233-р сар2019

Японы орчин үеийн уран зохиолын дээжээс

Япон орон арвин баялаг утга зохиолын өв сантай орон. Анхны романыг 10 зууны өмнө япон хүмүүс бичсэн гэхээр л ойлгомжтой юм. /Энэхүү хүн төрөлхтний анхны роман болох “Гензийн дуулал” ойрмогхон монгол хэлээр буун, уншигч олонд хүрсэн санагдана./
Монголчууд бид японы энэ арвин баялаг утга зохиолоос чамлахааргүй уншиж, хүртэж ирсэн. Ахмад үеийн орчуулагч нарын хичээл зүтгэлээр Японы орчин үеийн утга зохиолын үндсийг тавигч /манайд бол Д.Нацагдорж л гэсэн үг/ Нацумэ Соосэкийн “Жаал хүү” тууж, Нобелийн шагналт Кэнзабурэ Оэгийн “Хожимдсон залуус”, Басё, Ишикава Такүбакүгийн алдарт Хайку шүлгүүдийг уншиж байсан билээ. Хожим 1990-ээд оноос хойш Кобе Абэ, Мишима, Акутагава, Ясунари Кавабата, Шиба Роотарү гээд л ... Ер японы уран зохиол баялаг төдийгүй тун өвөрмөц, хүчирхэг.
Харин одоо энэ удаад өнөө цагийн японы зохиолч, уран бүтээлч залуусын уран бүтээлээс хүргэж байна.

Камма ЧикImageако

Тэрбээр 1990-ээд оноос уран бүтээлээ эхэлсэн. 1993 онд Осакагийн эмэгтэйчүүдийн утга зохиолын хүрээлэнг үүсгэн байгуулагч, тэргүүн Тонекимико багштай учирснаар, Тони багшийн эрхлэн гаргадаг утга зохиолын сэтгүүлд уран бүтээлээсээ гаргах болсон байна.
Бодрол, хүмүүнлэгийн шинжтэй богино өгүүллэг голдуу бичдэг энэ бүсгүй Нацумэ Соосэкийг шүтэн бишрэгч.
Энэ удаа монгол уншигчдын хүртээл болж буй “Эргийн салхинд” өгүүллэг нь KITA NIHON –д хэвлэгдэж байжээ.
Камма бүсгүй өнгөрдөг зун манай оронд зочлоод буцсан юм.
Монголоос буцаж очоод илгээсэн захидалдаа тэрбээр “Улаанбаатарт зочилсон энэ зун надад гайхалтай дурсамжтай байлаа.  Магадгүй, өмнөх төрөл гэж хэрэв байдагсан бол осолдохгүй би монгол хүн байсан болов уу гэж бодогдсон. Танай нутгийн хүмүүсийн дүр төрх, уур амьсгал ер нь юм бүхэн яагаад ч юм бүр голоос халуун дулаан ойр санагдсан шүү” хэмээн бичжээ.

Эргийн салхинд /Өгүүллэг/

Камма Чикако

Зуны бүгчим халуун цаг зуурын мэт санагдана.
Тариачдын тосгоны дундуур орон урагшлах суудлын машины урд талын суудалд Саеко явдлын айзамд биеэ тушаан, алсыг чимээгүйхэн ширтэн суух ажээ. Зэрэгцүүлэн тавьсан хоёр хөлийн өвдөг машины явдалд хоёр тийш үл мэдэг ганхан байвч, тэр нь ямар ч мэдрэлгүйгээс эзэнгүй мэт байсан өмнөх шиг биш, мэдрэл булчингийн эрхэнд дуулгавартай зэрэгцэнэ. Тэр өвдөгөө хэр дуулгавартай байгааг үе үе шалгахын хажуугаар бас гадаах орчныг харан явлаа.
Ургац хураасны дараа будааны түрүүг энд тэндгүй овоолон шатаасан нь нарийн утаа уугиулж, зам дээр ч манан мэт хөндөлдөх бөгөөд жин үдийн нозоорсон агаар утаатай сүлэлдэн суунаглана.
Бороо орох ямар ч шинжгүй, агаар тэр аяараа лагхийн хүнд оргино.
- Цонх нээвэл цэвэр агаар орж ирэх болов уу, хө? гэж жолоо мушгингаа нөхөр нь Саекод хэлэв. Гэвч салхинд үс нь алингаа алдчих вий гэж төвөгшөөсөн, тэгээд ч одоо цонх онгойлговоос гаднаас утаа орж ирэх нь гарцаагүй тул үүнийг хэлэхээр нөхөр рүүгээ харлаа. Нөхрийнх нь эрүү махлаг агаад цамцны хатуулгатай заханд нэлээд хэсэг нь халхлагджээ. Махалснаас үрчлээ нь толийн булцайсан зүүн гараар жолоогоо атгах ба тэр гарын ядам хуруунд яав ч мултархааргүй шигдсэн хуримын бөгж гялтайна.
Нөхөр тэр хоёр нэгэн компанид ажилладаг байлаа. Байдаг л нэгэн ажилтай, зан сайтай залуу байв. Саекод ч гэсэн мөн эелдэг ханддаг байж. Саеко хүн амьтантай харицахдаа нүүрэмгий биш бөгөөд эрхэлж буй ажилдаа ч дуртай байсангүй. Тэрнээс гадна нас ч болж, эргэн тойрны шахалт хатгаас ч байсан уу, нэг л мэдэхэд энэ хүнтэй гэрлэн суух болжээ. Арваад жил үр хүүхэд гарсангүй боловч, хоёр биений хооронд ямар ч асуудал болсонгүй. Саеко ч үр хүүхэд хүсэж сүйд болсонгүй, нөхөр ч сонирхлоо хөөн өдрийг завгүй өнгөрөөх бөлгөө.
Нөхрийн духанд хөлс чийхарчээ. Халуунд дандаа тэгдэг юм. Саеко өвдөгөн дээрх гар цүнхнээсээ алчуур гарган нөхрийн зүг сунгалаа. Тэгээр машины агаар сэлгэгчийн салхивчийг бүгдийг нь нөхрийн зүг чиглүүлэн, тохируулгыг нь нэмэж тавив.
-  Халуун малуун гээгүй байхад гэж бувтнангаа нөхөр алчуурыг авч магнайн хөлсийг шудрав.
Тэд явсаар уулын замд оров.
Тэд хэд хэдэн гүвээ давж, булйн тохойг тойрсон ч бас дахин хэдийг давж, тойрч байж зорьсон газраа хүрэх юм бол. Саеко ядарч буйгаа мэдэрч, сандлаа бага зэрэг налуулан засаад, нүдээ аниад нөхрөөсөө асуув.
-  Таны хэлээд байгаа тэр хад ойртож байна уу?
Нөхөр нь нэлээд хөгжилтэй байдлаар ийн хариулав.
- Энэ мушгирсан замыг дуусахаар багахан загасчны тосгонд хүрнэ. Тэр загасчны тосгоны даланг дагаад баруун тийш эргэнэ. Тэгээд тэр чигээрээ явсаар урт хонгил байгаа, хонгилоор орохоор тосгон ч, далан ч үзэгдэхгүй болно. Хонгилоос гараад ялимгүй давхихад л харагдана даа.
Нөхөр энэхүү тайлбартаа сэтгэл хангалуун байгаа бололтой толгой дохилон байгаа. Тэгээд бас Саекогийн зүг жирвэсхийн харсан байх ёстой. Ер олон жил амьдраад ирэхийн цагт нүдээ аньсан байсан ч нэгнийхээ үйл хөдлөлийг алганыхаа хээ шиг л мэддэг болчих юм даа.
- Дотор муу байна уу? гэж нөхөр нь асуув.
- Одоо нэг их хол биш биз дээ?
- Чи ч үргэлж шулуун замаар харихыг хүсдэг. Гэхдээ би нааш нь ганц удаа ч болов дагуулж ирье дээ гэж бодож байсан юм аа.
Саеко хөнгөн санаа алдана.
- Тийм янзтай газраас харих замд уу?
Нөхөр зэмлэнгүйгээр Саеког хараад
- Юун тийм янзтай газар гэж, чамайг эрүүл саруул болгож өгөөгүй бил үү?
- Тийм ээ.
Саеко богинохон хариулт хэлнэ. Тэгээд машины явдалд хоёр өвдгөө зөөлөн ганхахыг мэдрэнгээ, өвдөгнийхөө тойг ясны булчинг зөөлөн чангалж султгана.
Саекогийн бодсоны дагуу сайн болж чадаж байлаа. Магадгүй, хоёр өвдөг нь шилэн тирконы цаанаас туяхан харагдаж буй билээ. Гэсэн ч нүдээ нээн тэрнийг шалгах хүсэл байсангүй. Нүдээ аньсан энэ амар тайвнаа Саеко эвдэхийг хүссэнгүй.
Нөхрийн зүгээс дахин дуу гарч,
- Ойрд бүр үнэхээр эрүүлжээд, огт өөр болж ирсэн байна шүү.
Гэж хэлэхдээ эхнэрийнхээ өвдгөн дээр гараа тавьлаа. Тэр чигээрээ эхнэрийн банзалд халхлагдан ахуй гуяны гүнрүү гараа явуулах гэлээ. Тэгснээ тоормозоо огцомхон гишгэв. Ингэж гараа сунгаснаас жолоодлогын тэнцвэр суларсан бололтой. Саеко нөхрийнхөө гарыг буцааж түлхэхээс өмнө тэр гарыг нь машины жолоо булаагаад авчихав.
- Шулуун зам биш аюултай шүү дээ гэж хөмсгөө зангидан хэлэв.
- За жаахан уужуу ханд л даа. Чамайгаа эрүүл болсонд баярлаж байгаа л хэрэг шүү дээ.
Нөхөр нь ямар ч юм болоогүй мэт хэнэггүйхэн хэлнэ.
Саеко дахин нүдээ анина.
Нөхөр тэндээс дуугаа намсган яриагаа үргэлжлүүлнэ.
- Ингэхэд, шөнө нойр сэргээд усан санхүү өнгийвөөс гэрэлт загаснуудын нэг нь үхчихсэн, хөвж байна билээ.
Хэдэн жилийн өмнө унтлагын өрөөний шүүгээг гарган оронд нь томоохон загасны аквариум байрлуулсан болно. Ямар улирал нь байсан юм бол доо, тэр үед мөн л шөнө дунд байсан юмсан. Нөхөр нь орноосоо өндийн усан сан руу ширтэн зогсоход, гэрэлт загаснууд шумбан наадах аквариумын цэнхэр туяаг даган хөвөх мэт нөхөр нь өчүүхэн ч хөдлөлгүйгээр шимтэн ширтэж байдаг байв. Нөхөр нь ажлаасаа тарж ирээд, яг тэгж дуугаа хураан зогсоод, хэдэн цагийг ч өнгөрөөх өдөр байна. Цаг хугацааг мартчихсан юм шиг л зөвхөн аквариумыг харан зогсоно. Ажил дээр нь таагүй асуудал тулгараа юм болов уу гэхчилэн Саеко чимээгүйхэн алсаас байдлыг тольдоно. Заримдаа богинохон үгс бувтнан зогсоно.
- Үзэсгэлэн гээч чинь энэ л байх даа.
- Үнэхээр ч гэрэлт загаснууд гайхалтай. Гагцхүү, түүний гэрэлт загас үхсэнийг гаргаж хаясан тэр өдрөөс эхлэн нөхрийнх нь хувьд гоо сайхан гэгч чухам юу болохыг мэдэхээ байсан билээ. Нөхөр тэр өдөр үхсэн загасыг чимхэн авч, онгорхой салхивчаар чулуудаад, хурууныхаа үзүүрийг сальфеткинд арчих зуураа тоосон шинжгүй Саекод хэлэх нь
- Золбин мууранд яг таарсан идэш.
Саекогийн дотор пал хийх шиг болоод, нөхрийн бөөрөнхийлсөн сальфеткийг тосон авлаа.
- Нэг л энэрэнгүй бус юм аа гэхэд нөхөр нь инээн
- Амьдрал өөрөө энэрэнгүй биш шүү дээ гэжээ.  
Тэр явдлыг дурсаад Саеко энэ удаа аньсан нүдээ томоос том нээн, сандлынхаа тушлэгийг босголоо.
Зам тэгэсгээд уулын замаас гарч, харагдах орчин ч тэлж ирлээ. Нөхрийн яриад байсан загасчны тосгон нь юм болов уу, давчуухан хаалгатай сууцууд ар араасаа хөвөрнө. Будсан будаг нь ч тэр нилэнхүйдээ гандуухан. Тэрчлэн нүдний үзүүрт тээр тэнд далай цэлэлзэнэ. Намхан далангийн тэртээ, үүлэн завсраар асгарах нарны туяа далайн мандалд ойн тусна. Тэр ойсон туяа Саекогийн нүдийг гялбуулж эхлэв.
Саеко нарны халхавчаа буулгангаа нөхөртөө
- Сонин юм аа, энэ зузаан үүлний цаанаас нар яаж өнгийгөөд, далайд тусан, бас ойж амждаг байна аа.
- Тэгэсгээд тэнгэр цэлмэхийн дохио биз дээ. Нөхөр залхангуй байдалтай байх аж.
- Гэвч энэ янзаар бол тэнгэр бүр муудахын тэмдэг юм биш үү?
Саеко түүнлүү толгой эргүүлэн хандсан боловч нөхөр түүнд нь хариу хэлсэнгүй.
Тэд сууцнууд дундаас гаран, даланд тулж барууншаа эргэн давхив. Замын хажуугаар үргэлчилсэн цементэн хашлага болж ирээд, загасны тор зулсан харагдана. Засагны торныхоо энд тэнд зогсох усны гуталтай эрчүүд ажилдаа шамдан хөдөлцгөөнө.
Тэндээс урт хонгилийн замаар давхин орлоо. Хонгтлд тусгасан гэрлийг бараг анзаарч амжаагүй байхад машин хонгилоос аль хэдийнэ гарчихсан баруун тийш эргэн давхив. Нэг мөргөцөгийг алгуурхан тойроод, дахин шулуун замд ороход нөхөр нь хааз өгөн хурдаа нэмлээ. Тэнд үргэлжилсэн далан үзэгдэхээ больжээ. Харин түүний оронд цагааран тунарах далайн мандал амьтай юм шиг цалгилж, давалгаа ар араасаа давхралдан хуйлирна.
Саеко хэлнэ.
- Агаарын хуйлрал шиг далайн усны дунд ямар нэгэн юм залгин буйгаас зайлахгүй. Энэ тэнгэр ч гарцаагүй муудах шинжтэй.
- Ямар ч юманд дандаа мухар онош тавьж явна шүү, тэгээд. Нөхрийнх нь уруул өмөлзөнө.
- Тэнгэр бүрхэг атлаа яахаараа ийм тод гэрэлтэй байдаг байна аа. Жаахан түрүүхэн нүд гялбуулаад байсан нь үүлэн завсрын нарны уршиг гэж бодож байсан чинь.
Саеко хоёр гараараа нүдээ даран урагшаа харав.
- Яахаараа ингэж байдаг байна аа, тийм иймээс гарцаагүй гэж байхаа боль гэж эмч захиагүй бил үү?
Нөхрийнх нь ундууцсан энэ үгэнд Саеко нүдээ дарж байсан гараа аван толгой дохив.
- Учрыг нь ч ухахгүй юм гэв.
Нөхөр нь хүзүүгээ ялигүй эргүүлэн хялам хийн харна.
- Элдэв юм бодож, тэрэндээ хэтэрхий итгэж туйлширна шүү. Амархаан бодож, санаад өнгөрөөчих юмыг чинь тэгэж янз янзаар ургуулан бодоод байхаар чинь наад сэтгэл мэдрэл чинь яаж зүгээр байх билээ.
- Миний өвчний тухай хэлж байгаа юм биз дээ.
- Санаа зовсондоо л тэр шүү дээ.
Саеко өвдгөн дээрх цүнхрүүгээ харлаа. Дотор нь дөнгөж сая эмнэлгээс авсан цагаан савтай эм бий билээ.
Энэ явдал эхэлсэн нь хэзээнээс юм бол. Булан эргээд алхаагаа сааруулан зогсох гэтэл гэнэт хоёр өвдөг нь сулраад, гулжгасхийн нугараад явчихсан нь.
Зуурдын гэмээр энэ явдал, түүний бие цогцосын тулгуур болсон өвдөг нь амьдралыг нь хязгаарлах болсонсон. Гэр зуур ч бол энэ зэргийн юманд бага зэрэг хүлээхэд л болчих боловч, дэлгүүр хоршоо, хүн амьтантай уулзаж гадуур дотуур явахад, ер хаана тохиолдохыг мэдэхгүй. Энэ явдал нь ялигүй алхах хооронд тохиолдож, санаа зовсон хөрш хоёрын бие зүгээр үү гэж асуусан асуултанд бие жаахан эвгүйрхэх шиг боллоо гэж ч хариулалгүй өнгөрсөн. Тэгээд өвдөгтөө хүч орохыг хүлээн хэсэг суусан. Энэ мэтээр энгийн амьдрал нь аажим аажмаар холдож ирэв.
Ойролцоох хэсгийн эмнэлэгт үзүүлж харуулахад ямар нэгэн өвчний шинж тэмдэг байсангүй боловч байдал даамжирсаар. Өвдөг нь гэнэтхэн гулжгасхийн мэдээ алдрах нь илтэд олширч ирсэн билээ. Эмнэлгээр явах бүрийд нөхөр нь хүргэж өгөн, Саекогийн ард урд гаран гүйх боловч тэгэж олон дахин ажил таслаад байх арга бас байхгүй. Улмаар эмнэлгээс өгсөн зөвлөгөөний дагуу Их сургуулийн анагаах эмнэлэгт нарийн шинжилгээ хийлгэх боллоо.
Хаврын наран эмнэлгийн үзлэгийн өрөөний цонхоор ээнэ.
Эмч хэллээ.
- Тэр эмнэлгийн зам ч унаатай хүнд буруу дуулаагүй бол буцахгүй газар даа. Жолоо барьсан нөхрийн ажлын алжаал тайлагддаг л газар.
Саеко сэтгэл мэдрэлийн эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй гэсэн зөвлөгөө авсан нь энэ байлаа. Эмч нөхрийн сэтгэлийг бодсондоо тэгсэн юм болов уу, наргиа хавчуулан хөгжилтэй аяс оруулсан нь тэр байлаа.
Тэр эмнэлэг нь үнэхээр зайдуу уулын аманд байх агаад, эхний долоо хоног орчим л эмнэлэгт хэвтэн төрөл бүрийн шинжилгээ өгсний дараа гэртээ гарсан ба тогтмол тэр эмнэлгээр очиж, эм ууж, нээлттэй ярилцах-зөвлөлдөх эмчилгээний аргаар дагнах болов. Сард хоёр удаа эмчтэй нээлттэй ярилцлага хийхийн төлөө эмнэлэг явна.
Хариуцсан эмч болох залуухан хархүүтэй Саеко байдаг л нэг зүйлийн тухай, жишээлбэл шороо, шалбаагтай зууралдаад байх хүсэлгүй ч цэцэрлэгийнхээ арчилгааг байнга хийдэг, хорхой шавьж устгалын шавьжны хор нь эрүүл мэндэд муу биш байгаадаа гэж дандаа бодогддог гэх мэтийг ярилцах аж. Тэр нь чухам эмчилгээнд ямар ач холбогдолтой байдаг юм бүү мэд, гэвч эмч нэг бүрчлэн бичиж тэмдэглэх бөлгөө.
Ямартай ч өвдөг сулрах өвчнөөс салж ирэв. Эмчийн тэр ярилцлага энэ үр дүнд хөтөлсан байж ч мэднэ, эм тан үйлчилсэн ч байж мэднэ. Цаг хугацааны асуудлаас болсон ч байж мэднэ, гэвч аль нь байлаа хамаа байсангүй. Энгийн амьдралдаа эргэж орж л байвал түүгээр түмэн хэрэг бүтэх хэрэг.
Тэр хадыг нөхөр нь Саеког эмнэлэгт хэвтэж байхад эргэж ирээд буцах замдаа харсан бололтой.
- За гараад ирлээ. Хар даа, тэр харагдаж байна.
Нөхрийгөө ийн хэлэхэд Саеко толгойгоо өргөн заасан зүг рүү нь харав. Далайн уснаас ороолдсон цагаан юм цухуйхийг харсан Саеко зог тусан, дотор нь арзас хийх шиг болов. Далайн ёроолоос бултайж, шовойсон тэр нүцгэн чулуунд, өнөөг хүртэл үзэж дассан хад гээчийн нэр арай ч таараагүй шиг санагдана. Хувхай цайсан араг ясыг санагдуулам ийм хад харж байгаагүй юм байна. Бүүдгэр саарал тэнгэрийн дундаас лаван хүүхэлтэй шиг зэвхий даасан өнгөөрөө Саекогийн зүг ойртон айсуй мэт. Нөхөр нь машиныхаа хурдыг хасан, тэр зүгрүү хуруугаараа заан догдлонгуй ийн хэлэв.
- Хардаа үзэсгэлэнтэй байгаа биз? Дөхөж очвол бүр ч сүртэй сайхан харагддаг юм даа.
- Энэ хавиас харчихад болхоор л санагдана хэмээн Саеко сулхан дуугаар хариулав.
- Хэрэг болгож энэ болтол ирчихээд, бараг хүрээд ирлээ дээ.
Арынхаа машиныг өнгөрүүлэхийн тулд дохионыхоо гэрлийг өгөөд, машинаа замын зүүн талд шахан зогсоов.
Саеко нөхрийн адил уг хадтай зэрэгцээ шугамд зэрэгцэн сууж, урагшаа харж байх боловч, харц нь машины хамар дээр тусна. Машины хамар тэнгэр бүрхэгээс металийн гялалзсан тунгалаг өнгөө алдан зэвхий даажээ.
- Ирсэн нь болсон байгаа биз дээ?
Нөхөр нь сэтгэл хангалуунаар өөрөө өөртөө толгой дохилон, санаандгүй энэ газар хүрч ирсэн түүхээ хүүрнэнэ.
- Улсын зам тохижилтоос төв зам засварт орчихсон, таг бөглөөтэй. Тэгээд зам солин давхиж байгаад, эрэг даган давхихад ч муугүй л хэрэг гэж бодогдоод, аан.. гэж хүүрнэнгээ цамцныхаа энгэрийн халааснаас Саекогийн өгсөн алчуурыг гарган дух хүзүүнийхээ хөлсийг дахин шудрав. Тэгснээ машины урьд талын хамар ширтэн гөлийсөн Саеког анзаарав бололтой.
- Сэтгэл гонсойлгох зүйл байна уу? Гэв.
Саеко юу гэхээ мэдэхгүй тэвдчихэв. “Тиймээ” л гээд хариулчихвал ямар амар байх байсан бол доо. Гэвч тийм үг хэлбэл хэрэг болгон энэ болтол дагуулж авчирсан нөхрийн сэтгэлийг гонсойлгох байлаа.
- Юунд тэгэж бодно вэ, та андуурч байна.
Сэтгэлийнхээ гүнээс гараагүй энэ үгийг үргэлжлүүлж, улам тодорхой болгохын хэрэггүйгээс амаа барив. Гэвч нөхөр нь мэдэрчээ.
- Андуурсан бол хүлцэл өчие.
Нөхөр нь хүйтнээр ийн хариулаад, нормалдсан машинаа огцом хөдөлгөлөө. Хоёр биений хооронд үүссэн энэ уур амьсгал бүхээг доторх агаарыг улам давчдуулна. Өмнөхөөс хурдаа нэмнэ. Өмнөх хад нь Саекогийн хараанд огцом огцом довтлон ирэх шиг. Саекод тэр хаднаас зугтах газар байсангүй, тэр л байдлаараа нүүр учрахаас өөр зам алга байв. Хад Саекогийн өмнө алдлан дүнхийнэ. Холоос бол дан цагаан харагдаж байсан хадны нүүрэн тал өтгөн цайны өнгөтэй, цуурхай ангархайгаар дүүрэн нь аалзны тороор бүрхсэн шиг харагдана. Нүдээ тас аничихмаар санагдсан ч, энэ нь нөхрийн урмыг улам хугалах вий гэж бодоод мөн л зүрхэлсэнгүй.
Саеко байдаг л нэрэлхүү зангаараа хэдий хүчлэн байж,
- Хэтэрхий үзэсгэлэнтэйгээс аймшиг төрүүлэх юм ч бас байх юм аа гэв.
Нөхрийн царай наашилж,
- Тэр ч эмэгтэйчүүдийн хүлээж авах онцгой шинж байх аа даа гэлээ.
Нөхөр нь хуучин хэвэндээ орон, яриагаа үргэлжлүүлэв.
- Жаргал дэндэх аймшигтай гэхчилэн, эмэгтэй хүн гэдэг чинь сэтгэлийн мэдрэмжээ тас эсрэг талынх нь мэдрэмжээр мах нь гэрэлтдэг банш шиг цуглаад тавьчих дуртай улс дөө.
Саеко энэ ярианаас зөвхөн сэтгэл тавгүй байдал л хүлээж авна.
Гэсэн ч ам дагуулах аядана.
- Байгалийн гоо сайхан гэдэг нь гэх мэтээр ярих нь ядаргаатай сонсогдож мэдэх хэдий ч үзэсгэлэнтэй зүйлийг үзэсгэлэнтэй гээд байгаагаар нь хүлээн зөвшөөрөх сайн хэрэг шүү. Учир нь орчлонд байгалийн гоо сайхан гээчид хүрэх юм гэж ер үгүй юм даа. Хэзээ ч билээ, бид хоёр эрвээхэйний үзэсгэлэнгийн цуглуулга үзэж явахад чи яг ингэж хэлсэн дээ. Хэтэрхий үзэсгэлэнтэй байна гэж. Тэр үзэсгэлэнг сайн харвал аяндаа ойлгомжтой. Зөвхөн эрвээхэйг л аваад үзэхэд хүний гараар бүтээгдсэн гэх гоо сайхныг багтааж буйг элбэг олж харна. Тэр далавчны өнгө, угалзийг бодоод үзээч. Аквариумын усанд шумбах гэрэлт загаснуудын уран хөдөлгөөнийг ургуулан санаач. Хүний гараар бүтээгдсэн гэгдэх гоо сайхан нь явж явж байгалийн өчүүхэн хэсэг төдий зүйл болохыг хэлж өгч буйгаас зайлахгүй. Эцсийн эцэст хүн төрөлхтөн байгалийг давна гэж байхгүй зүйл гэж ярив.
Нөхрийн нь үзүүлсэн эрвээхэйний үзүүлэнг тэр үзэсгэлэнтэй юм аа гэж бодож байгаагүй билээ. Тухайн үед хэтэрхий үзэсгэлэнтэй юм аа гэж ам дагуулсан авч Саекод дотор эгдүүцүүлэм шавьж төдийхөн л харагдсан байсан. Байгал дэлхийн гоо сайхан ер ямар ч байсан яалаа. Саеко нөхрийгөө эрвээхэйний үзэсгэлэн үзүүлэн, хол ойр байгалийн үзэсгэлэнт газруудаар явах санал тавих бүрийд нь тэгэж бодно. Түүнчлэн хүний гараар бүтээгдсэн зүйл нь байгалийн өчүүхэн хэсэг байлаа ч болов, магадгүй хүн өөрсдийн мэдрэхгүй сэтгэлд таарах төдийг л байгалаас хар аяндаа сонгож авсны дүнд байж мэдэх билээ. Гэсэн ч Саеко энэ удаад бас нөхрийнхөө амыг дагууллаа.
- Тийм дээ, тэрнээс зайлахгүй.
Юун түрүүнд нөхрийн хэлэх үнэн байж болох, бас Саеко хэтэрхий ургуулан сэтгэж байж ч магадгүй билээ. Машин зорьсон газраа хүрч, өнөө бөөгнөрсөн цагаан зүйл тэр хоёрын машины яг орой дээрээс өнгийж байлаа.
Тэр хадыг ширтэн зогсох хүмүүсийн төлөө л байх даа, зам тэр хэсэгтээ хоёр дахин өргөсөж иржээ. Тэр замын эх нь мөн нарийсаж ирсэн бололтой боловч огцомдуу тохой эргэн жирийж одсоноос зах нь харагдахгүй байв. Нөхөр замын захад машинаа зогсоогоод, суудлынхаа даруулгыг сандрангуу тайлан, түлхүүрээ сугалж, шуурхайлан машинаас буув.
Тэгээд Саекогийн талын хаалгыг очиж онгойлгов. Нөхөр өмднийхөө халаасанд нэг гараа дүрсэн байх ба өрөөсөн гараараа машины хаалга барин Саекогийн бууж ирэхийг хүлээнэ. Саеко хаалганы зүг биеэ эргүүлэн замын асфальтан гадаргууд хөлөө тавилаа. Цүнхээ суудал дээрээ орхиод аядуухан босож зогсов.
Түүний энэ байдлыг анхааралтай харан зогссон нөхөр нь Саекогийн өвдөг давгүй гишгэж байхааг харж, үл мэдэг толгой дохилоод машиныхаа хаалгыг хаав.
Агаар сэлгэгч тасралтгүй үлээсэн машинаас буухад далайн усыг ханатал уусан агаар чийглэг болоод бүгчим халуун. Тэр халуунтай хүч хавсарсан юм шиг  далайн давалгаан яг л далавчит шавьжны дүнгэнээ шиг тасралтгүй сонсогдоно.
- Ажлын өдөр болохоор хүнгүй байгаа юм байх даа.
- Тийм байж магадгүй л юм. Долоо хоногийн төгсгөл болохоор баасан гаригийн болзоо нь ч эхлээ байлгүй дээ.
Нөхөр Саекогоос хагас алхам түрүүлэн явна. Аргагүйн эрхэнд нүд буруулан даган алхах Саеко... Санаснаас илүү салхитай. Саеко үсээ хийсгэхгүй байхыг хичээн гараараа дарна. Үс нь салхинд орооцолдчих вий гэсэн дээ тэр. Угийн ядруу байгаагаас өнгө нь үхэж ирсэн Саекогийн үс тэнгисийн давслаг салхинд ямар олиг байхав дээ, бүр дордох нь дамжиггүй. Саеко толгойгоо хоёр гараараа дарна. Тэр чигээрээ бодлоо өөрчлөн далай дундаас цухуйх овоорсон цагаан юмыг харлаа.  
Энэ овоорсон юмыг үнэхээр хад гэж болох л юм байх даа. Ийм үзээрийн юм эртнээс нааш оршсоор байсан юм байх даа. Өмнөхөн нь зогсох нөхрийнх нь мөрөн дээгүүр Саеког аргагүй даллаад байна уу даа гэмээр. Чухам хаашаа даллаад байгааг ч бүү мэд, гэвч Саеко хамаг бие нь арзасхийх шиг болон,  нөхрийнхөө араас дагна. Нөхрийн араас явсаар тохой эргэдэг хүрч үзвэл тойргын цаад талын далайн эрэг бүхэлдээ нүдний өмнө гарч ирлээ. Тэгтэл сэрийн боссон тэр овоорсон цагаан юм ганцаар тогтсонгүй, том жижиг хэмжээгээр үргэлжлэн харагдана. Бүр алсад ч мөн тэр зүйл гүн далайн ёроолоос өндийнө. Тэгээд тээр тэр алсад давалгаалан давалгаалах далайн давалгаа ч, дэргэдэх бөөн цагаан хадыг ороон цахих далайн давалгаа ч бүгдээрээ зэлүүн тэнгэрийн өнгийг тольдон булингартана. Номин цэнхэр далайг булингартуулан цалгина.
- Энд жихүүн байна.
Саеко мөрөө хавчин, нөхрийн биеийг налав. Суганаас нь хөлс чийхрах хирнээ хамаг бие нь дагжина. Уруул нь бадайрсан юм шиг л жирс жирс хийх ажээ.
- Нар салхинд удаан гарсан биш, салхинд цохиулах нь аргагүй байлгүй дээ.
Нөхөр Саекогийн бугуйнаас шүүрэн халаасандаа хийгээд гараа сугалж, мөрөөр нь тэврээд алхав.
- Машин руугаа явьяа, хурдан харий л даа.
Саеко нөхрийн халааснаас гараа сугалан, тэндээ зогсох гэнэ.
- Өө, юу ч үзэж амжаагүй байж?
Нөхөр Саекогийн мөрийг тэвэрсэн чигээр цааш алхахыг завдана.
- Миний хувьд хангалттай. Тэрнээс гадна энэ ямар газар болохыг сайн мэдэж авлаа. Тиймээс л хурдан харимаар байна.
Омголтсон уруулаа долоонгоо нөхөртөө гомдоллоно. Саекогийн хоёр өвдөг тэнцвэрээ гээлгүй чанд зогсож байвч одоо бол хоёр хөл нь хөшсөн мэт үл хөдлөнө.
Нөхөр нь Саеког хэсэг ширтсэнээ.
- Хэтэрхий үзэсгэлэнтэй байна уу?
Тэгэж сөрөх нөхрийнх нь духанд хэдэн дусал хөлс бурзайн харагдлаа. Тэр хөлсөө ч арчсан юмгүй Саекогийн юу гэхийг хүлээнэ. Саеко зориг муутай сул дуугаар арай ядан шивнэн хэлэх нь
- Энд ямар ч юм нөмөрлөө гайхах зүйлгүй газар байна. Осолгүй далайн түрлэг ирж, эргэн тойрныг хаман одоод, далайн дунд чулуудчихсан ч, газар хагарч, эрэг бүхэлдээ сөнөсөн ч гайхах юмгүй мэт.
Хурдхан л машиндаа эргэж суумаар боллоо. Ганц хором ч болов эндээс холдон, энгийн л уул усны газар шороон дээр, байдаг л сайхан агаараар амьсгалмаар.
- Энд ямар галав нүүрлэв гэж. Ийм сайхан эргийн захад ирчихээд арай романтик бодол санаа төрж болно оо доо.
Нөхрийн энэ үгэнд илтэд уцаарлаж буй нь илхэн байв. Саеко намуун дуугаар.
- Та ч тэгэж л хэлдэг хүн л дээ.
Нөхрийн хөлс шанаагаа даган уруудсаар эрүүнд нь хүрэн дуслана.
- Юу гэж байгааг чинь сайн ухахгүй байх чинь гэж хэлэнгээ нөхөр Саекогийн мөрөөр тэвэрч байсан гараа буулгалаа.
- Нэг их хөндүүрлэж бодохын хэрэггүй ээ. Өөр өөр мэдрэмжтэй хүмүүс юм. Ердөө л тэрнийг хэлэх гэсэн юм.
Яльгүй тайлбар тавихыг хичээх Саекогийн үгэнд нөхөр нь
- Эхнэр хүний уран мэхний учигийг олдоггүй эрийг л маллах үг байх даа.
Ундууцангуй гараа хармайлах нөхрийн янзгүй царай. Саеко энэ эргээс бушуу зугтмаар болно. Энд байсаар байх аваас нөхөр тэр хоёрын харьцаа ч хэвийн биш болж ирэх янзтай.
- Хойлогдуухан хүндээ гэж бодсоор амьдарч ирлээ гээд хэлчихгүй, аль эсвээс эмчийн протоколд улиг болж буй асуудал уу?
- Тэнэглэхээ болиоч, яриа шал өөр тийш хандаж байна гэж нөхрийн зүг харангаа хэлэх Саекогийн толгойд тэр нэгэн дүр зураг амилж ирэв. Нөхөр аквариумын дэргэд өнгөт загаснуудыг ширтэн байсан тэр нэгэн шөнө орноосоо босохоор өндийсөн ч биеийн тэнцвэрээ тогтоож чадсангүй. Анх тэгэж л хөлийн булчин сулран өвдгөөр зог туссан нь тэр санагдана.
-    Чиний өвчин эмгэг дагуулах нь бид хоёрын санаа сэтгэл нийлээгүйгээс болсон нь гарцаагүй.
Тэгэж хэлэн нөхөр буруу харан зогсоход тэр нь Саекод гэрэлт загаснуудын уран хөдөлгөөнд цаламдуулчихсан юм шиг таг зогсох дүр зурагтай нь давхцах шиг боллоо.
Аквариумын цэнхэр туяа нөхрийн хоёр мөрөнд асан уугиж байх шиг харагдана. Саеко нүдэндээ үл итгэн дахин дахин нүдээ цавчилан харж байсан сан. Түүнийг сонссон Саеко амьдралдаа агуулж санаж яваагүй гэхээр гүнээс үгс сэтгэлийнх нь урсаж эхлэх нь тэр.
- Санаа сэтгэл. Санаа сэтгэл гэдэг нь яг юу юм бэ?
Нөхөр эргэж харлаа. Тэрнийг ч үл харгалзан Саеко үргэлжлүүлэв.
- Та үргэлж л надад тэгий ингэе гэж тулгадаг. Өөрийн мэдэлгүй би тэрийг дагахад хүрдэг.
- Би хэзээ, юу чамд тулгалаа?
- Яг адилхан зүйл хүсэж, мэдрэхийг. Саеко шулуухан хариулав.
- Тийм юмыг ёстой санахгүй байна. Чиний л бодол санааны хадуурал биз. Уран сэтгэмж гэдэг чинь л тэр.
Нөхөр дуржигнуулан хэлэв. Шанхны үс нь хөлсөндөө норж, нүүрээрээ мэнчийтэл улайсан харагдана. Уурласандаа хуримын бөгжтэй зангидсан гараараа нөгөө гарынхаа алгыг түс хийтэл цохино.
- Таны л хүсэл тааллыг мөр алдалгүй дагуулах, энэнд л өдөр тутмын амьдралын харилцан ойлголцлолын утга оршино гэж өөртөө итгүүлээд, үргэлж л үгээр илэрхийлэх аргагүй тэс өөр хүсэл мэдрэмж тээсээр ирлээ. Гэсэн ч би гэрэлт жараахай биш тул таны тааллаар үхэн үхтлээ шилэн хоргоны цаана сэлж дийлэхгүй.
Саеко үгээ эрс чангатгасан байдалтайгаар
- Хөлөнд хүч орохгүй болж ирэх нь аргагүй л дээ. Гэрэлт жараахайд хөл байдаг биш.
Эцсийн санаагаа бат илэрхийлэх гэсэн шиг Саеко нөхрийн царайг эгцлэн харлаа. Нөхөр нь Саекогийн гомдоллыг юу гэж хүлээж авсан юм, газар шагайн хэсэг дуугаа хураалаа. Хэсэг байзнаснаа, нөхөр битүү сул хоолойгоор ярьж эхлэв.
- Бүрий болж байв. Гэрээс холгүйхэн төмөр замын гарцан дээр гэрлэн дохио хүлээж зогслоо. Тэр давчуухан гарман дээр би өмнөөсөө хоёр дахь тэрэг байсан юм. Гэтэл нэг муу хуучин дугуйгаа түрсэн буурай хөгшин машинуудын дундуур гэлдэрсээр гарч ирээд, эхний машины зүүн гар талд зогсов. Муу ээж минь амьд байсан бол өдий хэрийн настан байсан болов уу даа гэж тэр зуур бодогдлоо. Хүндэдсэн байрын ачаа ардаа үүрсэн байсан. Төмөр замын гарц ч нээгдэж машинууд урсаж эхэллээ. Эхний машин ч яаравчилан хөдөлж одлоо. Настай хүний дугуйны хардаар сажлах хэрэг болох тул тэр шүү дээ. Би машинаа хөдөлгөн настантай зэрэгцэн очиж, эсрэг талын цонхоо онгойлгоод тийш байдгаараа зүтгэн, “Та түрүүлээд гарч болноо” гэж хэллээ. Гэвч миний хэлсэн сайн хүрээгүй юм уу, ямартай ч сонсохгүй байгаа бололтой. Би үгээ дахин том дуугаар давтаж хэлсэн боловч чих нь хатуутай болохыг настаны зангаанаас ойлгов. Тэр хооронд арын тэрэгнүүд сигналаа орилуулж эхэллээ. Гарцан дээр нилээдгүй хүлээлгэчихсэн болохоор уцаарлацгааж байсан биз. Тэгээд чих дэлсэм сигналийн чимээ л чихэнд нь хүрсэн бололтой, настан сандран дугуйтайгаа цуг зам тавин хойш ухарлаа. Надад ч гарцаар гарч одохоос өөр арга байгаагүй юм даа.

Саеко толгойгоо өндийлгөлөө. Нүдний өмнө нөхөр нь яриагаа юу гэж төгсгөхөө олж ядан тэвдүүхэн харагдана.
- Миний тухай ямар бодолтой байдгыг чинь мэдэхгүй ч би шударга сайхан амьдарч яваа жирийн л хүн. Судсаар нь цус гүйдэг энгийн л нэгэн төрөлтөн.
Нөхрийн үгийг Саеко анхааралтайгаар сонсоно. Ямар нэгэн юм хэлэхээр үг хоолой дээр нь гарч ирсэн боловч, тэрнийгээ мөн л чимээгүйхэн залгичихлаа. Давс амтагдсан далайн салхин нөхрийн хөлс нэвчсэн цамцны захыг хааш яйш болгоно. Саеко гараа сунган захий нь засаж өгөөд, халаасандаа хийсэн гарын нь дагуулан өөрийнхөө гарыг шургуулаад
- Юутай ч алхацгаах уу даа хө, сайхан алхацгаая.
Хоёул дахин алхацгаалаа. Аль аль нь хий нь гарчихсан аятай итгэл муутайхан хөлөө зөөн алхах боловч, нөхрийнхөө алхамыг эхнэр Саеко сайн мэдэх билээ.

Орчуулсан Б.Мумчухал

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter