Монгол орны хөгжилд VII чуулганы онцлогуудаас

Жил жилийн чуулган өмнөхөө баяжуулан дэлгэрүүлдэг басхүү өөрийн гэсэн өнгө төрхи онцлогтой байдаг. Энэ жилийн чуулганы онцлогуудаас дурдвал:

Эргэх холбоотой чуулган
Чуулганы бэлтгэл ажил болон үйл явцаас энэ чуулган эргэх холбоотой амьд тогтолцоо болон бүрдсэн нь ажиглагдаж байлаа. Урьдын чуулганд оролцогчид нь дараагийн чуулганаа хэрхэн дэмжиж тусалж чадах тухайгаа лавлаж, санхүүгийн тусламж үзүүлж, сэтгэлийн үгээ хэлсэн Мэндчилгээнүүд ирүүлж байв. http://chuulgan.blogspot.com хуудаснаас өмнөх чуулганд орлцогч хамтран ажиллагч нараас ирүүлсэн мэндчилгээнүүдтэй танилцаж болно. Энэ жилийн чуулганы хувьд Британи улсад элчин зөвлөх байхдаа анхдугаар чуулганыг дэмжин ажиллаж байсан өдгөө Монгол улсаас Шведийн Вант улсад суугаа элчин сайд Др.Б.Энхмандах бидний урилгыг хүлээн авч зочин илтгэгчээр оролцсон нь чуулганы нэр хүндийг  өргөсөн, эргэх холбоог бататгасан сайхан хэрэг байлаа. 

Төрийн дэмжлэг оролцоо нэмэгдсэн чуулган
Чуулганыг зохион байгуулагч Элчин Сайдын Яам, Британийн Монголчуудын Холбооноос энэхүү чуулганд төрийн дэмжлэг оролцоог бий болгохоор байнга хичээж ажиллаж ирсэн. Энэ жилийн чуулганд Засгийн Газрын Сайд, Хилийн Чанадад амьдарч буй Монгол улсын иргэдтэй хамтран ажиллах Зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатар албан Mэндчилгээ ирүүлэн, зөвлөлөөс 2 сая төгрөгийн тусламж үзүүлж, зөвлөлийн ажлын албаны дарга Ч.Энх-эрдэнэ өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцсоноороо төрийн дэмжлэг оролцоо урьд урьдаас илүүтэй байв.
Зөвлөлийн ажлын албаны даргын айлчилалтай холбогдуулж энэ жилийн чуулган үдээс хойшхи хуралдаанаа Засгийн газрын төлөөлөгчийн үгийг сонсох, өөрсдийн санал бодлоо хүргэхэд чиглүүлсэн билээ. Ч.Энх-Эрдэнэ дарга Зөгийн Үүр хөтөлбөрийн хэрэгжилт явцын талаар танилцуулга хийж, чуулганд хүрэлцэн ирсэн гадаадад үйл ажиллагаагаа явуулдаг Монголчуудын холбоод бусад байгууллага хувь хүмүүс үйл ажиллагаагаа танилцуулж санал бодлоо нээлттэй солилцов. Иргэдийн зүгээс төр засгаас хилийн чанадад суугаа иргэддээ чиглэсэн бодлого хэрэгжилтийн удааширалтай байдал зэргийг шүүмжилсэн санал сэтгэгдэлүүдээ илэн далангүй хэлж байсны зэрэгцээ чуулганы ажиллагааг ойлгон анзаарч хөрөнгө санхүүгийн тусламж үзүүлж буй сайхан эхлэл байгааг онцолж, цаг сэтгэл гарган зорин ирж оролцож буй ажлын албаны дарга Ч.Энх-эрдэнэ-ийн айлчилалд талархаж буйгаа чуулганд оролцогчид илэрхийлсээн

Rio Tinto оройлон дэмжсэн чуулган
Чуулган жилээс жилд өргөжин тэлэхийн хэрээр санхүүгийн дэмжлэг туслалцаа улам бүр шаардагдах болсон. Энэ жилийн энэхүү хүнд ачааг маань хөнгөлж өгсөн гол дэмжигч нь Оюу Толгой ордын олборлолтын гол хөрөнгө оруулагч Rio Tinto компани. Чуулганы нээлтэд тус компанийн Хүний Нөөцийн Хэлтсийн Стратеги Төлөвлөлтийн Газрын менежер Jessica Fawell илтгэл тавин, байгууллагаа сурталчилах боловсон хүчний танталт хийхээр чуулганд оролцогчидтой ярилцаж бүх л өдрийг бидэнтэй хамт өнгөрөөсөн билээ. Тэдний оролцоо дэмжлэгийг бий болгоход сэтгэл гарган ажилласан Британийн Монголчуудын маань нэгэн төлөөлөгч Rio Tinto компанийн ажилтан Б.Ундрам анддаа баярлахгүй байхын аргагүй ээ.

Европийн Монголчуудын чуулган
Хилийн чанадад амьдарч буй Монголчуудтай хамтран ажиллах Зөвлөлийн ажлын хэсгийн дарга ирэх болсонтой холбогдуулан Европийн орнууд дах холбоодын удирдлагууд чуулганд  сайн дураараа хүрэлцэн ирж өргөнөөр оролцсон нь чуулганыг Европийн Монголчуудын хэмээн овоглолоход хүргэв. Хэдийгээр цаг хугацааны давчуу байдал, мэдээлэл солилцооны удааширалаас орон бүрийн Холбоод байгууллагаас хүрэлцэн ирж амжаагүй ч Голланд, Ирланд, Португали, Шведийн Монголчуудын Холбоодын удирдлагууд биечилэн, Белги болон Герман дах холбоодын удирдлагууд өөрсдийн саналаа уламжлах байдлаар оролцсон юм. Чуулганыг хойшид Европ дах Монголчуудын холбоод хамтын хүчээр хийж байх талаар ч зөвлөлдөн хэлцсэн билээ.

Хоёр гавъяаттай чуулган
Энэ жилийн чуулганд энгэртээ гавъяатын тэмдэг гялалзуулсан зочидтой байснаараа бас онцлог. Мэрэгжлийн боксийн дэлхийн аварга гавъяат тамирчин Ч.Цэвээнпүрэв, Монгол Улсын Гавъяат жүжигчин, дуучин Ч.Бат-Эрдэнэ нар чуулгандаа хүрэлцэн ирж өөрсдийн  дэмжлэг туслалцаагаа оруулсан.
Ярилцлага хэлэлцүүлгийн үеэр тамирчин гавъяат маань Монгол хүн эрүүл саруул байж эх орон хөгжиж дэвжихийн үндэс болохыг онцлон дурдаж зөв хооллох, дасгал сургууль байнга хийж хүн өөрийгөө эрүүл байлгахтай холбогдуулан Монгол түмэндээ зориулж бичсэн Эрүүл Мэндийн Зөвлөмж номоо танилцуулсан бол дуучин гавъяат маань оройн цэнгүүнд ая дуугаа өргөн алиа хошин яриа өрнүүлж хурсан олныг баясуулан цэнгүүлсэн билээ. Хийсэн бүтээсэн зүйлтэй, чаддаг бүтээдэг авяъастай байхын эрч хүчийг чуулганд оролцогч олон хоёр гавъяатаасаа авсаан.

Малчин түмэндээ тусламжийн гараа сунгасан чуулган
2001 оноос хойш Монголын Малчин түмэнд туслах ажлыг байнга хийж ирсэн CAMDA (Cambridge Mongolian Development Appeal) сайн санааны буяны байгууллагын үйл ажиллагааг дэмжиж хөрөнгө үүсгэхээр Лондон Парисийн хооронд дугуйгаар яалахаар шийдсэн Францийн иргэн, Монголын хүргэн Aymeric өөрийн санаачилгыг дэмжин туслахыг чуулганд орлоцогчдоос уриалсан юм. Британийн Монголчуудын Холбооны гишүүн Ч.Энхзаяа сайн дураараа CAMDA-г сурталчилсан ширээ ажиллуулж дэмжигч нарын дунд азын сугалаа ажиллуулснаар бид энэ өдөр £220 бүрдүүлж Aymeric-ийнхаа үйлсэд дэм өгч CAMDA-ийн үйл ажиллагааг дэмжин малчин түмэндээ тусламжийн гараа сунгалаа.

Британичуудын оролцоотой чуулган
Энэ жилийн чуулганд Британийн байгууллагууд оролцсон нь бас нэгэн онцлог байсан юм Ивээн тэтгэгч Rio Tinto-оос гадна дээр дурьдсан CAMDA мөн Британи Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дарга John Grogan урилгаар оролцож өөрийн байгууллагаа танилцуулж хойшдын чуулганыг зохион байгуулахад хамтран ажиллахаа амлав.  Тэрээр Парлиаментийн гишүүн байхдаа Монгол Английн Парлиаментийн бүлгийн даргаар олон жил ажилласан, Монголчуудын үйл ажиллагааг ямагт туслан дэмжиж ирсэн нэгэн билээ.

Цахим Өртөөчдийн нүүр тулан танилцсан чуулган
Цахим Өртөө Холбоо чуулганыг байнга хамтран зохион байгуулж ирсэн билээ. Жил жилдээ цахим өртөөнийхөн энэ чуулганаар бас нүүр тулан уулздаг уламжлал бий болоод буй. Энэ уламжлал бас үргэлжилэн сүлжээний цөөнгүй андууд чуулганыг дэмжин оролцож Лондон хотноо анх удаа нуүр тулан танилцаж уулзацгаав.  Биесээ захидлаар нь таних тэд бишүүрхэж гэрэвшилгүй “чи нэг тийм захиа бичсэн билүү” “Би нэг тэгэж билээ” гэсээр уулзах нь цахим андуудын уулзалтын түгээмэл дүр. Цахим өртөө сүлжээний серверийг цөөнүй жил авч явсан өдгөө цахим ертөнцөд түүний бүтээсэн bolor-toli.com хуудсаар нь интернэт хэрэглэгч бүхэн анддаггүй, мэрэгжил нэгтнүүд дундаа open source-ийн хэмээгдэх С.Бадрал Германаас, ноднинхон Монголд очоод Цахиурт Хөндий байгуулах нь зүйтэй хэмээн илтгэл тавьж шуугиулж тэр эрчээрэ Цахим өртөөнд элсэж байсан   Б.Янжиндулам Голландаас, цахим өртөө сүлжээ үүссэн цагаас үнэнч зүтгэж мэдээлэл нийтлэлээрээ олны танил болсон сэтгүүлч Б.Жавхлан Португалиас, 5 6 жилийн өмнө Лондонд Японы нэгэн компанийн дейлэр байхдаа Цахим өртөөгөөр үе үе бичдэг байсан өдгөө Оросын Арилжааны томоохон банкний Үнэт Цаасны гүйлгээний албаны захирал М.Бат-Өлзий Оросоос, Цахим Өртөөнд элсээд жил гаруйхан болж буй Шведийн Монголчуудын Нэгдсэн Холбооны тэргүүн Номун-Эрдэнэ Шведээс, дээр нь Британийн суугуул Цахим Өртөөчид болх Цэрэнбат, Базаррагчаа, Өнөрмаа, Алтаннар гээд энэ л сүлжээний нэрийг өөр хоорондоо танилцах түлхүүр болгодог залуусийн ихэнхи нь энд анх нүүр хагарцгаалаа.

Лондонгийн өнгөтэй өөдтэй болгонд өрнөсөн чуулган
Чуулганы ажиллагаа зохиогдсон Limkokwing University of Creative Technology сургууль нь Британийн эртний дурсгалт барилгын жагсаалтад орсон (listed building гэдэг)  байгууламж  байдаг бол Чуулганы ихэнхи илтгэгч зочидын байрласан Renaissance London Chancery Court Hotel нь дэлхийд алдартай зочид буудлын Marriot сүлжээний нэгэн салбар 5 одтой буудал юм. Чуулганд оролцогчид илтгэгчдэд зориулсан оройн цэнгүүн зохиогдсон газар нь мөн л Лондонгийн түүх дурсгалт London Bridge, Tower of London-той хаяа дэрлэн орших 5 одтой GUOMAN TOWER HOTEL байлаа.

Мэдээллийг бэлтгэсэн Д.Цэрэнбат