215-р сар2018

Төсөл хөтөлбөрийн цаана буюу төрийн албаны цомхотгол...

Б.Эрдэнэбаяр. Парис хот

Сангийн яам нь санаачлаад төрийн албан хаагчдыг олноор нь цөөрүүлж төсвийн мөнгийг хэмнэх юм гэнээ. Тэгтэл тэр нь нөгөө л 2000 оны Улсын Их Хурлын сонгуулийн дараагаар бий болгосон дэд сайд нар, учир утгагүй олон дэд дарга нарын талаар л яриа болж байх шиг байна. Тэгээд баахан мөнгө хэмнээд байгаа юм байх. Уул нь ажил бодож гаргаж ирсэн албан тушаалууд ч биш л дээ.
Түүнээс биш төрийн алба, засаглалын талаар онц гойд шинэчлэл, менежментийн дорвитой шийдлээр гаргасан ажил л лав биш болж таарч байна.

Төрийн албыг цөөрүүлж болноо болно. Тавин хүнтэй төрийн яамаар улс орны алс хэтийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх чиг баримжааг тодорхойлох гэж яаж үйлээ үздэгийг тэнд ажиллаж ирсэн тэр албан хаагчид л ойлгоно. Төрийн яам ч гэж дээ, үхрээр бол “ортоом” үүлдэр шиг “ор тойм” төдий л бүтцүүд байгаа юм ш дээ.
За тэгээд тэр тавин хүнээс нь дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга, орлогч, хэлтсийн дарга гэсээр байгаад бодлого, хөтөлбөрийг тэрлэж суудаг нь гарын таван хуруунд ч хүрэхгүй ажиллах хүчин үлддэг юм. Хүн байж л ажил хийгдэх ёстой. Хийгддэг ч юм. Хийсэн шиг хийвэл шүү дээ. Түүнээс биш ортоомдоод байвал ч өөр л дөө.

Өнөөдөр төрийн үйл ажиллагаа доголдоод, ажлаа хүрч хийж чадахгүйгээс ортоомдоод байгаа учраас гадаадын байгууллагууд түүнийг нь дүүргэж нөхөн хийж ирлээ. Гадаадын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, гадаад улсын тусламжийн байгууллага ажиллах гэсэн үгэнд бид хэт назгай хандсаар ирсэн. Гэхдээ ерөнхийдөө л гадаадынхан хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр мөнгөө өөрсдөө иддэг, буцаагаад аваад явдаг гэсэн нэр хоч зүүсээр дасчээ.

Харин энэ алдарт нэр хоч бол бидний, тухайлбал, гадаадынхнаас авилгын мөнгө нэхээд өгөхгүй болохоор нь муулсан, ашиг сонирхлоо гүйцэлдүүлж чадаагүй өлөн ховдог нэгний хийсэн ажил гэхэд үндсэндээ болно.
Гадаад улсаас манай улсад тусламж өгөхдөө энэ мэт муу бодол тээгээгүй нь мэдээж хэрэг. Тэгж бодсон байлаа ч хөтөлбөр хэрэгжүүлэгчийг авилгаар баяжих, хөтөлбөр, төслийн мөнгийг буцаагаад улсдаа аваад ирээрэй гэж захиагүй нь тодорхой. Арай алсыг харсан нүүдэл бодсон байж таарна.
За тэгээд ямар байлаа ч гэсэн гал алдсан залхаг айлын хэдэн хүүхдийг хараад зүгээр сууж чадалгүй тус хүргэж байгаа өгөөмөр нэгний дүр зургийг л бид харж байна. Залхуугийн гадаа түлшгүй, залгидгийн тогоо хоолгүй гэгчээр манай улсын байдал тэгж л гадаад улсын нүдэнд харагдаж байгаа юм чинь.
Гудамжны хүүхэд, газар доор амьдрагсад, алт нүүрс ухагсад, сургуулийн хүүхдийн үдийн хоол, гамшигтай тэмцэх чадавхи, сайн засаглал, хүйсийн тэгш байдал, сургуулийн өргөтгөл гээд ер нь л нийгмийн бүхий л асуудлаа шийдвэрлэж чадахгүй байгаа улсын Засгийн газрын ажлыг үүрээд явж байх юм.

Харин хийх ёстой бид болсон хойно сонгуулиа луйвардаж хийх, нийгмийн хөрөнгөнөөс хулгайлах талаар л хэд хэдэн дээд боловсролыг эзэмшсэн хүмүүс л болж төлөвшиж байх. Нөгөө Итгэлт баяны хэлдэгчлэн, “олигтойхон цогчин дуган барьж чадахгүй байж луйвардахдаа уургын морь шиг” болсон улс төрч хэмээгсдийн байгаа байдал тэр байна.
Гадаад улсын төрийн бус байгууллага ТББ-ын хийж байгаа ажлууд бол яахын ч аргагүй болсон зүйл уул нь биш байгаа юм. Нэгэнт асуудлыг хариуцсан төрийн байгууллага байгуулаад татвар төлөгсдийн мөнгөөр санхүүжүүлж байгаа тохиолдолд эргүүлээд хариулагыг нь, хийсэн ажилтай нь нэхэх ёстой. Гэхдээ үүнд бас нэг маш буруу тогтолцоо бий болоод түүгээр төрийн байгууллагын нийтлэг жишгийг тогтоогоод байна.

Жишээлбэл, өнөөдрийг хүртэл төрийн байгууллагуудад бүтцийн өөрчлөлт, албан хаагчдын цомхотгол гэдэг нэр томъёо хэрэглээнд орсоор удлаа. Бараг шинээр ирсэн дарга болгоны хийдэг ажил болсон. Бүүр “цомхон, чадварлаг” гэдэг халхавчийн хэллэг хүртэл гаргасан. Үүнийг хийх болсон шалтгаан нь оновчтой бус, хэт олон албан хаагчтай үр дүн багатай гэх мэт түмэн шалтагтай.
Үнэндээ үр дүн гараагүй юу гэвэл гараагүй байгаа нь ойлгомжтой. Учир нь өнөөдөр манай улсын нийгмийн урагшлах, бүтээлч байдал алдагдсан юм чинь. Тэгэхээр ажил хийдэггүй бүтцийг өөрчилнөө гээд л дайрчихна. Давхар санаа бий бас. Эцэстээ энэ бол шалтгаан биш.
Шалтгаан нь манай улсад хийх ажлын санхүүжүүлдэггүйд байгаа юм. Аливаа ажлын төлөвлөгөө дандаа мөрөөдлийн жагсаалт байдаг. Бодитой ажил бичнэ гэхээр байгаа хүн хүч, төсөв мөнгө нь хүрдэггүй. Тэгэхээр л мөнгөгүй ажил хэрэгжинэ гэж байхгүй.

Ямар мөнгө өгөөгүй учраас ажил хийсэнгүй гэх биш, бүтэц нь оновчгүй байсны улмаас л ажил урагшилсангүй гэх.
Үнэндээ мөнгөгүй, ажиллах хүн нь хангалттай биш учраас ямар ч байгууллага хариуцвал зохих ажлуудыг ор тас орхилгүй яахав. Үүнээс л дээрх олон ТББ-ууд гарч ирээд л ажлыг нь хийж өгөх, санаа авахуулах гээд л зүтгээд байна. Сүүлдээ энэ буруугаар эргээд мөнгө идэх, луйвардах арга самбаа нь болж хувирна.

Ингэхээр энэ буруу арга барилыг өөрчлөхгүйгээр бид цааш урагштай ажиллаж чадахгүй. Энэ удаагийн төрийн албаны цомхотгол тэр олон сайдуудыг цомхотгож төсвөө гөргөж авч байвал болох байх. Харин тэртээ тэргүй цөөхөн албан хаагч руу орвол ч төрийн ажил явахгүй ээ. Ер нь бол тэр УИХ-ын далан зургаан орон тооноос өөр олон хүнтэй байгууллага байж болохгүй гэж л бодоогүй бол ингэж байн байн пижигнүүлээд байхаасаа татгалзмаар юм. Тэр мөнгө нь хүрэхгүй байгаа бол тэр далан зургаан тэрбумаа л луйварлахаа болих хэрэгтэй. Тэрийгээ авч хэрэглэхгүй юу.

Асуудлыг эзэнгүйдүүлж, ажлыг сааруулахын гол үүд хаалга болдог төрийн албаны цомхотголыг эрс өөрчилж, үр дүн , хариуцлага шаардсан төрийн албаны өргөжилтөөр бодлогоо өөрчлөх цаг болсон шүү таминь ээ.

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter