197-р сар2018

“Газрын тос болон нүүрс боловсруулах үйлдвэр байгуулах талаар” Цахим өртөө сүлжээнд энэ оны 4-р сард өрнөсөн хэлэлцүүлгээс . . .

Wind_vs_Coal_PowerЭнэ дөрөвдүгээр сар гарсаар Цахим өртөө сүлжээнд Ерөнхийлөгч Элбэгдоржийн Германы Бундестагийн доод танхимд болон Чойр хотод хэлсэн үгс, Өгөөмөр Британчуудын тухай, Уриалга, Бөх Цагдаа зодсон тухай, Газрын тос болон нүүрс боловсруулах үйлдвэр байгуулах, Байгалын баялгийн хараал айсуй, Боловсролын тогтолцоо, Ойжуулсан талбайг сүйтгэхээр завдаж байгаа тухай, Монголчуудын тархины хэмжээний талаар, Н. Энхбаярын талаар гэх зэрэг сэдвүүдээр имейл солилцож, санал бодлоо хуваалцсан байна.

Эдгээрээс гуравдугаар сарын 28нд Москвагаас Д. Хандмаагийн эхлүүлсэн “Газрын тос болон нүүрс боловсруулах үйлдвэр байгуулах талаар” гэсэн гарчигтай емейлийн мөрөөр сүлжээний гишүүд одоогоор нийтдээ 30 гаран имейл бичилцэж, санал бодлоо солилцсон нь чухал ач холбогдолтой хэлэлцүүлэг боллоо. Тэдгээр имейлүүдэд газрын тос, нүүрс боловсруулах үйлдвэр байгуулахтай холбогдсон асуудлууд үйлдвэр байгуулах нь зүйтэй эсэхээс эхлээд мэргэжилтэн бэлтгэх зэрэг асуудлууд тал талаасаа хөндөгдсөн байх бөгөөд бодууштай санаанууд олон гарчээ. Санал солилцсон имейлүүдээс огт ач холбогдолгүй зарим нэг аар саар зүйлийг нь хасаад үндсэн санаа агуулсан хэсгүүдийг нь үндсэндээ бүрэн эхээр нь толилуулж байна.

(1) 2012/3/28 Khandmaa Dashrenchin

Сайн байцгаана уу? Сүлжээний эрхэм андуудаа. Та бүхэнтэй ОХУ-ын Москва хотоос мэндчилж байна. Би Москвагийн Губкиний нэрэмжит Нефть ба хийн их сургууль дээр мэргэжил дээшлүүлэх сургалтанд ирсэн байгаа юм. Энэ сүлжээний гишүүнд бүртгүүлээд 9 жил болж байгаа бөгөөд янз бүрийн хэлэлцүүлгийг чимээгүйхэн уншаад хэрэгтэй мэдээллийг нь аваад хэрэггүйг нь мартаад тэр бүр өөрийн санаа оноогоо илэрхийлээд байдаггүй нэгэн.

Тэгээд өчигдөрхөн нутаг нэгтэнтэй ярилцаж суухад ерөнхийлөгч Ц. Элбэгдорж засгийн газарт газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах талаар яаралтай арга хэмжээ авах даалгавар өгсөн гэх мэдээг хальт сонслоо. Тэгээд энд ирж Оросын олон нефтийн салбарын эрдэмтэн мэргэд профессор багш нартай уулзаж байхдаа эргэцүүлж бодох юм их гарч байгаагаа нуух юун хэмээн сүлжээний андуудтай санал бодлоо хуваалцахаар шийдлээ.

Юуны түрүүнд энэ сургуульд 20 гаруй Монгол оюутан Оросын засгийн газрын тэтгэлгээр, манай засгийн газрын бодлогын дагуу газрын тосны хэрэг эрхлэх газрын тэтгэлэгт, ЖАСТ группын тэтгэлгээр болон хувиараа оюутнууд суралцаж байгаа боловч яг газрын тос боловсруулах үйлдвэрийн технологич мэргэжлээр сурч буй хүн 1-ээс бусдыг тооцвол алга байлаа.

Миний бие 80-аад оны сүүлч 90-ээд оны эхэн үеийн Москвагийн оюутан. Бараг 20 жилийн дараахь сургалтын орчин төдийлөн өөрчлөгдөөгүй мэт ажиглагдаж байгаа боловч мэдээж Орос орны нефть боловсруулах салбарын хөгжлийг өчүүхэн миний бие алмайран гайхаж байна даа.

Манай орны хувьд газрын тосны үйлдвэрийг байгуулж А-80, АИ-92, 95, дизелийн түлшээ яаж гарган авах вэ гэж ярьж суухад Орос ах нар маань биотүлш, альтернатив түлш, байгаль орчинд ээлтэй түлшээ яаж гаргах вэ гэдэг дээр эрдэмтэн мэргэд, инженер технологичид нь тархиа гашилгаж сууна.

Миний бие нефтээс бензин, дизелийн түлш болон бусад тоолж барашгүй олон бүтээгдэхүүнийг гарган авах талаар уншиж судалсны хувьд энэ сэдвийг хөндөхөөр шийдлээ.

Миний мэдэхийн манай улсад гадаадад тухайлбал энэ Губкиний сургуулийг газрын тос боловсруулах үйлдвэрийн технологич мэргэжлээр төгссөн газрын таван хуруугаар тоологдох мэргэжилтэн байдгийг мэднэ. Мэргэжил эзэмшин ямар нэгэн сургуулийн диплом өвөртлөн төгсгөх, мэргэшсэн технологич болж үйлдвэр дээр ажиллах 2-ын дунд асар хол зай байдгийг сүлжээний андуудаас асуух юуны хэрэг байхав дээ. Жор үзсэн ламаас зовлон үзсэн чавганц дээр гэдэг үг ч байдаг. Байшин барих сууриа гүйцэд цутгаагүй байж бид газрын тосны үйлдвэрээ барьчихвал хэн тэнд ажиллах билээ?

Миний хөндөх гээд байгаа асуудал маань эцэстээ бид мэргэжилтэн бэлдэх асуудлаа ярьж эхлээгүй байж үйлдвэр барих талаар бас бодох л хэрэгтэй гэсэн санаа. Энэ миний санаа бодлын эхлэл бөгөөд цааш нь бичмээр зүйл их байгаа боловч түр завсарлая. Нөхдийн санаа оноо, зөвлөлгөө хэлэлцүүлгийг тунгаан болгооё.

Хүндэтгсэн, Хандаа

2) 2012/3/28 tserenkhuu ishtseden

Хуучнаар Москвагийн нефт химийн дээд сургууль мѳн үү! 70, 80...аад онд Оюунгэрэл тѳгссѳн санагдана.

И.Цэрэнхүү

(3) 2012/3/28 tserenkhuu ishtseden

Аа бас Дашдондог гээд залуу байсан, одоо мартсан байна, олон хүн тѳгссѳндѳѳ. Сэтгэл нь хаашаа байдгийн, мэргэжилтэн бол манайд нилээд байгаа байх шүү!

(4) 2012/3/28 Baterdene Chimeddorj

Хүмүүс бий бий. Гэхдээ Оюунгэрэл гэхэд Нефтийн эдийн засаг, халзан Дашдондог бас энгийндүү л мэргэжлээр төгссөн. Манайхнаас нарийн мэргэжилтэн бараг байхгүй дээ. Тюменьд төгссөн хүмүүс бас бий.

Би НИК-д ажиллаж байх үедээ ч хэлдэг байлаа, манайх бол зүгээр л наймаачин компани. Тийм нарийн юм байхгүй гэж.

Ер нь манайхан мэргэжилтэнгүй байж том том юм ярих нь хобби юм биш үү. Нэг япон, бас одоо элчин сайд байгаа Шимизү ярилцлагадаа: “танайх мэргэжилтэнгүй байж үйлдвэр барьж болохгүй гэдгийг зөвлөмөөр байна” гэсэн байсан.

(5) 2012/3/28 O.Batbayar

Сайн байна уу?

Лондонд Paddington station-д зам дагуу нэгэн оффисны гадаа байнга л хятадууд тамхи татаад зогсож байдаг байсан, тэд Лондонгийн хятадууд биш бас Бээжингийнх биш гэдгийг нь би мэддэг байлаа. Бөөн бөөнөөрөө тэр оффис луу орж гараад байдагсан.

Сүүлд тэр оффист ажилладаг залуугаас сонирхсон чинь дандаа ӨвөрМонголоос ирсэн, тэнд нүүрсний орд эзэмшдэг хятадууд гэнэ, тэд бүгд тэр компаниас нүүрс шингэрүүлэх технологи авдаг гэнэ, хятадад 30-40 үйлдвэр барьсан гэсэн. Нүүрс шингэрүүлэх тийм ч амар биш амархан дэлбэрдэг гэлцдэг. Тэр компаний нэр нь http://www.davyprotech.com/ байсан.

Батбаяр

(6) 2012/3/28 Delger Chuluun

Хандмаа анд ёстой муу хүн ажээ :-)

Яаг сайхан загатнасан газар хэд гурав малтсанаа больчих юм. Сайхан маажиж өгнө гэдэгт итгэж байна.

Миний ойлгож байгаагаар, хальт сонссоноор бол Монголын нефтийн нөөц багагүй боловч олборлох өртөг өндөртэй, хамгийн гол нь харьцангуй өөр чанартай тул тусгай боловсруулалт шаардагддаг, нэлээд өндөр өртгөөр боловсруулахад хүргэнэ гэж дуулсан. Үнэн худлыг мэргэжлийн хүн тайлж өгөх буй заа.

Харин нүүрснээс дизелийн түлш, бензин гаргаж авах технологийг өөрийн орны онцлогт тохируулан сайтар судалж, үйлдвэрлэлд нэвтрүүлбэл амжилт олох өндөр магадлалтай гэж боддог болоод байна. Ялангуяа тэргүүн ээлжинд дизелийн түлш гарган авч дотоодын уул уурхайн хэрэгцээг хангах ахул товчхондоо Хятадаас олсон мөнгийг Орос уруу урсгахгүй байх сайхан боломж юм уу гэж харж байна.

Энэ мэт яриа хөөрөөг сүлжээний олон андууд өртөөлөн үргэлжлүүлж, сайн муу ийм тийм хэмээн шүүн хэлэлцээсэй хэмээн хүсэхийн ялдамд чих тавин сонордож, чанга уухайлан дэмжихээ илэрхийлэе.

Баадуудсан Ч.Дэлгэр

(7) 2012/3/28 Khandmaa Dashrenchin

Хариу бичиж буй гишүүддээ баярлалаа. Зарим гишүүдийн асуултанд хариулья. Энэ сургуулийг 80-аад онд нефть хийн гэдэг байсан. Уг сургуулийг социализмын үед олон хүн төгссөн бөгөөд өнөөдөр ихэнх нь Монголын газрын тосны салбарт ихэнх нь ажиллаж байгаа.

Яг сүүлийн 2000 он гарсаар 4 хүн оросоор бол кандидат наук одоогоор бол боловсролын доктор хамгаалсан байна. 2 эмэгтэй эдийн засгаар хамгаалсны 1 нь одоогийн НИК-ийн Оюунгэрэл, нөгөө нь ШУТИС-ийн багш байгаа. Нөгөө 2-ын нэг нь одоогийн газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Сарангэрэл. Сарангэрэл бол жинхэнэ боловсруулалтын технологич мэргэжлээр төгссөн хүн учраас үйлдвэр байгуулах асуудалтай хамгийн их орооцолдож байгаа гэж үзэж болно.

Миний хувьд Москвагийн нарийн химийн технологийн дээд сургуульд органик ба нефть химийн синтез гэдэг мэргэжлээр сурч байгаад төгсөөд багш болж дараа нь мэргэжилтэйгээ ойр нефтийн боловсруулалттай холбогдсон юм. Одоогоор энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх ажилд хүчин зүтгэж байгаа боловч Москвад ирээд энэ цөөхөн хоногт эргэцүүлэн бодох зүйл их гарч байгаа болохоор энэ асуудлыг хөндсөн юм шүү.

Нефть буюу газрын тос боловсруулах үйлдвэрийн технологич мэргэжилтэн бол ирээдүйд баригдах энэ үйлдвэрийн гол цөм хөдөлгөгч хүч нь байгаа юм. Иймд энэ мэргэжлийн мэргэжилтэй боловсон хүчний асуудал өнөөдөр бүрхэг байна. Энэ мэргэжил рүү эхлээд засгийн бодлого чиглэгдэх ёстой болов уу гэж бодож байна даа.

Газрын тосны салбарын бусад мэргэжлээр тухайлбал эдийн засагч, хадгалалт тээвэрлэлт, байгууламжийн, дулааны, тоног төхөөрөмжийн, автоматжуулалтын гээд туршлагатай мэргэжилтнүүд манайд хангалттай байна. Харин нефтээс бензин, дизелийн түлшийг гаргах орчин үеийн технологич нь маш ховор байна даа.

(8) 2012/3/28 tserenkhuu ishtseden

Яг урвуугаар нь бас бодоод үзвэл. Тухайлвал, манайд загасны үйлдвэрээр тѳгссѳн технологич хүн байдаг гэсэн. Хѳлѳг онгоцны инженэр... Ер нь ТЭЗҮ хийгээд эхэлмэгц шаардлагатай хүмүүсээ бэлтгэж авдаг юм биш үү! Цаг хугацааны тохиол байх арга байдгийн үү!

(9) 2012/3/28 Khandmaa Dashrenchin

Бат-Эрдэнэтэй санал нэг байнаа.

Ер нь бол Орос ах нар маань цагтаа манайд Зүүн-Баянд нефть боловсруулах үйлдвэр байгуулж өгчихөөд дараа нь энэ үйлдвэрийг tsatsan гээд хаасныг бид мэдэж байгаа. 70-80-аад онд олон Монголчууд Орост газрын тосны салбарын мэргэжил эзэмшсэн боловч яг боловсруулалтын чиглэлээр 1 ч мэргэжилтэн бэлдээгүй нь нэг л учиртай биш үү.

Одоо энэ сургуульд 2 улсын засгийн газрын шугамаар ирсэн хүүхдүүдээс бас л боловсруулалтаар хүн байхгүй байна. Миний шавь уул нь Монголдоо боловсруулалтын чиглэлээр бакалавр төгссөн хүүхэд энд эдийн засгаар магистрт сурна гэж байх юм даа. Ингээд бодохоор үйлдвэр байгуулна гэж ярьж байгаа төрд ажилладаг хүмүүс маань яагаад шал өөр чиглэлээр энд магистрт сургаж улсын мөнгийг зардаг нь ямар учиртай юм болдоо. Үүнийг л би ерөөсөө ойлгохгүй байгаа юм. Газрын тосны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэнэ гээд 4-5 оюутан энд ирсэн байгаа боловч хамгийн гол мэргэжлээр хүүхэд ирээгүй байх юм??? Хятадад ч бэлтгэдэг газрын тосны их сургуульд боловсруулалтын чиглэлээр бас л Монгол оюутан ховор байдаг юм билээ. Хэзээ бид гол хөдөлгөгч хүчийг нь гадаадад бэлтгэх юм болоо. Өнөөгийн байдлаар манай засгийн газар гадаадад мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх тал дээрээ овоо мөнгө зарах болоод байгаа гэсэн тэр мөнгөө хэрэгтэй үед нь хэрэгтэй мэргэжилтэнгээ бэлдэхэд зардаг ч болоосой.

(10) 2012/3/28 Baterdene Chimeddorj

Үйлдвэржилтийн асуудал төр засгийн бодлого, Монгол улсын хөгжлийн асуудал. Мэдээж хамгийн түрүүн боловсон хүчин. Уг нь манайхан нийт хэдэн мянга билээ инженер бэлтгэх хэрэгтэй гээд болосвролын салбарт их мөнгө зарж байгаа гэж сонссон. Харамсалтай нь нөгөө бодлого нь хий худлаа цаасан дээр юм шиг байна лээ. Том дарга нарын хүүхдэд нээлттэй биз.

Манай охин өнгөрсөн жил ЕБС төгсөөд, IELTS 6.5 оноо авч одоо Swansea University, UK-д “хими ба биопроцессын инженер” мэргэжлээр сурч байгаа юм. Сургуульд тэнцэж элсэн орох, оюутны виз авах, за тэгээд очсон хойноо сайн сурах гээд олон бэрхшээлтэй тулгарч л яваа, бид. Одоогийн байдлаар Foundation course-д 85-100 оноо аваад явж байна.

Улс оронд хэрэгтэй мэргэжил, бас дэмжинэ барина гээд байхаар нь боловсролын сайдад хандан ядаж Төрийн сангийн зээлд хамруулах боломжийн талаар хүсэлт гаргаад амжилт олоогүй.

Олон хүмүүс ийм бэрхшээлтэй тулаа биз дээ. Хонгилын үзүүрт гэрэл харагдах юм болов уу даа…

Ч.Бат-Эрдэнэ

(11) 2012/3/28 tserenkhuu ishtseden

БОЛОВСРУУЛАХ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэе гэдэг ч яах аргаггүй санаа, идеа гэдэг утгаар. Харин Орост уу, хаана гэдэг сонин байна. Технологи оруулах газраа бэлтгэх нь дээр ч юмуу. Оросоос технологи оруулах ойр, хэтийн тѳлѳв байхгүй байлгүй дээ, мэдэхгүй юмаа.

И.Цэрэнхүү

(12) 2012/3/29 serdaram damdin

Залуугийн явдал санагдууллаа гэдэг шиг 10 гаруй жил яригдаагүй сонирхолтой мэдээлэл ихтэй комментууд явагдаж байх чинь. Хэхэхэ. Хандмаадаа баярлалаа. Би Бат-Эрдэнэ ахыг бүр багаасаа танина. Манай том эгчийн ангийн гавал тоочин ах байсан санагдаж байна. :)) Манайх ажилчин анги гэдгээ 20 жилийн өмнө устгачихсан. Дараа нь инженерүүдээ ганзагачин, архичин, наймаачин, жижүүр болгочихсон. Тиймээс үйлдвэрлэл явуулахад их хэцүү санагдаж магадгүй. Гэхдээ бид хичээвэл болно. Монгол газар ХХК-д жинхэнэ Монголчууд үйлдвэрлэл явуулж байсан. Яаж Бороо Гоулдтой өрсөлдөж гарч ирэхэв ... гээд яривал их юм байгаа. Үйлдвэрлэл явуулахад боловсон хүчин хэрэгтэй. Гэтэл бид боловсролоо буруу замаар явуулаад байна. ШУТИС-д олон инженерийн ангиуд байдаг. Тэгээд хажуугаар нь менежментийн анги нээгээд арай гайгүй хүүхдүүдийг нь оруулчихдаг буруу тогтолцоотой. Inchon University-ийн профессортой гайгүй харилцаатай болохоор Солонгост би өөрийнхөө тодорхойлолтоор Өрмийн инженерийн мэргэжлээр 3 оюутан 3 жилийн хугацаагаар мастерт явуулж байсан. Сонгон шалгаруулах гэж бүр ядаад цохсон шүү. Яг энэ мэргэжлээр манайд их тааруу бэлтгэдэг байсан болохоор... Тэхээр бид хүүхдүүдийг мэргэжилтэй болгох талаас нь бэлтгэхэд анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол хэцүү. Өчигдөр хамт ХН-ийн төсөл дээр ажиллаж байсан нэг бүсгүй “Унгараас уул уурхай мэргэжилтэнгүүд зуучилж өгөх аль алинд нь ашигтай бизнес” ярьчихсан явж байна.

(13) 2012/3/29 Otgochuluu Ch.

Сайн байцгаана уу, эдийн засгийн судалгаа хийгээд явж байхад салбар бүрт сайн инженер дутаж байна гэсэн гомдолтой их таардаг. сүүлийн үед уул уурхай хөгжөөд ирэхээр бусад салбаруудад байгаа сайн инженерүүдээ татаж аваад ажлын байр үүсгэдэг бусад салбарууд дахь туршлагатай инженерүүдийн хомсдолыг өөгшүүлж байна гэж ч их ярьдаг.

боловсролынхонтой ярихаар: "манай төрийн байгаа царай энэ шүү дээ, биднийг ерөөсөө дэмжихгүй" яамныхантай яриахаар: "монголоор дүүрэн боломж, гэтэл хувийнхан ТЭЗҮ хийх, хүнээ бэлдэх талаар их тааруу, тэгсэн хирнээ олон юм ярина" хувийнхан: "зээл олдохгүй, хүн олдохгүй, энэ улсад бодлого алга" гэх мэтчилэн хэцүү байна гээд л байгаа.

дээр нэг гадаадад болсон жобфайрт оролцлоо. манай нэг яамны ТНБ индэр дээр гарч ирээд тэнд цугсласан заал дүүрэн оюутнуудаас инженерийн чиглэлээр сурч байгаа оютан байна уу гэхэд ганц хоёр л хүн гар өргөж байгаа харагдсан. гадаадад байгаа Монголчууд маань олимпийн найдлага гэсэн их хүлээлт Монголд бий. Гэвч их хүлээлт гутрал болохдоо амархан байх нь ч бий.

агаарын тээвэр, петрохими энэ тэр гэсэн чиглэлүүд хүн дээр тогтож явдаг гэдгийг нэг гадарлаад байгаа. тэр хүмүүсийг бэлдээгүй нь сүүлдээ ардчилалын буруу ч болж хувирч байх шиг. салбартаа гайгүй гэсэн мэргэжилтнүүдийг сурагласаар байгаад яваад уулзах эсвэл элдэв хурал дээр таараад үгийг нь сонсох тохиол их бий. энэ салбартаа либеральчлал хийгээд ашиг байна гэдгийг харуулах хэрэгтэй. тэгж байж хувийнхан хүнээ бэлдэнэ гэсэн санаа би хэлдэг. гэтэл зарим нь их социалист юм яриад эхэлдэг юм. төр урьдаас хараад инженер бэлдэх нь бас нэг загвар мөн. гэхдээ төр гэж яг хэнийг хэлээд байна вэ гэхээр асуудал бий.

одоо тэгээд яах вэ гэж?

хувийнхан, их дээд сургуулиуд, төрийнхний дунд ойлголцол, хүлээлтийн асар их зөрүү байна. салбартаа гайгүй гэдэг мэргэжилтнүүд маань өөрсдийнхийг үгийг нь сонсохгүй бол олигтой ярьж өгөхгүй. дуугарахаараа ер нь л муулах, шүүмжлэх талдаа. тэгэхээр одоо нэгэнт зах зээлийн зарчим учир Ашиг байна гэдгийг л харуулах ёстой. Ашиг гэлдгийг мэдэрсэн Нефть, нүүрс шингэрүүлэх энэ тэрд хувийнхан маань өөрсдөө их дээд сургуулиудад захиалагаа өгөөд хүнээ бэлдээд явж байх ёстой л гэж санадаг. Тэгэхийн тулд одоо байгаа их дээд сургуулиудын удирдах зөвлөл гэж улс төрчдийн цугладаг газрыг өөрчилмөөр санагддаг. Удирдах зөвлөлд нь бизнесийн байгууллага, үйлдвэрлэгчдийн төлөөлөл олноороо орж ирэхийг дэмждэг эрхзүйтэй болоосой гэж бодддог.

Отгoчулуу

(14) 2012/3/29 Delger Chuluun

Хм, энэ гарчиг нь ерөөсөө буруу тийшээ хазайгаад явчихаж. Үйлдвэр байгуулах тухай ярия гэтэл хүний нөөцийн асуудал болгоод хаячихсан байх юм. Цэрэнхүү ах таны буруу шүү :-)

За хүн буруутгах ч яамай, үндсэн ажилдаа ороё. Нөхдөө тэгээд нүүрсийг шингэрүүлэх үү яахав? Эсвэл болих уу? Эсхүл нефть нэрэх үү? Ямар ч байсан дизелийн түлш, бензиний нийлүүлэлтийг өөрт ашигтайгаар л шийдэх ёстой байх.

Миний, нэг муу ядмагхан эдийн засагчийн харж байгаагаар бол бид масс хэрэглээгээ бодсон ч, мөнгөн урсгалаа бодсон ч, стратегийн ач холбогдлоо бодсон ч дизелийн түлшийг тэргүүн ээлжинд тавьж, уул уурхайн компаниудад хүчээр шахах хэрэгтэй. Мэдээж хэрэг, дотооддоо үйлдвэрлэсэн түлшний үнийг нь импортын түлшний үнээс үл ялиг доогуур, ядаж л ижилхэн тогтооно шүү дээ.

Үйлдвэрийг хэн байгуулах вэ? Хувийн хэвшил үү, төр үү?

Миний санал бол одоогийн нефть импортлогч компаниудыг шахаанд оруулах хэрэгтэй. Тэдэнд мөнгө бий, тэдэнд агуулах сав бий, тэд хичээвэл боловсон хүчнээ ч мөн амархан олчихно. Тэднийг дизелийн түлш боловсруулах үйлдвэр байгуул гэж шахаад, нөгөө талаас нь дизелийн түлшний импортын татварыг нэмээд байя. Бас тэдэнд нүүрс хямд өг гэж нүүрсний уурхайнуудыг нөгөө талаас нь шахая.

Ер нь бол нефть импортлогч компаниудыг бид дандаа муу хэлж, шүүмжилж байсан. Бид тэдэнд боломж олгож, дэмжиж байсан билүү? Харин ч дэмжиж байгаа нь энэ гээд бүр буруу тийш нь өөгшүүлж, эрхлүүлж байсан. Энэ бол бидний буруу. Тиймээс энэ алдаагаа засаад тэднээр дизелийн түлш үйлдвэрлүүлье.

Андууд юу гэж бодож байна?

(15) 2012/3/29 Olkhonut D. Lhagvasuren

Сүүлийн үед сонирхоод байгаа сэдвээр яриа өрнөж байгаад баяртай байна.

Нүүрс чухам ямар бүтээгдэхүүний түүхий эд болдог вэ? Нүүрсийг шингэрүүлэхээс өөрөөр яаж боловсруулж юу гаргаж авч болох талаар мэдлэг мэдээллээ хуваалцана уу?

(16) 2012/3/29 Itgel

Миний cонcоноор баc харcанаар нүүрc нэрж шатахуун хийх үйлдвэрийн төcөлийг Дэнвэрт уул уурхайн cургууль дүүргэcэн найз маань хөөцөлдөж жил шахуу яваад амжилт олоогүй. Учир шалтгааныг нь мэдээгүй. Уг нь cайд аcан Баттулга ч дэмжээд хүч хүрээгүй л гэcэн. Бодоод байхнээ манай шатахуун оруулаж ирдэг нөхөдийн таашаалд нийцээгүй л юм шиг байгаа юм байхаадаа. Уг нь их л энгийн нэг их технилоги энээ тэрээ шаардаад байх зүйлгүй гэcэн. Ниcэх онгоцны түлш хүртэл гаргаж болно гэж байcан. Хэрэв хэн нэгэн хэрэгтэй гэх юм бол найзтайгаа холбож өгье.

Гаадамба Итгэл

(17) 2012/3/29 Olkhonut D. Lhagvasuren

Яагаад Монголд юу ч хийж бүтээж чаддаггүйн тод жишээ байна да. Муусайн хувалзнууд хийе бүтээе гэсэн бүрийг нухчин дарж байна шд. Тэгсэн мөртлөө зурагтаар нэг л сайхан хиймээр байна хийгээч ээ залуучуудаа манай залуучууд арай дэндүү залхуу байна ч гэх шиг. Ой ухаанд багтахгүй зусар зуйрган юм. Зүгээр л дамын наймаа хийж байх нь өөрсдөд нь ашигтай байдаг болов уу да.

(18) 2012/3/29 tserenkhuu ishtseden

Дэлгэр андад,

За анд намайг дахиад л ѳнгѳцхѳѳн ойлгочихов болтой. Би гарчиг хараагүй ээ, бараг хардаггүй юм. Дэвшүүлсэн асуудлын агуулгыг content сэдвээр нь дагуулаад харахаар инженерээ бэлдээгүй байж үйлдвэр барих гэлээ гэсэн нилээд гоморхсон асуудал дэвшүүлээд Орост инженер бэлдвэл ямар вэ гэдэг дээр акцент ѳгчихсѳн юмуу гэж ойлгосон шүү. Би 2 санаа хэлсэн.

1. Урьдчилж инженэр бэлдэх, эсвэл хоцорч буюу ѳнгѳрсѳн борооны хойноос цуваа нѳмрѳх нь аль аль нь буруу, ТЭЗҮ хийх үедээ мэргэжилтнээ сургаж байвал гэж. Ер нь тѳсѳл, ТЭЗҮ, мэргэжилтэн бэлтгэх зэрэг нь хоорондоо уялдаатай, нэгэн цаг үед хийгдэх ажлууд юм шиг байна.

2. Ганц Орост гэлгүй технологи оруулж байгаа орондоо мэргэжилтэн бэлтгэвэл гэж Үндсэндээ Отгочулуу андын санаатай адил байна. Тэр Оюунгэрэл, Дашдондог энээ тэрээг буу халалт гээд орхичихно бизээ. Намайг Москвад Плеханов тѳгсгѳж байхад тэд тѳгсѳж байсан юмѳѳ. Тэр хоёроос бусды нь санадаггүй ээ, санахыг ч оролдсонгүй дээ.

И.Цэрэнхүү

(19) 2012/3/29 terbish usukhbaatar

Шатахуун оруулж ирж зарж амьдардаг хэдхэн наймаачин компанийн эрх ашиг л саад тотгор болсоор ирсэн ш дээ. Өөр ямар ч бэрхшээл байхгүй.

(20) 2012/3/31 omun pmag

Газрын тос гээч юм манайд бага нөөцтэй бөгөөд муу чанартай заяасан. Түүнийг олборлоод өөрсдөө боовсруулаад хэрэгцээгээ хангаад явна гэдэг худлаа бөгөөд үр ашиг муутай, ирээдүй байхгүй бизнес, Тиймээс үйлдвэр барих тухай их сүр болгоод байх шаардлагагүй болов уу. Яахав ганц нэг компани зөөврийн бөгөөд бага оврын үйлдвэр бариад бага хэмжээний бүтээгдэхүүн боловсруулж болох л байх, гэхдээ нөөц гэж юм нь нойл учраас ирээдүй муутай. Гаднаас түүхий нефть худалдаж аваад боловсруулна гэж ярьцгааж байна лээ. Харин түүний оронд нөөц ихтэй нүүрснээсээ түлш шатахуун гаргаж авдаг технологи, үйлдвэр оруулж ирвэл их ирээдүйтэй. Эрхэм Ерөнхийлөгч германуудтай энэ талаар сайн ярьж яваа байхаа гэж горьдож байна даа.

(21) 2012/4/2 Khandmaa Dashrenchin

Сайн байцгаана уу сүлжээний андуудаа. Газрын тосны талаар жаахан асуудал хөндчихөөд хэд хоног чимээгүй болсондоо хүлцэл өчье.

Omun pmag-ийн бичсэнтэй нэг л санал нийлэхгүй байна. Газрын тосыг олборлоод өөрсдөө боловсруулахад үр ашиг муутай, ирээдүйгүй бизнес гэдгийг ойлгохгүй байна. Яагаад ингэж бичиж байгаад гайхах хэрэггүй. Omun pmag газрын тосны салбарын мэргэжилтэн биш учир газрын тосны тухай ойлголт нь хязгаарлагдмал байгаа нь ойлгомжтой. Өнөөдөр дэлхийн эдийн засаг газрын тостой салшгүй холбоотой байдгийг хүн бүхэн мэддэг. Газрын тосыг боловсруулна гэдэг нь зөвхөн бензин, дизелийн түлш гаргаснаар шийддэгдэх асуудал биш шүү дээ. Өнөөдөр арлын Япон орны хөгжил газрын тос боловсруулж чадснаараа дэлхийн тэргүүлэх орон болсон юм шүү дээ.

Надад одоохондоо интернет рүү ороход жаахан хязгаарлагдмал, хүндрэлтэй байгаа тул газрын тосыг боловсруулах болон нүүрс шингэрүүлж шингэн түлш гаргаж болох талаар өөрийн мэддэг, сонссон, уншсан, судалсан, сурсан зүйлийнхээ талаар бичихэд цаг зав бага байна. 4 сарын 10-аас хойш сүлжээний андуудад багагүй мэдээллийг өгөх боломжтой байна. Хүний нутаг давчдаад байна гэх үү дээ.

(22) 2012/4/2 omun pmag

Нөөцгүй юм чинь ирээдүйгүй гэсэн үг биз дээ? Байгаа жаахнаа шавхаад дуусна, тэгээд дараа нь яах юм? Гаднаас авч боловсруулах гэж үү? Тэгвэл нөгөө гаднаас хараат хэвээрээ л байх бус уу? Гадныхан өгөхөө байчихвал яах юм?

Тийм учраас өөрт байгаа нөөц ихтэй эдээ (нүүрсээ) боловсруулж түлш гаргах талаар эртхэн юм хийж эхлэх хэрэгтэй санагдана. Ерөнхийлөгч энэ талаар ярьж хийж явсан сурагтай. Сайн байна гэж магтая.

(23) 2012/4/2 tserenkhuu ishtseden

Эрчим хүчний шинэ эх үүсвэрийн талаар Германий эрдэмтэд шийдэлд хүрсэн болтой гэсэн мэдээг би ѳнгѳрсѳн жил бичиж байсан даа. Тэр нь нүүрснээс шингэн түлш, улмаар шатдаг хий гаргах технологи байсан байна. Герман хэдэн саяар биш, хэдэн млрдаар яригдах мига тѳслийг монголд хэрэгжүүлнэ, түүнийг дагуулаад Монголгерманы техникийн их сургуулийг Улаанбаатарт байгуулна гэсэн тохиролцоонд хүрч бодит ажил болгохоор зарим баримт бичгүүдэд гарын үсэг зурсныг ерѳнхийлэгч Элбэгдоржийн зүтгэлтэй холбохгүй байх аргаггүй юм. Тэр том тѳслийг дагаад дэлхийн магнаттай зэрэгцэн суугаад адил тэгш байдлийн гэрээ хийсэн гэдгээр л монгол улсын нэр хүнд автоматаар суга ѳсч байна л даа.

Германууд бол зарчимч, эргэн мэдээлэх контактийг чухалчилдаг, цаг болон тодорхойд ач холбогдол ѳх нь цус маханд нь шингэчихсэн онцлог ихтэй үндэстэн гэдгийг бид гадарлана. Сайн хүндээ тун сайн, харин монголчууд мачийж байгаад үгэндээ сайн сууж итгэлий нь хѳргѳчихгүй түншлээд байхад илүү дутуу хоёрын хооронд заль комбинаци хийгээд байдаггүй сайн хүмүүс дээ! Монголчуудын сэтгэлийг мэдэрсэн гэдгээ Ангела Меркель германий ард түмэнд заралачихсан байгаа гээд юмнууд байна даа. И.Цэрэнхүү

(24) 2012/4/3 Delger Chuluun

Би ч ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд яригдаж байгаа хэд хэдэн төслүүдээс их юм горьдож байна даа. Ялангуяа боловсролын салбар болон эрчим хүчний хамтын ажиллагааг их дэмжиж байгаа. Ээ дээ, Германуудтай эрчим хүчний салбарт хамтарч ажиллана гэдэг ч их юм дуулгана даа.

Миний ойлголтоор бол Орос, Америк хоёр санаачлаад Герман, Япон хоёр тултал нь хөгжүүлээд, Хятад үйлдвэрлээд байх шиг байгаа юм.

(25) 2012/4/3 Bat-Orgil Turbold Burged

Нүүрснээс түлш нэрэх нь технологийн хувьд боломжтой ч өртөг нь өндөр байдаг. Иймд, газрын тосны үнэ үлэмж хэмжээгээр өсч байж нүүрс нэрэх нь ашигтай болно. Хоёрдугаарт, энэ технологи байгаль орчинд маш хортой гэдгийг анхаарах ёстой юм шүү.

Orgil Burged

(26) 2012/4/3 Delger Chuluun

Гадаадад бензин үйлдвэрлээд Монголд шатаахаар байгаль орчинд хоргүй, харин Монголд үйлдвэрлэхээр илүү хортой юм аа даа янз нь? Нефть импортлогчид нэг иймэрхүү яриа гаргаад байдаг сураг дуулдсан.

Өртөг нь өндөр байдаг л гэх юм. Тэгээд хэд байдгийн? Би нэг уурхайн, үйлдвэрийн эдийн засгийн тооцоон дээр суудаг шүү ухаантай юм. Мэдлэгт дусал нэмэр, хэлээд өгч болох уу?

(27) 2012/4/3 Bat-Orgil Turbold Burged

Нефьт импортлогч бус нүүрс олборлогчид тэгж хэлж байгаа юм аа. Үүнийг өчнөөн л хүн хөөцөлдсөн, бүгд л өртөг дээр нь очоод гацдаг. Миний энэ ажиллаж байгаа МАК ч гэсэн нүүрснээс түлш гаргах гээд л өчнөөн жил хөөцөлдөж байгаа шүү дээ. Германд 2 дугаар дайны үед нүүрснээс түлш гаргаж байсан, байгаль орчноо сүйдэлдэг байсан гэж хамт ажилладаг Германууд маань ярьж байсан юм. Миний хариуцсан ажил биш болохоор тоо баримт алага байна. Ямартай ч бид өөрсдөө өчнөөн нүүрстэй байж түүнээсээ түлш гаргаж авахгүй импортоор авах нь алдагдалтай байлгүй дээ?

Orgil Burged

(28) 2012/4/3 Delger Chuluun

Бат-Оргил анд, зөв ойлгож хүлээж авч байгаад баяртай байна. Баярлалаа.

Ямар ч тоо баримт, технологийн үндэслэл, тодорхой мэдээлэлгүйгээр мэргэжлийн бус хүмүүс эсэн бусын юм яриад яваад байдагт би үнэн дургүй. Тиймээс өөрийн чинь бичсэн дээр дөрөөлөөд мэргэжлийн хүмүүсийн амыг ангайлгах гэсэн юм.

Энэ сэдвийг нэг сайхан чих онгойтол яриад, эсэн бусын толгой эргүүлсэн томъёо тооцоо харуулалгүйгээр энгийн байдлаар эхний түвшинд ойлгуулаад өгөөсэй гэсэндээ би эхлэнгүүт л өдсөн. Өдлөг маань бүтэлгүйтэж, нөгөө л "бодлогын түвшиндээ асуудал байна, төр ажилламаар байна" гэсэн нийтлэг макро түвшний яриа болоод явчихсан. Харамсалтай нь технологийг нь мэдэж байгаа бололтой, энэ сэдвийг нээсэн Хандаа анд аальгүйтээд байгаа жаахан охин шиг "би дараа гоё бичнээ" гэж 2 ч удаа гайхуулснаас өөрөөр ямар ч реакци, ахиц гарсангүй.

Зав зай нь амжихгүй байгаа гэдэг нь хаашдаа тодорхой ч "аальгүйтэж" амжаад байхыг бодоход бичвэл биччихээр. Интернэтэд нэвтрэх боломж бололцоо хомс байгаа бол гоё бичнээ гэхийн оронд "ийм байдаг тийм байдаг" гээд таван үг бичээсэй.

Өөрийг чинь ганц үг ган хийх гэсээр байтал хэн дуртай хүний санаанд орсон, цуурсан амны хуурай ховоор мэдлэгээ дээшлүүлэх гээд байна. Дараагийн удаа иймэрхүү шүүмжлэлийг Бат-Оргил анд шиг ухаалгаар хүлээж аваад зөв ухамсарлах хүн тэр бүр гарахгүй л болов уу. Тиймээс таныг л хүлээж байна.

Хатуурхсан Ч.Дэлгэр

(29) 2012/4/3 Sharav Purevsuren

Монголд нефть болон нүүрс нэрэх технологийг хамгийн их эсэргүүцэгчид нь Петровис, МТ,Шунхлай гээд манай нефть импортлогч магнатууд. Эд нар цулайтал баяжсан, өөрсдөө ийм биезнесд гараа дүрчихсэн хүмүүс УИХ-д сууцгааж улс төрчдийг атгандаа оруулаад авчихсан учраас энэ салбарт олигтой хөрөнгө оруулалт хийлгүй хойш нь тавьсаар хорин жилийн нүүр үзлээ.

Тэд зах зээлээ алдахгүйн тулд юу ч хийхээс буцахгүй, Одоо харин ерөнхийлөгч нүүрс нэрэх чиглэлээр Германуудын сонирхлыг татаж чадсан үгүй эсэх нь сонин байна. Бид хэдий болтол оросуудад дээрэлхүүлэх юм бэ? С.Баярыг ЕС байхад 100 колонк Монголд барина гэж яаж дарамтлаллаа?

Хоёр жилийн өмнө Путин гуай ерөнхийлөгчийн ОХУ-гийн айлчлалын өмнө бензиний крантаа хааж яаж тохуурхлаа?

Пүүжээ ах
From: Olkhonut D. Lhagvasuren

(30) 2012/4/3 Bat-Orgil Turbold Burged

Оросууд бензинээр боох болсон шалтгаан нь гэнэтийн ашгийн 68 хувийн татвар байсан. Тэгж нүүрлүүгээ нулимуулсан хүмүүс аргагүй шүү дээ. Монголд өөр зэсийн үйлдвэр гэж байхгүй. Олсноо хуваана гэсэн мөртлөө зэсийн үнэ огцом өсөнгүүт түүнээс бараг 70 хувийн татвар аваад, дээрээс нь яаж хулгайлдаг билээ, тэгээд тэрнээс үлдсэнээ дахиад 2 хуваана гэхээр ямар ч хүний эгдүүцэл төрнө. Тэгээд хариугаа авахаар нь "яалаа гэж энэ вэ?", "ямар муухай юм бэ" гэж гүйлдэх нь дээшээ нулимаад юун бороо ороод байна вэ гэж гайхахын үлгэр бус уу? Хамгийн эмгэнэлтэй нь ямар дангаар нь зэсийн үнэ гэлтэй биш өөр юу хавчуулдаг юм билээ гэж байгаад алтыг хамт энэ хуулинд оруулсан. Үүний үр дүнд алтны олборлолт тэр чигээрээ хулгайн хэлбэрт орж, яг үнэндээ ихэнх лицензүүдийн үнэ нь шалдаа буусан тул хятадууд худалдаж авсан түүхтэй. Одоо тэр илий балай "их орончид" би энэ мөнгийг төсөвт олж ирсэн гээд л цоожин буугаад л явдаг юм билээ.

Үндэснийхээ хэдэн үйлдвэрлэгчдийг үзэн ядахаа болиоч ээ гэж удаа даран хэлмээр байна. Нүүрснээс зөвхөн түлш биш өөр өчнөөн юм гаргаж болдог, тэр талын олон судалгаа хийгдэж байгаа шүү дээ. Газрын тос ч зөндөө эрж хайж байгаа. Ямар ч мэдээ байхгүй байж л маш хурдан дүгнэлт хийцгээх юм. Юм уншиж мэдсэн та нар ингэж байхад гэр хороололд амьдарч байгаа хүмүүсийн талаар юу ярих вэ? Ингэж, ингэж хэцүү амьдралтай хүмүүсийг турхирчаад өөрсдөө галд нь шатаж үхэхээ ойлгохгүй байна гэж үү? Идэх юмгүй, хөлдөж үхэхгүй гэж юу таарснаа түлж суугаа хүмүүст ТА ч гэсэн олигарх болж харагдаж байгаагаа ойлгохгүй байна гэж үү? Толгой баян 10 хүнийг хороосны дараа хэнийг үгүй хийнэ гэж бодоод ийм юм бичицгээгээд байдаг юм бэ? Тийнхүү ТАНЫГ хороохдоо ТА "олигарх" гээд байгаа хүний юу хэлэхийг сонсохыг ч хүсэхгүй байгаатай адил ТАНЫ юу ярих ч тэр хүмүүст сонин биш байна шүү дээ!!! Эсвэл 1937 оныг нэг тусдаа хүмүүс хийгээд тэгээд одоо байгаа хүмүүс огт өөр болцон гэж бодоод байна уу? Одооны хүмүүсийг ухамсар тэр үеийнхээс ямар дордсныг хэн хүнгүй л ярьж байгаа. Тэгээд цааш нь ургуулаад бодвол эрхбиш нэгийг бодох байлгүй дээ.

Orgil Burged

(31) 2012/4/4 Nyamdash Batsaikhan

Ийм байна аа... Дизелийг чинь юунаас л бол юунаас гаргаж авч болдог юм байна лээ. Ургамлын тос, бүр пластикнаас хүртэл. Манайх шиг их хуушуур хайрдаг улсад био-дизелийн үйлдвэр ашигтай байх байх шүү. Манай хамаатны нэг ах үйлдвэр байгуулаад хэдэн жил зүтгэж байгаа дуулдсан. Түүхий эд нь ч олддоггүй, олдохоор нь дизелийг нь авдаггүй

Би Ирландад нэг био-дизель хийдэн хүн дээр очиж үзэхэд өөрөө жижигхэн процессор гараараа хийчихсэн, гаднаас дизель ерөөсөө авдаггүй, bi-product-ийг нь өөрөө ашиглачихдаг харагдсан. Зардал мөнгө ч их биш, байгаль орчинд хор багатай.

Юу гээд байна гэхээр хүмүүс маань өөрсдөө хийж бүтээх хүсэл сонирхол хоббитой болж байж ажлыг гардан хийдэг болох байх аа. Үгүй бол баахан техник эдийн засгийн үнэлгээ хийгээд л сууж байх байх. Хятадаар дүүрэн био-дизель процессор байна лээ.

Яагаад нүүрсний талаар ярихгүй байна вэ гэхээр, нүүрс ашиглах нь хамгийн их СО2 ялгаруулдгийг бүгд мэднэ. Монгол том том гээд нүүрсийг хаа хамаагүй ашиглаад байна гэвэл худлаа байх болов уу. Олон улс 2020/2050 гэхэд нүүрсэн цахилгаан станц байх уу үгүй юу гэдэг дээр судалгаа шинжилгээгээ хийж байна.

Тэгэхээр Монголд алтернатив план байх хэрэгтэй. Бас хурдан хөдлөх... Эргээд л боловсон хүчний асуудал уруу орчихлоо. Дургүйд хүчгүй гэдэг шиг гараа тосдохыг хүсэхгүй бол яаж инженер болох вэ...

(32) 2012/4/5 omun pmag

Би номыг нь үзсэн хүнээс дуулсанаа ярьж байна шүү. Яг таг хэлэх тоо баримт надад алга. Монгол нефть чанар муутай, өтгөн (илүү боловсруулалт шаардана) бөгөөд нөөц багатай гэж хэлсэн. Очирбат гуайн дээлээ мялаадаг нефть бол хуучин оросуудын ашиглаж байгаад хаясан цооногийг сэргээж гаргасан нефть юм биз дээ. Тэрнээс арабын нефть шиг өрөмдөж байтал учиргүй ундраад олгойдоод гарсан юм биш. Мэргэжлийн хүмүүс хэлэх нь угаасаа геологийн тогтоц нь нефть үүсэх, том орд байх нөхцөлгүй юм гэсэн. Тийм болохоор энд тэнд байж мэдэх шалбааг шиг жаахан тогтоцыг олох гэж хайгуул хийж өрөмдөх нь илүү ажил бус уу? Тэгээд ч геологичид нь хэлээд байхад газраа тэгж сийчүүлж бохирдуулах ямар шаардлага байдаг юм?!

Ерөөсөө унхиагүй төр засгийн гай. Тэр эрхийг нь эдэлж байсан Хуху намын балаг. Ямар ч зөв бодлого, зохицуулалт байхгүй. Хаа сайгүй ухаж төнхөх лиценз өгөөд хармаагаа түнтийлгээд сууцгааж байгаа олигархиуд харин булшны нүхээ өөрсдөө бэлдээд байгаа бус уу? Увсын нэг багийн газрыг тэр чигээр нь Канадын компанид өгөөд малчид нь хөөгдөөд амьдрах газаргүй болж байна гэх шив. Юм юм ч болно доо. Тэсрэлт хэзээ вэ гэдэг л байна. Үндэсний үйлдвэрлэгчид л гэнэ. Үгсэж үнээ нэмээд монопольчилж байгаа компаниудын толгойг илэх юм биз дээ. ``Зэрлэг`` капитализмд хүртэл энэ чинь ялтай хэрэг шүү!

(33) 2012/4/5 Sharav Purevsuren

Увсад болж байгаатай яг адил үйл явдал удахгүй Дорноговь аймгийн Улаанбадрах суманд бас болно. Тэнд энэ жилээс Францын Арева компани уран олборлож баяжуулах жилд 2500 тонн "yellow cake" гаргах үйлдвэрээ барих юм. Урьдах баялагаа зөв аргаар ашиглаж яадахгүй мунгинаж байж ураан юучим бээ?? Увсын засаг ноёдууд бусдын жишгээр бүгд авилгад идүүлчихсэн луйварчингууд байгаа юм. Ёозгүй шуналтнуудыг өөрсдийнх нь ухсан ёроолгүй ангал өмнө нь хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Пүүжээ ах.

(34) 2012/4/5 Bat-Orgil Turbold Burged

ЗА, эрхэм нөхдөө,

Давс хийвэл уустал, ажил хийвэл дуустал гэдэг. Ийш тийш хэнийг хэлж байгаа нь мэдэгдэхгүй хуруу чичихээ больцгооё. Хэрэв үнэхээр муу муухай бүхэнтэй тэмцэх юм бол тэмцсэн шиг тэмцъе. Үгүй бол манай хашааны эмээ хамар хашааны нөгөө эмээгээс дуулсан, яг үнэн гэсэн гэдэг яриагаа тасалъя. Буцах хаягтай, буух эзэнтэй байвал аливаа ажил хэрэгждэг. Нэгэнт бид ардчилсан улс оронд амьдарч байгаа тул аливаа хүний гэм бурууг баримтаар нотлох ёстой. Нотлохоос гадна, эхлүүлсэн ажлаа сүүлийг нь үзтэл явах ёстой гэж бодож байна. Хэрэв үнэхээр баримт нь байсаар байтал дуугуй явж байгаа бол гэмт хэргийг нуун дарагдуулж, хамсаатан нь болж байгаа хэрэг мөн. Хэрэв нотолгоо байхгүй байж "хүн алаад хээр булсан, тэр булсан газрыг нь олж чадахгүй л байгаа юм, ер нь бол яг алцан л даа" гээд худал гүтгээд явбал мөн л гэмт хэрэг мөн. (Миний л мэдэхийн тийм байсан, ардчилсан нийгмийн хууль ёсны зарчим нь өөрчлөгдчихөөгүй бол. Бид чинь бүгдээрээ л аймаар ардчилсан хүмүүс биз дээ?) ИЙМД, хамгийн эхний ээлжинд Увс аймгийн БҮХ Засаг дарга нар авилгал авч байсныг илчлэх баримт, гэрчийн этгээдүүдийг олох нь бидний хийх ёстой эхний алхам гэж би ойлгож байна. Аль нэг хэрэгээс эхэлж барьж авах нь зөв биз дээ? Энэ хэдийн хэргийг дуусгачихбал дараагийн ээлжинд баривчлах, хөрөнгий нь хураах хүмүүсийнхээ жагсаалтыг гаргахад юухан байхав дээ! Хэрэв хэлж байгаа бүхэн үнэн бол би өөрийн биеээр тэмцэлд нэгдэж, тугчин нь болоход ч бэлэн байна. Харин яг цаг нь тулахаар тийм тэмцэлд үгээр биш үйлсээрээ бүгд нэгдэх юм байгаа биз дээ? Энэ бүхнийг уншаад үг гээхгүй байгаа хүн бүр зөвшөөрч байгаа учраас дуугүй байгаад байна гэж ойлгож байна. Ай юу?

Orgil Burged

Энд хүрээд хэлэлцүүлэг завсарласан байна.
Холбооны жижүүр

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter