Саятан болсон нь, Өгvvлэл

Шинэ жилийн мэнд хvргэе!

"Боннын" Т. Алтангэрэл


Энэ өгүүлэл "Алтан Єд" оны шилдэг өгүүллийн уралдаанд эхний шилдэг 4-ийн нэгт шалгарчээ. Т.Алтангэрэлдээ цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хvсье! 

Лондон хот ёстой буцалж байх шиг байлаа. Вэст Эндын түм бужигнаж бум түжигнэсэн гудамж хүний энэ их урсгалыг багтааж дааж ядан, хором ч амсхийх завгүй арван хоёрдугаар сарын сүүлийн нэгэн үдшийг үднэ. Мөч хором бүрт төвийн гудамжаар Макдональдст хооллосон, үзвэр театраас тарсан, улаан гэрлээр тэсэхгүй яарч гарсан олон мянган хүн пижигнэн цувж, хогны тэрэг байсхийгээд л дорхноо дүүрэх хогны савнуудыг суллаж, хэдэн зуун такси, автобус, метро ирж буцаж, хүн зөөж, авчирч буйг ёстой тоолж мэдэхийн аргагүй мэт, ертөнцийн байж болох бүх л төрөл янзын хүн, орчлонгийн бүх л өнгө энэхэн нэгээхэн газар хурсан мэт байв.

Бэн замын бөглөрөл, хүний ихэд хэдийн ядран, хэдэнтээ эвшээж, залхсан янзтай ажлын сүүлийн цагийн тойргоо хийж байв. Төвийн гудамжаар автобус жолоодох шиг ядаргаатай ажил үгүй тул бушуухан хотын зах руу зүглэнэ. Төвийн гудамжаар автобус жолоодоход газар хорохгүй байн байн угзчин, нэг газраа хэдэн минутаар хөдлөхгүй зогсох энүүхэнд бөгөөд яарсан зорчигчдын аашийг тэвчихээс эхлээд энэтхэг гаралтай жолооч маань шөнө зүүдлэх юм ихтэй л дээ. Бэн Лондонгийн алдарт хоёр давхар улаан автобусны жолооч гэдгийг уншигч нартаа хэлэх нь зүйтэй байх.

- Окэй доки гээд л түүний жолоодож буй автобусанд нэг турк бололтой эр чанга чанга утсаар яриад байх нь Бэнд зугаатай санагдаж, жолоогоо аажуухан мушгисаар нэг мэдэхнээ Лондонгийн захын хороолол руу гарч ирлээ. Зорчигчид ч шингэрч, автобус ч хөнгөрч, Бэн ч жаахан хурд нэмэх дураа гаргана.

Автобусны дээд давхарт нэг ази залуу зүүрмэглэж, доод давхарт нэг хар арьстан бүсгүй цонхоор ширтэн суухыг жолооч толиндоо харав. Хаана буух юм бол доо гэж тэрээр ази залуугийн тухай (хятад л биз) бодлоо. Унтаж байгаад буудлаа өнгөрөөдөг зорчигч хааяа нэг тохиолдохоор уг нь ч ганцаараа давхиж байснаас дээр л дээ.

Бэн их мөрөөдөмтгий залуу хүн гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэрээр нэг мөрөөдөөд бодохоороо бүр үнэмштэл бодож, төсөөлж чаддаг нэгэн. Сүүлийн үед зул сар, шинэ жил гээд ар араасаа баяр цувах гээд Бэн дахиад л мөнгөний гачигт орон, яаж нэг баяжиж мөнгө гэж санаа зовохгүй амьдрах билээ гэж урьд өмнө нь мөн ч олон удаа бодсон зүйлээ дахиад л эргэцүүлнэ. Тэгээд автобусны хажуугаар хааяа өнгөрөх цагаан урт лимузин машин харахаараа санаа алдаж, өөрийнхөө азгүйг нэг дурьдаад авна. Анх жолооч болоод мөнгөө нэлээн хэмнэх гэж оролддог байсан ч эхнэр хоёр хүүхэдтэй айлын зардал яагаад ч болж өгөхгүй, арвижуулах нь битгий хэл сараас сард залгуулж байвал их юм болно. Тэгээд Бэн эхнэрээсээ нууцаар лото сугалаанд оролцож хааяа азаа туршина. Єнөө өглөө гэхэд л гэрээс гараад Бэн шууд гудамжныхаа сонингийн мухлагаас сугалаа авч охиныхоо төрсөн өдрөөр зургаан тоо дугуйлжээ.

Їдшийн гудамжны гэрэл алаглан, өнгө өнгийн чимэглэл зул сарын баяр дөхсөний шинжийг илтгэнэ. Бэн жолоогоо мушгин, элдэв бодол орж гаран байснаа гэнэт нэг их мөнгө хожвол яах бол гэж хөөрөн бодтол, яг л хожчих юм шиг төсөөлөгдөж, охиныхоо төрсөн өдрөөр дугуйлсан нь нэг л аз авчрах юм шиг санагдан, за байз, хэдэн фунт хожих билээ, аа тийм сая фунт гэж санаад өөрийн эрхгүй агааргүйтэн бачимдаж амьсгаа авав. Урьд нь янз янзын тоо бөглөдөг байснаа өнөө өглөө анх удаа утга учиртай тоо бодож дугуйлснаа ганц зөв юм хийлээ дээ гэсэн шүү бодон хүүхэд шиг баярлана.

Сая фунтээ анх хожсон тухайгаа эхнэртээ яаж хэлэхээ бодож эхлэв. Яагаад ч итгэхгүй дээ, хөөрхий минь, гээд эхнэрийнхээ гайхан итгэж ядах харц, дараа нь арайхиж нэг үнэмшээд багтааж ядах баяр гээд нэг нэгэнгүй харц хөдөлгөөн үг бүрийг нь төсөөлөв. Би өөрөө ч итгэхгүй байхад уу, хаха. Сая фунтээ гар дээрээ авах тэр эцсийн мөч хүртэл худлаа биш байгаа даа, ямар нэг алдаа гарсан биш байгаа даа, Б-Э-Н гэсэн гурван үсэг мөн үү, мөнгөө өгөхгүй байвал яана гэх мэт айдас, итгэж ядах сэтгэл хослон буйгаа тэрээр мэдэрнэ.

Гэсэн хэдий ч тэрээр мөнгө хожсон тухай дуулангуутаа гэрийнхээ гадаа шууд Лондонгийн хар такси унаад очно хэмээн шийднэ. Їгүй ээ, төвөөс таксидах чинь маш үнэтэй шүү дээ, эхнээсээ тэгж үрээд байх юм бол сая ч дорхноо алга болно. Нээрээ ч тэгж ингэсээр нэг мэдэхэд сая нь алга болчих нь гэж бодож, анхнаас нь нухацтай хандахаар хатуу тооцно. Тэгснээ үгүй ээ, Бэн, чи насандаа такси хэд унасан юм бэ хэмээн залуу жолооч дотроо өөртэйгөө ярин явлаа. За яахав, хожсоных эхлээд насаараа үзээгүйгээ үзэж тансаг амьдрал гэж юу болохыг үзнээ гэж тааламжтай шийдвэр гаргасандаа баясан бодлоо. Нэг машин авна (эртээд машины худалдааны төвд харсан Ниссан жийп нүдэнд нь үзэгдэв), за яахав, тэр Ниссан, өнгө нь жаахан бүрхэг юмуу... нэг байшин (байшингийн тухай огт бодож төсөөлж үзээгүй учир тодорхой байшин харагдсангүй, ямарч байсан хоёр давхар гэж бодлоо), нэг удаа бөөнөөрөө Дели орчихно (ядуухан амь зуух төрөл саднаа яаж баярлах бол гэж төсөөлөв, бүгдэд нь ижилхэн хэмжээгээр мянган фунт тарааж өгвөл үү, ай гэсэн шүү юм бас зурвасхийв), тэгээд, за байз хэд үлдэж байна. Сая гэхээр эхэндээ Бэнд байдаг л тоо, хүмүүсийн хождог л мөнгө мэт санагдаж байсан ч яг хэрхэн зарцуулахаа нэг нэгээр нь тооцоод эхэлтэл асар их, бүр толгойд багтамгүй их мөнгө болохыг ойлгов. Түүний нуруугаар хар хөлс цутгахыг мэдэрлээ.

Бэн цааш нь мөнгөө олигтойхон шиг хөрөнгө оруулах тухай бодож эхлэв. Эс тэгвэл нэг мэдэхнээ элс рүү цацсан ус шиг л алга болчихно шүү, цалин шиг л. Їгүй, цалин ч арай биш юмаа. Сая фунт, ээ бурхан минь. Аан, Бэн, ийм юм бас байхаа. Миний амьдралд ийм их аз бас тохиох ёстой байж гэж үү. Яалаа гэж тэр юм болоо. Нэг л өдөр пад гээд бөөн мөнгө... Бэн баярласандаа чанга инээчихэв. Жолоо ч хөнгөн эргэж байна гэж жигтэйхэн. Замд танил гэрэл, хүрэн байшин харагдав. Энэ чинь юу билээ, аа Никийн зоогийн газар. Ник ч итгэхгүй дээ. Ник дээр очоод зоогийн газарт суугаа бүх хүнийг даана гээд л хэлчихнэ. Хаха, Никийн нүд нь орой дээрээ гарах байлгүй. Тэгээд Никт,

- За найз минь, олон удаа надад тусалж байсанд чинь би баярлаж явдаг юм. Би өртэй хоцрох дургүй хүн. Чамд амралт хэрэгтэй. Чи сүүлийн хэдэн жил сайн зүтгэлээ. Чи төсөөл дөө, Карибын арал дээр наранд биеэ шараад хэвтэж байна. Лиона (эхнэр нь) хажууд чинь бикинитэй хар нүдний шил зүүчихсэн чамайг энхрийлээд л.

- Хахаха, Бэнээ, чи чинь солиороогүй биз. Єрнөөсөө салаагүй байхад юуны Карибын арал, үгүй ер, Карибын арал байхдаа яахав дээ. Хахаха гээд Ник тас тас хөхрөнө.

- Чи хэзээ нисмээр байна.

- Аан?

- Никээ, чи Кариб руу хэзээ нисмээр байна? гээд Бэн өөрийгөө нүүрний хувиралгүй, үнэнээсээ хэлж байгаагаар төсөөлөв. Ник,

- Хаха, за өнөөдөр, одоо. Энэ зоогийн газар хүзүүгээр татаж байна гээд л Ник инээгээд байна. Бэн утасны харилцуур аваад жуулчны компани руу залгахад Ник инээхээ больж, гайхаж харж эхлэв. Тэгснээ,

- Чи чинь үнэнээсээ яриад байгаа юмуу.

Бэн үнэмшиж ядах найздаа халааснаасаа амралтын билет гаргаж өгч буйгаар төсөөлөв. Хаха, ингээд л гүйцээ. Баян байх буянтай л юм.

Мөнгөө насны хоол болгоход өсгөх хэрэгтэй гэж Бэнд түрүүнээс хойш бодогдоно. Гэвч мөнгө хожсоноо эхлээд хэрхэн хүмүүст хэлж, яаж үрж баярлахаа бодсоор үржүүлэх тухай бодол хойшлогдсоор байлаа. Хойш нь тавьж буй бас нэг шалтгаан нь тэрээр хэрхэн үржүүлэхээ үнэндээ сайн мэдэхгүй байсных. За жолоочийн ажлаа мэдээж орхино. Орхино гэтэл түүнд гэнэт дэндүү өөриймсөг болсон автобус, жолоо нь хүртэл харам санагдав. Хэдэн жил хамтран ажилласан анд нөхдүүд нь, алиа шооч Абу, ажилсаг нямбай Свен, хөлс нь цутган гүйдэг даргаа, үүдний хамгаалалтын Ємнөд Африкийн хар Таци гээд дотно болсон дүрүүд харагдаж, Бэн тэдэнтэй өнгөрүүлсэн бүх л сайхан цаг мөчийг саналаа. Тэрээр одоо үүнээс хойш магадгүй зангиа зүүж, урьд өмнө огт мэдэхгүй, тиймээс ч тоодоггүй байсан хөрөнгө оруулалт, хувьцаа гээд өөрт нь огт шинэ үгээр ярьж, ажил төрөл хөөцөлдөх болох тухай бодтол ирээдүй нь цоо шинээр төрж байгаатай адил, бүхнийг дахин эхэлж байгаа мэт санагдан яагаад ч юм айх шиг болов. Тэрээр гэнэт энэ өмсч байгаа, ээжийнх нь нэхэж өгсөн дулаахан, нэлээдгүй хуучирсан хөх цамцаа гараараа имэрч, үүнийг хүртэл солих ёстой болох мэт санагдтал дотор нь хачин болов. Дараа долоо хоног, сар, жилд төлөвлөж байсан бүхэн гэнэт хэрэггүй болж, тэс өөр, өмнө нь огт бодож, төлөвлөж үзээгүй ажил, амьдрал, арга зам түүнийг угтаж буйг тэрээр мэдэрч, яахаа мэдэхгүй бачимдав. Цонхоо ч онгойлгов. Тэрээр өөрийнхөө өнөөдрийг хүртэлх туулж ирсэн амьдралдаа хичнээн дассан, хичнээн магадгүй хайртайгаа сая ойлгох шиг, яагаад ч юм харамсалтай санагдаад байх. Цонхоор салхи сэвэлзэн орж ирнэ.

Тэрээр цааш нь ердийн ажил бодож байгаа мэтээр, өөрт нь бол их л ажил хэрэгчээр тооцоо хийн нэг зочид буудал хотын төв газар нээн ажиллуулахаар төлөвлөнө. Дотроо Энэтхэг хоолны ресторантай... Ямар нэр өгөх билээ, аа тийм охиныхоо төрсөн өдрөөр мөнгө хожсон юм хойно охиныхоо нэрээр Сита гэж нэрлэн, нээх сайхан тухтай цагаан зочид буудал барихаар төсөөлнө. Тэрээр өөрөө бууж байсан зочид буудлуудаа санаж, тэднээс юугаараа онцгой байх талаар бодно. Єөрөө гадуур ажилтай байх тул (чухам ямар ажилтай байхыгаа мэдэхгүй байв) эхнэрээ захирлаар нь тавьчихна. Тэрээр эхнэртээ энэ дүр хичнээн зохихыг төсөөлтөл инээд нь өөрийн эрхгүй хүрч тас тас чанга хөхрөв.

Энэ үед түрүүнээс хойш бодол дунд нь нэг үзэгдээд нэг алга болон, бүрхэг байсан санаа нь ил тодорхой болон гарч ирэв. Бэн залуудаа хэрвээ баян болдог юм бол Энэтхэгийн ядууст тусална гэж мөрөөдөж байсаан. Тэр мөрөөдлөөс хойш олон жил ч өнгөрч, аж амьдрал бусдынхтай адил нэгэн жигд хэмэндээ эргэлт буцалтгүй орсон мэт, мөрөөдөл ч ул мөргүй алга болсон мэт байтал ийнхүү саятан болтол дахин яг л залуу үед эзэмддэг байсан шигээ сэтгэл оюунд нь гэв гэнэт амилав. Урьд залуу байхад магадгүй харамгүй тараачих байсан сая фунт өнөөдөр тийм амархан хүнд очихгүй нь бололтой. Зүгээр мөнгө өгснөөр хүнд туслахгүй шүү дээ гэсэн шүү юм эргэлдэвч, яг өөрт нь зүв зүгээр сая фунт ороод ирж байгаа нь яах аргагүй амьдралыг нь өөрчилж буйг хараад элдэв илүү дутуу болзол нөхцөл тавилгүй, зүгээр л хүнд мөнгө өгөх нь зөв ч юм шиг санагдав. Хүн бүр амьдралаа мэдэж л байгаа шүү дээ. хөөрхий минь.. Гэхдээ л... Арайхиж нэг, өнөөг хүртэл зүтгэж, зүдэрч ирсэн ядуувтар амьдралаа дээшлүүлэх ганц, магадгүй энэ амьдрал дахь цорын ганц боломж гарч байхад зүгээр л ядууст тараагаад үрэн таран хийх гэж үү. Миний мөнгийг авсан ядуу хүмүүс нь бас л үрээд дуусна... Бэн ядууст мөнгө өгөх эсэхдээ эргэлзэнэ. Ингэж эргэлзэх нь хүртэл түүнд нэн таатай байлаа. Энэ тааламжтай, эрх мэдлээ мэдэрч буйгаа мэдэрч байтал өнөөх бодол ч замхран, нэг мэдэхнээ алга болсон байлаа. Дахин ирж шаналгасангүй.

Бэн дуу исгэрэн өдөртөө хэдэнтээ харж, бараг цээжээр мэдэх танил замынхаа тэмдэгтүүдийг амьд мэт өхөөрдөнө. Зам дээр томоор бичсэн чиглэлийн нэрс энэ үдэш хачин дотно, түүнийг таниад байх шиг санагдана. "Сая фунтээсээ замын аюулгүй байдалд зориулаад аль нэг санд нь мөнгө хандивлаж болох юм...Хаха, хүнд нээрээ орж ирэхгүй бодол гэж үгүй юмаа."

Энэ үеэр ганган цагаан лимүзин сунасаар улаан гэрэл дээр хажууд нь ирэн зогслоо. Харин энэ удаад Бэн түүнийг хараад өмнөх шигээ өөрийнхөө азгүй гайхсангүй, дотор нь сууж буй хэнбугайд ч атаархсангүй. Тэрээр яг л өөрөө саятан мэт, өөрөө лимүзин ханатлаа унаад үзчихсэн, тиймээс ч тоохоо больсон мэт түүнд лимүзин огт сонин санагдсангүй. Түүний жолоог нь мушгиж буй улаан автобус түүндээ лимүзин шиг л байлаа. Бэн өөрөө ч энэ тайван, цатгалан байдалдаа гайхав.

Бэныг ийнхүү саятан мэт болчихсон явахад автобусны дээд давхарт зорчиж байсан ази залуу унтаад сэрлээ. Тэрээр цонхоор харснаа удахгүй буух юм байна гэж бодоод, хэсэг сайхан унтчихсан нь тааламжтай байв. Єдөржин гүйдэг ажилдаа нэлээн ядарсан тэрээр автобуснаас яаж бууж буудлаас зайтай гэр лүүгээ хүрнэ дээ гэж санаа алдан бодлоо. Залуу маргааш ажилтай, өглөө эрт босох тухайгаа ч санав.

...Бэн жолоогоо урьд өмнөхөөсөө өөрөөр эргүүлээд байх шиг санагдана. Сүр жавхлантай, намбалаг, өөртөө итгэлтэй... Яг л саятан шиг. Тэрээр инээв.

Энэ үеэр автобусны дээд давхраас хүн пижигнэн, инээж хашгиран буух нь сонсогдож Бэн зүүднээс сэрэх мэт, юу билээ гэсэн шиг гайхав. Энэ нь дээд давхарт нөгөө зүүрмэглэж байсан ази залуу болохыг тэрээр гэнэт саналаа. Ази залуу,

- Аааа, хожчихлоо, хожчихлоо гэсээр учрыг нь олж ядах Бэн дээр гүйж ирснээ, яралзтал инээж, үсэрч цовхчино. Бэн ч сандарсандаа автобусаа замын зах руу шахан зогсов.

- Яасан бэ хөө гэж асуулаа, Ази залуу их л хөөрч баярлаж буй нь илт.

- Хожлоо, хожчихлоо шүү дээ гээд л давтаад үсрээд байх нь тэр. Бэн гэнэт бүхнийг ойлгох шиг болов. Түүнийг зүрх луг луг хийв.

- Чи саятан болчихсон уу гэж яагаад ч юм мэдсэн юм шиг шууд асуутал танихгүй ази залуу бүжиглэх, гараараа нүүрээ таглах, инээж, хашгирах бүгд хослон,

- Тиййймэээээ, яг тийм, найз минь. Би сая гар утсандаа мэдээ авлаа. Ээ бурхан минь. Би үнэхээр хожлоо гэж үү.

- Лотоны дүн үү

- Тиймээ, яг тийм. Ямар их аз вэ. Ёстой төсөөлж явсангүй.

Бэн одоо юу болж буйг бүр сайн ойлгов. Тэрээр энэ удаа яг л өчигдөр шиг, урьд өмнөх бүх л өдрүүдийн адил хожигдож, түүний бөглөсөн дугаар яагаа ч үгүйг ойлгов. Түрүүнээс хойш бодсон бүх л үлгэр шиг, өөр ертөнц шиг явдал дэндүү гэнэт, дэндүү бодитоор хоромын зуур алга болов. Агшин зуур түүнд ази залуу яаж баярлах, яаж эхнэртээ хэлэх, яаж Лондогийн хар таксигаар гэртээ харих, яаж зочид буудал барих, юу бодох нь хүртэл тодоос тод харагдав. Тэрээр гэнэт өөрөө тас тас хөхрөв. Ази залуу цааш нь,

- Їгүй яасан итгэмээргүй юм бэ. Энэ чинь би мөн үү. Чи саятан гэж юу болохыг ойлгож байна уу гэсээр инээнэ. Бэн,

- Мэдэлгүй яахав. Би саяхныг хүртэл саятан явлаа гэсээр хөхрөнө. Бэн өөрийнхөө амьдралыг яг хуучнаараа буйг буцаж мэдрэх их л сайхан байлаа.

- Алив найз минь. Чи миний жаргалыг хуваалцах яасан сайн хүн бэ. Би чинь энд ганцаараа. Хоюулаа тэмдэглэнээ, татгалзсан хариу хүлээж авахгүй гэсээр тэр хоёр энэ үдшийг их баяр хөөртэй, мөнгө харамгүй цацан өнгөрөөлөө.

Сүүлд сураг сонсохнээ хоёр залуу насны найзууд болж, хожсон мөнгөөрөө тухтай цагаан зочид буудал, азийн хоолны ресторан нээж их л амжилттай яваа гэнэ билээ.