196-р сар2018

№10 Зочин: Дэмбэрэлийн Цэрэндорж

Нэвтрүүлгийн зочин: Дэмбэрэлийн Цэрэндорж

1963 онд Хэнтий аймгийн төв Єндөрхаан хотод төрсөн. Улаанбаатар хотын 10 жилийн 5-р дунд сургууль, Улсын Багшийн Дээд Сургуулийг төгссөн. 1995 оноос хэвлэл мэдээлэлийн байгууллагат ажиллаж эхэлсэн.
1997 онд Датаком компанитай хамтран компьютерийн мэдээллийн "МН" сэтгүүлийг үүсгэн байгуулалцсан.
1998 он хүртэл "2000" сэтгүүлийн редакцид ажиллаж байв. 1998 оноос АНУ-ын Сан Франциско хотод ажиллаж амьдрахын зэрэгцээ International Correspondence School-д Desktop Publishing чиглэлээр эчнээ суралцаж байна. Монголын Чөлөөт Ардчилсан Сэтгүүлчдийн Эвлэлийн гишүүн. Эхнэр Дүүрэнжаргал Сан Франциско хотод хамт амьдардаг. Охин Ариунзаяа Улаанбаатар хотын 10 жилийн 6-р дунд сургуулийн 5-р ангид сурдаг.

Ганбаяр:
- Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчидоо, та бүхний энэ оройн амар амгаланг айлтгая. Бямба гариг бүрийн 21 цагаас Датаком компаны Netphone картын тусламжтайгаар та бүхэнд хүргэдэг Над руу залга нэвтрүүлгийн ээлжит дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Хэдхэн мөчийн дараа бид АНУ-ын Сан Франциско хоттой холбогдож манай нэвтрүүлгийн зочин "Цахим өртөө"-ний гишүүн Дэмбэрэлийн Цэрэндоржтой уулзахнээ. Мөн сонсогч та бүхэн манай нэвтрүүлгээр дамжуулан дэлхийн аль ч улс орны аль ч өнцөг буланд ажиллаж, амьдарч байгаа өөрийн хайрт залуу, аав ээж, ах дүү, найз нөхөд хэнтэй ч гэсэн ярилцах ийм боломжийг манай нэвтрүүлэг үнэгүйгээр олгож байгаа. Манай өмнөх нэвтрүүлгийг хэрвээ та сонссон бол нэвтүүлэгт маань Английн иргэд оролцож байсныг та бүхэн санаж байгаа болов уу гэж найдаж байна.
Байна уу? Би Цэрэндорж гуайтай ярих гэсэн юм.

Цэрэндорж
- Би байна аа.

- Сайн байна уу, би 107.5 FM радиогоос ярьж байна.

- Сайн. Сайн байна уу?

- Та одоо радио сонсож байгаа хүмүүст өөрийгөө танилцуулахгүй юу? Сан- Франциско хотод хэдэн жил болж байна ямар чиглэлээр ажиллаж сурч байна. Энэ талаараа нэг ярихгүй юу?

- За би АНУ-д ирээд 3 жил гаруй болж байна. Сан Франциско хотноо эхнэрийн хамт амьдран суудаг. Америкт ажиллаж, сурч амьдралын мөр хөөж яваа жирийн монголчуудын нэг л дээ. Америкийн баруун эргийн Сан Франциско хотод нилээд тооны монголчууд төвлөрөн ажиллаж амьдарч байдаг гэдгийг Монголд тодорхой хэмжээгээр мэддэг байхаа гэж бодож байна.

- Тэгэхээр таныг Цахим өртөө сүлжээний "Замдаан" гэдэг сэтгүүлийг санаачлан, эрхлэн гаргах болсон гэж сонссон. Яагаад энэ сэтгүүлийг гаргах болсон юм, энэ сэтгүүлд чухам яг юу хэвлэгддэг, танай сэтгүүлээс гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд маань юуг олж мэддэг вэ? Сэтгүүлээ нэг танилцуулахгүй юу?

- Анх Америкт ирээд явж байхад монголчууддаа зориулан нэг мэдээллийн сэтгүүл сонин хийе гэсэн санаа анхнаасаа төрж байлаа. Тэр үед буюу одоогоос 3 жил гаруйн өмнө бидэнд нутгаасаа мэдээлэл авах боломж бас л бага байсан. Нийтийн номын санд очиж урьдчилан цаг авч Интернетэд холбогддог байлаа. Хийж байгаа ажил зав зайнаасаа болоод сонин сэтгүүлтэй манатай явсан үе ч бас бий л дээ. Одоо Интернэтэд монголын мэдээллийн олон сайтууд шинээр нэмэгдэн гарч, сонин хэвлэлүүд ч өөрсдийнхөө сайтыг шуурхай байрлуулдаг болжээ. Тухайлбал MongoliaOnline, Mongolica, MongolMedia, MongolNet гээд мэдээлэлийн сайтууд Монголд гарч буй ихэнхи өдөр тутамын хэвлэлийг нэгтгэн гаргаж байна. Эндхийн Монголчууд маань бүгд л шахуу гэрээсээ Интернетэд холбогдоод дуртай сонин хэвлэлээ өдөрт нь уншдаг болсон. Ингээд дан ганц Монголын талаар мэдээллийг нэгтгэсэн сонин хэвлэл гаргах санаа маань хоцрогдсон. Гэхдээ өөрсдийн сонин хэвлэлтэй болох хэрэгцээ бодитой байсан. Америкт анх ирж байснаа бодвол Монголчууд маань тодорхой хэмжээний ажлын дадал туршлагатай цаг завтай болсон, өөр хоорондоо төрөл бүрийн мэдээлэл солилцох хэрэгцээ гарч ирсэн тэгээд ч нэгдэн зохион байгуулагдах, сонин сэтгүүл хийх талаар санал гарч эхэлсэн. Мөн дээр нь олон чухал үйл явдлууд өрнөж эхэллээ. Тухайлбал манай урлаг соёлынхон энд ирж тоглох боллоо, хэд хэдэн хотуудад Монголын хэргийг хамаарах өргөмжит консултай болсон, ерөнхий сайд Сан Францискод айлчилсан гэх зэрэг. Ингээд эдгээр мэдээллийг сар бүр нэгтгэн Монголчууддаа хүргэж байх өөрсдийн сэтгүүл гаргахаар шийдсэн юм. Одоогоор 4-н дугаар гараад байна. Монголчууд маань маш сайн хүлээн авч дэмжиж, зардал мөнгө хандивлаж байна. Сэтгүүлдээ санал бодлоо чөлөөтэй бичиж эхэллээ. Америкт амьдарч буй нийт Монголчууд манай сэтгүүлийг тодорхой хэмжээнд мэддэг болж байна. Бид сэтгүүлээ АНУ-н Калифорни мужийн Сан Франциско, Оакланд, Сакраменто, Лос Анжелес зэрэг хотуудад үнэгүй тарааж байгаа. Цаашдаа Америкт байгаа нийт Монголчууддаа шуудангаар илгээж байхаар зарлаж захиалга авч эхлээд байна. Ер нь Америк дахь Монголчуудыг 3 хэсэг газарт төвлөрөн суудаг гэж хэлж болно. Төвийн мужууд дахь Денвер, Чикаго хотодуудад нэг төвлөрөл бий. Тэнд "Денверийн мэдээ" гэдэг сонин гарч байна. Зүүн эргийн Вашингтон Нью Йорк хотноо суугаа монголчууд маань "Америкийн Монголчууд" гэдэг сонин саяхан гаргасан тухай баяртай мэдээ дуулдсан.

- Тэгэхээр та Монголд хэвлэлийн газруудад ажиллаж байсан. Америк дахь хэвлэлийн газар болон энэ жижиг хэвлэлийн газрууд ямаршуухан байдаг вэ. Орж үзсэн үү, ер ямаршуухан байдаг болоо, Америкийн хэвлэлийн зах зээл хэр хөгжсөн бэ?

- Америкт бол сонин хэвлэлийн тоймгүй олон суваг бий. Тэгэхдээ хүмүүс өөрсдийн тогтсон тодорхой мэдээллээ байнга авдаг сувгуудаа сонгоод авчихсан байдаг. Жишээ нь, Сан Франциско хотын хувьд хүмүүс өдөр тутмын мэдээллийг зөвхөн энд гардаг 2-хон том сонингоос уншдаг үздэг байх жишээтэй. Хэвлэлийн газруудын хувьд том хэмжээнд би сайн мэдэхгүй байна. Жижиг хэвлэх, олшруулах хувилах тийм технилоги америкт хамгийн их хөгжсөн, газар сайгүй байж байдаг. Yйлчилгээний ямар ч газар орсон, шатахуун түгээгүүрийн газар орсон ч гэсэн бичиг баримт хувилаад авчих хэмжээний тоног төхөөрөмжүүд заавал байж байдаг. Жижиг хэвлэх үйлдвэрийн хувьд гэвэл хуучин технологи халагдаагүй ажиллаж л байна. Хаана ч ялгаагүй хамгийн гол нь чанар ашиг хоёрыг баримтлана. Би сэтгүүлийнхээ эхний дугаарыг офсет машинаар хэвлэсэн. Яг л манайхтай адил хуучны хэвлэх машин байж байна лээ. Дараа нь хэвлэлийн нилээн сүүлийн үеийн хувилах, олшруулах технологи бүхий энэтхэг эзэнтэй хэвлэх газарт сэтгүүлээ байнга хэвлүүлдэг болсон. Тэр энэтхэг залуу эхнэртэйгээ хоёул бүх юмаа ажиллуулдаг. Тодорхой тооны захиалагчтай, зах зээлээ олсон жижигхэн хэвлэлийн газар. Энд хуучных шиг эхээ принтлээд аваад явна гэсэн ойлголт байхгүй. Эсвэл зөөврийн компьютер дээрээс залгаад гаргахад бэлэн юмаа бариад очих, эсвэл ихэнхи захиалагч нь local network-оор харилцаж захиалга бүх юмаа өгч авалцдаг. Захиалагчийнхаа ажлыг дор дор нь Интернэтээр үзээд хоорондоо харилцдаг, мөн дизайнертайгаа тэр материалаа Интернэтээр дамжуулан солилцдог. Эх бэлтгэгч дизайнерууд нь болохоор гэрээсээ ажиллаж байх жишээтэй. Зарим томхон хэвлэлийн газрууд зохиогчоос ном сэтгүүлийн эрхийг урьдчилан худалдаад авчихдаг тэгээд борлуулалт ашиг, алдагдалаа бүрэн даадаг тогтолцоо бас бий. Товчхон хэлхэд иймэрхүү л байна даа.

- Монголчуудынхаа талаар ярья л даа. Сан Францискод хэдий хэмжээний монголчууд байна, тэдний гол зорилго юу вэ? Суралцах уу, эсвэл мөнгө олох уу?

- Сүүлийн үед ирж байгаа монголчуудын тоо бол эрс нэмэгдэж байгаа. Энд байгаа оршин сууж буй хүмүүсийн хувьд гэвэл албан ажил, аялал жуулчлалын зэрэгцээ дийлэнх нь сургууль курсийн шугамаар ирцгээсэн залуучууд байна. Ихэнхдээ Америкт сургууль курст явахын зэрэгцээ, ажиллаж, амьдрал ахуйгаа болгоод байдаг. Манайхны хувьд ажил хийхгүйгээр амьдрах сурах ямарч боломж байхгүй гэдэг ойлгомжтой. Тэгээд янз бүрийн ажил төрөл олж хийдэг. Авч олж буйнхаа хэрээр өөрийгөө бүрэн авч явахын зэрэгцээ эргээд ар гэртээ явуулж байна өөрсдийн амьдрал ахуйгаа дээшлүүлж тэр хэмжээгээр улсдаа тус нэмэр болж байгаа гэж ойлгож явдаг. Америкт ажиллана гэдэг бол бидний хувьд бас нэг том сургууль юм. Бид энд өөрсдийгөө боловсруулж хөгжүүлж байгаа л гэж хэлнэ. Хаа очиж өмнөх нийгэм маань биднийг харанхуй хоосон толгойтой өсгөөгүй юм байна гэдгийг хөгжил дэвшилийн оргил гэгдэх энэ газарт бид мэдрэх тохиолдол бидэнд гардаг гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Эндхийн Монголчууд бидний хувьд шийдвэрлэх ёстой янз бүрийн олон асуудал хуримтлагдсан байдаг нь үнэн. Yvнийг эхнээс нь шийдэх талаар консулаар дамжуулаад асуудал яригдаж эхэлсэн. Монголчууд нэг үеэ бодвол сар болгон уулзаж янз бүрийн арга хэмжээ зохиодог болчихлоо, нэгдмэл зохион байгуулалтанд орох community байгуулах талаар асуудал хэлэлцэгдэж байна. Ингээд эхний ээлжинд бид нар санаа бодол бүх юмаа солилцдог, янз бүрийн зар мэдээ, санал сэтгэгдэлээ бичдэг ийм хэвлэлтэй болоод авлаа. Зарим нэг нь сургууль курсээ төгсөөд ажиллаад үлдэж байна. Банк санхүүгийн болон бусад бизнесийн байгуулагуудад сайн ажиллаж байна. Шинэ ирсэн хүмүүстээ туслаад янз бүрийн ажилд оруулж байна. Энхийн оросоос ирсэн еврей нар янз бүрийн том жижиг бизнес хүчтэй орж хөл дээрээ баттай зогссон байдаг. Еврей нартай харьцаж тэдний компани, дэлгүүр хоршоо, зочид буудал янз бүрийн бизнест монголчууд маш их ажиллаж байгаа. Оросуудтай хүмүүс хэл амаа ололцох асуудалд шинээр ирсэн хүмүүс голлон ордог юм. Дараа нь тодорхой хэмжээний туршлагатай болоод ирэхээр америкийн янз бүрийн компанид янз бүрийн л ажил хийж байна даа.

- Єнгөрсөн 9 сарын 11-нд Америкт хэнч таамаглаагүй, хэний ч толгойнд оромгүй тийм үйл явдал болсон. Yvнээс хойш жирийн нэгэн Америк эсвэл та нарын амьдрал байх орчин өөрчлөгдсөн үү, тийм зүйл ажиглагдсан уу, яг өнөөдрийн Америк орны байдал хэр байна вэ?

- Тэр үйл явдлаас хойш америкийн хууль дүрэм, цагаачдын талаар явуулах бодлогод нэлээн олон өөрчлөлт орсон. Тэр талаар хэвлэл мэдээллээр байнга яригдаж байгаа. Монголчууд бид нарын хувьд ямар нэгэн байдлаар эрх зөрчигдсөн, бид нар хавчигдсан ч гэх юмуу, янз бүрийн байдалд орсон юм тохиолдоогүй. Харин тэр үед Америк дахь Монголчууд цаг алдалгүй хуримтлал цуглуулж Америкчуудтай эв санааны нэгдэлтэй байна, аллага хядлага терроризмийг эсэргүүцэж байна гэдгийгээ илэрхийлж байсан. Тэр утгаараа бид хэдий цөөхөн ч улс төрийн мэдрэмжтэй ухаалаг байж чадсан. Ерөнхий сайд маань ирээд Монгол Улсын байр суурийг илэрхийлсэн. Ерөнхийдөө Америкт амьдарч байгаа хууль бус болон цагаачдын хувьд хяналт шалгалт нилээн ихэссэн л дээ. Тэгэхээр бид нар дор бүрээ бодлоготой, анхааралтай хэрэг түвэгт орчихгүй явах юмсан гэсэн санал сэтгэгдэлээ сэтгүүлээрээ дамжуулан ярьж хэлж байгаа. Ерөнхийдөө бидний хувьд онц өөрчлөлтгүй сайн байгаа гэж хэлэх байна.

- Тэгэхээр нэгэн зүйлийг тодруулая. Яг одоо та бид хоёрыг холбож, яриаг маань Улаанбаатарчуудад шууд сонсгож, ярилцах боломжийг олгосон Датаком компани Netphone утасны картны үйлчилгээнд юуны өмнө талархлаа илэрхийлэх ёстой байхаа. Та бид хоёрын яриаг дамжуулж байхад хэр сонсогдож байна? Танд миний яриа хэр хүрч байна?

- Энд чөлөөтэй сайн сонсогдож байна. Ер нь бид нар анх энд ирж байсан үед 4, 5 жилийн өмнө Монгол руу 1 минутад 5 доллар төлж ярьж байсан. Харин анх намайг ирж байхад 1 минутад 1 доллар орчмоор ярьдаг байсан. Одоо бол энд янз бүрийн урьдчилсан төлбөрт утасны карт гэж гарсан. Энд Вашингтонд суугаа монгол гаралтай хүмүүс «Байна уу communication» гэж компани байгуулаад монгол руу маш хямдхан ярьдаг болсон. Мөн "Hello Mongolia" гэдэг $6.00 үнэтэй картаар Монгол руу 50 минут ярьдаг. Датаком компанийг би өмнө нь мэднэ л дээ. Интернэт гэдэг аварга кибер ертөнцийг Монголд анх оруулах маш том чухал үүрэг гүйцэтгэсэн нэр хүнд бүхий компани. Монголд оюуныг дээдэлсэн бизнес хийдэг чадалтай компани. Энэ компанитай хамтран компьютерийн сэтгүүл гаргаж, энэ сэтгүүлийн редакцид ажиллаж байсан хүний хувьд Датаком компанийн бизнес менежмент Монгол улсад хэрэгтэй тустай олон зүйл цаашид хэрэгжүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Танай компанийн ажилс үйлсд өндөр амжилт хүсье!

- Танд баярлалаа. Нэвтрүүлэг эхлэхээс өмнө таны ээж, охин нарт утсаар хэлсэн. Яг одоо гэр бүлийнхэн тань болон Улаанбаатарт байгаа таны найзууд сонсож байгаа. Тэдэндээ хандаж юу гэж хэлэх вэ?

- Монголд байгаа ах дүү, төрөл садан, найз нөхөддөө сайн сайхныг хүсэж мэнд дэвшүүлэхийн зэрэгцээ, Америкт хүү нь охин нь байгаа нийт эхчүүддээ, монголын охид бүсгүйчүүддээ «Замдаан» сэтгүүлийнхээ өмнөөс баярын мэнд хүргэе. Ингээд та бүхэндээ зориулан Хурд хамтлагийн нэг дууг захиалж байна.

- Танд манай нэвтрүүлэгт оролцож өөрийн санал бодлоо хуваалцан, бид нартай ярилцсанд танд маш их баярлалаа.

- Та бүхэнд ч гэсэн нэвтрүүлэгтээ урьж, радио долгионоор дамжуулж ярилцах боломж олгосон явдалд маш их баярлаж байна. Та бүхний ажилд их амжилт хүсье, баярлалаа!

- Баярлалаа танд, болон гэр бүлийнхэнд чинь эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэе. Энэ морин жилдээ хийморьтой яваарай, хурдан Монголдоо ирээд охин болон ээжтэйгээ уулзаарай гэсэн ерөөл дэвшүүлэн нэвтрүүлэнгээ өндөрлье.

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter