196-р сар2018

Бүлэг: Нийтлэл

Монголын шинэ улстөрд хэн ялах вэ? (III)

Ц.Буянцогтоо

Өнгөрсөн 20 жилийн Монголын “улстөр” бидэнд юу бүтээж, ямар хөгжил авчирсаныг эргэж нэг цэгнэе. “Монголын төрийг 40 жил удирдсан Юмжаагийн Цэдэнбалын сууж ч үзээгүй унааг өнөөдөр би эдэлж байна” хэмээн “ная” гэж нэрийдсэн хуучин япон жийп авсандаа хөөр болон өгүүлэх хөдөөх эрийн энэ үг Монгол улс өнгөрсөн 20 жилд али хэр өөрчлөгдөж “хөгжсөний” нэгэн гэрч гэлтэй.

Тиймээ, энэ 20 жилд Монгол хүний толгой дээр наран жаргахаа болиж, дэлхийн бөмбөрцгийн али л өөдтэй, хөгжилтэй газар Монгол хөвүүд, охид сурч, ажиллаж, эрдмийг ч, бас эд агуурсыг ч өвөрлөн эх нутагтаа ирэх болов. Хорин жилийн ихэнхэд гадаадын зээл тусламжаар амиа зогоож, гал алдчихалгүйхэн явж ирсэн Монгол улс энүүхэн хэдэн жилийн өмнөөс чухамхүү “Гэнэт баяжихын үлгэр” гэгч нь болж улстөрчид тэн тэнгээр мөнгө амлаж, тэрэг тэргээр алт, зэсийг нүүрстэй хамт зүүдэлцгээх болов. Хөгжлийн банк гэгчийг байгуулж мөнгийг чухам хурын ус адил асгаруулах юм байх. Энэ бүхэн яах аргагүй “хөгжсөний” гэрч мөн бизээ.

Гэвч..., үнэхээр бид хөгжсөн юм гэж үү, үнэхээр Монголын ард түмэн өөдлөх, дэвжих замдаа орж чадсан уу?? Би үүнд эргэлзэж байна. Эргэлзэнэ гэдэг бүхнийг үгүйсгэх гэсэн үг мэдээж биш. Монголтой харицуулахад жинхэнэ баян орон, хөгжилтэй орон гэгдэж ирсэн Арабын орнуудыг харая. Тэдэнд бидний хөгжил гэж ойлгодог материаллаг зүйлс бүгд бий. Гэтэл өнөөдөр тэд алаан хядаандаа тулжээ. Буруу замаар будаа тээвэл буцахдаа ямар болохын үлгэрийг тэднээс харж болох мэт. Өнөөдөрийн Монголын нийгэм, улстөрийн бодлого зөв чиглэлд явж байгаа эсэхэд эргэлзэж, эрэгцүүлж сайтар бодохыг орчин цаг, түүх биднээс шаардаж байна.

Олон зүйл эс нуршин энэ 20 жилийн явдлыг шуудхан дүгнэж хэлэхэд “бүсэлхийнээс доодхоороо толгой хийж, үнэт зүйлсээ уландаа гишгэсэн, мэдлэгийг, эрдмийг, боловсролыг үзэн ядаж хулгай дээрмийг хөхүүлэн хөөрөгдсөн он жилүүд” байлаа. Хэдийгээр жийп машины тоо олширч, малын тоо өссөн ч хөгжил дэвшлийг баталгаажуулж, олон нийтэд ирээдүйд итгэх итгэл, хүсэл тэмүүлэл бэлэглэхүйц хүмүүний нийгмийг бүтээсэнгүй. Авилга-хулгайд идэгдсэн Засаглал нь цөөнхийн төлөө үйлчилдэг тогтолцоо болон хэвшиж, тэр ни эдийнзасгийн бодот өсөлтийг боомилдог газрын баялгийн үйлдвэрлэлийг магтан дуулж буй энэ цагт ирээдүйн тухай эерэг төсөөлөл үүсэхийн аргагүй.

14 тэрбум төгрөг банкнаас зулбуулсан Хүрэлсүхийн хамсаатан, нам дагасан луйварчин хэдхэн жилийн ял аван “шоронд амрахаар” явж одох, 100 сая ногоон завшиж талыг нь намдаа өргөсөн гэх Баатар нэртийн хэрэг тэгсгээд замхрах, зомби өвчтөн зохиож ЭМД-ийн даатгалаас олон зуун сая төгрөг хусч сонгуулидаа ашигладаг улстөрчдийн хэрэг, иргэний паспорт хуурамчаар үйлдэж, зохиомол хүнийг дуртай үедээ бүтээж сонгуулид өөрсдийн төлөө санал өгүүлдэг, мөнгөтэй л бол намд орж али нэг тойрогийг сонгогчдын саналтай нь хамт худалдан аваад Их Хуралд орж сууна. Энэ мэтээр эцэсгүй үргэлжлэх нийгмийн шинжтэй авилга, хулгай, луйврын хэргийг жагсаан бичихэд сонины талбай хүрэхгүй.

200 мянган хүн эх орноосоо дүрвэн харид одон хар ажил хийн амидарч байна. 50 мянган хүн маш хортой нөхцөлд ажиллаж амидарч байна. Залуу үе амидрахын эрхээр гадаадад дүрвэхийг мөрөөдлөө болгоно. Охид бүсгүйчүүл ни гадаад хүнтэй суухыг илүүд үзнэ. Авилгад идэгдсэн ялзарсан төр ни шашныг тэнгэрт тултал хөгжүүлэн дэлгэрүүлнэ.

Үйлдсэн гэмт хэрэг, хулгай дээрмээ “чадаж байгаа юманд арга байхгүй” гэх ялзарсан зарчмаар тайлбарлана. Хэдийгээр өнгөрсөн зуунд ноёлсон гажуудсан социализмийн үед хүн зоны чөлөөтэй бодох сэтгэхийг хязгаарлаж, хүний зөвтүүдийг гажуудуулж байсан ч нийгэмд бүтээж бий болгосон зүйлс чамлахааргүй олон байж, олон түмний амидралын баталгааг хангаж байжээ. Харин тэр бүхнийг өнгөрсөн 20 жилд хулгайлж, хувааж идэн устгасаныг зөвтгөн тайлбарлах онол олдохгүй. Гажуудсан социализмын үеийн Засаг захиргааныхан идэж ууж, тусгай хангамж эдэлж байсан гэгдэн буруутгагдаж байсан ч тэр бол энэ цагийн луйварчдын зулбуулсантай харицуулашгүй өчүүхэн юм байж. Чадаж байгаа юманд арга байхгүй гэж хулгай хийж чадсанаа зөвтгөж буй ни “чаддаг юм бол над шиг хулгай хийгээч” хэмээн олон түмэнд уриалж буйтай ижил юм. Хийсэн гэмт хэргээ замхруулахын тулд эрх баригчид нийгэмийг бүхэлд ни хулгайч, гэмт хэргийн сэтгэлзүйтэй болгох гэсэн далд санаархал ни тэр. Энэ үзэгдэл ч угаасаа авилгач, хулгайчдын сэтгэлзүйн онолоор тайлбарлагдана.

Шил шилээ дарсан бузрын бузар хэргүүд тасралгүй үргэлжилж, цаг ирэх тусам гэмт хэрэгтнүүд ни улам өнгө орон гялалзах ийм нийгэмд шударгаар ажиллаж хөдөлмөрлөх, сайн сайхныг зорин тэмүүлж амьдрах итгэл үнэмшил эгэл хүмүүсийн оюунд бий болохын учир огтхон ч үгүй. Гадаад оронд явж боловсрол эзэмшээд улс орноо хөгжүүлэх оргилуун хүсэл тээн ирэх залуус монголын энэ бузар үнэлэмжтэй дасан зохицох гэж хэрэндээ таарсан зовлонг эдэлнэ. Гадаад явж муу юм сурсанууд нь ч яахав, аргаа олоод нам даган амиа зогооно. Өндөр мэдлэг чадвартай байх тусам орох газар тэдэнд эс олдоно. Мэдлэгийн болон боловсролын салбарт ажиллагчдыг “эмзэг бүлгийнхэн” болгоод рангалчихсан, нүдний булангаар ч тоож үл харна. Боловсролыг англи хэлний анхан шат, компьютерийн операторын хэмжээнд дүрсэлнэ.

Бүх төвшний албан тушаал улстөржиж нам дагасан л байвал ямар ч нохой хамаагүй авчраад тавьчихна. Ядахдаа ёс суртахуунтай хоточ банхарыг биш, гэрийнхээ хаяагаар толгойгоо шургуулан өнгөтэй өөдтэйг ни шууж орхидог, ямар цусных нь үл мэдэгдэх хурлийз нохдын адил ялзарсан сурталтай “далдаганууруудыг” авчраад мэргэжил боловсрол үл хэрэгсэн албан тушаал болгон дээр хуваарилчихна. Ёс суртахуунгүй “далдагануураар” даргалуулсан ямар ч боловсролтой, эрүүл тархитай хүн төрийн байгууллагад үр бүтээлтэй ажиллахын аргагүйд хүрнэ. Тийнхүү ялзарсан Төр энэ нийгмийн гол үнэлэмжийг бүтээж олон нийтийн оюун бодлыг бузартуулж байна. Энэ л ялзарсан Төр гэгч ни улс нийгэмийг бүхэлд ни хамарсан авилга—хулгай, гэмт хэргийн сэтгэлзүйг улам бүр урамшуулан дэлгэрүүлсээр байна. Авилгатай тэмцэх талаар ганц удаа ч олигтой юм хийхгүй, хийхлээрээ олон улсын байгууллагынхны шахалтаар байгуулсан Авилгатай тэмцэх газартайгаа тэмцэнэ.

Ардчилал, захзээл, газар доорх баялаг... энэ бүхэн биднийг сайн сайхан амьдруулах хангалттай нөхцөл болохгүй. Монголд бий болсон мөнгөний “ардчилалыг” Ардчилал гэхгүй. Улсын мөнгө хулгайлж чадсан цөөхөн хулгайч нар ни захзээл дэээр дангаар ноёрхлоо тогтоосон ийм улсыг капитализмийг хөгжүүлж байна гэж хэлэхгүй. Газрын баялгаа олборлохоосоо өмнө олох мөнгөө тооцоолоод бэлнээр тараагаад эхэлчихсэн. Газрын баялгийн салбар болоод бусад салбарынх ни хооронд тэмээ ямаа мэт цалингийн ялгаа үүсчихсэн. Нийгэм дэхь үнэлэмжийн тогтолцооны өөдөө хардаг ни уруугаа харчихсан. Өнөөгийн Монголын нийгэм бүхэлдээ хулгайчид ба эгэл хүмүүс гэсэн ялгаварт нийгэм болжээ. Ийм нийгэмд хөгжил ирэх үү? Ийм нийгэмд амгалан амьдрал ирэх үү? Мэдлэгийг уландаа гишгэсэн улстөр, наад захын этикгүй улстөрчидтэй, ялзарсан үнэлэмжийг зохиож үйлдвэрлэж байдаг Төртэй улс сайн сайханыг цогцлоож чадах уу? Дээр доргүй хулгайчийн сэтгэлгээтэй болсон энэ нийгэмд хөгжил гэж байна гэвэл тэр ни энэ монгол үндэстнийг бүхэлд ни “хулгайч үндэстэн” болгох тийм л “хөгжил” байна.

Худал, хулгайн үүр болсон төрийг сайн үйл бүтээнэ гэж хүлээвэл горидсоны гарз болно. Худалч луйварчид хулгайч төрийг засахгүй. Монголдоо хайртай, мэдлэгтэй, өөртөө итгэлтэй, эрхэмсэг хүмүүс хулгайч төрийг засна.

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 1634

Бүлэг: Нийтлэл

Японы газар хөдлөлт ба цунами

Ж.Ирээдүй, 2011.03.12, Токио


За ингээд өнөөдөр Японд сүүлийн 100 жилд тохиож байгаа аймаар газар хөдлөлтийн гэрч болдог юм байжээ. Гадаад хэргийн яаманд хичээлээ заачихаад Чуо чиглэлийн хурдан шугмаар сургууль руугаа буцаж явахнээ газар хөдлөөд ёстой аймаар юм боллоо. Газар хөдлөлт байшинд ялангуяа сууж юмуу хэвтэж байхад бол сайн мэдрэгддэг, харин галт тэргэнд барагтай бол мэддэгдэггүй гэдэг.

Галт тэрэг бол ерөөсөө усан дээр байгаа завь аятай л байлаа. Эхлээд энэ галт тэрэг нь эвдэрээд зогсож байгаа юм байхдаа гэж гайхахнаа хүмүүс шуугиад цонхоор хараад, газар хөдлөж байна гэж зарлаад уналаа. Би тэр галт тэрэгний хамгийн урд талын хэсэгт бараг жолоочийн ард урд зам хараад явж байсан юм. Замд нэг ногоон товч хэд хэдэн удаа асаад, сонин дуутай дохио өгснийг мань нөхөр унтраачихаад л яваад байсан юм. Тэгэхнээ тэр нь газар хөдлөлт мэдэрсэн үед асдаг дохио байж. Жижиг хөдлөлтөд бол унтраачихаад давхиад байдаг юм байна л даа.

Гар утсаараа зурагт үзвэл Сэндайд 8.8 баллын хүчтэй газар хөдлөж, 10 метр өндөр цүнамигийн аюул ойртож байгаа тухай мэдээлж байлаа. Хоёр буудлын дунд шууд салгалаад савлаад зогсчихсон чинь гарч бууж болдоггүй, хоёр цаг шахам суугаад гараад ирсэн чинь бүх галт тэрэгний шугам хааж, такси, автобус, утас мутас бөөн очер байж байна. Арай гэж автобус дамжиж явсаар ажил дээрээ ирэхнээ өрөөний тавиур дээр байсан хамаг номыг минь тараагаад хаячихсан байна. Ядаж байхад бүх урсдаг шат, лифт автоматаар зогссон тул 8 давхарт арай гэж аахилаж уухилж гарлаа. Манай нэг профессорыг яг өрөөндөө сууж байхад газар хөдөлсөн бөгөөд хамаг ном нураад ороод ирэхэд нь за ингээд үхдэг байжээ гэж бодсон гэнэ. Найман давхар байшин усан онгоц шиг ганхаж байсан гэнэ.
Миаги аймагт голомтондоо магнитудийн 8.9 буюу манайхны ойлголтоор 12.2 баллын хүчтэй хөдөлсөн байна. 10 метр өндөр цүнами үүсчээ. Хүн байшин барилга машин тэрэг бол их усны хүчинд зүгээр л нэг зомгол төдий аж. Үүнийг зурагтаар үзүүлж байгаа тул дурдах хэрэггүй болов уу?
1923 оны Их Кантогийн газар хөдлөлтөөс хойш зуун жилд хөдлөж байгаа хамгийн хүчтэй хөдлөлт гэнэ. Энэ үеийн хөдлөлтөөр дор хаяж 140 мянган хүн нас барсан аж. Тэр үед ч мэдээж байшин барилга, цахилгааны хамгаалалт энэ тэр нь өнөөгийн манайх шиг л юм байгаа биз дээ, гал түймэрт ихэнхи хүн нь үхсэн гэх юм билээ.Харин өнөөдрийн энэ аюулыг дэлхий нийтээрээ зурагтаар харж байгаа тул илүү тайлбар хэрэггүй биз дээ. Бараг бүтэн өдөржин, шөнөжин  ойр ойрхон хөдөлсөөр л байна. Бүх төрлийн галт тэрэг, болон гар гэрийн утас хаагдаж холбоо барих боломжгүй байлаа. Харин мессеж л дамжиж байна. Хувийн болон хувьсгалын бүх галт тэрэгний шугам зогссон тул Токиогийн гудамжнуудад такси, автобусны оочер хэдэн зуун метрт хүрлээ.

Газар хөдлөлт болон цүнамид нас барсан хүний тоо нийтдээ 1000 гарчихлаа, мэдээж цаг цагаар улам нэмэгдэх байх. 2000-аад айл гэр орох оронгүй, оочих аягагүй боллоо, мөн 1800 орчим айл их бага хэмжээгээр цүнамид хамрагдсан байна. (Энэ далимд хэлэхэл цүнами Ш.Баатар нөхөр "цохих долгион" гэж орчуулсан харагдана. Бас болох л юм.) 1800 орчим хүн ор сураггүй байна, онцгой байдлынхан 300 гаруй хүний цогцос Сэндай хавийн уснаас цуглуулж авсан байна. Хэдэн зуун хүн их бага хэмжээгээр Японы нийт нутаг дэвсгэрт гэмтэж бэртжээ. Дахин 12 ны өглөөний 3.59-д Нагано, Нийгата болон Токиогийн хойд хэсгээр 6.5 баллын хүчтэй түлхэлт өгсөн байна. Шөнө унтаж байхад хөдлөөд л байсан. Гэхдээ өдрийнх шиг хүчтэй мэдрэгдсэнгүй.

Камайшигийн боомтоос хорь гаруй контайнер, хэдэн зуун шинэ машин хөвсөн байна. Газар хөдлөлт их болдог бүс нутаг далайн эргээр цүнами буюу цохих долгионоос хамгаалах хаалга гэж байдаг юм байна тэрийгээ бүгдийг хаагаад хаагаад барсангүй гэж албаны хүмүүс мэдэгдэж байна. 10 метр долгион чинь барагтай юм тэсгээхгүй л дээ. Цүнамигийн нөлөө дэлхийн бараг 30 оронд мэдрэгдэж нөлөөлж магадгүй байгаа тул болгоомжтой байхыг сануулж байна.

Дэлхийн 23 орон Австрали, Хятад, Өмнөд Солонгос, Мексик, Шинэ Зеланд, Сингапур, Индонези, Энэтхэг, Орос, Түрк, Герман, Франц, Бэльги, Арабын нэгдсэн улс, Швейцар, Жордан тусламж дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэнийг гадаад яамны сайд нь мэдээллээ. Энэ дотор Монгол Улс багтаж байгаа гэдэгт итгэж байна. Япон дах гадаад улс орнуудын элчин сайдын яамдад ямар нэгэн айхтар хүндрэл гараагүй байна.
Жэй Аар (JR) буюу Японы галт тэрэгний гол компани бүх үйлчилгээгээ зогсоолоо, үүнд Тохокү, Нагано, Яамагата, Жоецү, болон Акитагийн чиглэлийн хурдан галт тэрэг буюу шинкансэн мөн орж байгаа. Мөн хувийн Кеио болон Одакюу шугам бас бүрэн зогссон боловч өнөө өглөөнөөс хувийн шугамууд ажиллаж эхэллээ.

Агаарын тээвэрт бас нэлээд хүнд нөлөөлсөн байна, өчигдөрийн байдлаар дотоодын 711 нислэг цуцлагдаж, Наритагийн онгоцны буудалд 13000 хүн, Ханедагийн буудалд 10 мянга гаруй хүн  сандарч хоносон байна. Энэ өдөр Наритагаас монголын МИАТ-ын нислэг таарч 40 гаруй хүнтэй нисэх байсан Боинг хоосон хөөрч хөөрхөн "шатсан" гэсэн мэдээ монголын сайтуудаар тавигджээ.

Японы засгийн газар үндэсний хэмжээний томоохон хөрөнгө мөнгөтэй компанийг улс оронд тулгарсан хүнд үед ард түмэндээ туслахыг уриалсан байна. Мөн Японы Эдийн Засгийн Яам, Японы дэлгүүрийн холбоо, Сүлжээ дэлгүүрүүдийн холбоо, бусад нийгэмлэгүүдийг туслахыг хүссэн шаардлага хүргүүлсэн байна.
За харин нэг юм онцлоход япон хүмүүс бол ийм хэцүү үед юманд маш тайван ханддаг улс юм байна гэдэг нь харагдлаа. Тэгж айхтар хөдлөж байхад үймж шуугихгүй, журам ёс дэс дараа, оочер дугаараа нягт барьж ажиллах юм. Энэ олон сая хүн орилоод хашгираад дайраад унавал газар хөдлөлт, цүнамигаасаа аюултай юм болох янзтай. Ийм айхтар байгалийн аюулын аман дээр байдаг улст тайван уужуу байх л хамгийн чухал зүйл байдаг юм байна даа гэж бодогдож байлаа. Үүнийг бүр хар багаас хүүхэд байхаас сурч төлөвшсөн байдаг бололтой.

Харин монголчуудын хувьд нэлээд сандарч байх шиг байна. Йигл телевиз үзсэн гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээс авсан мэдээ голдуу давслаад дам дамжуулж байсан, харин Японд байгаа зарим хүмүүстэй холбогдож мэдээлэл авсан нь арай үнэнд нийцсэн байх. Гэхдээ Японд ундны усгүй болсон гэнэ, бүх албан газар хаагдсан гэнэ, дэлгүүр хоршоо хоосорсон гэнэ, дахин аймаар хөдлөх гэнэ гэсэн худлаа сүржин мэдээлэл хүмүүсийн сэтгэл зүйд их нөлөөлж хүүхэд шуухадаа Японоос татая гэсэн эцэг эх их байх шиг байна. Манай засгийн газар ч гэсэн байдлыг нарийн судлаж байж шийдвэр гаргахгүй, юм л бол татна авна гэсэн цуу тарааж хүмүүсийн айдас дээр айдас нэмж байна. Саяхан Египетэд болсон явдлын үеэр гэхэд л Монголчууд буцаж байхад Япончууд хүлээж байх жишээтэй.  Тэгэхээр юу юугүй татна гэж хаа хаагүй сандаргах хэрэггүй юм шиг.

За ингээд ямар ч атугай байгалийн энэ гэнэтийн газар хөдлөлт, цүнами аюул хохирол сүйтгэл багатай өнгөрч Японы ард түмнийг тэнгэр бурхан өршөөх болтугай хэмээн залбиран сууя.

  • Бичсэн batireedui
  • Үзсэн: 3740

Бүлэг: Нийтлэл

“Тусгаар тогтнол” сэдвийн сэтгэгдэл

Чонос овогт Чимэддоржийн Бат-Эрдэнэ. 2011.03.07

Жанжин Сүхийн хөшөөгөөр муур хулгана болж тоглосон өнгөрсөн өдрүүдийн маргааны гол сэдэв нь угтаа бол Монгол улсын тусгаар тогтнолын асуудал байсан юм. Тусгаар тогтнол бол Монгол хүн бүрийн амин чухал, эрхэм нандин зүйл бөгөөд хөшөө буулгах, сэргээх, ордонтой болох мэтхэнээр тунхаглан зарлах, мөн түүнчлэн хэн нэгэн эсвэл хэсэг мундаг хүмүүс олж ирсэн юм шиг амархан тодорхойлогдох боломжгүй, олон жилийн түүхэн тэмцэл, дэлхий дахин, бүс нутгийн нөхцөл байдал, дэлхийн дайнууд, тэдгээрт ялсан, ялагдсан их гүрнүүдийн хэлэлцээр, тохироо зэрэг олон зүйлээс хамаарах одоо ч бүрэн төгс судлагдаж дүгнэлт хийгдээгүй сэдэв болой.

Тусгаар Монгол улсын түүхийг 1921 оноос эхлүүлэх сонирхолтой байгаа нэг хэсэг байхад, 1911-1921 он хүртэлх үеийг орхигдуулахгүй нэг хэсэг байна гэж харагдаж байна. Хүнээр бол намтрын нэг хэсгийг орхих, орхихгүйтэй адил юм уу. Хамгийн сонирхолтой нь өсвөр үеийнхэн маань ямар түүх сонсож байгаа бол доо, одоо. Иймээс энэ тал дээр түүхчдийн хийх ажил их байх нээ.

1911 оны 12-р сарын 29. Монгол улс тусгаар тогтнолоо зарлаж, 8-р Богдыг хаан ширээнд залсан нь халх 4 аймаг, Ховдын хязгаараас гадна Өвөрмонгол, Барга, Урианхай, Буриадын бүх монголчуудыг нэгтгэсэн улс байсан юм. Тухайн үед хаанд дагаар орсон хошуу, нутгийг өөрт хамааруулан үздэг хаант улсын системтэй байлаа.

1911 онд Богд хаант Монгол улс дэлхий дахинд тусгаар тогтнолоо зарлаад 1912 онд хаант Орос улстай найрамдлын гэрээ байгуулсан нь Орос-Японы дайны дараахь хэлэлцээр ёсоор Оросын нөлөөний бүсэд хамрагдсных байлаа. Орос улс Монголыг тусгаар улсын хувиар найрамдлын гэрээ байгуулсан боловч 1915 оны Хятад, Орос, Монгол гурван улсын гэрээний үеэр Монголыг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрөөгүй өөртөө эзэрхэх улс гэж ойлгож байгаа гэдэг дипломат заль хэрэглэсэн байдаг. Энэ тухай О.Батсайхан докторын “Монголын тусгаар тогтнол ба Хятад, Орос, Монгол гурван улсын 1915 оны Хиагтын гэрээ (1911-1916)” гэсэн бүтээлд дэлгэрэнгүй бий.

“Гурван улсын гэрээгээр Монголын хил хязгаарыг Халх дөрвөн аймаг, Ховдын хязгаар нутаг байхаар тогтоосон явдал нь Монголыг ар, өвөр болгон албан ёсоор хувааж хуульчилсан баримт болсон юм. Энэ нь 1911 онд эхэлсэн Монголын үндэсний хувьсгалын тэмцэлд монгол үндэстэн нэгдмэл хүчээр нэгдэж тэмцэж амжилтанд хүрнэ гэсэн алсын зорилт биелэгдэхгүй байх нэг нөхцөл болсон юм. Хэдийгээр монгол үндэстэн, түүний уламжлал, зан заншил, соёл хуваагдмал байх нь монгол овогтонд олон сөрөг үр дагавар авчирсан сайн зүйл бус боловч үүний зэрэгцээ Монгол төрийн гал голомт хил хязгаар тогтоосон тэрхүү нутагт дахин сэргэн хөгжих нөхцөлийг бий болгосон явдлыг бодитойгоор үнэлэх нь зүйтэй болов уу. Хиагтын гэрээгээр тохиролцсны дагуу Монголын төрд дагаар орсон өвөр Монголын зарим ноёд нутаг буцах болсон билээ.” гэжээ. (дээрх зохиол, х185.)

Манжийн ноёрхлын дараа 1912-1916 онд Хятадын ерөнхийлөгч байсан Юань Шикай Хиагтын гэрээгээр Монголын тусгаар тогтнолыг бүрмөсөн устгана гэж тооцоолж байсан боловч хүчирхэг Оросын нөлөө, мөн дэлхийн нэгдүгээр дайны дараахь нөлөөллийн бүсийн хуваарилалт тэдний санаархлыг хязгaaрласан байна. 1919 онд автономийг устгах хүртэл Монгол хэдийгээр Хятадаас хараат автономит “улс” болсон ч эдийн засаг, хил гааль, хууль цааз, зэвсэгт хүчин зэрэг бүх талаар тусгаар улсын статустай байсан билээ. Мань Юань Шикай манжийн үед цэргийн жанжин, ерөнхий сайд байсан бөгөөд 1911 оны Хятадын хувьгалын дараа үндэстний эв нэгдлийг бодсон Сун Ят Сэн (тухайн үед 2 ерөнхийлөгчтэй болоод байв) түүнийг дэмжиж татгалзснаар тэрээр Бээжинд сууж байсан Манжийн хааны бодлогыг үргэлжлүүлэгч болсон юм. 1915 онд өөрийгөө хаанд өргөмжлөн бүх талаар нэгэнт хоцрогдсон өмнөх засгийн бодлогыг үргэлжлүүлэхийг санаархсан нь улс орныг дахин эмх замбараагүй байдалд хүргэжээ. Тэрээр 1916 оны 6-р сард таалал төгсч, Хятадын өнцөг булан бүрт эрхшээлээ тогтоох гэсэн цэргийн эрхтнүүдийн 20 жил үргэлжлэх замбараагүй байдал эхэлсэн юм. Хятадын хамгийн том муж Сычуаньд гэхэд энэ 20 жилд 50 гаруй генералын хооронд 500 орчим зөрчилдөөн үүссэн байх жишээтэй. (p.101, Generalissimo Chiang Kai-Shek and the China he lost)

1917-1918 онд гэхэд л Хятад улсад 2 ерөнхийлөгч, 8 ерөнхий сайд солигдсон байна. (Wikipedia, List of state leaders)  Ер нь Бээжин дэх Хятадын засгийн газрын хүчин ихээхэн мөхөс байжээ. Хятадын өнцөг булан бүрт цэргийн генералууд төв засгийн газраас хараат бус дээрэм, тонуул, аллага хядлагаар ноёрхлоо тогтоож байв. 1918-1920 онд Хятадын засгийн эрхэнд хүчээ авч Үндэсний Ассемблейн дөрөвний гурван хувийн суудлыг авсан Анхуй бүлгийн толгойлогч, ерөнхий сайд Дуан Чируй (Duan Qirui)-н баруун гар, Баруун хойд хил хамгаалах армийн захирагч, генерал Сю Шүжэн (Xu Shuzheng) 1919 оны 10-р сард Монголыг эзлэн түрэмгийлж, 11-р сарын 17-нд Монголыг Хятадын эрхшээлд түр зуур авсан байна. Энэ үйл явдалд Монгол улсаа худалдсан гэх улсын дээд хурлын гишүүд, сайд ноёд, Чен И-тэй хамтран 64 зүйлийн бичиг илгээсэн тухайн үеийн ерөнхий сайд, гадаад явдлын яамны сайд, эрхтэн дархтны тухай ард түмэн “уут уут мөнгөөр улсаа худалдсан ноёдууд” гэсэн дуу хүртэл зохиосон билээ. Манай сайд ноёд Хужирбуланд Сю Шүжэн-ий зохион байгуулсан цэргийн жагсаал, зоогонд уригдаж оролцсон байдаг. (доктор Е.Беловын диссертацид бий.)
Автономийг устгах шийдвэр гаргах Улсын дээд болон доод хурлын хамтарсан хурал дээр доод хурлын гишүүд болох Нийслэл хүрээний цагдаагийн дарга Цэмбэл бэйс, Баатарбадрах гүн зэрэг эх орончид эрс эсэргүүцэж доод хурлын шийдвэр эсрэг гарсан байна. Үүнийг үл харгалзан Сю Шүжэний хүссэн автономийг устгах Улсын дээд хурлын шийдвэрт дээд хурлын гишүүн бүх 5 сайд, 11 дэд сайдын хамт гарын үсэг зурж, Богд хаанаар тамгалуулах гэсэн боловч тэрээр татгалзсан байдаг. Хэдий тийм ч тэр шийдвэрийг хожим Хятадын засгийн газар Орост “монголчуудын өөрсдийн хүсэлт” гэж тайлбарласан юм.

Баруун хойд хилийг төвхнүүлэх генералын үйлдэлд 1919 оны хоёр, гуравдугаар сард Читэд хуралдсан панмонголчуудын хурлаар байгуулагдсан Өвөр Монголын нэйс гэгээн Мэндбаяр ерөнхий сайдтай “Нэгдсэн Монгол” улсын “аюул” ихээхэн шалтаг болсон юм. Уг хурлын зохион байгуулагч атаман Г.М.Семёнов гэх буриад гаралтай нэгэн 1946 он хүртэл амьдрахдаа энэ санаагаа орхиогүй байна. Xu Shuzheng болон Grigory Semyonov-н намтрыг Wikipedia-с уншиж болно. Сю Шүжэн дээрх албан тушаалаас 1920 онд огцорч, 1925 онд өшөө авалтын бай болж, насан эцэслэсэн байна.

Манай сайд ноёдын Автономийг устгаж Хятадын эрхшээлд бүрэн орох бичиг үйлдсэн үйлдэл нь түүнээс нэлээн хойно тухайн үеийн улсын удирдагчдаас БНМАУ Зөвлөлтийн бүрэлдэхүүнд орохыг хүссэн бичгийг 1945 оныг хүртэл хэд хэдэн удаа, бүр 1950, 1953 онуудад хүртэл илгээж байсан үйлдэлтэй нэлээд төстэй байдаг. Эдгээр үйлдэл нь дэлхийн хүчирхэг гүрнүүдийн, одоогоор бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөл юм уу даа, харилцан тохиролцсон гэрээг зөрчих болно гэдгийг манай аль ч үеийн удирдлагууд мэдэхгүй байсан нь харамсалтай.

Иймд энэхүү нарийн төвөгтэй, эрхэм нандин сэдвийг маргааны бай болгох биш улам нарийвчлан судалж, үнэн мөнийг мэдэж авах зайлшгүй шаардлагатай байна.

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 3221

Бүлэг: Нийтлэл

Нам

Др, Проф, Ш. Пүрэвсүрэн. 2011-02-18                                

Цагийн байдал ороо бусгай энэ үед ойрноос нам гэгч улс төрийн байгууллага чухам юу болоод хувирчихав даа гэсэн бодол хэн бүхний толгойноос салахгүй боллоо. Нам гэдгийн утга учрыг онолын талаас нь тайлбарлаж олон үгээр цэцэрхэх гээд яахав. Ер нь орон орны түүхээс авч үзэхэд нам гэдэг нь  тодорхой улс төрийн зорилготойгоор олон түмнийг удирдаж нэгтгэн зангидах хэрэгсэл юм болов уу. Гэхдээ чухам ямар зорилгоор гэдгээсээ хамаарч хүчит энэ зэвсгийн жинхэнэ утга учир тодорхойлогддог бололтой юм.

АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон хэдийгээр ард түмэн нь дуу хоолой нэгтэйгээр хүсэж байсан боловч, нэг хүний дарангуйлал тогтохоос болгоомжилж, гуравдахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдохоос  өөрөө татгалзаж байсан шударга нэгэн. Тэрээр албан тушаалаасаа буухынхаа өмнөхөн улс үндэстэндээ хандан бичсэн мөнөөх алдарт “Үдэлтийн захидалдаа” улс орны удирдагч нь үндэстнийхээ эрх ашгийг намын явцуу бүлгийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьдаг ёс суртахууны зарчмыг хатуу баримтлах ёстойг хатуу анхааруулсан байдаг. Үндэстний эв нэгдлийг алсдаа хагалж бутаргахад хүргэнэ гэж үзээд тэрээр  намын хатуу тогтолцоог дэмждэггүйгээр үл барам харин ч намаараа хуваагдан талцахыг хүчтэй эсэргүүцдэг байжээ.

Нэг намын хатуу дэглэмд бүхэл бүтэн үеээрээ хэлмэгдэж, дарлуулж, боолчлуулж явсан үе өнгөрсөн зууны Монголын түүхэнд хар толбо болон үлдсэн нь үнэн, гэхдээ тэр үеийн намын диктатур  “социализмын төгс ялалт өөд” гэсэн мундаг лоозонгийн дор манийгаа чангалж, бас  муугүй хүмүүжүүлж байлаа. Үнэхээр ч энэ намын шалгарсан олон сэхээтэн, төрийн зүтгэлтнүүд эх орон ард түмнийхээ төлөө гэсэн хоёргүй сэтгэлээр тэр үеийн МАХНамын төмөр мэт сахилга батыг эрхэмлэн өдөр шөнөгүй хүчин зүтгэж явсныг одоо хэн ч үгүйсгэж чадахгүй л дээ. 

Нам ард түмний холбооны талаар байнга ярьдаг байсан нөгөө муу нэртэй, луу данстай Бал даргад маань одоогийн намын асман феодалууд шиг дуртай үедээ хэд хоногоор бүү хэл хэдэн сараар зугаалж,  өвөл зунгүй найр наадам, морь мал хөөх цаг зав байгаагүй ээ. Эх орон ард түмнээ гэсэн чин сэтгэл нь хаа нэгтээ нь байсан учраас л тэр үед бидэнд дэгтэй, хүмүүжилтэй, боловсролтой, эрүүл энх бойжих орчныг бүрдүүлсэндэг. Намыг зөв зорилго зохион байгуулалтайгаар залж удирдаж чадах аваас үнэхээр агуу их хүч.

Ингээд бид ерэн онтой залган цагаан морин жилийн ардчилсан хувьсгал ялснаар нэг намын жанжин шугам  гуу жалга руу таягдан шидэгдэж, олон намын тогтолцоо гэгч рүү улс орон маань онолын болоод практикийн ямар ч бэлтгэлгүйгээр гэнэт шилжсэн билээ. Нам төвтэй төрийн боолчлолын гинжнээс салсан лүмпэн пролетариуд бид ч савсаглан хөөрч, Жасрай сайдын заасан хонгилын үзүүр дэх гэрэл рүү хошууран зүтгэсэн боловч, байдал санаснаас огт өөрөөр эргэж, Очирбат ерөнхийлөгчийн амлаад байсан бар ч биш бүр баар улс болох тал руугаа орцгоож, самуурч садарлан согтуурч эхэлсэн нь гашуун боловч үнэн.
Сайны хажуугаар садаа олон гэгчээр өмнөх засаглалын үед болох  болохгүйгээрээ дуудуулдаг байсан зарим эрээвэр хураавар этгээдүүд ч ардчилал хэмээх хатуу дэг жаягтай ариун үйлсийг хэнбугай нь  юу дуртайгаа хийж болдог анархи орчин гээд ойлгочихсон байлаа.
Ингэж толгойтой болгон нь нам байгуулан төрийн хоймор руугаа туг барин зүтгэснээр Монголчуудын түүхэнд байгаагүй их хагарлын шинэ эрин үе эхэлсэн билээ. Дээр нь Чапаевын дүр төрхтэй салмаан баатрууд хөдөөд бүр олноор төрж, шинэ намуудын нэр сүрийг жинхэнэ утгаар нь гутааж өгсөөн. Ардчиллын алтан хараацай хэмээн өөрийгөө өргөмжилж, хамраа сөхөн цээжээ түхийлгэгсдэд төрийн торгон жолоог залах туршлага анхандаа дутацгаасан нь мэдээж. Ард олныг намын нэрээр түрий барин дээрээс нь томон зангидаж, төрийн алба руу шургаж  болдгийг тэд олж харсан болохоос биш дараа нь түүнийгээ дороос нь яаж хянаж цэвэршүүлэх  арга механизмыг нь орхигдуулсан байлаа.
Дээр нь өмнө нь огт амсаж үзээгүй албан тушаалын амтанд бялуурцгааж, шуналын хамуу хачиганд хазуулснаас нөгөө Монголоо гэх эх оронч сэтгэл тэмүүлэл нь яваандаа мартагдаж, анхныхаа эрмүүн зорилгоосоо  хазайж эхэлснийг бодохоос харамсмаар. Тэд түмэн олныхоо эрх ашгийг умартаж, өөрсдийн бодож боловсруулсан богинохон зорилгодоо хөтлөгдөн хагарч бутарч, салж нийлэн, мөн ч их шившгээ тарьцгаасан даа.

Энэ байдлыг нь харсан ард түмэн ардчиллынханд итгэл алдан гутарч, хуучин үеийнхээ шулуун шударга удирдагчид шигээ хүмүүс  эргэж ирнэ гэж найдан шинэ эриний эхэнд ер бусын сонголт хийчихсэний бас нэг учир шалтгаан нь “Төрөө хямралаас, түмнээ ядуурлаас..” гэсэн сүржин лоозон олон ч хүмүүсийн зүрх сэтгэлийг гижигдснийх байлаа. Энэ үед МАХН намын шинэ удирдлагын цөм нь шал ондоо хүмүүс болчихсныг  харамсалтай нь хэн ч олж анзаараагүй ээ.

Өмнөх улаан намын ёс суртахуун, нандин чанар, сахилга бат нь уландаа гишгэгдэж, хөрөнгө мөнгөний төлөө хүн чанараа алдсан улайрагсад энэ намын толгойд үүрээ засацгааж эхэлсэн. Хээл хахууль, авилгал богино хугацаанд хил хязгаараа алдаж, намын нэр дор  мөнгөний төлөөх төрийн албаны наймаа бүр ичгүүр сонжуураа алдсан. Дээр нь нийслэл хотоос эхлүүлсэн газрын наймаа хүрээгээ тэлж, Монгол нутгийн аль баялагтай хэсгээс нь сорчлон хувааж, лиценз гэсэн гоё нэрээр гар дамжуулан гадагш нь худалдах эрхийг тэд гартаа авцгаасан юм. Ингэж улс эх орны тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлыг хэдэн халтар зоосон дээр дэнжигнүүлэх үе эхэлсэн түүхтэй. Нөгөө түмний ядуурлын тухай яриа бүр тас мартагдаж, энэ талаар хэн нэг нь чангахан дуугарах ч эрхгүйгээр барахгүй, хэвлэл мэдээллийн гол гол хэрэгслүүдэд их удирдагчаа шүтэн бишрэх  ерөөл магтаалчийн үүрэг ногдсон байлаа. Хаалттай харанхуй энэ дөрвөн жил хөрөнгө хүссэн цөөнхөд тун хурдан, амлалт биелэхийг нь мөрөөдсөн олонхид  харин зуунаас удаан өнгөрсөн билээ.

 Тиймээ, шинэ мянганы эхний тэр жилүүдэд “зүүний нугалаа” гэгч зэвүүн цагийг санагдуулам их аян дайн зарлагдаж, бүх зүйлийг буцааж төвлөрүүлэн МАХН-ын улаан батлахыг дунд сургуулийн юугаа ч мэдэхгүй  нусгай жаалуудад хүртэл  баруун солгойгүй хомроголон тарааж байсан нь тэднийг   яваандаа цэргийн тангараг өргөсөн байлдагчид мэт  өөрсөддөө үнэнч зүтгүүлэх  шалгарсан башир арга байсан биш гэж үү. Энэ намынхны харалган бодлогоор боссон хадгаламж зээлийн хоршоодод мөнгөө алдаж бухимдахдаа батлахаа уран чулуудаж байгаа хүмүүс, юу ч үгүй болтлоо хоосорсондоо бачимдаж траншейны архичин бологсод, амиа егүүтгэгсдийн өмнө хэн буруутан юм бэ?  

   Хамгийн их өртэй компанийн эзэд ч нам байгуулж, төрөөр тоглодог, намынхаа харьяалал, нэр зүсийг дуртай үедээ өмссөн дээлээ солихоос ч амархан хэд хэд өөрчилдөг дэггүй банди нар төрийн их танхимын од болдог сонин үед аж төрөх “азтай” хүмүүс юм бид. Дээдсүүдийн замбараагүйтэл доодсуудын завхрал болон хувирдаг хорвоогийн жам ёсоор архидалт, гэмт хэрэг хүчирхийлэл өнөөгийн ядуусын дунд жирийн амьдралын хэв  маяг нь болтлоо хавтгайрсан. Ганцхан жишээ татъя. 2005 онд Улаанбаатар хотод гэмт хэргийн улмаас иргэдэд учирсан нийт хохирлын хэмжээ 48 тэрбум төгрөг буюу нийслэлийн төсвөөс хол давж, үүний дөнгөж 3 хувь нь хохирлоо барагдуулж байсан гээд  бод доо. Нам төвтэй өнөөгийн төр засаг иргэдийнхээ амь нас эд хөрөнгийг үндсэн хуулинд зааснаар  ингэж   “хамгаалж” байв. 

Өнгөрсөн намар Дархан хотын танил нэг өвгөн:
-Нам гэдэг чинь өнөөдөр ёстой нэг нохойн наадам болоо шив дээ Зарим далан худалчийнх нь нэрийг сонсож, зүсийг нь харангуут л даралт ихэсчих юм гэж ярьж байж билээ.  Нээрээ л аль ч намын олигархууд  жирийн гишүүдээ сонгуулийн үеэр л нэг удаа ашиглаад бэлгэвч адил хаядаг  болсныг нь бодохоос  тэдний уран цэцэн үгэнд шургаж унатлаа молиго үнхсэн хэний боловч дургүй нь хүрч, толгой нь эргэн  дотор нь муухайрахаас өөр аргагүй.

Намын нэрээр мөнгөний хур буулган гарч ирсэн нүсэр их зардал чирэгдэлтэй эрхэм гишүүд татварын мөнгөөр тэрбум тэрбумаар санхүүжээд зогсохгүй, тэднээс сонгуулийн шагналын томилгоо авсан бүх дунд шатныхан нь зөвхөн загалмайлсан эцэгдээ үйлчилдэг, бизнесийн бүлэглэлийн эрх ашгаар төрийн албыг хуваалцдаг,  тендер будилуулагсад, газрын наймаачид, бүр тодорхой хэлбэл хууль огт үйлчилдэггүй төрийн дуулгатай гэмт хэрэгтнүүдийн үүр уурхай болсон нь үнэн.

 Ингээд бодоход бид хорин жилийн өмнө хагацлаа саллаа гээд хөөрцөглөөд байсан  намынхаа дөнгөнд буцаад  бүгдээрээ хүссэн ч хүсээгүй ч толгойгоо углуулчихсан юм биш үү. Удирдах зөвлөл ч юм уу, намын бүлэг гэгч нь хувийн эрх ашгаа бүхнээс дээгүүр тавьдаг, улс төрч гэж өөрсдийгөө андуурагсдын хор найруулгын цөмүүд  болж, тэд нар нь жирийн мянга мянган гишүүдээсээ сураг алдартлаа тасарч, үгийг нь ч сонсох чадваргүй болтлоо мансуурцгаав. Намын удирдлага гэдэг үг нь албан тушаал, хөрөнгө мөнгөний шат дамжлага гэдэгтэй  утгаараа яг дүйцэж, энэ халхавчийн цаана хамгийн том хар наймаа хэлцлүүд явагдаж, намын багтай дээдсийн хүрээлэнгийн луйварчдад өөрсдийнх нь баталдаг хууль үйлчилдэггүй жишиг жаяг нэгэнт тогтчихлоо. 

Зандалчин Хитлерийн цагтаа өөрийгөө дэмжүүлэхээр үүсгэн санаачилж байсан “социалист залуучуудын холбоо” гэгч эвслийн үрийг ууган нам нь хашаандаа тарьж ургуулсныхаа шанг хангалттай авцгаасан даа.  Даржин энэ байгууллагаараа дамжуулан ах нартаа хандив өргөж байж улс төрд орсон увайгүй банди нар өгсөн мөнгөө хэд дахин өсгөж, сая саяар нь түрийвчилж аваад орон дамжин мөрийтэй тоглож баларч байв. Бүр төрийн яам нь ажилчдынхаа цалинг ийм тоглоомчинд тавиад туучихсан инээдтэй бөгөөд эмгэнэлтэй тохиолдол ч гарсан.

Хэмжээ хязгааргүй шуналдаа ухаан мэдрэл нь муужирсан бага хурлын нэг гишүүн нь гэгээн цагаан өдрөөр засгийн газрынхаа гишүүн найзынхаа амийг зэрлэгээр хороосныг  баастай бурхадууд нь харсан мөртлөө балайрсан царай гаргаад л өнгөрцгөөсөн. Ардчилсан оронд ийм явдал болсон бол ах нар нь хамтдаа дээлээ нөмөрдөггүй юм аа гэхэд суудлаа өгөөд бушуухан холдох байлаа.

Намын нэрээр гадаадад томилогдсон дипломатууд нь тамхины наймаанд байнга холбогдож,  тэр бүү хэл хүн хулгайлалцсан хэрэг мандааж, дэлхий дахинаа Монголын нэр хүндийг гутааж байсныг юугаар зөвтгөх вэ. Одоо цаана чинь юу болж байна.  Юу таринав, түүнийгээ хурааж авдаг ертөнцийн жам гэгч энэ бөлгөө.

  Энүүхэндээ гэж хэлэхэд төрийн дээдсүүд шиг орон орон дамнан айлчилж сүйд болдоггүй ч, ерийн иргэд бид гадаадад хааяа зорчихдоо Монгол гэж зоригтойхон дуугарахаасаа  нүүр улайдаг болоод байна шүү дээ.  Еэ бүү үзэгд, өнөөх Банчин богдын лүндэнд  айлдсанчлан муу ёрын цөвүүн цаг гэгч л яг одоо ирчихсэн бололтой юм.

Төсвийн хөрөнгийг зувчуулагч цөөнхүүд нь намынхаа нэрээр хоосон амлалт, цаасан мөнгө, архиар хүртэл угжиж, байгаад саналыг нь авдаг, “тоолдог” дэлхийд хаа ч байдаггүй шившигтэй жаяг зөвхөн Монголд  л өнөөдөр буй болоод байна. Намын суганд хавчуулагдсан ямар ч гэмт хэрэгтэнд гэсгээл ногдуулах эрх мэдэлгүй, хүсэл зориггүй авилгад идэгдсэн цагдаа, шүүх засаглал ганцхан Монголд минь амь бөхтэй оршин тогтносоор. Зээр буудаж байгаа мэт машинаар хүн элдэж, шүршиж буудах тушаал өгчихөөд хэргээ цайруулгачихдаг орныг ардчилсан улс гэх үү. Хэн хэнийг буудсаныг нь ялгаад тогтоож чаддаггүй орныг цагдаатай улс гэх үү? Намаа төсвөөр тогтохгүй хахуулийн хар мөнгөөр санхүүжүүлдэг, энэ нь До яамны нь одоогийн архиваас илүү нууцлалын зэрэглэлд багтдаг бичигдээгүй хуулийг толгой дохин зөвшөөрч суух нь бидний үүрэг үү?

 Нам чинь хувьцаат компани биш  хамтын удирдлагын зарчим дээр суурилдаг улс төрийн байгууллага биз дээ. Ичих булчирхай гэж байсан бол өөрсдөөс нь ичсэндээ  улайсаад хайлчихсан  эрхмүүд  минь одоо ёс зүйн хороо мороо гэж солиоролдохоо боливол бүр яасийм.
Ийнхүү дэлхийн улс гүрэн болгонд шахуу байдаг  нам гэгч  сонгомол эвсэл нь эх зах, дэг жаягаа алдсан ядуу Монголын газар шороон дээр буухдаа айл гэр, амраг саданг хүртэл хооронд нь дайсагнуулж бужигнуулан  ёстой албин чөтгөрөөс доор “амьтан” болгодог юм байна. Өвгөн Вашингтоны муу ёрлоод байсан өнөөх олиггүй олон намын зөрчилдөөн хоёр зууны дараа Монголын хөрсөн дээр жинхэнэ ёсоороо амилах нь энэ бололтой.

 Өдөөсөн дайндаа ялагдаад гарах газаргүй болсон Адольф Хитлерийг амиа хорлох гэж байхад нь “Та хайртай  ард түмнээ ийм байдалд оруулчихаад ингээд орхиж  байгаа юм уу” гэж дотнын нэг туслах нь асуухад нь тэрээр “тэд өөрсдөө намайг сонгосон, тэр үйлээ өөрсдөө одоо эдлэг” гэж хариулж байсан гэдэг.  Энэ бүтэхгүй нөхөр  гэдгийг нь мэдсээр байж дахин дахин дээш нь залж явуулаад байгаа мулгуу бид нар л эцсийн эцэст өөрсдөө буруутан нь биш гэж үү.

Нам гэгч зуу гаруй жилийн тэртээд хөгшин Европоор тэнүүчилж явсан энэ хий үзэгдлийн нэрний  эхний үсгийг нь Т–гээр солиод уншихад жинхэнэ дүр төрх нь нүдэнд харагдахаар болтлоо жирийн түмнийг  ийнхүү залхааж гүйцлээ. 
  Нэг л авууштай нь энэ данхайсан нүсэр байгууллагын ухааны мэлмий нь нь нэгэнт сохорч  одоо улс төрчид гэж өөрсдийгөө дөвийлгэсэн хэсэг бүлэг хүмүүсийн бизнесийг тэтгэдэг “арван толгойтой атгаалжин хар мангас”  болон хувирсныг  жирийн түмэн сүүлийн хэдэн өдрийн хошин шогийн гэмээр жүжгийн  үзэгдлүүдээс ойлгож эхэллээ.

Хуулиас дээгүүр оршин шүүх цагдаагаар хамгаалуулсан намуудын өгөрсөн хэрмэн ханыг  одоо та бид л өөрсдөө нураах цаг нь нэгэнт болсон байна. Египетийн сүүлчийн фараон Мубарак аятай тасархай баян удирдагчдын нам хэмээх хий үзэгдлээр дамжуулан улаан хамгаалагчаа  болгох гэсэн санааг толгойноосоо таягдан  хаях үе нь иржээ. Юугаа ч мэдэхгүй үр хүүхдүүдэд маань тангараг өргүүлэн тараасан улаан, цэнхэр хавтсуудыг нь буцаан өгч,  эздийг нь төрхөмд нь буцаахгүй бол соёлтой ертөнцийн шударга иргэдийн  жигшил зэвүүцлийг төрүүлэм замбараагүй орчин улс оронд маань нэгэнт буй болсон байна. Ингэж цаашдаа удаан явах юм бол нөгөө ертөнцийн гурвын хэллэгээр “Монгол хэмээх ертөнцийн чихнээ дуурсгалтай” оронд чинь:

Утаа хогондоо дарагдсан хот
Урвайж ноохойлдсон хүн сүрэг
Ухаад хаячихсан нүх жалга л үлдэх нь.
 

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 1731

Бүлэг: Нийтлэл

Монгол биш Монгол

Найдалаа.  dorjtoin.blogspot.com

Монголчууд бидний өвөг дээдсийн дундарсан ч дуусашгүй их сүлд хийморь, урагш тэмүүлсэн их хүсэл амбиц, үе дамжсан тэмцэл, зүтгэлийн үр дүнд их улс, эх биеэ арга буюу тасдуулан байж өнөөгийн Монгол улсыг өдий авч үлдсэн билээ. Аргагүй аз хийморь түшиж, аргагүй агуу байсны учир их савны ёроолд их үлддэгийн адил чамлахааргүй "том" Монгол улсыг өвлөн авчээ.

Энэ бидний гарт байгаа тусгаар төр, бидний монгол гэж цээжээ балбах бололцоо зүгээр олдоогүй, маш их үнэ цэнээр сольж авсан юм. Энэ бол алдсан нутаг, газар шороо гэхээсээ илүүтэй арга барагдан одоогийн Монгол улсын хилийн гадна үлдсэн ах дүү бусад монголчуудын маань хувь заяа билээ. Тэд бидний төсөөлшгүй зовлон зүдгүүр, доромжлолыг бидний өмнөөс үүрч ирсэн....

Их Монгол улсын голомт нь болж хариуцлага үүрч яваагийн хувьд өнөөгийн бид монголоо мартахгүй гэсэн, монголын төлөө гэсэн, өөрийгөө монгол гэж тооцдог сэтгэл зүрх болгоныг гүнээ хүндэтгэн үзэж, үзэл санааны хувьд нэгтгэн, манлайлах, урам, зүтгэлээр тэтгэх татгалзашгүй бөгөөд мөнхийн үүрэгтэй.

Харин бид энэ үүргээ биелүүлж чадаж байна уу? Бид энэ үүргээ умартан, нэг л үхээнц, дөнгөхгүй байх шиг. Өвөр монгол хүнийг Эрээний хулхи наймаачнаар төсөөлнө, үг хэлийг нь шоолж, нийтийн хошин шог хүртэл зохиож, элгээ хөштөл инээлдэцгээнэ. Өвөр монголыг хужаагаар, буриад халимагуудыг оросоор нь дуудаж, наашаа гэсэн сэтгэлийг нь бөхөөж, урмыг нь хугалж, өөрсдөөсөө ямагт түлхэж холдуулна. Тэднийг бид шоолж гадуурхах, ад шоо үзэх ямар ч үндэслэл байхгүй, тийм ёс суртахууны эрхгүй билээ.

Хилийн гаднах монголчууд байсан тулдаа тэднийг нэг удаад худалдан байж өдийн дайны тусгаар улс үлдсэн юм. Түүнээс ч илүүтэй одоо тэд биднийг тойрон хүрээлж, хүн соёлын асар том хэрэм болон монгол улс руу чиглэсэн харийн соёлын хэт түрэмгийлэл, шунал сэдлийг торгоон сааруулж байна. Тэдний монголжуу чанар улам багасаж, их гүрнүүдийн соёлд уусан бүдгэрч, бидний асар том соёлын хэрэм хэврэгшин сульдаж байна. Монгол ах дүү нартаа чин сэтгэлийн дэм өгөх, дэмжин туслах, урмаар тэтгэх нь зүгээр нэг ах дүүгээ харж үзэж буй ёс зүйн асуудал биш харин монгол улсын хөгжлийн нэгэн гарц жим олох, даяаршиж буй дэлхийд зөв байрлалаа эзлэх, өчүүхэн жижиг зах зээлээ тэлэх боломж, дэлхийд өрсөлдөх чадвартай болох, зэрэгтэй холбогдон маш чухал асуудал гэж бодох юм. Адаглаад л хэлбэрээ алдаж буй соёлын хана хэрмээ засч, сэлбэх, тэтгэх хэрэгтэй санагдана.

Монголчууд ууг нь цөөхүүлээ биш, бид л өөрсдийгөө цөөхүүлээ гэж голж, жижигрүүлж буй мэт санагдана. Сүүлийн үед монгол улсаас гадаадад гарсан монголчуудын дараагийн үе төрөн гарч, хэл соёлын хувьд биднээс бага багаар алслан холдож байна. Бид тэднийг бас л эрлийз хурлийз, хэлтэй усгүйгээр нь тохуурхаж, өөрсдөөсөө түлхэж, өөрсдийгөө улам жижигрүүлсээр байх уу?

Монгол улсын монголчууд бид ах дүү монголчуудаа тэтгэж, монгол соёлоо хадгалах, үр хүүхдэдээ өвлүүлэхэд нь зүйл бүрээр дэмжлэг үзүүлж, монголд суурьшин амьдрах, тухтай зорчих боломжийг бий болгох ёстой. Мөн бид өөрсдөө ч кирил бичиг, бидний явцуу сэтгэхүйд уягдан ядуурч байгаа монгол хэлээ баяжуулж, бусад монголчуудад хадгалагдан үлдсэн үнэт зүйлсээр баяжуулмаар. Цаашлаад бизнесийн зүгээс бодоод үзсэн ч гадаадын хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, гадаад бүс нутагт зах зээлээ тэлэхэд ах дүүстэй байхын ашиг тус олон талаар гарч болох юм. Үнэхээр ч хэн эхэлж монголыг сонирхож хөрөнгө оруулах вэ, хэн эхэлж бидний иддэг, өмсдөг, сонирхдог зүйлийг худалдан авах вэ, хэцүү цагт хэн бидэнд түрүүлж санаа зовох вэ гээд бодоод үзэхээр бид том том ярьж америк япон гэхээсээ илүү гадаад дахь монголчууддаа анхаарал хандуулмаар.

Ингээд бодохоор элэг нэгт монголчуудаа хүндэлж, ойлгож, сэтгэлийн дэм, урам өгч, монголын төлөө гэсэн сэтгэлийг нь урамшуулж, сэтгэл дэх бөхөж буй очийг нь асааж, сэргээж яваарай гэж уриалж байна. Наашаа гэсэн сэтгэлтэй, ураг төрлийн холбоотой монголчуудыгаа л өөртөө татаж чадахгүй юм бол өөр бид ямар гадаад нөхрийг өөртөө татаж, монголд "хайртай дуртай" болгох билээ...

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 2283

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter