Ц.Алтантөгс: Эрдэнээ гимнастикаар харьцангуй орой хичээллэсэн

Таван цагариг -Дугаар 67(973)

Олимпийн аварга Г.Эрдэнэболдын дасгалжуулагч Ц.Алтантөгс цагтаа хилийн чанадын тэмцээнүүдэд чамгүй амжилт гаргаж явсан нэгэн. 22 жилийн тэртээ Унгарт болсон спортын гимнастикийн “Нөхөрлөл” ОУТ-ий цагаригт дүүжингийн  төрөлд хүрэл медалиар энгэрээ мялаасан энэ эр улсын аварга цолоо олонтаа хамгаалсан нэгэн. Спортоо орхисны дараа амьдралын мөр хөөн,  гадаадад хэсэг хугацаанд аж төрөхдөө нүүдлийн циркт хүч сорьж явсан тэрбээр эх орондоо буцсан цагаас буюу 2004 оноос гимнастиктаа эргэн ирж залгамж үеэ дасгалжуулах ажилд ханцуй шамлан орсон бөгөөд жилийн дараа ирээдүйн олимпийн алтан медальтныг секцэндээ бүртгэн авсан түүхтэй. Энэ хугацаанд багш, шавь хоёр олон ч тэмцээнд хүч сорьж, хур туршлага хуримтлуулжээ.   

    -Г.Эрдэнэболдыг дасгалжуулагчийн хувьд дүгнэвэл бусад гимнастикчдаас ялгарах онцлог нь юу бол?     
    -Түүний ээж Ж.Ягаанцэцэг хүүгээ спортын гимнастикаар хичээллүүлэх хүсэлтэй гээд 2005 онд манай секцэнд хүлээлгэж өгсөн юм. Тэгэхэд Эрдэнээ 12 настай байсан. Энэ нь спортын гимнастикийн хувьд  залуу нас биш л дээ. Гэхдээ тэр төрөлхийн бие бялдрын хөгжил сайтайн сацуу хөдөлмөрч махруу байдлаараа нөхдөөсөө ялгардаг байлаа.  Мөн ямар ч үед тайван байдаг, сэтгэлээ барьж чаддаг чанар нь амжилт гаргах хөтөч болсон гэж бодож байна.     

    -Г.Эрдэнэболдын мэргэжсэн төрөл бол харайлт. Та түүнийг гимнастикаар хичээллээд хэр зэрэг удсаны дараа харайлтад амжилт гаргах боломжтой гэсэн дүгнэлт хийсэн юм бэ?     
    -Эрдэнээгийн хүчний чанар илүү хөгжсөн болохоор харайлтад тохирох хүүхэд гэдэг нь тодорхой байсан.  

    -Та хоёр хэзээнээс олимпийн медаль, оргил амжилтын талаар  мөрөөдсөн бол? 
    -Монголчууд спортын гимнастикаар гурван ч олимпод оролцсон түүхтэй. Тиймээс дөрвөн жилд ганцхан удаа тохиодог энэ агуу наадамд бид яагаад амжилт гаргаж болохгүй билээ гэсэн бодол дасгалжуулагч болсон цагаас төрсөн. Тамирчин ахуйдаа олимпод оролцохыг мөрөөддөг байлаа. Дасгалжуулагч болсноор шавиа олимпод сойн, олон жилийн тэртээх зорилгоо биелүүлэх хүсэл бадарсан. “Сингапур-2010”-т бидний зорилго биелсэнд баяртай. Энэ бол зөвхөн гимнастикчдынх биш, Монголын ард түмний  алтан медаль юм шүү.  

    - Тамирчнаа шийдвэрлэх харайлт гүйцэтгэхээр бэлтгэж зогсоход ямар зөвлөгөө өгсөн бэ?  
    -Техниктээ анхаарч, тэнцвэрээ алдалгүй буухыг  захисан.   

    -Таны бодлоор олимпийн аварга маань элементээ бүрэн төгс гүйцэтгэж чадсан уу? 
    -Арай л сэтгэлд хүрээгүй. Эрдэнээ бэлтгэл дээр үүнээс ч хүнд элементийг өндөр түвшинд хийдэг юм.      

-Харайлтын нарийн төвөгтэй  элементүүдийг Г.Эрдэнэболд хэзээ анх гүйцэтгэсэн юм бэ?  
    -2008 онд ОХУ-д ОУТ-д оролцохдоо Эрдэнээгээр 6,6-7 хүртэлх онооны хүндрэлтэй элементийг хийлгэх санаа төрсөн. Зөв техник эзэмшихэд их хугацаа шаардагдсан.  

   - Та хоёр Сингапурт хэдэн төрөлд финалдах зорилгоор ирэв? 
    -Гурван төрөлд шигшээд шалгарах боломжтой байсан. Гэхдээ цагаригт дүүжинд манай тамирчин хамгийн хэцүү дасгал хийсэн. Дөрвөн төрлийн барилтыг угсруулан хийнэ гэдэг  амар биш шүү.   

   -Гимнастикийн дасгалжуулагчид голдуу ОХУ-д сургууль төгссөн байдаг. Таны хувьд... 
    -Оросын  школ дэлхийд алдартай. Тэндэхийн дасгалжуулагчид, тамирчдаас бид ихийг сурч мэдэж авсан. Гэхдээ би гадаадад бус, Монголдоо дасгалжуулагчийн мэргэжил эзэмшсэн юм. 1988 оноос хойш зөвхөн монголчууд л өөрийн арга барилаар гимнастикчдаа дасгалжуулж байна.