223-р сар2019

Бүлэг: Өгүүлэл

БНМАУ –аас Монгол улс руу

Судлаач Д.Ганхуяг (Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.) - 2008 оны 1 дүгээр сарын 9 

Монголын төр нийгмийг удирдах чадвараа алдаж, нийгмийн бүх салбар хямралд орж, энгийн хэллэгээр хөл толгойгоо олохоо байсан үед цэцэрхэх, мэдэмхийрэх, онолдох, номлох явдал тоймоо алдав. Бараг л толгойтой болгон онолч, судлаач болоод байна.

Нийгэмд хөдөлмөрийн хуваарь гэж нэг сүрхий юм байдаг бөгөөд энэ нь дуучин нь дуугаа дуулж, бөх нь барилдаж, эмч нь хүнээ эмчилж, эрдэмтэн нь номоо уншиж, судалгаа хийдэг бөлгөө. Энэ зүй тогтлыг бид оргүй мартжээ. Бидний бухимдлыг төрүүлж, яаж ч ярьсан гарц олж чадахгүй байгаа олон асуудлыг шийдвэрлэх цорын ганц арга нь шинжлэх ухааны системт судалгааны дүгнэлт буюу анализ болой. Үүнийг зөв хийсэн тохиолдолд хямралыг даван туулах гарцыг тодорхойлж болно. Энэ нь эмч эхлээд онош тавьдаг, дараа нь эмчилгээ хийдэгтэй бараг адил юм. Иймээс нийтээрээ бодох эрэгцүүлэх болов уу гэж энэ өгүүллийг тэрлэж байна. Энд хэлсэн зүйлсийг бүгдээрээ төгс үнэн гэж болохгүй авч эрхбиш олон жилийн судалгааны үндсэн дээр хийсэн учраас байнд нь биш юмаа гэхэд банзанд туссан байх гэж найдна.

Огт буруу ойлголт

Манайхны олонхи 1992 онд шинэ Үндсэн Хууль батлаад ардчилал, зах зээлд шилжсэн гэж ойлгодог бөгөөд зөвхөн энэ үндсэн дээр ардчилал, зах зээлд шилжсэн алдааны талаар мянган юм ярьдаг. Үнэн хэрэг дээрээ огт ийм биш.

Урд нь БНМАУ гэж байлаа. Энэ бол орчин үеийн үйлдвэржсэн нийгмийн ангилалд багтах төр бөгөөд хатуу үзэл суртал, хэт төвлөрөл, захиргааны албадлагын хүчээр монгол орныг нийгмийн дэвшилд хүргэсэн төр болох нь маргаангүй юм. Энэ төрийн муу муухайг хангалттай дуудсан болохоор ахин давтах нь илүүц хэрэг. Шинэ Үндсэн Хууль нь хуучин төрийг халах үйл явцын зөвхөн эхлэл нь болсон юм. Энэ хууль ардчилсан, шинэ Монгол Улсын төр, нийгмийн байгуулал, үйл ажиллагааны ерөнхий дүр зургийг л гаргаж өгсөн. Энгийнээр хэлбэл эхлээд Үндсэн Хууль ердөө л цаас байлаа.

Хуучин системийн цөөн дарга нарыг халж, анхны сонгууль явуулж, олон намууд байгуулж, шинэ УИХ байгуулсныг төр бүрэн солигдсон гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй.  

Учир нь энэ үед БНМАУ-ын хуучин төрийн байгууламж, түүний бүтэц, аппарат, боловсон хүчин, ажлын арга барил гэх мэт систем бүхэлдээ хэвээрээ байсан. Харин бодит шинэчлэл, шилжилт ихээхэн өвөрмөц бөгөөд зөрчилтэй явагдсаны гэрч нь бид өөрсдөө бөлгөө.

Бидний мартсан нэг том хууль  

Үндсэн хуультай хамт “Үндсэн Хуулийн хавсралт хууль” гэсэн гүнзгий агуулгатай, алсын үр дагавартай хууль баталснаа бидний ихэнхи нь хоолтойгоо холиод идчихсэн юм. Дурдан буй энэ хууль “БНМАУ-ын Үндсэн Хуулиас Монгол Улсын Үндсэн Хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай”  гэсэн нэртэй. Нэрээс нь харлаа ч гэсэн энэ бол шилжилт, өөрчлөлт, шинэчлэл  болоогүй, харин дөнгөж эхэлж байна гэдгийг тод харуулдаг юм.

Энэхүү хавсралт хуульд “Үндсэн Хуулийнхаа адил нэгэн адил хүчинтэй” гэсэн их том заалтаас гадна “хууль тогтоомжийг Монгол Улсын Үндсэн Хуульд нийцүүлэн бүрэн шинэчлэх ажлыг 1996 онд багтаан хийж дуусгана” гэсэн нэн тодорхой заалт ч бий. Тэгэхлээр БНМАУ-аас Монгол Улс руу хийсэн бодит шилжилт энэ хуулийн хүрээнд нэлээд удаан явагдсан нь тодорхой.     

Харин энэ бүхэн хэрхэн, яаж явагдсан бэ гэдгийг анхаарч, судалж, шинжилсэн хүн тоотой хэдхэн гэдгийг би нотолж чадна.  

Шинэ төрийг байгуулсан нь

Ямар ч гэсэн БНМАУ-аас Монгол Улс руу шилжих үйл явцыг 1992 онд байгуулагдсан УИХ хийж гүйцэтгэсэн.

Эхлээд УИХ өөрийнхөө тухай хуулийг батлав. Энэ ч аргагүй. УИХ-ын гишүүнээр сонгогдож ирсэн хэдэн нөхөр л шинэ төрийнх, бусад бүх зүйл хуучин төрд хамаарагдаж байлаа. Удаалаад Засгийн газрын, Нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын, Шүүхийн, Прокурорын, Цагдаагийн, Тагнуулын Хууль гээд л цаашаа хөвөрч гарна даа.

Өөрөөр хэлбэл төрийн байгууламжийг цоо шинээр бий болгож байлаа. Ийнхүү дөрвөн жилийн дотор Үндсэн Хуулийн хавсралт хуулийн бүх заалтыг хэрэгжүүлж, 1996 он гэхэд Монгол Улсын гэж нэрлэж болох төрийн байгууламж бий болсон юм. Энд алдаа гарсан уу үгүй юу гэдэг нь одоо нэгэнт онолын асуудал биш, практикийн асуудал болон хувираад байна.

Төр доторхи тусгаар тогтнол

Талийгаач доктор Х. Гүндсамсуу: “Ерээд онд (дан ганц –Д.Г) ардчилсан хувьсгал тохиогоогүй, бас үймсэн олны болон номенклатурын хувьсгал болсон юм...Ардчилсан хувьсгал нь импортын, үймсэн олны хувьсгал нь дарвисан, номенклатурын хувьсгал нь хоёрдугаар цувааны гэмээр содон шинжтэй” гэж нэн оновчтой тодорхойлсон байдаг.

Тухайн үед Монгол Улс төрийн шинэ байгууламж бүрдүүлэх зарчмын зорилтоо төрийн хуучин аппаратыг шинэ хэлбэрээр хуучнаар нь үлдээх ажлаар сольж орхисон нь зарчмын том алдаа байлаа.

Энэ бантанг хуучнаар бол номенклатур анги, одоогоор бол төрийн бюрократ анги хутгаж, ардчилсан будагтай жинхэнэ феодалын төрийг Монголд тогтоогоод байна.

Тэр үед шинэ төрийн аль нэг байгууллагын тухай хууль хэлэлцэх бүрт төрийн хуучин аппарат зөвхөн өөрийн эрх ашгийг хамгаалан үлдэх төрөлх зөн билгээрээ ажиллаж байсан нь ийм арчаагүй байдалд хүргэсэн юм.  

Энэ үйл явц аль ч салбарт усны дусал мэт адил технологитой байсан. Ухаандаа аль нэг хуулийг хэлэлцэж батлахад эхлээд Үндсэн хуулийн холбогдох заалтыг хуулаад толгойд нь биччихнэ, дараа нь тухайн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг зэрэг гэсэн хэсгийг шууд зааж оруулна. Энэ бүхний дүнд уг хууль тухайн салбар, чиглэлийн харилцаа, холбоог зохицуулах үүргээсээ хазайж, тухайн байгууллагын хууль болон хувирна.

Энд аль болох бие даасан, бусдаас үл хамаарсан, аливаа хяналтаас ангид, эрх мэдэл дарга нарт төвлөрсэн нэг ижил зүй тогтол үйлчилж байсан. Шинэ Үндсэн Хуулийн зарчим, хэм хэмжээтэй авцалдах зүйл энд туйлын ховор байлаа.

Онолын хэллэгээр бол төрийн хэвтээ болон босоо удирдлага, зохицуулалтын боломж алдагдаж, төрийн удирдлага нэг хүнээс хэт хамаат байх гол нөхцлийг бүрдүүлжээ.

Ингэснээр өнөөгийн монголын төрийн байгууламж бараг бүрэн бие даасан, эрх мэдэл, чиг үүрэг нь нэг бол ихээхэн давхцсан, нэг бол зохицуулалтын хийдэл гарсан, нэг бол эрх мэдэл, чиг үүргээ булаалдан өрсөлдөгч, ногдсон эрх мэдэл, чиг үүргээ наймаалцдаг, ямар нэг бүхэллэг, функционал хамаарал байхгүй, институтжлэг шинжгүй, тусгаар тогтносон байгууллагуудын механик  нийлбэр болж хувирсан юм.

Энэ тохиолдолд төрийн удирдлагын үр ашиг, үр нөлөө гэх хамгийн гол зүйл оргүй устдаг юм. Нэгэнт ийм үед төр, засгийн ажил жаран чавганцын ажил болон хувирдаг бөгөөд ийм нийгэмд чигч шударга, худалч хулгайч ямар ч хүн айван тайван амьдрах боломж бараг байдаггүй. Уялдаа, шүтэлцээ, шүтэн барилдлагагүй төрийн задгай тогтолцоо нь ихээхэн эмзэг, нэг хүний нөлөөнд орохдоо туйлын амархан байдаг. 

Буруутан хайхуй

Манайхан буруутан хайж олохдоо хэн ч атаархмаар авъяастай билээ. Гэвч төрийн байгууламжийг бүрдүүлэхэд үүссэн алдаа согогийг хэн ч, түүний дотор монголчуудын багш болсон барууныхан ч эхэндээ мэдээгүй юм.

Тэр үед “ардын засаг ч гэж юу байлаа, авдаг өгдөг нь ч хаа байлаа” гэдэг болж, монголчууд ардчилал, зах зээлийн ид шидэд бараг бурхнаас илүү итгэж байсан. Бидний олонхи тулгарсан бэрхшээлийг нийгэм шилжиж буй үеийн түр зуурын явдал гэж үзэж байсан байх.      

Ямар ч гэсэн бидний ардчилал, зах зээлийн мэдлэг, туршлага гэж ёстой нэг хүүхдийн үлгэр байсныг шударгаар хүлээн зөвшөөрөх ёстой.

Амтай болгон ярьдаг байсан засаглал хуваах онолыг нь одоо үзээд байхад засаглал хуваах биш, харин зааглах гэсэн нэн тодорхой утгатай юмсанж. Манайхан болохоор засаглал хуваах гэдгийг цагаан сарын боов хувааж байгаа мэтээр сэтгэж, төрөө өмчлөөд хуваагаад авчихсан нь одоо нэгэнт тодорхой байна.

1996 он нэлээд өнгөртөл энэ аюулыг анзаарсан хүн огт байгаагүй. Яагаад гэвэл бид бүгдээрээ социализмын бүтээгдэхүүн, юм үзэж нүд тайлаагүй, биллъярдын бөмбөг шиг адилхан хөгийн амьтад байсан. Барууныг дуурайж сайн сайханд хүрнэ гэдэгтээ бид дэндүү итгэлтэй байсан. Одоо ч энэ өвчин бидний сэтгэлгээ, үйлдэлд амь бөхтэй байгаа.

Энэ үед бидний дунд “шинэ” “ардчилсан”, “зах зээлийн” хүн ганц ч байгаагүй. Барууны зааварлагч багш нар, барууны ном зохиол, бас гадаад явж, туршлага судлах л бидэнд баримжаа болж байлаа. Бид нэг хэсэг большевик намын түүхийг түвд маягаар яс цээжилсэн эртний хувьсгалчид шиг байсан. Гэтэл “баруун” гэдэг ойлголтонд нь хэтэрхий олон улс багтдаг, тэдгээр нь хоорондоо асар их ялгаатайг бид дэндүү хожим ухаарсан юмдаг.

Нэгэнт шинэ замаар замнах туршлага, мэдлэг ор байхгүй, дуурайхаас өөр аргагүй байсан тохиолдолд энэ тэр хүн, энэ тэр нам буруутай гэх ямар ч үндэслэл байхгүй. Энэ бол бидний зайлшгүй туулах зовлонт зам, шившгийн хөндий байсан.

Аюулын анхны дохио  

Хамаг итгэл найдвар, хүсэл мөрөөдлөө шингээсэн шинэ ардчилсан төрийг бэхжүүлэхийг барууныхан ч, манайхан ч ихээхэн хүсэж байсан нь эргэлзээгүй.

1997 оны сүүлчээр НҮБХХ-ийн төслөөр “Монгол Улсын төрийн байгууллагуудын чадавхи: ардчилсан засаглалыг төгөлдөржүүлэх шаардлага, боломж” (УБ. 1998) сэдэвт судалгааг тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан, одоо МАХН-ын дарга С.Баярын удирдлагаар судлаач Д.Чулуунжав, доктор Г.Чулуунбаатар болон мөн миний бие хийх завшаан тохиосон билээ. Түүний үр дүн судлаач бидний хувьд ч дэндүү хачирхалтай байлаа.

Тухайн үед хэн ч тоогоогүй энэ судалгаанд: “Сүүлийн үед манай төрийн үйл ажиллагаанд гарсан зөрчил, зөрчилт байдал, хямралыг шинжлэн үзэхэд түүний уг шалтгаан нь манай төрийн тогтолцоо, өргөн хүрээнд яривал улс төрийн тогтолцооны зохист биш байдалд оршино”, “бусад зарим орнуудад төрийн тогтолцооны согог байдаг авч эдүгээ манайд байгаа шиг системийн хэмжээний гажиг байдаггүй бололтой” гэсэн дүгнэлт хийсэн юм. Энд дүгнэлт бидний мэргэн ухаантайд биш, харин тогтолцооны гажиг судлаачдад яахын аргагүй илт мэдэгдэж эхэлсэнд байсан болов уу.

Удаалаад 2000 онд монголын системийн анализын толгой мэргэжилтэн С.Дашдаваа “Системийн хямралаас сүйрэл рүү” гэсэн томоохон аналитик өгүүлэл бичсэн нь тухайн үедээ их шуугиан тарьж билээ. Хэн ч тоосонгүй.  

Дараа нь улс төрчид залгав. 2000 онд Баабар “Бүгдээрээ эрэгцүүлэн бодъё” гэсэн томоохон аналитик өгүүлэл бичиж, төр нь бүр болохоо болмогц “Монголын тусгаар тогтнолын тунхаг” гэсэн давхар гарчигтай шинэ Үндсэн Хуулийн төсөл хүртэл санаачлав. Түүнийг бас л хэн ч тоосонгүй, харин мэргэжлийн хувьд би л лав олон дахин уншиж судалсан юмдаг.

Манай томчуудаас Н.Багабанди энэ гажгийг анх мэдэрсэн юм. Хашир туршлагатай, няхуур хүн тэрбээр захирамж гарган ажлын хэсэг байгуулж  Үндсэн Хуулийн “Төрийн байгуулал” гэсэн III бүлгийг Ерөнхийлөгчийн болон Парламентын засаглалын гэсэн хоёр хувилбараар бэлтгүүлсэн юм.

Хүн болгон ардчилал, зах зээлд ороод сайхан байна гэж хашгирч байхад энэ хэдэн нөхөр яахлаараа ийм сайхан төр засгийг өөрчлөх гээд элдвээр оролдоод байсан юм гэж асуух хүн хойч үеэс маань гарна гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. 

Төр засгийн системийн гажиг аль эртнээс үүдэлтэй гэдгийг одоо олон хүн ойлгосон гэж найдаж байна. Мэдээж үүнийг засах боломж байсан ч монголчууд бидэнд тийм хувь ногдоогүй.  

Яг ухаараад засах ёстой үед нь Н.Энхбаяр гэдэг орчуулагч гарч ирээд төрийн өөрийгөө хамгаалж чадахгүй тусгаар байгууллагуудыг үнэ хаялцуулан зарж, зах зээлийн төр байгуулав. Одоо Монголын төр Нарантуул захаас дээрдэх юмгүй болсныг бид бүгдээрээ мэдэхээс гадна түүнийхээ горыг амсаж байна.

Нийгмийн бүх хамаг бурууг нэг хүн рүү тохох гэлээ гэсэн энгийн ухамсрын дүгнэлт угаасаа утгагүйг шууд хэлэх нь зөв байх. Монгол бол удирдагчаас хамаарах шинжээрээ хосгүй гэдгийг бидний нөхөд аль хэдийн судлаад гаргачихсан. Бас Н.Энхбаярыг ард түмэн өөрөө л сонгосон гэдэг нотолгоо ямар ч үндэс байхгүй юм. Тэр олон удаа сонгуулийн луйвар хийн гарч ирж байсныг бид бас л судлаад гаргачихсан. Иймээс Монголын төрийг хямралаас гаргах анхны алхам нь Н.Энхбаяраас ангижрах явдал мөн.    

Цаашдаа нэн өндөр боловсрол, торгон мэдрэмжээрээ төрийн тогтолцооны гажгийг анх мэдэрч, мэдсэн С.Баярт энэ лай ланчигт хямралаас гэтэлгэх түүхэн үүрэг ногдлоо гэж сануулах нь миний эрх болой.    

Оюун сэтгэлгээний үлэмж доройтолтой Зүмбэрэллхам гэгч нэг нөхөр Ерөнхийлөгчийг хамгаалах холбоо байгуулж давхиж байснаа гэв гэнэт Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх болчихсон шог явдлыг давтах чөтгөрийн хүсэл надад огтхон ч алга.

Монгол Улсад ажил хийх эрхээ 10 жил хасуулсан надад ганцхан зүйл хэрэгтэй бөгөөд энэ нь системийн судалгаа шинжилгээгээ чөлөөтэй хийх эрх чөлөө бөлгөө.

Би зөв онош тавьсан гэдэгтээ итгэлтэй байна, эм нь надад бэлэн байна, харин уух эсэхээ энэ “Нам төр” хэмээх хэвтрийн нөхөр өөрөө л мэдэх байх. Үгүй гэвэл хохь нь л биз. Харин заваарч байгаад нийтийн үймээн самуунд хүрвэл би сануулж байсан шүү гэж хэлэх үгтэй байхад надад болох нь тэр.    

Энэ өгүүллийг нийтээрээ хэлэлцэхэд зориулж байгаа болохоор тал талаас нь шүүн тунгаах нь зүйн хэрэг боловч уншсан, дуулсан ганц нэг ишлэлээ эргүүлж ярихаас өөрийг үл мэдэх нусгайчууд, мөнгөө савируулсан улс төрийн луйварчдад огт падгүй гэдгийг зориуд сануулж байна. Хэрэв оюун сэтгэлгээний илүү өндөр түвшинд ярилцая, хэлэлцэе хэмээн ухаант уншигчид хүсэх ахул цуврал өгүүлэл бичихэд би бэлэн байна.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 2715

Бүлэг: Өгүүлэл

Сакура цэцгэлж буй үеэр

Б.Жавхлан (Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.) - Япон, Португал. 2007 оны 4-7 сар 

1980-аад оны үед байх, монгол-японы найрамдлыг сайжруулахын үүднээс л болов уу даа Төв шуудангийн урд талд, Сеүлийн гудамжинд сакура буюу интоорын мод тарьсан шиг санаж байна. Тэдгээр мод хахир хатуу монголын өвлийг даан хэд хэдэн хавар цэцэглэсэн. Үүнээс үүдээд Япон орныг сакура модтой сайхан орон гэдгээр төсөөлж байсан маань энэ л үеэр зочлохыг билэгдэл болгож байжээ. Энэ оны дөрөвдүгээр сард Токиогийн Нарита онгоцны буудалд бидний суусан онгоц газардангуут л сакура мод ягаан цэцгэн баглаагаараа угтаж авсан юм.

Токио, Фүкүока, Хирошима, Наошима, Киото, Нара, Токио гэсэн хуваариар энэ удаад аялахаар шийдээд Португалд байхдаа л Японы галт тэрэгний тасалбарыг худалдаж авсан юм. Богино хугацаагаар Японд айлчилж буй хүмүүст зориулан жуулчлалын компаниудаар дамжуулан хоёр долоо хоногийн хугацаанд хүчинтэй нэг хүний тасалбар 300 гаруй еврогийн үнэтэй.

Цагийн зөрөө, замын ядаргаа гаргах гэж Токио хотод хэд хонолоо. Үзэж харах үзвэрээр дүүрэн энэ хотод хүмүүс нь л хамгийн содон харагдаж байсан юм. Нилээд хэдэн жил Португалд амьдрасны хувьд португалчуудтай харьцуулахад япон хүмүүс өндөр намаараа адилхан ч, их л туранхай, бүр хэт туранхай санагдаж билээ. Хүмүүсийн өмссөн гутал нь гэхэд хэт томдсон, гэвч байнга гутлаа тайлж байдаг хүмүүст тохиромжтой ч, одоохон гутал нь сугараад шидэгдэх нь гэсэн бодол надад төрж явсныг нуугаад яахав дээ. Хүүхнүүд нь өндөр өсгийтэй туфль өмссөн нь майга хөлөнд нь үнэхээр эвгүй. 

Токиогийн алдартай Чинзансо Дөрвөн Улирал зочид буудлын цэцэрлэгт маргааш нь зугаалахаар очиход голоо дагаад тарьсан сакура модны цэцгийн дэлбээ голыг тэр чигээр нь бүрхээд гол цагаан, ягаан өнгөөр алаглан урсана. Түм түчигнэсэн хотын шуугиан цэцэрлэгийн хаалгаар оронгуут дарагдаж япон цэцэрлэгт ургах мод, нууранд шумбах загас, хүрхээ анхаарал татаж сэтгэл амраана. 

Япон хүмүүс, үндэсний байшин барилга нь бүгд жижигхэн, тэрүүнтэйгээ адил цэцэрлэгт ургах мод хүртэл намхан, жижигхэн. Цэцэрлэгт нь уул толгод, нуур, гол, хүрхрээ, гүүр, сүм гээд бүгд л бий. Байх байхдаа яг байгальд байдаг шигээ, хүний гараар бүтээгүй юм шиг өөр өөрсдийн зохицсон газраа байрлана. МЭ-ний 7-р зууны үеэс эхэлсэн япон цэцэрлэгийг дизайн 11-р зуун гэхэд японы язгууртнууд томоохон нууртай цэцэрлэг барьж эхэлжээ. Харин 13-р зуунаас эхлэн цэцэрлэгийн хэмжээ нь багасч, 16-р зуун гэхэд далайг хайргаар, хүрхрээг том чулуугаар орлуулдаг болсон юмсанжээ. Цайны ёслолын байшинг заавал цэцэрлэг рүү харуулж барьдаг болсон юм байна. Европын геометрийн дүрсээр тарьсан мод, цэцгийн бутыг япон цэцэрлэгтэй харьцуулахын аргагүй.

Япончууд томоохон зочид буудалд хүүхдүүдийнхээ хуримыг хийдэг заншилтайг тэр өдрийн хуримын ёслолоос харлаа. Бид хагас сайн өдөр очсон болохоор Дөрвөн Улирал зочид буудлын сүмд л гэхэд 13 хурим болж байсан юм. 

Сүйт бүсгүй цагаан кимоно өмсдөг бол сүйт хархүү нь гэр бүлийн тамгатай хар өнгийн кимоно өмсөнө. Бид цэцэрлэгээр зугаалж байхдаа үндэсний хувцсаа өмсөөд хуримаа хийж буй ганцхан хосыг харсан юм. Орчин үед ихэнх япончууд европ хуримын хувцас өмсөж хуримаа хийдэг болсон нь тэр өдрөөс ажиглагдаж байлаа. Хуриманд ирсэн хадамд гараагүй эмэгтэйчүүд урт ханцуйтай, өнгөлөг кимонотой, харин настайвтар нөхөрт гарсан эмэгтэй зочид нь богино ханцуйтай хар өнгийн кимонотой ирсэн байсан бол эрэгтэй зочид нь хар костюмтай үзэгдэж байв. Хуримын цайллагын үеэр шинэхэн бэр хувцсаа хэд хэдэн удаа солих нь японы хуримын жам гэнэ. Цайллагын дараа зочид, зочид буудлын нэртэй цаасан уутанд залуу хосоос авсан бэлэг болох цайны аяга, данх зэрэг бэлэгтэй гэрийн зүг буцдаг гэдгийг бас мэдэж авлаа. 

Бүтэн сайны өглөө Токиогийн алдартай Шинзүки дүүргийг очиж үзэхээр метронд суухад, ажлын өдөр юм шиг санагдаж билээ. Их Британийн Лондон хотын метронд бүтэн сайны өглөө хүн бараг үзэгддэггүй юм тэгэхэд Токиогийн метронд хүн дүүрэн, япончууд амралтын өдөр хүртэл ажилладаг юм шиг байв. 12 сая гаруй Токиогийн хүн амын хоёр сая гаруй нь өдөр болгон энэ метроны буудлаар дайрч өнгөрдөг гэнэ.  Токиогийн энэ дүүрэгт технологийн дэвшил, мөнгө, өндөр өндөр албан газрын байшин барилгууд сүндэрлэж, олны хөл тасардаггүй учраас заавал очиж үзэх хэрэгтэй юм байна. 

Метронд яваа япон хүмүүсийн гар хэзээ ч сул явдаггүй гэлтэй. Утсаар ярих, бичих, тоглох, үзэх гээд хөгшин, залуугүй бүгд гар утас руугаа гөлрөөстэй. Европт үзэгдээгүй гар утаснууд хаа сайгүй харагдана. Япончуудын технологийн дэвшил европчуудаас бараг хоёр жилийн урд явдаг болохоор арга ч үгүй биз. Метро, галт тэргэнд яваа хүмүүсийг гар утасныхаа дууг хаа гэсэн шаардлага энд тэндгүй байна. Энэ нь хаа газар хэрэгтэй л зүйл юм.  Хариулах шаардлагатай бол тусгай ярьж болох газар очиж ярьж болно. Токиогийн метро үдшийн цагаар зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан вагон үйлчилнэ. Тусгай вагон хаана зогсох байршлыг нь биччихсэн байна. Япон, англиар дараачийн буудлын нэрийг зарлаж, аль талын хаалга нээгдэхийг хүртэл хэлж өгнө. 

Энэ л дүүргийн явган хүний зам дээр тамхи татаж болохгүй тэмдэг тавьсныг хараад үнэхээр баярламаар байлаа. Тамхи татаж яваа хүний тамхины утаа ард яваа хүн рүү үлээгдэхэд хурдхан урд нь гарах ч юмуу аль эсвэл тэр хүнээс холдохын түүс болдог хүмүүст их зүгээр юм.

Токиод өдөр шөнөгүй, газар дээр дор амьдрал бужигнаж байна гэж хэлэхэд илүүдэхгүй болов уу. Европын зарим орны метроны буудалд зөвхөн цөөн тооны жижиг мухлагууд, цай, хоолны газар байдаг бол японы метроны буудлууд километр гаруй үргэлжилсэн арав гаруй гарцтай,  том, жижиг зоогийн газар, дэлгүүрүүд шил шилээ даран байрлаж, үйл ажиллагаагаа явуулна, хүн ч гэж олон түм. 

Шинзүки дүүрэгт Японы томоохон их дэлгүүрүүд, европ, америк, ялангуяа франц, италийн нэртэй хувцасны фирмийн дэлгүүрүүд япончуудын мөнгийг шавхаж байгаа юм шиг анх санагдсан ч, харин япончууд тэр “хураалгасан мөнгөө” үйлдвэрлэсэн электрон бараа, машинаараа буцааж эх орондоо авчирч байгааг бас тэмдэглэхэд илүүдэхгүй болов уу. Эндээс хамгийн сүүлийн үеийн электрон барааг олон давхар дэлгүүрүүдээс нь худалдаж авч болох бөгөөд хамгийн хямд аль эсвэл хамгийн үнэтэй дэлгүүрээс дэлхийн өнцөг булан бүрт үйлдвэрлэсэн эд зүйлсийг халаасаа хоосолтлоо худалдан авч бас болно. 

Харин үнэгүйгээр Токио хотыг дээрээс нь харья гэвэл Nikon компанийн байрладаг Shinjuki L-Tower-гийн 26-р давхарт гараад Nikon-ы үйлдвэрлэсэн холыг ойртуулдаг дурангуудаар харж болно. Мөн дэлхийн зах зээл дээр хамгийн сайд тооцогддог эдний гэрэл зургийн аппарат, хэрэгслүүдийг ч худалдаж авч болно. 

Хэрвээ энэ дүүргийн чимээнээс түр ч гэсэн салъя гэж бодвол Meiji-Jingū бунханд очоорой. 1920 онд баригдсан ч дэлхийн 2-р дайны үед сүйтгэгдээд 1958 онд дахин барьж дуусгасан энэ бунхныг Мейжи хаан, түүний хатан Шокен нарт зориулан барьсан юм байна. Энэ хааны хаанчлалын үед Япон орон салангид тасархай байдлаасаа гарч эхэлжээ.

Өдрийн цайны цаг таарч сүшиний газар дайралдахад нь арваад хүнтэй оочерт зогсоод хэдэн минут хүлээсний дараа бидний ээлж боллоо. Япон зоогийн газарт оронгуут шууд л чийгтэй бүлээн алчуур авчирч өгнө, үүгээр нь гараа арчаад эвхэж тавиад, захиалсан хоолоо хүлээн сууна. Хоол хүлээлгээд суулгаад байхгүй, тэгээд ч амттай, чанартай япон хоолыг сар идэхэд уйдахгүй юм билээ.

Япон хоол бол ходоод дүүргэхдээ биш, нүдний хараа баясгахад л зориулагдсан мэт санагдана. Сүши, сашими, сүкияки, шабү-шабү, темпүра, терияки, рамен гээд тоочоод байвал барагдахгүй олон хуудас болно биз. Гэхдээ хангалттай цагаан будааг араас нь идчихэд амархан цадаж болно. 

Загас аль эсвэл ногоо, цагаан будааг далайн ургамалд ороосон сүши дэлхий даяар тархахдаа үнэтэй хоолны тоонд орсон билээ. Financial Times сонины зургадугаар сарын нэгэн дугаар дээр гарсан өгүүлэл дээр сүшийг заавал лангууны хажууд идэх хэрэгтэй гэнэ. Шри Ланка, Мексик, Испаниас хэдэн мянган километр онгоцоор тээвэрлэгдэн ирсэн загас зөвхөн гал тогооноос, ширээ хүрэх хооронд амтаа алдах нь энүүхэнд гэжээ. 

Sushi bar-нд яг лангууны дэргэд сууж урдуур “хөвөх” түүхий, чанасан, шарсан загас, элдэв янзын ногоотой сүшийг амталсан юм. Ханан дээр бүх төрлийн сүшиний зургыг өлгөсөн байсан болохоор сонгож идэхэд амархан байлаа. 

Япончууд барууны супермаркетын том тэргээр хүнсээ цуглуулж байгаа нь харагдсангүй. Харин өдөр өдөрт нь хүнсээ худалдаж аван тэр өдрийн хоолоо хийж иднэ. Хоолондоо хэрэглэж буй шавар, шаазан, модоор хийсэн аяга таваг бол ерөөсөө л урлагийн бүтээл. Эднийг худалдаж авахад хийсэн уран бүтээлчээсээ шалтгаалаад үнэтэй байх нь энүүхэнд. Ер нь хоолны хэрэгслүүд барууных шиг зургаан хүнд биш хоёр хүнд зориулагдсанаар ихэнхдээ зарагдана. Дэлгүүрт ороод хэрвээ зургаан ширхэгийг авъя гэвэл худалдагч нь гайхаж харна. Нэгэн дэлгүүрээс цайны хоёр аяга худалдаж авсан чинь том, жижиг хэмжээтэй байсан юм. Нөхрийнх нь том, авгайнх нь жижиг юм байна гэж тааварлаж билээ. 

Японы орны урд зүгээр аялал хийгээд буцаж ирж Токиог сайн үзэх төлөвлөгөөтэй байсан болохоор shinkansen – хурдан галт тэргэнд суугаад Фүкүока-Хаката хотыг зорилоо. Хурдан гал тэрэг цагт 300 км хүртэл хурдалдаг бөгөөд 30-аад жилийн хугацаанд хамгийн найдвартай унаанд тооцогдож байгаа юм байна. Хэрвээ суудал заасан билет авсан тохиолдолд төмөр замын буудлын тавцан дээр галт тэрэгний дугаарыг бичээд тавьчихсан байна. Галт тэрэг яг цагтаа ирэхэд, хаалга нь яг дугаарын хажууд онгойно. 

Галт тэргэнд тохитой, үе үе түрдэг тэрэг түрсэн эрэгтэй, эмэгтэй үйлчлэгч нар ойр зуурын идэж, уух юм худалдана. Тамхи татдаг, татдаггүй, гар утсаар ярьж болдог, болдоггүй гээд олон янзын вагонуудтай. Харин буруу харсан суудал ерөөсөө байхгүй. Галт тэрэг эцсийн буудал дээр ирэхэд, цэвэрлэгч нар цэвэрлээд л суудлуудыг нь явах зүг рүү ганцхан товч дараад л харуулчихна. 

Осакад галт тэргээ солих хугацаандаа галт тэрэгний буудалд өдрийн цайгаа уухаар нэгэн зоогийн газарт орсон юм. Автомат машинаас идэх хоолоо сонгоод, машиндаа мөнгөө төлөөд ширээнд суухад л үйлчлэгч ирж тасалбарыг маань аваад явснаас хойш 10 минутын дараа амттай сайхан хоол урд минь байж байсан юм. Ер нь зарим орны галт тэрэгний буудал битгий хэл, онгоцны буудалд олигтой хоолтой газар ховорхон байдаг шүү. 

Ингээд аяллаа цааш нь үргэлжлүүлж Япон улсын урд зүгт орших Фүкүока-Хаката хотод бараг зургаан цаг галт тэргээр аялсаны дараа оройхон тийшээ ирлээ. Энэ хот 1.4 гаруй сая хүн амтай бөгөөд японы 5 дахь том хотын тоонд орно. Хоёр жижиг хот нийлэхэд нэрийг нь тохирч чадаагүй учир ийм хоёр нэртэйгээ үлдсэн юм байна. Фүкүока-Хаката хот хөөрхөн хүүхэн, хятадын гоймонгоороо (ramen) алдартай юм билээ. Энд бид Hyatt Residencial Suite буудалд буусан юм. Энэ буудалд урт, богино хугацаагаар ажлаар явж байгаа хүмүүст зориулан өрөөнүүд нь гал тогоотой, банны өрөөндөө угаалгын машинтай байсан юм. Бага насны хүүхэдтэй аялж яваа болохоор банны өрөөнд угжийг нь угаахгүй сайхан байсан.

Өөр өөрийн онцлогтой буддын сүмийг уйдахгүй л бол хэдэн зуугаар нь япон оронд үзэж болно. Үүний нэг болох Фүкүока хоттоо нилээд эртнийд тооцогдох Точожи сүм юм. Япондоо алдартай 11 метр өндөр, 30 тонн хүнд, хамгийн том модон бурхан Будда энэ сүмд байрлана. Энэ орны урд зүгээр аялж явахдаа, модон, хүрэл, өндөр гээд олон төрлийн Буддаг үзсэний нэг нь энэ байлаа.

Хөөрхөн хүүхнүүдийг нь ямар ч байсан гудамжинд явж байхдаа нилээд олж харлаа. Харин рамен олж идэхийн тулд нилээд хайх хэрэг гарсан юм. Олж очсон газар маань долоон метр хиртэй урт, нарийхан ширээг нэг, нэг хүнд зориулан давуугаар тасалгаа гарган хөшиг татсан байлаа. Орохоосоо өмнө хоол захиалдаг машинаас ямар рамен идэх тасалбараа авчихсан болохоор үйлчлэгч хүлээх хэрэг гарахгүй нь сайхан юм билээ. Харин тасалбарыг минь авахаас өмнө үйлчлэгч ганц хуудас хүснэгтэнд гоймонгоо аяж чануулах, сармистай, халуун ногоотой байх эсэхийг бөглүүлж аваад явснаас хойш таван минутын дараа миний өдрийн хоол хоёр хавтгай гахайн махтай ирсэн юм. Япончуудын заншлаар бол раменыг ёстой л ховх сорж идэх хэрэгтэй гэнэ.   

Сувган хот буюу Canal City нь хиймэл сувган дээр баригдсан бөгөөд энд театр, худалдааны төв, зочид буудал, кино театр, зоогийн газрууд байрлана. Бас дэлхий дээр анхны усан оргилууртай симфони хэдхэн минут эгшиглээд дуусчихна. Хэрэг болгож хүлээж үзсэн хүмүүст бол цөөхөн минут тоглоод дуусах энэ үзмэрийг хараад “ингээд л болоо юу” гэж гутрангуй бодол бууна. Харин дууссаных нь дараа алиалагч, илбэчин, дуучид, хөгжимчдын тоглолтыг хэрвээ хүсвэл бас үзэж болно.   

Фүкүокагийн Азийн урлагийн музейг очиж үзэхэд азийн олон орноос ирсэн бүтээлүүд тавиастай байсан юм. Бангладешийн хүн-сүйх тэрэг, вьетнамын уран бүтээлчийн хүүхдэд зориулан урласан тусгай буланд хүүхдүүддээ азийн орнуудын үлгэрийг япон хэлээр уншиж өгч болох ба тэнд хэдэн монгол үлгэрийн ном бас байсан. Азийн хөөрхөн хүүхнүүд хэсэгт нь Энэтхэг, Хятадын зураач нарын зурсан хөргүүдийн хамт Цэрэннадмидийн Цэгмэдийн “Орхон” бүтээл тавигдсан байхыг хараад зөвхөн монголын уран бүтээлчийнхдээ биш хэн ч харсан бахархмаар бүтээл байсанд сэтгэл дүүрэн байлаа.

Охори япон маягийн цэцэрлэгт нэгэн бороотой өдөр хөл тавилаа.  Энд уламжлалт цайны ёслол үйлдэх байшин нь цэцэрлэг рүүгээ харна. Япон цэцэрлэгийн бүх л дизайн, өнгө төрхийг харуулсан энэ цэцэрлэгт хүрхрээ, арал, мод, чулуун гүүр, уул, толгод, байшин барилга, нуур, цөөрөм бүгд байна. Нуур болон цагаан элс далайг төлөөлж, бас ч үгүй дундаа аралтай, том чулуунууд нь алсад орших уулыг төлөөлнө. Энэ цэцэрлэгт дөч гаруй төрлийн мод, цэцэг, ургамлыг тарьсан гэж тайлбарлажээ.

Хаката буланд 13-р зуунд монголчуудын эсрэг дайралтаас хамгаалсан чулуун хамгаалалт байдаг гэнэ. Энэ хамгаалалт бараг 20 км үргэлжилсэн гэх бөгөөд тууриуд Имазү, Нишижин, Икиноматцүбара зэрэг газарт байдаг юм байна. Далайн шуурганаас болоод Хубилай хааны японыг эзлэх төлөвлөгөө бүтээгүй боловч энэ нь их хаан өөрөө яаран усан онгоц бариулах зарлиг буулгахад түүнийг нь хугацаанд нь биелүүлж чадахгүй байсан дорд иргэд нь голын усанд хөвдөг завийг оруулжээ. Голын ус, далайн усанд хөвдөг завины тулгуур нь өөр өөр байдаг учраас, ихэнх завь далайн шуурганд тэсэлгүй хэдэн мянган хүний амь бүрэлгэсэн гэж японы эрдэмтэн судалгаандаа өгүүлсэнийг нь телевизийн Discovery сувгаар үзсэн юм байна.

Далайн эрэг дээрх амралт, чөлөөт цагийн Мариноа төвд Ази тивдээ хамгийн томд орох “Мөнхийн ногоон” нэртэй алсыг харагчаар Фүкүока хотын алсын барааг ширтэж болно. Энд мөн 130 дэлгүүр, зоогийн газар гээд дүүрэн.  

Дараачийн зогсоол маань Хирошима байсан юм. Хирошима хотын нэрийг сонсоогүй хүн монголд битгий хэл энэ дэлхийд байхгүй. Жирийн нэгэн энэ хотод 1945 оны 8-р сарын 6-ны өглөөний 8 цаг 15 минутанд америкийн атомын бөмбөг 600 метрийн өндөрт дэлбэрчээ. Америкчууд энэ хотод олзлогдсон цэргүүдийн шорон байхгүй , хотын Т-хэлбэртэй гүүрийг цэлмэг нартай өдөр амархан харж болох учраас сонгосон юм байна. Тэр үед Хирошимад 350,000 хүн ам аж төрж байсан бөгөөд 1945 оны 12-р сар гэхэд 140,000 хүний алтан амь үрэгджээ. 

Бидний очсон 2007 оны 4-р сарын 16-ны өдөр музейд байрлах цаг анх атомын бөмбөг дэлбэрснээс хойш 22533 өдөр, хамгийн сүүлчийн атомын бөмбөг туршсанаас 189 өдөр өнгөрч буйг тоолж байлаа. 1945 оноос хойш Хирошима хотын захирагч болгон АНУ, ОХУ, Их Британи, Энэтхэг, Пакистан, Хятад, Хойт Солонгосын засгийн газарт атомын бөмбөг туршсаныг нь эсэргүүцэн ил захидал хэдэн зуугаар нь илгээжээ. Илгээсэн хэдий ч, тухайн орнууд одоог хүртэл атомын бөмбөг туршсаар л байна.

Энх тайвны дурсгалын музейд орж ирэнгүүт л бөмбөг дэлбэрэхээс өмнөх ба дараах Хирошима хотын макетыг байрлуулжээ. Хоёр километрын радиуст байрлаж байсан бүх модон байшин үнсэн товрог болон газартай тэгшлэгдсэн байв. Гарын таван хуруунд багтах төдий л хэдэн туйпуун байшин нуран үлдсэний нэг нь одоогийн атомын бөмбөгний бунхан билээ. Энэ музейг үзэхэд атомын бөмбөг дөнгөж өчигдөр дэлбэрсэн юм шиг сэтгэлд аймшиг төрж, үхэгсэд, үлдэгсдийн төлөө шаналж байсан юм. Үзмэрүүдийн дунд цементэн ханан дээр үлдсэн хүний сүүдэр, хүүхдийн хувцасны тасархай, хайлсан шил, өдрийн хоолны сав гээд тоочоод байвал барагдахгүй. Надад музейн бүх үзмэрийг үзэх чадал ч байсангүй. 

Гараад музейн эргэн тойронд байгаа цэцэрлэгт 62 жилийн өмнө бөмбөгөнд нэрвэгдсэн мод ургаж байгааг харлаа. Энэ мод Хирошима хотын хүн ам өвчин, зовлонд нугаралгүй хөгжиж, дэвшиж буйн бэлэг тэмдэг юм болов уу даа. 

Явуухулангийн Энхээ “Цаасан шувуухай” дуугаа атомын бөмбөг дэлбэрснээс хойш арван жилийн дараа хорт хавдар туссан Садако охинд зориулан бичсэн билээ. Мянган шувуухай хийвэл бие нь сайжирна гэж итгэж цаасан шувууг хийж байгаад дөнгөж 600 гаргаад нас барсан энэ охин болон бусад атомын бөмбөгийн дэлбэрэлтийн уршгаас нас барсан хүүхдүүдэд зориулан босгосон хөшөөнд дэлхийн өнцөг булан бүрээс хүүхэд, хөгшидгүй цаасан шувуу илгээнэ. Энэ өдөр японы сургуулийн хүүхдүүд олноороо ирж өөрсдийн бичсэн зүйлээ хөшөөний өмнө уншиж байсан юм. 

Хирошима хотод хоёр хоносны дараа Наошима арал руу галт тэрэг, усан онгоц, автобус хөлөглөн бараг өдрийн тал үргэлжилсэн урт аяллынхаа дараа хүрлээ. Хотын дуу чимээнээс түр ч гэсэн салахын тулд энэ арлыг сонгосон байсан юм. Ингээд Цүцүжи-со амралтын газрын япон үндэсний байшинд ядаргаагаа тайлж нэг хонолоо. Авсаархан энэ байшинд япон үндэсний сүрлэн татами дэвсгэр дэвссэн байх бөгөөд хоёр алд өргөн цонхоор далайд хөвж яваа том, жижиг усан онгоцнууд үзэгдэнэ. Ганц том өрөөнд нь зөвхөн нэг метр хиртэй урт явган ширээ, жижигхэн телевиз тавьсан байх бөгөөд, унтах болохоор гудас дэвсээд л болоо. Энэ байшин банн, гал тогооны жижигхэн өрөөтэй. 

 Энэ амралтын газар арван монгол гэрийг барьж, гадаад, дотоодын хүмүүсийг хүлээн авч байлаа. Монгол гэрийг япон хэлээр “пао” гэж нэрлэх бөгөөд энэ нь талх гэсэн португал үг юм. Япончууд баярлалаа гэж “аригато” гэж хэлдэг бол португалчууд “обригадо” гэнэ. Энэ үг мөн л португал хэлнээс гаралтай.   

1992 оноос япон үндэсний байшин барилгыг өвлөн үлдээхийн тулд энэ арлыг сонгон авч нурж үгүй болж буй байшин барилгыг орчин үеийн урлагын бүтээл болгон хувирган хэрэгжүүлэх төсөл эхэлжээ. Бенесси цогцолбор зочид буудал, зоогийн болон цайны газар, спа, дэлгүүртэй. Музейн барилгыг Тадао Андогийн зураг төслөөр барьжээ. Энэ орчин үеийн барилга Жеймс Бонд 007 киноны эсрэг талын баатрын амьдардаг байшин шиг л чамин архитертуртай бөгөөд дотор, гадна нь орчин үеийн урлагийн бүтээлүүд тавиастай байна.

Маргааш нь бас л нисэх онгоцноос бусад тээврийн хэрэгслээ хөлөглөөд 1200 жилийн түүхтэй японы эртний нийслэл Киотогийн галт тэрэгний буудал буулаа. Шил, толь, төмөр болсон буудал гэж хэлэхэд хэцүүхэн 15 давхар энэ байшинд зочид буудал, японы үнэтэйд тооцогддог Изетан их дэлгүүр, зоогийн газрууд гээд тоочоод байвал барагдахгүй олон юм байна. Энэ буудлын хамгийн өндөр дээр гарч Киото хотын цаад захыг цэлмэг нартай өдөр хараад авахад илүүдэхгүй болов уу даа. 

Энэ хотыг долоо хоногт битгий хэл нэг жилд ч үзэж дуусгана гэж байхгүй. Киотод 2000 гаруй цайз, бунхан, сүм, дуган, музей, галерей байгаагаас 17 нь ЮНЕСКО-гийн өвд данстай юм байна. 

Нөхөр, бид хоёр, хоёр том үүргэвчээ үүрээд, охиноо түрдэг тэргэн дээр нь суулгаад галт тэрэгний буудлаас 10 минут алхаад хүрэх япон үндэсний Риокан буудалд орж ирэнгүүт л шууд гутал тайлууллаа. Нэг нас дөнгөж өнгөрч яваа охин маань Киотод ирэхэд бага зэрэг халуунтай, урьд шөнө нь бөөлжиж хоноод, тэр өдөржингөө гүйлгэсэн болохоор маргааш нь эмнэлэг зүглэж, 5000 иен төлж эмчид үзүүлж, 1000 гаран иенээр эм авч уулгаснаас хойш бие нь илааршиж бид үзээд барагдахгүй олон үзмэрүүдээс нь бага ч болов цөөлж эхэллээ. 

Ер нь япон явж байгаа хүмүүс цэвэрхэн, цоорхойгүй оймстой явах хэрэгтэй гэж анхаармаар. Сүм хийд, зарим зоогийн газар, зочид буудлуудад гутал их тайлуулна. Монголчууд шиг гэртээ үргэлж гэрийн шаахай өмсөнө. 

Такадая Риоканы жижигхэн умгар өрөө төлж буй мөнгөнд хүрэхээр сэтгэлд хүрсэнгүй. Хэтэрхий жижигхэн, харанхуй өрөө байх бөгөөд, үгүй ядаж цонхоор нь алсын бараа ч харагдахгүй энэ өрөөнд байж суухын ч арга алга.  Өглөөний цайнд мизо шөл, цагаан будаа, давсалсан элдэв янзын жимс ногоо, авчирч өгнө. Мизо шөлийг япончууд өглөө, өдөр, оройдоо гурван удаа ууна. Амт чанар сайтайгаас гадна эрүүл мэндэд бас сайнд тооцогдоно. Магадгүй үргэлж загас, далайн бүтээгдхүүн, хүнс ногоо иддэг болохоор 50, 60 гарсан өвөө, эмээ нарт өвөө, эмээ ч гэж хэлэхэд хэцүү үрчлээ гэж бараг байхгүй, тоолийсон сайхан арьстай яваа нь хэнд ч сайхан харагдана. 

Нэг хүн, хоногийн 30,000-с 60,000 иен төлөх Киотогийн Хиирагиня Риоканд дэлхийн алдартнууд ирж буудаг бол гурван зууны нүүр үзэж буй Тавагая Риоканд нэг хүн 35,000-с 75,000 иен төлдөг ба дэлхийн үе залгамжилсан хаан, хатдууд ирж алжаалаа тайлж, хоттой танилцдаг гэнэ. Харин энд хоног тааруулахын тулд хэдэн сарын өмнөөс захиалга өгөх хэрэгтэй гэж аяллын номонд бичжээ. 

ЮНЕСКО-гийн өвд орсон Нигаши-Хонганжи хийдийг очиж үзлээ. Анх 1602 онд баригдсан гэх энэ хийдээс анхны барилгууд нь бүгд түймэрт шатсан учраас 1895 оноос хойш баригдсан барилгууд нь одоогийн жуулчдын нүдийг баясгана. Холгүй орших 1591 онд баригдсан Ниши Хонганжи хийд таван барилгатай бөгөөд гол дугана нь засварт ороод баглаатай байлаа. Энэ хийдийг 16-р зууны үеийн архитертурын дээд оргил гэж үздэг юм байна. Ер нь ихэнх сүм хийд нь шатах ч юмуу, аль эсвэл шинэчлэн барьсан учраас хэдэн зууны настай барилгууд ховор юм шиг санагдсан.

Мэдээж Киотод ирсэн юм чинь яаж ч байсан гейко Киотогийн аялгаар гейша нарыг ингэж дууддаг, майко нарыг заавал олж харахыг хичээх нь хэний ч хүслэн билээ. Ингээд Гион дүүрэг рүү галт тэрэгний буудлын үүднээс автобусанд суугаад хөдөллөө. Автобусанд явж байхад дараачийн буудлыг япон, англи хэлээр жуулчдын сонирхон очиж үздэг хийд, бунхан, музейн нэрээр зарладаг болохоор очих газраа хүрч байна уу, үгүй юу гэж жолооч, зорчигчдоос лавлах шаардлагагүй.

Гион дүүрэгт нарийнхан гудамж, модон байшингууд, шавар сав суулга, кимоногийн дэлгүүр гээд японы алдарт кино найруулагч Акира Куросавагийн кинон дээр гардаг зүйлүүд эртний японыг төлөөлнө. Хаа газрын жуулчид гейшатай дайралдаж зургаа авахуулахыг хүсдэг бөгөөд харин тэд нар бидэнтэй хэрэг болгон уулзаж, охинтой маань зургаа авахуулыг биднээс гуйсан юм. Гудамжаар явж байсан хоёр майко бидэн дээр ирсэн нь энэ билээ. Майко гэдэг нь mai-бүжиг, ко-хүүхэд гэсэн утгатай бөгөөд “бүжиглэж буй хүүхэд” гэж хэлж болно. Майко нар улаан захтай, өвдөгөө хүрсэн урт ханцуйтай кимоно өмсдөгөөрөө гейша нараас ялгаатай. 

Гейша нарыг баруунд ихэнхдээ янхан хүүхнүүд гэж ойлгодог тал бий. Харин тийм биш юм. Gei-урлаг, sha-эмэгтэй ба “Урлагийн бүсгүй” гэж хэлж болох бөгөөд тэд олон жил япон ардын дуу, бүжиг, хөгжмийн урлагт суралцаж байж гейша болдог. 50 нас хүрээд тэтгэвэртээ гарч, өөрийг нь гейша байхад тэтгэж байсан эзний тусламжтайгаар цайны газруудаа teahouse нээх тал бий. Гейша байна гэдэг бол чамин ажил бөгөөд зөвхөн кимоно нь л 10,000 еврогийн үнэтэй байх нь энүүхэнд. Хаа хамаагийн хүн гейшагийн байгаа цайны газар орж чадахгүй бөгөөд заавал танил тал хэрэгтэй. Хоёр, гурван гейшагийн шамисэн-shamisen хөгжимдөж, дуу дуулж, бүжиглэхийг нь харахын тулд 3000 евро төлөх нь энүүхэнд. Одоо Киотод ердөө 200 гаруй майко, гейша нартай бол япон даяар 1000 хүрэхтэй үгүйтэй үлджээ.

Хоёр гурван гейшатай оройн цэнгүүнийг үзэж чадахгүй учраас хорь, гучин майко, гейшатай “Интоор цэцгийн бүжгийг” Гионы Коүбү Кабүренжод очиж үзэхээр боллоо. Жил болгоны хавар зохиогддог дуу, бүжгийн тоглолт зөвхөн гадаадын жуулчдад ч биш, япончууддаа бас их алдартай юм. 

1868 онд улсын нийслэл Токио руу нүүхэд Киото хот өөртөө хэн нэгнийг татах увидастай үлдэх ёстой гэдэг утгаараа 1872 онд анх энэ бүжгийг дэлгэн тавьжээ. Энэ жил 135 дахь жилийнхээ тоглолтыг хийж байсныг нь бид очиж үзсэн юм. Юуны тухай дуулж байгааг нь ойлгохгүй ч гэсэн бүжгийн хөдөлгөөнийг нь ажиж, бүжигчдын өмссөн хувцасыг гайхан биширч суусан юм. Манай дуурь бүжгийн театраас арай томхон театрт нэг цаг үргэлжилсэн энэ тоглолтыг танхим дүүрэн суусан хүмүүс алга ташин хүлээн авч байсан нь хүн бүхэнд таалагдсаны шинж бизээ. 1900-гаас 4300 иены үнэтэй тасалбар зарж байсан бөгөөд хамгийн үнэтэй тасалбарыг худалдан авсан үзэгчид тоглолтын өмнө 40 минут хиртэй цайны ёслолд оролцож, цайны аягаа дурсгал болгон аваад, япон цэцэрлэгээр зугаалах эрхтэй юм байна. 

Киото хотын Марүяма цэцэрлэгт жил жилийн дөрвөн сард интоор мод цэцэглэхийг ажиглаж буй япон хүмүүсээр дүүрнэ. Модны сүүдэрт суугаад, тэрхэн зуур цэцэглэх цэцэгсийг харж, амьдралаа хайрлах сэтгэлд хүн бүхэнд шингэнэ. Цөөрөмд шумбах мөрөг загас, мод сүлжих зөрөг, хажуугаар хаашаа ч юм шуугин урсах горхи бүхэн амьдралын утга учиртай. 

Японд нүд хужирлах юм тоолоод барагдашгүй ба Киотод бол бүр ч их. Алтан асар буюу Рокүонжи хийд эдний тоонд яах аргагүй багтана. Гурван давхар энэ хийдийн 1-р давхарыг нь япон маягийн ордон хэлбэртэй, 2-р давхарыг нь самурайн байшинтай төстэй, харин 3-р давхарыг нь хийд маягтай барьжээ. Хоёр, гуравдугаар давхарын гаднах ханыг алтан навчаар бүрсэн учраас “алтан асар” гэдэг нэр авсан биз. Энэ хийд нуурын эрэгт байрлах бөгөөд өдрийн наранд алтан хийд нуурын долгионд гялалзана. Харсан хүн болгоныг гайхашруулж, алмайруулах Рокүонжи хийдийг 1994 онд Дэлхийн соёлын санд багтаажээ. Алтан асарыг очиж үзэхийн тулд мөн л Киото хотын төмөр замын буудлын үүднээс автобусанд суугаад 20-д минутын дараа хүрнэ. 

Киотогоос холгүй орших Японы анхны нийслэл Нара хот руу нэг өдрийн аялал хийхээр галт тэргээр очсон юм. Нара-коен цэцэрлэгт 1200 гаруй дархлагдсан буга байдаг гэх бөгөөд тэдгээр нь хаа сайгүй бэлчин, идэх юм горьдон хүний гар харж, гартаа идэх юм бариад явж байгаа хүүхэд багачуулыг айлгана.

Нара хотод энэ дэлхийн хамгийн том модон барилга бүхий Дайвицү-дэн буюу Аугаа Буддагийн их танхим бий. Хийдийн босгоор алхангуут үнэхээр л аугаа их том Будда өөдөөс хараад завилан сууж байлаа. 1709 дахин барьсан хийд анхны хубилбараасаа хэмжээгээр бага гэнэ, мөн анх 746 онд хүрлээр цутгасан гэх бурхан Буддатай. Дахин цутгасан энэ хүрэл бурхан 16 метр өндөр, түүнийг цутгахад 437 тонн зэс, 130 кг алт оржээ. Хэдэн зууны хугацаанд энэ Японд олон болдог газар хөдлөлт болон гал түймрээс хэдэн удаа бурхан Будда толгойгоо алдсан учраас толгой, их бие хоёрынх нь өнгө өөр юм байна. 

Бурханыг тойрон үзэж явахад зүүн гарынх нь ойролцоо нэгэн багана босгосон байх бөгөөд энэ багана дундаа нүхтэй юм. Энэ нүх нь бурхны хамрын нүхний хэмжээтэйтэй адилхан гэх ба, хэн нэгэн тэр хамрын нүхээр багтаж гарч чадвал ухааран гэгээрэх чадвартай болдог гэсэн яриа байдаг юм байна. Биднийг үзэж байхад сургуулийн хүүхдүүд тойрон зогсоод зарим найз нараа шурган гарч ирэхэд нь алга ташин баяр хүргэж байлаа. Хоёр гараа түрүүлж оруулаагүй зарим хүмүүс үе үе хамрын нүхийг бөглөчихдөг учраас гал командынхан дуудагдаж, гал унтраах биш, харин хүн татаж гаргах ажил хийдэг гэнэ. 

Ингээд цааш алхаж байтал мэдээж хаа газар байдаг жуулчдад зориулсан дэлгүүр хаалганы хажууд байлаа. Бэлэг дурсгалын зүйлтэй хамт 1000 иенээр хийдийн дээврийн хавтанцар худалдан авч, түүн дээрээ дурсгалын үг бийрээр бичээд хийдэд бэлэглэхийг урьж байсан юм. Бурхныг үзсэн хүн болгон худалдан авахгүй ч, энэ нь хийдэд маш их хэрэгтэй оновчтой санаа байсан юм. Бичсэн зүйл бороо, салхинд байгалын жамаар арилах мэт боловч, бичиж үлдээсэн хүндээ дурсгалтай зүйл юм. 

Япончууд маш цэвэр цэмцгэр гэж хэлэхэд илүүдэхгүй болов уу. Энд тэдний усанд орох тухай хэдэн үг хэлээд авъя. Усанд орж цэвэр байх нь тэдний хамгийн гол баримталдаг зүйл гэж сонссон юм байна. Орчин үеийн халуун хүйтэн устай ванн бий болохоос өмнө, японоор нэг тархсан халуун рашаан onsen -  гол үүрэг гүйцэтгэж байжээ. Одоо үед айл болгон баннтай ч япончууд мөнхийн гүйдэлтэй амьдралаас бага ч гэсэн тасрахын тулд рашаанд очиж орон, ядаргаагаа тайлна. Рашаан болгон тэнд байгаа эрдэс бодисоос шалтгаалаад өөр өөрийн эдгээх чадвартай, ус нь хүртэл өөр өөр өнгөтэй байдаг гэнэ.

Гадаадын жуулчдыг нутаг буцахаасаа өмнө заавал халуун рашаанд орж үзэхийг урина. Барууныханд бол хачирхалтай дэг жаягтай мэт боловч, уул, усаа дээдэлж явдаг монголчуудад бол жирийн л зүйл юм. Рашаанд орохоосоо өмнө нийтийн дүүшэнд, жижиг сандал дээр суугаад, хажуудаа байгаа хүн рүү ус үсэргэхгүйгээр биеэ угаасны дараа эхээс төрсөн биеэрээ рашаанд орно. Хэрвээ бага ч болов биеэ далдалъя гэвэл рашаанд ороход тусгайлан зориулан зардаг алчуурыг худалдаж авч болно. Рашаанд эрэгтэй, эмэгтэйчүүдийнх гэж хуваадаг боловч хааяа нэг цуг ордог байдаг юм байна. Баян, ядуу, сэхээтэн, ажилчин, хулгайч нар бүгд л хамт орно. Хажууд чинь биендээ шивээстэй залуу байж байвал японы мафи-якүзатай холбоотой юм гэдгийг таамаглаж болно. 

18-р зууны Эдо-гийн үед гэмт хэрэгтнүүдийг хийсэн хэргээр нь ангилахын тулд тамга тавьж байсан бөгөөд тэд нар шоронгоос гарсныхаа дараа шивээсээ далдлахын тулд irezumi – шивээс хийлгэх хүн хайдаг байжээ. Дэлхий даяар японы энэ урлаг ихээхэн алдартай ч ихэнх япончууд шивээстэй хүнийг гэмт хэрэгтэн гэж үзсэн хэвээрээ гэнэ.

Бидний очсон Киото хотын ойролцоох Күрама рашаан дотно, гаднаа хоёр рашаантай. Мэдээж гаднах рашаанд нь ороод, уулын орой ширтэж суухад сайхан байлгүй яахав дээ. Ихэнх рашаанууд хувийн өмчинд байх бөгөөд зарим нь хоногийн өрөө, зоогийн газар, массажны үйлчилгээ гээд олон төрлийн үйлчилгээ рашаанд орогчдод зориулан хийдэг юм билээ. 

Нутаг буцах хугацаа ойртож, бид Токиогийн зүг шинкансэн-хурдан галт тэргээр зорилоо. Энэ удаад охиноо анхны монгол найзтай нь танилцуулахаар Нарита онгоцны буудлын ойролцоо аав ээжтэйгээ амьдарч буй нэг нас өнгөрч буй О.Янжинлхам охиныд зочиллоо.  Охин минь явдалдаа ядраад найзтайгаа тоглож чадалгүй унтаад өглөө. Маргааш өглөө охины биеийн тууралт их болсон байсан учир тэнд амьдарч буй М.Одмөндөр, Д.Дэжидмаа, Чинбаатар нарын тусламжтайгаар эмчид очиж үзүүлэхэд, улаан бурхан туссан байна гээд Наритагийн улаан загалмай эмнэлэгт зургаа хоног хэвтүүлсэн юм. Зочид буудал, японы үндэсний байшин, риоканд унтаж үзсэн охин маань японы эмнэлгийг бас туршаад авах сонирхол төлөвлөгөөнд нь байсан бололтой. Улаан бурхан халдвартай учир охиныг маань ганцааранг нь тусгай өрөөнд оруулж, ирсэн хүн болгоныг өрөөнөөс гарахдаа заавал гараа угаагаад гар гэж эмч нар зарлиг буулгасан юм. Хаа газрын эмнэлгийн хоол олигтой байдаггүй тэндээс мэдэж авлаа. Зургаа хоног эмнэлэгт хэвтсэний 1500-аад еврогийн төлбөр гарчээ.  

Охин халдварт өвчин туссан гэдэг шалтгаанаар онгоцны суудлыг маань ямарч төвөггүй хойшлуулж өглөө. Ингээд японд сүүлийн дөрвөн хоногийг охины бие сайжрахыг хүлээн Хилтон зочид буудлын 12-р давхарт өнгөрөөж, цонхны хажуухнаар нисч өнгөрөх олон улсын онгоцыг өдөр шөнөгүй харахдаа, тэдний дуу чимээ, нүргээнийг мэдрээгүй юм. 

Бид аяллынхаа хамгийн сүүлчийн, Гиннесийн номд бичигдсэн дэлхий дээрх хамгийн өндөр хөшөөнд тооцогддог Ushiku Daibutsu-г очиж үзлээ. Энэ бурхан 120 метр бөгөөд АНУ-ын Эрх чөлөөний хөшөө хажууд нь ердөө 40-хөн метр өндөр гэнэ. 1995 онд босгосон энэ бурхны зүүн гар нь 18 м, нүүр нь 20 м, чих нь 10 м, нүд нь 2.5 м, хамар нь 1.2 метр урт юм байна. Цахилгаан шатаар 80 м дээш гаргаад бурхны дотор байрлуулсан Хязгааргүй гэрэл, амьдрал буланд олон өнгийн бурхдыг үзнэ. Буцаж доошоо буугаад алтан бурхадыг эргэн тойронд байрлуулсан байна.

Сакура цэцэглэх үеэр япон оронд анх хөл тавихад, буцахын үед цэцэглээд дуусч байлаа. Жил жилийн хавар японы цаг агаарын хүрээлэн сакура мод хэзээ цэцэглэж эхлэхийг нь олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Энэ жилийн урьдчилсан мэдээ 8 өдрөөр зөрсний төлөө хүрээлэн олон нийтээс уучлал гуйжээ. Сакура цэцэглэж эхэлснээр японд албан ёсоор хаврын урь авчирдаг юм байна. Энэ модны цэцгийн дэлбээ, жимсийг нь цай, бялуу, хоолны хачир, саван зэрэг болгон үйлдвэрлэн, олон төрлөөр япончууд хэрэглэж заншжээ. Нутагт нь очиж бага зэрэг хэрэглэж үзсэнээр бидний Япон орны урд зүгээр аялсан аялал дуусч, Ази тивийн захаас Европ тивийн захад орших Португал хүрэх урт аялалдаа гарсан юм.  

 
Гэрэл зургийг Б.Жавхлан, Брендэн Хьюз
  • Бичсэн tamga
  • Үзсэн: 4689

Бүлэг: Өгүүлэл

Баяр наадмын тухай дурсамж

Д.Цэрэнбат (Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.) Их Британи

Эл дурсамжийг би 1999 онд буюу тэртээ 8 жилийн өмнө бичиж Цахим Өртөө сүлжээгээр илгээж байлаа. Тэр цагаас хойш миний баяр наадмыг үзэх хандах хандлагад маань тодорхой өөрчлөлт орсон ч Монгол наадам мөнх оршиг! хэмээх сүсэл минь хэвээр тул эл дурсамжаа баяр наадмын энэ мөчийг тохиолдуулан та бүхэнтэйгээ дахин хуваалцая

Зуны дэлгэр цагт хотол тvмнээрээ цэнгэн нааддаг Монгол vндэстний vндэсний их баяр наадам дөхөж байна. Яг жилийн ємнє 1998 оны их баяр наадмын урьд орой Монстуднет-ийн чат өрөөнд хилийн чандад суугаа хоёр Монголын хооронд нэгэн ийм яриа болж билээ

  • Наадам маргааш гээд л эх оронд маань мєн ч сайхан байгаа даа одоо?
  • Yхсэн хойноо хушуурандаа алалдаж шороонд булуулаад наадмийн сайхан нь хаанаа байдаг юм бэ?

Энэ нэгэн ярианаас наадам гээчийг би єєрийнхєєрєє хэрхэн төсөөлдөгөө тvмэн олонтойгоо хуваалцахсан хэмээх бодол vлдсэн юм. Дараа жилийн хол санагдаж байсан наадам ойртжээ. Дурсамж сэдрээн бодлоо хуваая. Эр бяр хvч ухаанаа сорих эр хvний єнє эртний гурван сорил нь он цагийн уртад тvмэн олноор цэнгэн наадах баяр наадам болтлоо єргєжин хєгжиж. Єнє эртнээс улбаалсан энэхvv баяр цэнгэл богд эзэн хаанд мандал єргєх Дамшиг долоон хошуу наадам, Арван засгийн наадам тэдгээрийг залган авсан Ардын хувьсгалийн их баяр наадам хэмээн vе vедээ єєр єєрийн нэртэй байлаа. Єдгєє бид Монгол vндэстний vндэсний их баяр наадам хэмээх болов.

Энэ бvгд Монгол наадам байв, байсаар байх юм. Дэлхийд ганцхан Монгол наадам.

Амьд явбал улсын наадам үзнэ ээ гэж их нариагчийн хэлсэн нэг үг бий.

Гаргаж буй бие сэтгэлийн их бэлтгэл, зарцуулж буй их зардал, наадаж буй их хөөр баяр гээд аль ч талаараа бодсон наадам гэдэг төрийн том тоглоом юм даа гэж өвөө маань хэлдэгсэн.

Тиймээ уяачид нь эргэх дөрвөн улиралын турш ухаан бодлоо шингээж нойр хоолоо хасан байж хүлэг морьдоо сойцгоож, бөхчүүд нь бүтэн жилийн турш барих барьц хийх мэхээ тунгаан бясалгаж бие хүчээ жагсрааж, харваачид нь татсан сум нь байгаа онох оноч мэргэнээ тогтоож түмэн олноороо нааддаг наадам чинь аугаа байлгүй яахав.

Энэ их наадмыг амид байж л үзэх учиртай юмсанж.

Монгол хүн хэн бээр ч энэ сайхан наадмыг шороотой хуушуураар бүү төсөөлөөсэй.

Хурдан морины тухай дурсамж

Монгол бөхийн тухай дурсамж

 


 

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 2762

Бүлэг: Өгүүлэл

Хардаг хошного

Х.Эрдэмбилэг, http://mongolchuud.blogspot.com чөлөөт уран бүтээлч, Лондон хот

Хотоос шалгалт ирэх сургаар сумын төвийнхөн сандарцгааж, баруун солгойгүй үймэлдэв. Уйтгарт намгийн амьдрал гэнэт бужигнах нь над мэтийн эрх мэдэлгүй хүнд харин зугаа. Би гэж найм төгсөөд ажил төрөлгүй хоцорч хорин насыг холдуулдах гэсээр хүссэн хүсээгүй дайрсан, үеийнхний маань хэлдгээр бүтэлгүй нэг гар.

Үеийнхэн гэснээс суманд одоо манай төгсөлтөөс надаас өөр хүн үлдсэнгүй. Үлдээгүй учраас дунд сургуулийн банди нартай хааяа нийлтэл эцэг эх нь хазгар Гамбаа хүүхэд уруу татаад архи, тамхинд орууллаа гээд худлаа үнэн баахан цуурч муу ээжийн маань чихнээс хонх уясан тул тэднээс зайгаа барьж архины мухлаг сахих хэдэн архичинтай савж даривсан ч сүүлдээ гутраад бараг хашаанаасаа толгой цухуйлгалгүй жил гаруй болов. Ээж “чи гадагш гарахаараа л нэг болохоо больдог шүү” гэж үргэлж намайг загнадаг болохоор сайн дураараа гэртээ бүгснийг маань илт сайшаагаагүй ч сэтгэл хангалуун явсан нь илэрхий.

Ажил хийе гэхээр авахгүй, хотод очиж ажиллая гэтэл унааны мөнгөгүй над шиг амьтан өрөвдөлтэй. Арай ч хорин насыг гэрийн мухар сахиж, тав зургаан жил өмссөн цоорхой бандаашгаа барааны савангаар угаан ээжээрээ тэжээлгэн өдөр хоногийг дүнхүүртэл унтаж барна гэж мөрөөдөөгүй л юмсан. Тэгэж ярих юм бол тавдугаар ангидаа би сансрын нисгэгч болно гэдэг байлаа. Гэтэл гэгээтэйд гэрээс гарахаас зовоход юун мөрөөдөх, мөрөөдөхөөс ч эмээж, хар усыг Доржийн ах шиг уун гучин насандаа жартай өвгөн шиг шүдгүй болчихоод шулуудмаар санагдавч хар цай оочин хөлсөө арчих муу ээжээ л өрөвдөнө.

Хоёр сарын өмнө христын сүмийнхэн хуучин хувцас тараахад ээж азаар надад нэг жинсэн өмд, нэг савхин хүрэм, хоёр гурван цамц олж ирлээ. Хуучин ч гэсэн оргинал жинс гэдэг үнэхээр анги юм байна лээ. Надад таарсан гэж жигтэйхэн. Амьдралдаа би ийм дэгжин өмд өмсөж үзээгүй. За савхин куртикны хувьд бол ярих юм биш, жинхэнэ савхин хүрэм өмсөнө гэж мөрөөдөө ч үгүй. Хальт харахад сэтгүүл дээр гардаг ганган залуустай адилхан болчихлоо. Тэгээд христын сүмийнхэн хувцас хунар өгсөн нь нэг л учиртай бодогдоод ээж бид хоёр оройн цуглаанд очив. Хэдийгээр солонгос залуу хазгай мурий монгол хэлээр Бурханы тухай номолсон ч ээж бид хоёр сонсох тусам түүнд татагдан бидний ганц аврал бол Бурхан юм гэдгийг ухаарсан. Нүдэнд нь нулимс цийлэгнэн хичээнгүйлэн сонсох ээжийгээ хараад би өөрийн эрхгүй өрөвдөж, хэрэв бид хоёр Бурханд итгэж христ болбол амьдрал маань хэчнээн гэрэл гэгээ, аз жаргалтай байх вэ гэж бодож суулаа. Урьд нь ээж бид хоёр гэртээ олон удаа даллага авахуулахад юу ч дээрдээгүй. Би бүр нэг удаа үмхий амтай ламаар нүүр лүүгээ нулимуулж барцадаа арилгуулахад шижиг хүрснээс биш ингэж итгэл үнэмшил төрөөгүй билээ.

Цуглаан тараад сарны гэрэлд ханзарсан цас гялтгасан харанхуй гудмаар ээжтэйгээ алхаж явахад ээжийн маань нүүрний арьс шингэрч, үрчлээ тэнийн, Бурхан зөвхөн бид хоёрт л зориулан хаврын урь оруулж хуучин танил гудмуудыг шинэ болгосон мэт санагдаж байв. Ээж намайг аяар чангаагаад
-Миний хүү Эзний сургаалыг дагавал цэвэрлэгч Цэндийн хазгар хүү гэж хүн амьтанд нүд үзүүрлэгдсэн ч аз жаргалыг олж мөнх амьдарна гэж надад хэлэхэд би Бурханы хүч чадалд бүрэн итгэж билээ. Бид хоёрыг Бурхан нэг зүйл бодуулжээ. Тиймээ, хэрэв Эзний сургаалыг л дагах юм бол хэн ч намайг хазгар Гамбаа, жалганы хүүхэд, хоноцын шээс гэж доромжлохгүй, доромжилсон ч би тоохгүй яагаад гэвэл Бурханы өмнө бүгд ижил, Бурханд арын хаалга гэж байхгүй, хамаатан садан, дарга, захирал хамаагүй. Тиймээс ч хэн Эзний сургаалыг дагана тэр хүн диваажинд очно. Энэ амьдрал өнгөц. Тиймд би үхлээс айхгүй. Ээж бид хоёр диваажинд очих болно. Гэнэт дотроос минь огшин гарах нулимстай цуг хянаж хорьж болмооргүй савгүй их хайр мэдрэгдэн өөрийн эрхгүй би хөөрхий эхийгээ тэврэн авсан билээ. Ээж маань ч энэ их хайрыг мэдрэн мэгшин уйллаа. Энэ хайр бол Бурханы хайр байсан юм. Сарны гэрэлд ээжийнхээ эцэнхий биеийг тэврэн зогсохдоо хэчнээн ядарч, өтөлснийг нь би анх анзаарлаа.

Тэр өдрөөс хойш бид хоёрын амьдрал өөрчлөгдлөө. Бурханы хайр аз жаргалыг бэлэглэж амьдрал маань утга учир, итгэл үнэмшилтэй болов. Хэдийгээр бид хоёр харж хандах хүнгүй ч тэртээ тэнгэрт Бурхан бий, тэр Бурхан биднийг ядуу хоосон, арчаагүй буянгүй гэж гадуурхалгүй ивээлдээ авч тэтгэнэ гэсэн итгэл үнэмшил бор гэрийг маань гэгээн, хар цайг маань амттай болгоно.

Сар гаруйн өмнөөс сумын эмнэлэгт би дагалдангаар ажилд оров. Аар саархан сандал, ширээнээс эхсүүлээд л тог цахилгааныг ч хүртэл засаж янзлана. Ээжийн бие дордон гэртээ хэд хоноход би сүүгээр тасалдуулсангүй. Энэ бүхнээ Бурханы ач ивээл гэж би итгэдэг, хэрэв миний амьдралд Бурхан орж ирээгүй бол олон зүйлийг би ухаарахгүй.

Хотоос гэнэтийн шалгалт ирнэ гээд эмнэлэгийнхэн бүгд сандарч эхлэхэд би тэднийг дотроо өрөвдөж байлаа. Яагаад ч юм над тэднийг өрөвдөж шоолох сэтгэгдэл төрөх нь таатай байв. Урьд нь хэзээ ч би өөрийгөө бусдаас илүү гэж үзэж байгаагүй. Гэтэл Бурханы хайрыг мэдэрсэндээ би бялдуучдаас хамаагүй ариун шударга хүн гэдгээ ухаарч аз жаргалыг амтлав. Хэрэв тэд Бурханыг мэдэрсэн бол ингэж хоёр нүүр гаргах нь илүүц гэдгийг ойлгох л байх. Тэртэй, тэргүй бүхний дээрээс харж байгаа шүү дээ.

Зургаан хүний бүрэлдэхүүнтэй шалгалт иржээ. Тэд улсын төсвөөр санхүүждэг сургууль, эмнэлэг гэх зэрэг хоёр гурван газрын санхүүгийн тайлан тооцоо, ер нь бүхнийг л шалгах юм гэнэ. Шалгалтын ахлагч гэж байнга хар нүдний шил зүүж бүгдийг нэвт харж байгаа аятай цэх өөдөөс ширтдэг хүрэн костюм пиджактай ахмад насны хүн. Бүгд л түүнээс эмээнэ. Шалгалтынхан төвөөр хуваагдаж байралцгаахад ахлаж яваа хүн нь манай эмнэлэгт буув. Би түүний ая тухыг алдагдуулалгүй манаж хонох тушаал захирлаас авлаа. Дарга нар гурван хоног дараалан шалгалтынхныг архин далайд умбуулж сумын төвийн хүүхнүүдийг өвөрт нь сэм сэмхэн шургуулж байлаа.

Шалгалтынхан дөрөв хоносны өглөө, ирснээс нь хойш эрүүл хараагүй хар нүдний шилт гадаа мод хагалж зогссон намайг цонхныхоо салхивчаар дуудлаа. Очтол ороод ир гэж байна. Ортол ганцаар сууж байна.
-Үгүй хүү хээ, ах нь балараад... Чи хүн амьтанд хэлж болохгүй шүү. Би энэ хавьд нүдээ гээчихлээ. Чи хараад өгөөч гэв.
-Юу, нүдээ гээчихлээ гэнээ хэмээн намайг гайхтал нүдний шилт, шилээ авч
-Энэ нүд хэмээн нүүрэн дээр тулж зүүн нүдний хоосон хонхорхойгоо харуулаад муухан жуумалзав. Хүний нүдний хоосон хонхорхой харах эвгүй юм байна лээ. Гэвч хайж байгаа нүд хаа нэгтээ өрөөнд л байх учиртай гэж таамагласан миний бие
-Хаана хаячихсан юм бол гэж итгэлгүйхэн асуухад
-Ах нь уг нь аягатай усанд хийгээд хонодог зантай. Гэтэл аяганд алга. Өчигдөр согтуудаа ам цангаад залгичихсан юм болов уу, үгүй бол энэ хавьд л байгаа гэлээ. Би өрөөг нь нэгд нэгэнгүй нэгжээд нүд болчихоор зүйл олсонгүй.
-Шөнө л ам цангаад ус уухдаа залгиж дээ. Үгүй бас бүтэлгүй толгой яа гэсээр ахлагч надад хамаг учрыг хэллээ. Хиймэл нүдийг нь Монголд хийдэггүй, гадаадад хийдэг их үнэтэй эд гэнэ. Тиймээс олохгүй бол тун болохгүй аж. Хэрэв залгисан бол баастай нь цуг гарах учиртай. Тэгэхээр жорлонд бааж болохгүй гэнэ. Тэгээд би түүнийг хүн амьтны нүднээс далдуур хойгуур урсдаг голын бургасанд аваачин баалгахаар тохиролцон тэр өдөржингөө хавь ойроор нь эргэлдэв. Орой зургаагийн алдад ахлагч над руу толгой дохиход би баах болсныг нь ойлгоод бургас руу дагууллаа. Бургасанд шургахаасаа өмнө ахлагч нэг мөчир таслан
-За дүү хүү хүн амьтан харж байгаарай гэсээр далд орон хориод минутийн дараа гарч ирэхдээ
-Байдаггүй шүү, үгүй бас балай юм болох юмаа гэж амандаа бувтнаж байв. Би араас нь дуугай алхахдаа бөгсөөр нь нүд гарна гэж нэг л итгээгүй юм даа. Тэр орой ахлагчийг би олны дунд хараад их өрөвдлөө. Ажил төрөл хүмүүстэй ярилцаж буй боловч ухаан санаа нь огт ондоо зүгт яваа нь илт. Бусдын нүд хариулж байгаад амьсгаа авч амаа жимийн дүлж буй бололтой гэдсээ гараараа дарна. Би түүнд туслахыг Бурханаас үнэн сэтгэлээ гуйлаа. Эцсийн бүлэгт хүн бүхэн зовлонтой ажээ.

Маргааш нь голын бургасанд хоёр удаа очсон ч олзгүй. Би бүр бургас барин баасыг нь бас нэгжиж өгөв. Харин дараа өдөр нь бургасанд баасныхаа дараа
-Нэг зүйл байгаад байх шиг байна, дүлээд гарахгүй юм. Миний дүү өрөөнд очиж байгаад хараад өг гэлээ. Би за ч гэсэнгүй, үгүй ч гэсэнгүй. Ахлагч өрөөндөө ороод өмдөө шувтлан хойшоо харж зогсоход нэг л олигтой харагдахгүй байсан тул хөлөө алцайлган ширээ тэгнэн зогсов. Намайг тээнэгэлзэхэд
-Миний дүү санаа зоволтгүй яраад хар ах нь дүлье гэж гуйлаа. (Бурхан минь би энэ хүнд туслая гэсэн шүү дээ)... Хартал үнэхээр өөдөөс бөөн хөмсөг болсон нүд хардаг байгаа. Би эмээх, инээх хоёрын аль нь мэдэгдэхгүй балмагтснаа
-Байна гэж дуугарах төдий аядахад ахлагч асар баярлаж
-Уухайс би мэдээд байсан юмаа гэж билээ.

Шалгалтынхан сумын төвд арваад хоноход ахлагч бид хоёр аав хүү хоёр шиг болов оо. Наагуур цаагуур явахдаа намайг миний хүү гэж дуудан ээжийн бие хаа, гэр орны байдлыг асууна. Аавгүй өссөн надад энэ нь үнэхээр сайхан байлаа. Тэднийг явсны дараа сумын төвийнхөн намайг ахлагчийн хүү гэж шуугицгаалаа. Бүр хотын даргын нууц хүүхэд гэж итгэсэн эмнэлгийн захирал намайг ажилд шууд жинхэлж, цалин нэмэв. Үнэхээр өрөвдмөөр байгаа биз. Бурханы өмнө хоноцын шээс ч, даргын хүүхэд ч ижилхэн шүү дээ...

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 2534

Бүлэг: Өгүүлэл

Бороо

Түүнийг хүн бүр Бороо гэнэ. Жинхэнэ нэр нь Насанбатын Баттөмөр гэдгийг нилээд хожим сонсож, мартаж санан байж тогтоосонсон.

Бороо утас цохив. "Энэ тавдахад нутаг буцахаар боллоо. Явахаасаа өмнө нэг уулзацгаая. Элчин дээр яваад ир" хэмээн урьж байна. Ер нь Холбооныхон маань ажил л гарвал эх орны минь хэлтэрхий элчин дээрээ болзоно.

Их Британид амьдарсан 7 жилдээ энд суугаа олон Монголчуудад ажиллаж бүтээхийн дуурайл болсон эл андынхаа тухай бичиж олонд дуулгахсан гэж багагүй хугацаанд бодож явсанд маань түүний энэ утсан урилга ташуур өгөв. Бороогийн Англид ажиллаж амьдарсан түүх сонирхолтой, эрчтэй, бүтээлч, үлгэр авам.

Бороо харь оронд очиж ажиллаж ар гэрээ тэжээхээр зориг шулуудан 40 гарсан хойноо 4 хүүхэд, эхнэрээ, тэр дундаа 1 ойтой ихэр охидоо үлдээн Англи улсад хөл тавьж байсан нь өнөө цагийн жир Монголчуудын нийтлэг нэгэн дүр.
Бороог анх 2000 оны 11 сарын 26-ны Улс Тунхагласан Баярыг тохиолдуулж Монгол улсын гавъяат жүжигчин Д.Сосорбарам, Б.Эрдэнэбат нарын Лондон хотноо хийсэн тоглолтын үед Диана гvнж хэмээх шүлгээрээ тэнд зохиогдсон шүлгийн уралдаанд магнайдаж байхад нь харж, гав шав хийсэн хөдөлгөөнтэй үг яриа элбэг энэ залуу "5 сард Англид анх ирсэн, 80-аад оны эхээр Свердловскод уул уурхайн чиглэлээр төгссөн, тухайн үедээ оюутны зөвлөлийн даргаар ажиллаж байсан олон нийтийн ажлын арвин туршлагатай, шүлэг бичдэг, дуу зохиодог, тэр бүү хэл карате-гийн хар бvстэй"гээд ер нь есөн шид нь бүрдсэн хүн болохыг хажуу хавиргын хүмүүсийн шивэр авир ярианаас мэдээдэхэж билээ.

Удалгүй Британий Монголчуудын Холбоог хэсэг нөхөд маань байгуулахаар болж анхны тэргүүнээр өнөөх Бороогоо томилсноор бидний ойртон нөхөрлөж, хамтран ажиллах мөч эхэлсэн.

"Доржбат гуайтай (Соёлын тэргүүний ажилтан, Москвагийн радиогийн Монгол хэл дээрхи нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээр нь олон хүн мэддэг, сэтгүүлч, жүжигчин, спортын тайлбарлагч) анх тэр улс тунхагласан баярын үдэшлэгэн дээр таарсан маань надад аавтайгаа уулзсан мэт сайхан болж, уран бүтээл хийж бүтээх эрч хүчийг ч мөн тэндээс олж авч Доржбат гуайнхаа нөмөр нөөлгөөр энд байх хугацаандаа олон зүйл хийж бүтээлээ дээ" хэмээн тэрээр өдгөө дурсдаг.

Уулзах, ярих бүрт нэг юм хийчихсэн, нэг шүлэг зохиол биччихсэн, нэг юм эхлүүлчихсэн явдаг тул энэ их юмыг яаж амжуулж явааг нь харахаар "Бороо дотор хэдэн хүн байдаг юм бэ дээ" гэж бодогдом. Ингээд Бороогийн доторхи Бороонуудыг өөрийнхөө хэрээр ил гаргав.

ХАР АЖЛЫН МАХРУУ БОРОО

Эх нутагт үлдсэн ар гэрээ тэжээхийн тулд тэр ажиллаж мөнгө хийх ёстой. Тиймдээ ч Оросод төгсөж боловсорсон сэхээтэн, яам тамгын газар ажиллаж байсан түшмэл хэдий ч ажлыг голохгүй. Зоогийн газрын гал тогоо цэвэрлэхээс эхлэн удалгүй тогооч болон "дэвшиж", мөн зочид буудлын өрөө цэвэрлэх ажил зэрэгцүүлэн 7 хоногт 6 өдөр, өдрийн 5 цагийн нойртой 3 жил даблдсан (давхар ажил хийхийг манайхан ингэж хэлдэг) гэнэ. Яасан ядардаггүй бие ч гэж ийм юм байдаг юм гэ толгой сэгсэрмээр. Тэрээр сүүлийн 2 жилд гудамжны хог цэвэрлэх машин хөлөглөн Nоtting Hill-ийн гудамжуудыг (Julia Roberts, Hugh Grant нарын тоглодог Notting Hill кинонд гардаг гудамжнууд шүү дээ) цэмцийлгэх албанд давхар зүтгэсэн.
"Ирээд хэл сайн сураад олигтой ажил хайх цаг надад байгаагүй тул шууд л олдсоноосоо эхэлсэн, Англи ажил голохгүй сэтгэл гаргаад хийж л байвал өгөөж нь унадаг сайхан нутаг аа" хэмээх.

ХАМТ ОЛНЫГ УДИРДАГЧ БОРОО
Эндэхийн Монголчуудын Холбоог тэргүүлж байх хугацаандаа тэрээр Их Британий Монголчуудын анхны урлаг спортын баярыг 2002 оны зун зохион байгуулж улмаар шинэ жил болон баяр наадмын ажиллагааг Монголчуудын Холбооноос зохион байгуулах уламжлалт ажил болгож чадсан билээ. Монголоос ирсэн олон урлагийн тоглолтуудыг ч тэрээр гар бие оролцон зохион байгуулж байсан.
2003 онд Холбооны тэргүүний ажилаа шилжүүлсний дараа уран бүтээл бүтээх туурвихад илүүтэй цагаа зарцуулж энд суугаа урлагийн арвин туршлагатай нэгнээс эхлэн авъяас чадвар нь дэлбээлэх үедээ яваа олон хүнийг нэгтгэн өөрийн хамтлаг, студио байгуулан удирдаж эхлэв.
Түүний байгуулсан Метериод хамтлаг нь урлаг соёлын олон арга хэмжээний гол ачааг үүрэн гарч түмэн олноо цэнгүүлж байсныг бид хэрхэн мартах.
Метериод 25 студи нь Их Британий олон хотуудаас төрөл бүрийн сэдвээр нэвтрүүлгүүд бэлтгэн илгээж Монголд МН 25 сувгаар дамжуулан Монгол түмэндээ хүргэж байсан билээ.
Мөн Метериод кино студи байгуулан гадаад дотоод анд нөхөдтэйгөө хамтран "Харийн салхи" нэртэй уран сайханы кино бүтээсэн нь түүний хүнтэй харьцаж, зохион байгуулж, ажиллаж чаддагийн томоохон нотолгоо.

УРАН БҮТЭЭЛ УНДАРЧ ЯВДАГ БОРОО

Энд ирсээр 3 кино зохиол, 300 гаруй шүлэг бичиж, тэднийгээ нэгтгэн Харьд өнгөрүүлсэн он жилүүд гэдэг ном гаргахаар болсон аж. Хэзийдээ тэр их нойртой нойргүй ажлынхаа хажуугаар энэ урт зохиол бичиж, уянгын халил болж явдаг юм бол?.
Түүний нилээдгүй шүлгүүд дуу болсон нь бий. Олны танил болсноос нь дурдвал төрийн соёрхолт Билэгжаргалын ая Сургууль минь баяртай дууг Номин Талстынхан амьдруулсан.
Єөрөө бас ая зохионо. Одоогоор 20-оод дууны ая зохиосон гэнэ. Түүний үг аяыг нь зохиосон Бидний Лондон хот хэмээх дуу нь Британий Монголчуудын сүлд дуу хэмээгдэх нь бий.
Гурван жилийн өмнө гэнэтхэн утасдаж "Кино зохиол бичсэн юм. Хүүхдээр компьютерт оруулуулсан нилээд алдаатай бичсэн бололтой. Нэг хараад хэл найруулгыг нь засаад өгөөч" хэмээн наддаа таарсан 7 хоногийн ажил өгөөдхөв. Яаж кино хийх гэж байгаа юм бол доо, амаргүй л эд байдаг байлгүй гэсэн шүү юм бодоод эмхлээд өглөө. Удалгүй "нөгөөхийг чинь би янзлаад Жигжидсүрэн гуайд үзүүлсэн чинь кино болгож болох юм гэсэн хариу ирсэн. Он гаргаад 1 сард (2004 оны) Лондонд ирнэ" гэх. Удалгүй ч нэрт кино найруулагч Жигжидсүрэн гуай ирж Бороогийн кино зохиолын талаар газар дээр нь нарийвчлан судалж, Лондонгийн Монголчуудтай ч уулзалт ярилцлага хийгээд буцсан. Жигжидсүрэн гуай "Зохиолыг үзэхэд сэдэв нь их хөөрхөн, үйл явдалын өрнөлт нь ч аятайхан байсан тул кино хийж болох юм гэж би үзсэн. Гэм нь энд ирээд бодит байдлыг судлаад үзтэл яг энэ зохиолоор нь хийвэл 4 улс дамнаж зураг авах нь. Тэр бүгдийн зардал мөнгийг тооцвол Мандухай Цэцэн Хатан киноноос 2 дахин үнэтэй болох гээд байна" хэмээсэн билээ. Ийнхүү санхүүгийн өндөр давааны өмнө өвдөг сөгдөж Бороогийн маань зохиол энэ удаадаа кино болж амжсангүй. Харин түүний юманд цөхөрдөггүйг дараахан нь мэдэж билээ.
Өнгөрсөн жил нэг утасдтал "ажлынхаа зав зайгаар киноны зураг авалтад яваад маш завгүй байна" гэж байна. "Юун кино?"- гэтэл "Нөгөөхөөс арай өөр нэг зохиол бичээд өөрсдөө кино хийж байгаа. Зураг авалт нь удахгүй дуусаж буй, дуу оруулж монтажлаад нээлтээ элчин дээр хийнэ. Ирээрэй" хэмээн уриадахав. Энэ нь дээр өгүүлсэн "Харийн салхи" нэртэй, хоёр Монгол охины амьдрал дээр түшиглэн өдгөө цагийн Монголчуудын гадагш чиглэсэн энэхүү их хүн урсгалын дунд үүсэж буй нийгмийн асуудлуудыг гаргаж тавьсан, хилийн чанадад бүтээгдсэн анхны Монгол кино юм. Бүх жүжигчид нь эндээсээ, зураг авалт нь ч Англид, монтажлалт боловсруулалтыг нь ч энд кино урлагаар суралцаж төгсөн Отгонбаяр гэдэг залуу хийжээ. Киног нь үзсэн олон ам хэл ихэд сайтай байсан нь үзэгчдийн сэтгэлд хүрснийх гэдэг нь дамжиггүй.

УЛААНБААТАРЫГ ЛОНДОНТОЙ ХОЛБОСОН БОРОО

2003 оны өвөл 1 сард MN-25 телевизийн захирал Алтайтай Лондонд сурвалжлага хийхээр ирэхэд нь тэрээр уулзаж Их Британиас теле сурвалжлагууд бэлтгэн МN-25-ханд илгээж байх санал тавихад Алтай захирал "Манай салбар болж болно. Дэмжинэ" хэмээсэн нь ихээхэн урам өгч, удалгүй 2003 оны 3 сард Метериод 25 студи-оо албан ёсоор байгуулсан нь Метериод нэртэй дээр дурьдсан хамтлаг, студинууд алсдаа төрөн гарах эх суурь болсон. Энэ ажлыг нь Британид суугаа манай элчин сайдын яам ч дэмжиж байр саваар үнэгүй хангасан билээ.
Студи байгуулаад тэрээр Доржбат гуайн мэргэжлийн их туршлага нөмөр нөөлгөнд дулдуйдан нэвтрүүлэг бэлтгэх, хөтлөх, сурвалжлах арга ухааныг заалган суралцаж, хамтран ажиллаж эхэлсэн байна.
Анхандаа нэвтрүүлгээ элдэв засвар монтаж ч хийж чадалгүй явуулдаг байсан бол аажмаар техник хэрэгсэлүүд авч элчингээс гаргаж өгсөн өрөөндөө студийнхээ залуустай хамтран өдөр шөнөгүй сууж засаж янзлаад явуулдаг болжээ.
Их Британий бараг бүхий л томоохон хотууд, Лондонгийн түүх дурсгалт болон улс төр, эдийн засгийн төвүүдээс бэлтгэсэн, тус улсад зохиогдож буй Монголтой холбогдолтой үйл ажиллагаануудын тухай түүний сурвалжлагууд, Английн соёл урлаг, ёс заншил, орчин цагийн амьдрал ахуйг үзүүлж тайлбарласан олон нэвтрүүлгүүд нь MN-25 телевизийг үзэгч түмэн хүн төрөлхтөний түүх соёлын нэгэн голомт болсон Британи улсыг ойртон танихад ихээхэн нөлөө үзүүлсэн гэдэг нь эргэлзээ үгүй.
Зөвхөн үйл явдалын мэдээ сурвалжлагуудаар тогтохгүй Залуустайгаа хамтран Доржбат гуайн тухай хөрөг нэвтрүүлэг, London fashion, English tea нэртэй тусгай нэвтрүүлгүүдийг хийснээс нь харахад тэрээр шинийг эрэлхийлж, өөрийгөө сориж явдаг нэгэн гэдэг нь анзаарагдана.

VЛДЭХ, ИРЭХ ЗАЛУУСТ ҮЛГЭРЛЭЛ БОЛСОН БОРОО

Бороо архи пиво амсахгүй, тамхи татахгүй. Хаа сайгүй л Лондонд хамгийн хямд, хүрэх газар хамгийн хурдан хүргэж өгдөг найдвартай унаа болох дугуй хөлөглөн жийж явах. Тэрээр хараад байхад илүү юманд мөнгө зарахгүй хэрнээ хэрэгтэй юмаа авахад гар татдаггүй. Тухайлбал хамтлаг, студийнхээ бүхий л техник хэрэгсэлийг хөлсөө урсгаж олсон мөнгөөрөө авсан аж. "Жил жилээр боломжтой үедээ бага багаар авч хураасаар нийтдээ 10 гаран мянган пуандын техник хэрэгсэл авсан байна билээ" хэмээн нэгэнтээ өгүүлж байсан.

"Ирээд Монголчуудынхаа жаягаар өмгөөлөгч авч цагаачлал хүссэн. Бүх л юмыг нь ёс журмаар нь хөөцөлдөөд явсан болохоор хэзээ хэнд баригдаад явчих бол гэсэн сэтгэлийн дарамт гайгүй байлаа. Сүүлдээ Англи ч хүн хүн шиг байвал бас гоочлоод байдаг газар биш юм байна гэдгийг ч мэдсэн. Залуучууд маань бодож зорьсон юмтай ирээд хичээж зүтгэж, зарж үрэхдээ бодолтой байвал Англи ч хүнд хэн байх нь хамаагүй их юм хийж бүтээж болох боломж олгодог газар юм.
Одоо ер буцахгүй бол хүний газар үр хүүхэд, хань ижлээсээ хол удаан байх амаргүй байна. International Organisation for Migration гэдэг байгууллагад учир байдлаа хэлвэл 500 паунд гар дээр бэлнээр өгөөд онгоцны зардалыг даагаад буцаадаг гэж сонсоод тэдэнд хүсэлт тавьтал нааштай хариу өгөөд энэ Баасан гарагт эх нутгийн зүг хөдлөхөөр болоод байна даа. Энд авсан бүх техник хэрэгсэлээ аваад буцаж буй. Очоод хийж бүтээх юм их л бодогдож байгаа. Эргээд холбоотой байцгаана аа "

Түүний Англид өнгөрүүлсэн он жилүүдийг нь харахад манай залуус энэ нутагт ирэхдээ бодож санасан зүйлтэй, хийж бүтээх хүсэлтэй байж, буцахдаа ийнхүү олз омог дүүрэн явж байгаасай, Бороо маань ч ирэх, буцах олон залууст нэг сайхан үлгэрлэл боллоо доо хэмээн эрхгүй бодогдов.
Удахгүй Бороогийн хийж бүтээх бодол хүслийн үр шим эх нутагтаа соёлон цэцэглэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Сaйныг ерөөе!

Бичиглэсэн Д.Цэрэнбат. Их Британи. 2006 оны 12 сарын 06

Бороо(Н.Баттөмөр) Лондон хот, 2006 оны 12 сарын 4

ХАРЬД ЄНГЄРҮҮЛСЭН ОН ЖИЛVVД


Эх орон, эрхэм нөхөд, эрхэлсэн ажилаа орхиод
Эхнэр хүүхэд, гэр орон, ахан дүүсээсээ хагацаад
Элэнцэгээ хийгээд энд эргүүтэн явна аа чи гэж
Эмзэг бүгдийг минь сэдрээгээд надаас бүү асуу

Боловсрол мэдлэг, бодол ухаанаар хэнээс ч ер дордохгүй
Бодгаль бие, зүс царай хүнээс ер дутахгүй байж
Баялуугаа хийгээд харьд тэнүүчлэж явна аа чи гэж
Баалж тавлаж намайг бүү зовоо

Үнэнч шударгаар зүтгээд авдаг хэдэн зоос нь
Үр хүүхэд гэр орноо тэжээхэд хүрдэгсэн бол
Үйлээн үзэж хүний газарт боолын хөдөлмөр эрхэлж
Үсээ цайтал үгээ баран ингэж ч явахгүйсэн би

Нийлж суугаад дампуурчихдаг, нийгмийн өмчийг хумсалчихдаг
Нэрэлхэх юмгүй зээлчихдэг, нэхээд ирэхэд нь хуурчихдаг
Нэр хүнд албан тушаал, ашиг хонжооны төлөө
Нэгийгээ золиослохоос ч буцдаггүй байсансан бол

Дарга даамал захиралуудад зусардаж чаддагсан бол
Дальдчиж хурган баячуулд дарлуулж хүлцэж явсан бол өдийд би
Дээдсийн хүрээлэнд орж амьд үзмэр болчихоод
Дээгүүр толгойтой дундуур ухаантай сажилж явж чадах л байсан байх

Гэхдээ би...
Єөртөө итгэлтэй шазруун омголон болохоороо
Єрөөлөөс царайчилж дарлуулж сураагүй учираасаа
Єөдөсхөн хүүхдүүдээ тэнэгүүдийн боол болгочихгүй л гэсэндээ
Єөрийгөө золиослон харид ажиллаж яваа маань л энэ

Дундаж амьдралтай хүний сардаа авдаг цалин нь
Дулаан байр хоолныхоо талыг ч хүчирэхгүй байхад
Дуугүй бай, битгий давар гэж дээдсүүд тулгаж байхад
Дураар дурги хулгайл залил гэсэнтэй агаар нэгэн байхад

Алаад төхөөрчих малгүй, албан тушаалтан танилгүй
Аривчлан хураасан хөрөнгөгүй, авилга атгуулчих мөнгөгүй
Адгын чинээ газар ч үгүй, аав ээжийн хогшил ч үгүй болохоор
Алгаан хавсарч тэнгэрт мөргөж суулгүй Англи улсыг зорисон маань л энэ

Хужаагийн барааны лангуу ч үгүй, хуушуурын жижг мухлаг ч үгүй
Хулгайлж луйвардаж чаддаггүй алтан дундаж Монголчууд маань
Хуйгаараа гадаадад дүрвэцгээж эхэлсэн болохоор
Хульжиж хоцорч чадалгүй түмнийгээ дагасан маань л энэ

Харин Англи гэдэг чинь байна шүү!!
Ардчилал хүний эрхийг хуульчлан ягштал мөрддөгийг
Ард түмнийхээ төлөө жинхэнэ төр гэж байдгийг
Алхам тутамдаа та эндээс мэдэрч болно
Амьдрал чинь таньд харуулаад өгөх болно.

Сүлжилдсэн түмэн машинууд нь шүгэл торгуульд дарамтлуулахгүй
Сүрлэг дэгжин цагдаа нар нь сүржигнэж түмнээ сандраахгүй
Сүрчиг ханхлуулсан бүсгүйчүүд нь сайхнаар мишээж мэндчилсэн
Сүндэрлэсэн өндөр барилгуудынхаа сүүдэрт нь налайн тухалцгаасан

Мянган жилийнхээ түүхийг тэр хэвээр нь хадгалчихсан
Мянганы гайхамшигт бүтээлүүдээрээ дэлхийг бишрээж гайхуулчихсан
Хатуу мөнгө дэвсгэрт нь ертөнцийг базаад атгачихсан
Хатан хаантай энэ гүрнийг Их Британи гэдэг юм байна

Аргаан барсан цагаачид дзрвэж орогнохоор ирэхэд нь
Ард түмэн шигээ ав адилхан халамж тавьдаг
Яс үндэс, арьс өнгө, шашин шүтлэг харгалзахгүй
Ягштал хуулиараа ялгал үгүй зохицуулчихсан

Энэ дэлхийн үндэстэн бүхэн цугларч нэгэн бүл болоод
Эрх чөлөөтэй хангалуун сайхан эвтэй найртай амьдарцгаасан
Их далайн дундах амгалан энхийн диваажин
Ийм л нэгэн улсыг Их Британи гэдэг юм байна

Гэхдээ бас...
Тэнхэл тасран мухардсан эх орноосоо дайжаад
Тэртээх буурай амьдралаа орхин тэнүүчлэн энд ирсэн ч
Тэнгэрлэг Монгол заяа маань намайг түшин босгоод
Тэргүүн өөдөө олны дунд зэрэгцэн алхаж явна

Харин энд ирээд харсан чинь...
Бишрэн шүтээд байсан хөгжингүй орны хүмүүст нь
Биднээс илүү юм огтхон ч байхгүй юм билээ
Билэг авъяас ур ухаан амьдрах чадавхаараа бид
Бусдаас хэзээ ч хоцрохгүй энэ тэнцүүхэн юм билээ

Архи л уучихгүй бол Монголчууд гэдэг чинь
Агуу чадвартай ард түмэн юм билээ
Амсаад давраад ирэхлээрээ харин чиг
Арчаагүй бүдүүлэг авирладаг адгийн новшнууд юм билээ

Зон олныхоо төлөө гэсэн засаг төртэй болчиг
Зоригт Монголын үрс гандан буурахгүй л юм билээ
Зовхи нь өөдөө Монголчууд бид нэг л сэхэл авчихвал
Зогсолтгүй урагшлан хөгжиж болохоор л юм билээ

Харин одоо би чинь...
Гомдож баярлаж тунихдаа сэтгэл хөдлөхөө ч больж
Гоёж наадаж наргихад шимтэн дурлахаа ч байж
Ууjлаж бухимдсан ч хамцуйндаа гар гацчихдаг
Уучлалт гуйгаад буруутны өмнө хүлцэн хүлээдэг ч болчихож

Хэрийн юманд цочирдохгүй гөлийчихдөг болчихож
Хэрээ мэдээд амаа хамхиад дүмбийчихдэг болчихож
Хээнцэр охидыг нүднийхээ өмнүүр өнгөрөөчихдөг болчихож
Хэнгэнэтэл санаа алдаад уярчихдаг ч болчихож

Намба сууж тохьтойн дансанд нэрээ бичүүлсэн болохоор
Нас ахиад зуугийн тал руу шааригдаж яваа болохоор
Наанатай цаанатай муутай сайтай ч эвлэрч сурсан болохоор
Наргиан цэнгээн чимээ шуугианаас залхаж гүйцсэн болохоор

Харь холын газарт өчнөөн жил амьдрахдаа
Хайр халамж энэрлээр эр биеэн торгож
Хагацал өнчрөл цөхрөлийг чамгүй амссан болохоор
Харьж очихоос өөр би хаашаа ч зайлах билээ дээ

Бүх л насныхаа хэрэгцээг эндээс хийчихгүй болохоор
Бүгдийг умартан тэвчээд нутгаа бараадан харихаас даа
Бүүдгэр баргар ирээдүйтэйгээ бусдын адил эвлэрээд
Бүлтгэр хэдэн хүүхдийнхээ элгийг тэвтээгээд очихоос доо

Нийтийнхээ жишгийг дагалдан алтан дунджаар амьдрах гэж
Нийгмийнхээ жаягийг аялдан алагтай цоогтой ч эвлэрэх гэж
Насны намараа эх орондоо эзэн хүн шиг үзэх гэж
Нартын жамаар элгэн газартаа эртний булш шиг мөнхрөх гэж
Би Монголдоо буцахаас даа

Энхрий хэдэн хүүхэддээ эцгийн ёсоор харагдах гэж
Эхнэр ханийнхаа дэргэд элэг бүтэн амьдрах гэж
Элэнц өвгөдийнхөө хөшөөнд толгой гудайлган мөргөх гэж
Энгүүн жирийн хүмүүсийн дунд илүүчгүй дутуучгүй амьдрах гэж
Би гэртээ харихаас даа

Арав таваараа дүрвэцгээсэн хүн нүүдлийн цуваа
Араас минь харийг зориод алдран замхран шингэсээр
Асар уудам нутаг минь эзгүй гэр шиг хувхайрч
Агуу тэнгэрлэг үндэстэн маань мөхөх вий дээ л гэж зовинож байна.

Алаг үрс маань өсөж хөл нь дөрөөнд хүрэхээр
Амьдралын их далайд шумбан орох үед нь
Англи хэмээх оронд явж эрдэм юугаа өвөртлөөд
Ар сайхан Монголдоо ирж амьдарцгаа л гэж захих байна

Харьд өнгөрүүлсэн он жилүүдийнхээ дурсамжаа би
Хачирлаж чимэх юмгүйгээр өргөн түмэндээ толилуулж байна
Холын холоос тэрлэсэн найраг юуныхаа дугараагаа
Хойч үедээ сургамжлан сэржим өргөн тогтоож байна

Зүүд нойронд минь үзэгдсэн миний төрсөн газар
Зүрх сэтгэлд минь хоногшсон Монгол нутгаа зорилоо би
Зүүн өмнийг шугамдсан мөнгөн хүлгээр дүүлсээр
Зүүдэлгүй номин тэнгэрээсээ эх орондоо газардана би

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 2849

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter