221-р сар2019

Бүлэг: Өгүүлэл

Сургамжит түүх

Автобусны зогсоол дээр ээжтэйгээ зогсч буй гурван настай бяцхан хүү түүний хажууханд нэг хүн автобус хүлээнгээ гүзээлзгэний йогурт идэж буйг хараад, цэнхэр жинсэн өмднийхөө халаас руу гараа хийтэл хэдэн зоос түүнд байжээ. Тэр ээжээсээ “ Би гүзээлзгэний йогурт авч болох уу ?” гэж асуутал ээж нь “ Үгүй, дөнгөж саяхан чи энэ жигнэмэгийг авсанаа санаж байна уу?”, тэглээ ч чамд гүзээлзгэний йогурт авч хүрэх мөнгө байхгүй шүү дээ гэж түүнд хариулаад, харин чамд жүүс авах мөнгө байгаа. Хэрвээ чи хүсвэл жүүс авч ууж болно, аль эсвэл мөнгөө цуглуулж байгаад буцаж ирж йогурт авч болно. Одоо жүүс авч уух уу? Эсвэл дараа гүзээлзгэний йогурт авч уух уу? гэж асуужээ. Гуравхан настай бяцхан жаалхүүг хүртэл мөнгөө хэрхэн зарцуулах талаар өөрөөр шийдвэр гаргуулж буй энэ түүх бол Америкийн нийгэмд өсч, торниж буй хүүхэд бүрт л тохиолддог явдал. Магадгүй хожмын нэг өдөр энэ хүүгийн ээж, өөрөө ч хүүдээ тусалж чадахгүй учир хүүхдээ өөрөө өөрийнхөө сонголтоор шийдвэр гаргахын хэрээр хариуцлагаа ч өөрөө үүрдэг нийгэмд өсч торниход нь бэлтгэж байна. Харин манай нийгэмд эцэг эх нь гурав битгий хэл насанд хүрсэн хүүхдээрээ ч хүртэл сонголт хийлгэхгүй, үргэлж өмнөөс нь шийдвэр гаргаж байдаг. Энэ нь явж явж өөрөө өөрийнхөө амьдралд эзэн болж амьдарч чаддаггүй, хэн нэгний тушаал заавраар сонголтоо хийж амьдарч буй “ утсан хүүхэлдэй ”-нүүдийг л бэлтгэж байна .

  • Бичсэн unuruu
  • Үзсэн: 5612

Бүлэг: Өгүүлэл

Мал төрийн хамгаалалтанд байна.

Б.Эрдэнэбаяр. Парис хот

Үндсэн Хуульдаа малаа ингэж өргөмжилсөн улс байдаг ч юм уу, үгүй ч юм уу мэдэхгүй юм. Манайхан л тэр нэгэн цагт ийнхүү хэлжээ. Хашир ахмадууд дийлэнх нь байсан чуулганаар баталсан юм нэгийг мэдэж л байсан байх. Хууль нь гууль болдог манай улс үүнийг дор нь мартаад авалгүй яахав. Хөдөөний малчдад цас зуднаар шахдаг хэдэн боодол өвснөөс өөрөөр төр малаа хамгаалаад байгаа нь даанч нэг харагдахгүй юм даа. Үүний алдарт жишээ нь үе үеийн зуднаар л яруу тодоор харагдаж байна.

Манайхан ч гэж манайхан. Томхон асуудал болгоод тэр төр нь яаж малаа хамгаалах гээд байгааг нь ч тодруулж нэг тийш болгохгүй зөнд нь орхих. Бүхэл бүтэн бодлогын яамтай ийм тогтолцоонд малыг яаж хамгаалах нь иргэн бүхэнд ойлгогдохоор ажил үйлээ явуулчихсан баймаар юм. Сайндаа л, малын гоц халдварт өвчний болон цас зуднаар олигархиудын мөнгө олох эх сурвалж болчихсон улиг болсон ажиланцаруудаа л дуулиан болгож ярьцгаах. Төрийн бодлогоороо тэр олон янзын даатгал, баталгаа бусад алсын хараатай арга хэмжээнүүдээ сайтар тайлбарлаж ойлгуулаад хэвшүүлээд авахгүй л өдий хүрчих юм. Энэ жил л гэхэд, Улсын Онцгой комисс нь бэрхшээл тохиолдохоороо эргээд ардаасаа бадар барих юм бол ийм сүржин нэртэй төсөв идэгч байгаад хэрэггүй ш дээ. Зүгээр л тэр нутгийн зөвлөлүүд нь ажлаа хийчихнэ л дээ. Бас нэг ичих булчирхай гэж юм хааяа нэг баймаар юм. Надтай хамт суралцдаг гадаадын оюутнууд, танайд маш их хүйтрээд мал олноор хорогджээ. Ийм олон малаа алдсан малчид ядуучуудын эгнээнд шилжээд танай улсын нийгэм, эдийн засагт хүчтэй цохилт болно доо гэж сүүрс алдан ярихад нээрээ л 1994 оноос хойшхи хэдэн зуднаар хотоо харлуулсан малчдын дотоодын дүрвэлт Улаанбаатар хотыг дүүргэсэн нь санагдсан юм.
Одоо хэдэн боодол өвс өгснөө хуруу дарж тоолж суухаар зудын гамшгийн хоёр дахь, гурав дахь хор уршгуудыг эртээс ярилцмаар юм даа. Ядуурсан малчдыг яаж амьдрах эх үүсвэртэй болгох, төв рүү нүүх иргэдийг хаана тогтоон барих, хаана ямар ажлаар хангах гэх мэт маш олон нийгмийн чанартай асуудлууд жагсаад байдаг.

Ер нь бол ерээд оноос эхэлсэн дотоодын дүрвэгсдийн асуудлыг бид даанч үл тоож байна. Хэрэв энэ тухайгаа бид НҮБ-д мэдүүлж ойлгуулж чадвал африк тивд байгуулаад байгаа дүрвэгсдийн лагериас дутуугүй юм байгуулах хэмжээнд хөдөөнөөс Улаанбаатар хотод ирэгсэд амьдарч байгаа шүү дээ. НҮБ-ын хэм хэмжээнд зуун хүнд байх ёстой ариун цэврийн газар, усны хангамж, эмнэлэг, дэлгүүр, сургууль, цэцэрлэг гээд аваад үзвэл, олон улсын жишгээр бол  манай Улаанбаатар хотод хүмүүнлэгийн хямрал нүүрлээд байгаа юм биш үү.

Манайхны юманд нүд дасна гэдэг айхтар том чөдөр байдаг л даа. Бага зэрэг сүржин байж л аливаа асуудлыг хөдөлгөхгүй л бол хэцүү хэцүү. Нутаг усаа хамгаалаад тэмцсэн хөдөөгийнхөн маань ямар амжилтанд хүрдэгийг “Онгийн гол” хөдөлгөөнийхөн харуулж чадсан. Дэлхий нийтээрээ асуудлыг мэдрээд, дэмжээд байхад манай удирдагч нар гэж годиль толгойтнууд л таг. Тэгэхдээ энэ хөдөлгөөнийхөн мятаршгүй тэмцэгч нар нь харагдаад л байгаа. Эд нар шиг одоо өөрсдийнхөө амьдралын баталгааны төлөө санаа тавьж учир зүйг нь жаахан ч гэсэн олох гэж оролдмоор байна ш дээ. Хүний аж амьдралаас илүү зүйл гэж байхгүй. Дээр нь аж төрөх ард олонгүй бол эзгүй хоосон эх нутаг гэж үгүй ш дээ. Тэртээд гялалзах сар шиг хоосон нутагт хэн ч тогтохгүй, хүн тогтохгүй бол амьдрал тогтохгүй. Эцэг өвгөдийн өвлүүлсэн нутгаа эзгүйрүүлэх цаг нь бидний үед л бүү байгаасай. Тиймдээ ч “мал төрийн хамгаалалтанд байна” гэж ухаант ахмадууд маань тунхагласан биз. Харин тэднийг залгамжилсан үеийнхний ухааны бяр, сэтгэлгээний цар нь дутаад нэг л биш ээ.

Энэ өгүүлэлд би гол төлөв надаас шаарддаг юу хийх тухай өгүүлэх гэсэнгүй ээ, хэн хариуцахыг ч заах гэсэнгүй, ганцхан хэнд ямар гачаал зовлон ирэх вэ гэдгийг л хөндлөө. Эрт санаж сэдсэний буруу гэж хэзээ ч байгаагүй юм. Харин малчин заяанаасаа хаашаа ч зайлахгүй ард түмнийг юунд ингэж басамжилна вэ гэж улам бүр харамсаж байна. Ер нь бол монголын ард түмэн, амьдралыг нь өөдрөг байлгах гэж хуруугаа хөдөлгөсөн төрийг үзэлгүйгээр эзэнгүй айлын хүүхдүүд шиг ходоод хоосон, мөр улайсан, сэтгэл гундуу нэгэн жарныг туулж байна даа.

  • Бичсэн erdenebayar
  • Үзсэн: 3653

Бүлэг: Өгүүлэл

Мөнгө булаах арга – II

Хүмүүс олон талаас нь олон янзийн дүгнэлт хийхэд эвтэйхэн байх болов уу гэж бодон баримтуудыг түлхүү оруулсан удаах өгүүллээ нийтэлж байна. “Цаана” нь олон баримт байгаа нь мэдээжийн хэрэг. Үүнийг тал талаас нь шүүн тунгаах ёстой байх. Минийхээс өөр тайлбарлал, дүгнэлт гарж болохыг би үгүйсгэхгүй. Гэхдээ энэ бол дээрэм байсан гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй буй за.

Сонгуулийн “барилгажилт”

Агуу их хөтөлбөр дампуурсан нь тодорхой болсон хэдий ч бидний гай болоход УИХ-ын сонгуулийн жил гарав. 2007 оны сүүлчийн хагасаас эхлэн монголчуудын бүхий л ажил, сэтгэл зүй зөвхөн сонгуульд зориулагдав.

Төрөлхийн “улс төрч” ард түмэнтэйгээ сайн мэддэг улс төрчид том том амлалт өгөхийн хажуугаар барилгын хорооллын гоёмсог уран зураг, сайхан гэгч нь макет хийлгэж аваад хүн амьтанд үзүүлж, гайхуулдаг өвчтэй болсон юм. Нарийн ярих юм бол УИХ-д нэр дэвшигчдийн дийлэнхи нь банк болон барилгын компаниудаар сонгуулийн зардлаа даалгасан гэж үзэх бүрэн үндэслэл бий. Сонгуулийн үеэр шинэ барилгын шав тавих ёслол ядаргаа болтол зохиож байсныг олон хүн санаж байгаа байх. Гэхдээ л хөтөлбөрийн дампуурал, далд өрсөлдөөн харагдаад л байсан юм.

2008.01.25. “Хааны зам-Вако” компани байгуулж орон сууц барих нэрийдлээр манай улсын 94 иргэнээс 1.5 тэрбум төгрөг залилсан хоёр солонгос иргэнийг шүүх хурал болов. Манай яруу алдарт шүүх нэгнийх нь хэргийг хэрэгсэхгүй болгож, нөгөөг 10 сая төгрөгөөр торгов. 1,5 тэрбумын луйвар болон 10 саяын торгууль хоёр огт ялгаагүй ажээ. Харин объектуудыг “Энүжин” компанид шилжүүлэхээр болжээ.

2008.01.25. ОССК Улаанбаатар хотод нэг ч орон сууц ашиглалтанд өгөөгүй. 1000 төгрөгөөр зарж байсан орон сууц захиалах өргөдлийг цаашид авахгүй гэж зарлав. Өмнө нь авч байсан захиалгаа ердөө л “судалгаа” байсан гэж “тайлбарлах” болов. Энэ “аймшигт судалгаа”-нд 28.000 иргэн “оролцож” 28 сая төгрөгөө “зарцуулав”.

2008.03.21. Нийслэлд барьж буй орон сууцны өртгөөс төр 2 хувийг суутгах шийдвэр НИТХ гаргав. Одоо бүр байчихаад луйвардсан мөнгөнөөсөө буцааж суутгах шинэ арга нэвтрүүлж эхэлж байна. Нийслэлийн бүлэг “ажлаа” хийж байгаа нь энэ л дээ.

2008.03.03. “Нийслэл Өргөө” ХК-ийн ерөнхий инженер Д.Жамъян: Орон сууцны vнийг “Сөvл” групп, “Жэпэн таун” зэрэг гадны компаниуд их өсгөж байна гэж шүүмжлэв. Энд том бүлгүүдийн өрсөлдөөн ихэд хурцдаж, “монгол” компаниуд, гадныхныг “хөөх” гэж байна. “Цэвэр” монгол компани бараг огт байхгүйг “мартчихаж”

2008.04.01. Нийслэлийн газрын алба, УМХГ, иргэний нийгмийн хөдөлгөөнүүд (?!) хамтран Туул голын эрэг дээр барилга барих гэж байгаа Пума констракшн, Монгол крамек, “PIMM” гэсэн 3 компанийн хашааг буулгажээ. Ухаандаа Пума констракшн гэхэд л нийтдээ 20 газрын зөвшөөрөлтэй атлаа 100 гаруй газар барилга барихаар “дайрсан” аж. Газрын зөвшөөрлийг 2006 оноос Нийслэлийн захирагчийн алба олгож эхэлснийг хэн ч санасангүй. Компаниудын дайн төрийн байгууллагууд, иргэний хөдөлгөөнүүдийг хамрах болтлоо өргөжиж байна.

2008.04.01. Хөтөлбөрт 2006 онд 60 тэрбум төгрөг, 2007 онд 400 тэрбум төгрөг , 2008 онд 590 тэрбум төгрөг төсөвлөж “зарцуулсан” мэдээ гарав.

2008.04.05. Барилгын чанар муудаж байгааг мэргэжилтнүүд анхааруулав. Дөрвөн баллаас илүү хүчтэй газар хөдлөвөл нийслэлийн барилга байгууламжийн 60-аас дээш хувь нь нурах аюултай гэж тэд судалгаагаар нотолсон байна.

2008.04.10. ЗГ 70 сая ам.долларын бонд нэмж гаргах асуудлыг УИХ-д оруулав. Орон сууцнууд хэнд хэрэггүй “хог” болж байгаа талаар гишүүд муулцгаав. Ийнхүү барилга “хог” болж байгааг УИХ хүлээн зөвшөөрөв. Хэрүүл гаарсанд Сангийн сайд Ч.Улаан: СЯ энэ жилээс орон сууцны бондыг “барихаар” болсон учраас өмнөх жилүүдэд гарсан алдааг давтагдахгүй гэж “тайвшруулав”. ЗГ-ын 40 сая ам.долларын бондын хөрөнгөөр аймаг сумдад барих орон сууцнуудыг санхүүжүүлэхээр шийдэв. Сонгууль ойртсон учраас тойргууддаа барилга барих гэж ядаж байна. Нөгөө хот нь хаачсаныг хэн ч мэдэхээ болив.

2008.04.26. БХБЯ-ны сайд Ц.Цолмон 2020 он хүртэл нийслэлд 130 мянган айлын орон сууц барихаар төлөвлөөд байгаа боловч 300-400 мянган айлын орон сууц барих шаардлагатай гэж ярив. Энэ өдөр СБД-ийн нутаг дэвсгэрт “Орон сууцны 7-р хороолол” төслийн барилгын шав тавих ёслолд ерөнхийлөгч Н.Энхбаяр оролцов. Нөгөө 40 мянгаа оргүй алга болгочихоод одоо бүр 130 мянгыг барих солиотой санаа гарч ирж байна. Энд бүх “төлөвлөгөө”-г дандаа нууцаар хийдэг нь тодорхой байна.

2008.04.30. “Орон сууц хүсэгчдийн түр хороо” байгууллаа. Хотын захирагчийн албанд орон сууц хүсэгчдийн шийдвэрлэгдээгүй 8114 өргөдөл нэгээс 40 гаруй жил хадгалагдаж байдаг аж. Тэд элдэв амлалтад залхаж гүйцээд “түр хороо” байгуулан МоАЧХ-нд ханджээ. Г.Баасанг хараадаг хүмүүс хулхидуулснаа мэдээд бидний өмнөөс “хэд сайн” жагсаад өгөөч гэж байна. Г.Баасан л ганцаараа баривчлагдана биз, тэдэнд ямар хамаатай юм.

2008.05.02. ОССК: Одоо нийслэл рүү чиглэсэн ажлыг эхлүүлээд байна. Энэ оноос ЗГ-ын бондын хөрөнгөөс иргэдэд жижиг зээл олгоё гэж шийдсэн. Урд нь ийм зээлийн тухай тусгагдаагүй байсан. ЗГ 2 тэрбум төгрөгний зээл олгоод байна гэв. Нөгөө мундаг хөтөлбөр нь дөнгөж одоо л нийслэл рүү чиглэж байгааг мэдэгдэж байна. Зээлээ олгодог хүмүүстээ олгочихож. Үлдсэн иргэдээ дээрэмдэх зорилгоор зээл олгоно гэж хошгируулж байна.

2008.05.22. ОССК тайлан тавив: Хөтөлбөрийн эх үүсвэр ЗГ-ын бондыг 2007 онд Голомт, Капитал, Монгол шуудан, Анод, Улаанбаатар хотын гэсэн 5 банкинд байршуулсан. Барилгын санхүүжилтэнд 5,5 тэрбум төгрөг, иргэдийн зээлд 2,0 тэрбум төгрөг, нийт 7,5 тэрбум төгрөгийг зарцуулсан. 2008 оноос Хас банк хөтөлбөрт оролцоно. Ингээд банкуудад байршуулсан мөнгөө тэд ингэж зарлав.

ЗГ-ын бондын эх үүсвэрийг банкуудад байршуулсан байдал

2007 онд 19 аймгийн төвд нийт 1513 айлын 19,9 тэрбум төгрөгийн барилга угсралтын ажлыг эхлүүлж (?!), 168 айлын орон сууцыг хүлээлгэн өгөөд байна. 2008 онд аймгийн төвүүдэд 17,0 тэрбум төгрөгийн 24 барилгын ажлыг эхлүүлэв.
Улаанбаатарт УМБГ, УМХГ-ын 121 айлын барилгыг ашиглалтанд оруулж, эдгээр байгууллагын 51 төрийн албан хаагчдыг зээлд хамруулаад байна. 2008 онд нийслэлийн төрийн байгууллагуудын 866 айлын орон сууцны барилгыг санхүүжүүлнэ. Мөн 2008 онд нийслэлд баригдах Нисэхийн 350 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлэв.

Улаанбаатар хотод баригдаж буй орон сууцны товчоо
Зээлийн шинэ журам баталж, жилийн 11%-ийн хүүтэй, 10 жилийн хугацаатай, 25 сая төгрөг хүртэлх “зээл” олгож эхэллээ. Арилжааны 5 банкаар дамжуулан 125 иргэнд 2,0 тэрбум төгрөгийн зээл олгожээ. ОССК нь 1 жил 6 сарын хугацаанд 7,5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж, 229 иргэнийг зээлд хамруулсан байна. Энэ онд иргэдийн зээлд 16,0 тэрбум төгрөг төлөвлөөд байна.
ОССК-ийн энэ тайлан мөн л “дараа тооцоо” бодоход хэрэгтэй учраас бараг тэр чигээр нь оруулав. Энд “хачин хачин” тоо дүүрэн. Ухаандаа арилжааны 5 банк нийлээд нийлээд 125 иргэнд 2,0 тэрбумыг зээлдүүлсэн байхад ОССК 229 иргэнд 16,0 тэрбумыг олж өгчээ. Монголд хамгийн “азтай” иргэн ердөө л 354 байдаг аж.
Манай иргэд ч ёстой нэг “хөөрч” өгөв. Намуудын амлалтын 1 сая, 1.5 сая төгрөгөө нэмж, түүнийгээ гэр бүлийн гишүүдийнхээ тоогоор үржүүлж удахгүй байраа аваад хэдэн төгрөг “илүү гарах”-ыг бодсон “эдийн засагч” иргэд Монголоор дүүрэв. Монгол хүнийг төр засгаасаа бэв бэлнээр нь авах “мөнгөнийхөө тоо”-г бодож байхад нь юу ч хэлээд нэмэргүй, харин “зодуулчихгүйн” тулд холхон байсан нь дээр гэж би тэр үед дүгнэсэн юмдаг.

2008.06.19. Монгол-Солонгосын хамтарсан “Эм Энд Жи Констракшн”, “Эм Эн Ти Ар” ХХК-тай ХУД-ийн Засаг дарга Д.Загджав хамтран ажиллах гэрээ байгуулав. Гэрээнд ХУД-ийн 20 албан хаагчид орон сууц үнэ төлбөргүй олгох асуудлыг тусгажээ. Сонгуульд нэр дэвшигч Д.Загджав: Гэр хороололд амьдарч байгаа 126 мянган өрхөөс 5.4 мянга нь энэ төслийн хүрээнд орчин үеийн тохилог орон сууцанд амьдрах болно гэж мэдэгдэв. Энд сонгуулийн шоунаас гадна авилга, бизнесийн асар том луйвар явагдаж байна. Д.Загджав УИХ гишүүн болж, одоо энэ компаниудынхаа эрх ашгийг хамгаалж байгаа биз…

2008.06.26. Сүүлийн 5 жил төрийн албанд ажиллагсдад орон сууцны хөнгөлөлт үзүүлэх журам гаргав. Албан хаагчдад хамгийн чанартайг нь сонгох “давуу эрх” олгож байна.
2008.06.27. ХААН, Монгол шуудан, Хас банкны удирдлагууд МБ-тай хамтран ажиллах, зээлдэгчийн талаар мэдээлэл солилцох гэрээ байгуулав. Гэрээнд банкуудын өрсөлдөөнийг “зөв урсгалаар” явуулах, зээлийн зүй бус давхардлыг (?!) арилгах, зээлдэгчийн талаархи мэдээлэл солилцох талаар тусгажээ.
Энэ үед манайд 16 арилжааны банк, 131 банк бус санхүүгийн байгууллага, 181 тусгай зөвшөөрөл бүхий хадгаламж зээлийн хоршоо байсан юм. Эдгээр нь бүгдээрээ баруун солгойгүй зээл өгснөөс давхардал гарч, хэнд хэдийг өгснөө ч мэдэхээ больсноо баттай харуулав. Барилгын зээлээс болж банкууд эрсдэлд нэгэнт оржээ.
За ингээд луйврын сонгууль монгууль нь болж, 7 сарын 1-нд 5 хүн буудаж алсан улс төрийн ноцтой хэрэг мандав. Онц байдал цуцлагдаж, аажимдаа байдал тогтворжоод ирэхийн үед одоо нөгөө хөтөлбөрийнхөө булхай, зөрчлийг ил гаргах нь зүйн хэрэг.

Газар булсан мөнгө
Улс төр-эдийн засгийн хэдхэн бүлэглэл хөтөлбєр нэрээр санхүүгийн пирамид босгох ажлыг бүр 2004 оноос эхэлжээ. Пирамид эхэлж босгосон хэдхэн томчууд хожоод бусад нь хохирч дуусдаг зүй тогтолт үзэгдэл болжээ. Схем нь эхлээд хөтөлбөрөөрөө далайлган ЗГ-т шахалт үзүүлнэ. Ингээд мөнгөө бондоор баталгаажуулж банкнаас асар их мөнгө олж авна. Тэгээд пирамидаа өргөжүүлнэ. Аль болох олон банк, байгууллага, иргэдийн мөнгийг татан оролцуулна. Үүний тулд тэднийг хошгируулна. Тэднийг хошгирч байх хооронд өөрсдөө тоглолтоос гарч, ул мөрөө баллана. Тэгээд цаашаагаа заяа нь мэднэ. Хэдхэн жилийн өмнөх ХЗХ-ны түүхийг энд яг давтаж байна.
Пирамид эхэлсэн том банкууд ЗГ-ын бонд авч ашгаа хэд нугалан олж зувчуулчихаад, дараа нь зээл “цацаж” банкаа албаар дампууруулах ажилд сэмхэн оров. Гэхдээ хэтэрхий зэрлэг өрсөлдөв. Мөн барилгын том компаниуд барьдаг барилгаа барьчихаад, олдог ашгаа олчихоод тоглолтоос гараад явчихав. Энэ хүртэл тэдний зам нийлж байсан юм. Ингээд пирамидаа зээлийн хүчээр хөөрөгдөн томруулж эхлэв. Одоо “агуу их” луйврынхаа ул мөрийг баллах шинэ шатандаа орж байна. Үүнийг “мэдээгүй” барилгын компаниуд ёстой хийрхэв. Барилгын компани байгуулах “бүх ард түмний” хөдөлгөөн өрнүүлэв. Барилгын 1600 гаруй компаниас дөнгөж 21 нь 150-иас дээш ажиллагсадтай ажээ.
Ердөө л дөрвөн жилийн дотор нийтдээ 37,000 гаруй айлын орон сууц бариад “хаячихаж” байгаа юм даа. Монголчуудыг залхуу гэдэг нь огт худлаа, ийм “ажилсаг” ард түмэн энэ дэлхий дээр л лав байхгүй дэг. Үнэнийг шууд хэлэхэд барилгуудын ихэнхийг “муу нэртэй, луу данстай” хятад ажилчид барьсан нь харин бодит баримт юм шүү. Манайхны өөрсдөө барилга барих ч тун “хэцүү явдал” гэдгийг олон хүн зөвшөөрөх байх.
Барилгын компаниуд ч, иргэд ч банкнаас зээл аваад л, банкууд ч хүссэнээр нь өгөөд л мөнгөөр ёстой нэг тоглож өгөв. Гэхдээ асар их мөнгө аль хэдийнээ очдог газраа очоод, авдаг эзэн нь авчихсны дараа шүү дээ. Харин одоо бол “мөнгө газар булах” нүсэр ажил өрнүүлэв.
Асар удалгүй мөнгө дуусаад ирэхийн үед пирамид жам ёсоороо нурж эхлэв. Ер нь бол барилга байгуулалт гацах шиг гачлантай зүйл байдаггүй билээ. Учир нь зээлдүүлсэн банк мөнгөгүй, зээлсэн компани мөнгөгүй, зээлсэн иргэд байргүй боллоо гэсэн хэрэг юм. Барилгын нэлээд нь босчихсон атал авах мөнгөтэй хүн байдаггүй. Монгол хэлээр барилгын фундамент, хоосон ханыг балгас хэмээн нэрлэдэг шиг санагдана. Ингээд ихэнхи барилга нь балгас болоод гацаж орхих нь тэр. Олон эх сурвалж, түүний дотор барилгынхан болон банкныхны хийсэн тооцоогоор:
Арилжааны банкуудын зээлийн багцад эзлэх барилгын салбарт олгосон эээлийн хэмжээ 20%-д хүрч, банкны системийн хэмжээнд нийтдээ 540,0 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Дуусаагүй барилгын зах зээлийн үнэлгээ 1 триллион орчим төгрөг болжээ.

Энэ ч гэсэн маш их дарсан тоо юм. Жишээлбэл, “Хөгжлийн сан” гэж гайхуулаад байсан 450 тэрбум төгрөг гэнэт ор мөргүй алга болох, орон сууцтай хаа хамаагүй “Дүнжингарав” цогцолбор сүндэрлэх гэх мэт. УИХ-ын сонгуульд багцаагаар 1 триллион илүү төгрөг “цацаад” хаяжээ. Сонин байгаа биз ?! Мөнгө “газар булах”, “салхинд хийсгэх” “зувчуулах” олон хэлбэр хосолсон “баялаг дээрэмдэх” хамгийн сонгодог жишээ энэ болох буй за…

Балгас дээрх тулалдаан
Одоо нурсан пирамидын балгас дээр “шархаа нөхөх”, байраа зарах том тулалдаанд орцгоов. Энэ нь шууд л улс төрийн тулалдаан болж хувирах нь мэдээжийн хэрэг. Эхлээд саяхан “найз нөхөд” байсан банк болон барилгынхан муудалцав. Тэд УИХ-д байгаа “төлөөлөгч”-дөөрөө дамжуулан “улс төрийн дайн” дэгдээв. Юуны төлөө тэднийг УИХ гаргах гэж “зүтгэсэн” билээ дээ ?!
Монголын барилгын компаниудыг ерөнхийд нь 3 хуваан үзэж болдог юм. Нэг. Гадаад, дотоодын хамтарсан том компаниуд. Эд том том хороолол барьчихаад ЗГ-аас мөнгөө авчихаад арилаад өгөх зорилготой. Хоёр. 3-5 байшин барьж зараад ашиг олох гэсэн дунд зэргийн компаниуд, Гурав. Ганц нэг байр барьсан болчихоод мөнгө олох гэсэн жижиг компаниуд. Энэ сүүлчийн ангилалд ширхэг тоосго ч тэгшхэн тавьчихаж чадахгүй мань мэт шиг нөхдүүд орчихсон барилга барина гэж солиоров шүү дээ.
Бизнесийн бусад салбарын томчууд “барилгын компани” мөн ч олныг байгуулсан даа. Энэ дундуур нь ЗГ, банк, төрийн бүх шатны байгууллагууд бизнес хийгээд давхиад орчихоор нөгөө хөтөлбөр мөтөлбөр чинь тэр чигээрээ бантан болно биз дээ. Энд барилга дамжуулан барих, ацаглах гэсэн завсрын үй олон заваан үйлдэл сүлжээ болтлоо өргөжсөн юм.

2008.07.09. Монголд барилгын материалд шинжилгээ хийдэг цорын ганц лаборатори – “Барилга архитектор” ХХК байдаг, мөн норм норматив, стандарт үнэлгээний 283 хууль дүрэм байдаг аж. Нийтдээ 4 жилийн турш “Маршал таун”, “Ургах наран”, “Жаргалант”, “Буянт Ухаа”, “Гандирс”, “Зүүн хүрээ”, “Американ дэнж” гээд үй түмэн хороолол аль хэдийн барьчихсан хойноо норм норматив, стандарт гэж юм байдгийг гэнэт “санав”.

2008.08.04. ОССК иргэдэд зээл олгох шинэ журам баталжээ. Бондын эх үүсвэрээр “Голомт”, “Анод”, “Капитал”, “Улаанбаатар хотын банк”-аар дамжуулан иргэдэд зээл олгож эхлэв. Эхний хагас жилд нийт 222 иргэний материалыг хүлээн авч, 167 иргэнд зээлийн эрх нээж, 55 иргэний хүсэлтэд татгалзсан хариу өгчээ. Уг зээлд төрийн 119 албан хаагч, 48 иргэн хамрагдаж, нийт 2,8 тэрбумын зээл авчээ.
Энд ахиад л тооны “будлиан” гарч байна. Нийт 167 иргэнд зээлийн эрх нээсний 119 нь төрийн албан хаагч байна. Энэ “зээл”-д 2,8 тэрбум төгрөг тавиад туучихжээ. Одоо монголчуудыг иргэн ба “давуу эрх”-тэй албан хаагч гэж хоёр хувааж болж байна.

2008.08.07. Сангийн сайд тушаалаар ЗГ-ын бондыг МХБ-ийн үнэт цаасны хэлбэрээр арилжихаар болсноо зарлав. Нийтдээ таван тэрбум төгрөгийн 50 мянган ширхэг бондыг хямдруулан зарах болов. ЗГ энэ онд нийтдээ 80 тэрбум төгрөгийн бонд арилжаална гэж мэдээлэв.

2008.10.03. Өртгөөрөө бол ам.метр талбай 400 “ногоон”-д багтдаг юм. Инфляц, барилгын материалын хомсдлоос энэ ханш 1200-2500 ам.доллар болтлоо огцом нэмэгдэв. Нэг өрөө сууц 40-50, хоёр өрөө бол 100 саяас буухгүй болов.

2008.10.03. ОССК: Манайд 10 мянга гаруй өргөдөл ирснээс энэ жилдээ дөнгөж 400-600-г шийдэх боломжтой. Санхүүгийн нөөц боломж “хязгаарлагдмал” байна хэмээн мэдэгдэв.
МХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл: Орон сууцны нийлvvлэлт эрэлтээсээ бага зэрэг давсан нь vнэ хямдрахад хvргэлээ. МБ зээлийн хvvгээ бууруулж, банкуудын зээл олголтод тулгарч байгаа саадыг арилгах хэрэгтэй. Одоохондоо манай улсад үл хөдлөх хөрөнгийн тэр зах зээл хөгжөөгvй байна. Хууль эрх зvйн талаасаа ч шийдвэрлэгдээгvй. Гэхдээ АНУ шиг хямрал болохгүй гэж мэдэгдэв.
Өөрийгөө монголын хамгийн “том” эдийн засагч гэж үздэг энэ эрхэм пирамидыг эхлэхэд нь дуугай сууж сууж, нурахад нь шүүмжилдэг хууч өвчтэй юм. Тэр удахгүй болох эдийн засгийн хямралыг байтугай монголын эдийн засгийн задралыг огт төсөөлөхгүй байна. Ийм эдийн засагч байснаас барилгачин болсон нь хамаагүй дээр байхгүй юу…

2008.10.06. Улсын хэмжээнд уул уурхай, барилгын гэж бүртгэгдсэн 30 гаруй мянган vйлдвэр аж ахуйн нэгж бvртгэгдсэнээс нийслэлд 600 гаруй барилга угсралтын компани байдаг гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагууд өгөв.

2008.10.16. “China construction” компани “Солонго” хорооллын захиалагчидтай 2007 онд гэрээ хийхдээ урьдчилгаанд үнийн дvнгийн 30 хувийг бэлнээр авчээ. Тэд “2008 оны гуравдугаар сард 600 хятад оруулж ирээд аравдугаар сард барилгаа дуусгана” хэмээн амлаж байжээ. “China construction”, тэдний “Солонго” хороолол гэхээр манайхан бараг л Хятадын Ху Жин Тао даргын “албан томилолтоор” ирчихсэн мэт ойлгодог юм. Тийм биш л дээ, энэ чинь монгол -хятад луйварчдын “хамтарсан” ажил байхгүй юу. Ердөө л 18 давхар ганц ширхэг барилгын “асуудал” дээр хэрүүл хийж байгаа царай нь энэ.

2008.11.05. МБ бодлогын хүүгээ хоёр ч удаа өсгөсөн нь банкуудыг зээлээ зогсоо гэх дохио болсон. Зээл хүртээмжгүй болсноос иргэд худалдан авах чадваргүй болж, улмаар байрны үнэ 30-40 хувь унав. Банкууд мөнгөгүй болж, барилгынхан зээл авах чадваргүй болов. ЗГ 200 тэрбум төгрөгөөр үл хөдлөх хөрөнгийн зээлийн багцыг худалдан авч, арилжааны банкуудыг мөнгөжүүлнэ гэсэн мэдээлэл тарав.
Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар: Ингэж үргэлжлэх юм бол жилийн дотор л барилгын компаниуд “чад” болно. Тиймээс барилгын ажлаа гүйцээхэд дутагдсан зээлийг олгох, эсвэл зээлийн хүү төлөлтийг наад зах нь нэг жил хойшлуулах хэрэгтэй гэсэн санал гаргав.
МБ-ны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатар: Бид дуусаагүй барилгын бүртгэлийг хийж эхлэхэд барилгын статистик тун тааруухан байна. Зээлийн гэрээний биелэлт хангалтгүй байхад банкууд яагаад барилгынханд зээл өгөх ёстой юм бэ. Барилгын компаниуд хэтэрхий өндөр үнэ хэлж, шунаж байж борлуулалтаа алдсан. Эцэст нь барилгаа дуусгаж чадахгүй, зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд орвол (аль хэдийнээ орчихсон байв –Д.Г.) барилгынхан тодорхой хэмжээний хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдэв.

2008.11.28. “Монгол шуудан”, “Зоос” банк бvх төрлийн зээлээ хаасан хэвээр байна. “Капитал”, “Хадгаламж”, “ХААН”, “Хас”, “Капитрон” банкууд барилгын зээлийг хаажээ. “Хас” банк он гартал орон сууцны зээл өгөхгvй аж. “Анод” банк иргэд хадгаламжид байр худалдан авах мөнгөнийхөө тал хувийг хуримтлуулсан байх зээлийн шинэ vйлчилгээг санал болгожээ. Жилийн дараа дампуурах үйлтэй “Анод” банк “эв эрүүл” байж л байна.

2008.12.08. ЗТБХБ-ын сайд Х.Баттулга: 2009-2012 оныг хvртэл 100 мянган айлын орон сууц барих шинэ хєтєлбєр зарлахаар бэлтгэж байна. Хятадаас орж ирэх 300 сая ам.долларын зээлийн нэлээд хэсгийг дэд бvтцийн салбарт зарцуулахаар болсон. Ямар банкнаас, ямар барилгад хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бэ гэсэн дүнг бид шаардаж байгаа хэмээн мэдэгдэв.
“Дүнгээ” ёстой өгч харагдана ш дээ. Тэгж нэгмөсөн балрахынхаа оронд банкуудыг дампууруулж, ул мөрөө баллачихаад бүхий л “алдагдлаа” (ашиг –Д.Г) төрөөр “даалгаж”, түүнийгээ “сааж”, “шахаж” амьдрах нь хамаагүй дээр байхгүй юу…

х х х
Иймэрхүү байдлаар бид 2008 оноо үдсэн юм. Харин санаатай, зориудаар зохион байгуулсан санхүүгийн пирамидын асуудлыг одоо болтол хэн ч сөхөхгүй байгаа нь гайхалтай. Магадгүй бараг бүгдээрээ оролцчихсон ч юм бил үү…
Үүнээс цааших “адал явдлыг” бид бүгдээрээ санана даа. Ерөнхийдөө бол барилгын асуудал банкны, банкны асуудал улс төрийн дажин болон хувирч одоо ч гэсэн үргэлжилж байна. Банкуудыг зориудаар дампууруулж, заримыг нь татан буулгав, тэдний өр, зээлийг төр “даах” болов, барилгачид байраа төрд “шахах” ганцхан ажилтай болов, ахмадууддаа гэнэт хайртай болж байр “бэлэглэв” г.м. Монголын Барилгын vндэсний ассоциаци байгуулж даргаар нь мөнөөх О.Чулуунбатыг сонгож, төрөөс мөнгө нэхэж дайтах “шинэ фронт” нээв. Монгол банкны Ерөнхийлөгч байсан хүн “барилгачин” болчихоод банк санхүүгийнхээ системийг сүйрүүлнэ гэж хэн санах билээ. Энэ ч үнэхээр хувь заяаны шоглоом шүү. 20 жил тасралтгүй хийсэн луйвар, дээрмийнхээ нүглийг тэр үүрч л таарна даа…

Төр ч гэж дээ, нөгөөдүүл нь түүнээс огт дутахааргүй луйварчдын хэдхэн бүлэглэл байх.

Эндээс монголд төр гэж огт байхгүй гэсэн гарцаагүй дүгнэлт гарна.
Одоогийн “төр” гэгч юм нь арай илүү “чадалтай” нь “ядруу”-гаа шоронд хийх, хөрөнгийг нь булаах ганцхан л ажил хийдэг бизнесийнхний тулалдааны талбар юм. Гэхдээ энэ бүхний үүр уурхай нь МАХН, АН хоёроос өөр юу ч биш нь дэндүү тодорхой. Би л сурснаараа хоёр нам гээд байгаа болохоос биш эд чинь нэг л юм ш дээ…

Үүнийг ашигт малтмал зэрэг улс төр, эдийн засгийн бусад асуудлуудтай хамтатган жичид нь шинжлээд бараг дуусч байна даа…
Ямар ч гэсэн олон түмэн агуу их хөтөлбөр “будаа болсон” гэдгийг мэдэж авав. Одоо байр авах биш, амлалтын 1,5 саяыг авах биш, харин яаж шүү амь зуухав гэсэн ганцхан асуудалтай үлдэв. 1 триллион гаруй төгрөгөө “газарт булсан” үр дүн л харин бодитой бөлгөө. Энэ нь тоогоор бол 1.000.000.000.000 гэж бичигдэх ба арван хоёр оронтой аварга тоо шүү дээ. Зөвхөн “газар булсан” нь ийм байгаа юм чинь пирамидаар зувчуулсан нь мэдээж олон дахин илүү байж таарна. Энэ явдалд дэлхийн эдийн засгийн хямрал бараг нөлөөгүй юм. Өөрснөө балайруулж, сөнөөж хаячихаад дэлхийн хямрал руу тохоод байх ямар ч шаардлага байхгүй. Уг нь бол орон сууцжуулах санаа бол зайлшгүй бөгөөд туйлын хэрэгтэй гэдэгтэй хэн ч маргахгүй буй за.

Эдүгээ манайхан “төрийн хишиг” 120 мянган төгрөгөө эрхбиш “тоолж” амжсан биз. Ингээд яагаад амьдрал дээшлэхгүй байгаагийнхаа учрыг олох байлгүй гэж би бодож байна. Иймээс дахин луйвардуулахгүйн тулд пирамидын мэргэжлийн “барилгачдыг” төрөөс эгнэгт зайлуулах ёстой доо.

Эс чингэвээс бидэнд “Яндаж болшгүй далай шиг Яасан баян нутаг вэ” гэж дуулах л үлдэнэ дээ. Харин энэ дууг бид биш, гаднынхан дуулдаг болчихсон байж тун ч магадгүй шүү дээ…

  • Бичсэн gankhuyag_d
  • Үзсэн: 4170

Бүлэг: Өгүүлэл

Ээжээ таньд хүү нь захидал бичиж байна.

Сайн байна уу. Ээжээ яагаад ч юм өнөөдөр хүү нь Таньдаа захидал бичмээр санагдлаа. Та минь яваад олон жил болж байна даа. Хэлэлгүйгээр яваад өгсөн. Таньд хүү нь гомдоогүй ээ ээжээ.... Бодвол та минь Аавтай минь бас Эмээтэй минь уулзсан биз дээ. Таны тэнгэрт халисан өдөр саяхан юм шиг л тод санагдаж байна. Чихэндээ итгээгүй, таныг диваажингийн орныг зорьсон гэхэд энэ бүхэн зүүд минь байгаасай гэж хичнээн хүсэж байсан ч жамын юм жамаараа миний амьдралд даан ч дэндүү эрт айлчилсан даа. Ээж таныгаа таалал болсоны дараа хүн болгон таньтай минь адилхан санагддаг юм билээ. Гандан дээр ном уншуулаад явж байхад та минь явж байх юм. Үгүй энэ Ээж энд юу хийж яваа юм бол гээд урдаас нь очтол танихгүй эгч угтан гайхсан нүдээр намайг ширтсэн. Сэтгэл дотор минь бачуурч хоолой зангирч би андуурсанаа мэдэж. Хүний хорвоод торойж үлдсэнээ урсах нулимс,зангирах хоолой,чичирсэн зүрхтэйгээ хамт мэдэрсэн. Гомдож,туних, сэтгэлээр ядрахдаа таныгаа хүү нь бүр их санадаг. Алдаж,гэндэж, уруудаж буруудаж явхад минь Ээж маань та л уучилдаг байсан. Үрээн гэсэн эхийн сэтгэлээр та л бүгдийг нь уучилдаг байсан. Сэтгэл дотор минь таны гэсэн орон зай онгойсоор л байна. Хэзээ ч битүүрэхгүй бизээ. Ээжээ.. Хүү чини одоо Их Британи улсад байгаа. Энэ орон Монголоос минь холоо. Харин таны минь байгаа диваажингаас хэр зайтайг нь Хүү нь мэдэхгүй юм. Сэтгэлд минь таныгаа бодох бодлийн хэлхээ улам бүр хэлхэгддэг юм. Таныг байхад сайхан байж дээ. Халуурах юм бол миний Хүү өвөрт унт Ээж нь тэвэрээд халуунийг чинь авчий гэдэгсэн. Ээжийхээ элгэнд тэвэрлүүлээд унтаж байх тэр агшин хэзээ ч дахин ирэхгүй дээ. Харин хүү нь таныгаа халуурч бүлээрэхэд нь элгэндээ нэг ч болов тэвэрч үзсэн үү. Харуусал гэдэг оройтол.... Үрээн гэсэн гэгээн,агуу бурхан сэтгэл зовхон Ээж таниас л гардаг шүүдээ. Хойт насны амьдрал бий гэдэгт итгэж явдаг. Таныгаа гомдоож явсан бол уучлаарай гэж Хүү нь сэтгэлдээ шивнэдэг. Таныгаа хүндэтгэсэн хүү Буянбатаас нь.

  • Бичсэн Буянбат
  • Үзсэн: 4695

Бүлэг: Өгүүлэл

Мөнгө булаах арга – I

Судлаач Д.Ганхуяг, 2010 оны 1 дүгээр сарын 8.

Одоогийн төр, банк санхүүгийн дампуурлыг судлаад байхад учиг сэжүүр нь аль эртнээс эхэлсэн байдаг юм. Би энэ талаар цуврал өгүүлэл бэлтгэж байсан юм. Гэтэл улс төрд тун удахгүй болох маш өндөр магадлалтай нэгэн явдлын улмаас эхний өгүүллийг нийтлэхээр гэнэт шийдэв. Би өгүүллээ 4-5 хуудаст багтааж бичдэгийг олон хүн мэднэ. Зарим хүн намайг “тэнгэр харж байгаад” биччихдэг мэтээр ойлгодог учраас энэ удаад судлаач хүн ямар хүнд хүчир, чимхлүүр, бас эрсдэлтэй ажил хийдгийг уншигчдад мэдүүлэх зорилгоор өгүүллээ “хагас боловсруулсан бүтээгдэхүүн” байдлаар бэлтгэв. Уг нь ийм баримтуудыг нэгтгэн дүгнэж байж л өгүүлэл бичдэг юм. Баримтуудыг хронологоор нь жагсааж тайлбарлах энэ хэлбэр илүү зохимжтой байж магадгүй л юм. Та бүхэн миний юу хэлэх гээд байгаагийн учрыг өөрсдөө олно гэдэгт би найдаж байна.

Дээрмийн эхлэл
2004 он. Анх “Эх орон-Ардчилал эсвэл” мөрийн хөтөлбөртөө “40 мянган орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Орон сууцны санхүүжилтийн банк байгуулна” гэж амласнаар хамаг гай эхэлж билээ. Энэ нь Фортуна Батбаяр болон нам дамжсан хэдхэн нөхдүүдийн мөрөөдөж байсан бизнесыг улс төрийн хувьд баталгаажуулсан хэрэг байлаа. Гэхдээ яагаад ч юм Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт ороогүй юм. Хадгаламж зээлийн хоршоо шиг ахин нэг дээрэм хийх чөтгөрийг хүслийг МАХН-ын томчууд дэмжихгүй байна гэдэг бол номонд хазгай бөлгөө.
Ингээд О.Чулуунбат манлайлан “40.000 айлын орон сууц” хөтөлбөрийг байнга сурталчилж ард түмнийг мунхруулах ажлыг эхлэн зохион байгуулах болов. Энд ТВ бичлэгээс эхлээд хангалттай олон баримт буй. Ер нь банк дээрэмдэх, луйвар хийх, санхүүгийн пирамид байгуулах зэрэг санхүүгийн хорлогчинтой үйлдэл болгонд энэ О.Чулуунбат гэдэг дээрэмчин байнга оролцож, зохион байгуулдаг бөлгөө. Иймээс би юуны өмнө О.Чулуунбат бол монголын ард түмэн, үндэстний заналт дайсан гэж зарлаж байна. Тэгээд ахиад шүүхдээд үзэг л дээ.
Тэд ямар хурдан, ямар далайцтай ажилласан гэж бодно. “40.000 айлын орон сууц” хөтөлбөрөө (цаашид хөтөлбөр гэнэ-Д.Г.) янз бүрийн лобби хийж 2005 онд УИХ –аар оруулж батлуулаад, 2006 он гэхэд мастер төлөвлөгөөг нь боловсруулаад эхэлчихсэн байсан юм.
2006 он. ЗГ-ын 200 дугаар тогтоол, СЯ, БХБЯ-ны сайдууд болон Нийслэлийн Засаг дарга гурвын 196/372/567 тушаал, захирамжаар Орон Сууц, Санхүүжилтийн Корпораци буюу ОССК байгуулав. Хэдийгээр эвтэй эхэлсэн ч энэ бол дээрэмчдийн байгууллага байлаа.


Муурын байшингийн төлөвлөгөө
Уг нь “40 мянган айлын орон сууц” хөтөлбөр гэж огт байхгүй, түүнийг хийсэн ч хүн байхгүй, үзсэн ч хүн монголд байхгүй юм. Энд тэнд дур дураараа бараг гар аргаар зурсан баримтуудыг нэгтгэхэд дараах дүр төрх гардаг юм.
40 мянган айлын орон сууцны 90 хувь нь Улаанбаатарт баригдана. Цагаан хаалганы орчимд 10 мянган айлын орон сууц, Баянголын аманд 8 мянган айлын орон сууц, 4500 айлын орон сууц яармагт, Баянзүрхийн товчооний цаад талд ногоон зоорын орчим 1800 айлын орон сууц барина. БЗД 13, 14 хороо буюу Нарантуулын орчим 14-р хороололд бас эхэлнэ. Инженерийн маш хүнд нөхцөлтэй ч гэсэн Ногоон нуур орчим 7-р хороолол барина. МРТХЭГ-ын орчим шинэ хороолол барина. Мөн нягтрал сайжруулах буюу Улаанбаатар хотын барилгажсан талбай дотор шинээр барина. Хуучин барилгыг давхарлах, нурааж байж хийнэ. Монгол улс барилгын зөвшөөрөл авчихсан 700 гаруй компаниуд байгаа. Санхүүжүүлээд өгвөл юухан байхав. Энэ жил гэхэд л 9300 орон сууц барьчихна. Үүний 3600-г нь бондын хөрөнгөөр барина. Үлдсэнийг нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар (?!) барина.
Ийм сайхан бэлэн юманд дургүй монгол хүн гэж бараг байхгүй буй за. Ингээд шинэ барилгад дугаарлах, мөнгө зээлэх, хөнгөлүүлэх бүх “ард түмний хөдөлгөөн” монголд өрнөв. ХЗХ яг л ингэж эхэлсэн билээ. Орой болгон ТВ, радио, өдөр болгон сонин хэвлэлүүд рекламдаад байхаар ингэдэг юм л даа. Манай ард түмэн огт хаширдаггүй гэж би заримдаа боддог юм. Иймээс баримтуудаа эзэнтэй, он сар, өдөртэй тавьсан нь дээр байх…

Далд операци
Энд төр, банк, барилга гэсэн луйврын гурвалжин аль хэдийнээ бий болчихоод байгаа бид харж байна.
2007.04.23. Ерөнхий сайд М.Энхболд: Хөтөлбөрийг санхүүжүүлэх 60 тэрбум төгрөгийн бондын арилжааг эхлүүлж, нэг тэрбум төгрөгийн бонд арилжаалсан. Үлдсэн хэсгийг хийх ажилтай нь уялдуулан борлуулах болно. Улаанбаатар хотод төрийн албан хаагчдын орон сууцыг барихад нийт 4,3 тэрбум төгрөг хуваарилахаар төлөвлөсөн. Улсын төсвөөс барилга, орон сууц, нийтийн аж ахуйн салбарт энэ жилд 16 тэрбум 428 сая төгрөгийн хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Орон сууцны санхүүжилтийн төслийн хүрээнд нийтдээ 2014 зээлдэгчид 22,3 тэрбум төгрөгийн зээл олгосон. Зээлийн дундаж хэмжээ 11 сая төгрөг бөгөөд үүний 16 тэрбум төгрөгийг Азийн хөгжлийн банкнаас олгосон. Орон сууцны санхүүжилтийн хүрээнд 15 сая хүртэлх төгрөгийг 10 хүртэл жилийн хугацаатай, жилийн 12-14 хувийн хүүтэйгээр нийт 6,3 тэрбум төгрөгийг оролцогч банкууд хуваарилсан байна хэмээн мэдээлэв.
Аль хэдийнээ бонд гаргаад зарчихсан, төсвийнхөө мөнгийг хуваарилчихсан, гаднаас зээл авчихсан, орон сууцыг зөвхөн төрийн албан хаагчдад өгчихсөн, мөнгөө банкуудад хуваарилчисан байна. Энэ бол ХЗХ-той адил санхүүгийн пирамид босгочихсон гэсэн хэрэг юм. Одоо жижиг тоглогчид болон ард иргэдийг хошгируулах л үлдэж байна.
Солиорол
Санхүүгийн нэн аюултай пирамид бий болгож, ард түмнийг солиоруулах, мунхруулах үйлдэл хийхээс гадна эрх баригчдын зөрчил үлэмж хурцдав. Өөрөөр хэлбэл ЗГ, СЯ, НЗДТГ, ОССК болон банкууд, барилгын байгууллагуудын хооронд далд дайн дэгдэв. Энэ нь хэдхэн том бүлэглэл төр болон нийгмээр тоглож байна гэсэн хэрэг л дээ.

2007.04.03. Цэргийнхэнд орон сууцыг гучин хувиар хөнгөлж өгнө гэж амлав.
2007.04.19. БХБ-ын сайд, Нийслэлийн засаг дарга нар Улаанбаатар хотноо баригдах хорооллын төлөвлөгөөнд гарын үсэг зурав.
2007 онд 4000 орон сууц баригдана. 2008 онд 11.5 мянга, 2009 онд 15.8 мянган айлын орон сууц барина. СХД-ийн 1-р хороо Баянголын аманд 2009 он гэхэд 20,000, ХУД 8-10 дугаар хороо, Нисэхийн цагаан хаалганы орчимд 10,000, мөн ХУД–н 4-7 дугаар хороо, Нисэх Яармагийн замын урд талд 4,5 мянга, Баянзүрх дүүргийн 11-р хороо Ногоон зоорийн зүүн талд 1,8 мянга, мөн БЗД-н 6-р хороо, Нарны замын урд талд 5 мянган айлын орон сууц барих “төлөвлөгөө” гаргасан юм.
Энэ “төлөвлөгөө” дээр тод хараар тэмдэглэсэн “төлөвлөгөө”-нөөс ихээхэн зөрж байна. Энэ нь угаасаа төлөвлөгөө байхгүйн тод нотолгоо болно. Барилга болон хорооллын план зургийг “төлөвлөгөө” гэж манайд л нэрлэдэг байх. Зураг хараад хөөрөх нь ердөө л тэнэг зангийн илрэлээс гадна алсын хорон санаат шигшүүрт үйлдэл юм. Манай ард түмэн ч гэсэн гоё зураг, аман яриа хоёрт хөөрдөг “өвчтэй”-г сануулах нь зүйд нийцнэ гэж бодож байна.
2007.05.02. Мэдээллийн технологийн үндэсний паркад “Барилгын салбарын борлуулалт” семинарыг Монголын барилгын нэгдсэн веб “BARILGA.MN”, барилгын зөвлөгөө мэдээллийн төвөөс зохион байгуулав. Удирдлагын академийн багш Б.Энхболд барилгад PR-ыг хэрхэн хэрэглэж болох талаар лекц уншжээ. Мөн “Анод” банкны төлөөлөгчид орон сууц болон барилгын бизнест олгож байгаа зээлийнхээ талаар танилцуулга хийжээ.
2007.05.22. “Капитал” банк ОССК-тай хөтөлбөрийг хэрэгжүүлэх анхны моргейжийн банк болох санамж бичигт гарын үсэг зурлаа. “Орон сууцны захиалга авах журам”-ын дагуу хүсэлт гаргаж, “Капитал” банкаар дамжуулан орон сууцны урт хугацаатай зээлд хамрагдана. Ганц банкыг сонгохоор бусад нь барьцдаг юм байгаа биз дээ. Тэмцэл улам хурцдаж байна.
2007.05.25. Хөтөлбөрийн хүрээнд БХБЯ, Гаалийн ерөнхий газар хамтран ажиллах гэрээ байгуулж гаалийн байгууллагын 360 гаальчныг хамруулахаар тохиров.
2007.05.30. ЧД-ийн Зурагтын орчим барих 120 га орон сууцны хороололд орох гэр хорооллын 3000 гаруй иргэн санал гаргажээ.
2007.06.08. УИХ-ын 2006 оны 69, 2007 оны 26 дугаар тогтоолыг тус тус үндэслэн хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор ЗГ-аас 60 тэрбум төгрөгийн бонд гаргасан. Бондыг Монголын хөрөнгийн биржээр арилжиж байгаа.
Нийт гурван удаагийн арилжаа явуулж, 14.4 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэтэй хувьцаа борлуулсан байна. Ямар хурдан борлуулж байна вэ ? Ингэснээр санхүүжилтийн 3.9 тэрбум төгрөг бүрдсэн байна. Дээрх арилжааны 38.6 хувийг “ХААН”, 33.5 хувийг “Худалдаа хөгжлийн банк”, 15.7 хувийг нь “Голомт”, үлдсэн 12.3 хувийг “Анод”, “Капитрон” банкууд худалдан авчээ.
2007.06.15. БХБЯ, ЭМЯ-ны сайд нар хєтєлбєрийн хүрээнд эрvvл мэндийн салбарын 5000 ажилтныг орон сууцжуулах гэрээнд гарын vсэг зурлаа.

Мөнгөний төлөө дажин

2007.06.18. ЗГ-ын бонд гаргах тухай СЯ, БХБЯ-ын сайдын нарын хамтарсан журам гарав. Арилжааныхаа дараа журам нь гардаг шинэ журам манайд нэвтэрч байна.
2007.6.25. ОССК-ын Тамгын хэлтсийн дарга Г.Доржпалам: Зургадугаар сараас ажил удааширсан. Шуудхан хэлэхэд, нийслэлийн Засаг даргын Тамгын газрынхан газраа үнэд хүргэж, мөнгөөр арилжихын тулд ОССК-д газар олгохгүй байна. Эхлээд Улаанбаатарын 20 газарт барилга барих гэж ярьж байснаа сүүлд зургаан газарт барьж болох юм гэсэн чиглэл өгсөн. Гэхдээ “40 мянган айлын орон сууц” барь гэсэн зөвшөөрөл хаана ч өгөөгүй. Хурдхан шиг санхүүжилтээ өгч эхэлбэл хэрэгтэй байна.
2007.06.28. ЗГ-аас хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 48 мянган ширхэг 4.8 тэрбум төгрөгийн хямдруулсан үнэт цаасыг/Treasury Bills/ Хөрөнгийн биржээр дамжуулан нийтэд нээлттэй арилжаалахаар болов.
2007.07.06. “Орон сууцны хүсэлт” маягтаа үнэт цаас болгон хэвлүүлнэ. Хүсэлт бүр хоёр үсэг, дөрвөн цифр, бүгд зургаан нүд бөглөсөн хувийн дугаартай байх юм. Код, регистр маягийн энэ хувийн дугаар давхардахгуй. Хүсэлтийн маягтыг бөглөж, 1000 төгрөг төлснөөр дээрх хувийн дугаар үүснэ. Үндэсний их баяр наадмын дараагаас эхлээд хүсэлт хүлээж авна гэж ОССК ард түмнээ “баярлуулав”.
2007.07.07. Хөтөлбөрт хамрагдах горьдлого тань талаар болохгүй. Өргөдлийг ОССК мэдээллийн сандаа бүртгэн авч, орлогын байдлаар багцлан, дарааллын дагуу байр олгоно. Одоо ОССК-д 11000 иргэний өргөдөл ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй 60 гаруй иргэнийг эхний ээлжинд хөтөлбөрт хамруулна гэж ОССК мэдээлэв. Мөн ОССК 1 тэрбум 300 сая төгрөгийн гүйцэтгэлийн ажил хийгдсэн. Хөдөө, орон нутагт барих 4, 8 айлын орон сууц ашиглалтад орж эхэлсэн, 40 айлын орон сууцнуудыг ирэх 10 сар гэхэд хүлээлгэж өгч дуусна. Нийслэл хотын хувьд, 12-р сарын дундуур 40 мянган орон сууц хөтөлбөрийн үр дүн мэдрэгдэж, эхний барилгууд ашиглалтад орж эхлэнэ. Наадмын өмнө 939 сая төгрөгийг банкуудад байршуулна гэж “буудав”. Бид ч ёстой нэг хөөрсөн дөө. Бүгдээрээ шахам орон сууцны биш, бэлэн байрныхаа түлхүүрт дугаарлаж байсан даа. Хошгируулна гэж үүнийг хэлдэг юм…
2007.07.25. ХХХЯ-аас хийсэн судалгаагаар 21 мянган ажлын байрыг шинээр бий болгожээ. Үүний 15 мянга 75 хувийг зам барилгынхан эзэлж байгаа аж. Тvvнчлэн гаднаас 25 мянган гэрээт ажилчин манай улсад ажиллаж байгаагаас урд хөршөөс 20 мянган ажилчин зам, барилга дээр ажиллаж байна. Манай улсад БНАСАУ, ОХУ-аас тодорхой тооны хvмvvс ажиллаж байгаа юм байна.
2007.07.27. ОССК –аас “Орон сууцны захиалга авах журам” гаргаж, захиалга өгөх маягтыг 1000 төгрөгөөр зарж эхлэв. Тэр их мөнгө идчихээд ханахгүй гар дээрээс наймаа хийж байгаа царай нь энэ л дээ.
Монголын барилга байгуулалт хэт өргөжиж, “хоньчин барилгачин” дуунаас долоон дор болж Туул голыг сүйдэлж, онгичиж, замбараа задагаа бүрэн алдсан тул эрхбиш нэг юм цэгцлэх оролдлого хийхчээ болов.
2007.07.28. Барилгын үй түмэн компаниуд Туул голыг сөнөөж эхэлсэн учир Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр: Элс, хайрга, шаврын орд газруудын тухай шуурхай захирамж гаргав.
2007.07.30. ОССК-ийн албан тушаалтан: Улаанбаатар хотод энэ жил нийтдээ 560 айлын орон сууц барихаар төлөвлөж байсан хэдий ч санхүүгийн боломж болон барилга барих талбай байхгүйгээс хамааран одоог хүртэл баригдаж эхлээгүй байна.
ОССК-ийн Инженер техникийн хэлтсийн ларга Ч.Цэдэнбалжир: Санхүүг нь гаргаад өгвөл хэзээч барилгын ажил эхлэхэд бэлэн. Сангийн яамнаас журмынхаа дагуу мөнгөн эх үүсвэрээ гаргаж өгөхгүй байна. Бас Улаанбаатар хотод гурван дүүргийн зургаан байрлалд баригдах болохоор нөгөө хүмүүс нь газраа суллаж, нүүж өгөхгүйгээс болж хойшлогдоод байна л даа.
2007.08.02. Монгол Банк УИХ-д ажлаа тайлагнав: Засгийн газраас авах авлага 57.3 тэрбум төгрөг, Засгийн газрын харилцах хадгаламж 679.7 тэрбум төгрөг болж цэвэр зээлийн хэмжээ хасах 622. тэрбум төгрөгт хүрчээ. Төв банк өнгөрсөн оны долдугаар сард 44.9 тэрбум төгрөгийн буюу 38.4 сая ам.доллартай тэнцэх үнэт цаасыг жилийн нэг хувийн хүүтэй гаргасан байна. Монгол банкны эзэмшиж буй Засгийн газрын үнэт цаасны үлдэгдэл 33.7 тэрбум төгрөг байна. ЗГ нийт 20.8 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэтэй хямдруулсан үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалжээ. Эдүгээ 19.2 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Төрийн санд бүрдүүлээд байгаа бөгөөд үүнийг “40.000 айлын орон сууц”-ны санхүүжилтэд зарцуулна гэж мэдээлэв. “Дараа тооцоо” хийхэд чухал учир энэ баримтыг онцлон оруулж байна
2007.08.06. ОССК-ын Ж.Жаргалсайхан: 2009 он гэхэд 5050 түрээсийн орон сууц ашиглалтад орно гэж байсан. Хэрэв хөрөнгө, мөнгөний асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэчихсэн бол Засгийн газрын орон сууцны хөтөлбөр эхлэх хугацаа байсан.
2007.08.07. ОССК, Улаанбаатар хотын банк, Капитал банк хамтран дамжуулан зээлдэх гэрээ байгуулах үйл ажиллагаа “Чингэс” зочид буудалд болов. ЗГ-ын бондын хөренгийн эх үүсвэрээс барилгын ажлын гүйцэтгэлийг санхүүжүүлэх болж байгаа юм. Сангийн яам даруйхан мөнгөний асуудлыг шийдээд өгвөл 2008 оны тавдугаар сар гэхэд 20 гаруй мянган орон сууц эздэдээ очих боломжтой. Одоогоор 3-4 тэрбум төгрөгийн ажлыг хувийн хэвшлийнхэн хийгээд байгаа бөгөөд баригдаж буй барилгуудыг үргэлжлүүлэн барихад ойрын хугацаанд гурван тэрбум төгрөг шаардлагатай аж. Найман байгууллагын 44 албан газар орон сууцны захиалга өгчээ.
Хойтон гэхэд 20200 айл ямар ч байсан байртай болно. “Засгаас мөнгийг нь шийдээд өгчихсөн ч банкууд зээл олгохгүй байгаа гэсэн. Энэ үнэн үү” гэсэн асуултад гэрээнд гарын үсэг зурахаар хүрэлцэн ирсэн банкны захирлууд “Арилжааны банкуудад одоогоор мөнгийг нь байршуулаагүй байгаа. Хэрвээ байршуулчихвал бид иргэддээ заавар журмыг даруйхан танилцуулах болно” гэсэн юм.
2007.08.09. УИХ гадаадаас ажиллах хvч оруулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын vйл ажиллагаатай танилцах ажлын хэсгийг байгуулав. Манай улсад жилдээ 11 мянга гаруй гадаадын ажиллах хvч авдаг бөгөөд vvний 70 гаруй хувь нь хятад иргэд байдаг гэсэн тоо байдаг аж.
2007.08.14. Барилгаа өөрсдөө барих шаардлага гарсан учир барилгын цэргийн ангийг татан буулгав. Мөнгөө барилгын цэрэгтэй хувааж иддэг тэнэг амьтан гэж байхгүй учраас ингэж байна.
2007,08.21. Зээлийг олгох банкны асуудлаар томчуудын маргаан эхлэв. Эхлээд “Голомт”, “Улаанбаатар хотын банк”, “Капитал” банкийг сонгосон аж. Гэвч Сангийн яам уг мөнгийг “Голомт”, “Улаанбаатар хотын банк”-нд шилжүүлэхдээ өөр зориулалтаар дураараа зарцуулах эрх олгочихжээ. Банкууд “Бид зээлдэж авсан учраас юунд зарцуулахаа өөрсдөө мэдье. Хариуцлагыг нь ч хүлээнэ” гэсэн хариу өгөх болов. “Голомт”, “Улаанбаатар хотын банк” авсан мөнгөө арилжааны журмаар иргэдэд өндөр хүүтэйгээр зээлдүүлж, ашиг олох болов. Азийн хөгжлийн банкны орон сууцны зээлийг ч тэд мэдэх болов. Тэр зээлийг хувиараа бизнес хийдэг хүмүүс, авлига авдаг төрийн албан хаагчид л авдаг болов.
2007.08.28. Орон сууцанд орох гэсэн иргэний хүсэлт 15000 болов. Хүсэлтийн маягтыг 50 мянган төгрөгөөр дамлан зарсан тохиолдол гарав.
2007.09.01. Монголын хөрөнгийн бирж дээр 24.2 тэрбум төгрөгийн бонд арилжаалагджээ.
2007.09.05. Хєрєнгийн биржийн дэд захирал С.Даваасамбуу: СЯ болон ОССК-ын үл ойлголцлын vvднээс нэг удаа бонд арилжаалагдаагvй. Vvнд хєрєнгийн биржийн зvгээс нєлєєлсєн зvйл байхгvй. Хєтєлбєрийн санхvvжилтийг Сангийн сайдын тушаалаар ХААН, Монгол шуудан банкуудад байршуулсан гэж мэдээлэв. МХБ хөтөлбєрийн хvрээнд Японы зуун хувийн хєрєнгө оруулалттай “Фронтиер” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээнд гарын vсэг зурлаа. Энд МХБ хүртэл бизнест оролцох болсон бөгөөд энэ хууль бус үзэгдэл тэр дорхноо дэлгэрч нийслэл, дүүрэг, аймаг сумд хүртэл барилгаар бизнес хийх өвчтэй болов. Энэ нь төрийн байгууллагууд шууд бизнес эрхлэх болсны тод жишээ юм.
2007.09.06. Хэрүүлээ зохицуулах гэж БХБЯ, ОССК корпораци “гэрээ” байгуулав. Гэрээнд тусгагдсан орон сууцны талыг нь бага, дунд орлоготой иргэдэд урт хугацааны зээлээр өгөхөөр тохирчээ.
2007.09.22. Ингээд айлуудын газрыг булаан авах дараагийн шат эхлэв. Энэ нь маш нарийн пиар болон захиргааны хүчирхийллийн аргаар явагдаж эхлэв.
2007.09.25. 1.7 тэрбум тєгрєгийг гvйцэтгэгч компаниудад олгоод байгаа ба 1.4 тэрбум тєгрєгийг удахгvй олгоно. Засгийн газрын бондын санхvvжилтээр 3600 айлын орон сууцыг барихаар тєлєвлєсєн. Гэхдээ одоогоор зураг тєслийн ажлыг нь дуусгаад, гvйцэтгэгч компанийг нь шалгаруулахаар бэлтгэж байна гэж ОССК мэдэгдэв. Нөгөө мундаг хөтөлбөр маань ердөө л гүйцэтгэх компаниа шалгаруулах хэмжээндээ “буцааж оччихсон” хачин заваан луйврыг бид харж байна.
2007.10.02. Гэв гэнэт ахмад дайчдаа санаж тэдэнд нэг тэрбум төгрөгийн барилга өгөх шийдвэр гаргав. Энэ ч яахав, хэдэн хөгшүүдийн амыг таглах шийдвэр байсан юм.
2007.10.06. Удирдлагын Академийн багш М.Мєнхболд: СЯ нь ОССК-ийг vvсгэн байгуулагчаас далдуур “Голомт” банкинд 9,9, Улаанбаатар банкинд найман тэрбум тєгрєг байршуулсан байгаа. “Голомт” банк ОССК-ийн гvйцэтгэлд 1,5 тэрбумыг л шилжvvлсэн. СЯ яам хєрєнгє оруулагчдад тєлєх Засгийн газрын бондын тєлбєрийн мєнгєн урсгалыг найдвартай хадгалах vvднээс эрсдлээ банк руу шилжvvлсэн байх. Монголын ипотекийн корпорацийг арилжааны 10 банк байгуулсан гэж мэдээлэв. Энд хамгийн ноцтой бөгөөд аюултай хандлага гарч ирж байна. Хэдхэн жилийн дараа банкууд дампуурна гэдгийг энэ залуу мэргэжлийн зөн билгээрээ мэдэрсэн байна.
2007.10.22. Олон улсын банк санхvvгийн байгууллагын зөвлөснөөр 40000 айлын орон сууц” хєтєлбєрийг хэрэгжvvлэхээр олон улсын зах зээлд 500 сая долларын бонд гаргах шийдвэр гаргав. Одоо луйврын хөрөнгөө гадаад руу шилжүүлэх зам нээгдэж байна.
2007.10.25. Хөтөлбөр санхүүжилтгүйн улмаас зогсонги байдалд оржээ. 21 аймагт барилгын компаниудын удирдлагууд БХБЯ болон СЯ-аас санжүүжилтийн мөнгөө нэхэж шаардах бичиг өргөв. Бонд гаргасан, банкинд байршуулсан хэдий ч мөнгө огт байхгүй болсон нь мэдэгдэж байна. Аймгийн жижигчүүдэд өгдөг мөнгө гэж оргүй болсон гэдгийг тэд мэдээгүй л байна.
2007.10.31. Барилгыг зураг төсөл гэж нэг юмаар барьдаг, барилга барихад барилгын материалын үйлдвэрлэл гэж нэг юм байдаг, эхлээд Дархнаасаа дараа нь Хятадаас авах нь зүйтэй, норм, норматив гэж нэг юм байдаг, байгаль цаг уурын нөхцлийг харгалзах ёстой, төслийг баталгаажуулдаг, барилгыг дамнуураар биш, машин механизмаар барьдаг, газар хөдлөлтийн мужлалыг зураг гаргадаг, мэргэжилтэй ажилтан бэлтгэх хэрэгтэй гэдгийг сая л нэг юм ойлгов. Ингээд энэ бүхний тусгасан “Барилга, дэд бүтцийн салбарт авах зарим арга хэмжээний тухай” Засгийн Газрын 282 дугаар тогтоол гарав.
2007.11.09. Нэгэнт өвөл болсон тул урин дулаан болтол барилгын ажлыг зогсоохоор шийдвэрлэв. Барилгынхан орон сууцны санхүүжилт, хийсэн ажлын хөлсөө авахын тулд ийн яам, байгууллагын үүдээр эргэлдэх ажилтай болов. ЗГ-ын бондыг арилжиж олсон мөнгийг арилжааны гурван банкинд байршуулсан ч “Голомт”, Улаанбаатар хотын банк”-ныхан ОССК, СЯ хоёр хэл амаа ололцсоны дараа дараа мөнгөө шилжүүлнэ гэжээ. Банкууд бараг шүүхийн үүрэг шийдвэр гүйцэтгэгч шиг авирлах болсон нь тодорхой болов.
2007.11.20. 2007 оны 9-р сарын байдлаар “Голомт” банкинд 9,9 тэрбум төгрөг , “Улаанбаатар хотын банк”-нд 8 тэрбум төгрөг, “Монгол шуудан банк”-нд 4 тэрбум төгрөг байршсан. Гэхдээ улсын хэмжээнд нийт дүнгээрээ 1,243,817,129, төгрөгийн санхүүжилт хүлээгдэх болов.
2007.11.22. Бага дунд орлоготой төрийн албан хаагчдад зориулсан орон сууцны тендер зарлав. Захиалагч болох төрийн байгууллагууд нь барилга угсралтын ажлыг өөрийн хөрөнгөөр эхлүүлж, барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгүүлж, санхүүжүүлж байгааг мэдээлэв. Төрийн байгууллагууд барилгын санжүүжилт хийдэг шинэ моод дэлгэрэв.

За нэг иймэрхүү байдлаар 2004 -2007 оныг үдсэн юм даа. Энд дараах зүй тогтол илт ажиглагдана. Хөтөлбөр нэрийн дор эрх баригч цөөн том бүлэглэлүүд төр, банк, барилгын байгууллага гэсэн гурвалжингаар дамжуулан хөрөнгө санхүүгийн “асуудлаа” нэгэнт шийджээ. 3-4 том оролцогч байгаа бөгөөд бусад нь манай улс төрийн системийн арчаагүй байдлыг ашиглан мөнгө олох гэсэн дунд болон жижиг бүлэглэлүүд болно. Нэгэнт зарчмын асуудлаа шийдчихсэн тул орон сууцжуулах сайхан уриагаар ард түмнийг уриалан дуудаж, солиоруулах үйл явц болжээ. Энэ нь хоёрдахь Хадгаламж зээлийн Хоршоо боллоо гэсэн хэрэг юм. Ард түмэнд мөнгө байхгүйг мэдэхийн дээдээр мэддэг энэ дээрэмчид бонд гаргах, зээл өгөх аргаар алсдаа банк дээрэмдэх гэж төлөвлөсөн нь тодорхой байна.
Үр дүн гэвэл ЗГ-ын 40 сая ам.долларын бонд борлуулаад дөнгөж 3.5 саяыг нь хэрэглэжээ. Ингэхлээр бондын 36.5 саяыг үр ашиггүй “үхүүлсэн” байж таарна. Тухайн үед буруутнаар Хотын удирдлагууд, сангийн яам, ОССК тодорсон юм. Энэ хэдий үнэн боловч гол шалтгаан нь банкууд болон барилгын компаниудад байлаа. Бонд аваад орон сууцны барилгад зарцуулж байдаг тэнэг банкир цөөхөн юм. Энэ үед л барилгын салбарт зориулсан мөнгө болон элдэв хөнгөлөлтийг замаас нь завшдаг, зуучилдаг луйврын сүлжээ тогтчихсон байсан юм.
Олон хүн намайг одоо загнаж магадгүй. Мэдэж байсан бол хэлж сануулж байхгүй яасан юм гэж ?! Энэ сүлжилдсэн, далд луйврыг судлан мэдэхэд нэлээд хугацаа орохоос гадна би боломжийн хэрээр олон удаа сануулж байсан. Тэгээд ч тэр үед энийг “чанга” хэлсэн бол энхрий хайрт төр засаг маань гоё орон сууц барьж өгөх гэж байхад энэ муу судлаач дандаа юм болгоныг эсэргүүцдэг гээд намайг олон хүн “барьж идэх” байсныг би сайн мэднэ.#

Үргэлжлэл бий.

  • Бичсэн gankhuyag_d
  • Үзсэн: 4492

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter