244-р сар2019

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр хазара оюутнуудад “БАТЛАМЖ” гардууллаа

 

Зургийн тайлбар: Өмнөх эгнээний баруун гар талаас зүүн гар тал хүртлэх хүмүүсийн нэрийг дурья: Тэтгэлгийн ялагч Мегдад Абдул Али, Гулам Аббас, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, тэтгэлгийн ялагч Захра Хуссейн Бахш, МУИС-ийн захирал Р.Рэнчинбазар, БСШУ-ны мэргэжлийн боловсролын газрын дарга М.Баасанжав, “Цахим Өртөө Холбоо” ТББ-ийн гүйцэтгэх захирал Д.Анулан, МУИС-ийн Гадаад Харилцааны Хэлтэсийн мэргэжилтэн Ш.Мэндбаяр, “Цахим Өртөө Холбоо”ТББ-ийн гүйцэтгэх алба Х.Сансартуяа, дээд эгнээний баруун гар талд МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн захирал Ч.Лодойравсал, зүүн гарт талд МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн захирал  Д.Заяабаатар байна.

Монгол Туургатны “Цахим Өртөө Сүлжээ” үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд Цахим Өртөөний нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсан билээ. Улмаар Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсын иргэн, хазара угсааны Мэгдад Салехи, Захра Хуссейн Бахш, Гулам Аббас нар энэхүү тэтгэлэгт ялж, 2009.09.10-нд Монгол улсад хүрэлцэн ирж, МУИС-ын монгол хэлний бэлтгэл ангид элсэн суралцаж байгаа юм.
 
Тэтгэлэгийн хүрээнд Монголын ууган шилдэг их сургууль болох МУИС-д түүх, монгол судлал, мэдээллийн технологийн чиглэлээр суралцах гурван хазара оюутны сургалтын төлбөрийг Монгол улсын иргэний адил тооцож, Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр олгуулах бидний хүсэлтийг БСШУЯ хүлээн авч тэтгэлэг олгохоор болсон билээ. Ийнхүү 2009.10.01-ны өдөр тус яамны сайд Ё. Отгонбаяр хазара оюутнуудад “Батламж” гардууллаа.
 
Уулзалтын үеэр Цахим Өртөө Холбооны хамт олны зүгээс БСШУЯ болоод МУИС-ийн хамтын ажиллагаа, тусламж дэмжлэгийг өндөр үнэлж, талархалын “Өргөмжлөл” гардуулснаас гадна тэтгэлэгт ялагч хазара оюутнуудад 5 жилийн хугацаанд тэтгэлгээр суралцах эрх бүхий “Батламж”-ийг гардууллаа.
 
Уулзалтын үеэр Цахим Өртөө Холбооны ГЗ, Д.Анулан “Хазара оюутнууд маань Монголын түүх, өв соёл, орчин цагийн Монголын нийгэм эдийн засаг, шинжлэх ухааны тухай гүн гүнзгий мэдлэг, боловсролыг эзэмшиж, хоёр ард түмний түүх соёл, институт хоорондын харилцаа холбоог бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт бид итгэлтэй байна.” хэмээн цохон тэмдэглэлээ.
  • Бичсэн jagdagdorj
  • Үзсэн: 1909

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

МУ-ийн Ерөнхийлөгчтэй "Цахим Өртөө Холбоо" ТББ-ын төлөөлөлтэй уулзлаа.

Гадаадад байгаа монголчуудыг нэгтгэсэн хамгийн том сүлжээ болох “Цахим Өртөө Холбоо”, Монгол улсаа гадаад оронд сурталчилах, гадаадад байгаа монголчуудын эрх ашгийг хамгаалах, дэлхийн монгол туургатан залуучуудыг дэмжих талаар тодорхой ажлууд хийж байгаагаа Ерөнхийлөгчид танилцууллаа.

Тус ТББ-ын УЗ-ийн дарга Д.Сайнбаярын танилцуулснаар, юуны өмнө гадаадад байгаа монголчуудын хувьд улстөрийн сонгуульд оролцож, саналаа өгдөг эрхтэй болох асуудал чухал байна. Энэ асуудал олон жилийн өмнөөс яригдаж, гадаадад байгаа монголчууд саналаа өгөх эрхтэй болох тухай удаа дараа ярьж байгаа бөгөөд, 2012 оны сонгуульд оролцож чадна гэдэгтээ гадаадад байгаа монголууд итгэлтэй байгаа гэдгийг “Цахим Өртөө”-нийхөн дамжууллаа.

Гадаадад байгаа монголчуудын эрхийг хамгаалахын төлөө олон жил сайн дураараа үйлчилж байгаа зарим хүмүүсийг дэмжих чиглэлээр ажиллаж байгаагаа мөн ярьсан. Тус холбоо, “Монголын байгалийн 7 гайхамшиг” “Монгол хүний гараар бүтсэн 7 гайхамшиг”-ийг тодруулж, сурталчилах, монгол туургатны вэбсайт хийх, гадаадад сурч ажиллаж байгаа монголчуудын нэгдсэн бүртгэл бий болгох зэрэг ажлуудыг эхлүүлжээ. Хазара Монголчуудыг Монгол улсад тэтгэлгээр сургах санаачлагыг “Цахим Өртөө Холбоо” ТББ эхлүүлсэн, энэ хөтөлбөр амжилттай хэрэгжиж одоо гурван хазара оюутан монголд сурч байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, монгол хүнийхээ төлөө ажиллаж байгаа “Цахим Өртөө”-ний залуучуудад баярлаж байгаагаа хэлээд, гадаадад байгаа монголчуудын эрх ашгийг хамгаалах талаар гаргаж байгаа аливаа санал санаачлагыг дэмжих болно гэдгээ илэрхийллээ.

“Цахим Өртөө Холбоо” ТББ-ын Удирдах зөвлөлийнхөн, МУ-ын Ерөнхийлөгчтэй, монгол улсыг гадаадад сурталчилах, гадаадад өндөр дээд боловсрол эзэмшсэн залуусыг эх орондоо ажиллуулахад дэмжлэг үзүүлэх талаар санал бодлоо солилцлоо.

Өнөөдөр гадаад улс орнуудад 200 орчим мянган монголчууд ажиллаж сурч байгаа гэсэн албан бус тоо байна.

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 1605

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

Монгол судлалаа дэмжих нь: Кембрижийн Их Сургуульд ном бэлэглэв

Монгол судлалыг олон улсад хөгжүүлж бэхжүүлэхэд Монголчууд бидний өөрсдийн санаачилга, оролцоо чухал билээ. Монгол судлалыг цаг үеэсээ хоцрохгүй судалгаа шинжилгээний өндөр түвшинд авч явахад холбогдох ном зохиол, судалгааны бүтээл материалуудын хүртээмжтэй байдал үлэмж нөлөөтэй. Британи дах Кембридж, Лийдсийн их сургуулиуд Монгол судлалын олон жилийн уламжлалтай юм. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд номын сан нь Монголын холбогдолтой шинэ бүтээл номоор сэлбэгдэлгүй хуучирч тэр хэмжээгээр мэргэжлийн судлаачид, монголыг сонирхон уншигчдын  гар мухардах хандлагатай байлаа. Монголчууд бид ч тусалж дэмжих талаар дорвитой ажил санаачилж хийлгүй өдийг хүрсэн буруутай.

Харин Монгол улсаас тус улсад суугаа Элчин сайдын яамнаас санаачилан Британид бизнесийн үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн байгууллагуудын дэмжлэг туслалцаатайгаар Монгол судлалын чиглэлээр ажилладаг сургууль, эрдэм шинжилгээний нэгж хэсгүүдэд сүүлийн үед хэвлэгдэн гарсан Монголын түүх, соёл, зан заншил, хууль, уран зохиолын  номнуудаас хандивлах төслийг хэрэгжүүлж буй нь чухам цагаа олсон сайхан үйл хэрэг болж байна.

Professor C.Humphrey, HE ambassador B.AltangerelТөслийн анхны ажил болгон 10 сарын 12-нд элчин сайд Б.Алтангэрэл, зөвлөх Б.Энхбаяр нар Кембриджийн Их сургуульд зочилж Монгол, Өвөр Ази судлалын төвийн номын санд 15 нэрийн 30 гаруй ном боть болон нэг сэдэвт судалгааны бүтээлийн эмхтгэлийг бэлэглэлээ. Ном гардуулах арга хэмжээнд КИС-ын Нийгмийн антропологийн тэнхимийн эрхлэгч, профессор Каролайн Хампри, Монгол, Өвөр Ази судлалын төвийн захирал, доктор Давид Снийт болон уг тэнхимийн эрдэмтэн багш, оюутнууд оролцов.
 
Энэ дашрамд сонирхуулахад Монгол, Өвөр Ази судлалын төв нь 1986 онд анх үүсгэн байгуулагдсан. Төвийн зорилго нь Кембриджийн их сургуулийн хүрээнд болоод гадна энэхүү бүс нутгийн талаархи судалгааг санаачилах идэвхжүүлэх, хийгдэж буй тал бүрийн судалгааг дэмжих, хичээл сургалтаар хангах явдал ажээ. Монголын талаас Шинжлэх ухааны академийн Сэтгэл судлал, Социологи Хуулийн хүрээлэн, Удирдлагын Академи, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль зэрэг сургууль эрдэм шинжилгээний байгууллагууд тус төвтэй хамтын ажиллагаатай ажилладаг юм байна.

“Кэмбридж, Лийдс, Окфорд гэх мэт Монгол судлалын нэгж хэсэгтэй томоохон сургуулиудын номын сан Монгол ном бүтээлээр сэлбэгдэлгүй удсан нь анзаарагдсан тул бид өөрсдийн боломжоо ашиглан номын санг нь Монголын ном зохиолууд, судалгааны бүтээлүүдээр сэлбэх ажлыг хийж буй. Судалгаа шинжилгээний газарт номын сан нь цаг үеэсээ хоцрохгүй байх нь онцгой чухал шүү дээ. Ер нь Монгол судлалдаа бид бас анхаарах цаг болсон байна” хэмээн Монгол улсын элчин сайд, хууль зүйн ухааны доктор  Б.Алтангэрэл өгүүллээ.

Элчин сайдын яамнаас төслийн дараагийн шатанд Оксфордын Их Сургууль  болон Лийдсийн Их Сургуулийн монголч эрдэмтдэд Монголоос захиалан авчирсан номоо гардуулах ажээ.        

Мэдээг бэлтгэсэн Д.Цэрэнбат


ИБУИНВУ дах Монгол улсын элчин сайдын яамнаас Кембриджийн Их сургуулийн Монгол, Өвөр Ази судлалын төвийн номын санд бэлэглэсэн ном боть болон нэг сэдэвт судалгааны бүтээлийн эмхтгэлийн жагсаалт

  1. The Constitution of Mongolia, (in English) 1924, 1940, 1960, 1992, Compiled by J.Amarsanaa, Academician, Dr.Sc.(LLD), Professor of Law, O.Batsaikhan, Doctor of Historycal, Professor of History; Translated by L.Tur-Od, BA.,LL.B, Honors (NLSIU), LLM. Merit (Lond.); Edited by B.Chimed Doctor of Laws, Professor of Law, Ts.Sarantuya, Dr.Sc.(LLD), Professor of Law  
  2. History of Mongolia (in Mongolian) 5 volumes MAS, Institute of History, UB., 2004  
  3. History of Mongolia (in English) B.Baabar
  4. History of Mongolian Statehood, 3 volumes, M.Sangidorj (in Mongolian)
  5. State and Law History of Mongolia, 4 volumes (in Mongolian) UB., 2003-2008
  6. Qalq-a Juram (Textological Study) (in English) UB., 2009
  7. Textology of “Ikh Tsaaz”, (in Mongolian) Batbayar Bayanbaatar, UB., 2008,
  8. Mongol Cayajin-n bicig, (Textological Study) (in Mongolian) Dr.B.Bayarsaikhan, UB., 2003
  9. Mongol Cayajin-n bicig, (Legal research) (in Mongolian) Dr.B.Bayarsaikhan, UB., 2005
  10. Law and Regulation, 1913-1918 (in Mongolian) Dr.B.Bayarsaikhan, UB., 2007
  11. Thesis on Constitutions of Foreign countries (in Mongolian)
  12. Historical dates of Mongolian Legislature, 1911-2008 (in Mongolian) UB., 2008
  13. Bogdo Jebtsundamba Khutuktu, The last king of Mongolia O.Batsaikhan, UB., 2008
  14. History and culture of the Mongols
  15. Summary of Mongolian Literature, 9 volumes
  • Бичсэн tamga
  • Үзсэн: 2141

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

2009 онд монголчуудын сэтгэлийг гадаад дуугаар хөглөж чадсан “UNIVERSE BEST SONGS” төсөл “Зүрхэнд гэрэлтэх од” мюзикл уран сайхны киногоор үргэлжилж байна.

10-р сарын 04-ны Ням гарагт “Зүрхэнд гэрэлтэх Од” намрын хамгийн анхны амьд хөгжмийн шоу тоглолт Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.  Энэхүү тоглолт нь “Зүрхэнд гэрэлтэх од” орчин цагийн анхны мюзикл уран сайхны киноны албан ёсны нээлтийн үйл ажиллагаа болсон юм. Тоглолтын өмнө улаан хивсний ёслол болсон төдийгүй 15 мянга гаруй үзэгчид цуглажээ.

UBS телевиз байгуулагдсан цагаасаа үзэгч түмэндээ зориулан шинэ санаа эрэлхийлж, чанартай уран бүтээл туурвин хүргэхийг зорьсон. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 2009 оны 3-р сараас эхлэн “UNIVERSE BEST SONGS” олон улсын анхдугаар фестивалийг санаачлан зохион байгуулсан явдал. Бүтэн 3 сарын туршид хот хөдөө, харийн улсад байгаа монголчуудын сэтгэлийг хөглөж, шинэ залуу авъяастнуудыг тодруулж, 400 шахам авъяастнуудаас шалгарсан шилдэг хорин таван ороцлогчийн Гала концертыг зохион байгуулж байсан саяхан.

Тэгвэл энэ зун UNIVERSE BEST SONGS уралдааны төсөл  үргэлжилж, “Зүрхэнд гэрэлтэх од” орчин цагийн мюзикл уран сайхны киног бүтээгээд байна. Киноны нээлтийн үйл ажиллагаа болох “Зүрхэнд гэрэлтэх од” намрын хамгийн анхны амьд хөгжмийн шоу тоглолт нийслэл хотын 370 жилийн ойн хүрээнд Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтран Сүхбаатарын талбайд сүр дуулиантай зохион байгуулагдсан. 15 мянган үзэгчийг байлдан дагуулсан энэ тоглолтоос үзэхэд монголчууд  шилдэг оролцогчдыг хэрхэн жүжиглэснийг мөн UBS телевизийн шинэхэн бүтээл туурвилыг  хоног тоолон хүлээж байсан нь илэрхий байлаа.
“Зүрхэнд гэрэлтэх од” мюзикл 10-р сарын 06-аас эхлээд Тэнгис, Өргөө, Соёмбо кино театруудад гарч эхлээд байна.
100 гаран уран бүтээлчдийн санаа бодол, хүсэл зориг нэгдэн “Зүрхэнд гэрэлтэх од”  ийнхүү мэндэллээ. Кино зохиолыг ерөнхий редактор Гэрэлцэцэг тэргүүтэй Мөнхтуяа, Сумъяа нарын редакторуудын баг, ерөнхиий найруулагч Отгонзаяа тэргүүтэй Чингүүн,  Жаргалсайхан гэсэн найруулагчдийн баг бүрэлдэхүүн хамтран гаргажээ.
Киноны гол дүрийг UNIVERSE-ийн ялагч Цэлмүүн, шилдэг оролцогч Тэмүүжин, тэмцээний 3-р байрын шагналт Даваажаргал, шилдэг оролцогч Солонго нар бүтээсэн.
Харин киноны продюсерээр Хувьсал продакшны захирал Цоггэрэл ажиллаж, кино бүтээлийн гол болон туслах дүрүүдэд МУАЖ, Цэрэндагва, МУГЖ Уранчимэг, МУСТА Ган-Очир, Жүжигчин, Гантулга нар бүтээлээ. Үзэгч та бүхний дэмжлэг, мэргэн шүүгчдийн ухаанаар тодорсон шилдэг хорин таван оролцогч ийнхүү дуулж бүжиглэхээс гадна жүжиглэх авъяасаа үзүүлэх цаг ирлээ.
Мэдээг Одгэрэл Ганпүрэв бэлтгэлээ.

  • Бичсэн ubs
  • Үзсэн: 2110

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

"Гадаад дахь Mонголчууд: Орчин үеийн миграци" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний V хурал боллоо

ШУТИС-ийн 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан "Гадаад дахь Mонголчууд: орчин үеийн миграци" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний V хурал 2009 оны 10-р сарын 07-нд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус хурлыг Монголын ШУТИС-ийн Нийгмийн Технологийн Сургууль (НТС), Цахим Өртөө Холбоо (ЦӨХ) хамтран зохион байгууллаа.

Хуралд ШУТИС-ийн эрдэмтэн багш нараас гадна Монгол Улсын ЗГ-ын Ерөнхий Сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй монгол улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлийн дарга Ц.Майдар, ОХУ-ын Эрхүүгийн Их Сургуулийн түүхийн факультетийн олон улс судлалын тэнхимийн доктор, профессор В.И.Дятлов, АНУ дахь ЭСЯ-ны Ерөнхий Консул асан Г.Ганболд, Удирдлагын Хөгжлийн Академийн нийгмийн ухааны сургуулийн захирал, доктор профессор П.Увш, ОХУ-ын Дорнод Сибирийн технологийн их сургуулийн социологи, улс төр судлалын тэнхимийн эрхлэгч, доктор профессор Ц.Ц.Чойпоров, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Төвд шашин судлалын хүрээлэнгийн доктор М.Н.Балдано нар оролцож илтгэл тавилаа. Эдгээр илтгэлүүд миграцийн орчин үеийн онолуудаас авахуулаад Америкийн Монголчууд, гадаад дахь Монголчуудын гэр бүлийн байдал, Монгол дахь Буриадуудын асуудал, Орос дахь Хятадын цагаачид зэрэг өргөн хүрээг хамарч тавигдсан болно.

Монгол Улсын ЗГ-ын Ерөнхий Сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй монгол улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлийн дарга Ц.Майдар хуралд оролцогчдод баяр хүргэж үг хэлэхдээ ЗГ-аас Гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монголчуудтайгаа хамтран ажиллах талаар анхаарч ажиллахаар чармайж байгаа, хойшид миграцийн талаар ул суурьтай судалгаа хийж төрийн нэгдмэл залгамж холбоотой бодлого явуулах гэж байгаа, энэ зорилгоор өөрийн ахлаж буй ажлын хэсгийг байгуулсан болон өөрийн ажлын хэсгийн зорилго, зорилтын талаар танилцуулга хийлээ.

Миграцийн асуудлаар ялангуяа алс дорнод дахь Хятад иргэдийн цагаачлалын асуудлаар олон жил судалгаа хийж байгаа Эрхүүгийн Их Сургуулийн түүхийн факультетийн олон улс судлалын тэнхимийн доктор, профессор В.И.Дятлов Орос улс Хятад иргэдийн миграцид ямар бодлого баримталж байгаа, түүний алдаа оноо, туршлагын талаар сонирхолтой илтгэл тавьсан юм.

Цахим Өртөө Холбоог төлөөлөн тус Холбооны УЗ-ийн дарга Д.Сайнбаяр "Гадаад дахь Монголчуудын сонгуулийн эрх" илтгэлдээ нийгэмд тулгарч буй бэрхшээл, миграцийн асуудлыг тоймлон дурдаж, Сонгуулийн Хуулинд хилийн чанадад амьдарч буй Монгол иргэдийн сонгох эрхийг баталгаажуулсан нэмэлт өөрчлөлт оруулахад ЦӨХ-ны гүйцэтгэсэн үүрэг оролцоо, санаачлагыг тоймлон танилцуулаад цаашид ч Холбоо энэ асуудал дээр онцгойлон анхаарч ажиллах болно гэдгийг илэрхийлсэн. Мөн Цахим Өртөө Сүлжээ болон Холбооны үүсэл, түүх, нөөц бололцоог танилцуулж, гадаадад суугаа монголчуудыг сонгуульд оролцуулах үйл ажиллагааг амьдралд хэрэгжүүлэх, энэ үүднээс цаашид холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах боломжийн талаар илтгэлээ.

ЦӨХ-ны УЗ-ийн гишүүн, ШУТИС-ийн НТС-ийн багш, түүхийн ухааны доктор, дэд профессор Д.Сэрдарам Монголчуудын хөдөлмөрийн цагаачлалын тухай Солонгос улсын жишээн дээр ул үндэстэй тайлбарлаж, зөв ашиглавал хичнээн их нөөц бололцоо байдгийг тоо баримттайгаар танилцуулж хэлэлцүүллээ.

ЦӨХ-ны гишүүн, АНУ дахь Монгол Соёлын Төвийн тэргүүн, хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ АНУ дахь Монгол сонин хэвлэлийн нарийвчилсан тоймыг танилцуулж хэвлэгдэж буй нийтлэлийн агуулгыг судалснаар АНУ дахь монголчуудын оюуны болон мэдээллийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох боломж буйг тэмдэглэв.

ЦӨХ-ны УЗ-ийн гишүүн, Мянганы сорилтын сангийн ОНХА-ны мэргэжилтэн П.Баярмагнай "Шинэ үеийн мигрантууд" хэмээх анхаарал татсан илтгэлдээ 1.5 болон 2-р үеийн мигрантуудын асуудлыг хөндөж тавилаа. Гадаадад төрөн өсөж буй монгол хүүхдийн давуу болон сул талуудыг нарийвчлан тодорхойлоод монгол хэл, соёл, ёс заншлыг тэдгээр хүүхдүүдэд хэрхэн дамжуулан өвлүүлэх талаар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлсэн болно.

ЦӨХ-ны гишүүн, МОНЦАМЭ агентлагийн дэд захирал Б.Номинчимэд АНУ дахь монголчуудын талаар ерөнхийлэн танилцуулахын зэрэгцээ тэнд үйл ажиллагаа явуулж буй нийгэмлэг холбоод, тэдгээрийн үйл ажиллагааны талаар илтгэсэн болно. Монголчууд олноор төвлөрсөн хот болон мужуудын талаар мөн анхны нийгэмлэг холбоод үүссэн түүх, дурсамжуудаас хуваалцаж холбоодын үйл ажиллагаанд хувь хүмүүсийн идэвхи оролцоо маш чухал үүрэг гүйцэтгэдэг хэмээн онцгойлон тэмдэглэлээ.

ЦӨХ-ны гишүүн, Британийн Монголчуудын Холбооны УЗ-ийн гишүүн, химийн ухааны доктор В.Шинэнэмэх Британийн Монголчуудын Холбооны мэндчилгээг уламжлаад Англи Улс дахь Монголчуудын бүрдэлт тархалтын тухай, түүнчлэн Британийн Монголчуудын Холбооны үйл ажиллагаа, эрхэм зорилгын тухай товч танилцуулав. Цахим Өртөө болон Британий Монголчуудын холбоод хамтран хэрэгжүүлж буй ДОХ-ын төслийн хүрээнд ЦӨХ-ны гишүүн, Британийн Монголчуудын Холбооны УЗ-ийн гишүүн, анагаах ухааны доктор Ц.Базаррагчаагийн удирдан явуулсан "Англид амьдарч байгаа Монголчуудын бэлгийн зан үйл" судалгааны үр дүнг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн э.ш.а. Б.Сувд илтгэж сонирхуулсан болно.

Энэ хурлын өөр нэг шинэлэг тал нь Герман улсад суралцаж буй оюутнууд ОНЛАЙН хэлбэрээр болон Аудиопостер илгээж хуралд оролцсон нь сонирхолтой байлаа. ХБНГУ-ын Баден-Вюртембэрг муж дахь Монгол Академчдын Холбооны УЗ-ийн гишүүн, Штуттгартын Их Сургуулийн докторант Д.Гүнцэцэгийн “ХБНГУ-д суралцахаар ирсэн оюутан залуусын тулгамдсан асуудлууд, тэдгээрийн ирээдүйн чиг хандлага, статистик судалгаа” илтгэл содон хэлбэрээр хуралд оролцсон нь сонирхолтой байлаа.

Хурлын хэлэлцүүлгийн үеэр хамтран зохион байгуулагч Цахим Өртөө Холбооны гишүүдийн илтгэлүүд тус хуралд жинтэй хувь нэмэр оруулж хэлэлцэх асуудлын цар хүрээг тэлэн агуулгыг өргөтгөсөн явдал боллоо гэж Хурал зохион байгуулагчид болон гадаадын төлөөлөгчид үнэлж дүгнэлээ. Мөн хилийн чанадад амьдарч байгаа монголчуудын тулгамдсан асуудлуудыг хөндөж дэвшүүлснийг эрдэмтэн судлаачид сайшаан, талархаж буйгаа илэрхийлэв.

ШУТИС-ийн зүгээс Эрдэм шинжилгээ, технологийн проректор X.Буяннэмэх хурлыг нээж үг хэлсэн бөгөөд НТС-ийн түүх-аялал жуулчлалын профессорын багийн тэргүүлэх профессор Н.Галиймаа, НТС-ийн нийгмийн ажлын профессорын багийн тэргүүлэх профессор Т.Амаржаргал, НТС-ийн философи, улс төр, соёл судлалын профессорын багийн багш Д.Батцэрэн нар илтгэл тавилаа. Хурлын дарга доктор, дэд профессор А.Энхбаатар хэлсэн үгэндээ Соёлын Эрх Чөлөөний асуудлыг хөндөж нийгэмд хэвшүүлэн хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг онцолсон нь анхаарал татсан юм.

Хурлыг хааж НТС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Пүрэвсүрэн үг хэлэхдээ тус хурлын ач холбогдол, ололт амжилтыг дүгнээд хуралд тавигдсан илтгэлүүдийн бүрэн эхийг товхимол болгон хэвлүүлэх талаар мэдээллэв.

Цаг үеийн тулгамдсан асуудлыг хөндөж өндөр ач холбогдол бүхий хурал амжилттай зохион байгуулсан дэд профессор Д.Сэрдарам болон ШУТИС-ийн НТС-ийн хамт олон, Цахим Өртөө Холбооны гүйцэтгэх албад хуралд оролцогчид талархлаа илэрхийллээ.

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 1805

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter