197-р сар2018

“Эргэх хорвоогийн жам” гурвал роман хэвлэгдэн гарлаа

Б.Жавхлан, Португал,  2007 оны 6-р сар
 
Зохиолч Жигжидийн Бямбын “Эргэх хорвоогийн жам” цуврал роман болох “Хорвоогийн өнгө”, “Энэрэлгүй хорвоо”, “Үнэний хорвоо” романыг Сэлэнгэпресс компани дахин хэвлэн уншигч түмний гарт энэ хавар хүргэжээ.
 
1971, 1980, 1984 онд хэвлэгдэн гарсан эдгээр номууд, тухайн үедээ номын дэлгүүрт очингуутаа урт дараалал үүсгэн дуусч, уншигчдын талархлыг хүлээж байсан юм. Хэдийгээр уншигчдын унших дуртай номуудын тоонд баттай орсон байсан боловч, социализм, коммунизм байгуулж буй тухайн нийгмийн үзэл бодолтой таарахгүй зохиол бичсэн гэж Ж.Бямба хүчтэй шүүмжлэлд өртөж байсан аж.
 
“Хорвоогийн өнгө” романыг хэвлэгдэн гарсны дараа утга зохиол шүүмжлэгч Ц.Хасбаатар “Хорвоогийн өнгийг хэтэрхий хар бараан болгожээ” гэж шүүмжилж энэ шүүмжлэлийг нь манай нэртэй зохиолч С.Удвал өмгөөлж байсан бол Б.Ринчэн, Ц.Дамдинсүрэн нар шүүмжлэлийг няцааж, Ж.Бямбын роман монголын орчин үеийн уран зохиолд өөрийн байраа эзлэх чансаатай зохиол болсныг нь үнэлж байжээ.
 
 “Монгол ардын хувьсгалын дөчин жилийн ойд зориулж БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс зарласан том хэмжээний уран зохиолын уралдаанд Талын цэцэг” туужаараа хоёрдугаар байр эзэлж Монголын утга зохиолд дуутайхан орж ирсэн зохиолч Ж.Бямбын бичсэн роман болгон нь уншигчдын талархал хүлээж байсан гэхэд илүүдэхгүй. 
 
“Энэрэлгүй хорвоо”, “Үнэний хорвоо” романууд ч хэвлэгдсэний дараа шүүмжлэгч нарын үзгийг хурцалж, тэднийг энхрий хайрт намдаа үнэнчээ илтгэхийн гэрч болж байсан. Харин тухайн нийгмийн эрээн бараан, үнэн зөвийг илчилж байснаараа Ж.Бямба өөрийн үзэл санааны хувьд ихэнх зохиолчдын өмнө алхалж байсныг Ч.Дагвадорж тэмдэглэсэн байдаг. 
 
Д.Цэдэв , зохиогчийн “Эргэх хорвоогийн жам”-ыг байгалийн хорвоо, нийгмийн хорвоо, оюун сэтгэлгээний хорвоо гэж үзээд зангидан хүний хорвоо гэж нэрлэж болно гэжээ. Тэрээр цааш нь өгүүлэхдээ, хүний хорвоогийн эхлэл хаана, төгсгөл хаана, тасалдал хаана, үргэлжлэл хаана байна вэ? Үүнийг хүн төрөлхтөний хувьд, нэгэн үндэстэн угсаатны хувьд, нэгэн овог отгийн хийгээд хувь хүний хувьд хамааруулан ярьж болох. Үүний сүүлчийн нэгэнд хамааруулсан сэдвийг зохиолч Ж.Бямба сонгож, хүний мөн чанар болсон ёс суртахууны асуудлыг өргөн цар хүрээтэй дэвшүүлэн тавьж” зохиолдоо өөрийн баатруудын дүрээр тусган чадварлаг гаргажээ гэжээ.
Сэлэнгэпресс компанийн редактор Ч.Наранцэцэг номын оршилд“Одоо үед уншигч олны гар дээр үргэлжилсэн үгийн амьдралд сургаал, эргэцүүлэл төрүүлэх дорвитой зохиол ховордсон тул хуучны чансаатай номнуудас сонгон, бас ч үгүй номд дуртай уншигчдынхаа хүсэлтийн дагуу зохиолчийн гэр бүлийнхний зөвшөөрлөөр хэвлүүлж байгаа болно. Энэ сайхан номыг уншиж амжаагүй яваа шинэ үеийн залуучуудад зориулан, уншсан урьдын хүмүүсийн урмыг мялааж “Гурван хорвоог” та бүхний гар дээр өргөн барьж байна” гэж бичжээ.

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter