь , амьд гарсан бол ямар нэрээр хаана амьдарч байгаа тухай нь эргэцүүлэн боддог. Гэтэл Белоруссын баримтат киночин Анатолий Алай бас л тийм бодолтой нэгэн байж, насан туршдаа Геля Маркизоваг хайсаар байж, санасандаа хүрэн, Энгельсина Дорбеева нэрээр амьдарсан болохыг нь олж, 2004 онд бүр уулзаж, бичлэг ч хийж чаджээ. Сталины, коммунизмын бэлэглэсэн “аз жаргалтай” бага насны амьд “бэлгэдэл” болсон охин, одоо бол Дорно дахины судлаач насан өндөр эмэгтэй кино найруулагчид эхний удаад арван минутын ярилцлага өгөөд дараа нь баримтат кино хийхээр тохирон салж. Харамсалтай нь баримтат кино хийх байтугай ахин уулзах ч боломж гарсангүй, буриад эмэгтэй тун удалгүй тэнгэрт хальсан байна. Золтой нь хэдий богино хугацаанд уулзалдсан ч Анатолий Алай Гелягаас жинхэнэ үүх түүхийг нь яг өөрөөр нь яриулж чадсан юм. Үгүй бол Поппегийн “Дуртгал” мэт дам сурвалж, цуу яриа зэргээс л олон түмэн бүдэг бадаг төсөөлөл авдаг байж.

Бурханы илгээсэн буриад охин

Ингээд Алай найруулагчийн хийсэн бичлэгээс Гелягийн түүхийг өөрийнх нь ярьснаар тодруулъя.

“... 1936 онд амьдралыг минь орвонгоор нь эргүүлсэн тэр явдал тохиосон юм. Аав бид хоёр Сталины хүлээн авалтад оролцохоор Москва явсан билээ. Ээж намайг байдгаар минь гоёж, шинэ усан цэргийн хувцас, туфль хүртэл авч өгсөн, аав яах вэ дээ, аав л болсон хойно туфлийг нь өмсүүлэхээ мартчихаж билээ. Тэгээд би тэргүүлэгчдийн индэр дээр эсгий гуталтайгаа л зогсож байсан сан. Кремльд очоод аав их сандарсан, гэтэл харин хамгаалалтынх нь албаны хүн хүүхдийг пропускгүй оруулдаг юм гээд дотогш нэвтрүүлэв. Зааланд ороод бид бүгдээрээ ширээ тойрч суулаа. Тэгээд л хамтралчдын эцэс төгсөлгүй яриа үргэлжилж гарсан даа. Аймаар уйтгартай, тэсч тэсч байгаад босоод алхчихлаа. Их удирдагчийн ардуур зогсох жижиг түшмэд “Хаачих нь вэ? Хаачих нь вэ?” гээд асуух. “Сталин дээр очъё” л гэлээ. “Тийм үү, оч оч” гэнэ. Ворошилов цаашаа харан суух Сталины чихэнд “Тан дээр ирлээ” гэж хэлтэл эргэж намайг хараад баяртайгаар өргөн тэргүүлэгчдийн ширээн дээр суулгаж орхив. Ворошилов намайг “Үг хэлээч” гэхээр нь “Энэ танд Буриад-Монголын хүүхдүүдээс илгээсэн мэндчилгээ” гээд цэцгээ барилаа. Бүгдээрээ “Үнсээч үнсээч” гэж хашигралдахаар нь би Сталиныг үнсэв. Яг тэр мөчид гэрэл гялсхийгээд л явчихсан, сурвалжлагчид зураг авч байж...”

Чухам энэ л мөч Геляг Зөвлөлт Холбоотын хамгийн алдартай хүүхэд болгох учиртай байжээ. Правда сонины тухайн үеийн эрхлэгч Лев Месхис тэгэхэд “Бурхан өөрөө энэ буриад охиныг бидэнд илгээжээ. Охиныг бид жаргалант бага насны амьд бэлгэдэл болгоно доо” хэмээн дуу алдсан гэдэг. Үнэхээр Зөвлөлт засгийн пиарчид хэлсэндээ хүрч чадсан билээ.

Зураг 2. Монгол дээлтэй Сталин Геляд бэлэг өгч буй нь

beleg  

Сансрын нисгэгч шиг л угтан авсан

Геля Маркизова Зөвлөлтийн бүх хүүхдийн жинхэнэ шүтээн нь болов. Гелягийн зурган дээрээ өмсөж гарсан усан цэргийн хөх цагаан хувцасны (орсоор матроска гэдэг. М.С.) гүйлгээ геометрийн прогрессоор өсч, эцэг эхчүүд үсчинд хүүхдээ авчраад “Сталинтай хамт зургаа авхуулсан охин шиг болгоод өг” гэж гуйх болжээ.

“... Маргааш нь зочид буудлынхаа хонгилд гараад би сонин дээр зургаа гарсан байхыг харсан. Ингэж л би алдаршсан юм даа. Бүгд надад бэлэг өгч байв. Өрөө маань бүр бэлгээр дүүрлээ. Улаан-Үддээ буцаж ирэхэд минь яг л сансрын нисгэгчийг хүлээн авч байгаа юм шиг юм болсон. Жил хагас би хамгийн алдартай хүүхэд байлаа” хэмээн Геля хожим дурсчээ.

Буриад охиныг нэрд гараад ирэхийн сацуу нэрт уран барималч Георгий Лавровт түүхэн зургийг барималд мөнхжүүлэх санаа төржээ. Ингээд “Сталин Геля хоёр” хэмээх бүтээл туурвисныг нь хожмоо Лавровын эхнэрийн дурссанаар бол тэр дор нь гурван сая хувиар үйлдвэрлэн, бүх сургууль, цэцэрлэгийн үүдэнд байршуулсан гэнэ. Нийгэмдээ нийцсэн бүтээл туурвисныхаа хариуг алдарт уран барималч харин хожмоо тун эмгэнэлтэйгээр хүртсэн гэдэг.

Зураг 3. Лавровын бүтээсэн баримал

barimal 

Ардан Маркизов аав нь буруутсан нь

Зөвлөлт Холбоотын хамгийн алдартай охин Гелягийн аав Ардан Ангадыкович Маркызов нь Буриад-Монголын улс төр, нам засгийн нэрт зүтгэлтэн, иргэний дайны үед улаантны партизан байсан хүн ажээ. 1936 онд ХАА—г хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ч шагнаж байж. Гэвч коммунист засгийн үед юм орвонгоороо эргэх нь амархан хойно, 1937 онд Нармай Монгол үзлийг баримтлалсан, Японы тагнуул байсан хэргээр баривчлагджээ. Түүнтэй хамт Нармай Монголыг “дэмжин” баривчлагдагсдын дотор өнөөх Поппегийн энэхүү өгүүллийн эхэнд өгүүлдэг Ербанов, нэрт монголч эрдэмтэн, их соён гэгээрүүлэгч Жамсраны Цэвээн нар байлаа.

Зураг 4. Гелягийн аав Ардан Маркизов

markizov 

Гелягийн жил хагасын хугацаанд би хамгийн алдартай хүүхэд байлаа гэдэг нь ийм л учиртай аж. Одоо харин Геля ардын дайсны охин болж хувирав. Ээж нь Сталиныг Геляд “хайртай” хэвээр байж магадгүй хэмээн горьдож охиноороо Сталинд захидал бичүүлж үзжээ. Геля захиандаа ээжийнхээ хэлсэн ёсоор “... миний аав ардын дайсан, Японы тагнуул биш, харин намын гишүүн, иргэний дайны партизан билээ. Би аавтайгаа хамт Кремльд тантай уулзаж байсан шүү дээ” гэх мэтээр бичиж.

Сталины зүрх бяцхан охины захианд юу гэж л уяраа аж дээ, хариу ч өгсөнгүй, тоож ч үзсэнгүй. Тэвэрч үнсэн “жаргалтай бага нас хайрлаж байсан” охиныхоо аавыг 1938 оны 6 сарын 2-ны өдөр буудан хороогоод, Геляг ээжтэй нь хамт Туркестан руу цөлсөн байна.

Дүр төрхөө тажик охинд булаалгав

Геляг ээжтэйгээ Туркестанд цөллөгөнд байхад Кремльд харин томоохон асуудал босч иржээ. Өнөө агуу удирдагч маань сая сая зурагт хуудас, баримал дээр ардын дайсны охиныг тэврэн эрхлүүлж байдаг!!! Хэнд аз жаргалтай бага нас хайрлаад байгаа хэрэг вэ?

Бүгдийг хураан устгах нэг арга байдаг, гэтэл их удирдагчийн зураг, баримлыг хэн ч устгах санал гаргаж зүрхэлсэнгүй. Охиныг нь алга болгочихъё гэсэн нэг санал гартал Сталин хоосон агаар тэвэрсэн байдалтай болчих гээд унасан гэнэ. Ингээд хуралдаж хуралдаж эцэст нь жинхэнэ коммунист маягийн шийд гаргажээ.

Ерөөсөө тэр охин Геля Маркизова биш юм байна, төстэй царайтай өөр охин байжээ гэсэн санал дэмжигдсэн гэдэг. Ингээд Гелятай адил охины эрэлд гарцгаасны эцэст Стахановын хөдөлгөөнд оролцож, 1935 онд дөнгөж 11 насандаа Лениний одонгоор шагнуулж байсан Мамлакат Нахангова хэмээх монголжуу царайт, тажик пионерийг олжээ. Ингээд бүх л Зөвлөлт Холбоот даяар хэдэн арван сая плакат, баримлын “Сталин Геля хоёр” хэмээх нэрийг “Сталин Мамлакат хоёр” хэмээн солих нөр их ажил өрнөв. Тэр ч бүү хэл Мамлакатыг мөнөөх алдарт уран барималч Георгий Лавровын урланд авчирч, хамтад нь хэдэн зураг авчхаад сонинд “Мамлакат насанд хүрсэн хойноо өөрийнхөө баримлын төрсөн урланд ахин зочлов” гэсэн тайлбартайгаар хүртэл гаргасан аж.

Зураг 5. Гелягийн оронд алдаршсан Мамлакат Сталинтай хамт

mamlakat 

“Гэрчийг устга” төлөвлөгөө

1938 онд Гелягийн эх Доминика Федоровна гэнэт нас баржээ. Охинд болон төрөл төрөгсдөд нь “Ээж чинь ичгүүрээ даалгүй амиа хорлочихлоо” хэмээн мэдэгдсэн аж. Гэвч жинхэнэ үнэнийг хөөрхий Геля бүр тавин жилийн дараа олж мэдсэн байна.

Геля: “Би ФСБ (Холбооны Аюулгүй Байдлын Үйлчилгээ) дэх ээжийнхээ хэрэгтэй танилцаж байгаад бүх үнэнийг илчилсэн нэг чухал баримтыг олж уншсан. Тэнд Туркестаны НКВД-ийн (Дотоод Хэргийн Ардын Комиссариат буюу нууц цагдаа) даргаас Берияд ирүүлсэн захидал байна. Захианд: “Энд, цөллөгөнд Маркизова ирээд байна. Түүнд Сталины өгсөн бэлгүүд, бас Сталины охинтой нь авхуулсан таван ч зураг байна. Яах вэ?” гэж асуусан байлаа. Бичгийн захад хөх харандаагаар, маш тодорхойёо “Зайлуулах” гэж цохсон байв. Ээж минь амиа хорлосон биш “зайлуулагдсан” болохыг би тэгэхэд л мэдсэн юм. Ээжийг минь эмнэлэгт хоолой нь хэрчигдсэн байдалтайгаар олж ирсэн юм шүү дээ” хэмээн ярьсан юм.

Ингээд 1938 онд алдарт зургийн гэрч нараас ганцхан хүн үлдсэн нь уран барималч Георгий Лавров болов. Зурагт хуудас, баримлын нэрийг өөрчлөөд, нэгээхэн хэсэг хүнийг, бүр бүхэл бүтэн ард түмнийг хуурчихаж дөнгөсөн боловч Лавровын хувьд байдал өөр байжээ. Барималч, уран бүтээлч хүний хараа гэдэг хурц, нүдний ой дэндүү сайн ажээ. Тийм удаан суулгаж байгаад тийм удаан урласан хүнээ, ялангуяа тийм хөөрхөн охины дүр төрхийг төдий зэргийн уран барималч хэзээ ч мартахгүй гэдгийг цаадуул нь ч бас тооцоолсон байж. Лавровыг зайлуулах, хэсэтээ амыг нь таглах арга нь харин 15 жилийн хорих ял болсон юм.

Зураг 6. Олон улсын Артек пионерийн зусланд амрагчид Гелягийн зургийг фоноо болгосон нь

artek 

Геля Маркизова Энгельсина Дорбеева болсон нь

Муу юм гарцаагүй болохыг мэдэрсэн эх нь охиндоо “Надад элдэв юм тохиолдвол дүүгээ аваад Москвад байдаг эгчийндээ очоорой” хэмээн чандлан захисан аж. Охин ч яг ээжийнхээ үгийг дагаж. Хожим Гелягийн охин Лола Комарова ийн дурсчээ: “... Москвад тэгэхэд манай хамаатнууд суудаг байж. Нөхөр нь Сергей Дорбеев, эхнэр нь гэж манай ээжээс ердөө арван хоёрхон эгч бүсгүй. Гэвч тэр хоёр толгойн дээрээ буух аюул заналыг үл тоон, ээжийг дүүтэй нь хамт зоригтойгоор үрчилж авсан байгаа юм. Арван хоёрхон эгч атлаа...”

Зураг 7. Насанд хүрсэн хойноо

nasand-hureed 

Ийнхүү Геля Маркизова Энгельсина Дорбеева болжээ. Хуучин нэр, хуучин дурсамжийг мартах, үл ярих, үл дурсах хэрэгтэй болов. Тэр нь ч аминд нь өлзийтэй байж. Ярихгүй байна аа гэдэг гэвчиг бүх юм үгүй болсон гэсэн үг бас биш л дээ. Хөөрхий Геля бараг үзсэн сэтгүүл бүхнээсээ өөрийнхөө зургийг, зочилсон цэцэрлэг бүхэндээ өөрийнхөө баримлыг харж, өнгөрснөөс өөрийгөө хайх нь, багынхаа харцтай мөргөлдөх нь маш хэцүү байсан гэж сүүлд ярьсан байдаг.

Сталины охинтой нэг курст

Арван жилээ төгсөөд Геля МГУ-ийн (Москвагийн Улсын Их Сургууль) Түүхийн факультетэд элсэн орсон байна. Хувь заяаны шоглоом гэлтэй чухам тэр факультетэд, яг тэр жил Сталины охин Светлана Аллилуева мөн элсэн оржээ.

“Бид хоёр нэг факультетийн оюутан байсан. Би түүнийг Сталины охин гэж мэддэг, тэр ч намайг өнөөх зурагт хуудас дээрх охин гэж мэддэг байлаа. Гэхдээ бид хоёр ойртон үерхэхийг оролдоо ч үгүй. Эцгүүд маань дайсан болохоор бид хоёр хэрхэн найзлах сан билээ” хэмээн Геля тайлбарласан байна.

Зураг 8. Геля хүүтэйгээ

huuteigee 

Дорно дахины судлаач болсон нь

Сургуулиа төгсөөд Геля дорно дахины судлал, ялангуяа Камбожийн чиглэлээр сонирхон ажиллаж байхдаа ЗХУ-ын Энэтхэг дэх Соёлын атташе Комаровтай гэрлэж Энэтхэгт олон жил ажиллаж амьдарсан байна.

Угийн сайхан бүсгүй гэж сайхнаараа л заяадаг аж. Энэтхэгт байхдаа аанай л зурагчдын нүдэнд өртөж, Махатма Ганди, Жавахарлал Неру нартай авхуулсан зураг нь олон ч сонинд хэвлэгдэн, ахиад л алдаршсан гэнэ. Найруулагч Алайн ярьж буйгаар бол “Гелягийн тэр дур булаам инээмсэглэл ямар ч хөлдүү улс төрчийг уярааж орхимоор. Төвөөс ирсэн бүх төлөөлөгчдийн зурагт заавал түүнийг хэрэг болгон оруулдаг байжээ”.

Зураг 9. Нерутай хамт

nerutai 

Гэтэл үнэн хэрэгтээ хэвлэл мэдээллээр гараад буй тэр сайхан бүсгүйн амьдралын хамгийн чухал зураг тэртээ 1936 онд дарагдсан байсныг анзаарах сөхөөтөн байсангүй ээ.

Жараад онд Геля хоёр дахиа гэрлэж, дорно дахины судлаач Чешковын гэргий болон насан өөд болтлоо хамт амьдарчээ. Энэ гэрлэлтээсээ нэг хүүтэй, өмнөх нөхрөөсөө харин түрүүн дурдсан Лола гэж нэг охинтой юм байна.

Геляг бүр 1976 онд нэг сурвалжлагч олж мэдээд үүх түүхийг нь яриулъя гэсэн боловч цаг нь болоогүй хэмээн эмээсэн аж. Өөрчлөн байгуулалтын дараа уг нь цаг нь ирсэн боловч түүнийг сурвалжлах сөхөөтэй хүн байсангүй. Харин ерээд оны үед нэг герман сэтгүүлч ирж нэлээд яриулж авсан гэнэ. Эцэст нь найруулагч Анатолий Алай удаан хайсны эцэст олж авсан ажээ. 2004 онд тэд уулзаад арваад минутын бичлэг хийгээд баримтат кино хийхээр салсан боловч Геля Маркизова тэр жилээ Туркт нас барсан юм. Уг нь насан туршдаа хадгалж явсан, бугшиж явсан бүх түүхээ онгойтол нь ярина гэж үнэхээр хүсч байсан, “тийм ч учраас кинонд бэлдэж, өнгө зүс орж ирэхээр Туркийн Антальяг зорьсон юм сан” гэж хүү нь Анатолий Алайд ярьсан байна.

Сталины бэлэглэсэн “жаргалант” бага нас гээчийнх нь амьд “бэлгэдэл” болж, тэр хатуу нийгэмд нэрээ, дүрээ, бага насаа, аавыгаа, ээжийгээ булаалгасан, буриад-монгол охины ээдрээт амьдралын түүх энэ буюу.

хэмээсэн энэхүү нийтлэлийг бичихийн тулд орос, англи хэлээр нэлээд баримт, материал ашигласнаа та бүхэнд цааш нь тодруулан үзнэ үү хэмээн толилуулбал:

jukovyn-dursgaldНиколас Поппе, “Дуртгал” Нэпко хэвлэлийн газар, өгүүллийг бичигчийн орчуулгаар

РИА Сибирь - ийн нэг жижиг өгүүлэл: http://ria-sibir.ru/viewnews/13187.html

Сергей Хохловын “Геля Энгельсина” хэмээх өгүүлэл: http://gov.karelia.ru/Karelia/1213/14.html

Хроно вэб сайт дахь Гелягийн намтар: http://www.hrono.ru/biograf/bio_m/markizova.html

Википедий толь дахь Геля Маркизовагийн маш дэлгэрэнгүй намтар, найз нарынх нь дурсамж

Хамгийн чухал эх сурвалж болох Геляг өөрийн биеэр сурвалжилж, бичлэг авсан найруулагч Анатолийн Алай-н  ярилцлага: http://www.kp.by/daily/23867.3/144061/

зэргийг дурдахын сацуу Discovery Civilzation –ий бүтээж, ю-түүбэд тавьсан доорх баримтат кинонд Геля өөрөө түүхээ ярьж буйг заавал үзнэ үү хэмээн хүсэж байна.

]]>
contact@tsahimurtuu.mn (Цахим Өртөө Холбоо) М.Саруул-Эрдэнэ Tue, 04 Dec 2012 07:00:32 +0800
"Шинэ Монгол" сургуулиар орсон тэмдэглэл https://www.tsahimurtuu.mn/index.php/urtuuchid/item/2018-article_20120122_01 https://www.tsahimurtuu.mn/index.php/urtuuchid/item/2018-article_20120122_01

Цахим Өртөө Холбооны анд Шинэ Монгол бүрэн дунд сургуулийн захирал П. Наранбаярын урилгаар тус сургууль дээр 1-р сарын 11-ны Баасан гаригт “Актуар мэргэжлийн танилцуулга” сэдэвт яриа, хэлэлцүүлгийг тус сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд хийлээ. Уг хэлэлцүүлгийг хийхэд төрсөн сэтгэгдлээ та бүхэнтэй хуваалцаж байна. Наранбаяр анд маань Японоос ирээд Шинэ Монгол сургуулийн захирлын ажлыг хүлээн авснаас хойш 2 сар хүрэхгүй хугацаа өнгөрч байгаа, өөрөөр хэлбэл шинэ захирлын “будагных нь үнэр арилаагүй” энэ үед сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, өөрийн мэргэжлийг танилцуулах боломж олдсон явдал нь миний хувьд ихээхэн онцлог бөгөөд олзуурхууштай үйл явдал боллоо. Товлосон цагт “Монгол заншлаараа” хэдэн минут хоцорч, яарч сандарсан хүн Шинэ Монгол сургуулийн хаалгаар гүйхээрээ орлоо. Үүдний жижүүр миний нэрийг асуухаар нэрээ хэлээд ирсэн зорилгоо тайлбарлахаар ухантаж эхэлтэл “Өө таныг Захирал 2 давхарт өрөөндөө хүлээж байгаа, та яваад ор” гэлээ. Өөдлөх айл үүднээсээ гэгчээр зохион байгуулалт сайтай байгууллага байна даа гэсэн анхны сэтгэгдэл төрөв. Наранбаяр захиралтай уулзаж кофе-оор дайлуулаад ахлах ангийхан цугласан 5 давхарт байрлах зааланд явж орлоо.

Нэг том хичээлийн танхимдаа цугласан байх гэж бодож байсан төсөөлөл маань талаар болов. 300 орчим хүний суудалтай театрын зохион байгуулалттай, бүрэн тоноглогдсон том танхимд явж орлоо. Ойролцоогоор 150 гаруй сурагчид цугласан байв. Наранбаяр захирал намайг танилцуулаад, би сайн байна уу гээд мэндлэхэд сурагчид бүгдээрээ босоод нэгэн дуугаар “сайн, та сайн байна уу” гэж мэндлээд, бүгдээрээ нэгэн зэрэг бөхийн ёслоход Японы соёлд А-гүй надад маш сонин мэдрэмж төрснийг нуух юун. Наранбаяр захирал өөрөө хөтөлж, яриаг эхлүүллээ. Мань хүн туршлага заан ярианы сэдвийг чиглүүлэн, танхимын уур амьсгалыг удирдаад явав. Би ч яахав нөгөө “бөөснийхөө тухай” яриж гарлаа. Актуар мэргэжил гэж юу болох, Монгол улсад актуар мэргэжлийн хөгжил ямар шатанд байгаа, өөрөө яаж яваад энэ мэргэжилд орсон талаар харилцан яриа хэлбэрээр аль болох албан ёсны бус нөхөрсөг байдлаар ярихыг хичээв. Ярианы дундуур болон төгсгөлд сурагчдад асуулт хариултын цаг гаргаж өгсөн. Сурагчид юу ойлгосон, юу бодож байгаагаа илэн далангуй, өөртэй итгэлтэй яриж, асуух аж. Зарим асуулт маш нухацтай, хариулт өгөхөд бодох хугацаа шаардагдахаар, манийгаа жаахан сандраагаад авахаар байсныг нуух юун. Тухайлбал нэг охин (уучлаарай нэрийг нь санахгүй байна, уул нь бүгдээрээ асуулт асуухаас өмнө анги болон нэрээ хэлж байсан) “Нийгэм судлалын талаас үзэхэд ирээдүйд болох үйл явдлыг урьдчилан хамаагүй тайлбарлах нь нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж болох аюултай үзэгдэлд хүргэж болно гэж үздэг. (Бодвол өнгөрсөн 12 сарын 21-нд Монголд дэлхий сөнөхөө шахсныг хэлэв бололтой) Таны мэргэжил үүнд ямар хариу өгдөг бэ” гэж асууж байх жишээтэй.

Яриа өндөрлөсний дараа танхимаас гарах хүртэл сурагчид бүгдээрээ босож зогсоод өөрсдөө гарахгүй хүлээж байгаад зочидоо түрүүлж гаргах аж. Захирлын өрөөнд тус сургуулийн үүсгэн байгуулагч Ж. Галбадрах багштай таарч мэнд усаа солилцоод Наранбаяр захирлыг даган сургуультай танилцах ажилд орлоо. Товчхоноор хэлбэл, маш цэвэрхэн, өндөр зохион байгуулалттай, сургалтын үйл ажиллагаа явуулах бүрэн тохижилт хийгдсэн, Япон хэв шинжтэй сургууль байлаа. Анх сургуулийг байгуулахад Японд “Нэг багана” гэдэг аян өрнүүлж сургуулийн санхүүжилтыг босгосон тухай, энэ их буянтай ажилд гар сунгасан Япон хөрөнгө оруулагчдын тухай, бүр жаахан хүүхдүүд өөрсдийн цуглуулсан мөнгөө энэ аянд хандивлаж байсан талаар Наранбаяр захирал сургуулиа танилцуулах зуураа сонирхуулж явлаа.

Төгсгөлд нь Шинэ Монгол сургуулиар ороод гарахад надад үлдсэн бодлоо хуваалцахад сургалт явуулахад дэг журам, сахилга бат маш чухал санагдав. Энэ сургууль дээр манай улсын бусад арван жилийн сургуулиуд болон их дээд сургуулиуд дээр нийтлэг ажиглагддаг “архайж, ханхайсан эрчүүд” эсвэл “Солонгос охидуудыг дуурайн эцэг эх нь ч танихааргүй болтлоо будаг шунх болсон охидууд” харагдсангүй. Хүүхэд хүүхдээрээ, сургууль дээр мэдлэг, боловсрол олж авах үндсэн зорилгод нь чиглүүлсэн орчныг бүрдүүлж, сахилга дэг журмыг тогтоож өгөх хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрэв. Сонирхуулахад, өнгөрсөн жил Цахим Өртөө Сүлжээгээр бахархан хэлэлцэж байсан “MIT” төгсөөд “Facebook”-д программ хангамжийн инженерээр ажилд орсон Н. Мэргэн энэ сургуулийн төгсөгч юм байна лээ.

Тэмдэглэл хөтөлсөн Д. Гантулга

]]>
tugsuu1218@gmail.com (Admin) Д.Гантулга Sun, 20 Jan 2013 07:59:17 +0800
Хувьсгал гэдэг нийгмийг эмчлэх багаж https://www.tsahimurtuu.mn/index.php/urtuuchid/item/2007-хувьсгал-гэдэг-нийгмийг-эмчлэх-багаж https://www.tsahimurtuu.mn/index.php/urtuuchid/item/2007-хувьсгал-гэдэг-нийгмийг-эмчлэх-багаж

Хувьсгал гэхлээр манайхан халзан толгойтой Ленин багшийг Сүх жанжинтайгаа хамт толгойдоо дүрслээд, олон хүний амь нас хөнөөсөн айхавтар дайн байлдааны тухай санаандаа дүрсэлж “аллергитээд” байдаг шиг. 21 жилийн өмнөх Ардчилсан хувьсгал гэхлээр бас л үймээн шуугиан, өлсгөлөн тэмцэл зарласан үйл явдал болсон. Гэвч хувьсгал гэдэг бидний төсөөллөөс арайхан өөр ойлголт юм байна.

Хувьсгал гэдэг ерөнхийдөө аливаа зүйл нэг төлөвөөс нөгөө төлөвт огцом шилжихийг заасан утгатай үг боловч одоо үед голдуу улстөрийн нэг тогтолцооноос нөгөөд чанарын эрс өөрчлөлт хийж шилжихийг ийн нэрлэж ойлгох болжээ. Эх үг нь Револьюүшн гэх латин гаралтай үг агаад “эргэлт, эргэлт хийж өөрчлөгдөх” гэсэн утгатай. Улстөрийн хувьсгалаас гадна аж үйлдвэрийн хувьсгал, энергийн хувьсгал, электроникийн хувьсгал гээд олон төрлийн хувьсгалыг бидний өнгөрсөн цагийн түүх дамжин иржээ. Орчин үед мэдлэгийн хувьсгал, даяаршлын хувьсгал явагдаж, сүүлдээ энэ хоёр нийлээд даяаршсан мэдлэгийн хувьсгал ид явагдаж байна гэж энэ дэлхийн мэргэд онолдож байна.
 
Улстөрийн хувьсгал жинхэнэ утгаараа явагдвал эдийнзасаг, хууль, соёл, шашин, мэдлэгийн салбар, урлаг, хэл, ёс заншил гээд нийхэм, эдийнзасгийн бүхий л хүрээг хамрах тул Түгээмэл Хувьсгал гэж ерөнхийлөн нэрлэж тэр нь улмаар цааш нарийсч задраад эдийнзасгийн хувьсгал, соёлын хувьсгал, тэр бүү хэл хүний хувьсгал гэх мэт нэр томъёонууд гарч ирсэн байдаг. Капиталист нийгэмд капиталийн эздийн оронд хувьцаат компанийн удирдлагууд давамгайлах үүрэг гүйцэтгэх болсоноор капитализм чанарын хувьд том өөрчлөгдсөн гэх Burnham-ийн “Менежерийн Хувьсгал”-ын онол бол эдийнзасгийн хувьсгалын жишээ. Хятадын коммунистууд ард олныхоо бодол сэтгэлгээнд хувсгал хийхийг (хүний хувьсгал) зорин их бужигнаан өрнүүлсэн нь алдарт Соёлын Их Хувьсгал гэж түүхнээ нэрлэгдсэн үйл явдал. Эдгээр нь өргөн утгаараа Нийгмийн Түгээмэл Хувьсгалын тухайн хувилбарууд.
 
Дэлхийд хамгийн алдартай Түгээмэл Хувьсгал бол 1789 оны Францийн хувьсгал. Мэдлэг, Оюун, Улстөр, Эдийнзасаг, Нийгмийг бүхэлд нь хамарсан маш өргөн хүрээтэй хувьсгал болжээ. Хүн төрөлхтний оюуны хөгжилд томоохон хувь нэмэр оруулснаараа Францийн хувьсгал түүхнээ тов тодоор тэмдэглэгдэн үлдсэн юм. Францийн хувьсгалаас өмнө Англид 1600-аад онуудад хэд хэдэн хувьсгал өрнөсөн байдаг. Цаашилбал Америкийн Тусгаар Тогтнолын Хувьсгал, Оросын хэд хэдэн хувьсгал, Мексикийн хувьсгал, Хятадын хувьсгалууд гээд тоочих юм бол тун урт жагсаалт гарна.
 
Түүхээс харахад өнөөгийн өндөр хөгжилтэй томоохон гүрнүүд хувьсгалыг илүү хиймтгий байдаг нь харагдана. Хувьсгалыг сайн хийснээрээ тэд илүү хөгжөө юү гэмээр. Франц улс гэхэд 4 хувьсгал хийж 5 Бүгд Найрамдах Төрийг байгуулсан гэх мөртөө бас болоогүй удахгүй дахиад ч хувьсгалжихгүй бол болохгүй нь гэцгээж байна. Сүүлийн үед сүрхий хурдтай хөгжиж дэлхийн анхааралд байгаа Өмнөд Солонгос улс харьцангуй богино хугацаанд 5 ч хувьсгал хийгээд амжсан бөгөөд өнөөдөр 6 дахь Репаблик буюу Бүгд Найрамдах Төр нь ажиллаж байна. Ердөө 50-иадхан жилийн дотор дахин дахин хувьсгал хийж 6 төрийн нүүр үзнэ гэхлээр хөгжил цэцэглэлт рүү тэмүүлсэн ямар их эрч хүчтэй үндэстэн бэ гэж Өмнөд Солонгосуудаар бахархах сэтгэл төрнө.
 
Ерөнхийдөө нийгмийн хувьсгалыг тухайн цагийн томоохон бодогч, нийгмийн зүтгэлтнүүд цаад үзэл санааг нь томъёолж хувьсгалыг өрнүүлж тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлсэн байх нь харагдана. Алдарт Францийн хувьсгалын эцэг хэмээн алдаршсан Жан Жак Рүсо ардчилалын онолын үндсийг анхлан томъёолж гаргаад улмаар хувьсгалын үйл явцыг загварчилсан байна.
 
Монголчуудыг өнгөрсөн зуунд үндсэндээ 3 том хувьсгал хийсэн гэдэг. 1911 оны тусгаар тогтнолын хувьсгал, 1921 оны гадны түрэмгийлэгчдээс салах хувьсгал, тэгээд 90 оны ардчилсан хувьсгал. Эдгээр хувисгалууд нь бүгд гадны хүчин зүйлийн нөлөө хүчтэй байжээ. 11 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд Хятадын дотоод хямрал нөлөөлж, монголын томоохон ноёд гол үйл ажиллагааг удирдан тусгаар тогтнолоо зарлажээ. 21 оны хувисгал нь Октябрийн хувисгалын шууд тусгал байсан юм. Барон Унгерн Монголын нутгаар дамжин зугатаж ирээгүйсэн бол юу болох байсныг хэн ч хэлж мэдэхгүй. 90 оны хувисгал бол социалист дэглэм нуран унаж зүүн европийн соц улсууд бужигнаад эхэлчихсэн хойно тэр давалгаанаар болсон үйл хэрэг. Хамаг ажиллагааг нь шууд удирдаж байсан Москва хайхрахаа болисон учраас л МАХН-ын хүч суларч бууж өгсөн юм. Ингэж ардчилсан хувисгал өрнөсөн.
 
Монголчуудын хувьсгалын түүх үүгээр дуусахгүй. Ардын хувьсгалаас хойшхи жилүүдэд тайван замаар хэдэн хэдэн хувьсгал амжилттай хийснийг тэмдэглэх нь зүйтэй. Соц гэгдсэн он жилүүдэд ард нийтээрээ 100 хувь бичиг үсэгт тайлагдах хөдөлгөөн амжилттай өрнөж Юнеско-гийн тусгай шагнал хүртэв. Соёлын довтолгооныг өрнүүлж иргэншиж соёлжихын эх суурийг амжилттай тавив. Нэгдэлжих хөдөлгөөнийг өргөн далайцтай өрнүүлсэн нь хөдөлмөрийн хуваарилалтыг анхлан бий болгосноороо түүхэн хувьсгалч ач холбогдолтой үйл явдал болжээ. 60 онд үндсэн хуулиа шинэчилж аж үйлдвэржилтийн хувьсгалыг эхлүүлэв. Ийнхүү сөнөхийн ирмэгт байсан үндэстэн хот байгуулж иргэншиж, хөдөлмөрийн хуваарилалтад орж, аж үйлдвэрийг хөгжүүлж эхэлснээр мэдлэг, боловсролын хэрэгцээг бий болгож боловсролын тогтолцоогоо үүсгэж хөгжүүлэв. Үүнийг даган домогийн аман зохиол, шашин, феодализмын нэр томъёоноос өөр үгсийн сангүй байсан монгол хэл орос хэлний нөлөөгөөр шинжлэх ухаан, технологийн нэр томъёогоор арвижсан нь томоохон мэдлэгийн хувьсгал өрнөсөн хэрэг мөн.
 
Тиймээс Монголчууд бид чинь яггүй хувьсгалч ард түмэн. Аргагүй л, найман зууны тэртээд дэлхийн хэргийг шийдэж явсан үндэстэн юм даа. Өнөөгийн Монголын хөгжил дэвшил өнгөрсөн зуунд хийсэн тэр олон хувьсгалуудын үрдүн гэж хэлж болохоор ажээ.
 
Дэлхийн болоод Монголын хувьсгалуудийн түүхийг эргүүлж тойруулан харж байхад хувьсгал гэдэг уул язгуураасаа бол аливаа нийгэмд бугшиж буй болсон идээ бээр, халдварт өвчнийг анагаадаг эмчилгээ ажээ. Хувьсгалыг зөв өрнүүлж хийж чадсан цөөхөн улс үндэстэн л өнөөгийн дэлхий дээр өндөр хөгжилтэй орон болцгоож. Хувьсгалыг өндөр мэдлэгтэй, эрдэмтэй, улс үндэстнийхээ төлөө гэсэн халуун эрмэлзэлтэй, алсын хараатай томоохон бодлоготнууд хийдэг байна. Хөгжилтэй орнуудад өрнөсөн хувьсгалыг судлахад томоохон бодлоготнууд өнөөдрийн манай нийгэмд бий болсонтой ижил олон бузар булай асуудлаас ангижрах арга замыг нарийн тооцоолж, ард нийтээрээ сайн сайхан амьдрах гэрэлт ирээдүйг зохиомжлон гаргадаг байна.
 
Өнгөрсөн 20 жилд бий болсон нийгмийн ялзрал, худалч хулгайч нарт баригдсан төрийн доройтол өнөөгийн биднийг хувьсгал хийж тэрхүү бохир заваан нийгмийн өвчнөөсөө салахыг шаардаж байна. Ардчилалаар замнасан түүхээ эргэн нэг харж юуг алдаж, юуг олсноо цэгнэж, түүхэндээ анх удаагаа гадны нөлөөллийн дор биш, өөрсдийн оюун бодлын хүчээр хувьсгал хийж ирээдүйгээ шийдэх түүхэн боломж иржээ. Гартаа олдсон боломжийг алдалгүйгээр, түүнийг “чулуу болгох” л чухал. Ингэж чадах эсэх нь Монголоо гэсэн халуун сэтгэлтэй, мэдлэгтэй монгол хүмүүсийн оюун бодол, чин зоригоос шууд хамаарна.
 
Нийгэмд Хувьсгал хэрэгтэй болсон энэ цагт Ху нам “хувьсгалтаасаа” татгалзах нь юуны учир вэ гэж эрхгүй бодогдоно. Нийгэмд мэдлэгийн үнэ цэнэ огт үгүй болж, оюуны хоосрол газар авч, авилга—хулгай хавтгайрсанаас баян хоосоны ялгаа ихэсч, хямралт байдал гүнзгийрсээр буйг эрхбиш сэрэлээрээ мэдэрч хувьсгал өрнөж хулгай хийх эрх мэдлээ алдахаас болгоомжлон “ху” үсэг орсон бүх үгийг монгол хэлний үгийн сангаас хасч олны сэтгэлийг засах гэв үү? Тэдний энэ болгоомжлолоос үл хамааран тэгэхээс тэгэх гэсэн мэт хувьсгалын тухай сэдэв олны дунд ам дамжин түгсээр л байх бололтой.
 
Хувьсгал гэдэг нийгмийн халдварт өвчнийг анагаах эм, ондоо үгээр хэлбэл нийгмийг засварлах багаж, бүр тодруулбал хувьсгал гэдэг чинь хулгайч дээрэмчдээс салах арга зам гэлтэй. Гагцхүү түүнийг зөв онол, мэдлэг дээр тулгуурлан зөв замаар хийх нь чухал. Шинэ цагийн шинэ Монголыг бүтээхийн тулд олон түмний оюуныг гэгээрүүлсэн Мэдлэгийн Түгээмэл хувьсгалыг өрнүүлээсэй. Үндэстэн даяараа зөвшилцөлд хүрэх замаар өнөөдрийг хүртэл нийгэмд буй болсон бугшмал өвчнөөс салах цор ганц зам бол гагцхүү хувьсгал ажээ.


Монголын шинэ улстөрд хэн ялах вэ? (III)
Ц.Буянцогтоо
Өнгөрсөн 20 жилийн Монголын “улстөр” бидэнд юу бүтээж, ямар хөгжил авчирсаныг эргэж нэг цэгнэе. “Монголын төрийг 40 жил удирдсан Юмжаагийн Цэдэнбалын сууж ч үзээгүй унааг өнөөдөр би эдэлж байна” хэмээн “ная” гэж нэрийдсэн хуучин япон жийп авсандаа хөөр болон өгүүлэх хөдөөх эрийн энэ үг Монгол улс өнгөрсөн 20 жилд али хэр өөрчлөгдөж “хөгжсөний” нэгэн гэрч гэлтэй.

Тиймээ, энэ 20 жилд Монгол хүний толгой дээр наран жаргахаа болиж, дэлхийн бөмбөрцгийн али л өөдтэй, хөгжилтэй газар Монгол хөвүүд, охид сурч, ажиллаж, эрдмийг ч, бас эд агуурсыг ч өвөрлөн эх нутагтаа ирэх болов. Хорин жилийн ихэнхэд гадаадын зээл тусламжаар амиа зогоож, гал алдчихалгүйхэн явж ирсэн Монгол улс энүүхэн хэдэн жилийн өмнөөс чухамхүү “Гэнэт баяжихын үлгэр” гэгч нь болж улстөрчид тэн тэнгээр мөнгө амлаж, тэрэг тэргээр алт, зэсийг нүүрстэй хамт зүүдэлцгээх болов. Хөгжлийн банк гэгчийг байгуулж мөнгийг чухам хурын ус адил асгаруулах юм байх. Энэ бүхэн яах аргагүй “хөгжсөний” гэрч мөн бизээ.
Гэвч..., үнэхээр бид хөгжсөн юм гэж үү, үнэхээр Монголын ард түмэн өөдлөх, дэвжих замдаа орж чадсан уу?? Би үүнд эргэлзэж байна. Эргэлзэнэ гэдэг бүхнийг үгүйсгэх гэсэн үг мэдээж биш. Монголтой харицуулахад жинхэнэ баян орон, хөгжилтэй орон гэгдэж ирсэн Арабын орнуудыг харая. Тэдэнд бидний хөгжил гэж ойлгодог материаллаг зүйлс бүгд бий. Гэтэл өнөөдөр тэд алаан хядаандаа тулжээ. Буруу замаар будаа тээвэл буцахдаа ямар болохын үлгэрийг тэднээс харж болох мэт. Өнөөдөрийн Монголын нийгэм, улстөрийн бодлого зөв чиглэлд явж байгаа эсэхэд эргэлзэж, эрэгцүүлж сайтар бодохыг орчин цаг, түүх биднээс шаардаж байна.

Олон зүйл эс нуршин энэ 20 жилийн явдлыг шуудхан дүгнэж хэлэхэд “бүсэлхийнээс доодхоороо толгой хийж, үнэт зүйлсээ уландаа гишгэсэн, мэдлэгийг, эрдмийг, боловсролыг үзэн ядаж хулгай дээрмийг хөхүүлэн хөөрөгдсөн он жилүүд” байлаа. Хэдийгээр жийп машины тоо олширч, малын тоо өссөн ч хөгжил дэвшлийг баталгаажуулж, олон нийтэд ирээдүйд итгэх итгэл, хүсэл тэмүүлэл бэлэглэхүйц хүмүүний нийгмийг бүтээсэнгүй. Авилга-хулгайд идэгдсэн Засаглал нь цөөнхийн төлөө үйлчилдэг тогтолцоо болон хэвшиж, тэр ни эдийнзасгийн бодот өсөлтийг боомилдог газрын баялгийн үйлдвэрлэлийг магтан дуулж буй энэ цагт ирээдүйн тухай эерэг төсөөлөл үүсэхийн аргагүй.

14 тэрбум төгрөг банкнаас зулбуулсан Хүрэлсүхийн хамсаатан, нам дагасан луйварчин хэдхэн жилийн ял аван “шоронд амрахаар” явж одох, 100 сая ногоон завшиж талыг нь намдаа өргөсөн гэх Баатар нэртийн хэрэг тэгсгээд замхрах, зомби өвчтөн зохиож ЭМД-ийн даатгалаас олон зуун сая төгрөг хусч сонгуулидаа ашигладаг улстөрчдийн хэрэг, иргэний паспорт хуурамчаар үйлдэж, зохиомол хүнийг дуртай үедээ бүтээж сонгуулид өөрсдийн төлөө санал өгүүлдэг, мөнгөтэй л бол намд орж али нэг тойрогийг сонгогчдын саналтай нь хамт худалдан аваад Их Хуралд орж сууна. Энэ мэтээр эцэсгүй үргэлжлэх нийгмийн шинжтэй авилга, хулгай, луйврын хэргийг жагсаан бичихэд сонины талбай хүрэхгүй.

200 мянган хүн эх орноосоо дүрвэн харид одон хар ажил хийн амидарч байна. 50 мянган хүн маш хортой нөхцөлд ажиллаж амидарч байна. Залуу үе амидрахын эрхээр гадаадад дүрвэхийг мөрөөдлөө болгоно. Охид бүсгүйчүүл ни гадаад хүнтэй суухыг илүүд үзнэ. Авилгад идэгдсэн ялзарсан төр ни шашныг тэнгэрт тултал хөгжүүлэн дэлгэрүүлнэ.

Үйлдсэн гэмт хэрэг, хулгай дээрмээ “чадаж байгаа юманд арга байхгүй” гэх ялзарсан зарчмаар тайлбарлана. Хэдийгээр өнгөрсөн зуунд ноёлсон гажуудсан социализмийн үед хүн зоны чөлөөтэй бодох сэтгэхийг хязгаарлаж, хүний зөвтүүдийг гажуудуулж байсан ч нийгэмд бүтээж бий болгосон зүйлс чамлахааргүй олон байж, олон түмний амидралын баталгааг хангаж байжээ. Харин тэр бүхнийг өнгөрсөн 20 жилд хулгайлж, хувааж идэн устгасаныг зөвтгөн тайлбарлах онол олдохгүй. Гажуудсан социализмын үеийн Засаг захиргааныхан идэж ууж, тусгай хангамж эдэлж байсан гэгдэн буруутгагдаж байсан ч тэр бол энэ цагийн луйварчдын зулбуулсантай харицуулашгүй өчүүхэн юм байж. Чадаж байгаа юманд арга байхгүй гэж хулгай хийж чадсанаа зөвтгөж буй ни “чаддаг юм бол над шиг хулгай хийгээч” хэмээн олон түмэнд уриалж буйтай ижил юм. Хийсэн гэмт хэргээ замхруулахын тулд эрх баригчид нийгэмийг бүхэлд ни хулгайч, гэмт хэргийн сэтгэлзүйтэй болгох гэсэн далд санаархал ни тэр. Энэ үзэгдэл ч угаасаа авилгач, хулгайчдын сэтгэлзүйн онолоор тайлбарлагдана.

Шил шилээ дарсан бузрын бузар хэргүүд тасралгүй үргэлжилж, цаг ирэх тусам гэмт хэрэгтнүүд ни улам өнгө орон гялалзах ийм нийгэмд шударгаар ажиллаж хөдөлмөрлөх, сайн сайхныг зорин тэмүүлж амьдрах итгэл үнэмшил эгэл хүмүүсийн оюунд бий болохын учир огтхон ч үгүй. Гадаад оронд явж боловсрол эзэмшээд улс орноо хөгжүүлэх оргилуун хүсэл тээн ирэх залуус монголын энэ бузар үнэлэмжтэй дасан зохицох гэж хэрэндээ таарсан зовлонг эдэлнэ. Гадаад явж муу юм сурсанууд нь ч яахав, аргаа олоод нам даган амиа зогооно. Өндөр мэдлэг чадвартай байх тусам орох газар тэдэнд эс олдоно. Мэдлэгийн болон боловсролын салбарт ажиллагчдыг “эмзэг бүлгийнхэн” болгоод рангалчихсан, нүдний булангаар ч тоож үл харна. Боловсролыг англи хэлний анхан шат, компьютерийн операторын хэмжээнд дүрсэлнэ.

Бүх төвшний албан тушаал улстөржиж нам дагасан л байвал ямар ч нохой хамаагүй авчраад тавьчихна. Ядахдаа ёс суртахуунтай хоточ банхарыг биш, гэрийнхээ хаяагаар толгойгоо шургуулан өнгөтэй өөдтэйг ни шууж орхидог, ямар цусных нь үл мэдэгдэх хурлийз нохдын адил ялзарсан сурталтай “далдаганууруудыг” авчраад мэргэжил боловсрол үл хэрэгсэн албан тушаал болгон дээр хуваарилчихна. Ёс суртахуунгүй “далдагануураар” даргалуулсан ямар ч боловсролтой, эрүүл тархитай хүн төрийн байгууллагад үр бүтээлтэй ажиллахын аргагүйд хүрнэ. Тийнхүү ялзарсан Төр энэ нийгмийн гол үнэлэмжийг бүтээж олон нийтийн оюун бодлыг бузартуулж байна. Энэ л ялзарсан Төр гэгч ни улс нийгэмийг бүхэлд ни хамарсан авилга—хулгай, гэмт хэргийн сэтгэлзүйг улам бүр урамшуулан дэлгэрүүлсээр байна. Авилгатай тэмцэх талаар ганц удаа ч олигтой юм хийхгүй, хийхлээрээ олон улсын байгууллагынхны шахалтаар байгуулсан Авилгатай тэмцэх газартайгаа тэмцэнэ.

Ардчилал, захзээл, газар доорх баялаг... энэ бүхэн биднийг сайн сайхан амьдруулах хангалттай нөхцөл болохгүй. Монголд бий болсон мөнгөний “ардчилалыг” Ардчилал гэхгүй. Улсын мөнгө хулгайлж чадсан цөөхөн хулгайч нар ни захзээл дэээр дангаар ноёрхлоо тогтоосон ийм улсыг капитализмийг хөгжүүлж байна гэж хэлэхгүй. Газрын баялгаа олборлохоосоо өмнө олох мөнгөө тооцоолоод бэлнээр тараагаад эхэлчихсэн. Газрын баялгийн салбар болоод бусад салбарынх ни хооронд тэмээ ямаа мэт цалингийн ялгаа үүсчихсэн. Нийгэм дэхь үнэлэмжийн тогтолцооны өөдөө хардаг ни уруугаа харчихсан. Өнөөгийн Монголын нийгэм бүхэлдээ хулгайчид ба эгэл хүмүүс гэсэн ялгаварт нийгэм болжээ. Ийм нийгэмд хөгжил ирэх үү? Ийм нийгэмд амгалан амьдрал ирэх үү? Мэдлэгийг уландаа гишгэсэн улстөр, наад захын этикгүй улстөрчидтэй, ялзарсан үнэлэмжийг зохиож үйлдвэрлэж байдаг Төртэй улс сайн сайханыг цогцлоож чадах уу? Дээр доргүй хулгайчийн сэтгэлгээтэй болсон энэ нийгэмд хөгжил гэж байна гэвэл тэр ни энэ монгол үндэстнийг бүхэлд ни “хулгайч үндэстэн” болгох тийм л “хөгжил” байна.

Худал, хулгайн үүр болсон төрийг сайн үйл бүтээнэ гэж хүлээвэл горидсоны гарз болно. Худалч луйварчид хулгайч төрийг засахгүй. Монголдоо хайртай, мэдлэгтэй, өөртөө итгэлтэй, эрхэмсэг хүмүүс хулгайч төрийг засна.

Ц.Буянцогтоо

]]>
contact@tsahimurtuu.mn (Цахим Өртөө Холбоо) Ц.Буянцогтоо Tue, 08 Jan 2013 19:57:40 +0800
Нийгмийн цагийн алдагдал https://www.tsahimurtuu.mn/index.php/urtuuchid/item/2004-article_20130104_01 https://www.tsahimurtuu.mn/index.php/urtuuchid/item/2004-article_20130104_01

С.Далийн энэхүү алдарт уран бүтээлийг би анх монголд байхдаа олж харсийн, их гайхаж билээ. Багаасаа л цагний хоббитой байсан санагддагийм, ямартаа л хүмүүсийн хаясан голсон цаг цуглуулж байх вэ дээ. Миний оюутан байх үе гэхээр оросын цагны л гоёо байлаа шүү дээ. ЗАРЯ, ЗЕНИТ, ПОБЕДА гээд лут цагнууд байсан даа. ЛУЧ цагаар их гоёдог, тэр үеийн цаг гэхээр дэнсний хоёрхон хэмжүүртэй. Нимгэн, дээр нь нүүрнийх нь хаа нэгтэй бичигдсэн чулууны тоо, 32 чулуутай, дүүжин савлууртай  луч зүүсэн оюутан бол толгой дээгүүр явахаас аргагүй. Ертѳнцийн гоёын тоонд цагийг оруулж тѳсѳѳлнѳ. Гадаадаас зочилж ирсэн тѳрийн томчууд наадмын үзүүр түрүүний бѳхѳд бугайн цагаа мулталж ѳх нь харагдана. Кремлийн цаг, сүмийн орой хавьд байх алтан хүрээтэй цагнууд, музейн эртний гоёмсог цагнууд... одоо ч гэсэн дээ антикийн цагнуудыг хараад байхад сонин мэдрэмж тѳрдѳг юм. Польшид, Закопани гэдэг ууланд цанаар гулгаж яваад нэг франц эрд жаахан тус болсон юм, цагаа тайлж ѳгч билээ. Нэг их сүртэй ч юм биш, ѳвдгѳѳ мулталчихсан байсан л даа, салтайруу нь жийж байгаад хүчтэй татчихсан юм, яахав түргэн тусламж иртэл мэдээж ѳвчин нь намдаа л байх л даа. Орь дуу тавиад хэцүүхэн байсан эр орилхоо больчихсон шүү, бараг захын монгол хүн хийчих дайны л юм шүү дээ. Хожим нь нѳгѳѳ цагийг үзтэл 12 000 евроны ПАТЕК байсан шүү хэхэ. Одоо хүртэл байгаа. Цагийн тухай миний хувийн үнэлэмж, мэдрэмж гэвэл нэг иймэрхүү.

