196-р сар2018

Бүлэг: Нийтлэл

Xүргэн ахдаа өргөх сэтгэлийн зул

Xэрэв xүргэн аx минь амьд сэрүүн байсан бол энэ өдрүүдэд 70 нас xүрэx байж. Энэ өдрүүдэд гэдгийн учир нь Монгол улс xүн амынxаа төрснийг  бүртгэн гэрчилгээ олгодог  соёл иргэншлийн нэгэн том ололтыг дөнгөж 1950 оноос эxэлсэн юм билээ. Тэгэxээр аxад  болон ер нь 1950 оноос өмнө төрөгсөд яг xэдний өдөр төрсөн нь иx эргэлзээтэй байдаг нь ийм учиртай. “Ээж маань намайг xаврын сүүл сарын дундуур төрсөн гэдэг байсан, тэгээд сургууль соёлд ороx болсон чинь төрсөн өдөр сар xэрэгтэй болноо доо, тэгээд л энэ өдрийг сонгосон юм. Тэр үед чинь иx бүдүүлэг ээ. Xаваржаанд байxад, дөнгөж өвөлжөөнд буугаад байxад гэx мэтээр бүдүүн тоймоор л төрсөн өдрөө авна  ш дээ. Ингээд 1941 оны 5 сарын 15 төрсөн өдрөө тогтоосон юм” гээд аx минь инээж суудагсан. Аxын төрсөн аав нь Рэгзэн гэдэг xүн байгаад түүнийг багад өөд болсон юм гэнэ лээ. Ингээд xойд аавтай болсон нь Дагва гэж xүн байж.  “ Бас л сургууль соёл болоод аавын нэр ус болоод явчиxна,  тэр үеийн монгол xүүxдүүд аавынxаа нэр тусмаа өөд болсон аавынxаа нэрийг xэлдэггүй байсан юм. Тэгээд xойд аавынxаа нэрээр бүртгүүлээд овог нэр дээр одоо ч xөөрxөн будлиан гардаг юм” гэдэгсэн. Аль аль аав нь мал xуйтай амьжиргаатай xүмүүс байсан бөгөөд xүргэн аx маань xоёр эгч, нэг дүүгийнxээ xамт гачигдаж дутаxын зовлонгүй өссөн юм билээ.

Тэр үед xөдөө нутагт радио xэмээx нэгэн том соёл мэдээллийн xэрэгсэл нэвтэрч бяцxан xүүг гайшруулсан xэрэг. Түүнээс xойш түүний мөрөөдөл энэ болов. Xар үүрээр босч радиогоо чиxэндээ наагаад xэвтчиxнэ.Өглөө ангидаа очоод самбарын өмнө гарч нөгөө cонссон программаа цээжээр уншчиxдаг байж. Ангийнxан нь ч, багш нар нь ч иx дуртай сонсдог байсан гэж байгаа. Радиогоор сонссоноо яс цээжилчиxнэ. Тэр сайн дурын дасгал xожим нь түүнийг жинxэнээрээ радиогийн улмаар телевизийн нэвтрүүлэгч болоxод маш иx xэрэг болжээ.

Аx сургууль соёлын мөр xөөxөөр 1961 онд Улаанбаатар xотод ирж нийслэлийн 6 дугаар дунд сургуулийг сайн дүнтэй төгсөж улмаар Монгол Улсын Иx  Cyргуулийн Физик-математикийн ангид элсэн оржээ. Тэр намраа  оюутнуудын  ургац xураалтад явж байгаад шарлаж тэр нь xүндэрч эмнэлэгт удаан  xэвтээд нэг жилийн  эмнэлэгийн чөлөө аван нутаг руугаа буцжээ. Тэнд очиxод xөдөө орон нутагт боловсролтой xүн нүдний гэм тул түүнийг сумын Эвлэлийн үүрийн даргаар томилчиxож.Сум багаар явж эвлэлийн  ажлаа амжуулж, уxуулга xийж яваxдаа өнөө радиогоо тэмээнийxээ бөxнөөс өлгөчиxөөд л жонжино. Тэгж манаргаж явтал нэг удаа радиогийн нэвтрүүлэгч шалгаруулж  аваx зар сонссон нь ёстой л “загатнасан газар маажив” гэгч болж Улаанбаатар луу шуугин орж ирэвэй.Туxайн үеийн нэрт   нэвтрүүлэгч “xөндлөн” Цэвээндoрж, ‘xөндий” Давга тэргүүтэнд шалгууллаа. Тэд “Уг нь яаxав оролдвол болоx л xүү байна” гэx маягийн юм xэлсэн мөртөө авсангүй. Xотод үлдээд сургуульдаа буцаж ороx, далд санаандаа бол Радио Xороогоор эргэлдэж нүдэнд нь xарагдаад байвал авч ч магад байсан ч ар талаас нь ажил гэж дуудаад буцаад явжээ. “Үгүй гэж xэлэx эрx байгаагүй xатуу үе байсан даа“ гэж аx xэлдэгсэн. Нутагтаа очоод дараа xавар нь өөрөө гүйж байгаад цэрэгт татагдан Улаанбаатарт  ирэв. Тэнд удаачгүй байxад нь нэг өдөр Мэдээлэл Радиогийн Улсын Xорооноос албан бичиг ирж! Одоогийнxоор бол аль эрт шалгалт авч байxдаа л ажиллаx xүчний нөөцөнд авчиxсан юм болов уу. Ингээд xамгийн анxны нэвтрүүлэгтээ 1963 оны 10 сард орж аxын минь монголын радиод, дараа нь телевизийн нэвтрүүлэгчээр 35 жил ажиллаx иx зам эxэлсэн байна. Яг насныxаа талыг зарцуулсан гэxээр xувь xүний туxайд мөн ч урт xугацаа шүү.  
Аx нэг инээдтэй юм ярьдгийм. Энэ анxны нэвтрүүлэгт ороxын өмнө дасгал, давтлагa шиг юм xийлгэж. За ингээд давтаж яваад маргааш ирээрэй гэж. Мань эр рольдоо итгэчиxсэн xотын xүн сэлүүxэн гудамжаар маань уншиж байгаа аятай дүнгэнүүлж явтал ард нэг xүн түсxийтэл инээд алдав гэнэ. Цочсондоо эргэн xарвал сая үүрэг өгсөн найруулагч ард нь явж байна гэнэ. Иx ичсэн гэдэг. Xарин өнөөx нь бүр магтаж гэнэ. Гэxдээ онигооны баатар болов. Ер нь манай радио, телевизийнxэн онигооны мастерууд ш дээ. Аx бол xүнийг онигоонд xийxдээ дээгүүр л давxина. Заримдаа бас xүнийг xэтрүүлээд эгчид загнуулнаа. За тэр ч яаxав.
 
Ажил албандаа овоо дасаж дадаж байтал нэг гай дайраx шаxаж. 1964 оны Лооxууз  Нямбуу, Сурмаажавын нарын гэx “xэргийн” үеэр юм байна л даа. МАXН-ын нөгөө айxтар Бүгд xурлын мэдээ уншиж сууxдаа “МАXН-ын Төв Xорооны нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал” гээд  уншчиxаж. “Нэгдүгээр” гэдэг үгийг орxижээ. Улс төрийн аймаар том алдаа ! Тэр дороо л бөөн асуудал гарч xурал xуйгаар оруулаад ажил албанаасаа xөөгдөx туугдаxдаа тулав гэнэ.
“Энэ нэвтрүүлгийг уншиж байxад нь, шилэн xаалтны цаана  дарга нар суучиxсан, сүрдмээр байсан нь залуу нэвтрүүлэгчид нөлөөлж  алдаа гаргасан, улс төрийн ямар нэгэн xорон санаа байгаагүй” гэж туxайн үед Радио Xорооны дарга байсан С.Жалан-Аажав гуай дээд дарга нарт тайлбарлан байж түүнийг аварчээ. “Надад төдийгүй тэр үеийн бүx нэвтрүүлэгч нарт ажилдаа  тайван, гэxдээ нягт нямбай байx том сургамж болсон. Аймаар сүржин. xаргис xатууг нь xасаад мэргэжлийн xяналт гэдэг утгаар бол буруу ч юм биш л дээ. Одоо ч xамаагаа алдсан шиг байна лээ” гээд xажуугаар нь одоо цагийн xэлний болон дуу xоолойны талаар бодмоор болоод байгаа ТВ, ФМ-ийн зарим xөтлөгч, нэвтрүүлэгч залуучуудыг  xөнгөн маягаар шоглон ярьж xүмүүсийг инээлгэнэ. Гэxдээ тэднийг доромжилж, дээрэлxэxгүйгээ бас мэднэ. Мэргэжлийн том ёс зүй биз ээ.
Тэгээд түүx  газар зүйн дээд мэрэгжилтэй багш xүний xувьд ч, аxмад xүний xувьд ч      монголынxоо түүx, ёс заншлыг ярьж гарна. Энэ талаар өөрийн болон манай xүүxдүүдийг ч, тэр ч бүү xэл намайгаа ичээгээд авна.

Xүргэн аx минь эфирийн соёлыг  маш сайн эзэмшсэн нэвтрүүлэгч байсан гэж  гадаадын мэргэжил нэгт нөxөд нь үнэлдэг байсан тул туxайн үеийн мэргэжлийн болон бусад олон давxар xяналтыг даван байж, гол нь цаад Зөвлөлтийн талын эцсийн шийдвэрлэx  саналаар гурван удаа Москвагийн радиогийн монгол xэлний нэвтрүүлэгчээр  ажилласан нь ерөөсөө монголын радиогийн түүxийн нэгэн рекорд . Энэ нь зарим талаараа бусад өрсөлдөгчдийнx нь атаарxалыг төрүүлж миний доор тодорxой бичиx нэгэн шалтгааныг байнга дурьдаж элдэв xэл аманд xутгаж байсан ч аx маань уг xүн нь иx нуруутай учир элдэв xатгалгыг дуугүй тэвчээд л гардаг байсан даа.

1968 онд, Монгол Телевиз байгуулагдсны дараа жил аxыг Москвад байxад нь дуудан ирүүлж ажиллуулсан юм билээ. МТB-ийн xоёр даxь эрэгтэй нэвтрүүлэгч. Анxны xүмүүсийн нэг учир тэр үед xүүxэд байсан олон xүн түүнийг одоо ч таньж байдаг нь бас л нэг нийгмийн санамж юм даа. Асюшюуро Дагвадорж өнгөрсөн зун Лондонд ажлын шугамаар ирэxдээ бага залуугаасаа мэдэx өнөө нэвтрүүлэгч аxын бие муу байгааг орчуулагч Ж. Өнөрмаагаас сонсоод англичуудтай товлосон оройн зоогоо цуцлан байж түүн дээр давxиж ирсэнсэн. Аxын баярласан гэдэг тоймгүй, xэсэгтээ бие нь ч сайжирсан шүү. 

Xүний амьдрал гэж сонин түүx. Юуг нь нууx вэ. Xоёр xүүxэдтэй эxнэрээсээ салаад миний том эгч Оюунчимэгтэй суусан. Тэр үедээ бөөн сенсаци. Xүн ам цөөн, түүн дотроо Улаанбаатарт бүр цөөн. Xоёр зуугаадxан мянган xүнтэй.Тэгээд орой болгон зурагтаар гардаг байсныг xэлэx үү. Таниxгүй ч xүнгүй. Сайxан ч залуу байсан даа, аx минь.
Эгч , аx xоёрыг суулгаxгүй гэж  мөнөөx Жалан-Аажав гуай, МТВ-ийн дарга Зундуй  гуай,  Монголын Эмэгтэйчүүдийн Xорооны дарга .Удвал гуай, Монголын Xувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв Xорооны дарга Пүрэвжав гуай нар xүлээн авч уулзан уxуулж, ятгаж бөөн л юм болж байсан. Ээж аав xоёр маань ч зөндөө л xэлсэн, гуйсан. Аав З.Тод минь тэр үед Эвлэлийн ТX-ны Ерөнxий ня-бо байсан тул бас ч янз бүрийн xэл аманд орсон гэдэг.

 Гэвч энд нэг шийдвэрлэx буруу алxмыг түүний xуучин эxнэр xийсэн юм. Тэр эмэгтэй, аx  эгч нарынxаа xамт гэрт дайран орж ирээд эгчий минь уxаан алдтал нь  зодсон байна. Эгч тарxи толгойндоо олон оёдол тавиулж цөөнгүй xоног эмнэлэгт xэвтсэн. Ингээд л бүx юм эсрэгээр эргэлээ. Tэр xоёр сууxаар xатуу шийдэж xэнийг ч, юуг ч сонсоxоо болив. Гай таарч тэр үеэр xөдөө байсан ээж нь нас барлаа. Өөрөө ч  ажил төрлөөсөө xалагдлаa. Эгчийг дээд сургуульд ороx шалгалтаас xаслаа. Чуxамxүү ийм л байдлаар намайг болон аx, эгч, дүү нарыг минь жооxон xүүxэд байxад, аав ээжийг минь уйлуулан  байж, дуулиан шуугиантай манайд xүргэн болон орж ирж байсан болоод ч тэр үү бид түүнд үнэxээр xайртай. Aмьдрал дээр энэ нь тийм ч элбэг биш тоxиолдол байx шиг байдаг юм. Аx  минь ч биднийгээ гээд л явдагсан. Xааяа эгчтэй муудаx юм гараxад бид xэд аxдаа, aав ээж маань ч xүргэндээ xир xалдааxгүй, мань эр ч үүнийгээ мэднэ, түүгээрээ ч иx баxарxаж эгчийг гоочлож суудагсан.

Аx минь “Xатанбаатар” кинонд, бас телевизийн xоёр ч жүжигт Сүxбаатар жанжны дүрийг бүтээсэн xүн юм. Түүнийг дээрxи кинонд тоглоxоор сонгогдоод Ардын Xувьсгалын партизан Дашзэвэг гуайтай уулзаxад “Жанжин бол тийм ч урт xүзүүтэй xүн байгаагүй юм шүү, сүүлийн үед жинxэнэ дүр төрx жааxан өөр болоод байна уу даа . Чи бол яг болж байна. Xарин царай чинь дэндүү цагаан юм. даа” гэсэн гэсэн гэдэг. Бас 2006 онд Английн нэг баримтат-уран сайxны кинонд Xубилай xааны дүрийг бүтээсэн. 

Сэтгүүл зүйн салбарт бас зүгээр суугаагүй. Дээр үед “Тоншуул” сэтгүүлд шог xошин юм бичнэ, спортын мэдээ, мэдээлэл зөндөө байx. Xожим 1997 онд билүү дээ Москвад “Ардын Эрx” сонины сурвалжлагчаар ажиллаж байxдаа Оросоос Монголын нутгаар дайруулан Xятад руу нефтийн xоолой тавиx эсэx талаар дээрxи xоёр орны удирдлагын явуулж байсан далд бодлогыг дэлгэн xаруулсан нэг  нийтлэл бичсэн нь уншигчдын сонирxолыг иx татаж  манай нэг нэртэй улс төрч монголын сэтгүүлчдийг ингэж бичиж байxыг уриалж байсан санагдана.

Шатарт бол ер нь л чанга шүү. Биллярд иx тоглоно. Бөxийн бүx төрлийг маш иx, бас бокс, xөлбөмбөг, гар бөмбөг, за тэгээд ер нь сонирxоxгүй спортгүй дээ. Тиймдээ ч МТВ-ийн спортын нэврүүлгүүдийг иx xөтөлдөг,тэдгээрээс 1974 онд Улаанбаатарт болсон Жу-до бөxийн Дэлxийн Аварга шалгаруулаx болон бусад олон улсын чанартай тэмцээнүүдэд шүүгч- нэвтрүүлэгчээр ажиллаж байснаа дурсаx иx дуртай. Гэвч спортын ямар нэг цол, зэрэг байxгүй, ер нь ч тийм нэр төр xөөцөлдөx талдаа тун xойрго, дургүй !  Xарин энд Лондонд  ирснээс нь xойш шинэ буюу залуу найз нөxөд нь өдий болтол энгэр xоосон яваа гэдгийг нь сонсоод  итгэдэггүй байсан гэдэг.“Та Гавьяат биш юм уу? Би,бид гавьяат л юм байx гэж боддог ш дээ...” гэцгээгээд, мань эрийг жааxан улалзуулдаг байсан шиг байгаам.  Мэргэжлийн байгууллага нь болоx Монголын Радио, Телевиз болон Иx  Британи даxь Элчин  Сайдын Яам, Монголчуудын xолбоо түүнийг “Монгол Улсын Гавьяaт”цолд  xоёр ч удаа тодорxойлсон. Элдэв яриа сонсож байxад цол зэрэгт нэр дэвшигч,өөрөө иx санаачлагатай гүйx ёстой юмаа даа янз нь. Тийм юманд аx  xөдлөxгүй л дээ…Улаанбаатарт ажил явдал нь болж байxад нь нэг xүн “Xөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон” барьчиxсан ирж “Аль наадмаар шагнасныг нь мартчиxаж, ёстой жинxнээсээ уучлаарай” гэсэн гэнэ. Эгч, xүүxдүүд нь “аваxгүй” гэсэн ч орxичиxоод яваад өгсөн байна. Тэд буцааж өгнө гэж байна лээ. Одонтой одонгүй аx минь гавьягаа байгуулчиxсан юм шүү дээ.

Тэр, Монгол Улсын шинэ Ардчилсан Үндсэн Xуульд гарын үсгээ мөнxөлсөн  гавьяатан ! 1990 оны ардчиллалын шийдвэрлэx сонгуульд  Баянxонгор аймгийн 21 суманд ганцад нь Монголын Ардчилсан Намаас нэр дэвшигч ялж Ардын Иx Xурлын депутатаар сонгогдсон нь xүргэн аx минь юм. Ардчилалынxан, Баянxонгорыг час улаан болоxоос аварсан цорын ганц гишүүн гээд  баxарxнаа. Мэргэжлийн гавьяаг нь дээр өгүүлсэн.   

Xүргэн аx минь одоо бол маш иx xовордсон, xүн чанарыг иx эрxэмлэдэг  сайxан сэтгэлтэй xүн байсан. Олон ч xүн аxынxаар байран суурин байж ажил, амьдралынxаа мөрийг олж авсан даа. Лондонд ч, Москвад ч, Улаанбаатарт ч.... Дандаа л xэн нэгэнд тус дэм болж явна.
Энд, Лондонд 2006 оны өвлийн шөнө гудамжинд тасраад уначиxсан байсан нэг монгол залууг гэртээ xөтлөсөөр очсон гэдэг.Xовор сайxан чанар шүү ! Xүргэн аx маань xүнийг ийм тийм гэж голж шилдэггүй xэнтэй л бол xэнтэй найзалчиxсан  явна. Түүний найз нарын xүрээ маш өргөн. Сайд дарга нараас аваxуулаад зарим нэг нэр xүнд нь таарууxан xүмүүс ч түүнтэй найзарxана. Аx минь  алиа xошин зантай, xүнийг цаашлуулаxдаа гаргуун, тиймдээ ч түүний маань байсан газар инээд, баяр xөөр бялxаж байдагсан. Түүний бие нь муу  байxад олон нөxөд нь тасралтгүй эргэж тойрон түүнд сэтгэлийн дэм өгч  баярлуулж байсан юм. Та нартаа баярлаж явдгаа энэ ялдамд даxин илэрxийлье! Аxын шарилийг Лондонгоос эx нутагт нь авчраx буянт ажлыг ивээн тэтгэсэн МоАX- ны дарга, УИX-ын гишүүн, Сайд X. Баттулгын  ач тус, xүнлэг сайxан сэтгэлийг үнэлэxэд үг багадана
.
Би, бүxэл бүтэн 40 гаруй жил ийм сайxан аxтай явсансан. Гэвч аз дутаж гайт өвчин аавын минь оронд аав болж байсан сайxан аxыг минь үүрд авч оджээ. Аx таньгүйгээр өнгөрөөсөн энэ xэдэн сар санчигны минь үс бууралтаж, сэтгэл өмрөн өмрөн өнгөрөв. Xорвоогийн xатуу жамыг яалтай билээ. Одоо би таныxаа төлөө xөргийг тань бүтээж дурсамж мэтxэн бичиxээс өөр юу xийж чадаxсан билээ. Аx минь!
 
Xадам дүү Тодын Отгонбаяр чинь. Лондон xот.   2011.05. 07 -12

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 3213

Бүлэг: Нийтлэл

Сонгогчийн хууль уу, сонгогдогчийн хууль уу?

Хуульч Э.Батбаяр

Одоогоос бараг зургаан жилийн өмнө ийм нэртэй нийтлэлийг бичиж байсан юм. Тэгвэл өнөөдөр энэхүү сэдвийг хөндөх зайлшгүй шаардлага хэвээрээ байж л байна.

Хүмүүс бид хамтран амьдрахын тулд нийгэм гэдгийг байгуулж энэ орчиндоо зохицон оршихын үүднээс төрийг бий болгожээ. Иймд төрийг үүсгэн байгуулах эрх гагцхүү хүмүүс бидэнд олгогдсон бөгөөд энэхүү эрх нь хүн төрөлхтний түүхийн хуудаснаас ч, өнөө үеийн улс орнуудын хөгжлийн хандлагаас харахад янз бүрийн арга замаар хангагдаж байна. Мөн дээрх эрхийг хангах гол баталгаа болох хууль (хэв журам, зарлиг) нь нэг талаас зөвхөн төрд сонгогдогчийн хүсэл зоригийг илэрхийлсэн шинжтэй, түүнийг хамгаалсан агуулгатай гарч байсан бол нөгөө талд тэрхүү төрийн үндэс суурь болох ард түмэн буюу иргэд сонгогчийн эрхийг хамгаалсан, тэдний хүсэл зоригийг илэрхийлэх зорилготой гарч байлаа.

Эхний буюу сонгогдогчийн эрх ашигт тулгуурласан хууль гарсан тэр нийгэм бол дарангуйлагч, ганц хүний буюу цөөнхийн, хүний эрхийг зөрчсөн байдаг бөгөөд харин удаах буюу сонгогчийн эрхийг дээдэлсэн хуультай улс орон бол бидний өнөөдрийн хүрэх гээд байгаа иргэний, ардчилсан, хүмүүнлэг нийгмийн амин сүнс нь байдаг билээ. Тиймээс чөлөөт, ардчилсан, иргэний нийгэмтэй улсын сонгуулийн хууль бол ард түмнийхээ хүсэл зоригийг илэрхийлсэн, тэдний оролцоотойгоор бий болдог, Үндсэн хуультай эн тэнцэхүйц хэмжээний хууль юм.

Их хурлын хаврын чуулганаар хэлэлцэж батлагдах хуулиудын жагсаалтанд орсон УИХ-ын сонгуулийн хуулийн төсөл нь улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид, олон нийт, иргэд сонгогчдын анхаарлын төвд байна. Гэхдээ хамгийн хачирхалтай нь УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд өнөөдрийг хүртэл тухайн хуулийн гол үндсэн баримтлал болох сонгуулийн тогтолцооны зарчим дээр тогтож ярилцалгүй хойш тавьж энд тэндээс нь, зарим нэг зүйл, заалтуудыг нь хэлэлцэж, мэтгэлцэж, сүүлдээ сонгуулийн хуультай ямарч холбогдолгүй парламентын шинэчлэл, хоёр танхимтай парламентын тухай яриа гаргах болсон явдал юм.

Зүй нь хууль санаачлагчдаас өргөн барьсан сонгуулийн хуулийн хувь тэнцүүлсэн хувилбарыг нь дэмжих үү, үгүй гэдэг дээр зарчмын хувьд нэгдсэн байр суурин дээр хүрээд дараагаар нь бусад бүлэг, зүйл, заалтуудыг нь хэлэлцээд явдаг Их хурлын ээлжит чуулганы болон байнгын хороодын хуралдааны үндсэн зарчмыг үл хүндэтгэн, улмаар УИХ-ын гишүүд маань асуудалд завхөн сонгогдогчийн буюу өөрсдийн ямар нөхцөлд дахин сонгогдох боломжтой вэ гэсэн байр суурьнаас хандаж байгаа нь нэн харамсалтай.

Бид олон жил мажоритар тогтолцоогоор сонгуулиа явуулж ирсэн. Сонгууль болгоны араас булхайтай, луйврын, мөнгөний сонгууль болсон гэдэг шүүмжлэл, хэл ам тасардаггүй.

СЕХ-ноос болон зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийн дунд сонгуулийн тогтолцооны талаар явуулсан санал асуулгын үр дүнгээс харахад иргэдийн дийлэнхи олонхи нь сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоог авах нь зүйтэй гэж хариулсан байдаг.

Хэрэв бид сонгогчдынхоо эрх ашгийг тэргүүн зэрэгт тавих сонгуулийн тогтолцоог сонгоно гэж байгаа бол хамгийн тохиромжтой хувилбар нь хувь тэнцүүлэх буюу пропорциональ тогтолцоо юм. Харин сонгогдогчийн буюу УИХ-ын гишүүдэд ээлтэй талаас нь харвал сонгуулийн мажоритар тогтолцоог сонгосон нь давуу талтай.

Сонгуулийн хувь тэнцүүлэх тогтолцоо нь иргэд сонгогчдын эрх ашгийг урьтлаа болгохоос гадна өнөөдрийг хүртэл хэл ам, шүүмжлэл дагуулдаг маш олон асуудлуудыг шийдэж чадна. Тухайлбал сонгогчдын нэг санал ч гээгдэхгүй бүгд тоологдоно, мөн сонгуулийн бэлэн мөнгөний амлалт болон иргэдийн татварын мөнгөнөөс гишүүдийн сонгогдсон тойрог руугаа ил, далдаар хумсалдаг олон тэрбумын асуудал гарахгүй, түүнчлэн гадаадад байгаа Монголчуудын саналыг авах боломжтой гээд маш олон зүйлийг дурдаж болно.

Гэтэл сүүлийн үед эрх барьж байгаа намуудын удирдлагын зүгээс сонгуулийн хуулийн асуудлыг хойш тавьж, парламентын шинэчлэл, хоёр танхимтай парламентын талаар дуу дуугаа авалцан цэцэрхэх боллоо.

Яг үнэндээ манай улсын парламентын хямралын асуудал нь парламентын танхимын тооноос огтхон ч хамаараагүй, харин сонгуулийг луйварддаг, тэрийг нь эсэргүүцэхэээр бууддаг, Үндсэн хуулийн бус аргаар засгаа байгуулдаг эрх баригч улс төрийн намуудтай өөрсөдтэй нь шууд холбоотой гэдгийг олон түмэн сайн мэдэж байгаа.

Тийм учраас иргэд сонгогчдын эрх ашгийг хамгаалсан сонгуулийн хуулиас олон нийтийн анхаарлыг холдуулахын тулд парламентын шинэчлэл, хоёр танхимт парламент зэрэг яг өнөөдөр ач холбогдолгүй асуудлуудыг босгож улмаар хуучин сонгуулийн тогтолцоогоороо ирэх сонгуульд оролцох гэсэн эрх баригчдын увайгүй башир аргуудын нэг гэсэн хардлагыг яахын аргагүй төрүүлж байна. Иймд Үндсэн хуулийн бус Засгийн газрыг байгуулах тохиролцоонд хүрсэн гэрээнийхээ хүрээнд сонгуулийн тогтолцооны өөрчлөлт хийх амлалтыг эрх баригч намуудад сануулахад буруутах зүйлгүй гэж үзэж байна.

Эцэст нь УИХ-ын сонгуулийн тухай хууль сонгогчийн эрхийг дээдэлсэн хууль байгаасай, төрийн түшээд маань энэхүү хуулийн төслийг хэлэлцэж, батлан гаргахдаа юунаас түрүүнд өөрсдийн дахин сонгогдох гэсэн өчүүхэн эрх ашгийг эн тэргүүнд тавилгүй, та бүхэнд итгэл хүлээлгэсэн түмэн олон сонгогчдынхоо ашиг сонирхлыг урьтал болговол бидний хүрэх гээд яриад, тэмүүлээд байгаа иргэний, ардчилсан, хүмүүнлэг нийгмийн амин сүнс болсон хууль болж чадна гэж итгэлтэй хэлэх л vлдлээ.

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 1786

Бүлэг: Нийтлэл

Чадварлаг хүмүүс юу ч хийхгүй шогшроод суух нь хамгийн харамсалтай

“Тэнгэр угсаа” нийгэмлэгийн тэргүүн Н.Даваа Чадварлаг хүмүүс юу ч хийхгүй шогшроод суух нь хамгийн харамсалтай Мунхаг байна гэдэг дутагдал.Түүнийг анагаах эм гэж үгүй. /Кант/ Евроазийн зүрх болсон өнөөгийн монгол нутагт Хүннү, Түрэг, Монголын эзэнт гүрний их хаад түүний ард түмэн орчлон ертөнцийг тэр чигт нь багтаасан мөнх тэнгэрээ шүтэн хорвоо дэлхийн амьтай амьгүй бүх зүйлийн нарийн уялдаа тогтолцоог ойлгон хайрлан хамгаалж , эр зоригийн билэгдэл шонхор шувуугаа дээдлэн , тэнгэр заяат чононоос гаралтай хэмээн гал цогтой бардам амьдарч байжээ. Улс үндэстэнүүдийн мандан бадарч уруудан доройтсон түүхэн хувь заяа аль ч цаг үе, нийгэмд цөөхөн тооны удирдагч, эрх баригчдаас хамаардаг болохыг хүн төрөлхтөний түүх гэрчилнэ. Их Монгол улсын хүчирхэг болсон учрыг Мөнх хааны дэргэд олон сар байсан судлаач, элч Рубрук 1253 онд Ромын пап , Францын 9-р Луй Ванд өгсөн дүгнэлтдээ монголчуудын хүчирхэг болсон нууц нь хамгийн шилдэг хүчирхэг авьяастай хүнээр хаанаар сонгосонд байгаа билээ гэжээ. Өнгөрсөн уруудан доройтсон цаг үе нийгэмд оршин тогтнохын тулд Манжийн дагавар улс, Төвдийн Тангад хаант улс, социалист улс, ардчилсан улс болж уламжлалт төрийнхөө сүлд шүтээн, гарал үүслээ үгүйсгэн хүлцэнгүй доройн номлолд үндэсний зан чанараа гээж танигдахгүй болтлоо өөрчлөгдөн дэлхийн түүхийг бүтээгч аугаа үндэстэн маань цагийн аясаар хөвж Манж Чин улсын мөхөл , Октябрийн хувьсгалын ялалт, дэлхийн 2-р дайн , социализмын задрал зэрэг түүхэн үйл явдлуудын тусгал төдий амжилтаар түүхээ бүтээх хэмжээнд оршин тогтнож ирсэн. Монголчууд бид хүн ам цөөтэй тул жижиг буурай улс байх хувь тавилантай мэт амьдрах бус харин ч өөрчлөгдөхөд хялбар давуу талаа ашиглан амьдарсан шиг амьдарч болдогийг өнөөгийн их гүрнүүдийн эдийн засгийн ширүүн өрсөлдөөний үед ухаалаг удирдагчидтай бол эрдэс баялаг байтугай уух ус ч үгүй ядуу буурай, цөөн тооны Сингапурчуудыг богино хугацаанд баян хүчирхэг улс болгон өөрчилж болдогийг харууллаа. Өвөг дээдсийн маань сайхан амьдарч байсан энэ эрдэнэсийн өлгий нутагт яагаад сайхан амьдарч чадахгүй хөдөөгөөс хот руу, хотоос харь руу дүрвэх болов оо. Эрх баригчид маань амьдралд хэрэгждэггүй, нийцдэггүй , болох болохгүй хуулиар далайлган үндсэн үүргээ умартаж, аар саархан зүйлээр ард олноо хууран он жилүүдийг үдэж, улс орноо аюулд оруулаад байна. Олон түмэн доройтлын шалтгаан, шударга ёсыг л эрэлхийлж байна. Монгол улс алт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрч нэг хүнд ноогдох алтны уурхайн тоо ,олзворлолтын бодит хэмжээгээрээ бусдыг тэргүүлж ирсэний эцэст алтан дээр суусан гуйлгачид хэмээгдэж гол нууруудаа ширгээн хордож сүйдэж цөлжсөн байгальтай , ядуурч цөхөрсөн ард түмэнтэй үхлийн хотыг бий болгожээ. (Өвлийн улиралд УБ хотын агаараар 6 хоног амьсгалахад амьд явах хоногийн тоо 1 өдрөөр богиносдог болохыг гадны судлаачид тогтоожээ) Тулгарсан бодит аюулд үнэн зөв дүгнэлт хийж, гэмтэнг тогтоож, гэмийг засах явдал хамгийн чухал. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нарын санаачлан батлуулсан алтны 68 хувийн татварын гай , Засгийн газрын тэргүүн С.Батболдын Бороогийн алтны ордын балгаар Монгол улсын сан болон банкууд алтгүй болсон.Эрээн хотын алт нөөцлөгчдийг дэмжихэд чиглэсэн алтны зам жилээс жилд өргөжин тэлж энэ сүйрлийн шийдвэрийн эсрэг Анод банкныхан, иргэний хөдөлгөөнүүд, уул уурхайн компаниудтай нийлж тэмцээд зогсоож чадаагүй. Монголын хөрснөөс гарсан тэр их олон тонн алт байх ёстой газраа хэдэн зуун тонноороо байсан бол өнөөгийн өрөвдөлтэй амьдрал илүү гэгээлэг байж улс төрийн хэрүүл,утааны аюул гэх бараан амьдрал тохиолдохгүй байсан бизээ. Энэ алдаа тэрбумаар нь авилгалыг өгч авалцаж байдаг Их Хурлын цөөнгүй гишүүдийн учруулсан хохиролтой харьцуулшгүй их хохирлыг улсад учруулсан. Иргэдийнхээ мэдээллээс хол, энэ талын мэдлэггүйг далимдуулж байр сууриа бэхжүүлж эрх мэдлийн төлөө үхэн хатан тэмцэх нь хаанахын хэний эрх ашгийг илэрхийлж байна вэ. Эд нар хэрэв монголд төрөөгүйсэн бол улсын санд багаар бодоход +100 тн алт байх байлаа. Улсад -4 тэрбум гаруй долларын хохирол учруулсан эдгээр эрхмүүдэд хийсэн ажил дээр нь хариуцлага тооцох үүднээс шалгах нь зүйтэй. Багахан хэмжээний алт хилээр гаргасан гадаад дотоодын иргэдийг хангалттай хатуу шийтгэдэг хуультай манай улс олон түмний амьдралыг доройтуулсан эрх мэдэлтэнүүдийн гэмийг хэлэлцэх цаг болсон. Энэ 3 эрх баригчийн мунхаг санаа, зүтгэлээр хулгайгаар хил гарсан олон тонн алт нь засагдах боломжгүй алдаа болж ядуурал, сүйтгэгдсэн газар нутгийг бидэнд үлдээлээ. 2005 онд жилдээ 25 тонноос дээш өсч байсан алтны тушаалтыг 2010 онд 1,7 тн болтол нь бууруулж ядуурал эдийн засгийн доройтлын үндсийг бий болголоо. Үүнийгээ ухамсарлан эрх мэдлээсээ татгалзвал дээр бус уу. Өгөдэй хаан (...хойд үеийн хөвүүд ач нар минь өвсөнд ороовч үхэр тоож идэхгүй өөхөнд хучивч нохой тоож идэхгүй юмнууд төрөөд хандгайг харваад огтоныг онох болуузай) хэмээн улс үндэстэнээ авч явах хойч үеийнхэндээ анхааруулж байсанчлан муу ард түмэн гэж үгүй муу мунхаг удирдагчдаасаа салж чадахгүй байгаа улс үндэстэний ирээдүйг ядуурал, зовлон бэрхшээл хүлээж байдаг ажээ. Бид уул уурхайд илүү туршлагажиж мэргэжсэн хүмүүсийн хувьд Оюутолгой,Тавантолгойн баялаг байвч Австрали,Чили шиг далайн гарцгүй, дамжин өнгөрөх транзит тээврийн боломжгүй тул уг төсөл рүү хэдий чинээ хүчтэй орно төдий чинээ хүнд байдалд орох бөгөөд ганцхан Хятад улсаас монголын ирээдүй хамааралтай болно. Нүүрсийг хятадууд богино хугацаанд эрчимтэй нөөцлөхийг хүсч байгаа энэ үед монголын компаниуд гадны цөөн тооны мэргэжилтэний тусламжтайгаар, зөв зүйтэй бодлогоор хэрэгжүүлэх нь хамгийн ухаалаг шийдвэр. Эс тэгвэл алт хөтөлбөрийн гашуун туршлага давтагдаж засагдашгүй түүхэн алдаа болно. Хамгийн чухал баялаг болох газрын ховор элементээр дэлхийн хэрэгцээний 97 хувийг хангаж Америк, Япон, Орос, Герман гэх мэт орнуудын олзворлолт, борлуулалтыг зогсоон өөрөөсөө хамааралтай болгон шахалт үзүүлж чадаж байгаа Хятадын туршлагатай удирдагчидтай Монголын өнөөгийн эрх баригчид харилцаж чадах уу , Уран,газрын ховор элемент, алтыг төрийн бодлогоор стратегийн зорилгоор олзворлож чадах уу ,Газар нутаг , уул ус ,байгаль орчиноо хамгаалан үлдэх чадвартай юу гэх мэт олон асуудал бидний өмнө хариу хүлээж байна. Үүнийг хэлэлцэх гэж “Гал үндэстэн” эвсэл Жанжиныхаа талбай дээр олон түмэнтэйгээ зөвлөлдөж байна. Хэн ч байсан хамаагүй хүрээд ир. Хүрээд ир. Бурханд итгэдэг, галыг шүтдэг буруу номтон хэн бугай ч хүрээд ир. Бидний үүд бол итгэл найдварын үүд билээ. Буруу зүйлийг зуун удаа хийсэн ч гэлээ хүрээд ир. / 13-р зууны монголчуудын урианаас/

  • Бичсэн Оюунгэрэл
  • Үзсэн: 1863

Бүлэг: Нийтлэл

Урааны сургамж

Ш.Пүрэвсүрэн,  Өдрийн сонин 2010-11-23

Одоогоос 25 жилийн өмнө Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрч шатан хэдхэн хормын дотор  онц аюултай цацрагт идэвхт бодисууд  агаарт их хэмжээгээр цацагдсан юм. Хорт цацрагийн хөнөөл тоймгүй их тул түймрийг дэлхий нийтэд зарлалгүйгээр чимээгүйхэн унтраах гэж оросууд  тэр үед эрвийх дэрвийхээрээ үзэж. Дийлэлгүй маргаашаас нь эхлэн 30 км-ийн тойрогт орших хот тосгодын хүн амыг яаралтай нүүлгэн шилжүүлж байж билээ.   Атомын цахилгаан станцын түүхэнд гарсан хамгийн том энэ гамшгийн талаар   хангалттай тоо баримтууд дурьдагдсаны нэгэнд “энэхүү дэлбэрэлтийн уршгаар 1945 онд Японы Хирошима хотод хаясан атомын бөмбөгөөс даруй 400 дахин их цацрагт бодис орчиндоо тархсан” гэж дүгнэсэн байдаг.

Цацраг идэвхт бодис агуулсан үхлийн бараан үүл салхины чигийн дагуу туугдаж Белорус, Украин, цаашлаад Швед, Финлянд, зүүн Европ орнууд бүр АНУ-ын зүүн эргийн хотуудад хүрсэн байна. Цөмийн хүчтэй хордлогод  хамрагдсан нутагт амьдарч байсан 200 гаруй мянган хүнийг тухайн үед яаралтай нүүлгэн шилжүүлсэн боловч энэ бүс нутагт амьдарч байсан 10 сая шахам хүн цацрагт идэвхт бодисын тунгаас ямар нэг хэмжээгээр хүртсэн юм билээ. Бүр хойд туйлд амьдардаг цаатнууд хүртэл цацраг шингэсэн хөвд хүртсэн цаа бугынхаа сүүгээр дамжин хордсон нь тогтоогдсон байдаг. Дэлбэрч сүйдсэн станцын дээрээс мянга мянган тонн хар тугалга асган хэдэн арван метр зузаан бетоноор хучсан ч энэ авсан дотор явагдах цөмийн урвалыг зогсоох ямар ч боломжгүй учир хэзээ нэгэн цагт үхлийн гамшигт туяа дахин  тархаж эхлэхийг  хэн ч үгүйсгэхгүй байгаа билээ. Учир нь урааны хагас задралын үргэлжлэх хугацаа 4.5 тэрбум жил тул энэ дэлхий сөнөсөн хойно л гал бүрмөсөн унтарна гэсэн үг.

      Ослын хор хохирлын дүнг мөнгөөр тооцон илэрхийлэх ямар ч боломжгүй нь хэнд ч ойлгомжтой.  Тэр үед дэлбэрэлтийн голомтонд өдөр шөнөгүй ажиллан амьд тамтай нүүр тулсан  дайчдын 60000 нь өнөөдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.  Гаж төрөлтүүд, нярайн эндэгдэл  энэ бүс нутагт эрс ихэссэн ба төрөл бүрийн хорт хавдраар өвчлөгсөд ялангуяа бамбай булчирхайн хорт хавдар өргөн түгээмэл болсон талаар ДЭМБ судалж тогтоосон. Уг бүс нутагт 300 шахам мянган хүн хорт хавдраар өвчилсөн  мөн энэ тоо цаашдаа улам өсөн нэмэгдэх хандлагатай байгаа талаар “Green Peace” байгууллагаас  мэдээлсэн байна.

   Хүмүүний мэдрэхүйн таван эрхтэнд үл мэдрэгдэх хорт бодис өнөө хүртэл  хөрсөнд шингэн хадгалагдаж, тэндээсээ өвс ургамал, агаар усаар дамжин  бидний бие махбодид чимх чимхээр шингэж,  чимээгүй үхлийг далласаар буй.  Иймээс ч Европын  зарим орнууд Украин, Белорус, ОХУ-ын цацрагийн хор тархсан бүс нутгуудаас  зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахыг хориглож байна. Гэтэл өнөөдрийг хүртэл манай их гарын наймаачид тэндээс чихэр, элсэн саахрыг тонн тонноор нь зөөсөөр л байгаа нь нууц биш билээ.

      Дэлхийн олон нийтээс энэ аймшигт ослыг нуух болсон шалтгаан оросуудад олон байлаа. Гол нь Чернобылийн АЦС нь Украинд баригдсан эрчим хүчний анхны том байгууламж байсан ба энд осол гарснаар асар их хөрөнгө оруулалт хийгдэж баригдчихаад ашиглалтанд ороогүй байсан хэдэн арван АЦС-ууд үүд хаалгаа өнөөг хүртэл барихад хүргэсэнд оршино. Хоёрт, АЦС-тай холбоотой бүх мэдээллүүд нь улсын өндөр нууцлалд ордог байсан ба энэ талаархи хууль тогтоомжоо 1998 онд өөрчилсөн байдаг.

   Чернобылийн энэ осол дэлхий нийтийг нэг хэсэгтээ шоконд оруулсан бөгөөд  ЗХУ болоод бусад орнуудад эрчимтэй хэрэгжиж байсан атомын цахилгаан станцыг барьж байгуулах ажил үндсэндээ зогсонги байдалд орсон юм. Ялангуяа Германы “Ногоонтнууд” атомын станцын эсрэг  маш хатуу бодлого явуулж байсны дээр 1986- 2002  оныг хүртэл  дэлхийн орнуудад нэг ч атомын цахилгаан станц шинээр баригдаагүй юм.  Гэвч өнөөдрийн байдлаар дэлхийн 31 оронд 440 АЦС ажиллаж дэлхийн цахилгаан эрчим хүчний 15 хувийг дангаараа үйлдвэрлэж байна.

    Сүүлийн үед манай зарим эрх баригчдын зүгээс Монгол улс өнөөдөр урааныхаа нөөцөөр дэлхийд  толгой цохиж байгаа талаар ярьж, бичиж энэ баялагийг олзворлож эхлэх юм бол бид хэд тэнгэрийн умдаг атгах мэтээр аашилж аяглах боллоо. ОХУ, Франц, Хятад тэргүүтэй цөмийн зэвсэгтэй орнууд   манайх руу хошуураад эхэллээ. Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий захирал Мохамед ЭлБарадей ч өнгөрсөн жил манайд айлчиллаа.     Ер нь өнөөгийн эрх баригчдын уран үгээр донгодоод байгаа ураан гэж чухам юу юм бэ, энэ тийм ховор, үнэтэй цэнэтэй эд юм уу гэж олон хүн асуудаг.

     Ураан тийм ховор эд үү гэвэл огт үгүй. Хаана ч очоод нэг тонн шороог захын нинжагаар аятайхан “угаалгаж” чадвал нэг грамм урааныг төвөггүй ялгаж авч болно. Өөрөөр хэлбэл бидний гишгэж байгаа газар дэлхийд маань агуулагдаж буй ураан гэгч металл алт мөнгөнөөс  ч арвин их эд аж. Дэлхийн 20 км зузаан давхаргад  300 их наяд буюу гурвын ард 14 тэг тавьсантай тэнцэх хэмжээний тонн ураан байгаа гээд бод доо.
    Бүр ойрхоноос харвал  Монголын уул толгодоор дүүрэн барзайж байдаг боржин чулууны тонн тутамд 25 грамм ураан агуулагддаг гэвэл та үнэмших үү? Энэ хэмжээний ураан нь 125 тонн нүүрстэй тэнцдэг учир ирээдүйн энергийн асар их эх үүсвэрийг боржингоос гаргаж авч болохыг тооцчихоод энэ чулууг яаж үр ашигтай  “шатааж”  болох талаар газар газрын эрдэмтэд одоо толгойгоо “гашилгацгааж” байна. Нүүрс, нефьт дуусчихлаа гэхэд хүн төрөлхтөнийг дахиад хэдэн сая жил хангах энергийн нөөц энд байгаа аж.
    Манайх руу овоо хараагаа чиглүүлчихээд байгаа ОХУ ураанаар тийм их ядуурчихсан орон уу гэвэл бас үгүй. Тэд өнөөдөр нөөц болоод олзворлолтоор дэлхийд дөрөвт жагсдаг ба бидний хөрш зэргэлдээ Байгалийн хязгаараас хэрэгцээт урааныхаа 96 хувийг гаргаж авдаг. Жижигхэн Буриадад л гэхэд урааны 13 орд газар байгаагаас ганцхан Хиагдын уурхай нь 27000 тонн буюу 40 жил ашиглах нөөцтэй гэсэн.  1.5 сая тонн урааны нөөцтэй Казахстан улс өнгөрсөн жил 13500 тонн урааны исэл олборлож энэ салбартаа дэлхийд тэргүүллээ.

     Нөгөө талаас нэг кг урааны исэл 100 гаруйхан ам.доллар гээд бодохоор тэгж ухаан алдаж харайгаад байхаар өндөр үнэтэй, ховор эд огт биш гагцхүү  цэрэг, стратегийн өндөр ач холбогдолтой учраас л цөмийн зэвсэгтэй том орнуудын  хооронд өрсөлдөөн явагдаад байна гэдэг нь эрүүл ухаантай хэн бүхэнд тодорхой.

      Ураан бусад төрлийн ашигт малтмалын ордуудад ихээхэн хэмжээгээр агуулагддаг, бүр тэр бүү хэл манай Багануурын нүүрсэнд ч энэ элемент багагүй байгаа талаар анх уурхай ашиглалтанд орох гэж байх үеэр шуугиан дэгдэж байсныг санаж байна. ӨАБНУ гэхэд л дөнгөж 0,01%-ийн бага агууламжтай хүдрээс ураан гаргаж авах гэж багагүй алдагдалд ордог мөртлөө дагалдаж гарах алтнаас нь ашгаа нөхөж олж авдаг.
    Өнгөрсөн зун би Буриадын их сургууль, болон АНУ-ын хэсэг эрдэмтэн судлаачдын хамт  Сибирийн өтгөн тайгаар явж байхдаа урааны уурхай бүхий “Красный Чикой” хэмээх жижиг тосгоны иргэдтэй уулзсан юм.   Энэ уулзалтанд тосгоныхон бараг бүгдээрээ цуглаж маш олон асуулт тавьж үг хэлж байлаа. Елена Федоровна гэх нэг эмээ:
     - 40 жилийн өмнө Эрхүүгийн АУДС-ийг төгссөн дипломтой цэл залуу эмч би энэ нутагт ирж тосгоныхныг нэгд нэггүй эмнэлгийн үзлэгт хамруулж билээ. Тэр үед энэ мужид 60 гаруй мянган хүн ажиллаж амьдарч байсан ба үзлэгний дүнгээр 300 гаруй хүн сүрьеэтэй, 30 гаруй хүн хорт хавдартай гарч байсан юм. Сүүлийн үед эндхийн залуучууд тосгоноо орхин хот суурин газар руу шилжин нүүснээр мужийн хүн ам гурав дахин цөөрч 20 гаруйхан мянга болжээ. Гэтэл өнөөдөр сүрьеэтэй хүний 30 болтлоо буурсан хирнээ хорт хавдартай хүний тоо 300 хол давсан байна, энэ өвчнөөр өвчлөгсөд залуужиж байгааг хараад би үнэхээр санаа зовж байна” гэлээ.
     “Үер” киноны гол баатар Михаилыг санагдуулам өндөр том биетэй нэг өвгөн босож ирснээ “Би Сибирийн их ой тайгад насаараа байгаль хамгаалагч хийн энэ сайхан  онгон байгальд хаа ч байхгүй цэвэр агаараар амьсгалж, харзны хүйтэн усаар ундаалж байсан хүн. Гэтэл өнөөдөр тархины хавдар тусаж жилд 10 гаруй мянган долларын эмчилгээ хийлгэдгийн ачаар одоо амь тээж явна. Энэ нутгийг ураанаар хордуулсныхаа бурууд миний эмчилгээний зардлыг улсаас 100 хувь даадаг. Би ч яахав өнгөрсөн хүн, үр ач нараа л яах бол гэхээс маш их айж байна. Харин ах дүү Монголчуудад маань  энэ хороор хамаагүй оролдохын хэрэггүй гэсэн миний үгийг заавал дамжуулаарай” хэмээн чанга чангаар хашгачин ярьж байсан. 

     Эерэг тал нь гэвэл энергийн гайхамшигтай эх булаг, эсрэг талаас нь нягталбал нүдэнд үл үзэгдэх аймшигт хорт туяа цацруулдаг ураан хэмээх Менделеевийн үелэх системийн 92-т жагсдаг энэ элементтэй хүн төрөлхтөн анх 200 гаруй жилийн өмнө нүүр учирчээ. Хар тугалганаас бараг хоёр дахин хүнд,  гангаас  хатуу, газрын гүнд хэвтэж байхдаа хэнд ч гэм хоргүй жирийн л нэг металл. Аугаа эх орны II дайны үед урааны хольцтой ган төмрөөр хуягласан немцийн “Барс”  танкийг оросын их бууны сум нэвтэлж дөнгөдөггүй байсан гэж маршал Г.Жуков дурдатгалдаа нэгэнтээ бичсэн байсныг санаж байна.
Гагцхүү хүн төрөлхтөн түүнээс цацраг идэвхт U235 хэмээх изотопыг гарган авч аймшгийн   зэвсэг хийн бие биеийгээ алж талж  эхэлсэн нь өнөөдөр урааны үнийг хэд дахин хөөрөгдөж, энэ  элементийг хэн нэгнийхээ гарт оруулахгүйн тулд бие биентэйгээ үхэн хатан өрсөлдөх болсон юм.   1945 онд Америкчуудын Хирошима хот дээр дэлбэлсэн атомын бөмбөгөнд агуулагдаж байсан 600-хан мг. U235 хоромхон зуур 200000 хүний аминд хүрснийг дэлхий нийт одоо хүртэл мартаагүй байгаа.

     Бэлдсэн баяжмал урааны ислийг ашиглан цөмийн эрчим хүч гаргаж авах технологи өнөөдөр хэдий нарийн боловсронгуй болсон ч түүхий эдийг нь хүдрээс ялгаж салгаж авах арга ажиллагаа төдийлөн сайнгүй байгаа. Ураантай газраас хүн бүхэн дагжин дайждаг, тэр бүү хэл тэндээс гаралтай хүнсний зүйл хэрэглэхээс ч татгалздаг. Африкийн Марокко улс өнөөдөр фосфорын бордооны түүхий эдийн нөөцөөрөө дэлхийд толгой цохидог юм. Фосфоритод агуулагдах урааны хэмжээ өндөр байдаг учраас хөрс ургамалд нь цацрагт идэвхт бодисын хэмжээ жилээс жилд ихэсч байна. Иймээс Европын Холбооны зарим улс  тэндээс жимс ногоо импортлохоо зогсоож, Казахстан улсаас авах үр тарианд ч хатуу хяналт тогтоож эхэлж байна.
      Өнөөдөр хойд хөршийн том дарга нар  урааны баялагаараа дэлхийд дээгүүрт ордог гээд харайлгаад яваа манай сайн эрчүүдийг ”дарамтлаад” эхэлсэн дуулдах юм.   Гэтэл төрийн формтой газрын наймаачид нь  нөгөө нөөцтэй газруудыг нь лиценз гэдэг гоё нэрээр аль хэдий нь зарчихсан одоо олон улсын шүүх хүртэл зарга үүсгэчихсэн сууж байгааг харахаар уур, заримдаа бүр хөх инээд ч хүрэх шиг.

    Бид алт олж баяжина гэж мөрөөдөн арван хэдэн жил шороо манаргаж, адаг сүүлд нь уух ус, ургаа модгүй болоод дуусч байгаа. Онгон дагшин нутаг, хүн зон, мал сүргээ харийнхантай хавсаадаж байгаад химийн бодисоор ч хордуулсан. Одоо болоо юм биш үү.

    Урдаа байгаа хоёр толгойгоо мөлжиж дийлэхгүй мунгинаж байж, хэдэн мянган метрийн гүнд  булаастай  байгаа үхлийн жоохон хороор оролдох оо азнавал яасийм, энэ удаа?.
 

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 1863

Бүлэг: Нийтлэл

Хувьсгал гэдэг нийгмийг эмчлэх багаж

Ц.Буянцогтоо

Хувьсгал гэхлээр манайхан халзан толгойтой Ленин багшийг Сүх жанжинтайгаа хамт толгойдоо дүрслээд, олон хүний амь нас хөнөөсөн айхавтар дайн байлдааны тухай санаандаа дүрсэлж “аллергитээд” байдаг шиг. 21 жилийн өмнөх Ардчилсан хувьсгал гэхлээр бас л үймээн шуугиан, өлсгөлөн тэмцэл зарласан үйл явдал болсон. Гэвч хувьсгал гэдэг бидний төсөөллөөс арайхан өөр ойлголт юм байна.
 
Хувьсгал гэдэг ерөнхийдөө аливаа зүйл нэг төлөвөөс нөгөө төлөвт огцом шилжихийг заасан утгатай үг боловч одоо үед голдуу улстөрийн нэг тогтолцооноос нөгөөд чанарын эрс өөрчлөлт хийж шилжихийг ийн нэрлэж ойлгох болжээ. Эх үг нь Револьюүшн гэх латин гаралтай үг агаад “эргэлт, эргэлт хийж өөрчлөгдөх” гэсэн утгатай. Улстөрийн хувьсгалаас гадна аж үйлдвэрийн хувьсгал, энергийн хувьсгал, электроникийн хувьсгал гээд олон төрлийн хувьсгалыг бидний өнгөрсөн цагийн түүх дамжин иржээ. Орчин үед мэдлэгийн хувьсгал, даяаршлын хувьсгал явагдаж, сүүлдээ энэ хоёр нийлээд даяаршсан мэдлэгийн хувьсгал ид явагдаж байна гэж энэ дэлхийн мэргэд онолдож байна. 
 
Улстөрийн хувьсгал жинхэнэ утгаараа явагдвал эдийнзасаг, хууль, соёл, шашин, мэдлэгийн салбар, урлаг, хэл, ёс заншил гээд нийхэм, эдийнзасгийн бүхий л хүрээг хамрах тул Түгээмэл Хувьсгал гэж ерөнхийлөн нэрлэж тэр нь улмаар цааш нарийсч задраад эдийнзасгийн хувьсгал, соёлын хувьсгал, тэр бүү хэл хүний хувьсгал гэх мэт нэр томъёонууд гарч ирсэн байдаг. Капиталист нийгэмд капиталийн эздийн оронд хувьцаат компанийн удирдлагууд давамгайлах үүрэг гүйцэтгэх болсоноор капитализм чанарын хувьд том өөрчлөгдсөн гэх Burnham-ийн “Менежерийн Хувьсгал”-ын онол бол эдийнзасгийн хувьсгалын жишээ. Хятадын коммунистууд ард олныхоо бодол сэтгэлгээнд хувсгал хийхийг (хүний хувьсгал) зорин их бужигнаан өрнүүлсэн нь алдарт Соёлын Их Хувьсгал гэж түүхнээ нэрлэгдсэн үйл явдал. Эдгээр нь өргөн утгаараа Нийгмийн Түгээмэл Хувьсгалын тухайн хувилбарууд.
 
Дэлхийд хамгийн алдартай Түгээмэл Хувьсгал бол 1789 оны Францийн хувьсгал. Мэдлэг, Оюун, Улстөр, Эдийнзасаг, Нийгмийг бүхэлд нь хамарсан маш өргөн хүрээтэй хувьсгал болжээ. Хүн төрөлхтний оюуны хөгжилд томоохон хувь нэмэр оруулснаараа Францийн хувьсгал түүхнээ тов тодоор тэмдэглэгдэн үлдсэн юм. Францийн хувьсгалаас өмнө Англид 1600-аад онуудад хэд хэдэн хувьсгал өрнөсөн байдаг. Цаашилбал Америкийн Тусгаар Тогтнолын Хувьсгал, Оросын хэд хэдэн хувьсгал, Мексикийн хувьсгал, Хятадын хувьсгалууд гээд тоочих юм бол тун урт жагсаалт гарна.
 
Түүхээс харахад өнөөгийн өндөр хөгжилтэй томоохон гүрнүүд хувьсгалыг илүү хиймтгий байдаг нь харагдана. Хувьсгалыг сайн хийснээрээ тэд илүү хөгжөө юү гэмээр. Франц улс гэхэд 4 хувьсгал хийж 5 Бүгд Найрамдах Төрийг байгуулсан гэх мөртөө бас болоогүй удахгүй дахиад ч хувьсгалжихгүй бол болохгүй нь гэцгээж байна. Сүүлийн үед сүрхий хурдтай хөгжиж дэлхийн анхааралд байгаа Өмнөд Солонгос улс харьцангуй богино хугацаанд 5 ч хувьсгал хийгээд амжсан бөгөөд өнөөдөр 6 дахь Репаблик буюу Бүгд Найрамдах Төр нь ажиллаж байна. Ердөө 50-иадхан жилийн дотор дахин дахин хувьсгал хийж 6 төрийн нүүр үзнэ гэхлээр хөгжил цэцэглэлт рүү тэмүүлсэн ямар их эрч хүчтэй үндэстэн бэ гэж Өмнөд Солонгосуудаар бахархах сэтгэл төрнө.
 
Ерөнхийдөө нийгмийн хувьсгалыг тухайн цагийн томоохон бодогч, нийгмийн зүтгэлтнүүд цаад үзэл санааг нь томъёолж хувьсгалыг өрнүүлж тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлсэн байх нь харагдана. Алдарт Францийн хувьсгалын эцэг хэмээн алдаршсан Жан Жак Рүсо ардчилалын онолын үндсийг анхлан томъёолж гаргаад улмаар хувьсгалын үйл явцыг загварчилсан байна.
 
Монголчуудыг өнгөрсөн зуунд үндсэндээ 3 том хувьсгал хийсэн гэдэг. 1911 оны тусгаар тогтнолын хувьсгал, 1921 оны гадны түрэмгийлэгчдээс салах хувьсгал, тэгээд 90 оны ардчилсан хувьсгал. Эдгээр хувисгалууд нь бүгд гадны хүчин зүйлийн нөлөө хүчтэй байжээ. 11 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд Хятадын дотоод хямрал нөлөөлж, монголын томоохон ноёд гол үйл ажиллагааг удирдан тусгаар тогтнолоо зарлажээ. 21 оны хувисгал нь Октябрийн хувисгалын шууд тусгал байсан юм. Барон Унгерн Монголын нутгаар дамжин зугатаж ирээгүйсэн бол юу болох байсныг хэн ч хэлж мэдэхгүй. 90 оны хувисгал бол социалист дэглэм нуран унаж зүүн европийн соц улсууд бужигнаад эхэлчихсэн хойно тэр давалгаанаар болсон үйл хэрэг. Хамаг ажиллагааг нь шууд удирдаж байсан Москва хайхрахаа болисон учраас л МАХН-ын хүч суларч бууж өгсөн юм. Ингэж ардчилсан хувисгал өрнөсөн.
 
Монголчуудын хувьсгалын түүх үүгээр дуусахгүй. Ардын хувьсгалаас хойшхи жилүүдэд тайван замаар хэдэн хэдэн хувьсгал амжилттай хийснийг тэмдэглэх нь зүйтэй. Соц гэгдсэн он жилүүдэд ард нийтээрээ 100 хувь бичиг үсэгт тайлагдах хөдөлгөөн амжилттай өрнөж Юнеско-гийн тусгай шагнал хүртэв. Соёлын довтолгооныг өрнүүлж иргэншиж соёлжихын эх суурийг амжилттай тавив. Нэгдэлжих хөдөлгөөнийг өргөн далайцтай өрнүүлсэн нь хөдөлмөрийн хуваарилалтыг анхлан бий болгосноороо түүхэн хувьсгалч ач холбогдолтой үйл явдал болжээ. 60 онд үндсэн хуулиа шинэчилж аж үйлдвэржилтийн хувьсгалыг эхлүүлэв. Ийнхүү сөнөхийн ирмэгт байсан үндэстэн хот байгуулж иргэншиж, хөдөлмөрийн хуваарилалтад орж, аж үйлдвэрийг хөгжүүлж эхэлснээр мэдлэг, боловсролын хэрэгцээг бий болгож боловсролын тогтолцоогоо үүсгэж хөгжүүлэв. Үүнийг даган домогийн аман зохиол, шашин, феодализмын нэр томъёоноос өөр үгсийн сангүй байсан монгол хэл орос хэлний нөлөөгөөр шинжлэх ухаан, технологийн нэр томъёогоор арвижсан нь томоохон мэдлэгийн хувьсгал өрнөсөн хэрэг мөн.
 
Тиймээс Монголчууд бид чинь яггүй хувьсгалч ард түмэн. Аргагүй л, найман зууны тэртээд дэлхийн хэргийг шийдэж явсан үндэстэн юм даа. Өнөөгийн Монголын хөгжил дэвшил өнгөрсөн зуунд хийсэн тэр олон хувьсгалуудын үрдүн гэж хэлж болохоор ажээ.
 
Дэлхийн болоод Монголын хувьсгалуудийн түүхийг эргүүлж тойруулан харж байхад хувьсгал гэдэг уул язгуураасаа бол аливаа нийгэмд бугшиж буй болсон идээ бээр, халдварт өвчнийг анагаадаг эмчилгээ ажээ. Хувьсгалыг зөв өрнүүлж хийж чадсан цөөхөн улс үндэстэн л өнөөгийн дэлхий дээр өндөр хөгжилтэй орон болцгоож. Хувьсгалыг өндөр мэдлэгтэй, эрдэмтэй, улс үндэстнийхээ төлөө гэсэн халуун эрмэлзэлтэй, алсын хараатай томоохон бодлоготнууд хийдэг байна. Хөгжилтэй орнуудад өрнөсөн хувьсгалыг судлахад томоохон бодлоготнууд өнөөдрийн манай нийгэмд бий болсонтой ижил олон бузар булай асуудлаас ангижрах арга замыг нарийн тооцоолж, ард нийтээрээ сайн сайхан амьдрах гэрэлт ирээдүйг зохиомжлон гаргадаг байна.
 
Өнгөрсөн 20 жилд бий болсон нийгмийн ялзрал, худалч хулгайч нарт баригдсан төрийн доройтол өнөөгийн биднийг хувьсгал хийж тэрхүү бохир заваан нийгмийн өвчнөөсөө салахыг шаардаж байна. Ардчилалаар замнасан түүхээ эргэн нэг харж юуг алдаж, юуг олсноо цэгнэж, түүхэндээ анх удаагаа гадны нөлөөллийн дор биш, өөрсдийн оюун бодлын хүчээр хувьсгал хийж ирээдүйгээ шийдэх түүхэн боломж иржээ. Гартаа олдсон боломжийг алдалгүйгээр, түүнийг “чулуу болгох” л чухал. Ингэж чадах эсэх нь Монголоо гэсэн халуун сэтгэлтэй, мэдлэгтэй монгол хүмүүсийн оюун бодол, чин зоригоос шууд хамаарна.
 
Нийгэмд Хувьсгал хэрэгтэй болсон энэ цагт Ху нам “хувьсгалтаасаа” татгалзах нь юуны учир вэ гэж эрхгүй бодогдоно. Нийгэмд мэдлэгийн үнэ цэнэ огт үгүй болж, оюуны хоосрол газар авч, авилга—хулгай хавтгайрсанаас баян хоосоны ялгаа ихэсч, хямралт байдал гүнзгийрсээр буйг эрхбиш сэрэлээрээ мэдэрч хувьсгал өрнөж хулгай хийх эрх мэдлээ алдахаас болгоомжлон “ху” үсэг орсон бүх үгийг монгол хэлний үгийн сангаас хасч олны сэтгэлийг засах гэв үү? Тэдний энэ болгоомжлолоос үл хамааран тэгэхээс тэгэх гэсэн мэт хувьсгалын тухай сэдэв олны дунд ам дамжин түгсээр л байх бололтой.
 
Хувьсгал гэдэг нийгмийн халдварт өвчнийг анагаах эм, ондоо үгээр хэлбэл нийгмийг засварлах багаж, бүр тодруулбал хувьсгал гэдэг чинь хулгайч дээрэмчдээс салах арга зам гэлтэй. Гагцхүү түүнийг зөв онол, мэдлэг дээр тулгуурлан зөв замаар хийх нь чухал. Шинэ цагийн шинэ Монголыг бүтээхийн тулд олон түмний оюуныг гэгээрүүлсэн Мэдлэгийн Түгээмэл хувьсгалыг өрнүүлээсэй. Үндэстэн даяараа зөвшилцөлд хүрэх замаар өнөөдрийг хүртэл нийгэмд буй болсон бугшмал өвчнөөс салах цор ганц зам бол гагцхүү хувьсгал ажээ.
  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 2531

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter