244-р сар2019

Намрын тухай...Эх орон минь

Улаанбаатар, Монгол, 2002/08/24

Намар болчихжээ... Навчис шаргалтан, салхи хөдөлж, түрүүчийн унасан навчис цардмал замаар ширчигнэн чимээтэй нь аргагүй хийсч, гагц бороо л алга. Түймэр гарчихсан болохоор хот тэр аяраа утаан дунд манаран байна. Хан уул маань харагдахгүй... ТYЙМЭР ГАРЧЭЭ... Энэ үгийг нэг л цочиролгүй хүлээж авах чинь юу вэ? Гардаг л юм гарч байгаа юм шиг, шатах ёстой юм шатаж байгаа юм шиг... Арай ч дээ... Яагаад энэ вэ? Шүлхий, боом, зуд ... бүх юм ёсоороо ч юм шиг...
Бид яагаад эх орноо хайрлахгүй байна вэ? (Уучлаарай энэ үг эх орноо хайрладаггүй тэр хүмүүст хамаатай юм шүү (Би түүнд хайртай гэж өөрийгөө боддог ч гэсэн хааяа эргэлзэх юм (Эх орондоо хайргүй хүн гэж хаа байхав дээ. Хэн ч энэ Монгол Улсыг хөмөрчихөөсөй гэж бодохгүй л байгаа л даа))) Яасан ч олон давхар хаалт болчихов доо.
Гэхдээ надад "би Монгол хүн учраас..." гэдэг бахархал алга.
Хэлхээ нь таслагдсан "нийгмийн уураг тархи" (Энд би түүх, соёл, төр ёсны уламжлалын хэлхээ, нийгмийн уураг тархи болсон тэр хүмүүс, тэднээс хойш онгойсон тэр орон зайг хэлж байна) угаагдсан тархи... бүү мэд. Эд буруутай юу буруутай, ах нар буруутай.. бид ч буруутай... Энэ бол хувь заяа... Хэдэн феодалаараа дэнчин тавиж байж эх орноо авч үлдсэн гэх гэж байна уу? Тийм байж болно оо. Тэгвэл 1992 оноос хойш юу хийв ээ? 10 жил-хувь хүний амьдралд бол асар их хугацаа. Улс орны амьдралд ч бас. Шинээр сэрсэн улсын хувьд бүр ч их хугацаа...
Аливаа улс үндэстэн яаж урагшаа алхаж байна түүний нууц юунд байна?
Улс үндэстэсний эрх ашгийг хувийнхтай зөв харицаанд хослуулсан (хослуулахад хүргэсэн) бодлого, үндэс угсаагаараа бахархасан хувь хүмүүсийн бахархал л тэднийг урагш нь чирч гулдарч байгааг бүгдээрээ л харж байна шүү дээ. Ямар цэгцтэй бодлого төрөөс баримталж байна аа? Байхгүй шүү дээ! Yнтэсний үзэл, үндсэрхэг үзэл, эх оронч үзэл аль нь бидэнд хэрэгтэй юм бэ? Эсвэл эд нар нэг үг үү? Тэгвэл ягаад өөр өөр тэмдэглэгээ байна?
Мутар-гар-сарвуу гэдэг шиг юм болох нь уу? Та бүхэн минь юу гэж болгоож сууна?
Даяршилийн энэ зуунд даяршина аа гэж яриж суугаа... бид. Харин даярчлагдах уу? Нэг нь хүчээр цөмрөх аюулийн тухай, нөгөө нь эрх ашиг сонирхол, хэрэгцээний тухай яриа мөн уу? Мөөн.
Бидний түнш орнуудад стратегийн ямар сонирхол байна? Yvнийг харж байгаа ямар нэгж байна өнөөдөр Монголд... Жишээ нь Японд? Хятадад? Солонгост? АНУ?-д. Ємнөөс нь юугаа барих вэ бид? Тэдний зэвсэг юу вэ? Олон хүн ам, дэлхийн глобал соёл болсон шашин, дуу хуур, хэл ус, техник хэрэгсэл, тэгээд цаана нь их гүрний зангарга... "бидний дуртай
мөнгө"...++++...нэмэгдэх юм зөндөө зөндөө. Ингээд харахаар бидэнд юу ч байхгүй...
Уг нь өөрийн түүх, зан заншил, хэл соёл, бичиг үсэг, дуу хуур, уламжлалт бүхнээ өөрийн гэж хүндэтгэх хүндэтгэл, өөрийгөө ч өрөөлийг ч, өнөр бүлээ, өргөн түмнээ, эх орноо хайрлах хайр, би Монгол хүн гэх бахархалыг цээжиндээ тээсэн, өөрийн бүхнээ (Монголын гэх бүхнийг хэлж байна) аваад дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж чадах дасан зохицох чадвар, оюуны өндөр чадавхитай тийм л хүн-ард түмэн-Монголын минь дархлаа шүү дээ. Энэ бол өөрийнх нь дотор байх ёстой тэр дархлаа нь, харин гаднаасаа бол дэлхийн олон улсуудын сонирхолыг өөрийн улсын нутаг дэвсгэрт бий болгох-хөрөнгө оруулалтыг татах... За энэ тухай эрдэмтэн мэргэд бичиж яриж гүйцсэн шүү дээ...
Хүүль тогтоох байгууллага эрдэмтэдийн хүчийг ашигладаггүй, яагаад тэдний үгийг авахгүй байна. Тэдний дэргэд ямар зөвлөл байна? Байхгүй бол одоо болтол хэн нэгэн гишүүн, ерөнхийлөгч, Засгийн Газар яагаад хуулийн төсөл санаачлахгүй байна. Шуудхан хэлэхэд Ерөнхийлөгчийн дэргэд байснаас УИХ-ийн дэргэд баймаар санагддаг юм шүү, тэр зөвлөл... Манайдаа парлиамент толгой нь шүү дээ уг нь...
Хэзээ өөрсдийгөө голохоо болих вэ? Гадаадын зөвлөх, эрдэмтэдийн хүчийг өөрийнхтэйгээ хэзээ тэнцвэртэй харж авдаг болох вэ? Монгол хүн өөрийгөө, бие биенээ хэзээ хүндэтгэж үздэг болох вэ? Yvнийг юугаар хийх ёстой юм бэ? Хуулиар л хийнэ биз дээ? энэ чинь. Төрийн бодлого гэхээр уураг тархин дах мэдээлэл, нөхцлүүдйин тухай бодохоо болих хэрэгтэй. Төрийн бодлого гэдэг чинь хууль тогтоомж биз дээ. Тэгвэл тийм хууль хаа байна.
Ерөнхийлөгчийн морин хуурын тухай авч байгаа арга хэмжээ шиг тиймийг багцаар нь үе шаттай авч хэрэгжүүлэх хэрэгтэй биз ээ. Боловсролын агуулгад өөрчлөлт оруулах, багшлах боловсон хүчнийг өөрөөр бэлтгэх, бага анги, цэцэрлэгээс нь... Тэд багачуулын зүрхэнд Монголыг нь таригч цэцэрлэгчид байх ёстой биз ээ. Аавууд, ээжүүд, эмээ өвөө нарт энэ үүрэг оногдох ёстой. Надад ч, танд ч. Энэ юун нөхөр дэмий балай юм яриад унав? Юундаа хий хардаад байна? Юун үндсэрхэг үзэл юун хүүхэд хүмүүжүүлэх гэж? хэмээн гайхаж, тэр бүү хэл харааж ч болох юм. 21 зуун дэлхий нэг бүл болох зуун, бид космополит гэж хэлэх хүн гарч ч магад. Худлаа л байхгүй юу... (Гэхдээ энэ бол миний бодол) Сэдвээсээ хазайж байна... Мэдэж байна... Тэгэхээр ингээд дуусгая...
Намар болохоор тэнгэрийн өнгө улам ч цэнхэр болох шиг санагддаг юм. Эрдэнэ баавайн хэлсэн шиг "Намар юм бодох цаг..." ээжийгээ их санадаг юм...
Богд хан уул минь намжааран дуниартаж, өнгө нь улам тодорсон хөх тэнгэрт минь нүүдэллэх үүлстэй уралдан шувууд ганганан, айраг найр хавтгай, юм бүхэн элбэг дэлбэг байдагсан намар...
Сайхан эх оронд минь намар ирчихжээ...
Цонхны цаана шаргалтах намар надад юн уйтай бодол авчраав дээ энэ удаа...

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter