196-р сар2018

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

Цуцашгүй ЧОЙ

Х.Эрдэмбилэг (mongolchuud.blogspot.com), Лондон
 
2010 оны 6 сарын 4. Баасан гариг. East London, Bethnal Green, York hall. Боксын өлгий нутаг Английн боксын өлгий танхим—York hall.
 
1929 онд нээгдсэн энэхүү танхимд Их Британийн бүх боксын дэлхийн аваргууд тулалджээ: Lennox Lewis, Ricky Hatton, Joe Calzaghe, Nigel Benn, Chris Eubank, Nasim Hamed, Amir Khan… Товчхондоо Бэтнал Грийнийн Иок хоулд тулалдаж, ялалт байгуулсан цагт л английн боксчид өөрсдийгөө жинхэнэ боксчин боллоо гэж үздэг.
 
Харин өнөөдөр английн биш монголын мэргэжлийн боксын дэлхийн аварга, монгол баатар Цэвээнпүрэв (Mongolian warrior) промотер Spencer Fearon-ын Hardknocks boxing рromotion-ын далбаа дор Таkeover буюу боксын өлгийн нутаг aнглийн рингийг эзэгнэх эзэн гэдгээ батлахаар ээлжит тулаанаа хийх гэж байна.

Чойжилжавын Цэвээнпүрэв (Англид Чой гэж алдаршсан) 1971 онд 10 сарын 6-нд Улаанбаатарт төрсөн. 22 наснаасаа боксын спортоор хичээллэж эхлээд гурван жилийн дараа мэргэжлийн боксын анхны тулаанаа хийсэн. Харин гурав дахь тулаандаа тайландын домогт халз тулаанч, WBC, WBA-гын дэлхийн аварга Veerapel Sahaprom-той 10 үе яс үзэж, онооны зөрөөгөөр ялагдсан. 32 удаа халз тулалдаж, 4 ялагдаж (нэг ч унаагүй), 20 удаа өрсөлдөгчөө нам цохисон. 57 кг-ын жинд тоглодог. Монголын хоёр дахь мэргэжлийн боксын дэлхийн аварга. 2006 оны 4 сарын 2-нд WBF-ын дэлхийн аварга болж, аваргаа хамгаалсан хоёр тоглолт хийгээд 2008 оны 4 сарын 5-нд дэлхийн аварга Derry Mathews–ыг нам цохин WBU-гын дэлхийн аварга болсон.

Тухайн үеийн английн найдлага, нэг ч ялагдаагүй залууг олон сая хүний нүдний өмнө нутгийнх нь дэвжээн дээр ялахад Чойд ашиг орлогын үүд нээгдлээ гэж олон хүмүүс үзэж байсан ч тэр цагаас хойш түүнтэй тулалдах өндөр зэрэглэлийн боксчид олдоогүй.

Boxing news гэдэг нэр хүндтэй сэтгүүлд Чойг өрсөлдөгчгүй удаасныг гэмт хэрэг гэж бичсэн байдаг. Бүгд Цэвээнпүрэвээс зугтах боломж олдож байгаагын гол шалтгаан нь тэрээр английн иргэн болоогүйд бий. Хэрэв тэр английн иргэн болсон бол Английн ба Хамтын Нөхөрлөлийн орнуудын аваргын төлөө тоглоод (жиндээ ялах нь гарцаагүй учраас) аварга болчихсон цагт английн боксчид хүссэн хүсээгүй түүнтэй тоглохоос замгүй болох ажээ. Энэ тухай Цэвээнпүрэв, Шинэбаяр хоёрыг дасгалжуулж байсан Jack Doughty ярьжээ.

Өрсөлдөгч олдохгүй байсан учраас Цэвээнпүрэв аргагүй эрхэнд зодог тайлахаар шийдээд, Япон руу гарч MMA буюу холимог тулааны урлагт урвахаар бэлдэж байтал нь английн мэргэжлийн боксынхон ихэд сандралдан Чой ММА-д орох гэж байна, юу болж байна таминь ээ гэсээр (youtube дээр бий радиогийн бичлэг сонсоорой) шуугицгаажээ... Цэвээнээг бараг зодог тайлчихаад төрсөн нутаг Яармагтаа ээжийндээ байж байхад нь Спенсер утасдаж, Чи бол мэргэжлийн боксын дэлхийн аварга...Чи заавал буцаж ир! Танай улсын наадмаар чиний comeback тэмцээнийг зохионо…Чамд гадаадаас өрсөлдөгч олж ирнэ гэсээр түүнийг 2009 оны 7 сарын 11-нд Лондонд дахин тоглуулсан. 15 сарын дараа Чой буцаж ирсэн нь ийм учиртай.

Харин өнөөдөр тэр буцаж ирснээсээ хойш хоёр дахь тоглолтоо хийх гэж байна. (Эний өмнө Америкад нэг тоглолт хийх гэж байсан боловч, хөлөө хугалаад болиулсан. Энэ бол түүнд хүндээс хүнд цохилт болсон. Учир нь түүнд мэргэжлийн бокс тоглох цаг хугацаа бага—удахгүй 40 хүрлээ.)

Алдарт аваргууд тулалдсан танхимд, олны уухиа, хашгираан дунд, боксын рингний хажууд, дээрээс нь харч суухад (хоёр давхарын тавцан дээр суух их зүгээр юм байна) надад сонин мэдрэмж төрж байна. Англид 19-р зуунд ирээд бокс үзэж байгаа ч юм шиг, эсвэл Хөдөлмөр нийгэмлэгт (би багадаа тэмцээн үздэг байсан) тэмцээн үзэж байгаа ч юм шиг…

Чой гарч ирлээ! Танхим нүргэлсэн чимээ. Хэдийгээр хориодхон монголчууд байгаа ч, Чойгийн англи балиашигууд бидэнтэй хамт түүнийг галзуу дэмжив.
Tоглолт эхнээсээ л сонирхолтой өрнөв. Бүх үзэгчид монгол баатрын ур чадварт урхидуулчихсан мэт санагдаж байлаа. Толгойгоо ил задгай байлгаад, чөлөөтэй довтлох түүний тоглолт үзсэн хүнийг гайхшируулах увдистай. Яаж ийгээд өрсөлдөгчдөө цохиулахгүй, өөрөө оновчтой цохиж байгаа зэрэг нь үнэхээр Чой бол дэлхийд жиндээ тэргүүлэх шилдэгийн нэг гэдгийг батлана...

Олны бишрэл, хүндэтгэлийн дунд Чой өрсөлдөгчөө гуравдугаар үед элгээр нь хэвтүүлж ялав. Түүний тоглолт тэмцээнийг чимсэн хамгийн үзүүштэй тоглолт болсныг хүн бүхэн хэлж байлаа. BBC-гийхэн түүнээс ярилцлага авч, шүтэн бишрэгчид нь тойрон хүрээлнэ. Миний хажууд суусан алдар Шоулины ушугийн их мастер, Чой үнэхээр мундаг юм байна гэж надад толгой дохин хэлэхэд Цэвээнээгээр улам бахархах сэтгэгдэл төрөв.

Дашрамд, 2012 оны Олимпын боксын тэмцээн энэ танхимд болох сурагтай. Тэр утгаараа Цэвээнпүрэвийн энэ ялалт монгол боксчдын 2012 оны Олимпын алтан медалийг зөгнөсөн уухиа боллоо.

Дээр би хэлсэн: Цэвээнпүрэвтэй тоглох хүн Англид олдоггүй...гол шалтгаан нь тэр английн иргэн биш гэж... (Гэхдээ хэрэв тэр хүссэн бол Английн иргэн болох шиг амархан юм түүнд байхгүй.) Үүнээс гадна (Хамгийн том шалтаг бол!) Цэвээнээ жингийнхээ болон түүнтэй тоглох бололцоотой бүх өрсөлдөгчтэйгээ зааланд тоглож, бүгдийг нь өөрөөсөө үргээчихсэн юм. Английн мэргэжлийн боксын найдвар Амирхаантай гэхэд тав, зургаан удаа тоглосон. Чойг Англид club legend буюу клубын домог гэж нэрлэдэг. Английн нэрт боксын тайлбарлагч Стийв Вансэ (Steve Bunce) зурагтын нэвтрүүлгээр Цэвээнээтэй ярилцахаасаа өмнө "Чой Шэвээнпурэв эргэж ирлээ. Энэ бол онцгой үйл явдал" гээд Монголын төрийн дуулалт босож зогссон нь Цэвээнээгийн английн боксын ертөнц дэх нэр хүндийг илтгэнэ.(Мөн английн нэг нөлөөтэй промотер Шинээгийн тоглолтын үед Цэвээнээтэй хальт уулзаад, "Английн паспорттой болчихоод надтай холбогдоорой" гэж олон монголчуудын өмнө хэлж байсан.)
 
Мэргэжлийн боксын тамирчдыг (зөвхөн мэргэжлийн бокс ч биш зах зээлийн нийгмийн бүхий л урлаг, спорт) амжилтанд хүргэдэг нэг нөхцөл бол хэр олон үзэгчид татаж чадаж байгаад оршдог. Тиймээс харьцангуй цөөхөн ч гэсэн төрсөн нутаг нэгт монголчуудынх нь дэмжлэг түүнд хэрэгтэй. Англид байдаг 10-н мянган монголчуудаас 100-хан хүн тасалбарынх нь бүтэн үнээр түүний тоглолтыг үзэхэд л хангалттай байгаа юм. Тэгэх юм бол одоо Цэвээнээгийн промотер Спенсер илүү зоригтой хөөцөлдөж Цэвээнээгээс зугтаагаад байгаа өрсөлдөгч нартай нь тоглуулах боломж нээх магадлалтай...

"Чой бол Manny Pacquiao-д барих Их Британийн хариу” гэж алдарт боксын тайлбарлагч John Rawling нэгэнтээ хэлсэн. Хөнгөн жингийн хамгийн алдартай дэлхий аварга Манни Пакиог Чойтой тулалдуулах гэсэн олон хүн Англид бий. Чой ч түүнтэй тулалдах бүрэн бололцоотой. Үүнийг хамгийн сайн мэдэх хүн бол Амирхаан. Тэр Цэвээнээтэй хэд хэд хамт бэлтгэл хийхдээ тулалдаад үзсэн. Харин одоо Манни Пакиотой Америкад хамт бэлтгэл хийж байгаа.
 
Одоо Чойг Америкад гаргах асуудал яригдаж буй. Мөн сая их аварга Асашёорюү Лондонд ирэхдээ Цэвээнээтэй уулзаж хамтарч ажиллах тухай ярилцсан. Хэрэв энэ хоёрын ажил үйлс бүтвэл Цэвээнээ Японы дэлхийн аваргатай тоглох магадлалтай. Миний хувьд бол энэ хоёрыг хамтарч ажиллаасай гэж маш их хүсэж байна. Хоёулаа л монголоороо байна гэж гүрийсэн аваргууд шүү дээ.

Би саяхан Цэвээнпүрэвт:
—Чи одоо эртнээс л английн иргэн болж байхгүй. Одоо чамд Монголд хоосон нэр, шалдан гуяаас өөр юу ч байхгүй ш дээ. Хэрэв английн иргэн болоод дэлхийд цуурайтсан хэдэн хэдэн том тоглолтууд хийчихсэн бол өдийд чи хагартлаа баяжчихсан гэж хэлэхэд тэр надад юу ч хариулаагүй, хоолой нь зангираад өнгөрсөн.

Би арай хатуу үг хэлсэн байж магадгүй. Монголын иргэн Цэвээнпүрэвт, Английн иргэн Цэвээнпүрэвээс бага боломж байх албагүй. Английн монголчууд түүнийг дэмжвэл боломж, нөхцөл бүрэлдэнэ... Одоо түүнд үеийн үед дуурсагдах Монголоо мандуулсан ганцхан халз тулаан хэрэгтэй. Хэрэв тийм боломж нээгдвэл цутрашгүй Чой домог болон үлдэнэ гэдэг би итгэлтэй байна. Хөх тэнгэр ивээж үнэнч хүүгээ тэтгэнээ.
  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 2636

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

Монгол улсын Гадаад хэргийн сайд Г.Занданшатарын Герман улсад айлчилах үеэр

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар энэ сарын 18–22-ны єдрүүдэд ХБНГУ-ын Холбооны Гадаад хэргийн сайд ноён Г.Вестервеллегийн урилгаар ХБНГУ-д албан ёсны айлчлал хийлээ. Энэхүү айлчлалынхаа төгсгөлд Монгол Улсаас ХБНГУ-д сурч, ажиллаж амьдарч буй Монгол иргэдтэй уулзаж халуун яриа өрнүүлэн, тэдний санал сэтгэгдлийг сонсож харилцан ярилцсаны үр дүнд цаг үеэ олсон шийдвэрүүдийг гаргалаа.

Энэ нь Берлин хотноо уламжлал болон зохион байгуулдаг “Олон улсын соёлын багт наадам” („Karneval der Kulturen“) энэ жил 13 дахь удаагаа болох гэж буйтай холбоотойгоор Монгол-Германы Соёлын Холбоо, ХБНГУ-д сурч, ажиллаж амьдардаг иргэдийнхээ хамт уг Багт Наадамд сүүлийн 2 жил амжилттай оролцоод, улмаар 3 дахь удаагаа оролцохоор бүртгүүлээд байгааг маань сайшаагаад, Багт Наадмын бэлтгэл ажлуудад шаардлагатай санхүүгийн асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлэх талаар бидний тавьсан саналыг хүлээн авлаа.

Мөн энэ Багт Наадам Герман улс төдийгүй Европдоо хамгийн томд тооцогддог ба Берлин хотод зохиогддог нь харьцангуй хямд зардлаар Монголынхоо түүх, соёл, урлаг, ахуй амьдралыг сурталчлах өргөн боломжтой байдгаараа давуу талтай юм байна гэдгийг онцлоод, Багт Наадамын арга хэмжээг анхааралдаа авч дараа дараагийн ажлуудыг хийж гүйцэтгэж хэрэгжүүлэхээ бидэнд амлан энэ удаагийн Монголын  Наадамын багийнханд Германд улсад суугаа Монгол улсын Элчин Сайдын Яамнаас цуваанд явах машин, машиныг барих жолоочийн асуудлыг шийдэж, үндэсний хөгжмийн Хөх монгол хамтлагийг цуваанд татан оролцуулж, түүний төлбөрийн асуудлыг газар дээр нь шийдэн, нүдээ олсон шийдвэрийг гаргалаа.

Занданшатар сайдын хэлсэнчлэн энэхүү жил болгоны 5 сард зохиогддог олон улсын Багт Наадамд өөрсдийн санаачлагаар, бие дааж Дэлхийн бусад улс үндэстний адил нэгэн цуваанд орж, эх орныхоо түүх, соёл урлагийг сурталчилж байгаа нь бахархууштай.

Эх орноо гадаад ертөнцөд сурталчлан таниулж байгаа та нөхдөд болон Монголчууддаа баярлаж байна гээд энэ багт Наадамд зайлшгүй шаардагддаг зардлыг жил болгоны ХБНГУ-д суугаа Монгол улсын Элчин Сайдын Яамны төсөвт нь суулган өгөх ажлыг хийнэ гэсэн нь эх орноо, улс үндэстнээ гэсэн Гадаад хэргийн сайдын ажлын нэгэн хэсэг нь байлаа.

Энэхүү багт наадамын үндсэн зардалд :
Наадамын цуваанд явах тэвштэй машины хөлс, жолоочийн төлбөр, ХБНГУ-д амьдардаг Монголын хөгжмийн хамтлагийг татан оролцуулахад шаардагдах замын зардал, байр, тоглолтын хөлс, Багт Наадамд хэрэглэх хөгжим техникийн түрээсийн зардал, цахилгаан үүсгүүр генераторын түрээсийн зардал, бусад сурталчилгааны материалын төлбөр гэсэн нийт үндсэн зардлууд орно. Энэ нь нийтдээ ойролцоогоор 1200 Евроны зардал болдог билээ.
Биднийг ХБНГУ-д суугаа Элчин Сайдын Яамнаас дээрх зардлыг гарган өгч дэмжиж ажилаваас бид Монгол улсаа Гадаадад сурталчлах, энэ Багт Наадамын үйл ажилагаанд жил бүр улам сүр хүчтэй сайн зохион байгуулалттай оролцох болно гэдгийг энэ Багт Наадамыг анхнаас нь дэмжин, идэвхтэй оролцож ирсэн нийт Монголчууд болон Монгол Германы Соёлын Холбооны хамт олны өмнөөс амлаж байгаагаа хэлэхэд таатай байна.
Эх орны минь сүр хүч нэр төрийн нэгэн хэсэг нь гадаадад буй нийт Монголчуудын маань Улс үндэстнээрээ бахархах, түүнийгээ бусдад таниулан мэдүүлэх үүрэг билээ.

Гадаад хэргийн Сайд Занданшатар Таны ажил үйлсэд улам их амжилт хүсээд, Монгол Улс Үндэстний соёлыг Гадаад ертөнцөд таниулан мэдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж зөв шийдвэр гарган хөхүүлэн дэмжиж буйд нийт хамт олныхоо өмнөөс талархаж байгаагаа илэрхийлэе.

Өвөг дээдсийн минь соёл үеийн үед өвлөгдөн үлдэх болтугай.

Ц.Баасанжав.
Монгол Германы Соёлын Холбооны Тэргүүн

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 1541

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

Улсын хүн амын тооллого

Б.Эрдэнэбаяр. Парис хот

Монгол Улс хүн амаа тоолох бэлтгэлээ хангаж байна. Энэ удаагийн тооллого бас л олон юмны эхлэл байж болохоор байна. Яагаад “бас л” гэж хэлж байгаа талаар энэ өгүүллэгийн явцад өгүүлэх тул бүрэн гүйцэд уншсаныхаа дараа тайлбар бичихээ эхэлнэ үү  хэмээн хүсье ээ.

Аливаа улсын хүн амын тооллого нь мэдээж хэрэг зөвхөн статистик бүртгэлийн хийх ажил биш юм. Энэ тоон үзүүлэлт нь улсын хөгжлийн зорилго, төлөв, төлөвлөлт, үндсэн чиглэлийн чиг баримжаа, бүр их том “хийлбэл” үндэсний аюулгүй байдлын  чухал үзүүлэлтүүдийг гаргаж авдаг байх. Мэргэжлийн хүмүүс хүн амын тооллогын хүснэгтийг гаргаж түүндээ хүн амын тоон үзүүлэлт зайлшгүй хэрэгцээтэй салбар салбарын санал, оролцооны дагуу асуулга, үзүүлэлт тусгадаг л байх. Тэр талаараа ч, хамгийн тэргүүн эгнээнд тооллогын хэсэгт багтаж ажиллах хүмүүст мэдээлэл, сургалт явуулдаг байхаа гэж.

Миний хувьд, энэ удаагийн тооллогыг улс, үндэснийхээ аюулгүй байдлын бодлого, тогтолцоо, холбогдох байгууллагуудын үйл ажиллагааны харилцан уялдаанд бодитойгоор нөлөөлөхүйц байдлаар хэрэгжүүлээсэй гэж бодож хүсэж байна.

Дэлхийн нэгдүгээр дайны дараа, хэдийгээр ялсан талын баатар болсон Франц Улсын цэргийн зүтгэлтэн, хожим Парисын буултын дараагаар Францын төрийн тэргүүн болсон маршал Пэтайн хэлэхдээ, бид дэндүү цөөхөн цэрэг, дэндүү цөөхөн зэвсэг, дэндүү цөөхөн хүүхдийн төрөлттэй байна хэмээн хэлсэн байдаг. Үүнийгээ ч, 1940 онд нацистын Германд ялагдсан шалтгаануудын нэгэн гэж францчууд дүгнэцгээсэн юм.

Монгол Улс дайн хийхийн тулд хүн амаа өсгөж, зэр зэвсгээ базаах нь юу л бол. Ингэх ёстой гэвэл ёстой үл гүйцэлдэх үзэл болох байх л даа. Гэхдээ энэ улсын иргэд аюулгүй амьдрах орчин, нийгмийг бүрдүүлэхэд холбогдох хууль хэрэгжүүлэх байгууллагуудыг хэвийн ажиллагаатай байлгахад хүн амын тоогоо сайтар мэдэх нь маш тулгамдсан асуудал болж байна.

Энэ удаагийн хүн амын тооллогоор хууль сахиулах байгууллагуудын төлөөллийг оролцуулж, эсхүл тэдгээрийн саналыг тусгасан тооллогын нарийвчилсан хүснэгт боловсруулж ашиглах нь зүйтэй байна. Тухайлбал, зөвхөн цэргийн насны залуусын тоог тусгаад зогсохгүйгээр улс орныг батлан хамгаалах, хууль сахиулах байгууллагын үйл хэрэгт хүчин зүтгэж болохуйц төрөл мэргэжил эзэмшсэн байдал, идэвхтэй болон бэлтгэл хүчний нөөцөд орж ажиллах чадвар боломж, хямралын үед ашиглах цусны бүлэг, хүйсийн харьцааг насны маш нарийвчилсан бүлгээр ангилах, урт, дунд хугацааны хүн амын өсөлтөнд нөлөөлөж болох төрөх насны эмэгтэйчүүдийн тоог гаргах, өвчин, эмгэгтэйгээр нь ангилах зэрэг аль болох олон удаагийн чирэгдэлтэй нийтийг хамруулсан ажиллагаа хийхгүйгээр энэ удаагийн тооллогыг хэрэгжүүлэх ёстой юм.

Мэдээж хэрэг, дээрх тоочсон хүчин зүйлс нь бүрэн гүйцэд гаргасан жагсал биш гэдгийг уншигч та ойлгож байгаа байх. Гол нь манайд үргэлж яригддаг асуудал болсон, шил шилээ дарсан Их Хурлын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн сонгууль зэрэг ужигт ажлуудаас сургамжаа авч, нийгмийн судалгаа, бүртгэлийг нэгэн далайцаар бүрэн гүйцэд амжуулаасай гэж бодсон эргэцүүлэл юм.

Улс орны хөгжлийн хамгийн чухал үзүүлэлт бол хүн амын өсөлт, эрүүл мэнд, ажлын байранд хэрэгцээтэй ажиллах хүчин, оюуны чадамж, хөгжлийн хэтийн зорилгод нийцсэн хүн амын хөгжил, эрдэм мэдлэгийг уялдуулах бодлого болгоход энэхүү хүн амын нэгдсэн тооллогын зорилго ч оршдог байх.

Монголын үрс маш олон болтугай.

  • Бичсэн erdenebayar
  • Үзсэн: 2619

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

Чуулган амжилттай болж өндөрлөлөө

 Британи дахь Элчин сайдын яам, Британийн Монголчуудын Холбоо хамтран "Монгол орны хөгжилд" сэдэвт 6 дахь удаагийн чуулга уулзалтыг 2010 оны 5 дугаар сарын 2-ны Ням гарагт Лондон хотын Piccadilly дүүрэгт байрлах Limkokwing Их Сургуулийн байранд амжилттай зохион байгуулав.

Чуулганд нийт 8  орны (Британи, Герман, Ирланд, Монгол, Польш, Финланд, Франц, Швед) 24 илтгэгчид цахим болон биеэр оролцож Анагаах ухаан, Математик - Мэдээллийн Шинжлэх Ухаан -Инженерчлэл, Нийгмийн ухаан гэсэн 3 салбар хуралдаануудад илтгэл тавьж хэлэлцүүллээ.  Чуулганд орлцохоор Британид суралцаж, ажиллаж буй оюутан, судлаач нарын төлөөлөл 150 орчим Монголчууд хуран цугларсан байлаа.

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа элчин сайд Б.Алтангэрэл чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Британийн Монголчуудын энэхүү чуулга уулзалт нь жилээс жилд өргөжиж Европийн улс орнуудаас олон эрдэмтэн судлаач нар маань ирж  оролцож буйд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд энэ жилийн чуулга уулзалтад Засгийн Газрын зүгээс ач холбогдол өгөн оролцож буй нь чуулганы нэгэн шинэ үеийн эхлэл юм хэмээн тодорхойлов.

Чуулганы нээлтэнд Монгол улсын Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газрын дэргэдэх “Хилийн чанад дах Монгол улсын иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах зөвлөл”-ийн ажлын хэсгийн дарга Ч.Энх-Эрдэнэ зөвлөлийн багийн гишүүдийнхээ хамт онлайн оролцов. Тэрээр Монгол орны хөгжлийн өнөөгийн төлөв байдал, эдийн засаг нийгмийн төрөл бүрийн салбарт мэрэгшсэн чадвартай боловсон хүчин шаардагдаж буй тухай, хилийн чанадад суугаа Монголчуудаа энэхүү орон зайд ирж ажиллах боломжоор хангахын тулд тус зөвлөл байгуулагдан ажиллаж буй зэргийн талаар танилцуулж чуулганд өндөр амжилт хүслээ.

Чуулганы зочин илтгэгчээр Шинжлэх Ухааны Академийн Олон Улсын Судлал Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Профессор, түүхийн ухааны Др О.Батсайхан уригдан оролцож 2011 онд болох Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойг тохиолдуулан “ХХ зууны Монголын түүх: 1911 оны Монголын Үндэсний хувьсгалын удирдагч VIII богд Жавзандамба хутагт ба түүний тухай түүх судлалд өгүүлсэн нь” сэдэвт илтгэл тавив.

Чуулга уулзалтыг зохион байгуулагч Элчин сайдын Яам, Британийн  Монголчуудын холбооноос гадна Limkokwing University of Creative Technology, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, МCS Group, Британид үйл ажиллагаа явуулдаг Монголчуудын эрхэлдэг бизнесийн байгууллагууд болох Cashmere Republic, Semon Cashmere, Sonin.mn, Монголын Соёлын Төвийн дэргэдэх ЛондонМН Студио, Будда Медиа Студио, Mongol Bridge, Mongol Pub, Lingua Global, Британид ажиллаж амьдарч байсан Монголчуудын Улаанбаатар хотод суугаа төлөөлөл, V чуулганыг зохион байгуулах багийн ахлагч Т. Индра, А.Нямдорж нар, иргэн Н.Батхуяг, V, VI чуулганыг зохион байгуулах багийн гишүүн Б.Нямбаяр нар үйл ажиллагааг ивээн тэтгэв.

Чуулганы төгсгөлд уламжлал ёсоор байгууллагууд шилдэг илтгэлүүдэд өөрийн нэрэмжит шагналаа олгов.  Стокгольмийн Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийн докторант Н.Ууганбаатар “Мэдээллийн онол ба түүний боломжит хэрэглээнүүд” сэдэвт илтгэлээр Цахим Өртөө Холбооны “Эрдэм” өргөмжлөлийг хүртэж тус холбооны гишүүдийн хамтран зохиосон болон орчуулсан номын дээжсээр шагнагдсан бол Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, тархвар судлаач, докторант  Б.Сувд  “Улаанбаатар хотын агаарын бохирдол ба  хүн амын эрүүл мэндэд үзүүлж буй нөлөө  илтгэлээрээ " Air Pollution Mitigation Process Ulaanbaatar, Mongolia" төслийн шагнал 100 пуандаар урамшуулагдав.

Чуулга уулзалтад оролцсон илтгэгч нар, тавигдсан илгэлүүдийн товч танилцуулгыг ЭНД ДАРЖ үзнэ үү!

Чуулганыг Монгол Соёлын Төвийн дэргэдэх ЛондонМН Студио, NTV телевизийн Лондон дах сэтгүүлч Шинэцэцэг нар сурвалжиллаа. 

Чуулганы үеэр номын худалдаа явагдаж Британид үйл ажиллагаагаа явуулдаг Амьдралын дасгалжуулагч, MGL Charity байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилан таниулав.

Чуулга уулзалттай холбогдох санал бодлоо  http://chuulgan.blogspot.com хуудсаар дамжуулан мөн Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаягаар ирүүлж болно.
 __________________________________________________________________________

Чуулганаас төрсөн Хачиртай үгс

Бид дандаа л ном онол ярьж серозны царайлсангүй. Олон цугласан газар хойно дурсаж ярьж инээж хөхрөх учир тохиол багагүй гарав аа. 

Монголоороо анх удаа намуухан илтгэсэн нь
Холоос ирсэн нэг эрдэмтэн маань их намуухан ярих. “Та жаахан чанга ярих арга байна уу, энд дуулдахгүй байна” хэмээн танхимын араас нэг нь дуу өндөрсгөн сүрдүүлэхэд  “20 жил ном хөөлөө.  Анх удаа Монгол хэл дээр илтгэж байна. Их сандарч байна шүү” хэмээн үнэн ээ өчиж ичэнгүйрлээ задалснаар илтгэл нь сайхан үргэлжилэв ээ.

Математикчид цугласан газраас магад нэг дэвшил гарах нь
Матетикийн салбар хуралдаан дээр Шведээс ирсэн Ууганбаатар маань галтай цогтой ярьж байна аа. “Ер нь дэлхийн 1, 2–р дайны үед Физикчид, Математикчидын гаргасан онолын хэрэглээ л ялалтад хүргэж байсан. Иймд олон математикчид нэг газар нийлвэл том үйл хэрэг бүтэхийн зондон” хэмээн аксиомдсон нь тус салбар хуралдааны ирээдүйг хэлсэн бошго байгаасай гэж олон хүн дотроо залбирав. 

Нас тогтсон ч намбаа мартсан нь
Бусад улс орнуудаас ирсэн зочидын маань ихэнх нь нэг буудалд бууцгаасан юм. Чуулганы оройн “цүү хаях” арга хэмжээнд авахаар очтол “Манай хөвгүүд сая төөрөөд” хэмээн бүсгүйчүүд нь жиг жиг хөхрөлдөхөд “охидуудаа орхиод сүрхий гарсан зам будилав” хэмээн эрчүүд нь хүр хүр инээлдэх нь  тэд маань хоёрхон хоногт дотносон танилцаж бүр дунд сургуулийн сурагчид мэт нэг нэгнээ “охид” “хөвгүүд” хэмээн дуудах болсон нь энэ удаагийн чуулганаар бүрдсэн эвсэг нэгэн бүл байв.

Монгол гэдгээ мэдэрч, Хийморь сүлд сэргэсэн нь
Түүхийн ухааны Др, профессор О Батсайханы илтгэлийг сонссон Лондон хотноо цөөнгүй жил амьдрагч нэгэн “таны илтгэлийг сонсоод Монгол гэдгээ мэдэрч, үнэхээр нэг хийморь сүлд минь сэргэх шиг боллоо” хэмээн уулга алдав.  Нутаг нэгт маань ажил гэж гүйсээр Монгол гэдгээ мартах шахсанаа ч нуусангүй. 

Элбэгзаяа Докторийг элдсээр байгаад уулзаж эгч дүүс болохыг шахав
Чуулганы дараа Монгол Бриджээс зохион байгуулсан оройн цэнгүүн цомхон сайхан боллоо. Илтгэгч, зохион байгуулагчид голлосон энэ арга хэмжээн дээр чуулганд оролцогч  нэгэн бүсгүй зорин зорин ирснээ хэлэн Элбэгзаяа Докторийн илтгэл тун сайн байсныг дуулган баярлаж талархаснаа баруун зүүн хацрыг нь үнсэн илэрхийлэв. Сүүлдээ тэд маань бараг элэг нэгссэн эгч дүүс мэт болж элдвийг хөөрөн сууцгаах нь сайхан. Төөрсөөр төрөлдөө гэж.
Европийн Монголчуудын хэлхээ бэхжин батжиг
Оройн цэнгүүн дээр оргилуун дарсаар дөрөө чангалсан чуулаачид орон орноороо харилцан туслалцах хамтын ажиллагааны меморандумд гарын үсэг зурах шахцгаалаа. 2012 оны Олимпид Лондончууд бусад орныхоо Монголчуудад үйлчилэх бол 2012 оны Европийн хөл Бөмбөгийн аваргын Польшид болох хэсгийг үзэх арга хэмжээг Польшийн Монголчууд даах гэх зэргээр аман тохироо хийгдэв.  Ер энэ санаа хэрэгжин гүйцэлдэж Европийн Монголчуудын хэлхээ улам бүр бэхжин батжих болтугай.
  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 1475

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

Токио хотноо Дэлхийн Хайкугийн холбооны 5 дугаар бага хурал боллоо

Др. Ж.Бат-Ирээдүй, Японоос

Өчигдөр 4 дүгээр сарын 29 нд Японд бүх нийтийн амралтын өдөр буюу Шовагийн өдөр байлаа. Шовагийн өдөр гэдэг нь эзэн хаан Хирохитогийн төрсөн өдөр юм. Хирохито хаан 1901 оны 4 сарын 29 нөөс 1989 оны 1 сарын 7 хүртэл амидарсан байна. Түүний үеийг Шова гэж нэрлэдэг. Япончууд төрийн бус, ашгийн бус байгууллагуудын зохион байгуулах аливаа хурал чуулганыг заавал амралтын өдөр, тэртусмаа хагас сайн өдөр голдуу хийдэг ёстой. Өчигдрийн Шовагийн амралтын энэ өдөр Дэлхийн Хайкүгийн Холбооны 5 дугаар бага хурал Итабаши дүүргийн Ногоон танхимд боллоо. Хурлыг нээж тус холбооны нарийн бичгийн дарга Күнихару Шимизү үг хэлсэн бол тус холбооны үндэслэгч, ерөнхийлөгч, Японы нэрт хайкүч Баняа Нацуиши холбооны ажлын талаар дэлгэрэнгүй илтгэл тавилаа. Ерөнхий санхүүч Саюуми Камакура санхүүгийн тайланг танилцуулав. Тус хурлын ерөнхий хуралдааны дараа Япон, Монгол, БНХАУ-ын Өвөр Монгол, Гүрж, Румын, Латви улсын хайкүчид оролцож шүлэг яруу найргаасаа уншиж танилцуулав. Энэ үеэр дэлхийн сонгодог хөгжимүүд түүний дотор монголын морин хуур эгшиглэж байлаа.

Токио Гадаад Судлалын Их Сургуулийн профессор Ж.Бат-Ирээдүй Монгол улсад Японы хайкү шүлэг дэлгэрсэн түүх болон өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулж тус дэлхийн холбооны салбарыг Монголд байгуулах санал дэвшүүллээ. Хурлын үеэр Японы болон гадаадын яруу найрагчид өөрсдийн номын худалдаа ажиллуулж орлогын 1 хувийг тус холбоонд хандив болголоо.

Тус холбоог АНУ-ын Жим Качиан, Японы Банияа Нацуиши, Слованы Димитар Анакиев нар 2000 онд анх үүсгэн байгуулжээ. Дэлхийн олон орон түүний дотор Япон, Америк, Австрали, Англи, Франц, Герман, Итали, Холланд, Португали, Греек, Словеня, Ирланд, Серб, Иран, Бразил, Монгол зэрэг орны 200 гаруй гишүүнтэй, Японд төвтэй энэ байгууллага нь дэлхий даяар маш идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг байна. Энэ сард “World Haiku 2010: No 6” ном хэвлүүлсэн байна.
Энэ байгууллага нь гишүүдийн татвар болон Дэлхийн Хайкү Сангаас санхүүждэг байна. Япон хүн 6000 йэн, Хойд Америк 35 ам.доллар, өмнөд Америк 10 ам.доллар, баруун Европын орны хүмүүс 35 евро, зүүн европ, оросууд 13 евро, Азийн орныхон 10 ам.долларын жилийн татвартай байдаг юм байна. Хэрэв та Дэлхийн Хайкүгийн Холбооны гишүүн болохыг хүсвэл тус холбооны http: //www.worldhaiku.net/  вэб сайтаар зочилно уу?

Энэ оны 8 дугаар сарын 6-8 нд Унгарын Будапешт хотноо Дэлхийн Хайкугийн Фестиваль болох юм байна, мөн тус холбооны 6 дугаар хурлыг 2011 оны есөн сард Токиод хийхээр төлөвлөж байгаа ажээ. Хурлын дараа төлөөлөгчдөд зориулсан цайллага болж орны орны хайкучид чөлөөтэй ярилцаж, санал солилцлоо.

  • Бичсэн batireedui
  • Үзсэн: 1652

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter