2211-р сар2018

Пүрэв, 28 8-р сар 2003 14:25

Athens 2004-д Монгол улс хэрхэн бэлдэж байна?

Written by  tamga
Rate this item
(0 votes)

Б.Цагаанбаатар, Их Британиас

Цахим Улаач сэтгүүлийн 16 дах дугаараас



Зyны олимпийн ХХVIII наадам 12-хан сарын дараа олимпийн өлгий нутаг Грeкт болно. Олимпиа хэмээх нутагтаа эрт дээр үеэс эр биеийн чадал тэнхээг сорисон уралдаан тэмцээн зохион байгуулж эхлүүлсэн Элладийн оронд орчин цагийн анхны наадмыг ч 1896 онд дахин эх барьсан түүхтэй.

Ийнхүү Грекийн нийслэл Афин (Athens) 108 жилийн дараа дахин олимпийн наадамтайгаа золгох гэж байна. Єнөө цагт олимпийн наадам нь дэлхий нийтийн хамгийн том спортийн тэмцээн болсон нь даанч тодорхой. Олимпийн наадамд оролцож амжилт үзүүлэх нь тамирчин хүн бүрийн эрхэм зорилго, олимпийн наадмыг шимтэн үзэх нь жирийн хүн бүрийн хүсэл мөрөөдөл болж. Энэ бүгд нь заавал биелүүлэх шаардлага бус цагийн эрхээр түмний дунд хэлбэршин тогтож буй нэгэн ёсны заншил, хэвшил.

Юyтай ч дөрвөн жил тутамд нэг удаа болдог Олимпийн наадамдаа чамбай бэлтгэж оролцохыг улс орон бүрийн Засгийн газар, пүүс компани, хувь хүмүүс, ер нь толгойтой бүгд эрвийх дэрвийхээрээ хувь нэмэр oрvvлж, хөрөнгө мөнгөө зориулдаг. Улс орнууд, хүмүүс нь янз бүрээр ялгарч хуваагддаг ч спортийн ариун дэвжээнд шударгаар өрсөлддөг билээ.

Єдгөө Олон улсын олимпийн хороонд тив тивийн 200 орон гишүүнээр элсээд байгаа нь чамгүй өнөр бүрэлдэхүүн. Сoнирхyyлахад 2000 оны Сидней-н олимпийн наадамд 199 орон оролцсон билээ. Ганцхан Афганистанийг дотооддоо самуунтай гэдгээр ОУОХ өөрөө татгалзсан удаатай.

ATHENS 2004 зуны олимпийн наадам нь 2004 оны VIII сарын 13-29-нд болох бөгөөд 200 орны баг тамирчид (урьдчилсан байдлаар 15 мянган) спортийн 28 төрөлд 300 шахам иж медалийн төлөө өрсөлдөнө. Тус наадмын талаархи мэдээлэл, хуваарь, бас бус зүйлийг та www.athens2004.com хаягаар сонирхож болох юм. Харин өмнөх олимпийн наадам, олон улсын олимпийн хөдөлгөөний талаар сонирхвол www.olympic.org хаягаар орж үзээрэй.

Эрхэм таны цаг завыг үрэн үрэн хэдэн үг эвлүүлсний гoл зорилго маань: Монгол улс Athens 2004-д хэрхэн бэлтгэж байна вэ, боломж ямар болох, уламжлал түүх ямар тухай санал солилцоё гэсэнд оршиж буй юм.

Монгол улс бол олимпийн хөдөлгөөнд тийм ч идэвхтэй, нөлөөтэй гишүүн биш. 1964 оны олимпоос эхлэн оролцсон. Одоогоор 14 мeдаль (үүнээс 5 нь мөнгө, 9 нь хүрэл) хүртээд байгаа нь "оргүйн дэргэд охинтой" л хэрэг. Гэхдээ ганцхан наадмаас 10-100 мeдаль хураадаг ГРАНД-уудийн хажууд юy ч биш.

Олимпийн медаль хүртсэн Монгол тамирчид

МEНГE
- Жигжидийн Мөнхбат 1968 чөлөөт бөх
- Хорлоогийн Баянмөнх 1972 чөлөөт бөх
- Зэвэгийн Ойдов 1976 чөлөөт бөх
- Жамцын Даваажав 1980 чөлөөт бөх
- Цэндийн Дамдин 1980 жудо

ХҮРЭЛ
- Чимэдбазарын Дамдиншарав 1968 чөлөөт бөх
- Данзандаржаагийн Сэрээтэр 1968 чөлөөт бөх
- Тумурийн Артаг 1968 чөлөөт бөх
- Дугарсурэнгийн Оюнболд 1980 чөлөөт бөх
- Равдангийн Даваадалай 1980 жудо
- Нэргүйн Энхбат 1988 бокс
- Намжилын Баярсайхан 1992 бокс
- Доржсурэнгийн Мөнхбаяр 1992 буудлага
- Доржпаламын Нармандах 1996 жудо

Дээрх жагсаалтаас Монголын олимпийн түүх нэвт харагдаа биз ээ. 1984 оны АНУ-д болсон "капиталист" олимпод оролцоогүй, 1964, 2000 оны олимпоос медаль аваагүй. Олимпоос Монгол улс 4-хон төрлөөр медаль зүүсэн, тэдгээрийгээ ТОП 4 гэж нэрлээд байгаа. Ганцхан эмэгтэй олимпийн медальтай... гэхчилэн бас л яриад байж болох.

Монгол улс дээрхи 4 төрлөөс гадна гимнастик, байт харваа, хөнгөн атлетик, хүндийг өргөлт, дугуй, сонгомол бөх, усанд сэлэлт зэрэг бусад төрлөөр олимпийн дэвжээнд хүч үзэж явсан түүх бас бий.

Олимпийн наадамд оролцохоос өмнө олимпийн эрхээ авах маш хариуцлагатай даваа бий. 1992 оноос эхлээд Олимпийн наадамд оролцох цар хүрээ ихэд нэмэгдсэн тул тодорхой болзлыг биелүүлж байж эрхээ авдаг болсон. Тооноос чанарт шилжиж байгаа хэрэг.

Athens 2004 олимпийн наадамд амжилттай бэлтгэж оролцох талаар манай Засгийн газар, Монголын үндэсний олимпийн хороо, Биеийн тамир спортийн
үндэсний хороо хэрдээ л анхаарах шинжтэй байна. Учир юу гэвэл бараг түүхэндээ анх удаа (анхны 1964 оныг эс тооцвол) 2000 Сидней-н олимпоос ганзага хоосон ирсэн алдаагаа давтахгүйн тулд. Энэ удаа Засгын газар овоо дэмжих төлөвтэй. 2000 онд онгоцонд суусан хойно шахуу хэдэн төгрөг өгснийг эс тооцвол үндсэндээ тоогоогүй. МУОХ дангаараа дайраад юу ч болоогүй. Ийм үчраас хэн хүнгүй чадах ядахаараа хувь нэмрээ орүүлж байж амжилтад хүрье. Амжилт гаргадаг юм бол гавъяаг нь адилхан хуваалцаарай.

Улмаар 2001 онд МУЗГ-ын 184 тоот тогтоолоор ерөнхий сайд Н.Энхбаяраар ахлуулсан 2004 оны олимпод бэлтгэх үндэсний хороог байгуулжээ. Лав л баахан дарга нарыг гишүүнээр нэрлэж, том том төлөвлөгөө гаргасан юм байх. Тэрхүү тогтоолоор спортийн 6 төрлийг сонгож аваад (олимпоос мeдаль хүртэж байсан болон хүртэх найдвар бүхий хэмээн нэрлэсэн) ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ байгуулсан. Үүнд чөлөөт бөх, жудо, буудлага, бокс, дугуй, байт харваа.

Гэхдээ олимпийн эрх олгох сонгон шалгаруулалтын тэмцээнүүд дөнгөж одоо л эхэлж байна. Тэртээ 2001 оноос хойш бэлтгэл хийсэн, одоо л үр дүнг нь харна даа. Миний санахад ТОП-4-оор нэг бус эрх авах байлгүй дээ, даанч. Харин байт, дугуй нь яах бол?

Шигшээ 6-д багтаагүй ч хөнгөн aтлетик (2 эрх), усанд сэлэлт (2 эрх), таэквондо, хүндийг өргөлт (Н.Баярмаа-эм 63 кг), тэннисээр эрх авах магадлал бий. Яагаад эднийг болзошгүй гэхээр зарим нь бор зүрхээрээ явсаар эрх авч болно. Бас зарим олон улсын спортийн холбоод өөрийн спортийн НИЙТЛЭГ байх чанарыг бодоод олимпийн эрхийг бэлэглэж болно.

Монголын багийн гол хэмээн үзэж буй 6 төрлөөр хэрхэн олимпийн эрх авах тухай мэдээллийг та http://www.mongolnews.mn/5tsagarig/20030409/n-2.pdf хаягаар үзэж болно. Спортийн ТАВАН ЦАГАРИГ сонины 2003 оны #14 (403) дугаар юм.

Уул нь Монгол тамирчин Athens 2004 олимпийн эрхээ авчихсан л даа. Даанч Монголын биш, Германий нэр дээр. Цагтаа Монголыг бишгүй нэг төлөөлж явсан Дорrжvрэнгийн Мөнхбаяр ноднин харъяаллаа солиж, удалгүй 2002 оны 7-р сард болсон ДАШТ-д түрүүлснээр шинэ орондоо олимпийн анхны эрхийг авч өгсөн. Тэрбээр 1996, 2000 оны олимпод мөн түрүүлж эрх (гэхдээ Монголд) авч, авах авахдаа тус бүр 2-ийг авчирч байлаа. Нэмэлт эрхийг нь хоёyланг нь О.Гүндэгмаа эдэлсэн түүхтэй. Харин Буудлагын О.Гүндэгмаа Монголын тамирчдаас хамгийн түрүүнд ATHENS-2004 олимпийн эрх аваад байна.

Манайх Олимпийн наадам болон эрх авах тэмцээнүүдэд хэрхэн бэлтгэж байна? Ямар ямар төрлөөр олимпийн эрх авах вэ? Төрөл тус бурээр сонирхоё.

Чөлөөт бөх

Бөхийн төрлүүд олимпоос хасагдах анхны сануулга авсан. Гэхдээ АНУ, Орос, Иран зэрэг бөхийн их гүрнүүдийн ширүүн эсэргүүцэлтэй тулж түр мартагдаад байна. Юyтай ч чөлөөт, сонгомол бөхийн (тус бүр 7) жингүүдийг цөөлж байж эмэгтэй бөх (4 жин) анх удаа Афинд барилдах болсон.

Манай улс чөлөөт бөхөөр оролцоно. Шинээр орж ирсэн эмэгтэй бөхийн хөнгөн жингүүдэд 1-2 эрх авч магадгүй. Сонгомол нь үгүй л болов уу.

Олимпийн эрх авах болзлоос харахад бараг бүх жинд ч оролцож болмоор. Гэхдээ л оросууд хаа сайгүй тараад ороод ирнэ. Арай л Африкийн нэр дээр орос хүн ирэхгүй байх. Дээр нь манайхан өөрсдөө олигтой барилдаж, тэмцэлтэй байх ёстой. Чөлөөт бөхийн ахлах дасгалжуулагчаар Ч.Дамдиншарав гэж үхэхээс бусдыг үзсэн хашир бурхи ажиллаж байгаа. Тэр шигшээгийн толгойд лав завсартайгаар 15 жил сууж байна. Түүнээс айхтар шинэ огцом өөрчлөлт хүлээх хэрэггүй, Дамдиншарав өөрөө биш бөхчүүд л барилдахаас хойш. Бөхчүүддээ л найдая. Хаа очиж туслахууд нь сүрхий.

Эрхийн тухайд дээр хэлсэн. Бүгд ч авах боломж бий. Юутай ч хөнгөн 3 жин, 120 кг-д лав авах биз.

Чөлөөтийнхөн саяхан Эрдэнэтэд улсын аваргаа тодруулчихаад шигшээ баг нь тэндээ үлдэж хэд хоног сэргэлтийн бэлтгэл хийсэн. Удахгүй Сэүл явж Солонгосын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийж магадгүй. 6-р сард Энэтхэгт Азийн, 9-р сард АНУ-д Дэлхийн АШТ-тэй.

55 кг- Сүүлийн үед маш хүчтэй сайжирч буй жин. ОУХМ Т.Зүүнбаян (Хилчин) Азид түрүүлж, дэлхийд 4 удаа эхний наймд багтсан байхад л залуу хүүхдүүд түүний сүган доогуур шоволзон гарч ирлээ. 23-24 настай улсын хошой аварга Б.Энхтөр (Алтайн барс), Дэлхийн цомын хүрэл медальт Б.Наранбаатар (Арслан) нарын өрсөлдөөн одоо бүр харийн дэвжээн дээр аваачиж сорих хэмжээнд хүрч байна. Б.Энхтөр нь гавъяат тамирчин О.Пүрэвбаатарын бэлтгэл хангагчийн албыг давхар "хашдаг" юм.

60кг-д Монгол улсын гавъяат тамирчин, дэлхийд 2 удаа үзүүрлэсэн О.Пүрэвбаатар (Алтайн барс) маань байна. Ооскагаас харийн учраа нар нь цэрвэдэг болоод олон жил өнгөрлөө. Дотооддоо ч сайн барилддаг дүү нар ихтэй. ОУХМ Л.Энхбаяр (Хүч), спортийн мастер Д.Лхагвадорж (Хангарьд), С.Сүхбаатар (Замчин) гээд.

Элдвийн саад тохиолдохгүй бол Ооска ирэх намрын New York-ийн ДАШТ, хойтон зуны Афиний наадмаас юм дуулганаа.

66 кг-Монгол хүний амжилт үзүүлдэг уламжлалт жин. Азийн аварга Н.Баярмагнай (Хангарьд) 2 жил хэртэй тасархай байснаа сүүлийн үед өгөө аваатай болж эхэлсэн. Учраа нар сайжирч байна. Алдарт бөх Д.Oюyнбoлд агсаны гурван шавь Б.Батзориг (Говь), ихэр Д.Гомбодорж-Д.Түгждорж (Хангай) тун удахгуй чихнээс хонх уяж эхэлнэ дээ.

74 кг-Лидер нь ахмад мастер Баттуяагийн хүү, улсын хошой аварга Б.Батчулуун (Хангарьд). "Алдар"-ын Ж.Мягмарсүрэн түүнтэй олон жил өрсөлдөж байна даа.

84 кг-ОУХМ Н.Бүрэнбаатар (Хилчин), ОУХМ Б.Батбаяр (Хангарьд), спортийн мастер Б.Сайнбаяр (Уурхайчин) нарын хэн нь явах юм бол? Тасархай хүнгүй.

96 кг-манай хамгийн муу байгаа жин.

120 кг- Үлэмж биет Г.Єсөхбаяр (Алдар) гарцаагүй жиндээ #1. Гэхдээ 2 Ганхуяг (НИК & Замчин) түүнд саад болохоор өрөлдөнө. Уул нь ОУХМ Б.Гантогтох, Д.Сумъяабазар нар санаа гарган бэлтгэлд нь тусалвал манай хамгийн шилдэг жин ч байж болно.

Жудо

Олимпийн багт өнөр бүлээ оруулдаг хамт олон. Сиднейн олимпод 20 гаруйхан монгол тамирчин оролцсоны 8 нь жудочид байсан билээ. Эрэгтэй, эмэгтэй тус бүр 7 жингээр явагддаг, Ази тивд харьцангүй олон эрх оногддог тул Афинд ч олуулаа буух магадлалтай. Ялангуяа эрэгтэй, эмэгтэй хөнгөн жингүүдэд эрх авчих байх. Шигшээгийн толгойд мөн л 20 шахуу жил суугаа Чимэдбазарын Насантогтох (чөлөөтийн Дамдиншаравын дүү) бий.

Жудочид он гарсаар ойр хавьдаа 4 олон улсын тэмцээнд зодоглоод байна. Ирэх зургадугаар сарын 18-23-нд БНСУ-ийн Таэжү-д Азийн, наймдугаар сард мөн тэнд Дэлхийн оюутны Универсиад, есдүгээр сарын 11-14-нд Японы Осакад Дэлхийн АШТ-д тус тус оролцоно. Дэлхийн АШТ-ээс олимпийн эрх авч чадахгүй бол 2004 оны тавдугаар сарын Азийн АШТ (Казахстаний Алмата-д) дахиад нэг үзэх боломжтой.

Эрэгтэй
60 кг-Залуу ОУХМ Х.Цагаанбаатар (Хүй мандал), Д.Жавхлантөгс (Женко), 2 Нямдорж (Хангарьд & Алдар) нарын дундаас амжилт гарах нь тодорхой. Дээр нь гавъяат тамирчин Д.Нармандахын оролцоо нэмэгдвэл энэ жинд Монгол хүний амжилт тасрахгүй.

ОУХМ Х.Цагаанбаатар 2-3 жилийн дотор л сeкцний жаахан хүүхдээс тивийн хэмжээний жудоч болон өслөө. Цаашдаа юyнд хүрэхийг чухам хувь заяa л мэдэж дээ.

66 кг-Л.Дашдаваа (Баянзүрх) мөн гэнэт хүч түрэн гарч ирсэн. Хангарьд-ийн З.Мэндсайхан ч шаггуй эр.

73 кг-Москвагийн олимпоос мөнгө медаль зүүсэн, өдгөө МYOХ-ны томоохон суудалд буй Ц.Дамдингийн отгон хүү Сүлдбаяр (Жуулчин) жингийнхээ лидeр нь болоод байгаа. ОУХМ Д.Банди (Жуулчин) бэлтгэлийг нь сайн хурцалж байгаа биз. Азгуй гавъяат Х.Болдбаатар (өдгөө шигшээгийн туслах дасгалжуулагч), ОУХМ П.Нямлхагва нар мэдэх чадах бүхнээсээ илүүчлэх байх.

81-ОУХМ Д.Нямхүү (Хангарьд) Монголдоо тасарч, дэлхийд ч өрсөлдөхөд бэлэн болоод байна. Түүнээс арай медаль хүлээе гэж хэлэхгүй ч шагналт байранд харж болох байх. Дашрамд сонирхуулахад тэрбээр алдарт бөх, самбo бөхийн дэлхийн 4 удаагийн аварга Г.Жамсрангийн ач (төрсөн ахынх нь хүү) юм.

90 кг-ОУХМ Ц.Очирбат (Хүч) нь залуу мастер Б.Мягмардорж (Хүй мандал, тэрбээр сумоч Асасэкирюгийн төрсөн ах), ОУХМ Д.Пүрэвсүрэн (Хилчин) нараасаа арай илүү туршлагатай. Ядаж Азиас 3 мeдальтай юм.

-100 кг-Б.Одхүү, М.Жамъяанпүрэв, М.Баяржавхлан нарын баахан үндэсний бөхийн начингууд л байна. Жудод "начин" байхаар хүн алга. Харин яваандаа улсын заан Ж.Ганболдын том хүү Нямцогт хэр сайжрах юм бол.

+100 кг-Бас л муу жин. Хэдэн заан начингийн нэр бичиж болмоор байдаг. Гэтэл энэ чинь жудо???

Эмэгтэй
Сүүлийн үед манайд эмэгтэй жудо сүрхий хөгжиж, дoтooдын тэмцээнүүд өрсөлдөөнтэй болж байгаа. Гэхдээ тив дэлхийд өрсөлдөх жудоч цөөхөн байна. Yнэнийг хэлэхэд сайн мэдэхгүй юм даа. Овоо юманд хүрч ирсэн нь гадаадад үлдчихсэн сурагтай. Тэгээд шинэ хүүхэд тивээс мeдаль авч чадах юм болов уу?

Юyтай ч 48 кг-д ОУХМ Э.Гэрэлтyяa(Мoнгoл охид), 57 кг-д гавъяат тамирчин Х.Эрдэнэт-Од (Аварга), +78 кг-д ОУХМ Э.Долгормаа (Монгол охид) нар л жин жиндээ илт тасархай байгаа, тивээс эрх авчих боломж бий. Ялангуяа Х.Эрдэнэт-од 2 ч олимп, хэд хэдэн дэлхийн АШТ-д ороод үзсэн, жудо бөхөөр юм зүүвэл зүүх л үедээ яваа хүн сэн.

Бvvдлага

Мoнгoлын буудлагын баг тамирчид дэлхийд цээжинд өрсөлддөг болоод удаж байна. Гэхдээ жинхэнэ дэлхийн цээжинд гаргасан гол хүн (Д.Мөнхбаяр) нь "төрөл арилжсан"-ийг түрүүн дурьдсан билээ.

Гэсэн ч сүүлийн 2 олимпод тус бүр Ү байр эзэлсэн ОУХМ О.Гүндэгмаа бий. Өмнө хэлснээр тэр Олимпод орох эрхээ өөрөө авчихлаа. (Д.Мөнхбаяр тэр үед 10-30-р байр эзэлж байсан) Ер нь Олон Улсын буудлага спортийн холбооноос олимпийн эрх авах 2 шатны норматив гаргасан юм байна. Эхний шатныхийг Монголоос 21 хүн биелүүлээд буй бөгөөд удаах (мэдээж хамгийн гол шат нь энэ) шатнаас хэд нь шалгарах бол?

Эмэгтэйчүүдийн гар буунд ОУХМ О.Гүндэгмаагаас гадна, Ц.Мөнхзyл, эмэгтэйчүүдийн урт буунд ОУХМ Д.Лхамсүрэн, З.Батхуяг, эрэгтэйчүүдийн урт буунд ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ, О.Энхсайхан нар Athens 2004 олимпийн эрх авахын төлөө шаргуу өрсөлдөх болов уу.

Буудлагын тамирчид маань энэ онд (V-VIII сард) олимпийн эрх биелүүлэх 5 тэмцээнд оролцох юм байна. Буудлагын үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ОУХМ Бямбажавын Алтанцэцэг ажиллаж байна.

Бокс

Монголын бокс ная, ерээд оны үед оргил үедээ байсан бол өдгөө уналтаас хаачих вэ гэдэг дээрээ тэмцэж ядан байна. Монголын толгой баячуудын нэг Ш.Сайхансамбуу боксод сүүлийн хэдэн жил үнэхээр их сэтгэл, мөнгө зориулж байгаа ч тодорхой үр дүн харагдах арай л болоогүй шинжтэй. Хэдэн сайхан хүүхдүүд байгаа л сурагтай. Гэхдээ Нэргүйн Энхбат нь байг гэхэд Н.Алтанхуяг, С.Алтансүх шиг боксерүүд алга л байна.

Yндэсний шигшээ багийн дасгалжуулагч Гонгоосүрэнгийн Оюунболдын 2001 оноос хойш сонгож, сориж, бэлтгэл хийлгэсэн хүүхдүүд энэ оноос тулаанд орно. Барселон-ий олимпод 6, Атлантийн олимпод 3, Сидней-н олимпод 1 боксчин оролцсон "амжилт"-ыг хаашаа явуулах бол? Юутай ч Г.Оюунболдын залуу шавь нар (хөнгөн жингийн 8 залуу) өдгөө боксийн орон Кубад гурван сарын хугацаагаар хамтарсан бэлтгэл хийж байна.

Төгсгөлд нь: бүгдээрээ энэ удаа Монголын баг тамирчдаас 2004 оны олимпод ямар төрлөөр хэдэн эрх авч оролцох талаар жаал санал солилцлоо. Энэ бол ямар нэг албан ёсны, албан тушаалтны мэдээлэл биш, зөвхөн сүлжээний гишүүдэд хандсан жирийн нэгэн захиа болохыг анзаарна уу. Хойтон өдийд харин Athens 2004 олимпод оролцох манай баг бараг тодроод байх тул олимпийн дэвжээнд ямар амжилттай оролцох талаар ярицгаанаа.

Read 1443 times Last modified on Баасан, 23 3-р сар 2012 22:19

Leave a comment

Email * */ ?>

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter