"Цахим Өртөө Холбоо" ТББ "Иргэний Зориг - Ногоон Нам"-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

 Өнөөдрийн байдлаар гадаадад сонгуулийн насны 120 мянга орчим монгол иргэд суралцаж, ажиллаж амьдарч байна гэсэн тоо байдаг. Гэтэл эдгээр иргэд Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлж чадахгүй байсаар байна. Тэднийг улс төрийн сонгуульд оролцож, сонгуулийн эрхээ эдлэх эрх зүйн орчныг баталгаажуулах тал дээр Иргэний Зориг–Ногоон Нам  байр сууриа илэрхийлсээр ирсэн юм. Үүний нэг илэрхийлэл болгож Иргэний Зориг-Ногоон Нам, “Цахим Өртөө Холбоо” ТББ-ууд гадаадад суугаа Монгол Улсын иргэдийн сонгуулийн эрхийг хуульчлан баталгаажуулахын төлөө хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж байна.

Иргэний Зориг–Ногоон Нам нь Монгол Улсын Их Хуралд суудалтай улс төрийн хүчний хувьд гадаадад суугаа Монголчуудын сонгуулийн эрхийг хуульчлан баталгаажуулахын төлөө ажиллах ба “Цахим Өртөө Холбоо” ТББ нь гадаадад суугаа Монголчуудын сонгуулийн эрхийг баталгаажуулах аливаа үйл ажиллагааг дэмжин ажиллана.
Энэхүү хамтын ажиллагааны гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулж байгаа бөгөөд гэрээ нь Иргэний Зориг–Ногоон Намаас УИХ-д сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуустал хүчин төгөлдөр байхаар заасан болно.
 Хамтын ажиллагааны гэрээнд Иргэний Зориг-Ногоон Намыг төлөөлж Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ганхүү, “Цахим Өртөө Холбоо” ТББ-ыг төлөөлж Удирдах Зөвлөлийн дарга Д.Сайнбаяр нар гарын үсэг зурлаа.
 
 Иргэний Зориг-Ногоон Намын Хэвлэл Мэдээллийн алба
2011.05.09