197-р сар2018

Та Их Британид дээд боловсрол эзэмшихийг хvсч байгаа бол ...

Доктор /Ph.D./ Б.Энхмандах,
Лондон. 2004 оны 1 дүгээр сар.

Британид суралцахыг зорихын учир

Дэлхийд өндөр нэр хүнд бүхий Британи дахь дээд боловсролыг өнөөдөр хэрхэн төсөөлж болох вэ?

1-рт, Олон зуун жилийн түүхтэй, уран барилгын түүх дурсгал болсон барилга байшин, зуун зууныг дамжин элэгдэж, шарласан арвин их номтой номын сангууд, хичээлийн байраа тойрсон дотуур байр, сүм хийд, цэцэрлэгт хүрээлэнгүүд, ёслол хүндэтгэлийн мантигаа өмссөн ахмад буурал эрдэмтэн профессоруудаар Британийн уламжлалт их, дээд сургуулиуд алдартай бол
2-рт, Шил толь болсон орчин үеийн барилга, цахим техникээр өвч бүрэн тоноглогдсон сургалтын лабаротори, танхим, үйлдвэрлэлийн баазууд, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хамгийн сүүлийн үеийн ололтыг хослуулсан, орчин үеийн мэдээлэл техникийн ололтыг шингээсэн номын сангууд, оюутны бие даан ажиллах бүхий л нөхцөл бололцоог хангасан ажил хэрэгч, бүтээлч уур амьсгал, шинжлэх ухаан, техникийн шинэ залуу гялалзсан эрдэмтэн судлаачдаараа Британийн дээд боловсролын байгууллагууд өнөөдөр бахархдаг байна.

Британийн дээд боловсролын талаар хийсэн судалгааны дотор Британид суралцагчид гадаадын оюутнууд тус орныг сонгох болсон хүчин зүйлийн талаар судлан үзсэн зүйл байдаг. Тухайлбал, дээд боловсрол эзэмшихийн тулд Их Британийг сонгоход нөлөөлсөн хүчин зүйлийн талаар тэдний санал бодлыг судласан дүнгээс үзэхэд :

• Их Британийн боловсролын чанар, нэр хүнд
• Их Британи дахь сургалтын практик өгөөж
• Англи хэлийг судалж, боловсронгуй болгох хүсэл
• Санхүүгийн болон практик боломж
• Гэр бүл, найз нөхдийн нөлөө
• Соёл, амьдралын хэв маяг гэсэн хариулт өгсөн байна.

Британийн их, дээд сургуулиудын оюутныхаа суралцах хугацаанд танхимын сургалтаар олгож буй сэхээтэн хүний дараах давуу талуудыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрч, өндөр үнэлдэг ажээ. Үүнд:

- шүүмжлэлт дүн шинжилгээ хийх чадвар,
- сэтгэлгээний бие даасан байдал,
- Мэдээллийн технологийн өндөр мэдлэг,
- Судалгааны ажлын болон харилцааны мэдлэг, чадвар

Түүнчлэн сургалтаас гадуур залуу хүмүүст олгогддог
– багийн ажлын мэдлэг,
– удирдах чадвар,
– нийгмийн ажлын мэдлэг,
– олон үндэстэн ястнуудтай харилцах харилцааны соёл
зэрэг нь Британид төгссөн шинэ тутам мэргэжилтнүүдийг үнэлэх үнэлгээний том давуу талыг харуулсан үзүүлэлт ажээ.

Британид суралцаж буй оюутнууд хичээлийн үед хагас цагаар, амралтын үеэр бүтэн цагаар ажил эрхлэх боломжтой байдаг явдал төгсч буй залуу мэргэжилтнүүдийн намтар /CV/-т бичигдэж, нутаг орондоо очоод хийх цаашдын ажил эрхлэлтэд сайнаар нөлөөлдөг гэж үздэг учир гадаадын залуучууд Британийг зорих дуртай байдаг гэж зарим мэргэжилтнүүд үздэг байна.

Британид суралцаж буй гадаад оюутнуудын тухайд

2001-2002 оны хичээлийн жилийн төгсгөлийн албан ёсны тоо баримтаар Их Британи болон Европын Холбооны орнуудаас бусад орноос 140000 /нэг зуун дөчин мянга/ оюутан Британид суралцаж буй мэдээ гарсан байна.
Британид хамгийн олон оюутан суралцдаг зарим орнуудыг хүснэгтээр үзүүлбэл:

Улс орон Оюутны тоо
Грек 25,674
Хятад 17,682
Герман 12,642
АНУ 12,373
Франц 11,889
Ирланд 11,691
Малайз 9,328
Хонконг 8,609
Испани 7,062
Япон 6,025
Энэтхэг 5,831

Эдгээрээс гадна мэргэжлийн болон дээд боловсрол олгодог коллежи, англи хэлний сургууль, дамжаануудад гадаадын олон мянган оюутнууд богино хугацаагаар суралцдаг бөгөөд Британи дахь нийт гадаад оюутны тоо нь 2001 оны эцсийн байдлаар 275000 /хоёр зуун далан таван мянга/ -аас хол давсан гэж үздэг ажээ.
Их Британийн Ерөнхий сайд Тони Блэйр 1999 оны 6 дугаар сард Лондонгийн Эдийн засгийн Сургууль /London school of Economics/ дээр гадаадын оюутнуудтай хийсэн уулзалтынхаа үеэр Британи болон гадаад орнуудын хооронд боловсрол, сургалтаар дамжуулж урт удаан хугацааны тогтвортой харилцаа хөгжүүлэх Ерөнхий сайдын Санаачлага /Prime Minister’s Initiative (PMI)/ гаргасан байна. Тэрээр: "Би аялаж байсан газар бүртээ Британид суралцаж байсан олон улсын удирдагчидтай тааралдаж байлаа. Бид өндөр чанартай, өсөн дээдлэх дээд боловсрол олгодог учир дайчин давшингуй, сэхээтэн тэр хүмүүс Британийг сонгодог байна. Энэ бол Их Британийн хувьд сайхан мэдээ юм. Энд боловсорсон хүмүүс манай эх оронтой байнгын холбоотой байдаг. Тэд Британийг дэлхий дахинд сурталчилж, манай худалдаа, манай дипломат үйл ажиллагаанд тусладаг... Бид өнөөдөр олон улсын оюутнуудыг сайтар урьж, чанартай сургадгынхаа төлөө Их Британийг цаашид ч гадаадын оюутнуудын анхдагч сонголт байлгах урт хугацааны стратегийг тодорхойлж байна." гэжээ.
Британийн боловсрол эзэмшигчид нь Их Британитай амьдралын туршид холбоотой байж, олсон өндөр боловсролдоо тулгуурлан соёл, эдийн засаг, улс төрийн өргөн хүрээнд харилцааны шинэ шинэ боломжийг нээн өгдгийг энэхүү санаачлагаараа хүлээн зөвшөөрсөн байна.

Британид суралцахад хир үнэтэй вэ?

Боловсрол, сургалт гэдэг бол Их Британийн хувьд нилээд өргөн хүрээтэй чухал экспортын төрөл ажээ. Гадаадын оюутнуудаас Британийн эдийн засагт жил бүр орж буй нийт орлого 4 тэр бум фунт стерлинг болдог байна. Эдийн засгийн ийм шууд үр ашгаас гадна Британийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудад үр ашигтай байх олон боломж байдаг байна. Британи бол гоц авъяастай гадаадын оюутан, сурагчдыг татан авч ивээн сургах, эрдэмтэд судлаачдыг харилцан солилцох зэргээр академик судалгааны ажилдаа ашигладаг сонгодог уламжлалтай.
Британид Ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгодог боловч дээд боловсрол нь зохих төлбөртэй байдаг. Их Британи болон Европын Холбооны гишүүн орны оюутнууд их, дээд сургуульд суралцахын тул жилд 1250 фунт стерлингийн төлбөр төлдөг байсныг 3000 фунт стерлинг болгон өсгөх шийдвэрийг Британийн Парламент үндсэнд нь гаргаад байна. Энэхүү төлбөрийг хүссэн оюутан залуучуудад зээлээр олгоод төлбөрийг суутгах маягаар төлүүлдэг журам бас бий.
Европын Холбооны гишүүн орноос бусад орноос суралцаж буй гадаадын оюутнуудын хувьд Британид дээд боловсрол эзэмшихэд учирдаг нэг гол бэрхшээл бол сургалтын төлбөрийн асуудал болно. Учир нь их, дээд сургууль, коллежиуд тухайн сургуулийн нэр хүнд, сургалтын чанар, түүхэн уламжлал зэргээс хамаараад сургалтын төлбөр нь харилцан адилгүй байна. Бидний авсан мэдээллийн хүрээнд авч үзэхэд их, дээд сургууль, коллежиудын жилийн сургалтын хамгийн бага төлбөр нь 3900 орчим фунт стерлинг /Холборн коллежи/ байдаг бол дээд тал нь 16900 гаруй фунт стерлинг /Кэмбриджийн Их сургууль/ байгаа юм. Томоохон их, дээд сургуулиуд дэргэдээ оюутны дотуур байртай бөгөөд дунджаар сард 250-300 фунт стерлингийн хөлстэй аж. Байрыг гадуур хөлсөлөн суух тохиолдолд илүү их үнэтэй. Тухайлбал, Лондон хотдоо хамгийн хямд гэгдэх Олон улсын оюутны Төвийн харъяа оюутны байрнуудын 1-2 унтлагын өрөөтэй сууцны сарын төлбөр нь 700-800 фунт стерлинг байна. Үүнээс гадна оюутан хүн хүнс болон амьдралын ойр зуурын хэрэгцээндээ сард 150 - 200 орчим фунт стерлинг зарцуулах нь зүйн хэрэг.
Сургууль бүрийн сургалтын төлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тухайн сургуулийн вэб хуудаснаас мэдэж болно.

Британид суралцах шинэ боломжийн тухайд

Британийн Ерөнхий сайдын Санаачлагын дагуу гадаадын оюутнуудыг Их Британид суралцах сонголтоо хийхэд нь нааштай нөлөөлөх хүчин зүйлийг бүрэлдүүлэх чиглэлээр Британийн холбогдох Яам, газруудаас тодорхой арга хэмжээ авч байгаа ажээ. Үүнд юуны өмнө:

1. Юуны өмнө Британийн боловсрол, сургалтын нэр хүндийг өргөх 3 жилийн кампанит ажлыг өрнүүлсэн байна. Энэхүү кампанит ажлыг Засгийн газрын гадаад харилцаа, олон улсын хөгжлийн болон боловсролын байгууллагуудын дэмжлэгтэйгээр, хувийн салбарын оролцоотойгоор Британийн Зөвлөл зохицуулан удирдсан байна.
Кампанит ажлын хүрээнд АНУ, Их Британи, Австрал 3 орны оюутнуудын дунд хийсэн судалгааны үр дүнд Британи нь тэдгээрийн нэгэн адил боловсролыг дэмжин тэтгэгч гол орнуудын нэг болох нь "тогтоогдсон" байна.
Боловсролын түвшингээр Британитай ойролцоо Бразил, Хятад, Хонконг, Энэтхэг, Япон, Малайз, Орос болон Сингапур зэрэг 8 орныг боловсролын салбарт харилцах тэргүүлэх чиглэлийн орнууд гэж тодорхойлжээ.
Харин Австрали, Бруней, Кипр, Саудын Араб, Индонези, Ємнөд Солонгос, Мексик, Пакистан, Тайван, Тайланд, Түрк, АНУ, Вьетнам болон Персийн булангийн орнууд зэрэг 21 орныг боловсролын зах зээлийн Хоёрдогч сонирхлын орнууд гэж зарласан байна.
Түүнчлэн Британийн Зөвлөлийн зүгээс бусад орнуудад кино үзвэр, үзэсгэлэн, тоглолт, хэвлэл мэдээллийн сурталчилгааны хэлбэрээр Британийн боловсролд түлхэц үзүүлэхэд чиглэгдсэн олон арга хэмжээг зохион байгуулсан байна.

2. Одоогийн байдлаар магистрийн сургалтыг голцуу хамардаг Британийн Засгийн газрын Сургалтын тэтгэлэгийн Хөтөлбөр /Chevening Scholarships Programme/-ийг өргөжүүлэх, энэ төрлийн хөтөлбөрийн төрөл, тоог нэмэгдүүлэх бодлого барьж, сүүлийн жилүүдэд жил бүр 1000 оюутанд зориулсан нэмэлт тэтгэлэг гаргах болжээ. Британийн Гадаад хэрэг, Хамтын Нөхөрлөлийн Яам /ГХХНЯ/, Олон улсын Хөгжлийн Яам /ОУХЯ/-наас олгодог энэхүү тэтгэлэгийн Хөтөлбөрийн хүрээнд зөвхөн 1998-2002 онд буюу хичээлийн 4 жилд гадаадын 8198 оюутан уг тэтгэлэгийг хүртсэн байна. Энэ хугацаанд Хөтөлбөрийн дагуу манай улсаас 35 оюутныг элсүүлэн Магистрын сургалтад хамруулсан бөгөөд элсэх оюутны сонголтын асуудлыг Улаанбаатар дахь Британийн ЭСЯ –наас жил бүр зарлан, уралдаанд шалгаруулалтаар шийдвэрлэдэг.
Их, дээд сургуулиудаар өөрсдөөр нь сургалтын тэтгэлэгийн хагаслан гаргуулах, бизнесийн салбарын зүгээс дэмжлэг авч зарим нэг орон, тусгай хөтөлбөрүүдийг жич дэмжүүлэх зэргээр Сургалтын тэтгэлэгийн тоог нэмэгдүүлж эхэлжээ.

3. Гадаадын оюутнуудад Британид нэвтрэх виз олгох нөхцлийг хөнгөвчлөх асуудал бол хамгийн хүнд, хамгийн их шүүмжлэгддэг асуудал бөгөөд энэ чиглэлээр зарим нааштай алхмууд хийгдэж байгаа юм байна. Энэ ажлыг хөнгөн шуурхай, нөхөрсөг болгохын тулд:

• Визийн ажилтнуудын оюутны визийн талаарх ойлголтыг сайжруулах, Британийн Зөвлөлийн гадаад албад, ДТГ-ын визийн албадын хоорондын хамтын ажиллагааг нягтруулж, Британийн их, дээд сургууль, коллежиудыг Нэвтрүүлэх Хамтарсан Нэгж /Joint Entry Clearance Unit/-тэй шууд харилцдаг болгожээ.
• Оюутнууд, боловсролын албад, Британийн сургууль хүрээлэнгүүдэд хүргэх танилцуулга сурталчилгааны "Анхны алхам" материалыг дэмжин хөгжүүлсэн,
• Оюутны виз Британид нэвтрэх баталгаа болж, бүтэн жилийн сургалтад хамрагдах оюутнууд тухайн оны 10 дугаар сарын 31-ныг хүртэл Британид нэвтрэх эрхтэй бөгөөд виз нь суралцах хугацаандаа олон удаа орж гарах боломжийг бүрдүүлдэг,
• Оюутны визийн талаарх мэдээллийг www.fco.gov.uk/travel/download.asp болон www.ind.homeoffice.gov.uk/default.asp?pageID=107 вэб хуудсуудад байрлуулсан байна.

4. Британи суралцаж буй оюутнуудын ажил эрхлэлтийн хувьд боломж муутай орны нэг байсан бол энэ байдлыг өөрчлөх талаар нилээд дэвшил гараад байгаа юм. Үүнд:
• Британид суралцаж буй оюутнууд хичээлтэй үедээ 7 хоногт 20 хүртэл цаг, амралтын үед бүтэн цагаар ажиллах боломжтой болохыг зарласан нь 1999 онй 6 дугаар сарын 21-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд энэ талаар Британийн Боловсрол, Ажил эрхлэлтийн Яам /Одоо бол Боловсрол, мэдлэгийн Яам –Б.Э/ 2001 оны 3 дугаар сард танилцуулга гаргасан байна.
• Британид суралцаж буй оюутны гэр бүлийн гишүүд 12 сар түүнээс дээш хугацаагаар Британид оршин суух боломжтой болсны гадна тэдний хувьд хөдөлмөр эрхлэх бүрэн эрхтэй болжээ.
• Сургалтын болон Ажлын Дадлага туршлагын Төсөл /TWES/-ийн хүрээнд оюутнуудын зүгээс практик дадлага хийх, ажлын дадлага туршлагаас үл хамааран орон нутгийн хөдөлмөрийн зах зээл дээр хөдөлмөр эрхлэх боломж үлэмж нэмэгдсэн байна.
• Британийн Худалдаа, үйлдвэрийн Яамнаас авъяаслаг залуучуудыг Их Британид сургах, бизнес эрхлэхэд татан оролцуулахад чиглэгдсэн Аж ахуйн нэгжийн нийтлэг Тэтгэлэг /Global Enterprise Scholarship/-ийг Британийн Худалдааны Түнш байгууллагын шугмаар хэрэгжүүлж байна.

Гэр орноосоо хол сурч, амьдарч буй оюутнуудын тав тухтай орчныг бүрдүүлэх талаар Британийн их, дээд сургууль, коллежиуд өөрсдөө анхаарч байдаг бөгөөд оюутнуудын орон байраа олох, сургалтын хөтөлбөрөө сонгох, эмнэлэг, даатгалаа бүртгүүлэх зэрэгт туслалцаа үзүүлэх гадаад оюутантай харилцах харилцааны туршлага бүхий албадтай байдаг байна.

Британид суралцахын тулд яах вэ?

А. Британид суралцах оюутнуудын хийх хамгийн эхний алхам бол суралцах мэргэжил, чиглэлээ сонгох явдал байна. Үүний тулд зохих болзлыг хангасан байх ёстой. Єөрөөр хэлбэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөрөөр ерөнхий боловсрол эзэмшиж, Олон улсын баклаврын сургалтын өмнөх Диплом, эсвэл Британийн уламжлалт AS /Эй-Эс/ буюу A-level /Эй-лэвил/-ийн болзлыг хангаж үнэмлэх авсан байх шаардлагатай болно. Эсвэл үндэсний сургалтын Хөтөлбөрийн болзлыг хангасан мэргэжлийн сургууль /манайхаар Ерөнхий боловсрол олгодог техникийн сургууль, ТМС-Б.Э./ төгссөн байх шаардлагатай. Мөн тухайн суралцах чиглэлээр Бэлтгэл анги /Foundation course/-д суралцаж байж үндсэн ангидаа орж болно.
Мэргэжил сонгох боломжийн хувьд Британи орон бол хамгийн өргөн боломжтой орнуудын нэг болно.
Үүнд 1454 мэргэжлийн сургууль, 87 Их сургууль, 64 дээд сургууль /Institution/ болон техникийн 312, хэлний 99, спортын 67, урлагийн 57 коллежид бүхий л төрлийн мэргэжлээр суралцах өргөн боломж бий. Элсэлтийн шалгуур үзүүлэлт нь сургууль бүрт өөр өөр байхаас гадна нэг хүн 2-3 сургуулийг сонгож бүртгүүлэхийг оролдох эрхтэй бөгөөд гагцхүү тэдгээр сургуулийнхаа элсэлтийн болзлыг хангасан байхыг заавал шаардана.

Б. Тухайн сургуулиудад элсэн суралцах хүсэлт, тусгай бэлтгэсэн бүртгэлийн хүснэгт, төгссөн сургуулийн баримт бичгийн хуулбар зэргийг Их сургууль, коллежиудын Элсэлтийн Алба /UCAS/-нд хүргүүлнэ. Энэхүү Албанаас элсэгчийн бичиг баримттай танилцаж, шалгаруулалт хийгээд тэнцэж буй сургуулийн нэрийг зааж, бүртгүүлэх зөвшөөрлийг олгоно. Магистрын сургалтад хамрагдах оюутнуудын хувьд заавал Элсэлтийн албанд хандах шаардлагагүй, элсэн суралцахыг хүссэн их, дээд сургуульдаа шууд хандаж болно.

В. Британид магистрын сургалтад хамрагдахын тулд тодорхой болзол, шаардлагыг хангасан байх ёстой. Гол нь англи хэлний мэдлэгийн түвшинг Олон улсын англи хэлний шалгалтын стандарт /IELTS/-аар тогтоож, болзол тавина. Үүнд наад зах нь 6,2 – 6,5 оноо авсан байх учиртай. Зарим томоохон сургууль 7,5 онооны болзолтой байдаг.

Г. Элсэж буй сургуульдаа бүртгүүлээд орж суралцах анги, күрсээ сонгож, -сургалтын төлбөрөө бүрэн буюу хэсэгчлэн хийсний дараа өөрийн суралцах мэргэжлийн чиглэлээр тувшин тогтоох шалгалт өгөхөд элсэгчид бэлэн байх ёстой болно. Энэхүү шалгаруулалтыг даваагүй тохиолдолд уг сургуульдаа 1 жил хүртэл хугацаагаар бэлтгэл сургалт /Foundation course/-д хамрагдана.

Д. Британийн их сургуульд элсэн орсон оюутан ерөнхийдөө 3 жил суралцаж, амжилттай төгсвөл Баклавр /Bachelor’s degree/-ын зэрэг авна. Зарим мэргэжил нь 4 жил байна. Анагаах ухаан, мал аж ахуйн мэргэжилтнүүд 5-6 жил суралцаж байж төгсдөг байна.

Е. Сургуулиа төгссөний дараа 1 хүртэл жилээр Төгсөлтийн дараах сургалт /Postgraduate study/-д хамрагдаж тодорхой чиглэлээр мэрэгших, эсвэл 1-2 жилийн хугацаатай сурч Магистр /Master’s degree/ -ын зэрэг хамгаалж болно. Үндсэн курсээ амжилттай төгссөн оюутныг тухайн сургууль нь өөрийн тэтгэлэгээр төгсөлтийн дараах сургалтад хамруулах боломжтой байдгаас гадна, эрдэм шинжилгээний болон үйлдвэр аж ахуйн газрын захиалгаар мэргэжилтэн бэлтгэх тэтгэлэгт хамрагдан цаашид суралцах боломж ч байдаг байна.

Британид дээд боловсролын талаар дэлгэрэнгүй мэдээлэл олж авахыг хүсвэл:
- "Britain, 2002, 2003. "The official year book of the UK.,
- Education Guide-2004 номыг үзэж, дараах вэб хуудаснуудыг сөхөж харахад илүүдэхгүй. Үүнд:
- Education UK – www.EducationUK.org
- Higher Education and Research Opportunities in the UK (HERO) – www.hero.ac.uk
- Universities UK – www.universitiesuk.ac.uk
- UCAS : Universities and Colleges Admissions Service – www.ucas.ac.uk
- Chevening Scholarships – www.chevening.com
- Postgraduatte Study/Careers – www.prospects.ac.uk
- Welcoming International Students (HOST) – www.hostuk.org
- The British Council – www.britishcouncil.org
- UKCOSA:The Council for International Education – www.dfes.gov.uk

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter