Улсын хүн амын тооллого

Б.Эрдэнэбаяр. Парис хот

Монгол Улс хүн амаа тоолох бэлтгэлээ хангаж байна. Энэ удаагийн тооллого бас л олон юмны эхлэл байж болохоор байна. Яагаад “бас л” гэж хэлж байгаа талаар энэ өгүүллэгийн явцад өгүүлэх тул бүрэн гүйцэд уншсаныхаа дараа тайлбар бичихээ эхэлнэ үү  хэмээн хүсье ээ.

Аливаа улсын хүн амын тооллого нь мэдээж хэрэг зөвхөн статистик бүртгэлийн хийх ажил биш юм. Энэ тоон үзүүлэлт нь улсын хөгжлийн зорилго, төлөв, төлөвлөлт, үндсэн чиглэлийн чиг баримжаа, бүр их том “хийлбэл” үндэсний аюулгүй байдлын  чухал үзүүлэлтүүдийг гаргаж авдаг байх. Мэргэжлийн хүмүүс хүн амын тооллогын хүснэгтийг гаргаж түүндээ хүн амын тоон үзүүлэлт зайлшгүй хэрэгцээтэй салбар салбарын санал, оролцооны дагуу асуулга, үзүүлэлт тусгадаг л байх. Тэр талаараа ч, хамгийн тэргүүн эгнээнд тооллогын хэсэгт багтаж ажиллах хүмүүст мэдээлэл, сургалт явуулдаг байхаа гэж.

Миний хувьд, энэ удаагийн тооллогыг улс, үндэснийхээ аюулгүй байдлын бодлого, тогтолцоо, холбогдох байгууллагуудын үйл ажиллагааны харилцан уялдаанд бодитойгоор нөлөөлөхүйц байдлаар хэрэгжүүлээсэй гэж бодож хүсэж байна.

Дэлхийн нэгдүгээр дайны дараа, хэдийгээр ялсан талын баатар болсон Франц Улсын цэргийн зүтгэлтэн, хожим Парисын буултын дараагаар Францын төрийн тэргүүн болсон маршал Пэтайн хэлэхдээ, бид дэндүү цөөхөн цэрэг, дэндүү цөөхөн зэвсэг, дэндүү цөөхөн хүүхдийн төрөлттэй байна хэмээн хэлсэн байдаг. Үүнийгээ ч, 1940 онд нацистын Германд ялагдсан шалтгаануудын нэгэн гэж францчууд дүгнэцгээсэн юм.

Монгол Улс дайн хийхийн тулд хүн амаа өсгөж, зэр зэвсгээ базаах нь юу л бол. Ингэх ёстой гэвэл ёстой үл гүйцэлдэх үзэл болох байх л даа. Гэхдээ энэ улсын иргэд аюулгүй амьдрах орчин, нийгмийг бүрдүүлэхэд холбогдох хууль хэрэгжүүлэх байгууллагуудыг хэвийн ажиллагаатай байлгахад хүн амын тоогоо сайтар мэдэх нь маш тулгамдсан асуудал болж байна.

Энэ удаагийн хүн амын тооллогоор хууль сахиулах байгууллагуудын төлөөллийг оролцуулж, эсхүл тэдгээрийн саналыг тусгасан тооллогын нарийвчилсан хүснэгт боловсруулж ашиглах нь зүйтэй байна. Тухайлбал, зөвхөн цэргийн насны залуусын тоог тусгаад зогсохгүйгээр улс орныг батлан хамгаалах, хууль сахиулах байгууллагын үйл хэрэгт хүчин зүтгэж болохуйц төрөл мэргэжил эзэмшсэн байдал, идэвхтэй болон бэлтгэл хүчний нөөцөд орж ажиллах чадвар боломж, хямралын үед ашиглах цусны бүлэг, хүйсийн харьцааг насны маш нарийвчилсан бүлгээр ангилах, урт, дунд хугацааны хүн амын өсөлтөнд нөлөөлөж болох төрөх насны эмэгтэйчүүдийн тоог гаргах, өвчин, эмгэгтэйгээр нь ангилах зэрэг аль болох олон удаагийн чирэгдэлтэй нийтийг хамруулсан ажиллагаа хийхгүйгээр энэ удаагийн тооллогыг хэрэгжүүлэх ёстой юм.

Мэдээж хэрэг, дээрх тоочсон хүчин зүйлс нь бүрэн гүйцэд гаргасан жагсал биш гэдгийг уншигч та ойлгож байгаа байх. Гол нь манайд үргэлж яригддаг асуудал болсон, шил шилээ дарсан Их Хурлын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн сонгууль зэрэг ужигт ажлуудаас сургамжаа авч, нийгмийн судалгаа, бүртгэлийг нэгэн далайцаар бүрэн гүйцэд амжуулаасай гэж бодсон эргэцүүлэл юм.

Улс орны хөгжлийн хамгийн чухал үзүүлэлт бол хүн амын өсөлт, эрүүл мэнд, ажлын байранд хэрэгцээтэй ажиллах хүчин, оюуны чадамж, хөгжлийн хэтийн зорилгод нийцсэн хүн амын хөгжил, эрдэм мэдлэгийг уялдуулах бодлого болгоход энэхүү хүн амын нэгдсэн тооллогын зорилго ч оршдог байх.

Монголын үрс маш олон болтугай.