Хардаг хошного

Х.Эрдэмбилэг, http://mongolchuud.blogspot.com чөлөөт уран бүтээлч, Лондон хот

Хотоос шалгалт ирэх сургаар сумын төвийнхөн сандарцгааж, баруун солгойгүй үймэлдэв. Уйтгарт намгийн амьдрал гэнэт бужигнах нь над мэтийн эрх мэдэлгүй хүнд харин зугаа. Би гэж найм төгсөөд ажил төрөлгүй хоцорч хорин насыг холдуулдах гэсээр хүссэн хүсээгүй дайрсан, үеийнхний маань хэлдгээр бүтэлгүй нэг гар.

Үеийнхэн гэснээс суманд одоо манай төгсөлтөөс надаас өөр хүн үлдсэнгүй. Үлдээгүй учраас дунд сургуулийн банди нартай хааяа нийлтэл эцэг эх нь хазгар Гамбаа хүүхэд уруу татаад архи, тамхинд орууллаа гээд худлаа үнэн баахан цуурч муу ээжийн маань чихнээс хонх уясан тул тэднээс зайгаа барьж архины мухлаг сахих хэдэн архичинтай савж даривсан ч сүүлдээ гутраад бараг хашаанаасаа толгой цухуйлгалгүй жил гаруй болов. Ээж “чи гадагш гарахаараа л нэг болохоо больдог шүү” гэж үргэлж намайг загнадаг болохоор сайн дураараа гэртээ бүгснийг маань илт сайшаагаагүй ч сэтгэл хангалуун явсан нь илэрхий.

Ажил хийе гэхээр авахгүй, хотод очиж ажиллая гэтэл унааны мөнгөгүй над шиг амьтан өрөвдөлтэй. Арай ч хорин насыг гэрийн мухар сахиж, тав зургаан жил өмссөн цоорхой бандаашгаа барааны савангаар угаан ээжээрээ тэжээлгэн өдөр хоногийг дүнхүүртэл унтаж барна гэж мөрөөдөөгүй л юмсан. Тэгэж ярих юм бол тавдугаар ангидаа би сансрын нисгэгч болно гэдэг байлаа. Гэтэл гэгээтэйд гэрээс гарахаас зовоход юун мөрөөдөх, мөрөөдөхөөс ч эмээж, хар усыг Доржийн ах шиг уун гучин насандаа жартай өвгөн шиг шүдгүй болчихоод шулуудмаар санагдавч хар цай оочин хөлсөө арчих муу ээжээ л өрөвдөнө.

Хоёр сарын өмнө христын сүмийнхэн хуучин хувцас тараахад ээж азаар надад нэг жинсэн өмд, нэг савхин хүрэм, хоёр гурван цамц олж ирлээ. Хуучин ч гэсэн оргинал жинс гэдэг үнэхээр анги юм байна лээ. Надад таарсан гэж жигтэйхэн. Амьдралдаа би ийм дэгжин өмд өмсөж үзээгүй. За савхин куртикны хувьд бол ярих юм биш, жинхэнэ савхин хүрэм өмсөнө гэж мөрөөдөө ч үгүй. Хальт харахад сэтгүүл дээр гардаг ганган залуустай адилхан болчихлоо. Тэгээд христын сүмийнхэн хувцас хунар өгсөн нь нэг л учиртай бодогдоод ээж бид хоёр оройн цуглаанд очив. Хэдийгээр солонгос залуу хазгай мурий монгол хэлээр Бурханы тухай номолсон ч ээж бид хоёр сонсох тусам түүнд татагдан бидний ганц аврал бол Бурхан юм гэдгийг ухаарсан. Нүдэнд нь нулимс цийлэгнэн хичээнгүйлэн сонсох ээжийгээ хараад би өөрийн эрхгүй өрөвдөж, хэрэв бид хоёр Бурханд итгэж христ болбол амьдрал маань хэчнээн гэрэл гэгээ, аз жаргалтай байх вэ гэж бодож суулаа. Урьд нь ээж бид хоёр гэртээ олон удаа даллага авахуулахад юу ч дээрдээгүй. Би бүр нэг удаа үмхий амтай ламаар нүүр лүүгээ нулимуулж барцадаа арилгуулахад шижиг хүрснээс биш ингэж итгэл үнэмшил төрөөгүй билээ.

Цуглаан тараад сарны гэрэлд ханзарсан цас гялтгасан харанхуй гудмаар ээжтэйгээ алхаж явахад ээжийн маань нүүрний арьс шингэрч, үрчлээ тэнийн, Бурхан зөвхөн бид хоёрт л зориулан хаврын урь оруулж хуучин танил гудмуудыг шинэ болгосон мэт санагдаж байв. Ээж намайг аяар чангаагаад
-Миний хүү Эзний сургаалыг дагавал цэвэрлэгч Цэндийн хазгар хүү гэж хүн амьтанд нүд үзүүрлэгдсэн ч аз жаргалыг олж мөнх амьдарна гэж надад хэлэхэд би Бурханы хүч чадалд бүрэн итгэж билээ. Бид хоёрыг Бурхан нэг зүйл бодуулжээ. Тиймээ, хэрэв Эзний сургаалыг л дагах юм бол хэн ч намайг хазгар Гамбаа, жалганы хүүхэд, хоноцын шээс гэж доромжлохгүй, доромжилсон ч би тоохгүй яагаад гэвэл Бурханы өмнө бүгд ижил, Бурханд арын хаалга гэж байхгүй, хамаатан садан, дарга, захирал хамаагүй. Тиймээс ч хэн Эзний сургаалыг дагана тэр хүн диваажинд очно. Энэ амьдрал өнгөц. Тиймд би үхлээс айхгүй. Ээж бид хоёр диваажинд очих болно. Гэнэт дотроос минь огшин гарах нулимстай цуг хянаж хорьж болмооргүй савгүй их хайр мэдрэгдэн өөрийн эрхгүй би хөөрхий эхийгээ тэврэн авсан билээ. Ээж маань ч энэ их хайрыг мэдрэн мэгшин уйллаа. Энэ хайр бол Бурханы хайр байсан юм. Сарны гэрэлд ээжийнхээ эцэнхий биеийг тэврэн зогсохдоо хэчнээн ядарч, өтөлснийг нь би анх анзаарлаа.

Тэр өдрөөс хойш бид хоёрын амьдрал өөрчлөгдлөө. Бурханы хайр аз жаргалыг бэлэглэж амьдрал маань утга учир, итгэл үнэмшилтэй болов. Хэдийгээр бид хоёр харж хандах хүнгүй ч тэртээ тэнгэрт Бурхан бий, тэр Бурхан биднийг ядуу хоосон, арчаагүй буянгүй гэж гадуурхалгүй ивээлдээ авч тэтгэнэ гэсэн итгэл үнэмшил бор гэрийг маань гэгээн, хар цайг маань амттай болгоно.

Сар гаруйн өмнөөс сумын эмнэлэгт би дагалдангаар ажилд оров. Аар саархан сандал, ширээнээс эхсүүлээд л тог цахилгааныг ч хүртэл засаж янзлана. Ээжийн бие дордон гэртээ хэд хоноход би сүүгээр тасалдуулсангүй. Энэ бүхнээ Бурханы ач ивээл гэж би итгэдэг, хэрэв миний амьдралд Бурхан орж ирээгүй бол олон зүйлийг би ухаарахгүй.

Хотоос гэнэтийн шалгалт ирнэ гээд эмнэлэгийнхэн бүгд сандарч эхлэхэд би тэднийг дотроо өрөвдөж байлаа. Яагаад ч юм над тэднийг өрөвдөж шоолох сэтгэгдэл төрөх нь таатай байв. Урьд нь хэзээ ч би өөрийгөө бусдаас илүү гэж үзэж байгаагүй. Гэтэл Бурханы хайрыг мэдэрсэндээ би бялдуучдаас хамаагүй ариун шударга хүн гэдгээ ухаарч аз жаргалыг амтлав. Хэрэв тэд Бурханыг мэдэрсэн бол ингэж хоёр нүүр гаргах нь илүүц гэдгийг ойлгох л байх. Тэртэй, тэргүй бүхний дээрээс харж байгаа шүү дээ.

Зургаан хүний бүрэлдэхүүнтэй шалгалт иржээ. Тэд улсын төсвөөр санхүүждэг сургууль, эмнэлэг гэх зэрэг хоёр гурван газрын санхүүгийн тайлан тооцоо, ер нь бүхнийг л шалгах юм гэнэ. Шалгалтын ахлагч гэж байнга хар нүдний шил зүүж бүгдийг нэвт харж байгаа аятай цэх өөдөөс ширтдэг хүрэн костюм пиджактай ахмад насны хүн. Бүгд л түүнээс эмээнэ. Шалгалтынхан төвөөр хуваагдаж байралцгаахад ахлаж яваа хүн нь манай эмнэлэгт буув. Би түүний ая тухыг алдагдуулалгүй манаж хонох тушаал захирлаас авлаа. Дарга нар гурван хоног дараалан шалгалтынхныг архин далайд умбуулж сумын төвийн хүүхнүүдийг өвөрт нь сэм сэмхэн шургуулж байлаа.

Шалгалтынхан дөрөв хоносны өглөө, ирснээс нь хойш эрүүл хараагүй хар нүдний шилт гадаа мод хагалж зогссон намайг цонхныхоо салхивчаар дуудлаа. Очтол ороод ир гэж байна. Ортол ганцаар сууж байна.
-Үгүй хүү хээ, ах нь балараад... Чи хүн амьтанд хэлж болохгүй шүү. Би энэ хавьд нүдээ гээчихлээ. Чи хараад өгөөч гэв.
-Юу, нүдээ гээчихлээ гэнээ хэмээн намайг гайхтал нүдний шилт, шилээ авч
-Энэ нүд хэмээн нүүрэн дээр тулж зүүн нүдний хоосон хонхорхойгоо харуулаад муухан жуумалзав. Хүний нүдний хоосон хонхорхой харах эвгүй юм байна лээ. Гэвч хайж байгаа нүд хаа нэгтээ өрөөнд л байх учиртай гэж таамагласан миний бие
-Хаана хаячихсан юм бол гэж итгэлгүйхэн асуухад
-Ах нь уг нь аягатай усанд хийгээд хонодог зантай. Гэтэл аяганд алга. Өчигдөр согтуудаа ам цангаад залгичихсан юм болов уу, үгүй бол энэ хавьд л байгаа гэлээ. Би өрөөг нь нэгд нэгэнгүй нэгжээд нүд болчихоор зүйл олсонгүй.
-Шөнө л ам цангаад ус уухдаа залгиж дээ. Үгүй бас бүтэлгүй толгой яа гэсээр ахлагч надад хамаг учрыг хэллээ. Хиймэл нүдийг нь Монголд хийдэггүй, гадаадад хийдэг их үнэтэй эд гэнэ. Тиймээс олохгүй бол тун болохгүй аж. Хэрэв залгисан бол баастай нь цуг гарах учиртай. Тэгэхээр жорлонд бааж болохгүй гэнэ. Тэгээд би түүнийг хүн амьтны нүднээс далдуур хойгуур урсдаг голын бургасанд аваачин баалгахаар тохиролцон тэр өдөржингөө хавь ойроор нь эргэлдэв. Орой зургаагийн алдад ахлагч над руу толгой дохиход би баах болсныг нь ойлгоод бургас руу дагууллаа. Бургасанд шургахаасаа өмнө ахлагч нэг мөчир таслан
-За дүү хүү хүн амьтан харж байгаарай гэсээр далд орон хориод минутийн дараа гарч ирэхдээ
-Байдаггүй шүү, үгүй бас балай юм болох юмаа гэж амандаа бувтнаж байв. Би араас нь дуугай алхахдаа бөгсөөр нь нүд гарна гэж нэг л итгээгүй юм даа. Тэр орой ахлагчийг би олны дунд хараад их өрөвдлөө. Ажил төрөл хүмүүстэй ярилцаж буй боловч ухаан санаа нь огт ондоо зүгт яваа нь илт. Бусдын нүд хариулж байгаад амьсгаа авч амаа жимийн дүлж буй бололтой гэдсээ гараараа дарна. Би түүнд туслахыг Бурханаас үнэн сэтгэлээ гуйлаа. Эцсийн бүлэгт хүн бүхэн зовлонтой ажээ.

Маргааш нь голын бургасанд хоёр удаа очсон ч олзгүй. Би бүр бургас барин баасыг нь бас нэгжиж өгөв. Харин дараа өдөр нь бургасанд баасныхаа дараа
-Нэг зүйл байгаад байх шиг байна, дүлээд гарахгүй юм. Миний дүү өрөөнд очиж байгаад хараад өг гэлээ. Би за ч гэсэнгүй, үгүй ч гэсэнгүй. Ахлагч өрөөндөө ороод өмдөө шувтлан хойшоо харж зогсоход нэг л олигтой харагдахгүй байсан тул хөлөө алцайлган ширээ тэгнэн зогсов. Намайг тээнэгэлзэхэд
-Миний дүү санаа зоволтгүй яраад хар ах нь дүлье гэж гуйлаа. (Бурхан минь би энэ хүнд туслая гэсэн шүү дээ)... Хартал үнэхээр өөдөөс бөөн хөмсөг болсон нүд хардаг байгаа. Би эмээх, инээх хоёрын аль нь мэдэгдэхгүй балмагтснаа
-Байна гэж дуугарах төдий аядахад ахлагч асар баярлаж
-Уухайс би мэдээд байсан юмаа гэж билээ.

Шалгалтынхан сумын төвд арваад хоноход ахлагч бид хоёр аав хүү хоёр шиг болов оо. Наагуур цаагуур явахдаа намайг миний хүү гэж дуудан ээжийн бие хаа, гэр орны байдлыг асууна. Аавгүй өссөн надад энэ нь үнэхээр сайхан байлаа. Тэднийг явсны дараа сумын төвийнхөн намайг ахлагчийн хүү гэж шуугицгаалаа. Бүр хотын даргын нууц хүүхэд гэж итгэсэн эмнэлгийн захирал намайг ажилд шууд жинхэлж, цалин нэмэв. Үнэхээр өрөвдмөөр байгаа биз. Бурханы өмнө хоноцын шээс ч, даргын хүүхэд ч ижилхэн шүү дээ...