Харин Далийн цагийг анх хараад нэг л сэтгэлд бууж ѳхгүй сүүлдээ ч ойлгохгүй болоод орхисон. Хожим Польш улсын Вроцлав хотын худалдааны Скэй центрийн үүдэнд Далийн уран бүтээлээр 5 метр ѳндѳр сийлбэр босгосон байхыг хараад их сонирхож билээ. Мянга гаруй кило мод орсон юм гэсэн, энэ аварга монументал хѳшѳѳг, тэгээд цагны шүү,  яагаад энд тавьсан юм болоо гэж хэнд ч бодогдoноо доо. Далийн цагийг зургаар шууд уншихад үнэхээр тѳвѳгтэй л дээ, цаг уйлаад байгаа ч юм шиг, хайлаад ч байгаа юмуу, эсвэл гоожоод байгаагаар ч дүрсэлж болохоор. Хожим нь Австрид ирээд жолооны давтан  сургалтад явж байхдаа хуруугаар дугуйны профил гаргахтухай мэдлэг заалгадаг юм. Дугуй элэгдэж анхны тѳрхѳѳ алдсан хэмжээг нь хээнийх нь завсар хуруугаа шигтгэн гарсан ороор нь баримжаалан тогтооноо л гэсэн үг. Тэр үед Далийн алдарт бүтээлийн нэр санаанд орж цагийн алдагдал гэсэн юм  толгойд буудаг байгаа. Дали, цаг дэндүү түргэн алдагдаж байна гэж бодон харамсахдаа нулимс унагаамаар байгаагаа мэдрээд ийм бүтээл туурвисан байж болох, хэн мэдлээ ямар сэтгэл дотор нь орж чагнасан ч биш. Ямартай ч цаг элж байдаг нь ойлгомжтой, тэрийг мэдэрсэн нь илт, тиймдээ ч ѳнгѳрч одсон цагийг эргүүлэн буцаах ямарч боломжгүй, тос хайлан дусалж газарт шингэхтэй л тѳстэй юмуу даа

Алдсан цагийг эргүүлэн буцааж болохгүй юм чинь цаг хожих тухай ойлголт  байж болох.

Нийгмийн цаг

Нийгмийн цаг гэж юу вэ! Энэ тухай энгийн мѳртѳѳ тодорхой ойлголт үнэхээр хэрэгтэй. Цаг бол ерѳнхий утгаараа орчил гэдгийг шууд хэлье. Гегелээр цаг хугацаа, орон зайг салангид ойлгодог. Харин цаг бол ѳѳрѳѳ орон зай юм гэдгийг агуу Энштейн ажиж zeitraum буюу цагийн орчил гэсэн томъёоллыг нийгэм зүйд оруулсан байна. Байгаль, нийгмийн хүрээллээс гадна, хийсвэр маягийн нэг нууцлаг орчин байгаль түүн дээр орших амьд бүхнийг нѳмрѳн үйлчлээд байгааг хүн бид тѳсѳѳлдѳг. Ямар нэг асар хүчтэй нѳлѳѳлѳлд автан амьдарч буйгаа мэдэрдэг. Иймэрхүү л юмнаас шашин, сүсэг бишрэл үүсдэг биз ээ. Энэхүү хүчтэй, бүхнийг залан нэгэн ритм, нэгэн чигт оруулан барьж байдаг хүчин зүйл бол үнэндээ цаг юм.

Цагийг хүмүүс хэлбэр талаас нь ѳнгѳрсѳн, одоо, ирээдүй гэж 3 ангилан амьдрал ахуйдаа хэргэлсээр иржээ. Энэ бол тун харьцангуй хуваалт, ухаандаа Австрид байгаа би, нутагт байгаа ах дүү нартайгаа нэг л цагт амьдраад байгаа юм шиг санагддагч монголчуудын ѳнѳѳ цаг, миний хувьд ирээдүй байх жишээтэй. Үнэндээ бол, хийсвэр утгаараа хүмүүн тѳрѳлхийтэн нэг л цагт амьдардаг, ѳнгѳрснийгээ барин тавин санадаг, ирээдүйгээ огт санадаггүй, зѳвхѳн тѳсѳѳлдѳг ажээ. Ирээдүйгээ барагцаалан санадаг, Нострадамус, Ванга эсвэл ѳѳр ч генийн гажигтай хүмүүс байхыг үгүйсгэхгүй.

Агуу Энштейн цагийг обьектив, субьектив ба реалитив хэмээн 3 ангилжээ. Обьектив цаг нь заяамлаар тогтнох цагийн орчил, субьектив гэдэг нь хүн тѳрѳхтний зохиосон хэмжээс, олдмол зүйл, реалитив гэдэг нь бидний амьдарч буй орчин, амьд цаг гэж томьёолж бас болох байх.

Эндээс бидний нэн сонирхож буй пункт бол тэрхүү амьд цаг. Бид нэгэнт бодгалиар биш, чухамдаа нийгмээрээ амьдарч буй болохоор амьд цаг бол биднийх, гэхдээ ямагт нийгмийх байдаг. Тэхээр таны амьдралын бүх үйлдэл нийгмийн цагтай холбоотой. Та ѳглѳѳ 6 цагт, эсвэл 10 цагт босох нь таны хувийн цагны асуудал биш, зүгээр л та нийгмийн цагнаас ашиглаж байгаа юм. 

Нийгэмд цагийн вакуум гэж байхгүй, нийгэм цагтаа ямар нэг зүйлийг ямагт бүтээж байдаг. Тэхээр нийгмийн цаг бол ямагт баялаг бүтээгч цагийн орчил байдаг.

Нийгмийн цагийн алдагдал

Хувь хүн, нийгмийн хэсэг бүлэг цагийг дэмий ѳнгѳрѳѳх нь нийгмийн цагийн ритмд саад болдог, энийг цагийн алдагдал гэнэ. Цагийн алдагдал тухайн үйлд оролцох хүний тоогоор үржигдэж, түүнийг дагасан сэтгэл зүй болон эдийн засгийн алдагдал санаанд оромгүй темпээр үржигдэн ѳсч байдаг. Жишээ нь тѳмѳр замын ѳртѳѳний диспетчер ажлаасаа 10 мин хожимдоход тѳмѳр замын сүлжээ тэр аяараа цагийн сааталд орж зорчигчдод хүндрэл учруулан, вагон эргэлтэд саатал учирдаг. Нэг үхрийн эвэр дэлсвэл мянган үхрийн эвэр дэлсэнэ гэдэг уран үг энд таарна. Нэг хүний хариуцлагаас болсон цагийн эндэгдэл нийгмийн сүлжээнд орохдоо хэдэн арав, зуу дахин үржигдэж нийгмийн цагийг идэмхий натри шиг хѳнѳѳдѳг, эрдэнэт хүний аминд ч хүрч болно. Нийгмийн цаг гэдэг ийм л ач холбогдолтой, эсвэл уршигтай эд. Аливаа цаг, энгийн ухамсарт субьектив тогтоосон 365,256 хоногийн мѳчлѳгѳѳр л ойлгогдоод байхаас реалитив утгаараа буудаггүй юм. Хувь хүн цагийн алдагдал гаргаснаа нэг их юм боддоггүй, нийгэмд хэдэн мянган цагийн хохирол гаргасан гэж ойлгодоггүй.

Нийгмийн цагийн дэндүү харамсалтай алдагдлын учир шалтгааны шүтэлцээ

Монгол улс соёл иргэншил тѳлѳвшсѳн тѳвшинд хараахан хүрээгүй, эдийн засгаа гаднын нѳлѳѳнѳѳс хараат бус байдлаар хѳгжүүлэх нѳхцѳл бүрдээгүй, нийгмийн асуудлыг шийдэж чадаагүй, ард иргэд нь баян чинээлэг бус, тэр мѳртѳѳ бүтээн байгуулалтын тѳвѳгтэй зорилго тавьчихсан хэрэгжүүлж байгаа ѳнѳѳ үед нийгмийн цагийг ус цас шиг урсгаж байгааг ажихуй даан ч харамсалтай.Нийгмийн цагийн алдагдлууд нь бүгд учир холбогдолтой, шалтгаан нѳхцлүүд нь ѳѳр хоорондоо ямар нэг мотивоор шүтэлцэж байдаг. Цаг алдах мотивациуд нь нийгмийн амьдрал, хувь хүмүүсийн тархинд баттай суурилсан байдаг болохоор арчин арилгахад тийм ч амаргүй, гэхдээ л нийгмийн хѳгжлийг урьтал болгоод хийх л ёстой зүйл л дээ.

Энийг хэд хэдэн тодорхой жишээн дээр авч үзвэл ойлгомжтой болох байхаа.

1. Бодлогын залгамж чанар

Нийгэм ѳѳрийн ѳвѳрмѳц хууль, зүй тогтлоор урагш хувьсаж хувирч хѳгжихдѳѳ тасралтгүй залгамж чанарыг дотооддоо агуулж байдаг, улс тѳр ч эгээ л адил. Сонгуулиар засаг солигдмогц урьдын засгийн газрын платформыг үргэлжлүүлж, нѳхцѳл байдалдаа зохицуулан ѳѳрчлѳх бус улс тѳрийн платформ гэдгээр нь халж, ул болгож байгаа нь нийгэмд асар их хэмжээний цагийн алдагдал учруулаад зогсохгүй гадаад орнуудад хувьсамтгай монгол гэсэн цол чимэгтэй болоход хүргэжээ. Тѳр засгийн ѳндѳр хэмжээнд хийгдсэн бодлого засгийн газар солигдмогц үнэ цэнээ алдаж байна. Энэ бол нэн харамсалтай зүйл. Ямар сайндаа хѳршийн босс Путин, хэлэлцээр хийснийхээ дараа за тохирлоо шүү гэж гар барин сануулж байхав дээ. Блүүмберг телевизэд оросын элчин сайд В.В.Самойленкотой хийсэн ярилцлагыг, түүний монголчууд  хувирамтгай байдлаасаа их цаг алдаад байгааг нѳхѳрсгѳѳр сануулсан фразуудыг дахин шинжилж үзэхийг дашрамд хүсье! 

 Оюутолгойг эргэлтэнд оруулах бодлогыг монголчууд аль эрт боловсруулсан шүү дээ, харамсалтай нь улс тѳржиж, овжин этгээдүүд улс тѳр хийж үнэтэй хэдэн жилийг үргүй алдсаан. Бодлогоо залгамжлаа л улс тѳрийн амбицаа орхицгоож улс орноо, хүн ардаа бодоод шийдэмгий хандсан бол эдийн засгийн ѳндѳр ѳсѳлтийн шимийг ѳнѳѳдѳр биш ѳчигдѳр хүртэх байсан, энэ бол том сургамж. Арай дэндүү улс тѳржиж байна, энэ нь нийгмийн цагийг эвдэн үе мѳчѳѳр нь салган зүгээр л хогийн сав руу шидлээд байгаатай эн тэнцүүлж болохоор. Даанч харамсмаар. Чингис бонд босголоо, энэ бол зѳв бодлого байх. Гэтэл тэр бодлого нь хэрэгжиж эхлэхгүй, нийгмийн цагийн алдагдлаас 30 цэцэрлэг барих мѳнгѳ алдлаа гэцгээж байна. Тэр 30 цэцэрлэг гэсэн тооцоо ч алдаатай. Механикаар 30 хоногийн хүүгээр хийсэн тооцоо, монгол сэтгэхүйгээр хийсэм арифметик. Үнэндээ бол 30 хоногийг монголын хүн ам 2,86 саяд үржиж цагт шилжүүлвэл 200 млрд хүн цагийн алдагдал гарч байгаа юм. Бид тийм баян хүмүүс үү! Баячууд ч мѳнгѳѳ ингэж цацахгүй шүү дээ! Дэндүү харамсмаар биш гэж үү!

2. Мэдлэгийн залгамж чанар

Мэдлэг субьектээр дамжин илэрдэг ч объектив чанартай эд. Хүний тархи толгойд суучихсан байдаг болохоор мэдлэгийг мэдлэгийн эзэнгүйгээр тѳсѳѳлѳх аргаггүй, мэдлэг бол хүн ѳѳрѳѳ гэж ойлгож болно. Монголын тѳрийн бодлогыг боловсруулагчид нь УИХ-ын эрхэм гишүүд биш, тэдний ар тал юм. Засгийн газар, яамдууд. Яамдын ажилтнууд, ялангуяа орлогч сайд нар бол бодлогыг гардан хийгчид, боловсруулах талаасаа ч гүйцэтгэх талаасаа ч тэр. УИХ-ын эрхэм гишүүд бол францчуудын хэлдэгчилэн  сайн ярьдаг, итгүүлж, жүжиглэж чаддаг л байвал мангуунууд байсан ч хамаагүй, хамгийн гол нь ар тал цул мэдлэг байх ёстой. Гүйцэтгэх засаглалын хүрээнд бий болсон аж ахуй, менеджментийн туршлага залгамж халаатай байх ёстой. Ажилтнууд нь шат ахин карьер олж дараа дараагийн ажилдаа итгэлтэй байж түүндээ бие, мэдлэгээ бэлтгэдэг байж чадвал сая эдийн засаг донсолгоонгүй гүйдлээр урагш ахих учиртай. Манайд тийм юм даанч алга. Монголын мѳнгѳний бодлогыг барьдаг гүйцэтгэх засаглалын орлогч сайдыг аваад үз, ямар ч туршлаггүй 26 настай бандид, ажлын мэдлэг суухын тулд хичээгээд, хичээгээд хэдэн жил хэрэгтэй вэ! Тэр жилийг цагт шилжүүлэн хамрах хүрээ буюу монголын хүн амын тоогоор үржүүлхэд хичнэн хүн цагийн алдагдал гарах вэ! Дээр нь итгэлээ алдсан карьер хѳѳгч залуусын цагийн алдагдлыг тооцоод үз, даанч харамсмаар. Гүйцэтгэх засаглал бол бодлогын албан тушаал болохоос улс тѳрийн албан тушаал бишээ гэдгийг яагаад ойлгохгүй, ойлгохыг хүсэхгүй байна аа!

 3. Гэмт хэрэг

Гэмт хэрэг бол нийгмийн цагийг алдагдуулдаг хамгийн том хүрээ. Аль ч оронд гэмт хэрэг гардаг шүү дээ бол хариу биш. Бусад улс орон гарсан гэмт хэргээ маш түргэн шийдэж чаддаг. Манайд ямар байнаа. Тэмүүжин сайдын тооцоолсноор зѳвхѳн эрүүгийн хүрээнд жилдээ 4000 гэмт хэрэг гарч, хохирогч, үйлдэгч болон мѳрдѳн байцаах талаасаа нэг хэрэг дээр  дунджаар 10 хүн хамрагддаг юм байна. Нэг хэрэг дээр багаар бодоход ажлын 5 ѳдѳр зарцуулнаа гэвэл бараг 2 сая хүн цагийн алдагдал гарч байна. Сар жилээр шийдвэр нь гарахгүй үргэлжлэх хэрэг зѳндѳѳ л байдаг, тоодог ч үгүй, тэрүүгээр тооцвол дэндүү харамсалтай тооцоо гарна, Монгол тийм их баян орон уу! Гэмт хэрэгтэй тэмцэх тухай улиг болсон юм ерѳѳсѳѳ яриагүй байна, гарсан хэргээ цаг алдалгүй, хойш тавилгүй шуурхай шийдэх тухай л яриад байна л даа. Би 24 цагийн шүүхийн тухай асуудал босгон тавьж байсаан, хѳгжсѳн орнуудын туршчихсан, хэрэгжүүлээд явж байгаа бэлэн туршлагыг шууд аваад хэргэлчих юм байхгүй, монголын нѳхцѳлд туршиж үзнээ гэж донгосцгоодог хэхэ. Монгол онцлогтой гэх нь монгол тэднээс илүү ухаантай гээд байгаа юм шиг санагдуулдаг шүү.  
Архидалт, оюуны хѳдѳлмѳрийн үнэлгээ, суурь ухааны мэдлэг, монгол хүний менталит, дигнит, ухамсрын тѳвшин, мухар сүсэг, эрүүл оршихуй гээд нийгмийн цагийн алдагдалд муугаар нѳлѳѳлж байгаа факторуудыг компонент болгоноор нь задлан сайн судалж хувь оноон тогтоомоор санагддаг. Хамгий гол нь хѳрѳнгѳ оруулалт шаардахгүй баялгийн эх үүсвэр энд байна шүү гэдэгт л анхаарал татах гэсэн хувийн бодол энэхүү бяцхан нийтлэлд оршмой.

Проф.И.Цэрэнхүү

]]>
tugsuu1218@gmail.com (Admin) И.Цэрэнхүү Thu, 03 Jan 2013 19:30:57 +0800