Аян замын тэмдэглэл

Б.Номинчимэд
Вашингтоны монголчуудын "Хамаг Монгол" сонингоос

СИЙМХИЙ Ч ГЭСЭН ГЭР МИНЬ, СЭГСГЭР Ч ГЭСЭН ИЖИЙ МИНЬ
БОГД УУЛ БАЙРАНДАА БАЙНА УУ?
ХАТАН ТУУЛ МААНЬ ХААШАА ЭРГЭЖ УРСАНА ВЭ?
Нутаг яваад ирлээ. Ингэхээр уулзсан болгон л сонин юутай байна. Их л биз дээ, нутаг сайхан байна уу, дулаахан байна уу, нутгийн агаар хэр байна? Улаанбаатар өөрчлөгдөж, өргөжиж үү, амьдрал ямар байна, нөгөө тэр, тэрний тэр хаана байна, хэн ямар алба, ажилд орж вэ, Ц.Элбэгдорж нь юу хийж байх юм?... гэх мэтээр өч төчнөөн зүйл асуух. Бараг л Богд уул байрандаа байна уу? Хатан туулын маань урсгал хаашаа эргэж урсана вэ? гэх нь холгүй зүйлийг асууна. Арга ч үгүй биз ээ. Эх нутаг, элгэн саднаасаа хол хөндий удчихсан бидэнд хэдийгээр өдөр бүр интернэтээс болон бусад олон сувгаар мэдээлэл авдаг ч нутаг очоод нүдээрүзээд, эх нутгийнхаа агаар, тоос, Улаанбаатарынхаа утаа униарыг биедээ шингээгээд ирсэн /тэрч бүү хэл Монголынхоо ханиадыг аваад ирсэн/ хүний энгийн хоёр өгүүлбэр ч үнэ цэнэтэй. Гэтэл тэр бүгдэд нь би нэг амьсгаагаар хариулж тэр бүр дөнгөхгүй юм. Надтай уулзаагүй, утсаар яриагүй цаана нь зөндөөн олон нөхөд байдаг. Тэгээд л Монголдоо очоод ирсэн хоёрхон долоо хоногийнхоо тухай нэг аян замын тэмдэглэрхүү юм тэрлэж, сониноороо дамжуулан хүргэх нь зүйтэй юм болов уу гэж бодлоо. Анхнаасаа л цаг давчуу, дээр нь эмнэлэг энэ тэр гээд тэр бүр өөр бусад зүйлд анхаарч, анзаарах зав муутай явсан тул Та бүгдийнхээ сонирхож буй бүхэнд бүрэн дүүрэн хариулт өгч чадахгүй л болов уу, гэхдээ хичээнэ ээ.


УТААН ДУНДАХ УЛААНБААТАР
Монголд байхүеэр маань цаг агаар дулаахан, урьд жилүүдийнхээс харьцангуй цас багатай, мичин жилийн өвөл гэх сэтгэгдэл огтхон чүгүй. Харин Улаанбаатар маань дөрвөн их уулынхаа дунд утаан дундаас дуниартсаар тослоо. Цаг агаар тогтуун, салхи савирүгүй болоод ч тэрүү, Толгойтоос урагш, Амгалан хүртэл нилэнхүйдээ утаа, ялангуяа 100 айл, Сансар орчим манан суучихсан мэт битүү хар хөх юм нүүгэлтэнэ. үдээш хойш таван цагаас хойш хотын төвийн гудамжаар явахад машины гэрэл манан дотор яваа мэт тэнгэр өөд гозойчих юм. Биднийг бага байхад Улаанбаатарыг "Азийн цагаан дагина" гэдэгсэн байгаагүй билүү. Тэр ч бүү хэл "Мишээсэн дагина шиг Миний Улаанбаатар..." гэж нийтээрээ зэрэгцэж зогсож байгаад дуулдагсан. Тэр зүүд, мөрөөдөл л болжээ, одоо. Тэр утаан дотор өөрийн эрхгүй хоолой хорсон гашуу оргих юм. Харин манай Улаанбаатарынхан маань түүнээ нэг их анзаарахгүй байгаа бололтой, их сайхан гоёж гоодчихсон улс л гүйцгээгээд... Эсвэл бүгдээрээ утаан дотор байсаар утааны дархлаатай болцгоочихсон юмдаг уу... Тэр утаа униаран дунд хүн эрүүл, саруул амьдарч, хүүхэд багачууд бүтэн бүрэн уушигтай өснө гэхэд их л эргэлзээтэй санагдсан. Угийн уушиг муутай, архаг бронкиттой миний хувьд агаар солигдоод ч тэрүү, тэр утаанаас ч болов уу, очоод л хоёр хоноод хахаж цацаад, хүнтэй бүтэн хоёр үг солиход ч бэрх болчихож билээ. Манай найз хотын төв, 40 мянгатад байр авах тухай ярихад би шууд эсэргүүцсэн. Улаанбаатар их өөрчлөгдөж үү гэж улаанбаатарынхан их бахархалтай асуух юм. Тэгэж асуухаас ч аргагүй. Цөөхөн хэдэн жилийн дотор маш олон сайхан барилга байшин баригдаж. Их ч хурдан шуурхай, өнгө үзэмжтэй барьдаг болчихож. Баруун, зүүн дөрвөн замууд, урд тойрог гэх мэтээр торох юмгүй, толийсон замаар давхичихна. Тэр бүгдийг харахад их л бүтээн босголт өрнөж, их хөдөлмөрлөж. Гэвч бас эргэлзэх ч юм байх л юм. Хотын төврүүгээ барилгууд их чигчигдэж, шахалдсан нь өнөөх хотын хэтийн төлөвлөлт гээч юмандаа хэр зэрэг нийцэж байдгийг хэлэхэд бэрхтэй. Хорин жилийн дараах бидний хойч үеийнхэн маань эмх замбараагүй шавааралдуулан босгосон тэр олон барилгууд дотроос шинэ Улаанбаатарын өнгө төрхийг гаргаж ирэх гэж нэлээд зовох л болов уу. Гэтэл хотын мэр гэж нэг сайхан малигар цагаан залуу хааяа хааяа ТВ-ээр гараад л... Их хурлынхан, эвэртэн туурайтангууд нь элдвийн цэцийг уралдуулаад л. Улсынхаа ганц нийслэл, голт зүрхийг хэрхэн цэвэр агаартай, ирээдүйтэй хөгжилтэй болгох талаар эрхбиш юм бодож, болгоож байдаг л байлгүй дээ. Хэдэн жилийн өмнө Улаанбаатар 40 мянган машинтай гэдэг байсан санагдана. Харин одоо энэ тоо даруй 3 дахин өсчээ. Монголд орж байгаа машинуудын хэдэн ч хувь нь хуучин машин байдаг юм бэ дээ. Газар газраас, орон орноос монголчууд бид чинь хүний хуучин машиныг, хатуухан хэлэхэд төмрийн сэгийг чамгүй зөөдөг бололтой юм. Замын цагдаагийн газраас, эсвэл Нийслэлийн Засаг захиргаанаас замын хөдөлгөөнд оролцож байгаа машин тэргэнд, түүний утаа тортогонд ямар шаардлага, шалгуур тавьдаг юм бүү мэд. Сангийн аж ахуйн хуучин ЮМЗ-50 трактор шиг хар утаа олгойдуулсан машинууд хаа сайгүй утаан сүүл чирчихсэн давхиж явах юм. За тэгээд манайд ямар ч дүрэм журам байгаад нэмэр байх биш, цагдаатайгаа, шалгагч, даргатайгаа нийлж байгаад аргалчихдаг хойно. Улаанбаатарыг тойрсон гэр хорооллуудын 40 мянган гэрийн утаа, салхин доороо байрлуулсан хэдэн үйлдвэрийн утаан дээр тэр олон хуучин машинуудын утаа нэмэгдэхээр Улаанбаатар маань униарталгүй яахав дээ. Аргагүй Монгол тулдаа л болж байх шиг байна. Єглөө оройд Улаанбаатарын төвөөр машинтай явахад яс хавтаймаар болсон байх юм. Жоржтауны хуучин нарийн гудамжинд ч тийм бөглөрөл байхгүйдэг. Машины олноос, замын ачаалал хэтэрсэнээс болж тийнхүү бөглөрөл үүсэхээс гадна бас манай Монголчуудын "Замын хөдөлгөөний соёл" ч гэдэг юм уу, нэг тийм юмнаас болоод ихэвчлэн зохиомол бөглөрөл их үүсч байх юм. Нэг нэгнээ хүндэлнээ гэж ёстой гонж доо. "Чи муу, тэр муу...П-даа" Тэгээд хараалаа урсгаад л, гараа гозолзуулаад л, сигналаа хангинуулаад л бие биенийхээ урдуур дайраад байх. Аятайхан, завсар чөлөөгөө харж байгаад гараад явчих юман дээр бүгдээрээ зүтгэлсээр байгаад бүгдээрээ яг таг зогсоцгоочихно. Тэгснийхээ дараа бууж ирээд заамдалцаад, цохилцоод авах нь энүүхэнд. Улаанбаатарын гудамжаар машин барина гэхэд ихээхэн эр зориг, эрээгүй зан хэрэгтэйдэг. Энд байдаг шигээ хүлээзнээд, ая эвийг нь харах гэх юм бол өмнүүр дайрсаар өдөржин ч хүлээлгэчихэж мэдэх юм билээ, сүүлдээ залхаад яг л адилхан сигнаалдаад дайрахад хүрч байх юм. Хэдийгээр хуучин машин их ч түүний хажуугаар олон сайхан шинэ машинууд очжээ. Вашингтон, Нью-Йоркийн гудамжинд ч ховорхон үзэгддэг машинууд Улаанбаатарын гудамжийг чимсэн шиг сүнгэнүүлж явах юм. Монголд mersedes benz байдаг гэдэгт үнэмшдэггүй Аннанделийн Солонгос танилаа Улаанбаатарын тэр олон машинууд дотор оруулахсан гэж бодогдож билээ. Хаммер хэмээх шинэ цагийн жийп л гэхэд бараг гудамж болгонд таарах...
Хад хайрцаг шиг Хаммер нь
Хамчих шахаад өнгөрсөнийг яана
Ууртай догшин харсан чинь
Лусын дагина байсныг яана аа хө гэж дуулахаар л байна билээ. Сайхан сайхан мисс бүсгүйчүүд энэ $100 мянгын үнэтэй жийпээр гоёчихсон явах нь нэг бус таарлаа, цав цагаан, гоо үзэсгэлэн төгс бүсгүй хав хар, дөв дөрвөлжин, эз түрэмгий шинжтэй машинд явах нь их донжтой. Улаанбаатарын тэр их утаа тортогийн 80 хувийг нь Богд Дүнжингарав уул биедээ, ногоон хучлагандаа шингээдэг гэнэ. Дүрсгүй хүүхдүүдийнхээ тарьсан балгийг дуугүйхэн ширтэх эцэг шиг Богд хан уул маань утаан хөшигний дээгүүр дүнсийнэ. Гэвч сүүлийн жилүүдэд Богд уулын маань бие хортон шавьж, түймэр, модны хулгайгаас чилээрхэжээ. Ингээд Богд ууланд хагас сая мод тарих хөдөлгөөн өрнөөд байгаа гэнэ. Америкийн Монголчууд бид ч бас тэр үйлсэд хувь нэмрээ оруулахад болохгүй гэх зүйл алга санагдана. Тийм төрлийн сан, үйл ажиллагаа эхэлбэл бид жич мэдэгдэхийг хичээнэ ээ.


ЭЗЭНГVЙДЛИЙН "ИХ ТҮЙМЭР"
Улаанбаатарт, гэртээ буусны маргааш өглөө, нойрны зөрөө, замын алжаал гараагүй дуг нойрондоо дугжирч байтал "Түймэр, түймэр, хөөе, хүүе, яанаа, ийнээ" гэх эмх замбараагүй шуугиан сэрээлээ. Цаг-өглөөний 10.00. Сандран цонхоор харвал манай яг урд гудамжинд хоёр давхар дүнзэн байшин бөөн бөөн галаар тал тал тийш тургилан, оч хаялуулан омогтой, сүртэй шатаж байна аа. Салхин талаар нь тэр хавийн хашаа, байшин сахиж хоцордог хэдэн хөгшчүүл хөлхөлдөж, ойрмогхон байх дунд сургуулийн хэдэн дэггүй баньд нар сонин хачин юм үзэж буй аятай шохоорон тойрсон харагдав. Хэдэн жилийн өмнө хэдэн нялх нойтон хүүхдэд дарагдсан миний үеийн хоёр залуу ирж, тэнд газар аван, бүтэн зунжингаа, өвөлжингөө хуруу хумсаа мултартал ноцолдож байж босгосон байшин нь тийнхүү шатаж байгаа аж. Аав, ээжийгээ ажилд явсан хойгуур хэдэн учир мэдэхгүй хүүхдүүд л гал тавиа биз, дотор нь хүүхэд шуухад гэсэн шүү юм бодогдож, санд мэнд хагас дутуу хувцаслаад очвол байшин ойртохын аргагүй гал, утаа хоёроор хахжээ. Хүн амьтнаас асуувал дотор нь хүн байхгүй, эзэн нь саяхан ирсэн, Гал команд дуудаад 10 минут болж байна гэв. Гэрийн эзэн залуу яах учраа олохгүй байгаа бололтой, дэмий л гартаа нэг хүрз барьчихсан байшингаа тойроод гороолон гүйж явах юм. Шороо цацая гэхэд газар тас хөлдүү, ус цацая гэтэл ойролцоох гар худгаас 5 л-ын ховоогоор хичнээхэн ч зөөхөв. Тэгээд ч тэгэж санаа тавьж буй хүн алга шинжтэй бүгд л Гал командыг хүлээж байна гэцгээв. Байшин шатсаар, хүмүүс шавсаар, цаг явсаар… Намайг очсоноос хойш дахиад 10 минут болсоны дараа Галын машины дохио сонсогдов. Энгийн цагт чихэнд чийртэй сонсогддог энэ чимээ тийм цаг үед бол их уянгалаг сайхан сонсогддог юм билээ. Хоёр ч галын машин ирж салхин талаас нь галт байшинд ойртож зогсов. Дотроос нь хэдэн гал сөнөөгч гарч ирээд бэлтгэл ажилдаа орлоо, хүмүүс ч за одоо л тэр омогтой их галыг хэдхэн хормын дотор хэрхэн унтраахыг харах гэж тэсч ядан хүлээнэ. Гэвч хоёр галын машины нэгнийх нь ус цацагч ажилладаггүй ээ. Хоёр гал сөнөөгч жаал нухаж, нухаж, хараал баахан урсгаж байгаад машинаа асаагаад буцаад давхичихлаа. Нөгөө нь усныхаа шаланкийг буулган ар талаас нь ус шүршиж гарав. Гэвч байдаг ганц шаланкийнх нь тэхий дундуур хэд хэдэн газар томоохон цоорхойтой агаад түүгээр нөгөө цацаж буй усных нь бараг тавин хувь нь галын гадуур, хашааны ёзоороор сул дэмий асгаран том тогтоол, маргаашийн мөсөн гулгуур үүсгэх аж. Гал ус хоёрын харшилдаан дунд байшингийн хар цаасаар дээвэрлэсэн дээвэр их гал, чимээ гарган дотогш цөмрөн унав. Байшингийн ойрмогхон байх хашаанд гал үсчин очиж ноцлоо. Ёслолын парад гэмээр шинелэндээ баригдаж түүртэн, хөдөлж ядсан гурван гал сөнөөгч тэрхүү хашаанд ноцсон галыг арайхийж унтраатал ус нь гарахаа больчихов. Яав ийв гэтэл ус нь дуусчихаж гэнэ ээ. Тавхан минут цацдаг устай байж ямар гал унтраах гэж явдаг юм бол доо. За тэгээд нөгөө галын машин маань "дуугаа дуулсаар" ус нэмж авчрахаар буцаад давхичихлаа. Тэр ус нь хаанаа ч байдаг юм, бааз нь хэдэн ч минут явдаг газарт байдаг юм бүү мэд. Байшин шатсаар, хүмүүс хүлээсээр, эцэст нь цэл залуухан эцэг эх хоёрын хэдэн нялх хүүхдийнхээ хоногийн хоолыг хороон байж, сөхөрч унатлаа зүтгэж босгосон байшин хар утаа олгойдуулсаар, хар нүүрс болон өмхөрөн унав аа. Нөгөө галын машинуудын чимээ дахиж сонсогдсонгүй. Эх орондоо угтсан анхны өглөөний дүр зураг маань нэг иймэрхүү. 10 хоногийн дараа өглөө үүрээр нааш буцахаар хашааныхаа гаднаас хөдлөхөд нөгөөх шатсан байшингийн ормон дээр хэдэн хана, унь дугуйлаад тавьчихсан, өвлийн өглөө эртийн хахир жаварт бээрчихсэн залуу эр эм хоёр, хөлдүү газрыг хүрзээр дангинуулан хуссан зогсоо нь харагдсан. Хаанаас ч юм нэг ханхай гэр олж дээ. Хөлдүү газарт барьсан давхцаггүй дан гэрт Монголын хахир өвлийг яаж давна даа гэж бодохоос л хамаг бие жихүүцэж, зүрх хусах шиг. Томчуул нь ч яая гэхэв, тэр хэдэн бага балчирууд... үүнд хороо хорин, Нийслэл, дүүргийн засаг захиргаа, Улсын Нийгмийн халамжийн газраас ямар нэгэн тус дэм хэрхэн ирж буй нь мэдэгдсэнгүй, харагдсангүй, сонсогдсонгүй. Мэдээжийн хэрэг манайхан л болсон хойно хөрөнгийн даатгал хийгдээгүй байгаа нь ойлгомжтой. Байшинд даатгал байтугай газарт нь ч зөвшөөрөлгүй байгаа. Ийм тохиолдолд дарга даамлын, боос захирлын л хамаатан садан биш бол нийгмийн зүгээс ямар нэгэн тэтгэлэг туслалцаа авах боломж нэн хомс, бор зүрхээрээ зүтгэж яваа нэгэнд бол ямар ч найдваргүй. Ийнхүү тэс хөлдүү газар дээр дахин гал боломт асаахаар зүтгэж байгаа хэдэн хялх нойтон хүүхэдтэй залуу эцэг, эх хоёрт Монголын нийгэм мөн л тэс хөлдүү царайлж байх юм даа. Би үүнийг зүгээр нэг сонирхуулж, гал сөнөөгч нь гал сөнөөгч шиг байж чадсангүй дээ гээд л орхичихмооргүй байна. үүний цаана ерөөсөө хийж буй ажилдаа эзэн шиг эзэн нь болж чаддаггүй нэг иймэрхүү үзэгдэл Монголыг маань түйрэн /их түймэр/ мэт нилэнхүйд нь нөмөрчихсөн байгаа юм биш үү. Дарга нь дарга шиг байж чадахгүй юм. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэгчээр Ерөнхийгөөсөө авaхуулаад адгийн cум, хороон дарга нь хүртэл өөр шигээ хэдэн юмнуудыг олоод тойруулчихна. Тэд нь улыг нь долоож, даргыгаа дарга гэдгийг нь ямагт мэдрүүлж, баясуулж амьдарна. Аль алиндаа өлзийтэй, харин ард түмэндээ бол..., яг л цөөвөр чоно шиг. Улс төрийг итгэл, үнэмшил, үзэл бодол, арга барил гэж бус шууд л хуйвалдаан гээд ойлгочихсон, одоо түүнийх нь үр дүнд та бид дээрээ төргүй юм шиг л гүйлдэцгээгээд байнам биш үү. Их хурал, улс төрийн намууд маань яаж мунгиналдаж байнав. Дарга гэдэг бол амьдралын баталгаа, эд хөрөнгө гэж ойлгохоос биш хариуцлага, үүрэг, зүтгэл гэж ойлгохгүй. Эсрэгээр боддог ганц нэгнээ хэнхэг, хоцрогдсон, солиотой коммунист гэх, гадуурхсаар гортигноос гаргаад зогсохгүй бүүр амьдралгүй болгож орхино. /Энэ талаар дараагийн бүлэгт жичид нь ярина/ Цагдаа нь цагдаа шиг байж чадахгүй юм. Замын цагдаа л гэхэд дуртайгаа шүгэлдэн зогсоочихоод, өөрөө замын голд пээдийгээд зогсчихно. Яаруу түргэн машинаасаа гарч, өмнө нь гүйн очиж, бөхөлзөхгүй бол хөгшин нохой шиг зуучихнаа. Яав, яагаад намайг зогсоов, энээ тэрээ гэвэл огтхон ч тайлбар өгөхгүй, яарч, сандарч байна гэвэл улам гэдийгээд зогсоод байна. Хэдэн муу микро автобус, таксины жолооч нарт бол эр бар, рекет маягийн юм хийж авсангүйдээ гэхэд хайрцаг тамхи, ширхэг бохины үнэ авч байж салах юм. Микро автобусны жолооч нар бүүр тэндэхийн цагдаа хайрцаг тамхины, эндэхийнх нь шил архины ханштай гээд тогтоочихсон байгаа юм даа. Хуульч нь хуульч шиг байж чадахгүй юм. 80 долларын гар утас хулгайлсан ядарсан дорой нэгэнд төрийн төмөр нүүрийг өршөөлгүй харуулж, хэдэн жилээр хорих ял сонсгон, нэг мөсөн гэмт хэрэгтний ертөнц рүү өрөвдөх юмгүй өшиглөчихдөг мөртлөө хэдэн арав, зуун саяар нь луйвардчихсан ТОМЧУУЛЫГ тавхан мянган төгрөгөөр торгосхийгээд өнгөрөөчихнө. Ярьвал маш их намтартай. Яруу найрагч нь яруу найрагч шиг байж чадахгүй юм. Хүн төрөлхтөнд учирсан зовлон, жаргал бүхэн уг нь яруу найрагчийн зүрхэн дундуур нэвт гардагсан. Одоо харин өөрт учирсан зовлонгоо өрөөлд тохож, өрөөлийн жаргалыг өрсөж булаадаг нь л яруу найрагчид болж дээ. Нэр төр, хөрөнгө мөнгөний төлөө л шүлэг бичдэг гээд ойлгочихсон утга зохиолын нэн хөөрхийлөлтэй нэгэн үеийнхэн өндийж байх юм. Шинэ үеийн яруу найрагчид гэх, хэдэн зуун хүүхэн цохисноо, эсвэл хэдэн арван эртэй банзалдсанаа зүрх сэтгэлийн явдал болгон эндүүрэн хөөрцөглөдөг сэтгэлгээнээс яруу найраг гарах уу даа, зөвхөн өмхий самхай л сэнхийж байгаа юм чинь, Энэ мэтчилэн эрдэмтэн нь эрдэмтэн шиг, эмч нь эмч шиг, багш нь багш шиг, цэрэг нь цэрэг шиг байж чадахгүй юм. Эцэст нь иргэн нь иргэн шигээ байж чадахгүй байна. Хариуцлагагүй, бүтээлч бус явдал даамжирсаар бүүр ийм их эзэнгүйдэл болж хувирсан юм даг уу даа. Хааяа нэг хариуцсандаа эзэн шиг эзэн болохыг хичээн, зүтгэж байгаа нэгэн байх... Гэвч тэд нийгмийг нэлэнхүйд нь нөмөрсөн ийм орчинд эзгүй цөлд байх өнчин ганц баян бүрд шиг торойсоор, ёс суртахуун, итгэл үнэмшлийн хувьд өдөр өдрөөр тамирдсаар, эцэст нь нийтийн эгнээнд шилжчихнэ. Тэгээд л ажил хийсэн болж ороомдоод л, аргалаад л, яг нөгөө ГАЛ СЄНЄЄГЧИД шиг болцгоочихно. Сайн хийсэн ч, муу хийсэн ч ялгаагүй, авдаг арав тавхан төгрөгөө л авч байвал болоо. Ийм л эзэнгүй эх оронд ХҮН амь амьдралаараа, залуу насаараа, итгэл үнэмшлээрээ, сэтгэл зүрхээрээ л хохироод үлдэх юм даа. Нөгөөх жавартай өглөө хөлдүү газрыг хүрзээр хусаад зогсож байгаатай яг адилхан... Хамгийн аймшигтай нь сэтгэл зүрх, итгэл үнэмшил хохирч дуусаж байна. Ийм байдлыг ЭЗЭНГҮЙДЛИЙН ИХ ТҮЙМЭР гэж нэрлэмээр санагдсан. Харийн газраар биднийгээ цагаачилж, царайчилж явах ар худрагаар эх орныг маань эзэнгүйдлийн их түймэр хуйхлах гээд байгаа юм биш үү. Эх оронд маань эзэн шиг эзэд их л хэрэгтэй болж дээ, Харьд буй Монголчууд минь.


ХЄГЖЛИЙГ ГИНЖИЛСЭН ХЭЭЛ ХАХУУЛЬ, ХҮНД СУРТАЛ...
Бээжин хүртэлх галт тэрэгний билет авахаар Төмөр замын билетийн газрыг зорилоо. Хоёр хоногийн өмнө утсаар ярьж захиалгаа өгч, "за зү" болсон учир нэлээд тайван очтол кассын бүсгүй "Суудал дууссаан" гэлээ. Учир байдлаа хэлтэл, "Мэдэхгүй ээ, мэдэхгүй. Тэр дарга даамалтай уулзахгүй юу" гээд халгаасангүй. Тэр суудлаар л явахгүй бол Бээжингээс хөдлөх онгоцны суудал маань үхчих гээд амь тэмцэн, Билетийн тасгийн ахлагч бололтой нэг бүсгүй дээр ортол овоо гайгүй зантай, "Та ямар ч байсан нэрсээ бичүүлчих, өглөө эрт ирээрэй. Гэхдээ суудал байхгүй ч болчихсон байж мэднэ" гэж байх юм. Гайхахгүй байх арга байхгүй. Цааш тайлбар ч сонсохгүй бололтой. Єглөө л ирж азаа үзэхээс өөр мэхгүй болчихов. Єглөө эрт нь аргагүй иртэл нөгөөх ахлагч бүсгүйн өрөөний гаднах хонголоос аваад өрөө дүүрэн хүн, түүний ширээ тойрон тонгойн шавааралдан шуугилдах олны дундуур чадал мэдэн зүтгэлсээр арайхийж нэг юм ширээний буланд хүрч, зузаан нэхий дээл өмссөн эрийн суган доогуур толгойгоо шургуулж байгаад хар тэнхээгээр хашгичиж байж асуугаад автал "Суудал дууссаан, уучлаарай" гэж байна. За ингээд АНУ явдаг 6 хүний билет "үхлээ". Орон нутгийн вагоноор явж, Замын-Үүд, Эрээн ороод тэндээсээ автобус, такси хөлөглөн Бээжин хүрдэг нэг зам байх. Гэтэл нялх нойтон хүүхэдтэй бидэнд тэгэж явна гэхэд ихээхэн хүндрэлтэй. Нөгөө талаар хугацаандаа очно гэх баталгаа байхгүй. "Аргаа барахаараа аавынхаа сахлыг маажина" гэдэгсэн. Одоо монгол аргаар л үзэхээс өөрцгүй болж, билетийн кассад танилтай хэн нэгнийг олох эрэлд гарлаа. Ашгүй эрэл хол явуулсангүй. Хэн нэг нь хэн нэгэн рүү утас цохиж, нөгөө нь бас утас цохиж, тэгээд надад хэн нэгэн хүний нэр хэлж өгөв. Тэр нэрийг цээжилж аваад нөгөөх бүсгүй дээрээ дахин очиж, ойрхоноос шивнэн хэлтэл над руу нэг том харсанаа жижиг цаасан дээр бичиг хийж өгсөнийг аваад кассийн зүг дэгдээд очлоо. Хоёр өдрийн өмнө дуусчихсан байсан билет маань хоёрхон минутын дотор гялс манас бүтчихэв. Миний Монголд ажил явдал нэг иймэрхүү л байдалтай бүтэх юм даа. Энэ явдал бол зөвхөн ганц энэ билетийн касс дээр тохиолдсон зүйл биш, Монголын маань өнөөгийн дүр төрх, хээл хахууль, танил тал, хүнд суртал, эмх замбараагүй байдал гээч юм зүгээр л гудамжинд хөглөрч байдаг шар айрагний лааз шиг ердийн, энгийн, байх л ёстой, хэнд ч ойлгомжтой зүйл байсаар байна. Тийм болохоор л эл явдлыг эш татан нуршлаа. Тэр дундаа дундаас дээш давхаргынханы хүрээнд хээл хахууль, хүнд суртал гээч юм хэмээс хэтэрсэн тухай социологчид, гадаадын ажиглагчид халаглан бичсэнтэй олонтаа таарлаа. /Миний бие тэр дундаас дээш давхаргынханы хүнд суртлыг мэдрэх хэмжээнд явсангүй, гүйдэл маань ч таарсангүй учир тийм жишээ гаргаж чадсангүй/ Монголын хөгжлийг боомилж байгаа томоохон эмгэнэл, чөдөр тушааний нэг энэ байна. Хэдэн жилийн өмнө Авилгалтай тэмцэх үндэсний зөвлөл ч билүү нэг сүржин нэртэй байгууллага УИХ-ын дэргэд байгуулагдаж байсныг санаж байна. Дээрх шиг явдлыг, үзэгдлийг байх л ёстой ердийн зүйл гэж хүлээж авдаг нийгмийн сэтгэлгээ өөрчлөгдөөгүй цагт мянган Авилгалтай тэмцэх үндэсний хороо, зөвлөл, ассамблей байгуулаад нэмэргүй л дээ. Тос дотроосоо өтдөг бол нийгэм толгойноосоо эхэлж гэгээрдэг. Нийгмийг жолоодож яваа лидерүүд гэгдэх улс төрчид, бизнесмэнүүд, нэр цууд гарсан хүмүүсээс л нийгмийн энэ сэтгэлгээний өөрчлөлт эхлэх учиртайсан. Гэтэл өнөөдөр төрийн өндөрлөгт гарч байгаа манай эрхмүүдийн байр байдлыг харахад заримдаа ч ичиж үхмээр. Улсынхаа нөөцийг цөлмөчихдөг, банкийг дампууруулчихдаг, бааранд зодолдчихдог, амралтанд хүүхэндчихдэг... үүнийгээ "жинхэнэ эр хүний явдал" гэж бахархах. Хуулийг эмээгийн маанийн хэдэн эрх шиг алган дотроо эргэлдүүлнэ гэх шиг юм ярьж суух... Үүнийгээ "Чадаж байгаа юм хойно" гэж цайруулах. Бие биенээ хэвлэлээр харааж зүхэж байгаа нь яг 7 дугаар гудамжны Долгор чагванцын худаг дээр ярьдаг хов шиг. Єрсөлдөгчөө унагахын тулд чөтгөртэй ч хамаагүй нийлж байгаад, хүн алж хүрээ талахаас ч сийхгүй үзэж тарна. Үүнийгээ "ЛОББИ хийлээ" гэж нэрлэх... Дэлхийн хоёрдугаар дайны дараа эдийн засаг нь хүнд хямралтай байсан үед Данийн ван ард түмэн маань явган явж байхад би үнэтэй машин унахгүй хэмээн гадуур унадаг дугуйгаар явж ажлаа бүтээдэг байжээ. Үүнийг харсан ард түмэн нь эзэн хаан маань ингэж явахад бид хичээн зүтгэх ёстой, хэмнэж, гамнах учиртай юм байна гэдгийг гүн гүнзгий мэдэрч, энэ нь улмаар Данийн нийгэмд эерэг сэтгэлзүйг бүрдүүлсэн гэдэг. Мөн хаанахын ч билээ Европын нэгэн орны гадаад хэргийн сайд нь саяхан жирийн нислэгээр гадаад айлчлалаа хийж явсан тухай мэдээлэл уншиж байсансан. Харин Монголд бол энэ байдал шал эсрэг хандлагатай байна. Манай улсын эдийн засаг хүнд, ард түмний амьдрал ядуу зүдүү байхын хирээр лидерүүд маань хамгийн үнэтэй машин хөлөглөж, хамгийн тансаг харшид тухалж, баардаж, казинодож, гадаадаар үр ашиггүйгээр доншуучилж, ямар ч утга учиргүй, үнэ цэнэгүйгээр баян чинээлгээрээ өрсөлдөх гэж ядчихнаа... Эх нь булингартай бол адаг нь булингартай. Нийгмийн толгой нь ийм согогтой байхад бие эрхтэнүүд нь яаж ч эрүүл байхав... Боол, барлагийн сэтгэлгээтэй хүмүүс нийгмийн толгойд гарчихаар, өөрөөр хэлбэл түрүүний бөөс толгойд гарчихаар ийм байх ч бас аргагүй юм. Нийгмийн давалгаа гэдэг, тогтоол усыг хөндчихвөл ёзоорт нь байсан булингар буртаг дээгүүр нь гарч ирдэгийн л адил үзэгдэл... Хамгийн эмгэнэлтэй нь энэ шилжилт, доргилт дэндүү удаан, сунжирч байна. "Болдогсон бол энэ хүнд суртлыг Чононоос дутахгүй мэрэх юмсан" хэмээн пролетарийн хувьсгалын үеэр, эрх чөлөөгөө олсон пролетариуд эрх мэдлийн амт авангуутаа хэрхэн аймшигтай хүнд сурталд автдагийг харан бухимдан бичиж байсан Маяковский хэрвээ манай энэ үеийн Монголд ирэх юм бол "Болдогсон бол энэ хүнд суртлын өмнө Боож үхэх бор шидмэстэй болохсон" гэж бичих байхдаа.


VЙЛЧИЛГЭЭ ХИЙГЭЭД БУХИМДАЛ
Улаанбаатарт "БОСА" гэх мэтийн бөөний худалдааны хэд хэдэн томоохон сүлжээ нэлээд идэвхтэй, үр дүнтэй ажиллаж байна. Шинэ цагийн үйлчилгээний соёлын үнэр ханхлуулсан "Миний дэлгүүр", "Номин электроникс" зэрэг дэлгүүр, сүлжээнүүд Улаанбаатарт маань цөөнгүй олон болжээ. 90-ээд оны үеийн бүдүүлэг, эрээ цээргүй, эмх замбараагүй тохиролцооны лангуу цагийн эрхээр үеэ өнгөрөөж байгаа бололтой. Элдэвийн бараагаар хахсан шил толь болсон лангуу аль ч дэлгүүрийн өнгө төрх болж. Байхгүй бараа ховор болжээ. Гэвч үйлчилгээний салбарт бас эрээгүй бүдүүлэг харьцаа байсаар л байна. Ємнөх бүлэгт дурдсан Төмөр замын билетийн кассад үргэлжүүлэн болсон нэгэн явдлыг бас ишлэе. Бөөн юм болсоны эцэст билетээ бичүүлж зогсохдоо "амь даатгал" гэж нэг хураамж авдгийг санан, бас ялихгүй зүйлээс болж зам зууртаа ээрэгдэн шалгагдаж, саатуулагдах вий гэхдээ амь даатгалын үнэ нь билетийнхээ үнэнд багтсан эсэхийг мэдэхээр "Амь даатгалаа яах вэ" гээд асуугаад орхитол "Амьтай юм бол авч л таарна шүү дээ" гэж өмнөөс цочтол тачигнав. Арайтай л архирчихсангүй. Айх ч шиг, гомдох ч шиг. Хашааны буланд хэвтдэг халтар жингэр ч өмнөөс ингэж ярзайдаггүйсэн. Дөрвөн наснаас доошхи хүүхэд билетгүй зорчдог юм байна. Амь даатгал нь билетийнхээ үнэд ордог гэнэ. Бага хүү маань хоёр настай учир билет бичсэнгүй, нэгэнт билетгүй учир амь даатгалын хураамж авсангүй. Тэгээд кассчин авгай өөрөө "Амьтай болгон амь даатгал бичүүлдэг" гэсэн учир "Хоёр настай хүүдээ амь даатгал бичүүлье" гэтэл "Бичихгүй" гэж байна. "Хүү маань уг нь амьд мэнд яваа юмсан" гэтэл над руу нэг муухай харсанаа билетүүдийг маань өмнөөс шидчихлээ. Кассчины өмнөх ганц гарын шуу багтах умгар нүхний цаана тарчихсан хэдэн билетээ цуглуулж авах гэж хэрдээ л сандарлаа. Төв музейн нэг давхарт байх эд өлгийн дэлгүүрт, лангууний шилний цаана байх нарийн хийцтэй хэт хутгийг сонирхмоор санагдаж, худалдагч залуугаас үзүүлэхийг хүстэл "Авахгүй байж үзэж яах гэсэн юм" гэлээ. Шар хөдлөөд тэр галзуурсан үнэтэй юмыг нь худалдаад авчих шахсаныг яана. Эхнэр хажууд явсан тулдаа л хорьж тогтоолоо. Иймэрхүү эрээ цээргүй, бүдүүлэг байдал автобусанд ч, албан газрын үүдэнд ч хаа сайгүй л тааралдах юм. Ийм орчинд Улаанбаатарынхны маань ихэнх нь хөмсөг атирсан, нүүр дүүрэн инээдгүй байх нь, мөр шүргэх юм бол хараахад, үг сөрөх юм бол дэлбэрэхэд бэлэн явцгаах нь арга ч үгүй юм даа. Энэ бүхэн нь цаанаа манай Монголын нийгэм нэлээд архаг өвчтэй хэвээр байсаар байгаагийн илрэл л болж байна. Хэдэн жилийн өмнө нярай хүүхэдтэй нэгэн залуухан эх хүүхдийнхээ өлгий сүүний мөнгө авахад хэрэг болдог тодорхойлолт авахаар Хороо хориныхоо дарга дээр ортол "Тэжээж чадахгүй байж яах гэж гаргасан юм" гэж тас загнуулаад асгартал уйлчихсан үүдэн дээр нь зогсож байхтай таарч билээ. "Бид яагаад ингэж бухимдалтай амьдарч байна вэ" гэж үзэг нэгт, авьяаслаг сэтгүүлч, олноо "алмас" нэрээр танил болсон Ц.Батбаяр маань хэдэн жилийн өмнө асуудал хөндсөн өгүүлэл тэрлэж байсныг санаж байна. Харин яагаад гэдэгт тэр маань хариу олж чадалгүй байсаар, өөрөө ч бухимдсаар, бухимдахаараа хатуу идээг харамгүй балгасаар яваад өнгөрөгч хавар ид хийж бүтээх цэл залуу насандаа энэ хорвоог орхичихож дээ, уулзаж чадсангүй...

ЯМХ ГАЗРЫН ТЄЛЄЄХ ДАЖИН
"Үртэй бол баян" гэдэг ардын маань гүн утгат, цэцэн санаат үг цагийн эрхээр хувьсаж, одоо "Газартай бол баян" гэдэг болчихож... 1939 онд Халх голд, 1945 онд Байтаг богдод харийн түрэмгийлэгчдээс эх орноо хамгаалан сөөм газрын төлөө цусаа урсгаж явсан хүмүүсийн үр сад өнөөдөр Улаанбаатарын төвд метр газрын төлөө, бие биесээсээ өрсөх гэж үхэн хатан, нэр төр, нандин чанар юу л байдгаа мартаад улайран зүтгэж байхыг харлаа. Үүнийг дагаад газрын үнэ хаданд гарчээ. Нийтийн халаалт, бохир цэврийн шугамандаа ойрхон, дээр нь олны хөлийн газарт буй алга дарам газар хэдэн арван саяар үнэлэгдэж байна. Хотын зах руу гэрэл цахилгааны шугам, нийтийн тээврээс хол гэгддэг Улиастайн эцэст тойруулаад хэдэн шон хатгачихсан 15х25 метрийн талбайтай цулгай хоосон газар 1.2 саяар зарагдаж байна. 13 дугаар хороололд нэг ТүЦ л багтах алга дарамхан газрыг 19.5 саяар зарна гээд сууж байгаа нөхөртэй таарлаа. Газрын наймаа дагнан эрхэлдэг бүлэглэлүүд байгуулагдаж, тэдний хоорондын өрсөлдөөн хатуу ширүүн өрнөж байгаа гэнэ. Нийслэлийн газар зохицуулалтын албаныхан гэдэг цоо шинэ хөрөнгө чинээтэнгүүд төрөн гарч байгаа ажээ. Газрын наймааг гол зохицуулж байдаг тэдгээр хүмүүсийн ард төрийн өндөр эрх мэдэлтэй нууц ноёнтонгууд сууж байдаг гэнэ. Зарж, худалдаж болох газар бүрийг худалдааны эргэлтэнд оруулж, тэр ч бүү хэл газрыг хэрхэн яаж шинээр бий болгож болдог нарийн арга механизмууд ч шаггүй боловсорчээ. Гэр хорооллуудад амьдрал хайсан хүмүүс эрэгний мухар, намаг шалбаагтай газар, хогийн толгойг хүртэл янзалж тэгшлээд хашаа хороогоо татаад авсан харагдана билээ. Их, Бага наран, Далан давхар гэх мэтийн нийтийн оршуулгын газруудад айлуудын хашаа юу, шарилын хашаа юу гэдэг нь ялгагдахгүй нэлэнхүй хавьтгай үргэлжилсэн юм болж, хүүхдүүд нь шарилын хавтан дээр тоглоомоо өрөн тоглож, шарилын хөлөөс гардаг шүвтэртэй усыг тосон ундандаа хэрэглэж байгаа нүд хальтирам дүр зураг одоо ч нүдэнд харагдах шиг... Тэр ч бүү хэл Улаанбаатарын ундны усны нөөц, сав газар болох Гацууртын Хар, Хөх усан тохой, Могойн болон Тугалын дэнж, Хужирбулангийн өлмий газраар айлууд шавааралдан бууж, ихэвчлэн хөрөнгө чинээтэй хүмүүс бололтой, том том байшин барьж, бохирын хоолойгоо шууд доошоо шүүгдэхээр татацгаасан нь олонтаа харагдлаа. Хатан Туулын маань ус жилээс жилд татарч, өнгөрсөн онд бүр тасалдсан гэсэн. Мянга мянган жилээр тасраагүй урсгал ийнхүү бидний үед сүүлийн гурван жилд хоёр удаа тасарчээ. Бидний л хийж байгаа ажил. Туулын ус ширгэвэл Улаанбаатар яаж амьдрах юм бол. Єнөө маргаашаа харсан ядуу сэтгэлгээнд төр нь ч, иргэд нь ч нэрвэгдсэнээс ийнхүү УЛААНБААТАР АМИА ХОРЛОХ-ын даваан дээр ирээд байна даа. Єнөөх дуулиантай "Газар өмчлөлийн тухай хууль"-ийн хэрэгжилт хэр яваа юм, удахгүй 5 сараас газар олголтын асуудлыг Засгийн газраас тусгайлан хянан үзэж, илүү дутуу авсан газруудыг хураан авч, дуудлага худалдаанд оруулах юм гэнэ гэсэн яриа сонсогдсон. 12 сарын эхээр Ерөнхий сайд Ц.Элбэгдорж нийслэлийн газар олголтын байдалтай танилцаж, сэтгэл нэлээд дундуур байсан гэсэн. Энэ бүхнийг цэгцлэхэд одоо их л оройтож, нэлээд хүч хөрөнгө, цаг хугацаа шаардагдах хэмжээнд очсон болов уу гэж бодогдох юм. Зөвхөн Улаанбаатарт төдийгүй хөдөө орон нутагт тариалангийн үржил шимтэй, малын бэлчээр сайтай газрын төлөө өрсөлдөөн хүчтэй өрнөж, зарим тохиолдолд бэлчээрийн маргаанаас болж гэр бүлээр нь хүйс тэмтэрсэн тохиолдол сүүлийн хэдэн жилд дараалан гарсан талаар үзэг нэгт танил сэтгүүлч маань сэтгэл зовинон өгүүлж байна. Дашрамд хэлэхэд АНУ-д буй Монголчууд маань ах дүү, амраг садангаараа дамжуулан Улаанбаатарт ч юм уу, аль нэгэн газарт эртхэнээс алга дарамхан газартай болохгүй бол газрын үнэ жилээс жилд нэмэгдсээр байна, нөгөө талаар эх нутагтаа хэзээ нэгэн цагт эргээд очиход өөрийн гэх гишгэх газаргүй болчихсон байхад гайхах юмгүй л болох байх даа.


АРХИН ДАЛАЙН ДУНДАХЬ ЄНЧИН ТОЛГОД
1990 оны дундуур Улаанбаатарын гудамж согтуучуудын армид эзлэгдээд байсан санагдах юм. Одоо манайхан тэр үеийг бодвол архийг харьцангуй бага уудаг болоо юу даа. Архи ууж, хөлчүүрхсэн хүн бас гайгүй, ховор харагдах юм. Баярламаар. Архичдын, Ганзагчидын арми нь үеэ өнгөрөөж, шинэ ажил хэрэгч үеийнхэн, бизнесийнхэн түрж гарч ирж байгаа бололтой. Гэвч нэгэн тоо баримт үзээд сэтгэл сэрдхийлээ. Нэгэн танил маань дунд хэмжээний нэгэн хувийн архины үйлдвэрт жолооч хийдэг юм байна. Нэг өнжөөд тус үйлдвэрээс 250 авдар буюу 5000 шил архийг Улаанбаатараар нэг байх архины дэлгүүрүүдэд тараадаг гэнэ. Гэтэл Монголд ийм архины 150 үйлдвэр байнгын үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Зөвхөн дунд зэргийн нэг архины үйлдвэрээс л өдөрт 2500 шил буюу 1250 литр архи борлогддог гэхээр үүнийг дундачлаад бодоход монголчууд эх орныхоо үйлдвэрийн 375 000 шил архийг өдөрт нь уудаг байна. Бараг насанд хүрсэн хүн тоотой бүхэн өдөрт нэг шил архи... Гэтэл энэ тоо бол ил тоо. Импортоор орж ирж байгаа архийг үүн дээр нэмээд бас дээр нь хулгайгаар хувиар хийж зардаг үйл олон жижиг бизнесийг нэмбэл хичнээн их тоо гарах нь ойлгомжтой. АПУ, САПУ, Зүүн Хараа, СпиртБалбурам гээд архи спиртний акулуудын үйлдвэрлэл чамлахааргүй. Нэгэн судлаачийн гаргасан Монголчууд өдөрт хагас сая шил архи уудаг гэсэн тоо огт баримжаагүй тоо биш ээ. Түүн дээр пиво, вино гээд бусад согтууруулах ундааг нэмбэл... Энэ их архин далайд гагцхүү Монголчууд тулдаа ч живчихгүй, түлэгдэчихгүй тэсч байх шиг байна. Сакэ, Сөжүгээ хуруувч шиг юмаар уудаг Япон, Солонгосууд, вискигээ тал хувийн мөстэй хольж уудаг энэ Америкчууд бол тэгэж архи уувал аль хэдийнээ тэсэхгүй, живчихсэн, эсвэл түлэгдчихсэн. Намайг Монголд байх үеэр архины онцгой албан татварын тухай хуулийг УИХ батлан гаргах гэж бөөн юм болов оо. Үндэсний үйлдвэрийг дэмжих холбоо ч билүү нэг байгууллагаас эсэргүүцэл зарлаж, бараг өлсгөлөн болохыг шахав. Архины үйлдвэрийн эзэд, түүний дотор түмний АПУ-г хувийн САПУ болгосон сүйхээтэй нэгэн эр архинд онцгой албан татвар ноогдуулсан нь бараг л ардчиллаас ухарсан явдал гэх ухааны юм ТВ-ээр ярьж байна. Монгол хүн бүрийн амьдралд архи гэдэг нэгэнт онцгой байр суурь эзэлдэг тул энэ хуулийн талаар нийгмийг бүхэлд нь хамарсан халуун маргаан өрнөлөө.

Yргэлжлэлийг Хамаг Монгол сониноос уншина уу.