196-р сар2018

№3 Зочин: Нацагдоржийн Энхжаргал

Нэвтрүүлгийн зочин: Нацагдоржийн Энхжаргал
Герман улсын Heidelberg хотод амьдардаг.
1990-23-р дунд сургууль төгссөн.
1990-1995-МУИС-ийн Олон Улсын Харилцааны Дээд Сургууль төгссөн.
1996-1999-Хэйдэлбэрг-ийн Их Сургуулийн Эдийн Засгийн ангийг суралцаж төгссөн. 2000 оноос Хэйдэлбэргийн Их Сургуульд Хөгжлийн Эдийн Засгийн чиглэлээр докторантурт сурч буй. Чөлөөт цагаараа www.gant-friends.com вэб сайтыг ажиллуулдаг. Энэ сайт нь Герман болон европын бусад улсуудад суралцаж буй монгол оюутнуудад мэдээлэл өгөх, тэдний бичсэн өгүүлэл, нийтлэлийг гаргах, зөвлөгөө өгөх зорилготой юм.

Ганбаяр
- Та өөрийнхөө ажиллуулдаг www.gant-friends.com вэб сайтаа монголчууддаа танилцуулахгүй юу?

Энхжаргал
- Бид нар 2001 оны 05 сард уулзалт хийсэн юм. Тэр уулзалтаар гадаадад сурч буй монгол оюутнууд цуглараад ер иймэрхүү уулзалт зохион байгуулж байх нь чухал байдаг юм байна. Хоорондоо холбоотой байдаг юм байх хүсэлтэй байдаг нь ерөнхийдөө тодорхой болсон. www.gant-friends.com вэб хуудсаа бол уулзалтаас өмнө ажиллуулж эхэлсэн л дээ. Анх ийм сайт ажиллуулах санааг Гантүшиг гэж залуу гаргасан, одоо манай сайтын ажиллагааг удирдан явуулдаг юм. Уулзалтын бэлтгэл ажил хийгдэж байх үеэр энэ тухай мэдээлэл, уулзалтанд оролцох нөхцөл, оролцох хүмүүсийн нэрс зэргийг сайт дээрээ байрлуулж байлаа. Уулзалтын дараагаас эхлээд хүмүүсийн манай сайт руу зочлох тоо нь нэмэгдсэн тул их урамшсан, тэгээд одоо ч сайтаа ажиллуулж байна. Гол нь энд сурч байгаа оюутнуудыг хооронд нь холбоотой байлгах, мэдээлэл солилцох зорилготой. Оюутнууд өөрсдөө сайтаа их сурталчилдаг. Урьд нь зүүн Германд зөндөө монгол оюутнууд сурч байсан. Хоёр Герман нийлснээс хойш ерөнхийдөө хоорондоо холбоогүй болчихсон байлаа. Одооноос эргээд хоорондоо холбоотой байхыг чухалчилж байгаа юм.

- Социализмын нийгмийн үеэс монголчууд германд маш ихээр суралцдаг байсан. Одоо ч Германд сурах монгол оюутнуудын тоо буурахгүй байгаа. Мөн монгол хүмүүс хараар амьдрах, хараар ажиллах гээд л энэ тоо ерөөсөө буурдаггүй. Тэгэхээр одоо Германд багцаагаар хэдэн монголчууд ажиллаж амьдарч, сурч байна вэ? Яг одоо Герман улсыг зорих гээд визээ хөөцөлдөж байгаа тэр залууст, тэр хүмүүст юуг анхааруулах вэ, юуг хэлэх вэ? Герман оронд онгоцноос буухад монголчуудыг хамгийн түрүүн ямар орчин хүлээж байгаа вэ?

- Ер нь бол Германд оюутнууд ирж суралцах сонирхол их байдаг. Энэ нь олон шалтгаантай. Яагаад вэ гэвэл дээд сургууль нь төлбөргүй. Тэгэхлээр Англи, Америк явахаасаа илүү Германд залуучуудыг ирж сураач ээ гэж би захимаар байна. Англи, Америкт бол сургууль нь үнэтэй, амьдрал нь үнэтэй, хар ажил хийгээд л бараг таардаг юм шиг байгаа юм. Манайд бол зөндөө стипендгүй оюутнууд байдаг. Хараад байхад ажлаа ч хийдэг, хичээлээ ч хийгээд болоод байдаг. Гол нь наашаа ирэхдээ юу анхаарах хэрэгтэй вэ гэхлээр, юуны түрүүнд ямарч л байсан хэлтэй байж ирнэ. Хэлгүй энд ирээд хэлний курст өчнөөн их мөнгө төлөөд сурна гэдэг бол маш хэцүү. Тэгэхлээр бүтэн жил Монголд Герман хэл сурч байж наашаа гарах хэрэгтэй. Хоёрт, дээд сургуульд орохдоо өөрийнхөө сонирхдог чиглэлээр сурсан нь дээр. Их сургууль үнэхээр хэцүү, Германы сургуулиуд шаардлага маш өндөртэй байдаг. Бүх юм нь герман хэл дээр, тэгэхээр яг сонирхсон, чаддаг чиглэлээрээ л сурах хэрэгтэй. Гуравт, монголд ямар нэгэн байдлаар зуучлаад, мөнгө аваад дээд сургуульд явуулдаг тийм байгууллагаар үйлчлүүлээд хэрэггүй. Манай вэб хуудсанд Герман улсын дээд сургуульд яаж орох вэ гэсэн сэдвээр 7 хоног бүр шинэ мэдээлэл гаргадаг. Тэр хуудаснаас бүх мэдээллээ хараад, өөрсдөө хөөцөлдөөд, Германд сургуульд ирэхэд бүх материалаа л бүрдүүлсэн байвал сургуульд орох бүрэн боломжтой. Ирсэн хойноо ажил хийгээд амьдрах боломжтой. Тийм ч учраас одоогоор албан ёсны биш тоогоор бараг 1000-аад оюутан дээд сургуульд байдаг. Нийтдээ одоо ажилладаг, сурдаг нийлээд 3000-4000 мянган монгол байдаг гэж тооцож байгаа. Ер нь жил ирэх тусам баруун Германы хотуудад монголчууд маш их болж байгаа. Энэ ч бас давуу талтай.

- Германчуудтай бид ямар салбарт хамтран ажиллавал их үр өгөөжтэй байх болоо. Ер нь Германчуудаас авах зан чанар нь таны бодлоор юу вэ?

- Авах чанар нь маш олон. Би дээр ярилцлага өгч байхдаа ярьж байсан. Манай уулзалт зохион байгуулж байсан оюутнууд өөрсдөө бас яг Герман хүний зан чанар гаргасан учир бидний уулзалт маш сайн зохион байгуулалттай болж өнгөрсөн. Германчууд бол ажилдаа маш яс байдаг. Нэг даалгавар авсан бол тэрийгээ заавал дуустал нь хийдэг. Чимээгүй алга болох, мартчихсан ч юмуу гэх юм байдаггүй. 2-т цаг барьдаг, 3-т хэрвээ хэн нэгэнд тусална гэсэн бол заавал хэлсэндээ хүрнэ. Бүр араас нь хөөцөлдөж байгаад амласан юмаа биелүүлдэг. Тийм сайхан зан чанар байдаг. Ямар нэгэн ажлаа хэзээ ч дутуу орхихгүй. Улам л ажлаа цаашдаа сайжруулж байхыг хүсч байдаг. Хамтарч ажиллах салбарын хувьд бол манайд зөндөө германы байгууллага орж ирсэн байгаа. Би өөрөө хоёр орны хооронд харилцааг нилээн гадарладаг учраас бодоод байхад яг том хэмжээний хөрөнгө оруулалт Германаас орж ирэхгүй байгаа. Энэ тал дээр бид нар анхаарах хэрэгтэй юм шиг санагдаг юм. Харин Англи, Америкаас том хөрөнгө оруулалт зөндөө орж ирдэг юм шиг байгаа юм. Гэтэл Германаас жижиг дунд үйлдвэрлэл зонхилоод байдаг. Yнэхээр их хэмжээний хөрөнгө оруулалт Германаас орж ирээгүй байгаа. Тэр тал дээр бид, ялангуяа энд сурч байгаа хүмүүс сайн анхаарах, ирээдүйн хөрөнгө оруулагчдыг олох, тэдэнтэй холбоотой байх нь чухал юмуу гэж би боддог.

- Та бид хоёрыг утсаар ярьж байхад үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн хүмүүс зөндөө байгаа. Таны ажиллуулдаг вэб хуудасны хаягийг манай радио сонсогч нарт дахин танилцуулахгүй юу?

- Би Монголын радиогоор ярилцлага өгч, өөрсдийнхөө вэб хуудсыг танилцуулж, ер нь германд байгаа оюутнуудынхаа өмнөөс ярьж байгаадаа их баяртай байна. Манай хуудас руу ороод та өөртөө хэрэгтэй мэдээллээ олж чадна гэдэгт найдаж байна. Манай сайтын үйлчилгээний тухай, Германд хэрхэн сургуульд орж болох тухай, ер нь Германд оюутнууд ямаршуухан байдаг гэхчлэн олон мэдээллийг манай вэб өгч чадна. Хаяг нь www.gant-friends.com. Манай вэбийн бас нэг үйлчилгээ байдаг. Энэ бол асуулт-харилут явуулах. Манай contact хаягаар бид нар Германд суралцахтай холбоотой, ер нь өөрсдийнхөө сонирхсон бүх асуултыг явуулбал бид нар өөрсдөө хариу өгдөг юм. Мөн хариултаа бид нар хуудсан дээрээ гаргадаг.

- За, танд маш их баярлалаа. Манай нэвтрүүлэгт оролцож, сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа. Ингээд яриагаа өндөрлөе.

- За та бүхэнд баярлалаа.

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter