223-р сар2019

Бүлэг: Өгүүлэл

Хvний амьдрал (Баримтат өгvvлэл)

Ганбаа. ОХУ-аас



6-р сарын нэгэн дулаахан орой Болдоо гэрээсээ гараад л нөгөө л сурсан зангаараа эсрэг талынхаа байрны 8-н давхрын дэс дараалласан 3н цонхыг ажиглалаа. Магадгүй тэр айлынх гэр бүлээрээ нэг тийшээ явсан бололтой уржигдар түүний харсан цонхон дахь хөшигний хэв огтхон ч хөдлөөгүй байрандаа байлаа. Гунигтайхан басхуу аятайхан ч юм шиг. Сэтгэл нь нэг л эзгүйрээд... Тииймээ энэ бол тэрхүү нэгэн хөвгуунд дурлалын галыг бадраасан зуны дунд сар байлаа.
Уянгаа хэзээ ирэх бол ? ядаж сургийг нь ч болов сонсох юмсан. Эсвэл найз охидуудаас нь тэрнийхээ тухай асуудаг ч юм билүү гэх мэт бодол зэрэг зэрэг орж ирсээр.
Гэнэт " Болдоо, миний хүү ороод ир! " гэх ээжийн дуу гарлаа.
- Маргааш хагас сайн өдөр учраас хоёулаа эртхэн шиг амрая, харин миний хүү хичээлээ хийсэн биз дээ? Уг нь тэр сонгоны ангид нь тэнцчихвэл ч сайн хүүхдүүдийн дунд ороод миний бор хүү алзахгуй биз дээ гэж бодсоноо
- Ангийн чинь багш ярихнээ чамайг даалгавараа хийхгүй байна гэх юм. Ер нь ээж нь маргааш зах руу ганцаараа ундаагаа аваад явья гэж настай хүний гомдонгуй аясаар хэлэхэд хүү ээжийгээ өрөвдөн өчигдөр найзуудтайгаа дэмий ярьж гадаа суусаар даалгавараа хийгээгүйдээ санаа зовон:
- Хаанаас даа ээжээ! Та ямар багшийг мэдэхгуй биш! 5 н бодлого өгчихөөд 10-ыг шалгах гэдгийг нь. Тэгээд ч би таньд тийм хүнд юм үүрүүлчихээд санаа амар гэртээ хичээлээ хийж лав чадахгуй гэснээ, уунээс хойш даалгавараа сайн хийж байнаа гэхэд нь эжий нь хүүгийнхээ духан дээр аяархан унссэнээ " Хүү минь ч ухаан суугаад том эр болж дээ " хэмээн бодлоо.

... Ув улаан даашинзтай өмнөө зогсох Уянгааг хараад тэр дуугарч чадсангуй! Хэлэх угээ олж ядан зогстол ...
" Бүжиглэх үү" гэх нь тэр, Шинэ жилийн удэшлэгэн дээр Уянгаагаас хөөрхөн охингүй, Болдоогоос илуу аз жаргалтай хөвгүүн үгүй байлаа.


Гэнэт цочин сэрвэл цагных нь сэрүүлэг 06.30 зааж, нар ч аль хэдийнээ манджээ. Ийм амттай зүүд! Дахиад 10хан минут ч гэсэн үргэлжлүүлэн зүүдлэх юмсан гэж хүүхдийн мөрөөдөмтгий сэтгэлээр бодсоор хувцаслан ундаагаа авахаар дэлгуур явлаа.

Тэр өдөр Болдоо усан хулгана болтлоо ажиллажээ. Зах дээр тэрэг түрэн хүмүүсийн барааг зөөн, зав жаахан гарвал ээждээ зарах ундааг нь дөхүүлж өгсөөр нэг л мэдэхэд зах тарах болсон байлаа.

Удахгүй 9 сарын 1 болно. Сонгоны ангид ороод Болдоо хичээл ихтэй болжээ. Сонгон хичээлийн нэмэлт цаг, дугуйлан, англи хэлний дамжаа гээд л , харин энэ бүхэнд тэр огтхон ч түүртсэнгүй. Тэр огт өөр юманд санаа зовж байлаа. Тэр нь өдрөөс өдөрт санчиганд нь цагаан үс нэмсээр байгаа сайхан буурал ээжий нь. Yрийнхээ хойноос гэж үүрийн гэгээнээс удшийн бурий болтол зах дээр ундаа зарж халуунд халж, хуйтэнд хөрсөн хөөрхий ээжийгээ л өрөвдөж байлаа. Олсон хэдэн төгрөгөө өөрөөсөө ч харамлан, хүүдээ хадгалж хонхны баярт нь хүүгээ хүнээс дутаахгуй явуулчих гэсэн тэр хөөрхий эх хүнээр хорвоо дэндүү хатуу тогложээ. Сайхан хань нь цаг зуурдаар хорвоог орхиход нь тэр эх хүн бараг л галзуурах дөхөж, удаа ч үгүй 2 сайхан охинийг нь хорвоо чи галын бурхны аманд өгөхдөө хөөрхий тэр эмэгтэйн харууслын нулимсыг даанч чи тоогоогуй.
Хорвоо чи хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн. Гэвч энэ хүн үлдсэн ганц үрийнхээ төлөө дахин амьдарсан юм. Одоо тэр хунд уйлья ч гэсэн нулимс дуусаж, үхье ч гэсэн эрх байхгуй болжээ.
Хорвоогийн талыг морин туурайгаар тамгалсан Чингисийн өмнө хумуус, ертөнц бөхөлзөж байхад, xуугээ хэмээн бодож амьдралын өмнө цэх зогссон монгол эмэгтэйд эзэн Чингис өөрөө бөхийж байсан тvvx бий.

Удахгуй Болдоо 10-р ангиа төгсөнө, конкурс, сургалтын төлбөр гээд л...
…Болдоо нэг өдөр гараад найзуудтайгаа элдвийг ярилцаж суухдаа, ирээдүйд ямар хүн болох тухайгаа, хэн ямар охинд сайн юм бэ? гэхчлэн охидуудын ихэвчлэн ярилцдаг ярианы сэдэв рүү орлоо. Ээлж ээлжээр явсаар Болдоогийн ээлж болоход:
- Би ирээдүйд хуульч болно. Тэгээд энэ олон ядуу хүмүүсийн эрх ашигийг хамгаалсан хууль гаргана гэж хэллээ.
Тэгтэл найз нь хажуугаас нь: За, тэр ч яахав, ингэснээс чи ямар охинд сайн юм бэ? гэхэд нь
- 10В-гийн Уянгаад гэж юм бодолгүй хариулахад найзууд нь тачигнaтал инээлдсэнээ. "

Манай ангийн Уянга гэсэн бол бүтэх л байх, миний найз арай л гялалзсан одыг сонгож дээ, тэр чинь найз залуутай гэхчлэн Болдоог баахан цаашлууллаа."

Eнөөдөр 5 сарын 30ны өдөр, 129 номерийн ангид нэлээн хэдэн эцэг эхчууд цугларч 17н цагийг, ангийнх нь багшийг хулээж хоорондоо элдвийг ярилцана. Удаа ч угуй хаалга нээгдэн дунд зэргийн нуруутай нудээрээ инээмсэглэсэн боровтор царайтай эмэгтэй орж ирлээ. Энэ бол Болдоогийн ангийн багш Сайнзаяа товчхондоо хэлэхэд энэ сонгоны ангид орохыг зөвлөж ятгасан анхны хун нь.
- За бугдээрээ цугларсан уу? гэж багш асуугаад хариултаа ч хүлээсэнгуй
За тэгвэл ажилдаа орьё гэлээ.
багшийн яриа дундуур Болдоо ангиас гарлаа. Учир нь онц гарсан ангийн тэргүүний сурагч болсон гэж хэлүүлэхээсээ ичсэндээ л тэр. Коридорт хулээгээд зогсож байтал
- Сайн уу? гэх охины дуу гарвал ..... Уянгаа.....
Естой сандарсандаа юу ч хэлэхээ мэдэхгуй дэмий л ам ангалзаад ...
Чамайг Болдоо гэдэг байхаа ? Захирал чамайг дуудаж байна гэв. Би анх удаа тэрхүү хайрийн эзнээ удаан бөгөөд анхааралтай ажиглалаа. Анхааралтай гэдэг маань эгц урдаас нь гэж хэлэх гэсэн царай л даа . Давхраатай алаг нуд, инээхэд хацарт нь үүсэх бяцхан хонхорхой зэрэг нь тэр охиныг улам үзэсгэлэнтэй харагдуулна.
Хэлсэнд чинь баярлалаа. Eө чамайг сургуулийн тэргууний сурагч болсонд Баяр хургэе гэвэл Уянгаа инээснээ:
Баярлалаа. Гэхдээ чи надад туслаагуй бол ..Ингэхэд чи яагаад өөрөө " тэргууний сурагч шалгаруулах" шалгалтан дээр өөриинхөөгөө бичихгүй байсан юм бэ? Магадгуй чи ч түрүүлж болох байсан гэхэд нь
Чамдаа тусламаар санагдаад гэж хэлмээр санагдавч
манай вариантийн тэр сэдвийг би мэдэхгүй байсан юм хэмээн худлаа ярьлаа....
Захиралын өрөөнд Болдоо зогсоно. Захирал туунд:
Сургууль дээр 2 ш Найрамдал зуслан дээр амрах эрхийн бичиг ирсэн.Нэгийг нь сонгоны ангийн амжилт гаргасан хуухдэд өгөхөөр багш нарын зөвлөл шийдсэн хэмээгээд эрхийн бичгийг гардууллаа.

7-р сарын нэгэн өдөр
Хуухдийн ордны өмнө монгол орны өнцөг булан бурээс авьяас,эрдэм ном, идэвх чармайлаараа шалгарсан хүүхдүүд цугларчээ.Тэдний дунд бордуу царайтай , нудэнд дулаахан хөвгүүн уургэвчээ уе уе оролдон зогсоно .Энэ бол Болдоо.
Aр араасаа цуван хөдөлсөн 5-н Ниссан автобусний хамгийн арынхад нь Болдоо нэгэн хөвгуунтэй сандал зэрэгцэн суужээ. Ганаа гэх тэр бандитай Болдоо дотно танилцаж улмаар нэг булэгт орлоо.
Eнөөдөр танилцах удэшлэгтэй гэсэн чи очих уу? гэж Ганаа надаас асуухад амжвал очноо гэлээ.
....Одод тэнгэрт тугээд хуухдууд тээр цаана шууугилдаад, надад яагаад ч юм бэ тэр намуухан орой ганцаараа баймаар санагдаад.Уянгаагаа бодох гээд л тэр шуу дээ.
..Харанхуйд суумийгээд эрэгтэй эмэгтэй 2 хуухэд инээлдэж ярилцсаар наашаа ирлээ.Уе уе чанга инээх нь Ганаагийн дуу яах аргагуй мөн дөө. Сэргэлэн банди юм аа Найз охиноо олчихлоо шуу гэж дотроо бодож инээгээд аз жаргалтай 2-т саад болмооргуй санагдаж булгийнхээ зуг явлаа.
Маргааш нь би хэнийг харсан гээч !!!!! Ганаа маань Уянгаатай хөтлөлцөөд наашаа ирж байх нь тэр...
За танилцацгаа !! гэж Ганаагийн хэлэх тэр агшинд л Болдоо ухаан орох шиг боллоо.
Бид нар чинь 10 жилийн найзууд хэмээн хөгжилтэй ярих тэрхуу охиныг Болдоо хайрладаг юм. тэр уед Болдоод ямар хэцуу байсан гээч. Миний хайртай охинтой миний найз!!!! Бурхан минь та намайг юуны учир ингэж байгаа юм бэ?...................


...............................Албан тасалгаан дахь утас нь дуугарч Болдоог 10 жилийн өмнөхийг бодсон бодлоос нь салгалаа.
2-уулаа өнөөдор охиноо аваад цуг эмнэлэг орье !! Чиний ажил хэзээ тарах вэ? гэж Уянгаагийн асуухад Болдоо 5 настай Анужиндаа кукла авч өгөхөөp амласнаа сая саналаа.
Дагавар хуухэдтэй хунээр яах юм гэх ээжээсээ Болдоо анх удаа зөрөн Уянгаатай суусан. Ганаагийн хуухдэд эцгийх нь оронд эцэг болж, Уянгаагийнхаа амьдралийн төлөө тэмцэлд нь хос багана болохоор Болдоо шийдсэн юм.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 2113

Бүлэг: Өгүүлэл

ИДЭРИЙН ДУРСАМЖ - Төгсгөл

...Найз нөхөд маань цөм л амьдрал зохион, үр хүүхдээ дагуулан явцгаах боллоо. Би ажлаасаа халагдан өөр газар ажилд орж, хар нүдэн маань По руу наймаанд явчихлаа...

Би түүнийг хараад л ширтээд л
Битүүхэндээ бас горьдон хүлээх юм
Тэгэвч, зүүдний чинь эзэн
Тэс өөр хүн гэдгийг би мэднээ...
Намайг тэр хараад л ширтээд л
Намрын гуниг арилтал мишээх юм
Чингэвч зүүдний минь эзэн
Чи биш тэр гэдгийг мэдэх үү...

хэмээн Ардчилсан Холбооны улаан дээлт гэгддэг Дари. Сүхбаатар шүлэглэсэн байдаг... Хайр гэдэг ийм л юм... Сургууль төгсөөд ирсний дараахан айлын хуриман дээр зүс үзэн танилцаж, сайн найз нөхөд болсон нэг бүсгүй байх. Тэр миний бүх л паянг мэднэ.

…Миний төрсөн өдөр хэзээ хэзээгүй болох гэж байлаа. Гэр бүлийнхээ хамт хойшоо явсан найзынхаа 3 өрөө байрыг харж үлдсэн надад, төрсөн өдрөө аятайхан тэмдэглэн өнгөрүүх санаа төрнэ... Найз бүсгүйтэй дэлгүүрт тааралдан, төрсөн өдрөө хийх санаатай байгаагаа цухуйлгав... "Yгvй тэгээд чи, хоол ундаа яaх гэж байгаа юм бэ?" гэнэ. "Єө, тэр яахав. "Солонго"-ийн хажуу дахь хагас бэлэн бүтээгдхүүнээс салад, торт авчихна" гэлээ. "Салад, зууш, торт аваад хэрэггүй ээ. Би хийгээд өгье.Харин чи ийм, ийм юм аваад бэлдчихээрэй..." хэмээн тэр хэллээ. 25 хүрч байгааг хэлэх уу, хар нүдэнгээ урьсныг хэлэх уу, хагас сайн таарч байсныг хэлэх уу, ажил таран ирэх замдаа бүсгүйн хэлснийг цуглуулан амьхандаа бэлтгэлээ базаан байлаа. Оргилуун дарс, вино, архи, пиво аван хөргөгчинд хийж орхилоо. Архи, пиво 2-ыг нэлээд юм болж байж олсон юмдаг. Пивонд нэлээд дуртай надад пиво олддогуй нь хэцүү байдаг байсансан. Сонирхуулахад тэр уед: Ууя гэвэл "Ургац", болж угвул "Боргио", нийлье гэвэл "Нийслэл", тун болохгуй бол "Тунгалаг", арга ядвал "Атар" уугаарай гэдэг байлаа. …Төрсөн өдөр... Єдрийн ундны дараа ажилчдадаа аминчлан хэлээд, эртхэн гарлаа. ...Утас дуугарав. Найз бүсгүй "Баяр хүргье! Одоохон очлоо" гэлээ. Тэднийх миний байгаа байрны эсрэг байр. Тун удалгуй гараа гарган байж хийсэн тортоо барьсаар орж ирлээ. Тэр харин ёстой хоол унд хийхдээ гарамгай нэгэн аж. Дорхноо л салад, зууш, хоол унд бэлэн боллоо. Хоюлаа элбэн ширээгээ заслаа. Бүх юм жин тан. Одоо ганцхан зочид ирэх л үлдлээ. Манай найз нөхдийг танихгуй тэрээр: хар нүдэнг чинь харчихаад л явна гэх. Хоюулаа гал төгөөны өрөөнд ойр зуурыг ярилцан байтал, хонх дуугарав... "За, тэр шинэ төрж байгаа залууд баяр хүргье!" гэсээр найз нар маань шуугилдан орж ирлээ. Хар нүдэн ч тормолзсоор ороод ирлээ. Тэр хүрээд ирлээ. Тэднийг зочдын өрөө рүү оруулчхаад, гал тoгooнd эргэн иртэл. "Хальт харлаа. Их л сайхан хүүхэн байна" гэсээр найз бүсгүй маань явахаар бослоо...

Оргилуун дарс буудуулан, миний төрсөн өдрийн баяцхан найр эхэллээ. Хар нүдэн маань яриа хөөрөө сайнтай нэгэн тул тун удалгүй найзуудтай минь хэзээний танилууд мэт боллоо. Нүүр хагарцгааж, яриа задгайрав. Гэтэл найз нар маань "Чи арай энэ бүгдийг өөрөө хийсэн юм биш биз дээ" гэцгээлээ. "Yгvй л дээ, танил бүсгүй маань хийсэн юм" гэтэл "Yгvй мөн хачин амьтнаа, хамаг юмаа хийлгүүлчихээд урих нь байтугай, танилцуулах ч үгүй явуулчихсан байдаг. Одоо бушуухан дууд!" хэмээн шуугилдав... Би түүн рүү утасдлаа. Нэлээд цааргалсны эцэст ирэхээр боллоо. Найз нар маань надад зориулан дуулцгаав. Хар нүдэн маань хөөрхөөн дуулчихдаг юм байна. Харин найз бүсгүй маань ганцхан дуу мэднэ гэсээр "Настан буурал эмээ"-г дууллаа. Эцэст нь би "Зүүдэн бороо"-г дуулав... Харын хар нүдэн чамайгаа, Харж л суух минь хэзээ л юм болдоо…Шөнө дунд өнгөрөөн найз бүсгүй маань харихаар явлаа
..Намуухан ая эгшиглэн би хар нүдэнтэйгээ бүжиглэнхэн байлаа. Эртний л хэлье гэвч эв нь нэг л олдохгүй байсан тэр үгээ түүнд хэлэхээр шийдэв. "Хүрч ирсэнд чинь баярлалаа."..."Харин, урьсанд чинь баярлалаа." Yг маань эг маг гээд л. Нэг л эвлэж өгөхгүй зовооно. Найз нар маань байдлыг ойлгож байсан болохоор бидэн 2-г эс анзааран элдвийг шуугин хөгжилдөн байлаа... "Yvнийг эртнээс чамд хэлье гэж бодсон юмаа." ...2 жил гаруй тэднийхээр эргэлдсэн намайг чухам юуг хэлэх гээд байгааг тэр бараг таамаглаж байсан болов уу... "Би чамд хайртай" сэтгэл догдлон байж түүнд дуулдхуйц тод хэллээ. Тэр дуугарсангүй. Хэсэг чимээгүй байснаа "Чи өөрөө мэднэ шүү дээ." гэх нь сонсогдлоо. Тиймээ... "Хөдөлмөр"-ийн заал хавиар голдуу явж харагддаг, Олон улсын хэмжээний мастер, гүжирмэг чийрэг тэр залууг би мэднээ... Хэлэлцсэн юм шиг 2-уул зэрэг бүжиглэхээ болин ширээ зүглэв. Бүсгүй дуугай бодлогошрон суух нь ер бусын үзэсгэлэнтэй харагдана. Би ч бантсандаа хий дэмий л өмнөх хундагаа өргөн, "За нэг авцгаая" хэмээн явуулж орхилоо… Эгчмэд бүсгүйг уйлуулан хайлуулан гомдоож явсан эр нэгэн би, алаг нүдэн бүсгүйн харцанд даанч нэг urtsunгvй ээ... Юм гэдэг чинь эргэдэг юм байна. Гашуун ч гэсэн энэ үнэнийг надад мэдүүлэх мэт, архи хоолой зуран байж орлоо...Бид 2 дахин бүжиглэсэнгүй... Найз нар маань ч бүжиглэсэнгүй... Нэг л яриа хөөрөө цөөрөөд ирлээ... Гадаа шувуу жиргэх сонсогдлоо. Yvр цайчихаж. Бид цөмөөрөө гарлаа. Хавар 5-р сарын эхэн. Хачин сайхан намуухан, тунгалаг өглөө. Бид элдвийг ярин явсаар дунд голийн эрэг, далан хүрээд салцгаав. Эргэж ирэн, хугас шил архи байсныг ууж орхиод, орон дээр бүхлээрээ тэрийн унав. Түрүүхэн л дуу хөгжим болон байсан зочны өрөө эл хуль. Сэтгэл ч эл хульхан... Нүдэнд түүний тормолзон мишээх нь үзэгдэж, "Чи өөрөө мэднэ шүү дээ" гэх нь чихнээ сонсогдоно... Нам унтаж орхисон байлаа. Хонх дуугарах чимээнээр сэрэв. "Яасан бэ?" гэсээр найз бүсгүй орж ирлээ... "Хэлэхээ хэллээ… Тоосонгүй дээ..."

...Єлмий доор чинь хайраан булж орхиод
Yхэж болдоггүй орчлонд мөрөөн би төөрүүллээ.
Єрөөлийн уруул руу цорвойн жаргаж явахад чинь
Єсгий доор чинь ивээс болог дээ, миний хайр..."
(Б.Лхагвасүрэн)

Эл хуль сэтгэлээ нэгжин, адар ширтэн алмайран хэвтэх надад, балконы онгорхой хаалгаар хүүхдүүд шуугилдах чимээ, гал тогооноос хаая нэг аяга, таваг дуугарах нь сонсогдоно... Нэг жилийн дараа миний хань, амьдралын тушиг болох тэр нэгэн бүсгүй аяга таваг угаан зогссон нь тэр ээ...

Бидэн 2-ын хэн хэн нь ч "хайртай, дуртай" хэмээн уруул цорвойж, андгай тангараг тавиагүй ч сэтгэл нийлэн, заяa холбов. Би хүний хань, хүүхдийн эцэг боллоо. Миний эрээд хайгаад, хүнээс гуйгаад байсан тэр их хайр хажууд л байсан юм билээ. Надад ахин хэзээч заяaхгvй, олдохгүй хайр... "Би чамдаа хайртай"... "Сайн эр морио, муу эр эхнэрээ" гэдэг. Тэгвэл энэ удаад би нэгэн муу эр болъё. Эр хүн ямархан явах нь түшиж, тулсан ханиасаа шалтгаалдаг гэж би боддог. Бид 2 үр хүүхэдтэй болон ажил, амьдралаа залгуулсаар өдийг хүрлээ... Энэ хооронд цаг үе, хүн хоёр маш хурдан өөрчлөгдөн, өнгө, мөнгө бүгдийг дийлэх боллоо. Ороо бусгaa энэ цагт би худал үнэн ярьж, хүний итгэл сэтгэлийг хугалж, хулгайлж явсангүй, өнгө мөнгөнд автаж сайн нөхдөө луйвардаж явсангүй, дорд ядмаг нэгэнд нь далайж, дээдсийн өмнө дэлдэгнэж явсангүй... Тэр нэгэн цагт ажилчин болчихоод гүрийж явсан үе байхад, тамга атган байгууллага удирдаж, улсаа төлөөлөн хуралд оролцож, нэрийн хуудас солилцож явсан үе надад байна. Эр хүн тугал ч хариулна, туг ч барина гэдэг тэр... Єдий зэрэгтэй яваа минь миний ханийн хайрын хүч... Би чамдаа хайртай... Энэхүү булангийн 51 дэх зочин болон орж ирсэн би бээр: дэгэж дэрвэж явсан хүүхэд ахуй насаа, намайг уйлуулж, надад уйлж явсан хайраа, "...Учир ээдэрсэн хорвоогийн, Уйлах эрхгүй хайр..."-аа (Б.Лхагвасүрэн), "...Ойртох тусмаа холддог орчлонгийн, Оройтох тусмаа нялхардаг хайр"-аа (дууны уг), "...Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн Шунхан улаан залуу нас"-аа (Р.Чойном) дурсанхан, дурданхан байж бичиглэв ээ... "...Цайлган дуугаа өргөлөө дөө, өндөрлөе дөө хөө, Цаашдаа зөндөө ч дуулна шүү дээ, уйлна шүү дээ хөө..." (З.Дорж), ...Та бүхэнд сайн сайхныг хүсье...

--------------------------------------------------------------------------------
...Анатомын сурах бичиг дээрх зүрхний зургийг хараад зүрх гэдэг эрхтэн л гэж ойлгох нь лавтай. Тэгвэл орцны ханан дээр зурсан зүрхийг хараад шууд л ХАЙР ДУРЛАЛ хэмээн ойлгоно. Тийм биз дээ? Eр нь зүрх гэдэг чинь хүний бие дэх цусны эргэлтийг хангаж байх үүрэг бүхий атгасан гарын хэмжээний булчинлаг эрхтэн л шүү дээ. Тэр тусмаа хүн зүрхээрээ дурладагсан бол... Азгүй дурлалын золиос бологсод цэл залуугаараа хорвоог орхиж, үлдэгсэд нь зүрхний өвчнөөр насан турш зовцгоох болно. Тэгтэл, яагаад хайр дурлалыг зүрхээр илэрхийлэх болов оо... Єнгөт орчлонг тольдогч мэлмий, нүдээр илэрхийлэж болдоггүй юм уу. Эр хүн нүдээрээ дурладаг гэдэг үг ч байдаг шүү дээ. Yгvй юм аа... Зүрх цохилж байж амь, амьдрал байна. Тэгэхээр амьд зүрх агуу юм. Гэтэл нэг эст бүдүүлэг биетэн өсөөд үржээд, үхээд үрэгдээд байдаг шүү дээ. Энд амь, амьдрал хоёр байна уу, байна... Гэхдээ хэлбэр төдий... Учир нь тэдэнд зүрх байдаггүй. Тэгэхээр амьд зүрх агуу юм. Хүнд зүрхтэй нь дүйцхүйц агуу өөр нэгэн зүйл байдаг болоод, түүнийгээ зүрхээрээ илэрхийлдэг байх нь. Тэр нь ХАЙР ДУРЛАЛ. "...Амьддаа бие биенээ ХАЙРЛА, хүмүүсээ..." гэж амьд зүрх, хайр хоёрын агууг зарласаар О.Дашбалбарын нэгэн шүлэг жаргадаг. О.Дашбалбар төрийн соёрхол хүртсэнийг өнөөдөр мэдлээ. Магад дээр өгүүлсэн шүлгийнхээ мөрөөр энэ хүндэт алдрыг хүртээ биз ээ...

-------------------------------------------------------------------------------

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 2787

Бүлэг: Өгүүлэл

ИДЭРИЙН ДУРСАМЖ - V

...Дипломоо авснаас хойш 2-хон хоног гэхэд л ангиасаа би ганцаараа байрандаа торойн хоцров. Байрны өмнөх цардмал дээр цагаан будгаар бичиж орхисон тэдний нэр ус нь л үлдэж дээ… Хичээл, пиво 2-оос өөр юм төдийлэн сонирхдоггүй би ийш тийшээ нэг их яваагүй байлаа. Айдгаа ардаа хийж авсан хүн хот хот дамжин хөндлөн гулд хэслээ.
Тэр үед "Kоммандо", "Робоkоп", "Рамбо" Брус Лээгийн кинонууд үзэгчдээр хахан, "КИСС", "ИРOНМАЙДЭН" " Ю-2"," QUEEN"-ээр рок халуурч, Саманта Фох, Ким Вилдийн хагас нүцгэн зурагтай тэмдэг залуусын энгэрийг чимэглэн байсан. 9-р сар гарлаа. Хаа хаагүй л хичээл эхэлсэн тул байрандаа эргэн ирлээ. Єрөөнд минь хэзээний шинэ оюутан орчихсон байлаа. Байрны дарга өвгөн дуудаж уулзаад "Хүү минь харь даа" гэснээр, нутгаа зорилоо... Номын дуу сонсож суусан танхим, номын сан, лаборатор, босгыг нь элээж, дуулж наргиж цэнгэж явсан оюутны байр, тамхины утаа хошиглон улс төрийн яриа өрнөсөн шар айрагны мухлаг, оюутан ахуйн он цагуудаа орхиод би буцлаа. Тиймээ... Шалгалтанд бүдэрчхээд гутарч суусан уе байхад, "Онц" өгөөд овойж явсан үе байх, 2, 3 сонин доороо дэвсэн чулуун шалан дээр чичрэн хоносон үе байхад, такси хөлөглөн уралдуулж явсан үе ч байх, тамхины дээдийг татаж, шарзны дээдийг шимэн тансаг БАР-нд налайн суусан үе байхад, дутуу татсан тамхиа цуглуулж явсан үе ч надад бас байх юм. Ирэх очих замд тохиосон элдэв учрал, зуны амралтын жаргалтай сайхан өдрүүд цөм дурсамж болон үлдлээ... Оюутан байлаа хөөрхий...

Мэргэжлийн ажил маань зөвхөн хотод л байдаг тул хөдөө хөөгдөх, хотод үлдэх гэж гуйх хэрэг аль аль нь надад байсангүй. Яаман дээр очлоо. Хоцорч ирсэн, тэнэсэн гэсэн жаахан банга сонсоод, томилолтоо өвөртлөн, хуваарилагдсан газраа заалган байж очлоо. Шинэхэн инжнeeр их л сүртэй, дэгжин хүн очсон юм билээ л… Хожим инээдэм болгон дурсах дуртай болсон юм. Төгсөж ирээд ажилд ороход 15 хоногийн чөлөө өгдөг байсан л даа. Нутагтаа очин аав ээж, төрөл төрөгсөдөө баярлуулав. Эргэж ирээд "Хөдөлмөрийн дэвтэр"-ээ нээлгүүлэн, үйлдвэрт доод тушаалын ажилтны алба хаших болсноор миний Улаанбаатар дахь ажил, амьдрал эхлэв ээ... 10 жилийн ангийнхаа найзтайгаа айлын хашаанд жижигхэн гэр барин өвөлжих боллоо. ...Нөгөө охин маань өнгөрсөн зун хүнтэй суусныг мэдлээ. Нэгэнтээ аутобусанд тааралдлаа. "Найз нь хүний хүн болсоон…" хэмээхэд нь "Сонссоон. Баяр хүргэе" л гэлээ. "Энд ажилд орсон доо" гэтэл "Мэдсээн" гэлээ. Ганцхан буудлын хооронд болоод өнгөрсөн энэ яриа, миний анхны хайрын туйл, тайлал нь байсаан. Би түүний ангир цээжийг нь тэвэрч, уруулынх нь амтыг мэдэрсэнгүй ээ... Бид 2, бие биендээ хөдөөний жижиг сууринд хөтлөлцөн гүйж явсан хөвгүүн, охин хэвээрээ үлдлээ. Тэднийх хот руу нүүгээгүйсэн бол, би хойшоо сургуульд яваагүйсэн бол, 1-р курс төгссөн зун уулзалдаж чадсан бол, яах байсан бол... Хааяа хааяа надад ингэж бодогддог юм. Түүний хөгшин эхэд нь 2 жил дараалан цагаан сараар очиж золгосон. Учиргүй баярлаж байсан даа. Хөөрхий... Тэр жилийн зуны амралтаар гэртээ очоод, 10 жил, оюутан үеийн гэрэл зураг, гэртээ бичсэн, хүнээс ирсэн захидлуудыг эмхлэнгээ үзэж суутал, ээж минь "…Нөгөө ХЭН…" гээд дуугүй боллоо."…Хүнтэй суусан гэсэн"… Их л тоомжиргүй дүр эсгэн байж хэлсэн ч, дуунд минь харамссан өнгө нэвт харвасан байсан... Надад түүний бичсэн тоотой хэдэн захиаг нь "Ээж, зуух руугаа хийчих" гэсээр би өглөө. Ээж минь түүнийг бэрээ болно гэдэгт эргэлздэггүй байсан болов уу даа...

Бөөрөнхий энэ орчлонгийн
Бөөрөн дээр нь амьдарна.
Бөөн цагаан үүл шиг
Нүүж л яваад дуусна.
Манантай энэ орчлонгийн
Магнайн дээр нь амьдарна
Мартахын аргагүй Анимаагаа
Хайрлаж яваад л дуусна...
(О.Дашбалбар)


...Дашбалбарын олон шүлгэнд дурсагддаг, түүний найз Анимаа гэгч эмч бүсгүй үнэхээр байдаг гэлцдэг..

...Яахав. Хорвоо ийм л хойно...Тэр надад хайртай байсан эсэх, намайг дурсаж явдаг эсийг би мэдэхгүй. Гэхдээ би үүнд харамсдаггүй юм. Харин надад олдоогүй анхны хайрын эзэн охины зүрх сэтгэлийг эзэмдэж чадсан азтай тэр эрд бяцхаан атаархаж явдагаа нуух юун... Би ажилдаа гүйгээд л, хүний орчлонтой танилцаж л явлаа даа. Оюутан байх, 20-иод хүн удирдаад, хэрүүл хийж явах ихээ хол зөрөөтэй л дээ. Их сонин, заавал дуугаа өндөрсгөж байж л ажил бүттэг байсым. Тэр үйлдвэрт би 3 жил болсон. Нэр нүүр, тоон үзүүлэлтээр ажлаа дүгнэж, дүгнүүлж сурсан эрхмүүдтэй би ганзага нийлээгүй... Ажилчин болж үзлээ. Харин энд би хуруу хумсаа хуйхлан байж биднийг (бид 9-үүл) хүний зэрэгт хүргэсэн аав, ээж 2-гоо ойлгосон. Эцэст нь "Єөрийн нь хүсэлтээр" гэсэн цохолттой тушаалаар ажлаасаа халагдсан... Гэхдээ энд зөвхөн ажил байгаагүй... Нартад дорой төрсөн намайг саатан тогтож хараа нь үгүй алаг нүдтэй би учирсаан. М.Цэдэндoрж агсан Батцэрэн гуайд (Хүргэн хүүгийн) зориулан "Миний алаг нүдэн"-гээ бичснийг өнөөдөр Сосорбарам дуулж байна. Тийм л нэгэн хар нүдэн бий. Цуг ажилладаг бүсгүйн найз тэр бүсгүйд би үнэхээр унаж байсаан… Ажлаа тараад тэднийхээр ороод гарах нь надад сэтгэлийн их дэм болдог байлаа. Хэтэрхий дурласан хүн нөгөө хүндээ халдаж чаддаггүй юм уу аль эсвэл би тийм юм уу.., Нэг л эв нь олдохгүй байсаар 2 жилийн нүүр үзвээ. Тэр намайг тоохгүй нь илт боллоо. Гэсэн хэдий ч, би бүсгүй хүнээс хайр нэхэж, анх удаагаа "Би чамд хайртай" гэж хэлж үзсэн. Тоогоогүй ээ... Тэр жирийн нэгэн ажилчин, эрвэлзсэн, дэрвэлзсэн, давхраатай том алаг нүдтэй, сайхан гэхэд даанч сайхан бүсгүй байлаа. Миний алаг нүдэн хэмээн сэтгэлдээ өмчлөхөөс өөр тавилан надад vгvй...

Єөрөө чи хөөрхөн нүдтэй төрчихөөд
Єрөөл бусдын нүдийг булааж яана.
Хөөрхий би ганцхан зүрхтэй байж
Хөөрхөн нүднээс түүнийгээ өгч яана…
(Д.Нямаа)


...Намайг алаг нүдэнд уначихаад үйрч, сүйрч байхад: Болд-Эрдэнэ, Бавуудорж, Эрдэнэ-Oчир, Билгуун, Уянга, Батцэцэг, Ичинхoрлoo, Мөнхцэцэг, Хулан, Тэргэл нар хайрын шүлгээ тэрлэн, Төмөрхуяг "Зүүдэн бороо"-гоо, Цогtsайхан "Аршаантын 18"-аа дууланхан байлаа... Тун удахгүй намайг, чамайг бид бүгдийг шинэ эрин рүү дуудан "Хонхны дуу" цуурайтах болно...

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 2796

Бүлэг: Өгүүлэл

ИДЭРИЙН ДУРСАМЖ - IV

…2-р курс миний хувьд хүндхэн үе байсан. Эгчмэд бүсгүй нутаг буцсан даруйдаа 2 захиа бичсэн юм. Тэгсхийгээд л сураг тасарсан. Харин би сургууль төгсөөд ирсний дараа 1 удаа уулзалдсаан. Тэр тухай би дурсах дургүй. Түүнд би улаан цайм худлаа хэлснээр энгийн найз нөхдийн ч байтугай мэнд усны ч зөрөөгүй болцгоосон юм даа. Шинэхэн оюутан надад их л түшиг болж байсныг би хөжим ухаарсан л даа. ...Харин тэрнээс минь ойр ойрхон хэдэн ч захиа ирлээ. Зун уулзаагүй явчихлаа хэмээн гоморхонгүй, бодож явдаг шүү гэж бичснийг нь уншаад би учиргүй баярлаж байсан. Түүнийг надад хайртай гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байлаа... Хагас жилийн шалгалтуудыг дажгүй давлаа. Харин хаврын шалгалтаар яах ч аргагүй нэг өвгөн профессoрт ороогдлоо. Єгдөггүй. Шалгалтын өртэй гээд намайг нутаг буцаасангүй. 1 шалгалт л дутуу байхад виз өгдөггүй байсан л даа. Намрыг хүлээхээс өөр аргагүй боллоо. Тэр үед ялих ялихгүй шалтгаанаар сургуулиас ихээ амархан хасдаг байсан. 1-р курстээ жирэмсэн болсныхоо төлөө сургуулиасаа хасагдсан охидууд цөөнгүй бий дээ. ...Харьж чадсангүй, түүнтэйгээ уулзаж чадсангүй. Зунжингаа л пиводэж байсан даа. Намар нөгөө шалгалтаа бараг зүгээр шахуу авснаар 3-р курсийн оюутан боллоо. Олон ч найз нөхөдтэй болон хэл ус ч тэгширч, хичээл пиво 2-оос өөр юу ч надад сонин биш болсон үе... Хичээл тараад, оройн хоолонд орохоор оюутны гуанзанд тугларч, тэндээсээ пивонд явцгааж, шөнө дөлөөр ирнэ. Єглөө эрт хичээлд явах. ...Оюутнууд ч намайг андахаа байлаа. Хуучин оюутан болж байгаа ухаантай юм л даа. ...Манай сургуульд 16 Монгол оюутан байх, түүний 4 нь эрэгтэй. Хавийн сургуулийн хөвгүүд охид эргүүлэн манайхаар их ирнээ. Ер нь л хагас бүтэн сайн болгоноор зочин, найр тасардаггүйсэн. Би охидуудтайгаа тун дотно харьцаатай байсан даа. Гэхдээ л хэн нэгнийг нь онцoлж явсангүй. Шинэ жилийн өмнөхөн, шинэ л гарсан дуу бололтой, хэд хэдэн дууны үг биччихсэн нэг захиа түүнээс минь ирсэн. 3-р курс ч ёстой л нэг мэдэхэд өнгөрч, хэдэн шинэ оюутан дагуулан нутгийн зүг гарлаа. Бидний хувьд хамгийн хэцүү газар бол Москва байлаа. Энд галт тэрэгний суудал олох, хонож өнжих газар хайх гээд л нэлээд юм болдогсон. Єнөөдрийн төрийн түшээд, шинэ Монголын боссууд ч энэ замыг тойроогүй байхаа… 2 жил болоод ирж байгааг ч хэлэх үү? 1-р хорооллын шар алаг байшингууд баригдаад эхэлчихсэн, хот ч өнгө зүс орчихсон мэт санагдаж байлаа. Ирснийхээ нөгөөдөр найзаараа заалган байж тэднийхээр очлоо. Хөгшин эх, багш 2 намайг өөрчлөгдөөгүй хэвээр байгааг гайхан, гайхан угтлаа. Харин тэр байсангүй. Москвад болох ДЗО-ны их наадамд оролцохоор явчихсан гэнэ. Наушки дээр зөрсөн уриа лоозон, туг дарцаг болсон суудалд тэр маань сууж явсан байж таарах нь. ...Би ч сум руугаа нислээ. Тэр зун манай ангийн 2 нь авгай авч, 1 нь хүнд очсон. Архи талонд ороод хамгийн ховор зүйл болсон байлаа. Хуриманд хэрэглэх гэж сумын захиргааны цохолтоор архи авч байсан үе. Ховор юманд хүн дуртай хойно бид нар ч эхлээд сонирхон авч, сүүлдээ балгацгаах болсон доо. Намар буцахдаа тэднийд очлоо. Уулзлаа. Нэг л тийм. Алибомоо үзүүлэн, ойр зуурын юм л ярих юм. Нэлээд оройтлоо. Сүүлдээ ярих ч юмгүй боллоо. "Хоёулаа гараадахъя?" гэсээр би бослоо. Хашааны хаалган дээр нь хүлээж зогстол гараад ирлээ. Гарч ирэхдээ эгчтэйгээ (багштай) цуг. ...Намайг яачихна гэсэндээ нэгийгээ дагуулж, нэг нь дагаж гарч ирж байгаа юм бэ. ..."За баяртай. Би явъя даа" гэж арайхийн хэллээ. Гудамжны үзүүрт хүрээд эргэн харахад орчихсон байлаа. Харин маргааш нь вокзал дээр ирсэн юм (эгчтэйгээ). Би ч юм хэлээгүй. Толгойт өнгөрөөд л ууж эхэллээ. Хил дээр согтуу хүрсэн. Энэ удаад хил гарахдаа би уйлсан юмдаг...

...4-р курс (төгсөх курс). Дипломын ажил, лабораторын ажил, хичээл. Заваар тун бага боллоо. Тэр намар манай сургууль дээр дипломын ажлаа хийхээр өөр хотоос манай жилийн нэг бүсгүй ирлээ. Бид 2-ын дипломын ажлаа хийж байгаа лаборатор ойрхон тул голдуу л хамтдаа ирж очино. Хааяa зав гарган, вино, пиво хувааж уусан шигээ үдшийг цуг өнгөрөөдөг байлаа. Гэвч нэг ялимгүй юмнаас болоод бид 2-ын зам нийлээгүй. Тэгэхэд би, бүсгүй хүн эр хүний учирлан гуйхыг хүсэмжлэн байдгийг мэдэрч ойлгох сэхээ ч үгүй явж… Сургуулийн маань оюутан, багш нар хамтдаа оролцдог бүжгийн цэнгээнт үдэшлэг жилдээ ганцхан тохиох. Заавал хосоороо оролцдог энэ цэнгүүнд би түүнийг урьж, тасалбараа захиалав. 2 сарын турш тэр үдшийг бодолдоо төсөөлөн байлаа. Гэтэл эхлэхээс нь 3 цагийн өмнө тэр бүсгүй маань гэнэт татгалзсанд нь шаралхаад, өөр бүсгүйг дагуулаад явчихаж билээ. Бас л тэнэг хэнэггүй байж…

Түүнээс сураг ч алга. Би ч захиа бичсэнгүй. Цаг хугацаа гээч хурдан хойно, төгсөх дөхөж байлаа. Тэр хавар төгсөх курсийн оюутнууд 7 хоног аяллаар явсан юм. 3-р курсээс эхлээд л лабораторын ажлаа цуг хийж ирсэн тэр нэгэн бүсгүйтэй аутобусанд суудал зэрэгцээ таарсандаа би их л олзуурхан явсансан... Шалгалтуудаа өгч дууслаа. Дипломын ажлаа дуусган, хэвлүүлж, хавтаслууллаа. Тэр улсад 1 цаг 30 минутийн дотор, 4-н хичээлээр улсын шалгалт нэг дор өгч, дипломоо хамгаалснаар төгсөнө. 6-р сарын 28-ны өдөр 15.00-д би орлоо. Миний өмнөхийг унагаачихсан байлаа. Тэр үед цаг маш хурдан өнгөрсөн. "Та түр гарч байна уу" хэмээн дeканы нарийныг хэлснээр би гарлаа. Тун удалгүй намайг дуудлаа. "Танд баяр хүргэе"гэлээ. Төгсчихлөө. 18.00-д төгсөгчдийг бүгдийг оруулан, нэг бүрчлэн дүнг нь танилцууллаа. Дипломоо "Онц" хамгаалан, сургуулиа "Сайн" дүнтэй төгслөө. Миний дурсах дуртай мөчүүдийн нэг. Тэндээсээ бөөнөөрөө шууд л нэг газар руу явцгаалаа. Хаана очсон нь ойлгомжтой биз дээ. 7-сарын 4-нд диплом гардуулна...

...Төгсөлт болсон сургуулийн оюутны байрны тухай тайлбар тодотгол хийх илүү биз дээ... Бид ч ангиараа хавийн пивоны газар, дискотек, баруудыг гүйцээв. Би ч ангидаа ганц гадаад нь болохоор бүх л юманд нь цуг. Нөгөө лабораторын ажлаа цуг хийдэг байсан бүсгүйтэйгээ бүжиг хийсэн шиг... Сайхан байлаа. Диплом авахын урьд оройн дискотек. Маргааш бидний ихэнх нь гэр гэрийн зүг, бидний салах мөч ойртсоор... Гудамжны гэрэл хурц цагаан өнгөөр орчныг сүлэн гэрэлтүүлнэ. Манайхан нэлээд урд дуу шуу болон явцгаана... Бүсгүй бид 2 байрны өмнөх модны сүүдэр доор зогсон, удаан гэгч үнсэлдэв. Бид 2 юу ч ярисангүй. Хоёр зүрх, хоёр сэтгэл бие биенээ хүсч, тэмүүлэн байлаа... Єглөө нь би өрөөгөөрөө дайран хам хум хувцаслан гарлаа. Диплом гардуулах ажиллагаа сүрлэг, ёслол төгөлдөр санагдсан. Ёслол тус улсын төрийн дууллаар эхлэв. Сургуулийнхаа нэр хүндийг өргөж явахаа гурвантаа андгайлан, төрж өссөн улс, сум, овог нэрээ дуудууланхан хурсан олны өмнө, нэрнийхээ өмнө товчоор инж (инжинер) хэмээн бичих эрх бүхий дипломыг гардан авлаа. Төрөл төрөгсөд нь цугларчихсан, бид бие биендээ сайн сайхныг хүсэн, зургаа татуулан, түрүүчээсээ салан одно... Манай 3 оюутан сарнай барьсаар намайг угтав... Миний өрөөний хаалган дээр аль хэдийний инж. Идэр гээд биччихсэн байлаа. Диплом угаах найр эхлэв. Шөнө дунд манай ангийнхнаас үлдсэн хэд нь орж ирсэн. Тэдний дунд нөгөө бүсгүй маань...

Єглөө сэртэл, тэр алга. Орны толгойн дээрх номын тавиур дээр "Чамайгаа мартахгүй. Марие.К" гэсэн бичиг бүхий нэрийн хуудас л үлдсэн байсан... Эргэн санахад зүүд ч юм шиг, үүлэн чөлөөний наран мэт жаргал хайрласан, харь нутгийн хөх нүдэн хонгорхон бүсгүй чамайгаа, тэр нэгэн "Wonderful Life" хэмээх дууны уянгалаг аястай үдшүүдийг би мартах аргагүй ээ.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 3125

Бүлэг: Өгүүлэл

ИДЭРИЙН ДУРСАМЖ - III

....Оюутны нийллэг бүжгээр гэхдээ уянгалаг зөөлөн аясаар өндөрлөдгийг бараг бүгд л гадарлах биз дээ. Төгсөх курсийн эгчмэд бүсгүй намайг бүжгэнд урилаа. Тэр миний мөрөн дээгүүр гараа тохон, би ташаан дээр нь гараа тавин намуухан найган ганхан бүжив. Уусан жаахан вино, пивондээ толгой мансуурна. Эгэм тушаа бүсгүйн амьсгаа халуу оргиулан эрвэгнүүлж, нимгэхэн хувцасны цаанаас зөөлөн, булбарай бие нь тэмтрэгдэн, гарын алга чийг даана. Нэг л ер бусын сэрэл бүх биеэр дамжин, зүрхний цохилт түргэсэн, амьсгаа дээрдэн, ам хатна. Ая дууслаа. Түүнтэй ахин бүжиглэмээр санагдана. Ая эхэллээ. Би түүнийг урив. Хоёр гараа зөрүүлэн, түүний бэлхүүсээр нь тэвэрлээ. Туяхан агаад нарийхан ажээ. Бүсгүйн амьсгаа чихний доохно хүзүүн дээр сэтгэл гижигдэн байлаа. Зориг муутайхан гараа чангалан, өөр рүүгээ татлаа. Бүсгүй ч үүнийг хүлээн байсан мэт цээжинд хяран наалдлаа. Түүний уруул миний чихний омгийг чийгтүүлэн, гүрээний судас дагуулан, халуун оргиулан зөөлхөн зөөлхөн хүрч байгааг бүүр түүрхэн мэдэрч байлаа...

...Найр өндөрлөв. Єрөөндөө орж ирэн тамхи татан жаал суулаа. Зүрх хэнхэлдэг цээжээ задлах шахан цохилно. Яагаад тэгэх болсноо би сайн ухаардаггүй юм, нэг л далдын хүч намайг даллан дуудах шиг би өөрийн эрхгүй бүсгүйн хаалгыг зүглэв. Зориг муутайхан зөөлхөн тогшив. "Хэн бэ?" гэх сонсогдлоо. "Би байна аа". Удалгүй цоож дуугран, хаалга онгойв. "Унтахгүй юугаа хийж яваа юм бэ?" гэхэд нь "Зүгээр л" гэхээс өөр юм хэлж чадсангүй. "Тэгээд ор л доо" гэсээр бүсгүй холдов. ...Хагаслан татсан хөшгин завсраар гудамжны гэрэл цайвар туяа татуулан, өрөөн дотор бүдэг, бадаг. Бүсгүй орондоо орчихжээ. Орных нь хөлд суулаа. Нам,гүм. Бүсгүй ойр ойрхон амьсгалан миний бие салганан байлаа. Зориглон түүний гарыг атган авлаа. "Yvдээ түгжчих!" гэж түүнийг шивнэхэд, би зүүнд хатгуулсан мэт огло үсрэн босов оо...

Єглөө маш эрт өрөөндөө эргэж ирлээ. Бие туйлын хөнгөн, бүсгүйн халуу дүүгсэн гоолиг бие цогцос гарт мэдрэгдсээр байх шиг. Харин нэг л их том гэм хийчихсэн мэт сэтгэл хөндүүрхэн... Тэр маань ширээн дээрх зурагнаас инээмсэглэн ширтэнэ.. Би чамайгаа яагаад санан мөрөөддөг, чамаасаа юу хүсээд байгаа гаа ойлгож эхлэв. Чамтайгаа хурдан учрахсан....

Єдөр нь би түүнтэй коридорт тааралдав. Юунаас ч юм зовон, учиргүй ичиж байлаа. Энэ явдлаас хойш сар гаруйхны дараа бүсгүйн төрсөн өдөр болов. Тэр өдөр хамгийн их дуулсан нь би, хамгийн их цуг бүжиглэсэн нь бид хоёр. ...Коридороос ширээг нь өрөөнд нь оруулж өгөөд, эргэтэл тэр намайг тэврэн авч озон үнслээ. ...Би түүний өрөөнд хонож өнжих боллоо. Эгчмэд бүсгүй намайг эр хүн болгосон төдийгүй, бүсгүй хүний бие сэтгэлийг эзэмдэн байж, цэнгэл амсан таашаал хүртдэг тэр нэгэн нууцлаг агаад хосгүй ертөнцийг таниулсаан. Бид 2 орондоо юу ч эсийг хийхэв, юу ч эсийг ярихав. ...Би түүнийгээ л дурсан дурьдан байж ярина. Нэгэнтээ тэр чимээгүй чагнан байснаа "Битгий, нэг бүсгүйн өвөрт, нөгөө бүсгүйг дурсаж байгаарай" хэмээн хэлсэнсэн. Түүний зүрх уйлан хайлан байсныг би мэдээ ч үгүй биз дээ. Тиймээ... Бүсгүй хүн, хэн нэгэн бүсгүйг өөрөөсөө илүү гэдгийг хүлээн зөвшөөрөх тун дургүй. Тэр тусмаа дурласан бүсгүй... Тэр хавар эгчмэд бүсгүйн хайр, янаг халуунд шатан шунан байхдаа, цаг хугацаа гэдэг ямар харицангуй ойлголт болохыг мэдэрсэн. Шалгалтандаа нэлээд тэвдэв. Унаж ч үзлээ. Зун тун цөөхөн хоног амрахаар нутгийн зүг гарлаа. Юмны учир начир гадарлахтайгаа болсон тэр үед "одоо л" гэсэн ганцхан бодол надад байлаа. ...Хотод ирсний маргааш нь тэднийхийг зүглэв. Тэднийх алга. Нүүчхэж, хаашаа? ...Хажуу айл нь тодорхой юм хэлсэнгүй. Хотынхон мөн хачнаа. …Амралтаараа нутаг явсан байж магад хэмээн горьдсоор сумандаа буулаа. Тэр маань ирээгүй байлаа.. Тэр зун манай ангийнхан бараг цөмөөрөө цугларсан. Сумын улаан булангийн бүжгийн талбай, хөгжмийн өсгөгчийн чадал 2 багадан байж билээ. Намар хотоор ёстой дайраад л ангийнхаа найздаа тэднийхийг хаана буусныг мэдээрэй хэмээн захин хойшоо буцлаа.

..Хичээл эхэлчихсэн байлаа. Түүнийг "Яасан, уулзсан уу?" хэмээн асуухад "Уулзаагvй, уулзаж чадсангvй" гээд нулимс асгаран ирлээ. Бүсгүй толгойг минь тэврэн, цээжиндээ наан "Битгий уйл даа" гэж шивнэн байхад, бие нь үл мэдэг чичрэн, танил болсон бүсгүй үнэр анхилан байсаан. Би түүний янаг халуунд дассан ч, түүнд хайртай болж чадаагүй. Тэр миний сэтгэлээс түүнийг минь зайлуулж чадаагүй юм. "Би хүсвэл, чамайг хүүхдээр бариад, чамтай суувал суучихаж чадна шүү дээ" хэмээн гунигтайгаар өгүүлэн мэлмэртэл уйлж байсан нь одоо ч гэсэн нүдэнд харагдах шиг болдог. Тэр бүсгүй надад дэндүү хайртай байсандаа, миний төлөө өөрийнхөө хайрыг золиослон, би түүний 3 дахь алдаа, нэгэн дурлалын шарх болон үлдсэн. Би түүнийг их гомдоосон.. Тэр сургуулиа төгсөөд, 11 сарын ихээр нутаг буцсан. ...Би 20-той, тэр 23-тай байлаа.

...Бодолгvйхэн хайраа харамлаа нь үгүй өгсөн
Ботгон нүдэт Сүндэръяа гэрээ санаад явчихлаа
Салхи бүдчин, үүлс уруудаад
Сарнайн дэлбээ хүмичихав аа...
(Б.Ичинхoрлoo)

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 2420

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter