196-р сар2018

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

Монгол Финландын хил нээгдлээ

И.Цэрэн-Онолт, Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
2010 оны 10 сарын 6-7, Хелсинки.

Монгол улсын төрийн тэргүүн Финланд улсад түүхэндээ анх удаа айлчилж байгаа нь Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн айлчлал юм байна. Мөн Элбэгдорж гуай өөрөө ч анх удаа Финландад зочилж буй бололтой. Айлчлалын бүрэлдхүүнд Их хурлын эрхэм гишүүд, Гадаад хэрэг, Хөдөө аж ахуйн сайдууд, Боловсролын дэд сайд болон албаны бусад хүмүүс багтаж, мөн бизнесийхэн дагалджээ. Манай төлөөлөгчид Финландын Ерөнхийлөгч, Парламентын дарга, Ерөнхий сайд, сайдуудтай уулзаж ярилцсан байна гэх мэт албан мэдээг хэвлэл мэдээллээр үзэж, уншиж байгаа бизээ.

Энэхүү айлчлалын хүрээнд хийгдсэн нэгэн томоохон ажилд Монголын  хөгжлийн корпораци, Финландын Outotec компаний хооронд хамтран ажиллах гэрээ үзэглэсэн явдал орно байх.

Зэс хайлуулах үйлдвэрийг тус компаний дэвшилтэт технологиор барьж, зэсийн хүдрийг Оюутолгой компани нийлүүлэх хуулийг манай их хурлаар баталсан юм байна. Уг төсөлд зориулж санхүүжилт олгох санамж бичгүүдэд санхүүгийн байгууллагууд гарын үсэг зурцгааж байв, зарцуулагдах хөрөнгийн хэмжээ ч толгой эргэмээр том тоонууд сонсдонолээ. Outotec-ийн тэргүүлэх технологиор дэлхий дээрх зэс хайлуулалтын 50% хийгддэг тухай тус компани дээр зочилж байхад танилцуулж байна. Зэс хайлуулах үйлдвэрийг л бариулчихвал ч миний хийх юм ер нь боллоодоо гэж П.Цагаан зөвлөх хүүрнэж зогсов, түүний мөрөөдөл ч удахгүй биелэхдэгээ.

Нокиа компанид зочилов. Нокиа компани нь тус улсын үсрэнгүй хөгжилд төдийгүй хөдөлгөөнт холбоо, гар утасны технологийн хөгжилд хийсэн ажилтай, хэлэх үзүүлэх юмтай гэдгийг уг аялал дээр тус корпорацийн дэд тэргүүний хийсэн танилцуулга болон бяцхан үзэсгэлэнгээс харагдаж байлаа.

Илтгэгч нэгэн нууцыг та бүхэн задлая гэсээр яриагаа эхэлсэн бөгөөд тэрээр манай ерөнхийлөгчтэй өмнө нь уулзаж байсан боловч энэ нь Финландад биш, монголд ч биш, харин америкт юм байна. Тэгэхэд мань хүн Харвардад зочин багшаар ажиллаж байсан ба манай ерөнхийлөгч тэнд оюутан байжээ. Нокиагийн гар утсыг хэдэн хүн барьдаг бол ноён ерөнхийлөгчөө хэмээхэд, 500 сая орчим боловуу гэж хариулсан нь машсайн дүн авсан бөгөөд 200 саяыг нэмээд хэлсэн бол ч онц авах байлаа ерөнхийлөгч маань багшаасаа. Олон орны төр засгийн удирдагчид манайд үйлдвэрээ нээгээч гэж асуудаг, техникийг үйлвэрлэх нь тийм ч чухал биш болж байгаа ба гар утасны технологийг, контентийг хөгжүүлэх, түүнийг хэрэглэх нь их том бизнес шүү гэж ярьж байлаа.

Бид уулзалтын танхимын хажууд байрлах үзэсгэлэнгийн танхимд нилээд хугацааг өнгөрөөж, hi-tech д hi гэж хэлцгээв. Монголд hi-techээр их юм хийдэг, олон ч хурал семинар зохион байгуулсан гэх нэгэн бизнес-эрээс эдний hi-tech ямар байнадаа гэтэл ”ааа (минийхээс) шаал өөр юм байна” гэв. Миний бие Куланда сайдтай өглөө нь тааралдаад Улаанбаатарын  Зуны чуулган дээр уулзсан тухайгаа хэлээд мэндчилэхэд инээгээд л байсан юм. Нокиа дээр явж байхнээ сайд ирээд ийн ярьж байна. Өглөө чамайг Улаанбаатарын хурал гэхээр, Улаанбаатар зочид буудалд болсон хурлуудыг л бодоод байлаа, танилгүй ёс алдсанд ёстой уучлаарай гээд нээх хөөрхөн мэхийв. Бид хоёр одоо л бүрнээ танилцаж, инээлдэж, зураг хөргөө татуулав.

Финландаас Цаа буга авчирч Хөвсгөлийн цаатнуудад өгвөл ч их хэрэгтэйдээ гэж Цахим Өртөөний Лутаа ах ярьж байсан нь мөн л биелэлээ олж хоёр гэвүү цаа буга бэлгэнд ирж буй гэж ойлгосон. Үр авах санал тавьсан ч энэ нь тийм ч амар ажил биш бололтой тухай мэдээнүүдэд дурьджээ. Ямартай ч холбогдох хүмүүс цаа буганы асуудлаар Монголруу удахгүй хөлгийн жолоо залах юм байна.

Монголын төрийн байгууллагууд, бизнесийн төлөөлөгчид илтгэл, танилцуулгыг семинар дээр хийсэн ба дандаа л шижигнэсэн залуучууд байв. Б2Б уулзалт дээр Финн талаас 60 орчим хүмүүс оролцохоор бүртгүүлсэн байсан ба манайхаас мөн 30аад компани байв. Манай бизнесийхэн дунд нээх их юм хайж ирээгүйээ, жаахан зугаалаад авах санаатай л явна, гэхдээ юмийг яаж мэдэхэв юм олдвол ч үгүй гэхгүй шүү гэсэн хүмүүс тааралдаж л байв. Мод тарих, суулгах талын хүмүүс харин манайхаас олноороо ирсэн байлаа. Мод боловсруулах технологи ярьсан хүмүүс айлын талаас зонхилж байх шиг ажиглагдсан бөгөөд яваандаа сонирхол нь ойртох биздээ. Технологио л шахах гээд байх бололтой юм гэж ганц нэг хүн гомдоллож байв. За тэгээд манай томоохон компаниуд болох Newcom, MagnaiTrade, XAS Bank, MONNIS  нар том төслүүд ярьсан байхдаа. Уул уурхайгүй компани ч гэж алгаа манайханд.
Финланд нь манай оронтой төстэй зүйлүүд нилээдгүй бий. Тухайлбал нэг овгийн буюу Алтай хэлтэй, жилийн дөрвөн улиралтай, өвөлдөө цас их унах бол зундаа жимс ногоо сайхан дэлгэрнэ, хүн ам нь ердөө 5.3 саяхан. Цөөн хүн амыг өндөр бүтээмжтэй ажиллуулах системийг нийгэмдээ бий болгож чадсан нь бидний зочилсон, дэлхийн томчууд болох Нокиа, Оутотек зэрэг компаний чадлаас харагдаж байгаа бизээ.  Тус компаниуд хоёулаа л технологио хөгжүүлэх судалгаа, шинжилгээндээ зарцуулдаг хөрөнгийн хэмжээгээ чанарын баталгаа, хөгжилийнх нь түлхүүр мэтээр онцлон дурьдаж байв. Техник, технологийнхоо хүчээр өвлийн хатуу цагийг ажрахгүй давдагийг нь мэдэх юм. Энэхүү айлчлал, бизнес уулзалтын үр дүнд эдний технологиудаас нутагшуулах, эхний ээлжинд ядаж тэргүүлэх технологиор үйлдвэрлэгдсэн бүтээгдхүүнийг нь хэрэглэж эхлэхэд чанарын болоод бүтээмжийн эрс дэвшил гарах нь эргэлзээгүй боловуу. Зэс хайлуулах технологи нь ч удахгүй нутагших юм шиг байна. Дашрамд дурьдахад монголын СкандинаТех (Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.) компани Финландын дэвшилтэт технологийн зарим бүтээгдхүүнээс монголын зах зээлд нийлүүлдэг юм.

Ерөнхийлөгчийн айлчлал Финланд Монголын хоорондын харилцааг сэргээх/идэвхжүүлэх эхийг тавьсан түүхэн айлчлал болсон боловуу. Ерөнхийлөгч маань хоёр улсын бизнесийнхний уулзалт дээр хэлэхдээ Финландын ерөнхийлөгчийг ирэх жил болох олон чухал түүхт ойг тохиолдуулан Монголд айлчлахыг урьсан ба бараг л хүлээж авлаа гэж байсан.  Мөн Финландын бизнесийн төлөөлөгчдөд хандан та бүхнийг Монгол улсад мөн зочилхыг урьж байна, Та бүхэн бүгдээрээ Ерөнхийлөгчийн түвшний урилга авлаа шүү хэмээсэн нь алга ташилтаар мялаалгав. Албаныхан дотор нэг хүн л их завгүй байртай гүйгээд байсан нь Скандинавын орнуудад суухаар саяхан ирсэн элчин сайд Энхмандах гуай байлаа. Ирсэн даруйгаа тус бүс нутгийг хамарсан өргөн, дээд хэмжээний айлчлалыг зохион байгуулж байгаад нь монгол хүний бараа цөөн хардаг бидний хэдэн Монголчууд тун их баяртай байлаа.

Мэдээж албаны айлчлал, зочилсон газрууд, ярилцсан зүйлсийг нь би яахан мэдэх билээ, харсан, сонссоныхоо хэмжээнд тэмдэглэлийг ийнхүү буулгав. Харин эндээс (http://qsb.webcast.fi/t/tpk/) илүүг үзэж болно.

Ийнхүү Монгол Финланд хоёр орон газар зүйн хувьд хол ч хэл, соёл, нийгэм, технологи, бизнесийн салбарт хил залгаа орших шан тавигдлаа.

Түүхэн айлчлал Данийн Вант улсруу цааш түүчээлсэндээ. Аяны богцондоо олз омог дүүрэн харих болтугай.

  • Бичсэн Tserenonolt
  • Үзсэн: 2110

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

QUEEN хамтлагийн менежер Жим Бийчтэй уулзлаа

Ж.Өнөрмаа, Лондон

Нэрт рок хамтлаг QUEEN-ий менежер Жим Бийчтэй 2010 оны 9 дүгээр сарын 6-нд Швейцари Улсын Монтро хотноо уулзсан нь хүндэтгэлтэй сайхан явдал байлаа.

Дараа жил QUEEN (Кувийн) хамтлаг байгуулагдсаны 40 жилийн ой болох бөгөөд 2011 оны 3 дугаар сард Лондон хотноо гаргах тус хамтлагийн уран бүтээлийнх нь эхэн үеийг харуулсан үзэсгэлэнд Батбилэгийн QUEEN хамтлагт зориулсан зургуудыг Ноён Бийч урьж оролцуулахаар боллоо. Энэ үзэсгэлэн дэлхийн хэд хэдэн хотуудаар бас аялах юм байна.  Ялангуяа хамтлагийн гишүүдийг харуулсан Батбилэгийн гол зургуудийг Жим өндрөөр үнэлж байв.

Батбилэгийн үзэсгэлэнг мөн 2011 оны 9 дүгээр сард Швейцари Улсын Монтро хотноо болох Фрэди Меркюригийн Дурсгалд Зориулсан Баярын үеэр уран зургийн ‘En Beauregard’ галлерид хоёр долоо хоногийн хугацаатай гаргахаар жил бүр зохиогддог энэ арга хэмжээг зохион байгуулах багийнхан буюу, Фрэди Меркюригийн Туслах байсан Питер Фрийстоүн болон Норберт, Рита нар урилаа. Энэхүү гайхамшигтай уран бүтээлийг бид фэнүүд болон урлагт хайртай хүмүүстэй хуваалцахаар тэсч ядан хүлээж байна!

Батбилэгтээ баяр хүргье! http://queenart.wordpress.com

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 2037

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

Технологи импортлох хэрэгцээ байна.

одоо зах зээлийн байдлыг харж байхад хятад үйлдвэрийн аргаар бүтсэн түүхий эд их зарагдах юм. үүнээс хархад хятадад үйлдвэрлэсэнтэй чанар нэгэн адил. чанартай орос, европ талын юм хэрэгтэй болоод байгаан үнэртээд байгаа ч юм уу. энийг Монголын зах зээл дээр бренд гэж нэрлэх дуртай. үүнээс хархад тохооромж нь энд байхад чанартай бренд хийж эхлээд Монголоо хангаад хятадад бренд гэж зарж болмоор санагдлаа. гэхдээ төрөөмжийг яаж оруулж ирэх вэ. энэн дээр гадаадад суугаа манай сурч амьдарч байгаа хүмүүсийн хэрэг гарна даа. тэнд тийм төхөөрөмж тэгэж үйлдвэрлэдэг, тйим бүтээгдэхүүн гардаг гэх мэт мэдээллийг тараагаад тодорхой хэмжээний хэн хэндээ ашигтай ажиллаж болхоор байна. үйлдвэр явуулах гэж байгаа хүмүүс асар их болсон үүгээр үйлдвэрийн тоног төхөөрөмж хайсан хүмүүс их болсоон. эрэлт орсод сүрдаг хэдэн залуу нилээд оросын том нефтын байгуулгын салбар байгуулгын Дорнот аймаги үүсгээд өгч болохгүй гэж. орос хүмүүстэй хамтраад бидэнд заавал юм үлддэг. харин хятад хүмүүс байгуулсанаа дэлбэлээд явж мэдэх улс шүү. үйлдвэржих хүсэлт байна гэхдээ энэ тал дээр мэдээлэл бага байна шүү залуусаа. 1111111111111

  • Бичсэн delgerbb
  • Үзсэн: 1672

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

Ц.Алтантөгс: Эрдэнээ гимнастикаар харьцангуй орой хичээллэсэн

Таван цагариг -Дугаар 67(973)

Олимпийн аварга Г.Эрдэнэболдын дасгалжуулагч Ц.Алтантөгс цагтаа хилийн чанадын тэмцээнүүдэд чамгүй амжилт гаргаж явсан нэгэн. 22 жилийн тэртээ Унгарт болсон спортын гимнастикийн “Нөхөрлөл” ОУТ-ий цагаригт дүүжингийн  төрөлд хүрэл медалиар энгэрээ мялаасан энэ эр улсын аварга цолоо олонтаа хамгаалсан нэгэн. Спортоо орхисны дараа амьдралын мөр хөөн,  гадаадад хэсэг хугацаанд аж төрөхдөө нүүдлийн циркт хүч сорьж явсан тэрбээр эх орондоо буцсан цагаас буюу 2004 оноос гимнастиктаа эргэн ирж залгамж үеэ дасгалжуулах ажилд ханцуй шамлан орсон бөгөөд жилийн дараа ирээдүйн олимпийн алтан медальтныг секцэндээ бүртгэн авсан түүхтэй. Энэ хугацаанд багш, шавь хоёр олон ч тэмцээнд хүч сорьж, хур туршлага хуримтлуулжээ.   

    -Г.Эрдэнэболдыг дасгалжуулагчийн хувьд дүгнэвэл бусад гимнастикчдаас ялгарах онцлог нь юу бол?     
    -Түүний ээж Ж.Ягаанцэцэг хүүгээ спортын гимнастикаар хичээллүүлэх хүсэлтэй гээд 2005 онд манай секцэнд хүлээлгэж өгсөн юм. Тэгэхэд Эрдэнээ 12 настай байсан. Энэ нь спортын гимнастикийн хувьд  залуу нас биш л дээ. Гэхдээ тэр төрөлхийн бие бялдрын хөгжил сайтайн сацуу хөдөлмөрч махруу байдлаараа нөхдөөсөө ялгардаг байлаа.  Мөн ямар ч үед тайван байдаг, сэтгэлээ барьж чаддаг чанар нь амжилт гаргах хөтөч болсон гэж бодож байна.     

    -Г.Эрдэнэболдын мэргэжсэн төрөл бол харайлт. Та түүнийг гимнастикаар хичээллээд хэр зэрэг удсаны дараа харайлтад амжилт гаргах боломжтой гэсэн дүгнэлт хийсэн юм бэ?     
    -Эрдэнээгийн хүчний чанар илүү хөгжсөн болохоор харайлтад тохирох хүүхэд гэдэг нь тодорхой байсан.  

    -Та хоёр хэзээнээс олимпийн медаль, оргил амжилтын талаар  мөрөөдсөн бол? 
    -Монголчууд спортын гимнастикаар гурван ч олимпод оролцсон түүхтэй. Тиймээс дөрвөн жилд ганцхан удаа тохиодог энэ агуу наадамд бид яагаад амжилт гаргаж болохгүй билээ гэсэн бодол дасгалжуулагч болсон цагаас төрсөн. Тамирчин ахуйдаа олимпод оролцохыг мөрөөддөг байлаа. Дасгалжуулагч болсноор шавиа олимпод сойн, олон жилийн тэртээх зорилгоо биелүүлэх хүсэл бадарсан. “Сингапур-2010”-т бидний зорилго биелсэнд баяртай. Энэ бол зөвхөн гимнастикчдынх биш, Монголын ард түмний  алтан медаль юм шүү.  

    - Тамирчнаа шийдвэрлэх харайлт гүйцэтгэхээр бэлтгэж зогсоход ямар зөвлөгөө өгсөн бэ?  
    -Техниктээ анхаарч, тэнцвэрээ алдалгүй буухыг  захисан.   

    -Таны бодлоор олимпийн аварга маань элементээ бүрэн төгс гүйцэтгэж чадсан уу? 
    -Арай л сэтгэлд хүрээгүй. Эрдэнээ бэлтгэл дээр үүнээс ч хүнд элементийг өндөр түвшинд хийдэг юм.      

-Харайлтын нарийн төвөгтэй  элементүүдийг Г.Эрдэнэболд хэзээ анх гүйцэтгэсэн юм бэ?  
    -2008 онд ОХУ-д ОУТ-д оролцохдоо Эрдэнээгээр 6,6-7 хүртэлх онооны хүндрэлтэй элементийг хийлгэх санаа төрсөн. Зөв техник эзэмшихэд их хугацаа шаардагдсан.  

   - Та хоёр Сингапурт хэдэн төрөлд финалдах зорилгоор ирэв? 
    -Гурван төрөлд шигшээд шалгарах боломжтой байсан. Гэхдээ цагаригт дүүжинд манай тамирчин хамгийн хэцүү дасгал хийсэн. Дөрвөн төрлийн барилтыг угсруулан хийнэ гэдэг  амар биш шүү.   

   -Гимнастикийн дасгалжуулагчид голдуу ОХУ-д сургууль төгссөн байдаг. Таны хувьд... 
    -Оросын  школ дэлхийд алдартай. Тэндэхийн дасгалжуулагчид, тамирчдаас бид ихийг сурч мэдэж авсан. Гэхдээ би гадаадад бус, Монголдоо дасгалжуулагчийн мэргэжил эзэмшсэн юм. 1988 оноос хойш зөвхөн монголчууд л өөрийн арга барилаар гимнастикчдаа дасгалжуулж байна. 

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 1507

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

"UPS Монгол" Олон улсын буухиа шуудан, "Цахим Өртөө Холбоо" ТББ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

“UPS Монгол” Олон улсын буухиа шуудан (www.ups.com, www.ups-express.mn), “Цахим Өртөө Холбоо” ТББ (www.tsahimurtuu.mn) хамтран ажиллах харилцан ойлголцлолын санамж бичигт гарын үсэг зурах ёслол 2010 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Чингис зочид буудалд боллоо.

Энэхүү санамж бичигт гарын үсэг зурсан “UPS Монгол” Олон улсын буухиа шуудангийн менежер П.Бүрэнзаяа хэлэхдээ: “Манай UPS олон улсын буухиа шуудан нь нь хилийн чанадад амьдарч буй монголчуудынхаа авъяас билэг, ур чадварыг эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр болохуйц их үйлсийг өрнүүлж, олон нийтийн төлөө ажилладаг “Цахим Өртөө Холбоо” ТББ-тай хамтран ажиллах болсондоо баяртай байна.

UPS Олон Улсын Буухиа Шуудан нь олон улсын агаарын тээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлж дэлхийн 240 улс орны хот, суурин, тосгоны хаяг бүрт Гараас Гарт, Гэрээс Гэрт, Хаалганаас Хаалганд захидал, бичиг баримт, ачаа, илгээмж хүргэх, хүлээн авдаг дэлхийд тэргүүлэгч, хамгийн том сүлжээтэй хувийн хэвшлийн компани юм. Монголын төр засгаас төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжиж байгаа бөгөөд манай компанийн 100,000 дахь ачаа нь АНУ, Монголын Засгийн газрын 3,2 тонн агаарын ачаа тээвэр байсанд бид билэгшээж байдаг. Өнгөрсөн онд манай компаний экспорт, импорт 60,7 хувийн өсөлттэй гарч, мөн ICT Expo-оос “Хэрэглэгчийн итгэлт түнш”-ээр өргөмжлөгдсөн.

Дэлхийн 60 гаруй улс оронд ажиллаж, сурч, амьдарч байгаа олон мянган Монголчуудыг эгнээндээ нэгтгэдэг “Цахим Өртөө Холбоо” ТББ-ын гишүүдийн Монголоос болон Монгол руу илгээх шуудангийн хэрэгцээг итгэлтэй, найдвартай, шуурхай шуудангийн үйлчилгээгээрээ хангах юм.” гэжээ.

“Цахим Өртөө Холбоо” ТББ-ын Удирдах Зөвлөлийн дарга Д.Сайнбаяр хэлэхдээ: “Манай Төрийн Бус Байгууллага нь дэлхий даяар тархан суугаа Монголчууд, Монгол угсаатан, Монголч түмний мэдлэг туршлага, мэдээлэл солилцооны гүүр болж, тэдний нөөц бололцоог нэгтгэн, эх орондоо чинээлэг хангалуун, сэтгэл дүүрнээр үеийн үед амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд манлайлж оролцохын төлөө ажилладаг. Дэлхийд тэргүүлэгч UPS Олон улсын буухиа шуудантай манай ТББ хамтран ажилласнаар хилийн чанадад болон Монголд амьдарч байгаа Монголчуудыгаа холбосон найдвартай гүүртэй болсондоо бид туйлын их баяртай байна” гэж хэллээ.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр UPS Олон улсын буухиа шуудангийн менежер Д.Нямжавтай санал бодол солилцлоо. Тэрээр энэхүү санамж бичигт туйлын их ач холбогдол өгч байна. Учир нь миний бие АНУ-д суралцаж байхдаа сэтгэл зүрх минь Монголтойгоо байнга холбоотой байсан. Ийм үед итгэлтэй, шуурхай шуудангийн UPS компаниар үйлчлүүлдэг байсан. Харин өнөөдөр UPS-ын Монгол дахь салбарт ажиллаж байгаадаа баяртай байдаг юм. Энд ажиллаж байсан манай шилдэг менежер Канад дахь UPS-т одоо ажилладаг. Тэгэхээр зөвхөн хилийн чанадад амьдарч буй Монголчууд төдийгүй одоо эх орондоо буй шилдэг боловсон хүчнүүдэд манай компанид ажиллахыг хүсвэл үүд хаалга байнга нээлттэй байх болно” хэмээв.

1907 онд байгуулагдсан UPS олон улсын буухиа шуудан нь Монголд үйлчилгээгээ эхлүүлсний 10 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд “Атланта-1996” олимпоос өнөөдрийг хүртэл олимпийн их наадмуудыг тогтмол ивээн тэтгэж ирсэн бөгөөд “Бээжин-2008” олимпийн Монголын алдартнуудыг 10,0 сая төгрөгөөр шагнасан. Улмаар “Лондон-2012” олимпийн албан ёсны түнш, албан ёсны шуудангийн компаниар дахин шалгарчээ. Дашрамд дурдахад Монгол банк болон бусад судалгаагаар хилийн чанадад амьдарч байгаа Монголчууд ар гэртээ жилд 250,0 сая ам.доллар шилжүүлдэг ажээ. Олон улсын шуудангийн компани, өртөө шуудангийн нэртэй хоёр байгууллагын хамтын ажиллагаа ийнхүү эхэллээ.

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 4509

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter