244-р сар2019

Сумогийн эргэн тойронд

Ж.Ирээдүй, 2010.02.10

Сүүлийн хэд хоног их аварга маань зодог тайлахаа мэдэгдсэнээс хойш манайхан санал сэтгэгдэлээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд сүрхий мэдэгдэж ууртай ширүүн байцгаана. Хүмүүсийн бичсэн сэтгэгдэл, санаа онооноос харж байхад ихэнхи нь японы талыг тэр дундаа Сумогийн холбоог нэлээд буруутгасан, тэдэнд гомдоллосон харагдана. 

Ер нь бол Сумогийн холбооны 1 дүгээрт нь хөөх , 2 дугаарт нь чөлөөлөх, 3 дугаарт нь өөрийн хүсэлтээр зодог тайлуулах гурван төрлийн шийдвэр байдгаас 3 дахаар  нь манай аварга шийдсэн юм байна.  Хамгийн гол нь манай аварга тэр үед юу болсныг ерөөсөө мэдээгүй гэж хэлсэн мөртлөө ямар ч байсан хүн зодоогүй гэж мэдэгдсэн нь сэтгүүлчдийн зүгээс юу болсоныг мэдээгүй мөртлөө зодоогүйгээ мэддэг нь сонин байна гэдэг асуулттай тулгарчээ. 

Сумод бол Ёокозуна Даваажаргалын хэлснээр “Сумо бөхийн гар бол хутга лугаа адил” гэдэг үгийг  их мөрдлөг болгодог юм байна.  Ямар ч байсан ёокозуна хүн бол намба зааж, тэвчээртэй байж, янз бүрийн жижиг сажиг юмыг өнгөрүүлж сурах ёстой юм шиг байна. Өдөөн хатгалгын ч юм байхыг үгүйсгэхгүй учраас тэр. Манай аваргад зодуулсан гээд байгаа нөхөр бол машинд цохиулсан бөгөөд Тайваны гаралтай хятад аавтай, япон ээжтэй, магадгүй хар тамхины наймаа хийдэг нөхөр бөгөөд одоогийн байдлаар цагдаад дуудагдаад байгаа гэнэ. Харин чухам хэн болохыг хэвлэлээр ил тодорхой нэр усыг нь зарлаагүй байгаа юм. 

Интернетийн вэб сайтуудаар байгаа сэтгэгдэл, бичсэн зүйлийг ажиглахад ер нь Асашёоруг өмөөрсөн нутаг орон, аав ээж, гэр оронгүй юм биш хүрээд ир, зүлгэн дээр гэрээ бариад зүгээр сайхан амидар гэсэн утгатай мессэж ихэнхи хувийг эзлэж байна. Дагва аа, чи бидний хийморийн дарцаг, монголын нэрийг дэлхийд дуурсгасан хүү, эх орон, ард түмний хийморь бахдал гэж бахархахын зэрэгцээ япончууд дарсан ч чиний хүчийг дарж чадахгүй, монголын бөхчүүд сумог бүгдээрээ орхих хэрэгтэй, дахиж сумо хэзээ ч үзэхгүй, япончууд тэдний рекордыг эвдэхээс айсан байна гэсэн мессежүүд нөгөө талд нь жин дарж байна.

Ер нь тэгээд зодог тайлсны нарийн ширийн учрыг нь тэр хол суугаа монголчууд бид байтугай халуун тогоонд нь буцлаж буй, хамаг юмыг нь гарцаагүй байдалд оруулаад гаргаад ирдэг японы хэвлэл мэдээлэл ч бүрэн төгс дэлгэж гаргаж чадаагүй байхад хамар дор хагархай гэгч болж амныхаа зоргоор туух ч бас дэмий ажил байна. 

Сумо бөхийн холбоо манай хоёр аваргад луу, хангарид хоёрыг өрсөлдүүлэх бодлогын үүднээс зориуд ийм цол гуншин өгсөн бөгөөд Японы домгоор луу, хангарид хоёр бол насан туршийн өрсөлдөгч нар байдаг  учраас хоёр өрдсөлдөгчийг хоёуланг эрт буулгах сонирхол байхгүй байх нь мэдээж. Тийм учраас манайхны Ёокозуна Хакухо японуудтай нийлээд зохион байгуулаад даруулчихлаа гэж харддаг нь ч буруу ажээ. Энэ хоёрын өрсөлдөөнөөр сумогоо хөгжүүлэх бодлоготой улс юу хаа байсан рекорд эвдэх болоогүй байхад буулгах билээ, энэ бол холбоондоо ч гэсэн эдийн засгийн хувьд, спортоо хөгжүүлэх талаасаа  ч ашиггүй зүйл болох нь хэнд ч ойлгомжтой билээ.

Асашёрюү зодог тайлсан нь нэг талаас монголчуудын, нөгөө талаас япончуудын сэтгэл хөдлөл, дотоод бодол санааг харах боломж олгож байх шиг. Зодог тайлсан орой Монголын Олон Нийтийн Телевизээр нэвтрүүлсэн нэвтрүүлгийг энд орчуулгатайгаар шууд цацсан, агуулга нь шахалт дарамтаас болоод зодог тайллаа гэсэн утгатай байсан. Маргааш нь “Зууны мэдээ” сонинд Японы сумогоос татгалзая гэсэн сүртэй гарчигтай томоохон нийтлэл гарсныг телевизээр үзүүлсэн. Ард түмний тэр дундаа гудамжинд яваа хүүхэд шуухад, хөгшчүүлийн гэхээсээ зарим нэг өндөр албан тушаалтан тухайлбал засгийн газрын гишүүн, Зам, тээвэр аялал жуулчлалын сайд, Монголын Жудо бөхийн холбооны тэргүүний хэлсэн үгийг японы болон CNN, BBC зэрэг дэлхийн гол гол хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд иш татлаа.

Нөгөөтэйгүүр Аса аваргын зодог тайлахдаа хэлсэн үгийн утга санаа нь Монголд хэвлэлийн бага хурал хийлгэсэн Асашёорюү сангийн мэдэгдэлтэй зөрж байгаад япончууд нэлээд гайхаж байна. Өөрөөр хэлбэл хоёр талд хоёр өөр зүйл яриад байгаа юм шиг ойлгогдож байна. Үүнээс үзвэл манайхан хамгийн гол нь Японы бодит нөхцөл байдал, ёс журам, зарчим, хуул дүрмийг сайн мэдэхгүй учраас үүнийг сайн ойлгохгүй өөрсдийнхөө амныхаа хэрээр л бүгдээрээ туугаад байх шиг байна. За тэгээд энэ асуудал аандаа шийдэгдэх биз дээ. Зодог тайлсан аварга одоогоор юу хийх талаар Японы хэвлэлүүд янз бүрээр бичиж байна. Зарим нь их хурлын гишүүн болно, зарим нь ерөнхийлөгч болно, зарим нь Англи юмуу, Америкид суралцаад бизнес хөөнө гэх мэтээр таамаглан баахан бичиж байна. Спортынх нь хувьд өөр төрлийн нөхдүүд аль хэдийн сонирхож эхлэсэн гэж мөн хэвлэлүүдэд бичиж байгаа. Нохой зодооны К 1-ийнхэн аль 2005 онд 800 сая йэнээр гэрээ хийе, жилд 4-5 удаа тоглоход 400 сая-ыг өгөөд нийт 1 тэрбум 200 сая йэнээр нэг жилийн тоглох гэрээ байгуулая  гэж үнэ хаяж байсан байна. Тэдний санаа одоо ч хэвээрээ байгаа бололтой.

Долоо хоногийн өмнө зодог тайлсан их аварга маань Хавайн арал дээр гольф тоглосон шигээ бие, сэтгэлээ сайхан амрааж байх шиг байна. Зодог тайлахаа нэгэнт зарласан ч амар заяа үзэхгүй байгаа бололтой, араас нь баахан сэтгүүлч оччихсон өглөө, үдэшгүй эргүүлж  байна. Монгол руу очиж магадгүй гэж таамагласан нөхдүүд бас тэнд хөлдөж үхтэлээ хүлээж байгаа бололтой.
Ойрын өдрүүдэд зодог тайлсан Аса аварга хэчнээн хэмжээний мөнгө авах талаар хэвлэлийнхэн ид шуугиж, яриж бичиж байна. Манай хэвлэл дээр хоёр тэрбум, 370 сая төгрөгтэй тэнцэх мөнгө авна гэж бичсэн байна. Японы хэвлэлд бичиж байгаагаар Аса бардаагаар 400 сая йэн, үсрээд 500 сая йэн авах нь тодорхой байна. Ер нь Японд ажлаасаа гэнэт гарсан ямар ч хүн халагдсаны мөнгө авах  хууль хувь, хувьсгалын ямар ч байгууллагад үйлчилж байдаг. Долоо хоног тутмын “Шюкан бүншүн” сэтгүүлд бичсэнээр “Асашёроюү ажлаас буусны мөнгө лав 19 сая йэн авна.  Удаан ажилласны нэмэгдэл 15 сая йэн нэмэгдэнэ. Тусгай шагналын мөнгө нь 100 орчим сая болно. Энэ нь Ёокозуна байсан, хэдэн жил барилдсан, ямар амжилт үзүүлсэн, хэдэн удаа түрүүлсэн гээд олон зүйлээс шалтгаалах бөгөөд одоогийн байдлаар хамгийн их буюу 130 сая йэнийг Таканохано авсан бол Акебоно 100 саяыг, Ваканахано 70 саяыг авч байжээ. Их аваргад яг хэдийг өгөхийг Сумогийн холбоо өнөө маргаашгүй шийдэх юм байна.  Уг нь асуудалгүйгээр зодог тайлсан бол 150 сая йэн авах учиртай аж. За үүн дээр бооцооны мөнгө 180 сая нэмэгдэнэ, 2010 оны 10 сарын 3 нд болох зодог тайлах ёслолд 10 мянган хүн оролцоно, нэг хүн арван мянган йэнээр үзэхэд 100 сая йэн болно, үүн дээр аваргын үсэнд хүрэх 200 хүний нэг хүн 50000 йэнээр үнэлэгдэнэ.  Тавин мянгаас ч ихийг өгөх хүн олон бий гэнэ. Энэ орлогыг бүтнээр нь аваргад өгөх нь. Ингээд нийтдээ 450 орчим сая йэн буюу барагцаагаар 45 сая ам.доллар болно.” гэж бичсэн байна.
Сумо гэдэг бол нэгдүгээрт спорт, хоёрдугаар шоу, гуравдугаар соёл боловч угаасаа хуулийн дагуу маш нарийн зохион байгуулалттай ертөнц байдаг юм шиг байна.

Өнөөдөр ч гэсэн ихэнхи япончууд сумо ямар зохион байгуулалттай, тэд яаж мөнгө хийдэг, мөнгө яаж дамждагийг мэддэггүй аж. Сумогийн холбооны 105 хөгшчүүлийн гараар л тэр их мөнгө эргэлдэж байдаг аж.  Сумогийн холбоо бол 53 дэвжээтэй. Зөвхөн настай ахмад хүн л нийгэмлэгээс тусгай зөвшөөрөл авч дэвжээ нээж болно. Холбоо бол дэвжээ бүхэнд нэг хүнийг сарын 70 мянган йэн буюу 700 орчим доллараар бодож дасгал сургуулилтыг санхүүжүүлдэг байна.  Тэгэхээр цолгүй бөх жилд 1,8 сая йэн буюу 18000 ам долларын төсөвтэй юм байна.  Дээд зэрэглэлийн цолтой дэвжээ бол их мөнгө авна, жишээ нь оозеки бол 2.16 сая йэн буюу 21600 ам.доллар, ёокозуна бол 2.76 сая йэн буюу 27600 ам.доллар авдаг байна.  Энэ бол хэдийчинээ амжилт гаргана төдийчинээ их мөнгө авна гэсэн зарчим үйлчилж байна гэсэн үг. Үүнээс гадна дэвжээний хоол унд бусад зардал гээд асар их мөнгө хэрэгтэй байдаг бөгөөд үүнийг холбооны бусад орлогоос авах буюу хувь болон бүлэг дэмжигчдийн мөнгөөр санхүүжүүлдэг байна.

Дэвжээ бүхэн дор хаяж нэг дэмжигч бүлэгтэй байдаг байна. Дэмжигчид нь өөрийн дуртай бөхтэйгээ идэж уух, сайн суудлуудыг худалдаж авч өгөх, гэх мэтээр тэдэнд дэмжлэг үзүүлдэг гэнэ. Тухайлбал Кюшү Садогатаке дэмжигчдийн клуб гэхэд л жилийн гишүүнчлэл нэг хүн 20 мянган йэн буюу 200 ам.доллар, тусгай зэргийн гишүүн 30 мянган йэн буюу 300 ам.доллар гэж бодоход 300 мянган гишүүнчлэлтэй бүлэг 60 сая йэн буюу 600,000 ам.доллар бөөгнүүлэх жишээтэй. Үүнээс гадна мөнгөө үрж чадахаа байсан баячууд дэвжээ болон бөхчүүдэд ил болоод далд байнгын дэмжлэг үзүүлж байдаг байна. Тухайлбал Футагояама дэвжээнд Буддийн шашны нэг тэргүүн гэхэд л 500 сая йэн буюу 5 сая ам.доллар хандивлаж байх жишээтэй. Хамгийн гол нь их ч бай, бага ч бай бүх орлогыг сумогийн холбоонд мэдэгдэж хувааж авах, мөн орлогын албан татвар найдвартай төлж байх зарчимтай юм байна.  Тухайлбал Японы Татварын албаны албан мэдээгээр Футагояама дэвжээний мастер, гэргий, хоёр бөхийн хамт нэг жилд 190 сая йэн буюу 1,9 сая ам доллар татвар төлсөн нь нийт жилд олсон 430 сая йэн буюу 4.3 сая ам долларын татвар болж байжээ.

Нөгөө талаас Японы Сумод барилдаж байгаа бөхчүүд чухам хэчнээн хэмжээний цалин пүнлүү авдаг нь олон нийтэд сонин байж мэдэх юм. Сумогийн цалин пүнлүү нь ихэнхидээ тэдний дэвжээн дээр барилдсан амжилтаас шалтгаалах тогтолцоотой бөгөөд журёо зиндаанд барилдах юм уу мэргэжсэн сумоч болтлоо энгийн тэтгэлэг авч байдаг аж. Үүнээс үзвэл нийт 800 орчим сумочдоос ердөө 66 сумоч мэргэжлийн төвшин буюу макүчид барилдаж байгаа.  Ийнхүү журёо зиндаанаас эхлэн цалин хүртэж эхлэх бөгөөд мөн өдрийн тээврийн зардал, байны мөнгө, болон бусад орлогын эх үүсвэртэй болдог аж. 

Сумочдын сар тутмын цалин нь их аварга буюу ёокозуна 2,82 сая йэн буюу 28,200 ам. доллар, оозеки бол 2,347 сая йэн буюу 23,470 ам.доллар, комусуби болон секиваки цолтон 1,693 сая йэн буюу 16,930 ам.доллар, бусад дээд зиндааныхан 1,309 сая йэн буюу 13090 ам.доллар, дараагийн зиндааныхан 1,036 сая йэн буюу 10.360 ам.доллар тус тус авдаг ажээ.

Сумо бол дээд зиндаандаа маш их орлого, хаялага сайтай спорт юм байна. Тухайлбал Ёокозуна Акебоно  1993 онд 79,199,250 йэн буюу ойролцоогоор 800,000 ам.доллар гэж бодоход цалингаасаа гурав дахин  их мөнгө олж байжээ. Бидний мэддэг бооцооны мөнгө гэхэд л нэг дугтуйдаа 60 мянган йэн байдаг бөгөөд ялсан тохиолдолд 50 хувийг нь дэвжээндээ өгч, 50 хувийг нь өөрийн орлого болгодог байна.

Ийнхүү дуулиан шуугианы чимээ намдах зуур энэ удаа Сумогийн ертөнц рүү шагайж мөнгө зоосыг нь сонирхож үзвэл өдийхөн зэргийн юм олж харлаа. Цааш цаг зав гарган сонирхвол сумогийн ертөнцийн өөр сонин сайхан, нарийн ширийнээс бага боловч мэдэж, ойлгож  болох л  юм байна гэж бодогдлоо. Энэ бүхнийг хэдий чинээ сайн мэднэ сумог, сумод барилдаж байгаа бөхчүүд монголчуудаа  бид их зөв ойлгох учиртай гэж бодож байна.

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter