221-р сар2019

Тэнгисийн баян бүрдэд хэдэн хором зочилсон тэмдэглэл.

Хүмүүн төрлөхтний түүхэнд хамгийн аврага томд тооцогдох аяллын хөлөг онгоц “Oasis of the Seas” хоёр жилийн турш дуншин байж 2009 оны 10 сарын сүүлийн хагаст мэндэлсэн билээ. Уг хөлөг онгоцыг өлгийдөж авсан нутаг нь Финланд орон, ундаалж угаасан ус нь тус улсын баруун өмнөд буланд орших Турку хотын далайн эрэг болой. Энэхүү эрэгт яг нэг жилийн өмнө дэлхийн хамгийн том хөлөг онгоцыг мөн л бүтээж Норвег улсад хүлээлгэн өгсөн бол энэ удаагийн хамгийн том хөлөг онгоц АНУ-ын зүг дөрөөгөө мялаалган хөдөлсөн юм.

Скандинавын хойгийн энэ улс байгалийн араншин, хүн амын тоогоороо Монгол оронтой төстэй төдийгүй финн үндэстний генийн хольц, хэл ярианы бүтэц ч монгол хүнийхтэй ойролцоо байх тухай барин тавин баримтууд сонсддог. Бичил гар утаснаас эхлээд, уул уурхайн машин механизм, аврага хөлөг онгоц үйлдвэрлэх технологиороо дэлхийд алдартай болсон энэхүү жижиг (5.5 сая хүнтэй) улсын хөгжлийн түүх, одоогийн болон хэтийн зорилтоос судалж, суралцах зүйл бидэнд их байх нь эргэлзээгүй юм. Үүнийг үл өгүүлэн, дөнгөж мэндлээд буй энэхүү аврага том хөлөг онгоцон дээр тус хөлгийн ахмад ноён Тор Олсэний газарчилсан танилцах аялалын багт багтаж гурван цаг орчим аялсан тухай тэмдэглэлээсээ уншигч тантай цухасхан хуваалцаж байна.

Одоогоор дэлхий дээр хамгийн том нь болох уг хөлөг онгоцны хэмжээ, хүчин чадал, багтаамжын тухай сонирхолтой тоон баримтуудыг олж мэдэхийг уншигч авхай таны сониуч занд даатгасугай. Нэгэн тоог дурьдахад жин нь 225 мянган тонн буюу Титаникаас бараг 5 дахин хүнд юм байна.

Хэсэг нөхдийн хамт аврага хөлөг онгоц зүүрмэглэн буй далайн эрэг рүү машинаар очих байтал өглөө нөхөр утас цохиод гадаа зам халтиргаа ихтэй байна таксидвал ямар вэ гэж байна. Бид ч тэр ёсоор болж такси хөлөглөн очих газартаа ирлээ. Манай багийн ихэнх хүмүүс ирчихсэн байсан ба цөөн хэдэн хүн нэмж ирсэнээр бид хөлөгрүү хөдлөв. Хөлөг онгоцонд орохын өмнө зарим зааварчилагаа авлаа, мөн хамгаалалтын хувцас, малгай, бээлий гэх мэтийг өмсгөв, мөн хөлгийн дотоод засал хараахан дуусаагүй тул энд тэнд ундуй сундуй, нааш цааш юм зөөсөн хүмүүс, өрөмдөж хадсан, хангинасан дуу угтахыг сануулав.

Ноён Олсэн энэхүү гайхамшигт хөлөг онгоцны ахмадаар томилогдоод эхнэр, хүү, охины хамт энд ирээд хэдэн сар болж буйгаа танилцуулаад, тэднийхээ хамт аялалын хөтөч хийнэ, асуух зүйлсээ биднээс асуугаарай гэлээ. Ярианыхаа төгсгөлд мань хүн дэргэдээ зогсч байсан эхнэртээ хандан  ”одоо манай хүн та бүхэнд зориулж яриа хийхийг хүсч байж магад” гэж явуулаад хариу далайсан гаранд нь өөрөө сүрхий цожин дальдарч хүмүүсийг хөөрхөн хөгжөөгөөд авав.

Аялалын эхлэх цэгт хүрэхээр хүмүүсийн зарим нь цахилгаан шатаар хөдөлсөн бол бидний хэсэг нөхөд шатаар алхан биеийн халаалт хийчихлээ. Хамгийн эхний зочилсон газар маань нэгэн спортын талбай байсан ба эндхийн тохижолт, тоноглол, зай талбайн зохион байгуулалт мөн ч сайхан юмаа.

Эндээсээ гараад Казино, энтертайнментийн зоонд ирлээ, автомат машинууд суурьлуулсан коридороор дамжин төв хэсэгт нь хүрэхэд үнэхээр шоу, цэнгээний газарт ороод ирсэн нь мэдрэгдэж байнаа. Зэрэглэлээрээ ангилагдсан бооцоот тоглоомын өрөө, талбайнууд энд тэнд харагдах ба засал чимэглэл, тохижолт нь гайхалтай санагдах авч байршил, зохион байгуулалтын уялдаа холбооны учирыг олоход нэмэлт тайлбар хэрэгтэй байлаа. Энэхүү орчиныг бүрдүүлэгч тайз, дэлгэц, тааз, шал, хана болон үйлчилгээний цэгүүд, кафе, буфет, баар зэргийн тохижолт засал нь далай тэнгис, хөлөг онгоцны амьдрал, дэлхийн бөмбөрцгийн дүрс, бүслүүр хэмжээстэй ямар нэг хэлбэрээр уялдсан зохиомжтой юм. Зочидод үйлчлэх цэгүүдийн техник тоноглол нь нүсэр харагдаж байсан ба зар сурталчилгаа, мэдээллийн самбарууд дээр туршилт хийж байна гэсэн бичгүүд гүйж байлаа. Энд нэгэн үдшийг өнгөрөөх аваас энэ орчны жинхэнэ ид шидийг мэдрэх нь дамжиггүйг шоу үзүүлбэрийн хөтөлбөрөөс харж болхоор байв. Долоо хоног бүр 1380 суудалтай театрт хоёр удаа оригнал продакшины шоу, нэг удаа нэрд гарч буй шоучны хөтөлбөрийг тухлан сууж, таалан сонирхохыг санал болгосон байна. Мөн мөсөн дээрх шоуг шимтэн үзэх, өөрөө ч тэнд гулгах боломжтой гэнэ. Төрөл бүрийн жанарын хөгжим, бүжиг, үзүүлбэрүүдийг шөнийн болоод үдшийн цэнгээний клабуудад үзэж, сонсох, өөрийн биеэр оролцон тоглож болох юм байна. Снүүкэр, латино диско баар, караоке ба хөгжимт тоглоомын бааруудад ч тухлан цэнгэх завшаан танд бий. За тэгээд шоу, цэнгээний зэрэгцээ энэхүү ертөнцөд өрнөх амьдралын нэгэн оргил хэсэг нь казиночидын тулаан байх бизээ. Энд төрөл бүрийн зэрэглэлийн 27 бооцоот тоглоомын ширээ, их гарын покерчидод зориулсан тусгай өрөөнүүд, 450 казиногийн машин суурьлуулсан байна.

Бидний аялал үргэлжилсээр нэгэн үзэсгэлэнгийн танхимд ирэв. Энд дижитал технологийн дэвшил, гайхамшигийг үзэгчидэд мэдрүүлэх зорилготой аж, гэвч бас л ажиллаж эхлээгүй тул танхимийн зохион байгуулалт, чимэглэл, өнгө зохиомжийн гайхалтайг нь бишэрцгээн танхимийг үдлээ. Эндээс гарахад задгай талбайд байрлах усан бассейн, амралт зугаалгын цэцэрлэгт хүрээлэн, түүнээс холгүй байрлалаас хөлгийн төвд орших хөндийг дээрээс нь ажиглаж болохуйц талбай биднийг угтав. Уг хөндий нь хотын төвийн хөл хөдөлгөөн ихтэй гудамж талбайг санагдуулам зохион байгуулалттай, хоёр талын ханаар нь орон сууцны/буудлын тагтууд ярайж харагдана. Энэхүү хөлгийн төв паркийн хоёр талаарх 6 давхарт 300 гаруй өрөө байх ба төдий тооны тагт буйг ахмад маань тодотгосон. Эндээс задгай тэнгэр харагдах ба энэхүү хөлөгт л анх удаа ийм онцлогийг бүрдүүлсэн гэнэ. Оройн зоог, үзүүлэн сурталчилгаа, үдшийн үзүүлбэр, тоглолтуудад зориулсан тайван орчин энд ноёлох бөгөөд олон үндэстний сонгодог меню, төрөл бүрийн дарсны амт чанарыг мэдрүүлэх юм байна. Мөн нэртэй брэндийн барааны дэлгүүрүүд, төрөл бүрийн дээд зэрэглэлийн үйлчилгээнүүд ч таныг угтаж байх болно.    

Улмаар манай аялалын баг нэгэн сонирхолтой газар ирсэн нь Усан театр байлаа. Зорчигчид усан театрын бассейнд шумбан, салхинаас хамгаалагдсан орчинд биеэ наранд шарах, мөн усан дээр байрлах ширээнүүдэд суух зуураа далай тэнгис тийш хараа бэлчээн, кофе, дарс, ундаа шимэн амрах юм байна. Бас ханан хаданд авирч самбаагаа сорих, хөлгийн тавцан дээгүүр тааллаараа зугаалах боломжийг бүрдүүлжээ. Энд өрнөж буй өдрийн тайван тансаг амралт наран жаргахтай зэрэгцээд шөнийн романтик амьдралаар солигдоно гэнэдээ. Нөгөө амралт, шарлагын талбайнууд маань 600 хүний суудал бүхий театр болон хувирах ба усан бассейн нь усан оргилуур болж, амрагчид өдөр нь нарны тос худалдан авч байсан бол одоо үдшийн коктайл захиалж эхлэх учиртай гэнэ. Театрын гол үзүүлбэр болох усан шоу, акробат үзүүлбэрүүд одод орчсон тэнгэр, далайн давалгаат мандалын зааг дээр өнгө, аяз хослуулан тоглох юм байна. Энэ нь энэхүү хөлгийн бас нэгэн брэнд онцлог гэсэн шүү.
     
Хөлгийн ахмад маань газарчилах, тайлбарлах үүргээ гүйцэтгэх зуур туслахууд нь багийн бүрэн бүтэн байдлыг хянах, энд тэнд тарсан хүмүүс, хүүхдүүдийг цуглуулах хүндхэн албатай байлаа. Хүүхэд, багачуудад зориулсан төрөл бүрийн тоглоомын ертөнцүүд, цагаа өнгөрөөх номын сан, кино үзвэр, спорт, урлаг, урлан бүтээх төвүүд, ажиглалт туршилтын лаборатор, насны онцлогт нь тохируулсан амралт үйлчилгээ, адал явдлын зоонууд олон байсны дотор хүүхдийн театр нь хүмүүст их таалагдаж байх шиг байсан. Хүүхдийн театрын хөгжимийн хэрэгсэлүүд болон бусад тоноглол, засал тохижолт нь төгс төгөлдөр бөгөөд энд хүүхдүүд хэсэг бүлгээрээ тоглолт хийх, дуулж бүжиглэх боломжтой. Хүүхэд асран халамжлах, хичээл сургалт явуулах үйлчилгээ бас байх юм гэсэн.

Цааш аялах тусам хөлгийн бүхий л хэсгүүд нь үнэхээр зохиомжийн нарийн шийдэл, төгс зохион байгуулалтыг агуулж буйгаа мэдрүүлсээр байлаа.    

Спорт, биеийн тамирын талбай, үйлчлгээний төвүүдгүйгээр энэ хөлгийг үнэхээр төсөөлшгүй байсан юм. Сагсан бөмбөг, голф, теннисний талбай, янз бүрийн усан бассейнууд, наран шарлагын талбай, ханан хаданд авиралт, гимнастик, ёог, массаж, фитнесийн төвүүд гээд олоон олон. Анх удаа ийм олон тоног төхөөрөмж бүхий том фитнес төв энд үзлээ гэж нэгэн нөхөр ярьж байсан. Тус хөлгийн зохион байгуулалтын хэсэгтэй танилцаад явахад гурван цаг орчим болсон гэхэд ямархуу нүсэр эд болох нь төсөөлөгдөх байхаа. Нэг анзаарахад 16-р давхарт явж байсан шүү.

Зорчигчийн өрөө нь зөвхөн зочид буудлын өрөө төдий биш, орон сууцны зохион байгуулалттай, тэнд зочины уужим өрөө, далай руу харах цэлгэр цонх, өргөн балкон байна. Хаан, хатан хоёрын унтлагын өрөө ч тансагаа, ханандаа сейфтэй, хажуудаа нэмэлт өрөө, үйлчилгээний төхөөрөмжүүдтэй, гэх мэт.  


Зорчигчидийн тав тухтай зорчих нөхцөлийг ийнхүү төгс төгөлдөр бүрдүүлсэн хөлгийн маань жолоодон залах удирдлагын орчинд зочилоход сонирхолтой байлаа. Тус орчин нь далай руу харсан цэлгэр цонх бүхий талбайд байрлах бөгөөд өвч тоноглогдсон хоёр ч жолоочын суудалтай, харин жолоо буюу руль нь тусдаа байрлах ба ийм том хөлөг онгоцыг зална гэхэд мөн ч жижигхэн эд харагдаж байдаг.

Ийнхүү энэ тансаг бөгөөд гайхамшигтай хөвөгч хоттой танилцсан тухайгаа мартан санан байж тэмдэглэн буулгалаа. “Тэнгисийн баян бүрд” хэмээх ер бусын үзэсгэлэнт баян ертөнц, мөрөөдлийн хөдөлгөөнт хот тэнгис далайдаа ийнхүү хөвлөө. Олон олон арван, зуун жил усан гаригийн уртраг, өргөргийг холбон аялаж, домог түүхээ бүтээх болтугай. 

Хамгийн үнэтэй усан онгоцоор 14 хоног аялах билет арван тав орчим мянган доллар байдаг ба манай онгоцны билет арван хоёр мянга орчим доллар байх боловуу гэж ноён ахмад айлдаж байсан.
Энэхүү гайхамшигт хөлгөөр аялах хувь тохиосон азтай Монгол хүн Та өөрийн сэтгэгдэл, аян замын тэмдэглэлээсээ  хуваалцаарай.

И. Цэрэн-Онолт.
Зул сарын баярын мэнд хүргэе!
2009 оны 12 дугаар сарын 25.

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter