244-р сар2019

Бүлэг: Өгүүлэл

Баткаагийн хавар (өгvvллэг).

Бадрах тамхиа асаав Сүүлчийн тамхи учир их л удаан боловч шунамгай гэгч татан, хамаг дотор нь дулаацаж, дүүрээд ирэх шиг болсныг таатайяа мэдрэв Хэрвээ түүнд мөнгө байсан бол тэрээр хичнээн өлсөж, цангаж байсан ч тамхи л юуны түрүүнд худалдаж авахаа бодно

Хавар

Бадрах тамхиа асаав. Сүүлчийн тамхи учир их л удаан боловч шунамгай гэгч татан, хамаг дотор нь дулаацаж, дүүрээд ирэх шиг болсныг таатайяа мэдрэв. Хэрвээ түүнд мөнгө байсан бол тэрээр хичнээн өлсөж, цангаж байсан ч тамхи л юуны түрүүнд худалдаж авахаа бодно.

Хавар... Хөнгөхөн уриалгахан салхи, нарны дулаахан илч Бадрахад баяр баясал, гуниг хоерыг зэрэг авчрах шиг. Нүүр нүдгүй илч гэрлээ түгээсэн энэ өдөр Бадрахад бүх юм болж бүтэх юм шиг, тэр тусмаа яг өнөөдөр нэг л онцгой зүйл болох юм шиг сэтгэл төрүүлнэ. Гэтэл тэрээр өнөөдөр хэнтэй ч уулзана гэж тохироогүй, ер нь шинэ сонин зүйл тохиолдоно гэж бодогдохгүй байлаа. Тэр гудамжны өнгө зүсээ алдсан саарал сандал дээр суув. Суух чинь ямар сайхан юм бэ гэж залууд бодогдсон нь хөлөө эцсэнийг сая л мэдсэнийх байжээ. Бадрах нүдээ анин, наранд дулаацна. Тэрээр албаар юу ч бодохгүйг хичээж, сүүлчийн хэд хоног толгойгоо хангалттай гашилгав, одоо түр ч атугай амрая гэж шийдэв.

Бадрах мэргэжлээрээ бол түүхийн багш. Гэвч олигтой цалин авахгүй юм гээд ажлаасаа гарчээ. Түүнээс хойш янз бүрийн панз наймаа үсэргэж, заримдаа хааш нь хийнээ гэмээр их мөнгөтэй заримдаа ээждээ цайны сүүний мөнгө өгчих сохор зоосгүй болчихсон явдаг байв. Сүүлийн үед ажил явдал нь бүтэмж муутайхан, байдаг мөнгө ч гэж үгүй болж, одоо яах вэ гэж өөрөөсөө байн байн асуун, олигтой шийдсэн юмгүй явлаа. Олон жил ингэж мөнгөтэй үгүйн хооронд яваагаа эргэн хараад ямарч үр дүнгүй хэдэн жил өнгөрсөн мэт санагдах нь ихсэв. Тэгэх тусам тэрээр тайван байж суух газаргүй болж, найз нөхөдтэйгээ ийш тийш явж ганц хоер лонх шар айраг хоослохоосоо түдгэлзэж, ганцаараа байхыг эрхэмлэх болов. Ямар нэг шийд гаргах хэрэгтэй, хуучных шигээ байж болохгүй нь гэсэн бодол толгойд эргэлдэнэ.

Хаврын нар таатайхан ээж, нэг мэдэхэд Бадрах хэсэгхэн зүүрмэглэв. Залуу байгалийн хүчинд уусах шиг, сэтгэл санааг нь зовоосон бүх асуудал огт байгаагүй мэт алга болж, хүүхэд байхдаа хаврын өдөр хичээлээсээ тараад гэртээ харихгүй, ангийн охин Чимгээтэй зугаалж, түүний гоо сайханд нь дурлаж, хараад хараад ханашгүй байсныгаа санан, тэр үеэ дурсан, хайрлан инээмсэглэв. Ямар ч ариухан байсан юм бэ гэж бодогдоно. Чухам хүүхэд насны тэр сайхан өдрүүдээс өнөөдрийн энэ дулаахан гэрэлт өдөр огт ялгаагүй мэт байлаа. „Байгаль дэлхий гэж учиртай юм даа. Тийм сайхан хавар ганц л байдаг гэж тэгэхэд би бодож билээ. Тэгтэл өнөөдөр түүнээс ч дутуугүй сайхан өдөр байна. За яахав, хажууд Чимгээ минь л алга... Дараа жилийн хавар, бүр арван жилийн дараа ч магадгүй бас л нэг ийм сайхан хаврын өдөр ирж, би хайртай хүнтэйгээ зугаалж ч явах юм билүү. Гэнэтийн учрал, гайхамшигаар хүний амьдрал дүүрэн шүү дээ. Байгаль дэлхий юу ч болоогүй юм шиг өдөр шөнөөр солигдоод, бид ч анзаардаггүй аж. Тэгтэл чухам хаврын жирийн л нэг өдөр надад юу юунаас илүү хүч тэнхээ, шинэ сайхныг авчирч байна шүү дээ. Бүх юм давтагддаг нь юутай сонин бас сайхан... "

Бадрах хайр дурлал, жаахан Чимгээгээ бодон, янз бүрийн юм мөрөөдөн их л жаргалтай суулаа. Энэ л мөчийг тэрээр мөнх үргэлжлээсэй гэж хүснэ. „ Хүн гэж сонин юм. Єчигдөрхөн, үгүй бүр өнөө өглөө над шиг азгүй хүн гэж хаа байна гэж хувь заяандаа гомдож явлаа. Гэтэл одоо амьдралын сайханд баясан суух юм. Би ийм амархан хүн үү.. эсвэл би л наана нь мунгинаад байгаа болохоос яг үнэндээ тэр зовлон жаргал нь гэж байна уу.. " Бадрах бодолдоо инээмсэглэв. За хөө ингээд бодоод байвал лам болох нь. үгүй ер нь болохгүй юу гэж. Хүн үнэн гэж бодсон замаараа л явна шүү дээ. Тэгээд би ? Аз жаргалыг л хүсч иржээ. Аз жаргал нь тэгээд өнөөдөр шиг л нэг өдөр ирнэ, тэгээд явна, тэгээд дахиад явна. Нэг барьж аваад алдах шиг. Энэ л ээлж солиог би өдий хүртэл амсч ирлээ. Тэгээд... " Бадрах бүхий л биеэрээ мэдрэх шиг болон „ хэргийн учир жаргалдаа ч биш байгаль дэлхийн жам есыг дагасан бидний амьдрал ерөөсөө тасралтгүй хөдөлгөөн, хөдөлгөөн юм шив дээ..."

Бадрахад энэхүү шинэ бодлууд нь их л таатай санагдаж, түүний нөгөө мөнгө яаж олох вэ гэсэн өдрийн бодол шөний зүүд нь хаа хол хойно үлдчихсэн, огт чухал биш болов.

- Хүүеэ, энэ чинь Батка юу даа гэж гэнэт эмэгтэй хүний хачин танил дуу дуулдаж, түүнийг бодлоос нь сэрээв. Батка гэх түүний багын нэрээр нь ийнхүү дуудсан нь Бадрахад бүр ч сонин байв. Нүдээ нээгээд харвал яг л хүлээж байсан хүн шиг Чимгээ инээд алдан зогсож байв. Бадрах баярлах гайхах хослон,

- Чи юу, Чимгээ гэснээ босч, бүсгүйг тэвэрч аваад хацар дээр нь үнсэв. Арван жилийн жаалхан охиноос эмэгтэй хүний шинж бүр бүрдсэн ялимгүй махлаг, цэвэрхэн цагаан бүсгүй урьд нь зогсох аж. Бадрах баярласандаа ч юмуу, их санасандаа ч юмуу нулимс унагах шахав. Чимгээ ч түүнийг гайхан харж, мишээсээр байв. Залуу,

- Ингэж бас учирдаг байжээ. үгүй ер сониноо. Чи ч улам л сайхан болжээ гэж зүрх нь оволзон, бүх л баяр хөөрөө чухам яаж барьж бас илэрхийлэхээ мэдэхгүй сандрав. „ Миний хайрласан охин, миний хаврын охин" гэж тэрээр дотроо хашгирах шахам дуу алдав. Чимгээ,

- Чи харин ерөөсөө өөр болоогүй байна. Тэгээд л бас намайг ширтсээр ... Сайн уу, тэгээд, юу хийж байна. Багшилж байгаад больсон сураг дуулсан. Гэр бүлтэй болсон биз дээ.

Бадрах чухам энэ танил дууг сонсож, дотно нүдийг хараад үнэн эсэхийг батлах гэсэн мэт өөрийн эрхгүй Чимгээгийн хацарт гараараа хүрч, нүүр лүү нь орсон үсийг нь хойш илэв. Тэгээд,

- Би сайн сайн. Нэг гэр бүлтэй болоод бүтээгүй ээ. Муу ээжтэйгээ л амьдарч байна даа. Єөрийнхөө тухай юу ярихав. Яриад байх ч сонин юм алга. Харин чи?

- Чи жаахан сэтгэл дундуур байна уу даа. Яав, зүгээр үү?

- үгүй , үгүй. Яалаа гэж. Чамайг хараад хэзээний бантдаг шүү дээ гээд тэр хоер инээлдэв. Чимгээ Бадрах хоерын яриад удаагүй байтал хүүхэд тэвэрсэн намхан бор залуу тэдэн дээр ирэхэд Чимгээ,

- Танилц, миний нөхөр. Энэ миний багын найз Бадрах гэв. Бадрах Чимгээгийн нөхрийг жигтэйхэн сонирхон харав. Чимгээгийн нөхөр эг магхийн ганц хоер үг хэлээд, Бадрахтай цааш ярих дургүй байгаа нь илт байлаа. Чимгээ ч мэдсэн бололтой,

- За бид явья даа. Хууч хөөрөх ч сайхан л байна. Дараа болье гэхэд Бадрах босч Чимгээгийнхээ гарыг чангахан атгаад,

- Баяртай гэж арайхийн хэлэв.

Бадрах Чимгээг араас нь ширтэн удаан зогсов. Тэрээр өнгө алдсан сандал дээрээ буцаад суух гэснээ болив. Дээш, цэлмэг тэнгэрийг нэг харж урт гэгч амьсгаа авав. Тэгээд Чимгээгийн явсан зүгээс эсрэг зүг рүү чиглэн аажуухан алхав. „ Би юу бодож байлаа. Аа тийм хөдөлгөөн. " Бадрах цааш үргэлжлүүлж бодсонгүй, гагцхүү Батка гэж нэрийг санаад өөртөө давтаж хэлээд, инээв.

  • Бичсэн T.Altangerel
  • Үзсэн: 1562

Бүлэг: Өгүүлэл

Дугар зайсаны домог

Цахим өртөөний нэгэн анд надаас домог ярьж өгөхийг хүссэн боловч ой тойндоо орж ирэхийг хүлээсээр энэ өдрийг хүрэв Хүүхэд багын балчирхан тэр veд өвгөд хөгшидөөс өчнөөн юм дуулж явсан хэдий ч тогтоож үлдсэн нь тун ховор Цаг солигдож цагаан сар ирэх энэхэн мөчид нэгэн домог тэнгэрийн ерөөлөөр сэтгэлийн болор толинд буулаа.

Урьд эртийн цагт цастын оронд төр шашин нь ганхаж, түмэн олон үймж, тэсэхүй еэ бэрх болсон тэр нэгэн мөчид Далай Лам арга сэдэж өөрийнхөө шавь нараас нэгэн гэлинг Ганжуурын тархин судар Жадамба үүрүүлээд Халхын зүг явуулж гэнээ.

Цахим өртөөний нэгэн анд надаас домог ярьж өгөхийг хүссэн боловч ой тойндоо орж ирэхийг хүлээсээр энэ өдрийг хүрэв. Хүүхэд багын балчирхан тэр veд өвгөд хөгшидөөс өчнөөн юм дуулж явсан хэдий ч тогтоож үлдсэн нь тун ховор. Цаг солигдож цагаан сар ирэх энэхэн мөчид нэгэн домог тэнгэрийн ерөөлөөр сэтгэлийн болор толинд буулаа.

Урьд эртийн цагт цастын оронд төр шашин нь ганхаж, түмэн олон үймж, тэсэхүй еэ бэрх болсон тэр нэгэн мөчид Далай Лам арга сэдэж өөрийнхөө шавь нараас нэгэн гэлинг Ганжуурын тархин судар Жадамба үүрүүлээд Халхын зүг явуулж гэнээ. Далай багшаас лүндэн хүртсэн бадарчин гэлин их говийг арайхийн туулж, айл амьтаны бараа харан явсаар Халхын Түшээт гүний нутагт орж нэгэн айлд саатжээ. Гэрийн эзэн хувраг хүн хараад буян номыг санаж ном айлдаад гарахыг хүсч, хоол цай тавин хөл болжээ. Гэлин хавчиг үүргэвчнээсээ улаан баринтагтай (төвдөөр түм) судраа задлахад гэрийн эзний харц ширүүсч, нүүр нь улааж гэнэ. Учир нь тэр үед улааны (Нигма) шашны ёсонд улаанаар судар баринтагладаг байсан гэнэ. Баринтагийн тайлахад мөн улаан баринтаг гарч гэрийн эзэн бүүр уурсан босоод иржээ. Эмээж дальдарсан гэлин дахин баринтагийг нь тайлтал шар баринтаг гарч дээ. Ийнхүү гэрийн эзэн Дугар зайсан учрыг ухан мэдэв. Шарын шашин улааныханд хавчигдах болсныг дээрх тэмдгээр олж мэдсэн Дугар зайсан хавчаахай нумаа үүрэн хамгийн сайн тэмээгээ унаж Төвдийг төвштөгөхөөр мордох болов гэнэ. Айл амьтан ахан дүүс нь бүгд бужигнан сандарч хүлээзнэж байгаад тухтай бэлтгээд аянд мордохийг түүнээс хүсчээ. Тэр үгийг сонсолгүй Дугар зайсан цагаан атаа унаж сарын газрыг долоо хоног туулаад Лхасад ойртож ирсэн байна. Халхаас бэрх хүн ирэхийг мэргэ төлгөндөө буулгаж мэдсэн улааны шашны лам нар гурилаар арслан бүтээгээд, хараалын хар тунараа хийж, шидээр амилуулсан арслангаа Дугар зайсаны өмнөөс тавьжээ. Дугар зайсан арсланг дийлж номхруулаад цагаан аттайгаа хамт хөтлөн Лхасад бууж гэнэ. Сүрд дарагдсан улааны шашны лам нарын хэлийг нь шалгаж хар хэлтэй болгоныг нь хороогоод бурханы шашныг төвхнүүлэн мандуулжээ. Шарын шашныхан түүнийг нь хүндэтгэн Лхасагийн сүмдүүдийн зарим хаалган дээр саадаг агсаж цаст уулын хөх зогдорт арслан, атан цагаан тэмээ хөтөлсөн Дугар зайсангийн зургийг зурсан нь одоогоор ч хадаглагдан байдаг гэнэ.

Домогийг үнэ гэж мэдэхгүй ч, лав үнэнд дүйцсэн олны яриа юм даа гэж үзэж болно. Нүүдэлчин өвөг дээдэс маань дуулсан мэдсэнээ аман хэлбэрээр ийнхүү бидэндээ дамжуулж ирсэн уламжлалтай билээ.

  • Бичсэн baatar_sh
  • Үзсэн: 3021

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter