204-р сар2019

Шинэ ном гарлаа

Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюунжаргал “Манж Чин улсаас Монголчуудыг захирсан бодлого” (Ойрадуудын жишээн дээр) хэмээх судалгааны бүтээл хэвлүүлжээ. Тус бүтээл нь удиртгал, гурван хэсэг буюу 10 бүлэг, дүгнэлтээс бүрдэнэ. Үүнд Манж Чин улсаас Зүүнгар улсыг дайлах явцад Ховдын Дөрвөд, Баяд, Өөлд, Мянгад, Хошууд, Торгууд, Захчин, Хөлөнбуйрын Өөлд, Хармөрөний Ихмянган болон Халуунгол, Цахар зэрэг газрын ойрадуудад нутаг зааж суулгасан, захиргааны тогтолцоог байгуулсан бодит байдлыг нарийвчлан судалжээ. Тухайлбал, Нэгдүгээр хэсэгт, Галданг дайлсан Энх-Амгалан хааны байлдан дагуулалын үед дагаар орсон ойрадуудаар сум зохиож, Цахар найман хошуунд оруулсан, Энх-Амгалан хаан Зүүнгартай байлдахаар Халхад цэрэг суулган Тагны нуруугаар нутаглах олон аймгийг дагаар оруулан, Хар мөрөн, Чичихар зэрэг газар нүүлгэсэн, Найралт төв хаан Оростой хилийн гэрээ байгуулахдаа Тагнаар нутаглах урианхай нарыг язгуураас монгол ноёдын харъяат хэмээн хүлээн зөвшөөрүүлэх бодлого явуулсны үр дүнд Тагна урианхайг Манж Чин улсын нутаг дэвсгэрт багтааж чадсан бодлого, түүний хэрэгжилтийг тодорхойлон гаргасан.Хоёрдугаар хэсэгт, Тэнгэрийн тэтгэсэн хааны Зүүнгарыг мөхөөсний дараа ойрадуудыг захирах бодлого хэрхэн хэрэгжсэн, түүнчлэн Дөрвөд,Баяд нар Улаангомд суусан, Мянгад, Галзад, Тэлэнгэд нарыг Хармөрөнд нүүлгэсэн, Дашдаваагийн Өөлд нар Халуунголд суух болсон түүхэн нөхцөл, учир шалтгааныг тодруулжээ. Гуравдугаар хэсэгт, Манжийн эршээлийн үеийн Монголд шинээр байгуулагдсан засаг захиргааны нэгж болох Ховдын хязгаар хэрхэн бүрэлдсэн, тухайлбал, Ховдод хуувийн сайд суулгах болсон зорилго, Өөлд, Мянгад, Урианхай, Захчин, Торгууд нар хэрхэн Ховдод нүүж, хуувийн сайдад захирагдах болсон үйл явцыг шинжлэн үзсэн. Зохиолын онцлог • Монгол улсын Үндэсний Төв Архивийн манж монгол баримт төдийгүй зохиогч өөрийн биеэр БНХАУ-ын Түүхийн Нэгдүгээр Архивт очиж үзсэн Цэргийн тухайн газрын манж албан бичиг, мөн “Дайчин улсын магад хууль”, “Хууль зүйлийн бичиг”, “Энх-Амгалан хааны бодлогын бичиг”, Зүүнгарын бодлогын бичиг” зэрэг хятад сурвалжийг ашигласан. Өөрөөр хэлбэл, монгол, манж, хятад хэлээрх судалгааны эргэлтэнд ороогүй шинэ сурвалжид тулгуурлан Манжийн үеийн Ойрадуудын тархалт, бүрдсэн явцыг тодорхойлон гаргасан. • Монгол улсын ахмад судлаачдын бүтээлийн суурин дээр, Япон болон Хятадын судлаачдын судалгааны үр дүнг ашиглахын зэрэгцээ тэдгээр судалгаанд зүй ёсоор шүүмжлэлтэй хандаж, зохиогчийн үзлийг дэвшүүлсэн. • Зохиолын бүлэг тус бүрийг гадаад болон дотоодын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих, мөн Япон улсын болон Монгол улсын мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл нийтлүүлэх зэргээр олон нийтийн хүртээл болгосон. Манж Чин улсаас монголчуудыг хэрхэн захирч байсан, ялангуяа ойрадуудын нүүдэл суудал, одоогийн оршин суугаа газар хэрхэн нутагшин суух болсон түүхийг дээрх номоос сонирхон уншаарай. Дээрх номыг Интерном (20.000 төг) болон Түүхийн хүрээлэнгийн номын санд(15.000 төг) зарж байна.

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter