181-р сар2019

Бүлэг: Өгүүлэл

Германаас Америк хүртэл

Сэтгүүлч Дорждамдингийн Оюун, ХБНГУ, Карлсрүэ хот.  

E-mail: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

1.  Өмнөх үг

   Найз маань, “Буцахаас өмнө Америкийг ирж үзээ“ гэлээ. Сүүлийн хэдэн жил завдаагүй. Харин энэ удаа явахаар шийдэв. Америкийн элчингийн сайтан дээрх дүрэм журмуудыг судлав. Виз тийзээ захиалж интернэтээс хэд хоног салсангүй. Нью-Йоркийн зүг 2010 оны 5 сарын 18-ний үдшийн 9 цагт би хөлөг дүүрэн европчуудтай Франкфуртын нисэх онгоцны буудлаас хөдлөв. Нойр дутуу явсаных онгоц хөөрөөд л  унтаж, сэрвэлзэж унтсаар онгоцны чанга яригчаар, “Хорин минутын дараа Жон Ф. Кеннедийн нэрэмжит нисэх онгоцны буудалд бууна” гэж зарлах чимээнд сэрлээ.

Цонхоор доош хартал тэнгэрийн хаяа хүрэвч зах хязгаар үгүй далайн ус хар сувд мэт гялалзана. Үйлчлэгчийн орхисон хилээр орох хуудсыг бөглөж амжив. Энэ зуур онгоц маань улам бүр доошилж усан дээр буух нь уу гэмээр шүргэн алдан хурдалсаар гэнэт газардахад улсууд алга ташин, би ч бас гайхах баярлахын завсар алгаа ташив. Нью Йоркт үдшийн бүрий болсон байлаа.

Онгоцны буудалд найз маань охинтойгоо угтав. Баяр хөөр болж уулзсан бид элдвийг хүүрнэсээр гадагш гарахад бороо шивэрч байсан ч жиндүү бус, далайгаас ирэх чийглэг агаар пүнхийж байв.

Найз маань, “Манай сургуулийн төгсөгчдөд зориулж Эмпайр Стэйт Билдингийн оройн хэсэг өнөөдөр хөх өнгөөр гэрэлтэж байгаа, хэдүүлээ харчихаад цааш давхинаа” гэлээ. Дэлхийд эрт алдаршсан энэхүү өндөр байшинг элдэв зургаас харж байсан ч өөрийн нүдээр харна гэдэг өөр байдаг хойно тэнгэр баганадаад жигтэйхэн байлаа. Гэхдээ хамгийн гол нь “Дэлхийн нийслэл” гэгддэг Нью- Йорк хотын хамгийн өндөр байшингийн гэрэл чимэглэлийн өнгийг Коламбын Их Сургуулийн төгсөгчдөд зориулж өөрчилсөн, тэдний нэг нь миний найз шүү дээ гэж бодохоос бахархам санагдав.

2.     2. Коламбын Их Сургуулийн анхны монгол доктор

Миний найзыг Банзрагчийн Отгонтөгс гэдэг. Бид хоёр арван жилд байхын бие биенээ мэдэх ч Отгоо Ломоносовын, би Менделеевийн нэрэмжит  Их Сургуульд суралцаж байхдаа нөхөрлөж цэл залуу нас, оюутан ахуйн дурсамж дүүрэн он жилүүдийг Москвад үдэж байсан. Сургуулиа төгсөөд найз маань МУИС-ийн Эдийн Засгийн сургуульд багшилж ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Одоо ч тэндээ багшилсаар буй. Отгоо үндсэн ажлынхаа хажуугаар Дэлхийн Банк, НҮБ, Соросын Сан зэрэг байгууллагуудаас хэрэгжүүлж буй төрөл бүрийн төслийн ажлуудыг хийнэ, удирдана, мэргэжлийн ном, сурах бичиг, эрдэм шинжилгээний өгүүлэл бичнэ. Ер нь товчоор хэлэхэд мэргэжилдээ эзэн нь болсон манай улсад хуруу дарам цөөхөн, чадварлаг эдийн засагчдын нэг юм.

 zur2Арваад жилийн өмнө Английн Манчестрийн Их Сургуулийг мастер зэрэгтэй дүүргэж байсан тэрээр энэ хавар Коламбын Их Сургуульд Боловсролын эдийн засгийн чиглэлээр докторын зэргээ амжилттай хамгааллаа. Элсэх хүсэлтэй оюутнуудад тавих шаардлага нь өндөр, дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын жагсаалтад ямагт эхний аравт ордог энэ Их Сургуульд докторын зэрэг хамгаална гэдэг хэн хүнд хялбар олдох завшаан биш ээ. Энэ хэцүү давааг даваад Отгоо маань Коламбын Их Сургуулийн хамгийн анхны монгол доктор болсон.

zur1Ойр дотны найзууд нь Отгоотой элбэж төгсөлтийн баярын үдшийг зохион байгуулсан. Тэд гэр бүлийнхнийхээ хамтаар төрөл бүрийн бялуу, цэцэгтэй ирцгээж, баяр хүргэн цаашдаа эх орондоо улам ихийг хийж бүтээхийг хүсэн ерөөв. Үдэшлэг эхлэхэд би Европоос очсон монгол сэтгүүлчийн өнцгөөс америкийн монголчуудаа ажиглан байсан байх. Гэвч цаг өнгөрөөгүй тэдний халуун дулаан харьцаа, чин сэтгэлийн баяр догдлол намайг уусган авсан. Коламбад зочин судлаачаар ажиллаж байсан Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн багш доктор Сугармаа, Нью-Жерсийн балетын бүжигчин Түвшин, НҮБ-ын ажилтан Батдолгор, Уянгаа, түүний ээж Бадармаа гуай, үеийн бүсгүй Чинчулуун гээд л америкт амжилттай яваа улсуудтай дотно сайхан танилцлаа. Үдэшлэг дээр залуучуудад хандаж Отгоо, “Хүсэл мөрөөдлөө уйгагүй хөдөлмөртэй хослуулвал монгол залууст дэлхийн хаалга нээлттэй“ гэж хэлсэн. Тийм шүү. Бид хий мөрөөдөх биш харин хүсэл мөрөөдөлдөө цаг гаргаж, тууштай байж, бэрхшээлээс хойш суухгүй хөдөлмөрлөх чадварыг өөртөө суулгах нь улсын маань хөгжилд ус агаар мэт чухал.

Коламбын Их Сургууль нь Америкийн хамгийн эртний Их Сургуулиудын нэг. 1754 онд Их Британийн 2-р Жорж хааны зарлигаар үүсгэн байгуулагджээ. Америкчууд тусгаар тогтнолоо олж аваагүй байж. 12 жилийн дараа тусгаар тогтнолын дайны учир хичээл нь 8 жилээр тасалдаж байсан байна. Одоо 24 мянган оюутантай, номын сандаа 9,3 сая номтой. Америкийн 34 дэх ерөнхийлөгч Эйзенхауэр, одоогийн ерөнхийлөгч Обама, америкийн анхны эмэгтэй төрийн нарийн бичгийн дарга асан Мэдлин Олбрайт зэрэг дэлхийн түүхэнд нэрээ мөнхжүүлсэн олон хүн энэ сургуулийн төгсөгчид. Коламбийн Их Сургуулийн төгсөгчдөөс 72 хүн Нобелийн шагнал авсан байна.

Америкаас уригдаж манайд хичээл орж байсан профессор Пенн хэлж байсан, “Америкууд шинжлэх ухааны судалгаа шинжилгээний ажилд асар их мөнгө зардаг“ гэж. Энэ яриа юунаас үүдсэн гэхлээр, манай семинарын  өрөө наран талдаа цонхтой, дээр нь тэр өдөр маш халуун. Бид ч тэсээд л сууж байгаа юм чинь. Гэтэл Пенний нүүр улайж, хөлс нь цутгаад, цамц нь нороод эхэлсний дараагаар семинарын өрөөнд агааржуулах сэнс байхгүй байгаад бухимдаж, хичээлээсээ өөр сэдэв рүү орсон нь бидэнд сонирхолтой байж билээ. Америкууд боловсролд мөнгө оруулахдаа судалгаа шинжилгээний зардлыг сурах, шинжлэх орчинтой нь хамруулж тооцдог тухай тэр хэлж байсан юм. Нээрэн ч Коламбын Их Сургуулийн номын санд орсон даруй надад Пенн багшийн яриа санаанд орж билээ. Тийм их номтой, дээр нь номын сан өөрөө ердөө л хааны ордон. Оюутнууд мэдээж энд жинхэнэ эзэд нь. Энэ сургуулийн төгсөгчдийн мэргэжлийнхээ дагуу ажил хөдөлмөр эрхлэлт өндөр хувьтай байдаг нь ч аргагүй биз. Үүгээрээ бахархах нь ч зүй ёсны хэрэг.

Коламбын Их Сургуулийн ерөнхийлөгч Low 1895 онд уг номын сангийн (Low Memorial Library) барилгыг аавынхаа дурсгалд зориулж бариулжээ. Хувиасаа 1 сая доллар гаргасан байна. Low Library 1987 онд америкийн үндэсний түүхийн содон бүтээлүүдийн нэгд бүртгэгдсэн. Бас нэг хэвлэлийн магнат мөн сургуульд 1902 онд их мөнгө хандивлаж түүгээр нь сэтгүүл зүйн салбарыг шинээр байгуулжээ. Тэр хүний нэрэмжит энэ салбарын шагнал бий болгосон. Одоо энэ нь америкт төдийгүй дэлхийд нэр хүндтэй сэтгүүл зүйн шагнал болсон байх юм. Манай үндэсний хөрөнгөтнүүд энэ мэтчилэн шинжлэх ухаан, боловсролыг дэмжиж хөрөнгө оруулаасай. Жишээ нь, Сайхансамбуу гуай бизнесийн салбарын сургуульд, Мянганбаяр гуай геологийн салбарт хөрөнгө оруулж монголын боловсролын түүхэнд үлдэх юм хийчихээд өөрийнхөө нэрээр салбарын шагналыг бий болгож болно шүү дээ.

Эх орондоо хэрэгтэй шилдэг боловсон хүчин болохыг хүсээд уйгагүй хөдөлмөрлөвөл, монгол залууст олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Коламб, Харвард, Оксфорд зэрэг алдартай, хангамж сайтай сургуулиудад сурах боломж байна, энэ нь хоосон мөрөөдөл биш болж. Дэлхий “хавтгай“ болж гэдгийг эдгээр сургуулиудийг төгсөөд амжилттай ажиллаж байгаа хүмүүсийн жишээ харуулж байна. Мэдээж төлбөр нь өндөр, жилийн 20 гаруй мянган доллар боловч эдгээр сургуулиуд янз бүрийн тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг авах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг, ийм боломж олгодог онцлогтой.

Отгоогийн эрдмийн “ноу-хау“ (know-how) буюу хэрхэн суралцсан тухай, мөн хэрхэн мөнгө босгож чадав зэргээс цухас дурдахад, тэрээр улсаас тэтгэлэг гэж ердөө 48 мянган доллар авсан, энэ нь хоёр жилийн зардалд элбэг хүрэх мөнгө биш, учир нь сургалтын төлбөр бол байр, хоол зэрэг амьжиргааны зардлаас тусдаа. Гэтэл тэр 5 жил суралцсан гэж бодохоор зөвхөн жил бүрийн сургалтын төлбөрөөс нь л нийт хэдий хэр мөнгө олж босгосныг бид бүдүүн тоймоор багцаалж байгаа. Энэ хугацаанд Отгоо дээр бичсэн олон төслүүдээс гадна, Коламбын Их Сургуульдаа оюутнуудад хичээл заан, мөн сургуулийнхаа номын санд ажиллаж улмаар төрөл бүрийн тэтгэлэг олгодог газруудаас санхүүгийн дэмжлэг авсан билээ. Эдгээрийн хажуугаар сургуулийн насны хоёр хүүхдийнхээ хоол ундыг хийх, хичээл номыг шалгах, эцэг эхийн хуралд суух зэрэг ажлууд ар араасаа хөвөрнө. Эр нөхөр Энх-амгалангийнх нь тусыг энд бичихэд үг багадаж магадгүй юм. “Миний амжилттай яваа нь манай гэр бүлийн хамтын хөдөлмөрийн үр дүн шүү“ гэж Отгоо хэлдэг. Хоногт хэдэн цаг унтдаг байв гэж асуухад, “ 5 цаг “ хэмээн секунд бодолгүй хариулж билээ. Түүний эрдмийн “ноу- хау“-г энгийнээр илэрхийлье. Тэр зорилготой. Түүнийхээ төлөө нойр хоолоо хасч хөдөлмөрлөсөн.

3.    3. Хэзээ ч унтдаггүй хот буюу өдрийн 24 цагийн төлөвлөлт

Нью-Йорк нь хэзээ ч унтддаггүй хот (The City That Never Sleeps) гэгддэг. Хотод шөнийн амьдрал буцлах  ба гэрэл чийдэнгүүд өдөр шөнөгүй гялалзаж, дуу хөгжим машин тэрэг хангинаж, метро нь гэхэд л 24 цагаар явна. Европоос тэс өөр юм, ялангуяа Германы том хотуудад 24 цагийн дэлгүүр тоотой цөөн, мэр сэр ажилладаг шөнийн баар, деског эс тооцвол. Манай Карлсрүэ хот тодорхой хэмжээгээр өдөр оройдоо түм нь түчигнэж, бум нь бужигнаж байдаг ч шөнө болуут нам гүм, төвөөс бусад хэсгээрээ хав харанхуй болчихдог. Германы бүх юм цаг нартай, автуус метро нь хүртэл минут минутын хуваарьтай, түүний дагуу л яс явна. Иймээс германд амьдарч буй хүмүүс цаг барихдаа гаргууд болдог. Харин Нью-Йоркт бол хувь хүний сахилга бат, хувийн зохион байгуулалт, цагийн менежмент илүү хэмжээгээр шаардагдах юм уу даа гэж бодогдсон. Ялангуяа шинээр ирж буй залуус их хотын шөнийн амьдралд хөл алдвал өнгөрч байгаа нь тэр дээ. Энэ зун Улаанбаатарт байхдаа, хөдөөний оюутнууд илүүтэй архи тамхи, зугаа цэнгэлд донтож байгаа тухай нэг эрдэмтний зурагтаар ярьж байгааг сонсоод харамсаж байв. Амжилт гаргаад, манлайлаад явж байгаа хүмүүсийн гол ялгаа нь хэн нь өдрийн 24 цагаа сайн хувиарлаж байгаад оршино. Их хотын нүсэр хөл хөдөлгөөний цаана их бизнес явж байдаг, үүнд залуус өртөж золиос болох ёсгүй юм.

Нью-Йорк нь дэлхийн худалдаа, санхүү, соёл урлаг, улс төрд хүчтэй нөлөөтэй хот. Нэгдсэн Үндэсний Байгууллагын Төв байр энд байрладаг. 8,4 сая хүн амтай тус хот нь АНУ-д хүн амын нягтшилаараа тэргүүлдэг. Өндөр байшингуудаараа цуутай. Бронкс, Брүклин, Манхэттэн, Квинз, Стэйтен арал гэсэн таван дүүрэгтэй. Ноднин 2009 онд Нью-Йорк хот үүсгэн байгуулагдсаныхаа 400 жилийн ойг тэмдэглэсэн. Холландын далайчин Хенри Хадсон 1609 оны 4-р сард Амстердамаас Ази руу аялахаар гарсан гэж байгаа. Гэтэл тэрээр мөн оны 9-р сарын 11-нд зорьж гарсан тивдээ биш одоогийн Нью-Йоркийн Манхэттэн арал дээр газардсан аж. Нью-Йоркийн түүх чухам энэ хүний нэртэй салшгүй холбоотой. Чухам энэ өдөр буюу 9 дүгээр сарын 11-нд Дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхаг хаанахын ч юм халдлагад өртөн үгүй болсон нь учиртай биз.

Одоо бол Нью-Йоркийн хамгийн өндөр байшин нь Эмпайр Стейт Билдинг. 102 давхар. 1931 онд нээлтээ хийсэн. Хотыг нийтэд нь энэхүү барилгын дээрээс сайн гэгч нь харж болно. Бид бусад жуулчдын хамт хурдны шатаар 86 дугаар давхарт нэг минутанд гарчихав. Зориулалтын талбайгаас доош харахад гудамж, гүүр, байшингууд гээд бүх юм алган дээр буй мэт. Харин тусгай цахилгаан шатаар 102 дугаар давхарт гарч харахад доор явж буй машин шүдэнзний модноос жижигхэн. 1933 онд “Кинг Конг“ киноны зураг авалтыг энэ дээвэр дээр хийсэн гэсэн. Аварга том горилла сармагчин сөнөөгч онгоцуудтай тулалддаг хэсгийг та санаж байгаа байх. Түүнээс хойш Холливудын олон арван киноны үйл явдал энд өрнөх болсон. 1945 онд америкийн агаарын цэргийн онгоц удирдлагын алдаанаас өтгөн мананд төөрч 78 дугаар давхрыг мөргөхөд онгоцны нэг хөдөлгүүр цамхагийг сэтэлж хажуугийн байшингийн дээвэр дээр унажээ. Ослын улмаас дэгдсэн түймрийг дөчөөд минутын дараа унтраасан байна. Түүнээс хойш хоёр ч удаа түймэрт өртжээ.

Жилийн бүх өдрүүдэд жуулчид пиг байдаг тэнгэр баганадсан энэ байшин хэдийгээр “мөнгөний уурхай“ мэт санагдах боловч түүнийг сэргээн засварлах ажил, арчилгаанд мөн л их мөнгө шаардагддаг бололтой. Өнгөрсөн он жилүүдэд нийт 100 сая доллар зарцуулсан байна. АНУ 50 муж улстай, тэдний нэгийн нэр Нью-Йорк муж улс. Нью-Йорк хот тус муж улсын хамгийн том хот нь юм. Адил нэртэй учир хооронд нь андуурах явдал байдаг. Нью-Йорк муж улс албан бусаар Эмпайр Стейт буюу эзэнт гүрний муж улс гэгддэг. Энэ нэрнээс гулгуулж үзмэр болсон тус байшинг Эмпайр Стейт Билдинг гэж нэрлэсэн түүхтэй. 1986 онд Эмпайр Стейт Билдинг АНУ-ын Үндэсний Түүх Дурсгалын цогцолборын нэгд албар ёсоор бүртгэгдсэн байна.

Өндөрт гарч хийморио сэргээсэн бид хэд Нью-Йоркийн аялал жуулчлалын үзэсгэлэнт газруудын тухай ярилцсаар бууцгаасан. Отгоо хэлж байсан; олон ч хүмүүс тэднийд зочилж, тэр бүгдэд газарчилж хэлмэрчилж, заримдаа зугаалж ч явахдаа ямагт хийж буй эрдэм шинжилгээний ажил, судалж буй материалууд нь толгойд нь эргэлдэж байсан гэж. Харин бурханы хишгээр, би түүний ажлаа хамгаалаад сэтгэл санаа нь тайвширсан, амарч, алжаалаа тайлах тэр хэд хоногт нь тохиож очсон болохоор хоёулаа Москвад байсан үеийнх шигээ музей театр орж, энд тэнд элдвийг үзэн зугаалж, үнэхээр дурсгалтай сайхан өдрүүдийг үдсээн.

4.     4. Дэлхийд цуутай Метрополитений урлагийн музей

Энэ том музейг нэг өдөрт үзнэ гэж юу байхав. Ямар ч байсан танилцуулгаас нь харж байгаад алдарт зураач Ван Гогын зурсан өөрийнх нь хөрөг зураг, наран цэцгийн зургууд мөн Пикассо, Матисс, Рембрандт, Рафаэлийн зургуудыг тогтож үзэв. Амьд сэрүүн үедээ нэг ч зургаа зарж үзээгүй Ван Гог ядуу зүдүү амьдрал, хувь заяандаа гутарч сэтгэцийн гүнзгий хямралд орон чихээ огтолж, амиа егүүтгэсэн гашуун түүхийг нь бодоод л харамсаж явав. Өнөөдөр Ван Гогийн зарим зураг 100 сая илүү доллараар үнэлэгдэж байгаа шүү дээ. Парисын Лувртай харьцуулах санаатай Египтийн үзвэрүүдийг нь үзэв. Луврийнх нь илүү баялаг  санагдсан шүү. Гэхдээ үзмэр, бүтээлүүдийг цаанаа хэдэн мянгаар нь хадгалж байдаг гэсэн, тэгэхлээр шууд дүгнэчихэж бас болохгүй юм даа. Тэрчлэн Ази, Африк, эртний Ромын хэсгүүдээр орлоо. Бүх бүтээл нь түүх өгүүлнэ. Энэхүү нүсэр музей нь Парисийн Лувр, Санкт Петербургийн Эрмитаж хоёроос том талбайтай гээд бод доо.

Нью-Йоркийн Метрополитений урлагийн музей 1872 онд байгуулагдсан. Жилд дунджаар 5 сая хүн үздэг. Хүн төрөлхтөний түүхэндээ хийж бүтээсэн урлагийн үе үеийн бүтээлүүдийг харахад үнэхээр агуу, агуу л гэж дуу алдмаар. Гэхдээ сэтгэлд тиймдүү санагдсан зүйл гэвэл; дэлхийн 2 дугаар дайны үеэр Европ дайны хөлд сүйрч музейнүүд нь эвдэрч, сэргээн засварлахад асар их мөнгө хэрэгтэй үед америкууд олон суут зургуудыг нь маш хямд үнээр худалдан авч байсан гэдэг. Одоо европчууд өөрсдийнхөө бүтээсэн тэдгээр шедеврүүддээ харамсаад нэмэргүй. Америкчууд сайн хадгалж, хамгаалж, хүмүүст хүргэж чадаж байна. Өөр юу гэхэв дээ.

Миний энэ өдрийн хөтчөөр явсан Нью-Йорк Хотын Их Сургуулийн оюутан Номиндоо эгч нь их баярлаж байгаа. Номин бид хоёр дараа нь Нью-Йорк дахь Монгол Улсын байнгын төлөөлөгчийн газар очиж сонирхсон. Нэг ажилтантай жаал ярилцав. Энэ байранд виз, гэрчилгээ олгох оффис, хурлын өрөөнүүдээс гадна 4-5 дипломатч гэр бүлийн хамт амьдардаг гэж байна лээ. Уг нь байшингийн дизайн гадна доторгүй давгүй юм. Гэвч гадна талынх нь будаг хуураад, бороо салхинд нүдүүлээд хуучирч гандсан харагдсан. Түүнийг шохойдоход уг нь их мөнгө орохгүй дээ. Арчилгаа байхгүй гэх үү, арчаа байхгүй гэх үү. Музейнүүд байрлах алдарт Central Park, Fifth avenue хавьд байгаа юм байна, улсаа төлөөлж байгаа юм чинь гадна талаа засаж янзлавал сайнсан.

Нью-Йорк хотыг дэлхийн урлагийн тэргүүлэх төв гэх нь аргагүй биз. Энд Метрополитений урлагийн музейгаас гадна гайхамшигтай музейнууд бишгүй бий. Орчин үеийн урлагийн Гүгенхаймын музей, Байгалийн түүхийн музей, дундад зууны үеийн цуглуулгатай Слойстерсийн музей, Дизайны үндэсний музей, Америкийн индианчуудын музей зэрэг 200 музей, 500 гаруй галерей, улирлын зуу, зуун үзэсгэлэн түүнчлэн алдарт Бродвейн байнгын ажиллагаатай 40 театр, Бродвейн гаднах 1500 театр гээд тоочоод байвал дуусахгүй дээ. Нью-Йоркоос орчин үеийн урлагийн чухал урсгал болох экспрессионизм мөн хөгжмийн хип хоп урсгал үүссэн. Хип хоп нь ядуучуудын хорооллын харуудаас угшилтай. Энэхүү үглэж дуулдаг хөгжмийн төрлийг 2006 онд Нью-Йорк хот өөрийнхөө Урлагийн Өвөөр бүртгэж авсан байна.

5.     5. Метрополитений Дуурийн Ордонд

Дэлхийн хамгийн алдартай дуурийн театр болох Метрополитений Дуурийн Ордонд нэгэн орой балет үзэв. La Bayadere хэмээх алдарт бүжгэн жүжгийн тухай өмнө нь сонсож байсан боловч ингээд үзчихнэ чинээ санаагүй. La Bayadere бүжгэн жүжгийг анх 1877 оны 2 дугаар сарын 4 –нд Санкт Петербургийн Их Театрт тавьж байж. Харин 1980 оны 5 дугаар сарын 20-нд Америкийн Балетын Театр анх Нью-Йоркт тоглосон байна. Отгоо бид хоёрт 30 жилийн ойн баярын тоглолтыг нь үзэх аз таарсан. Метрополитений Дуурийн Ордны тансаг гял цал байдал, тоглолт үзэхээр очиж буй хүмүүсийн өмсөж зүүсэн, биеэ авч яваа зэргээс л шууд өөр орчинд орсноо ухаарч гадаад ертөнцөөс тасарна даа. Олон ч лоожтой юм. Лоожуудад ихэд эрхэмсэг хүмүүс сууна. Нью-Йоркийн дээдсийн хүрээлэнгийнхэн зарим лоожийг хэдэн жилээр түрээслээд авчихдаг гэнэ лээ. Лоож үнэтэй байдаг нь нэгдүгээрт; хүмүүсээс тусдаа тухлаг, мөн өөрсдийнхөө гэр бүл, найз нөхдийг урьж болно, хоёрдугаарт; дуурь, балет бол хөгжмөөр л илэрхийлэгдэх урлаг, тэр хөгжим нь хамгийн түрүүнд ханаараа дамжиж хүрдэг байна. La Bayadere нь Энэтхэгийн язгууртнуудын хайр дурлал, атаа жөтөө, үзэн ядалт, өс хонзон, бурханы шүүлтийн тухай өгүүлнэ. Дорно зүгийн өнгө төрхийг илтгэх тайз, бүжигчдийн саатай, нимгэн гялтгар даашинз, тэдний үегүй юм шиг хөнгөн хөдөлгөөн, үйл явдлын өрнөл үзэгчдийг соронздон ховсдож, бараг л амьсгаа авахыг мартахаа шахуулна. Зүүдлээд ч байгаа юм шиг. Театрт зураг авах хориотой юм байна лээ, би тэссэнгүй хэд хэдэн зураг нууцаар авч амжсан, хожим харж байхад дурсгалтай юм даа. За завсарлагаанаар нөгөө баян тарган, мундаг хүмүүсийн дунд л хүссэн хүсээгүй ороод явчихсан. Тавцан дээр гарав. Усан оргилуурын гэрэлд нүд гялбана. Зарим нь зогсон, зарим нь зөөлөн буйданд тухалж ярилцана. Нью-Йоркийн тэр л дуу чимээ, их хотын нүргээн, их ажлын стресс ядаргаагаа тэд ингэж гаргаж, тархи, оюунаа цэнэглэдэгийг нь сайн гэгч нь мэдэрч авав.

Метрополитений Дуурийн Ордон 1880 онд үндэслэгдсэн. Одоо бол Линкольний төвд байрладаг. Бродвейн гудамжинд байсан хуучин байраа сэлгэж Манхеттэний баруун дээд дүүрэг рүү 1966 онд шилжжээ. 3900 хүний суудалтай. Цэвэр торго, тансар хилэнгээс бүтсэн театрийн хөшиг нь хэдэн зуун килограммын жинтэй гэнэ лээ. Үзэгчдийн танхимын ханыг улаан хүрэн хамба хилэнгээр бүрсэн нь сүрлэг, суудлууд нь зөөлөн, тухлаг.

6.     6. Хот нь өөрөө үзвэр

Нью-Йоркийн хаана нь ч тухалсан, үзвэр үзэж буй мэт сэтгэгдэл төрнө. Хүн гэдэг чинь хичнээн янз байдаг юм. Германд олон жил амьдарч цагаан арьстнууд голдуу харсаар нүд дасал болчихож. Харин энд төрөл бүрийн хүн байх, зүгээр л хүмүүсийг ажиглаад суухад л уйдаа гарахаар. zur3За тэгээд суурин америкжсан холимог үндэстнүүд ийм харагдаад байхад нөгөө НҮБ-ын хурал чуулган болохоор гишүүн 192 орных нь төлөөлөгчид, сэтгүүлчидтэйгээ шаваад хар, шар, цагаан, улаанаараа нийлээд найрал хөгжим шиг болдог байлгүй. Хүмүүс нь урлаг болж харагдахын зэрэгцээ тэнгэр баганадсан байшингууд нь бүгд хоорондоо өөр, бас урлаг болж таараад байна. Ялангуяа Манхэттэн. Зарим байшингийн оройг харах гэж “мост“ хийчих дөхнө. Ерөөсөө Нью- Йорк өөрөө хотын урлагийг дэлхийд гайхуулж байна шүү дээ. Алдарт “Times Square“ талбайн зар сурталчилгааны гэрэл чимэглэл элдэв өнгөөр анивчих нь содон. Өөрөөр хэлбэл бас л өөр. “Өөр“ байж “Тасархай“ байж л сая урлаг болдог ажээ.

Манхэттэн арал тэр чигтээ байшингуудаар л дүүрэн бас бишээ. Энд Төв Цэцэрлэгт хүрээлэн, Bryant парк, Хадсон голын эрэг дагуух Riverside парк зэрэг ногоон бүс олон бий. Хэдий Нью-Йорк дэлхийн үнэтэй хотуудын нэг боловч цэцэг ногоо алагласан энэ л амралтын хүрээлэнгүүдэд огт үнэ төлөхгүй амрах боломж бас бий. Bryant парк гол гол үзвэр үйлчилгээний ойролцоо байдаг болохоор хотын оршин суугчид төдийгүй жуулчдын тухлах дуртай газруудын нэг даруй аж. Энэ парк төвийн талбайгаа өвөл мөсөн гулгуурын талбай болгодог гэсэн. Бид ч мөн тэнд нэг удаа кофе ууж суунгаа жааз хөгжмийн үнэ төлбөргүй тоглолт үзэж сайхан амарчихаад хажууханд нь байх “Times Square“ луу явж билээ.

“Times Square“ талбайг New York Times сонины нэрээр нэрлэсэн юм билээ. 1904 оноос хойш энд шинэ оныг угтах уламжлал тогтсон гэж байсан. Бас Рокфеллер төвийн өмнө шинэ оноор цугладаг гэнэ лээ. Энд 1931 оноос хойш Зул Сарын Гацуур байрлуулж гэрлэн ёслол хийдэг болжээ. “Гэртээ ганцаараа“ киноны Кевин хүү ээжтэйгээ уулздаг хэсгийг тэрхүү гацуурын өмнө авсан аж. Биднийг очиход Рокфеллер төв дээр сонгуулийн сурталчилгаанд зориулсан поп рок концерт тоглож битүү хүн байсан. Талбайнх нь шатаар буудаг хэсэгт босоо хүлээн авалт болж улсууд хундага тулган харагдсан. Рокфеллерийн төвд АНУ- тай дипломат харилцаатай орон бүрийн төрийн далбааг мандуулдаг байна. Манай улс 1987 онд АНУ-тай дипломат харилцаа тогтоосноос хойш далбааг маань мөн мандуулжээ. Олон орны далбаа дундаас монголынхоо далбааг олж очин дэргэд нь жаал зогсов доо. Сэтгэлд дулаахан. Гадаа ч өдрийн бүгчим халуун намдаад намуухан.

Нью-Йоркийн цаг агаар Сөүлтэй төстэй санагдсан. Хурц нартай мөртөө нил хийсэн чийгтэй агаар дээрээс дараад байх шиг. Тиймээс үйлчилгээний газрууд нь хүйтэн сэнс үлээлгэнэ, зарим газар бүр янзтай үлээлгэнэ дээ. Хэдэн өдөр хотоор явсан бид нэг удаа далай руу гараад л давхиж өгсөн. Амгаа найз маань машинтайгаа Нью-Йоркийн төвөөр зүгээр л сүлжчих юмаа.

Онгоцоо усан дээр зөөлөн буулгаж олон хүний амийг аварч байсан нисгэгчийн тухай, Таймс Сквер дээр бөмбөг дэлбэлэх гэж байсан Пакистан эр, 90-ээд оноос хойш Нью-Йоркт гэмт хэргийн тоо эрс буурсан тухай, Брүклин гүүрээр гарах үеэрээ “Sex and the Sity“ киноны гол дүрийн хүүхний энэ гүүрээр хайрттайгаа алхаж байдаг хэсгийн тухай гэх мэт элдвийн сэдвээр ярилцсаар нэг мэдсэн Брүклин дүүрэгт байх Brighton Beach рүү хүрээд ирэв. Харууд, хулгай дээрэм, ядуу гучуу улсуудад зориулсан хотын өмчийн байр ихтэй гэх Бронкс дүүргээс бол Брайтн Бич цаг гаруйн зайтай гэнэ лээ. Бид бол Манхэттний төвөөс ирж байна гэсэн үг. Нью-Йоркт олон эрэг байдаг ч манайхан хол гэж түүртэлгүй Брайтн бич рүү нь очих дуртай, орос хороолол, түүнээ дагасан орос дэлгүүр, үйлчилгээний газрууд их байдаг болохоор тэр. Соц үеийнхний дуртай, одоо ч монгол даяараа амтархдаг баавгайтай чихэр, зефир, шпрот, хар талх энэ тэрээ авдаг гэж байгаа. Нөгөөдүүлээ америк маягийн том аягатай мөстэй кофе, колатай хослуулаад л эрэг дээр нь аваад очдог гэх.

Брайтн Эрэг 3 км орчим үргэлжилдэг, эргээсээ 200 гаруй метр зайд явган хүний модон өргөвтөр замтай, түүнээ дагуулаад модон сандлууд тавьсан байв. Бид гутлаа тайлаад эрэг рүү яваад эхэлтэл наранд халчихсан элс гишгүүлэх юм биш, хөлөө түлчихгүй санаатай дээр дээр харайгаад л гүйлдлээ. Зах хязгааргүй далайн ус цэнхэртэнэ. Орчноос өөрийгөө салгаад бүр эцэс рүү нь ширтээд л зогсоод байтал далайн ус, тэнгэртэй нийлсэн хэсгээрээ хөхрөөд баахан сүнснүүд хөвөөд ч байх шиг. Гэтэл гэнэт ус хуйларч, хүчтэй түрлэгэнд нь саваад уначих шахав. Арай хойшоо буцах үед ус эргээд татарч байна. Аяа байгалийн гайхамшиг! Далайн усны түрж, татахыг мэдэрч баахан гүйлээ. Отгоо, Сугараа бид гурав бүр дээш дээш үсэрч зургаа авахуулав. Үүндээ баясаж баахан инээлдлээ. Эрэг дагуу усаар түрэгдэн гарч ирсэн дун, хясааны үй түмэн хуяг, дуулгууд байх. Түүнээс дурсгал болгож хэдийг авав. Байгаль ээжийн сайхныг мэдэрч, цээжээ тэнийтэл амьсгаа авч, эрх дураараа байсныг хэлэх үү их л сайхав амрав. Сэтгэл сэргэж, баяр бялхав.

7.     7. Эрх чөлөөний хатагтай

Эрх чөлөөний арал руу очих усан онгоцны дээд давхарт гарав. Онгоц эргээс холдох тусам Манхэттэн хол мөртөө ойр, ойр мөртөө хол юм шиг дунайртаад сүртэй харагдах юм. Зорьж очих энэ л жижиг арал дээр дэлхийн хүн бүрийн мэдэх, үгүй дээ л зурагтаар харсан эрх чөлөөний хөшөө сүндэрлэдэг.

zur4Эрх чөлөөний хатагтай гэж алдаршсан эрх чөлөөний хөшөө(Statue of Liberty) нь Нью-Йоркийн төдийгүй америкийн гол бэлгэ тэмдэг юм. Тэргүүн дээрээ титэмтэй, баруун гартаа бамбар барьж өргөн, зүүн гартаа тунхаг барьсан цоглог эмэгтэйн дүр бүхий аварга том хөшөөг Америкийн тусгаар тогтнолын 100 жилийн ойн баярт зориулан францын ард түмэн бэлэглэжээ. Гэхдээ бамбар барьсан гараас бусдыг нь хийж амжихгүй байсаар 10 жилийн дараа 1886 онд гүйцээгээд 350 хэсэг болгон хувааж 214 хайрцагт хийн усан онгоцоор тээвэрлэсэн гэдэг. Хөшөөний гадна талын зэс нь исэлдэж ногоон өнгөтэй болж. Нью-Йоркийн монголчууд ногоон хатагтай гэдэг юм билээ.

Хөшөө тийш очих ардын зам баларсангүй гэдэг шиг онгоц руу орохын өмнө зүсэн бүрээрээ алаглах жуулчдын цуваанд нэгдэж ихэд удаан зогссон. Ер нь Нью-Йоркт байхгүй үндэстэн гэж байдаг болов уу? Тэд чинь бүгд нөхөр биш, зарим нь америкийн эсрэг үйл ажиллагаа явуулна шүү дээ. Саяхан оросын тагнуулууд баригдаж баахан шуугиулав. Усан онгоц руу орох гэж нисэх гэж байгаа юм шиг шалгуулсан. Гутал тайлуулаад л, ууж яваа ус оруулахгүй хяналтын систем нь зарим орны хилээр орж гарахаас чанга юм. Их эрх чөлөө, Их боломж, Их эд баялаг энэ бүгд Их үнээр олдож таараа л даа.

Эрх чөлөөтэй байна гэдэг нь хуулиа сайн барьж, хуулийн хүрээнд амьрал нь баталгаатай байхыг л хэлнэ. Үүгээрээ америкчууд туйлын бахархдаг. За бас германчууд ч үүгээрээ бахархана шүү дээ. Манайхан шиг дээр дооргүй хуулиа зөрчиж, хэн танхай, хэн мөнгөтэй нь балмад загнадаг газар эрх чөлөө байна гэх үү? Ямартаа л “хууль гэж гууль“ гэдэг хэллэг байхав дээ.

Миний бодлоор эрх чөлөөний хөшөө бол ганц  америкийн ч биш, дэлхийн улсуудын ардчилал, эрх чөлөөний бэлгэ тэмдэг. Ийшээ ирж үзэхэд 12 доллар, бас дурсгал болгон түлхүүрийн оосор, ил захидал гэх мэт зүйлийг ойр дотныхондоо авч хөөрхөн мөнгө гарч байгаа юм. Гэхдээ зүгээр. Гаргасан жаахан мөнгөнөөс илүү сэтгэлийн гэгээ өгч байгаа юм.

Энэ л эрх чөлөөний орон, ЗХУ задраад биднийг гэх хүнгүй болох үед эргэлзэхгүйгээр манай улстай дипломат харилцаа тогтоосон. Бүр хэцүүдээд хариугүй унах нь шүү гээд манай Бямбасүрэн сайдыг яваад очиход 10 сая доллар өгч аварч байсан. Хүнд хэцүү үед биднийг ганцаардуулаагүй ийм л ард түмэн. Гэхдээ бид нэг орныг гуравдагч хөрш гэж үзээд хэрэггүй л дээ. Бусдад найдахгүйгээр хөгжлийн хараат бус, зөв гарцыг хэрсүү сонгож, өндөр хөгжилтэй орнууд, олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудыг цогцоор нь гуравдагч хөрш болгох учиртай.

Буцахдаа Отгоо бид хоёр андуурч өөр онгоцонд суучихсан байсан, тэр нь нөгөө “Загалмайлсан Эцэг“ кинон дээр гардаг цагаачид бүртгэдэг жижиг арал дээр очоод Нью Жерси орж байгаа юм. Бид хоёр яасан биш завшив гэгчээр нэгэн гайхалтай хурим болж байхыг харж, музей болсон бүртгэлийн байшинг сонирхоод дахин өөр онгоцонд сууж Манхэттэнд анх сууснаасаа өөр буудалд ирлээ. Энэ буудал дэлхийн эдийн засгийн ланжгаруудын цугладаг Wall street гудамжны ойролцоо байв. Ихэр өндрийн ормыг үзчихээд алхаж байтал нарийхан гудамж руу л яваад орчихсон. Дэлхийн үнэт цаасны хамгийн том Хөрөнгийн бирж(NYSE) энд байдаг аж. Энэ биржийг оршдог гудамжаар нь Волл Стрийт ч гэж нэрлэдэг. Шалгуур ихтэй, нэр хүндтэй, маш найдвартай энэ биржид үнэт цаасаа арилжихын тулд тухайн компани доод тал нь 500 сая долларын бэлэн мөнгөний эргэлттэй байх ёстой гэнэ. Германаас л лав Даймлер, Сименс, Дойче Телеком зэрэг 9 компани бүртгэлтэй юм байна лээ. Волл Стрийтийн онцлог нь дуудлагын худалдаагаар арилжаагаа явуулдаг байна.

Албан газрын ажил тарах цаг. Цагаан цамц, хар банзал, гонжоом пиджактэй ажил хэрэгч хүүхэн, залуус жагсаж байгаа юм шиг л ар араасаа цувчихсан. Өөртөө итгэлтэй, толгой өндөр, хараа цэх тэднийг харахад бахадмаар, тэд л улсынхаа, компанийхаа төлөө мөнгө босгох гээд л Нью-Йоркийн цуут хөрөнгийн бирж дээр үзэлцдэг байлгүй. Зарим нь явуут дундаа гартаа бэлэн барьсан нэг доллараар замд зогсох хүмүүсээс гурван ширхэгээр нь савласан банана авч харагдана лээ. Ажил тарж яваа болохоор өлсөө байлгүй. Нэг доллараа бэлтгээд явж байхыг бодоход энэ дүр зураг байнга давтагддаг байх.

8.     8. Цагаан ордон ба Бо

Нью-Йоркийн China town буюу хятад хорооллоос Вашинтоны чайна таун хүртэл том оврын автуусаар 4 цаг явав. Лондон, Сидней, Йокохама гэх мэт дэлхийн Чайна таун бүрд байдаг үзэмжит хээ бүхий хятад хаалганы ойролцоо буулаа. Нью-Йоркийн Чайна тауныг бодоход Вашингтоных жижиг, илүү цэвэрхэн юм. Нэгэн хоолны газар оров. Хятад хоол амтлах зуураа нийслэлийг үзэх нэг өдрийн аялалаа төлөвлөв. Тэгээд цагаан ордноос эхлэхээр шийдэн Чайна Таунаас Цагаан ордон руу явахаар метронд суулаа.

АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны санаачлагаар бариулсан цагаан ордонд америкийн ерөнхийлөгчийн ажлын байр, амьдрах өргөө нь нэг дор байдаг онцлогтой. Цагаан ордон америкийн 43 ерөнхийлөгчийн 200 гаруй жилийн түүх өгүүлнэ. Хоёр дахь ерөнхийлөгч Адамс анх 1800 онд гэр бүлийнхээ хамтаар чийгтэй хүйтэн ордонд нүүж иржээ. Угаасан юмаа хатаах гэж бөөн юм болдог байсан гэдэг. Гурав дахь ерөнхийлөгч нь францаас эд хогшил авчруулж байж. Одоо энэхүү өргөөний эзэд Обамагийнхан. Ордны дээгүүр онгоц нисэх хориотой. Дээвэр дээгүүр нь холын дурантай мэргэн буучид суудаг. Гэх мэтээр түүх өрнөнө.

Урд талыг нь үзэж зураг хөргийг нь авчихаад, ар талаас нь харахаар явав. Замдаа нутгийн бүсгүйчүүдтэй дайралдаж мэнд усаа мэдэлцээд, тэр хавийн хөшөө, тэргүүн хатагтайн ивээлийн дор чимэглэдэг зул сарын мод, дурсгалын самбар сонирхон аажуу уужуу алхсаар иртэл улсууд Бо, Бо гэж шуугилдаад сүйд майд. Зургийн аппаратууд гялс гялс хийж, шаг шаг дуугараад. Лавлуулж харвал нөгөө хэвлэлээр танил болсон Обама ерөнхийлөгчийн хар нохой гаднаа тоглож байлаа. Биеийн тамирын цайвар хувцастай Обаматай тун төстэй хүн тоглуулж байв даа. Бүр гайхаж байгаа юм чинь. Ингээд хашаан дотор харуул хамгаалалтгүй ил байж байдаг. Дараа нь харин авсан зургаасаа татаад хартал нууц албаныхан цаана нь харагдана лээ. Зургууд дээр Богийн цагаан хөл нь хүртэл гарсан байсан, хөөрхөн.

9.     9. “Би мөрөөдөж байна“

Энэ 3 үг одоо ч хүмүүсийн чихэнд цууриатдаг. Иргэний эрхийн хөдөлгөөний нэрт удирдагч Мартин Лютер Кингийн алдарт “Би мөрөөдөж байна“ хэмээх үгээ хэлсэн Линкольны цогцолбор Вашингтоны дурсгалын хөшөөнөөс холгүй. 63 оны зун энд 200 гаруй мянган хүн жагсаж ардчилал, шударга ёсыг дэмжин уухай хашгирч байж. Энэхүү цуглааны дараагаар Америкийн конгресс 1964 онд арьс өнгөөр салган тусгаарлахыг дуусгавар болгох, 1965 онд хар арьст хүмүүсийн сонгох эрхийн тухай чухал хуулиудыг баталсан билээ.

Линкольны дурсгалын цогцолборыг 1922 онд барьж дуусгажээ. АНУ- ын 16 дах ерөнхийлөгч(1861-1865) Линкольн боолын ёсыг халж, иргэний дайны хөлд тарж бутраад байсан улсаа эмхлэн байгуулсан гавьяатай.

Анхны ерөнхийлөгч Вашингтоны дурсгалын хөшөөг хүмүүс хэлбэрээс нь үүдэж “харандаа“ гэх юм билээ. Энэ хөшөөг тойруулаад америкийн 50 муж улсын далбааг мандуулсан байсан. Бас тойруулаад хөшөөнөөс арай зайтай сандлууд байх, битүү л жуулчид суух. Бүгд намуухан ярилцана. Гүн хүндэтгэл үзүүлж буй нь илэрхий. Эндээс хойшоо эгц харахад домогт Линкольны дурсгалын цогцолбор. Хэдэн багш баахан хүүхдүүдээ дагуулан тийшээ явж харагдав.

Амрах сандал дээр тухалж элдвийг л бодож сууваа. Линкольн, Мартин Лютер Кингийн хувь заяа төстэй юм даа гэж. Хоёул арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг тууштай тэмцэгч, америкийн үндэсний баатар. Хоёул эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцсэнийхээ төлөө буудуулсан. Гэвч тэдний америкчуудад үлдээсэн өв дундаршгүй. Манайд чинь бидний үлгэр дуурайл болчихоор ямар баатар байдаг билээ гэж.  Байнаа. Зөндөө байна. Чингис хаан маань хөнжилдөө унтах завгүй хөнөөлдөн тэмцэж байж улсаа нэгтгэсэн. Цогт хун тайж маань эх орныхоо төлөө “ Цогт тайж үхэвч Монгол Улс мөнх“ гэж хэлээд амиа өгсөн. Гоймон баатар маань харийн булаан эзлэгчдийн эсрэг амь хайргүй тэмцэж туурга тусгаар улс байх нь дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ хэмээн уриалж байв. Эх орныхоо төлөө шоронд босоогоороо амь үрэгддэг  манлай баатар Дамдинсүрэн. За хамгийн сүүлийн үеийн баатар маань Бат-үүл. Бат-үүл баатар бол ардчилалын төлөө нэрт тэмцэгч. Гэхдээ хүүхдүүд Бат-үүл баатрын юу мөрөөдөж буйг, юуны төлөө тэмцдэгийг нь мэддэг болов уу? Зарим баатруудыг бүр мэдэх ч үгүй биз. Ирээдүй хойч үеийнхэндээ үе үеийн баатруудын тухай сайн таниулж, сурталчлах чухал юм даа. Энэ л бахархал дундаас хүүхэд залуус маань эх орноо хайрладаг хүн болон төлөвшиж улсаа хөгжүүлнэ дээ. Америкийн хамгийн сүүлийн үеийн баатар бол миний хувьд Обама. Энэ хүн хүмүүсийн төсөөлөөгүй тэр өндөрлөгт хүрч америк мөрөөдөл биелдэг гэдгийг харуулсан. Энэ хүн одоо дэлхийд ардчилалыг түгээхийн төлөө дэлхийн хамгийн өндөр байр сууриас уриалж байна. Энэ дэлхий дээр хүн л болж төрсөн бол хар, шар, цагаан байна уу хамаагүй бүгд л адил. Обама хүүхдүүдэд мөрөөдлөө ойлгуулсан, бүр харуулсан. Одоо олон сая хүүхдүүд Обама шиг хүн болохыг хүсч мөрөөдөж байгаа. Тэгэхлээр америк улам л хөгжиж, хүчирхэгжих нь гарцаагүй.

Вашингтон хотод Америкийн засаг захиргааны гол төвүүд оршдог. Мөн 180 улсын элчин сайдын яам, Дэлхийн Банк, Олон Улсын Валютын Сан зэрэг байгууллагууд байдаг. 500 гаруй мянган хүн амтай. АНУ- ын нийслэл энэ хот аль нэг муж улсад хамаарагдахгүй. Энэ нь бас нарийн учиртай юм билээ. Ардчилсан Намыг дэмжигчид голдуу энд амьдардаг, тийм болохоор Бүгд Найрамдахчууд энэ хавийг тусад нь муж болгоод сонгуульд нэг муж улсын саналыг бүхлээр нь алдаад байхыг хүсэхгүйгээс тэр гэнэ лээ. Вашингтоныг америкчууд Ди Си гэж нэрлэдэг. Ди Си нь District of Columbia гэсэн үгийн товчлол. Энэ нь өөрсдийгөө уянгалаг нэрлэж байсан уламжлалаас үүдэлтэй. Бидний монголчууд өөрсдийгөө морьтон ард, Чингисийн үр сад гэдэг шиг.

Дээшээгээ 169 м Вашингтоны гэрэлт хөшөөнөөс өндөр байшин барих хориотой. Тиймээс Вашингтон намхан барилгуудтай. Европжуу хот гэх юм уу даа. Харандаан хөшөөнөөс эгц урагш харахаар конгрессийн ордон харагдана. АНУ-ын Конгрессийн ордон Капитолын суурийг 1792 онд тавьж түүнээс хойш олон удаа засаж, өргөжүүлж 1962 онд одоогийн өнгө төрхөд оруулжээ. Нүсэр ордон юмаа. Америкийн түүх 1492 онд Америк тивийг нээснээс эхэлнэ. Өнгөрсөн хугацаанд америкчууд энэ дэлхийн хамгийн хүчирхэг гүрнийг үүсгэн байгуулсан. Ер нь америкчуудын хийж бүтээсэн томоохон бүтээн байгуулалт бүр үнэхээр гайхалтай. Дэлхийн их гүрэн, дэлхийн цагдаа улс ийм байх нь ч аргагүй биз. Гэхдээ түмэн бэрхшээлийг туулаагүй биш туулсан, туулаад ч явж байна. Дайсан ихтэй, ялангуяа Арабын ертөнцтэй янз янзаар үзэлцэж байна шүү дээ, бас хятадад жигтэйхэн их өртэй юм байна лээ. Том улсын бэрхшээл төдий хэмжээгээр том байдаг байлгүй.

Америкийн түүхийн үндэсний музейг цангаж байгаад ус харсан юм шиг л шумбаж үзлээ. Тэдний улс төр нийгэм, соёл урлаг, шинжлэх ухаан техникийн хөгжлийн түүх. Америкийн ард түмний туулж өнгөрүүлсэн түүх. Иймээс л Смитсонианы институтын баахан музейнуудаас үндэсний түүхийн музейг нь үзэхээр шийдсэн. Америкийн уугуул иргэд болох индианчуудын эдэлж хэрэглэж байсан зүйлс, Линкольны боолчлолоос чөлөөлөх тунхагаас авахуулаад Мохаммед Алийн боксийн бээлий, америкийн уугуул амьтан болох бизон, түүнчлэн хүйтэн дайны бэлгэ тэмдэг болсон Берлины хана гэх мэтээр музейн үзвэрүүд үргэлжлэнэ. Америкийн иргэний дайн, Вьетнамын дайны хэсгүүд, Японд атомын бөмбөг хаясан тэр л гашуун өдрүүдийн тухай, Хүйтэн дайны үеийн усанд шумбагч онгоцууд, Иракийн дайн зэрэг ер нь л дайны хэсгийн үзмэрүүд хамгийн эмгэнэлтэй санагдав.

АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өдөр тэргүүн хатагтай нарын өмссөн гоёлын даашинзуудыг музейд тавьжээ. Наана нь даашинз тус бүрийг баримлуудад хийж суурилуулаад арай арагшаа тэр үдшийн зургийг нь том хэмжээгээр байрлуулсан байв. Жаклин Кенниди, Варбара Буш, Хиллари Клинтон, Мишээл Обамагийн даашинзыг ойроос харж байгаадаа Отгоо бид хоёрын сэтгэл тун хангалуун. Тэнд байсан хүүхнүүд ч сэтгэгдэл нь өндөр байна харваас.

Үдэш нь Вашингтонд амьдрах гэр бүлийн найз Энхболдындоо зочилж халуун дотно ярьж сууцгаасан. Бид хоёрыг зоогийн газар урьж, дараагаар нь гэртээ дайлж, эрт ажилтайг нь бодоод такси аваад явчихъя гэж гуйсан боловч зүгээр ээ, санаа зоволтгүй гэсээр буцах автуус руу минь хүргэж өгсөн. Бага залуугийн найзууддаа баярласаар Нью-Йорк руу явах унаандаа орсон доо.  Найзууд маань сайхан амьдарч байна. Хүүхдүүд нь сурлага сайтай, том охин Жаргалмаа нь анги алгасан сурч байгаа юм билээ. Бас сэлүүрт завийн спортоор хичээллэдэг гэж байсан. Эр зориг шалгах спорт шүү дээ. Үнэхээр мундаг.

Вашингтонд 2000 гаруй харин Нью-Йоркт 200 гаруй монгол иргэн амьдардаг байна. Вашингтонд Нью-Йоркийг бодоход ажил гайгүй олддог аж. Эндхийн монголчууд наадмын баяраа давгүй хийдэг гэнэ лээ. Ноднингийн наадмын ёслолын ажиллагааг Монголоос АНУ-д суугаа элчин сайд Б. Бэхбат нээж, нэрт яруу найрагч Б. Ичинхорлоо хөтөлж, найраагүй 32 бөхийн барилдаан болж, дуу хуур, айраг хуушууртай сайхан нааджээ. Манайхны ихэнх нь чулууны үйлдвэр, машин засвар, барилгын засал чимэглэл, хими цэвэрлэгээ, хүүхэд асрах, захиалгаар хоол хүргэж өгөх зэрэг ажлуудыг  хийдэг гэнэ. Ажлууд хүнд хөнгөний хувьд ялгаатай ч хөдөлмөр хамгаалал, ажлын нөхцөл сайн гэдгийг хэлж байсаан.

10  10. Хойнох үг

Ирж л явж л байдаг их хөлд дасал болсон америк орныг орхиж, ирсэн замаараа сурсан дуугаа аялаад буцах өдөр. Шивэрч эхэлсэн бороо намдсангүй, харин ч бүүр ширүүн орж онгоцонд орсон биднийг багагүй хүлээлгэв. Эхлээд 30 минут гэж зарлаад, сүүлдээ нэг цагаар сунгав. Хүмүүс урдаа буй дэлгэцээр юу дуртайгаа сонгоод үзэж эхлэв. Би ч бас сонирхлоо. Кино гэхэд л 200 илүү лав байна, янз бүрийн шоу үзэж болж байна. Германы онгоцоор ирээд Америкийн онгоцоор буцаж байгаа юм. Нэг их ялгаа алга даа. Аль аль нь хүн бүрт дулаахан хучлага өгч байна. Үйлчлэгчид нь залуу ч хүн байх, ахимаг настай ч хүн байх.

Бороо ороод л байлаа. Харин яагаад ч юм бороо салхинд ер санаа зовсонгүй. Харин багадаа сонсож өссөн дуу дотроос эгшиглээд байх юм. “Намайг дуудаж сэрээсэн гэгээн өглөө сайн байна уу“ гээд. Энэ аялалаараа сэтгэл санааны сэргэлт авсан болохоор хүүхдийн хөөрхөн дуу санаанд оров уу. Отгоо Амгаа хоёрын хүү Ананд энэ дууг аялж байсан нь үлдээ юм болов уу. Аль аль нь байж магадгүй юм даа.

Анандын сургууль дээр очсон. Үүдэндээ, буу зэвсэг агссан цагдаагийн хамгаалалттай, цэвэрхэн саруулхан анги танхимуудтай юм. Ийм хамгаалалт Нью-Йоркийн сургууль бүрд байдаг гэсэн.  Америкт удаж буй ч тэдний хоёр хүүхэд монголоороо цэвэрхэн ярих юм. Үүнд ихэд олзуурхав. Амгаа маань нэг удаа амтат хуушуур, будаатай цай хийж өгсөн.  Монгол хоол ундаа идэж уусан бид хэдийн хөлс чийхраад мөн сайхан байж билээ. Монгол уламжлалаа гээгээгүй найзынхаа гэр бүлээр бахархаж байлаа. Хилийн чанадад төрсөн зарим хүүхдүүд эх хэлээрээ бүр “а“ байхгүй гүйж байдаг. Эмээ өвөөтэйгээ утсаар ярьж чадахгүй тэднийхээ сэтгэлийг зовоодог. Энэ бол даяаршиж буй монголчуудын том эмгэнэл. Харийн оронд амьдарч буй монголчууд маань чадалтай улсын төрийн бодлого, өөрсдийн өдөр тутмын амьдралын эргүүлэгт орж үр хүүхдийнхээ эх хэл, ёс заншлыг бүү алдагдуулаасай.

Хүнээр бол Америк ид хаваа гайхуулж яваа залуу. Мэдээж 400 гаруй жилийнхээ түүхэнд алдаа оноо, зовлон жаргал гээд хүний л үздэг бүгдийг үзээд явж буй улс. Бусад улсын дэргэд эдний түүх цомхон ч шинжлэх ухаан, техник, зэр зэвсгийн хувьд дэлхийн хамгийн хүчтэй улс. Хүн төрөлхтөний бүхий л үндэстний төлөөлөл энд үзэл суртлын аливаа нэгэн өрсөлдөөнгүй амьдарч байна, түүний төлөө дайтах шаардлага ч үгүй. Хэрвээ неандерталерууд буюу хүний хоёр дахь төрөл устаагүй байсан бол америкт ихээрээ байх байсан даа. Төсөөлөхөд сонин санагдаж байна. Хар, шар, цагаан, улаан, баян, ядуу байна уу хамаагүй америк иргэн бүрт тэгш үйлчилдэг үндэсний үнэт зүйл болсон хуультай тэд. Түүнийхээ дагуу эрх чөлөөт, ардчилсан нийгмийг байгуулсан ийм л улс.

Германы хүн амын 10 хувь нь гадаадынхан. Франкфурт, Берлин зэрэг том хотуудад бол 4 хүн тутмын нэг нь гадаад гэж байгаа. 2002 онд бөөн маргаан болж байж цагаачлалын хууль баталж байсан. Энэ хуулиараа мэргэжлийн хувьд чадвар өндөр ямар ч гадаадын хүн германд саадгүй орж ирэхийг  баталгаажуулсан. Өнөөдөр ч герман гадаадаас хүмүүс оруулах шаардлагатай. Учир нь төрөлт, нас баралт буюу нөхөн үржихүйн тэнцвэр алдагдсан, хөдөлмөрийн чадвартай хүмүүс нь хөгширч буй. Хэн тэдний тэтгэврийг бэлдэх вэ? Гадаадаас ирүүлсэн хүмүүсээ герман хэл, соёлд сургах тухай асуудал өнөөдөр энд хэвлэл мэдээллийн гол сэдвийн нэг болчихоод байна. Германы нутаг дэвсгэрт амьдарч буй хүмүүс паралель ертөнцөд амьдрах учиргүй тухай улс төрчид нь маргалдаж байна. Өөрөөр хэлбэл америк шиг цагаачлалын орон болох суурь нь энд бүрэлдээд байна. Энэ ганц Германы асуудал биш. Франц, Их Британи ч ялгаагүй. Тэгэхлээр ирээдүйд Европ ч гэсэн америк шиг олон үндэстний улс болох нь ээ.

За энэ үед нөгөө арабын орнууд америк, европчууд шиг ардчилалыг тунхаглаж амьдарвал дэлхийд маань энх тайван тогтоод сайхан болох байх даа. Ираны ерөнхийлөгч  Ахмадинежад НҮБ-ын өнгөрсөн сарын чуулган дээр “Хоёр ихрээ америк өөрсдөө нураасан“ гэж мэдэгдсэн байна лээ. Гаднаасаа бүү хэл дотроосоо америк их шүүмжлүүлнэ шүү дээ. Гэхдээ энэ бол ардчилсан оронд байх зүйл.  Тиймээс энэ тухай бичихийг түвдсэнгүй. Гагцхүү хүн төрөлхтөний хөгжлийн гол тулгуур болох учиртай ардчилсан нийгэм тэнд байгааг бодитоор хараад л түүнээ өгүүлж сууна даа. Өөрөөр хэлбэл хуулийн дагуу амьдрал буй тэр газар л жинхэнэ эрх чөлөө байдаг гэдгийг дахин хэлэх байна.

Намайг элдвийг тэмдэглэх зуур ширүүн бороо зогсож тэнгэр цэлмэв. Манай онгоц нисэхэд бэлэн болжээ. Хүмүүс ч тайвширч дуу шуу орцгоов. Би замд үзэх киногоо сонголоо. Германаас Америк хүртэлх аялал маань ийнхүү өндөрлөсөөн.

...

Аялж явах үедээ бичсэн тэмдэглэлүүдээ эвлүүлж баяжуулаад, буулгаж бичиж амжаагүй зүйлсээ хожим дурсах үед дахиад аялж буй мэт санагддаг юм байна. Аялал жуулчлалын үнэ цэнэ үүнд л оршдог байх даа.

Эх үүсвэр:www.saya-medee.com

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 5668

Бүлэг: Өгүүлэл

Жигүүрээ агуулан явах

Шуудангийн хайрцаг Ард түмэн цөхрөнгөө барна гэж хэзээч үгүй, худал Хуурмагт олон жил итгэсэн ч, хэзээ нэг цагт ухааран Гэгээрэх үедээ бүх хүсэл эрмэлзлэлээ бүтээдэг. Карл Маркс Зарим хүн, бид өнгөрсөнтэйгээ зууралдаад байвал хөгжин дэвжихгүй зөвхөн ирээдүйг л харах хэрэгтэй гэж ухварлан зүтгэх нь буй билээ. Гэвч сайтар мартагдсан зүйл өнөөгийн шинэ санаа байдаг гэдэг нь оргүй хоосон үг биш. Тэгээд ч үүх түүхээ эс гадарлан үл мэдэх аваас ойд төөрч хэсүүчлэх сармагчин мэт гэх. Энэ мэтээр нэг үгийг эргүүлдэн олныг нуршиж болох юм. Хөгжил дэвшилд хүрэхэд юу чухал бэ. Энэ ертөнцийн түмэн жаргалан гэгчээр, хөгжлийн түмэн янзын зам байх авч түүний дундаас иргэний бүртгэл их хувь дарах нь зүйн хэрэг. Баяр сайд нэгэнтээ төгөлдөршилт гэхийн сацуу, хүн бүрт 50 мянгыг тараах аваас ард,айл өрх бүгдээр сайн дураар гээгдэх хоцрох явдалгүйгээр хэн нь ажиллаж хэн нь тэжээлгэж байгаагаа сайн дураар бүртгүүлнэ гэж байсан билээ. Хэдийгээр тэр нь яг л мянгуужингийн үг мэт сонсдож байсан ч эдүгээ утга агуулгаараа бүрэн биш ч биелэлээ олж буйг бид нүдээр үзэж биеэр туулж байгаа. Энэ нь тэр үед, хэзээний мөнгө тараахыг яриангүй мэдэж, төлөвлөж байсныг илтгэнэ. Гэвч өөр бас нэг зам буй бөгөөд, бүтээж буй болгосоноороо хойшид ч үе үедээ үргэлжид хэрэглэгдэх шуудангийн хайрцаг билээ. Хэдийгээр цахим шуудан, хөдөлгөөнт холбоо, цахилгаан холбоо, харилцуур утас байх авч захидал нь энгийн агаад эд бүгдийн үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэх боломжтой. Манайханы гэр хороололын хаягыг олох гэдэг өвсөн дундаас зүү эрэхийн дайтай. Хэрвээ шуудангийн хайрцагтай байх аваас анхлан буух газартаа хүртэл замбараатай гудамж татаж, хашааны дугаар тов тодорхой байхсан. Хэн нэгэн хүн дүүрэг хороон дээрээ очиж дугаарлан зогсохын оронд захидлаар харьцвал цагт хэмнэлттэй биед нь амар. Мөн хот хөдөөнөөс илгээмж явуулах, сонин сэтгүүл захиалах, ямар нэг компани зар суртачилгаа тараах, хүмүүс хоорондоо захидлаар харьцах гээд их зүйлийг амжуулж болох ба энэ бүхнийг дагаад маш их ажлын байр гарах юм. „Цахилгааны тоолуур бичдэг хүмүүс маань айлын нохойд хөөгдөж, уруулан барин байж ажлаа хийдэг. Угтаа айлын жилийн дундаж хэрэглээг нь гаргаад сар бүрт хуваан төлүүлээд жилийн эцэст илүү дутуу төлөлтийг захидлаар илгээн мэдэгдэж илүүг нь буцааж олгох эс бөгөөс дараа жилийнхэд нь оруулан тооцох, дутууг нь төлүүлэн авбаас амар байхсан”. Үүнийг би хэдэн жилийн өмнө бичиж байсан бол энэ нь хөдөлгөөнт холбоогоор мэссэж бичих замаар нэгэнт гольдирлоо олжээ. Би л хувьдаа хотын замын хөдөлгөөн үргэлжид ийм засаг замбараагүй, хамаа намаагүй байна гэж бодохгүй байна. Давхар зам, талбай буй болж хүмүүсийн хөдөлгөөний соёл дээшлэхийн хирээр дүрмийн зөрчил багасна. Хэрвээ хэн нэг нь машинаа байрлуулах ёсгүй газар тавьсан бол торгуулийн хуудас бичээд цонх арчигчид нь хавчуулж орхино, торгууль төлөх шаардах хуудсыг шуудангаар гэрлүү нь илгээнэ. Жолооч дүрэм зөрчихөд замын цагдаа тэдэнтэй мөнгө төгрөгний хэрүүл хийж байхаар торгуулийн хуудас бичээд явуулчихна, машины дугаараар гэрийнхэнэ хаягыг тодорхойлох ба тогтоосон хугацаанд эс төлсөн тохиолдолд машины дугаарыг гудамжны камераар илрүүлэн журамлах хүртэл арга буй болох биз. Татвар бол бүртгэлтэй нягт холбоотой. Манай улсын хэд нь ажилтай хэд нь ажилгүйг мэдэхийн тулд хөдөлмөрийн насны бүх хүн татварын хуудастай болох хэрэгтэй ба жил бүрийн эхэнд хүн бүрт татварын хуудас шуудангаар тарааж, уг хүн ирэх жилд ажилласан цалин түүнд хамаарах татварыг ажил олгогчоор бөглүүлэн авна. Ийм татварын хуудасгүйгээр ямар ч газар ажиллаж чадахгүй бөгөөд түр ажил олгогч компани ч үүнийг бөглөнө. Энэ мэтчилэн байх аваас шуудангийн хайрцагнаас их хамааралтай болох тул, түр шилжилт хөдөлгөөнийг ч тодорхой мэдэж, хүний бүртгэл, мэдээлэлийн санд тодорхой болж гэмт хэрэгтэн ч гэшгих газаргүй болох юм. Хүний бүртгэлтэй холбоотой түүх сөхвөөс “ Чингис хаан татаар иргэнийг дауулан барж дууссаны хойно Татаарын Их-Чирэнгийн охид Есүй, Есүгэн хоёрыг хатан болгож Есүгэнийг хатаны зэрэгт суулгажээ, нэгэн өдөр хоёр хатны дунд унд ууж бүхийд Есүй ихэд шүүрс алдав. Үүнд Чинис хаан сэжиг авч, Боорч Мухулай ноёдыг урьж өгүүлсэн нь: Та хоёр энд цугалсан ардыг аймаг аймагаар болгоод өөр аймгийн хүн байх аваас төгсгөгтүн хэмээн зарлиг болгов.Тэгээд аймаг аймагаар ялгавал нэгэн залуу хүрмэл хүн аймгаас өөр байв. Чи юун хүн бэ ? гэж ауувал Татаарын Их-Чирэнгийн охин Есүйг авсан хүргэн билээ дайн дуусаж амирлав гэж сэтгэж олон ардын дунд танигдахгүй биз гэж санаж явлаа хэмээв. Энэ үгийг Чингис хаанд мэдүүлбэл хаан зарлиг болов. Тэр хүн хорт сэтгэл өвөрлөн ганцаар тэнсээр энд иржээ, тэр мэт этгээдийг хэдийний тэнхлэгт чацуулсан биш үү. Юунаас буцна, нүднээ ичнээ хийгтүн хэмээв. Түүнийг даруй мөхрүүлэв” гэж нууц товчоонд дурьдсан байх ажээ. Аравт зуут хэмээн аймаг болж байснаар хүн амын бүртгэл тэр цаг үед маш чухал байсны гэрч бөгөөд, харь дайсан, гэмт явдалтан хэн ч гэлээ шургалан орох нь үлгэрлэвээс зүү орохын ч арга үгүй байсаныг харуулж байна. Харин одоо хаяг нь үл мэдэгдэх компани, ажилтай ажилгүй нь мэдэгдэхгүй, хаана оршин суугаа нь ойлгомжгүй ард иргэд байгаа болохоор зайлшгүй цэгцлэх нь зүйтэй. Үүнд шуудангын хайрцаг бүхнийг зангидсан гол түлхүүр мэт санагдана. Иймээс энэ захиаг жигүүрээ агуулан явах хэмээн дугтуйлан довтолгов

  • Бичсэн Shagj
  • Үзсэн: 3394

Бүлэг: Өгүүлэл

Айн-Жалудын домог

Айн-Жалудын тулалдаанд эрсэдсэн монгол дайчдын дурсгалд
Б.Номинчимэд - Дурсахын учир

Одоогоос яг 750 жилийн өмнө 1260 оны 9 дүгээр сарын гурванд өнөөгийн Изриалын Назарет хотын баруун өмнөд хэсэгт, Палестиний хилийн ойролцоо байх Айн-Жалуд хэмээх газарт монголын багашиг арми Лалын ертөнцийн нэгдсэн армид бут цохигдон, хэдэн мянган монгол эрс, түүний дотор Их Монгол гүрний Найман аймгийн домог болсон баатар жанжин Хит Бух тэрхүү газарт үүрд нойрсожээ.

Ийнхүү бүтэн жарны туршид гудайж үзээгүй монгол цэргийн туг энд анх удаа гудайж, ялагдаж үзээгүй монгол дайчид энд анх удаа ялагдлын гашууныг амсчээ. Маш олон түүхчид Айн-Жалудын тулалдааныг анх удаа монголын түрэмгийлэлд няцаалт өгсөн, Лал, Арабын ертөнцийг аварсан түүхэн ач холбогдолтой тулалдаан хэмээн үнэлдэг нь үнэний хувьтай юм.
Чингис хаан Хорезмыг дайлж байхад өнөөгийн Афганистаны Бамаян мужид Шихихутагын удирдсан гурван түмэн цэрэг Желал-ад-Диний цэрэгт бут цохигдсоныг “монголчуудын анхны ялалдал” хэмээн зарим түүхчид тооцдог нь буруу. Учир юун гэвээс хэдийгээр Бамаянд Шихихутагийн цэрэг томоохон хохирол амссан ч энэ нь Хорезмийн дайнд үндсэн эргэлт болох хэмжээний үр дагавартай байж чадаагүй бөгөөд Бамаяны тулалдаан нь Монголын арми Хорезм, Ираныг байлдан дагуулах ерөнхий стратегийн зөвхөн нэг хэсэг нь байсан билээ. Бамаянд ялагдсанаар монголын арми зогсоогүй, харин ч Чингис хаан цохилтын хүчээ улам шаргуу, чанга болгож, биеэр цэрэг удирдан Желал-ад-Динийг мөшгөсөн Инд мөрний алдарт тулалдаанд түүнд сүүлчийн амин чухал цохилт өгсөн.

Харин Айн-Жалудад монголын баг цэрэг цохигдсоноор Арабын ертөнц бүхэлдээ, Мисир орон монголын довтолгооноос аврагдаж, түүхийн хүрд огт өөрөөр эргэж эхэлсэн гэж үзэж болох юм. Энэ тулалдааны дараа Мисир рүү чиглэсэн Монголчуудын довтолгооны чиглэл нугараад зогсохгүй Сири, Палестинийг бүхэлд нь алдаж, Евпрат мөрний зүүн эрэгт ухарч гарсан юм.
Түүхийн янз бүрийн эх сурвалжуудад Айн-Жалудад хоёр талаас учирсан цэргийн тоог харилцан ихээхэн зөрүүтэй бичиж тэмдэглэсэн байдаг. Араб, Персийн түүхчид ихэвчлэн хоёр талын хүчний харьцаа ойролцоо буюу тус бүрдээ 15 – 20 орчим мянган цэрэгтэй байсан гэдэг. Википедиа зэрэг лавлахуудад бол тус бүрдээ нэг түмэн цэрэгтэй байсан гэх. Монголчууд 20 000, мамлюк-түрэгүүд 25 000 байсан гэсэн тоо ч тааралдаж байсан.
Юутай ч Хит Бухийн арми багадаа 10 000, ихдээ 15 000 орчим байсан гэдэг дээр олонхи түүхчид ам нэгдсэн байна. Энэ түүхийг нарийвчлан судалсан Иерусалимын Еврейн Их сургуулийн профессор Рювен Амитай Хит Буха 12 000 цэрэгтэй байсан гэжээ.
Хүлэг хаан Сириэс буцахдаа Хит Бухад нэг түмэн цэрэг үлдээсэн гэх бөгөөд дээр нь Гүрж, Армений туслах цэрэг 1000 орчим, мөн монголчуудад дагаар орсон Сирийн Айюбидуудын цэргүүд, хунтайж Муса, Хасан нар цөөн тооны цэрэгтэйгээ хүч хавсарч байсан гэхээр дээрх тоо нэлээд бодитой болов уу.
Профессор Рювен Амитай Мамлюкийн султан Күтүз Киараас монголчуудыг тосон 12 000 цэрэгтэй гарсан гэжээ. Киарын Айюбид султаны мамлюк армийн хүч өмнө нь 12 000-аас хэтэрч байсангүй гэснийг үндэслэсэн бололтой. Гэвч энд зарим нэгэн хүчин зүйлийг тооцож үзэх хэрэгтэй юм. Монголчууд 1259 онд Багдадыг унагаж, Сирид довтлон Сирид оршиж байсан Айюбидийн угсааны гурван ханлигийг буулгахын нь буулгаж, бут цохихыг нь бут цохиход монголчуудын эрхийг хүлээн зөвшөөрөөгүй лалын үй олон дайчид эцсийн тулгуур цэг хэмээн найдвар тавин Мисирийн зүг дүрвэцгээсэн гэдэг. Ялангуяа кипчак Бибарсын удирдлаган дор Сирид байсан бахричуудын үлэмжхэн хүч ч Күтүзтэй 1260-аад оны эхэээр очиж нийлжээ. Тэгэхээр Күтүзийг Киараас 12 000 цэрэгтэй гарсан гэсэн тоо ихээхэн эргэлзээтэй. Мөн Күтүзийг Киараас гаран Салихая руу хөдлөх үед Алеппогийн эзэн асан Ан-Насир Юсуфийн цэргийн үлдэгдэл очиж нийлсэн байдаг. Сири дэх Айюбидийн султанууд нь Хүлэгийн цэрэгт хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадах хэмжээний цэргийн хүчтэй байсан гэхээр тэдний хүч нэг хоёр арван мянгаар тогтохгүй байсан гэсэн үг юм. Энэ мэт хүчин зүйлээс үзэхэд Күтүзийн арми юутай ч багадаа монголчуудаас 2-3 дахин хүчтэй байсан гэх магадлал бий юм.
Гумилев, Салих зэрэг Өрнийн түүхчид хүчний хувьд хоёр тал харьцангуй хол зөрөөтэй, монголчууд 15 000, мамлюк-түрэгүүд 60-65 000 орчим байсан гэжээ. Арабын түүхч Ибн ал-Давадари Айн-Жалудад мамлюк-түрэгүүд монголчуудаас тооны хувьд үлэмжхэн давуу байсныг хүлээн зөвшөөрсөн бол Монголын түүхч Ж.Бор Айн-Жалудад монголчууд арав дахин их хүчтэй дайсантай тулгарсан хэмээн бичсэн байх.
Ийнхүү нэг түм орчим монгол дайчид, эрэлхэг дайчин баатар Хит Буха ноёныхоо тугын дор, цөөн тооны холбоотны хамтаар Айн-Жалудад үлэмжхэн хүчтэй, үхэх сэхэхээ үзэхээр ирсэн шийдэмгий, монголчуудтай угсаа гарал ч ойролцоо байж мэдэх түрэг цусны Күтүз, Бибарс нарын цэрэгтэй эх нутгаасаа 6000 км-ын алсад эрслэн тулжээ.

Лалын тэнгэрт аянгын үүл хуралдав.


1258 оны 2 дугаар сарын 13-нд Хүлэг хааны дайчдын өмнө Багдад эрхгүй хүчин мөхөсдөж сөгдөв. Хүлэг хаан Багдадын Халифыг алт мөнгөний зооринд хоол ундгүй хорьж, алтаар хооллож, мөнгөөр ундаалахыг зөвлөн даажигнав. Таван зууны туршид хэн ч халдашгүй хэмээгдэж байсан Багдадын уналт нь лалын ертөнцийн тэнгэрт аянга болон нирхийж, харин христийнхэний хувьд дорноос Христүүдийг ивээгч наран мандсан мэт сэтгэгдэж байжээ. Армяны түүхч Киракос “Энэ хот ховдог шунахай аалз мэт цадаж ханахыг мэдэхгүй, хэдэн зууны туршид ертөнц дахиныг хоослон залгиж байв. Цус асгаруулсныхаа төлөө, эзэрхэг түрэмгий байсныхаа төлөө, их нүгэл хилэнцийнхээ төлөө Багдад хот ийнхүү тэнгэрийн хилэнгээр цээрлэл хүлээсэн нь энэ буюу” хэмээн бичиж байжээ. Европын христ ертөнцийн хэдэн зууны мөрөөдөл болсон Ариун газрыг чухам одоо л Хүлэг хаан тэдэнд чөлөөлж өгөх нь хэмээн баярлаж буй билээ. Багдадын уналтын өмнө Хүлэг хаан Лалын ертөнцийн хар дарсан зүүд болоод байсан Уулын өвгөнийг ичээнд нь дарж билээ.
Хүлэг хаан төд удалгүй их цэргээ дагуулсаар Евпрат мөрнийг гэтлэв. Алеппо 1260 оны эхээр унав. Алеппо орчмын олон цайз хэрэм, хот балгад монгол цэргийн гарт дараалан нурав. Гэвч Хүлэг хаан монголд Их Хаан Мөнх нас барсан, түүний ширээ залгамжлалын асуудал төрсөн ах дүү нь болох Хубилай, Аригбөхийн хооронд иргэний дайны хэмжээнд тулж очсоноос гадна өөрийнх нь хамаатан Алтан ордны хаан лал шүтлэгтэй Бэрх лалын ертөнцийн голт зүрх болсон Багдадыг унагаж, лал шүтлэгтнүүдийг хавчсанд дургүйцсэн, мөн Кавказын бүс нутгийг булцаацалдан умард хил дээр аюул занал дуудах болсоноос үүдэн буцжээ. Тэгэхдээ Тугынхаа жанжин Хит Бухаг нэг түмэн цэргийн хамт Сирийн амбан захирагчаар үлдээж, Сири төдийгүй Мисир орныг хүртэл дайтан авах үүрэг өгсөн байна.
Төд удалгүй Хит Буха жанжин урагшлан Хомс, Баалбек зэрэг хэд хэдэн томоохон хот, цайзуудыг ээлж дараалан авч, Дамаст тулж иржээ. Дамаскт түр хоргодоод байсан Алеппогийн султан ан-Насир Юсуф зугтаж, Дамаск бууж өглөө. Хит Бухын цэргүүд султан Насирыг элдсээр өнөөгийн Газын зурваст гүйцэж олзлон иржээ. Сири, Палестин орон үндсэндээ Хит Буха ноёны мэдэлд оров. Тэнгисийн эрэг дагуух Сидон, Тур, Акра хотууд, тэдгээрийг дагасан бяцхан зурвас болон Трифолын эрэг орчмын газар Загалмайтнуудын мэдэлд байжээ.
Ийнхүү 1260 оны дунд үе гэхэд Лалын ертөнц бүхэлдээ сүйрлийн ирмэгт тулж ирлээ. Тэдний сүүлчийн найдвар, горьдлого нь Мисирийн мамлюк-түрэгүүд болоод байв.
Чухам ийм эгзэгтэй үед уг тулалдаан болжээ.

Түүхийн хүрдийг өөр тийш нь эргүүлсэн увиагүй Баронуудын урвалга


Хит Буха ноёнтон өнөөгийн Изриалын зүүн хэсэгт орших Баалбек хотод буудаллаад байлаа. Ойрхи Дорнод, Бага Азийн христ шүтлэгт хаад, темплиер баронууд, хүссэн ч, эс хүссэн ч монголчуудын холбоотон болов. Учир нь тэдний дайсан нь Лалын ертөнц. Загалмайтнууд дөрвөн ч удаагийн аян дайнаараа, бүхэл европ даяараа хөтлөөд ч Ариун газраа чөлөөлж авч хүч хүрсэнгүй, харин Хүлэгийн довтолгоон нь тэдэнд шинэ найдварын наран болж байсныг дээр дурдсан. Арабуудын хувьд Газар дундын тэнгисийн зүүн эрэг, Трифол орчимд бэхэжсэн Загалмайтнуудын түшиц газрыг ховх цохихоор байдгаараа чардайж байсан цаг.
Хит Буха ноёны дүр төрх ер бусын эрхэмсэг бардмаар төсөөлөгддөг юм. Эртний язгуур сурвалжит Армений ван Хетум болон Антиохын ван VI Бехоменд нараар бараа бологчоо хийж эртний Дамаск хотын гол хаалгаар хүндтэй залран орж яваа ихэмсэг Хит Буха ноён, Газаас олзлогдож ирсэн, алдар цуут Саладины ач ан-Насир Юсуф султаныг өмнөө сөхрүүлчихээд орон нутгийн Загалмайн шашинт баронуудыг хүндэтгэн барьж өгсөн нүсэр том сэрүүн асарт тухлан суугаа сүрлэг Хит Буха... Гэтэл Хит Буха ноён бол Хүлэг хааны олон түмтийн ноёдын л нэг нь байсан. Харин Хүлэг хаан бол Монголын Их эзэнт гүрний зөвхөн нэг жигүүрийн эзэн байсан билээ. Тэгэхээр тухайн үеийн Монголын Их эзэнт гүрний сүр хүчинг зөвхөн их далай, уудам огторгуйтай л эгнэж зүйрлэн байсан нь, монголчуудын эсрэг сөрөх нь үхэх хулгана муурын сахлаар оролдож буйтай ялгаагүй мэт төсөөлөгдөж байсан нь ч аргагүй юм. Энэ үе бол Монголын эзэнт гүрэн аль хэдийнэ дээд оргил цэгтээ хүрч, эцсийн эрчиндээ орчихоод байсан үе ажээ.
Аливаа түүхэн эргэлтэнд санамсаргүй мэт, тун ч ялимгүй мэт үйлдэл гол оньс болон түүхийн хүрдийг эсрэг зүгт хөдөлгөчихдөг тохиолдол бий аж. Учир юун гэвээс, Сидоныг “Урт хөлт” Жульен хэмээх франк эр захирч байжээ. Ер тухайн үеийн Европын баронууд балмад түрэмгийгээрээ, дураараа дургидгаараа зард гарсан, Жульен ч тэднээс огтхон ч дутахааргүй байж.

Монголчуудын очсон газар бүр дэг журамд орж, аливаа дураар үйлдэх явдал хантайрагдан хазаарлагддаг байсан тэр л жаягын дагуу Сири, Палестинд монголчууд орсны дараа тэнд шинэ дэг журам бий болж, өнөөх цадиггүй баронууд дураар дургиж чадахгүйд хүрчээ.
Нэгэн өглөө Хит Буха ноёнтон итгэмээргүй тун хачирхалтай мэдээ хүлээж авчээ. Нөгөөх холбоотон баронууд нь Хит Бухын цэргийн нөөц агтны цэргийг алаад, туугаад явчихаж.., дээрэмдчихэж гэнэ. Урьд өмнө монголчуудад дайсан хаяанд байхад холбоотныхоо цэргийн агт руу хуруу дүрж байсан ийм хөгийн явдал огтоос тохиолдож байсангүй. Итгэхэд нэн бэрхтэй. Хамгийн адгийн урвагчид л ингэх биз. Гэтэл тухайн нөхцөлд урвана гэдэг зүгээр л сүйрэл рүү өөрөө гүйгээд очиж буйгаас ялгаагүй байж. Монголчуудаас урваж боллоо гэхэд Мамлюкуудаас өршөөгдөхгүй нь нэн ойлгомжтой. Хит Буха ноёнтон энэ явдалд итгэсэнгүй. Тэгээд ач хүүгээ 200 цэрэг дагуулан Жульенд том эндүүрэл болсныг хэлж, агт морьдоо буцааж авхуулахаар Сидоны зүг илгээжээ. Харин Жульен бол хулгайлах гэж хулгайлсан, дээрэмдэх гэж дээрэмдсэн тул “Өө, уучлаарай, энэ агт монголчуудынх байсан юм уу” хэмээн юу ч гэж хэлэх билээ. Хулгайч хүн хулгай хийхгүй бол санаа амарч тайвшран нойрсож чаддаггүй шиг л рефлексдээ хөтлөгдөөд хусчихсан юм чинь.
Ичсэн хүн хүн ална гэгчээр “Урт хөлт” Жульен Хит Бухын ач хүүг /зарим түүхчид хүү гэсэн бий/ дагалдагсадын хамт нударч орхиод хулгайлсан агтаа далайн эрэг дагуулан Акра руу хөөлгөчихжээ. Үнэ хүргэх гэж тэр. Гэхдээ хэнд гээч... Өөрсдийнх нь мөнхийн дайсан Мамлюкүүдэд. Тэдэнтэй Акра болон Турийн баронууд ч хуйвалдсан байна. Янхан мөнгөө авч л байвал хэнтэй, хэзээ, хаана гэдэг нь хамаагүй гэдэг шиг хулгайч хүнд бол үнэ хүрч л байвал хэнд, хэзээ, хаана зарсан нь хамаагүй билээ.
Монголчуудын хувьд байж боломгүй мэт энэ явдалд гэлмэн цочирдсон Хит Буха ихэд хилэгнэн ноёнтон цэргээ авч Сидоныг бүслэн байлдав. Хэдийгээр “Урт хөлт” Жульен балмад, журамгүй эр ч бас эрэлхэг рыцарь байж. Хотоо сүрхий хамгаалж, эцэст нь ойр дотныхноо авах усан онгоцонд суун Киприйн зүг зугтжээ. Монголчуудад тухайн үед усан онгоц байсангүй тул араас нь мөшгиж чадсангүй, харин Сидоныг нь эвдлэн сүйтгэж, галдан шатааж орхижээ.
Ойрхи Дорнод дахь Христын шашны нэгэн тулгуур болж асан Сидоны үнс Акра хийгээд Турын баронуудад таалагдсангүй.

Мамлюк-түрэгүүдийн эцсийн эрс шийдвэр


Энэ үед Хүлэг хааны ихэмсэг бардам үгтэй захидал хүлээн авсан Мисир орон үймэн сандралдаж байв. Хүлэг хаан тэрхүү захидалдаа “Дээд тэнгэрийн зарлигаар Монголчууд хүрэлцэн ирлээ. Биднийг сөрсөн бүхнийг няц дарна, та бүхэнд биднийг эсэргүүцээд үхэх, эсвэл бууж өгөх хоёрхон зам бий. Зугтан зайлах зам байхгүй, учир нь Тэнгэрээс тэгэж заасан юм” гэжээ. Мөн боол байгаад эзнээ алж, урвалгаар их суудалд хүрсэн султан Күтүзыг мамлюк-боол гаралтайг нь дурдаж, боол учир эзнийхээ өмнө бушуу хурдан нүглээ наминчлахыг тушаасан байна.
Күтүзын цэргийн зөвлөл бүтэн долоо хоног хуралдаж, бууж өгөх, сөрөн босох эсэх дээр санал зөрөн удтал маргалджээ. Өөрийгөө ялагдан сүйрсэн Хорезм шахын угсааны хүн гэж тооцдог Күтүз болон монголчуудад өмнө нь олзлогдож, бас цэрэгт нь алба хааж байгаад Ливант руу боол болон зарагдаж, түмэн бэрхийг туулж байсан Бибарс нар тулалдаад үхье гэдэг дээр тууштай байсан байна. Эцэст нь Сирийн зарим хотууд бууж өгсний дараа ч монголчуудын өршөөл энэрлийг аваагүй, хядагдсан гашуун түүх тэднийг нэгэнт л үхэхээс хойш бууж өгч алуулснаас сэлмээ бариад тэмцэж байгаад алуулсан нь дээр юм гэсэн шийдвэрт хүргэжээ.
Монголчуудтай тулалдая гэсэн шийдвэрт хүргэхэд Акрагийн рыцариудын илгээсэн элчийн мэдээ ч нөлөөлсөн биз. Монголчуудын дэглэмд дургүйцэж, бас ч дээр нь Жульен цохигдож, Загалмайн Сидон хот унасанд хорссон тэдгээр баронуудын элч Күтүзэд “Христийн үнэнч зарц нар монголчуудтай тулалдахад, та бүхэнтэй хамсахад бэлэн” гэсэн утгатай үг авч очжээ. Олзоо булаалдан хэмлэлдэх чоно, цөөвөр хоёр шинэ ирсэн барнаас олзоо харамлан хамтарч буй шиг л юм болж.
Мамлюкуудын олонхи нь кипчак, түрэг угсаатай, цус халуун, оргилуун, дайнч шийдмэг эрчүүд байв. Тэр ч бүү хэл тэдний дотор Алтан ордны улсаас янз бүрийн шалтгаанаар дүрвэж очсон язгуурын монголчууд ч байлцсан гэдэг. Мисирийн хамгийн сүүлчийн Айюубидийн хатан нь ч мөн монгол-түрэг гарвалтай Шаграт гэгч байсан аж.
Ингээд Күтүз Сири, Палестинаас монголчуудын цохилтоос зугтаж ирсэн цэргүүдээр үндсэн хүчээ зузаатгаад монголчуудыг эх нутаг дээрээ биш өмнөөс нь тосч тулахаар Киараас хөдөлжээ. Синайн цөлийг туулж, Газ руу орж ирэхэд тэнд Байдар ноёны удирдсан Хит Бухын толгойн сэргийлэх анги хүлээж байв. Даанчиг цөөхүүлээ байсан Байдарын цэргийг хоромхон зуур нөмрөн авч цохин, цөөхөн ч болсон монголыг ялсандаа мамлюкуудын дайны урам зориг нь бага ч атугай сэргэжээ.
Баалбект байсан Хит Буха ноён мамлюк-түрэгүүд Синайн цөлийг гатлан Газад орж ирж буй мэдээг Байдараас хүлээн аваад цэргээ жагсаан яаравчлан тосчээ. Тэрбээр Назарет хүрч, тэндээсээ тунгалаг булаг урссан, агт морины бэлчээр сайтай Айн-Жалудыг сонгон авч мамлюкуудыг тэнд тосон цохихоор хүлээв.
Хит Буха ноён Газын баруун эрэг мамлюкуудтай ясны дайсагнагч христийн рыцариудын эзэмшилд буй тул Күтүз яагаад ч баруун эргээд явахгүй, тэд зөвхөн Синайн цөлийг халз туулах ба цөлийн захад байх энэхүү ус, бэлчээртэй газрыг зорих болно, цөлийг туулж, агт морьд нь сульдсан байна гэж тооцоолжээ. Өөр хэн ч байсан ингэж л тооцох болно. Агт морины туулах чадвар гэдэг цэрэг армийн хувь заяаг голлон шийдэж байсан үе билээ. Тэрхүү Айн-Жалуд нь Монголын морьт армийн хувьд цэргээ дэлхэн байрлуулж байлдахад зүүн жигүүрийг нь уулс хамгаалж, баруун болон төв хэсгээрээ намхан толгодтой нь янз бүрийн маневр хийхэд нэн тохиромжтой газар байжээ.
Харин энэ завсар Күтүзтэй Акрагийн рыцарууд холбоо барьж, тэднийг Акрагийн цайзынхаа дэргэд тосч, цэрэг армийг нь амрааж, жанжид, султануудыг нь цайлж дайлаад зогсохгүй мөнөөх дээрэмдсэн Хит Бухын цэргийн нөөц агтыг өндөр үнээр худалджээ. Тэгээд зогсохгүй хэрвээ монголчуудыг ялсан тохиолдолд тэдний агтыг эргүүлээд хямд үнээр худалдаж авах яриа хэлцээ ч хийсэн гэдэг.
Ийнхүү монголчуудын хувьд огтхон ч төсөөлөөгүй үйл явдал болов. Хит Буха ноён рыцарь баронуудыг олзны төлөө холбоотныхоо морийг хулгайлж, дээрэмдэж болдгыг чүү ай гэж нэг ухаарсан ч харин өчүүхэн олзны төлөө дайсантайгаа нэг өвөр түрийнд орж, холбоотныхоо араас хутга шаадаг гэж огтхон ч төсөөлөөгүй, ерөөс монголчуудын хувьд тийм увиагүй урвалга санаанд нь ч багтахгүй байсан нь түүхэн үйл явдалд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ. Акра, Турийн баронуудын энэхүү урвалгыг увиагүй шинжийг Л.Гумилев ихэд эгдүүцэн бичсэн нь бий.
Ингээд агт морьдоо сэлбэж, хоол хүнсээ базааж, сэргэж авсан мамлюкуудыг Айн-Жалудад ирэхэд Хит Буха ноён нөөц агтгүйн дээр Баалбекаас багагүй хол аян туулж ирээд цэрэг агтаа хангалттай амрааж ч амжаагүй байжээ.

Амь өрссөн тулаан

Тулалдаан 1260 оны 9 дүгээр сарын 3-ны үүрээр эхэлжээ.
Зарим түүхчид эхэлж Күтүз монголчуудтай тулж, ихэд цохигдон ухарсан ба Бибарс цэргээ аван отоонд байсан газар луу монголчуудыг дагуулж очсон, ингээд монголчуудыг хоёр талаас нь бүсэлж ялсан гэдэг. Ази, Европод Монголчуудын олонтаа хэрэглэж байсан, тухайлбал 1217 онд Зэв ноён Ферганд Хорезмийн шахын эсрэг, 1221 онд Зэв, Сүбээдэй хоёр Кура голд Гүржийн рыцариудын эсрэг, 1223 онд Кальк голын хөвөөнд Оросын вангуудын нэгдсэн армийн эсрэг, 1241 онд Лигницэд Байдар, Хадаан нар II Хенри вангийн удирдсан европын нэгдсэн арми, Шйао голын эрэгт Сүбээдэй, Батхаан нар Унгарын VI Бела вангийн эсрэг амжилттай хэрэглэсэн отон байлдааны уламжлалт аргыг мамлюк-түрэгүүд монголчуудын өөрсдийнх нь эсрэг анх удаа амжилттай хэрэглэсэн гэж үздэг байна.

Бүтэн жарны турш Ази-Европыг донсолгосон монголын морьт цэргийн тактикийг энэ зуур дайснууд нь хангалттай судалж мэдсэн нь тодорхойн дээр монголын армид алба хааж байсан авьяаслаг Бибарс жанжин уг аргыг монголчуудаас маш сайн суралцсан байх тал бий.

 

Харин Изриалын түүхч Рювен Амитай анхлан Бибарс Монголчуудтай тулсан гэжээ. Юутай ч хүчний харьцаа багадаа хоёр, ихдээ 10 дахин их зөрөөтэй байсан ч урьд өмнө ялагдал гээчийг огтхон ч амсаж үзээгүй, ялагдлын тухай ойлголт ч байхгүй монголчууд өөрсөддөө даан чиг их итгэлтэй байж. Чингис хаан болон түүнийг залгамжлагчдын аян дайны түүхэнд монголчууд ямагт өөрсдөөсөө илүү хүчтэй, зарим тохиолдолд бүр хэд дахин их хүчтэй дайсантай тулалдаж, ямагт ялж дийлж ирсэн тул Хит Буха болон монгол дайчдын хувьд мамлюк-түрэгүүдийн цэргийн тоо нэг их сонин байгаагүй нь лавтай.

 

Ингээд Монгол дайчдын гань галзуу довтолгоон эхэлж, эхэндээ Бибарс бараг олзлогдох шахжээ. Монголчуудын баруун жигүүрийн цэрэг мамлюкүүдийн зүүн жигүүрийн хумин цохиж, тэднийг зугтахад хүргэжээ. Күтүз, Бибарс хоёр ихээхэн чармайлт гарган байж задарсан цэргийнхээ жагсаалыг дахин цэгцэлж эргэн сөрөг дайралт хийсэн боловч монголчуудын мохошгүй зориг тэдний сөрөг дайралтыг няцаан, дахин довтолсноор мамлюкүүдын хувьд ялагдал тун ойрхон иржээ. Гэвч сунжирсан энэ тулалдаануудад сэлбэх хүчгүй болсон монгол цэргийн агт морьд сульдаж, харин монголчуудын нөөц агтаар сэлбэсэн мамлюк түрэгүүд дахин цэргээ эмхэлж чаджээ. Кутуз “Өө Ислам, Аяа Аллах” хэмээн Аллах тэнгэртээ чанга дуугаар залбиран тусламж хүсэж, “Зугтсан ч үхнэ, тэгэхээр нэр төртэй тулалдаад үхэцгээе” хэмээн сандарч үймсэн цэрэг дайчдаа зоригжуулж, уриалж байжээ.

 

Монголчуудын хувьд одоо нөхцөл байдал хүндрэх шинжтэй болов. Яг ийм эгзэгтэй мөчид монголчуудын зүүн жигүүр болж байсан монголчуудад дагаар орсон Сирийн Айюбидийн султан Муса цэргээ аван зугтаж одсоноор тулалдааны хувь заяаг нэг мөсөн эргүүлж орхив. Бибарс шилдэг цэргээрээ эзгүйрэн хоосорсон монголчуудын зүүн жигүүрийг хумин, бүсэлжээ.



Хит Буха ноёны омог бардам төгсгөл

Тулалдааны хувь заяа нэгэнт тодорхой болов. Хит Буха ноёны зарим шадрууд зугтан амь гарах боломж бий талаар хэлэхэд Хит Буха ноён хүлээж авсангүй. Тийнхүү “Зугтаж, дайсанд ар нуруугаа харуулж, хойч үедээ ичгэвтэр болохгүй. Монгол цэргийн сүр золбоог хэдийгээр ялагдсан ч гэсэн муу нохой шиг сүүл хавчин зугтаж гутаахгүй. Эзэн хаандаа үнэнч эр цэргийн ёсоор эрслэн тулалдана. Хожим хойно хэн нэгэн нь энэхүү тулалдаанаас амь гарч Эзэн хаанд маань хэл хүргэлээ гэхэд намайг эзнийхээ алдрыг гутаан шившгээ тарьж эргэж дутаасан хэмээн бүү хэлэг. Эргэн дутаадан цэрэг эртэй хэмээн Их эзэн маань бүү сэтгэл чилээрхэг. Энд миний цэрэг ялагдсан хэмээн эзэн минь сэтгэлээр бүү гутраг. Миний үхлийг, миний ялагдлыг эзэн хаан маань цэрэг дайчдынхаа гэргий нар нэг жил жирэмслээгүй, адуун сүргийнхээ гүүг нэг жил унагалаагүй хэмээн бодог” гэж хариулаад “Хүлэг хааны минь алдар бадраг” хэмээн уриа хашгиран дайран оржээ.

 

Хит Бухаг ганцаараа мянган дайчин шиг эрэмгий тулалдсан хэмээн тэр үеийн түүх бичээчид тэмдэглэж үлдээжээ. Монгол цэргийн туг дайсанд олзлогдоход ойрхон болсныг хараад Хит Буха тугийнхаа цэргийг аврахаар дайсан руу дайрчээ. Ийн цавчилдаж байтал морь нь суманд оногдон унасан байна. Хэдий явгарсан ч Хит Буха хэнийг ч өөртөө ойртуулахгүй илдээ салхи мэт эргэлдүүлэн галзуу арслан барс шиг тулалдаж, монгол дайчныг мохоож, алдар хүртэх гэсэн маш олон мамлюк-түрэгийн баатар эрийг цавчлан хаялжээ. Урьд өмнө өч төчнөөн дайн тулаанд орж, олон шилдэг дайчидтэй илд зөрүүлж явсан Кутуз болон Бибарс нар ийм аймшиггүй зориг, чадал төгс дайчныг харж, заавал амьдаар нь барихыг цэргүүддээ тушаасан байна.

 

Мамлюк харваачид Хит Бухын тахимыг нь нуга харван сөхрүүлж байж сая нэг дарж авчээ.

 

Дунд сургуулийн сурагч саваагүй сониуч хүүхэд байхдаа Хит Буха ноёны энэхүү эрэлхэг бөгөөд эмгэнэлт төгсгөлийн тухай номоос уншаад ихэд сэтгэл хөдлөн, түүнээс хойш олон жилийн туршид алдарт Хуралажын гянт илдээ чийрэг чанга гартаа атгаад сөхрөн суусан ч чивчиртэл татсан хуурын чавхдас мэт нуруугаа цэхлэн, тойрон шавсан үй олон мамлюк дайчдыг бүргэдийнх мэт ширүүн хурц харцаараа нэвт шувт шөвөгдөн харж буй буурал үс нь салхинд хийсэх өвгөн дайчны дүр төрх үе үе сэтгэлд сэрхийн орж ирдэг бөлгөө. Сайн зураачсан бол зурахсан. Яг л Репин Тарас Бульбаг зурсан шиг.

 

Н.Гоголийн “Тарас Бульба” хэмээх яруу сайхан тууж шиг сайхан тууж бичиж, Хит Буха ноёны алдрыг дуурсгахсан гэсэн мөрөөдөл олон жил цээжинд уяатай явдаг юм. Дайсны бүслэлтээс гарахаар амь өрсөн давхиж явах зууртаа тамхины нь түнхэг гээгдэж унасанд “Байз, энэ муу сайн Ляхуудад тамхиныхаа түнхэгийг ч үлдээхгүй шүү” хэмээн мориноос бууж, сахлаг ургасан өвс ногоон дотор эрж тэмтчих зуур тал талаас нь гэнэт 30 орчим лях цэрэг гарч ирээд Тарасын чийрэг чанга мөрнөөс нь зууран ноцолдов. Өвгөн Тарас хэдэнтээ мөр цээжээ сэгсэрч үзээд, дийлсэнгүй, “Ай яа, уулыг цас, эрийг нас даржээ” хэмээгээд гаслан уйлав. Тарас залуудаа тийн мөрөө сэгсэрхэд нь түүний хүчирхэг мөрнөөс нь зууралдсан ямар ч чийрэг эрчүүд хадуурын эрэнд өртсөн тариан түрүү мэт ханаран шилбүүрдүүлэх бөлгөө хэмээн Гоголь эрэлхэг Тарас өвгөний дүрийг уран яруугаар дүрсэлсэнсэн.

 

Монголын Эзэнт их гүрний жирийн нэгэн түмтийн ноёны энэхүү дүр бол яагаад ч Запорожийн тэрхүү хасаг атаман эрийн дүрээс дутах учиргүй.

 

Хит Буха ноён тэр үед лавтай 60 орчим настай, магадгүй 60 насыг нэлээд давсан ч байж магадгүй байх учиртай. Яагаад гэвэл Сидон руу ач хүүгээ алдсан агтныхаа араас явуулж гэхээр...



Үргэлжлэл нь дараагийн дугаарт

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 5440

Бүлэг: Өгүүлэл

Монголын хомсдол ба монгол бусын илүүдэл: Төвдийн шашин, хятадын даяаршил дахь Дээд монголчууд

МУИС-ийн НШУС-ийн Нийгэм, соёлын антропологийн тэнхим, Проф. Др. Д.Бум-Очир 
                            
Энэхүү өгүүллийг миний бие Хятадын баруун хойд хэсэг дэх Хөх нуур Төвдийн өндөрлөгт аж төрдөг, нүүдлийн мал аж ахуйн соёлтой Дээд Монголчуудын дунд 2003-2005 онд нэг жилийн хугацаагаар сууж хийсэн хээрийн шинжилгээний ажлынхаа эх хэрэглэгдэхүүн дээр тулгуурлан бичлээ. Тус өгүүлэлд цөөн тоот Дээд Монголчууд Хятад, Төвд, Лалын шашинт бусад олон тоот үндэстэн хөршүүдийнхээ соёлд хэрхэн уусан үгүй болж байгаа тухай өгүүлэх болно. Ийнхүү уусч үгүй болоход тэдний монгол соёл гэх элемент өдөр ирэх тусам цөөрөн үгүй болж, монгол гэж тодорхойлох шалгуур болсон ул мөр, уламжлал соёлын зүйлс улам бүр хомсдон, тэр хэмжээгээр монгол бус соёлын элемент тархан дэлгэрэх үйл явц ажиглагдана. Үүнийг би өгүүлэлдээ монголын хомсдол, монгол бусын илүүдэл гэж нэрлэсэн ба монгол хэл бичиг, уламжлалт зан үйл, шүтлэг мөргөл, мал аж ахуй зэрэг олон талын жишээгээр тайлбарлах болно.

Буддын шашин ба төвдчилөл: Шашинтайгаас шашингүй үзэл хүртэл

    Хуаннань аймгийн Хэнань хошуунд (Henan xian, Huangnan zhou) гучин хоёр мянга найман зуун Дээд Монгол аж төрдөг бөгөөд монголоор ярьдаггүй, зөвхөн төвдөөр ярьдаг тухай дээр өгүүлсэн билээ. Дээд Монголчуудын төвджих үйл явцын нэг гол шалтгаан нь Буддын шашин юм. Энэ талаас нь авч үзвэл, тэдний төвджих үйл явц бүр эрт, анх V Далай лам тэднийг Халхын Цогт хунтайж тэргүүтэй улааны шашинтны (rnying-ma-pa) халдлагаас шарынхныг (dge-lugs-pa) хамгаалуулахаар Хөх нуурт 1600 оны дунд үед залж аваачсанаас эхэлсэн гэж хэлж болно. Түүнээс хойш Хошуудын (Дээд Монголчуудын) хүчийг сулруулах зорилгоор тэдний дотор Төвдүүдийг нүүлгэн авчирч суурьшуулж байсан Чин улсын бодлого ч төвджих үйл явцад чухал нөлөө үзүүлжээ.

    Ийм учраас Дээд Монголчуудад Буддын шашныг эхнээсээ аваад эдүгээ хүртэл дэлгэрсэн “Монгол бус” Төвдийн соёлын зүйл гэдэг хүчтэй сэтгэлгээ тогтсон, ялангуяа залуучуудын дунд түгээмэл шингэсэн байдаг нь Буддын шашныг монголын шашин гэж сэтгэн үндсэрхэг үзлийнхээ нэгэн зэвсэг болгодог бусад Монголын үндсэрхэг үзлээс  эрс ялгаатай юм. Дээд Монголчууд Монголд ирээд, Хөх нуураас ирсэн гэхэд хүмүүс Зонхов (tsong-kha-pa) Богдын мэндэлсэн “Бурханы орноос иржээ” гэж хүлээж авах нь цөөнгүй. Гэтэл миний анх Дээд Монголын Зүүн хошуунд очоод гайхсан нэг зүйл бол айлуудын олонх нь бурхан тахилгүй байсан явдал юм. Бурхан тахилгүй байх нь бүх хошуунд адилгүй бөгөөд Зүүн, Тайж нар, Хөрлөг, Хөхөт хошуунд түгээмэл байхад Ван, Банчин шан хошуу зэрэг шүтлэгтэй газар бас бий. Дээд Монголчууд хэдий шүтлэгтэй байсан ч өөрсдийгөө Төвдүүдээс сүсэг багатай гэж мэтгэх бөгөөд үүнийг бид Буддын шашингүй, тиймээс Төвдтэй адилгүй гэж нотлох сэжим болгодог юм. Төвдүүдийг бодвол сүсэггүй гэдгээ нотолдог нэгэн жишээ бол Хөх нуурын тахилга юм. 2004 оны хонин жил 12 жилд нэг тохиодог Нуурын тахилгын жил байв. Хүмүүс янз бүрийн байдлаар нуурыг тойрон гороолж сүсэг бишрэлээ илтгэж байлаа. Нуурыг бүрэн тойроход нийт 300 орчим километр бөгөөд нуурыг хэрхэн гороолсон нь нэг ёсондоо сүсэг бишрэлийн хэмжээ болж байсан юм. Нуурыг гороолох гурван хэлбэр байв. Зарим хүмүүс машин тэргээр, зарим нь алхаж, сүсэг бишрэл ихтэй өөр нэг хэсэг нь сунаж мөргөн гороолж байлаа. Ихэнх Дээд Монголчууд машинаар гороолсон. Энэ нь хэдхэн цагийн ажил, ихдээ миний нэг өдрийн ажил юм. Миний сонссоноор цөөхөн хэдэн Дээд Монголчууд гороолж алхсан бөгөөд үүнд долоогоос арав хоног зарцуулдаг. Харин сунаж мөргөсөөр гороолсон Дээд Монгол байгаагүй.    

    Хөх нуурын эрэг тойронд сунаж мөргөн гороолж яваа хүнтэй олон таарах бөгөөд тэд дандаа Төвд байх нь санамсаргүй хэрэг биш юм. Надад тэдний нэгтэй уулзаж ярилцах завшаан таарсан билээ. Миний ярилцсан залуу гуч орчим настай, өвдөг, тохойдоо машины дугуйнаас хайчлан авч хамгаалалт болгон зүүж, духанд нь алганы хонхорт багтам хэртэй эвэршсэн үзэгдэх нь газарт мөргөх тоолондоо үнэнхүү сүсэглэсний гэрч тэмдэг байсан юм. Түүнээс зуугаадхан метрийн цаана чирдэг тэргэн дээр ойр зуурын юм хумхан ачсан харагдах нь авч яваа хогшил, амь зуулга нь аж. Залуу хэдэн зуун метр сунаж мөргөөд буцаж, тэргээ чирч авчраад үргэлжлүүлнэ. Харсан хэнд ч үнэхээр сүсэгтэй хүн юм даа гэж эрхгүй бодогдоно. Ингэж гороолох болсон шалтгааныг нь асуувал ар гэрт нь үхэл хагацал, өвчин зовлон нүүрлэж, ядуу тарчигт тулсан тул ийнхүү нүглээ наминчлан Хөх нуурын эзэн лус, бурхан сахиусанд даатгаж аврал эрж байгаа аж. Залуу маань хөрш Ганьсу мужийн харьяат, нуурыг тойрон сунаж мөргөсөөр сар гаран болж байгаа гэсэн. Тэр замынхаа талд л орж байсан юм.

    Нэг ч Дээд Монгол ингэж сунаж мөргөхгүй гэж Дээд Монголчууд итгэлтэй хэлэх бөгөөд өөрсдийгөө Төвдүүд шиг ийм “мухар сохор” шүтлэггүй гэдэг. Энэ талаар өөрсдийгөө Төвдүүдээс ялгаж, бид тэдэн шиг Буддын шашинтан биш, тиймээс бид Төвдүүдтэй адилгүй, “Монгол” хэмээн мэтгэдэг. Төвдүүд Монголчууд шиг мөн л нүүдлийн мал аж ахуй эрхэлнэ. Аж ахуйн энэ хэвшлээрээ хоёр үндэстэн ижилсэж байдаг нь Дээд Монголчуудыг өөрсдийгөө тэднээс ялгахад улам амаргүй болгодог. Тиймээс төвджих үйл явцаас хамгаалах цөөхөн замын нэг нь яах аргагүй Буддын шашныг үл хүлээж авах явдал болдог байна.    

    Дээр дурьдсан Төвдийн эсрэг, эсвэл Буддын шашны эсрэг үндсэрхэг үзлээс гадна Дээд Монголчуудын Буддын шашнаас татгалзах болсон өөр нэгэн шалтгаан бол шашингүй үзлийг номлодог марксист, коммунист хүмүүжил олгосон Дундад Улсын бодлого болно. Коммунист хүмүүжил Дээд Монголчуудыг сүсэг бишрэл багатай болгосон нь тэдэнд өөрсдийгөө Төвдүүдээс ялгах боломж олгосон гэж тайлбарлаж болох юм. Өөрөөр хэлбэл, тэд Марксист үзлийг зөв ашиглаж Төвдөөс ялгарах нэгэн сэжим болгон өлгөж авчээ. Гэхдээ Дээд Монголчууд шашингүй болох үндсийг дан ганц коммунизм, марксизмтай холбон үзэж бас болохгүй юм. Дээд Монголд коммунизм хүрэхээс өмнө тэдний “сүсэг хазайж” эхэлсэн байжээ. Тухайлбал, Өвөр Монголын эрдэмтэн Н.Хурцбилиг 1981 онд Дээд Монголын Тайж хошуунд судалгаа хийж байхдаа үүнийг нотлох мэдээ баримт цуглуулжээ. Түүнийг уулзсан настайчуудаасаа яагаад бурхан тахилгүй байдгийг нь асуухад бидний сүсэг бишрэл аль эртнээс, Хасагийн (Казак) дээрэм довтлох үеэс хазайсан гэжээ. 1940-өөд онд Дээд Монголчууд удаа дараалан хасагийн дээрмийн халдлагад өртсөнийг түүхэн мэдээ баримтаас тодорхой мэдэж болно. Тэр үед Тайж нар хошууны хийдийн лам нар ном хурж, сор залж Хасагийн дээрмийг зайлуулах арга, аврал хийжээ. Хүмүүс ч сүсэглэн залбирч, дээрэм ирэхгүйд үнэхээр итгэцгээсэн байтал удалгүй Хасагийн дээрэм дахин довтолж, хүн амьтныг алж талан, гэр хүрээг шатааж, мал хуйг нь хөөн оджээ. Ийнхүү итгэн сүсэглэж, аврал шүтээн болгосон бурхан сахиус, сүм хийдийн тахилга гай гамшгийг зайлуулаагүйгээс Тайж нарын “сүсэг хазайсан” гэж настайчууд тайлбарладаг аж. Үүнээс үзвэл, Дээд Монголчуудын шашингүй болсон нь зөвхөн коммунизм дэлгэрснээс биш, түүнээс ч  өмнө энэ мэт янз бүрийн шалтгаагаар “сүсэг хазайж” эхэлсэн байжээ.

Дээд Монголчууд мухар сүсэггүй гэдгээрээ өөрсдийгөө Төвдүүдээс илүү иргэншсэн гэж тодойрхойлдог. Энэ нь нэг талаар төвджихөөс сэргийлж байгаа хэрэг хэдий ч нөгөө талаас орчин үежих цаашлаад хятаджих үйл явц руу хандуулж байдаг# боловч энэ тэдний сонголт юм. Дээд Монголчууд эцэстээ Төвд болох уу эсвэл Хятад болох уу гэдэг сонголт тулаад ирвэл олонх нь Хятад болсон нь дээр, учир нь тэд ядаж л хөгжиж дэвших дуртай, харин Төвдүүд хөгжих дургүй гэдэг.

Дээд Монголчуудын сэтгэлгээгээр, Буддын шашинтан байх нь “Монгол бус” болж “Монголыг хомсдуулж” байгаа хэрэг бөгөөд харин Буддын шашинтан биш байх нь монгол бусын илүүдлийг багасгаж байгаа хэрэг болно. Ийнхүү Монгол нь хомсдоод Төвд нь ихсэж илүүдээд ирсэн орчин нөхцөл тэднийг аргагүй шашин шүтлэгээсээ татгалзахад хүргэсэн байна.

Даяарчлал ба хятадчилал: Нүүдлээс суурьшил хүртэл

    Дээд Монголчууд “баларлаг бүдүүлэг” Төвдийн соёлтой ижилсэхгүй давшиж дэвшин, дэвжин хөгжихөөр “орчин үежиж” (modernity) даяаршилтай (globalization) мөр зэрэгцэх замыг сонгож байгаа нь буруутгах аргагүй шийдэл юм. Энэ бол Төвдөөс гадна Дээд Монголын нийгэм, соёлд хүчтэй нөлөөлж байгаа өөр нэгэн соёлын орчин бөгөөд зөвхөн Дээд Монголд ч бус, харин дэлхий дэхинд тулгараад байгаа даяаршил (globalizatoin) юм. Даяаршил гэдэг олон оронд өргөн утгаараа өрнө дэхины соёлын тархалт байж, өдгөө Америкчилал, Европчилол гэж ойлгогдох нь түгээмэл байдаг бол харин Америк, Европын соёлын нөлөөнөөс алслагдсан Хөх нуурын цайдмын Дээд Монголчуудын хувьд Хятадчилал мэт үзэгддэг. Учир нь Дээд Монголын аж ахуйн өнөөгийн хэвшлийг нүүдлийн мал аж ахуйгаас суурьшмал мал аж ахуй, суурин тариалах аж ахуйд шилжиж байгаа үе гэж хэлж болно. Энэ шилжилт мөн л бидний хэлэлцэж буй гол асуудал болох Монголын хомсдол, Монгол бусын илүүдлийн бас нэгэн жишээ юм. Нүүдлийн мал аж ахуй гэдэг бол Дээд Монголчуудын хувьд бусад хөршүүдээсээ, ялангуяа суурьшмал соёлтой хүмүүсээс ялгарч өөрсдийгөө Монгол болгож байдаг соёлын гол хүчин зүйл аргагүй мөн билээ. Аж ахуйн хэвшлийн шилжилт тэдэнд ямар ямар асуудал тулгаж байгааг дор өгүүлье.

    Хөх нуур мужийн төв Шинин (Xi ning) хотоос миний амьдарч байсан цайдмын малчин айлд очиход янз бүрийн унаа дамжсаар хоёр, гурав хонож байж хүрдэг. Хөх нуурын баруун талын цайдмын хөндийд оршин суудаг Дээд Монголчууд бусадтайгаа харьцуулахад хамгийн монголжуу, хэл соёлоо сайн хадгалсанд тооцогдоно. Түүхэндээ Хөх нуурын тойрон дахь үржил шимтэй хэсэг нь монгол малжих орон байсан гэх бөгөөд хожим Төвдийн малчид бэлчээр түрэн хөөсөөр Дээд Монголчууд цайдмын хөндийн цөлөрхөг газар нутагшжээ. Хөх нуурын эргээр өнгөрөхөд хашаалсан бэлчээр дотор өвс тарьсан байх нь суурьшиж байгаа Төвд малчид байсан юм. Анх явж байхдаа учрыг нь сайн мэдэлгүй өнгөрч байсан ч удалгүй миний амьдарч байсан цайдмын Дээд Монголчуудын дунд мөн л энэ хэрэг мандсан юм. Энэ суурьшуулах үйл явц хоёр үе шаттай бөгөөд эхнийх нь бэлчээр хувьчлал, удаах нь бэлчээр тариалах явдал байлаа.

    Хөх нуурт 1984-1985 оноос бэлчээр хуваан хувьчилж эхэлжээ. Түүнээс өмнө хамтрал нэгдлийн тогтолцоотой байсан гэдэг. Хэдий хувьчлагдсан гэх боловч бэлчээр улсын өмч хэвээр үлдэх бөгөөд малчид урт хугацаагаар түрээсэлж байгаа гэнэ. Намайг очиход буюу 2003, 2004 оны үед бэлчээр тариалах асуудал хараахан яригдаж эхлээгүй, харин хувьчлагдсан бэлчээрээ тойруулан хашаа татах ажил ид өрнөөд, дуусах шатандаа орж байсан юм. Ингэж хашаалаад, хувьчилчихлаар нүүх боломж эрс хомсдох боловч огт нүүдэллэхгүй гэсэн үг бас биш. Нүүх, хөдлөх үйл харьцангуй хязгаарлагдах ч бэлчээр хувьчилсан байдлаас хамаарна. Зүүн хошууны Монголчууд дөрвөн улирлын бэлчээр хувьчилж авсан. Энэ нь хувьчилж авсан бэлчээр дотроо нүүгээд байж болно гэсэн үг. Үүнийг хагас нүүдлийн хэвшил гэж хэлж болно. Миний байсан айл хоорондоо 25-30 километрийн зайтай хоёр хэсэг бэлчээртэй. Хаваржаа, зуслангийн бэлчээр хоёр нэг дор, талбайгаараа намаржаа, өвөлжөөг бодвол харьцангуй бага. Учир нь намар, зундаа ууланд оторлож, хувьчлагдсан бэлчээрт саалийн мал л үлдэнэ.

    Айлууд өвөлжөөндөө голдуу байшин, малын дулаан хашаатай, 12, 1 сараас 6 сар хүртэл байшиндаа өвөлждөг. Энэ үед мал өвөлжөө, хаваржаанд бэлчинэ. Зургаан сард айлууд малаа хоёр хувааж, төллөсөн саалийн малаа үлдээж бусдыг нь уул руу оторт авч явдаг. Нэг айл дунджаар 600 малтай, түүний 200-250 орчим нь үлдэж, бусад нь оторлоно. Ууланд хувьчлагдаагүй газар байдаг. Оторт явсан мал тэндээ ойролцоогоор 12 сар хүртэл байх ба тэр хавьдаа мөн л бэлчээр сэлгэн нүүнэ. Харин гэрт үлдсэн мал 6 сард хаваржаанаас гарч зусланд ирээд тэндээ 9 сар хүртэл зусна. Есөн сард айлууд намаржаанд бууж, 12 сар хүрээд, уулнаас отрын мал бууж ирэхэд нийлэн өвөлжөө рүүгээ нүүдэг.    

    Бэлчээр хувьчлаагүй үеийн нөхцөлтэй харьцуулахад хашаалсан үеийн нүүдэллэх хөдөлгөөн ямар нэг хэмжээгээр хязгаарлагдах нь тодорхой юм. Ийм нүүдэл хөдөлгөөний хязгаарлал айлуудыг суурьших, байшин барих нөхцөлтэй болгоно. Нэгэнтээ нэг л буурь дээр тогтсон газар л өвөлжиж, хаваржиж, зусч, намаржиж байгаа тул тэндээ суурин орон гэр байгуулах нөхцөл бий болно. Ялангуяа жилийн хагасыг өнгөрөөдөг өвөлжөөндөө байшин барих нь Дээд Монголчуудын хувьд энгийн хэрэг болсон байлаа. Тэр ч бүү хэл, зусландаа байшинтай, эсвэл гэр-байшинтай  айлууд ч мэр сэр нэмэгдэж байсан нь Дээд Монголчуудыг монгол болгож байдаг нэг гол зүйл болох “монгол гэрийн” хэрэглээ шахагдан цөөрч улмаар үгүй болох анхны алхмууд бий болж байгаа хэрэг юм.

Монгол орон сууцнаас гадна тэдний мал ч аяндаа суурьшмал нөхцөлдөө дасаж нүүдлийн хөл даахгүй болох тал ажиглагдаж байв. Өвөлжөөнд байшингаас гадна малын “саравч барих” болсон. Үнэндээ үүнийг “саравч” гэхийн оронд “малын байшин” гэж хэлж болно. Тоосгоор барьсан шилэн дээвэртэй “малын байшин” жилийн дөрвөн улиралд нар шарж байдаг цайдамд дулаанаас хэтэрсэн, дэндүү халуун тул тэнд өвөлжсөн мал яваандаа хүйт байхаа болих тодорхой. Ийм малын өвөлжөө барихад 30.000 Дундадын төгрөг (RMB). Засгийн газрын зүгээс энэ явдлыг дэмжин тэтгэж, зардлын гуравны нэг болох 10.000 төгрөгийг өгдөг. 

Малаас гадна хүн нь хүртэл нүүдлийн мал маллагаанаасаа хөндийрч байгаа байдал илхнээ мэдэгдэж байлаа. Нэгэнтээ нэг айл хоёроос илүү хүүхэд гаргаж болохгүй хуультай тул мал хариулахад хүн хүч дутдаг. Үүнийг малчин хөлсөлснөөр нөхөж болох ч үр дагавар нь тийм сайн биш. Бараг айл болгон хөлсний малчинтай, малчин нь дийлэнхдээ хотон, хятад, төвд хүн байхаас монгол хүн байх нь тун ховор. Монгол айлд 10 гаран жил мал малласан гаднын хүн ямар ч монгол хүнээс дутахгүй сайн малчин болдог болон ихэнх монгол залуучууд сургуульд сурч хот хүрээ газар бараадацгаасан байдаг нь мөн л зайлшгүй шахалт юм. Мал мэддэгээр нь хэмжвэл гаднын хөлсний малчин Дээд Монголын зарим залуучуудаас илүү монгол болж таардаг нь тэднийг эмзэглүүлэх бас нэгэн шалтгаан болдог. Малаа мэдэхгүй бүхэл бүтэн үе хүмүүжиж байгаа нь мал аж ахуй эзэнгүйдэхэд хүргэж байгаа юм.      

    Дээд Монгол залуучууд сургуульд суралцах болсон нь бэлчээр хувьчлалтай учир зүйн хамааралтай. 1985 оны үед бэлчээр хувьчлахад тэр үед байсан өрх бүрт хувааж өгсөн гэдэг. Тэр үеийн айлууд олон хүүхэдтэй байсан, улмаар хувьчилж авсан газраа хүүхдүүддээ өмчлүүлжээ. Ингэхлээр одоогийн Дээд Монгол айлын бэлчээр бол түрүү үеийн нэг айлын бэлчээрийг наад зах нь гурав хуваасны нэг болно. Тиймээс нэг айлын бэлчээрийн даац хамгийн ихдээ 700 малд хүрэлцэхүйц, тэгвэл үүнээс илүү хөрөнгөжиж баяжих боломжгүй гэсэн үг юм. Бэлчээрийн даац хэтэрвэл цөлжиж, бүр огт бэлчээргүй болох аюул нүүрлэнэ. Харин өнөө үед нэг айл хоёр хүүхэдтэй. Байгаа бэлчээрээ дахиад хоёр хувааж өвлүүлбэл ахиад хоёр ядуухан өрх гарч ирэх нь илэрхий болсон учир айлын хоёр хүүхдийн нэг нь нүүдэлчин малчин тавилангаасаа хүссэн хүсээгүй татгалзаж, амьдралын өөр хэв маягийг эрэлхийлэх хэрэгтэй болдог.

Энэ газар амьдралын өөр хэв маяг гэдэг бол эсгий гэрээр нүүдэллэн мал маллахгүй гэсэн үг бөгөөд “монгол биш” болно гэсэн агуулгатай. Тэр “монгол биш” амьдралын хэв маяг нь даяаршлын хэв маяг юм. Өмнө дурьдсанчлан Дээд Монголчуудын хувьд даяаршил гэдэг бол “Хятад болох” гэдэгтэй ижил утгатай. Ингэж үзвэл хоёр Дээд Монголын нэгэнд өөрсдийнх нь нэрлэдгээр бол “Хятад болох” зайлшгүй шаардлага ноогдож байгаа хэрэг. Зайлшгүй гэдгийг тодруулбал, Дундад Улсад, хотод орж амьдарна гэвэл хятад хүмүүстэй хамт амьдарна, хятадын “олон нийтийн соёлд” орж амьдарна гэсэн үг юм. Оршин байгаа “олон нийтийн соёл” тэдний ижилслийг (identity) тодорхойлох гол хэмжүүр болно. Хотын амьдралд хөл тавьж хүнээс дутахгүй амьдрахын тулд өрсөлдөөнийг давах ёстой. Тухайлбал, сайн боловсрол эзэмших, Дундад Улсын албан ёсны хэл болох хятад хэлийг зохистой хэмжээнд эзэмшсэн байх хэрэгтэй. Монгол дунд сургууль төгссөн хүүхдүүд хятад хэлээр, хятад дунд сургууль төгссөн хүүхдүүдтэй уралдах боломжгүй нь тодорхой тул гарцаагүй шаардлагын эрхэнд монгол эцэг эхчүүд хүүхдээ багаас нь хятад сургуульд сургаж эхлээд байна. Хятад сургуулийн олон монгол сурагчидтай тааралдаж уулзах үед тэд монголоор бага сага ойлгохоос биш, ярьж чаддаг нь тун ховор байдаг. Үүгээр дөрөөлөөд хот хүрээ газар ажиллаж амьдарч байгаа Дээд Монголчуудын дараагийн үе удам мөн л зайлшгүй хятад сургуулиар хүмүүжинэ. Учир нь хотод монгол сургууль байхгүй.

Ингээд бэлчээр хувьчлалаас үүдсэн асуудал маань эцэстээ Дээд Монголчуудыг Монгол болгож байдаг цөөхөн соёлын онцлогийнх нь нэг болох хэл, бичиг үсгээ гээхэд хүрч байна. Энэ бүхэн Дээд Монголчуудын хувьд, Монгол гэгдэх бүхэн нь хомсдож, Монгол бус бүхэн нь илүүдээд байгаа сэтгэгдлийг төрүүлдэгийн тод жишээ болно.

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 5797

Бүлэг: Өгүүлэл

Олон улсын шүүх нь аваад явчихна шүү

 Б.Эрдэнэбаяр. Парис хот
 
1990-ээд онд балканы хойгийн хямрал гэж айхтар юм болсон. Хямрал ч юу байхав дээ. Тус тусдаа бие даасан улс болж байсан хүмүүс газар нутаг, ястан, үндэстнээрээ талцаж хэсэг нүдэлдсэн. Тухайн үедээ бид болгож байна, ингээд байхад хэн биднийг юу гэхэв гээд л зүтгээд байсан . Тэндээ байсан ард иргэдэд бол тэгж л бодогдож байсан байх. Ард иргэдээр ч зогсохгүй дарга нарын удирдлаган дор нь алба хааж байсан албан хаагчдад ч тэгж ойлгогдож байсан нь төсөөлөгддөг юм.
Яг л манайхны томчууд, ер нь бидэнд хэн хэлэхэв гэж дураараа тонгочиж, дунд чөмгөөрөө жиргэдэг шиг л дүр зураг харагдаж байлаа.
Яг үнэндээ бол тийм биш юмаа даа. Өнөөдөр Холланд Улсад байрлалтай хуучин Югославийн олон улсын шүүхээр гэмт хэрэг нь шүүгдэж шийтгүүлээд байгаа тэр үеийн Югославт алба хашиж байсан хүмүүсийг харахад нэгийг бодогдуулсан үйл явдал болж байнаа цаана чинь.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 827 дугаар шийдвэрээр байгуулагдаж 1993 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа тус шүүхээр өнөөгийн байдлаар нийтдээ нэг зуун жаран нэгэн хүн иргэдийгээ хоморголон баривчилж, эрүүдэн шүүсэн, бөөнөөр хорьсон зэрэг хүмүүнлэгийн эсрэг хийсэн гэмт хэргийнхээ дагуу шүүхийг шийдвэрээр хоригдох ялаар шийтгүүлжээ. Дөчин холбогдогчтой арван долоон хавтаст хэрэг шийдвэрлэгдэх шатандаа явж байна. Нэг зуун хорин нэгэн холбогдогчийн хэрэг хаагдаж, гучин зургаан холбогдогч мөрдөн шалгагдах явцдаа нас барсан байна.
 
Энэ мэт тоон үзүүлэлтийг дурьдвал их л байна. Гэхдээ тэр гол нь биш юм. Манай улсад ястан, үндэстний хоорондын мөргөлдөөн биш, зөвхөн нийтийг хамарсан үймээн самуун болоход л хүмүүнлэгийн эсрэг төрийн үйлдэл хэрээс хэтэрсний гэрч нь та бид өөрсдаа байна. Хохирсон нь ч та бид, буруутсан нь ч та бид өөрсдөө.
 
2008 оны 7 дугаар сарын 1-ний шөнийн тэнгэрт харвалдан байсан байлдааны галт сум, буун дуу, иргэдийн айж цэрвэсэн орилоон, улангассан бороохойтой цагдаагийн харгис хашгирааныг нийслэлийн иргэд бүгд л санаж байгаа. Дэнжийн мянгын “түр цагдан хорих байр”-ны дотор, гадаагүй орилолдох чимээ нь дайны үеийн нацистын бөөнөөр хорих газрын талаарх уран сайхны киног санагдуулж байсан. Монголчууд бид ч яахав мартамхай, аливаа юмыг сүр дуулиан болгохгүйгээ сайрхдаг “билэг танхай” хүмүүс. Нэг хэсэг нь уйлаад, нөгөө хэсэг нь залбираад л өнгөрнө. Өнгөрч ч байна. Гэхдээ “тархины ой санамж” нь чанга талынхан гэж байна шүү таминь ээ.
Биднийг харж байгаа олон улсын байгууллагууд, гадаад улсын иргэд, төрийн бус байгууллагууд, тэр ч бүү хэл олон улсын шүүхийн шүүгч, прокурорууд чих дэлссэн харгис явдлыг шалгана л гэх юм бол, бидэнд хэн хэлэхэв гэж дураараа тонгочиж, дунд чөмгөөрөө жиргэдэг дарга нарыг хүрч ирээд л аваад явчихаар юм байна шүү. Тэдэнд тийм эрхээ бид өөрсдөө гаргаад өгсөн байх юм. Манай нийгмээр дүүрэн бухимдал байна. Дампууруулсан банк, хадгаламж зээлийн хоршооны харилцагчид, хууран мэхлэгдсэн барилгын захиалагчид, ядуурсан иргэд, малчид, нийслэлийн үгээгүй ядуучууд, бухимдсан залуус, хулхидуулсан сонгогчид гээд тоо томшгүй олон сөрөг урсгал байна.
Манай сэтгүүлчдийн өргөмжлөн нэрлэсэн “хаврын синдром”, “улс төржилт”, “төрийн ордныг гороологчид” –ын идэвхжилт ихссэнээс биш буурахгүй. Эд нар нэг өдөр бухимдлын цаламнаасаа алдуурахад л манай төр хямарсан механизмаараа ажиллах гээд дийлэлгүй, иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэнэ. Дараагийн удаад ой санамж сайтай талынхан зүгээр өнгөрөөхгүй. Олон улсын рэх зүйн механизт хар аяндаа ажиллаж эхэлнэ. Тэр үед нь олон улсын шүүхээр балканыхан шиг дотоод хэргийн сайдаасаа авахуулаад жагсаалаараа шүүгдэх болно. Энэ бол билэггүй яриа, муу ёр. Гэхдээ туйлбаргүй үнэн.
  • Бичсэн erdenebayar
  • Үзсэн: 3763

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter