"UPS Монгол" Олон улсын буухиа шуудан, "Цахим Өртөө Холбоо" ТББ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

“UPS Монгол” Олон улсын буухиа шуудан (www.ups.com, www.ups-express.mn), “Цахим Өртөө Холбоо” ТББ (www.tsahimurtuu.mn) хамтран ажиллах харилцан ойлголцлолын санамж бичигт гарын үсэг зурах ёслол 2010 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Чингис зочид буудалд боллоо.

Энэхүү санамж бичигт гарын үсэг зурсан “UPS Монгол” Олон улсын буухиа шуудангийн менежер П.Бүрэнзаяа хэлэхдээ: “Манай UPS олон улсын буухиа шуудан нь нь хилийн чанадад амьдарч буй монголчуудынхаа авъяас билэг, ур чадварыг эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр болохуйц их үйлсийг өрнүүлж, олон нийтийн төлөө ажилладаг “Цахим Өртөө Холбоо” ТББ-тай хамтран ажиллах болсондоо баяртай байна.

UPS Олон Улсын Буухиа Шуудан нь олон улсын агаарын тээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлж дэлхийн 240 улс орны хот, суурин, тосгоны хаяг бүрт Гараас Гарт, Гэрээс Гэрт, Хаалганаас Хаалганд захидал, бичиг баримт, ачаа, илгээмж хүргэх, хүлээн авдаг дэлхийд тэргүүлэгч, хамгийн том сүлжээтэй хувийн хэвшлийн компани юм. Монголын төр засгаас төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжиж байгаа бөгөөд манай компанийн 100,000 дахь ачаа нь АНУ, Монголын Засгийн газрын 3,2 тонн агаарын ачаа тээвэр байсанд бид билэгшээж байдаг. Өнгөрсөн онд манай компаний экспорт, импорт 60,7 хувийн өсөлттэй гарч, мөн ICT Expo-оос “Хэрэглэгчийн итгэлт түнш”-ээр өргөмжлөгдсөн.

Дэлхийн 60 гаруй улс оронд ажиллаж, сурч, амьдарч байгаа олон мянган Монголчуудыг эгнээндээ нэгтгэдэг “Цахим Өртөө Холбоо” ТББ-ын гишүүдийн Монголоос болон Монгол руу илгээх шуудангийн хэрэгцээг итгэлтэй, найдвартай, шуурхай шуудангийн үйлчилгээгээрээ хангах юм.” гэжээ.

“Цахим Өртөө Холбоо” ТББ-ын Удирдах Зөвлөлийн дарга Д.Сайнбаяр хэлэхдээ: “Манай Төрийн Бус Байгууллага нь дэлхий даяар тархан суугаа Монголчууд, Монгол угсаатан, Монголч түмний мэдлэг туршлага, мэдээлэл солилцооны гүүр болж, тэдний нөөц бололцоог нэгтгэн, эх орондоо чинээлэг хангалуун, сэтгэл дүүрнээр үеийн үед амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд манлайлж оролцохын төлөө ажилладаг. Дэлхийд тэргүүлэгч UPS Олон улсын буухиа шуудантай манай ТББ хамтран ажилласнаар хилийн чанадад болон Монголд амьдарч байгаа Монголчуудыгаа холбосон найдвартай гүүртэй болсондоо бид туйлын их баяртай байна” гэж хэллээ.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр UPS Олон улсын буухиа шуудангийн менежер Д.Нямжавтай санал бодол солилцлоо. Тэрээр энэхүү санамж бичигт туйлын их ач холбогдол өгч байна. Учир нь миний бие АНУ-д суралцаж байхдаа сэтгэл зүрх минь Монголтойгоо байнга холбоотой байсан. Ийм үед итгэлтэй, шуурхай шуудангийн UPS компаниар үйлчлүүлдэг байсан. Харин өнөөдөр UPS-ын Монгол дахь салбарт ажиллаж байгаадаа баяртай байдаг юм. Энд ажиллаж байсан манай шилдэг менежер Канад дахь UPS-т одоо ажилладаг. Тэгэхээр зөвхөн хилийн чанадад амьдарч буй Монголчууд төдийгүй одоо эх орондоо буй шилдэг боловсон хүчнүүдэд манай компанид ажиллахыг хүсвэл үүд хаалга байнга нээлттэй байх болно” хэмээв.

1907 онд байгуулагдсан UPS олон улсын буухиа шуудан нь Монголд үйлчилгээгээ эхлүүлсний 10 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд “Атланта-1996” олимпоос өнөөдрийг хүртэл олимпийн их наадмуудыг тогтмол ивээн тэтгэж ирсэн бөгөөд “Бээжин-2008” олимпийн Монголын алдартнуудыг 10,0 сая төгрөгөөр шагнасан. Улмаар “Лондон-2012” олимпийн албан ёсны түнш, албан ёсны шуудангийн компаниар дахин шалгарчээ. Дашрамд дурдахад Монгол банк болон бусад судалгаагаар хилийн чанадад амьдарч байгаа Монголчууд ар гэртээ жилд 250,0 сая ам.доллар шилжүүлдэг ажээ. Олон улсын шуудангийн компани, өртөө шуудангийн нэртэй хоёр байгууллагын хамтын ажиллагаа ийнхүү эхэллээ.