Газар эх

Жигжидийн Бямба
Єгvvллэг
Писхийсэн чимээ гараад тэрэг зогслоо.

-Ойн цагдаагийнх тэр дээ гээд жолооч голын захын мөнгөлөг цагаан хусан дундуур цухуйж байгаа гэрийг заахад хамт яваа нүдэндээ шилтэй эцэнгэр залуу нь:
-Та намайг хүргээд өгөхгүй юу. Миний хайрцаг томоос том юм сан гэв.
-Эндээс очих зам байхгүй. Замгүй газраар давхиад хүрвэл Данхар өвгөн тархи хага цохино... Хангай дэлхий хавчсан юм шиг алга дарам газрыг ч бэрд шиг харамлаж байдаг тэр яхир өвгөнтэй мар мар гэж байх гэж хар яршиг. Нэг ам мурийвал амар салдаг хүн биш гэж жолооч тун ч төвөгшөөнгүй хэлээд түлхүүрээ хариулж гэдийн суугаад тамхи ороов.

Царайд нь хөдлөх янз огтхон ч үгүйг ажсан залуу тэрэгнээс дуугүйхэн гарч ачаан дээр бөхөлсөн хоёр том хөвхөн хайрцгаа буулгав. Тэгээд ёсыг бодоон жолоочид тал өгөөд ойн цагдаагийнх руу хоёр хайрцгаа барин гэлдэрлээ.

Сахлаг ургасан ногоон дээгүүр явах нь хивсэн дээр яваа юм шиг зөөлөн. Анхилуун үнэртэй чийглэг агаар амьсгалахад нэг л сайхан. Байн байн амарсаар гэрт дөхөж очих үест нохой хөв хөв хуцав. Гэрээс нэгэн бүсгүй гарч ирээд харан зогссоноо хайрцгандаа түүртэн арайхийн явааг нь ажсан бололтой тосон хүрч ирлээ. Танхил цагаан хус шиг тэр гуалиг сайхан бүсгүй марал бугын нүд шиг мэлмэрсэн тунгалаг нүдтэй ажээ. Бүсгүй хөндийхөн зогсоод мэндэлж, тэлмэгэр дөлгөөн нүдээрээ гайхсан янзтай харах нь эвгүйхэн хөдөлбөл үргэн хулжих гэж байгаа юм шиг санагджээ. Залуу мэндийн хариу өчөөд бүсгүйг ширтсэнээ гэнэт санаа зовон харцаа доошлуулж:

- Танайх ойн цагдаа Данхар гуайнх мөн үү? гэж асуулаа.
- Мөн мөн... Та манайд ирэх гэж яваа хүн үү? гэж хэлэхэд түүний дуу жигтэйхэн уянгалаг сонсогдов.
- Тиймээ гээд залуу хоёр хайцгаа өргөтөл бүсгүй,
- Би нэгийг нь хүргээд өгье гээд үг хэлэхийн задалгүй шүүрч авлаа.

Тэгээд бүсгүй түүртсэн янзгүй өмнө нь орж алхлаа. "Ийм сайхан амьтан энэ аглаг ойн мухарт юугаа хийж сууна вэ?" гэж залуу бодон хариу эрж, наранд борлосон нарийхан шилбийг нь ширтэн хойноос нь дагав.

Тэр хоёрыг гэрт ороход үсээ хусуулсан, мөлжсөн тойг шиг жижигхэн толгойтой намхан өвгөн нохой шиг хэлбэртэй үндэс янзлан хоймор сууна. Том толгойтой болохоор нь Данхар гэсэн юм байх даа гэж залуугийн санаж байснаас тэс өмнөө хүн байлаа. Зүүн орны өмнө шөрмөс нийтгэж байсан том нүдтэй туранхай эмээ мэнд ус асуулцах зуур шалмагхан босож цай идээ болов. Өвгөн, залууг хааяа нэг ажин, нөгөө л үндсээ оролдож байснаа:

- Залуугийн нэр хэн билээ? гээд
- Уртнасан гэсэнд
- Ямар хэргээр хаа хүрэх гэж явна даа? гэж асуув.
- Танай энэ хавьд эрдэм шинжилгээний ажил хийх санаатай ирлээ гэхэд өвгөн үндсэн тавьж:
- Заавал манай энд үү? гэж лавлах дуунд нь дурамжхан өнгө илрэв. Тэгэхэд залуу:
- Тиймээ... Энэ хавийн ууланд гэж хэлээд залуу жолоочийн хэлснийг санаж яхир өвгөн гээд байсан нь үнэн байх нь гэж бодоход
- Уухай... гэхдээ өвгөний нүүр үрчисхийгээд явчихав.

Тэгээд "Эрдэм шинжилгээний ажил гэнэ үү? Нөгөө гайхлын өрөөсөн дугуй байх нь. Энд нэг мунгинасан өвгөн бий гэж зааж өгч нааш нь явуулж дээ. Мануухай шиг хааш нь ч харуулж тавьсан болно гэж хэлсэн байх даа" гэж санахаас өвгөн хий бухимдаж эхлэв. Тэгснээ:

- Эрдэм шинжилгээний ажил ий?... Шинжлэх ухаанд хэрэгтэй юм хийх гэж яваа юм биз дээ? гэж өвгөн тохуурхсан янзтай хэлэхэд нүүрэнд нь ёжтой инээмэглэл тодров.

Уртнасан өвгөний даажин тохуутай үгэнд битүүхэндээ дургүй байлаа ч гэсэн хариу юу ч хэлсэнгүй халааснаасаа албан бичгээ гаргаж өгсөнд өвгөн авч тамгыг нь нэг харснаа унших дургүйдээ ч тэр үү,
- Ийм юм авчирдаг л юм гэж тоомжиргүй дуугараад эгүүлэн өгөхөд бүсгүй замаас нь авч үзэх гэсэнд
- За, чамд ямар хэрэгтэй юм! гэж өвгөн зандрав.

Эмгэн, өвгөнөө шинэ гийчиндээ юунд ёозгүй зан гаргана вэ гэсэн бололтой хөмсөг зангидан муухай харснаа залууд:
- Хүү минь, холоос ядарч ирсэн байлгүй. Цай уу, өрөм ид. Алив миний охин гэр дээрх дэлгэцнээс шинэ ааруул авчирч тавь гэж хэлэв.
- Та нарыг би мэднээ, мэднэ гэж өвгөн дуугарахад Уртнасан чухам хэнийг хэлж байгаа, яагаад ингэж байгааг ойлгохгүй гайхахдаа өвгөний царай уруу харлаа. Тэгтэл:
- За тэгээд чи чинь эрдэмтэн л болох гэж яваа хүн үү дээ? гэж өвгөн асуув. Эвий нь олж аятайхан ярихгүй бол өвгөний гэдэн нь хөдлөөд ажилд саад болж магадгүй гэж Уртнасан болгоомжлон аяыг нь дагуулсан нь дээр гэж бодоод:
- Одоохондоо ч судалгааны юм нэлээд хийнэ. Болж өгвөл алсдаа ч цол хамгаалах санаа бий л юм сан гэхэд
- Тэгж л таарна. Цалингаа л нэмэх гэсэн хүний нэг юм биз дээ гэж өвгөн хэлэхдээ нүд нь сөрвөлзөж нэг л ууртай юм шиг байхаар нь Уртнасан гайхахын ихээр гайхжээ.
- Өвгөөн, та чинь хүнтэй төрхтэйхөн ярьж чадахгүй зөнөж байгаа чинь энэ үү? гэж эмгэнээ тэссэнгүй хэлсэнд:
- Хн... гэж өвгөн эмгэнийхээ үгийг тоосон шинжгүй хамраа дуугаргаад:
- Хичнээн буга, аргал, янгир алах вэ? Шилүүс, ирвэсний арьс бас л хэрэгтэй биз дээ?... Танай эрдмийн ажлын гол юм энэ л байдаг даа. Манай энд ч энэ элбэг... гэв.

Бүсгүй эцгийнхээ үгэнд баахан санаа зовсон бололтой эцэг, эх, залуу гурвыг ингэж ингэж юу болдог бол гэсэн эмээнгүй харцаар ээлжлэн харна.

- Надад тийм ан хэрэггүй... Би эмийн ургамал судалдаг хүн гэж Уртнасан түс тас хэлээд ан амьтандаа хайртайдаа л тэгж эртээс хий төсөн муу зангаа гаргаж байсан бол одоо санаа нь амрах биз гэж бодлоо. Тэгтэл:
- Цэцэг ногоо гэхээр л яаж ч байсан хамаагүй юм шиг бодож ч болохгүй дээ... Мэдээжээр вансэмбэрүү авч таарна даа гэж өвгөн нухацтай дуугараад "тийм үү" гэсэн харцаар ширтэхэд нь залуу
- Миний сонирхож байгаа гол эмийн ургамлын нэг дээ гэсэнд өвгөний нүд илэрхий томорч ирмэгцээ:
- Хот газар вансэмбэрүү их үнэ хүрдэг гэсэн байх аа? гэж өвгөн хүйтэн гөлгөр харцаар ширтэн асуусанд Уртнасангийн уур дүрсхийж царай нь улайв. Утга битүүлэг үгээр сэтгэлийг нь хөндөөд байгаа энэ этгээд зантай өвгөний урдаас ширүүхэн дуугармаар санагдавч тэгээд нэмэр болохгүй, харин ч улам гэдийлгэж мэдэх учир доод уруулынхаа дотор талыг хэгз зууж биеэ барив. Өвгөн ч залуугийн царай хувьсхийгээд авчихыг ажсан бололтой дахин юм дуугарсангүй. Тэр дөрөв бие биеэ хулгай нүдээр харан нэлээд дуугүй суув.

Уртнасан хот суурин газар нүдний гэм болсон сарлагийн даргар өрөм хөвүүлсэн цай амтархан ууж эцэг, эх охин гурвыг ажна. Эмгэн өвгөн өөдөө хялам хялам хийх атал Уртнасан дээр зан сайт хүний урьхан харцаа тусгаж ид, уу гэж уриалган гэгч нь шална. Бүсгүй санаа зовонгуй, хийх юмаа олж ядсан байртай харагдана. Өвгөн хүрлийчихээд дуугаа хураажээ.

"Энэ бас хачин өвгөн юм даа. Жолооч яах аргагүй үнэнийг нь хэлжээ. Нэгэн насаар амьтан хүний бараа харахгүй уулын мухар сахисаар зожиг болчихсон юм болов уу? Ийм зан муутай хүн дээр ирж таарах гэж. Эмийн ургамал элбэг гэхээр нь наашаа зүтгэчихсэн чинь гай болов байна. Одоо яана?... Үгүй тэгээд энэ өвгөний чинь үгэнд эрдэм шинжилгээний хүнд дургүй янз цухалзаад байх шиг. Энд өмнө нь ямар нэг хүн ирж байсан юм болов уу?" гэж Уртнасан бодоод асуух гэснээ өвгөний эгдүүг хүргэж орхивол дуугүй сууснаас дор болох биз гэж гэнэт санав. Уртнасан цай ууж ханаад тэдний хэн нэгийг дуугарах болов уу гэж жаахан хүлээзнээд бүтэхгүй болохоор нь хайрцгаа нээж янз янзын чихэр, нэг лонх архины хамт эмгэнд хоёр гардан барьж:

- Хотын боов идэцгээ гэвэл эмгэн баяртай тосон авч:
- Буян чинь дэлгэрч яваг, хүү минь гэж ерөөлөө. Эмгэн чихэр тарааж, архинаас галд өргөөд өвгөндөө жижигхэн мөнгөн хундаганд хийж барилаа. Өмгөн анхны худагыг уугаад эмгэнээ дахин хийж өгөх гэхэд нь:
- Балагтай хар усаар яах юм гэж унтууцав. Гашуун л юм үзвэл сайхан загнаад нааш нь гэж байдаг өвгөнийхөө амнаас ийм үнэмшимгүй үг гарахад чихэндээ үл итгэсэн эмгэн:
- Өвгөн минь, чи чинь уухгүй гэв үү, үгүй юу?... Эсвэл би буруу дуулав уу? гэж асуусанд:
- Хэд хэлүүлэх гэсэн юм гэж өвгөн уцаарлахад
- Үнэхээр тийм бол ч нар ургах зүг солигдож дээ гээд эмгэн жуумалзан архиа хойш тавилаа. Эмгэний үгнээс өвгөний архинд дуртайг гадарласан Уртнасан энэ өвгөний санаанд нийцүүлэх арга ухаанаа олохгүй мухардахдаа гэрээс гарлаа.

Залууг гармагц бүсгүй:
- Аав аа, та танихгүй хүнд юунд ингэж ёозгүй царай үзүүлдэг юм бэ? Тэнгэргүй зантай өвгөн байна гэж бодох байх даа. Санаа зовохдоо нүүр хийх газар олдсонгүй гэсэнд:
- Дуугаа тат! Чамаар заалгахгүй гэж зандрахад эмгэн нь:
- Өвгөн минь, чамайг өнөөдөр юу хорлочих нь энэ вэ?... Тээр жил бас нэг эрдмийн мөр хөөсөн хүн ирэхэд чи чинь өөрөө дагаж гүйгээд хөлөө хугалчих шахаагүй билүү? гэж эмгэн нь өвгөнөө төнхсөн үг хэлчихэв.
- Хош, чи!

хХх
Уртнасан ойн цагдаагийнд ирснээс хойш хэд хоног өнгөрөв. Өвгөний орчны нутгийн эмийн ургамлын тархалт, нөөцийг судлах гэж мэрийжээ. Тэр залуу өглөө эртлэн босоод дасгал хийж буй бололтой жаахан сарвалзаж байгаад цай уусны дараа ургамал хавчдаг том хавтас үүрээд уул уруу гарч одно. Эмгэн охин хоёр түүнд идэх өрөм, ааруул боож, ширэн дашмагт цийдмэг хийж өгнө. Энэ хэд хоногт тэдний ойр орчны уулсыг бараг гүйцээв. Ажилдаа улайрахдаа хаа хүрснээ ч, ядарснаа ч мэддэггүй бололтой.

Данхар өвгөн түүний эзгүй хээр юу хийдгийг мэдэх гэж хэдэн ч удаа явсан чигт нь дурандсан билээ. Гэтэл тэр залуу эрвээхэй шиг цэцэг дамжин тонголзохыг хараад "Энэ ч уг нь хорхойд хоргүй залуу бололтой. Нөгөөх шиг нүдэнд үзэгдсэнээ авах гэж ухаан алдаад байхгүй юм шиг байна" гэж боджээ. Зарим өдөр Уртнасан хэдэн уул давж бүр шөнө болсон хойно хоёр хөлөө арай ядан солбиулсаар ирнэ. Тэгэхэд Данхар өвгөн, түүнийг хаврын ногоо хөөсөн мал шиг ингэж шургаж унатлаа тэнэж яана даа гэж бодоод дуугүйхэн байхад эмгэн нь:

- Хүү минь, битгий ингэж оройтож бай. Манай энэ хавь чинь зэрлэг амьтан ихтэй зэлүүд газар шүү дээ. Осолтой шүү, хүү минь. Хүндэднэ гэхгүй бол өвгөний бууг үүрээд явж байгаач гэж үглэнэ.

Дуугүй мөртөө нэг яривал их яриа байрын энэ төлөвхөн залууг хэзээ, хаанаас гараад ирэх бол гэж бүсгүй битүүхэндээ харуулдана. Хүн цөөн үзэгддэг болохоор хань ижил гэсэн дээ ч бус, Уртнасан өөрт нь цаанаа л дотно санагдаад байгааг бүсгүй гадарлах болжээ. Түүний хүслээр болдогсон бол Уртнасан юманд явахгүй гэрт л байж байвал тун таатай санагдана. Гэтэл Уртнасан гэрийн бараа харалгүй эзгүй хээр тэнэсээр өдрийг барна. Бүсгүй түүнтэй ганц удаа ч атугай явах сан гэж санавч эцгээсээ айх учир хэлж үл зүрхэлнэ.

Бүсгүйн аз болоход Уртнасан нэг өдөр гэрт өнжлөө. Хайрцагнаасаа ян бүрийн шилтэй шингэн бодис гарган өрж, хуруун шилэнд цэцэг, үндэснээс хийж спиртэн дэн дээр буцалган өөр шингэн бодистой холих мэтээр үзнэ. Зарим цэцэг, навчийг өсгөдөг шилээр харна. Энэ бүхэн гэрийнхэнд их сонин байлаа. Уртнасан өсгөдөг шилээн эмгэн охин хоёрт өгч харуулахад өөрсдийнх нь мэдэх цэцэг энгийн нүдээр харснаас хэчнээн ондоо байдгийг үзлээ. Хэнэггүй царайлж залуугийн юу хийж байгааг эс тоосон янзтай суусан өвгөн ч эмгэн охин хоёрынхоо шагшин яриад байхаар нь тэссэнгүй очиж харлаа. Өвгөн нэг насаар үзээгүй юмаа үзэх нь тэр.

- Үгүй ер өө, мөн санаанд оромгүй юм хийж суудаг хүн ээ, чи! гэж өвгөн гайхан дуугарчээ. Уртнасан тийнхүү гэрт өнжсөнд бүсгүй яагаад ч юм их баяртай байлаа. Дуу аялан орж гарна. Залуу юу ч эс анзааран өнөөх цэцэг, навчаа оролдон суухад нь бүсгүй тэлмэгэр хар нүдээрээ баясан харж үе үе мишэлзэнэ. Тэгээд ч өчүүхөн хөдөлмөгч нь л харцаа буруулна.

Өвгөн сахь залууг цэцэг түүдэг хүн гэдгээс өөрөөр бодсонгүй. Учрыг мэдэхийг ч хүссэнгүй. Гэтэл энэ өдөр түүний хэрэгт дурлах овыг нь хөдөлгөж орхив. Залуугийн юу хийж байгааг үдийн хугас дуугүй харж суусан өвгөн тэсэлгүй:

- Энэ цэцэг навчаар чи юу хийдэг хүн байна дээ? Энэ том хавтсанд хатаагаад байгааг хичээл дээр хүүхдэд үзүүлэх гэж байгаа юм уу?... Ингэхэд чи ер нь ургамал ногоо заадаг багш хүн болж таарав аа? гэж асуулаа.

Өөрийг нь хэд хоног хүн гэж тоогоогүй энэ өвгөн гэнэт ингэж олон юм шалгаасанд залуу их гайхжээ. Тэгэвч дуугүй ажлаа хийсээр байгаад ихэмсэг өвгөнийг өөртэйгээ ярих болгосондоо дотроо баярлав. Уртнасан хийж байгаа юмаа түр орхиж, ийм сэжүүр гарсан дээр нь тухтайхан ярьж өвгөний санааг мэдээд авъя гэж бодоод түүн уруу эгцлэн харж суугаад:

- Миний энэ түүгээд байгаа чинь дандаа эмийн ургамал. Би эм хийдэг үйлдвэрт ажилладаг хүн дээ гэхэд нь:
- Пээ, ямар буянтай үйл бүтээдэг хүү вэ? гэж эмгэн дуу алдвал:
- Бид чинь тэгвэл уудаг эмэн дээгүүрээ л туучиж байдаг улс байх нь ээ?! гэж өвгөн тойгон толгойгоо түнжигнүүлэн халаглан шогшроход Уртнасан:
- Хараахан тэр чигээрээ ч эм биш л дээ. Нарийн аргаар боловсруулж байж сая хүн хэрэглэх эм болдог юм гэв. Сөөм газрыг ч хайрлаж, үүгээр түүгээр давхисан жолоочийг тархидаж байдаг энэ өвгөний яхир муу зангаас бус, байгалиа хамгаалах гэсэн сайхан сэтгэлийн үр болохыг Уртнасан гадарлах болсон учир өвгөнтэй ний нуугүй ярих хүсэл төрж:
- Данхар гуай, газар дэлхий гэдэг чинь хүний төрж өссөн өлгий нь. Эрт цагаас эх мэт ивээлээрээ хүнийг хооллож, хувцаслаж иржээ. Өвчин эмгэг хүрвэл анагаах эмээ ч ургуулаад өгч байна. Газар шороо баймаажин ус, ургамал байна. Ус, ургамал баймаажин амьтан байна. Амьтан баймаажин дэлхий маань улам өгөөмөр баян болж дэгжин цэцэглэж байна. Энэ дөрөв амин судасны холбоотой юм даа. Тэгэхээр байгаль маань хүний төрсөн эх юм. Хүн байгалиас төрөөд байгальдаа шингэж байгаа юм гэж Уртнасан яриад баахан номчирхочихов уу даа гэж санаа зовсхийв. Гэтэл өвгөн харин ч шаггүй ухаарсан бололтой:
- Нээрэн л үнэн дээ, хүү минь. Бид чинь эргээд л хөрс шороо болж байгаа юм чинь гэж хэлэв.
- Тэгэхээр хүн эхийгээ яаж хайрладаг вэ, түүн шигээ нинжин сэтгэлээр газар-эхээ хайрлах учиртай юм даа гэхэд:
- Хэлээд яах вэ, хүү минь гэж өвгөн уриалгахан хэлээд: "Энэ чинь их ухаантай хүү юм. Хэд хоног дүлий годил шиг сууж байхаар ийм хүүхэдтэй ярьж хөөрч байх минь яалаа! Намайг муухай ааштай өвгөн гэж бодсон байх даа. Яалаа ч өнгөрсөн хэрэг. Тэнэг өвгөнд гомдоогүй бололтой. Одоо ингээд надтай цаанаа юм санасан шинжгүй ярихыг бодоход сэтгэл цайлган, санаа сайтай хүүхэд байх" гэж өөрийгөө ихэд зэмлэжээ.

Бүсгүй эцэг, залуу хоёрынхоо ийнхүү санаа нийцэн ярилцахыг үзээд илтэд баясан тэр хоёрыг мишээнгүй харна. Тэдний хамаг санаа бодол өөр дээр нь тусаж ихэд сонирхож байгааг Уртнасан мэдээд нэгэнт эхэлснийх жаахан ярихад ч яах вэ гэж бодмогцоо:

- Хүн ухаант амьтан мөртөө эрт цагаас юм бүхэн төгс бүрдмэл газар-эхдээ даанч халамжгүй хүйтэн сэтгэл гаргасны уршгаар маш олон төрлийн амьтан, ургамал үгүйрч алга болж дээ. Европ тивд байсан үхрийн өвөг эцэг түүр гэдэг зэрлэг үхрийн сүүлчийг гурван зуун тавин жилийн өмнө устгаснаар удам нь тасарсан байна. Яриад байвал ийм жишээ олон л доо. Байгаль дээр байгаа бүх юм хоорондоо шүтэлцээтэй байдаг. Энэ муу ялаа хэрэггүй гэж болохгүй. Америкийн Калифорни гэдэг мужийн нэг үзэсгэлэнтэй сайхан нуурын дэлэнчийг устгасан чинь загас нь үгүйрч дуусаад, шувуу нь нүүж алга болжээ. Яагаад тэгэв гэвэл, тэр загас шувуу нь дэлэнчээр хооллодог байж л дээ. Шоргоолжийг үгүй хийчихвэл модгүй болох жишээтэй юм л даа. Тэгэхэд манай өвөг дээдэс хорхой шавжийг битгий ал, шувууны өндгөн дээр сүүдрээ тусгавал эх нь голчихдог юм гэж сургасаар ирсэн маань их нарийн учиртай юм байна шүү дээ гэж Уртнасанг ярихад:
- Тэгэлгүй яах вэ гэж өвгөн өгүүлснөө "Энэ бас сайхан ярьдаг хүү юм даа. Бид гурвыг голохгүй байна шүү. Гэтэл нөгөө нэг эрдэмтэн "Ямар учиртай юм хийгээд байгаа залуу вэ?" гэж асуухаар "Энэ тун нарийн ухааны ажил даа. Цэвэр эрдмийн ажил гэдэг энэ. Яриад яриад та учрыг нь олохгүй байх даа" гэхэд нь "Дүү минь, тэгээд миний хялбархан ухаж мэдэхээр бол юунд тус болох юм хийж байгаа хэрэг вэ" гэж шалгаахад "Шинжлэх ухаанд л чухал хэрэгтэй юм" гэж хэлж билээ. Мангуу толгой би ч түүнд итгэчихээд өөрт хэрэггүй ч, шинжлэх ухаанд хэрэгтэй юм гэж бодчихоод тус болох гэж хөлөө хугалах шахтлаа харайсныг нь яана! Хар моньд чинь миний гараар хүртэл могой бариулсан шүү. Гашуун усанд дуртайдаа тэгж хүний зууш болсон юм" гэж Данхар бодоод "Бузар золиг" гэж амандаа хараав. Ийн бодол болж суухдаа өвгөний хацар байн байн үрчилзэж байлаа. Тэгтэл Уртнасан:

- Манай монголчууд олон зуун жилийн тэртээгээс байгалиа хамгаалж ирсэн түүхтэй улс. Богд хан уул, Отгонтэнгэр, Хан хэнтий чинь өнө эртний дархалсан уулнууд. Монгол улс таван зуугаад жилийн өмнө гарсан "Халх журам" гэдэг хуулиндаа байгаль хамгаалах тухай нарийвчлан заасан байдаг юм билээ гэхэд:
- Мөн ч өнийн юмаа даа. Хэчнээн ч үе улирав даа гэж өвгөн хэлэв.
- Манай ард түмэн усанд бохир юм угааж асгах нь байтугай, сүүний савыг зайлдаггүй, нүүхдээ бууриа заавал цэвэрлэдэг, онцын хэрэггүй бол мод огтлох, газар ухаж сэндийлэхийг цээрлэдэг нь маш эртний сайхан уламжлал юм. Цэлмэг хөх тэнгэр, цэнгэг ариун гол мөрөн, үзэсгэлэнт сайхан ой модондоо үеийн үед сэтгэлийн угаас хайртай байсных нь л үр нь энэ шүү дээ гэж Уртнасанг цааш нь ярихад:
- Би төрсөн орон дэлхийдээ гойд элэгтэй хүн. Угаасаа ч тийм юм даг уу, энэ ойн цагдаагийн ажлыг олон жил хийсэндээ ч тэр үү, ан гөрөөс, мод ургамал гээд л нүдэнд үзэгдсэн бүхнээ амьтан ах дүүгээс харамлахыг яана. Заримтай нь ч галд хийх ганц мод огтолсноос болж тангараг тасарсан ч удаа бий гээд өвгөн эрүүгээ тулан ширдэг гөлрөх нь энэ насандаа сайдалцаж муудалцаж явснаа нэхэн санаж байна уу гэлтэй.

Эмгэн бүсгүй хоёр тэр хоёрын яриаг чагнан алмайрч хэн дуугарсных нь ам уруу орчих шахна. Бүсгүй эцгээ энэ залуутай ийм элгэмсүү ярилцаж байгаад туйлаас баярлана.

- Сайн юмны төлөө сайдалцаж муудалцах ч бага хэрэг. Юмаа хамгаалах нь түмэн зөв. Хойч үедээ л элбэг дэлбэг, байсан юмыг байснаар нь үлдээх гэсэндээ л энэ шүү дээ. Манайхны зарим нь ч арай дэндүү байгаа юм гэж Уртнасанг хэлэхэд өвгөн сэргэж:
- Ёстой тийм. Чи бүр нэг голоор нь хэллээ. Ан амьтанг чинь зарим нь зугаа гаргаж байх ёстой амьд бай шиг л санадаг бололтой. Эр охин, том жижиг, үр төл гэж бодох юмгүй үзэгдсэнээ л буудахыг нь яана! Даанч дэндүү. Үүнээс болоод таних танихгүй амьтантай хэрүүл тасарна гэж бүр үгүй. Зарим нь бүр машин унасан луйварчин гэсэн үг. Гэгээн цагаан өдрөөр амьтан хулгайгаар алчихаад хүний бараанаар ум хумгүй зугтаад алга болно гээч. Албан газрын нэр барьж гэмгүй царайлчихаад олз ашиг харсан хүн ч байх юм. Энэ насанд есөн жорын амьтантай учирч аль хөглөж явсныг тэр гэх вэ, хүү минь гээд Данхар, залууг гэртээ ирснээс хойш анх удаагаа нүүр өөд нь харж инээв. Энэ өвгөнийг ерөөс инээдэггүй, баргар царайлчихаад л явдаг юм байх гэж санаж байсан Уртнасан ч инээмсэглэжээ.

Өвгөн өдрийн од шиг зуудаг гаансаа гарган тамхи нэрж завилан тухлангаа:
- Би нэг эрдэмтэнтэй ах дүү шиг байлаа, чиминь. Тэр хүн манай энд эрдэм шинжилгээний ажил хийж ирсэн юм. Ан амьтан л судалдаг гэж ярьсан даа. Манай энд хоёр удаа ирсэн. Улаанбаатараас захиа занаа бичиж ийм ч арьс, тийм ч эвэр явуулаач гэнэ. Би ч хүний итгэл, ажлын чухлыг бодоод явуулдаг байв аа, чиминь. Цол хамгааллаа л гэж дуулдсан. Тэгээд сураг тасрах нь тэр. Гурван жилийн дараа ч байна уу, би нэг хот орчихоод явж байтал өнөөх эрдэмтэнтэйгээ гудамжинд дайралддаг юм байна. Таргалсан ч гэж жигтэйхэн. Нүдэндээ шил зүүчихэж. Томоо гэгчийн цшнх барьчихаж. Нэг малигар шар амьтан гар дээрээс атгаад авах нь тэр. Би арай чүү л гэж танилаа. Лувсан маань яах аргагүй мөөн. Манайд заавал оч гээд салдаг юм биш. Дагаад алхачихав аа. Гял цал болсон байшин уруу ороод л явчихдаг юм байна. Тэгсэн чинь хөөе, эндээс ч бугын эвэр нүд сох хатгачих гээд, тэндээс ч янгирын эвэр сүлбэчих гээд гишгэх газар олддог юм биш. Айлд орлоо гэсэн чинь нэг л бөөн эврэн дунд орчих нь тэр. Арай гэж нэг газар сууж аваад ажсан чинь өнөөх сэрийж сарайсан эвэрнүүд чинь дандаа манай эндээс л эрдмийн ажилд хэрэгтэй гээд бодий нь хөтөлж авч яваад байсан эвэр дүрээрээ байдаг байгаа даа. Гэтэл бас энэгүй л бол миний ажил бүтэхгүй сүйд болно гэж гуйж гувшиж байгаад цааш нь харуулсан цоно, ирвэс, шилүүсний арьсыг дөрвөн мөчий нь тэлээд ханандаа хадаж орхиж. Цөмөөрөө л миний гараар орсон юм чинь, би танилгүй яах вэ. Шинжлэх ухаанд хэрэгтэй юм хийх гэж байгаа хүнд тус хүргэх гэсэн сайхан сэтгэл минь ийм болох гэж дээ, тэнэг толгой яасан муухай гэнэдэж хуурав даа гэж санахаас дотор харанхуйлаад явчихлаа. Тэглээ гээд яах вэ, айлд ирсэн хүн чинь дуугүй л суухаас. Эхнэр нь гэж чиний энэ бичээд байгаа хөх бэх шиг юмаар нүдээ тойруулаад будчихсан, зовхи сормос нь хүн хүнийхээс ондоо босож сэрвийсэн жигтэй янзын, гэхдээ харин аюулгүй хөөрхөн ааштай хүүхэн байсан шүү. Эрдэмтэн эхнэр хоёр ч намайг байдгаараа дайллаа. Үзээгүй сонин шилтэй архи ч гаргалаа. Би ч сүрхий халав шүү.
- За тэгээд эрдэмтэн боллоо гэсэн, юу бүтээгээ вэ дээ? гэж асуугаатахсан чинь, эрдэмтэн маань:
- Миний цол хамгаалсан ажил энэ дээ гээд машиндсан тэвхгэр цаас үзүүлж байна. Тэр нь надад нэг л чамлалттай санагдсан болохоор
- Ердөө л энэ үү? гэсэнд:
- Үүнийг бичнэ гэдэг амар ажил биш. Худасных нь тоогоор өвгөний минь толгойд цагаан үс гарсан байх гээд эхнэр нь алиалан инээж байна.
- Эрдэмтэн болохын ашиг нь юу байна даа? гэж цөхрөхдөө асуусан чинь бас л эхнэр нь урьтаж:
- Өвгөн маань цол хамгаалаад цалин нь овоо нэмэгдсэн гэлээ. Миний шал дургүй хүрч:
- Цол хамгаална гэдэг чинь тэгвэл явж явж цалин л нэмүүлэхийн нэр юм шив гэж хэлээтэхтэл:
- Яалаа гэж тэгж хэлж болох вэ, Данхар гуай минь. Шинжлэх ухаанд их нэмэр хандив оруулж байгаа юм гэж эрдэмтэн маань надад дандаа хэлдэг нөгөө үгээ хэлээд:
- Таны хувь нэмэр ч бас оролцсон. Би танд баярлаж, үргэлж дурсаж явдаг юм гэж ярилаа.

Би ч шинжлэх ухаанд нэмэр болохоосоо өмнө амьтан хорооход л нэрмээс болж дээ гэж бодохоор өөртөө ч уур хүрэв. Энэ ер нь юу хийж суудаг хүн юм бол гэдгийг нь мэдмээр санагдаж дэлүү загатнаад болсонгүй:
- Эрдэмтэн болоод гурван жил өнгөрчих шив. Энэ зуур сонин юм юу бүтээв дээ? гэхэд эрдэмтэн:
- Баахан ном уншлаа. Энэ хэдийг сонин сэтгүүлд бичлээ гээд босож хавтсанд үдсэн дөрөв таван хайчилбар үзүүллээ.
- Бүтэн гурван жилд иймхэн юм хийлээ гэж үү? гээд намайг гайхан харахад:
- Аргагүй ээ, аргагүй. Данхар гуай эрдэм шинжилгээний нарийн төвөгтэй ажлыг яаж ойлгох вэ гээд эрдэмтэн маань миний голж чамласан үгэнд уурлах бус, харин ч сэтгэл тайван инээж байлаа. Юу ч бодсон шинжгүй инээж байгаа нь бүр ч зэвүүн. Түмэнд тус хүргэдэггүй, цолноос цаашгүй ийм эрдэмтнээр ч яах юм билээ дээ гэж санахаас уур хүрээд болдоггүй. Хөлөө хугалчих шахам сүйд майд болж байсан хүнийхээ эрдэмтэн болсныг үзээд дур гутахдаа тэр айлаас бушуухан гарахын мөн боллоо. Жаахан халсныг ч хэлэх үү, хөл гуйвж, өнөөх түмэн эврэнд нь арай л олиулчихалгүй шиг гарлаа даа.

"Хумсын чинээ ч ашиггүй байтал өдий төдий амьтны аминд хүрч эвэр туурай, ангийн арьсаар орон гэрээ дүүргэх ямар хэрэг байнаа?!" гэж бодохоос уур хүрч гудамжаар нэг хашгирмаар санагдсан гээч. Мөн ч их өвчин шүү гэж хуучлаад өвгөн наг наг инээж, аль хэдийн унтарсан гаансныхаа үнсийг гутлынхаа уланд цохив. Тэгээд дахин тамхи нэрж:
- Түүнээс хойш л элдэв сайхан нэрээр бичиг сачиг өвөртөлж ирдэг хүнд яснаасаа дургүй хүрдэг болчихсон юм даа. Чиний шинжилгээ судалгаа хийнэ гэж хэлэхийг чинь сонсуут л өнөөх эрдэмтэн санаанд буугаад явчихсан хэрэг. Тэгээд л уурлаж хохилзож байгаа нь тэр. Ийм л учиртай юм даа, хүү минь гээд өвгөн мушилзаж, залуугийн өөдөөс хүлцэл өчсөн харцаар харлаа.

Өвгөний нүдийг ажихад эвгүй зан гаргасандаа гэмшсэн байдал илэрхий. Түүний яриаг сонсоход үнэндээ ч өвгөн буруутай биш байлаа. Газар дэлхийнхээ юм юманд хайртай хүн харамлаж халаглахдаа тэгж бодох нь ч аргагүй ээ. Эрдэмтэн хэмээх цол авсан эрдэмгүй хүн жинхэнэ эрдэмтэн хүн хоёрын хооронд алганы ар өвөр хоёр шиг зөрөө байдгыг мэдэхгүй ийм настай хүнийг зэмлээд ч яах билээ. Тэгээд:
- Эрдэмтэн бүрийг тэр хүн шиг бодож яаж болох вэ. Тэгэхдээ ганц нэг тийм хүн байгаа л даа... Улс орныхоо тархи нь болсон лут лут эрдэмтэн зөндөө бий гэж Уртнасанг хэлэхэд өвгөн:
- Би ямар эрдэмтэн мэргэдтэй уулзаж явсан биш дээ. Сохор үзсэнээ, мухар атгаснаа гэгчээр өөрийнхөө учирсан ганцаар л жишиж гомдол бухимдлаа бүгдэд гаргаж байгаа нь тэр... Тэнэг ч амьтан бол доо гэж өөрийгөө голонгуй инээмсэглэв.

Санаа бодлоо нээлцсэн энэ сайхан яриа ид халуун дээрээ өрнөөд байтал сайн юманд садаа гэгчээр үнээ тугалын мөөрөлдөх дуун тасалж орхилоо.

- Хүүе, Сэржмядаг аа! Цаана чинь үхэр нийллээ! гэж эмгэн сандран хашгирав. Бүсгүй нарийхан шилбээ гялсхийлгэн босгон дээгүүр харайж гарлаа. Сэржмядаг гэдэг нэрийг сонсохдоо Уртнасангийн сэтгэлд баярын од харвах шиг болов. Энэ гэрийнхэн бие биеэ нэрээр нь дуудахгүй учир эмгэн охин хоёрын нэрийг мэдэж чадалгүй өдий хүрчээ. Бүсгүйтэй хааяа ярих далим гардаг боловч ирсэн хүн охинд нь санаархаж эцгийнх нь дургүйг хүргэдгээс өвгөн тийнхүү дурамжхан угтсан байх гэж бодсон учир хөндийхөн байдаг байжээ. Харин өнөөдөр эмгэн уулгалан тэвдэхдээ охиныхоо нэрээр дуудаж орхисон нь Уртнасангийн санаанд оромгүй аз дайрчээ.

Орой хоолны дараа өвгөн Уртнасан хоёр бас л хөгжөөнтэй юм ярилцаж суутал бүсгүй шүд шүд гэж ярвайн хацраа дарлаа.

- Өнөө шүд чинь өвдөөд унав уу? гэж эхийнхээ асуухад бүсгүй тунирхуу янзтай толгой дохиод орон дээр очиж хэвтэв.
- Одоо яана аа, өвгөөн? гэж эмгэнийхээ хэлэхэд би яах вэ дээ гэсэн харцаар өвгөн хариулав.
- Хавирганы бураа халааж жигнэх юм билүү гээд эмгэн мах гаргасан түмпэн дотроос хавирганы яс авлаа. Уртнасан хоромхон зуур хайрцгаа нээж цаасан хүүдийнээс нэг жижигхэн бор юм авч бүсгүйн дэргэд очоод биед нь хүрэх шалтаг олдсон дотроо олзуурхан, шүд өвдсөн талын хацарт нь алгаа нааж:
- Аль шүд чинь вэ? гэж асуув. Бүсгүй "аа" гэж аяархан дуугараад өөдөөс нь харахад сайхан дүрлэгэр нүдэнд нь шаналангуй байдал илэрхийг Уртнасан ажаад "Өвдөх сургаар л ингэж байдаг юун ч янгууч юм билээ дээ. Хоёр хөгшиндөө эрхэлсээр энэ байх даа" гэж бодоод цоорхой араан дээр нь эмээ тавиад:
- Хөдөлгөлгүй зуугаарай гээд гар хүрч амжсаных гэсэн шиг булбарай улаан хацры нь энхрийхнээр нэг илбэжээ.
- Өвдсөн цагт энэнээс зуулгахад гэмгүй гээд Уртнасан нөгөө цаасан хүүдийтэй эмээ өвгөнд өглөө. Өвгөн эмгэн хоёр тэр эмий нь дамжуулан үзэв.
- Ямар гээч эм бэ? Ер үзээгүй юм байх чинь гэж өвгөн үрэлнээс нүд салгалгүй хэлэв.
- Алтан гагнуурын үрэл гэдэг юм. Шүдний өвчин намжаах санаатай хийсэн юм. Манай эмийн үйлдвэр одоо хийж байгаа л даа гэж Уртнасанг ярихад эмгэн:
- Толгойн эмнээс өөр шүдэнд нэмэр болдог эм бий гэж дуулаагүй юм байна гэв.

Тэднийг тийм эмгэг хуучид ийм юм сайн гэж ярилцаж байтал бүсгүй ч инээд алдсаар босоод ирэхэд нь
- Зүгээр болчихов уу, охин минь? гэж эмгэн энхрий зөөлөн дуугарав.
- Дорхноо өвдөхөө больчихлоо гээд бүсгүй чи ийм ачтай хүн байсан юм уу гэсэн харц, баясгалантай мишээл хоёроор залууг зэрэг шагнав.
- Сайн эм юм даа... Одоогийн залууст шүд шүд гэж арзайхгүй амьтан бараг байх биш. Хэчнээн хүнийг амрааж байгаа бол доо. Түмний тусыг бодсон нэг буянтан нь л гаргаа байх даа, хөөрхий гэж эмгэн үнэн санаанаасаа сүжиглэнгүй хэлэхэд Уртнасан дуугүйхэн инээмсэглэв.

Урьд нь өвгөний дүнсгэр царайнаас эмээж дуугаа хурааж суудаг байсан Уртнасан оройжингоо сонин сонин юм ярьж тэр гурвыг баясгана. Өвгөн нэгэн насаар ой сахиж суухдаа учирсан хөгжтэй паянгаасаа хааяа ярьж инээлгэнэ. Өвгөнийг ийм яриа хөөрөөтэй, сайхан зантай хүн гэж зүүдлээ ч үгүй байсан залуу түүний инээж хөөрөхийг харахдаа сэтгэл тэнүүн баяртай байлаа. Данхар түүний анхлан бодсон шиг тийм яхир яндан өвгөн биш байжээ. Хэн хэндээ муу санах юмгүй сэтгэл цэлмэсэн хүмүүс үе үе нэрхийтэл инээлдэн, бие биеэ урьхан харцаар харж хөгжөөнтэй байлаа. Хүн хүнээ ойлгоно гэдэг ийнхүү хэн хэндээ инээд баяр хайрладаг ажээ.

ХХх
Нарлаг сайхан өдөр. Ойн цагдаагийн гадаа бэрзээнтэн дээгүүр өнгө өнгийн цэцэг дэлгэн хатаажээ. Уртнасан цээжээ нүцгэлээд наранд шарангаа цэцгээ эргүүлж тойруулна. Сэржмядаг бүсгүй энэ тэр цэцгийг шохоорхон үзэнгээ хатсан цэцгээ савлахад нь тусална. Залуу тун ч нямбай хүн ажээ. Цэцгээ багц болгон боож хүүдийд хийж оёод, цэцгийн нэр, хаанаас хэзээ түүсэн сэлтийг нэгд нэггүй бичсэн пайз зүүнэ. Бүсгүй багцалсан цэцэгнээс авахдаа үүнд чинь энэ хүний гар хүрсэн юм шүү гэж бодно. Тийн бодох тусам үнэр ялдам энэ сайхан цэцгэнд залуугийн үнэр бас шингэсэн юм шиг санагдаж сэтгэл уярна. Тэгээд залууг дөлгөөхөн харцаар сэмхэн харж санааширна. Бүсгүй ягаавтар өнгийн цэцэг багсайтал атган өргөж:
- Та энэ цэцгийн домгийг мэдэх үү? гэж асуув.
- Согоо суман уу?... Үгүй шүү, дуулаагүй юм байна.
- Эрт л цагт юм байх. Нэг анчин согоо буудаад шрахдуулчихаж гэнэ. Тэгсэн чинь хаанаас ч юм янзага нь гүйгээд очиж дээ. Анчин ихэд гэмшин буцжээ. Тэгэвч санаа нь зовж өнөө газраа өдөр заавал ч үгүй нэг эргэж очдог байж. Шархтай согоо энэ цэцгийг л идэж харагдах юм гэнэ. Хэд хоносны дараа согоо эдгэрээд янзагаа дагуулаад явчихжээ. Тэгээд согоо суман гэж нэршсэн гэж ярьдаг юм билээ гээд бүсгүй яриандаа өөрөө уярч залууг мэлмэрсэн тогтуун нүдээр харав.

Хайр гэрэлтсэн тэр сайхан нүд "Та надад ямар их янаг дотно харагдана вэ" гэж хэлж байлаа. Залуугийн харц бүсгүйн хайр хүссэн харцтай тулгарав. Бүсгүйг тийм бодолтой байдгыг Уртнасан гадарлаагүй учир далдуур шаналж явжээ. Данхар өвгөнийд ирээд сар шахам болохдоо сүүлийн арваад хоногт эмийн ургамал бодсон сэтгэлийг нь энхрий хонгор бүсгүй эзэлж өдрийн бодол шөнийн зүүд болж байгаа билээ. Гэтэл өнөөдөр бүсгүйнхээ нүднээс бодлыг нь олж харсандаа хязгааргүй баярлахдаа чи минь бас над шиг байсан юм уу гээд ухасхийн тэвэрч авмаар бодогдоод иржээ. Тэглээ ч уулын зэрлэг согоог ухаангүй нэгэн хөдөлгөөн үргээхийн адил болуужин гээд сэтгэлийнхээ хөөрлийг чандлан барьж, алсад дүнхийх цаст цагаан уулсын толгой харан санаа алдав. Тэгээд жаахан сэхээ орж, бүсгүйн, тэрхүү уулсын цагаан тэргүүн шиг ариухан сэтгэл дээр нэгээхэн ширхэг ч хөө унагахгүйг хичээхийн учир:
- Чи цэцэг ногоо сүрхий таних юмаа гэж тэс өмнөө юм хэллээ. Залуугийн харцтай мөргөлдмөгцөө эрх алдан самгардаж яах ч учраа олохгүй байсан бүсгүйн дотор овоо уужирч:
- Тэгэлгүй яах вэ. Ойн цагдаагийн охин болж төрснийх ойгоо сонирхолгүй яах вэ. Тиймдээ ч би ойн сургуульд орсон юм шүү дээ. Танаас ургамал цэцгийн тухай хичээл дээр сонсоогүй сонин сайхан юмаа их дуулж авлаа гэж өгүүлэхэд нь:
- Аав шигээ ойн эзэн болох юм биз дээ гэвэл:
- Эндхийн зарим хүний аавыг хэлдгээр ойн бэрд ч бас болох байх гээд бүсгүй нүдээ эрвэлзүүлэн цангинатал инээлээ. Залууд энэ инээд урьд өмнө огтхон ч сонсогдоогүй тийм л уяран хайлам уран эгшигтэй сонсогджээ.

Тэр хоёрыг ийн суухад өвгөн эмгэн хоёр мөн л залуугийн тухай ярилцаж байлаа.

- Энэ ч үнэхээр эрдэмтэй хүн юмаа. Таван салааны шүүс гэнэ үү, нэг хүрэн эм өгснөөс хойш миний элгэн дээр цанхайж хоолны шингэц муу байдаг чинь гайгүй болчихлоо шүү дээ. Үгүй тэгээд охин бид хоёрт өгсөн эмийг өөрөө хийсэн юм гэнэ шүү дээ. Охинд ярьсан байна гэхэд
- Аа, энэ тийм амар хүн биш. Эрдэмтэн болоогүй байхдаа ингэж байгаа хүн чинь болохоороо аягүй бол үрэгдсэнийг сэхээх бэрх хүн гарах ч юм билүү, яаж мэдэх вэ? гэж өвгөнийгөө хэлэхэд:
- Манай өвгөн ч юмыг нэг магтахаараа тэнгэр тулгаад л нэг муулахаараа газарт булаад л гээд эмгэн үүдэн шүд нь онгойсон улаан буйлаа улалзуулан инээв.
- Ишш, эмгэн минь, чиний наад ам чинь ч хүний өөдөөс харж мөн инээмээр байна даа гээд өвгөн тохуурхан инээмсэглэхэд:
- Өвгөөн, энэ хүү вансэмбэрүү л гэж хааяа дурсаад байх юм. Уушгинд сайн эм хийх санаатай юм байх. Чи бэрдлэлгүй зааж өгөөрэй гэвэл:
- Тэгнэ ээ, тэгнэ. Ашиг хонжоо эрэгч биш, олонд тустай юм хийе гэж нэгэн үзүүрт сэтгэл барьсан хүн юм. Харваас андашгүй. Ургамал цэцэг авахдаа ч үрэлгэн сэтгэлээр хүрэхгүй юм... Би өөрөө газарчилж явна гэхэд нь:
- Овоо доо, өвгөн минь... гэв.

Уртнасан наранд байсаар нэлээд халууцсан бололтой хөлсөө арчсаар орж ирэхэд эмгэн аяга дөхүүлж:
- Хүү минь, халуун цай уувал энэ шар данханд байна. Хүйтэн юм залгилбал тэр домбонд хярам бий гэв.
- Хүү минь, чи хуучин монгол бичиг, төвд ном мэдэх үү? гэж өвгөнийг гэнэт асуухад Уртнасан ухаангүй залгилж байсан ундаа амнаасаа салгаж гайхасхийх харснаа:
- Аль алий нь бараг зэрэг гадарлана аа гэж аяархан хэлэв. Өвгөн дуу шуу ч үгүй хоймрынхоо авдрыг уудалж ёроолоос нь хуучирсан хүрэн торгон баринтагтай хэдэн ном гаргаж ирлээ. Тэгээд залууд:
- Манай эмгэний ах эм барьдаг оточ хүн байсан юм. Зөндөө л ном байлаа. Он жилийн уртад увуу цувуу үрэгдсээр хэд үлдсэн юм. Чи үз дээ. Чиний мэдэх юм байна уу, үгүй юу? гэв. Уртнасан номуудыг нэг нэгээр нь өвдөг дээрээ тавин баринтгыг нь нямбайлан задалж уруул хөдөлгөөн үзэж байхад өвгөн нүд салгалгүй ширтэж байснаа:
- Ямар ямар ном байна? гэж асуухад
- "Эрдэнийн увдис гарахын орон", "Хиргүй болор толь", "Эндүүрэлгүй танигч", "Эмийн дөрвөн үндэс" гэхчлэн зарим нь төвд хэлээр, зарим нь хуучин монгол үсгээр бичсэн эмзүйн талын ном байна даа гэвэл:
- Ийм хуучны ном чамд хэрэг болох уу? гэхэд нь
- Манай хуучны эм судлалыг одооныхтой харшуулан үзэхэд хэрэгтэй байлгүй яах вэ. Энэ чинь чухаг ховор ном шүү дээ гэж залуу учирлав.
- Эд эзнээ хүлээж байдаг гэж үнэн юм даа... Хүүдээ өгөлгүй яах вэ гээд өвгөн өнөө номуудаа давхарлан барихад Уртнасан хичээнгүйлэн авч:
- Гялайлаа. Эх орныхоо эмийн ургамлыг хичээн судалж, ариглан хайрлаж, хүн арддаа тус болох сэтгэлийг үүрд өвөрлөж явъя аа гэв.

ХХХ
Сар дээр хөөрчээ. Тэргэн дээр зэрэгцэн суусан Уртнасан Сэржмядаг хоёрын царай сарны тунамал гэрэлд бодлогошронгуй харагдана. Ойр саахалтын дайтай урсаж байгаа уулын голын чимээг чагнасан юм шиг хоёул дув дуугүйхэн. Уртнасан бүсгүйн мөрөн дээр гараа аяархан тавьж:
- Сэржмядаг минь, эмийн үнэрээс хол, балын амтанд ойрхон байсан хэд хоног өнгөрч, буцах маань хаяанд ирж дээ гээд шүүрс алдахад бүсгүй:
- Та тэгээд хотоо санаад бушуухан харих сан гэж яараад л байна уу? гэж хэлэхдээ хоолой нь чичрэгнэв.
- Болдогсон бол... гээд залуу хөгжмийн утас гэнэт тасарсан мэт таг дуугүй боллоо.

Сарны сүүн цагаан гэрэлд улиаснууд мөнгөөр цутгачихсан юм шиг цайрна. Салхи хөдлөхөд улиасны навчис сэржгэнэх нь жингэнэсэн чимээ л гарахгүй байгаагаас биш, мөнгөн зооч хэлхээд зүүчихсэн юм шиг гялалзана.

- Эндээс буцахад ганцхан л юманд сэтгэл хоргодоод байна даа гэж залуу зүрхшээсээр хэлэхэд бүсгүй ойлгоогүйдээ ч тэр үү, зориуд дйүвүүлэх гэсэндээ ч тэр үү ингэж хэллээ.
- Вансэмбэрүү юу?... Маргааш очоод авахын хооронд санаа зовоод яах вэ дээ.
- Вансэмбэрүү ч биш л дээ.
- Тэгээд юу юм бол доо гэж бүсгүй хайнгадуу юм шиг хэлээд залуугийн өөдөөс дүрлийтэл харахад нь:
- Сэржмядаг цэцэг.. гэж хэлэхдээ залуугийн харц бүсгүйн харцтай эсрэг ширтэлцэв. Бүсгүй түүний үг цэцэгний тухай бус гэдгийг юу эс андах вэ:
- Та чинь өвс ногооноос өөр юм боддог хүн байсан юм уу? гэхэд нь:
- Бодолгүй яах вэ дээ, Сэржмядаг минь гээд залуу бүсгүйн бэлхүүсээр тэвэрсэнд:
- Би таныг боддоггүй юм байх гэж санасан гэж бүсгүй гэрийн хаяагаар урсаж байгаа бяцхан горхины шивнээ шиг дуулдах төдийхөн хэлээд тэрэгнээс үсрэн бууж гэр уруугаа алхав.

"Сэржмядаг гэсэн энэ сайхан нэр шигээ, аглаг ойд ургасан анхилуун цэцэг шиг танхилхан хонгор юм даа, чи минь" гэж Уртнасан бодон түүний араас харна...

Дөнгөж үүр хаяарч байхад Данхар өвгөн Уртнасан, охин хоёртойгоо хөдөллөө. Сэржмядаг хамт явж газар үзнэ гэсэн учир хэн ч түүнийг хорьсонгүй. Түүнтэй холын замд дөрөө нийлүүлж явах нь хэзээ хэзээгүй буцах болсон Уртнасанд олдошгүй завшаан байлаа. Үүрийн улаан шаргал туяан доогуур Отгонтэнгэрийн бөмбөгөр цагаан орой гялалзан харагдана.

- Тэр их уулын дэргэд шахам очиж байж л вансэмбэрүүнд хүрнэ дээ гэж өвгөн хэлээд мориндоо ташуур өгөн хатируулна.

Наран мандлаа. Ногоорон дүнхийх уулсын мөнх цаст орой нарны хурц гэрэлд нүд гялбам туяарна. Уртнасан ингэж яваадаа хязгааргүй баярлаж бүсгүйг байн байн урьхнаар ширтэхэд Сэржмядаг баяр хөөр нь багтаж ядан байгаа хэрнээ ичингүйрэн эмээлийнхээ бүүргийг гөлөрнө.

Олон уул, олон гол өнгөрөв. Их уулсын биед дөхөх тусам ургамал ногоо сийрэгшин хад асга элбэгшиж, наран холдоод байгааг мэт сэрүү татна. Бэл хөдийгөөр нүд булаам алаглаж байсан үзэсгэлэнт цээнэ, улбар шар жамъянмядаг, хүрэн зэд, шар сэрхлэг гээд өнгө өнгийн цэцэг үзэгдэхээ болиод арц элбэгшиж анхилуун сайхан үнэр нь хамар цоргино.

Уул эгц цамчим болж хад асга ааглаад морьд явж чадахгүй боллоо. Зарим газар морио хөтлөөд ч явж үзэв. Морьд нь усан хулгана болтол хөлөрч амьсгаагаа багтааж ядан гаргах мэт хамар нь сарталзана.

- Данхар гуай, одоо морьдоо зовоохын хэрэг байна уу даа. Та эндээ хүлээж, бид хоёр явган явбал дээргүй юу? гэж Уртнасан хүлцэнгүй хэлэхэд өвгөн хэдэн хором бодол болон байснаа:
- Энэ нэг онь дээр гарахыг бодъё. Тэгээд та хоёр цааш яв гэлээ.

Өргөн ханхар цээжтэй намхан өвгөн байдгаараа бөгтийчхөөд майга хөлөө зугуухан зөөж тавин, газрын өөд зүтгэхийг нь харахад ойн бор баавгүй явж байгаа юм шиг санагдана. Тэд мацуулсаар байж өвгөний хэлсэн онь дээр гарлаа. Уулын цаана уул дүнхийнэ. Уулын дээгүүр онгоцны хошуу шиг мөлгөр цагаан орой цухуйх нь Отгонтэнгэр аж.

- Хүүхдүүд минь, энэ хоёр таширласан уулыг давахад Отгонтэнгэрийнхээ наахан, бага Отгоныхоо ар тушаа нэг уул бий. Тэнд л вансэмбэрүү байгаа даа... Тун мэдээтэй яваарай. Асга нурж сүйд болов гэж өвгөн захилаа.

Тэр хоёр хөтөлцөн уруу буулаа. Эхний уулан дээр гарахад өвгөн гурван морьдоо бариад суусан чигтээ харагдана. Салхи сүнгэнэж бөөн бөөн үүл уулсын толгой шүргэх шахам нүүнэ. Уртнасан зүрх сэтгэлийнхээ нууцхан дэндүү болон гэрэлтэж байгаа энхрий бүсгүйн жижигхэн булбарай гараас хөтлөн уулнаас уул дамжин яваагаа нэгэн насныхаа аз жаргалыг эдэлж байгаа мэт санана. Тэр хоёрын явсан газар бүхэнд ус хүржигнэн урсах сонсогдоно. Энэ гол хаана байна гээд ийш тийш харахад ус үл үзэгдэнэ. Тэгээд хэвтэн чагнавал, яг доогуур нь ус шуугин урсах нь усан дээр яваа юм шиг санагдана.

Анхны хайрын жолоо алдан тэмүүлж байгаа залуугаа дагаж хүний хөл ховорхон хүрсэн байгалийн сүр жавхланг бишрэн бахдаж яваа бүсгүй хүний хөхөж хөөрсөн сэтгэл далай мэт долгилж энэ чигтээ ертөнцийн хязгаар хүрэхээс ч эс буцна. Түүний нүдэнд баярын цог гялалзаж, юухан дээр ч инээд алдан, заримдаа уул хад цуурайтам цангинуулан инээнэ. Тэгэвч сэтгэлийнхээ угт "Энэ хүн вансэмбэрүүгээ аваад хот уруугаа буцахаар бөглүү ууланд суугаа өчүүхэн намайг мартчих байх даа" гэсэн бодол зурсхийж зүрх нь эмзэглэнэ. Хорвоод өнөөдөр шиг жаргалтай өдөр үзээгүй юм шиг санаж яваа бүсгүйн баяр хөөх бялхсан сэтгэлд муу бодол орогнох зай үгүй болохоор түүнээ дорхноо мартаж дандаа цэнгэлийн сайхныг мөрөөднө.

Тэр хоёр нуран гулсаж тамир барах асгат ууланд байн байн амарч, мацан мацсаар арайхийн оройд нь хүрэхэд үүлэн дунд ороод явчихав. Үүл нүүрийг нь шүргэн нүүж бороо шивэрнэ. Хавь орчинд хөвөн зулсан мэт үүл хөвөлзөнө. Тэр хоёрыг дөнгөж доошилтол бороо орлоо. Бороонд цохиулан явсаар нэгэн том хад тааралдахад нөмөрт нь хоргодов. Уртнасан хувцас нь норсон бүсгүйг цээжиндээ тэврэн суув. Түүний нойтон үсэнд хошуугаа хүргэхэд ялдамхан үнэр ханхийнэ. Бороо шаагьсаар... Эргэн тойрон уул, үүлийн алин байгаа нь үл мэдэгдэнэ. Үе үе салхин исгэрч бороо ширүүснэ. Бүсгүй хярсан туулай шиг цомцойн сууж, орчноо эмээсэн харцаар харахад нь:
- Сэржмядаг аа, чи айж байна уу? гэхэд
- Бороо зогсохгүй шөнө болчихвол яана! гэв. Тэгэхээр нь:
- Эндээ л унтчихгүй юу гэвэл:
- Аав минь санаа зовж сүйд болно доо. Морьдоо орхиод тэсэхгүй бид хоёрын хойноос явна шүү гэв.
- Нээрээ л тэгнэ дээ... Тэгсэн чинь би охиныг нь хулгайлаад явчихсан байвал яах бол? гээд тонгойхдоо Уртнасангийн уруул бүсгүйн хацарт хүрчихсэнд Сэржмядаг цочин навтгасхийж:
- Арай ч дээ гэв.

Бороо цутгаж, салхи хүүгж, хос залуугийн сэтгэл дэнсэлгэсээр тун ч удлаа. Гэнэт орсон шигээ бороо татарч тэнгэр бүрхэн харанхуйлсан хар үүл тас тас үсрэн задарч салхинд туугдана. Хүрэх ёстой уул нь нэг ил гарч бөөн үүл манан нөмрөн ирэхэд дахин үзэгдэхгүй болно. Эмээж түгжсэн хоёрын дотор онгойж, тэнгэр цэлмэхийг хүлээлгүй цааш уруудлаа. Хувилгаар юүлсэн мэт асгасан борооны ус асган дундуур хүрхрэн урсах далдын их урсгалтай нийлсэн болов уу гэмээр алга болжээ. Тэр хоёр урдах уул өөдөө хүч шавхан авирч алхам алхмаар ахиж байхад үүл нүүдэллэн ирж замыг нь байн байн харанхуйлна.

Тэр хоёр үүлний нүүдэл харан амран суутал нэгэн хэсэг үүл өнгөрөхөд авирч байгаа уулынх нь оройд наран туслаа. Тэнд гурав дөрвөн настай бүсгүй хүүхэд зогсож байна уу даа гэмээр сагсайсан бөндгөр толгойтой юмнууд харагдахад Уртнасан:
- Вансэмбэрүү! гэж дуу алдав.
- Ер гээч! Тэр... гээд бүсгүй ч олж харснаа баярлан босон харайлаа. Тэгээд мацсаар вансэмбэрүүнд хүрэв. Хос хосоороо ургасан тэрхүү ховор нандин ургамлыг сонирхон үзэж хайрлахдаа гараа хүргэж ядна.
- Бид хоёр шиг хоёлон ургадаг юмаа гэж Уртнасанг хэлэхэд бүсгүй ялдамхан инээмсэглэв. Залуу вансэмбэрүүний толгойг зөөлөн илбэхэд түүний хөвсгөр цагаан сэвлэг нь бүсгүйн намирсан хар үс шиг уян налархай санагдсан учир "Хүний гараас даажих гэж ийнхүү хэн ч хүрэмгүй аглаг дайд уулын тагтад ургасан юм байх даа" гэж бодлоо. Тэгээд сэтгэл ихэд хөдөлсөндөө:
- Хангайн сүрлэг уулсын дундаас хүний бяцхан үр Сэржмядаг, үлэмжийн сайхан вансэмбэрүү хоёрыг ингэж л олох учиртай байж дээ гэж хэлээд бүсгүйг цээжиндээ наан тэврэхэд Сэржмядаг талимаарсан дүрлэгэр нүдээр өөдөөс нь харлаа. Түүний тэлмэгэр хархан нүднээс янагийн халуун оч бадарна.

Тэр хоёрын зүүн өмнө Отгонтэнгэрийн зүрхэн цагаан оргил гялалзаж, хэсэг хэсэг үүлс түүнийг тойрон салхин хөгжмийн аясаар бүжин наадна. Орчны их их уулсын орой цайран үзэгдэх нь бишрэм сүрлэг агаад гайхам үзэсгэлэнтэй ажээ.

- Вансэмбэрүү... үү!
- Сэржмядаг... ааг! гэж Уртнасан хашгирахад уулын цуурай давтан түгээнэ. "Вансэмбэрүү" гэхэд "Үү, үү" гэж "Сэржмядаг" гэхэд "Ааг, ааг" гэж цуурайны төгсгөлд удтал хүнгэнэнэ. Уулнаас уулсад дамжин холын холд жингэнэн одож хоёр нэрээ давтан хашгирч улам улам цуурайтуулна. Газар эх энэнчлэнгээр хүний сэтгэлийг хөвсөлзүүлэх түмэн гайхамшгийн увдис төгөлдөр буюу.


Хар цагааны дэнс түүврээс. Редактор Л.Чойжилсүрэн. Улсын хэвлэлийн газар. Улаанбаатар 1990