186-р сар2018

Хазара ахан дүүс Монголд ирлээ

Өчигдөр хазара нутгаас ирсэн Гулам, Захра, Мэгдад нар маань Кабул-Дели-Бээжин-Улаанбаатар чиглэлд 7 хоног аялсны дүнд 21:25-д Буянт Ухаад буулаа. "Welcome to Mongolia, the land of Chingis Khaan! - Эзэн Чингисийн нутаг Монгол оронд тавтай морил!" гээд л Цахим Өртөөний бид буюу Лутаа ах, Байка, Анулан, Сансараа нараас гадна МУИС-ийн гадаад оюутан хариуцсан Мэндбаяр эгч, NTV телевизийн Дэлхийн Монгол айл баримтат киноны баг, МyClub-ын 4 оюутан хамт угтлаа. (MyClub гэснээс Цахим өртөөний Сэрдарам андын ТИС-ийн ажилсаг хичээнгүй оюутнуудаас бүрдсэн MyClub-ийнхан эдгээр хазара оюутнуудад байнга тусалж дэмжихээр болсон бөгөөд тэд цөлжилтийн эсрэг аянд идэвхитэй ажиллаж, чөлөөт цагаараа хөдөө орон нутагт олон мянган мод тарьж, усалж арчилж байдаг ёстой бахархмаар сайхан залуучууд!)

Сэтгэлдээ нар гийлгэж, гартаа цэцэг барин догдлон хүлээсэн биднийг хараад хазарачууд маань хөл газар хүрэхгүй баярлаж, "Үгээр хэлэхийн аргагүй их баярлаж байна. Та нарыг ийм сайхан угтана гэж төсөөлсөнгүй. Өвөг дээдсийнхээ нутагт хөл тавьж байгаадаа баяртай байна. Бид Монгол оронд хөл тавьсан бараг хамгийн анхны хазарачууд байх" гэж англиар хэвлүүхэн сайн ярьж байлаа.

Яг анхны нь бол биш юм. 9 сарын 11-ны дараа золигийн Осама Бин Ладинг нухчин дарах зорилго өвөрлөсөн Жорж Буш Афганистаны төрийн эрхэнд байсан Талибанчуудыг хөөн явуулсны дараа (дандаа муулуулдаг хөөрхий Жорж Бушд харин энэ удаа талархууштай!), Америкчууд Афганистан дахь стратегийн түншээрээ хазарачуудыг сонгосны дүнд энэ бүс нутагт үеийн үед дарлагдаж байсан хазарачууд сургуульд сурч боловсрол эзэмших, аятайхан ажил хийх гэх мэт иргэний үндсэн эрхээ бүрэн эдлэх болсон төдийгүй, анх удаа төр барилцах дээд түвшинд очих боломжтой болсон билээ. Афганистаны шилжилтийн засгийн газрын үед дэд ерөнхийлөгчөөр ажиллаж асан, хазара эмэгтэй улстөрч Др. Сима Самартай Кабулд уулзаж ярилцлага авах завшаан гарахад тэрээр 90-ээд онд Монголд нэг хуралд оролцож байсан тухайгаа хуучилж байсан.

Ер нь хазара оюутнууд маань Монголд ирэх болсон шалтгаан нь 2008 оны 10 сараас хойш хэрэгжиж буй NTV телевизийн "Дэлхийн Монгол айл" баримтат киноны төсөлтэй маш их холбоотой. Нилээд их хөрөнгө хүч зарж анх удаа 13 дугаар зууны Монголын байлдан дагууллаас улбаалж дэлхий даяар тархсан Монголчуудыг эрэн сурвалжилж, БНХАУ-ын Хөх нуур муж, Хөлөнбуйр, Уйгур Шинжаан, Юннань муж, ОХУ-ын Буриад, Халимаг, Тайвань, Афганистаны Бамиан, Энэтхэгийн Баруун Бенгал, АНУ-ын Нью Жерсид зураг авалт хийгдэж, дэлхийн 10 өөр газарт өдгөө аж төрж буй 10 Монгол айлын тухай өгүүлэх энэ цуврал баримтат киноны аян замын тэмдэглэл "Moнголоо хайсан Монгол" нэвтрүүлгийн эхний дугааруудыг NTV телевизээр үзэгчид маань үзсэн биз ээ. Баримтат киноны зураг авалт 2010 онд дуусах бөгөөд тэр үед та бүхэн бүрэн хувилбараар үзэж сонирхоорой. Хамгийн сүүлийн анги нь Хэнтий аймагт өрнөх юм.

Өнгөрсөн 2009 оны 1 сард миний бие орчуулагч, гүйцэтгэх продюсерийн хувиар Афганистан, Энэтхэг улсуудад тус баримтат киноны багтай хамт аялахдаа Афганистаны Бамианд амьдарч буй хазара зон ардын хүнд хэцүү аж амьдралыг хараад, "Монголын байлдан дагуулагчдын үлдэгдэл", "Биднийг хүйс тэмтэгчдийн үр удам", "Чингисийн шээс" буюу түүнээс долоон дороор доромжлуулан дуудуулж бусад пуштунүүд болон бүс нутгийн бусад олонхи үндэстнүүдэд олон зууны турш хядуулж, хүчирхийлүүлж, зовж зүдэрсэн хазарачуудыг хараад монгол хүний хувьд өөрийн эрхгүй нулимс унагаж, сэтгэл өвдсөн билээ. Хазарачууд бол өвөр монголчууд, буриадуудаас ч илүү хүнд хувь заяа туулсан ард түмэн. Ингээд хэл, соёл, нүүр царай гээд олон зүйлс нь яах аргагүй монголчууд бидэнтэй ямар нэгэн сэжмээр холбоотой нь зайлшгүй болох хазарачуудын нэгэн дунд сургуульд зочлох үед ганц ч болов хазарыг Монголдоо авчирч сургах юмсан, тэгээд ч Цахим Өртөөнийхний удаан ярилцсан тэтгэлгийн хөтөлбөрт хамгийн анх хамрагдах хүмүүс нь хазарачууд байж болох юм гэх мэт зүйлс толгой бууж байв. Тэгэхээр бид бүхэн NTV телевизийн хамт олонд талархах нь зүй. NTV-ээс ийм төсөл хэрэгжүүлээгүй бол энэ хүүхдүүд маань энд ирээ ч үү, үгүй ч үү. Mөн гурван хазара оюутны маань онгоцны тийзийг зохицуулж өгч, хөнгөлөлттэй үнээр үйлчилж, цаашид дэмжиж ажиллахаар болсон Air Ticket компаний хамт олонд гүн талархал илэрхийлье. (Баримтат киноны төслийн санаачлагч, сэтгүүлч М.Буянбадрахын нийтлэлүүдийг эндээс уншаарай. үзэж болно.)

Нэгэнт орой болсон бас онгоцонд хоол идсэн гэж тэд хэлсэн тул төлөвлөсөн ёсоор тэднийг хоолонд оруулалгуй шууд МУИС-ын гадаад оюутны байранд нь хүргэж, байртай нь танилцуулж өрөөнүүдэд нь орууллаа. Тэдний бууж буй байр миний харсан Багшийн дээдийн дотоодын оюутны байр (Яагаад клубын зарим гишүүд нэг өрөөг нь засвар хийж, тохижуулж өгч байгаа юм)-ны дэргэд хамаагүй дээр юм байна. Дотроо 0-той, төмөр ортой. 1 өрөөнд нь 2 банди нь, нөгөө өрөөнд нь Захра байхаар болов. Дээшээ 3 давхарт гарвал гал зуух, нийтийн шүршүүр байдаг юм байна. За нэг их мундаг биш ч боломжийн сайхан байр байна. Дайныг нүдээр үзэж, олон зуунаар дарлагдсан гэсэн шиг харц нь дөлгөөн, цаанаа л насандаа ахадсан гэмээр хэрсүү авч бүгдээрээ их элгэмсүү, дөлгөөн зантай юм аа. Ер нь сэтгэгдэл маш өндөр байгаа нь илт. (Энэ дашрамд эдгээр оюутнуудыг уриалгахан хүлээн авч, маш их тусалж дэмжсэн МУИС-ын удирдлагад халуун талархал илэрхийлье. Тэд гадаад оюутнаа машинтай ирж тосч авдаг юм билээ.)

Өглөө 8.30-д Цахим өртөөний гүйцэтгэх албанаас Анулан, Сансар хоёр хазара оюутнууд дээр очиж өглөөний унд уулгаад 9 цагт Мэндбаяр эгч дээр аваачиж хичээлд нь бүртгүүлж, анхны хичээлд нь суулгажээ. Ойролцоогоор 55 орчим гадаад оюутан монгол хэлний бэлтгэл ангид сууж байгаа гэнэ. Нэг мексик, буриад, өвөр монголчууд байдаг гэнэ. Бас өөр орны хүмүүс ч мэр сэр бий гэнэ.

Үдийн цайны цагаар Цахим өртөөнийхөн цуглаж 12:50 -д анхны монгол хэлний хичээлээсээ тарсан Гулам, Захра, Мэгдад нартай Хасбанкны дэргэдэх Modern Nomads зоогойд хооллов. "Яасан тансаг зоогой вэ" гэж тэднийг хэлэхэд нээрээ л Улаанбаатарт дундаж зоогойд тооцогддог Modern Nomads маань сайхан тохижилттой болсныг анзаарав. Хазарачууд мах сайн иддэг, бас манайтай адил өрөмтэй талх, сүү, тараг зооглодог. Ингээд зочиддоо монгол хоол сонирхуулах үүднээс банштай цай, бууз, хуушуур, яаж дан мах идүүлэхэв гээд цэвэр ногооны салат захиалав. Их амттай байна гээд л идээд байв. "За тэгээд өвөл их хүйтэн тул Монголчууд бид махыг бол ёстой цохиж өгдөг хүмүүс шүү дээ, битгий гайхаарай" гэж сануулав. Зоог барьсны дараа бүгдээрээ Сүхбаатарын талбай руу алхацгаав. Өдөр маш сайхан цаг агаартай байсан тул тэдний ч сэтгэл их хөөрч, өдрийн гэрэлд Улаанбаатар хот ч сайхан харагдаж байлаа. Ардчилсан намынхан тухайн үед их л муулаад байсан болов ч манай их жанжны талбай сайхан болсон санагддаг юм. Төрийн ордон маань ч гэсэн. Монгол архитектурын хэв шинж агуулсан, хөлөг баатруудаараа мануулсан Төрийн ордон сүрлэг гэж жигтэйхэн. "Энэ юун барилгууд вэ?" хэмээн Гулам асуув. Их жанжны талбайн зүүн талд Соёлын төв өргөө, Дуурийн театр, Монголын хамгийн том групп MCS -ийн Central Plaza-г заан тайлбарлаж, Хотын захиргаа, ҮЭ-ийн ордон, Хөрөнгийн бирж, Голомт банк болон Чоно групп, Моннис Интернэйшнлийн бариулж буй өндөр барилгуудыг зааж тайлбарлав. Мөн ойрдоо зам засвартай тул замын бөглөөс ихтэй, гэхдээ сайхан замтай болж байгаадаа баяртай байгаагаа ч хэлэв. Тийм ээ, сул дорой, болж бүтэхгүй байгаа зүйлс их ч монгол маань алхам алхамаар хөгжөөд л байгаа хэмээн удаан уулзаагүй хамаатандаа сонин хуучилж буй аятай ярив. Хамгийн гол нь 370 жилийн ойгоо тэмдэглэж буй Улаанбаатар хот маань дөрвөн уулынхаа дунд оршдог, хуучин Хан уул нэртэй байсан боловч харин хожим Монголын хамгийн сүүлчийн эзэн хааны нэрээр нэрлэгдсэн Богд хан уулыг заан үзүүлж, энэ уул Улаанбаатарчууд биднийг байнга түшиж, бид ч шүтэж амьдардаг тухай өгүүлэв. Мөн эрт үед Богд уулын бараа харагдах газар хүн цаазаар авдаггүй хуультай байсан тухай дурдаад Улаанбаатарт төөрөх л юм бол урд зүгт байрлах Богд уулаараа баримжаа авч болохыг сануулав. Энэ үест Кабул хотын урд хэсгээр сунаж байрласан xазараги (хазара хэл)-гаар Кориах гэж нэрлэдэг өндөр уул харсан маань санаанд орж тэднээс лавлаж асуухад ямар ч байсан хазара үг, харин ямар утгатайг мэдэхгүй гэж хариулав. Бараг л монголоор "xорих", "хориг" уул гэж байгаа ч юм шиг. (Кабул хотын ойролцоо Бабур хааны шарил байдаг боловч зургийн баг давчуу хуваариас болж очиж чадаагүй юм. Харин Кабулаас хазарачуудын хуучин нийслэл, одоо ч олон мянгаараа амьдардаг Бамиан муж хүрэх замд Хиндикушийн уулсаар явдаг бөгөөд Урбан дарьяа гол даган урсах энэ л алдарт нурууны нэгэн хавцал руу зааж Багдадыг эзэлж Илхааны улсыг үндэслэн байгуулсан, Чингисийн ач, домогт Хүлэгү хаан дайтаж яваад өнгөрсөн хэмээн газарчилж явсан хазара найз маань тайлбарлаж байсан нь санаанд орно.)

Уг нь Цахим өртөөний нэрэмжит тэтгэлгээр хоёр л хазара оюутан шалгаруулах байсан авч бид Гуламыг нэмж гурав болгосон билээ. Сонгон шалгаруулалтын үеэр Гулам бол их дээд сургууль төгсөөгүй ч бичгийн өндөр чадвартай, хазараги, англи, перс зэрэг хэд хэдэн хэл мэддэг, хорьхон настай, түүх сонирхдог, маш ухаалаг залуу болох нь тодорхой байв. Дундад зууны үеийн монголын түүхийн ихэнхи сурвалж бичиг нь перс хэл дээр байдаг боловч манай түүхчид перс хэлгүй тул энэ хэл дээрх сурвалж бичгийг судалж чадалгүй өдий хүрсэн нь харамсалтай. Тэртусмаа хазарачууд хэн болох, Монголчууд бидэнтэй ямар холбоотой болохыг түүхч, хэл шинжлэлийнхэн маань сайн судлах шаардлагатай бөгөөд наанадаж Афганистанд Монголоос хэл шинжлэл, түүх судлалын дадлагын оюутан, шинжилгээний баг илгээх шаардлагатай байгаа юм. Одоогоор перс хэл судалдаг хоёрхон хүн олж тогтоосон нь Цахим өртөө холбооны гишүүн, Оксфордын их сургуульд түүхийн ухаанаар докторын зэрэг хамгаалсан Д.Баярсайхан эгч, ЭМОС клубын гишүүн, түүхийн ухаанаар Киотогийн их сургуульд суралцаж буй Л.Мандухай анд нар юм. Ингээд урд орой нь нисэх буудлаас хот руу явахдаа Гуламд өөрийн зүгээс нэгэн даалгавар өгсөн нь хазара ард түмэн болоод монголчуудын түүхэн харилцаа холбоо, эх сурвалжын тухай судалгаа хийж 5 жилийн дараа монгол хэлээ сайн сурч, түүхийн судалгаанд гаршсан үедээ түүхийн ном бичих явдал. Тэрээр ч энэ номыг дуртайяа бичих болно гэж амалсан билээ. Ямартаа ч Монголын үр сад хэмээн цоллуулж - цовдлуулж ирсэн тэд маань энэ л зовлонт тавилангийн учир монголчууд бидний ахан дүү болох нь үнэн. Гэхдээ хазарачууд үнэхээр монгол угсаатай юу үгүй юу, монголчууд бидэнтэй чухам ямар хамааралтай вэ гэдгийг бид шинжлэх ухааны үндэстэйгээр олж мэдэж, монголын түүхийн судлагдаагүй нэгэн цоорхойг нөхөх ёстой нь зүйн хэрэг.

Сүхбаатарын талбайн хойморт суух Их хааныхаа хөшөөний өмнө хазара дүү нар маань нүүрэндээ үл мэдэг гэнэн инээд тодруулаад зураг татуулж байлаа. Төрийн ордныхоо өмнө биднийг ивгээн харж, хаан хүний ёсоор ихэмсэг заларсан Эзэн богд Чингис хааны хөшөөг харах бүрийд өөрийн эрхгүй бахархан хайрлаж, олон зууныг дамжсан цуу алдарыг нь шүтэн бишэрч, тэр дороо эрч хүч авах мэт болдог боловч, харин өнөөдөр их Чингис хаан Таны олон зуун дамжсан их үйл хэргээс болж ямар олон монгол үндэстэн ястан, ямар олон хазарачууд, ямар олон буриадууд, ямар олон халимагууд зовж шаналсан бол хэмээн бодогдоход хачин санагдахаас гадна яах аргагүй гүн гуниг төрүүлмүй.

Related links in English
- The Tsahim Urtuu Scholarship Announcement
- The Scholarship Application (in PDF)
- The Tsahim Urtuu Scholarship Winners
- Donation Drive
Холбоотой мэдээллүүд
- Хандивын аян
- Цахим Өртөөний нэрэмжит оюутны тэтгэлгийн болзол
- Press Release: Афганистаны Монгол угсаатан Хазара оюутнуудад ”Цахим Өртөөний нэрэмжит тэтгэлэг” олгонo (PDF)
- Хандивлагчдын нэрс
- Цахим Өртөөний нэрэмжит Оюутны тэтгэлгийн ялагчид тодорлоо
- Ё.Отгонбаяр сайдад баярлалаа
- Энэтхэг дахь Монгол Улсын ЭСЯ болон МУ-ын ГХЯ-ны консулын хэлтэсийн албан ёсны мангуунуудад!

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter