Гадаадад оршин суугаа 200,000 иргэдийн эрх зөрчигдсөөр байна.

Сонгуулийн зарчим хэлэлцэж буй энэ өдрүүдэд гадаадад оршин суугаа 200,000 гаруй монгол иргэдийн томоохон төлөөлөл болох “Цахим Өртөө” холбооноос хэвлэлийн бага хурал хийж, эдгээр иргэдийн сонгуульд санал өгөх эрх зөрчигдөж байгаа талаар мэдэгдэл хийлээ. 

Хурлын үеээр “Цахим Өртөө” холбооноос “Дэлхий ертөнц даярчлагдаж, 1990 онд гадаад паспорт эзэмших болсон Монголчууд дэлхийн олон улс оронд сурч, ажиллаж амьдрах бололцоо нээгдсэнээс  хойш Монгол хүмүүсийн гадагшаа чиглэсэн нүүдэл хүчтэй идэвхжиж ирлээ. Өнөөдөр албан бус тоогоор 200 000 орчим Монголчууд гадны улс орнуудад амьдарч, ажиллаж, сурч байна.”

“Эдгээр Монгол иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрх нь зөрчигдсөөр байна. Тухайлбал Монгол Улсын Үндсэн хуулийн 3-р зүйлийн 3.1 дэх “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалт, Монгол Улсын иргэн бүрийн баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөний талаар тусгасан 2-р бүлгийн 16-р зүйлийн 16.9-д “Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэх заалт, 21- р зүйлийн 21.2-т заагдсан “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн заалтууд хэрэгжихгүй байна."

“Гадаадад оршин суугаа Монголчууд 2008 оны УИХ-ын сонгуулийн өмнө бүртгэгдсэн 1,542,617 сонгогчдын ойролцоогоор 10 хувь болох бөгөөд өнөөдөр Монгол иргэдийн 10 хүний нэгнийх нь эрх зөрчигдөж байгаа гэсэн үг” гэж мэдэгдэв.

Холбооны гишүүд мөн 2005 оны 12 сарын 29-ний өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай” хуулийн 6-р зүйлийн 6.3, 13-р зүйлийн 13.3-т заасан гадаад улсад оршин сууж байгаа Монгол улсын иргэдийн сонгох эрхийг баталгаажуулсан заалтыг Улсын Их хурлаас 2007 оны 12 сарын 26-ны өдөр батлан гаргасан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх заалтаар хүчингүй болгосоныг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.

Хурлын төгсгөлд “Цахим Өртөө” холбооноос Ерөнхийлөгч, улс төрийн намууд, Засгийн Газар, Сонгуулийн хороонд хандаж ид хэлэлцэж буй Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа гадаадад суугаа монголчуудын эрхийг баталгажуулах тодорхой заалт оруулахыг уриалав.