221-р сар2019

Бүлэг: Өгүүлэл

Лев Николавич Гумилев. Их талын хүмүүс ба байгал

Орчуулсан: Судлаач Д.Ганхуяг

Монголчууд бид түүхээ огт өөрөөр үзэх цаг болж байна. Гадаад эрдэмтдийн олонхи нь монголчуудыг хамгийн “зэрлэг”, “хоцрогдсон” гэж үздэг үзэл одоо ч гэсэн амь бөхтэй байдаг юм. Гэхдээ этнологийн шинжлэх ухааныг үндэслэгч Л.Н.Гумилев бол энэ тогтсон үзлийг сөрөн зогссон эр зоригтон билээ. Түүний бичсэн нэгэн чухал өгүүллийг Та бүхэнд орчуулан толилуулж байна. Энэ өгүүлэлд Та бүхний үзэл бодолтой таарах, бас үл таарах зүйл гарах нь мэдээж бөгөөд энэ тохиолдолд Та өөрөө цааш нь эрэгцүүлэн бодох эрхтэй шүү дээ. Оросын Саша Желязняковын өгүүллийг орчуулж баахан загнууллаа. За, Оросоос болдоггүй юм бол Баруунаас орчуулъя гээд Самуюэль Хантингтон, Питирим Сорокин нарыг  орчуулсан чинь бас л баахан загналаа. Эд чинь бараг л дэлхийн №1 хүмүүс шүү дээ. Баярлалаа гэсэн үг ганцыг ч сонссонгүй. Дэлхийн том эрдэмтдийн өмнөөс дандаа загнуулаад байх хүсэл надад даан ч алга. Орчуулахгүй болохоор  “Нууц Товчоо”-оос нэг их хэтрэхгүй  юм байна ш дээ, манай зарим сэхээтнүүд



Нүүдэлчдийн түүхийн зарим нарийвчлалыг тайлбарлахуй

Дорнод Ази нь МЭӨ IY-III зууны үед анхлан баригдсан Хятадын цагаан хэрмийн өргөрөгийн дагуу илт мэдэгдэх газар-нутаг-цаг уурын хил болон хуваагддаг. Түүнээс өмнө зүг зөөлөн уур амьсгалтай бүс оршино. Эрт дээр үед тэнд субтропикийн ой ургаж байсан бөгөөд хожим нь энэхүү үржил шимтэй газрыг хагалж ашигладаг тариаланчид байжээ. Эндээс хятадын эртний нэр Дундад тал газар гэсэн нэр үүсчээ. Умарт зүгт нь аажмаар говь цөл болон шилждэг хуурай тал нутаг үргэлжилнэ. Нөгөө зүгт нь мөн л хуурай тал газраас уулын тайгын арвин их чийгтэй нуга болон аажмаар шилждэг, заримдаа бүр баруун тийш Хэнтий, Хангайн нуруудыг дамжин үргэлжилсэн нутаг оршдог. Энд эрт дээр үеэс түрэг, монгол, европеид угсаат динлин нарын өвөг болох анчид, загасчид амьдарч байжээ.

МТӨ II зуунд талын уугуул угсаатнууд (этнос) суурин амьдарч, тэдний зарим нь газар тариалан өргөнөөр эрхэлж, суурин мал аж ахуйтай байжээ. Гэвч МТӨ I зууны дундуур аймшигт хуурайшилт болж, усалгаат газрын хөрсний давхрааг эвдэж, элсэрхэг болгожээ.

Салхи элсийг тал руу хийсгэж, түүний ихэнх хэсгийг газар тариаланд тохиромжгүй болгов. Гантай үеүдэд өвс ногоо ховордож, мал сүргийг өвс ногоо байгаа газарт адгуулах болж, мал аж ахуйд шилжив. Ингэж энэхүү тал нутагт нүүдлийн мал аж ахуй үүсэв. Нүүдлийн мал аж ахуй нь цаг уурын хэлбэлзэл, эртний газар тариаланчдын аж ахуйгаа эрхлэх явдлыг хослуулахад үүссэн нөхцөлд аж ахуйн системийг зохицуулах арга болон үүссэн юм.

НТӨ IX-YIII зууны зааг үед Төв Азийн тал нутагт Хүннүчүүд (Хүн-Орч) тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байсан нүүдэлчин угсаатны бүрдэл үүсэв. Энэ бүрдэлд динлинчүүд, дунху нар (сяньби (сүүлийн үед Хятад гаралтай Сяньби гэдгийг Сүмбэ гэж нэрлэх заншил тогтож байгаа-Орч) болон монголчуудын өвөг), усун нар, Амду болон Куньлун уулын дэвсгийн нүүдэлчин төвдүүд мөн орж байв. Энэхүү угсаатны бүхэллэг нь эртний Хятад болон иран хэлт Туран (юучжи)-ы эсрэг сөрөн зогсч байсан юм. МТӨ 209 он хүртэлх нүүдэлчдийн түүх бичгийн сурвалжид бараг тэмдэглэгдээгүй ч энэхүү үеийн төгсгөл хэсэг нэлээд тодорхой байдаг юм. Хүнчүүдийн ихэнх хүч хан (хятад) улсын түрэмгийлэлийг няцаахад чиглэгдэж, ингэснээрээ ч Тал нутгийн улсынхаа тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг МТӨ I зууны сүүл хүртэл хамгаалж чадсан юм. 93 онд Сүмбэчүүдэд цохигдсон Хүннүчүүд дөрвөн хэсэгт хуваагдаж, зарим нь сүмбэтэй холилдож, хоёрдахь нь Семиречье-д суурьшиж, гуравдахь хэсэг нь Европ руу явж, дөрөв дэхь нь хятадад орж улмаар тэндээ сөнөсөн юм.

Нүүдэлчин угтсаатуудын хоёрдахь сэргэлт нь YI зууны дунд үед хамаарна.

Энэхүү сэргэлтийн үр дунд Ляохэ-ээс Дон хүртэлх тал нутагт амьдран суугчдыг нэгтгэсэн Түрэгийн хаант улс байгуулагдсан юм. (Манай түүхэнд гардаг түрэг гэдэг нь одоогийн туркээс огт өөр угсаатан болно-Орч). Цар хэмжээгээрээ Түрэгийн хаант улс Хүнчүүдээс давж байв. 200 жил оршин тогтнох хугацаанд энэ улсад мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй юм.

Энэхүү консерватизмыг Түрэг улс бараг өөрчлөгдөөгүй нөхцөл байдалд Суй болон Тан улс, Иран болон Арабын халифаттай, мөн түүнчлэн эзлэгдсэн боловч эцсээ хүртэл захирагдаагүй байсан талын аймгууд, ялангуяа уйгарчуудтай тасралтгүй дайтаж байснаар зарим талаар тайлбарлаж болно. Энэ үед кипчакууд (половчууд), кангарчууд (печенегүүд), карлукууд, киргизүүд, (динлинчүүдийн удам), түркменүүд (парпянчуудын удам), мөн монгол хэлт киданчууд зэрэг олон ард түмэн булаан эзлэгчдийнхээ соёлыг хүлээн авч, түүнийгээ 745 онд Хаант улс сөнөсний дараа ч хадгалж байжээ.

Уйгарчууд ираны (манихей) болон византын (неисториан) үзэл суртлыг шамдуу авсан боловч Орхон гол дээрхи өөрийн эртний феодалын улсаа бэхжүүлэх чадваргүй болж, 840-847 онуудад енисейн киргизүүдэд бут цохигджээ.

Үүний дараа тал нутагт XII зуун хүртэл ямар нэг тогтвортой давуу байдал ажиглагдахгүй байсаар түүхийн эргэлтэд Тал нутгийн төдийгүй нийт тивийг хамарсан эзэнт гүрэн байгуулах зүрчид, монгол хоёр аймаг нэгэн зэрэг гарч ирлээ. Төв азийн бүх ард түмний хувьд нийтлэг нэгэн зүйл нь хятадын соёлыг үл тэвчих явдал байв. Жишээлбэл: түрэг хятадын эсрэг илэрхий чиглэсэн өөрийн гэсэн үзэл суртлын системтэй байсан.

Уйгарын хаант улс мөхсөний дараа уйгарчууд манихейн шашныг, карлукууд исламыг, басмалчууд болон онгуудууд несториан шашныг, төвдүүд буддын шашныг энэтхэгийн хэлбэрээр нь авцгаасан, харин хятадын үзэл суртал цагаан хэрмийг давж чадаагүй юм. Бие даасан байдлын төлөө Тан улстай хийсэн тэмцлийн шийдвэрлэх хүчин зүйл нь тал нутгийнхан биш, харин Киданыг ниргэж, хятаджсан Ляо улсыг 1125 онд устгаж, дараа нь Сүн улсыг ялсан алс дорнодын ойн ард түмэн болох зүрчид нар байлаа. Зүрчдийн тухай хятадын түүхийн уялдаат мэдээ нь X зуунд хамаарна, харин XII зуунд энэ хоёр ард түмэн тулалдаж, цус урсгасан дайн зүрчдийн талд ашигтайгаар шийдвэрлэгдэв. Түүхийн алслалаас үзвэл зүрчид нар хятад руу довтолсныг урд өмнө нь Тан улсын цэрэг Алс дорнодын ойн мужид довтолж байсны хариу гэж үзвэл зохино. Кайфынаар төвлөсөн Сун улсыг байгуулах гэсэн оролдлогын эсрэг тэмцэлд талынхан биш ойн ард түмэн боссон юм.

Тэд тал нутгийнхаа адил хятадын соёл иргэншлийн материаллаг талыг хялбар эзэмшиж, өөрсөддөө харш күнзийн үзэл суртлыг тоолгүй орхисон юм.

Зүрчид нь Хуай гол хүртэлх хойт хятадыг эзэлмэгц дайны тэргүүн шугамыг өмнө зүгт шилжүүлэн байрлуулахдаа эзлэгдсэн хятадуудтай холилдоогүй юм.

Манжуур дахь Зүрчидийн хотуудын тууринаас олон тооны хятад эдлэл олддог нь энд хятадын соёл нэвтэрснийг биш, харин дайны олз ихтэй байсныг харуулдаг юм. Зүрчдийн хаадыг хятадын сурвалжид Чин улс гэж (шууд орчуулга нь түрэг-монголын алтан гэсэн үг) нэрлэдэг байсан ч XII зууны үед хятадууд энэ улсыг харийн, дайсагнагч улс хэмээн үзэж ”зэрлэгүүдийн“ эсрэг тэмцлээ зогсоогоогүй юм. Зөрчлийн зангилаа хэтэрхий нягт байсан болохоор түүнийг XIII зуунд зөвхөн Чингис л тайлж чадсан билээ. XIII зуунд Монголын эзэнт гүрэн байгуулагдсан тухайгаас илүүтэй цөөн тооны түүхэн үзэгдлийн тухай гажуудсан үзэл бодол бий болсон ч байж магадгүй. Монголчуудыг бусад ард түмэнд сөргүүлэн хэтэрхий хэрцгий, цусанд дуртай, бараг л дэлхийг эзлэх хүсэлтэй гэж бичицгээдэг. Энэхүү үзэл бодлын анхдагч суурь нь булаан эзлэгчдийг үзэн ядсан XIY зууны үеийн монголын эсрэг агуулгатай олон тооны зохиолууд болсон юм. Эртнээс илэрхий болсон түүхэн шүүмжлэлийн тодорхой зүйл рүү оролгүйгээр ердөө л хэдэн тоо авч үзье.

XIII зууны эхэн үеийн монголд янз бүрийн аймгийн 700 мянга орчим хүн амьдарч байв. Гэтэл Хойт болон Өмнөд хятадад 80 сая, Хорезмын улсад 20 сая орчим, дорнод Европод ойролцоогоор 8 сая хүн амьдарч байлаа. Хэрэв хүн хүчний харьцаа ийм байхад монголчууд ялалт байгуулсан нь тэдгээрийн эсэргүүцэл бүхэлдээ маш сул байсан гэдэг нь тодорхой байна. Үнэхээр ч XIII зуунд монголын хөршүүдэд феодализмын хямралын эрин үе болж байсан юм. Эсэргүүцэгчдийг устгаж байсан тэмцэлтэй холбогдуулан зарим баримтыг авч үзье. Зүрчидүүд 1135 онд дайтаж, монголчуудыг биет байдлаар ниргэсэн.

100 жилийн дараа монголчууд ялсан, гэхдээ зүрчдүүдийг устгаагүй. 1227 онд монголчууд Тангадыг эзэлсэн, харин тангад хэл дээрхи Хар хотын тухай гар бичмэлүүд нь уг хотын соёлын хөгжил XIII зууны үед ч байсныг гэрчилдэг. 1372 онд монголчуудын эсрэг дайтсан Мин улсын хятадууд Тангадын газар нутгийг эзэлсэн ба тэр цагаас хойш тангадууд байхгүй болсон. 1208 онд половчууд монголын дайсан болох мэргэдүүдийг авсан учраас тэдэнтэйгээ хамт нэрвэгдсэн. Хорезмшах Мухаммед бүх үеийн ёс заншлыг зөрчиж, монголын албатуудыг цаазалж Чингисийн элчийг доромжилсон учраас дайн дэгдэж Хорезмийн улс мөхсөн, гэхдээ Дундад Азийн түрэг болон иран хүн ам ямар ч гэсэн бүтэн үлдсэн юм. Мэдээжийн тэр үеийн монголчууд дайнч нүүдэлчид байсан юм. XIII зууны үед энхийг эрхэмлэх явдлыг хаана ч, түүний дотор Европод давуу сайн зүйл гэж үздэггүй байсан, нүүдэлчин монголчууд “хэрцгий“ байдлаараа өөрийн цаг үеийн тэр л түвшинд байсан.

Хүнчүүд Аварчууд, зурчууд, хорезмчууд, полвчууд, загалмайтнууд бусад олон олон үндэстнүүд нь монголчуудаас огтхон ч илүү “сайн” байгаагүй. Монголчуудын татагдан орсон дайн нь Чингисийн хувийн муухай чанарын үр дагавар биш, харин феодалын улсууд өрсөлдөх үед, мөн идэвхитэй угсаатнууд тулгарах үед үүссэн нийгэм-эдийн засгийн зөрчилдөөний логик хөгжил болсон юм.

Түүхэн материализмийн онолд хангалттай нотолсноор ийм агуу их үйл явдал зөвхөн хааны олон аашнаас хамаарч болохгүй юм. Энд бид өөр зүйлийг тэмдэглэх ёстой. Яагаад монголчууд өөрийн хүч чадлын хязгаарлагдмал байдлыг мэдсэн хэрнээ дайнд аз туршин орж, ялалт байгуулсаар байсан бэ? Энд олон хүчин зүйлээс дараахыг дурьдаж болно: тэдний дайснууд өөрийн хүчийг хэтрүүлэн, дайсны хүчийг дутуу үнэлж байсан юм. Яг ийм үйл явдал YII зууны үед арабчуудад тохиолдсон бөгөөд тэр үед Халифатын хүчин чадлыг дутуу үнэлсэн Византи өөрийн эзэмшлийн тал хувийг алдаж, Иран тусгаар тогтносон юм. Ингэж үзэхдээ бид цэргийн чадварын тухай ч, нийгмийн процессын тухай ч мартаж болохгүй. XIII зууны феодалын улсууд чухамхүү нийгмийн процессын улмаас эрт задарцгаасан юм. Монголчуудыг ялалтад хүргэхэд тусалсан бат бэх зүйл юу байв?

Монголчуудын эх нутаг бол Хэрлэн голоос хойт зүгт Байгалийн чанад дахь зүүн талын хэсэг юм. Чингис одоогийн Зөвлөлт-Монголын хилээс хэдэн км зайд орших Дэлүүн болдог гэдэг газар төржээ. Энэ газар өргөн тал, ой шугуй хосолсон бөгөөд мал аж ахуйд ч, ойн ан агнуурт ч тохиромжтой байв. Одоо энд амралтын нөхцөл бүрдсэн байдаг. Зэргэлдээ нь X зууны гангаас аажмаар эдгэрч байсан тал нутаг үргэлжлэнэ. Малын билчээр нутаг сэргэхийн хэрээр Сибирийн хүмүүс Онон, Хэрлэн, Орхон, Сэлэнгийн хөндийд суурьшжээ. Монголчууд эртний Түргүүд цэцэглэж байсан газарт нутаглаж, тэднээс өмнө зүгийн хятадын түрэмгийллээс тал нутгийг хамгаалах түүхэн үүргийг уламжилж авчээ.

Монголын нийгмийн үндсэн элемент нь задралынхаа шатанд байгаа овог байсан юм. Овгийн толгойд язгууртнууд байсан бөгөөд тэдний төлөөлөгчид нь баатар, ноён, цэцэн, тайж зэрэг хүндэт цолтой байв. Баатрууд болон ноёд нь боол (мал болон гэр арчлах) ба бэлчээр олж авах аян дайныг голчлон толгойлдог байжээ. Нийгмийн бусад давхрагууд гэвэл нөхөр, харчууд (доод гарлын овгийн гишүүн-хар ястан) зэрэг байв. Боолууд бол овгоос гадуур байсан. Нэгэн цагт илүү хүчтэй хөршдөө ялагдсан юмуу түүнд сайн дураараа нэгдсэн (унаган боол) бүхэл бүтэн овгууд хувийн эрх чөлөөнөөсөө салдаггүй байснаас гадна эрхийн харилцааны хувьд ялагчдаасаа бага ялгагддаг байв.

Үйлдвэрлэх хүчний хөгжлийн түвшин, солилцооны худалдаа, нүүдлийн мал аж ахуйн онцлог нь албадлагын хөдөлмөрийг өргөн хэрэглэх боломж олгодоггүй байв. Боолыг голчлон гэрийн зарц байдлаар ашигладаг байснаас боолчлол нь үйлдвэрлэлийн харилцааны шинж чанарт чухал нөлөө үзүүлдэггүй байв. Гэхдээ бэлчээр нутгийг хамтран эзэмших, өвөг дээдэст тахил өргөх, цусан өшөө авах, үүнтэй холбоотой овог хоорондын дайн самуун зэрэг овгийн байгууллын үндсүүд бас л хадгалагдаж байсан. Энэ нь тодорхой хүнийг биш, овгийг бүхэлд нь хамардаг байв.

Монголчуудад овгийн хамт олон бол нийгмийн амьдралын үндэс болох тухай, овгийн хувь заяаны төлөө хүлээх хамтын хариуцлагын тухай, заавал харилцан туслалцах тухай төсөөллүүд бат шингэсэн байдаг

Овгийн гишүүн хамт олныхоо дэмжлэгийг ямагт мэдэрч, өөрөө хамт олны зүгээс ногдуулж буй үүргийг биелүүлэхэд ямагт бэлэн байдаг байв. Эдгээр овгууд нь зөвхөн зарчмын хувьд монголын хүн амыг хамарч байсан юм.

Овгийн байгуулал задарсантай холбогдон түүний сахилга бат дарамт болсон, бүх эрх мэдэл ахлагчид хамаарч, бусад нь ямар ч гавьяатай байсан хоёрдугаар зэргийн байр суурь эзлэх болсон олон хүмүүс бий болжээ. Юмны сүүл барих явдалтай үл эвлэрсэн тэр хүмүүс өөрийн овог, хүрээгээ орхин “урт дурын“ буюу “чөлөөт байдалтай” (хятад орчуулгаар байшень-цагаан биет буюу “цагаан яст”) хүмүүс болцгоожээ. Эдгээр хүмүүсийн хувь заяа ихэвчлэн эмгэнэлтэй байсан юм. Тэд нийгмийн дэмжлэгээс тасарч, талын хоморголон авлахаас хүнд хэцүү, ашиг муутай ойн ангаар амьдрах шаардлагатай болов. Түүний дээр монголчууд нүүдлийн шувууг бараг иддэггүй, загасыг арга ядсан үедээ л хоолонд хэрэглэдэг байсан.

Морь буюу хонь олохын тулд эдгээр хөөгдсөн хүмүүс системтэйгээр дээрэм хийдэг болов. Цаг хугацаа өнгөрөх тусам овог нэгтнээ зохион байгуулалттайгаар эсэргүүцэх отряд байгуулах, овгийн нэгдэл холбоотой тэмцэх удирдагчийг хайх болов. Ийм бүлгийн тоо тасралтгүй өссөөр байлаа. Эцсийн эцэст овгийн нас барсан удирдагчийн хүү, эд хөрөнгө, нийгмийн байдлаа алдсан, алдарт Боржигон овгийн гишүүн Тэмүүжин тэдний дунд орж ирэн хожим нь Чингис цолтой хаан болсон юм.

Энэхүү үйл явдал нь монгол болон түрэг хэд хэдэн овог нэгдэж, цэргийн нэгдмэл гүрэн болоход хүргэсэн юм. Овгийн аядуу (инертный) болон идэвхигүй хүмүүс”урт дурын хүмүүст “захирагдах болов.

Монголчуудын эхний дайсан зүрчид байлаа. Тэдний анхны дайн (1135-1147) монголчуудын ялалтаар өндөрлөв. Зүрчид нь хятадтай дайтаж байсан учраас өргөл барих үүрэг хүлээсэн юм. 1167 онд тэд “боолчуудыг цөөлөх, хүмүүсийг устгах” нэрээр тал нутаг руу дайрах дайралтаа сэргээж, энэ нь 1189 онд бодит үр дүнгүй дууссан юм. Гуравдахь шийдвэрлэх дайнд (1211-1235) Сун улсын хятадууд зүрчдийн эсрэг монголын холбоотон болон дайтсан боловч хэд хэдэн ялагдал хүлээж, дайны бүх хүндийг монголчууд үүрч гарсан юм. Монголчуудаас зүрчдийн газар нутгийг авахыг хятадууд монголчуудаас шаардав. Энэ талаар тохиролцох гэсэн оролдлого нь хятадууд монголын элчийг алсан явдлаар өндөрлөв. Энэ нь монголчуудын хувьд хүндрэлтэй сунжирсан дайнд хүргэсэн бөгөөд тэдний морин цэрэг өмнөд хятадын ширэнгэ ойд эргэж чадахгүй, бас хятадын цайзуудын эсрэг хүч мөхөсдөж байв.

1257 онд Урианхайдай жанжин багавтар отрядтайгаар дайсны ар талд цөмрөн орж, Сычуанаар дамжин Энэтхэг-хятадын хойгт хүрч, тэнд Сун улсын эсрэг нутгийн бирм, тай, вьетнам овгуудыг босгосны үр дүнд дайны шийдвэрлэх эргэлт болсон юм. Ийнхүү цөөн тооны монголчууд хятадчилах бодлогын обьект болохыг зөвшөөрөөгүй алс дорнодын ард түмнүүдийг нэгтгэснээр аварга том хятадыг ялсан юм. Монголчуудын ялалт ч дуусав. (Энэ нь Хубилай хаан бүх хятадыг эзэлж өмнөд Сун улсыг мөхөөсөн оныг хэлж байна-Орч). Монголчуудын амжилт ч дуусав. 80 жилийн байнгын дайны туршид “урт дурын хүмүүс” ба тэдний удмаас олон хүн үрэгджээ. Монгол нь ахин Хятад гэсэн илүү ачаатай ядуу орон болон хувирав. Энэ хоёр улс хоорондоо хэтэрхий их ялгаатай байлаа. Хубилай хаан ердийн нөхцөлд амрахын тулд талын өвс ногоотой газар өөрийн ордныхоо нэгийг барихыг тушаасан гэдэг.

Хятадууд ч үзэн ядаж буй тал нутгийнхныг дуурайхгүйн тулд удаан хугацаанд сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй байв. Хэсэгчилсэн ассимиляци (цус холилдох) ч явагдсангүй, учир нь монгол хятадын эрлийзүүдийг хоёр угсаатны аль аль нь хавчин хяхаж, эцэст нь мөхөөдөг байв. Харин Мусульманчууд болон оросуудтай бол монголчууд дуртайяа гэр бүл болдог байв. Монголчууд зөвхөн иудейн шашинтан хүмүүсээс хятадуудаас илүү цэрэвдэг байжээ. Бүх шашны лам хуваргуудыг албан татвараас чөлөөлөхдөө зөвхөн раввинчуудаас (иудейн шашны хувиргууд-Орч) татвар авдаг байв.

Монголчуудын эсрэг хятадын тэмцэл ширүүсч хэд хэдэн бослого нэгдэв.

Тэдний нэг нь “улаан алчууртны” хөдөлгөөн байсан бөгөөд энэ нь ”Цагаан лянхуа” гэдэг нууц байгуулгын дохиогоор айлуудаар байрлаж байсан монгол цэргүүд орон дотроо хядуулсан 1351 онд эхэлсэн байна. Энэхүү үйл явдлыг хятадууд одоо ч гэсэн үндэсний баяр болгон тэмдэглэдэг. Зүчийн улс (Алтан орд), Цагаадай, Хулагу (Иран), Зүүн гараас гаралтай баруун монголчуудын хувь заяа арай өөр байсан юм. Эзлэгдсэн хятадаас хүч хэрэгслээ шавхан олж байсан Хубилайн хятадтай тогтоосон нягт холбоо нь 1259 онд монголчуудын дунд хагарал гаргав. Хубилайг эсэргүүцэгчид түүний ах Аригбөхийг хаан ширээнд залж, 1264 онд түүнийг нас барсны дараа Зүүнгарын Чингисийн угсааны ноён Хайдуг бас залав. Хувилайн талд Ираны монголчууд байсан юм. Хайду нь нүүдлийн уламжлалд тулгуурлан 1304 он хүртэл дорнод монголчуудын эсрэг дайтсан юм. Түүнийг Оросын ноёдуудтай холбоо тогтоосон Батын угсааны ноёд дэмжиж байв. Александр Невский энэхүү холбооны идэвхитэй гишүүн байсан билээ. Түүний нас барсны дараа ч гэсэн нэг талаас, монголын морин цэрэг ливоны рыцариудыг 1269 онд бут цохиход оролцсон, нөгөө талаас Доод Ижилд байсан хаад Юань гүрний талд байсан азийн нүүдэлчдийг Дорнод Европ руу цаашлан цөмрөхөөс сэргийлж байв. Монголчууд дорнод болон баруун (ойрд) гэж хуваагдах болов.

Ижил хавийн несториан шашинт монголчууд 1312 онд тэднийг хүчээр исламын шашинд оруулах гэсэн засгийн эрхийг булаагч хаан Узбект захирагдахаас татгалзав. Тэдний хэсэг нь дотоодын дайнд (1312-1315 он) үрэгдэж, үлдсэн хэсэг нь шашин нэгт Орос руу зүглэж, Куликовын талд Мамайг ниргэсэн Москвагийн цэргийн бүрэлдэхүүнд орж, хожим нь Литвийн дайралтыг зогсооход оролцсон юм. Ираны монголчууд 1295 онд исламын шашныг авсан. Тэдний удам хазарчууд эдүгээ Афганистаны тал газарт Хазараджатад амьдарч байна. Монголчуудын хамгийн дайчин хэсэг нь Зүүнгарт суурьшиж, ойрдын овгийн холбоог байгуулсан юм. Чухамхүү ойрдууд эрт дээр үеэс умар зүг дэх хятадын түрэмгийллийн эсрэг хаалт саад болж байсан хүн, түрэг, уйгаруудын үүргийг хүлээн авч Чин улсын манж-хятадын цэрэг энэхүү баатарлаг угсаатныг устгасан 1758 он хүртэл энэхүү үүргээ хэрэгжүүлсээр ирсэн юм. Засгийн эрх монголчуудаас хятадын өөрийнх нь Мин улсад шилжсэн XIY зууны хятадыг авч үзье. Хятадыг монголчуудаас чөлөөлөх дайн 1351-1368 он хүртэл сунжрав. Сүүлчийн монгол цэрэг говийн чанадад гарсан ч гэсэн уг дайн үргэлжилсээр байсан юм. Шинэхэн Мин улс хуучны Хан, Тан улсын эртний эрмэлзлэлийг авч монголыг эзлэхээр оролдох болов. Чухамхүү ойрдууд 1449 онд хятадуудыг цохиж, Түмийн дэргэд тэдэнд сүйрлийн цохилт өгч, чингэхдээ хятадын эзэн хааныг олзлон авсан байна. Энэ тулалдаан Монголыг ч, монголчуудын бодит амьдралыг ч аварсан юм. Дорнод болон өмнө зүгт хийсэн Мин улсын түрэмгийлэл илүү азтай байлаа. Түрэмгийллийн обьект нь 1405-1430 онуудад хятадын флот гаарч байсан Солонгос, Түвд, Вьетнам, Индонез болон Малайн ольтригийн газар нутаг болов. XYII зууны үед манжууд хариу довтолж эхлэв. Хятад дахь дотоодын самууныг тэд ашиглан 1644-1647 онд бүх улсыг эзлэв. Манжийн эсрэг бослого 1683 он хүртэл үргэлжлэв. Дорнод азийг нэгтгэх гэж хятадууд хоёр мянган жил эрмэлзээд чадаагүй зүйлийг манжууд хагас зуун жилд хийж чадсан юм. Гэхдээ манжийн түрэмгийлэл нь улс төрийн шинжтэй байснаас биш угтсаатны шинжтэй байгаагүй юм. Манж нь жижиг, хүн амын өсөлт бага байлаа. Манжууд хятадыг эзлээд тэнд цэргийн анги барьж байх шаардлагатай болов. Тэдний бүх залуус гадаадад алба хааж, өөрийн гэсэн гэр бүлгүй байв.

Хятадын эзэн болонгуутаа тэдний богд хаад нь Чин улсын эзэн хаан болсноор хятадыг эзэлсэн харь аймгийн эрт үеийн хувь заяаг бас л дахин давтсан юм. Эртний үе рүү эргэн дээр дурдсан зүйлсийн зарим үр дүнг гаргаваас хүн, түрэг, монголчууд нь хоорондоо ихээхэн ялгаатай байсан боловч тэдгээр нь бүгдээрээ Их талын хил дээр хятадын түрэлтийг тогтоон барих саад тотгорын үүргийг цаг цагтаа биелүүлж иржээ. Эндээс тэдгээрийн үйл ажиллагааны нийтлэг шинж нь жирийн угсаатны нийтлэгээс бүтэн эрэмбээр дээгүүр байсан бөгөөд байгалийн нөхцөл болон нийгэм-улс төрийн нөхцөл байдлын хослолын үр дүн болсон юм. Хэрэг дээрээ цаг агаарын эрс хэлбэлзлэлийн үед нүүдлийн аж ахуйн системийг хадгалах, Хан, Тан, Мин улсын түрэмгийллийг байнга эсэргүүцэх шаардлага нь Төв Азийн угсаатны нийтлэгийн нийгмийн харилцаа, хөгжлийн ижил төстэй шинжийг ихээхэн хэмжээгээр тодорхойлсон юм. Чухамхүү энэ хатуу ширүүн тэмцэл дунд Азийн (дундад буюу средняя гэсэн үг биш-орч) ард түмнүүдийн өвөрмөц маягийн зогсонги байдлын шалтгаануудын нэг оршино. Тэд авьяасаар ч, ухаанаар ч европчуудаас дутаагүй. Гэхдээ бусад ард түмний соёлоо хөгжүүлэхэд зарцуулж байсан хүч чадлыг түрэг болон уйгарчууд нь бусад зүйлийн хажуугаар өөрийн тусгаар тогтнолыг хамгаалахад зарцуулж байсан юм. Зуу зуун жилд тэд ганц ч жил тайван байгаагүй боловч тэд төрөлх газар нутгаа хамгаалж мөргөлдөөнөөс ялагч болон гарч ирдэг байлаа.

Үүнтэй холбогдуулан: Яагаад хоёр мянган жилийн турш техникийн төгөлдөржилтийг бага шаарддаг нүүдлийн мал аж ахуй буюу нэг төрлийн аж ахуйг дагнан эрхэлсэн нүүдэлчин ард түмэн хэд хэдэн удаа унаж босоод байдаг вэ? гэсэн асуултыг тавих нь зохистой юм. Нүүдлийн аж ахуй үйлдвэрлэх хүчний ойролцоо нэг л түвшинд байгаа байдлыг параметр буюу тооцооны анхдагч цэг болгон авч үзэж болно. Баруун европын хувьд ингэж авч үзэж болохгүй. Яагаад гэвэл чийглэг, тэнгисийн уур амьсгал нь цаг уурын бага ялгаатай учраас социо хүрээ: үйлдвэрлэх хүч, үйлдвэрлэлийн харилцааг идэвхитэй хөгжүүлсэн юм. Тивийн дотоодод бол үүний урвуу байдаг. Талын бүсийн чийг олох байгалийн нөхцөл нь маш хүчтэй бөгөөд байнга өөрчлөгддөг. 2000 жилийн туршид гурван удаа гантай үе III, X, XYI зууны үед тохиож, чингэхдээ Их Талын баруун хэсэгт өвлийн циклоны чийгшилт болж, цас орж, дулаардаг, дорнод хэсэг-Монголд номхон далайн муссоны улмаас өвөлд цас бага, намарт бороо бага орж зуны шинжтэй байдаг учраас малчид жилийн турш тэжээл бэлтгэлгүйгээр нүүх боломжтой байдаг.

Баруун хэсэгт хэт эмзэг районууд Арал тэнгисийн орчимд байдаг.

Нарны идэвхиэс хамааран циклон болон муссонууд нь хойт зүг рүү буюу ойн болон арктикийн бүсэд заримдаа холилддог юм. Ингэхэд Монгол болон Казахстаны цөл өргөжин тэлж, тайга Сибирь рүү шахагдан тал газар байраа тавьж өгдөг, мөн Хятадын субтропикийн ой урагш шилжиж, говийн сухайгаар элс нь бага зэрэг барьцагдсан элсэн манхан бий болдог. Циклон, муссонууд эргэхэд цөл газар нарийсч, зах талаас нь талын ногоо ургаж, ой умар, өмнөөс нь тэлдэг. Энэ үзэгдэл нь бэлчээр нутгийн хэмжээнээс хамааран аж байдлаа залгуулдаг нүүдэлчдийн эдийн засагтай хялбархан холбогддог. Төв Азийн цаг агаарын хэлбэлзэл нь харьцангуй удаан 150-300 жил үргэлжилдэг болохоор энэ үзэгдлийг хятадын эсрэг мөнхийн дайн хийж байсан нүүдэлч гүрнүүдийн хүч чадал хэлбэлзэх үзэгдэлтэй харьцуулах боломж гардаг юм.

XYI-XYIII зууны сэтгэгчид Ж.Боден,Ж.Л.Монтеське, И.Г.Гардер нар тухайн үеийн шинжлэх ухааны түвшингийн хэмжээнд хүний үйл ажиллагааны бүхий л илэрлүүд, түүний дотор соёл, сэтгэл зүйн хэв шинж, засаглалын хэлбэр зэрэг нь тухайн ард түмний нутаглаж буй газар орны байгалиар тодорхойлогддог гэж үзэж байв. Манай үед энэ үзлийг хэн ч нухацтай авч үзэхгүй байгаа юм.

Академич СВ Калесникийн ”газар зүйн нигилизм”гэж туйлын онож нэрлэсэн түүхэн дэх газар зүйн орчны нөлөөллийг бүр мөсөн үгүйсгэсэн дээрхийн эсрэг концепци нь үүнээс бүр ч дор юм. Газар зүйн орчин нь нийгэм-эдийн засгийн формаци солигдоход нөлөөлдөггүй гэсэн баримт нь маргаангүй бөгөөд иймэрхүү үзэгдлийг хүлээн зөвшөөрөхийг газар зүйн детерминизм гэдэг. Гэхдээ зуун дамжсан ган,тив доторх усны сав тэлэх, тухайлбал Каспи,Чад зэрэг нуур тэлбэл тэр хавийн бүс нутгийн аж ахуйд нөлөөлөх үү?

Жишээлбэл: VII-XIY зууны үед Каспи тэнгисийн түвшин 18 метр өргөгдөхөд түүний өмнөд уулархаг эрэгт сүрхий нөлөөлөөгүй боловч хойд зүгт асар том бөгөөд хүн ам суурьшсан Хазарын газар нутгийг живүүлсэн юм. Энэхүү гамшиг нь нэг талаас Хазарын аж ахуйг сүйрүүлж, тэднийг төрөлх нутгаа орхин Дон, Ижил мөрний дунд хэсэгт суурьшихад хүргэсэн, нөгөө талаас Киевийн Станислав вангийн цэргүүд 965 онд Хазарын хаант улсыг бут ниргэхэд хүргэсэн. Иймэрхүү тохиолдол цөөнгүй байдаг. Ийм учраас угсаатны түүхэнд физик газар зүйн гүйцэтгэх үүргийг тодорхойлох ёстой. Асуудлын мөн чанар нь түүх ба газар зүйн асуудлуудад нийтлэг зүйлсийг дэвшүүлэх, ийм судалгааны арга зүйг боловсруулахад оршино. Зохих шинжилгээ хийхийн тулд системын хандлагыг түүхийн асар их бөгөөд олон янзын материалыг зохион байгуулах арга маягаар хэрэглэх нь чухал юм. Түүнийг XII-XIII зууны үед хэрэглэсэнээр бид олон ойлголтын тодорхой утга санааг олж болох юм. Жишээлбэл “христианы ертөнц” нь кельт-роман-германы католик баруун европыг хамарч байсан, “мусульманы ертөнц” нь мөн л ямар нэг систем болохын хамт зөвхөн нэг шашин шүтдэг нутгуудыг хамарч байгаагүй, жишээ болгоход Египетэд карматуудтай ойролцоо фатимидууд ноёрхож, харин суннитууд тэднийг мусульман гэж зөвшөөрдөггүй байсан, Энэтхэг нь хагас тивээр үл барам кастын системээр холбогдсон түүх соёлын бүхэллэг байсан, Хятад нь тэр үед Зүрчидийг ч, Тангадыг ч, Монголыг ч “өөрийн “гэж тооцдоггүй байсан зэргийг мэдэж болно. Монголчууд нь дашрамд дурдахад тэр үеийн харилцааны нэг хэрэгсэл болж байсан овог хоорондын байнгын дайныг харгалзалгүйгээр кипчакуудтай хамтран мөн л өвөрмөц систем бүрдүүлж байсан юм. Францын феодалууд, эсвэл оросын засаг ноёд мөн л хоорондоо байнга дайтаж байсан, гэвч энэ нь XII-XIII зууны үед тэдний улс төрийн тархай бутархай байдлыг үл харгалзан Франц болон Киевын их ханлигийн угсаатан-соёлын нэгдэлд саад болоогүй юм.

Түүх соёлын бүхэллэг чанарыг тооцоолох нь асуудлын зөвхөн хагас нь юм.

Учир нь эдгээр нь байнга харилцан үйлчилж байдаг газар зүйн орчинд оршдог. Соёлын хөгжил нь бас техно хүрээтэй (хэдийгээр дэлхийн гадаргуу дээр оршдог боловч биет хүмүүстэй холбоотой био хүрээнээс эрс ялгаатай) болон нийгэмтэй холбоотой. Нийгэм буюу социо хүрээ нь марксист шинжлэх ухааны нээсэн өөрийн зүй тогтлын дагуу хөгждөг. Угсаатны түүхийн үндсэн параметрууд нь ийм байдаг бөгөөд харин газар зүйн орчин буюу аль нэг газар нутгийн нөлөөлөл нь олон хүчин зүйлсийн зөвхөн нэг л болно. Эдгээрийг үл тоомсорлох нь судалгааг бүрэн биш болгохоос гадна үнэ цэнэгүй болгодог.

“Түүхэн газар зүй нь эртний хүмүүсийн газар зүйн төсөөллийг судалдаггүй, харин өнгөрсөн эрин үеийн тодорхой газар зүйг судалдаг” гэсэн чухал үг байдаг. Түүхэн материалуудыг эртний амьдралын цаг агаарын нөхцлийг сэргээж үзэх гэж өргөнөөр ашигладаг. Үүнтэй холбоотойгоор Төв Ази хуурайшиж хатсан асуудлаар академич Л.С Берг, ЗСБНХУ –ын Газар зүйн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Г.Е.Грумм-Гржимайло хоёр маргаан өрнүүлсэн юм. Ингээд МЭӨ I мянган жилд Каспийн тэнгисийн түвшин хэрхэн хэлбэлзэж байсныг эртний зохиолчдын бүтээлээс болон Оросын он дараалсан бичгээс ишлэл цуглуулах замаар шийдвэрлэхийг оролдсон юм.

Ихээхэн хөдөлмөр зарцуулсан судалгааны эцэст аль аль нь хүссэн үр дүндээ хүрээгүй. Заримдаа түүхэн сурвалжийн мэдээ батлагддаг, заримдаа өөр замаар шалгахад няцаагддаг байлаа. Эндээс олон дахин нягтлах замаар олсон зүйл нь үнэнтэй нийцэх нь тохиолдлын явдал бөгөөд судалгааны арга зүй төгс бишийг нотолж байна. Үнэн хэрэг дээрээ эртний буюу дундад зууны зохиолчдын бүтээлээс зүгээр л ишлэл авах нь хуурамч юм уу бүдүүн тоймын дүгнэлтэд амархан хүргэдэг. Эртний түүхчид байгалийн үзэгдлийг эсвэл юмны далимд тэмдэглэх эсвэл өөрийн үеийн төсөөлөлөөс ургуулан догшин бороо, үер, ган зэргийг бурхны цээрлэл, дохио мэтээр тайлбарласан байдаг.

Нэг нь байгалийн үзэгдэлд илүү анхаарсан байхад нөгөө нь дараагийн зуунд анхаараагүй байдаг. Дээрх хоёрын аль аль нь хэрэв зохиогчдын анхааралд орсон бол байгалийн үзэгдлүүдийг түүвэр маягаар тусгадаг. Харин хэдэн үзэгдэл орхисныг бид тааварлаж ч чадахгүй юм. Ийм учраас хуурай үед бороо ховор үзэгдэл болж дасаж сурсан чийгтэй үеэсээ илүүтэйгээр түүхэнд бичигдэж болно. Энд түүхэн шүүмжлэл тус болж чадахгүй, яагаад гэвэл шалтгаан үр дагаврын хамааралтай холбоогүй үйл явлын харьцааны өмнө тэр нь хүчин мөхөстдөг.

Эртний зохиолчид бүтээлээ ихэвчлэн тодорхой зорилгоор бичдэг байснаас гадна сонирхож буй үйл явдлынхаа ач холбогдлыг ихэсгэх уран зохиолын сүржигнэх ргыг цөөнгүй хэрэглэдэг. Иймэрхүүгээр хэтрүүлсэн, дутаасан зүйлийн хэмжээг тодорхойлоход маш хүнд. Тухайлбал: Л.С Берг түүхэн бүтээлүүдийн баримтад үндэслэн соёлжсон газар нутаг цөл болон хувирсаныг дайны үр дагавар гэж үзсэн. Ийм үзлийг заримдаа шүүмжлэлгүйгээр хэрэглэж, жишээ болгож 1909 онд П.К.Козловын нээсэн Тангадын сөнөсөн хот Ээзэн буюу Хар хот гэж нэршсэн (монгол нэр нь Урахай, хятад нэр нь Хэйшучин) туурийг дурддаг.

Тухайн хот хаана байрлаж байсан, юунаас болж сөнөсөн бэ? Төвд бирмийн миняг овгуудын Си-Ся хэмээх тангадын ханлиг эдүгээ Ордос, Алаша хавийн элсэн манхан дунд байрлаж байжээ. Энэхүү улс нь ядмаг бөгөөд хүн цөөтэй байх ёстой мэт санагдана. Үнэндээ бол тэр нь 150 мянган морьтон бүхий армитай, их сургууль, сургууль шүүхтэй байснаас гадна, бас ч алдагдалтай худалдаатай байжээ. Учир нь гаргаснаасаа илүү ихийг оруулдаг улс байв. Алдагдлын зарим хэсгийг түвдийн эзэмшлийн алтан элсээр, голчлон тангадын (минягыг монголчууд ийн нэрлэж байв) үндсэн баялаг болох малыг гадагш гарган нөхөж байлаа. Оросын жуулчдын илрүүлсэн хот нь эдүгээ усгүй газар болох Ээзэн голын адагт оршиж байжээ. Түүнийг зүүн болон баруун талаас нь хүрээлж байсан хоёр хуучин ором нь тэнд ус байсныг гэрчилдэг. Гэвч голын гольдрил баруун тийш шилжиж, одоо хоёр салаалан шорвог уст Гашуун нуур, цэнгэг уст Согоо нуур хоёрт цутгадаг.

П.К.Козлов Согоо нуурын хөндийг баян бүрд гэж үзээд түүнийг хүрээлэн буй цөлийнхөө хамтаар олон тооны хүн амыг тэжээх боломжгүй гэж тэмдэглэсэн байдаг. Гэтэл Ээзэн хотын гол цайз гэхэд л 440х360 метр талбай бүхий тэгш өнцөгт байжээ. Цайз, цамхаг , суварга бүхий ханын дотор талд лангуу дархны газар, буудлын газар, агуулах, орон сууц байсан байна. Цайзыг тойрон арай бага шиг барилгууд, гацаа суурин байсныг нотлох шавар эдлэлийн хэсгүүдийн ул мөр байдаг. Үүнээс гадуур сувгийн систем бүхий бууц орон, тариалангийн талбай байсан байна .

Хотын сүйрлийг голчлон монголчуудад тохдог. Үнэхээр Чингис хаан 1226 онд тангадын нийслэлийг эзэлж, монголчууд минягуудтай хатуу тооцоо хийсэн юм. Гэвч хот бүр XIY зууны үед оршин хөгжиж байсныг 1909 онд олсон олон тооны баримтуудын он цагаар гэрчилж болно. Түүнээс гадна хотын мөхлийг торгууд домогт гардагаар бүслэгсэд шороо дүүргэсэн шуудайгаар далан хийж голын урсгалыг өөрчилсөнтэй холбон тайлбарладаг. Энэ далан одоо болтол нуруу маягаар оршин байдаг. Гэвч хотыг эзэлсэн тэмдэглэлд ийм баримт байхгүй бөгөөд монголын морин цэрэгт газар малтах хэрэгсэл, шаардлагатай төхөөрөмж байгаагүй юм. Үнэн хэрэг дээрээ хот хятадыг баруун талаас нь заналхийлж байсан монголчуудын сүүлчийн тулгуур цэг задарч, Чингисийн сүүлчийн удмын хаадтай дайтаж байсан Мин улсын хятад цэргүүд хотыг эзэлсэн 1372 онд сөнөсөн юм. Минягууд нь төвд, монгол, хятадуудтай аажмаар холилдож, Си-Сягийн бичгийг хожим XYII зууны үед мартацгаасан.

Хот яагаад дахин сэхээгүй юм бэ? Голын урсгал өөрчлөгдсөн нь шалтгаан биш бөгөөд хот Ээзэн голын өөр салаа руу шилжиж болох байсан. Энэ асуултын хариу П.К Козловын номонд байдаг. Козловт хэвшмэл байдаг няхуур зангаар Ээзэн голын ус татарч, Согоо нуур шохойжин чулуужиж голын гольдрил баруун тийш шилжсэн нь зарим үүрэг гүйцэтгэсэн гэдгийг тэмдэглэсэн байдаг. Гэхдээ энэ нь XIII зууны үед цөөнгүй хүн амыг тэжээж байсан улс XX зууны эхэн гэхэд элсэн цөл болон хувирсны цорын ганц шалтгаан болж чадахгүй. Энд өөр бүтээлүүдэд бичигдсэн цаг уурын өөрчлөлт гол үүрэг гүйцэтгэсэн.

Чингис болон Чингисийн удмынханд Азийг хоосруулсны бурууг тохдог нь тохиолдлын хэрэг мэдээж биш. Гэтэл үүнээс цар хэмжээгээр дутахааргүй бусад үйл явдлууд (Жишээлбэл: Киргизүүд уйгарчуудыг ниргэсэн, 1756-1759 онуудад манжийн Цян-Лун хаан ойрдуудыг толгой дараалан хүйс тэмтэрсэн зэрэг нь) анхаарлын гадна үлдсэн байдаг. Үүний шалтгаан нь ард түмнүүдийн түүхэнд биш, түүх судлалд байдаг билээ. Түүхийн зохиол бүтээлийг бүрдүүлэгч зүйлсийг байнга, юм болгон дээр бичээд байдаггүй. Түүнээс гадна тэдгээр нь бүгдээрээ хадгалагдаж чадаагүй. XIY-XY зуун нь ойрхи дорнодын хувьд утга зохиол цэцэглэж монголын дарлалтай тэмцэх явдал нь Иранд ч, Орост ч хамгийн чухал болон тавигдсан үе байлаа. Чухамхүү иймээс л эл асуудлаар маш олон зохиол бичигдэхийн хамт бүтэн үлдсэн юм. Энэ дотор бидний мэдэх авъяаслаг, хурц тод бичигдсэн бүтээлүүд ч байдаг. Эдгээрийг дуурайж, давтах явдал бий болсноор уг асуудлаарх бүтээлийн тоо маш их болсон. Ойрдуудыг устгасан явдал нь түүхчээ олоогүй хэрэг мөн. Эдгээр үйл явдлууд нь жигд биш тусгагдаж, түүний утга нь нилээдгүй гажиж, чингэхдээ янз бүрийн хэмжээгээр төсөөлөгддөг. Эндээс Чингисийн дайчдад эзлэгдсэн улс орны газар нутгийг бүрэн өөрчлөгдсөнийг тохдог таамаглал аажим аажмаар бий болсон. Гэтэл хамгийн их хуурайшилтад дайнд сүйдсэн улсууд биш, харин дайн огт байгаагүй Уйгар, хэн ч өвс ногоогий нь устгах гээгүй Зүүн гар зэрэг өртсөн юм.

Өөр нэг туйлшрал бол XII зууны монголчуудын аян дайныг дайчид шилжин суурьших явдлыг дагуулдаг ердийн их нүүдэл (миграци) гэж үздэг явдал юм. Энэ санааг хэд хэдэн эрдэмтэн дэвшүүлсэн байдаг. Гэвч монголчуудын аян дайн нь их нүүдэл ерөөс байгаагүй юм. Нүүдэлчдийн сулхан бөөгнөрөл ялалт байгуулаагүй, харин байлдааны кампаний дараа төрөлх тал нутагтаа эргэж ирдэг байсан сайн зохион байгуулалт бүхий гавшгай отрядууд байгуулж байсан юм. XIII зуунд шилжин суурьшигчдын тоо тун шалихгүй байв. Тухайлбал, Зүчийн удмын Бат, Орд-Ичин хаад Чингисийн гэрээслэлээр 4 мянган морьтон (гэр бүлийн хамт 20 мянга орчим хүн) хүлээн авч, тэр нь Карпатаас Алтай хүртлэх уудам нутагт суурьшсан юм. Гэтэл бүр эсрэгээр, XYII зууны үеийн халимагуудын жинхэнэ их нүүдлийг түүхчид анзааралгүй үлдэж, энэ нь дэлхий дахины түүхийн бүтээлүүдэд зохих тусгалаа олж чадаагүй.

Ийнхүү тавигдсан асуудлыг шийдвэрлэх нь олон бэлэн ажлуудаас хэрэгтэй мэдээг гаргаж авахаас илүү түүхийн маш өргөн мэдлэгийг шаарддаг юм. Газар зүйн нэн тодорхой мэдлэгээр зарим талаар түүхчид эдийн засагчид хязгаарлагддаг. Энд хамгийн чухал нь бичмэл зохиолыг зохиогчид үйл явдлыг субъектив байдлаар хүлээж авснаас баталгаатай мэдээллийг тунгаан авах явдал байдаг. Баталгаатай мэдээлэл гэдгийг бид түүхэн шүүмжлэлийн сорилтыг давж чадсан, эргэлзээгүйгээр тайлбарлаж болох эх сурвалжуудын мэдээллийг ойлгож байв. Ийм мэдээлэл асар их байдаг бөгөөд тэдгээрийн ихэнх нь улс төрийн түүхэнд хамаардаг. Бид дайн байлдаан, энхийн гэрээ, хэлэлцээр, ордны эргэлт, их нээлтүүдийн цаг хугацаа, нарийн ширийнийг сайн мэддэг. Гэхдээ эдгээр мэдээллийг байгалийн үзэгдлийг тайлбарлахад хэрхэн хэрэглэх вэ?

Иймэрхүү төрлийн баримтыг байгаль дахь өөрчлөлтүүдтэй харьцуулан үзэх арга зүйг зөвхөн XX зуунд боловсруулж эхэлсэн. Янз бүрийн ард түмнүүдийн аж ахуй сэргэсэн буюу унасныг, тухайлбал чийгшилт ихсэж багассан, дулаарсан ба хүйтэрсэн зэрэгтэй шууд холбох гэсэн гэнэн эрмэлзлэл нь эдийн засаг болон нийгмийн хүчин зүйлийг үгүйсгэхэд үндэслэгддэг. Иймээс эдгээр нь ихэнх тохиолдолд эргэлзээ төрүүлэхээргүй гол мэдээ болдог. Жишээлбэл, Балти орчмын ба Оросын үр тариаг Газрын дундад тэнгисийн бүсэд оруулах болсон, XYI-XYII зуунд Испанид хонины тоо толгой багассан зэргийг жилийн температурын шалихгүй өөрчлөлттэй холбож үзсэнээс европын орнуудад Реформаци ба Контрареформацийн учруулсан хүндрэлээр тайлбарлах нь хавьгүй хялбар билээ. Үнэн хэрэг дээрээ газар нутаг дээр нь үгүйрүүлэн сүйтгэгч гучин жилийн дайн (1618-1648) болсон Герман, дайны сүйрэлд өртөөгүй боловч хүн амын сөрөг өсөлттэй байсан Испани хоёр адилхан байсан юм. Испанийн хүн ам 1600 онд 8 сая, 1700 онд 7,3 сая байсан. Энэ нь залуучуудын ихэнх хэсэг Испаниас гарч Америк руу, эсвэл Нидерланд руу явснаас гэр бүл болох, аж ахуй эрхлэх хүмүүс дутагдаж эхэлснээр тайлбарлагдана. Бид аль нэг үзэгдэл цаг агаарын байдлаас шууд хамаарч байгааг тогтоохдоо бидний сонирхож буй үзэгдэл нь эдийн засаг, нийгэм, угсаатны хүчин зүйлүүд, тэдгээрийн хослолууд, эсвэл бүр тохиолдол байсан гэдэгт итгэлтэй байх ёстой гэдгийг харуулж байна. Жишээлбэл,ямар нэг районд шавар хөрс лагшиж үлдсэнээс ургуулан тэнд үер болжээ гэдгийг хялбархан тогтоож болно. Гэхдээ энэ нь хэзээ, 500 юм уу 5000 жилийн өмнө болсон уу гэдгийг яг хэлэх аргагүй. Тоосонцорыг шинжлээд эдүгээ чийгэнд дуртай ургамал ургаж байсан газар эрт цагт хуурайд дуртай ургамал ургаж байжээ гэдгийг мэдэж болно. Гэвч энэ газар нутаг намаг болсон нь ойролцоох голын гольдрил өөрчлөгдсөнөөс үү, цаг агаарын өөрчлөлтөөс үү гэдэг нь батлагддаггүй. Монгол, Казакстаны тал нутагт төгөл ойн үлдэгдэл олддог боловч энэ нь гангаас болсон уу, эсвэл хүмүүс огтолсноос болсон уу гэдгийг хэлж болдоггүй. Хэрэв хүмүүс огтолсон нь нотлогдлоо ч гэсэн хүн байгалийг сүйтгэсэн яг таг цаг хугацаа нь тодорхойгүй үлддэг. Хүн түүнийг хүрээлэн буй газар зүйн орчноос тодорхой хамааралтай байдаг гэдэгтэй хэн ч маргаж байгаагүй. Харин энэ хамаарлын хэмжээ хир зэрэг гэдгийг л янз бүрээр үнэлдэг юм. Ямар ч тохиолдолд ард түмнүүдийн аж ахуй амьдрал нь амьдран буй нутаг орны газар нутаг –цаг агаарын байдалтай нягт холбоотой байдаг. Эртний үеүдийн эдийн засгийн мандалт бууралтыг анхдагч эх булгаас авч буй мэдээлэл бүрэн бишээс шалтгаалан мөшгөж тодорхойлох нь ихээхэн хүнд байдаг. Гэвч цэргийн хүчин чадал гэсэн нэг үзүүлэлт байдаг. Өлсөж буй хүн ам бүхий ядуу гуйлгачин орон урт удаан, амжилттай дайтахад шаардлагатай хэрэгслийг гаргаж чадахгүй нь ойлгомжтой. Томоохон аян дайнд нумаа ”чихээ хүртэл” татаж чадах (ингэж татахад сум 700 метр зайд тусдаг, харин “нүдээ хүртэл” татахад 400 метрт тусдаг) хүнд илд буюу махир сэлмээр удаан байлдаж чадах гэдэс цатгалан, хүч чадалтай, ядраагүй хүмүүсээс гадна ойролцоогоор 4-5 хүний ачаа хөсөг, тэгнээг зөөх морьдтой байх шаардлагатай. Мөн сумны нөөц шаардагдах бөгөөд тэдгээрийг бэлтгэх нь хүнд хэцүү ажил байдаг. Хоол хүнсний нөөц бас хэрэгтэй, тухайлбал нүүдэлчдийн хувьд хонин сүрэг, түүнийг маллах малчин хэрэгтэй. Эмэгтэйчүүд хүүхдийг хамгаалах нөөц манаа хэрэг болно. Нэг үгээр хэлбэл дайн нь маш өндөр өртөгтэй. Эдгээрийг дайсны талаас гаргуулна гэвэл маш баян орныг сайтар ялсны дараа л энэ нь боломжтой болно. Ийм ялалт байгуулахын тулд бат бэх ар тал, цэцэглэж буй аж ахуйтай байх ёстой бөгөөд энэ нь байгалийн зохистой нөхцөл гэсэн хэрэг юм. Газар нутгийн байдал мэтийн газар зүйн нөхцөлийн ач холбогдлын тухай дайны түүхэнд эртнээс бичсээр ирсэн. НТӨ 217 онд Тразимен нуурын дэргэдэх тулалдаанд Ганнибал нуурын эрэг болон римийн цэргүүд явж байсан зам руу 90 градус  өнцгөөр байрласан хэд хэдэн гүнзгий хөндийг ашиглан ялалт байгуулсныг дурдахад хангалттай. Тэрээр ийм байрлалыг ашиглан римчүүдийг гурван газраас зэрэг дайран ялсан юм. Мөн НТӨ 197 онд Киноскефалын дэргэд Македоны хаан V Филиппийн хүнд жигүүрийг хэрчигдсэн газар тархахад нь Римийн консул Фламинины цэрэг тэрхүү эгнээгээ алдсан дайснуудыг цохисон юм. Иймэрхүү жишээнүүд нь түүхчдийн анхааралд ямагт байдаг бөгөөд И.Н.Болтиныг “Гартаа газар зүйгүй түүхч хүнд байдалд ордог” гэсэн алдарт үгээ хэлэх шалтаг болсон юм.

Эдүгээ асуудлыг өөрөөр тавьж болох юм. Газар зүйн орчин нь хүмүүст яаж нөлөөлдөг тухай төдийгүй хүмүүс өөрснөө ямар хэмжээгээр био хүрээ гэж нэрлэгдэх дэлхийн бүрхүүлийн бүрэлдэхүүн хэсэг болдог, мөн түүнчлэн хүний амьдралын ямар зүй тогтолд нь газар зүйн орчин нөлөөлж, ямарт нь нөлөөлдөггүй вэ? Бид түүхийн тухай ярихдаа голчлон материйн хөдөлгөөний нийгмийн хэлбэр буюу хүн төрөлхтөний дэвшилт хөгжлийн тухай ойлгодог. Түүний дотоод зүй тогтолд газар зүйн ч ,биологийн ч нөлөөлөл мөн чанарын хувьд нөлөөлдөггүй. Гэвч хүн тусгайдаа бол нийгмийн гишүүн төдийгүй татах хүч болон байгалийн бусад зүй тогтолд хамаардаг бие мах бодьтой, биологийн бүх үүрэг гүйцэтгэгч организмтай, амьдран буй газар нутгийнхаа биоценезэд ордог сүүн тэжээлтэн, тодорхой угсаатны гишүүн (овог,аймаг г.м) мөн билээ. Иймээс хүн нь газар нутгийн өөрчлөлтөөс үүссэн гравитаци, халдвар, өлсгөлөн болон заримдаа нийгмийн үйл явцтай давхцдаг, заримдаа давхцдаггүй угсаатны нийлэгжилт ийн (этногенез) үйлчлэлд өртөж орж байдаг. Ийм маягаар шинжлэх ухааны орчин үеийн түвшинд ”газар зүйн эх булаг” гэсэн түүхэн ойлголтонд газар нутгийн хүрээллээс гадна угсаатны хөгжлийн газар зүйн онцлогийг оруулбал зохино. Газар зүйгүй түүх нь “хүнд байдалд” ордог төдийгүй, түүхгүй физик газар зүй нь туйлын өрөөсгөл болж харагддаг. Иймээс аль нэгэн үеийн түүхэн газар зүйг судлахад түүхэн өгөгдөхүүнийг заавал, тэгэхдээ тодорхой нөхцөл байдлыг харгалзан ашиглах шаардлага урган гардаг юм. Ингэхдээ түүхэн сурвалжуудыг үг үсэгчлэн баримлах биш, анхдагч түүхэн өгүүлэмжүүдээс ялган цэвэрлэсэн үйл явдлуудын суурь дэвсгэрийг баримжаалах ёстой. Зөвхөн ингэсэн үед л түүхэн баримтууд нь нэг хэмжээст шалтгаан үр дагаврын эгнээнд багтаж, зэрэгцүүлэн хэмжихэд тодорхой болох юм. Үүний дүнд түүхэн сурвалжийн урдаас мушгин тайлбарласан зүйлс, түүнийг зохиогчийн бага мэдлэгийн нөлөөлөл алга болдог. Түүхчдийн хувьд ажлынх нь дуусгал болсон тэр зүй л газар зүйчийн хувьд ажлынх нь эхлэл байж ч болно. Шалтгаан нь тодорхой ба өөр хүрээнд хамаарах, тухайлбал нийгэм-эдийн засгийн формацийн жам хөгжил эсвэл улс төрийн зүтгэлтний алхам зэрэгтэй холбоо бүхий үйл явдлыг хасаж тооцвол зохино. Ингэвэл угсаатны нийлэгжилт болон нүүдэл л үлдэнэ. Чухам энд л нийгэм байгалийн харилцан үйлчлэл илэрч гардаг.

Натурал юмуу энгийн таваарын аж ахуй голлох үүрэг гүйцэтгэж байхад энэ нь бүр тод мэдэгддэг. Үйлдвэрлэлийн арга нь овог буюу аймгийг тэжээн тэтгэж байдаг тодорхой газар нутгийн байгалийн нөхцөлд үүссэн эдийн засгийн боломжуудаар анхлан тодорхойлогддог билээ. Газар орон нь үйл ажиллагааны төрөлд нөлөөлж, материаллаг, мөн түүнчлэн үүсэн буй угсаатны оюун санааны соёлыг зарим талаар чиглүүлж өгдөг. Тухайн угсаатан алга болсон ч түүний үеийн археологийн дурсгал үлддэг бөгөөд энэ нь тэр ард түмний аж ахуйн шинж чанар, амьдран оршин байсан байгалийн нөхцөлийн шинж чанарын тухай мэдээлэл өгдөг. Ингэснээр бид физик газар зүйн нөхцөл байдлын өөрчлөлтөөс голчлон хамаарсан үйл явдлуудаас улс төрийн шинж чанартай түүхэн үйл явдлыг ялган салгах чадвартай болох юм.

Дэлхийн бүх ард түмнүүд тодорхой газар нутаг дээр амьдардаг. Энэ газар нутаг нь олон янз, мөн ард түмэн нь ч олон янз байдаг. Тэд өөрийн газар нутгийг антропогенийн (хүний үйл ажиллагаагаар бий болдог) товгор гүдгэр бий болгох замаар юм уу, амьтан, ургамлыг өөрчлөх замаар хичнээн хүчтэй өөрчиллөө ч гэсэн угсаатан амьдран буй юм уу, шууд хянаж буй тэрхүү газар нутгийн байгалиас хүссэн ч, хүсээгүй ч хоол тэжээлээ авахад хүрдэг. Гэвч газар нутаг мөн л өөрчлөгддөг бөгөөд өөрийн хөгжлийн динамик, өөрийн хөгжлийн түүхтэй байдаг. Хэрэв газар нутаг танигдахгүй болтлоо өөрчлөгдвөл хүмүүс эсвэл шинэ нөхцөлд дасан зохицох, эсвэл сөнөж мөхөх, эсвэл өөр газар шилжин суурьших ёстой болно.

Ингэж л их нүүдэл (миграци) эхэлдэг. Газар нутгийн өөрчлөлт хувиралт нь үүний цорын ганц шалтгаан биш. Их нүүдэл нь хүн амын өсөлт юм уу нийгмийн түлхэлтээр ч үүсч болдог. Ямар ч гэсэн шилжин суурьшигчид эх орондоо дасаж сурсантайгаа төстэй нөхцөл байдлыг хайдаг нь сонирхолтой юм. Англичууд зөөлөн уур амьсгалтай орнууд, тухайлбал, хонь үржүүлж болох Хойд Америк, Өмнөд Африк, Австралийн тал нутагт дуртайяа суурьшсан. Халуун бүсийн нутгуудад тэд онцгой татагдаагүй, тэнд англичууд нутгийн хүн амын хүчээр амьдрагч колонийн түшмэд юм уу, худалдаачин маягаар голчлон амьдардаг байв. Энэ нь мэдээж их нүүдэл боловч огт өөр шинж чанартай юм. Испаничууд халуун бүсийн ойг анхааралгүй үлдээж, хуурай бөгөөд халуун уур амьсгалтай нутгуудыг колоничлосон. Тэд тэульчей нарыг устган аргентиний тал нутагт сайтар дассан, гэтэл Юкатаны халуун ойд байсан майя нар бүтэн үлдсэн. Якутууд Лена мөрний хөндийд нэвтрэн тэнд Байгал нуурын эрэг дэх өмнөх амьдралаа дагаж тэнд адуу өсгөж эхэлсэн, гэхдээ тэд туйлын усны хагалбар дахь газар нутгийг хөндөлгүй, түүнийг эвенкүүдэд үлдээсэн. XYII зууны Оросын газар нээгчид бүх Сибирийг нэвтрэхдээ өвөг угсаатныхаа үүссэнтэй төстэй газар болох тайгын ойт талын зах, голын эргээр дагаж суурьшсан. Яг ийм маягаар XYII-XIX зууны үед украйнчууд “зэрлэг талын” уудмыг эзэмшсэн. Дээр дурдсан жишээнүүд нь угсаатны нийтлэгт газар орон нөлөөлөл үзүүлдэг гэсэн дүгнэлт хийхэд хангалттай юм. Газар зүйн орчин нь зайлшгүй үйлчилж биологийн бүх ганц бие амьтныг тодорхой чиглэлд хувирган зүйлийн зохион байгуулалтыг бий болгодог. Тундр, ой, тал, цөл, уул, усан орчин, арал зэрэг нь организмд ул мөрөө үлдээдэг. Ийм байдалд зохицож чадахгүй биологийн зүйлүүд нь шилжин суурьших буюу үхэх шаардлагатай болдог. Бидний авч үзэж буй асуудалд тухайн хүчин зүйл нь түүхийн судалгаанд нэмэлт болдог бөгөөд үүгээрээ угсаатны нийлэгжилт, яг нарийндаа бол нүүдэлчдийн угсаатны нийлэгжилтийг бүрэн судлах боломж олгодог.

Иймээс талын угсаатнуудын их нүүдлийн асуудлыг бид тусгай бүтээлдээ (Л.Н.Гумилев өөрийнхөө “Нүүдэлчдийн их нүүдэл ба цаг агаарын өөрчлөлт” гэсэн бүтээлээ хэлж байна-Орч) ул суурьтай авч үзсэн юм. Хэрэв угсаатныг техник, нийгмийн хөгжил зэрэг зөвхөн өөрт нь байдаг онцлог бүхий био хүрээний нэг хэсэг гэж авч үзвэл угсаатны нийлэгжилтийг онолын эмпирик түвшинд нэгтгэн дүгнэх асуудал боловсрогдсон бөгөөд угсаатны түүхэн дэх байгаль, нийгмийн харилцан үйлчлэлийн шинж чанар нь зөвхөн нүүдэлчин төдийгүй, суурин ард түмэнд ч илэрч байдаг. Гэхдээ энэхүү харилцан шалтгаацлыг чухамхүү нүүдэлчдийг л нарийвчлан судлах замаар илрүүлж чадах бөгөөд энд уг зүй тогтол суурин ард түмнээс илүү тодорхой илрэн гардаг. Нүүдлийн ард түмэн ахуй болон аж ахуйн хэлбэрээ хадгалан үлдэх нь одоо болтол боловсроогуй асуудлыг тайлбарлахад хүргэж байна.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 3944

Бүлэг: Өгүүлэл

Төргүй хууль, хуульгүй төр

7 дугаар сарын 1–ний үйл явдалд улс төрийн үнэлэлт дүгнэлт өгөх, сургамж авах, цаашдын шийдвэр гаргах хангалттай мэдээлэл, хугацаа байсан ч манай улс төрийн аль ч хүчин үүнийг хийж чадахгүй юм байна. Энэ зөрчилт асуудал маш олон хүн, улмаар үндэстний хувь заяанд үлэмж халтайгаар даамжрах болсны учир бодит байдлыг тодруулах үүднээс энэхүү аналитик өгүүллийг бичиж байна.

Өнгөт хувьсгалын үзэл санаа
Өнгөт хувьсгалын үзэл санаа аль эрт иргэний хөдөлгөөний тэмцлийн үед бий болсон юм. Та бүхэн “Улс төрийн сонин”-д: “Улс төрийн хүчний дахин хуваарилалтын босгон дээр” зэрэг цуврал өгүүлэл гарч, нийтлэлчид гагцхүү үүнийг л бичиж байсныг санаж байгаа байх. Яагаад арчаагаа алдсан төр засгийг өөрчилж, иргэд хууль ёсны эрхээ эдэлж болохгүй гэж. Уг нь дээр доргүй хувьсгал юмуу өөрчлөлт хийхээр оролдож байгаа ахул энэ нь төр засгийг халах цаг нэгэнт болжээ гэсэн хэрэг л дээ. Төрийн нэрээр хэдэн луйварчин бантан хутгаж байгаа цагт энэ үзэл санаа хэзээ ч унтрахгүй юмдаг.
Иргэний хөдөлгөөн
Аливаа үзэл санааг тээгч, хэрэгжүүлэгч бие хүн, бүлэг баймаажин сая тэр нь амьдралд хэрэгждэг. Энэ нь манай нөхцөлд иргэний хөдөлгөөн байлаа. Тэдний тэмцэл хөшүүн царцанги нийгмийг сэрээж, луйврын улс төрчдийг сандаргах, зарим тохиолдолд буулт хийлгэх хүртэл маш хурдан амжилт олсон юм.
Эдний хамгийн том алдаа бол нэгэн үзэл санааны дор нэгдэж, зохион байгуулагдаж чадаагүйд оршино. Энд монгол менталитет, ганцаараа лидер болох хүсэл, хийсвэр мэдлэг, амжилтдаа сагсуурах, дотоод өрсөлдөөн зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн боловч гол шалтгаан нь эрх баригч бүлгүүд байсан юм.
Урвагчид хийгээд хутган үймүүлэгчид
Эрх баригчид иргэний хөдөлгөөний эсрэг тагнуул туршуул тавих, хооронд нь яс хаях, зэрэгцээ буюу сөрөг хөдөлгөөн байгуулах, ээлжлэн санхүүжүүлэх, мөнгөөр худалдан авах зэрэг хамгийн хорлогчинтой аргуудыг нэн амжилттай хэрэглэсэн юм. Энэ нь иргэний хөдөлгөөнүүд зогсонги байдалд орсны гол шалтгаан юм.
Иргэний гэх тодотгол зүүчихээд гэмгүй царайлан явж буй биеэ болон нөхдөө худалдсан адгийн новшнууд монголын нийгмийн шинэчлэлд эрх баригчдаас дутуугүй хор хохирол учруулсан билээ. Одоо ч гэсэн монголд улс төрийн тагнуул, ховлон мэдээлэгч шиг элбэг юм байхгүй.
7 дугаар сарын 1-нд тэд жигтэйхэн “сайн” ажилласан бөгөөд өөрсдийгөө хэн ч мэдэхгүй гэж бодоод байх шиг…Одоо эвдлээд байх юмгүй болчихсон учраас далд эзэддээ ч, нийгэмд ч тэдний үүрэг бараг дууссан буй за. Дээдэс нь иргэний хөдөлгөөнийг зогсоочихсон хэмээн баярлаж, олон түмэн нь зогсчихсон гэж бодож байвал тун их эндүүрэл болно доо ?! Ер нь иргэний тэмцлийн зохион байгуулалтын хэлбэр болон арга маш олон байдаг бөгөөд хөдөлгөөн бол түүний нэг л хэлбэр юм. Гэвч энэ тухай жич яръя.
Луйврыг эсэргүүцэгчид
Луйврын сонгуулийн үр дүнг эсэргүүцэх нь жам ёсны үйл явц байлаа. Гэхдээ энэ нь ялагдсан тал эсэргүүцэх, жижиг нам, хөдөлгөөнүүд эсэргүүцэх, олон түмэн эсэргүүцэх, дээдэс хутган үймүүлэх гээд хольж огт болохгүй асар олон талтай юм.
АН. АН сонгуулийн үеэр хаанаас ч юм санхүүгийн өргөн дэмжлэгтэй болсон нь илт анзаарагдаж байсан юм. Үнэхээр ч чанартай чанаргүй олон судалгааны дүнгээр АН-ын рейтинг харьцангуй дээшилж байсан. Иймээс тэд сонгуульд амаараа ялчихсан байсан. Энэ нам ялсан бол улс төрийн хачин тэнэг өөрчлөлт хийх байсан нь гарцаагүй. Ялагдсан тохиолдолд тэднээс илүү “өнгөт хувьсгалыг” сонирхох хүчин монголд л лав байхгүй.
Жижиг нам, эвсэл. Жинхэнэ хөдөлгөөн унтарч, хуурамч хөдөлгөөнүүд нам, бүлэглэлүүдийг даган хуваагдсан учраас тэднийг нэг ангилалд оруулж байна. Тэдний тун цөөхөн нь 1-2 гэж суудал авна гэж бодитой дүгнэж байхад зарим нь бүлэг байгуулна гэж мөрөөдөж, зарим нь УИХ-ын суудлын талыг авна гэж солиорч байсан юмдаг. Уг нь бол мэдээжийн, харин тэдний хувьд бол гэнэтийн цохилт авангуутаа тэд зайлшгүй “галзуурах” байсан.
Олон түмэн. Олон түмний дийлэнхи энэ үр дүнг огт хүлээн зөвшөөрөхгүй байлаа. Тэдний олонхи нь жагсаал цуглаанд ардчиллын дагуу, хуулийн дагуу, сэтгэл зүрхээрээ очсон.
Харин Монголд идэвхигүй олон түмэн дийлэнхи байдаг бөгөөд тэд бол телевизээр тэмцэгчид юм. Олон зуун жил хуримтлагдсан монгол металитет шинэ зууны нөхцөлд ч хэвээрээ байдаг аж. Телевизтэйгээ хэрэлдэхийгээ хүртэл тэмцэл гээд ойлгочихсон нь монгол үндэстний “өнгөт хувьсгал” хийсэн орнуудаас ялгарах цорын зүйл бөлгөө.
Гадаад хүчин зүйлс. Муу нэртэйгээр нь Хятадаас эхэлье. Тэнд Олимп болоход ганцхан сар үлдээд байлаа. Хэрэв мон-гу буюу умрын бүдүүлэгчүүд “өнгөт” хувьсгал хийгээд бужигнаад явчихвал юун Олимп молимп манатай. Ядахдаа Олимпийн үеэр манай дээгүүр өнгөрөх олон зуун нислэг, мөн төмөр болон авто замаар дамжин өнгөрөх хэдэн мянган жуулчид саатвал ихээхэн том асуудал болох байсан. Юунаас ч айхаа больсон Хятадын цорын ганц болгоомжлох юм нь энэ байсан гэж санана. Оросууд сүүлийн үед манайхыг ихэд анхаарч байгаа. Гэхдээ Оросууд “өөрийн” гэгдэх хүний нам ялсанд нэг их дургүйцэх нь юу л бол ?! Ер нь бол барууныхан л “өнгөт” хувьсгалыг дэмждэг биз дээ. “Өнгөт хувьсгал” хийх санаархал байсан гэдгийг Ерөнхий сайд нэгэнт хэлчихсэн билээ.
Далимдуулагчид (зохион байгуулагч ?)
Энд би манай улс төрчдийн “тэнэг нь тэнгэрээс ах” үйлдлийг авч үзэх болно. Сонгуульд ялагдсан аль ч тал эсэргүүцлийн хөдөлгөөн эхлэхэд бэлэн байсан.
Үүнийг шалтаглан улс төр, нийгмийг бужигнуулах санаархал аль эртнээс бий болж, тун явцуу хүрээнд бэлтгэлээ хангаж байжээ гэсэн ямар ч эргэлзээгүй дүгнэлт хийж болохоор байна.
Ерөнхийлөгч. Хямралт нөхцөлд улс төр, нийгмийг бужигнуулах нь нэг хүн эрх мэдлийг атгах цорын ганц арга юм. Ийм сонирхол ганц хүнд л байдгийг нотлох нь илүүц зүйл болно. Эхлээд аль ч намыг үл ялуулах стратеги бий болов. Үүний дагуу иргэний хөдөлгөөн, жижиг намуудыг нэгтгэхгүй байх, хоёр намыг хагалан бутаргах, хамгийн гол нь бие даан нэр дэвшигчдийн томоохон бүлгийг бүрэлдүүлэх ажлуудыг гарамгай хийв. МАХН, АН-ын “өөрийн талынхан” дээр бие даагчдын бүлэг нэмэгдвэл манайдаа л улс төрийн томоохон хүч болох нь мэдээж юм. Чингэвэл засаглалын “Бүх насаараа хаан” хэлбэрийг тогтоох гол тулгуур болох байсан буй за…
Цагдаа. Манай цагдааг институтынх нь хувьд улс төрийн бүлэглэлүүдээ даган өрсөлдөн тэмцэгч бүлгүүд удирддаг. Энэ нь цагдааг эх захаа алдсан нам, төрийн адил нэгдмэл удирдлагаар хангах ямар ч боломжгүй болгодог. Төр нь арчаагүй бол цагдаа нь мэдээж тийм л байж таарна. Цагдаагийн өрсөлдөгч бүлэглэлүүдийн нэг нь жагсаал цуглааныг тараах гэж, нөгөө нь дэвэргэх сонирхолтой байсан нь илт байна. Ингээд эмх замбараагүй жагсаал цуглааны эсрэг мөн л эмх замбараагүй цагдаа тулсан юм. Монголын цагдаа энэ яваа насандаа ингэж муухай доромжуулж үзээгүй бөлгөө. Тэд онц байдал тогтоомогц л “уяанаасаа алдуурсан нохой” шиг аашлах нь сэтгэл зүйн хувьд зайлшгүй гарах үзэгдэл юм. Одоо жирийн цагдаагаа золиослоод өнгөрөх гэж байна л даа.
Гэмт хэрэгтнүүд. Монголын гэмт хэргийн ертөнц бол манай арчаагүй төр засгаас хавьгүй илүү зохион байгуулалттай, сахилга баттай хүчин гэдгийг би судлаач хүний хувьд сайн мэднэ. Тэд нутаг дэвсгэр, зэрэг дэвийн чанд шатлалтай, зарим үед манай хэзээ ч биелдэггүй хуулиудаас хавьгүй илүү үйлчилдэг өөрийн гэсэн “шударга” хуультай байдаг юм. Эмх замбараагүй явдлын үеэр тэд олз хайх нь мэдээжийн хэрэг байсан. Гэхдээ тэд өөрт байдгаасаа хамаагүй илүү зохион байгуулалттай байсан нь дэндүү хачирхалтай…
Дүүргийн цагдаагийн газрууд руу зэрэг зэрэг дайрах мангар зоригтой үйлдлийг гэмт хэрэгтнүүд бие даан хийж яагаад ч зүрхлэхгүй. Энэ нь тэдэнд дээрээс (?) нөлөөлсөн гэж үзэх баттай үндэслэл болох юм. Ер нь гэмт хэргийн ертөнцөд хамгийн ойрхон, бас зарим тохиолдолд нөлөөлж чадах төрийн цорын ганц байгууллага нь цагдаа юм. Тийм биш гэж үү ?!
Бүр нарийвчлан шинжилбэл цагдаа ч гэсэн “дээрээс өгсөн” тушаалгүйгээр өөрөө шийдвэр гарган үймээн зохион байгуулж чадахгүй. Яагаад гэвэл тушаал бол тэдний яс маханд шингэсэн шинж байдаг. Энэ нь биднийг цагдаагаас улс төр рүү, жижиг гэмт хэргээс том гэмт хэрэг рүү анхаарлаа хандуулах хангалттай бөгөөд хүрэлцээтэй нөхцөл болно…
МАХН болон АН-ын гомдогсод. Энэ хоёр нам дотор үймээнд “тос” нэмэх бүлгүүд хангалттай байсан юм. Энэ бүлэгт нэрийг нь өгөхөд л олон хүнд ойлгомжтой болно байх. Хэн нь хаагуураа, ямар юмаа хийгээд яваад байсныг тодорхой хэлэх цаг удахгүй буй заа…
Далимдуулагч гэсэн энэ ангилалд багтаж буй дөрвөн бүлгийг харьцуулаад үзэхээр уншигч Та тун их юм ухаарна даа…
УИХ-ын сонгууль
Энэ сонгууль дээд зэрэглэлийн луйвар болсныг хүн болгон мэдэж байгаа. Судалгаагаар МАХН, АН-ын рейтинг шалдаа буусан байлаа. Иймээс ч МАХН хэрэв сонгуульд ялагдвал түүний үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх зааврыг дотоод сүлжээгээрээ дамжуулан өгч байсан юм билээ. АН-ын гол томчууд МАХН-ын бүлэглэлүүдтэй хүч хавсран сонгуулийн луйварт идэвхийлэн оролцсон.
АН-аас илүүтэйгээр МАХН-ыг унагах гэсэн өөр хэдэн бүлэг нам дотор болон тун ойрхон ажиллаж байсан юм. МАХН-ын дарга “буруутныг гаднаас биш, дотроосоо хайх хэрэгтэй” гэсэн нь санамсаргүй унагачихсан үг биш л дээ.
Бюрократ ангид тулгуурласан МАХН энэ сонгуульд ялагдвал улс төрийн жам ёсны задрал гарцаагүй болох байлаа. Ингэвэл 7 дугаар сарын 1-ээс ч долоон дор юм болох байсан ч юм бил үү…
Галзуурал
За ингээд 7 дугаар сарын 1 болов оо, хөөрхий. Дээр дурдсан олон оролцогчид холилдоод, зэрэгцээд, уралдаад, уралцаад, өрсөлдөөд, давхиад орчихлоор чинь ийм эмгэнэлтэй, хөгийн юм болох нь дэндүү ойлгомжтой юм. Бүгдээрээ л галзуурсан юмдаг.
Ингээд үйл явдал хяналтаас гарч, жинхэнэ зохион байгуулагчдаас гадна энд тэндгүй “сайн дурын” зохион байгуулагчид гарч ирэв. Олон мянган гар утас сэлгэмэл хийн тасралтгүй ажиллаж байсан гэж Та нэг төсөөлөөд үз л дээ.
Сонгуулийн үр дүнг эсэргүүцэгчид болон далимдуулагчид, гол болон туслах намууд, жинхэнэ болон хуурамч хөдөлгөөнүүд, өнгөт хувьсгалчид, цагдаа болон тагнуул, гэмт хэрэгтнүүд, хөөрөн баясагчид, ажиглагчид бүгдээрээ холилдоод ирэхээр ердөө л улангасал төрүүлдэг жамтай.
Энэ ч ёсоор Ард түмэн–Олон түмэн–Үзэгч түмэн–Дарвисан түмэн гэсэн дарааллаар галзуурлын зэрэг нэмэгдэв. Энэхүү дарвисан түмэн буюу оросоор “толпа”, англиар “crowd” хэмээх төлөв байдал нь нийгмийн хувьд онц аюултай үзэгдэл бөгөөд энд хувь хүний ухамсарт үйлдэл оргүй алга болж, ердөө л араатны шинжтэй эвдлэн сүйтгэх аварга хүч болдог юм. Энэ бол нийгмийн хувьд бол ”тэсрэх бодис” л гэсэн үг юм.
Ямар ч гэсэн урсгал байдлаар дургүйцлээ илэрхийлсэн олон төрлийн “тэсрэх бодис”-т оч тавьж, олон түмний сэтгэл зүйг “тэсрэлтэд” оруулах зорилготой хэн нэгэн, бас гардан гүйцэтгэгчид бэлэн байсан л байна даа…
Тэд хүүхдүүдэд шүдэнз тарааж байгаад гэрээ түймэрдчихсэн хүн шиг байдалд орсон нь лавтай. Энэ тохиолдолд хүүхдэд шүдэнз өгсөн том хүнийг шийтгэдэг бус уу…
Уг нь монголд урьд нь хэзээ ч болж байгаагүй, жирийн давалгаанаас нийгмийн цунами болон хувирдаг энэ үзэгдлийг зогсоох олон арга байдаг юм л даа. Ердөө л ийм юм болсон юм. Харин…
Онц байдал
Олон түмнийг гудамжинд гаргачихвал л “өнгөт хувьсгал” нэрээр төрийн эргэлт хийж болно гэж зарим хүн боджээ. Хэрэв Улаанбаатарт амжилт олсон бол Дархан, Эрдэнэт болон бусад хэд хэдэн (?) газарт түүнийг шатлан өргөжүүлэхэд бэлэн байсан бололтой…
Дэндүү сайн бэлтгэлтэй байсан хэдий ч нөгөө “хувьсгал” нь нийтийг хамарсан дээрэм тонуул болон хувирав. Монголчуудын ихэнхийг өөрсөдтэйгээ адилхан шуналын тулам болгочихсноо мартчихдаг байна ш дээ, чааваас гэж.
Хэний өмч хөрөнгө сүйдэх бил ээ, ямар хохирол учрах бил ээ, иргэний мөргөлдөөн гарвал яахав, энэ аймшигтай юмыг чинь хэн яаж удирдах, хааш нь чиглүүлэх билээ ?! Ингээд л өөдгүй хулчгар хорчингууд айж эхэлжээ. Манайд хулгай хийх, худал хэлэх, хор найруулдаг удирдагчийн сүгнүүд байдаг болохоос биш, хариуцлага хүлээх, өөртөө эрсдэл хүлээх чадвартай удирдагч байхгүй нь даан ч нэг “сайхан”. Ямар ил гараад ирэлтэй нь биш…
Арга буюу онц байдал тогтоохчээ болж, буруугаа бусдад тохож “шүдэнзээ нуухаас” өөр аргагүй болов. Ингээд л “төрийн эсрэг гэмт хэрэг” бий болчихож байгаа юм даа. Үймээнийг Иргэний Эвсэл зохион байгуулсан гэж бүх радио, телевизээр зарлаа биз дээ. Энэ л ёсоор үйл явдал өрнөж байгаа биш гэж үү ?!
Хэн нь хэнийгээ шийтгэх бол…
Одоо МАХН хохирогчийн дүрд, АН ард түмнийг хамгаалагчийн дүрд тоглож байна. Монголын төр Ерөнхийлөгчөөсөө эхлэн гэв гэнэт ухаантай болж, хууль мууль сахих, сахиулах тухай ярих болов.
Монгол төрийн хуулийг зөрчсөн ямар ч хүн таарсан шийтгэлээ хүлээх ёстой гэнээ. Ёстой дэмий л байна ?! Энэ үгийг чинь төр шиг төртэй, хууль цаазтай улсад хэлдэг болохоос манайх шиг стандарт бус төртэй, гаж нийгэмд биелүүлэх боломж огт байдаггүй юм.
Ер нь монголчууд дээр доор гэлтгүй бүгдээрээ шахам хуулиа уландаа гишгэчихсэн нь бодит үзэгдэл юм. Тэгээд дарга нар нь зүгээр, ардууд нь шийтгүүлдэг ёс хаана байдаг юм. Хуулиар хүнийг шийтгэх гэж байгаа бол эхлээд өөрсдөө хуулиа биелүүлж сурсан байх ёстой.
Тийм сүрхий юм бол Та нар өөрсдөө яах гэж дандаа хууль зөрчдөг юм, яах гэж эх орноо худалдсан юм, яах гэж дандаа хуйвалддаг юм, яах гэж сонгуулийн луйвар хийсэн юм, яах гэж бие биенээ хорлох гэж олон түмнийг өдөөн турхирсан юм ?!
Эрх баригчдын олон жилийн өмнөөс байнга, зориудаар, санаатайгаар, тогтмол хууль зөрчиж ирснээс, мөн өдөөн хатгаснаас чинь болж ийм явдал болсон. Үүнээс чинь болоод монголын улс төрийн систем задарч байна. Эрх мэдэлд хүрчихсэн хойноо одоо л нэг хуулиа санаа юу ?!
За яахав үймээн дэгдээгчдийг шийтгэ л дээ. Дараа нь цагдаа нарыг шийтгэ, тэгээд тушаал өгсөн офицерүүдийг шийтгэ. Тэгээд иргэний хөдөлгөөн, жижиг намуудыг шийтгэ. Ингээд л хууль хуудсаа сахиулаад, дэг журам тогтоочихно гэж санаж байна уу ? Ёстой тогтоож харагдаач…
Ингээд утас шиг хөвөрдөөд байвал “зандалчдын” тоог дураараа нэмэх өргөн боломж бий болох бөгөөд чингэхдээ хэнийг шийтгэх нь эрх баригчдын дур зоргийн сонголт болон хувирч таарна даа. Одоо бүр байчихаад иргэдээ хоттой хониноосоо гаргаж байгаа юм шиг шийтгэх нь шив дээ. Иргэд нь “зэрлэг” байвал төр нь араатан л байж таарна.
Хэрэв эрх баригчдынхаа тоо томшгүй олон гэмт хэргүүдэд мөн адил хуулийн дагуу шийтгэл хүлээлгэж чадах юм бол ингэх нь мэдээж шударга хэрэг болно.
Эндээс 7 дугаар сарын 1 бол “зандалчдын” үймээнийг дарсан явдал огт биш, харин улс төрийн үлэмж ноцтой задралын эхлэл мөн. Эхний том доргилт 7 дугаар сарын 1, дараагийнх нь орон нутгийн сонгууль.
Удаах доргилт, магадгүй нуралт Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдон гарах нь гарцаагүй. Өөр ч санамсаргүй хүчин зүйл гэнэт гараад ирнэ вий.
Хэтэрхий олон дайсан бэлтгэж, бас хоорондоо дайсагнаснаас нийгмийн тэсрэлтийг бүр ч илүү зэрлэг болгосон жишээ тун олон буй. Иймээс 7 дугаар сарын 1 давтагдахгүй гэсэн ямар ч баталгаа байхгүй гэдгийг би сануулж хэллээ шүү…
“Дарвисан түмэн” гэгч үзэгдлийн мөн чанарыг орчин үеийн шинжлэх ухаан одоо болтол олоогүй байхад манайхан олчихоод л нэг их сүрхий төртэй юм шиг, хуулиа хуудсаа өөрсдөө сахиж, бас сахиулж чаддаг юм шиг давхиад байх хэрэггүй л дээ. Учрыг нь олж чадахгүй бол орхичих нь илүү дээр л дээ…
Цорын ганц гарц - системийн өөрчлөлт
Ерөнхийлөгчийн сонгууль аль хэдийнээ эхэлчихээд байгаа энэ үед Та нар шинэ юм гаргадаггүй юмаа гэхэд ядахдаа олон түмнээ үймүүлэхгүй байж болноо доо. Ийм балай юмыг улс төрийн мэргэжлийн янхан хэдхэн хүн хийдэг бөгөөд тэдний улс төрийн ДОХ аймшигтай тархаж байна. Нийслэл дүүрэг, аймаг сумын “хүүхдүүд” нь хүртэл бүгдээрээ улс төрийн ДОХ, ДОН хоёр зэрэг тусчихаад байна.
Ингээд би, бид, монголын ард түмэн энэнээс чинь сэжиглээд, үзэн ядаж байгааг харахгүй байна уу ?!
Төргүй хуулийг сахиж, хуульгүй төрийг хүндэтгэ гэж хэн ч хэлээгүй бөгөөд харин ч халж соль гэж сургасан нь олон буй за.
Монголын улс төрийн систем задарч, нийгэм үлэмж гаж байдалд орсноос энэ бүхэн болж байна. Үүнийг засахын тулд арчаагаа алдсан төрийн байгууламжийг системийнх нь хувьд өөрчлөх, чингэхдээ тоглолтын дүрмээ нэн даруй өөрчлөхөөс эхлэх ёстой. Цорын ганц гарц чинь энэ…
Энийг дээрээсээ хийнэ үү, доороосоо хийнэ үү, хамаа алга. Бас өнгөт хувьсгал, өөрчлөлт, шинэчлэл, төгөлдөршил гээд юу ч гэж нэрлэсэн нь огт падгүй. Эхний удаадаа цорын ганц энэ гарцаар явна гэдгээ хоорондоо ил тод тохирчихвол болоод л явчихна. Гэхдээ энийг би Та нараас гуйж гувшаад байгаа хэрэг биш шүү дээ…
Судлаач Д.Ганхуяг
2008 оны 10 дугаар сарын 23.

  • Бичсэн gankhuyag_d
  • Үзсэн: 3057

Бүлэг: Өгүүлэл

"Эрхэм гар" Өгүүлэл

"Толбогүй Монгол" номын зохиолч Х.Эрдэмбилэг. Лондон

Зочид буудлын өрөөнд сэтгэлээр унасан таван монгол ярилцана. Шингэн хоолойгоор аяархан
-Ажил олдохгүй бол буцдаг юм билүү гэж өргөн орны ирмэг дээр суусан жижигхэн хүүхэн хэлтэл цонхоор харж зогсох өндөр залуу
-Ийм амархан няцаад байх даа яадаг юм гэв. Бүсгүй
-Тэгээд яах юм бэ, гудамжинд хонох уу хэмээн гомдсон аятай дуугараад, нулимсаа арчив. Xэн ч үг хэлсэнгүй. Бүгд бодлогошрон дуугаа хураахад өрөө нам жим болов. Зөвхөн сэрүүн агаар нээлттэй цонхоор сэнгэнэн, цагаан торыг нэгэн хэмээр хөдөлгөнө. Гудамжны авиа нүргэлэн сонсогдож, хаяа хүчтэй, хурдтай унаа тэрэгнүүд зурвасхийн өнгөрч бодол үргээнэ.

Өргөн орон дээр хөлөө бүтээлгээр хучин хана налан өндийн суух мяраалаг цагаан бүсгүй гартаа атгасан гар утаснаасаа цаг хяламхийн харснаа “Монголд байсан бол өдийд дурын залуугаараа дайлуулж байхгүй юу” гэж бодон, санаа алдаад “Гэхдээ буцахгүй шүү... Хүний нүүр яаж харах юм” гэж өөрийгөө зоригжуулан бусдыгаа ажиглатал, анх ямар байсан одоо ямар байгаа нь зурвас бодогдов. Анх дуу шуутай, өөдрөг давируун байцгаалаа. Англид буусан оройдоо нутгийн юм задалцгаан өөрсдийгөө анхны монголчууд гэж өргөмжлөн, амжилт, сайн сайхны төлөө өрсөн ерөөцгөөж, монгол зангаар бүгд л би ийм ч дарга, тийм ч дарга гэж томорцгоон, таньдаг мэддэг хүмүүсээрээ гайхуулцгаасан. Тэгэхэд чухам дуу хуур тасрахгүй мэт санагдаж билээ. Гэтэл одоо эвдэрхий зурагт шиг “нүдээд ч” дуу гарахааргүй шахам болж. Бүгдээрээ гурван шил Чингис хоослоод өглөө босоход өндөр залуугийн өвөрт хүүхэн шалдан хэвтэж байв. Нутагтаа бол санаа зовох юмгүй, тэгэж сайхан наргихад залуу тэврэлгүй унтана ч гэж юу байх вэ. Харин одоо харамсана, юунаас болсон юм бэ? бүү мэд. Нөгөө сүрхий, дарга царайлсан өндөр залуу сүргүй болж, заримдаа ч харахаар ой гутна.

Цонхны хажуудах зөөлөн сандал дээр суусан зараа үстэй залуу, нүүрээ таглан уйлж суух жижиг хүүхэнд гэнэт уур хүрэв. Тэр “Энэ байнга л уйлж унжина... Ямар чирээд ирсэн биш, тийм л сүрхий юм бол Монголд хэвтэж байхгүй” гэж бодсоноо хэд хоногийн өмнөх шигээ хатуу үг арай унагалгүй амаа хамхив. Гурван хоногийн урьд “Манай нөхөр надад булган дээл авч өгье, машин бариулъя гэсээр байхад би ийшээгээ зүглэдэг тэнэг амьтнаа” мэтийн, мэдрэл юм ярихад нь “Чамайг бол янхан болсон ч энд тоохгүй” гээд хэлчихсэн аж. Монголд аав, ээжийнхээ гурван өрөө байрыг мөнгөний барьцаанд тавьсан учир залууд ийм яриа сонсох хэцүү байлаа.

Үнэндээ хэний янаагүй өр ширтэй ажээ. Үүдний ойролцоох зөөлөн сандал дээр суух жинсэн өмдтэй бор бүсгүй ч гэсэн танил талаасаа мөнгө зээлсэн. Дүүгийнхээ их сургуулийн төлбөрийг хүртэл авсан тэрээр хоолойгоо засаж байгаад, дүнсгэр байдлыг эвдэн
-Ажил олддог л гэсэн юм даа... Би одоо Монгол руу ярьж энд байдаг монголчуудыг асууна гэж итгэлгүйхэн хэллээ. Дотроо тэрээр олон хүн байхгүй л байх л даа. Гэхдээ л Элчин сайдын яамны утсыг асуугаад олчих хэрэгтэй гэж бодов. Тэгээд
-Гамбаа чи нөгөө утасны газраа одоо заагаад өгөөрэй гэхэд өрөөнөөс гарахын түүс болж байсан өндөр залуу
-За за, тэгвэл би хувцсаа солиод ирье гээд шууд бослоо. Эднээс ганц гайгүй англи хэлтэй нь тэр юмсанж.

Удалгүй хар гурван хостой, үнэртэй ус ханхлуулсан “төрөл арилжсан” залуу ороод ирэв. Түүнийг бүгд гайхан хартал, залуу цоглогоор
-За та хэд санаа зоволтгүй. Капитализмд-бидний цөөхөн монголчуудад ажил олдохгүй байх ёсгүй гэж индэр дээрээс мэт үг хэлээд эргэхдээ
-Одоо бол юу ч хамаагүй хийнэ, би өнөөдөр ажилд орно гээд өөдөөс нь нулимстай нүдэндээ итгэл цацруулан ширтэх жижигхэн хүүхэн рүү нүд ирмэв.

***
Гудамжинд хоёр монгол ялгарч анхаарал татахааргүй олон зүсмийн хүмүүс явж, урьд огт хараагүй машин тэрэг замаар урсана. Шинээр ирэгсдэд анзаарч сонирхох юм элбэг ч мань хоёрт сэхээ алга. Анх ирэнгүүт Улаанбаатарын гудамж талбайд тааралдах танилууд нь хэсэг үгүйлэгдсэн ч хүүхэн одоо тоохоо больж. Тэрээр том, том алхах залууг арай ядан гүйцсээр
-Дарга цэрэг нь одоо ямар хамаатай юм бэ? Юу ч байсан л хийх хэрэгтэй шүү дээ гэж хэлэв. Залуу сонсогдох төдий
-Харин тийм гэлээ. Түүнд өнөөдөр л ажил олдох мэт санагдаад, үүндээ бүр итгэчихсэн, зөвхөн хүслийг нь биелүүлэх хувь заяаны тэмдэг олж харахыг яарч явав. Хүүхэн яриа өдөх санаатай
-Гурван хоногийн дараа буудлаас гараад байр олохгүй бол Элчин сайдын яаман руу очиж болно шүү дээ? Залуу тоосон шинжгүй
-Тийм ээ гэв. Хүүхэн
-Энэ Тунгаа дэндүү маягтай юмаа гээд, тийм гэсэн хариу горьдон залуу өөд өнгийв.
-Ааннхаа... гэхээс анги тэр юу ч хариулсангүй. Хүүхэн дахиж яриа өдсөнгүй нэг мэдэхэд бас л бодолд автав. Тэгэж явсаар замын гарц тулсанаа ч анзаарсангүй. Зам хөндлөн гатлах гэтэл цочтол хажуугаас нэг машин сигналдав. Цог тусан алмайрсан түүнийг залуу ухасхийн арагш татаад
-Эсрэг тал руу нь хар л даа гэж зандрангуй хэлэн, сэхээ ч авч амжаагүй байхад нь залгуулан, замын цаадах байшин руу зааснаа
-Тэр булан тойроод нөгөө газар чинь байгаа гэлээ.

***
Залуу ажил хайхаар хүүхнээс салаад ганцаар цааш явтал гаднаа модон сандал, ширээтэй нэг зоогийн газар үзэгдэхэд огт эргэлзэлгүй шууд хаалгыг нь татав. Өдрийн бүүдгэр гэрэлд ресторан эл хуль харагдана. Лондонгийн зарим зоогийн газрууд өдрийн гурван цагаас оройн зургаа хүртэл хаадгийг тэгэхэд тэр мэддэггүй байлаа. Хаалга дуугарах чимээнээр дээд давхараас бололтой нэг шар охин бууж ирээд
-Танд яаж туслах вэ гэж асуухад жаахан сандарсан ч мэдэгдэлгүй
-Би ажил хайж байна гэлээ. Том цэнхэр нүдтэй охин долоовор хуруугаараа заан
-Эзэн, тэр кассны машин байгаа булангийн цаана бий, тийшээ очиж уулз гэх шиг болоход биеэ цэхлэн, хоолойгоо зассаар дөхөж явтал гал тогооноос (гал тогоо нь том цоорхой ханатай) нэлээн настайвтар, туранхай эр гартаа алхтай өөдөөс нь гараад ирэв. Тэрээр монгол залууг гайхаж харснаа
-Танд яаж туслах бэ гэв.
-Би ажил хайж байна гэхэд
-Манайд танд тохирох ажил байхгүй л дээ. Уучлаарай гэж намуухан хариулав. Нэгэнт л орж ирсэнээс хойш шууд гарах эвгүй санагдсанд, манай хүн
-Би ямар ч ажил хамаагүй хийнэ гэж аргаа барж хэлтэл, настайвтар эр эргэлзэн
-Ямар ажил? гэв
-Юу ч хамаагүй. Би угаана, цэвэрлэнэ гэв. Костюмтай залууг ажиглаж учрыг тунгааснаа эзэн эр
-Тэгвэл чи хувцсаа солиод ир гэв. Манай хүн шууд ойлгосонгүй тул үгээ зөөн
-Уучлаарай, та дахиад хэлдээ гэтэл араас нь гарч ирсэн, нэг хар залуу, туранхай эрийн хажуунаас хуруугаараа зааж байгаад
-Зангиа, пиджак нөү, нөү* гэж тун ойлгомжтой доогтой хэлэв.

Монгол залуугийн ичсэн гэж, амьдралдаа ингэж шараа болж үзээгүй юмдаг. Үг дуугүй тэрээр эргээд алхтал шар охин бас жуумалзана. Тэр танхимын уртыг яана... Хөлс чийхаран аль болох л намбалаг, түргэнийг хослуулахыг хичээсээр үүд рүү чиглэнэ. Тэрхэн хугацаанд юу эсийг бодох уу. Бүр шар нь хөдлөөд хоёр их сургуулийнхаа дипломыг үзүүлж байгаад, Монгол улсын Их хурлын гишүүний төрсөн дүү гэдгээ хэлэхийг ч хүсэв. “Даанч муусайн бааснууд монгол хэл мэдэхгүй л дээ”. Тэр рестораны уртыг яана... алхаад л байлаа, алхаад л байлаа.

Таван жилийн дараа

Их хотын шуугиан татарч бүрэнхий болсны дараа Хай стрийт Кэнсигтоны нэгэн том зоогийн газрын гал тогооны арын хаалганы довжоон дээр тогоочийн хар малгайгаа өвдгөн дээрээ тохсон ази залуу агаар шуналтай уушиглан, нүдээ анин, үл мэдэг инээмсэглэн хаалганы яс мод түшин сууна. Ард нь цэвэрлэгээ хийх гал тогооны гэрэлд түүний сүүдэр чулуун хучлагатай газар хол сунан тусчээ. Энэ залуу яг өнөөдөр Лондонд анх бууж байлаа. Таван жил түүнд харавсан сум шиг өнгөрсөн ч огт өөр хүн одоо энд сууж байгаа мэт бас бодогдоно.

Өдрийн их ажлыг ардаа нугалсан түүнд өөрөөрөө бахархах сэтгэл төрөхөд гэнэт тэрээр хоёр гараа урдаа барьж эргүүлж тойруулж хартал, хуруундаа соривтой ажилд нухлагдсан хоёр гар нь тэрхэн мөчид хамгийн эрхэм, нандин санагдав. Халаасандаа арванхан паундтай болчихоод балрахын даваан дээр хоёр гарынхаа хүчинд л өдий зэрэгт хүрсэн гэхээр түүнд эргээд нутагтаа гуяа ганзагалаад очсон ч алзахгүй мэт санагдах ажээ. Хүний газар таван жил эрж явсан ганц зүйл нь хоёр гар нь байж гэж бодохоор түүнд баясал бахархал төрдөг. “Таван жилийн өмнөхтэйгээ харьцуулвал би өөрчлөгдсөн. Урьд нь ширээний ард суусан, жинхэнэ ажлын үнэ цэнийг мэдэрдэггүй хоосон мангуу явлаа. Харин одоо бол би гараараа ч, тархиараа ч ажиллаж чаддаг хүнийг жинхэнэ эр хүн гэнэ гэдгийг яс махандаа суутал ойлгосон” тэрээр ийнхүү бодож суутал анх ирэхэд болсон хөгтэй явдал нь дахин санагдав.

Их хотод хавар иржээ.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 2769

Бүлэг: Өгүүлэл

Нам намайг мэдэх үү, би намыг мэдэх үү?

Судлаач Д.Ганхуяг, 2008 оны 4 дүгээр сарын 5.  

Нам намайг мэднэ
Социализмын үед ихэнхи хүмүүс нам намайг мэднэ хэмээн үнэн сэтгэлээсээ бодож үйлддэг байлаа. Нэг үзэл суртал, хэт төвлөрсөн удирдлага, хатуу чанд хяналтын дор байсан саяхны малчин хүмүүс тэгэхээс өөр арга зам байгаагүй байх. МАХН дандаа эвдлэн сүйтгэгч байгаагүй, харин бүтээн байгуулагч нам байсан бөгөөд үүнийг манай орны нийгмийн дэвшлийн түүх гэрчилнэ.

Харин энэ нь хувь хүнийг нийгмийн эрэг шураг болгон хувиргаж, нийгмийн бүх амьдралыг хэт нэг загварт оруулахыг эрмэлзэж байснаараа нийгмийн хөгжилтэй нийцэхээ байж энэ намын хуваарьгүй ноёрхлыг халах ардчилсан хувьсгал болсон гэж үзүүштэй. Намын даалгавраар юуг ч хийж, намын илгээлтээр хаана ч очиж мэднэ. Чи намын даалгавар биелүүлэх ёстой болохоос биш, шүүн хэлэлцэх эрхгүй.
Нэгэнт нам хэмээх нэгэн том “тэнгэрлэг” юм нийгмийн ч, чиний ч амьдралыг мэдэж байгаа болохоор хувь хүнд уг нь нэг их санаа зовоод байх зүйл бараг байхгүй байсан. Бүгд л биллярдын бөмбөлөг шиг адилхан байх ёстой байв шүү дээ.

Нам нь нийгмийг удирдаж байгаа болохоор нийгмийн аль ч салбарын бүх боловсон хүчний хувь заяаг мэдэж шийддэг байлаа. Төр мэдэхгүй, нам л мэднэ. Энэ тохиолдолд аль ч хүн нам намайг мэднэ гэж бодох нь бараг зүйн хэрэг юм. Нам хувь хүнд өөрөөр бодох, үйлдэх боломж олгодоггүй байсанд хамаг гай оршиж байсан юм. Үнэн хэрэг дээрээ шаталсан удирдлагыг атгаж байгаа дарга нарыгаа “нам”, “удирдлага” гэж ойлгож явж ирсэн байдаг юм. Олон арван жил ингээд яваад ирэхлээр монгол хувь хүн ямар нэг идэвхи, оролцоо гаргахыг үл хичээгч, “дээрээс” “нэгэн шугам”, “нэгэн бодлогоор” өгсөн командыг ямар ч хяналтгүй биелүүлэгч, дарга нарыг бишрэн шүтэх голлох менталитеттай болсон ба энэ нь одоо ч үргэлжилсээр байна. Мөн ердийн ухамсрын түвшинд нам төр хоёрыг нэг юм мэт ойлгодог байснаас гадна түүнийгээ тахин шүтэх менталитеттэй байлаа. 

Уламжлалт болон социалист төр адил шинж тун олонтой байсан юм. Үүнд:
1.    Төвлөрсөн, авторитар шинж
2.    Нэг шашин буюу нэг үзэл суртал
3.    Нэг хүнийг шүтэх буюу харизматик шинж
4.    Төрийн хүчирхийлэл
5.    Нийгмийг бүхэлд нь хянах хатуу хяналт
6.    Хувь хүний идэвхи, бие даасан байдлыг үл ойшоох зэрэг болно.

Намгүй төр үү, төргүй нам уу ?
Ардчилсан хувьсгал болж МАХН-ын “удирдан чиглүүлэх ролийг” алга болгосноор Монгол Улс олон намт тогтолцоонд шилжив. Тэр үед “нам төвт тогтолцооноос төр төвт тогтолцоонд шилжинэ” гэсэн томъёолол ид моодонд орж байлаа. Тэр үедээ хүн бүхэнд ойлгомжтой мэт байсан энэ томъёолол одоо бол дэндүү гэнэн зүйл байсан аж.

Асуудлын мөн чанар нь МАХН-ын оронд ямар намууд байгуулах вэ гэдэгт байсан юмсанж. Харин энэ тал дээр бидний туршлага бас л “хүүхэд” байсан учраас цоо шинэ улс төрийн хүчнүүдийг зохион байгуулалтын цоо шинэ зарчим дээр байгуулах ёстой байсан атал МАХН-тай адил олон намтай болох огт өөр, бас дээр нь шал буруу зүйл рүү яваад орчихжээ.

Бид чинь ганцхан жилийн дотор 17 нам байгуулж хүртэл үзэв шүү дээ. Энд буруутан байхгүй бөгөөд бидний заавал туулах шившгийн хөндий байсан юм. “Ардчилсан” талын намууд МАХН-ыг шүүмжилж л байвал бах нь ханаж байснаас өөрсдөө ийм болохоор тэмүүлж байгаагаа ер мэдээгүй. МАХН ч гэсэн өөрийгөө өөрчлөхийн тулд ихээхэн зовлонтой учрав. Хэт их өөрчилбөл өөрөө сөнөчих гээд байдаг, эсэргүүцэх гэхээр болж өгдөггүй хачин хөгийн байдалд орсон юм. Эрхбиш нийгмийг олон жил удирдаж ирсэн туршлага, боловсон хүчний болон бусад нөөцийнхөө хүчинд л дуйдуйдан арай гэж шинэ нөхцөлд зохицон ядаж байлаа.

Энэ үед улс орныг бүхэлд нь удирдаж байсан хуучны номеклатур анги, одоогийнхоор бол бюрократ ангийн мэдэлд удирдлагын бүх ресурс аажмаар шилжиж эхэлсэн. “Төр төвт тогтолцоо” гэдэг хаана ч байхгүй “шинэ юм” хаанаас гараад ирснийг би л лав мэдэхгүй, бодвол гаднын аливаа юмыг дуурайх өвчтэй мөртлөө дандаа гажуудуулж, завхруулж байдаг бидний хөгийн зантай холбоотой нь гарцаагүй гэж санана.             

Олон олон МАХН
Ардчиллын үр дүнд бий болсон бүх намууд МАХН-ыг шүүмжлэхийн хамт бүгдээрээ түүн шиг болохыг хүсч байсан аж. Магадгүй тухайн үедээ үүнийгээ ухамсарлаагүй байсан байх. Бүгд л аль нэг үзэл суртлыг бишрэн шүтэгчид болцгоов. Социализм, либерализм, консерватизм болон үүнийхээ дээр олон “нео”-г нэмбэл бидэнд тунхаглаагүй үзэл суртал гэж дэлхий дээр бараг үлдээгүй байх.

Зохион байгуулалтын хувьд гэхэд л МАХН-ыг дуурайсан Их Хурал –Бүгд хурал- Удирдах зөвлөл гэсэн удирдлагын гурван шатат бүтцийг бүгдээрээ усны дусал шиг авцгаасан юмдаг. Тэгээд анхан шатны байгууллагын босоо удирдлагад захирагдах хатуу бүтцийг бий болгоцгоов. Ингээд Монгол Улсад олон олон МАХН бий болсон. Гагцхүү том жижгээрээ л ялгарч байдаг болов. Иймээс ч манай намуудын дүрэм бүгдээрээ шахам адилхан байдаг юм. Хэлбэрийн хувьд АН арай “ардчилсан” дүрэмтэй мэт харагдах боловч үйл ажиллагааны агуулгын хувьд зарчмын ялгаа бараг байхгүй дээ.

Одоо олон хүн ярьдаг юм. “1990 онд л энэ муу коммунист намыг л Европын орнууд шиг хаагаад хаячихсан бол өнөөдөр бид нар ардчиллыг ёстой жинхнээр нь хөгжүүлчихсэн байхгүй юу” гэж. Энэн шиг худлаа үндэслэл байхгүй. Тэнд коммунист намыг дуурайх биш, оргүй алга болгосон огт өөр үйл явц болсон, нийгэм нь ч үүндээ бэлэн байсан байх.

Нэгэнт зөвхөн тунхаг байдлаар авсан үзэл сурталтай, зохион байгуулалт, удирдлага, арга барил зэрэг бүх шинжээрээ ижил системтэй учраас энэ нам нэртэй юмнууд чинь хуйвалдахаас өөр яахийм. Анхнаасаа ёс зүй, дэг журам, эмх цэгц, хэм хэмжээ гээч юм ор байхгүй учраас нам санаатай юмнууд нь явцуу бүлгүүдэд хуваагдаж, зөвхөн албан тушаалын төлөө алалцахаас өөр яадгийм. Энэ нь нийгмээ ч, намаа ч хөнөөх гол бөгөөд үндсэн шалтгаан мөн.   

Шинэ үү, шинэчлэгдсэн үү ?       
“Ардчилсан талын” намууд бид цоо шинэ гэж өөрийгөө дандаа зарлана. МАХН бид шинэчлэгдэж байна гэж байнга зарлана. Бүхэл бүтэн арван найман жил шинэчлэгдлээ. Одоо байж байгаа царайг нь хар л даа. Миний бодлоор Монголд “шинэ” болон “шинэчлэгдсэн” нам огт байхгүй. Бүгдээрээ МАХН-ын жишгээр хийгдсэн учраас тэр. 

Монгол менталитет аливаа юмыг “сайн –муу”, “сайхан- муухай”, “хар –цагаан” гэж хүлээж авдаг учраас улс төрийн хувьд хоёроос дээш тоо мэддэггүй шахам юм.
Би судлаач хүн боловч олон зүйлийн учрыг их хожуу ойлгодог тэнэг хүн л дээ. Бүр 1990 –ээд онд судалгаанд явж байх үеэс л малчин, ажилчин янз бүрийн хүмүүс бие биенээсээ байнга ингэж асуух. “Чи саналаа намын төлөө өгсөн үү ? ардчиллын төлөө өгсөн үү ?” гэж. Олон жил чихнийхээ хажуугаар өнгөрөөж, огт ухаарч байгаагүй энэ үгийн утгыг би саяхан сэтгүүлч найз Г.Дашрэнцэнгийхээ марзан үгнээс ойлгож байгаа юм даа. Ардын ухаанаар бол нам гэдэг нь МАХН, ардчилал гэдэг нь үлдсэн бусад бүх хүчнүүдийг хэлж байсан юмсанж.

Боловсон хүчний бүх салбарын бүх нөөцийг МАХН атгаж байсан нь баримт юм. Улс төрийн бусад хүчинд ийм ресурс байгаагүй нь бас л баримт юм. Жишээлбэл, 1996 онд “Ардчилсан Холбоо” эвсэл сонгуульд ялахад түүнд улс орныг бүхэлд нь удирдах бэлтгэл, туршлага бүхий боловсон хүчний нөөц байгаагүй юм. Тэгээд тэд “айлын гал зууханд орсон сармагчин шиг” аашилж, гадныхныг дуурайхаас өөрийг хийгээгүй нь бас маргаангүй баримт. Энэ нь намуудыг, нэн ялангуяа МАХН-ыг өөрчлөхгүйгээр улс төрийн тогтолцоонд ямар ч шинэчлэлт, өөрчлөлт явагдахгүй гэсэн баттай дүгнэлтэд хүргэж байна.  

Хувирал    
Энэ хооронд өмч хувьчлал явагдаж, нийгмийн олигархи бүлэглэл бий болов. МАХН олон түмнээсээ байтугай, гишүүдээсээ хөндийрсөн социализмын үеийнхээсээ долоон дор хаалттай систем болон хувирав. Монголын улс төрийн тогтолцоо МАХН төвтэй, бусад намууд нь түүнд хавсран туслах шинж чанартай болж ардчиллын анхдагч зорилтоосоо үлэмж ухрав.
Энэ байдлыг арай эрт ухамсарлаж, нийгмийг өнөөгийнх шиг адгийн хямралд оруулахгүй байх боломж байсан юм. Гэтэл Н.Энхбаяр гэж нэг гай гарч ирээд нөгөө нам, төрийн эмзэг тогтолцоог шууд үнэ хаялцуулан зардаг бараан зах болгон хувиргасан юм. Одоо лайг нь бид үүрч байна. Эдүгээ намыг ойлгох дараах адгийн үнэлэмж бий болжээ.    

Нам намайг тэжээнэ: Нам нь улс төр бизнесийн бүлэглэл болсон учраас мөнгөний ихэнх нь намын сүлжээгээр урсдаг болов. Хоёр нам эдийн засгийн гол салбаруудыг хуваан авч, колоничлон атгасан тул “ДОТУУР” намуудаас гадуурх бизнес хийх боломж бараг үгүй. Намаар л дамжиж хоолонд хүрдэг амьдралын үндсэн хэв маяг тогтож байна. Хоолонд хүрээд зогсохгүй намын харьяаллаар дамжуулан нийгмийн баялгаас зувчуулдаг, шамшигдуулдаг, шимэгчлэн сордог болжээ.

Нам намайг хамгаална: Идэж ууснаа шингээхгүй бол идэхийн хэрэг юу билээ. Шударгаар нэгэнт их хэмжээний мөнгө олох боломжгүй тул илүү тэгш эрх эдлэхээс өөр аргагүй болно. Илүү тэгш эрхээрээ илүү жаахан идсэнийг нь иргэний нийгмийнхэн бүртгэж авлига, албан тушаалын хэрэг, төсвийн мөнгийг зувчууллаа, төрийн албыг зарлаа, татвараас бултлаа, хууль зөрчлөө гэмт хэрэгтэн боллоо гээд баалаад байхаар яая гэхэв намаа л бараадаж, намынхаа хормой доогуур шургахаас аргагүй. Эцэст нь нам нэртэй гэмт хэргийн бүлэглэл бидний нүдний өмнө бий болж байна.

Нам миний амьдрал: Намгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй арчаагүй хүмүүс нийгэмд бий болов. Нам дамжихгүйгээр, намд нийлэхгүйгээр, улс төрөөр бөөлжихгүйгээр амьдарч чадахаа байсан хүмүүс, намаар далайлгаж, намаар айлгаж хоол олж иддэг хэсэг, намаа зарж, намдаа зарагдаж ашиг олдог бизнесүүд, намаа дэмжин сонгуульд өрсөлдөж, сонгуулийг Соёолонгийн уралдаан шиг үзэж ханамж авдаг, сонгуулиар баримжаалан амьдардаг намын фанатикууд төрөв, ялгарав. Намаас нь салгачихвал сахил санваараа алдсан лам шиг, хөнгөлүүлсэн хурга шиг, эрэг дээр хаягдсан жараахай шиг ангалзах хүн олон болов.

Өнөөдөр бүх намууд МАХН-тай ИЖИЛХЭН болсноор манай нэгэн үеийн түүхийн цикл дуусч байгаа нь хэнд ч тодорхой байна.  

Би намыг мэднэ. 
Орчин үеийн дийлэнхи намууд сул зохион байгуулалттай, ашиг сонирхлын, мэргэжлийн болон клубын зарчмаар зохион байгуулагддаг аж. Одоо бол нам намайг мэдэх биш, би намыг мэднэ гэх зарчим ноёлох болсон байна. Манайтай адил ард түмнээ нам гэсэн олон фронтод хувааж байнга байлдуулж байдаг балар эртний намын системтэй улс гэж бараг алга болж. 
Улс төрийн намуудын үйл ажиллагааг хуулиар их сайн зохицуулж юу хийж болох, юу хийж болохгүйг нь хүртэл маш нарийн зааж өгдөг жишиг тогтжээ.

Бас иргэний нийгмийн төлөөлөл, хяналтыг янз бүрийн хэлбэрээр тогтоож өгдөг болсон байна. Энэ үед л нам гэдэг жинхэнэ утгандаа орж хөгждөг эд ажээ. Бид ХХ зууны намын тухай төсөөллөөсөө ч, үйл ажиллагаанаасаа ч татгалзах цаг нэгэнт ирээд байна.      
1990 оноос Монгол улс ардчилал, зах зээлийн замд орлоо гэж хүн бүхэн ярьдаг. Гэтэл яг жинхэнэ утгаараа ардчилсан улс болоод, чөлөөт зах зээлийн эдийн засагт орсон юм огт алга. Ардчилсан улс гэхээр ядаж сонгуулиа ч булхай луйвар, хахуульгүй хийж чадахгүй байна. СЕХ гэж байгуулаад 9 гишүүнийх нь 7-г нь нэг намаас авчраад тавьчих юм. Зах зээлд орсон гэхээр энэ улсын хамгийн ашигтай бизнесийг дарга, сайд нарын компани хийх юм. Насаараа бизнес хийж үзээгүй байж Монголын байгалийн баялгийн ихэнхийг нэр дээрээ болгоод, өөрсдийгөө “үндэсний хөрөнгөтөн” гэж нэрлэчих юм.
Н.Энхбаярын байгуулсан зах зээлийн нам, төрийн онигоонууд одоо бүхэлдээ уйлаан болон хувирч байна. Сэтгүүлч, фельетонч Б.Цэнддоо надад зовлонгоо ярьж байнаа. Уг нь фельетон гэдэг нь болж өнгөрсөн явдлыг хошин аястай болгон шогчилж уран сайхны аргаар бичдэг эд юм байна л даа. Тэгээд тэр чамгүй амжилт олж байтал нь улс төрийн бүх юм өөрөө фельетон болоод ирэхлээр бичих юм ховор болчихоод “хийх ажилгүй хачин их зовж” байгаагаа надад хэлж хэлж билээ. Одоо бол “монголчууд уйлах багадаж, үхэх ихдээд” байна.       

Ардчилсан хувьсгалын дараа бүтэн 18 жил өнгөрчихөөд байхад дахиад л эрх чөлөө, ардчилал, чөлөөт зах зээлээ байгуулахын төлөө тэмцэх хэрэгцээ улам бүр нэмэгдсээр л байна. 
Монголын нийгэмд үзэл бодлын өрсөлдөөн үгүй болж, оюун санааны орон зай хоосорч эзгүйрчээ. Энэ бол гарцаагүй улс төрийн тэргүүлэх хүчний орон зай үгүйлэгдэж байгааг харуулах юм. Гэхдээ шинэ гэгдэх хүчнүүд дотор ч МАХН-ыг дуурайх мөнөөх хуучирсан сэтгэлгээ хэвээрээ байгааг одооноос анхааруулж байна. Би ганцхан МАХН-ыг устгах гээд байгаа юм биш, харин бүх намууд нь ижилхэн хатуу бүтэцтэй, хэдхэн феодалаас хамаат болчихсон, хэт зэрлэг, дээрмийн шинжтэй улс төрийн тогтолцоог зарчмын хувьд, үндсээр нь халан өөрчлөх тухай ярьж байна.  

Хуучин намын өгөрч, ялзарсан тогтолцоо чинь Монголыг маань хөнөөж дуусч байгааг эрхбиш ойлгох цаг болсон баймаар. Монголын ардчилал хэмээгч нь социализмаасаа долоон дор болсныг монголын нийгмийг олон үзүүлэлтээр харьцуулсан судалгаа нотолж байна. Гэхдээ намуудын удирдлагад байгаа хэт даврагч, авилгач, гэмт хэрэгтэн, шуналтнууд энэ үйлсийг гүйцэлдүүлнэ гэдэгт даан ч нэг итгэхгүй байна. Иймээс тэднийг нэн даруй, ямар ч өчиггүй улс төрийн тавцангаас зайлуулах нь өнөөгийн улс төрийн бараг цорын ганц зорилт болж байгаа юм. Яагаад гэвэл тэднээс шинэ, нааштай юм гарах хөг нь аль хэдийн өнгөрсөн.      

Шинэ зууны улс төрийн соёлын стандартад нийцэх ёс суртахуун, зарчим, бүтэц, зохион байгуулалт, үзэл баримтлалтай, ШИНЭ нам үүсэн байгуулагдах эрэлт хэрэгцээ, хүлээлт Монголын нийгэмд нэгэнт бүрдээд байна. Намыг би, бид мэдэх цаг болжээ. Ийм хүчний үр хөврөл бүрэлдэж эхэлж байна. Энэ хүчин шууд өнөөдөр амжилт олдоггүй юмаа гэхэд тун ойрын үед ялах нь гарцаагүй юм. Энэ бол XIX, XX зууны намуудыг хална гэсэн үг. Энэ бол хүнд хэцүү ч гэсэн монгол үндэстнийг аврах цорын ганц зам болно...   
 
Жич: Энэ өгүүллийн олон санааг сэдсэн Ч.Тамир, Ц.Болд, З.Батболд нартаа талархлаа илэрхийлж байна.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 2720

Бүлэг: Өгүүлэл

Бирмын ард түмний ардчилалын төлөөх бослого Хятадад эрсдэлтэй

Ц.Сэргэлэн (Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.)  Германаас

Өгүүллэг „Frankfurter Allgemeine Zeitung“ хэмээх германы нэр хүнд бүхий өдөр тутмын сонины 2007 оны 9 дүгээр сарын 25, 13 дахь талд гарсан.

Бирм дахь эрх мэдлийн төвлөрлийг хөрш Хятад Улс нь эдийн засгийн явцуу сонирхолдоо хэрхэн ашиглаж, өөгшүүлэн даврааж, Бурмын ард түмнийг зовлон гачаалд унагаж байгаа тухай нэгэн эмгэнэлтэй, сургамжтай өгүүллэгийг монгол хэлнээ орчуулөн буулгаснаа  толилуулж байна.

Хятад Улс хөрш орноо мөлжиж байна
- Байгалийн хий, эрдэнийн чулуу, зандан мод үнэ ихтэй-

Бирмд цэргийн дарангуйлалын эсрэг тэмцэл өргөжиж байна. Өчигдрийн (9 сарын 24) байдлаар Рангунд 30.000 аас 100.000 хүн гудамжинд жагссан гэсэн тооцоо бий. Тус улсын хуучин нийслэлд долоо гаруй хоногийн өмнөөс лам нар жагсаал хийж эхэллээ. Анх дулааны (байгалийн хийн) үнэ, хүнсний зүйлийн үнэ ихээр нэмэгдэж буйн эсрэг байснаа, улмаар өргөжиж нийтийг хамарсан шинжтэй болов. Энэ үйл явдал нь Хятад улсыг ашигт малтмалын хангамжинд муугаар нөлөөлөх үр дагавартай юм. Зүүнд өмнөд азийн хамгийн баян орны нэг байсан улс одоо цэргийн эрх баригчдын эрхшээлд байгаа бөгөөд Хятадын шууд нөлөөнд нэгэнт оржээ. Цэргийн эрх баригчдын дарангуйлал нуран унаваас Хятад ашигт малтмалын бодлогын нэг чухал хэсгээ алдана. Цэргийн эрх баригчид засгийн эрхээ хүч хэрэглэн хамгаалваас барууны ертөнц Хятад Улсыг энэ бүхний ард зогсож буй хэргийн эзэн хэмээн буруутгах болно: энэ бас л Хятадын хувьд сайн зүйл биш.

 Албан ёсоор барууны орнууд Бирмын дэглэмийн эсрэг худалдааны хориг тавьсанч зарим нэг барууны улсууд газрын тос, байгалийн хийн салбарт, харин зарим нь гадаадын охин компаниараа дамжуулан үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулсаар байгаа. Бурм барууны машин, тоног төхөөрөмжийг Хятадаар дамжуулан импортлодог болсоны зэрэгцээ Бирмад нэлээд олон жилийн өмнөөс хаалттай байдал үүссэн агаад тэр орон зайг Хятад маш их хүчээр эзэлж авсан юм. Үүнийг ашигт малтмалаар баялаг хойд хэсэгт хятадуудын барьж өгсөн сургуульд хятад хэл анхдагч гадаад хэл болон орж байгаа жишээгээр тайлбарлаж болно. Нутгийн хойд хэсэгт Рангунгийн бус Бээжингийн цаг тоолол нэвтэрсний зэрэгцээ  Цэргийн захирагчид, зарим аймгийн цэргийн удирдагчид хятадуудтай сайн харилцаа тогтоосон бөгөөд тэд Бирмд хууль бус аргаар олсон мөнгийг буцааж эргэлтэнд оруулах (мөнгө угаах) бизнесээс их хожоо олж байдаг. Мянга, мянган хятадууд Бирм уруу казино тоглохоор зорчиж, тэнд азаа үзэх нь ердийн хэрэг болоод байна. “Улс орныг маань Хятад мөлжиж байна. Бурм Улс одоо Хятадын нэг муж мэт байдалд орсон” хэмээн Рангуны нэгэн димломат хэлжээ.

 “Хятад Улсын хувьд Бирм их ач холбогдолтой. Хятад Улс хөршөө ашигт малтмалын эх үүсвэр, Энэтхэгийн буланд нэвтрэх гарц болохынх нь хувьд ашигладаг.” гэж бурмч судлаач, Лондогийн Их сургуулийн өмнөд азийн шинжээч Майги Лалл сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн. Бүүр английн колончлолын үед Бирм ашигт малтмалын баялагтай улсын хувьд ач холбогдолтой байв. Колончлогчид зандан мод, эрднийн чулуунд сонирхолтой байж. 1962 онд цэргийн дарангуйлагчид засгийн эрхийг авсан бөгөөд хятадын үггүй зөвшөөрлийн үндсэн дээр ард түмнээ харгис хэрцгийгээр дарангуйлан захирч байна. Үүний төлөө хятадын компаниуд хөрш орондоо бурмчуудыг ажиллуулан зандан мод бэлтгэж, бадмаараг чулуу, алт олборлож, хятадуудад ашигтай дэд бүтцийг байгуулж байна. “Хойд хэсгийн замуудыг хятадын хөрөнгөөр, хятад ажилчдаар бариулж байна. Энэ бүх үйл явдал Энэтхэгтэй шууд залгаа Бурмын хэсэгт болж байгаа учир Энэтхэгийг бачууруулдаг.” гэж Лалл хэлжээ.

Бирмын далайн эрэг орчмын байгалийн хийн нөөц онцгой ач холбогдолтой. У Сой Муинт, Бирмын Эрчим хүчний яамны газрын дарга, Сингапурт хэлсэн үгэндээ: “Бидний мөрөөдөл бол бүсийн хэмжээний чухал эрчим хүчний нийлүүлэгч болох явдал” гэж цохон тэмдэглэжээ. Арав гаруй жилийн өмнөөс төлөвлөсөн Бирмын далайн эрэг орчмын нутгаас хятадын Юнан муж уруу байгалийн хийн хоолой татах ажил нэгэнтээ эхэлсэн. Энэхүү төсөл бол хятадын хувьд буурай хөгжилтэй баруун хэсгээ дэмжих бодлогын нэг тулгуур юм. Газрын тосны БП компани Бирмаас татаж буй байгалийн хий багаар тооцоход 500 гаруй миллиард куб метр нөөцтэй гэж үздэг. Ондоо эх сурвалжуудад Бирм үүнээс гурав дахин илүү эх үүсвэртэй гэсэн тооцоог гаргасан байдаг. У Сой Муинт далайн гүнээс байгалийн хий татах 28 гэрээг Бирм хийсан бөгөөд түүний 16-г нь гадаадын компаниутай хийсэн гэж мэдэгдсэн. Хятадуудын хажуугаар Австрали, Энэтхэг, Малайзын компаниуд гэрээний тал болсон. Энэ нэг дэх өдөр Энэтхэгийн Улсын газрын тосны компани ОНЖС Бирмын далайн эрэг орчмын байгалийн хийн ордуудад 150 сая долларын хөрөнгө оруулалт оруулахаа мэдэгдэв.

Цэргийн генералууд Мянмаар гэсэн нэрийг өгсөн Бирмын бүс нутгийн стратегийн ач холбогдол улам бүр нэмэгдэж байна. Зэвсгээ хятадаас авдаг цэргийн дарангуйлагч генералууд өөрийн их хөршдөө Бенгалийн буланд нэвтрэх, ингэснээр Энэтхэгийн далайд гарцтай болох боломж олгож буй нь Хятадад давхар хонжоотой: Нэгдүгээрт Хятад бүс нутгийн өөр нэг их гүрэн Энэтхэгтэй шууд холбогдоно. Хоёрдугаарт Бээжин Бирмын далайн гүний гарцыг ашиглаж арабын газрын тосыг хоолойгоор дамжуулан татах болоцдийг нь өндөрсгөнө. Ингэснээр Хятад Малаккагийн (Индонезийн арлуудын хоорондох далайн хоолой) гудамжаар усан тээвэр хийж газрын тос зөөвөрлөх шаардлагагүй болох юм. Өнөөг хүртэл хойд ази уруу хүрэх бүх усан онгоцны тээвэр энэ гудамжаар дамжиж байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хэрэв Хятад Тайван уруу зэвсэглэн дайрсан үед америкчууд хамгийн нарийн хэсэгтээ 2, 8 километр өргөн Малаккагийн гудамжийг хаах боломжтой.          

 

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 3153

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter