215-р сар2018

Хамаг монголын амьдралыг хулгайлагчдын сүлжээг устгах тунхаг

МАХН-ын түр штабын ерөнхий зохицуулагч Ц. Шинэбаяр

Өнөөдөр Хамаг Монголын амьдралыг там болгож буй БИРДҮҮД Монгол орныг бүхлээр нь эзлэн авч, сульдаан доройтуулж буйг Монгол хүн бүр өөрийн биеэр мэдэрч, ойлгон хүлээн зөвшөөрч байгаа.

Энэ БИРДҮҮДИЙГ Монголчуудын амьдралаас үтэр түргэн цэвэрлэн устгах ариун үйлсийн төлөө Хамаг Монголын бүх үр сад, бүх хүчнүүд бүгдээрээ хүчээ нэгтгэн, хөл дээрээ бат зогсож, эрс шийдвэртэй тэмцэх цаг нэгэнт болжээ.

Хамаг Монгол нь хүн төрөлхтөний түүхэнд  дэлхийн чөлөөт худалдааны тогтолцоог бий болгож, дэлхийн нэгдсэн татварын тогтолцоог бүрдүүлж, үндэстэн бүр өөр өөрийн шашин шүтлэгтэй байж, энх тайвнаар зэрэгцэн орших боломжтой гэдгийг батлан харуулсан их түүхтэй.

Өнөөгийн даяарчлагдсан Дэлхийн тогтолцооны үндэс суурийг тавьж, хүн төрөлхтөн хамтдаа зэрэгцэн амьдрах боломжтой гэдэг цоо шинэ түүхийн хуудсыг бичсэн Хамаг монголоос нийт хүн төрөлхтөн олон зүйлийг хүсэн хүлээж байгаа гэдгийг бид ухаарах хэрэгтэй.

Гэтэл дээрх БИРД нар, Монгол хүн эрх чөлөөгөө олж авсны дараа хүн төрөлхтний энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө их зүйлийг хийж бүтээнэ гэж найдаж байсан найдлага одоо ч хүсэн хүлээж байгаа Хамаг Монголын ариун мөрөөдлийн өөдөөс жишим ч үгүй нулимж байгаа нь зөвхөн хамаг Монголын эсрэг биш, нийт хүн төрөлхтний эсрэг хийж буй гэмт хэрэг юм.
Бид, Хамаг Монголын амьдралыг хулгайлж байгаа энэ БИРДҮҮД хаана байна гэж холоос хайгаад байх шаардлагагүй. Та бидний дунд, өчигдөрхөн орцонд тоглож, хээр талд хурга ишиг хамт барилцаж байсан бидний таньдаг хүмүүс дотор байгаа. Чухамхүү Яагаад өнөөдөр эдгээр хүмүүс Хамаг Монголын амьдралыг хулгайлагч БИРДҮҮД болчихсон бэ гэвэл, та биднээс ялгаатай нь эдгээр БИРД нар амьдралын үнэнийг олж харах мэдлэггүй буруу хүмүүс байдаг.

Хамаг Монголын сайн сайхны төлөө бүтээгдсэн төрд эдгээр БИРД нар орж ирээд нутагшиж, хэзээ ч дуусашгүй хэмжээлшгүй шуналдаа хөтлөгдөж, Монгол хүний амьдралыг хулгайлж, Монгол хүнийг тээсэн ээжүүдийг шим тэжээлийн дутагдалд оруулж, өсөн торниж буй Монголын нялх хөвгүүд охидуудын угжих сүүг нь хоосолж, эх орны гэрэлт ирээдүй болсон идэр залуу үеийн маань ариун хөдөлмөрийг юуний ч чинээ үнэлэхгүйгээр орхигдуулж, тэтгэмжээс нь хулгайч мэт хумсалж, хийж бүтээх оргилуун хүсэл тэмүүлэлтэй залуу үеийг маань зүйл бүрийн аргаар хааж боон, гарт нь гав, хөлд нь дөнгө зүүсэн мэт чөлөөгүй, ямар ч боломжгүй болгож, эх орны хөгжил цэцэглэлт, үе үеийн хүмүүсийн үлгэр жишээ болсон азай буурал настнуудын амгалан сайхан амьдрах амьдралыг нь гудамжны гуйлгачиний хувь тавилангаар сольж байгаа төрийн хулгайч түшмэд нь Хамаг Монголын эсэргүү БИРДҮҮД болсон гэдгийг дахин анхааруулж байна.
Эдгээр БИРДҮҮДИЙГ орчин үеийн хэллэгээр авилгачин, олигархи, төрийн нэр барьсан хулгайчид, цаашлаад хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгтэнүүд хэмээн нийт хүн төрөлхтөн тодорхойлсон ба гадаад орнуудад КЛЭПТОКРАТ гэж нэрлэдэг. Үүнийг Монголчууд бид бүгд мэдэх ёстой. Эдгээр гэмт хэрэгтнийг тэвчиж хүлээх аргаар хэзээ ч цэвэрлэн устгах бололцоогүй юмаа гэдгийг ч бид ухамсарлах ёстой.

БИРД нар эгэл жирийн бид нарын нэгэн адил цалин авч байгаа мэт боловч зүйл бүрээр төсвийн мөнгө завшиж, үндэстний баялгийг хулгайлж Султан хаан мэт тансаг амьдралд хөлбөрч, хэдэн зуун сая төгрөгийн орон сууцанд сууж, хэдэн арван сая төгрөгийн машин хөлөглөж, хэдэн арван мянган долларын төлбөртэй гадаадын сургуульд үр хүүхдээ сургацгаана.

БИРД нарын авгай хүүхэд, хамаатан садан, тойрон хүрээлэгчид, даган баясагчид нь ард түмний ариун цагаан хөдөлмөрөөр бүтсэн төсвийн хөрөнгийг тендер маягаар удаа дараа тасралтгүйгээр залилан авч, өөрсдөдөө баялаг болгон хувиргахаар барахгүй гадны зээл тусламжийг мөн тендер нэрээр өөрийн орлого болгон хувьдаа завшицгаана.

БИРД нар авилгалаар хөрөнгөждөг. БИРД нар төрийн өмчит компаний шахааны бизнес эрхэлдэг. БИРД нар хот суурин газарт газрын хууль бус наймаа хийдэг.

БИРД нар үндэсний аюулгүй байдалд хор хохирол үзүүлж болох стратегийн бараа хэмээх нэрийдлээр хүнс болон шатахуун түлшийг нөөцлөн төсвийн мөнгөнөөс идээд зогсохгүй өөрийн гар хөл бологсдын хэрэгтэй хэрэггүй бараа бүтээгдэхүүнүүдийг өндөр үнээр төсвийн мөнгөөр худалдан авхуулдаг.

БИРД нар Хамаг Монголын өмч болсон байгалийн баялгийг хайр найргүй тасдан авч хувьдаа компани байгуулан, харийнханд найр тавин наймаалцаж, стратегийн ач холбогдолтой орд газрыг төрийн өмч хэлбэрээр зохион байгуулж, өөрсдийн гар хөл бологсдыг тэдгээр төрийн өмчийн компаниудад хуруу хумсыг нь билүүдэн байж томилон тэдгээрээр дамжуулан хулгай дээрмийг хийлгэдэг.

БИРД нар Инфляци нэрээр ард түмний мөнгийг шамшигдуулан шулдаг.

БИРД нар Банкны хүүг өндөр байлгах замаар хүн болгоны хөдөлмөрийг мөлжиж, халаасыг тэмтэрч, цус шимэгч тарган хувалз мэт ханаж цадахыг үл мэдэн ард иргэдийн шударга хөдөлмөрөөр үүссэн эд баялгийг үнэгүйдүүлж өөрийн болгож авдаг.

БИРД нар өөрийн аж ахуй нэгжүүдийн ашгийг хамгийн дээд хэмжээнд барихын тулд татвар төлдөггүй, тэд хүмүүнлэгийн үйл хэргийг хэрэгжих бололцоогүй болгодог.

БИРД нар хүн төрөлхтний эдийн засгийн түүхэнд хоцрогдож үлэг гүрвэл болсон уул уурхайн салбарыг цорын ганц хөгжлийн гарц, хувьсгал хэмээн сурталчилж, мэдлэгээрээ эдийн засгийн хөгжлийг удирдахыг бүтэхгүй хэмээн сурталчилж эхэллээ.

БИРД нар мэдлэг боловсролтой, ёс суртахуунтай, үндэстний төлөө амбицтай хүмүүсийг төрийн байгууллагуудад ажиллуулахыг үл хүснэ. Тэднийг аль болох ажилгүйдлийн эгнээ рүү түлхэн оруулдаг.

БИРД нар хууль бус, шударга бусаар олсон эдгээр нүгэлт эд хөрөнгөө гадаадын банк санхүүгийн байгууллагуудад хадгалах эсвэл үл хөдлөх хөрөнгийг худалдан авах байдлаар гадагш байрлуулдаг.

БИРД нар Хамаг Монгол үгээгүй ядуу, бусад улсуудаас хараат байдалтай амьдрах тамын тогоон дахь амьдралыг цогцлон байгуулж байна.

БИРД нар учир утгагүй уриа лоозон хашгирч, хийж бүтээх мэдлэггүй  мөртлөө сайн сайхан болно гэж удаа дараа амлаж явдаг үлгэрт гардаг мянгуужин, далан худалчтай усны дусал шиг адилаар барахгүй эрх мэдэлдээ халуурч ард түмнээ өчүүхэн өт хорхой мэт эндүүрэн үздэг мөртлөө харийн эрх мэдэлтний хөлд нь сөгдөж, улыг нь долоодог. Тэдний үр удам нь амьдралыг харлуулж, очсон газартаа шившигээ тарьсан ч өөрийгөө болж байна гэж гүнээ эндүүрэн тэргүүнээ өргөж явдаг залилагч нар байдаг.

БИРД нар мэдэх мэдлэггүй, итгэх итгэлгүй, авгайгаасаа өөр хүн таньдаггүй, эмээлээсээ өндөр уул хардаггүй, наад захын ёс суртахуунгүй бөгөөд өчүүхэн амьтдаар өөрсдийгөө тойрон хүрээлүүлж, тэдний хоосон худал магтаалд согтууран уусаж, мухар сүсэг, худал мэдлэг, дутуу мэдлэг, алдаатай мэдлэгийг газар тэнгэр нийлтэл магтан дуулдаг.

БИРД нар Хамаг Монголын эсрэг үйл хэргээ нэг биш удаа давтан үйлдэж, араатнаас амь өршөөн гуйх туулай мэт үнхэлцгээ хагартал айсан айдсын байдалд байгаа хэрнээ биелэгдэшгүй олон худлааг үнэн болгон хөөрөгддөг учир эдгээр БИРД нар итгэх итгэлгүй, зориглох зориггүй өчүүхэн дорой амьтад гэдгийг Хамаг Монгол мэдэж байх ёстой.

БИРД нар чадвал Хамаг Монголыг газрын хөрснөөс арчих хүсэлтэй боловч тэд чадахгүй. Тэдэнд ийм боломж Хамаг Монгол хэзээ ч өгөхгүй.

БИРДҮҮДИЙГ Монголын хөрснөөс цэвэрлэж Хамаг Монголоо аврах ариун үйлсийг ингэж тунхаглаж байна:

1.    Улс төрийн эрхэм зорилт:

•    Монгол оронд зөвхөн Монгол хүн эрхэм байхыг үндсэн хуулиар баталгаажуулна.
•    Монголын төр зөвхөн Монгол хүний төлөө байх төрийн ариун зорилгыг үндсэн хуулиар баталгаажуулж, төрийн ордоны дээвэр дээр Монгол бичгээр бичин мөнхжүүлнэ.
•    Төрийн эрх мэдлийг ашиглаж өөрийн төлөө, өөрийн гэр бүл, үр хүүхэд хамаатан садан, хамсаатанг хөрөнгөжүүлэх зорилгоор төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжийг шамшигдуулдаг хэлбэрээр илэрч байгаа олигархийн тогтолцоо нь Монгол үндэстэн цаашлаад хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг төдийгүй нийт ард түмний сайн сайхан амьдрах боломжийг хааж байгаа тул олигархиудыг Монголын улс төрөөс цэвэрлэнэ.
•    Монголын үндэстний эсрэг оюуны терроризмыг бүрэн таслан зогсоох зорилгоор мухар сүсэг, худал мэдлэг, дутуу мэдлэг, алдаатай мэдлэгээр ард түмний толгойг угаадаг бүх үйл ажиллагааг таслан зогсооно.
•    Даяарчлагдсан орчин үеийн дэлхийн тогтолцоог үндэслэгч Монгол үндэстэн улс дамнасан улс төр, эдийн засаг болон нийгмийн тогтолцоогоо сэргээн босгож бодитой болгох зорилгоор улс дамнасан үйл ажиллагааг явуулдаг төрийн тогтолцоог буй болгоно.
•    Монголын халдашгүй бүрэн эрхэд халдаж улс орноо худалдсан олигархиудад хуулийн хариуцлага хүлээлгэнэ.
•    Ардчилсан орнуудын засгийн газрууд, олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж гадаад дотоодод байгаа олигархиудын үл хөдлөх хөрөнгө, хувьцаа болон хадгаламжийг олон нийтэд ил тод болгоно.
•    Олигархиудын гар хөл болсон хэвлэл мэдээллийн байгууллагууд, олон нийтийн байгууллагуудыг хуулийн хариуцлага хүлээлгэнэ.
•    Аливаа зүйл зөв байх ёстой гэсэн зөвийн тухай ухагдахууныг улс төр, эдийн засаг, нийгмийн бүх салбарт сэргээн хэрэглэж, ардчиллын үнэтүүдийг жинхэнэ утгаар амьдралд нэвтрүүлж, Хамаг Монголыг өөртөө итгэлтэй амьдруулна.
•    Монгол оронд шударга хөдөлмөр эрхлэж байгаа  гадаадын иргэдийг авилгалчидаас хамгаална.

2.    Эдийн засгийн эрхэм зорилт:

•    Олигархийн тогтолцоог бүрэн устгах зорилгоор төсвийн хөрөнгөөр хэрэгжих төслүүдийг зөвхөн хувьцааных нь 90-ээс багагүй хувийг хөрөнгийн биржээр арилжаалсан олон нийтийн хяналтан дор үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд дунд тендер зарлаж гүйцэтгүүлнэ.
•    Монгол хүний эд хөрөнгийг үнэгүйдүүлж, монгол хүний хөдөлмөрийг мөлждөг монгол үндэстний эсрэг гэмт хэрэг болсон банкны хүүгийн боолчлолыг таслан зогсоож шударга хөдөлмөрөөр амьдрах бололцоог буй болгоно.
•    Улс төр, нийгэм эдийн засгийн бүх хүрээнд Монгол үндэстнийг мэдлэгийн эдийн засагт шилжүүлэх үндэстний хөдөлгөөнийг бүх бүс нутагт нэг зэрэг төлөвлөгөөтэй хэрэгжүүлнэ.
•    Даяарчлагдсан дэлхийд үндэстний оршин тогтнох гол хүчин зүйл бол тухайн үндэстний төр нь улс дамнасан эдийн засгийн үйл ажиллагааг явуулах институтын тогтолцоог буй болгож хэр зэрэг үр бүтээмжтэй ажиллаж байгаагаас шалтгаалдаг. Тиймээс үүнийг хэрэгжүүлэхийн тулд улс дамнасан үйл ажиллагаа явуулдаг төрийн хөрөнгө оруулалтын санг байгуулж түүний олох ашгийг үндэстний дотоодын нийт бүтээгдэхүүний жил тутмын өсөлтийн хэмжээгээр Монголын одоогийн ба ирээдүйн үеийнхэнд үндэстний хишиг байдлаар хүн бүрт олгогдож байхаар зохион явуулна.
•    Монголын үндэстний уламжлалт мал аж ахуйг орчин үеийн жуулчны аж үйлдвэртэй хослуулан экологийн тэнцвэртэй мэдлэгт тулгуурласан ногоон эдийн засгийн салбар болгон хөгжүүлнэ.
•    Экологийн сүйрэл авчирч буй эдийн засгийн үр ашиг муутай уул уурхайг таслан зогсоож стратегийн ач холбогдолтой том орд газруудыг үе шаттайгаар одоогийн ба ирээдүйн үед хүртээмжтэй зарчмаар ашиглана.
•    Цэвэр газар тариалангийн салбар нь эдийн засгийн хувьд тарималжсан бэлчээртэй мал аж ахуйгаас хорин хувиар бага байдаг гэдгийг олон улсын түвшинд баталсан бөгөөд Евроазийн бүс нутаг нь экологийн хувьд хэврэг учраас цэвэр газар тариалан эрхлэх нь цөлжилт элсжилтийг сүйрлийн хэмжээнд хүргэх аюултай тул Монгол улс дээрх хүчин зүйлээс үүдэж таримал бэлчээрийн мал аж ахуйг эрчимтэй хөгжүүлэх болно.
•    Евроазийн бүс нутагт Монгол улсыг хамгийн том олон улсын санхүүгийн төв болгоно.
•    Америк, Европ, Ази, Австрали, Африк тивүүдийг холбосон олон улсын агаарын зорчигч ба барааны олон улсын тээврийн төв болгож хөгжүүлнэ.

3.    Нийгмийн эрхэм зорилт:

•    Уул уурхайн салбарт шаардагдах мэдлэг боловсрол тийм ч өндөр биш. Хэт их уул уурхайг хөөрөгдсөнөөр үндэстний хөгжлийн эсрэг мэдлэг боловсролыг үнэгүйтүүлсэн. Тиймээс уул уурхайг хэт хөөрөгдөж цорын ганц сайн сайхан зүйл мэт ойлгуулж буйг таслан зогсооно.
•    Мухар сүсэг худал мэдлэгииг Монгол үндэстний мэдлэгийн бүх салбараас цэвэрлэн арилгана.
•    Орхоны хөндий, Онон Хэрлэнгийн сав газар зэрэг Хамаг Монгол үндэстний соёлын өв болох бүс нутгийг хамгаалалтанд авч нийгэм эдийн засгийн хөгжилтэй нь хослуулан соёлын аж үйлвэрийг хөгжүүлэх замаар үндэсний үнэт зүйлийг өвлөн үлдээнэ.
•    Монголын үе үеийн үр хүүхдүүдийг эрүүл саруул хүмүүжүүлэхийн эсрэг садар самуун, гэмт хэрэг сурталчилсан хэвлэл мэдээллийг таслан зогсооно.
•    Их, дээд сургуулиуд бүгд хүмүүнлэгийн байгууллага болох ёстой бөгөөд оюутнуудын улс орны хөгжил цэцэглэлтийн төлөө суралцаж байгаа үйл хэргийг ариун хөдөлмөр гэж үзэж тэтгэвэр тэтгэмж цалин олгоно.
•    Нярайлсан эхчүүдийн хүүхдээ асран хүмүүжүүлэх үйл хэргийг Хамаг Монголын үүрд оршин тогтнохын төлөөх ариун хөдөлмөр гэж үзэж, эдгээр эхчүүд нь хүүхдээ цэцэрлэгийн насанд хүрэх хүртэл үндэстний дундаж цалинтай тэнцэх тэтгэвэр тэтгэмжийг олгохоор барахгүй нярай хүүхдүүдэд үндэстний дундаж цалингийн тавны нэгтэй тэнцэх хэмжээний тэтгэлгийг төрийн хишиг болгон олгоно.
•    Ерөнхий боловсролын сургуулийг төгсөх хүртэл сурагчдын өвөл зуны амралтаар төсвөөс зардлыг нь гаргаж хоёр долоо хоногоор сонгодог нүүдэлчин малчдын гэрт ажиллаж, амьдарч өөрийн уламжлалт соёлоо өвлөн хадгалах сэтгэлгээ хөгжүүлэхийн зэрэгцээ сонгодог нүүдэлчин соёлыг өвлөн уламжлах эдийн засгийн суурь хөшүүргийг бий болгоно.
•    Үйлдвэрчний Эвлэлтэй бүх талаар хамтран ажиллаж ,цалин хөлс,тэтгэвэр тэтгэмжийг ДНБ-ний өсөлтийн хэмжээгээр жил бүр нэмэгдүүлж байх болно.
•    Үйлдвэрчний Эвлэлтэй бүх талаар хамтран ажиллаж, эрүүл мэнд тэтгэвэр тэтгэмжийн сангийн тодорхой хувь хэмжээг иргэдэд зориулсан орон сууц барьж, бага хүүтэй, урт хугацааны зээл хэлбэрээр олгоно.
•    Даяарчлагдсан дэлхийн эдийн засгийн тогтолцоонд өрсөлдөх чадвар бүхий 100 мянган дэлхийн түвшний билэгтнийг байгалийн шинжлэх ухаан, хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн шинжлэх ухаан, хүмүүнлэгийн шинжлэх ухаан, эдийн засгийн бүх салбарт дэлхийн тэргүүний их дээд сургуульд магистр докторын түвшинд бэлдэнэ.

БИРД нарын Хамаг Монголын эрхэм зорилгыг сулруулж болзошгүй заль мэхүүд:

•    БИРД нар хэдийгээр хувиа хичээдэг бусдийн амьдралыг хулгайлдаг хулгайч нар боловч өөрсдийгөө эх оронч, ардчилагч хэмээн хөөрөгдөж бусдийн итгэлийг байнга хулгайлж дасаж заншсан зүйлсээ хийсээр байдаг шүү.
•    Хорин жилд хийж бүтээсэн зүйлгүй мөртлөө одоо л цаг ирлээ, ихийг хийж бүтээнэ гэж, сайн сайхан амьдрал удахгүй ирнэ гэж мянгуужингийн үлгэрээ яриж итгүүлнэ шүү.

БИРД нартай тэмцэх Хамаг Монголын арга зам:

•    Эдгээр БИРД нар түүний гэр бүл болон гар хөл бологсдын “бузар эд хөрөнгүүдийг ” олон нийтэд ил болгоход бүгд санаачлагатай оролцож идэвхтэй зохион байгуулах хэрэгтэй.
•    Эдгээр БИРД нарын хэвлэл мэдээлэлийн хэрэгслийг хэрэглэхээс татгалзахыг зохион байгуулах ариун үйлсэд идэвхтэй оролцох хэрэгтэй.
•    Эдгээр БИРД нарын аж ахуйн нэгжийн үйлчилгээг хэрэглэхээс татгалзахыг зохион байгуулах ариун үйлсэд идэвхтэй оролцох хэрэгтэй.
•    Эдгээр БИРД нарын болон түүний гэр бүл болон гар хөл бологсдод бүх төрлийн  үйлчилгээ үзүүлэхээс татгалзахыг зохион байгуулах ариун үйлсэд идэвхтэй оролцох хэрэгтэй.
•    Эдгээр БИРД нар болон түүний гэр бүл болон гар хөл бологсдын зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээнээс татгалзахыг зохион байгуулах ариун үйлсэд идэвхтэй оролцох хэрэгтэй.
•    Эдгээр БИРД нарын болон түүний гэр бүл болон гар хөл бологсдын сонгуульт ажилд нэр дэвших, санал өгөхөөс татгалзахыг зохион байгуулах ариун үйлсэд идэвхтэй оролцох хэрэгтэй.

Сонордуулга:

Хамаг Монголын амьдралыг хулгайлагчидыг цэвэрлэн устгах ариун тэмцлийг явуулж байгаа Монгол хүнийг гүтгэх, доромжлох, хэлсдүүлэх, хэлмэгдүүлэх гэж буй хэнийг ч Хамаг Монголын дайсан гэж үзнэ.

Мөнх тэнгэрээс заяат төрсөн тэнгэрлэг Монголчууд зориг шулуудаж  босоцгооё, нэгдэцгээе !!!!

Хамаг Монгол эрхэм ,зөв амьдрах итгэлтэй ард түмэн.

Хамаг Монгол мэдлэгтэй баян чинээлэг амьдрахаар барахгүй хүн төрөлхтний их үйлсийг авч явах хувь тавилантай.

Ариун үйлс баттай бүтэх болно.

Мөнх тэнгэр минь Хамаг Монголыг ивээх болно.

Санаж яв, Санахгүй бол алдана.

 

 

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter