196-р сар2018

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

Монгол-Европын Нийгэмлэг байгуулагдлаа

Монгол улс тунхагласны баярын өдөр, 2011 оны 11-р сарын 26-нд Европын Холбооны улсуудад үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын сайн дурын байгууллагуудын төлөөлөгчид Бельгийн Вант Улсын Брюссель хотноо хуралдаж Монгол-Европын Нийгэмлэг байгууллаа.

Үүнд Британийн Монголчуудын холбоо, Лондон хотын Монгол Соёлын Төв, Монгол-Нидерландын Өлзий Холбоо, Португал-Монголын Нийгэмлэг, Шведийн Вант Улс дахь Монголчуудын Үндэсний  Холбоо, Европын Монгол Шагайн Холбоо, Бельги улс дахь Соёмбо, Эв Нэгдэл, Тооно, Бельгийн Монголчуудын холбоод, Жамуух, Монгол-Бельги нийгэмлэгүүд, Цахим Өртөө Холбоо зэрэг байгууллагуудын төлөөлөгчид болон Бельги улс дахь Монголын Өргөмжит консул Паул Ван Воуве нар хүрэлцэн ирж оролцлоо. Мөн Герман улс дахь Монгол Соёлын Төв, Унгар, Польш, Чехийн Монголчуудын холбоод хүндэтгэх шалтгаанаар оролцож амжаагүй ч хуралд амжилт хүсэн хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Тус хуралдаанаар Монгол-Европын Нийгэмлэгийн тэргүүнээр Н.Номун-Эрдэнэ Шведийн Вант Улс дахь Монголчуудын Үндэсний  Холбооны тэргүүн, дэд тэргүүнээр Ж.Өнөрмаа Британийн Монголчуудын Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Д.Янжиндулам Монгол-Нидерландын Өлзий Холбооны тэргүүн нар сонгогдлоо.  Монгол-Европын Нийгэмлэгийн Удирдах Зөвлөлд Ц.Адъяа – Бельгийн Соёмбо холбооны тэргүүн, Б.Баатарбат - Европ дахь Монголын шагайн харвааны холбооны тэргүүн, С.Билигсайхан- Бельгийн Тооно холбооны тэргүүн, И.Бүдбаяр - Берлин хот дахь Монгол Соёлын төвийн захирал, Б.Жавхлан – Португал-Монголын нийгэмлэгийн тэргүүн, Ч.Мөнхбаясгалан – Монгол-Бельги нийгэмлэгийн тэргүүн, Д.Мөнхзул – Бельгийн Монголчуудын холбооны тэргүүн, Т.Түвшинбат – Лондон хот дахь Монгол Соёлын төвийн дэд тэргүүн нарыг батлав. Нийгэмлэгийн дүрмийн дагуу энэхүү нийгэмлэгт элсэн орж буй байгууллага болгоны тэргүүн эсвэл тэргүүний санал болгосон төлөөлөл Удирдах Зөвлөлийн гишүүн байж болох юм.

Мөн нийгэмлэгийн дэргэд Зөвлөхүүдийн Зөвлөл байгуулахаар шийдсэн бөгөөд одоогийн байдлаар  Бельги улс дахь Монгол Улсын Өргөмжит Консул Паул Ван Воуве, Цахим Өртөө Холбоо ТББ-ын тэргүүн Д.Цэрэнбат нар зөвлөхөөр томилогдов.

Нийгэмлэгийн гол ажиллах хэлбэр нь одоо нэгэнт үйл ажиллагаагаа явуулж буй байгууллага, холбоодын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллах, Европын Монголчуудын нийтлэг эрх ашгийг хангах, нэгдэн нягтрах үйл явцыг бэхжүүлэх, Монгол-Европын хоорондын соёл, бизнесийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд Европын орнуудын байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллах болно.

Монгол-Европын Нийгэмлэг байгуулах санаачилгыг Британийн Монголчуудын Холбооноос жил бүрийн тавдугаар сард зохион байгуулдаг Эх орны хөгжилд 7-р чуулганы үеэр санаачилж Герман, Голланд, Ирланд ИБУИВУ, Португал, Швед улсад үйл ажиллагаа явуулж буй монголчуудын холбоодынхон дэмжсэн билээ. Улмаар Зөгийн Үүр хөтөлбөрийн хүрээнд 9 сарын 30-аас 10-р сарын 1-ний өдрүүдэд  Берлин хотноо зохиогдсон Европын Монголчуудын анхдугаар чуулганы үеэр Бельги, Унгар, Чех, Польш улсуудад ажиллаж буй холбоод, соёлын төвүүд, эмч нарын холбоод дэмжин 11 сарын 26-д Бельгийн Вант Улсын Брюссель хотод хуралдаж энэхүү байгууллагаа байгуулахаар шийдсэн юм.

Энэхүү уулзалт хурлыг зохион байгуулах ажлыг гардан гүйцэтгэсэн Бельгийн Тооно холбооны тэргүүн С.Билигсайхан, Бельги улс дахь Монголын Өргөмжит Консул Паул Ван Воуве нар болон тусалж дэмжсэн бүх хүмүүстнийгэмлэгийн гишүүд гүн талархалаа илэрхийлэв.
 
Б.Жавхлан, Монгол-Европын Нийгэмлэгийн хэвлэл-мэдээллийн алба, Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.


  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 3351

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

"Цахим Өртөө Холбоо" ТББ "Монгол-Германы Гүүр" ТББ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

 Өнөөдөр, 2011 оны 11 сарын 4 ны өдөр хоёр талууд хамтран ажиллах Санамж бичгэнд гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн зорилго нь хоёр байгуулагын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, нийгэмд хандсан үйл ажиллагааны чиглэл, зорилго нь ижил төстэй, нийт гишүүдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, тэдний нийгмийн асуудлыг сайжруулах, хилийн чанадад сурч, ажиллаж буй монгол улсынхаа иргэдэд мэдээлэл түгээх, эх орондоо иргэн ирэгсдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэднийг нийгэмшүүлэх, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх чиглэлээр төрөл бүрийн үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахад иргэний нийгмийн түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаанд хамтран ажиллаж, бүхий л хэлбэрээр дэмжихэд оршино.

Хамтын ажиллагаа нь хилийн чанадад сурч, ажиллаж байгаа Монгол улсын иргэдийн талаар бүртгэл, судалгаа хийж мэдээллийн сан бүрдүүлэх, эх орондоо эргэн ирж ажиллах эрх зүй, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх, харилцан мэдээлэл солилцох, мэдээллийн урсгалыг түргэтгэх, удирдлага арга зүйгээр хангах зэрэг төр-хувийн хэвшил, нийгмийн түншлэлийг хөгжүүлж харилцан үр өгөөжтэй цаашид хамтран ажиллахаар боллоо. Санамж бичиг байгуулахад “ЦАХИМ ӨРТӨӨ ХОЛБОО” ТББ-г төлөөлөн УЗ-ийн Дарга Д.Сайнбаяр, гишүүд Б.Түмэнжаргал, Д.Болормаа, “МОНГОЛ-ГЕРМАНЫ ГҮҮР” ТББ-ын төлөөлж УЗ-ийн Дарга Др. О.Цэрэнчимэд, УЗ-ын гишүүд Г.Галтайхүү, Э.Хатантуул, Г.Билгүүн, төслийн менежер Ж.Энхжаргал нар оролцлоо.
 

“Цахим Өртөө Холбоо” ТББ
Бага тойруу-49, МТҮП, 427 тоот
Улаанбаатар хот, Монгол улс

Утас/Факс: +976-11-312920
И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

 

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 3003

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

АНУ дахь МУ-ын Элчин сайдын яам, Монгол соёлын төвөөс хамтран Монгол судлалын цуврал лекц зохион байгуулж байна.

Энэ сарын дундуур АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Монгол Соёлын Төвөөс хамтран зохион байгуулдаг Монгол судлалын цуврал лекц 21 дэх удаагаа амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн лекцэнд АНУ дахь Монгол Соёлын Төвийн урилгаар Өрсөлдөх Чадварын Судалгааны Төвийн захирал Ч.Отгочулуу оролцож, "Монгол Улсын эдийн засгийн хөгжил, өрсөлдөх чадвар" сэдвээр лекц уншлаа.

Уг лекцнээс бэлтгэсэн дэлгэрэнгүй сурвалжлагыг сонирхоно уу.

http://www.dayarmongol.com/index.php?option=com_content&view=article&id=6417:umontv20111022&catid=156:2011-02-09-21-23-00&Itemid=300073

Дараагийн лекц 11 сарын 2-нд болох бөгөөд доктор, профессор И.Бат-Ирээдүй "Өнөөгийн Монгол судлалын байдал, хэтийн төлөв" сэдвээр лекц уншина.

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 3408

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

Монголч эрдэмтэд Бонны тэнгэр доор чууллаа

Ж.Ирээдүй, Бонн-Улаанбаатар, 2011.09.12

 
Монгол судлалаар Баруун Европт төдийгүй дэлхийд нэр хүндтэй, хуучны уламжлалтай, ХБНГУ-ын Бонны Их Сургуулийн Монгол, Төвд судлалын тэнхимээс 2011 оны 9 дүгээр сарын 4-8 нд “The History of the Mongols during the Qing-Period in the Light of Manju-Mongol Archives”  нэрт монгол судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж ХБНГУ, Монгол, ОХУ, БНХАУ, Унгар, АНУ-ын монгол судлаачид, эрдэмтэн мэргэд оролцлоо.

Хурал Манжийн эрхшээлийн үеийн Монголын түүхийн судалгаа түүний дотроос тухайн үеийн архивын баримт бичиг, хэрэглэгдэхүүний судалгаа шинжилгээнд гол анхаарлаа хандуулсан бөгөөд нийт 30 орчим эрдэмтэд уригдсанаас МУИС-иас д-р О.Оюунжаргал, Б.Баярсайхан,  Д.Баярсайхан, Э.Мөнх-Учрал, Ж.Бат-Ирээдүй нарын  5 судлаач, Монгол Улсаас нийт 8 судлаач уригдан оролцож илтгэл айлтгал хэлэлцүүллээ. Ажил төрлийн шаардлагаар Японы нэрт монголч эрдэмтэн Наками, АНУ-ын монголч, манжич Кристофер Атвүүд, Марк Эллиот, Космо нар хүрэлцэн ирж чадсангүй.

Эрдэм шинжилгээний хурлыг ХБНГУ-ын Эрдмийн солилцооны алба буюу ДААД ивээн тэтгэж, Бонны Их Сургуулийн Монгол судлалын салбарыг дэмжиж хамтран ажилласан байна.
Хурал зохион байгуулсан Профессор, д-р Оюунбилигийн хамт
 
Олон Улсын эрдэм шинжилгээний хуралд ХБНГУ-ын монгол судлаач, ОУМСХолбооны Ерөнхийлөгч, профессор, д-р Клаус Сагастер, “Mongol Studies at Bonn University”, проф. д-р М.Вейерс, “Going along the Frontier. Qing-China’s Northern Territories, 1653-1795”, д-р Д.Хеушерт, “Defining a Hierarchy: Formal Requirements for Manchu-Mongolian Correspondence, Issued in 1636”, проф.д-р Оюунбилиг, “On the Jasaγ of Khalkha in pre-Qing Times”, д-р Б.М.Грубэр “A Brief Survey of the Documents Relating to the Bayantala League”, илтгэл хэлэлцүүлсэн бол Монголын эрдэмтэн д-р Д.Өлзийбаатар,  “Some Remarks on Manchu Qing Dynasty Records Preserved in the National Central Archive of Mongolia”, проф. д-р Б.Баярсайхан, “On the Qing Military Laws of 1870 for the Mongols ”, д-р О.Оюунжаргал, “On the Tsakhar Sumun of the Secen qin wang Banner of Sain Noyan Aimag”, судлаач Э.Жигмэддорж,  “Did the Manchus divide the Khalkha into a Left and a Right Wing in 1655? A Comparison between the Iledkel shastir and Archive Material”, судлаач д-р Э.Мөнх-Учрал, Д.Баярсайхан нар, “The characteristics of Qing Archive materials”, проф. д-р Ж.Бат-Ирээдүй, “Manju Philological Studies in Mongolia”, зэрэг Манжийн эрхшээлийн үеийн Монголын түүхэнд холбогдох сурвалж болон албан баримт бичиг, захидал, манж хэлбичгийн судалгааны талаар илтгэж, БНХАУ-ын эрдэмтэн проф. д-р Дарийжав, “ Four Manchu Documents on the Čaqar jasaγ qosiγu”, проф. д-р Оюунгэрэл,   “Disputes over the Right of Succession as Jasak in the Tongzhi-Period of the Qing-Dynasty”, судлаач Т.Сонг, “On the Alliance between the Qing and the Khalkha, Shunzhi 12 (1655)”, д-р Багана, “On the Tushiyetu Khan Ooba of the Khorchin”, зэрэг манжийн үеийн засаг захиргааны хуваарийн талаар илтгэл хэлэлцүүлж, ОХУ-ын эрдэмтэн проф.д-р В.Л.Успенский , “The Report by Bajung, the Assistant Amban of Tibet, about the Conflict with the Gorkhas (1789), Written in Mongolian Language”, Унгарын эрдэмтэн проф.д-р Агнеш Бирталан,  “Religion and Identity in 19th Century Urgha (On the Basis of a Mongolian Monk´s Oral Narratives Recorded by Gabor Balint of Szentkatolna)” зэрэг монгол судлаачдын намтар түүх, бүтээлийн талаарх шинэхэн судалгаагаа танилцуулан хэлэлцүүллээ.
 
Бонны Их Сургуулийн Монгол судлалын төвд
 
Хурлыг монгол, англи хэлээр хийж, илтгэх болон хэлэлцэх цаг хугацаа хангалттай байсан нь судлаачид өөрсдийн судалгаагаа бүрэн дүүрэн танилцуулах, санал дүгнэлт сонсох, асуулт хариулт явуулахад тааламжтай байлаа.
Хурлын үеэр МУИС-ийн эрдэмтэд ХБНГУ, ОХУ, Унгар, БНХАУ-ын эрдэмтэдтэй цаашдын хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээ судалгааны талаар санал солилцож, хамтран ажиллах талаар хэлэлцэв.
Хурлын төгсгөлд эрдэмтэд тус хурал олон орны эрдэмтдийг нэг дор цуглуулан Монгол судлалын түүний дотор Манжийн эрхшээлийн үеийн Монголын түүхийн судалгаанд чухал байр эзлэх, Бонны монгол судлалын түүхэнд ойрын үед хийгээгүй хурлыг амжилттай зохион байгуулсныг дурдаад энэхүү сэдэв болон бусад олон чиглэлээр нарийвчилсан судалгаа хийх, мөн эрдэм шинжилгээний хурлуудыг өөрсдийн суугаа улс орондоо үргэлжлүүлэн зохион байгуулж болохыг санал нэгтэй дүгнэлээ.
Ийнхүү нар хур тэгширсэн намрын сайхан өдрүүдэд Бонны тэнгэр дор дэлхийн монгол судлаачид нэгэн дээвэр нэгдэж, ойрын жилүүдэд хийсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа танилцуулан эрдмийн хур асгаран бууж, эрдэм шинжилгээний хурал сайхан болж, эрдэмтэд сэтгэл тэнэгэр хийж бүтээхийн урам зориг төгс нутаг нутгийн зүг хүлгийн жолоо заллаа.
  • Бичсэн batireedui
  • Үзсэн: 3171

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

Цахим Өртөө Боловсролын Консорциум (Дээд Сургууль) дэлхийн хэмжээнд өрсөлдөх монгол мэргэжилтэнг төгсгөнө

Эх Сурвалж: Өдрийн сонин, 2011-08-30, №207 (3909)

Р.Бүжин
 
Олж авсан мэдээллээ онлайнаар сүлжээнийхэндээ түгээх ойлголт одоогийнх шиг өргөн дэлгэр болоогүй үед гадаадад сурч, ажилладаг монголчуудын үүсгэн байгуулсан “Цахим өртөө” сүлжээ тэр орон зайг төлөөлдөг байлаа. Бас тухайн цагтаа одоогийн мэдээллийн томоохон сайтуудын үүргийг ч гүйцэтгэдэг байсан гэхэд болно. Ямартай ч “Цахим өртөө холбоо” төрийн бус байгууллагыг хүмүүс мэддэг болсон. Тэгвэл “Цахим өртөө” дээд сургууль байгуулагдахаар болжээ. Энэ талаар “Цахим өртөө” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Д.Сайнбаяр, “Цахим өртөө” дээд сургуулийн ерөнхийлөгч Ц.Буянцогтоо нартай ярилцлаа.

 

-“Цахим өртөө” сургуулийг байгуулж байгаа “Цахим өртөө концерциум”-д ямар, ямар байгууллагууд багтаж байгаа талаар сонирхуулахгүй юу?
 
Д.С: -Манай “Цахим өртөө” сүлжээ дэлхийн гаруй оронд 4000 гаруй гишүүнтэй. Харин энэ сүлжээний маань дэргэдэх төрийн бус байгууллага гэхэд 100 орчим гишүүнтэй. Үүний 36 нь доктор, 56 нь магистр цолтой хүмүүс бий. Дэлхийн олон оронд сурч, ажиллаж, амьдарч байгаа монголчуудын “Цахим өртөө” сүлжээний гишүүдээс гадна холбооны гишүүн байгууллага болох “USI”, “Саян” корпораци, “Бэкфорс Монгол”, “Гэрэгэ партнерс” зэрэг компаниуд хамтран уг корпорацийг байгуулсан юм. Манай сүлжээнийхэн өнгөрсөн он жилүүдэд үзэл бодлоо сүлжээгээрээ солилцон, мэдээлэл дамжуулж, тодорхой бодлого гарган, түүнийгээ хамтран үйл ажиллагаагаараа дэмжиж ирсэн. Харин бид одоо зөвхөн ярилцах бус тодорхой бодит алхмыг хийх цаг болсон гэж үзээд дээд сургууль байгуулах шийдэлд хүрч, үйл ажиллагаагаа эхлээд байна.

Ц.Б: -Монголд үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиуд олон л байна. Гэхдээ бид оюутнуудаас төлбөрийг нь аваад сургасан болгоод төгсгөдөг сургууль биш харин цөөн хэдэн мэргэжлээр гэхдээ бүхий л талаар өв тэгш хөгжсөн топ мэргэжилтэн бэлтгэх сургууль байгуулахаар зорьж ажиллаж байна.  Одоо инновацийн талаар хаа сайгүй ярьдаг болсон. Бид хоёр жилийн дараагаас инновац хөгжүүлэх судалгааны их сургууль болох зорилт тавин ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл улс орныхоо эдийн засгийн хөгжлийн суурь платформ байх мэргэжлийн байгууллага болох зорилттой ажиллаж байна гэхэд болно.

 

-Танайхан яг ямар мэргэжлээр боловсон хүчин бэлтгэхээр элсэлтээ авч байгаа вэ?
 
-Бид мэдээллийн технологи, программ хангамж, компьютер техникийн инженер, сүлжээний инженер, олон улсын эдийн засаг, бизнесийн удирдлага, аялал жуулчлалын удирдлага гэсэн мэргэжлээр элсэлт авч байгаа. Цаашдаа биотехнологич, нанотехнологийн инженерийн ангиуд, мөн энэхүү өндөр технологийн салбарын бизнес удирдлагын чиглэлээр магистрын ангиудыг нээж сургалтаа явуулах болно.

 

-Манайхан төдийгүй дэлхийн бүхий л оронд барууны боловсролын тогтолцоо чанар чансаа нь хүлээн зөвшөөрөгдсөн. Танай сүлжээний гишүүд бүгд гадаадын өндөр чанартай сургуулиудыг төгссөн гэсэн нэгэнт тогтсон имижтэй. “Цахим өртөө” гэсэн нэр нь энэ сургуульд барууны сургалтын тогтсон хэв маягаар сурах нь гэсэн ойлголтыг өөрийн эрхгүй төрүүлээд байна л даа?
 
-Монголчууд л монголчуудыгаа дэлхийн түвшний мэдлэгтэй мэргэжилтэн болгож чадна шүү дээ. Манай “Цахим өртөө” ТББ-ын гишүүд бүгд баруунд мэргэжил олж, одоо мэргэжлээрээ “Microsoft”, Google,IBM, Allstate, Softbank, АНУ-ын төрийн департаментын сургуульд ажиллаж, Финланд, Их Британийн нэр хүндтэй их сургуулиудад багшилж байна. Тэд маань бүгд л барууны оронд ажиллаж, сурч амьдарч мэргэжил эзэмшсэн. Өөрсдөө алдаж, онож сурсан тэр туршлагадаа тулгуурлан Монголдоо дэлхийд жишиг болоод байгаа тэр сургалтын тогтолцоонд үндэслэн сургуулиа байгуулж байгаа. Барууны их дээд сургууль, мэдлэгийн компаниудад ажилладаг манай холбооны гишүүн эрдэмтэд маань энэ сургуульд багшлах юм. Энэ бол яах аргагүй манай сургуулийн давуу тал болно.
Сургалтын хэлбэрийн хувьд тэнхимийн сургалтыг онлайн сургалттай хослуулан явуулна. Оюутнуудыг эхний үед нь дараагийн жилүүддээ заалгах мэргэжлийн өндөр шаардлага бүхий хичээлийг хүлээж авах суурьтай болгоно. Ер нь манайдаа шинэ тутамд тооцогдох олон хичээл манай зайлшгүй судлах хичээлүүдийн тоонд багтаж байгаа л даа. Тухайлбал critical thinking гэж хичээл бий. Шүүн тунгаах чадвар эзэмшүүлэх мэргэжил л дээ. Бодох чадварыг хөгжүүлэх нь асуудал шийдэх, орчин тойронтойгоо зөвөөр зохицон орших, амьдралын зорилгоо тодорхойлох, бие болон оюуны тэнцвэрт хөгжлийг бүрдүүлэхийн зөв эхлэл болж байдаг. Зөв бодохын онолын үндэсүүд, филисофийн суурь ухагдахууныг бүтээлч хэлбэрээр зааж эзэмшүүлэх болно. Ер нь Монголын бүрэн дунд боловсролын тогтолцооны дутагдалтай талыг нөхөж ажиллах тал дээр манай багш эрдэмтэд анхааран хөтөлбөрөө боловсруулсан байгаа. Оюутны бие даах чадварыг хөгжүүлж, хэлний мэдлэг, мэдээллийн технологийн чадварыг нь эхний курсуудэд нь олгох нь цаашдаа мэргэшин сурахад нь амин чухал хэрэгцээтэй.

 

-Танай сургуульд гадаад хэлийг нэлээд өндөр түвшинд эзэмших байх гэсэн бодол төрж байна л даа?
 
Д.С: -Хэл, харилцааны боловсрол бол онцолж авч үзэх зүйл мөн. Гэхдээ бид гадаад хэлийг өндөр түвшинд заахаасаа гадна төрөлх хэлнийхээ боловсролыг орхих аргагүй. Тэгээд ч эх хэлээрээ зөв цэгцтэй сэтгэн бодож, дүрмээ мэдэж, логикийг нь ойлгон, уншиж бичиж хэлж ярьж сурсан хүн гадаад хэлийг хялбар сурдаг юм. Мэдээж англи хэл дэлхийн шинжлэх ухааны хэл учраас заавал эзэмших хэл байх болно. Бид монгол, англи хэлийг харьцуулан судалж, монгол хүнд сурахад дөхөмтэйгээр боловсруулан гаргасан тусгай хөтөлбөр ашиглах юм.

 

-Танайхыг төгсч байгаа хүн англи хэлийг ямар хэмжээнд сураад төгсөх бол?
 
-Манай оюутнууд хоёрдугаар дамжаандаа л англи хэлээр мэргэжлийн ном сурах бичиг чөлөөтэй ашигладаг болно. Лекц мөн англи хэлээр явагдана. TOEFL-ийн 550 онооны түвшинд англи хэлийг сурсан байх шаардлагыг бид хоёрдугаар курс төгсч байгаа оюутнууддаа хатуу тавина. Өнөөгийн явж байгаа боловсролын хөтөлбөр сургалтаар яваад ирсэн хүүхэд залуустаа өндөр шаардлага тавиад ажиллахад амаргүй л байх байх. Гэхдээ дэлхийн хэмжээний боловсролтой, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчин бэлтгэхийн тулд одооноос хатуу шаардлага тавьж эхлэхээс аргагүй. Амаргүй байх ч тав, арван жилийн дараа нийгэмд үр өгөөжөө өгөөд эхэлнэ гэдэгт бид итгэлтэй байна.

 

-Хувийн сургуулиудыг төгсч байгаа залуус олон л байна. Гэхдээ төгсөн гарч байгаа тэд ажлын байраа олж чаддаг эсэх нь эргэлзээтэй. Танай сургуулийг төгсөгчид ажлын байраар хэр хангагдах бол?
 
-Сайн мэргэжилтэн хэдийд ч ажлын байртай байдаг. Харамсалтай нь өнөөдөр төгсч ирж байгаа боловсон хүчин чанарын шаардлага хангаж байна уу гэвэл бас л асуудал. Сайн мэргэжилтнийг өндөр цалингаар авна гэсэн газрууд зөндөө байгаа ч шаардлага хангаж байгаа нь ховор байна.
Тэгэхээр сургуулиуд ч бэлтгэн гаргаж байгаа боловсон хүчин нь зах зээлд борлогдохгүй байгааг анхаарах ёстой. Бид одооноо сургуулийнхаа дэргэд career service нээн ажиллуулна. Дотоодынхоо шилдэг компаниудтай гэрээ байгуулж, төгсөгчдөө захиалгын дагуу ажлын байртай болгоно. Энэ бол зах зээлээ мэдэрч, мэргэжилтнээ бэлтгэж байгаа хэрэг. Өнөөдөр сургууль төгсөгчдийн 30 хувь нь л ажлын байртай болж байгаа тухай судалгаа байдаг. Гэтэл ажилтан авна гэсэн зар сонины зараар дүүрэн. Энэ бол эрэлт, нийлүүлт нь нийцэхгүй байгаагийнх. Харин манай career service дотоодынхоо шилдэг компаниудтай хамтран ажилласнаар Монголын боловсон хүчний зах зээлийг мэдэрч, бас төгсөгчдөө сургуулиа төгсөхдөө ажлын байртай болоод гарах боломжийг нээнэ. Бид төгсөгчдөө Монгол төдийгүй дэлхийн хаана ч очоод ажилласан гологдохгүй тийм түвшинд хүргэхийг зорьж ажиллана. Монголчууд сурах чадвар өндөртэй хүмүүс. Хэлний болон технологийн мэдлэгийг манай залуус төвөггүй эзэмшихнэ. Ерөнхий хандлага, үнэлэмж, ажлын ёс зүй, мөн хүмүүнлэгийн боловсролын тал дээр дутагдаад байдаг. Тэр сул талыг нь сургалтын хөтөлбөрөөрөө нөхөөд өгөх бүрэн боломжтой.
Боловсрол-бизнесийн холбоог маш сайн хангасан загварыг бид үүсгэх болно.

 

-Төлбөр мөнгөний хувьд хэр их байх бол?

Ц.Б: -Сургалтын төлбөр нь 1,5-2 сая төгрөг. Элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.tsahimurtuu.edu.mn сайтаас авч болно. Хүүхэд залуучууд тэдний эцэг, эхчүүд олноороо ирж “Цахим өртөө” сургуульд маань бүртгүүлж байна. Энэ нь манайх шиг сургуулийн бодлого дутаж байжээ гэдгийг нэг талаас харуулж байна. Нөгөө талаас бидэнд маш том хариуцлага ирж байна. Гэхдээ бид дэлхийн хэмжээнд ажиллах шинэ үеийн монгол хүнийг бүтээх замдаа эргэлт буцалтгүй нэгэн гарчихсан.

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 3386

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter