221-р сар2019

Бүлэг: Өгүүлэл

Англи хэлтний хамгийн сод найраг монгол хаанаар нэрийдэгдсэн түүх

М.Саруул-Эрдэнэ (Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.)


"Хэнтий, Хангай, Сияаны өндөр сайхан нуруунууд…" гээд эхэлбэл үсэг бичиг заалгасан ямар ч Монгол цааш нь дуржигнуулан унших нь дамжиггүй. Нийт англи хэлтнүүдийн хувьд харин In Хanadu (Занаду гэж дуудна) did Kublai khan A stately pleasure dome-decree… хэмээн эхлэх "Хубилай хаан" шүлэг хүн бүрийн мэддэг, хамгийн алдартай нь билээ. Нэрт найрагч Самуэл Тэйлор Колерижийн Эзэнт гүрний үеэс бараг 400 гаруй жилийн дараа Монгол хааны тухай уран яруу шүлэг хэрхэн туурвисан түүх сонирхолтой.

Бүх зүйл Марко Пологийн аяллаас эхэлжээ. Тэрбээр Их Монголын эзэнт гүрэнд үзсэн харсан сонин сайхан, Хубилай хааны тансаг баян өргөө ордын талаар алдарт "Аялал" номдоо бичин үлдээсэн байна. Энэ бол мянга гурван зуугаад оны эхэн үе. Пологийн номыг Рамузио италиар орчуулсныг нэрт аялалч Ричард Хаклует 1598-1600 онд бичсэн гурван боть томоохон номдоо англиар хөрвүүлэн оруулсан байна. Тэр үед зохиогчийн эрх гэх мэт ойлголт үгүй, орчуулагчид орчуулгаа нэн чөлөөтэй, нэмж хасан хийдэг байсан тул Марко Пологоос холдох тусам зохиол нь улам уран сайхан болж байв. Хаклует хэвлүүлсэн хийгээд хэвлүүлж амжаагүй бүх бүтээлээ мэргэжил нэгт анд болох Самуэл Пурчастаа хүлээлгэн өгөөд өөд болжээ. Пурчас тэр бүхэн дээр нь өөр бусад зохиол нэмээд 1625 онд Hakluytus Post-humus (Purchas His Pilgrimes) гэсэн нэрээр гаргасан байна. Пурчасын тэр номд ийм хэсэг бий. "Here the Khan Kubla commanded a palace to be built, and a stately garden thereunto. And thus, ten miles of fertile ground were inclosed with a wall" - "Энд Хаан Хубилай ордон болон тэгүүнээ тохирох сүрлэг цэцэрлэг цогцлоохыг зарлигджээ. Ийнхүү, арван бээрийн үржил шимт газрыг хэрмээр хашсан бөлгөө."

Пурчасын номыг түр орхиод түүнээс 170 жилийн дараах Англид зочипъё. Порлок хотоос холгүй орших Эксмүүр дахь хөдөөний нэгэн эдлэн. Энд нэрт найрагч Самуэл Колериж амьдарна. 1797 оны 6 сарын нэгэн өдөр Колериж байгалийн сайханд зугаалж яваад гэдэс нь ихэд эвгүй өвдөхийг мэдэрчээ. Єөрөө сүүлд дизентри хэмээн нэрийдсэн өвчнөө намдаахын тулд тэрбээр гэртээ ирээд хар тамхи хэрэглэсэн байна. Тамхинд мансуурахаасаа өмнө найрагч Пурчасын номны өмнө дурдсан яг тэр хэсгийг уншиж байгаад нойронд автав. Ингээд уншсан номныхоо тэрхэн хэсгийг дэлгэрүүлэн, уран тодоор зүүдэлсэн бөгөөд 3 цаг гаруй унтаад гаднын нөлөөгөөр сэрэхдээ 300 гаруй мөр тансаг шүлэг үглэн байсан гэдэг. Харамсалтай нь түүнийг сэрээсэн "Порлокоос ирсэн хүн" найрагчтай цаг гаруй уулзсан бөгөөд эргэж ирээд буулгах гэтэл мөнөөх шүлгийнхээ ихэнх хэсгийг мартсан байсан агаад санаж байгаагаа л бичиглэсэн нь энэхүү алдарт найраг мөн. Порлокоос юун хүн ирээд юун тухай уулзсан нь Англи хэлтний утга зохиол дахь нэгэн тайлагдашгүй оньсого болон үлдсэн юм. Зарим нь Колериж хар тамхинд орсон байсан тул түүнийг нь хүргэж ирдэг, зөөгч нь байсан гэх. Зарим судлаач харин гаднын багахан нөлөө утга зохиолын агуу бүтээлийг хэрхэн бусниулдгийг харууллаа гэнэ. Тэр ч байтугай "Порлокоос ирсэн хүн" хэмээх хэлц хэллэг англи хэлнээ буй болсон бөгөөд тэр нь "нууцлаг, жигтэй" гэдгээс гадна аливааг "таслах, зогсоох, үймүүлэхийг" илэрхийлэх үг болно.

Ямартай ч хар тамхиар мансуурсан зүүд, хааны тухай номын хэсэг нийлэн англи хэлтний түүхэн дэх хамгийн алдарт, уран тансаг найргийг бүтээснээс эхний бадгийг толилуулбал:

In Xanadu did Kubla Khan A stately pleasure-dome decree: Where Alph, the sacred river, ran Through caverns measureless to man Down to a sunless sea…

Утгачлан орчуулбал:
Хvмvvний ухаан хэмжээг нь тогтоомгүй их агуйг нэвтлэн Нарны туяан ёроолд нь тусамгүй гүн тэнгист цутгахаар Аригулан тахигсан Альф мөрөн мяралзан урсах Алдарт Шанду хотноо, Хубилай хааны зарлигаар Агуу сүрлэг, тансаг баян ордон цогцлоожухуй…

Уг шүлгийг алдарт Лорд Байрон зохиогчоос нь гуйж байж хэвлүүлсэн байна. "Хубилай хаан" найргийг утга зохиолын шүүмжлэгчид олон янзаар тайлбарладаг. Зарим нь байгалийн сайхныг шууд дүрслэн үзүүлсэн гэдэг бол зарим нь зөвхөн дүрслэл бус нарийн санааг агуулсан бүтээл гэнэ. Мөн хүмүүний бүтээлийн уран сайхныг магтан дуулсан хэмээн үзсэн судлаачид байхад зарим шүүмжлэгч бүр эсрэгээр, энэхүү шүлэг бүхэлдээ ерөөсөө үүлэн борооны явдлыг уран далдаар харуулсан гэх нь бий. Мэдээж хэрэг Грекийн Альф мөрөн Шандад урсах боломж үгүй, шүлгийн дараачийн бадгуудад гарах их ой мод, агуй ч тэнд үгүй учраас энэ шүлгийг Хубилай хаантай шууд холбож боломгүй.

Эрхэм уншигч авхай та Гуну сэтгүүлийн эхний дугаараас энэ шүлгийн англи эхийг Монгол орчуулгын хамт (орчуулагч Д.Бямбаа) сонирхон үзээд өөрийн саналыг хэлнэ биз ээ. Яруу найраг гэдэг тайлбарлуулж ойлгохоос илүү, өөрийн мэдрэмжээр хүртэх нь таатай урлаг учраас энэ удаад өгүүллээ зөвхөн үүгээр өндөрлөсү.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 3315

Бүлэг: Өгүүлэл

Алдагдах шахсан цогтын хадны бичигт юу өгүүлдэг вэ?

М.Саруул-Эрдэнэ (Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.)

Хэдэн сарын өмнө цахим сүлжээдээр Цогтын хад үгүй боллоо гэсэн мэдээ гарч олон хүний зүрхийг эмзэглүүлсэн билээ. Монгол улст шинэ засгийн газар, хуудуутай бөхийн барилдаан хоёр л олны анхаарлын төвд байсан тэр үед гадаад дахь Монголчууд үүнд илүүтэй эмзэглэсэн юм. Гадаадад ирэхээрээ Монголчууд эх орныхоо түүх соёл, Монгол хэл бичгээ нам, бөх хоёроос илүүтэй сонирхож эхэлдгийн учир тэр. Азаар чухам шүлэг бүхий хад бус төвд үсэгтэй өөр нэгэн жижиг чулуу алга болсон гэсэн албан мэдээг яамны нэгэн түшмэл гаргасан билээ. Хэдий бас нэгэн түүхийн дурсгал үгүй болсон ч, арай ч Дуутын хар чулуу алга болоогүйг мэдэхэд дотор уужрах шиг.

"Дуутын хар чулуу" –н дээрх Цогтын шүлгийг дунд сургуулийн уран зохиолын хичээлд үздэг тул бараг Монгол хүн бүр мэднэ. Гэвч Олз идэш олон ядагч хүмүүн… гэсэн бадгаас бусдыг заалгүй, шашны агуулгатай хэмээн орхиж ирсэн тул уг шүлгийг бүтнээр нь задлан шинжилж, бид чухам юу алдах шахсан бэ гэдгээ нэхэн нэг үзье.

Долоон бадаг уг шүлгийн утгын цөм хэсэг нь Цогт тайжийн Халуут эгчээ дурсан шүлэглэсэн хэсэг юм. Цогтын хамгийн дотнын эгч нь холын овогтноо бэрд гаран одоход угаас улс төрийн хувьд ганцаардалд орсон байсан Цогт бүр ч ганцаардан эгчийгээ ихэд үгүйлдэг байсан гэдэг. Автай сайн ханы ач Бахарай хошуучийн хүү Цоохор Цогтын ганцаардах болсон шалтгаан нь Манжуудын Монголыг эзлэх бодлогыг эсэргүүцэн тэмцсэн Цахарын Лэгдэн хааны тэмцлийг Ар Монголоос Цогт тайж бараг ганцаар дэмжин тусалж байсанд оршино. Ингээд чулуунд бичсэнээр "цагаан тахиа жилийн (1621 он) намрын эхэн сарын хорин нэгнээ Хангай ханы цэцэрлэгийн хойт ууланд авлан, хуягт халтраа унаад өндөр дээр гарч байхдаа зүүн зүг харан сэтгэлээ маш уярч Халуут авга эгчээ санаж ийн өгүүлээд уйллаа" хэмээсэн байна. Цогт тайж эгчээ үгүйлэн шүлэг зохиохдоо санаагаа шууд тоочсонгүй, гүн ухааны асар нарийн гаргалгаа хийж, яруу найргийн шат дарааллын зарчмаар хэлснийг тоймловол:

1-р бадаг

Дээр тэнгэр хааны аху (оршихуй гэсэн утгаар. М.С.) хийгээд
Дэлхий дахь хан богдсын аху газар
Дээр дорын ялгал (буй) боловч
Жаргал, хайрлал хоёрын агаар нэгэн буй.

Буддизмын улааны талыг баримтлагч Цогт тайж энэ бадагтаа тэнгэрийн хаан, газрын Богд хоёрыг дээд, дунд тивд оршихоороо өөр боловч хайрлал хэмээх нэгэн чанарыг агуулдгаараа адил хэмээжээ. Бидний мөн чанар гэж хэрэглэдэг, англиар nature хэмээх ойлголтыг тухайн үед "агаар" гэсэн ганц үгээр илэрхийлдэг байсан нь хэл шинжлэлийн үүднээс сонин.

2-р бадаг

Агинистайн агуй дахь бодиства нар хийгээд
Алтан дэлхий дэх бодь сэтгэлтэн хоёрын
Ахуй газар ангид боловч
Асрах нигүүлсэхийн агаар нэгэн буй.

Хоёр өөр ертөнцөд суугч асрах сэтгэлтнийг энэ удаад нигvvлсэл –ийн агаар нэгтгэж байна. Ер нь буддизмд бурхан хэмээх дээд ойлголтоо хүнтэй зүйрлэж болдог, угаас Будда өөрөө хүн байсан, хэн ч гэгээрлийн замаар явбал Бурханы хутгийг олж болно хэмээн үздэг, өөрөөр хэлбэл "бурхан" нь хүмүүний өөрийнх нь дотор оршино хэмээдэг, хүмүүнлэг шашин билээ. Харин Христийн сургаалд Ертөнцийн эзэн бол хүнтэй яагаад ч харьцуулагдашгүй, бүхнийг бүтээсэн, бүхнээс ангид, дээр оршигч бөлгөө.

3-р бадаг

Энд Хан Богдсын сайн түшмэл хийгээд
Эргүүлэгч эрлэг хааны их ноёд хоёрын
Ёс өнгө өөр боловч
Зөв бурууг ялгахын агаар нэгэн буй.

Энэ удаад дунд тив дэх шударга түшмэдийг доод тив дэх эрлэгийн ноёдтой зүйрлэж, зөв бурууг ялгах буюу шударгуу сэтгэлийн агаар нэгэн байгааг үзүүлжээ. Ёс (yosu), Зөв (job) гэсэн хоёр үг толгой холбож байгаа нь Монгол бичигт j гийгүүлэгчийг этгэргүй бичдэг байсны ул мөр агаад угаас энэ хоёр авиаг солин хэрэглэх нь зарим Монгол аялгуунд одоо ч бий.

Ийнхүү эхний гурван бадагт "жаргал, хайрлал", "асрал, нигүүлсэл", "зөв бурууг ялгахуй" гэсэн дан сайн сайхан үйлээр агаар нэгэн явдалтныг өгүүлсэн бол сайн муу, сайхан муу ээлжлэн байдаг хорвоогийн ёсыг баримтлан 4, 5-р бадагтаа ийн өгүүлжээ.

Олз идэш олон ядагч хүмүүн хийгээд
Уул модонд явагч араатан хоёрын
Аху бие ангид боловч
Алан идэхийн агаар нэгэн буй.

Хол ойроос хулгай хийгч хүн хийгээд
Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын
Илт бие дүр өөр боловч
Идэхийг хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй.

Сайн үйлээрээ Бурхан, бодистватай ч адил байж чадах хүн гээчийг нөгөө талаас нь харвал алан идэх, олз хайх шунал, өлөн ховдог сэтгэлээрээ адгуусан амьтан, чонотой ч агаар нэгэн байдаг аж. Дээр тэнгэрийн хаанаас эхлээд өлөн чоныг хүртэлх сайн муу бүхий л чанар гагц хүнд байдаг ажгуу. Эхний таван бадагт ийнхүү хэлбэр-агуулгын философиор дамжуулан сайн муу юмын мөн чанарыг дээрээс доош нь уруудуулан өгүүлсэн нь 6-р бадгийг хэлэх урьдчилсан нөхцөлийг бүрдүүлсэн хэрэг. Ингээд хайрт эгчээ санасан Цогт тайж

Онон мөрөнд ахуй Халуут эгч минь хийгээд
Орхон Туулд агч өвчит бид хоёр
Халх Онигуудын газар хол боловч
Хайрлан саналцахын агаар нэгэн буй за.

Автомашин, агаарын тээвэр өндөр хөгжсөн өнөө үед хүртэл хоёр гүрний хооронд амрагууд учирч чадахгүй, үр хүүхдүүд нулимстай нүдээр эцэг эхээ хүлээн, хэзээ ирэхийг нь ч хэлж мэдэхгүй байхад 17-р зуунд харь овгийн хүнтэй суугаад явсан эгчтэйгээ дахин уулзана гэдэг бараг бүтэшгүй зүйл. Гэвч найрагчийн гэгээн сэтгэлээр хагацахуйн хар зовлонг нимгэлэн сэтгэж, хэдий бид харь хол суув чиг нэг нэгнээ ижилхэн санаж байгаа нь адил шүү хэмээн хэлж чадаж байгаа нь гайхамшигтай. Бас гунигтай. Энэ гэгээн, гэгэлгэн сэтгэлийг эхний таван бадагт өгүүлсэн харахад өөр атлаа мөн чанар нь ижилхэн зүйлс гүн ухааны талаас нь бататган өгнө. Нэгэнт уулзахгүй нь бараг тодорхой тул хайрт эгчдээ зориулан сүүлчийн 7-р бадагт ийн өгүүлнэ.

Энэ биендээн эс золголцвоос
Эгүүнээс хойш төрөл тутамдаан
Эх нь гагц хүүхнээн хайрлах мэт
Элдэв үйлээр туслалцах болтугай.

17-р зууны Монгол найрагчийн ертөнц юутай гэгээн буй? Эх нь гагц хүүхнээн хайрлах мэт… Ямар сайхан зүйрлэл вэ? (Хүүхэн гэдэг нь өнөөгийн бидний хэрэглэдэг утга бус, хүүхэд гэсэн үг. Уг нь, хүүхэн гэдэг нь эр эм ялгалгүй ганц тоо, хүүхэд гэвэл олон тоот хэлбэр нь юм. Сайд гэвэл "сайн"-ы олон тоо байсны адил энэ үг буруу хэвшсэнийг Цогтын хад гэрчилнэ)

Хэл шинжлэл, утга зохиол, Монгол гүн ухааны гайхамшигт дурсгал, нэрт Монгол судлаачдын дүгнэснээр "ном бичгийн хэлийг олсон ардын дууг санагдуулам" (Б.Я. Владимирцов), "хээр талын анхилуун үнэр" шингэсэн (А.Н. Веселовский), "алс бодлоготны зөөлөн сэтгэлийн уярангуй байдал тодорхой бөгөөд Бүддийн шажинтны хамаг амьтныг нигүүлсэн ивээхийн бясалгалт сэтгэгдэл гүнзгий" (Ж. Төмөрцэрэн) энэ сайхан найраг Дуутын хар чулуутайгаа хамт, нүүдэлчдийн чулуун ном хэвээрээ, тал сайхан нутагтаа үүрд залрах болтугай.

Нутаг ус, ах дүүсээ санан харьд суугаа та ч бас гэртээ мөдхөн харьж, орхиод гарсан хамгийн дотно түүнийгээ "эх нь гагц хүүхнээн хайрлах мэт" тэврэн энхрийлэх болтугай.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 5936

Бүлэг: Өгүүлэл

Ногоон талбайн цусгүй тулаан

Хєлбємбєгийн тэмцээнийг сурвалжилсан М.Саруул-Эрдэнэ

Хуртай зуны энэ гурван сар АНУ-ын нийслэлийн Монголчууд хөлбөмбөгөөр амьсгалж, хөлбөмбөгөөр өвчилж, хөлбөмбөгөөр амьдрав. Ар араасаа шил дараалсан аварга шалгаруулах тэмцээн, амбан сайдын цом өнгөртөл ахиад бас нэгэн тоглолт болов оо. Энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулж бас дээр нь ивээн тэтгэж, олон нийтийг баясгасан нөхөр болбоос Шагдарын Баасансїрэн юм. Шагдар хэмээх аавыг нь "волейболын", "буурал" хэмээн тодотгоход спорт гадарладаг олон тїмэн андахгїй. Монголд энэ спортыг їїсгэн хөгжїїлж явсан буурал бий. За, Шагдар багш ч яахав, тэмцээн юу болсныг тоймлоё. breakЭнэ тэмцээнд Ди Си-гийн хөлбөмбөгчид багууддаа өөрчлөлт оруулсан нь Монголын парламентыг санагдуулна. Юуны өмнө їндсэн хуулиндаа "нэг багт мэргэжлийн 2 хөлбөмбөгчин байж болохгїй" хэмээн нэмэлт өөрчлөлт оруулснаар улаан өнгөт "Андууд" багийн хар багаасаа хамт тоглож өссөн Эрдэнэмөнх, Амраа нарыг уйлуулан уйлуулан салгажээ. Хэн нь багтаа їлдэхээ хуруудаж шийдсэнээр Эрдэнэмөнх цэнхэр өмсгөлт "Budweiser" багийг аргагїйн эрхэнд сонгосон байна. Салъя гэж салсангїй ээ... гэдэг энэ дээ. Цэнхэрїїд хїний савыг хоосон буцаадагїй Монгол зангаа бодож, Ховд аймгийн Мянгад сумаас төрсөн цор ганц хөлбөмбөгчин Адилаагаа оронд нь өгчээ. "Андууд" баг өөрийн ээлжиндээ буурьтай хөдөлж, Ху намынхан А намын 25 гишїїнийг бїлэгтээ багтаасан туршлагаар "Чулуу-1" багийг задлан, багтаа элсїїлсэн байна.
Угаас хоцорч ирсэн нөхдийг цуглуулан "Холимог" баг босгон тоглодог Эрдэнэбат, Баяраа хоёр бас чиг зїгээр байсангїй. Эртнээс гурвын зэрэг хөлбөмбөгчин тоочиглосныгоо "Хоцорч ирээрэй, Баггїй хэмээн гомдоллоорой" хэмээн захиж явуулжээ. Яг тэр заавраар нь ШУА-ийн Химийн хїрээлэнгийн хөлбөмбөгчин Доржсїрэн бутны ард нуугдаж байгаад тээр хойно гарч ирж байж эдний баг хїссэнээрээ бїрдсэн гэнэ. Гэтэл холигдон бїрдсэн нөхдийн 80 хувь нь Бага Тойруугийнхан байсан тул олонхийн бїлэг нэн даруй хуралдаж, багаа "Бага Тойрог" хэмээн нэрийдэцгээлээ. Єнгөрсөн тэмцээний аварга "Алтай нэт" баг "хаях би яараагїй байхад унах чи юунд яараав" хэмээсээр H3 Hummer Jeep хоёрыг ч хөлөглөн яг хуучин бїрэлдэхїїнээрээ, аажуу тайван ирцгээв. Ялгаа нь гэвэл шилдэг хаалгач Ганзориг өөрийн тусгайлан бэлдсэн шавиараа хаалгаа мануулж, өөрөө хамгаалагчаар хїч їзсэн байна. Бөхчїїд тэргїїлсэн "Granite-Чулуу" багийнхан мөн л хуучнаараа байлаа. Бөхчїїд гэдэг нь чөлөөтийн олон улсын хэмжээний мастер Сэргэлэнбаатар, Батзориг нар л даа. Тэднийг нэг мөрлөхөд л эсрэг тоглогч нь таван метрын холд хамраараа газар шаан унах аж. Босч ирээд гомдоллохоор нь "энэ бол эрчїїлийн хөлбөмбөг, уран сайхны гимнастик биш ээ" хэмээн час хийсэн хариулт өгнө.

Ингээд таван баг бїгд хоорондоо уулыг тал болтол, уснаас гал ноцтол ач тач їзэцгээлээ. Эхний 3 тоглолт бїгд тэнцсэн гээд бодохоор хир өрсөлдөөн өрнөсөн нь тодорхой.

Бод л доо, тэр хөлбөмбөгийн талбайд
Борооны дусал газарт ч уналгїй
Пїїз пїїзний їзїїрт бутарч
Пїдволкны хормойд хатаж байсан юм.
Тэмцээн тэмцээндээ энэ тэмцээнд
Тэнгис бараг буцалсан биш її
Євс ногооны өнгө гандаж
Їндэс їндсээрээ сугарсан биш її

Хичнээн өрсөлдлөө гээд яахав дээ, спорт болсон хойно нэг баг нь тїрїїлж л таараа. Гэтэл нэг биш, хоёр баг тїрїїлэхээр оноо гарчээ. Олон нийт гайхав. Нөхөн сонгууль, дахин санал хураалт гэдэг шиг юм болох вий хэмээн хөлбөмбөг їл мэдэх хїїхнїїд айцгаана. Мөнөөх Шагдарын Баасансїрэн цагаан хоолойгоор "Ийм юм болсон нь харамсалтай. Тайван амгалан байцгаа. Учрыг магадалъя" хэмээгээд асарт ороод явчив. Тун удалгїй эргэн гарч ирээд "Хөлбөмбөгт болбоос оноо тэнцэх аваас гоолыг нь тоолдог бөлгөө. Гоолыг нь тоолбоос цэнхэр өнгийн "Budweiser" баг тэргїїлж, цагаан өнгийн "Бага тойрог" баг аман хїзїїдсэн ажгуу" хэмээн айлдаж, учир начрыг тунгааж өгөв. Сонгуулийн хорооны Ядамсїрэн даргаас хавьгїй дээр юм гээч. Їлдсэн 3 баг нь яг ижил оноогоор удаалцгаажээ.

Ийнхїї "Budweiser" баг аварга болж, "Bud-light" пивээр олныг дайлав. Удаалсан "Холимог"-ууд ундаа авчрав. "Алтай нэт"-ээс архи гарав. "Чулуу"-ныхан чулуу шиг хатуу шарз задлав. "Андууд" амталсан мах, даршилсан ногоогоор дайлж, Ди Си-гийн хөлбөмбөгчид цугаар алдаа оноо, амжилт бїтээлээ ярилцаад нэгэн өдөр Монголдоо очоод ирсэн мэт болж, нэгэн їдэш залуу насандаа эргээд ирсэн шиг санаж, хутга тавихгїй мах идээд, хундага тавихгїй архи ууж сууснаа гэнэт нэгнийх нь гэргий маргаашийн ажлыг сануулмагц, бултаараа дэмжин босч, орчин тойрныхоо хог сэлтийг тїїж хаяад, олон тїмний амгаланг алдуулахгїйн тулд тавин таван хөлбөмбөгчин тавин таван гэргийгээ дагуулаад тавин таван хїїхдээ хөтлөөд тал тал тийшээгээ таран одоцгоов оо.
"Удахгїй волейбол, угсраад бас нэгэн хөлбөмбөгийн тэмцээн хийнэ ээ" хэмээн ярилцан өнгөрөх залуусыг харваас аварга багийнхан аж. Энэ удаагийн аваргууд бол Хөлбөмбөгийн Ганбат, гар бөмбөгийн Чулуундаваа, 220 дахь 30-ийн байрны Эрдэнэмөнх, хаалгач Найдан, Арлингтоны арслан Гантөгс, Цогтсайхан, ахмад тамирчин Туваан нар бөлгөө. Аваргуудын яриа ажил болох аваас энэ хотод спортын бас нэгэн сайхан арга хэмжээ айсуй бололтой. Их салхи хөдөлбөл нижигнэнхэн хөдөлтїгэй.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 2765

Бүлэг: Өгүүлэл

Аян замын тэмдэглэл

Б.Номинчимэд
Вашингтоны монголчуудын "Хамаг Монгол" сонингоос

СИЙМХИЙ Ч ГЭСЭН ГЭР МИНЬ, СЭГСГЭР Ч ГЭСЭН ИЖИЙ МИНЬ
БОГД УУЛ БАЙРАНДАА БАЙНА УУ?
ХАТАН ТУУЛ МААНЬ ХААШАА ЭРГЭЖ УРСАНА ВЭ?
Нутаг яваад ирлээ. Ингэхээр уулзсан болгон л сонин юутай байна. Их л биз дээ, нутаг сайхан байна уу, дулаахан байна уу, нутгийн агаар хэр байна? Улаанбаатар өөрчлөгдөж, өргөжиж үү, амьдрал ямар байна, нөгөө тэр, тэрний тэр хаана байна, хэн ямар алба, ажилд орж вэ, Ц.Элбэгдорж нь юу хийж байх юм?... гэх мэтээр өч төчнөөн зүйл асуух. Бараг л Богд уул байрандаа байна уу? Хатан туулын маань урсгал хаашаа эргэж урсана вэ? гэх нь холгүй зүйлийг асууна. Арга ч үгүй биз ээ. Эх нутаг, элгэн саднаасаа хол хөндий удчихсан бидэнд хэдийгээр өдөр бүр интернэтээс болон бусад олон сувгаар мэдээлэл авдаг ч нутаг очоод нүдээрүзээд, эх нутгийнхаа агаар, тоос, Улаанбаатарынхаа утаа униарыг биедээ шингээгээд ирсэн /тэрч бүү хэл Монголынхоо ханиадыг аваад ирсэн/ хүний энгийн хоёр өгүүлбэр ч үнэ цэнэтэй. Гэтэл тэр бүгдэд нь би нэг амьсгаагаар хариулж тэр бүр дөнгөхгүй юм. Надтай уулзаагүй, утсаар яриагүй цаана нь зөндөөн олон нөхөд байдаг. Тэгээд л Монголдоо очоод ирсэн хоёрхон долоо хоногийнхоо тухай нэг аян замын тэмдэглэрхүү юм тэрлэж, сониноороо дамжуулан хүргэх нь зүйтэй юм болов уу гэж бодлоо. Анхнаасаа л цаг давчуу, дээр нь эмнэлэг энэ тэр гээд тэр бүр өөр бусад зүйлд анхаарч, анзаарах зав муутай явсан тул Та бүгдийнхээ сонирхож буй бүхэнд бүрэн дүүрэн хариулт өгч чадахгүй л болов уу, гэхдээ хичээнэ ээ.


УТААН ДУНДАХ УЛААНБААТАР
Монголд байхүеэр маань цаг агаар дулаахан, урьд жилүүдийнхээс харьцангуй цас багатай, мичин жилийн өвөл гэх сэтгэгдэл огтхон чүгүй. Харин Улаанбаатар маань дөрвөн их уулынхаа дунд утаан дундаас дуниартсаар тослоо. Цаг агаар тогтуун, салхи савирүгүй болоод ч тэрүү, Толгойтоос урагш, Амгалан хүртэл нилэнхүйдээ утаа, ялангуяа 100 айл, Сансар орчим манан суучихсан мэт битүү хар хөх юм нүүгэлтэнэ. үдээш хойш таван цагаас хойш хотын төвийн гудамжаар явахад машины гэрэл манан дотор яваа мэт тэнгэр өөд гозойчих юм. Биднийг бага байхад Улаанбаатарыг "Азийн цагаан дагина" гэдэгсэн байгаагүй билүү. Тэр ч бүү хэл "Мишээсэн дагина шиг Миний Улаанбаатар..." гэж нийтээрээ зэрэгцэж зогсож байгаад дуулдагсан. Тэр зүүд, мөрөөдөл л болжээ, одоо. Тэр утаан дотор өөрийн эрхгүй хоолой хорсон гашуу оргих юм. Харин манай Улаанбаатарынхан маань түүнээ нэг их анзаарахгүй байгаа бололтой, их сайхан гоёж гоодчихсон улс л гүйцгээгээд... Эсвэл бүгдээрээ утаан дотор байсаар утааны дархлаатай болцгоочихсон юмдаг уу... Тэр утаа униаран дунд хүн эрүүл, саруул амьдарч, хүүхэд багачууд бүтэн бүрэн уушигтай өснө гэхэд их л эргэлзээтэй санагдсан. Угийн уушиг муутай, архаг бронкиттой миний хувьд агаар солигдоод ч тэрүү, тэр утаанаас ч болов уу, очоод л хоёр хоноод хахаж цацаад, хүнтэй бүтэн хоёр үг солиход ч бэрх болчихож билээ. Манай найз хотын төв, 40 мянгатад байр авах тухай ярихад би шууд эсэргүүцсэн. Улаанбаатар их өөрчлөгдөж үү гэж улаанбаатарынхан их бахархалтай асуух юм. Тэгэж асуухаас ч аргагүй. Цөөхөн хэдэн жилийн дотор маш олон сайхан барилга байшин баригдаж. Их ч хурдан шуурхай, өнгө үзэмжтэй барьдаг болчихож. Баруун, зүүн дөрвөн замууд, урд тойрог гэх мэтээр торох юмгүй, толийсон замаар давхичихна. Тэр бүгдийг харахад их л бүтээн босголт өрнөж, их хөдөлмөрлөж. Гэвч бас эргэлзэх ч юм байх л юм. Хотын төврүүгээ барилгууд их чигчигдэж, шахалдсан нь өнөөх хотын хэтийн төлөвлөлт гээч юмандаа хэр зэрэг нийцэж байдгийг хэлэхэд бэрхтэй. Хорин жилийн дараах бидний хойч үеийнхэн маань эмх замбараагүй шавааралдуулан босгосон тэр олон барилгууд дотроос шинэ Улаанбаатарын өнгө төрхийг гаргаж ирэх гэж нэлээд зовох л болов уу. Гэтэл хотын мэр гэж нэг сайхан малигар цагаан залуу хааяа хааяа ТВ-ээр гараад л... Их хурлынхан, эвэртэн туурайтангууд нь элдвийн цэцийг уралдуулаад л. Улсынхаа ганц нийслэл, голт зүрхийг хэрхэн цэвэр агаартай, ирээдүйтэй хөгжилтэй болгох талаар эрхбиш юм бодож, болгоож байдаг л байлгүй дээ. Хэдэн жилийн өмнө Улаанбаатар 40 мянган машинтай гэдэг байсан санагдана. Харин одоо энэ тоо даруй 3 дахин өсчээ. Монголд орж байгаа машинуудын хэдэн ч хувь нь хуучин машин байдаг юм бэ дээ. Газар газраас, орон орноос монголчууд бид чинь хүний хуучин машиныг, хатуухан хэлэхэд төмрийн сэгийг чамгүй зөөдөг бололтой юм. Замын цагдаагийн газраас, эсвэл Нийслэлийн Засаг захиргаанаас замын хөдөлгөөнд оролцож байгаа машин тэргэнд, түүний утаа тортогонд ямар шаардлага, шалгуур тавьдаг юм бүү мэд. Сангийн аж ахуйн хуучин ЮМЗ-50 трактор шиг хар утаа олгойдуулсан машинууд хаа сайгүй утаан сүүл чирчихсэн давхиж явах юм. За тэгээд манайд ямар ч дүрэм журам байгаад нэмэр байх биш, цагдаатайгаа, шалгагч, даргатайгаа нийлж байгаад аргалчихдаг хойно. Улаанбаатарыг тойрсон гэр хорооллуудын 40 мянган гэрийн утаа, салхин доороо байрлуулсан хэдэн үйлдвэрийн утаан дээр тэр олон хуучин машинуудын утаа нэмэгдэхээр Улаанбаатар маань униарталгүй яахав дээ. Аргагүй Монгол тулдаа л болж байх шиг байна. Єглөө оройд Улаанбаатарын төвөөр машинтай явахад яс хавтаймаар болсон байх юм. Жоржтауны хуучин нарийн гудамжинд ч тийм бөглөрөл байхгүйдэг. Машины олноос, замын ачаалал хэтэрсэнээс болж тийнхүү бөглөрөл үүсэхээс гадна бас манай Монголчуудын "Замын хөдөлгөөний соёл" ч гэдэг юм уу, нэг тийм юмнаас болоод ихэвчлэн зохиомол бөглөрөл их үүсч байх юм. Нэг нэгнээ хүндэлнээ гэж ёстой гонж доо. "Чи муу, тэр муу...П-даа" Тэгээд хараалаа урсгаад л, гараа гозолзуулаад л, сигналаа хангинуулаад л бие биенийхээ урдуур дайраад байх. Аятайхан, завсар чөлөөгөө харж байгаад гараад явчих юман дээр бүгдээрээ зүтгэлсээр байгаад бүгдээрээ яг таг зогсоцгоочихно. Тэгснийхээ дараа бууж ирээд заамдалцаад, цохилцоод авах нь энүүхэнд. Улаанбаатарын гудамжаар машин барина гэхэд ихээхэн эр зориг, эрээгүй зан хэрэгтэйдэг. Энд байдаг шигээ хүлээзнээд, ая эвийг нь харах гэх юм бол өмнүүр дайрсаар өдөржин ч хүлээлгэчихэж мэдэх юм билээ, сүүлдээ залхаад яг л адилхан сигнаалдаад дайрахад хүрч байх юм. Хэдийгээр хуучин машин их ч түүний хажуугаар олон сайхан шинэ машинууд очжээ. Вашингтон, Нью-Йоркийн гудамжинд ч ховорхон үзэгддэг машинууд Улаанбаатарын гудамжийг чимсэн шиг сүнгэнүүлж явах юм. Монголд mersedes benz байдаг гэдэгт үнэмшдэггүй Аннанделийн Солонгос танилаа Улаанбаатарын тэр олон машинууд дотор оруулахсан гэж бодогдож билээ. Хаммер хэмээх шинэ цагийн жийп л гэхэд бараг гудамж болгонд таарах...
Хад хайрцаг шиг Хаммер нь
Хамчих шахаад өнгөрсөнийг яана
Ууртай догшин харсан чинь
Лусын дагина байсныг яана аа хө гэж дуулахаар л байна билээ. Сайхан сайхан мисс бүсгүйчүүд энэ $100 мянгын үнэтэй жийпээр гоёчихсон явах нь нэг бус таарлаа, цав цагаан, гоо үзэсгэлэн төгс бүсгүй хав хар, дөв дөрвөлжин, эз түрэмгий шинжтэй машинд явах нь их донжтой. Улаанбаатарын тэр их утаа тортогийн 80 хувийг нь Богд Дүнжингарав уул биедээ, ногоон хучлагандаа шингээдэг гэнэ. Дүрсгүй хүүхдүүдийнхээ тарьсан балгийг дуугүйхэн ширтэх эцэг шиг Богд хан уул маань утаан хөшигний дээгүүр дүнсийнэ. Гэвч сүүлийн жилүүдэд Богд уулын маань бие хортон шавьж, түймэр, модны хулгайгаас чилээрхэжээ. Ингээд Богд ууланд хагас сая мод тарих хөдөлгөөн өрнөөд байгаа гэнэ. Америкийн Монголчууд бид ч бас тэр үйлсэд хувь нэмрээ оруулахад болохгүй гэх зүйл алга санагдана. Тийм төрлийн сан, үйл ажиллагаа эхэлбэл бид жич мэдэгдэхийг хичээнэ ээ.


ЭЗЭНГVЙДЛИЙН "ИХ ТҮЙМЭР"
Улаанбаатарт, гэртээ буусны маргааш өглөө, нойрны зөрөө, замын алжаал гараагүй дуг нойрондоо дугжирч байтал "Түймэр, түймэр, хөөе, хүүе, яанаа, ийнээ" гэх эмх замбараагүй шуугиан сэрээлээ. Цаг-өглөөний 10.00. Сандран цонхоор харвал манай яг урд гудамжинд хоёр давхар дүнзэн байшин бөөн бөөн галаар тал тал тийш тургилан, оч хаялуулан омогтой, сүртэй шатаж байна аа. Салхин талаар нь тэр хавийн хашаа, байшин сахиж хоцордог хэдэн хөгшчүүл хөлхөлдөж, ойрмогхон байх дунд сургуулийн хэдэн дэггүй баньд нар сонин хачин юм үзэж буй аятай шохоорон тойрсон харагдав. Хэдэн жилийн өмнө хэдэн нялх нойтон хүүхдэд дарагдсан миний үеийн хоёр залуу ирж, тэнд газар аван, бүтэн зунжингаа, өвөлжингөө хуруу хумсаа мултартал ноцолдож байж босгосон байшин нь тийнхүү шатаж байгаа аж. Аав, ээжийгээ ажилд явсан хойгуур хэдэн учир мэдэхгүй хүүхдүүд л гал тавиа биз, дотор нь хүүхэд шуухад гэсэн шүү юм бодогдож, санд мэнд хагас дутуу хувцаслаад очвол байшин ойртохын аргагүй гал, утаа хоёроор хахжээ. Хүн амьтнаас асуувал дотор нь хүн байхгүй, эзэн нь саяхан ирсэн, Гал команд дуудаад 10 минут болж байна гэв. Гэрийн эзэн залуу яах учраа олохгүй байгаа бололтой, дэмий л гартаа нэг хүрз барьчихсан байшингаа тойроод гороолон гүйж явах юм. Шороо цацая гэхэд газар тас хөлдүү, ус цацая гэтэл ойролцоох гар худгаас 5 л-ын ховоогоор хичнээхэн ч зөөхөв. Тэгээд ч тэгэж санаа тавьж буй хүн алга шинжтэй бүгд л Гал командыг хүлээж байна гэцгээв. Байшин шатсаар, хүмүүс шавсаар, цаг явсаар… Намайг очсоноос хойш дахиад 10 минут болсоны дараа Галын машины дохио сонсогдов. Энгийн цагт чихэнд чийртэй сонсогддог энэ чимээ тийм цаг үед бол их уянгалаг сайхан сонсогддог юм билээ. Хоёр ч галын машин ирж салхин талаас нь галт байшинд ойртож зогсов. Дотроос нь хэдэн гал сөнөөгч гарч ирээд бэлтгэл ажилдаа орлоо, хүмүүс ч за одоо л тэр омогтой их галыг хэдхэн хормын дотор хэрхэн унтраахыг харах гэж тэсч ядан хүлээнэ. Гэвч хоёр галын машины нэгнийх нь ус цацагч ажилладаггүй ээ. Хоёр гал сөнөөгч жаал нухаж, нухаж, хараал баахан урсгаж байгаад машинаа асаагаад буцаад давхичихлаа. Нөгөө нь усныхаа шаланкийг буулган ар талаас нь ус шүршиж гарав. Гэвч байдаг ганц шаланкийнх нь тэхий дундуур хэд хэдэн газар томоохон цоорхойтой агаад түүгээр нөгөө цацаж буй усных нь бараг тавин хувь нь галын гадуур, хашааны ёзоороор сул дэмий асгаран том тогтоол, маргаашийн мөсөн гулгуур үүсгэх аж. Гал ус хоёрын харшилдаан дунд байшингийн хар цаасаар дээвэрлэсэн дээвэр их гал, чимээ гарган дотогш цөмрөн унав. Байшингийн ойрмогхон байх хашаанд гал үсчин очиж ноцлоо. Ёслолын парад гэмээр шинелэндээ баригдаж түүртэн, хөдөлж ядсан гурван гал сөнөөгч тэрхүү хашаанд ноцсон галыг арайхийж унтраатал ус нь гарахаа больчихов. Яав ийв гэтэл ус нь дуусчихаж гэнэ ээ. Тавхан минут цацдаг устай байж ямар гал унтраах гэж явдаг юм бол доо. За тэгээд нөгөө галын машин маань "дуугаа дуулсаар" ус нэмж авчрахаар буцаад давхичихлаа. Тэр ус нь хаанаа ч байдаг юм, бааз нь хэдэн ч минут явдаг газарт байдаг юм бүү мэд. Байшин шатсаар, хүмүүс хүлээсээр, эцэст нь цэл залуухан эцэг эх хоёрын хэдэн нялх хүүхдийнхээ хоногийн хоолыг хороон байж, сөхөрч унатлаа зүтгэж босгосон байшин хар утаа олгойдуулсаар, хар нүүрс болон өмхөрөн унав аа. Нөгөө галын машинуудын чимээ дахиж сонсогдсонгүй. Эх орондоо угтсан анхны өглөөний дүр зураг маань нэг иймэрхүү. 10 хоногийн дараа өглөө үүрээр нааш буцахаар хашааныхаа гаднаас хөдлөхөд нөгөөх шатсан байшингийн ормон дээр хэдэн хана, унь дугуйлаад тавьчихсан, өвлийн өглөө эртийн хахир жаварт бээрчихсэн залуу эр эм хоёр, хөлдүү газрыг хүрзээр дангинуулан хуссан зогсоо нь харагдсан. Хаанаас ч юм нэг ханхай гэр олж дээ. Хөлдүү газарт барьсан давхцаггүй дан гэрт Монголын хахир өвлийг яаж давна даа гэж бодохоос л хамаг бие жихүүцэж, зүрх хусах шиг. Томчуул нь ч яая гэхэв, тэр хэдэн бага балчирууд... үүнд хороо хорин, Нийслэл, дүүргийн засаг захиргаа, Улсын Нийгмийн халамжийн газраас ямар нэгэн тус дэм хэрхэн ирж буй нь мэдэгдсэнгүй, харагдсангүй, сонсогдсонгүй. Мэдээжийн хэрэг манайхан л болсон хойно хөрөнгийн даатгал хийгдээгүй байгаа нь ойлгомжтой. Байшинд даатгал байтугай газарт нь ч зөвшөөрөлгүй байгаа. Ийм тохиолдолд дарга даамлын, боос захирлын л хамаатан садан биш бол нийгмийн зүгээс ямар нэгэн тэтгэлэг туслалцаа авах боломж нэн хомс, бор зүрхээрээ зүтгэж яваа нэгэнд бол ямар ч найдваргүй. Ийнхүү тэс хөлдүү газар дээр дахин гал боломт асаахаар зүтгэж байгаа хэдэн хялх нойтон хүүхэдтэй залуу эцэг, эх хоёрт Монголын нийгэм мөн л тэс хөлдүү царайлж байх юм даа. Би үүнийг зүгээр нэг сонирхуулж, гал сөнөөгч нь гал сөнөөгч шиг байж чадсангүй дээ гээд л орхичихмооргүй байна. үүний цаана ерөөсөө хийж буй ажилдаа эзэн шиг эзэн нь болж чаддаггүй нэг иймэрхүү үзэгдэл Монголыг маань түйрэн /их түймэр/ мэт нилэнхүйд нь нөмөрчихсөн байгаа юм биш үү. Дарга нь дарга шиг байж чадахгүй юм. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэгчээр Ерөнхийгөөсөө авaхуулаад адгийн cум, хороон дарга нь хүртэл өөр шигээ хэдэн юмнуудыг олоод тойруулчихна. Тэд нь улыг нь долоож, даргыгаа дарга гэдгийг нь ямагт мэдрүүлж, баясуулж амьдарна. Аль алиндаа өлзийтэй, харин ард түмэндээ бол..., яг л цөөвөр чоно шиг. Улс төрийг итгэл, үнэмшил, үзэл бодол, арга барил гэж бус шууд л хуйвалдаан гээд ойлгочихсон, одоо түүнийх нь үр дүнд та бид дээрээ төргүй юм шиг л гүйлдэцгээгээд байнам биш үү. Их хурал, улс төрийн намууд маань яаж мунгиналдаж байнав. Дарга гэдэг бол амьдралын баталгаа, эд хөрөнгө гэж ойлгохоос биш хариуцлага, үүрэг, зүтгэл гэж ойлгохгүй. Эсрэгээр боддог ганц нэгнээ хэнхэг, хоцрогдсон, солиотой коммунист гэх, гадуурхсаар гортигноос гаргаад зогсохгүй бүүр амьдралгүй болгож орхино. /Энэ талаар дараагийн бүлэгт жичид нь ярина/ Цагдаа нь цагдаа шиг байж чадахгүй юм. Замын цагдаа л гэхэд дуртайгаа шүгэлдэн зогсоочихоод, өөрөө замын голд пээдийгээд зогсчихно. Яаруу түргэн машинаасаа гарч, өмнө нь гүйн очиж, бөхөлзөхгүй бол хөгшин нохой шиг зуучихнаа. Яав, яагаад намайг зогсоов, энээ тэрээ гэвэл огтхон ч тайлбар өгөхгүй, яарч, сандарч байна гэвэл улам гэдийгээд зогсоод байна. Хэдэн муу микро автобус, таксины жолооч нарт бол эр бар, рекет маягийн юм хийж авсангүйдээ гэхэд хайрцаг тамхи, ширхэг бохины үнэ авч байж салах юм. Микро автобусны жолооч нар бүүр тэндэхийн цагдаа хайрцаг тамхины, эндэхийнх нь шил архины ханштай гээд тогтоочихсон байгаа юм даа. Хуульч нь хуульч шиг байж чадахгүй юм. 80 долларын гар утас хулгайлсан ядарсан дорой нэгэнд төрийн төмөр нүүрийг өршөөлгүй харуулж, хэдэн жилээр хорих ял сонсгон, нэг мөсөн гэмт хэрэгтний ертөнц рүү өрөвдөх юмгүй өшиглөчихдөг мөртлөө хэдэн арав, зуун саяар нь луйвардчихсан ТОМЧУУЛЫГ тавхан мянган төгрөгөөр торгосхийгээд өнгөрөөчихнө. Ярьвал маш их намтартай. Яруу найрагч нь яруу найрагч шиг байж чадахгүй юм. Хүн төрөлхтөнд учирсан зовлон, жаргал бүхэн уг нь яруу найрагчийн зүрхэн дундуур нэвт гардагсан. Одоо харин өөрт учирсан зовлонгоо өрөөлд тохож, өрөөлийн жаргалыг өрсөж булаадаг нь л яруу найрагчид болж дээ. Нэр төр, хөрөнгө мөнгөний төлөө л шүлэг бичдэг гээд ойлгочихсон утга зохиолын нэн хөөрхийлөлтэй нэгэн үеийнхэн өндийж байх юм. Шинэ үеийн яруу найрагчид гэх, хэдэн зуун хүүхэн цохисноо, эсвэл хэдэн арван эртэй банзалдсанаа зүрх сэтгэлийн явдал болгон эндүүрэн хөөрцөглөдөг сэтгэлгээнээс яруу найраг гарах уу даа, зөвхөн өмхий самхай л сэнхийж байгаа юм чинь, Энэ мэтчилэн эрдэмтэн нь эрдэмтэн шиг, эмч нь эмч шиг, багш нь багш шиг, цэрэг нь цэрэг шиг байж чадахгүй юм. Эцэст нь иргэн нь иргэн шигээ байж чадахгүй байна. Хариуцлагагүй, бүтээлч бус явдал даамжирсаар бүүр ийм их эзэнгүйдэл болж хувирсан юм даг уу даа. Хааяа нэг хариуцсандаа эзэн шиг эзэн болохыг хичээн, зүтгэж байгаа нэгэн байх... Гэвч тэд нийгмийг нэлэнхүйд нь нөмөрсөн ийм орчинд эзгүй цөлд байх өнчин ганц баян бүрд шиг торойсоор, ёс суртахуун, итгэл үнэмшлийн хувьд өдөр өдрөөр тамирдсаар, эцэст нь нийтийн эгнээнд шилжчихнэ. Тэгээд л ажил хийсэн болж ороомдоод л, аргалаад л, яг нөгөө ГАЛ СЄНЄЄГЧИД шиг болцгоочихно. Сайн хийсэн ч, муу хийсэн ч ялгаагүй, авдаг арав тавхан төгрөгөө л авч байвал болоо. Ийм л эзэнгүй эх оронд ХҮН амь амьдралаараа, залуу насаараа, итгэл үнэмшлээрээ, сэтгэл зүрхээрээ л хохироод үлдэх юм даа. Нөгөөх жавартай өглөө хөлдүү газрыг хүрзээр хусаад зогсож байгаатай яг адилхан... Хамгийн аймшигтай нь сэтгэл зүрх, итгэл үнэмшил хохирч дуусаж байна. Ийм байдлыг ЭЗЭНГҮЙДЛИЙН ИХ ТҮЙМЭР гэж нэрлэмээр санагдсан. Харийн газраар биднийгээ цагаачилж, царайчилж явах ар худрагаар эх орныг маань эзэнгүйдлийн их түймэр хуйхлах гээд байгаа юм биш үү. Эх оронд маань эзэн шиг эзэд их л хэрэгтэй болж дээ, Харьд буй Монголчууд минь.


ХЄГЖЛИЙГ ГИНЖИЛСЭН ХЭЭЛ ХАХУУЛЬ, ХҮНД СУРТАЛ...
Бээжин хүртэлх галт тэрэгний билет авахаар Төмөр замын билетийн газрыг зорилоо. Хоёр хоногийн өмнө утсаар ярьж захиалгаа өгч, "за зү" болсон учир нэлээд тайван очтол кассын бүсгүй "Суудал дууссаан" гэлээ. Учир байдлаа хэлтэл, "Мэдэхгүй ээ, мэдэхгүй. Тэр дарга даамалтай уулзахгүй юу" гээд халгаасангүй. Тэр суудлаар л явахгүй бол Бээжингээс хөдлөх онгоцны суудал маань үхчих гээд амь тэмцэн, Билетийн тасгийн ахлагч бололтой нэг бүсгүй дээр ортол овоо гайгүй зантай, "Та ямар ч байсан нэрсээ бичүүлчих, өглөө эрт ирээрэй. Гэхдээ суудал байхгүй ч болчихсон байж мэднэ" гэж байх юм. Гайхахгүй байх арга байхгүй. Цааш тайлбар ч сонсохгүй бололтой. Єглөө л ирж азаа үзэхээс өөр мэхгүй болчихов. Єглөө эрт нь аргагүй иртэл нөгөөх ахлагч бүсгүйн өрөөний гаднах хонголоос аваад өрөө дүүрэн хүн, түүний ширээ тойрон тонгойн шавааралдан шуугилдах олны дундуур чадал мэдэн зүтгэлсээр арайхийж нэг юм ширээний буланд хүрч, зузаан нэхий дээл өмссөн эрийн суган доогуур толгойгоо шургуулж байгаад хар тэнхээгээр хашгичиж байж асуугаад автал "Суудал дууссаан, уучлаарай" гэж байна. За ингээд АНУ явдаг 6 хүний билет "үхлээ". Орон нутгийн вагоноор явж, Замын-Үүд, Эрээн ороод тэндээсээ автобус, такси хөлөглөн Бээжин хүрдэг нэг зам байх. Гэтэл нялх нойтон хүүхэдтэй бидэнд тэгэж явна гэхэд ихээхэн хүндрэлтэй. Нөгөө талаар хугацаандаа очно гэх баталгаа байхгүй. "Аргаа барахаараа аавынхаа сахлыг маажина" гэдэгсэн. Одоо монгол аргаар л үзэхээс өөрцгүй болж, билетийн кассад танилтай хэн нэгнийг олох эрэлд гарлаа. Ашгүй эрэл хол явуулсангүй. Хэн нэг нь хэн нэгэн рүү утас цохиж, нөгөө нь бас утас цохиж, тэгээд надад хэн нэгэн хүний нэр хэлж өгөв. Тэр нэрийг цээжилж аваад нөгөөх бүсгүй дээрээ дахин очиж, ойрхоноос шивнэн хэлтэл над руу нэг том харсанаа жижиг цаасан дээр бичиг хийж өгсөнийг аваад кассийн зүг дэгдээд очлоо. Хоёр өдрийн өмнө дуусчихсан байсан билет маань хоёрхон минутын дотор гялс манас бүтчихэв. Миний Монголд ажил явдал нэг иймэрхүү л байдалтай бүтэх юм даа. Энэ явдал бол зөвхөн ганц энэ билетийн касс дээр тохиолдсон зүйл биш, Монголын маань өнөөгийн дүр төрх, хээл хахууль, танил тал, хүнд суртал, эмх замбараагүй байдал гээч юм зүгээр л гудамжинд хөглөрч байдаг шар айрагний лааз шиг ердийн, энгийн, байх л ёстой, хэнд ч ойлгомжтой зүйл байсаар байна. Тийм болохоор л эл явдлыг эш татан нуршлаа. Тэр дундаа дундаас дээш давхаргынханы хүрээнд хээл хахууль, хүнд суртал гээч юм хэмээс хэтэрсэн тухай социологчид, гадаадын ажиглагчид халаглан бичсэнтэй олонтаа таарлаа. /Миний бие тэр дундаас дээш давхаргынханы хүнд суртлыг мэдрэх хэмжээнд явсангүй, гүйдэл маань ч таарсангүй учир тийм жишээ гаргаж чадсангүй/ Монголын хөгжлийг боомилж байгаа томоохон эмгэнэл, чөдөр тушааний нэг энэ байна. Хэдэн жилийн өмнө Авилгалтай тэмцэх үндэсний зөвлөл ч билүү нэг сүржин нэртэй байгууллага УИХ-ын дэргэд байгуулагдаж байсныг санаж байна. Дээрх шиг явдлыг, үзэгдлийг байх л ёстой ердийн зүйл гэж хүлээж авдаг нийгмийн сэтгэлгээ өөрчлөгдөөгүй цагт мянган Авилгалтай тэмцэх үндэсний хороо, зөвлөл, ассамблей байгуулаад нэмэргүй л дээ. Тос дотроосоо өтдөг бол нийгэм толгойноосоо эхэлж гэгээрдэг. Нийгмийг жолоодож яваа лидерүүд гэгдэх улс төрчид, бизнесмэнүүд, нэр цууд гарсан хүмүүсээс л нийгмийн энэ сэтгэлгээний өөрчлөлт эхлэх учиртайсан. Гэтэл өнөөдөр төрийн өндөрлөгт гарч байгаа манай эрхмүүдийн байр байдлыг харахад заримдаа ч ичиж үхмээр. Улсынхаа нөөцийг цөлмөчихдөг, банкийг дампууруулчихдаг, бааранд зодолдчихдог, амралтанд хүүхэндчихдэг... үүнийгээ "жинхэнэ эр хүний явдал" гэж бахархах. Хуулийг эмээгийн маанийн хэдэн эрх шиг алган дотроо эргэлдүүлнэ гэх шиг юм ярьж суух... Үүнийгээ "Чадаж байгаа юм хойно" гэж цайруулах. Бие биенээ хэвлэлээр харааж зүхэж байгаа нь яг 7 дугаар гудамжны Долгор чагванцын худаг дээр ярьдаг хов шиг. Єрсөлдөгчөө унагахын тулд чөтгөртэй ч хамаагүй нийлж байгаад, хүн алж хүрээ талахаас ч сийхгүй үзэж тарна. Үүнийгээ "ЛОББИ хийлээ" гэж нэрлэх... Дэлхийн хоёрдугаар дайны дараа эдийн засаг нь хүнд хямралтай байсан үед Данийн ван ард түмэн маань явган явж байхад би үнэтэй машин унахгүй хэмээн гадуур унадаг дугуйгаар явж ажлаа бүтээдэг байжээ. Үүнийг харсан ард түмэн нь эзэн хаан маань ингэж явахад бид хичээн зүтгэх ёстой, хэмнэж, гамнах учиртай юм байна гэдгийг гүн гүнзгий мэдэрч, энэ нь улмаар Данийн нийгэмд эерэг сэтгэлзүйг бүрдүүлсэн гэдэг. Мөн хаанахын ч билээ Европын нэгэн орны гадаад хэргийн сайд нь саяхан жирийн нислэгээр гадаад айлчлалаа хийж явсан тухай мэдээлэл уншиж байсансан. Харин Монголд бол энэ байдал шал эсрэг хандлагатай байна. Манай улсын эдийн засаг хүнд, ард түмний амьдрал ядуу зүдүү байхын хирээр лидерүүд маань хамгийн үнэтэй машин хөлөглөж, хамгийн тансаг харшид тухалж, баардаж, казинодож, гадаадаар үр ашиггүйгээр доншуучилж, ямар ч утга учиргүй, үнэ цэнэгүйгээр баян чинээлгээрээ өрсөлдөх гэж ядчихнаа... Эх нь булингартай бол адаг нь булингартай. Нийгмийн толгой нь ийм согогтой байхад бие эрхтэнүүд нь яаж ч эрүүл байхав... Боол, барлагийн сэтгэлгээтэй хүмүүс нийгмийн толгойд гарчихаар, өөрөөр хэлбэл түрүүний бөөс толгойд гарчихаар ийм байх ч бас аргагүй юм. Нийгмийн давалгаа гэдэг, тогтоол усыг хөндчихвөл ёзоорт нь байсан булингар буртаг дээгүүр нь гарч ирдэгийн л адил үзэгдэл... Хамгийн эмгэнэлтэй нь энэ шилжилт, доргилт дэндүү удаан, сунжирч байна. "Болдогсон бол энэ хүнд суртлыг Чононоос дутахгүй мэрэх юмсан" хэмээн пролетарийн хувьсгалын үеэр, эрх чөлөөгөө олсон пролетариуд эрх мэдлийн амт авангуутаа хэрхэн аймшигтай хүнд сурталд автдагийг харан бухимдан бичиж байсан Маяковский хэрвээ манай энэ үеийн Монголд ирэх юм бол "Болдогсон бол энэ хүнд суртлын өмнө Боож үхэх бор шидмэстэй болохсон" гэж бичих байхдаа.


VЙЛЧИЛГЭЭ ХИЙГЭЭД БУХИМДАЛ
Улаанбаатарт "БОСА" гэх мэтийн бөөний худалдааны хэд хэдэн томоохон сүлжээ нэлээд идэвхтэй, үр дүнтэй ажиллаж байна. Шинэ цагийн үйлчилгээний соёлын үнэр ханхлуулсан "Миний дэлгүүр", "Номин электроникс" зэрэг дэлгүүр, сүлжээнүүд Улаанбаатарт маань цөөнгүй олон болжээ. 90-ээд оны үеийн бүдүүлэг, эрээ цээргүй, эмх замбараагүй тохиролцооны лангуу цагийн эрхээр үеэ өнгөрөөж байгаа бололтой. Элдэвийн бараагаар хахсан шил толь болсон лангуу аль ч дэлгүүрийн өнгө төрх болж. Байхгүй бараа ховор болжээ. Гэвч үйлчилгээний салбарт бас эрээгүй бүдүүлэг харьцаа байсаар л байна. Ємнөх бүлэгт дурдсан Төмөр замын билетийн кассад үргэлжүүлэн болсон нэгэн явдлыг бас ишлэе. Бөөн юм болсоны эцэст билетээ бичүүлж зогсохдоо "амь даатгал" гэж нэг хураамж авдгийг санан, бас ялихгүй зүйлээс болж зам зууртаа ээрэгдэн шалгагдаж, саатуулагдах вий гэхдээ амь даатгалын үнэ нь билетийнхээ үнэнд багтсан эсэхийг мэдэхээр "Амь даатгалаа яах вэ" гээд асуугаад орхитол "Амьтай юм бол авч л таарна шүү дээ" гэж өмнөөс цочтол тачигнав. Арайтай л архирчихсангүй. Айх ч шиг, гомдох ч шиг. Хашааны буланд хэвтдэг халтар жингэр ч өмнөөс ингэж ярзайдаггүйсэн. Дөрвөн наснаас доошхи хүүхэд билетгүй зорчдог юм байна. Амь даатгал нь билетийнхээ үнэд ордог гэнэ. Бага хүү маань хоёр настай учир билет бичсэнгүй, нэгэнт билетгүй учир амь даатгалын хураамж авсангүй. Тэгээд кассчин авгай өөрөө "Амьтай болгон амь даатгал бичүүлдэг" гэсэн учир "Хоёр настай хүүдээ амь даатгал бичүүлье" гэтэл "Бичихгүй" гэж байна. "Хүү маань уг нь амьд мэнд яваа юмсан" гэтэл над руу нэг муухай харсанаа билетүүдийг маань өмнөөс шидчихлээ. Кассчины өмнөх ганц гарын шуу багтах умгар нүхний цаана тарчихсан хэдэн билетээ цуглуулж авах гэж хэрдээ л сандарлаа. Төв музейн нэг давхарт байх эд өлгийн дэлгүүрт, лангууний шилний цаана байх нарийн хийцтэй хэт хутгийг сонирхмоор санагдаж, худалдагч залуугаас үзүүлэхийг хүстэл "Авахгүй байж үзэж яах гэсэн юм" гэлээ. Шар хөдлөөд тэр галзуурсан үнэтэй юмыг нь худалдаад авчих шахсаныг яана. Эхнэр хажууд явсан тулдаа л хорьж тогтоолоо. Иймэрхүү эрээ цээргүй, бүдүүлэг байдал автобусанд ч, албан газрын үүдэнд ч хаа сайгүй л тааралдах юм. Ийм орчинд Улаанбаатарынхны маань ихэнх нь хөмсөг атирсан, нүүр дүүрэн инээдгүй байх нь, мөр шүргэх юм бол хараахад, үг сөрөх юм бол дэлбэрэхэд бэлэн явцгаах нь арга ч үгүй юм даа. Энэ бүхэн нь цаанаа манай Монголын нийгэм нэлээд архаг өвчтэй хэвээр байсаар байгаагийн илрэл л болж байна. Хэдэн жилийн өмнө нярай хүүхэдтэй нэгэн залуухан эх хүүхдийнхээ өлгий сүүний мөнгө авахад хэрэг болдог тодорхойлолт авахаар Хороо хориныхоо дарга дээр ортол "Тэжээж чадахгүй байж яах гэж гаргасан юм" гэж тас загнуулаад асгартал уйлчихсан үүдэн дээр нь зогсож байхтай таарч билээ. "Бид яагаад ингэж бухимдалтай амьдарч байна вэ" гэж үзэг нэгт, авьяаслаг сэтгүүлч, олноо "алмас" нэрээр танил болсон Ц.Батбаяр маань хэдэн жилийн өмнө асуудал хөндсөн өгүүлэл тэрлэж байсныг санаж байна. Харин яагаад гэдэгт тэр маань хариу олж чадалгүй байсаар, өөрөө ч бухимдсаар, бухимдахаараа хатуу идээг харамгүй балгасаар яваад өнгөрөгч хавар ид хийж бүтээх цэл залуу насандаа энэ хорвоог орхичихож дээ, уулзаж чадсангүй...

ЯМХ ГАЗРЫН ТЄЛЄЄХ ДАЖИН
"Үртэй бол баян" гэдэг ардын маань гүн утгат, цэцэн санаат үг цагийн эрхээр хувьсаж, одоо "Газартай бол баян" гэдэг болчихож... 1939 онд Халх голд, 1945 онд Байтаг богдод харийн түрэмгийлэгчдээс эх орноо хамгаалан сөөм газрын төлөө цусаа урсгаж явсан хүмүүсийн үр сад өнөөдөр Улаанбаатарын төвд метр газрын төлөө, бие биесээсээ өрсөх гэж үхэн хатан, нэр төр, нандин чанар юу л байдгаа мартаад улайран зүтгэж байхыг харлаа. Үүнийг дагаад газрын үнэ хаданд гарчээ. Нийтийн халаалт, бохир цэврийн шугамандаа ойрхон, дээр нь олны хөлийн газарт буй алга дарам газар хэдэн арван саяар үнэлэгдэж байна. Хотын зах руу гэрэл цахилгааны шугам, нийтийн тээврээс хол гэгддэг Улиастайн эцэст тойруулаад хэдэн шон хатгачихсан 15х25 метрийн талбайтай цулгай хоосон газар 1.2 саяар зарагдаж байна. 13 дугаар хороололд нэг ТүЦ л багтах алга дарамхан газрыг 19.5 саяар зарна гээд сууж байгаа нөхөртэй таарлаа. Газрын наймаа дагнан эрхэлдэг бүлэглэлүүд байгуулагдаж, тэдний хоорондын өрсөлдөөн хатуу ширүүн өрнөж байгаа гэнэ. Нийслэлийн газар зохицуулалтын албаныхан гэдэг цоо шинэ хөрөнгө чинээтэнгүүд төрөн гарч байгаа ажээ. Газрын наймааг гол зохицуулж байдаг тэдгээр хүмүүсийн ард төрийн өндөр эрх мэдэлтэй нууц ноёнтонгууд сууж байдаг гэнэ. Зарж, худалдаж болох газар бүрийг худалдааны эргэлтэнд оруулж, тэр ч бүү хэл газрыг хэрхэн яаж шинээр бий болгож болдог нарийн арга механизмууд ч шаггүй боловсорчээ. Гэр хорооллуудад амьдрал хайсан хүмүүс эрэгний мухар, намаг шалбаагтай газар, хогийн толгойг хүртэл янзалж тэгшлээд хашаа хороогоо татаад авсан харагдана билээ. Их, Бага наран, Далан давхар гэх мэтийн нийтийн оршуулгын газруудад айлуудын хашаа юу, шарилын хашаа юу гэдэг нь ялгагдахгүй нэлэнхүй хавьтгай үргэлжилсэн юм болж, хүүхдүүд нь шарилын хавтан дээр тоглоомоо өрөн тоглож, шарилын хөлөөс гардаг шүвтэртэй усыг тосон ундандаа хэрэглэж байгаа нүд хальтирам дүр зураг одоо ч нүдэнд харагдах шиг... Тэр ч бүү хэл Улаанбаатарын ундны усны нөөц, сав газар болох Гацууртын Хар, Хөх усан тохой, Могойн болон Тугалын дэнж, Хужирбулангийн өлмий газраар айлууд шавааралдан бууж, ихэвчлэн хөрөнгө чинээтэй хүмүүс бололтой, том том байшин барьж, бохирын хоолойгоо шууд доошоо шүүгдэхээр татацгаасан нь олонтаа харагдлаа. Хатан Туулын маань ус жилээс жилд татарч, өнгөрсөн онд бүр тасалдсан гэсэн. Мянга мянган жилээр тасраагүй урсгал ийнхүү бидний үед сүүлийн гурван жилд хоёр удаа тасарчээ. Бидний л хийж байгаа ажил. Туулын ус ширгэвэл Улаанбаатар яаж амьдрах юм бол. Єнөө маргаашаа харсан ядуу сэтгэлгээнд төр нь ч, иргэд нь ч нэрвэгдсэнээс ийнхүү УЛААНБААТАР АМИА ХОРЛОХ-ын даваан дээр ирээд байна даа. Єнөөх дуулиантай "Газар өмчлөлийн тухай хууль"-ийн хэрэгжилт хэр яваа юм, удахгүй 5 сараас газар олголтын асуудлыг Засгийн газраас тусгайлан хянан үзэж, илүү дутуу авсан газруудыг хураан авч, дуудлага худалдаанд оруулах юм гэнэ гэсэн яриа сонсогдсон. 12 сарын эхээр Ерөнхий сайд Ц.Элбэгдорж нийслэлийн газар олголтын байдалтай танилцаж, сэтгэл нэлээд дундуур байсан гэсэн. Энэ бүхнийг цэгцлэхэд одоо их л оройтож, нэлээд хүч хөрөнгө, цаг хугацаа шаардагдах хэмжээнд очсон болов уу гэж бодогдох юм. Зөвхөн Улаанбаатарт төдийгүй хөдөө орон нутагт тариалангийн үржил шимтэй, малын бэлчээр сайтай газрын төлөө өрсөлдөөн хүчтэй өрнөж, зарим тохиолдолд бэлчээрийн маргаанаас болж гэр бүлээр нь хүйс тэмтэрсэн тохиолдол сүүлийн хэдэн жилд дараалан гарсан талаар үзэг нэгт танил сэтгүүлч маань сэтгэл зовинон өгүүлж байна. Дашрамд хэлэхэд АНУ-д буй Монголчууд маань ах дүү, амраг садангаараа дамжуулан Улаанбаатарт ч юм уу, аль нэгэн газарт эртхэнээс алга дарамхан газартай болохгүй бол газрын үнэ жилээс жилд нэмэгдсээр байна, нөгөө талаар эх нутагтаа хэзээ нэгэн цагт эргээд очиход өөрийн гэх гишгэх газаргүй болчихсон байхад гайхах юмгүй л болох байх даа.


АРХИН ДАЛАЙН ДУНДАХЬ ЄНЧИН ТОЛГОД
1990 оны дундуур Улаанбаатарын гудамж согтуучуудын армид эзлэгдээд байсан санагдах юм. Одоо манайхан тэр үеийг бодвол архийг харьцангуй бага уудаг болоо юу даа. Архи ууж, хөлчүүрхсэн хүн бас гайгүй, ховор харагдах юм. Баярламаар. Архичдын, Ганзагчидын арми нь үеэ өнгөрөөж, шинэ ажил хэрэгч үеийнхэн, бизнесийнхэн түрж гарч ирж байгаа бололтой. Гэвч нэгэн тоо баримт үзээд сэтгэл сэрдхийлээ. Нэгэн танил маань дунд хэмжээний нэгэн хувийн архины үйлдвэрт жолооч хийдэг юм байна. Нэг өнжөөд тус үйлдвэрээс 250 авдар буюу 5000 шил архийг Улаанбаатараар нэг байх архины дэлгүүрүүдэд тараадаг гэнэ. Гэтэл Монголд ийм архины 150 үйлдвэр байнгын үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Зөвхөн дунд зэргийн нэг архины үйлдвэрээс л өдөрт 2500 шил буюу 1250 литр архи борлогддог гэхээр үүнийг дундачлаад бодоход монголчууд эх орныхоо үйлдвэрийн 375 000 шил архийг өдөрт нь уудаг байна. Бараг насанд хүрсэн хүн тоотой бүхэн өдөрт нэг шил архи... Гэтэл энэ тоо бол ил тоо. Импортоор орж ирж байгаа архийг үүн дээр нэмээд бас дээр нь хулгайгаар хувиар хийж зардаг үйл олон жижиг бизнесийг нэмбэл хичнээн их тоо гарах нь ойлгомжтой. АПУ, САПУ, Зүүн Хараа, СпиртБалбурам гээд архи спиртний акулуудын үйлдвэрлэл чамлахааргүй. Нэгэн судлаачийн гаргасан Монголчууд өдөрт хагас сая шил архи уудаг гэсэн тоо огт баримжаагүй тоо биш ээ. Түүн дээр пиво, вино гээд бусад согтууруулах ундааг нэмбэл... Энэ их архин далайд гагцхүү Монголчууд тулдаа ч живчихгүй, түлэгдэчихгүй тэсч байх шиг байна. Сакэ, Сөжүгээ хуруувч шиг юмаар уудаг Япон, Солонгосууд, вискигээ тал хувийн мөстэй хольж уудаг энэ Америкчууд бол тэгэж архи уувал аль хэдийнээ тэсэхгүй, живчихсэн, эсвэл түлэгдчихсэн. Намайг Монголд байх үеэр архины онцгой албан татварын тухай хуулийг УИХ батлан гаргах гэж бөөн юм болов оо. Үндэсний үйлдвэрийг дэмжих холбоо ч билүү нэг байгууллагаас эсэргүүцэл зарлаж, бараг өлсгөлөн болохыг шахав. Архины үйлдвэрийн эзэд, түүний дотор түмний АПУ-г хувийн САПУ болгосон сүйхээтэй нэгэн эр архинд онцгой албан татвар ноогдуулсан нь бараг л ардчиллаас ухарсан явдал гэх ухааны юм ТВ-ээр ярьж байна. Монгол хүн бүрийн амьдралд архи гэдэг нэгэнт онцгой байр суурь эзэлдэг тул энэ хуулийн талаар нийгмийг бүхэлд нь хамарсан халуун маргаан өрнөлөө.

Yргэлжлэлийг Хамаг Монгол сониноос уншина уу.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 5252

Бүлэг: Өгүүлэл

Сэтгэлд гийсэн vvрийн цолмон

(Нутгийн тэмдэглэл)

Ш.Баатар, Замдаан сэтгүүл, No.20

1. Нийслэлд буусан минь
Єсөх наснаас сэтгэлд шингэсэн нэгэн дурдатгал бол нагац ах маань цэрэгт мордсон тэр мөч. Эмээ маань нүүр дүүрэн гуниг, нүд дүүрэн доглон нулимастай ахын зээрд морины дөрөөг нь сарлагийн өтгөн сүүнийхээ дээжээр мялааж, "За 3 жилийн дараа амьд байгаа ч юм билэв үү хэн мэдэх вэ, эр цэргийн албаа эсэн мэнд хаагаад түмний хүүхдийн адил төрсөн гэртээ буцаад ирээрэй, чадвал муу эх нь хэдэн үнээгээ шувтраад сууж байя" гэж билээ. Тэр үед цэргийн алба хүлээгээд, хүлээгээд барагддаггүй чилгэр 3 жил байжээ. Гэтэл би нэг л мэдэхэд 3 жилийн дараа эх нутагтаа аяны дөрөө мулталлаа.
Ємнөд Солонгосын Инчoны нисэх буудлаас хөөрсөн МИАТ-ын суман цагаан хөлөг нүүдэлчдийн нутгийн зах Хянганы нуруун дээгүүр өнгөрөхөд онгоцны цонхоор ногоорон эсвэл хүрэнтэн харагдах тариалангийн талбай алгуур цөөрч, улмаар үгүй боллоо. Бодвол өсч төрсөн монгол нутгийн хилийн дээсийг алхсан биз ээ. Хааяа нэг бүртийн харагдах танан цагаан гэр, мяндсан утас шиг мурилзсан зам харгуй, нэлэнхүйдээ шаргалдах эх газрыг үүлэн сүүдэр тамгалсан агаад тэрээр зах хязгааргүй мэт үргэлжилнэ. Говь руугаа газрын гарц тарчигхан байгаа нь харваас илт. Удаж төдөлгүй газрын хөрс ногоорон уулархаг бүсэд хараа бэлчихэд, мурилзаж тахирлaсан гол мөрөн харагдав. Энэ бол элэнц дээдсээс хүн, малгүй ундаалж ирсэн Туул гол болох нь дамжиггүй. Улаанбаатар баруун тийшээ ихэд тэлсэн нь Шувуун фабрик хүртэл хашаа байшингаар баримжаалагданa. Буянт ухаад газардахад байгаль дэлхий ногооноор мишээж, нүднээ нэн дотно сэтгэлд юутай өег санагдав. Бид Монголдoo ирлээ. Онгоцноос дамжих хоолойгоор шууд нисэх буудал орж, байцаан өнгөрүүлэхээр гараад, ачаа тээшээ авсны дараа хүлээлгийн зааланд ороход, ах дүү, төрөл төрөгсөд биднийг угтан авч, учран золгохын баярт мөч эхлэн, хэн бүхний магнай тэнийж, хорвоогийн нэгэн нар гийлээ. Нисэх буудлаас гарахад эх газрын хуурай, бүлээн салхи өмнөөс хацар илбэн угтаж, нохой гаслам зуны хурц нар эгц дээрээс төөнөх агаад гэрийн зүг бид яарлаа. Шинэчилж зассан хаалгатай даваагаар өнгийхөд, Яармагийн дэнж ногоорон, хотын байдал бүүдэг бөгөөд агaар нь нэг л хүндхэн дуниартан харагдав. Хүй долоон худагт хурдны морийг барих болсноор Яармагийн дэнж хүн малын хөлөөс ангижирч ийнхүү зоо нуруугаа амраан ногоорсон байв. Яармагийн зам олон тэрэгний дугуйнд элэгдэн, жаахан муудсныг эс тооцвол бараг бүх юм хэвээрээ шахуу. Замын хажуугаар зэрвэсхэн үзэгдээд өнгөрөх зар сурталчилгааны самбарууд урд урдаас илүү өнгөлөг цэмцгэр. Жаахан дээшээ хараа сунгахад, Богд уулын арын мод тайрагдаж шингэрсэн нь aмерик цэргийн үсний засалттай (жархийд гэх буюу пинтүү засалт) нэн адил нүдэнд туслаа. Дайчин Америкт удсных юм уу дандаа цэрэг толгойнд буудаг болж. Бодвол хотынхон хувийн сууц барих, гал хөсгөө таслахгүйн тулд ийнхүү нүцгэлсэн болтой. Хотын төв ортол зам зуур бас нэгэн ажиглаж амьжсан зүйл бол хүн, машины хөдөлгөөн байв. Нийслэлийн хүн ам нэмэгдэж, машин тэрэг ихэссэн нь илт. Хүмүүсийн хувцаслaлт сайжирч, ахуйн соёл дээшилсэн нь бахархууштай ч үй олон тэрэгний хаях цэнхэр утаанд агаар хүндэрч, энд тэнд эмх замбараагүй босгох байшин барилгаас дэгдсэн сул шороо засмалаар хөглөрөөд, машины дугуйгаар босон, тоосон мананцар хөлөн тушаа татсан нь тэдгээр гоё сайхан хүмүүсийг тохуурхах мэт шилбийг нь сааралтуулжээ. Замын хажуугаар ярайх жимс, ногооны задгай лангуунууд өөрийн эрхгүй зүүн өмнөд азийн орнуудыг санагдуулав. Замаар хурдлах машинд байгалийн шалгарал явагдаж, жижгээс эксел, томоос ланд круйзер үлдсэн мэт сэтгэгдэл тэр хоромхон зуур надад төрүүлээд авлаа.


Шинээр баригдсан ба баригдаж байгаа барилгуудын дотор сайн нь ч байна, салбагар нь ч байна. Ёстой барьж байгаа хүнийхээ хэтэвчний хэмжээг заах мэт. Зэрлэг капитализмын жанглын хууль үйлчлэн хөгжиж байгааг энэ бүгдээс харж болно. Єнгөцхөн харахад гурван жилд олон юм хурдацтай хөгжиж эхэлсэн байна. Энэ бүхэн миний анхны сэтгэгдэл болно.

2. Манзуширийн хийдэд зорчсон нь
Хэдэн жилийн дараа эх нутагтаа түр ирсэн болохоор богино хугацаанд олон ажил амжуулаад авах нь зүйтэй гэсэн үзлээр наадмаас өмнө Манзуширийн хийдийг үзэх болов. Дүү нарын бэлтгэсэн унаагаар аажуухан гарч, хотын ойролцоох Манзушир гэгээний хийдэд тун удалгүй хүрлээ. Төв аймгаар дайраад гарахад хаа сайгүй шинэ барилга барьж байгаа нь манайхан зах зээлд ороод их ажилсаг, бас чинээлэг болсныг харуулж байнa. Манзуширийн хийдийн доод биенд уулын хормойг хайсаар чөдөрлөж, орсон машин бүрээс татвар хураадаг болжээ. Хөгжилтэй орнуудад байдаг, байгаль орчныг хамгаалах, түүх дурсгалын газруудыг сэргээх гэсэн нийтийн жишгийг дагсан болтой. Зөөлөн бороо шивэрсэн сэрүүхэн өдөр хийдийн туурь өөд явган мацаж, хангай газрын устай хөвдөнд гутал нэвт норов. Цогчин дуганы туурийн зүүн талын хийдийг сэргээж, музей маягаар тохижуулаад, хийдээс баруунтаа ойн захад хуучин буйранд нь нэгэн "жанчив чүртэн" нэртэй цагаан суврагa босгожээ. 3 жилийн өмнө уг суврагыг манай Яармагийн хашаанд цутгахад би таарч билээ. Ээж маань овоо хэдэн суврагa бүтээхэд гар бие оролцож, буяны үйл хийсэн дээ. Манзуширийн хийдийн туурийг хараад шашин дэлгэрэх тэр цагт байгалийн үзэсгэлэн төгөлдөр газрыг нарийн тогтоож, уулын өндөрөөс шантралгүй, өчнөөн олон хийд барьж байсан өвөг дээдсийн оюуныг бахархах, хүндлэх сэтгэл төрөв. Уулын энэ аглаг мухарт цанадын ном үзээд сууж байсан, мянга мянган лам нарын суу билэг судар номонд шингэж, энэ газар орныг жанлавлaсан байж таарна. Улс орон эдийн засгаараа хөл дээрээ зогсвоос заавал сэргээх нэгэн газар бол энэхүү хийд. Одоогоор үзэх үзмэр дулимагхан ч гэлээ алсдаа аялал жуулчлалын нэгэн том төв болох нь дамжиггүй ээ. Оюун билгийг дээдлэгч Манзушир бурханы их хөлгөн хийдийн туурийг харж, үр хүүхдэдээ таниулсан нь амарч яваа миний сэтгэлийн цэнгэл байлаа.


3. Улсын наадам
Монгол түмний баяр цэнгэлийн манлай улсын наадмын нээлтийг үзэхээр том хүүгийн хамт Төв цэнгэлдэх хүрээлэнд ирлээ. Талбайн гадна наадмын нээлтийн билетийг багсайтал барьчихсан, ганц нэгээр нь зарж байгаа хүмүүсээс сайн суудалтай 2 билет аваад дотгош оров. Билетний үнийн зөрөө үсрээд 1, 2 мянган төгрөг болов. Наадмын нээлтийг гаднынхан их үздэг юм байна. Хятад, солонгосууд групп группээрээ их таалардаж байсан боловч аялах дуртай арлын орныхон яагаад ч юм бэ ихэд цөөхөн байв. Франц хэлтэй еврoпынхoн бишгүй тааралдаж байна аа. Бөхийн зүүн жигүүрийн асрын хажууханд суусан учир бөхчүүд болон чуулгын жүжигчдийг хажуугаас нь харж хааяa нэг зураг татсан шиг наадмын нээлтийг хүлээлээ. 9 хөлт цагаан тугийг залах, Ерөнхийлөгчийн нээлтийн үг хэлэх, бүх чуулгын жүжигчдийн тоглолт, хүчид бөхийн барилдааны нэгийн давааны эхлэл гээд сэтгэлд хоногшсон сайхан үзвэрийг хэдэн цагийн дотор харчихаад их насны моринд сэтгэл өндөлзөн өөрийн эрхгүй Төв цэнгэлдэхээс яаран гарлаа.
Хvй долоон худаг руу хөврөх машины цуваа замыг нэг урсгалтай болгосон ч эхлэл төгсгөлгүй мэт харагдана. Xотынхны толгойтой болгон нь машинтай болсон гэлтэй. Морь үзэх зөвшөөрөл А, Б, Г, Y гээд нэлээд олон байх юм. Єнгөрсөн жил хүн, морины хөл,, машины дугуйнд боссон улаан шороо ихтэй болсон гээд нийтээрээ ам муутай байсан ч энэ жил наадмын урд өдөр хур бороо орoод газрын хөрс чийгтэй сайхан байлаа. Морины бариаг Яармагийн дэнжээс эртнээс даншиг наадам хийж ирсэн Хүй долоон худагт шилжүүлсэн нь төр засгийн хийсэн нэгэн зөв шийдэл юм. Хүй долоон худгийн хөндийд уяачдын гал дүүрч, адуу мал багширсан аргагүй л нэгэн монгол нутаг харагдана. Замын цагдаагийнханы нэргүй их ажлын хүчээр морины бариа эмх замбараатай сайхан боллоо. Хурдны морь дагсан морины комиссынхны машины тоо бас л олон байв. 2, 3 машин дагж болдоггүй юм болов уу. Их насны морь барьсны дараа хотын төв рүү нөгөө л олон машины урт цуваа нэг урсгалаар хөвөрч, наадмын эхний өдрийн арга хэмжээ чимээгүйхэн өндөрлөв. Єнгөрсөн жилийн наадмаар энд том осол болсон тухай яриа чих дэлсэж билээ.


Наадмын хоёр дахь өдөр төрийн хамгаалалтын албаны Жаргалсайхан ах хамтдаа соёoлон морины тоос үзье гэсэн тул би том хүүгээ дагуулан өглөө эрт тэдний ажил дээр очлоо. Төрийн гурван өндөрлөгийн нэг цувааны өмнө салхи хагалж явах цагдаагийн алаг тэрэгний арын суудалд тухлав. Цувааг өнгөртөл замын машинууд зай тавин хүлээж өнгөрүүлэх ёстой ч, манайхан зэрэгцээд л жирийгээд байх санаатай ажээ. Хүрэх газраа очтол нэлээд олон машиныг зохицуулж байгааг харлаа. Энэ бол цагаа тулахаар тун амаргүй ажил юм аа. Ерөнхийлөгч нэгэн уяачийнхаар ороод соёолон морины тоосыг үзэхээр тусгайлан бэлдсэн газарт хүрлээ. Удалгүй Ерөнхий сайдын цуваа, хотын дарга, зарим яамдын сайд нар тэнд мөн хүрэлцэн ирэв. Соёoлон морины уралдааныг их ойрын зайнаас харлаа. Єөрийн эрхгүй хурдан морь унаж явсан балчир насаа дурсан хааяа нэг санаа алдсан шиг соёoлонгийн тоос харлаа. Соёлонгийн тоос харна гэдэг нэлээд сүүлд тогтсон жаяг болов уу. Соёoлон моринд би өөрөө уралдаж байхдаа сонсоогүй өнгөрсөн ч байж болно. Хааны хишиг харцад гэгчээр дээдсийн майхны хажуугаас ах хүү хэдэн хуушуур олоод ирэв. Монголчууд бид цөөхөн бөгөөд эгэлгүй сонин хүмүүс юм шvv. Наадмын сүүлийн хэдэн даваа, хаалтын ёслолыг Төв цэнгэлдэхэд үзэх боломжтой байсан ч гэрийн зүг яарч телевизийн өмнө айраг балган тухлахыг урьтал болгов. Энэ жилийн наадмын бөх надаар хэлүүлэлтгүй сайхан болсныг уншигч та андахгүй мэднэ биз ээ. Морьтны хийморийг сэргээсэн монгол наадам сайхан боллоо.

4. Орхоны бэлчирт аялсан нь
Наадмын маргааш хүсч хүлээсэн төрсөн нутгийн зүг сэтгэл, хөл хоёроо эргүүллээ. Нутаг усныхаа сайхан бүхнийг хүүхдүүддээ харуулаж, замдаа жаахан саадахаар шийдсэн юм. Хотоос баруун зүгтээ нэг хэсэг газрын гарц, зам хоёр сайхан байв. Лүн сум oрooд газрын гарц тарчиг болсон дээр зам засвартай, шороон замаар Эрдэнэсант хүртэл тэмтчүүлэв. Газар нэлэнхүйдээ ногоорч харагдсан ч буугаад үзэхээр шарилж, шавьж хоёртоо бариулжээ. Төдөлгүй Элсэн тасархай ороод ирлээ. Замаас хазайж, Хөгнө хаан уулын энгэрт дэх Хамбын хийдийг чиглэв. Галдан бошигт хааны Халх-Ойрaдын дайны хөлд сүйдсэн Євгөн хийд үүнээс холгүй бий. Улааны шашинг анх дэлгэрүүлсэн тэр хийдийг Хөгнө хааны хийд гэж нэрлэдэг. Домог ярианд бол Галдангийн цэргүүд хийдийн мянгаад ламыг хурга мэт хөгнөсөн учир Хөгнө хаан гэж нэрлэсэн юм гэнэ билээ. Энэ хавийн лус савдаг догшин гээд ургамал ногоо, самар жимсийг таслахыг нутгийн ардууд хэдийнээс цээрлэнэ. Хамбын хийдийн зүүн сугаар санаандгүй ортол "Eden Camp" гэсэн жуулчны нэгэн бааз бий болжээ. Байр сууц нь цаатан болон индиануудын урц мэт, ялгаатай нь хадны сүг сургаар чимэглэсэн харагдана. Хөгнө хааны Хамбын хийдэд хүрч хийдийг байгуулсан Даваа хөгшнийг сургалтал хүүгээ Жагарт үдэхээр хот руу зөрсөн байв. Ажаа гэгээний бүтээсэн номыг хийдэд бариад цааш хөдөллөө. Хурдны хар зам Хархорин руу хойш салж, удалгүй Орхоны хөндийд орлоо. Бат Эрдэнзуу хийд рүү зам салахад бас нэгэн мөнгө хураадаг цэгтэй болсон байв. Эрдэнэзуу хийд дээр нар эрт ирээд, Намхайжaмц хамбыг хайсан боловч Төвхөний хийд рүү явчихжээ. Ээжийг ном бичүүлж байх хооронд бид 108 суврагaт хэрмээс гадна Єгөөдэй хааны байгуулсан Их Монгол Улсын нийслэл Хархорумын туурин дээр ирлээ. Түмэн амгалангийн ордны туурин дээрээс 2 жижиг дээврийн хэлтэрхийг адислан авч богцондоо хийв. Хүний нутагт амьдрах хугацаандаа бурхан тахил дээрээ өргөх гэж бодсон хэрэг. Сумын төвөөр дайраад Орхоноо өгслөө. Давааны оройд "Монголын эзэнт гүрэн" гэсэн нэгэн цогцолбор хөшөөг босгожээ. Бөөгийн хар овооны гурван талд хавтастай толь шиг хагас дугуй 3 самбар босгоод тус бүр дээр нь Монголчуудын байлдан дагуулж байсан газар нутгийг чулуугаар шигтэгжээ. Оройгоор нь ес, есөн цагаан сүлд хатгасан байв. Бат бэхийг бодсон уу сүлдийг цагаан мяндсаар хийсэн харагдлаа. Олон үеийн Монголын хаант улсуудын гал голомт болж ирсэн Орхоныхоо хөндийг өгсөж явахад зуун зууны монголчуудын дүрс нүдэнд бүртэгнэх мэт санагдаж, түүхийн улбааг өөрийнхөөрөө сэтгэлдээ ургуулж явлаа. Замд тааралдсан 69 машин дүүрэн хүмүүсээс Орхоны гарам хаaгуур байгааг асуухад тэд чин сэтгэлээсээ "-Дээш 1 км орчим яваад овоотой хамар гарч ирнэ. Овооны доогуур гарвал гангатай учир овооныхоо шилээр ороогоод жаахан дээш явтал бүдгэрсэн зам бий, түүгээр явбал гармаар гарна. Энэ жил Орхоны ус татуу байгаа санаа зовох хэрэггүй" гэж тайлбарлаж билээ. Яг хэлсэн ёсоороо байсан юм даа. Манай нутгийнхны сайхан зан зах зээлд орсон ч хэвээрээ байна. Хот газар бол очих газрынхаа хажууд нь ирээд сургалсан ч "мэдэхгүй" гэдэг нэгэн төвөгшөөсөн хариу сонсдoгийг нуух юун. Орхон голын хөвөөнд тухлан саатаж, аяны тогоогоо дэлгэн хоол, цай хийлээ. Ай даа, Орхоныхоо усаар аяны цай чанана гэдэг монгол хүний бас нэгэн жаргал юм. Хээрийн цай хэзээнээс амттайг хэлэх үү, биений алжаал тайлан аяны тоосoo гөвж, хэсэг саатсны дараа Орхоноо дахиад өгслөө. Орхоны хөндийг танан цагаан гэрүүд, тансаг сайхан адуу мал чимэж, юутай үзэсгэлэнтэй болгоном бэ. Монгол нутаг, түүний байгалийн үзэсгэлэнг адуу мал, айл гэргүйгээр төсөөлөхийн аргагүй ээ. Харийнхан үүнийг үзэх гэж хамаг мөнгөө заран байж, алс холоос зорьж ирдэг. Тэдэнд нүүдэлчин ахуй, тэдний амьдарч байгаа газар ус, урлаг соёл нь сонин болохоос Улаанбаатар нэг их сонин биш ээ. Улаанбаатарыг яаж ч бид хөгжүүлээд Парис шиг болгож чадахгүй нь тодорхой. Соёл иргэншил бол цаг хугацаанаас хамааран хуримтлагдах зүйл. Гэтэл манай шинэ үеийн сэхээтнүүд малчид, нүүдэлчин соёлоо тээр шаах маягтай ярьдаг болсон байна лээ. Ямартай ч сайн ёр биш дээ.

Нар хэвийх алдад адуутай айлд айраг авахаар оров. Мэнд усаа мэдэлцэж байгаад хэдэн литр айраг авах талаар ам нээтэл "-Уг нь манайхан цагийн сайханд 40 литр хүртэл айргийг үнэгүй хийгээд өгчихдөг байлаа. Одоо зах зээлд ороод хэн хүнгүй хэдэн төгрөг олохыг боддог болжээ. Yнээ өөрсдөө хэлээд аваарай" гэж байв. Эзэн нь юмаа мэдэх байлгүй гээд шахахад "1 литр нь 300 төгрөгөөр болох уу хүүхээ" гэсэн юм. Хотод литр айраг 500 байсан болохоор бид татгалзсангүй саваа дүүргээд гарлаа. Хүүхэд шиг бодлоо нуухгүй санаа нь цагаанаараа хөдөөнийхны сэтгэлийн сайхныг дахин нэгэн удаа ингэж амталж үзлээ. Орхоноо өгссөөр Төвхөний хийд рүү зам салахад тээр дор Yvртийн тохой харагдаж байв. Уг нэр нь Хүүртийн тохой байсан юм гэнэ билээ. Цагийн уртад үгийг цээрлэн хагас дуудсаар Yvртийн тохой болсон гэдэгсэн. Тэр үгний учир жанцан нь Галдан хааны их цэрэг Орхоны хөндийг уруудан орж ирэхэд Төвхөний хийдийн хадны оройн тагтан дээр (бүсгүй хүн гарч болдоггүй) Анхдугаар Богд Занабазар гэгээн гараад "жанлав цогзол" гэдэг номыг уншснаас болж, Орхон гол үерлэн Галдан хааны цэргүүд тэр тохойд эндсэнээс учир Хүүртийн тохой гэж нэрлэсэн юм гэнэ. Энэ бол нутгийн ардын ам дамжиж ирсэн домог яриа шүү. Уншигч та намайг төв Халхын шивонист гараад ирлээ гэж бүү зэмлээрэй.

Төвхөний хийд дээр ирэхэд хэдийнээ сарны гэрэл сүүдэр унажээ. "-Модны хаяагаар буудаллаж хоноод, маргааш өглөө ирээрэй" хэмээн мөнгө хураагч бидэнд хэлэв. Уулын бэлд гарч, хоёр майхан босгон хоол ундаа хийж идээд, нуруу тэнийлгэн аяны алжаалаа тайлахаар нүдний хор гаргалаа. Хангай газрын жиндүүхэн үүрээр эртлэн босч, майхнаас гаран одот тэнгэрийг ширтэхэд, марал, мичид, долоон бурхан гудайж, зүүнтэй үүрийн цолмон авхаалж мэдэн гялалзаж байв. Балчир багадаа адуунд мордохоор эртэвчлэн босоод "морины зоон дээр" үүр цайхыг харж, шилийн сайн эр болно хэмээн баясдаг байсан үе санаанд буулаа. Удсан ч үгүй үүр гэгээрч, хөндийд харагдах малчны гэрээс аргалын утаа олгойдон хөөрөх тэрхэн агшин ер бусын сайхан санагдав. Энэ бол зураг авсан ч сүүдэр нь буухгүй сэтгэлийн нэгэн агшин юм. Нар хөөрөх тэр мөчид аяны тогоо, майхан саваа эвхэж, Төвхөний хийдийн гадаа хүрлээ. Хийдийг сайхан сэргээжээ. Хийдэд өглөөний хурал хурж байв. Гандангийн лам нар шавиа дагуулан зуны гурван сардаа Төвхөнд морилж, хурал хурдаг сайхан ёс тогтжээ. Дуганы баруун талын 3 цагаан суврагыг гороолоод, түүний баруун хойно орших 9-р Богдод зориулан босгосон өндөр дуганы үүдэнд хүрч хагас онгорхой хаалгыг нь аяархан түлхэн "хүн байна уу, орох уу" гэж хоолой заслаа. Хаалганы завсраар дүйнхор бурханы сүртэй хөрөг угтах мэт хананд тодорч, шалан дээрх 2 хүний цэнхэр майхан мөн нүднээ тусав. Хахир дуутай, барууны бололтой нэгэн гэлэнмаа ихэд угзарган "хаалга хаа" гэж хоолой гягтнуулсаар золтой хамар хавчуулахын даваа дээр улаан нүүр рүү хаалгаа түлхэв. Багадаа даага, бяруутай ноцолдож явсных самбаачлан зайлаад, бантсандаа "-Энэ юу вэ?" гээд англиар асууж орхив. "-Юу ч биш" гэж өнөөх гэлэнмаа хилгэнэсэн дуугаар огцом хариулаад цааш эргэлээ. Би ч мөчгөө өгөхгүй "Уг нь миний нүдэнд дуган л харагдсан юмсан" гэж бувтнаад бид хоёрын яриа өндөрлөв. Аялга нь франц талдаа ойрхон, хэлтгий англи хэлтэй тэр гэлэнмаа эх нутагт минь ирээд юунд ингэж уугуул иргэдэд уурсана вэ? Уурлаж хэлэгнэнэ гэдэг бол лам хүний тэвчиж болшгүй 10 хар нүглийн нэг. Орхимж нөмөрсөн боловч олигтой ном мэддэггүй, нүгэл буянаа ч ялгадаггүй нэгэн болтой. Хийдэд өвөл зунгүй шавилан суудаг Шагдарсүрэн ламд бараалхаж, Ажаа гэгээний номыг өргөх далимандаа учрыг лавлaбал Лама Зопагийн Монголд байгуулсан "Их Хөлгөний Уламжлалыг Сэргээх Төв"-ийн шугамаар ирсэн Францын гэлэнмаа гэнэ. Түүнд хийдээс гэр барьж өгөх байсан боловч гэр нь ирдэггүй, бухимдаад байхаар арга ядаад 9-р Богдын лавиранд оруулжээ. Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх, хойморт суугаад гэр минийх энэ гэлтэй. Харийнхан Монголд ирчихээд ингэж давьтаргүй авирлаж, эгэл монголчуудыг дээрлэхэж байхад сэтгэл эмтрэхгүй байна гэж үү. Монгол хүн харийн хүнийг өөрөөсөө дээгүүр тавьж ирсэн тэр зан бидний дунд амь бөхтэй амьдарсаар байна.


Тайлбарлагч лам биднийг дагуулан хийдийн арын хадаад мацаж, эхийн умай хаданд ирлээ. Хорвоо дээр төрсөн хэлэнцэт хүн болгон эхийн умайгаар орж ариусаад хажуугийн өлгий хаданд өлгийдүүлэхэд энэ хорвоод дахин төрсөн мэт болдог гэнэ. Эхийн умай хадны дуураймал нь Утаад бас байдаг гэж сонссон юм. Бага ангийн багш Бямбасүрэн ба түүний нөхөр Амарсайхан гуайтай мөргөл хийж явахад нь таарлаа. Жаахан өтөлсөн болохоос дүр төрх нь хэвээрээ. Биднийг цувран эхийн умай хадаар орж, гарч байхад Амарсайхан гуай тэнд өндөр дуугаар "жанлав цогзол" номыг уншиж байлаа. Єндөр гэгээний бясалгалын агуй, уулын оройн тагт, Єндөр гэгээний урлан, нүдний рашаан, өнчин мод, ундны болон тахилын усны худгуудыг үзэж сонирхоод гэрт ном заалгаж байгаа банди нарын гэсгүйтэй уулзаж, айраг уунгаа хууч яриа дэлгэв. Ажаа гэгээний номноос тэдэнд хэдийг өргөлөө. Онгийн хүрээний өтгөс хөгшүүлийн айрaг санаанд бууж билээ. Төвхөнөөс Бат-Єлзий сумын төв орох дөт замыг сонгон модон дундуур уулын шилээр давах гэсэн боловч удаж төдөлгүй хөвдний намагт машин суучихлаа. Ланд круйзер ердөө 69 шиг холхиж чаддаггүй учир тэр дороо тэнхлэгээрээ тултал шигдчихэв. Хий эргүүлсэн боловч дугуй нь улам доошилсоор байв. Аз болоход 69, фургонтой хэсэг аялагчид зөрснөө зогсож, бидэнд тусалсан юм. Монголчууд эх орондоо өөрсдөө сайхан аялдаг болжээ. Тэд нар Хөвсгөлөөс яваа гэнэ. Нэлээд халаалттай тэд шуурхай тусалж, машины дугуйг нэг бүрчлэн хөшүүрэгдэн доогуур нь мод ивсээр нэг мэдэхэд шавраас гаргасан байлаа. Баярласнаа илэрхийлж нэг шил юм задлах гэтэл "-Єө яахав өгчих, бид нар замдаа хэрэглэе" гэж шулуухан хэлэв. Харин тэд шардсан нэгэндээ туслахаар нош-па сурч, мөн чонын шагайны наймаа ярьж байв. Сайхан санаатай хөдөөний нөхдийн дэмэнд шавраас гарч цааш бид хөдөлсөн юм. Хөгшин Орхоноо өгсөн, чулуутай дэнжийн бартааг гаргаж явсаар улаан цутгаланд хүрлээ. Энэ жил Орхоны хүрхрээ нэлээд устай ч, эрэг нь нуралт ихтэй харагдав. Жуулчны бааз байгуулагдaн хавь ойрыг хайсаар хашиж, нэлээд хэдэн байшин, гэр барьжээ. Гадаад дотоодын жуулчид овоо ирдэг гэхэд орчны тохижилт тааруухан байна.


5. Онгийн хөвөөндөө ирсэн минь
Цутгалангаас гараад Бат-Єлзий сумын урд талын хөндийгөөр бид өгсөж, Євтийн даваагаар давав. Євөл цастайд, зун бороотойд энэ давааг ер давдаггүй байсан, одоо ч тэр хэвээрээ гэнэ. Цаашилсаар Баарайг өгсөн давлаа. Багадаа тоглож, цэцгийг нь тасалж өссөн гуу жалга бүр сэтгэлд тодхон, өөр өөрийн дурсамжтай ажээ. Баарайгаа даваад Бөөрөлжүүт уруудан давхихад Єлтийн алтны уурхайг бараадсан айлууд хэдэн зуугаараа буусан харагдав. Урд өмнө манай Уянга сум ийм их хүн амтай байгаагүй учир ихэд сонин сэтгэгдэл төрлөө. Алт ухаж амьдралаа дээшүүлэх гэсэн хүмүүс Монгол орны өнцөг булан бүрээс энд цугласан юм билээ. Єдөртөө хэдэн шуудай шороо угааж, олсныгоо хураадаг хэсэг байхад, түүгээрээ уудаг нь ч байдаг гэнэ. Хаяа дэрлэн буусан ч өөр хоорондоо мэндгүй шахам зөрдөг эдгээр хүмүүс бие биенээсээ эмээдэг, атманууддаа шороогоо дээрэмдүүлдэг, нуранга шороонд дарагддаг олон зовлонтой байдаг гэж дуулдав. Бас аз үзэж яваад азгүй тохиолдлоор хэн нэг нь шороонд дарагдлаа гэхэд шарилыг нь аваад өдөртөө нутаг буцдаг сураг байв. Учир нь бурхан болсон хүний талаар сум, аймагт мэдэгдвээс шүүх эмнэлэг, задлан шинжилгээ, энэ тэр гээд бөөн чирэгдэл болдгоос дөлөн зугтаж байгаа тэр нь юм байх. Ах дүү, төрөл төрөгсөд үгүй ганц нэгээрээ, бор зүрхээрээ явж байгаад эндсэнийг нь ухаад гаргаад авах хүн олддогүй гэнэ. Нутгийн хүүхдүүдийн яриагаар бол цооногт ороод шороо хайж байхад дарагдаад үхсэн хүний гутал шороон дотроос цухуйж байхыг харсан удаатай гэнэ. Итгэхэд бэрх л юм. Хэн нэг нь хажууханд нь алтан амиа алдаад байхад дор хаяж холбогдох газарт нь мэдүүлдэг байгаа даа. Айлуудыг бөөгнөрч буусан байрлалаар "дөчин мянгат", "тавин мянгат", "зуун айл" гэх мэт нэрлэдэг ажээ. Єлт рүүгээ давахад бас л хэдэн зуун айл байдгийг олж мэдлээ. Хорвоо дэлхийн буян хишгийг хүртэхээр газрын холоос цугласан эдгээр хүмүүст буруу өгөхөд бас л бэрх. Хиймлээр ихссэн эдгээр хүн амын хэрэгцээний дагуу идэшний малын үнэ хотынхоoс 2 дахин өсчээ. Сумын төвийн дэлгүүр, хоршооны гүйлгээ ч гүйцэгдэхээ байж. Сумын төвд алт тушаагаад явж байгаа залуустай таарахад бараг толгойг нь сэгсэрвэл алт унахаар шороон түрүүтэй харагдав.
Нутаг усандаа ирэх хамгийн гол тэмүүлэл бол 90 настай эмэг эхтэйгээ уулзах, бусад ахан дүүсийн амар мэндийг эрэхэд оршино. Эмээ маань ухаан хэдий саруулхан ч хараа их мууджээ. Насны доройтолд автан, санаа байвч сачий нь хүрэхгүй зүйлс их боллоо гэж ярьж байв. Саяхан эмээгийн хэлсэн үгийг сум нэгдлийн дарга хурал цуглаан дээр ихэд иш татах болсон гэнэ. "-Одооны хүүхдүүд 10 жил ном үзэж их эрдэмтэй болсон ч шаан чөмөг, бохь чөмгөө ялгахгүй юм. Энэ олон жил сургуульд юу үзэж мэддэг байна аа" гэсэн эмээгийн яриа олон хүний сэтгэлд нэгийг бодогдуулж, уламжлалаа сэргээх, үр хүүхдээ сургах сэтгэлийн эрч хүч хайрласан гэлтэй.
Єлт, Бөөрөлжүүтэд Эрэл компанийн алтны уурхай ашиглалтанд орсноор Бөөрөлжүүтийн голыг эхэнд боон алт угаах далан болгосноор Онгийн гол зөвхөн Таац, Шурангaны гол дээр тогтож, урсгал нь эхээрээ нарийсч, эргүүлгэнд орчих вий гээд айдаг байсан цүнхэл булан тохой үгүй болж, хаагуураа ч өлхөн явганаар туучаад гарахаар болжээ. Онгийн голын доод үеийнхэн усгүй болголоо, гол шургалаа гэх нь аргагүй. Энэ бол бидний үед хүн байгалийг сөнөөж байгаа нэгэн жишээ. Алт олдворлон баяжиж байгаа хэдий ч байгаль дэлхий, түүний үр шимийг шимэн амьдрагч хүн ардаа бас хайрламаар. Хэдэн жил дараалан зуд болсон учир нутгийн сарлаг ихэд хорогдсон нь Шуранга өгсөхөд нүднээ илт тусч байв. Уянга сум бол Монголдоо гэх сарлагтай нутаг байсныг олон хүн мэднэ биз ээ. Уянга хийцийн гэрийн модыг бэлтгэдэг байсан артель аль эртнээ тарж, тэр үеийн хөгшчүүд хорвоогийн хонины ээлжийг өнгөрөөснөөр энэ салбар бүр зогссон гэж хэлэхэд ойрхон болж. Нутагтаа ирэх бүрдээ орой дээр нь гардаг Єөлдийн цэргийн харуулын Шивээ овоог хэн нэг нь таллан нурааж, дотроос нь ямар нэгэн юм хайж ухсaнаас орой дээр нь горьтогдоод гардаг жим нь устаж, ихэд эвдэрсэн байв. Түүх дурсгалын зүйлс бидний амьдарч байгаа эрин үед үгүй болно гэдэг юутай харуусалтай. Найман нуурын наад захын Ширээт нууранд хүрлээ. Давааг засч сайхан болгосноор нуурын хөвөөнд зугаалагчид олширч, орчныг их бохирдуулжээ. Сумаас айл томилон гаргаж нуурыг харуул хамгаалттай болгох цаг ирсэн байна. Ширээт нуурын баруун талын уулын мод хорхой шавьжинд идэгдэж, ихэд сүйрсэн харагдана. Шавьжны устгал явуулж, өмхөрч муудсан модыг цэвэрлэмээр санагдав. Хангай нутаг болохоор ялаа шумуул ихтэй, хур бороотой, газрын гарц сайхан, тэнэгэр зун болж байна. Монголын байгалийн үзэмж хүний гар хүрээгүй онгон дагшиндаа байдаг болохоор цаашид бүгдээрээ сэтгэл гарган үүнийг хадаглаж үлдээх юмсан.

Суманд хэд хонохдоо амьтан ах дүүгээр орж, нутгийнхантай уулзан элдвийг хүүрнэж, тэдний сэтгэл бас санааг сонсож суулаа. Хөгжиж дэвжээд гойд сайн гийсэн ч юмгүй, хөглөрч доройтоод байгаа нь харагдсангүй, урдын адил нэгэл лазгай хэвээрээ. Нутгийн түүхийг сайн мэддэг, Сайн ноён Намнансүрэнгийн гэр музейг байгуулсан Лхагвадорж гуайтай уулзах гэсэн боловч бие нь тааруу хотод эмчлүүлэхээр явжээ. Дээр үед Сэра лагчид чойртой байсан Уянгын хүрээний да лам Төгс гуайтай уулзаж, хүрээний намтрыг бичмэл эхээр нь зээлж авлаа. Нутгийнхны ихэнх нь аж амьдралаа алтны шорооноос залгуулж байна гэж хэлэхэд болмоор, суманд маань хувийн унаа тэрэгтэй хүмүүс элбэг үзэгдэх болжээ.


Хот руу буцах замд хоёр гурваар нь тэмээ ачсан ачааны тэрэг зөрөх нь олонтой. Мах арвинтай болохоор Улаанбаатарт тэмээг нядалж жижиглэнгээр зардаг гэнэ. Тэмээндээ хайртай малчин монгол зан хаачихсан бэ? гэмээр. Нөхөж үржихдээ удаан энэ сайхан амьтан барагдах юм бол хойшид харуусаад баршгүй. Төр засгаас хориг тавьж тэмээ нядлахыг хориглох нь зүйтэй гэж би бодож байна. Зах зээлд буцалтгүй орсон улсад хэдийгээр мөнгө хэрэгтэй ч, түүгээр үл орлуулж болох зүйлсийг хамгаалах нь бидний хойч үедээ үлдээх нэгэн өв юм. Ахмад үеийн настан буурал эрдэмттэй уулзаж явахад монгол хүний мөс муудаж байгаа талаар ихэд эмзэглэж байсан шvv.

6. Амарбаясгаланд хийдийг зорив
Монгол орны хувьд хамгийн том хийд Амарбаясгалант гэж сонссон ч нүдээр үзсэн удаагүй. Гүрдаваа ринбүүчий тус хийдийг сэргээснээс хойш очиж үзэх сэтгэл тээж өдий хүрсэн. Дүү нарын буянд энэ хийдийг үзэх завшаан олдож, Эрдэнэтийн чиглэлд хар замаар 300 км, зам салж шороон замаар 30 км орчим яваад Амарбаясгалант хийд орлоо. Сэлэнгээс хэзээний хадлан авч ирсэн болохоор газрын гарц даана ч сайхан байна. Хийдэд хүрэхэд зөөлөн бороо шивэрч, нэлээд олон жуулчид үзэгдэв. Хийдийн үүдэнд гэрэлт хөшөө босгожээ. Энэ хөшөөний үгийг академич Цэрэнсoднoм гуай найруулсaн гэнэ. Уг хийдийг Ар Халхыг дагаар орсныг нь хөхүүлэн дэмжих зорилгоор Манжийн Ёнзoнг хаан 1727 оноос 1737 оны хооронд 10 түмэн лан мөнгөөр бүтээсэн байна. Анхдугаар Богд Занабазарт зориулан босгосон тус хийдэд 3000 лам хурал хурдаг, бурхан шашины томоохон төв болж байгаад 30-аад онд хүрээ хийд тарсны дараа түүний доторх бурхан тахилыг нь устган, музей болгох зорилгоор улсын хамгаалалтанд байлгасаар 1975 оноос сэргээн засварлаж эхэлжээ. Улмаар Гүрдаваа ринбүүчийгийн бүх насаараа хураасан хувийн хөрөнгөөрөө бурхан тахилыг нь сэргээж, 1998 онд засварыг бүрэн дуусгасан байна. Биднийг очиход 50 гаруй байнгын ламтай тус хийдэд цамын бэлтгэл болж байв. Олон үеийн лам хуврагийн жанлав шингэсэн энэ хийдийг сонирхож явахад гол хийд, гурван зуугийн дуган, арван хангалын дуган, хашаа хэрэм үнэхээр их таалагдав. Дугануудын оройгоор хагд, шарилж ургасан нь түүхийн өнө удааныг батлан харуулах мэт санагдаж билээ.


7. Монголын хийдүүдээр ороод гарав
Монголд ирээд амралтаараа хийх гэж зорилго тавьсан нэгэн зүйл болбоос томоохон хийдүүдээр орж, хамба гэсгүй нартай нь уулзаж, Ажаа гэгээний мэндийг уламжлан, бичсэн номыг нь тэдэнд өргөж, тухайн байдалтай танилцах санаатай байв. Төв Гандантэгчинлингээр орлоо. Чойжамц хамба, Амаглан дэд хамба, Булган лам, Сонинбаяр лам, Гүндсамбуу лам, Чулуунбаатар лам, Бүрнээ лам, Бэгз ламтай уулзаж, хийж бүтээж байгаа зүйлийг нь лавлан сонирхлоо. Манайхан Энэтхэгийн Доржданд, Балбын Лүмбинийд тус тус монгол сүм, төв гандандаа жүд, чойрын дацангууд барихаар цэхэж байгаа юм байна. Дашчойлон хийдээр орж Дамбажав хамба, Алтанхүү гэсгүй, Мөнх-Эрдэнэ ламтай уулзахад хийж бүтээсэн арвин олон номтой, Майдар бурханы сүм барихаар төлөвлөж байна. Нацагдорж ламын байгуулсан Мамба дацан, Мөнхтайван ламын байгуулсан Балданхажидлин хийд, Гэсэр сүм, Дэчинчoйнхoрлoн хийд, Бакула ринбүүчийгийн Бэтүб төв, Төгс Баясгалант хийд зэрэг хийдүүдээр ороод нэлээд лам хувраг, гэлэнмаа нартай уулзаж санал бодлыг нь бас сонсов. Бурханы шашин нэгэн үед доройтож байсан ч үнэн утгаараа сэргэх мандах үүд хаалгаa нэгэнт нээсэн байна. Энэтхэгийн Сэра, Брайван хийдүүдэд шавилан суусан лам нар захаасаа буцаж ирээд шарын шашины хөгжилд гар бие оролцож байгаа гэнэ. Манай монгол лам нарын бичсэн ном судар, сүмбэм 500 гаруй ботид хүрч ганжуур, данжуураас давж байсан удаатай билээ. Ажаа гэгээний нэгэн хүсэл нь тэр их номыг дахин Монголдоо дэлгэрүүлэх үйлс билээ. Энэ их үйлсэд өчүүхэн би тус болохоор дээрх олон хийдийнхэнтэй уулзах гэгээнтний саналыг тэдэнд хүргэвэй.


8. Нутгийн тухай сэтгэлийн шивнээ
Монгол маань хөгжиж, монголчууд маань өөдлөн дээшилж байна. Баянаасаа ядуугаа хүртэл хийнэ, бүтээнэ гэсэн өөдрөг тэмүүлэл, сэтгэлийн тэнхээ, итгэл дүүрэн амьдарч байна. Гуравхан жилийн дотор юм их өөрчлөгдөж, амьдралын гэрэл гэгээ татсан байлаа. Уулзсан хүн бүр ямар нэгэн амьдралын зорилготой, хийж бүтээх эрмэлзлэлтэй байсанд би их баярлав. Монгол туургатны гал голомтыг сахиж ирсэн Монгол Улсын иргэд эх нутагтаа эзэн болж, эрх чөлөөтэй, омог бардам аж төрж, Чингис хааны үеийн монголчуудын сэтгэлийн хатыг хадаглаж явна. Энэ бол хэлж баршгүй үндэсний бахархал шүү. Харьд суугаа монголчууд өөр өөрийн орон зайгаа Монголдоо алдаж болохгүй нээ. Бизнесийн салбарын хэнтэй ч уулзсан, мэдлэг боловсролтой боловсон хүчин тутаж байгаа талаар шогширч байлаа. Энэ жил гэхэд хөгшин еврoпын жуулчдад дарагдаж, франц хэлний хэлмэрч пэлдэн мэт ховор байна гэнэ. Хотын машин, хотын захаар хувийн орон сууц тоогоо алдаж, нийслэлд амьдрагчдын нягтширал бий болж, улмаар үйлдвэр, үйлчилгээ явуулахад таатай сайхан нөхцөл бүрджээ. Хүмүүсийн хувийн соёл, хувцасны чансаа, хэвлэлийн чанар ихэд дээшилсэн байна. Харьд суугаа монголчууд энрэнгүй сэтгэлээр ах дүүсээ тэжээж, тэднийг бэлэнчлэх сэтгэлгээнд дасгалгүй, эх нутагтаа өөрийнхөө үүрийг засах цаг нь иржээ гэж уншигч танаа хэлэх байна. Нутагтаа амарсан сэтгэгдэл юутай ч зүйрлэшгүй өндөр байлаа. Харийн хүн хүртэл Монголын хөх тэнгэрт сэтгэл хорогдож, болдогсон бол үлдмээр байна гэж байсан шүү. Мөнх тэнгэрээ дээдэлж мөрөөдөл хүслээ даатгасаар эсэн мэнд эргэж харихын өлзий хутгийг тандаа ерөөж байна.


2004 оны 8 сарын 8.

Хэрвээ та энэ нутгийн хүн байгаад, эсвэл намайг таньдаг болбоос миний Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. эсвэл Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаягаар холбоо бариарай. Нутгийн ах дүү та бүхнийг хүний газрын бурхан өршөөг. Хэрвээ та Замдаан сэтгүүлийг маань захиалах бол сэтгэлийн гүнээс баярлах болно.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 4094

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter