186-р сар2018

№11 Зочин: Гомбосvрэнгийн Ганзориг

Зочин: Гомбосvрэнгийн Ганзориг

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харъяат. 1982 оноос эхлэн Дорноговь аймгийн шүүх, Армийн шүүх, Зүүнбаян гарнизоны цэргийн шүүх, Улсын Дээд шүүхэд нарийн бичиг, шүүгч, давж заалдах шатны шүүхийн шүүгчээр нийт 16 жил ажилласан. Түүнээс 1990-1998 он хүртэл 8 жил Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад мастер хамгаалах сургалтад оролцохоор АНУ-ыг зорьсон. Оросын Холбооны Улсад их сургууль төгсөж хуульч мэргэжил эзэмшсэн. Вашингтон хотод Амеркийн Их сургуулийн хуулийн дээд сургуульд суралцаж 2000 онд хууль эрх зүйн мастер зэрэгтэй болсон. АНУ-ын Техас муж Улсын Их сургуулийн Хуулийн Дээд сургуулийн профессор (adjunct professor). Одоо мөн Амеркийн Их сургуулийн хуулийн дээд сургуульд доктор хамгаалахаар суралцаж байна.

Ганбаяр:
- За ингээд өнөөдрийн нэвтрүүлэг маань эхэлж байна. Уламжлал ёсоор нэвтрүүлгийн зочноор АНУ-ын Техас мужийн Их Сургуулийн Хуулийн дээд сургуулийн профессор Гомбосүрэнгийн Ганзориг гэдэг хүн оролцоно. Хэдхэн мөчийн дараа та бүхнийг энэ хүнийн ярианд хандуулах болно. Єнөөдөр Монголд янз бүрийн хуулиуд гарч байгаа, хуулийн цоорхой ихтэй гэхчлэн янз бүрээр ярьдаг. Єнөөдөр хууль гэдэг зүйл зайлшгүй хэрэгтэй болсон энэ нийгмийн үед энэ хүний яриа та бүхэнд ялангуяа бизнесменүүд, гадаад явах гэж байгаа хүмүүст нилээн хэрэгтэй яриа өрнөх болов уу гэж бодож байна. Та бүхэн сувгаа бүү солиорой.
Байна уу?

Ганзориг:
- Байна.

- Сайн байна уу? Танд оройн мэнд хүргэе. Одоо бол Монголд орой болж байна. Америкт ямар байгаа бол?

- Америкт энд өглөө болж байна.

- За тэгвэл танд өглөөний мэнд хүргэе. Сайхан амрав уу та?

- Сайхан амарлаа, баярлалаа. Бид хоёр ингээд шууд нэвтрүүлэгт орж байна уу.

- Яг одоо та бид хоёрын яриа Монгол улсын нийслэл Улаанбаатар хот даяар цацагдаж байна.

- За их баярлалаа, таатай байна.

- Таны найз нөхөд, ах дүү хамаатан садан бүгд сонсч байгаа. Би сая Ядамсүрэн гуайтай утсаар холбогдож энэ яриа өрнөх гэж байгаа талаар сонордуулсан. Одоо тэгэхээр сонсч байгаа байх аа.

- За их баярлалаа.

- Нэвтрүүлгийн өмнө таныг танилцуулсан. Та олон жил шүүхийн байгууллагаар ажилласан, их туршлагатай шүүгч. Одоо нилээн томоохон сургуульд сайхан цол хамгаалсан хүн юм байна.
Шүүх засаглал, төрийн тогтолцоо, ер нь шүүхийн талаар яриагаа эхэлбэл ямаршуухан байна. Монголын шүүх таны нүдээр харахад ямаршуухан түвшинд байна вэ?

- За, их олон асуулт зэрэг асууж байх шиг байна. Би мэргэжлийн талаасаа зөвхөн шүүхийн хүний хувьд товчхон хэлье гэж бодож байна.
Ерөнхийдөө шүүхийн талаар яривал үндсэн хуулиасаа эхлэх ёстой байх л даа. Манай үндсэн хуульд хууль тогтоогч, гүйцэтгэх эрх мэдэл, шүүх засаглал гээд, төрийн тогтолцооны зарчмыг ерөнхийд нь тодорхой хэлээд өгчихсөн байгаа. Хэрэв үндсэн хуулиас харах юм бол шүүх маань гуравдахь бүлгийн дөрөв дэх хэсгийн шүүх эрх мэдэл гэдэгт байж байгаа юм. Хуульч хүний хувьд харж байхад, Монголд төрийн засаглалын гурван салбар байгаа гэж их ярьдаг хэдий боловч засаглал хуваах барууны зарчим яг бүрэн утгаараа арай хэрэгжээгүй санагддаг.
Монголд үндсэндээ засаглалын таван салбар байгаа юмуу гэж надад харагддаг юм. Түрүүн хэлсэн гурваас гадна гүйцэтгэх засаглал маань дотроо ерөнхийлөгч, засгийн газар, шүүхээс гадна үндсэн хуулийн цэц гэдэг бас нэг байгууллага байгаа. Ерөнхийдөө энэхүү таван бие даасан байгууллага төрийн эрх мэдлийг хувааж хэрэгжүүлж байна гэж би ойлгодог.
Шүүхийн хувьд бол ер нь үндсэн хуулийнхаа зарчмийн дагуу нөгөө эрх мэдлүүдтэйгээ эрх тэгш байх ёстой. Гэхдээ Монголд энэ зарчим бүрэн утгаараа хэрэгжиж чадаагүй, шүүх маань засаглал гэдэг хэмжээндээ огт хүрээгүй гэж би бодож явдаг юм.

- Би бас танаас нэг юм асууя. Зарим хүмүүс Монголын энэ шүүх ер нь эрүүгийн хуулийг энэрэнгүй, Монгол ардчилсан гээд тийшээгээ туйлшраад хэт энэрэнгүй хуультай гэж ярьдаг. Та юу гэж боддог вэ?
Таны одоо амьдарч байгаа АНУ маань их ардчилсан нийгэмтэй орон. Гэсэн хэдий ч одоо зарим үед алах ял зарим нэгэн эмэгтэй хүнд ч тэр өгсөн гэдэг мэдээ байдаг. Монголын эрүүгийн хуулийг юу гэж дүгнэдэг вэ?

- Монгол улсын эрүүгийн хууль, дээхэн үед буюу нэг намын тогтолцооны, хуучин социалист нийгмийн үед ерөнхий агуулгаараа хүний эрхийг дээдэлсэн бус харин төрийн байгууллага, төрийн өмчийг хамгаалсан утга агуулгатай хууль байсан.
Ер нь хууль маань угтаа хүний эрхийг л хамгаалах ерөнхий концепцтой (concept) агуулгатай байх ёстой юм. Тэр агуулгаараа бол хуучин хууль маань их хүмүүнлэг, хүний төлөө хууль байсан гэж хэлж болохгүй л дээ.
Сая эрүүгийн хууль шинэчлэн баталсан гэсэн. Би арай үзэж амжаагүй байна. Харин эрүүгийн байцаан шийтгэх хуулийнх нь батлагдсан шинэ хуулийг би авчихаад байна. Тэр талаар бол ганц нэгэн юм хэлж болох байх. Гэхдээ та эрүүгийн хуулийг онцлон асуусан болохоор тэр талаар яръя.
Эрүүгийн хуулийн тухай ярихаар түүнийг хэрэгжүүлдэг шүүхийг бас орхиж болохгүй л дээ. Тэгэхээр Монголыг Америктай харьцуулна гэх юм бол шүүхийн тогтолцооны хувьд ч тэр, хуулийн хувьд ч тэр янз бүрийн ялгаа бий. Шүүхүүдийг зорилгын нь хувьд аваад үзэх юм бол хоёр улсын шүүх ерөнхийдөө л хэрэг, маргааныг шүүн таслах ажиллагаа явуулдаг нэг л адилхан үүрэг зорилготой ийм байгууллага.
Хоёр улсын эрүүгийн хуулийг харьцуулан авч үзвэл хүмүүнлэг чанарынхаааа хувьд Монгол улсын эрүүгийн хууль нилээд илүү хүмүүнлэг шинж байдалтай гэж бодож байна. Энд хэд хэдэн тодорхой жишээ хэлж болох юм. Тухайлбал 18 насанд хүрээгүй хүн, эмэгтэй хүн, 60-аас дээш насны хүнд цаазаар авах ял оноож болохгүй гэсэн их хүмүүнлэг заалтууд Монгол улсын эрүүгийн хуульд байж байгаа. Харин Америкийн эрүүгийн хуулинд бол тийм ялгаж тогтоосон тодорхой заалт байхгүй. Цаазаар авах ялтай гэмт хэрэг үйлдсэн бол бүгдэд нь цаазаар авах ял оногдуулах боломжтойгоор хуульчлан тогтоосон байгаа. Тухайлбал одоо Техас муж улсад өөрийн хүүхдүүдийнхээ амь насыг хохироосон эмэгтэйд цаазаар авах ял оногдуулах эсэх асуудлыг шүүх, тангарагийн шүүгч нар шийдвэрлэхээр хянан хэлэлцэж гэж байна.

- АНУ-д олон Монголчууд маань хуулийн дагуу эсвэл хууль бусаар ажиллаж, амьдарч, суралцаж байгаа. Тэгэхээр эдгээр монголчууд маань АНУ-ын хуулийг зөрчих тохиолдол хэр их гарч байна. Ийм үед ер нь та өөрийнхөө зүгээс туслалцаа үзүүлдэг үү? Танд ханддаг уу? Хууль зөрчих явдал хэр их байдаг вэ? Байдаг бол ямар хуулийг илүү их монголчууд зөрчдөг юм бол?

- Аль ч оронд ямарч хүмүүс хэрэг зөрчил, элдэв янз бүрийн асуудалд холбогддог байх юм л даа. Монголчууд түүнийг тойроод гарахгүй юм. Эх орондоо ч байсан хэрэг зөрчилд холбогдож байх юм, харь газрын америк оронд ч тэр янз бүрийн юманд холбогдож шүүх цагдаагийн газраар явах ажил гарч л байна. Би мэргэжлийн хүн болохоор хааяа хүмүүс утасдах, уулзах, асуух зөвлөх тохиолдол зөндөө л гардаг. Би бүгдийг хэлж тайлбарлана гэдэг бол бүтэхгүй асуудал юм л даа. Гэхдээ би хуульч хүнийхээ хувьд мэддэг чаддаг зүйлээ монголчууддаа хэлж өгч тус болохыг хичээж явдаг юм. Хааяа бас би шүүх дээр очиж орчуулга хийдэг. Манай Монголчууд маань хэл ус жаахан тааруухан. Хэл мэдлээ ч гэсэн шүүх, хуулийн хэллэг хэцүү болохоор тэр бүрийг ойлгохгүй тохиолдолд туслах ажил гардаг юм.
Хэргийн хувьд бол гайгүй дээ. Их ноцтой, санаатайгаар хүн алсан, хулгай дээрэм хийсэн зүйл ер нь гайгүй. Хэргүүд нь гол төлөв манай монголчуудын нөгөө л архи уудаг, ерөнхий дүр төрхтэйгөө л холбоотой байх юм. Архи уугаад хоорондоо гар зөрүүлсэн, зодоон хийсэн, жижгээр хулгай хийсэн, эсвэл архи уугаад согтуугаараа машин барьсан, заримдаа хурд хэтрүүлсэн (Америкт хурдан зам дээр явах хурдны хэмжээг их нарийн тогтоосон байдаг) гэх мэт хэргүүдээр гол төлөв шүүх хурлаар орж заримдаа торгуулж, заримдаа 5-6 хоногийн хугацаатай хорих ял авдаг юм.
Америкийн эрүүгийн хуулийн нэг онцлог нь нэг хоног хүртэл хугацаагаар хорих ял оногдуулж болохоор хуульчилсан байдаг явдал юм. Иймээс Америкт шүүх 7 хоног, сараар хорих ял оногдуулж болдог. Харин Монголд бол хорих ялын хугацааг 6 сараас дээш хэмжээгээр тогтоосон байдаг.

- Монголчууд маань миний бодлоор визийн зөрчил их гаргадаг байхаа. Хугацаа хэтрэх, тэр чигээрээ шингэх бодолтой, хууль бусаар ажил эрхлэх зүйлүүд мэдээж байгаа. Энэ тохиолдолд цагдаа, хуулийн байгууллага нь ямаршуухан арга хэмжээ авдаг бол?
Ер нь Монголчууддаа зөвлөхөд яг одоо Америк зорих гэж байгаа хүмүүст юу гэж анхааруулах вэ? Ялангуяа визний тал дээр? Ямар ямар төрлийн визийг монголчуудад дарж өгдөг вэ?

- Их сүрхий нарийн асуулт асууж байна л даа/инээв/. Визний талаар би бүгдийг нь хэлнэ гэвэл хэцүү л дээ. Би өөрийнхөө мэдэх хэдэн зарим нэг визийн талаар товчхон хэлж өгөе.
Оюутнуудад гол төлөв оюутны Ф-1 виз өгдөг. Оюутнуудад сургуулиас элсүүлж бүртгэн авсан тухай нэг бичиг (I-20 гэж нэрлэдэг) өгдөг. Түүнд тухайн сургуульд сурах хугаццаг тодорхой зааж өгсөн байдаг, энэ заасан хугацааны дотор сургуульдаа сураад байвал виз нь хүчинтэй байна. Жишээ нь: Англи хэлний сургуульд жилийн хугаацаагаар сурна гэсэн бол тэр сургуульдаа бүртгүүлээд сураад байгаа бол жилийнхээ хугацаанд тэр виз хүчинтэй л гэсэн үг. Хэрэв их дээд сургуульд ороод 5 жилийн хугацаанд сурна гэсэн бол 5 жилийн хугацаанд сураад төлбөрөө хийгээд байгаа бол тэр хугацаанд оюутны виз хүчинтэй байна.
Ф-1 буюу оюутны визийн нэг онцлог нь зарим амьдрал хүнд, санхүүгийн хүндрэлтэй байдал гарсан үед эсвэл өөр бус бэрхшээлтэй байдал гарсан үед оюутнууд цагаачлалын алба руу (immigration гэж ярьдаг) өргөдөл гаргаад ажиллах зөвшөөрөл аваад Америкт хууль ёсоор ажил хийж болох тийм давуу талтай. Оюутны виз бол энд сурах зорилоготой ирж буй хүмүүст ашигтай байгаа юм.
Харж байхад хүмүүс В1, В2 гэсэн виз даруулж ирсэн харагддаг. Тэр нь жуулчлалаар болон албаны шугамаар явж байгаа, түр хугацаагаар ирсэн хүмүүст олгодог. В1, В2 визатай ирж байгаа хүмүүсийн паспортанд нь хавсаргах цагаан хуудсанд (I-94 гэдэг) Америкт байх хугацааг нь тавиад өгдөг. 3 сар, 6 сарын гэх мэтээр хугацаа тавьдаг. Тэр хугацаагаа дуусахаар Америкаас гарч явах хэрэгтэй болдог. В1 визтэй ирсэн хүмүүс олон удаа нэвтрэх эрхтэй ч гэсэн энд байх хугацаа нь түр байдаг болохоор тэрүүгээрээ жаахан бэрхшээлтэй юм шиг байдаг юм.
Єчигдөр радиогоор сонсож байхад Америкийн конгресс immigration-ийнхээ хуулийг өөрчилж шинэчлэх нилээн том ажил хйих гэж байгаа юм ярьж байсан. Тухайлбал, энэ оны 7 сараас эхлээд Америкт орж ирсэн хүмүүсийн хугацааг 6 сар хүртэл тавьж өгөөд байсныг одоо 30 хоног болгох тийм өөрчлөлт орох магадгүй ийм хуулийн төсөл яригдаж байсан.
В1 визтэй хүнд нэг хүндрэлтэй тал нь ажиллах эрх байхгүй. Тийм визтэй хүн оюутны адил өргөдөл гаргаад ажиллах эрх авч болдоггүй. Тэрүүгээрээ оюутны визээс ялгаатай.
Засгийн газар хоорондын солилцооны журмаар ирдэг Ж1, Ж2 (J-1, 2) гэсэн виз байдаг. Энэ визээр ирж байгаа хүмүүст өөрт нь болоод гэр бүлийн хүнд нь тодорхой хугацаагаар ажиллах зөвшөөрөл өгдөг тул тийм визтэй хүн ажиллах эрх авахаар өргөдөл гаргаж болдог. Энэ визийн нэг хүндрэлтэй тал нь юу вэ гэвэл Америкт байх хугацаа дуусмагц нутагтаа буцах болдог. Оюутны визтэй адил үргэлжлүүлж сунгаад байж болдоггүй. Тэрүүгээрээ бас ялгаатай юм даа.

- Танд маш их баярлалаа. Тэгэхээр таны өөрийн тань талаар ганц нэг асуулт тавья? Ер нь та хэдий их хугаацаагаар та Америкт байх бодолтой байна. Цаашид Монголдоо ирж хуулийнхаа шүүхдээ ирж ажиллах уу? Эсвэл Америкт үлдээд энэ чиглэлээрээ ажиллах уу? Ямаршуухан бодолтой явдаг вэ?

- Монголоо нэг асуугаад, Америкийг нэг асуугаад одоо миний хувийн амьдрал руу орох нээ дээ /инээв/.
За ер нь бас зөв л байх л даа. Би чинь шүүхэд нилээн удаан жил ажиллаж байгаад дараа нь энд Америкт хоёр жилийн өмнө эрх зүйн сэдвээр мастер зэрэг хамгаалсан хүн юм шүү дээ. Ажилдаа орно, дээд шүүхэд шүүгчээр орно гээд.
Монголд ноднин би очсон л доо. Тэгээд тэнд шалгалт өгөөд тэнцээгүй гэсэн үнэлэлт авсан. Шүүхийн мэргэжлийн хороо гэдэг байгууллагаас гаргасан тэр шийдвэрт гомдол гаргаж болдоггүй эцсийн шийдвэр байхаар тийм журам тогтоосон юм байна л даа. Монгол Улсын Yндсэн хуульд зааснаар бол иргэд аливаа төрийн байгууллага албан тушаалтны шийдвэр тогтоолд гомдол гаргах, давж заалдах эрхтэй байдаг. Гэтэл Шүүхийн мэргэжлийн хорооны дүрэм нь болохоор давж заалдаж болохгүй гээд заасан байгаа. Тиймээс логик зарчмаар бол энэ нь Yндсэн хуульд нийцээгүй дүрэм, тэгэхээр энэхүү дүрмийг баримталж гаргасан шийдвэр нь бас буруу гэж би бодож явдаг юм. Энэ талаар би шүүхэд өргөдөл гаргасан байгаа, шүүх нэг тийш нь болгож зөв бурууг ялгаж хэлж өгнө гэж найдаж байна.
Дээд шүүхэд шүүгчээр ажиллаж байсан, Америкт мастер хийсэн хүн Монголын шүүхэд тэнцэхгүй байхыг бодоход нэг бол монголын шүүхэд мэдлэг чадвартай боловсон хүчин хангалттай болсон байх, нэг бол өмнө хэлсэнчлэн шүүхийн байгууллагын тогтолцоо, дүрэм журмын заалт буруу байгаатай л холбоотой байх. Ямарч л байсан 16 жил шүүхэд зүтгэсэн хүнээ Монголд гудамжинд гаргаад орхидог л юм байна гэж ойлгосон.
Гэхдээ Монголд шүүхэд тэнцээгүй боловч би Америкт докторын сургалтанд оролцох шалгаруулалтанд тэнцсэн л дээ. Тэгээд энд ирээд докторын ажлаа эхлээд байна.
Би өөрийн хувьд нэг их алдаагүй гэж бодож явдаг хэдий боловч "Би монголд шүүгч хийсэн бол монголын шүүхийн тогтолцоог боловсронгуй болгоход тодорхой хувь нэмэр оруулж, түүгээрээ Монгол улсын нийгмийн хөгжил, ардчилал, хүнйи эрхийг хамгаалах үйлсэд тус дэмжлэг үзүүлэх боломжтой байсан" гэж л бодож явдаг юм.
Америкийн их сургуульд доктор хамгаалах ажил маань 3-5 жилийн хугацаатай юм. Одоо хоёр жил суралцаад дуусгавал Монголдоо очоод багшлах юмуу, эсвэл шүүгчээ хийх боломжтой л юм. Гэхдээ тухайн үеийн байдлаас л болно, ажил хийе, юм хийе, эх орон ард түмэндээ сурсан мэдсэнээ зориулая гээд ирэхээр цааш түлхдэг ийм тогтолцоо хэвээр байвал Монголд очиж илүүд гарсан хүн болж, ажилгүйчүүдийн эгнээг нэгээр нэмэгдүүлэх хэрэггүй шүү дээ.
Уучлаарай, хэдий хугацаатай үргэлжлэх ярилцлага билээ.

- Бид хоёрын яриа бол ерөнхийдөө өндөрлөх тийшээ хандаж байна. Яг одоо танай гэр бүлийнхэн таныг сонсож байгаа. Тэдэндээ юу гэж хэлэх вэ? Бас ярилцлагынхаа төгсгөлийг би танд үлдээе. Би дандаа танаас асуугаад байсан. Танд бас ярья гэж бодож байсан зүйл байгаа гэж бодож байна.

- Манай Америкийн их сургууль өөрийн радиотой л доо. Яг энэ танайх шиг ийм радио нэвтрүүлэг явдаг юм. Би гэрээсээ сургууль хүртэл бас нэг 30-40 минутын хугацаагаар машинаар явдаг ...
Тэгээд радио сонсоод явж байхад манай сургуулийн нэвтрүүлэгч Кожа Нанн заримдаа гадаадад байгаа америк хүмүүстэй ярилцлага хийж байгаа сонсогддог. Тэр нь надад их сайхан санагдаж, Монголыг ямагт бодогдуулдаг юм.
Єнөөдөр Америкт амьдарч, сурч байгаад Монгол дахь радио нэвтрүүлгээр дамжуулж уулзаж байгаадаа их баяртай байна. Танай радиогийн хамт олонд талархаж байна. Гэр бүлийнхээ хүмүүст мэнд хүргэж байна. Захиалсан дуу маань явах байх.
Надад сэтгэгдлээ хэлэх хугацаа өгч байгаад бас их баярлалаа. "Эрдэмд орой үгүй" гэдэг нэг Монгол үгийг би ямагт санаж явдаг. Би Монголд шүүгч хийж байхдаа өөрийгөө их ухаантай, их юм мэддэг л гэж боддог байсан. Тэгээд энд ирээд юм үзэж, нүд тайлж, эрдэмтэн мэргэн олон хүмүүстэй уулзаж танилцаж, суралцаж байхдаа "бас болоогүй байна даа" гэж дандаа боддог. Тэгэхээр ихийг бүтээхийн тулд ихийг сурах хэрэгтэй юм байна гэдгийг ухаарч байна. Түүнийг л монголчууддаа, хуульчиддаа хэлэх байна.
Єөрөө сураад дараа нь бусдыг маргаашийн хуульч, шүүгчдийг сургаж хүмүүжүүлэх ёстой юм л даа. Ер нь бол Монголын төр засаг сурсан тодорхой мэдлэг боловсрол эзэмшсэн тийм мэргэжилтэй хүмүүсээ эх оронд нь байлгаж ажил төрөлд нь оруулж, сурсан мэдсэн зүйлийг нь хэрэглэх талаар л тодорхой чиг бодлого баримтлах нь зүйтэй юм болов уу гэсэн бодолтой байдаг.
2 жилийн өмнө шиг санаж байна, Баабар нэг удаа 30 мянган хүн гадаадад сургаад Монголыг өөд нь татна гэж бичсэн байсан, Тэр 30 мянган хүнээ гадаадад сургаад, бүгдийг нь гадаадад алдаад байвал тэр хэрэгжихгүй байх магадгүй л юм.
Нэг зүйлийг тодруулж хэлэхэд манай сургуулийн нэр Америкийн Их сургууль юм шүү дээ. Хүмүүс заримдаа Америкт байгаа олон их сургуулийн талаар ерөнхийд нь хэлж байна гэж ташаа ойлгоод байдаг юм. Ерөөсөө манай сургуулийн нэр нь Америкийн Их сургууль юм. За ингээд их баярлалаа.

- Танд ч гэсэн баярлалаа. Єглөөнийхөө ажлын цагаас бидэнтэй хуваалцсанд.Таны өнөөдрийн ажил үйлс өөдрөг байх байхаа. Та Монголдоо байгаа юм шиг, найз нөхөдтэйгээ ярьж байгаа юм шиг сайхан ярилаа.

- Баярлалааа, баяртай.

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter