223-р сар2019

Бүлэг: Өгүүлэл

Айн жалутад монгол цэрэг ялагдсан нь

Айн Жалут гэх газар Монгол цэргийг бут ниргэж Татаруудын омог сүрийг дарсан хэмээн Арабын түүхчид хөөрөлдөн бичиж, Лалын шашинтан хүн болгон бахархаж онгирдогын учир юу билээ. Чухам тэнд юу болсон вэ?
Одоогоос 746 жилийн өмнө буюу 1260 оны 9 сард эх нутагт нь намрын налгар шар нар төөнөж айрагны амт чимчигнэн байхад элс шуурсан Айн Жалут гэж одоогийн Сири Израйлын хил дээрх Голаны өндөрлөг гэх хүний нутгийн тэнгэрт Монголын цэргийг муу ёрын сүүдэр дайрч байлаа.
Энэ цэргүүд бол Лалын ертөнцөд эр зоригын тууль болон үлдсэн Монгол Жанжин Хэт Буха Ноёны удирдсан цэргүүд байсан юм.
1260 онд Хүлэг хаан Лалын ертөнцийг эзлэн дуусгаж Их Хаан Мөнхийн тушаалыг биелүүлж Газрын дундад тэнгисийн эрэг дээрээс морио усалж Лалын ертөнцийг бүрэн эрхшээлдээ оруулахад хагас алхам дутуу байлаа.
Гэтэл яг энэ үед Мөнх Хаан өвчний учир таалал төгсөж Хаан ахаа алдсан Хүлэг хаан дайнаа зогсоож хорин мянга орчим цэргийг
гарамгай жанжин Хэт Буха Ноёноор удирдуулан орхиж гол хүчээ аван буцжээ. Бас нэг шалтгаан нь Алтан Ордны улсын Хаан Бэрхтэй Кавказын нуруу орчмын орнууд түүн дотроо Армян Азербайжаныг булаацалдан муудсанаас тодорхой цэрэг гэдрэг татах шаардлага гарсан гэдэг.

Хэт Буха Ноён
Хэт Буха Ноён бол Хүлэг Хааны шадар жанжин байж түүний хамт Багдадыг эзэлж Халифыг дарж, Иранд Исмайлын улсыг мөхөөсөн туршлагатай жанжин байсан юм.
Хүлэг Хаан буцмагц Хэт Буха Ноён өөрийн элчийг 40 нөхрийн хамт Египет луу илгээж Мөнх Хөх тэнгэрийн зарилгаар Хөхрөгчид хөх тэнгэр Хөрстөд Монголчууд эзэн суух таалалтайг сануулж, үүний эсрэг зогссон хэн бүхэн, тэдний гэр бүл бүхэлдээ хүйс тэмтрэгдэх бөгөөд бидний хүч чадал Истандариийн Рустамаас илүү болно.
Та нар бууж өгч элчээ ирүүлж хүндлэл үзүүл эс бөгөөс байлдахад бэлтгэ гэжээ.
Энэ үед Египетд байсан Мамлукын улс бол Монголын эрхшээлд ороогүй Лалын сүүлчийн улс байсан бөгөөд Түрэгүүд Египет Сири Иорданы арабуудыг эзлэн байгуулсан Дамаск төвтэй улс байлаа.
Хаан нь Кудуз гэх түрэг хүн байсан агаад ихэд шударга хаан хэмээгдэж ард түмний талархлыг хүлээсэн байж. Түүний цэргийн гол хэсэг нь Хорезмын сүүлчийн Хан Хүү Жалал Ад Дины цэргийн үлдэгдэл, тэдний үр сад байсан гэжээ.
Монголын элч мөн нэмж ингэж хэлжээ. Хүлэгү Хаан Туранаас Иранд ирэхэд ганц ч Халиф, Султан, Малик түүнийг сөрж зогсож чадаагүй бөгөөд тэр Дамаскийг эзлэхээр ирэхэд түүний ах Их Хаан Мөнх Хаан нас барсан мэдээ ирж тэр буцсан болно. Гэвч түүний Арслангийн зоригт Луугийн хүчит Хэт Буха жанжин цэргийг одоо удирдаж байна. Тэр Дамаскийг дайрвал түүнийг хэн ч зогсоож чадахгүй бөгөөд та нар үтэр түргэн бууж өг гэж шаарджээ.
Харин Мамлукын хаан өөрийн шадар түшмэдүүдийн хамт зөвлөж бид бууж өгсөн ч байлдсан ч биднийг зөвхөн үхэл хүлээж байна, иймд байлдая гэжээ, ухрах газар бидэнд үгүй ар талд Хойд Африкийн элсэн цөлөөс өөр ухрах газаргүй гэж ярилцаад Монголын элчийн толгойг авч дайн хийе гэж тогтжээ. Энэхүү зоригтой шийдвэрт нөлөөлсөн бас нэгэн хүчин зүйл бол Хүлэг Хаантай муудалцсан Алтан Ордны Хаан Бэрх энэ үед элч илгээж Мамлуктай цуг Хүлэгийг дайлая гэжээ.
Бэрх Лал шашинтан гэж өөрийгөө нэрийдэж байсан боловч үнэндээ түүнд Хүлэгтэй муудах гол шалтгаан бол Чингисхааны үеэс Зүчийн үр садад хүртээсэн Кавказын нурууны өмнөд хэсгийн бэлчээр сайт нутгыг Хүлэгтэй булаацалдсан явдал бөгөөд энэ нь ч бас зөвтгөх талтай байсан бөгөөд , дайран дээр давс гэж Хүлэгийн цэрэгт хүч өгч Багдадыг эзэлж явсан Зүчийн удмын 3 Хан Хүү учир битүүлэгээр Хүлэгийн ордонд нас барж тэдний албат нар Хан Хүү нар хор ууж үхсэн гэж баталсан аж.
Бэрх Хаан Лал шашинд талтай байсан нь үнэн боловч үндсэн шалтгаан нь дээрх шалтгаан гэж үзэх бүрэн үндэстэй гэнэ.
Үүгээр ч зогсохгүй чухамдаа Єгөдэйн удмаас Хаан ширээг Тулуйн удмын Мөнх Хаанд авч өгсөн гол хүн бол Батын заавраар гардан гүйцэтгэсэн Бэрх байсан бөгөөд тэжээсэн бяруу тэрэг эвдлээ гэж хэлэхээр байдал үүсжээ.
Мамлукууд Айн Жалутад байсан монгол цэргийн тоог ч бас багцаалж байсан учраас айхгүйгээр байлдах шийдвэр гаргасан бол Хэт Буха жанжин ч бас байлдахгүйгээр айлгаад буулгаж авах бодолтой байсан байх талтай.
Монгол цэргийн ангийг толгойлж байсан Байдар гэх жанжин Єгүл Бек гэх цэргээр элч зарж Мамлукын цэргийн хөдөлгөөнд орж байгааг мэдээлсэнд Хэт Буха байрлалаа орхихгүй байхыг тушаажээ. Гэвч Хэт Буха жанжинг амжмж ирэхэд Байдарын цэрэг цохигдож ухарсан байсан ч Хэт Буха өөрийн хүчинд эрдэж цэргийн хамт шууд довтолжээ.
Энэ үед дайсан байрлалаа өөрчилж нууц отолтонд хэсэг хүчээ оруулан ухарч улмаар бүсэлж цохисон нь Монгол цэргийн аргаар өөрийг нь цохисон хэрэг болжээ.
Энэ үед Хэт Буха жанжин цэргээ зоригжуулан Хүлэг Хаандаа ялагдлын мэдээ дуулгаж түүний урмыг хугалснаас баатар зоригыг үзүүлэн байлдаж дуусая, бид баатар зоригтой байлдаж амиа алдсанаар Хааны цэргийн эхнэрүүд бэлэвсэрнэ, үнасан азарга маань үрэгдвэл Хааны адуун сүргийн гүү нэгэн жил унагалахгүй, гэвч Хаан биднээр бахархаж бидний өшөөг авах болно гэж хэмээн цэргээ зоригжуулж хэлээд цэргээ толгойлон байлдсан ч цэргүүд нь ухарч тэрээр мянган цэрэг мэт аймшиггүйгээр байлдсаар улмаар амьдаараа олзлогдсон гэжээ.
Мамлукын цэрэг ойд орж бүгсэн Монгол цэргийг ойг шатаан шахаж хядаад улмаар Монгол цэргийн хүрээг эзэлж тэнд байсан хүүхэд, эмэгтэйчүүд түүний дотор Хэт Буха ноёны Хатанг олзлон, бусад хүмүүсийг бүгдийг тарчилган цаазалжээ.
Хэт Буха Ноёныг Мамлукын Хаан Кудузын өргөөндөө авчирч
ингэж хэлжээ, Худал үг хоосон амлалтаар хууран бидний орон гэрийг устгаж, олон баатар эр эхнэр хүүхдийг хөнөөсний төлөө буруу номтон чамайг цаазаар авна гэжээ, үүний хариуд хүлээтэй байсан Хэт Буха эгц өндийн босож ирээд огтхон ч айсан шинжгүйгээр бид ялан дийлэх болно, хэрвээ чи намайг цаазалвал би үүнийг чи биш бурхны таалал гэж үзнэ, чиний өнөөдрийн ялалт бол хэсэг зуурын юм, энэ мэдээ Хүлэг Хаанд хүрмэгц түүний хилэн бадарч Азербайжанаас Египет хүртэл өшөө хорслын тэнгис буцалж Мамлукын нутаг Монгол цэргийн морин туурайн дор талхигдан дуусна гэжээ. Хүлэг Хаанд над шиг цэрэг эр гучин түм бий бөгөөд түүний зөвхөн нэг нь би гэжээ. Түүний зоригтой байдал, баатарлаг чанар нь Кудузыг цочроож түүнийг үтэр цаазалж толгой гар хөлийг салган Мамлукын нутгаар шонд тараан өлгөсөн гэнэ.
Үнэхээр Кудуз Султаны түрхэн зуур баярласан бөгөөд хэдхэн хоногын дараа өөрийн цэргийн жанжин Байбарын гарт амиа алдсан юм.
Баатар зоригт эрээ алдсан Хүлэг Хаан ихэд харамсан гуниглаж, түүний нэрийг мөнхлөн үлдэж хоцросон гэр бүлийхнийг нь тэтгэж халамжилсан гэжээ.
Харамсалтай нь Алтан Ордны Бэрх Хаан , Мамлукын шинэ хаан Байбартай 2 фронтод зэрэг байлдах нь хэцүү болсноос Хүлэг Хаан баатар эрийнхээ өшөөг авч чадаагүй ажээ.
1262 онд Бэрхийн цэргийг толгойлсон Ногай ноёнтой байлдаж нэлээн ялагдсан бол Түүний хүү Абага Ногайг дийлж түүний хүрээг эзэлжээ. Гэвч Абага Бэрхэд цохиулан ухарчээ, удалгүй Хүлэг Хаан нас барж дайн түр зогсоод 1265 онд Бэрх дахин томоохон хүчээр Ил Хааны улсыг довтолсон боловч энэ үедээ өөрөө нас барж дайн зогссон гэжээ.
Энэ дайныг Хүлэгийг залгамжилсан Абага хаан үргэлжлүүлж 1270 онд Бэрхийг залгамжилсан Хайдуг төлөөлж байлдсан Барак Хааныг цохиж байжээ.
Энэхүү дайн бол Чингисийн үр сад хоорондоо байлдаж эхэлсэн эхний том тулаан болсон бөгөөд 1264 онд Хубилай Аригбөхтэй байлдсан аж.

Дайны зорилго ба түүхийн давталт
Монголын Эзэнт гүрний ил тунхагласан нэгэн тунхаглал бол Мөнх Тэнгэрийн таалалаар Монголчууд ертөнцөд эзэн суух ёстой гэсэн онол байсан бөгөөд Хөхрөгчид Хөх тэнгэр Хөрстөд Монголчууд эзэн гэж тамгаа сийлсэн нь чухам ийм л учиртай билээ.
Єгөдэй Хаан Хятадыг бүрэн эрхшээлдээ оруулхын сацуу баруун Оросоор дамжин баруун европыг эзлэн авч улмаар Лалын орнуудыг эзлэх бодлоготой байсан бол Мөнх Хаан Иран Иракийг эзлэн улмаар газрын дундад тэнгис Түркээр дамжин баруун Европод хүрч дэлхийд эзэн суух дээдсийн гэрээслэлийг биелүүлэхээр зэхэж байсан юм.
Их Монгол гүрний өмнөө тавьсан зорилго тухайн үед дэлхий дахинд гүйцэтгэж байсан үүрэгийг ойлгохыг хүсэж байгаа хүмүүс өнөөгийн Америк буюу Супер Повертэй харьцуулж үзэхийг барууны түүхчид зөвлөсөн байдаг. Үүний жишээ нь 1252 онд Мөнх хааны зарлигаар Иран болон Арабын орнуудыг төвхнүүлэх үүрэгийг төрсөн дүү Хүлэг Хаанд өгчээ. ХүлэгХаан Иран Ирак Гүрж Армян Азербайжан улсуудыг эзлэн дуусгаж Иранд төвтэй Табриз гэх хотоор нийслэлээ хийж дэлхийн түүхэнд Ил Хаадын улс хэмээн нэрээ мөнхөлсөн хүчирхэг бөгөөд Монгол хүн болгон мэдэж бахархаж баймаар нэгэн улсыг байгуулсан юм.
Яах аргагүй тухайн үед эзлэн түрэмгийлэл нь энх амгалан байдал авчирч худалдаа наймаа цэцэглэж олон хэл шашны хүмүүс нэг дээвэр доор эвтэй амьдрах боломж олгосон нь онцлог билээ.
Нэгэн жишээ татахад 1258 онд Багдад хотыг эзлэхэд хотын оршин суугчид, зарим удирдагчид хүсэлт тавин харгис хэрцгий Халифийн дарлалаас чөлөөлөх хүсэлт тавьсан байдаг. Халиф олзлогдсоныхоо дараа арвин их алт мөнгөөр хахууль барьж амиа гуйхад нь Хүлэг хаан ард түмнээсээ харгис ширүүн аргаар хурааж авсан баялгаа ид хэмээн түүний ам луу алт мөнгө цутгахыг тушаасан байдаг.
Харин 525 жилийн хастай Аббасидын гүрний сүүлчийн хааныг Монгол ёсоор хүндэтгэж цусыг нь газарт дусаалгүй нойтон эсгийд боож хороосон гэдэг.
Ийнхүү Монголчууд дэлхийг эзлэн нэг дээвэр дор нэгтгэн энх амгалан байдлыг тогтоон дундад зууны үед газар авсан үндэстэн ба шашны ялгаан дээрээс үүссэн эцэс төгсгөлгүй дайныг зогсоогч хүчин болж байжээ.
Хэдийгээр монголчууд дайн хийж байсан боловч дайны дараагаар тухайн улс орнуудын байдал хурдан сэргэж худалдаа наймаа улам хөгжиж байсныг судлаачид харьцуулан баталсан байдаг.
Харамсалтай нь Мөнх Хаан Хятадад дайн хийж яваад халуун орны өвчний учир амиа алдсан бөгөөд тэрээр жижигхэн хот шиг юм эзлэх гэж яваад хэтийн том зорилгодоо хүрч чадагүйдээ нас барахын өмнө ихэд харамссан байдаг нь түүхэнд үлджээ. Монголын орчин үеийн томоохон түүхч Ч.Далай гуай ч Эзэнт гүрний Хаан хүн жижиг дайнд өөрийн биеэр дайн толгойлон явж байж амиа алдсан нь алдаа болсон гэдгийг онцлон тэмдэглэсэн байдаг. Мөнх Хаан нас барснаар Монголын эзэнт гүрэн задралын шатандаа орсон төдийгүй Хубилай Хаан ширээнд сууж нийслэл хотыг Хархорумаас Бээжинд шилжүүлснээр Монгол нутаг давааны арын орон болж улс төр эдийн засгийн ач холбогдлоо алдсан билээ.
Түүх давтагддаг гэж үү хэмээн хүмүүс гайхан асуудаг, хааяа тохиолддог байж болох юм.
1241 онд Дунай мөрний эрэг дээр Унгарын Бэллэ хааны цэргийг бут ниргэж улмаар Легнитцд Польшийн армийг бутцохин Баруун Европыг эзлэн дуусгахад алхам дутуу байсан Монгол цэргийг гэдрэг эргүүлэн татсан шалтгаан Єгөдэй Хааны тэнгэрт хальснаас болсон билээ.
Ийнхүү Лалын ба Христийн ертөнц Тэнгэр шүтээнт Монголчуудын бүрэн эрхшээлд ордогын даваан дээр Монголын Эзэнт гүрний 2 Хааны үхэл тэднийг аварсан байдаг. Дээрх хоёр тохиолдолд аль алинд нь цэрэг дайны байдлыг судалсан судлаачид Монгол цэргийн хүчийг зогсоож чадах цэргийн хүч эсрэг талуудад байгаагүй гэдэг дээр санал нэгддэг билээ. Энэхүү Айн Жалутын тулалдаан өнгөцдөө харахад дэлхийг эзлэх Монгол цэргийг зогсоосон мэт боловч Хааны үхэл, Алтан Орд Ил Хааны улсын зөрчил л Монголчуудыг зогсоосон билээ.
Үнэхээр Монголын эзэнт гүрнийг байгуулсан эзэд нь болох монголчууд хоорондоо байлдаж мөхөөсөн билээ.

Айн Жалутын ялагдал, үр дагавар
Энэхүү тулалдааны ач холбогдолыг лалын түүхчид өндрөөр үнэлдэг боловч энэ тулалдаан Лалын Ертөнцийг Ноёрхох Монголын санаархалд саад болоогүй билээ. Үүнтэй ижил төстэй нэгэн жишээ бол 1280 онд Куликовын талд Монгол цэргийг цохисон хэмээн хөөрдөг Оросын түүхчдийн жишээ билээ.
Энэ тулалдаанд Мамай Хааны удирдсан Монгол цэрэгт хүч өгөх ёстой байсан Литвын цэрэг хоцорч Монголчууд хохирлоос сэргийлж ухарсан юмуу ялагдсан юм уу гэдгийг ялгах хэрэгтэй бөгөөд даварсан Москваг дараа жил нь Тохтамыш Хаан амархан эзэлж аваад шатааж шийтгэсэн байдаг.
Үүнээс хойш 1480 хүртэл Москва татвараа Алтан Ордод өгсөн байдаг бөгөөд хэрвээ ач холбогдолтой гэж үзвэл 200 жилийн дараа л энэ байлдаан жинхэнэ утгаараа ач холбогдлоо өгсөн байх гэж бодогддог.
Ил Хааны улс Мамлуктай 1269, 1277,1280,1299, 1300, 1302 онуудад олон удаа байлдсанаас 1299 онд Ил Хааныхан Дамаскийг эзэлж Хэт Буха жанжныхаа өшөөг авсан байдаг, 1399 онд Доголон Төмөр Хаан бас нэгэн удаа Дамаскийг шатаасан байдаг.
Энэхүү удаан үргэлжилсэн амжилтгүй дайныг судалсан эрдэмтэд олон хүчин зүйлийн нөлөөг авч үзэхийг санал болгосон байдаг.
Сирийн нутаг бэлчээрийн даацгүй байсан, Мамлукын удирдагчид монгол цэргийн бүрэлдхүүнд байлдаж явсан монгол цэргийн тактикийг мэддэг байсан, Ромын Паптай холбоо тогтоосон Ил Хааныхан түүнийгээ ашиглаж чадаагүй, Нөгөө фронтод Алтан Ордны Хаадтай давхар байлдаж байсан, зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн байдаг.

Хэдийгээр Монголчууд Мамлукын улсыг бүрэн мөхөөж чадаагүй ч Лалын ертөнцийг бүхэлд нь эхшээлдээ байлгасан юм.
Ил Хааны улсын Хаад өөрсдөө Лалын шашинд 1295 онд албан ёсоор орсон бөгөөд Лалын ертөнцийг удирдан чиглүүлэгч гол хүчин болон хувирсан бөгөөд түүний халааг авсан Доголон Төмөр Хаан ба Монгол угсааны Жалайрид улсууд нийтдээ 200 гаран жил 1460 оныг хүртэл энэхүү үүргийг гүйцэтгэж байсан юм. Түүхийг өөр өөрийн өнцгөөс харан тайлбарлах нь үндэстэн бүрийн эрх бөгөөд монголын залуу хүн болгон ийм нэгэн тулалдаан болсоныг мэдэж, Хэт Буха хэмээх баатар эрийг сэтгэлдээ хүндэлж явахад илүүдэхгүй бизээ.
Түүхийн хүрд эргэсээр өнөөдрийг хүрэхэд Лондонд цагаачилж ирсэн хөгшин залуу арабууд биднийг дарлаж байсан Монголын охид биднийх боллоо гэсэн шинжтэй залуу монгол охидыг хөтлөн маадгар алхахад, эцэг өвгөдийн түүхээ мэддэгүй охидууд маань үүнийг глобалчлал гэх аястай байх юм. Төрийг бидний өмнөөс түшиж байгаа 76 түшээ маань сайд болж хахууль авахын тулд нүдэн дээр хэд хувирч уурлаж бас уйлж байхыг харахаар, аль эсвэл ноднин намар Монгол сонин дээрээс Ардчилсан нам Хувьсгалт намтай Ємнөговь хэмээх жижигхэн аймгийн засаг даргын суудлыг булаацалдаж байлдах шахлаа гэж уншчихаад Кавказын нуруунд орших Азербайжан ба Армян гэх бүхэл бүтэн улсыг Алтан Ордны улс Ил Хааны улстай булаацалдаж байлдаж байсантай харьцуулахад бид хичнээн жижигхэн болоо бэ дэлхийн хэмжээг тодорхойлж явсан хүмүүсийн үр сад Хурд хамтлагын дуулдаг шиг дэлгэсэн дээлний хэмжээнд орчихсон юмуу гэж асуумаар санагддаг.
Түүх өөрөө өнгөрч баларсан зүйл мэт боловч сургамж нь үргэлж шинэ байдаг гэж нэгэн хүн ухаантаны хэлсэн үгээр дуусгая.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 3874

Бүлэг: Өгүүлэл

Нэгэн Америк дунд сургуульд

Др. М. Саруул-Эрдэнэ. Блоомингтон. АНУ

Амар сайн байцгаана уу?

Гэр бүлээ Виржиниа мужийн Арлингтон хотод суурьшуулаад, 2 хүүгээ дүүргийнх нь сургууль болох Science Focus – д бүртгүүлэхээр очиход анги дүүргэлт дээд хэмжээндээ хүрсэн учраас хөрш сургууль болох Jamestownn – руу илгээгдсэн билээ. Хөрш гэдэг нь ойрхон хэмээх утгаараа бус ижил хөтөлбөрөөр сургалт явуулдаг дотоод холбоотой сургуулиудыг хэлнэ.

3 хан 7 хоногийн өмнө миний 2 хүү энэ сургуулийн 6, 7 дахь Монгол сурагч болж байсан бол өнөөдөр 14 монгол хүүхэдтэй болжээ. Монголчууд олноороо ирж байгаа тул сургуулийн захиргаанаас Монгол орны талаар яриа таниулга хийж өгөхийг хүссэний дагуу өнгөрсөн Баасан гарагт очлоо. Монгол улсын талаар Jamestown сургуулийнхан багш сурагчгүй үнэхээр их сонирхож байлаа. Эхлээд Монголын талаар товч танилцуулаад дараа нь цэнхэр шар 2 өнгийн хадгийг гарган хүүхдүүдээс юу болохыг нь таахыг хүслээ. Ихэнх нь ороолт, зарим нэг нь бүс хэмээн таамаглав. Хадаг гэж юу болохыг хэлж өгөөд хамт очсон эгчдээ хадаг барин золгож үзүүлэв. Японд байдаг багш эгч маань манайд зочилж таарсан юм л даа. Дараа нь Монгол улсын томхон далбааг үзүүлээд сургуулийн удирдлагад бэлэглэв. Монголчууд хөдөө орон нутагт иймэрхүү one bedroom apartment – д амьдардаг юм гээд доторх тавилгатай нь загварчлан хийсэн гэрийг сонирхуулав. Сайн уу, баяртай хэмээх 2 үгийг зааж өгөн хүүхдүүдээр хэлүүллээ. Дараа нь хэдтийн доллар дээр хэний зураг байдгийг асууж өөрсдөөр нь хэлүүлээд Монгол төгрөг гаргаж сонирхуулахын сацуу Чингис хааныхаа тухай ярьж өгөв.
Хамгийн сүүлд бүх Монгол хүүхдүүдийг гаргаж ирээд Монгол дуу дуулж өгөхөөр болов. Эгчтэйгээ тохиролцсоны дагуу Чигчийхэн чинээ биш ээ … гэсэн хүүхдийн дуунаас нэг бадаг зааж өгөхөд тарааж өгсөн хуудаснаас харан Америк хүүхдүүд их хөөрхөн дагаж дуулна лээ. Бүр хөдөлгөөнтэй нь гээч.

Ингээд хамгийн сүүлд чөлөөт асуулт хариулт явуулав. Монголчууд ямар хоол иддэг вэ, ямар амьтантай вэ, машин байдаг уу, харх байдаг уу, бассэйн байдаг уу гэх мэт хүүхдийн гэнэн асуултаас эхлээд та гэртээ тэжээмэл морьтой юу, та яагаад Америкт ирсэн юм бэ, та хэдэн хэл мэдэх вэ гэсэн хувийн асуултууд хүртэл асуугаад сүүлдээ 5 дугаар ангийн нэг жаал Орос Хятад 2-ын дунд байдаг юм бол Монголд коммунист байдаг уу гэсэн улс төрийн айхтар асуулт хүртэл тавив. Хүний газар нэрээ гэдгээр аль болох сайн сайхан талаас нь л улсаа сурталчиллаа. Хүүхдүүдтэй уулзсаны дараа номын санчийн хүсэлтээр тусгай уулзав. Номын санч багш Испань хэлтэй хүүхдүүдэд зориулсан Испань хэлээр байгаа болон Испаниас орчуулсан хүүхдийн номуудыг үзүүлээд Монгол ийм ном огт байхгүйд эмзэглэж байгаагаа хэлэв.! Yнэхээр дөнгөж ирж буй хүүхэд хэл мэдэхгүЙ байхдаа эх хэлээрээ ном унших, бага зэрэг сурсныхаа дараа өмнө нь нутагтаа узэж байсан танил үлгэр домгоо уншиж байх нь зөвхөн хэлний төдийгүй, түүх соёл,хүмүүжлийн их ач холбогдолтой юм. Jamestown – д суралцагч Монгол хүүхдүүдйин эцэг эхчүүдэд хандан уриалах нэгэн зүйл байна. 14 хүүхдийн гэрийнхэн бүгд 2, 2 хүүхдийн ном захин авчруулж бэлэглэвэл 30 –аад номтой авсаархан Монгол номын сан үүсгэж болох юм шүү. Миний хувьд Монгол Англи хэлээр хадан бичсэн Монголын Нууц Товчоо номоо номын санд нь дурсгасан болно. Бас зав нь гарвал хэлтэй эцэг эхчүүд Англи хүүхдийн ном Монголоор, Монгол ном англиар орчуулж өгвөл бүр ч хэрэгтэй болох сон. Индианад хүүхдүүдйинхээ сурч байсан сургуульд 3 жижиг ном Монголоор орчуулж өгснийг маань бичгийн цаасан дээр хэвлээд уг номынх нь завсар хавчуулж Монгол хүүхдүүдэд уншуулдаг болсон нь нэлээд үр дүнтэй болсон билээ. Дараа нь хичээлийн эрхлэгчийн хүсэлтээр Монгол эцэг эхчүүдэд хандсан нэгэн анхааруулга бичгийг орчуулж өгөв. Автобусанд Монгол хүүхдүүд маш сахилгагүй явдаг гэнэ. Ангиас зөвшөөрөлгүЙ гардаг, багшийн үгийг сонсдоггүй гэх мэт нийтлэг дутагдал байгаа аж. Єөрийнхөө 2-т ч сайн л хэлж өглөө. Иьинхүү 14 Монгол сурагчтай Америкийн нэгэн сургуулийн босгыг нэг давсных, хананд нь Монголынхоо далбааг хатгаж, анги танхимд нь Монгол дуу хангинуулан, хүүхдүүдйиг нь Монголоор мэндэлдэг болгоод гарлаа. Энэ Монгол хүүхдүүд нэгэн цагт эрх чөлөөний эх оронд улсынхаа нэрийг дуурсган, орон зайгаа бататгаад араасаа ирэгсдэд хөл дээрээ босоход нь тусалж дэмждэг болно гэдэгт итгэнэм.

Гагцхүү Монгол хэлээ, монголоо гэсэн сэтгэлээ л бүү гээгээсэй.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 3664

Бүлэг: Өгүүлэл

Саятан болсон нь, Өгvvлэл

Шинэ жилийн мэнд хvргэе!

"Боннын" Т. Алтангэрэл


Энэ өгүүлэл "Алтан Єд" оны шилдэг өгүүллийн уралдаанд эхний шилдэг 4-ийн нэгт шалгарчээ. Т.Алтангэрэлдээ цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хvсье! 

Лондон хот ёстой буцалж байх шиг байлаа. Вэст Эндын түм бужигнаж бум түжигнэсэн гудамж хүний энэ их урсгалыг багтааж дааж ядан, хором ч амсхийх завгүй арван хоёрдугаар сарын сүүлийн нэгэн үдшийг үднэ. Мөч хором бүрт төвийн гудамжаар Макдональдст хооллосон, үзвэр театраас тарсан, улаан гэрлээр тэсэхгүй яарч гарсан олон мянган хүн пижигнэн цувж, хогны тэрэг байсхийгээд л дорхноо дүүрэх хогны савнуудыг суллаж, хэдэн зуун такси, автобус, метро ирж буцаж, хүн зөөж, авчирч буйг ёстой тоолж мэдэхийн аргагүй мэт, ертөнцийн байж болох бүх л төрөл янзын хүн, орчлонгийн бүх л өнгө энэхэн нэгээхэн газар хурсан мэт байв.

Бэн замын бөглөрөл, хүний ихэд хэдийн ядран, хэдэнтээ эвшээж, залхсан янзтай ажлын сүүлийн цагийн тойргоо хийж байв. Төвийн гудамжаар автобус жолоодох шиг ядаргаатай ажил үгүй тул бушуухан хотын зах руу зүглэнэ. Төвийн гудамжаар автобус жолоодоход газар хорохгүй байн байн угзчин, нэг газраа хэдэн минутаар хөдлөхгүй зогсох энүүхэнд бөгөөд яарсан зорчигчдын аашийг тэвчихээс эхлээд энэтхэг гаралтай жолооч маань шөнө зүүдлэх юм ихтэй л дээ. Бэн Лондонгийн алдарт хоёр давхар улаан автобусны жолооч гэдгийг уншигч нартаа хэлэх нь зүйтэй байх.

- Окэй доки гээд л түүний жолоодож буй автобусанд нэг турк бололтой эр чанга чанга утсаар яриад байх нь Бэнд зугаатай санагдаж, жолоогоо аажуухан мушгисаар нэг мэдэхнээ Лондонгийн захын хороолол руу гарч ирлээ. Зорчигчид ч шингэрч, автобус ч хөнгөрч, Бэн ч жаахан хурд нэмэх дураа гаргана.

Автобусны дээд давхарт нэг ази залуу зүүрмэглэж, доод давхарт нэг хар арьстан бүсгүй цонхоор ширтэн суухыг жолооч толиндоо харав. Хаана буух юм бол доо гэж тэрээр ази залуугийн тухай (хятад л биз) бодлоо. Унтаж байгаад буудлаа өнгөрөөдөг зорчигч хааяа нэг тохиолдохоор уг нь ч ганцаараа давхиж байснаас дээр л дээ.

Бэн их мөрөөдөмтгий залуу хүн гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэрээр нэг мөрөөдөөд бодохоороо бүр үнэмштэл бодож, төсөөлж чаддаг нэгэн. Сүүлийн үед зул сар, шинэ жил гээд ар араасаа баяр цувах гээд Бэн дахиад л мөнгөний гачигт орон, яаж нэг баяжиж мөнгө гэж санаа зовохгүй амьдрах билээ гэж урьд өмнө нь мөн ч олон удаа бодсон зүйлээ дахиад л эргэцүүлнэ. Тэгээд автобусны хажуугаар хааяа өнгөрөх цагаан урт лимузин машин харахаараа санаа алдаж, өөрийнхөө азгүйг нэг дурьдаад авна. Анх жолооч болоод мөнгөө нэлээн хэмнэх гэж оролддог байсан ч эхнэр хоёр хүүхэдтэй айлын зардал яагаад ч болж өгөхгүй, арвижуулах нь битгий хэл сараас сард залгуулж байвал их юм болно. Тэгээд Бэн эхнэрээсээ нууцаар лото сугалаанд оролцож хааяа азаа туршина. Єнөө өглөө гэхэд л гэрээс гараад Бэн шууд гудамжныхаа сонингийн мухлагаас сугалаа авч охиныхоо төрсөн өдрөөр зургаан тоо дугуйлжээ.

Їдшийн гудамжны гэрэл алаглан, өнгө өнгийн чимэглэл зул сарын баяр дөхсөний шинжийг илтгэнэ. Бэн жолоогоо мушгин, элдэв бодол орж гаран байснаа гэнэт нэг их мөнгө хожвол яах бол гэж хөөрөн бодтол, яг л хожчих юм шиг төсөөлөгдөж, охиныхоо төрсөн өдрөөр дугуйлсан нь нэг л аз авчрах юм шиг санагдан, за байз, хэдэн фунт хожих билээ, аа тийм сая фунт гэж санаад өөрийн эрхгүй агааргүйтэн бачимдаж амьсгаа авав. Урьд нь янз янзын тоо бөглөдөг байснаа өнөө өглөө анх удаа утга учиртай тоо бодож дугуйлснаа ганц зөв юм хийлээ дээ гэсэн шүү бодон хүүхэд шиг баярлана.

Сая фунтээ анх хожсон тухайгаа эхнэртээ яаж хэлэхээ бодож эхлэв. Яагаад ч итгэхгүй дээ, хөөрхий минь, гээд эхнэрийнхээ гайхан итгэж ядах харц, дараа нь арайхиж нэг үнэмшээд багтааж ядах баяр гээд нэг нэгэнгүй харц хөдөлгөөн үг бүрийг нь төсөөлөв. Би өөрөө ч итгэхгүй байхад уу, хаха. Сая фунтээ гар дээрээ авах тэр эцсийн мөч хүртэл худлаа биш байгаа даа, ямар нэг алдаа гарсан биш байгаа даа, Б-Э-Н гэсэн гурван үсэг мөн үү, мөнгөө өгөхгүй байвал яана гэх мэт айдас, итгэж ядах сэтгэл хослон буйгаа тэрээр мэдэрнэ.

Гэсэн хэдий ч тэрээр мөнгө хожсон тухай дуулангуутаа гэрийнхээ гадаа шууд Лондонгийн хар такси унаад очно хэмээн шийднэ. Їгүй ээ, төвөөс таксидах чинь маш үнэтэй шүү дээ, эхнээсээ тэгж үрээд байх юм бол сая ч дорхноо алга болно. Нээрээ ч тэгж ингэсээр нэг мэдэхэд сая нь алга болчих нь гэж бодож, анхнаас нь нухацтай хандахаар хатуу тооцно. Тэгснээ үгүй ээ, Бэн, чи насандаа такси хэд унасан юм бэ хэмээн залуу жолооч дотроо өөртэйгөө ярин явлаа. За яахав, хожсоных эхлээд насаараа үзээгүйгээ үзэж тансаг амьдрал гэж юу болохыг үзнээ гэж тааламжтай шийдвэр гаргасандаа баясан бодлоо. Нэг машин авна (эртээд машины худалдааны төвд харсан Ниссан жийп нүдэнд нь үзэгдэв), за яахав, тэр Ниссан, өнгө нь жаахан бүрхэг юмуу... нэг байшин (байшингийн тухай огт бодож төсөөлж үзээгүй учир тодорхой байшин харагдсангүй, ямарч байсан хоёр давхар гэж бодлоо), нэг удаа бөөнөөрөө Дели орчихно (ядуухан амь зуух төрөл саднаа яаж баярлах бол гэж төсөөлөв, бүгдэд нь ижилхэн хэмжээгээр мянган фунт тарааж өгвөл үү, ай гэсэн шүү юм бас зурвасхийв), тэгээд, за байз хэд үлдэж байна. Сая гэхээр эхэндээ Бэнд байдаг л тоо, хүмүүсийн хождог л мөнгө мэт санагдаж байсан ч яг хэрхэн зарцуулахаа нэг нэгээр нь тооцоод эхэлтэл асар их, бүр толгойд багтамгүй их мөнгө болохыг ойлгов. Түүний нуруугаар хар хөлс цутгахыг мэдэрлээ.

Бэн цааш нь мөнгөө олигтойхон шиг хөрөнгө оруулах тухай бодож эхлэв. Эс тэгвэл нэг мэдэхнээ элс рүү цацсан ус шиг л алга болчихно шүү, цалин шиг л. Їгүй, цалин ч арай биш юмаа. Сая фунт, ээ бурхан минь. Аан, Бэн, ийм юм бас байхаа. Миний амьдралд ийм их аз бас тохиох ёстой байж гэж үү. Яалаа гэж тэр юм болоо. Нэг л өдөр пад гээд бөөн мөнгө... Бэн баярласандаа чанга инээчихэв. Жолоо ч хөнгөн эргэж байна гэж жигтэйхэн. Замд танил гэрэл, хүрэн байшин харагдав. Энэ чинь юу билээ, аа Никийн зоогийн газар. Ник ч итгэхгүй дээ. Ник дээр очоод зоогийн газарт суугаа бүх хүнийг даана гээд л хэлчихнэ. Хаха, Никийн нүд нь орой дээрээ гарах байлгүй. Тэгээд Никт,

- За найз минь, олон удаа надад тусалж байсанд чинь би баярлаж явдаг юм. Би өртэй хоцрох дургүй хүн. Чамд амралт хэрэгтэй. Чи сүүлийн хэдэн жил сайн зүтгэлээ. Чи төсөөл дөө, Карибын арал дээр наранд биеэ шараад хэвтэж байна. Лиона (эхнэр нь) хажууд чинь бикинитэй хар нүдний шил зүүчихсэн чамайг энхрийлээд л.

- Хахаха, Бэнээ, чи чинь солиороогүй биз. Єрнөөсөө салаагүй байхад юуны Карибын арал, үгүй ер, Карибын арал байхдаа яахав дээ. Хахаха гээд Ник тас тас хөхрөнө.

- Чи хэзээ нисмээр байна.

- Аан?

- Никээ, чи Кариб руу хэзээ нисмээр байна? гээд Бэн өөрийгөө нүүрний хувиралгүй, үнэнээсээ хэлж байгаагаар төсөөлөв. Ник,

- Хаха, за өнөөдөр, одоо. Энэ зоогийн газар хүзүүгээр татаж байна гээд л Ник инээгээд байна. Бэн утасны харилцуур аваад жуулчны компани руу залгахад Ник инээхээ больж, гайхаж харж эхлэв. Тэгснээ,

- Чи чинь үнэнээсээ яриад байгаа юмуу.

Бэн үнэмшиж ядах найздаа халааснаасаа амралтын билет гаргаж өгч буйгаар төсөөлөв. Хаха, ингээд л гүйцээ. Баян байх буянтай л юм.

Мөнгөө насны хоол болгоход өсгөх хэрэгтэй гэж Бэнд түрүүнээс хойш бодогдоно. Гэвч мөнгө хожсоноо эхлээд хэрхэн хүмүүст хэлж, яаж үрж баярлахаа бодсоор үржүүлэх тухай бодол хойшлогдсоор байлаа. Хойш нь тавьж буй бас нэг шалтгаан нь тэрээр хэрхэн үржүүлэхээ үнэндээ сайн мэдэхгүй байсных. За жолоочийн ажлаа мэдээж орхино. Орхино гэтэл түүнд гэнэт дэндүү өөриймсөг болсон автобус, жолоо нь хүртэл харам санагдав. Хэдэн жил хамтран ажилласан анд нөхдүүд нь, алиа шооч Абу, ажилсаг нямбай Свен, хөлс нь цутган гүйдэг даргаа, үүдний хамгаалалтын Ємнөд Африкийн хар Таци гээд дотно болсон дүрүүд харагдаж, Бэн тэдэнтэй өнгөрүүлсэн бүх л сайхан цаг мөчийг саналаа. Тэрээр одоо үүнээс хойш магадгүй зангиа зүүж, урьд өмнө огт мэдэхгүй, тиймээс ч тоодоггүй байсан хөрөнгө оруулалт, хувьцаа гээд өөрт нь огт шинэ үгээр ярьж, ажил төрөл хөөцөлдөх болох тухай бодтол ирээдүй нь цоо шинээр төрж байгаатай адил, бүхнийг дахин эхэлж байгаа мэт санагдан яагаад ч юм айх шиг болов. Тэрээр гэнэт энэ өмсч байгаа, ээжийнх нь нэхэж өгсөн дулаахан, нэлээдгүй хуучирсан хөх цамцаа гараараа имэрч, үүнийг хүртэл солих ёстой болох мэт санагдтал дотор нь хачин болов. Дараа долоо хоног, сар, жилд төлөвлөж байсан бүхэн гэнэт хэрэггүй болж, тэс өөр, өмнө нь огт бодож, төлөвлөж үзээгүй ажил, амьдрал, арга зам түүнийг угтаж буйг тэрээр мэдэрч, яахаа мэдэхгүй бачимдав. Цонхоо ч онгойлгов. Тэрээр өөрийнхөө өнөөдрийг хүртэлх туулж ирсэн амьдралдаа хичнээн дассан, хичнээн магадгүй хайртайгаа сая ойлгох шиг, яагаад ч юм харамсалтай санагдаад байх. Цонхоор салхи сэвэлзэн орж ирнэ.

Тэрээр цааш нь ердийн ажил бодож байгаа мэтээр, өөрт нь бол их л ажил хэрэгчээр тооцоо хийн нэг зочид буудал хотын төв газар нээн ажиллуулахаар төлөвлөнө. Дотроо Энэтхэг хоолны ресторантай... Ямар нэр өгөх билээ, аа тийм охиныхоо төрсөн өдрөөр мөнгө хожсон юм хойно охиныхоо нэрээр Сита гэж нэрлэн, нээх сайхан тухтай цагаан зочид буудал барихаар төсөөлнө. Тэрээр өөрөө бууж байсан зочид буудлуудаа санаж, тэднээс юугаараа онцгой байх талаар бодно. Єөрөө гадуур ажилтай байх тул (чухам ямар ажилтай байхыгаа мэдэхгүй байв) эхнэрээ захирлаар нь тавьчихна. Тэрээр эхнэртээ энэ дүр хичнээн зохихыг төсөөлтөл инээд нь өөрийн эрхгүй хүрч тас тас чанга хөхрөв.

Энэ үед түрүүнээс хойш бодол дунд нь нэг үзэгдээд нэг алга болон, бүрхэг байсан санаа нь ил тодорхой болон гарч ирэв. Бэн залуудаа хэрвээ баян болдог юм бол Энэтхэгийн ядууст тусална гэж мөрөөдөж байсаан. Тэр мөрөөдлөөс хойш олон жил ч өнгөрч, аж амьдрал бусдынхтай адил нэгэн жигд хэмэндээ эргэлт буцалтгүй орсон мэт, мөрөөдөл ч ул мөргүй алга болсон мэт байтал ийнхүү саятан болтол дахин яг л залуу үед эзэмддэг байсан шигээ сэтгэл оюунд нь гэв гэнэт амилав. Урьд залуу байхад магадгүй харамгүй тараачих байсан сая фунт өнөөдөр тийм амархан хүнд очихгүй нь бололтой. Зүгээр мөнгө өгснөөр хүнд туслахгүй шүү дээ гэсэн шүү юм эргэлдэвч, яг өөрт нь зүв зүгээр сая фунт ороод ирж байгаа нь яах аргагүй амьдралыг нь өөрчилж буйг хараад элдэв илүү дутуу болзол нөхцөл тавилгүй, зүгээр л хүнд мөнгө өгөх нь зөв ч юм шиг санагдав. Хүн бүр амьдралаа мэдэж л байгаа шүү дээ. хөөрхий минь.. Гэхдээ л... Арайхиж нэг, өнөөг хүртэл зүтгэж, зүдэрч ирсэн ядуувтар амьдралаа дээшлүүлэх ганц, магадгүй энэ амьдрал дахь цорын ганц боломж гарч байхад зүгээр л ядууст тараагаад үрэн таран хийх гэж үү. Миний мөнгийг авсан ядуу хүмүүс нь бас л үрээд дуусна... Бэн ядууст мөнгө өгөх эсэхдээ эргэлзэнэ. Ингэж эргэлзэх нь хүртэл түүнд нэн таатай байлаа. Энэ тааламжтай, эрх мэдлээ мэдэрч буйгаа мэдэрч байтал өнөөх бодол ч замхран, нэг мэдэхнээ алга болсон байлаа. Дахин ирж шаналгасангүй.

Бэн дуу исгэрэн өдөртөө хэдэнтээ харж, бараг цээжээр мэдэх танил замынхаа тэмдэгтүүдийг амьд мэт өхөөрдөнө. Зам дээр томоор бичсэн чиглэлийн нэрс энэ үдэш хачин дотно, түүнийг таниад байх шиг санагдана. "Сая фунтээсээ замын аюулгүй байдалд зориулаад аль нэг санд нь мөнгө хандивлаж болох юм...Хаха, хүнд нээрээ орж ирэхгүй бодол гэж үгүй юмаа."

Энэ үеэр ганган цагаан лимүзин сунасаар улаан гэрэл дээр хажууд нь ирэн зогслоо. Харин энэ удаад Бэн түүнийг хараад өмнөх шигээ өөрийнхөө азгүй гайхсангүй, дотор нь сууж буй хэнбугайд ч атаархсангүй. Тэрээр яг л өөрөө саятан мэт, өөрөө лимүзин ханатлаа унаад үзчихсэн, тиймээс ч тоохоо больсон мэт түүнд лимүзин огт сонин санагдсангүй. Түүний жолоог нь мушгиж буй улаан автобус түүндээ лимүзин шиг л байлаа. Бэн өөрөө ч энэ тайван, цатгалан байдалдаа гайхав.

Бэныг ийнхүү саятан мэт болчихсон явахад автобусны дээд давхарт зорчиж байсан ази залуу унтаад сэрлээ. Тэрээр цонхоор харснаа удахгүй буух юм байна гэж бодоод, хэсэг сайхан унтчихсан нь тааламжтай байв. Єдөржин гүйдэг ажилдаа нэлээн ядарсан тэрээр автобуснаас яаж бууж буудлаас зайтай гэр лүүгээ хүрнэ дээ гэж санаа алдан бодлоо. Залуу маргааш ажилтай, өглөө эрт босох тухайгаа ч санав.

...Бэн жолоогоо урьд өмнөхөөсөө өөрөөр эргүүлээд байх шиг санагдана. Сүр жавхлантай, намбалаг, өөртөө итгэлтэй... Яг л саятан шиг. Тэрээр инээв.

Энэ үеэр автобусны дээд давхраас хүн пижигнэн, инээж хашгиран буух нь сонсогдож Бэн зүүднээс сэрэх мэт, юу билээ гэсэн шиг гайхав. Энэ нь дээд давхарт нөгөө зүүрмэглэж байсан ази залуу болохыг тэрээр гэнэт саналаа. Ази залуу,

- Аааа, хожчихлоо, хожчихлоо гэсээр учрыг нь олж ядах Бэн дээр гүйж ирснээ, яралзтал инээж, үсэрч цовхчино. Бэн ч сандарсандаа автобусаа замын зах руу шахан зогсов.

- Яасан бэ хөө гэж асуулаа, Ази залуу их л хөөрч баярлаж буй нь илт.

- Хожлоо, хожчихлоо шүү дээ гээд л давтаад үсрээд байх нь тэр. Бэн гэнэт бүхнийг ойлгох шиг болов. Түүнийг зүрх луг луг хийв.

- Чи саятан болчихсон уу гэж яагаад ч юм мэдсэн юм шиг шууд асуутал танихгүй ази залуу бүжиглэх, гараараа нүүрээ таглах, инээж, хашгирах бүгд хослон,

- Тиййймэээээ, яг тийм, найз минь. Би сая гар утсандаа мэдээ авлаа. Ээ бурхан минь. Би үнэхээр хожлоо гэж үү.

- Лотоны дүн үү

- Тиймээ, яг тийм. Ямар их аз вэ. Ёстой төсөөлж явсангүй.

Бэн одоо юу болж буйг бүр сайн ойлгов. Тэрээр энэ удаа яг л өчигдөр шиг, урьд өмнөх бүх л өдрүүдийн адил хожигдож, түүний бөглөсөн дугаар яагаа ч үгүйг ойлгов. Түрүүнээс хойш бодсон бүх л үлгэр шиг, өөр ертөнц шиг явдал дэндүү гэнэт, дэндүү бодитоор хоромын зуур алга болов. Агшин зуур түүнд ази залуу яаж баярлах, яаж эхнэртээ хэлэх, яаж Лондогийн хар таксигаар гэртээ харих, яаж зочид буудал барих, юу бодох нь хүртэл тодоос тод харагдав. Тэрээр гэнэт өөрөө тас тас хөхрөв. Ази залуу цааш нь,

- Їгүй яасан итгэмээргүй юм бэ. Энэ чинь би мөн үү. Чи саятан гэж юу болохыг ойлгож байна уу гэсээр инээнэ. Бэн,

- Мэдэлгүй яахав. Би саяхныг хүртэл саятан явлаа гэсээр хөхрөнө. Бэн өөрийнхөө амьдралыг яг хуучнаараа буйг буцаж мэдрэх их л сайхан байлаа.

- Алив найз минь. Чи миний жаргалыг хуваалцах яасан сайн хүн бэ. Би чинь энд ганцаараа. Хоюулаа тэмдэглэнээ, татгалзсан хариу хүлээж авахгүй гэсээр тэр хоёр энэ үдшийг их баяр хөөртэй, мөнгө харамгүй цацан өнгөрөөлөө.

Сүүлд сураг сонсохнээ хоёр залуу насны найзууд болж, хожсон мөнгөөрөө тухтай цагаан зочид буудал, азийн хоолны ресторан нээж их л амжилттай яваа гэнэ билээ.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 2656

Бүлэг: Өгүүлэл

Тэр дахин хөөрөх болтугай!

Д.Цэрэнбат Их Британиас

Хатуу ширүүн хорвоогийн жаяг ёсны өмнө эрхгүй сөгдсөн нэгэн бээр энэ өдөр хүний ертөнц дэх гайхам амьдралдаа цэг тавилаа.

Тэрээр намайг эхээс мэндэлж байхад түмний нүд чихийг баясган хүний ертөнцөд танил болж байж.

Хүн төрөлхтний нэгэн цагийн хусэл тэмүүллийн туйл болон мэндэлж байсан болоод ч тэр үү, түүний тэргүүнээ ихэмсэг залан тумэн бээрийн газраас нүднээ тусан нарны алтан цацрагт уран гоолиг бие гайхуулан өнгөрөх гайхам дүр, дөрвөн уулийн цаанаас ч чихнээ тод дуулдах боргил бахдам дуу гээд бусдаас ялгаран онцгойрох юм түүнд даанч ихсэн. Харсан болгоны сэтгэлийг эзэмдэж, хүслийг бадраадаг энэ юу гээч вэ? яaгаад ийнхүү цаг бусаар биднээс алсрав аа.

Тийм ээ би хүн төрөлхтний оюун ухааны нэгэн оргил бүтээл, улс төр бизнесийн их хүсэл тэмүүлэлийн үрээр 30 гаран жилийн тэртээ мэндэлж байсан Concorde хэмээх supersonic тэр нэгэн гайхамшигт хөлгийн тухай ярьж суугаа минь энэ.

Их Британи, Франц-ийн хамтран бүтээсэн ердөө л 13-хан ширхэг хийгдсэн энэхүү дэлхийн хамгийн хурдан, хамгийн их дуутай, хамгийн өндөр үнэтэй, хамгийн гоё сайхан галбиртай гайхамшигт хөлөг өнөөдөр мөнгө зоос дийлсэн хуний ертөнцийн хатуу жаягт мөхөсдөн 30-н жилийн түүхээ бидэнд үлдээгээд музейн зүг явцаалаа. Франц-д болсон Concorde-ийн осол, 9 сарын 11-ны New York-ийн явдал зэргээс болж үйлчлүүлэгчдийнх нь тоо үлэмж цөөрснөөр ноднин жил Air France энэ жил British Airway энэхүү хатуу ч гэлээ аргагүй шийдийг гаргахад хүрсэн гэнэ.

Бямба Ням гарагт New York-ийг чиглэсэн Concorde-ийн нислэг манай гэр дээгүүр гардагсан. Хүү маань дүрийг нь байтугай дууг нь ч андахаа байсан энэ хөлөг дахин хүн төрөлхтний нүд чихийг баясгахаа больж байна. Их Британий өнөөдрийн мэдээллийн хэрэгсэлүүдйин гол мэдээлэл энэхүү үйл явдалд чиглэгдэн байгаа тул Та бүхэндээ бас сонин болов уу хэмээн дамжуулав

Concorde-ийн талаар дараах вэб хуудаснаас тун их мэдээлэл авах боломжтой. Нэг уншаад эхэлвэл аргагүй л сэтгэлийг тань соpонзон адил татах тийм л увдистай сайхан амьтаан

WWW.CONCORDESST.COM

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 2842

Бүлэг: Өгүүлэл

Ам тосдох ачийн хvv

Баруун Монголын баатарлаг ард түмний дунд ийм нэгэн үг бий. Одоогийн залуус энэ үгний утгыг сайн ойлгохгүй агаад үл анзаарна. Нүүдэлчин түмний соёл аман яриандаа шингэж ирсэн тул энэ үгийн утгыг энд тайлсу.

Єтгөсийг өргөж, нялхсыг өсгөдөг сайхан ёсон oлoн зууны турш бидний өвөг дээдсийн дунд байсан ч ухаант хөгшид минь урт наслахыг цээрлэдэг агаад хэрвээ урт наслах юм бол "ам тосдох aчийн хүү" заяагаасай хэмээн залибардаг байсан гэнэ. Учир нь хэвтэрт орсон өтгөс хахир өвлийн хүйтэнд нүүж суухад, асрах тээх гээд ихэд чирэгдэл, зовлон болдог байсан байна. Нэгэнт тэнгэрт халих болсон тэднийг үр хүүхдүүд нь буудал дээр орхиод нүүж чадахгүй тул эртний захиасын дагуу шагайн чөмөгний эрхийн чиний тосыг ачийн хүүгээр ам руу нь хийлгэж, өтгөсийг тэнгэрт халиадаг байжээ. Учир мэдэхгүй балчих хүү хэлсэн дагуу тосыг өтгөсийн аманд хийчихдэг байснаас "ам тосдох ачийн хүү" гэдэг үг гарчээ. Байгалийн гамшгийг дaван амьд гарч, үр хоочсоо үлдээх гэсэн өвөг дээсийн ухаан хатуу бөгөөд шулуун болохыг энэ үг харуулюу.

Алтайн нурууны малчин ардын дунд ам дамжин ирсэн гунигт нэгэн домгийг та бүхэнд хүргэлээ.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 2731

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter