186-р сар2018

№12 Зочин: Тайванхvvгийн Алтангэрэл

"Боннын" Т. Алтангэрэл
25 настай, 1998 онд Хүмүүнлэгийн Их Сургуулийг англи хэлний орчуулагч, сэтгүүлч мэргэжлээр төгсч, 1998 оноос ХБНГУ-ын Боннын Их Сургуульд хууль эрх зүйн мэргэжлээр суралцаж, одоо Ханноверийн Их Сургуульд олон улсын эрх зүйн чиглэлээр магистр цол хамгаалахаар сурч буй.
"Тэнгэрийн эрэл" хэмээх шүлгийн ном (2001 он), "Сэтгэлийг шинэтгэхvй" (2002 он) зэрэг ном мөн нийгэм, эрх зүй, уран зохиолын сэдвээр хорь гаруй нийтлэл бичиж хэвлүүлжээ.
Human Unity Award 1999 оны шагналтан, Монголын Боловсролыг Дэмжих Санаачлага (MEDI)-ийн тэргүүн www.medi.org.mn

Ганбаяр:
- Сайн байцгаана уу. Энэ өдрийн нэвтрүүлэгт оролцох хүнийг Германд байхад нь залгана гэсэн боловч Алтангэрэл маань Монголд ирчихсэн байж таарлаа.
Тэгэхээр яагаад заавал Германд суралцах болсон бэ? Германд суралцсаны давуу тал таны бодлоор юу вэ?

Алтангэрэл
- Герман руу хүмүүсийг татаж байгаа нэг чухал зүйл бол дээд боловсрол үнэгүй олгож байгаа явдал юм. Тиймээс ч манай залуучуудад хөгжилтэй оронд үнэгүй боловсрол эзэмших маш сайхан боломж гэж би бодож байна. Нөгөө талаас Европын боловсрол, шинжлэх ухаан уламжлал, суурь сайтай, дэлхийд үнэлэгддэг. Энэ утгаараа ч монголчуудад хэрэгтэй байж чадна. Заавал Америк гэх албагүй, Америк өөрийн прагматик давуу тал, онцлогтой ч Европ олон жилийн түүхэн хөгжил дээр бий болсон ухамсар, оюуны өндөр түвшин, философич сэтгэлгээгээрээ бас нэг өөр.

- Яг одоо Герман руу явах гэж хөөцөлдөж байгаа залуучуудад та юу гэж зөвлөх вэ? Ер нь Германд онгоцноос буухад ямар орчин, бүр нарийн яривал хуулийн ямар орчин хүлээж байгаа вэ? Монгол шиг ийм чөлөөтэй байх болов уу?

- Хуульгүй учраас чөлөөтэй байж нэг болно. Хуультай учир бас чөлөөтэй байж болно (инээв.) Єөрөөр хэлэх юм бол хуулийн хүрээнд бүх юм чөлөөтэй шүү дээ. Ном ёсоор нь очоод, тодорхой мэдлэг мэдээлэлтэй байгаад, хамгийн гол нь өөрийн гэсэн зорилго тэмүүлэлтэй, төлөвлөсөн ажил үйлстэй байвал юу нь болохгүй гэж. Манайхан хүний царай харж, огт мэдээлэлгүй их очдог. Ингэснээрээ цаг их алддаг, мэргэжлээ буруу сонгох, солих, мөнгө энэ тэр гэж явсаар анхны тэр хүсэл тэмүүлэл нилээн буурчихсан, тэр хэмжээгээр зорилгоосоо ухарчихсан тохиолдол их. Энэ чинь харамсалтай.

- Та бол өөрөө залуу хүн, Герман залуучуудын сэтгэлгээ биднийхээс хэр их ялгаатай вэ. Монголчууд юм сурахдаа амархан хурдан сэтгэдэг гэж ярьдаг. Ийм чанар үнэхээр байдаг уу? Герман залуусын өнөө үеийн зорилт юу байна?

- Их олон асуулт байна шүү (инээв). Миний бодлоор Герман залуучууд өөрийн гэсэн үзэл бодол, тодорхой чиг зорилготой, бие даасан байж чаддаг нь сайн тал юм. Манай хуулийн оюутнууд гэхэд л үнэхээр оюуны өндөр чадавхитай, хэнтэй ч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хамгаалж, ямарч багшаас асууя гэснээ асууж, их чөлөөтэй байдаг. Мэргэжилдээ профессионал байх гэж их хичээдэг. Монголын залууст энэ чөлөөтэй, өөртөө, үзэл бодолдоо итгэлтэй байх чанар дутагдаад байх шиг санагддаг. Гэхдээ нөгөө талаас монгол залуус амьдралын их өргөн, уужуу үзэл бодолтой л доо. Амьдралыг их өргөн утгаар нь, зовлон жаргалтай нь харна. Сэтгэл, мэдрэмжээр баян. Энэ нь сайхан. Германууд болохоор юмыг дүрэм журамд оруулах дуртай, хайрцаглах сэтгэлгээтэй гэх юмуу даа.

- Та хоёр ном гаргажээ. Тэгэхээр таны хобби шүлэг, зохиол гэж ойлгож болох уу? Хэзээнээс ном бичиж эхэлсэн бэ? Энэ номнууд голчлон ямар сэдэвтэй вэ?

- Миний бодлоор хүн бүр ямар нэг хэмжээгээр ном бичиж явдаг. Хүн дотроо, бодлоороо ном бичиж байдаг учраас амьдрал нэг бодлын ном бичилт гэмээр. Тэгэхээр хэзээнээс ном бичиж эхэлсэн гэдэг харьцангүй ойлголт болно. Анхны ном маань 2001 онд гарсан. "Тэнгэрийн эрэл" гэсэн нэртэй шүлгийн ном юм. Миний хувьд шүлэг гэдэг нь ямар нэг боловсорчихсон бүтээгдэхүүн бус харин өөрөө байнгын эрэл юм. Yнэний, гоо сайхны эрэл. Тэнгэрийн гэсэн нь миний хувьд тэр нь үнэн, гоо сайхны илэрхийлэл юм. Удаахь ном нь "Сэтгэлийг шинэтгэхүй" гээд оюуны үнэт зүйл, чөлөөт шинжлэх ухаанч сэтгэлгээ, энэрэнгүй үзэл гэсэн ерөнхий агуулгаар хориод суутнуудын үйлс үзэл бодлыг эмхэтгэн, англи монгол хэл дээр бичсэн ном юм. Уг номыг монголын хүүхэд залуучуудад, бүх сургуулиудад Германы нэгэн сангийн ивээн тэтгэлгээр үнэгүй тараах ажлаар Монголд ирээд байгаа юм л даа.

- Яг одоо өөрийнхөө шүлгээс нэвтрүүлгийг маань сонсож байгаа хүмүүст уншиж өгвөл ямар вэ?

- «Хүмүүс минь намайг уучил» гэсэн нэг богинохон шүлэг уншиж өгье.

Хүн чанар намайг уучил
Єөрийгөө бодсон мөч бүрийг
Єрөөлийг мартсан агшин бүрийг
Єөдгүй бүхнийг минь өршөө
Түшээд авах байтал санаагүй л байх
Аргадах байтал хатуу үгээр холдсон л байх
Алгаа тосоод гуйхад нь өгөөгүй л байх
Аргаа бараад энэлэхэд нь анзаараагүй л байх
Зориг дутаж айсан минь үнэн
Тэвчээр алдаж ялагдсан нь үнэн
Аминчхан хүслээс хэтрээгүй намайг
Алтан нар минь өршөө

- Таны магадгүй нууц байж болох хувийн амьдралаас чинь жаахан сонирхоё л доо. Германд хэдий хугацаагаар сурах вэ? Цаашид ном зохиолоо бичих үү? Хууль эсвэл сэтгүүлч эдгээрийнхээ алийг нь амьдралынхаа хэм хэмжүүр, ажлаа болгох вэ?

- Хүмүүс надад янз бүрээр хэлдэг л дээ. Хуульч нар хуулиа, зохиолчид зохиолоо илүүд үзэж, аль нэгийг сонгуулах гэдэг (инээв). Миний хувьд амьдралаан дүүрэн, бүтээлчээр амьдрах л хүсэлтэй байна. Тиймээс ч аль нэг талыг зориудаар барьж, хязгаарламааргүй байна. Хууль логик сэтгэлгээний хувьд, тэнцвэрийн ухааны хувьд сонирхолтой байхад шүлэг, зохиол бол жинхэнэ дураараа, сэтгэл бодлын эрх чөлөө байдаг. Магадгүй энэ хоёр бие биенээ нөхөж явах ч юмуу.

- Европ тив маань Европын холбооны улс гээд л, мөнгөн дэвсгэрт нь хүртэл нэг боллоо. Дэлхий даяарчлагдаж байна. Таны бодлоор Монгол улс хэр хөл нийлүүлэн алхаж явна вэ?

- Глобальчлал бол өнөөдөр зайлшгүй болж байгаа үйл явц учраас үүнээс тусдаа байна гэвэл утгагүй. Глобальчлалд Монгол улс өөрийн онцлогоо хадгалахын хэрээр бас зохицож явах бодлого барих хэрэгтэй байх. Глобалчлал нь өөрөө олон давуу тал авчирч байна. Хүн төрөлхтөн нэгдмэл уур амьсгалтай болохоос гадна орчин үеийн гэмээр эрх хүнд олгож байна. Дэлхий нийтээр ажлын хувиарлалт, худалдааны болоод ажлын өргөн зах зээл бий болж байна. Европын холбооны жишээн дээр энэ бүхнийг бүр тодорхой харж болно л доо. Монголчууд оюуны ч юмуу (байгальдаа хор хөнөөл багатай учир) салбарт эсвэл тодорхой нэг салбарт онцгой байж глобальчлалд өөрийн байраа эзлэвэл даяаршлаас хожно. Амьдралын хэв маяг их өөрчлөгдөж байна. Хувь хүний хувьд амьдрал нь лав илүү хялбаршиж байгаа гэж бодож байна. Гэхдээ одоогоор бол глобальчлал бүрэн төлөвшөөгүй байна, эрх зүйн хувьд нэгдсэн зохицуулалт багатай байна. Ирээдүйд харин их сонин болж магадгүй л юм.

- Сэтгүүлчийн тань хувьд нэг асуулт асууя. Германы хэвлэл мэдээллийн салбар хэр хөгжсөн бэ? Манайд гарч байгаа кабелийн телевизээр Дойчэ Велле сувгийг гаргадаг. Хэвлэлийн эрх чөлөө хэр байдаг вэ?

- Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг их өргөн утгаар нь ойлгох хэрэгтэй гэж би бодож байна. Олон жилийн түүхэн хөгжил, алдаа оноо бүхэн нийлээд энэ эрх чөлөөний ард байна. Хэвлэлийн эрх чөлөө гэхээр юу дуртайгаа, худлаа байсан ч бичээд байхдаа биш, эсвэл хэн нэг албан тушаалтны эрх ашигт нийцүүлэхдээ биш хамгийн гол нь үндэслэлтэй, үнэн бодитой мэдээллийг хүргэж, сэтгүүлчид мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж, асуудалд нейтраль хандаж чадвал сая эрх чөлөө буюу чөлөөт байдлын тухай ярьж болох байх. Yvнд гол нөхцөл нь эдийн засгийн хувьд бие даасан байх явдал болдог. Хэрүүл тэмцэл, шар сонины хэмжээнд эрх чөлөөг ойлгох бус төрийг хянах, ардчилал, шударга ёсыг тогтоох бие даасан хүчин гэж хандах хэрэгтэй. Германы хэвлэл мэдээлэл санхүүгийн хувьд бие даах тогтолцоотой байна. Олон нийтийн болон хувийн телевиз гэж байна. Олон нийтийн телевиз радиогийн сарын хураамж гэж иргэн төлөхдөө шууд тэр салбарт нь өгнө, дундуур нь төр засаг гэсэн шат дамжлага үгүй. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй сайтай суваг сонин бий.

- Монголд жуулчлалаар явж байгаа гадаадынхатай уулзахад Монголыг муулж нэг их ярьдаггїй. Єө их сайхан орон, цэлмэг тэнгэр, хүмүүс нь ч сайхан найрсаг гэдэг. Єөр улсад удаан байж байгаад эх орондоо ирэхэд монголчуудын сул талыг олж хардаг уу? Хардаг бол ямар?

- Монгол сайхан шүү дээ. (инээв) Ирээд долоо хонож байна, эхэндээ их л дутагдлууд ажиглагддаг байсан, сүүлдээ тэр нь дутагдал биш харин ч давуу тал юмуу гэсэн зүйл ч олон байнаа. Ер нь бол монголчууд хэт, гагцхүү хувийн эрх ашиг гээд байх шиг санагдаж байна. Амьдарч байгаа орчноо, байгаль орчноо бодохгїй байна. Хотын агаарт хоолой хорсч байна лээ шүү. Хог шороо гээд л. Одоогоор мэдэхгүй, мэдрэхгүй яваа ч ирээдүйд бидэнд наад зах нь эрүүл мэндийн том асуудал болж хувирна. Мөн юмыг дандаа танил талаар аргалах, хуурамч хиймэл маягаар хийх байдалтай, зуршилтай байна. Тухайн хүнд хэрэг болж байгаа ч эцсийн эцэст бол нийгмээрээ, улсаараа хохирч, хоцрогдож байна. Төрийн албаны хүмүүс ч асуудалд ихэнхдээ нэг бол хувийн нэг бол намын эрх ашгаас л хандаж явна. Монголын ард түмэн, Монголын сайн сайханг нэгдүгээрт тавихгүй байгаа нь харамсалтай.

- Та бид хоёрын ярилцах хугацаа маань өндөрлөж байна. Ингээд яриад байвал маш их зүйл байна. Ингээд нэвтрүүлгийнхээ сүүлчийн хормыг танд үлдээе. Та шүлгээсээ уншиж өгөхгүй юу. Танай гэрийхэн сонсож байгаа. Тэр хүмүүстээ зориулаад ямар дуу захиалах вэ.

- Би ээжийнхээ тухай нэг шүлэг бичиж байсан. Энэ шүлгээ Монголын бүх эхчүүдэд зориулаад уншъя.

«Ээж шигээ л байхсан»
Хүмүүс намайг өөрчлөх гэж оролдовч ээж шигээ л байхсан
Би хүн дуурайх гэвэл ээж шигээ л болохсон
Ээжийн минь хайр, хамаг амьдрал нь үнэн юм бол
Би үнэн байхыг хүснэм

Ээжийн минь зүүд, чинь залбирал нь зөн билэг юм бол
Би зөн билэг байхыг хүснэм
Ээжийн минь харц, дусал нулимс гэгээрэл юм бол
Би гэгээрэл байхыг хүснэм
Ээжийн минь царай, дуутай инээд нь гоо сайхан юм бол
Би гоо сайхан байхыг хүснэм
Хүмүүс намайг өөрчлөх гэж оролдовч ээж шигээ л байх сан
Би хүн дуурайх гэвэл ээж шигээ л болохсон.

- За баярлалаа. Ээж тань одоо сонсож байгаа юу.

- Сонсож байгаа байхаа.

- Мөн танд нэгэн жижигхэн бэлэг гардуулах гэсэн юм. Энэ харахад их жижигхэн хэрнээ олон ажлыг тань амжуулах байх. Ялангуяа Монголоос эргээд Герман руу ярих, эсвэл өөр улсууд руу ярихад хэрэгтэй Netphone картыг танд гардуулая. Єнөөдрийн манай нэвтрүүлгийн урилгыг авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа.

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter