Цахим Єртөө Холбооны Мэдэгдэл

Монгол улсын эвслийн засгийн газрыг огцруулах ажиллагаа хэдийгээр сар гарны өмнө болж өнгөрсөн ч энэ нь Монгол улсын үндсэн хуулийн заалттай зөрчилдсөн үйлдэл хэмээн үзэж Цахим Єртөө Холбооноос нэгэн Мэдэгдэл гаргаад байсныг нийтэд хүргэж байна.

Энэхүү Мэдэгдэл нь Үндсэн хуулийн Цэцэд МИУС-ийн багш хуульч Тэмүүжиний өгсөн өргөдөлтэй утга үндэслэл давхцаж буй тул цэцийн өгөх хариуг хамтдаа хүлээж буй аж. Мөн Тус Холбооны Хууль Эрх зүйн хэсэг энэхүү мэдэгдэлээ олон улсын зохих байгууллагад хүргэж хариу авахаар ярилцаж байна.


___________________________________________________


МЭДЭГДЭЛ



Монгол Улсын Их Хурал 2006 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2 дугаар тогтоолоор, Засгийн Газрыг огцруулахаар шийдвэрлэсэн нь дараах үндэслэлээр Монгол Улсын Үндсэн Хуульд нийцээгүй гэж Цахим Єртөө Холбоо үзэж байна.

1. Тогтоолд "Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн Газрыг огцруулах"-аар заасан нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-гийн "...Ерөнхий сайд, Засгийн Газрын гишүүдийг огцруулах" тухай заалттай зөрчилдөж байна. Нэр бүхий 10 гишүүний өргөдлийг авч хэлэлцэн тэднийг огцруулах эсэх тухай асуудлыг шийдвэрлэх ёстой байхад Засгийн Газрыг бүхэлд нь огцруулах шийдвэр гаргаж, Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлээ Улсын Их Хурал хэтрүүлсэн байна.

2. "Засгийн газар"-ын тухай Үндсэн Хуулийн гуравдугаар бүлгийн 43 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн " ...Ерөнхий сайд, эсхүл Засгийн Газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн Газар бүрэлдэхүүнээрээ огцорно" хэмээн энэхүү асуудлыг гүйцэтгэх засаглалын байгууллагын өөрийнх нь эрх мэдлийн хүрээнд хамааруулан, хуулиар журамлан тогтоосон байхад Улсын Их Хурал Үндсэн Хуулийн энэ заалтыг үл баримтлан, хуулиар тогтоосон журмыг зөрчин хөндлөнгөөс оролцож, "Засгийн Газрыг огцруулах"-аар тогтоол гаргаж, хуулийн заалтыг буруу хэрэглэж, Үндсэн Хууль зөрчсөн байна.

Ийнхүү Улсын Их Хурал нь Засгийн Газрыг огцруулахдаа Монгол Улсын Үндсэн Хуулийг ноцтой зөрчснийг Цахим Єртөө Холбоо эрс буруушааж байна.

Tvvнчлэн Улсын Их Хурал, Үндсэн Хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэх, Үндсэн Хуулийн заалтыг буруу хэрэглэх замаар Үндсэн Хууль зөрчиж Засгийн Газрыг огцруулан туйлын буруу жишиг тогтоосон нь Монголын ард түмний эрх ашигт ноцтой хор хохирол учруулж болохуйц сөрөг үр дагаварыг бий болгох маш зохисгүй үйл ажиллагаа болсон гэж бид үзэж байна.

Засгийн Газрыг хууль бусаар огцруулсан явдлыг эсэргүүцэн үзэл бодлоо илэрхийлж байгаа Монгол Улсын олон зуун мянган иргэдтэй бид санал нэг байгаа бөгөөд тэднийг туйлбартай дэмжих байр суурьтай байгаагаа Цахим Єртөө Холбоо мэдэгдэж байна.

Цахим Єртөө Холбоо


________________________________________________________

УИХ-ын тогтоолыг хавсаргав.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН TОГТООЛ

2006 оны 01 сарын 13 өдөр. Дугаар 02. Төрийн ордон. Улаанбаатар хот


Засгийн газрыг огцруулах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, ил санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Цахиагийн Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсугай.

2.Шинэ Ерөнхий сайдыг томилогдох хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Ерөнхий сайд /Ц.Элбэгдорж/-д, шинээр Засгийн газрын гишүүн-сайд томилогдтол үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Засгийн газрын гишүүдэд даалгасугай.

З.Энэ тогтоолыг 2006 оны 1 дүгээр сарын 1З-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