Мал төрийн хамгаалалтанд байна.

Б.Эрдэнэбаяр. Парис хот

Үндсэн Хуульдаа малаа ингэж өргөмжилсөн улс байдаг ч юм уу, үгүй ч юм уу мэдэхгүй юм. Манайхан л тэр нэгэн цагт ийнхүү хэлжээ. Хашир ахмадууд дийлэнх нь байсан чуулганаар баталсан юм нэгийг мэдэж л байсан байх. Хууль нь гууль болдог манай улс үүнийг дор нь мартаад авалгүй яахав. Хөдөөний малчдад цас зуднаар шахдаг хэдэн боодол өвснөөс өөрөөр төр малаа хамгаалаад байгаа нь даанч нэг харагдахгүй юм даа. Үүний алдарт жишээ нь үе үеийн зуднаар л яруу тодоор харагдаж байна.

Манайхан ч гэж манайхан. Томхон асуудал болгоод тэр төр нь яаж малаа хамгаалах гээд байгааг нь ч тодруулж нэг тийш болгохгүй зөнд нь орхих. Бүхэл бүтэн бодлогын яамтай ийм тогтолцоонд малыг яаж хамгаалах нь иргэн бүхэнд ойлгогдохоор ажил үйлээ явуулчихсан баймаар юм. Сайндаа л, малын гоц халдварт өвчний болон цас зуднаар олигархиудын мөнгө олох эх сурвалж болчихсон улиг болсон ажиланцаруудаа л дуулиан болгож ярьцгаах. Төрийн бодлогоороо тэр олон янзын даатгал, баталгаа бусад алсын хараатай арга хэмжээнүүдээ сайтар тайлбарлаж ойлгуулаад хэвшүүлээд авахгүй л өдий хүрчих юм. Энэ жил л гэхэд, Улсын Онцгой комисс нь бэрхшээл тохиолдохоороо эргээд ардаасаа бадар барих юм бол ийм сүржин нэртэй төсөв идэгч байгаад хэрэггүй ш дээ. Зүгээр л тэр нутгийн зөвлөлүүд нь ажлаа хийчихнэ л дээ. Бас нэг ичих булчирхай гэж юм хааяа нэг баймаар юм. Надтай хамт суралцдаг гадаадын оюутнууд, танайд маш их хүйтрээд мал олноор хорогджээ. Ийм олон малаа алдсан малчид ядуучуудын эгнээнд шилжээд танай улсын нийгэм, эдийн засагт хүчтэй цохилт болно доо гэж сүүрс алдан ярихад нээрээ л 1994 оноос хойшхи хэдэн зуднаар хотоо харлуулсан малчдын дотоодын дүрвэлт Улаанбаатар хотыг дүүргэсэн нь санагдсан юм.
Одоо хэдэн боодол өвс өгснөө хуруу дарж тоолж суухаар зудын гамшгийн хоёр дахь, гурав дахь хор уршгуудыг эртээс ярилцмаар юм даа. Ядуурсан малчдыг яаж амьдрах эх үүсвэртэй болгох, төв рүү нүүх иргэдийг хаана тогтоон барих, хаана ямар ажлаар хангах гэх мэт маш олон нийгмийн чанартай асуудлууд жагсаад байдаг.

Ер нь бол ерээд оноос эхэлсэн дотоодын дүрвэгсдийн асуудлыг бид даанч үл тоож байна. Хэрэв энэ тухайгаа бид НҮБ-д мэдүүлж ойлгуулж чадвал африк тивд байгуулаад байгаа дүрвэгсдийн лагериас дутуугүй юм байгуулах хэмжээнд хөдөөнөөс Улаанбаатар хотод ирэгсэд амьдарч байгаа шүү дээ. НҮБ-ын хэм хэмжээнд зуун хүнд байх ёстой ариун цэврийн газар, усны хангамж, эмнэлэг, дэлгүүр, сургууль, цэцэрлэг гээд аваад үзвэл, олон улсын жишгээр бол  манай Улаанбаатар хотод хүмүүнлэгийн хямрал нүүрлээд байгаа юм биш үү.

Манайхны юманд нүд дасна гэдэг айхтар том чөдөр байдаг л даа. Бага зэрэг сүржин байж л аливаа асуудлыг хөдөлгөхгүй л бол хэцүү хэцүү. Нутаг усаа хамгаалаад тэмцсэн хөдөөгийнхөн маань ямар амжилтанд хүрдэгийг “Онгийн гол” хөдөлгөөнийхөн харуулж чадсан. Дэлхий нийтээрээ асуудлыг мэдрээд, дэмжээд байхад манай удирдагч нар гэж годиль толгойтнууд л таг. Тэгэхдээ энэ хөдөлгөөнийхөн мятаршгүй тэмцэгч нар нь харагдаад л байгаа. Эд нар шиг одоо өөрсдийнхөө амьдралын баталгааны төлөө санаа тавьж учир зүйг нь жаахан ч гэсэн олох гэж оролдмоор байна ш дээ. Хүний аж амьдралаас илүү зүйл гэж байхгүй. Дээр нь аж төрөх ард олонгүй бол эзгүй хоосон эх нутаг гэж үгүй ш дээ. Тэртээд гялалзах сар шиг хоосон нутагт хэн ч тогтохгүй, хүн тогтохгүй бол амьдрал тогтохгүй. Эцэг өвгөдийн өвлүүлсэн нутгаа эзгүйрүүлэх цаг нь бидний үед л бүү байгаасай. Тиймдээ ч “мал төрийн хамгаалалтанд байна” гэж ухаант ахмадууд маань тунхагласан биз. Харин тэднийг залгамжилсан үеийнхний ухааны бяр, сэтгэлгээний цар нь дутаад нэг л биш ээ.

Энэ өгүүлэлд би гол төлөв надаас шаарддаг юу хийх тухай өгүүлэх гэсэнгүй ээ, хэн хариуцахыг ч заах гэсэнгүй, ганцхан хэнд ямар гачаал зовлон ирэх вэ гэдгийг л хөндлөө. Эрт санаж сэдсэний буруу гэж хэзээ ч байгаагүй юм. Харин малчин заяанаасаа хаашаа ч зайлахгүй ард түмнийг юунд ингэж басамжилна вэ гэж улам бүр харамсаж байна. Ер нь бол монголын ард түмэн, амьдралыг нь өөдрөг байлгах гэж хуруугаа хөдөлгөсөн төрийг үзэлгүйгээр эзэнгүй айлын хүүхдүүд шиг ходоод хоосон, мөр улайсан, сэтгэл гундуу нэгэн жарныг туулж байна даа.