221-р сар2019

Германаас Америк хүртэл

Сэтгүүлч Дорждамдингийн Оюун, ХБНГУ, Карлсрүэ хот.  

E-mail: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

1.  Өмнөх үг

   Найз маань, “Буцахаас өмнө Америкийг ирж үзээ“ гэлээ. Сүүлийн хэдэн жил завдаагүй. Харин энэ удаа явахаар шийдэв. Америкийн элчингийн сайтан дээрх дүрэм журмуудыг судлав. Виз тийзээ захиалж интернэтээс хэд хоног салсангүй. Нью-Йоркийн зүг 2010 оны 5 сарын 18-ний үдшийн 9 цагт би хөлөг дүүрэн европчуудтай Франкфуртын нисэх онгоцны буудлаас хөдлөв. Нойр дутуу явсаных онгоц хөөрөөд л  унтаж, сэрвэлзэж унтсаар онгоцны чанга яригчаар, “Хорин минутын дараа Жон Ф. Кеннедийн нэрэмжит нисэх онгоцны буудалд бууна” гэж зарлах чимээнд сэрлээ.

Цонхоор доош хартал тэнгэрийн хаяа хүрэвч зах хязгаар үгүй далайн ус хар сувд мэт гялалзана. Үйлчлэгчийн орхисон хилээр орох хуудсыг бөглөж амжив. Энэ зуур онгоц маань улам бүр доошилж усан дээр буух нь уу гэмээр шүргэн алдан хурдалсаар гэнэт газардахад улсууд алга ташин, би ч бас гайхах баярлахын завсар алгаа ташив. Нью Йоркт үдшийн бүрий болсон байлаа.

Онгоцны буудалд найз маань охинтойгоо угтав. Баяр хөөр болж уулзсан бид элдвийг хүүрнэсээр гадагш гарахад бороо шивэрч байсан ч жиндүү бус, далайгаас ирэх чийглэг агаар пүнхийж байв.

Найз маань, “Манай сургуулийн төгсөгчдөд зориулж Эмпайр Стэйт Билдингийн оройн хэсэг өнөөдөр хөх өнгөөр гэрэлтэж байгаа, хэдүүлээ харчихаад цааш давхинаа” гэлээ. Дэлхийд эрт алдаршсан энэхүү өндөр байшинг элдэв зургаас харж байсан ч өөрийн нүдээр харна гэдэг өөр байдаг хойно тэнгэр баганадаад жигтэйхэн байлаа. Гэхдээ хамгийн гол нь “Дэлхийн нийслэл” гэгддэг Нью- Йорк хотын хамгийн өндөр байшингийн гэрэл чимэглэлийн өнгийг Коламбын Их Сургуулийн төгсөгчдөд зориулж өөрчилсөн, тэдний нэг нь миний найз шүү дээ гэж бодохоос бахархам санагдав.

2.     2. Коламбын Их Сургуулийн анхны монгол доктор

Миний найзыг Банзрагчийн Отгонтөгс гэдэг. Бид хоёр арван жилд байхын бие биенээ мэдэх ч Отгоо Ломоносовын, би Менделеевийн нэрэмжит  Их Сургуульд суралцаж байхдаа нөхөрлөж цэл залуу нас, оюутан ахуйн дурсамж дүүрэн он жилүүдийг Москвад үдэж байсан. Сургуулиа төгсөөд найз маань МУИС-ийн Эдийн Засгийн сургуульд багшилж ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Одоо ч тэндээ багшилсаар буй. Отгоо үндсэн ажлынхаа хажуугаар Дэлхийн Банк, НҮБ, Соросын Сан зэрэг байгууллагуудаас хэрэгжүүлж буй төрөл бүрийн төслийн ажлуудыг хийнэ, удирдана, мэргэжлийн ном, сурах бичиг, эрдэм шинжилгээний өгүүлэл бичнэ. Ер нь товчоор хэлэхэд мэргэжилдээ эзэн нь болсон манай улсад хуруу дарам цөөхөн, чадварлаг эдийн засагчдын нэг юм.

 zur2Арваад жилийн өмнө Английн Манчестрийн Их Сургуулийг мастер зэрэгтэй дүүргэж байсан тэрээр энэ хавар Коламбын Их Сургуульд Боловсролын эдийн засгийн чиглэлээр докторын зэргээ амжилттай хамгааллаа. Элсэх хүсэлтэй оюутнуудад тавих шаардлага нь өндөр, дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын жагсаалтад ямагт эхний аравт ордог энэ Их Сургуульд докторын зэрэг хамгаална гэдэг хэн хүнд хялбар олдох завшаан биш ээ. Энэ хэцүү давааг даваад Отгоо маань Коламбын Их Сургуулийн хамгийн анхны монгол доктор болсон.

zur1Ойр дотны найзууд нь Отгоотой элбэж төгсөлтийн баярын үдшийг зохион байгуулсан. Тэд гэр бүлийнхнийхээ хамтаар төрөл бүрийн бялуу, цэцэгтэй ирцгээж, баяр хүргэн цаашдаа эх орондоо улам ихийг хийж бүтээхийг хүсэн ерөөв. Үдэшлэг эхлэхэд би Европоос очсон монгол сэтгүүлчийн өнцгөөс америкийн монголчуудаа ажиглан байсан байх. Гэвч цаг өнгөрөөгүй тэдний халуун дулаан харьцаа, чин сэтгэлийн баяр догдлол намайг уусган авсан. Коламбад зочин судлаачаар ажиллаж байсан Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн багш доктор Сугармаа, Нью-Жерсийн балетын бүжигчин Түвшин, НҮБ-ын ажилтан Батдолгор, Уянгаа, түүний ээж Бадармаа гуай, үеийн бүсгүй Чинчулуун гээд л америкт амжилттай яваа улсуудтай дотно сайхан танилцлаа. Үдэшлэг дээр залуучуудад хандаж Отгоо, “Хүсэл мөрөөдлөө уйгагүй хөдөлмөртэй хослуулвал монгол залууст дэлхийн хаалга нээлттэй“ гэж хэлсэн. Тийм шүү. Бид хий мөрөөдөх биш харин хүсэл мөрөөдөлдөө цаг гаргаж, тууштай байж, бэрхшээлээс хойш суухгүй хөдөлмөрлөх чадварыг өөртөө суулгах нь улсын маань хөгжилд ус агаар мэт чухал.

Коламбын Их Сургууль нь Америкийн хамгийн эртний Их Сургуулиудын нэг. 1754 онд Их Британийн 2-р Жорж хааны зарлигаар үүсгэн байгуулагджээ. Америкчууд тусгаар тогтнолоо олж аваагүй байж. 12 жилийн дараа тусгаар тогтнолын дайны учир хичээл нь 8 жилээр тасалдаж байсан байна. Одоо 24 мянган оюутантай, номын сандаа 9,3 сая номтой. Америкийн 34 дэх ерөнхийлөгч Эйзенхауэр, одоогийн ерөнхийлөгч Обама, америкийн анхны эмэгтэй төрийн нарийн бичгийн дарга асан Мэдлин Олбрайт зэрэг дэлхийн түүхэнд нэрээ мөнхжүүлсэн олон хүн энэ сургуулийн төгсөгчид. Коламбийн Их Сургуулийн төгсөгчдөөс 72 хүн Нобелийн шагнал авсан байна.

Америкаас уригдаж манайд хичээл орж байсан профессор Пенн хэлж байсан, “Америкууд шинжлэх ухааны судалгаа шинжилгээний ажилд асар их мөнгө зардаг“ гэж. Энэ яриа юунаас үүдсэн гэхлээр, манай семинарын  өрөө наран талдаа цонхтой, дээр нь тэр өдөр маш халуун. Бид ч тэсээд л сууж байгаа юм чинь. Гэтэл Пенний нүүр улайж, хөлс нь цутгаад, цамц нь нороод эхэлсний дараагаар семинарын өрөөнд агааржуулах сэнс байхгүй байгаад бухимдаж, хичээлээсээ өөр сэдэв рүү орсон нь бидэнд сонирхолтой байж билээ. Америкууд боловсролд мөнгө оруулахдаа судалгаа шинжилгээний зардлыг сурах, шинжлэх орчинтой нь хамруулж тооцдог тухай тэр хэлж байсан юм. Нээрэн ч Коламбын Их Сургуулийн номын санд орсон даруй надад Пенн багшийн яриа санаанд орж билээ. Тийм их номтой, дээр нь номын сан өөрөө ердөө л хааны ордон. Оюутнууд мэдээж энд жинхэнэ эзэд нь. Энэ сургуулийн төгсөгчдийн мэргэжлийнхээ дагуу ажил хөдөлмөр эрхлэлт өндөр хувьтай байдаг нь ч аргагүй биз. Үүгээрээ бахархах нь ч зүй ёсны хэрэг.

Коламбын Их Сургуулийн ерөнхийлөгч Low 1895 онд уг номын сангийн (Low Memorial Library) барилгыг аавынхаа дурсгалд зориулж бариулжээ. Хувиасаа 1 сая доллар гаргасан байна. Low Library 1987 онд америкийн үндэсний түүхийн содон бүтээлүүдийн нэгд бүртгэгдсэн. Бас нэг хэвлэлийн магнат мөн сургуульд 1902 онд их мөнгө хандивлаж түүгээр нь сэтгүүл зүйн салбарыг шинээр байгуулжээ. Тэр хүний нэрэмжит энэ салбарын шагнал бий болгосон. Одоо энэ нь америкт төдийгүй дэлхийд нэр хүндтэй сэтгүүл зүйн шагнал болсон байх юм. Манай үндэсний хөрөнгөтнүүд энэ мэтчилэн шинжлэх ухаан, боловсролыг дэмжиж хөрөнгө оруулаасай. Жишээ нь, Сайхансамбуу гуай бизнесийн салбарын сургуульд, Мянганбаяр гуай геологийн салбарт хөрөнгө оруулж монголын боловсролын түүхэнд үлдэх юм хийчихээд өөрийнхөө нэрээр салбарын шагналыг бий болгож болно шүү дээ.

Эх орондоо хэрэгтэй шилдэг боловсон хүчин болохыг хүсээд уйгагүй хөдөлмөрлөвөл, монгол залууст олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Коламб, Харвард, Оксфорд зэрэг алдартай, хангамж сайтай сургуулиудад сурах боломж байна, энэ нь хоосон мөрөөдөл биш болж. Дэлхий “хавтгай“ болж гэдгийг эдгээр сургуулиудийг төгсөөд амжилттай ажиллаж байгаа хүмүүсийн жишээ харуулж байна. Мэдээж төлбөр нь өндөр, жилийн 20 гаруй мянган доллар боловч эдгээр сургуулиуд янз бүрийн тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг авах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг, ийм боломж олгодог онцлогтой.

Отгоогийн эрдмийн “ноу-хау“ (know-how) буюу хэрхэн суралцсан тухай, мөн хэрхэн мөнгө босгож чадав зэргээс цухас дурдахад, тэрээр улсаас тэтгэлэг гэж ердөө 48 мянган доллар авсан, энэ нь хоёр жилийн зардалд элбэг хүрэх мөнгө биш, учир нь сургалтын төлбөр бол байр, хоол зэрэг амьжиргааны зардлаас тусдаа. Гэтэл тэр 5 жил суралцсан гэж бодохоор зөвхөн жил бүрийн сургалтын төлбөрөөс нь л нийт хэдий хэр мөнгө олж босгосныг бид бүдүүн тоймоор багцаалж байгаа. Энэ хугацаанд Отгоо дээр бичсэн олон төслүүдээс гадна, Коламбын Их Сургуульдаа оюутнуудад хичээл заан, мөн сургуулийнхаа номын санд ажиллаж улмаар төрөл бүрийн тэтгэлэг олгодог газруудаас санхүүгийн дэмжлэг авсан билээ. Эдгээрийн хажуугаар сургуулийн насны хоёр хүүхдийнхээ хоол ундыг хийх, хичээл номыг шалгах, эцэг эхийн хуралд суух зэрэг ажлууд ар араасаа хөвөрнө. Эр нөхөр Энх-амгалангийнх нь тусыг энд бичихэд үг багадаж магадгүй юм. “Миний амжилттай яваа нь манай гэр бүлийн хамтын хөдөлмөрийн үр дүн шүү“ гэж Отгоо хэлдэг. Хоногт хэдэн цаг унтдаг байв гэж асуухад, “ 5 цаг “ хэмээн секунд бодолгүй хариулж билээ. Түүний эрдмийн “ноу- хау“-г энгийнээр илэрхийлье. Тэр зорилготой. Түүнийхээ төлөө нойр хоолоо хасч хөдөлмөрлөсөн.

3.    3. Хэзээ ч унтдаггүй хот буюу өдрийн 24 цагийн төлөвлөлт

Нью-Йорк нь хэзээ ч унтддаггүй хот (The City That Never Sleeps) гэгддэг. Хотод шөнийн амьдрал буцлах  ба гэрэл чийдэнгүүд өдөр шөнөгүй гялалзаж, дуу хөгжим машин тэрэг хангинаж, метро нь гэхэд л 24 цагаар явна. Европоос тэс өөр юм, ялангуяа Германы том хотуудад 24 цагийн дэлгүүр тоотой цөөн, мэр сэр ажилладаг шөнийн баар, деског эс тооцвол. Манай Карлсрүэ хот тодорхой хэмжээгээр өдөр оройдоо түм нь түчигнэж, бум нь бужигнаж байдаг ч шөнө болуут нам гүм, төвөөс бусад хэсгээрээ хав харанхуй болчихдог. Германы бүх юм цаг нартай, автуус метро нь хүртэл минут минутын хуваарьтай, түүний дагуу л яс явна. Иймээс германд амьдарч буй хүмүүс цаг барихдаа гаргууд болдог. Харин Нью-Йоркт бол хувь хүний сахилга бат, хувийн зохион байгуулалт, цагийн менежмент илүү хэмжээгээр шаардагдах юм уу даа гэж бодогдсон. Ялангуяа шинээр ирж буй залуус их хотын шөнийн амьдралд хөл алдвал өнгөрч байгаа нь тэр дээ. Энэ зун Улаанбаатарт байхдаа, хөдөөний оюутнууд илүүтэй архи тамхи, зугаа цэнгэлд донтож байгаа тухай нэг эрдэмтний зурагтаар ярьж байгааг сонсоод харамсаж байв. Амжилт гаргаад, манлайлаад явж байгаа хүмүүсийн гол ялгаа нь хэн нь өдрийн 24 цагаа сайн хувиарлаж байгаад оршино. Их хотын нүсэр хөл хөдөлгөөний цаана их бизнес явж байдаг, үүнд залуус өртөж золиос болох ёсгүй юм.

Нью-Йорк нь дэлхийн худалдаа, санхүү, соёл урлаг, улс төрд хүчтэй нөлөөтэй хот. Нэгдсэн Үндэсний Байгууллагын Төв байр энд байрладаг. 8,4 сая хүн амтай тус хот нь АНУ-д хүн амын нягтшилаараа тэргүүлдэг. Өндөр байшингуудаараа цуутай. Бронкс, Брүклин, Манхэттэн, Квинз, Стэйтен арал гэсэн таван дүүрэгтэй. Ноднин 2009 онд Нью-Йорк хот үүсгэн байгуулагдсаныхаа 400 жилийн ойг тэмдэглэсэн. Холландын далайчин Хенри Хадсон 1609 оны 4-р сард Амстердамаас Ази руу аялахаар гарсан гэж байгаа. Гэтэл тэрээр мөн оны 9-р сарын 11-нд зорьж гарсан тивдээ биш одоогийн Нью-Йоркийн Манхэттэн арал дээр газардсан аж. Нью-Йоркийн түүх чухам энэ хүний нэртэй салшгүй холбоотой. Чухам энэ өдөр буюу 9 дүгээр сарын 11-нд Дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхаг хаанахын ч юм халдлагад өртөн үгүй болсон нь учиртай биз.

Одоо бол Нью-Йоркийн хамгийн өндөр байшин нь Эмпайр Стейт Билдинг. 102 давхар. 1931 онд нээлтээ хийсэн. Хотыг нийтэд нь энэхүү барилгын дээрээс сайн гэгч нь харж болно. Бид бусад жуулчдын хамт хурдны шатаар 86 дугаар давхарт нэг минутанд гарчихав. Зориулалтын талбайгаас доош харахад гудамж, гүүр, байшингууд гээд бүх юм алган дээр буй мэт. Харин тусгай цахилгаан шатаар 102 дугаар давхарт гарч харахад доор явж буй машин шүдэнзний модноос жижигхэн. 1933 онд “Кинг Конг“ киноны зураг авалтыг энэ дээвэр дээр хийсэн гэсэн. Аварга том горилла сармагчин сөнөөгч онгоцуудтай тулалддаг хэсгийг та санаж байгаа байх. Түүнээс хойш Холливудын олон арван киноны үйл явдал энд өрнөх болсон. 1945 онд америкийн агаарын цэргийн онгоц удирдлагын алдаанаас өтгөн мананд төөрч 78 дугаар давхрыг мөргөхөд онгоцны нэг хөдөлгүүр цамхагийг сэтэлж хажуугийн байшингийн дээвэр дээр унажээ. Ослын улмаас дэгдсэн түймрийг дөчөөд минутын дараа унтраасан байна. Түүнээс хойш хоёр ч удаа түймэрт өртжээ.

Жилийн бүх өдрүүдэд жуулчид пиг байдаг тэнгэр баганадсан энэ байшин хэдийгээр “мөнгөний уурхай“ мэт санагдах боловч түүнийг сэргээн засварлах ажил, арчилгаанд мөн л их мөнгө шаардагддаг бололтой. Өнгөрсөн он жилүүдэд нийт 100 сая доллар зарцуулсан байна. АНУ 50 муж улстай, тэдний нэгийн нэр Нью-Йорк муж улс. Нью-Йорк хот тус муж улсын хамгийн том хот нь юм. Адил нэртэй учир хооронд нь андуурах явдал байдаг. Нью-Йорк муж улс албан бусаар Эмпайр Стейт буюу эзэнт гүрний муж улс гэгддэг. Энэ нэрнээс гулгуулж үзмэр болсон тус байшинг Эмпайр Стейт Билдинг гэж нэрлэсэн түүхтэй. 1986 онд Эмпайр Стейт Билдинг АНУ-ын Үндэсний Түүх Дурсгалын цогцолборын нэгд албар ёсоор бүртгэгдсэн байна.

Өндөрт гарч хийморио сэргээсэн бид хэд Нью-Йоркийн аялал жуулчлалын үзэсгэлэнт газруудын тухай ярилцсаар бууцгаасан. Отгоо хэлж байсан; олон ч хүмүүс тэднийд зочилж, тэр бүгдэд газарчилж хэлмэрчилж, заримдаа зугаалж ч явахдаа ямагт хийж буй эрдэм шинжилгээний ажил, судалж буй материалууд нь толгойд нь эргэлдэж байсан гэж. Харин бурханы хишгээр, би түүний ажлаа хамгаалаад сэтгэл санаа нь тайвширсан, амарч, алжаалаа тайлах тэр хэд хоногт нь тохиож очсон болохоор хоёулаа Москвад байсан үеийнх шигээ музей театр орж, энд тэнд элдвийг үзэн зугаалж, үнэхээр дурсгалтай сайхан өдрүүдийг үдсээн.

4.     4. Дэлхийд цуутай Метрополитений урлагийн музей

Энэ том музейг нэг өдөрт үзнэ гэж юу байхав. Ямар ч байсан танилцуулгаас нь харж байгаад алдарт зураач Ван Гогын зурсан өөрийнх нь хөрөг зураг, наран цэцгийн зургууд мөн Пикассо, Матисс, Рембрандт, Рафаэлийн зургуудыг тогтож үзэв. Амьд сэрүүн үедээ нэг ч зургаа зарж үзээгүй Ван Гог ядуу зүдүү амьдрал, хувь заяандаа гутарч сэтгэцийн гүнзгий хямралд орон чихээ огтолж, амиа егүүтгэсэн гашуун түүхийг нь бодоод л харамсаж явав. Өнөөдөр Ван Гогийн зарим зураг 100 сая илүү доллараар үнэлэгдэж байгаа шүү дээ. Парисын Лувртай харьцуулах санаатай Египтийн үзвэрүүдийг нь үзэв. Луврийнх нь илүү баялаг  санагдсан шүү. Гэхдээ үзмэр, бүтээлүүдийг цаанаа хэдэн мянгаар нь хадгалж байдаг гэсэн, тэгэхлээр шууд дүгнэчихэж бас болохгүй юм даа. Тэрчлэн Ази, Африк, эртний Ромын хэсгүүдээр орлоо. Бүх бүтээл нь түүх өгүүлнэ. Энэхүү нүсэр музей нь Парисийн Лувр, Санкт Петербургийн Эрмитаж хоёроос том талбайтай гээд бод доо.

Нью-Йоркийн Метрополитений урлагийн музей 1872 онд байгуулагдсан. Жилд дунджаар 5 сая хүн үздэг. Хүн төрөлхтөний түүхэндээ хийж бүтээсэн урлагийн үе үеийн бүтээлүүдийг харахад үнэхээр агуу, агуу л гэж дуу алдмаар. Гэхдээ сэтгэлд тиймдүү санагдсан зүйл гэвэл; дэлхийн 2 дугаар дайны үеэр Европ дайны хөлд сүйрч музейнүүд нь эвдэрч, сэргээн засварлахад асар их мөнгө хэрэгтэй үед америкууд олон суут зургуудыг нь маш хямд үнээр худалдан авч байсан гэдэг. Одоо европчууд өөрсдийнхөө бүтээсэн тэдгээр шедеврүүддээ харамсаад нэмэргүй. Америкчууд сайн хадгалж, хамгаалж, хүмүүст хүргэж чадаж байна. Өөр юу гэхэв дээ.

Миний энэ өдрийн хөтчөөр явсан Нью-Йорк Хотын Их Сургуулийн оюутан Номиндоо эгч нь их баярлаж байгаа. Номин бид хоёр дараа нь Нью-Йорк дахь Монгол Улсын байнгын төлөөлөгчийн газар очиж сонирхсон. Нэг ажилтантай жаал ярилцав. Энэ байранд виз, гэрчилгээ олгох оффис, хурлын өрөөнүүдээс гадна 4-5 дипломатч гэр бүлийн хамт амьдардаг гэж байна лээ. Уг нь байшингийн дизайн гадна доторгүй давгүй юм. Гэвч гадна талынх нь будаг хуураад, бороо салхинд нүдүүлээд хуучирч гандсан харагдсан. Түүнийг шохойдоход уг нь их мөнгө орохгүй дээ. Арчилгаа байхгүй гэх үү, арчаа байхгүй гэх үү. Музейнүүд байрлах алдарт Central Park, Fifth avenue хавьд байгаа юм байна, улсаа төлөөлж байгаа юм чинь гадна талаа засаж янзлавал сайнсан.

Нью-Йорк хотыг дэлхийн урлагийн тэргүүлэх төв гэх нь аргагүй биз. Энд Метрополитений урлагийн музейгаас гадна гайхамшигтай музейнууд бишгүй бий. Орчин үеийн урлагийн Гүгенхаймын музей, Байгалийн түүхийн музей, дундад зууны үеийн цуглуулгатай Слойстерсийн музей, Дизайны үндэсний музей, Америкийн индианчуудын музей зэрэг 200 музей, 500 гаруй галерей, улирлын зуу, зуун үзэсгэлэн түүнчлэн алдарт Бродвейн байнгын ажиллагаатай 40 театр, Бродвейн гаднах 1500 театр гээд тоочоод байвал дуусахгүй дээ. Нью-Йоркоос орчин үеийн урлагийн чухал урсгал болох экспрессионизм мөн хөгжмийн хип хоп урсгал үүссэн. Хип хоп нь ядуучуудын хорооллын харуудаас угшилтай. Энэхүү үглэж дуулдаг хөгжмийн төрлийг 2006 онд Нью-Йорк хот өөрийнхөө Урлагийн Өвөөр бүртгэж авсан байна.

5.     5. Метрополитений Дуурийн Ордонд

Дэлхийн хамгийн алдартай дуурийн театр болох Метрополитений Дуурийн Ордонд нэгэн орой балет үзэв. La Bayadere хэмээх алдарт бүжгэн жүжгийн тухай өмнө нь сонсож байсан боловч ингээд үзчихнэ чинээ санаагүй. La Bayadere бүжгэн жүжгийг анх 1877 оны 2 дугаар сарын 4 –нд Санкт Петербургийн Их Театрт тавьж байж. Харин 1980 оны 5 дугаар сарын 20-нд Америкийн Балетын Театр анх Нью-Йоркт тоглосон байна. Отгоо бид хоёрт 30 жилийн ойн баярын тоглолтыг нь үзэх аз таарсан. Метрополитений Дуурийн Ордны тансаг гял цал байдал, тоглолт үзэхээр очиж буй хүмүүсийн өмсөж зүүсэн, биеэ авч яваа зэргээс л шууд өөр орчинд орсноо ухаарч гадаад ертөнцөөс тасарна даа. Олон ч лоожтой юм. Лоожуудад ихэд эрхэмсэг хүмүүс сууна. Нью-Йоркийн дээдсийн хүрээлэнгийнхэн зарим лоожийг хэдэн жилээр түрээслээд авчихдаг гэнэ лээ. Лоож үнэтэй байдаг нь нэгдүгээрт; хүмүүсээс тусдаа тухлаг, мөн өөрсдийнхөө гэр бүл, найз нөхдийг урьж болно, хоёрдугаарт; дуурь, балет бол хөгжмөөр л илэрхийлэгдэх урлаг, тэр хөгжим нь хамгийн түрүүнд ханаараа дамжиж хүрдэг байна. La Bayadere нь Энэтхэгийн язгууртнуудын хайр дурлал, атаа жөтөө, үзэн ядалт, өс хонзон, бурханы шүүлтийн тухай өгүүлнэ. Дорно зүгийн өнгө төрхийг илтгэх тайз, бүжигчдийн саатай, нимгэн гялтгар даашинз, тэдний үегүй юм шиг хөнгөн хөдөлгөөн, үйл явдлын өрнөл үзэгчдийг соронздон ховсдож, бараг л амьсгаа авахыг мартахаа шахуулна. Зүүдлээд ч байгаа юм шиг. Театрт зураг авах хориотой юм байна лээ, би тэссэнгүй хэд хэдэн зураг нууцаар авч амжсан, хожим харж байхад дурсгалтай юм даа. За завсарлагаанаар нөгөө баян тарган, мундаг хүмүүсийн дунд л хүссэн хүсээгүй ороод явчихсан. Тавцан дээр гарав. Усан оргилуурын гэрэлд нүд гялбана. Зарим нь зогсон, зарим нь зөөлөн буйданд тухалж ярилцана. Нью-Йоркийн тэр л дуу чимээ, их хотын нүргээн, их ажлын стресс ядаргаагаа тэд ингэж гаргаж, тархи, оюунаа цэнэглэдэгийг нь сайн гэгч нь мэдэрч авав.

Метрополитений Дуурийн Ордон 1880 онд үндэслэгдсэн. Одоо бол Линкольний төвд байрладаг. Бродвейн гудамжинд байсан хуучин байраа сэлгэж Манхеттэний баруун дээд дүүрэг рүү 1966 онд шилжжээ. 3900 хүний суудалтай. Цэвэр торго, тансар хилэнгээс бүтсэн театрийн хөшиг нь хэдэн зуун килограммын жинтэй гэнэ лээ. Үзэгчдийн танхимын ханыг улаан хүрэн хамба хилэнгээр бүрсэн нь сүрлэг, суудлууд нь зөөлөн, тухлаг.

6.     6. Хот нь өөрөө үзвэр

Нью-Йоркийн хаана нь ч тухалсан, үзвэр үзэж буй мэт сэтгэгдэл төрнө. Хүн гэдэг чинь хичнээн янз байдаг юм. Германд олон жил амьдарч цагаан арьстнууд голдуу харсаар нүд дасал болчихож. Харин энд төрөл бүрийн хүн байх, зүгээр л хүмүүсийг ажиглаад суухад л уйдаа гарахаар. zur3За тэгээд суурин америкжсан холимог үндэстнүүд ийм харагдаад байхад нөгөө НҮБ-ын хурал чуулган болохоор гишүүн 192 орных нь төлөөлөгчид, сэтгүүлчидтэйгээ шаваад хар, шар, цагаан, улаанаараа нийлээд найрал хөгжим шиг болдог байлгүй. Хүмүүс нь урлаг болж харагдахын зэрэгцээ тэнгэр баганадсан байшингууд нь бүгд хоорондоо өөр, бас урлаг болж таараад байна. Ялангуяа Манхэттэн. Зарим байшингийн оройг харах гэж “мост“ хийчих дөхнө. Ерөөсөө Нью- Йорк өөрөө хотын урлагийг дэлхийд гайхуулж байна шүү дээ. Алдарт “Times Square“ талбайн зар сурталчилгааны гэрэл чимэглэл элдэв өнгөөр анивчих нь содон. Өөрөөр хэлбэл бас л өөр. “Өөр“ байж “Тасархай“ байж л сая урлаг болдог ажээ.

Манхэттэн арал тэр чигтээ байшингуудаар л дүүрэн бас бишээ. Энд Төв Цэцэрлэгт хүрээлэн, Bryant парк, Хадсон голын эрэг дагуух Riverside парк зэрэг ногоон бүс олон бий. Хэдий Нью-Йорк дэлхийн үнэтэй хотуудын нэг боловч цэцэг ногоо алагласан энэ л амралтын хүрээлэнгүүдэд огт үнэ төлөхгүй амрах боломж бас бий. Bryant парк гол гол үзвэр үйлчилгээний ойролцоо байдаг болохоор хотын оршин суугчид төдийгүй жуулчдын тухлах дуртай газруудын нэг даруй аж. Энэ парк төвийн талбайгаа өвөл мөсөн гулгуурын талбай болгодог гэсэн. Бид ч мөн тэнд нэг удаа кофе ууж суунгаа жааз хөгжмийн үнэ төлбөргүй тоглолт үзэж сайхан амарчихаад хажууханд нь байх “Times Square“ луу явж билээ.

“Times Square“ талбайг New York Times сонины нэрээр нэрлэсэн юм билээ. 1904 оноос хойш энд шинэ оныг угтах уламжлал тогтсон гэж байсан. Бас Рокфеллер төвийн өмнө шинэ оноор цугладаг гэнэ лээ. Энд 1931 оноос хойш Зул Сарын Гацуур байрлуулж гэрлэн ёслол хийдэг болжээ. “Гэртээ ганцаараа“ киноны Кевин хүү ээжтэйгээ уулздаг хэсгийг тэрхүү гацуурын өмнө авсан аж. Биднийг очиход Рокфеллер төв дээр сонгуулийн сурталчилгаанд зориулсан поп рок концерт тоглож битүү хүн байсан. Талбайнх нь шатаар буудаг хэсэгт босоо хүлээн авалт болж улсууд хундага тулган харагдсан. Рокфеллерийн төвд АНУ- тай дипломат харилцаатай орон бүрийн төрийн далбааг мандуулдаг байна. Манай улс 1987 онд АНУ-тай дипломат харилцаа тогтоосноос хойш далбааг маань мөн мандуулжээ. Олон орны далбаа дундаас монголынхоо далбааг олж очин дэргэд нь жаал зогсов доо. Сэтгэлд дулаахан. Гадаа ч өдрийн бүгчим халуун намдаад намуухан.

Нью-Йоркийн цаг агаар Сөүлтэй төстэй санагдсан. Хурц нартай мөртөө нил хийсэн чийгтэй агаар дээрээс дараад байх шиг. Тиймээс үйлчилгээний газрууд нь хүйтэн сэнс үлээлгэнэ, зарим газар бүр янзтай үлээлгэнэ дээ. Хэдэн өдөр хотоор явсан бид нэг удаа далай руу гараад л давхиж өгсөн. Амгаа найз маань машинтайгаа Нью-Йоркийн төвөөр зүгээр л сүлжчих юмаа.

Онгоцоо усан дээр зөөлөн буулгаж олон хүний амийг аварч байсан нисгэгчийн тухай, Таймс Сквер дээр бөмбөг дэлбэлэх гэж байсан Пакистан эр, 90-ээд оноос хойш Нью-Йоркт гэмт хэргийн тоо эрс буурсан тухай, Брүклин гүүрээр гарах үеэрээ “Sex and the Sity“ киноны гол дүрийн хүүхний энэ гүүрээр хайрттайгаа алхаж байдаг хэсгийн тухай гэх мэт элдвийн сэдвээр ярилцсаар нэг мэдсэн Брүклин дүүрэгт байх Brighton Beach рүү хүрээд ирэв. Харууд, хулгай дээрэм, ядуу гучуу улсуудад зориулсан хотын өмчийн байр ихтэй гэх Бронкс дүүргээс бол Брайтн Бич цаг гаруйн зайтай гэнэ лээ. Бид бол Манхэттний төвөөс ирж байна гэсэн үг. Нью-Йоркт олон эрэг байдаг ч манайхан хол гэж түүртэлгүй Брайтн бич рүү нь очих дуртай, орос хороолол, түүнээ дагасан орос дэлгүүр, үйлчилгээний газрууд их байдаг болохоор тэр. Соц үеийнхний дуртай, одоо ч монгол даяараа амтархдаг баавгайтай чихэр, зефир, шпрот, хар талх энэ тэрээ авдаг гэж байгаа. Нөгөөдүүлээ америк маягийн том аягатай мөстэй кофе, колатай хослуулаад л эрэг дээр нь аваад очдог гэх.

Брайтн Эрэг 3 км орчим үргэлжилдэг, эргээсээ 200 гаруй метр зайд явган хүний модон өргөвтөр замтай, түүнээ дагуулаад модон сандлууд тавьсан байв. Бид гутлаа тайлаад эрэг рүү яваад эхэлтэл наранд халчихсан элс гишгүүлэх юм биш, хөлөө түлчихгүй санаатай дээр дээр харайгаад л гүйлдлээ. Зах хязгааргүй далайн ус цэнхэртэнэ. Орчноос өөрийгөө салгаад бүр эцэс рүү нь ширтээд л зогсоод байтал далайн ус, тэнгэртэй нийлсэн хэсгээрээ хөхрөөд баахан сүнснүүд хөвөөд ч байх шиг. Гэтэл гэнэт ус хуйларч, хүчтэй түрлэгэнд нь саваад уначих шахав. Арай хойшоо буцах үед ус эргээд татарч байна. Аяа байгалийн гайхамшиг! Далайн усны түрж, татахыг мэдэрч баахан гүйлээ. Отгоо, Сугараа бид гурав бүр дээш дээш үсэрч зургаа авахуулав. Үүндээ баясаж баахан инээлдлээ. Эрэг дагуу усаар түрэгдэн гарч ирсэн дун, хясааны үй түмэн хуяг, дуулгууд байх. Түүнээс дурсгал болгож хэдийг авав. Байгаль ээжийн сайхныг мэдэрч, цээжээ тэнийтэл амьсгаа авч, эрх дураараа байсныг хэлэх үү их л сайхав амрав. Сэтгэл сэргэж, баяр бялхав.

7.     7. Эрх чөлөөний хатагтай

Эрх чөлөөний арал руу очих усан онгоцны дээд давхарт гарав. Онгоц эргээс холдох тусам Манхэттэн хол мөртөө ойр, ойр мөртөө хол юм шиг дунайртаад сүртэй харагдах юм. Зорьж очих энэ л жижиг арал дээр дэлхийн хүн бүрийн мэдэх, үгүй дээ л зурагтаар харсан эрх чөлөөний хөшөө сүндэрлэдэг.

zur4Эрх чөлөөний хатагтай гэж алдаршсан эрх чөлөөний хөшөө(Statue of Liberty) нь Нью-Йоркийн төдийгүй америкийн гол бэлгэ тэмдэг юм. Тэргүүн дээрээ титэмтэй, баруун гартаа бамбар барьж өргөн, зүүн гартаа тунхаг барьсан цоглог эмэгтэйн дүр бүхий аварга том хөшөөг Америкийн тусгаар тогтнолын 100 жилийн ойн баярт зориулан францын ард түмэн бэлэглэжээ. Гэхдээ бамбар барьсан гараас бусдыг нь хийж амжихгүй байсаар 10 жилийн дараа 1886 онд гүйцээгээд 350 хэсэг болгон хувааж 214 хайрцагт хийн усан онгоцоор тээвэрлэсэн гэдэг. Хөшөөний гадна талын зэс нь исэлдэж ногоон өнгөтэй болж. Нью-Йоркийн монголчууд ногоон хатагтай гэдэг юм билээ.

Хөшөө тийш очих ардын зам баларсангүй гэдэг шиг онгоц руу орохын өмнө зүсэн бүрээрээ алаглах жуулчдын цуваанд нэгдэж ихэд удаан зогссон. Ер нь Нью-Йоркт байхгүй үндэстэн гэж байдаг болов уу? Тэд чинь бүгд нөхөр биш, зарим нь америкийн эсрэг үйл ажиллагаа явуулна шүү дээ. Саяхан оросын тагнуулууд баригдаж баахан шуугиулав. Усан онгоц руу орох гэж нисэх гэж байгаа юм шиг шалгуулсан. Гутал тайлуулаад л, ууж яваа ус оруулахгүй хяналтын систем нь зарим орны хилээр орж гарахаас чанга юм. Их эрх чөлөө, Их боломж, Их эд баялаг энэ бүгд Их үнээр олдож таараа л даа.

Эрх чөлөөтэй байна гэдэг нь хуулиа сайн барьж, хуулийн хүрээнд амьрал нь баталгаатай байхыг л хэлнэ. Үүгээрээ америкчууд туйлын бахархдаг. За бас германчууд ч үүгээрээ бахархана шүү дээ. Манайхан шиг дээр дооргүй хуулиа зөрчиж, хэн танхай, хэн мөнгөтэй нь балмад загнадаг газар эрх чөлөө байна гэх үү? Ямартаа л “хууль гэж гууль“ гэдэг хэллэг байхав дээ.

Миний бодлоор эрх чөлөөний хөшөө бол ганц  америкийн ч биш, дэлхийн улсуудын ардчилал, эрх чөлөөний бэлгэ тэмдэг. Ийшээ ирж үзэхэд 12 доллар, бас дурсгал болгон түлхүүрийн оосор, ил захидал гэх мэт зүйлийг ойр дотныхондоо авч хөөрхөн мөнгө гарч байгаа юм. Гэхдээ зүгээр. Гаргасан жаахан мөнгөнөөс илүү сэтгэлийн гэгээ өгч байгаа юм.

Энэ л эрх чөлөөний орон, ЗХУ задраад биднийг гэх хүнгүй болох үед эргэлзэхгүйгээр манай улстай дипломат харилцаа тогтоосон. Бүр хэцүүдээд хариугүй унах нь шүү гээд манай Бямбасүрэн сайдыг яваад очиход 10 сая доллар өгч аварч байсан. Хүнд хэцүү үед биднийг ганцаардуулаагүй ийм л ард түмэн. Гэхдээ бид нэг орныг гуравдагч хөрш гэж үзээд хэрэггүй л дээ. Бусдад найдахгүйгээр хөгжлийн хараат бус, зөв гарцыг хэрсүү сонгож, өндөр хөгжилтэй орнууд, олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудыг цогцоор нь гуравдагч хөрш болгох учиртай.

Буцахдаа Отгоо бид хоёр андуурч өөр онгоцонд суучихсан байсан, тэр нь нөгөө “Загалмайлсан Эцэг“ кинон дээр гардаг цагаачид бүртгэдэг жижиг арал дээр очоод Нью Жерси орж байгаа юм. Бид хоёр яасан биш завшив гэгчээр нэгэн гайхалтай хурим болж байхыг харж, музей болсон бүртгэлийн байшинг сонирхоод дахин өөр онгоцонд сууж Манхэттэнд анх сууснаасаа өөр буудалд ирлээ. Энэ буудал дэлхийн эдийн засгийн ланжгаруудын цугладаг Wall street гудамжны ойролцоо байв. Ихэр өндрийн ормыг үзчихээд алхаж байтал нарийхан гудамж руу л яваад орчихсон. Дэлхийн үнэт цаасны хамгийн том Хөрөнгийн бирж(NYSE) энд байдаг аж. Энэ биржийг оршдог гудамжаар нь Волл Стрийт ч гэж нэрлэдэг. Шалгуур ихтэй, нэр хүндтэй, маш найдвартай энэ биржид үнэт цаасаа арилжихын тулд тухайн компани доод тал нь 500 сая долларын бэлэн мөнгөний эргэлттэй байх ёстой гэнэ. Германаас л лав Даймлер, Сименс, Дойче Телеком зэрэг 9 компани бүртгэлтэй юм байна лээ. Волл Стрийтийн онцлог нь дуудлагын худалдаагаар арилжаагаа явуулдаг байна.

Албан газрын ажил тарах цаг. Цагаан цамц, хар банзал, гонжоом пиджактэй ажил хэрэгч хүүхэн, залуус жагсаж байгаа юм шиг л ар араасаа цувчихсан. Өөртөө итгэлтэй, толгой өндөр, хараа цэх тэднийг харахад бахадмаар, тэд л улсынхаа, компанийхаа төлөө мөнгө босгох гээд л Нью-Йоркийн цуут хөрөнгийн бирж дээр үзэлцдэг байлгүй. Зарим нь явуут дундаа гартаа бэлэн барьсан нэг доллараар замд зогсох хүмүүсээс гурван ширхэгээр нь савласан банана авч харагдана лээ. Ажил тарж яваа болохоор өлсөө байлгүй. Нэг доллараа бэлтгээд явж байхыг бодоход энэ дүр зураг байнга давтагддаг байх.

8.     8. Цагаан ордон ба Бо

Нью-Йоркийн China town буюу хятад хорооллоос Вашинтоны чайна таун хүртэл том оврын автуусаар 4 цаг явав. Лондон, Сидней, Йокохама гэх мэт дэлхийн Чайна таун бүрд байдаг үзэмжит хээ бүхий хятад хаалганы ойролцоо буулаа. Нью-Йоркийн Чайна тауныг бодоход Вашингтоных жижиг, илүү цэвэрхэн юм. Нэгэн хоолны газар оров. Хятад хоол амтлах зуураа нийслэлийг үзэх нэг өдрийн аялалаа төлөвлөв. Тэгээд цагаан ордноос эхлэхээр шийдэн Чайна Таунаас Цагаан ордон руу явахаар метронд суулаа.

АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны санаачлагаар бариулсан цагаан ордонд америкийн ерөнхийлөгчийн ажлын байр, амьдрах өргөө нь нэг дор байдаг онцлогтой. Цагаан ордон америкийн 43 ерөнхийлөгчийн 200 гаруй жилийн түүх өгүүлнэ. Хоёр дахь ерөнхийлөгч Адамс анх 1800 онд гэр бүлийнхээ хамтаар чийгтэй хүйтэн ордонд нүүж иржээ. Угаасан юмаа хатаах гэж бөөн юм болдог байсан гэдэг. Гурав дахь ерөнхийлөгч нь францаас эд хогшил авчруулж байж. Одоо энэхүү өргөөний эзэд Обамагийнхан. Ордны дээгүүр онгоц нисэх хориотой. Дээвэр дээгүүр нь холын дурантай мэргэн буучид суудаг. Гэх мэтээр түүх өрнөнө.

Урд талыг нь үзэж зураг хөргийг нь авчихаад, ар талаас нь харахаар явав. Замдаа нутгийн бүсгүйчүүдтэй дайралдаж мэнд усаа мэдэлцээд, тэр хавийн хөшөө, тэргүүн хатагтайн ивээлийн дор чимэглэдэг зул сарын мод, дурсгалын самбар сонирхон аажуу уужуу алхсаар иртэл улсууд Бо, Бо гэж шуугилдаад сүйд майд. Зургийн аппаратууд гялс гялс хийж, шаг шаг дуугараад. Лавлуулж харвал нөгөө хэвлэлээр танил болсон Обама ерөнхийлөгчийн хар нохой гаднаа тоглож байлаа. Биеийн тамирын цайвар хувцастай Обаматай тун төстэй хүн тоглуулж байв даа. Бүр гайхаж байгаа юм чинь. Ингээд хашаан дотор харуул хамгаалалтгүй ил байж байдаг. Дараа нь харин авсан зургаасаа татаад хартал нууц албаныхан цаана нь харагдана лээ. Зургууд дээр Богийн цагаан хөл нь хүртэл гарсан байсан, хөөрхөн.

9.     9. “Би мөрөөдөж байна“

Энэ 3 үг одоо ч хүмүүсийн чихэнд цууриатдаг. Иргэний эрхийн хөдөлгөөний нэрт удирдагч Мартин Лютер Кингийн алдарт “Би мөрөөдөж байна“ хэмээх үгээ хэлсэн Линкольны цогцолбор Вашингтоны дурсгалын хөшөөнөөс холгүй. 63 оны зун энд 200 гаруй мянган хүн жагсаж ардчилал, шударга ёсыг дэмжин уухай хашгирч байж. Энэхүү цуглааны дараагаар Америкийн конгресс 1964 онд арьс өнгөөр салган тусгаарлахыг дуусгавар болгох, 1965 онд хар арьст хүмүүсийн сонгох эрхийн тухай чухал хуулиудыг баталсан билээ.

Линкольны дурсгалын цогцолборыг 1922 онд барьж дуусгажээ. АНУ- ын 16 дах ерөнхийлөгч(1861-1865) Линкольн боолын ёсыг халж, иргэний дайны хөлд тарж бутраад байсан улсаа эмхлэн байгуулсан гавьяатай.

Анхны ерөнхийлөгч Вашингтоны дурсгалын хөшөөг хүмүүс хэлбэрээс нь үүдэж “харандаа“ гэх юм билээ. Энэ хөшөөг тойруулаад америкийн 50 муж улсын далбааг мандуулсан байсан. Бас тойруулаад хөшөөнөөс арай зайтай сандлууд байх, битүү л жуулчид суух. Бүгд намуухан ярилцана. Гүн хүндэтгэл үзүүлж буй нь илэрхий. Эндээс хойшоо эгц харахад домогт Линкольны дурсгалын цогцолбор. Хэдэн багш баахан хүүхдүүдээ дагуулан тийшээ явж харагдав.

Амрах сандал дээр тухалж элдвийг л бодож сууваа. Линкольн, Мартин Лютер Кингийн хувь заяа төстэй юм даа гэж. Хоёул арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг тууштай тэмцэгч, америкийн үндэсний баатар. Хоёул эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцсэнийхээ төлөө буудуулсан. Гэвч тэдний америкчуудад үлдээсэн өв дундаршгүй. Манайд чинь бидний үлгэр дуурайл болчихоор ямар баатар байдаг билээ гэж.  Байнаа. Зөндөө байна. Чингис хаан маань хөнжилдөө унтах завгүй хөнөөлдөн тэмцэж байж улсаа нэгтгэсэн. Цогт хун тайж маань эх орныхоо төлөө “ Цогт тайж үхэвч Монгол Улс мөнх“ гэж хэлээд амиа өгсөн. Гоймон баатар маань харийн булаан эзлэгчдийн эсрэг амь хайргүй тэмцэж туурга тусгаар улс байх нь дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ хэмээн уриалж байв. Эх орныхоо төлөө шоронд босоогоороо амь үрэгддэг  манлай баатар Дамдинсүрэн. За хамгийн сүүлийн үеийн баатар маань Бат-үүл. Бат-үүл баатар бол ардчилалын төлөө нэрт тэмцэгч. Гэхдээ хүүхдүүд Бат-үүл баатрын юу мөрөөдөж буйг, юуны төлөө тэмцдэгийг нь мэддэг болов уу? Зарим баатруудыг бүр мэдэх ч үгүй биз. Ирээдүй хойч үеийнхэндээ үе үеийн баатруудын тухай сайн таниулж, сурталчлах чухал юм даа. Энэ л бахархал дундаас хүүхэд залуус маань эх орноо хайрладаг хүн болон төлөвшиж улсаа хөгжүүлнэ дээ. Америкийн хамгийн сүүлийн үеийн баатар бол миний хувьд Обама. Энэ хүн хүмүүсийн төсөөлөөгүй тэр өндөрлөгт хүрч америк мөрөөдөл биелдэг гэдгийг харуулсан. Энэ хүн одоо дэлхийд ардчилалыг түгээхийн төлөө дэлхийн хамгийн өндөр байр сууриас уриалж байна. Энэ дэлхий дээр хүн л болж төрсөн бол хар, шар, цагаан байна уу хамаагүй бүгд л адил. Обама хүүхдүүдэд мөрөөдлөө ойлгуулсан, бүр харуулсан. Одоо олон сая хүүхдүүд Обама шиг хүн болохыг хүсч мөрөөдөж байгаа. Тэгэхлээр америк улам л хөгжиж, хүчирхэгжих нь гарцаагүй.

Вашингтон хотод Америкийн засаг захиргааны гол төвүүд оршдог. Мөн 180 улсын элчин сайдын яам, Дэлхийн Банк, Олон Улсын Валютын Сан зэрэг байгууллагууд байдаг. 500 гаруй мянган хүн амтай. АНУ- ын нийслэл энэ хот аль нэг муж улсад хамаарагдахгүй. Энэ нь бас нарийн учиртай юм билээ. Ардчилсан Намыг дэмжигчид голдуу энд амьдардаг, тийм болохоор Бүгд Найрамдахчууд энэ хавийг тусад нь муж болгоод сонгуульд нэг муж улсын саналыг бүхлээр нь алдаад байхыг хүсэхгүйгээс тэр гэнэ лээ. Вашингтоныг америкчууд Ди Си гэж нэрлэдэг. Ди Си нь District of Columbia гэсэн үгийн товчлол. Энэ нь өөрсдийгөө уянгалаг нэрлэж байсан уламжлалаас үүдэлтэй. Бидний монголчууд өөрсдийгөө морьтон ард, Чингисийн үр сад гэдэг шиг.

Дээшээгээ 169 м Вашингтоны гэрэлт хөшөөнөөс өндөр байшин барих хориотой. Тиймээс Вашингтон намхан барилгуудтай. Европжуу хот гэх юм уу даа. Харандаан хөшөөнөөс эгц урагш харахаар конгрессийн ордон харагдана. АНУ-ын Конгрессийн ордон Капитолын суурийг 1792 онд тавьж түүнээс хойш олон удаа засаж, өргөжүүлж 1962 онд одоогийн өнгө төрхөд оруулжээ. Нүсэр ордон юмаа. Америкийн түүх 1492 онд Америк тивийг нээснээс эхэлнэ. Өнгөрсөн хугацаанд америкчууд энэ дэлхийн хамгийн хүчирхэг гүрнийг үүсгэн байгуулсан. Ер нь америкчуудын хийж бүтээсэн томоохон бүтээн байгуулалт бүр үнэхээр гайхалтай. Дэлхийн их гүрэн, дэлхийн цагдаа улс ийм байх нь ч аргагүй биз. Гэхдээ түмэн бэрхшээлийг туулаагүй биш туулсан, туулаад ч явж байна. Дайсан ихтэй, ялангуяа Арабын ертөнцтэй янз янзаар үзэлцэж байна шүү дээ, бас хятадад жигтэйхэн их өртэй юм байна лээ. Том улсын бэрхшээл төдий хэмжээгээр том байдаг байлгүй.

Америкийн түүхийн үндэсний музейг цангаж байгаад ус харсан юм шиг л шумбаж үзлээ. Тэдний улс төр нийгэм, соёл урлаг, шинжлэх ухаан техникийн хөгжлийн түүх. Америкийн ард түмний туулж өнгөрүүлсэн түүх. Иймээс л Смитсонианы институтын баахан музейнуудаас үндэсний түүхийн музейг нь үзэхээр шийдсэн. Америкийн уугуул иргэд болох индианчуудын эдэлж хэрэглэж байсан зүйлс, Линкольны боолчлолоос чөлөөлөх тунхагаас авахуулаад Мохаммед Алийн боксийн бээлий, америкийн уугуул амьтан болох бизон, түүнчлэн хүйтэн дайны бэлгэ тэмдэг болсон Берлины хана гэх мэтээр музейн үзвэрүүд үргэлжлэнэ. Америкийн иргэний дайн, Вьетнамын дайны хэсгүүд, Японд атомын бөмбөг хаясан тэр л гашуун өдрүүдийн тухай, Хүйтэн дайны үеийн усанд шумбагч онгоцууд, Иракийн дайн зэрэг ер нь л дайны хэсгийн үзмэрүүд хамгийн эмгэнэлтэй санагдав.

АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өдөр тэргүүн хатагтай нарын өмссөн гоёлын даашинзуудыг музейд тавьжээ. Наана нь даашинз тус бүрийг баримлуудад хийж суурилуулаад арай арагшаа тэр үдшийн зургийг нь том хэмжээгээр байрлуулсан байв. Жаклин Кенниди, Варбара Буш, Хиллари Клинтон, Мишээл Обамагийн даашинзыг ойроос харж байгаадаа Отгоо бид хоёрын сэтгэл тун хангалуун. Тэнд байсан хүүхнүүд ч сэтгэгдэл нь өндөр байна харваас.

Үдэш нь Вашингтонд амьдрах гэр бүлийн найз Энхболдындоо зочилж халуун дотно ярьж сууцгаасан. Бид хоёрыг зоогийн газар урьж, дараагаар нь гэртээ дайлж, эрт ажилтайг нь бодоод такси аваад явчихъя гэж гуйсан боловч зүгээр ээ, санаа зоволтгүй гэсээр буцах автуус руу минь хүргэж өгсөн. Бага залуугийн найзууддаа баярласаар Нью-Йорк руу явах унаандаа орсон доо.  Найзууд маань сайхан амьдарч байна. Хүүхдүүд нь сурлага сайтай, том охин Жаргалмаа нь анги алгасан сурч байгаа юм билээ. Бас сэлүүрт завийн спортоор хичээллэдэг гэж байсан. Эр зориг шалгах спорт шүү дээ. Үнэхээр мундаг.

Вашингтонд 2000 гаруй харин Нью-Йоркт 200 гаруй монгол иргэн амьдардаг байна. Вашингтонд Нью-Йоркийг бодоход ажил гайгүй олддог аж. Эндхийн монголчууд наадмын баяраа давгүй хийдэг гэнэ лээ. Ноднингийн наадмын ёслолын ажиллагааг Монголоос АНУ-д суугаа элчин сайд Б. Бэхбат нээж, нэрт яруу найрагч Б. Ичинхорлоо хөтөлж, найраагүй 32 бөхийн барилдаан болж, дуу хуур, айраг хуушууртай сайхан нааджээ. Манайхны ихэнх нь чулууны үйлдвэр, машин засвар, барилгын засал чимэглэл, хими цэвэрлэгээ, хүүхэд асрах, захиалгаар хоол хүргэж өгөх зэрэг ажлуудыг  хийдэг гэнэ. Ажлууд хүнд хөнгөний хувьд ялгаатай ч хөдөлмөр хамгаалал, ажлын нөхцөл сайн гэдгийг хэлж байсаан.

10  10. Хойнох үг

Ирж л явж л байдаг их хөлд дасал болсон америк орныг орхиж, ирсэн замаараа сурсан дуугаа аялаад буцах өдөр. Шивэрч эхэлсэн бороо намдсангүй, харин ч бүүр ширүүн орж онгоцонд орсон биднийг багагүй хүлээлгэв. Эхлээд 30 минут гэж зарлаад, сүүлдээ нэг цагаар сунгав. Хүмүүс урдаа буй дэлгэцээр юу дуртайгаа сонгоод үзэж эхлэв. Би ч бас сонирхлоо. Кино гэхэд л 200 илүү лав байна, янз бүрийн шоу үзэж болж байна. Германы онгоцоор ирээд Америкийн онгоцоор буцаж байгаа юм. Нэг их ялгаа алга даа. Аль аль нь хүн бүрт дулаахан хучлага өгч байна. Үйлчлэгчид нь залуу ч хүн байх, ахимаг настай ч хүн байх.

Бороо ороод л байлаа. Харин яагаад ч юм бороо салхинд ер санаа зовсонгүй. Харин багадаа сонсож өссөн дуу дотроос эгшиглээд байх юм. “Намайг дуудаж сэрээсэн гэгээн өглөө сайн байна уу“ гээд. Энэ аялалаараа сэтгэл санааны сэргэлт авсан болохоор хүүхдийн хөөрхөн дуу санаанд оров уу. Отгоо Амгаа хоёрын хүү Ананд энэ дууг аялж байсан нь үлдээ юм болов уу. Аль аль нь байж магадгүй юм даа.

Анандын сургууль дээр очсон. Үүдэндээ, буу зэвсэг агссан цагдаагийн хамгаалалттай, цэвэрхэн саруулхан анги танхимуудтай юм. Ийм хамгаалалт Нью-Йоркийн сургууль бүрд байдаг гэсэн.  Америкт удаж буй ч тэдний хоёр хүүхэд монголоороо цэвэрхэн ярих юм. Үүнд ихэд олзуурхав. Амгаа маань нэг удаа амтат хуушуур, будаатай цай хийж өгсөн.  Монгол хоол ундаа идэж уусан бид хэдийн хөлс чийхраад мөн сайхан байж билээ. Монгол уламжлалаа гээгээгүй найзынхаа гэр бүлээр бахархаж байлаа. Хилийн чанадад төрсөн зарим хүүхдүүд эх хэлээрээ бүр “а“ байхгүй гүйж байдаг. Эмээ өвөөтэйгээ утсаар ярьж чадахгүй тэднийхээ сэтгэлийг зовоодог. Энэ бол даяаршиж буй монголчуудын том эмгэнэл. Харийн оронд амьдарч буй монголчууд маань чадалтай улсын төрийн бодлого, өөрсдийн өдөр тутмын амьдралын эргүүлэгт орж үр хүүхдийнхээ эх хэл, ёс заншлыг бүү алдагдуулаасай.

Хүнээр бол Америк ид хаваа гайхуулж яваа залуу. Мэдээж 400 гаруй жилийнхээ түүхэнд алдаа оноо, зовлон жаргал гээд хүний л үздэг бүгдийг үзээд явж буй улс. Бусад улсын дэргэд эдний түүх цомхон ч шинжлэх ухаан, техник, зэр зэвсгийн хувьд дэлхийн хамгийн хүчтэй улс. Хүн төрөлхтөний бүхий л үндэстний төлөөлөл энд үзэл суртлын аливаа нэгэн өрсөлдөөнгүй амьдарч байна, түүний төлөө дайтах шаардлага ч үгүй. Хэрвээ неандерталерууд буюу хүний хоёр дахь төрөл устаагүй байсан бол америкт ихээрээ байх байсан даа. Төсөөлөхөд сонин санагдаж байна. Хар, шар, цагаан, улаан, баян, ядуу байна уу хамаагүй америк иргэн бүрт тэгш үйлчилдэг үндэсний үнэт зүйл болсон хуультай тэд. Түүнийхээ дагуу эрх чөлөөт, ардчилсан нийгмийг байгуулсан ийм л улс.

Германы хүн амын 10 хувь нь гадаадынхан. Франкфурт, Берлин зэрэг том хотуудад бол 4 хүн тутмын нэг нь гадаад гэж байгаа. 2002 онд бөөн маргаан болж байж цагаачлалын хууль баталж байсан. Энэ хуулиараа мэргэжлийн хувьд чадвар өндөр ямар ч гадаадын хүн германд саадгүй орж ирэхийг  баталгаажуулсан. Өнөөдөр ч герман гадаадаас хүмүүс оруулах шаардлагатай. Учир нь төрөлт, нас баралт буюу нөхөн үржихүйн тэнцвэр алдагдсан, хөдөлмөрийн чадвартай хүмүүс нь хөгширч буй. Хэн тэдний тэтгэврийг бэлдэх вэ? Гадаадаас ирүүлсэн хүмүүсээ герман хэл, соёлд сургах тухай асуудал өнөөдөр энд хэвлэл мэдээллийн гол сэдвийн нэг болчихоод байна. Германы нутаг дэвсгэрт амьдарч буй хүмүүс паралель ертөнцөд амьдрах учиргүй тухай улс төрчид нь маргалдаж байна. Өөрөөр хэлбэл америк шиг цагаачлалын орон болох суурь нь энд бүрэлдээд байна. Энэ ганц Германы асуудал биш. Франц, Их Британи ч ялгаагүй. Тэгэхлээр ирээдүйд Европ ч гэсэн америк шиг олон үндэстний улс болох нь ээ.

За энэ үед нөгөө арабын орнууд америк, европчууд шиг ардчилалыг тунхаглаж амьдарвал дэлхийд маань энх тайван тогтоод сайхан болох байх даа. Ираны ерөнхийлөгч  Ахмадинежад НҮБ-ын өнгөрсөн сарын чуулган дээр “Хоёр ихрээ америк өөрсдөө нураасан“ гэж мэдэгдсэн байна лээ. Гаднаасаа бүү хэл дотроосоо америк их шүүмжлүүлнэ шүү дээ. Гэхдээ энэ бол ардчилсан оронд байх зүйл.  Тиймээс энэ тухай бичихийг түвдсэнгүй. Гагцхүү хүн төрөлхтөний хөгжлийн гол тулгуур болох учиртай ардчилсан нийгэм тэнд байгааг бодитоор хараад л түүнээ өгүүлж сууна даа. Өөрөөр хэлбэл хуулийн дагуу амьдрал буй тэр газар л жинхэнэ эрх чөлөө байдаг гэдгийг дахин хэлэх байна.

Намайг элдвийг тэмдэглэх зуур ширүүн бороо зогсож тэнгэр цэлмэв. Манай онгоц нисэхэд бэлэн болжээ. Хүмүүс ч тайвширч дуу шуу орцгоов. Би замд үзэх киногоо сонголоо. Германаас Америк хүртэлх аялал маань ийнхүү өндөрлөсөөн.

...

Аялж явах үедээ бичсэн тэмдэглэлүүдээ эвлүүлж баяжуулаад, буулгаж бичиж амжаагүй зүйлсээ хожим дурсах үед дахиад аялж буй мэт санагддаг юм байна. Аялал жуулчлалын үнэ цэнэ үүнд л оршдог байх даа.

Эх үүсвэр:www.saya-medee.com

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter