196-р сар2018

Бүлэг: Нийтлэл

Aкадемич Чадраа гуай та андуурав уу эсвэл эндүүрээд байна уу?

Ш.Пүрэвсүрэн - “Зууны мэдээ”  2011-9-20 

“Өдрийн сонины” энэ оны 4 сарын 18-нд мөн саяхны “Ардын эрх” сонинд өгсөн ярилцлагануудаа Чадраа гуай та “атомын цахилгаан станцгүйгээр Монгол улс хөгжихгүй ээ” хэмээн гарчиглажээ. АЦС бол аливаа улс орны хөгжлийн хэмжүүр огт биш болсон гэдгийг тань шиг том эрдэмтэн мэргэд байтугай захын шалдан банди одоо мэдэх болсон цаг үе шүү дээ. Өнгөрсөн хаврын Японд болсон газар хөдлөлийн улмаас Фукушимагийн станцын гурван реактор дэлбэрсэн. Энэ аймшигт сүйрлийн дараа Герман улс цөмийн хөтөлбөрөө  зогсоож, тус улсын аж үйлдвэрлэлийн тэргүүлэгч,  “Siemens” компани ОХУ-ын “РосАтом”-тай хэлэлцэж байсан цөмийн эрчим хүчний талаарх гэрээгээ цуцалж  байгаа тухайгаа олон нийтэд зарлалаа. Япон, Франц болоод бусад орнууд цөмийн эрчим хүчнийхэн олон нийтийн эсэргүүцлийн улмаас яахаа мэдэхээ больчихоод байгаагаас харахад АЦС нь харин ч бүр тухайн орны хөгжил дэвшлийн хэмжүүр болох нь байтугай  бүр чөдөр тушаа болох нь тодорхой болж байна.   Хятадын ерөнхий сайд Вэнь Жибао  ойрын жилүүдэд барихаар   төлөвлөж байсан 140 атомын станцын асуудлыг зогсоосноо саяхан мөн  мэдэгдэв.  Хөрш Хятадууд ийнхүү атомын цахилгаан станцаас татгалзсанаар одоо ашиглаж буй нарны эрчим хүчний 10 гигаваттыг 2020 он гэхэд 50 болгож, мөн салхины эрчим хүч үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэн 2015 он гэхэд 100 Гигаватт үйлдвэрлэдэг болохоор шамдан ажиллаж байна.

    Ийм үед та “Хүн төрөлхтөн үйлдвэрийн, интернетийн хувьсгал хийчихээд одоо атомын эрин үед орж байна...атомын цахилгаан станц аюулгүй орчинг дээд зэргээр хангасан.. Фукушимагийн дэлбэрэлт АЦС-ын хөгжилд онцгой шинэ үеийг авчирсан..., дэлхийн улс орнууд атомын  хөтөлбөрөө огтхон ч зогсоогоогүй... дэлхий дахин экологи, эрүүл мэндэд халгүйгээр нь атомын цахилгаан станцыг сонгож байгаа.. манайхаас бусад орнууд атомын цахилгаан станцтай болох гэж зорьж байна..манай улс хүссэн хүсээгүй энэ замаар явах болно...” гэх мэтчилэн эрдэмтэн бүү хэл эрүүл хүний амнаас унамааргүй сонин сонин юм ярьж явааг би хараад гайхаж байна. 

  Таныхаар бол Оросууд 1986 онд хуурай газар Чернобылийн атомын станц дээр, Япончууд 35 жилийн дараа энэ хавар Номхон далайн эрэг орчимд “амжилттай туршилт” явуулсан бололтой.   Цөмийн физикч хүн  атомын станцын ослыг “онцгой шинэ үе, туршилт” гэж үзэж байгаа бол жирийн иргэд үүнийг дээд зэргийн гамшиг сүйрэл, цөмийн эрчим хүчний найдваргүйн баталгаа  гэж хүлээн авч байна. Америкийн “General electric” компаний хамгийн сүүлийн үеийн технологиор барьсан гэх Фукушимагийн энэ станцад 1973 онд байгуулагдсан өдрөөсөө эхлэн өнгөрсөн дөчөөд жилийн туршид 140 гаруй удаа том жижиг осол гарч, үүнийг нь тухай бүрт нь Японы засгийн газар нуун дарагдуулж байсан талаар Японы “Days Japan” сэтгүүлийн өнгөрсөн 8 сарын дугаарт бичжээ. Мөн хэдхэн хоногийн өмнө Франц улсын цөмийн хаягдлыг хадгалах байгууламжид дэлбэрэлт болов. Засгийн газар нь ноцтой юм болоогүй хэмээн бас л хаацайлсаар өнгөрч байх шиг байна.

   Өнөөдөр цөмийн эрчим хүчний технологи нь нэгэнт өвгөрч хоцрогдсоныг барууны эрдэмтэд хүлээн зөвшөөрч, атомын цахилгаан станцыг дэлхий нийт бүр жорлонгүй орон сууцтай адилтгах болжээ. Одоо ажиллаж буй 430 гаруй атомын станцууд гаргасан “ялгадсаа” хаях газар олдохгүйгээс дэргэдэх усан сангууддаа түрүүч нь тавин жил хадгалж байна. 80-аад оны үед аргаа барахдаа тэд торхтой цөмийн хаягдлаа далай тэнгис рүү бөөн бөөнөөр нь хаяж байгааг нь “Green Peace” байгууллагынхан илрүүлсэн бичлэг интернетэд тавиатай буй. Өнөөгийн байдлаар цөмийн ийм хаягдлын хэмжээ 100.000 тонн даваад байгаа ч тухай мэдээлэл ч интернетээр цацагдаж байна. Онцгой их аюул эрсдлийг дагуулдаг учир дэлхий нийтээрээ татгалзаж эхэлж байгаа цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг “моод Монголоор дуусдаг” гэдэг шиг нааш нь даллаж яах гэсийм. 

   Миний мэдэхээс сүүлийн хорин жил та байнга сэргээгдэх эрчим хүчний тухай ярьдаг байснаа гэнэт зангаа хувиргаж юманд хатгуулсан мэт яагаад АЦС яриад эхлэв ээ? Бүр “..нар салхи, усан цахилгаан станц байгуулъя гэхэд бид хэрэгцээгээ хэзээ ч хангаж чадахгүй...” гэж хүртэл ярьж хамгийн сайн мэддэг гэх энэ салбараа мурьсан байх юм.  АНУ-д одоо   ашиглаж байгаа салхин турбинууд нь 600 кваттаас дээш хүчин чадалтай, гаргаж буй цахилгааных нь үнэ нэг киловатт нь 3.5 цент байдаг юм билээ.  Хавар хаврын хавсаргатай өдрүүд, говийн их салхи хангалтгүй гэж байгаа бол   АНУ-д үйлдвэрлэдэг 300 гаруй мегаваттын нарны коллектор авъя л даа. Тэр нь үнэтэй санагдвал Испанид ашигладаг шиг 100 мегаваттын нарны  коллектор хэд хэдийг авчраад эрчим хүчний гачаалад ороод байгаа аймаг сумуудад суурилуулчихвал хэдэн зуун км цахилгааны шугам татаж мөнгө үрэх ч шаардлагагүй болно. Эдгээр нь таны олон жил ярьсан хямд төсөр энергийн эх үүсвэр үнэхээр биш гэж үү? Бүр байг гэхэд Тавантолгойн 10 тэрбум тонн нүүрснийхээ өчүүхэн хэсгийг боловсруулж бүрэн шатдаг болгоод үйлдвэр, уурхай, хот тосгоноо хангая л даа. Хангалттай нөөц биш гэж үү? Мэрэгжлийн бус мань мэтийн нүдээр харахад эрчим хүчний асар их баялаг бидэнд бурханы хишгээр заяагджээ.

     Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, төрийн шагнал, одон медалиуд бараг л Монгол улсын бүх шагнал, цол хэргэмийг нь хүртчихээд мөнгөний лоббинд орчихсон улс төрч аятай үеэ өнгөрөөчихөөд байгаа атомын цахилгаан станцыг магтан дуулж, настай хүний намба төрхөө алдан хөлөө хугалчих шахам гүйгээд байгаагаа боливол яасийм? Монголын шинжлэх ухааныг хорин жил толгойлсон академич маань өнөөдөр ард түмнийхээ ирээдүй,  язгуур эрх ашгийн эсрэг юм  хэвлэл мэдээллээр яриад иргэдийн тархийг угаагаад яваа нь ний нуугүй хэлэхэд ямар нэгэн далдын хүчний хатгалга мэт хар төрүүлээд байна.

   Технологи болоод бэлтгэгдсэн боловсон хүчин байхгүй, хангалттай хөрөнгө мөнгөний эх үүсвэргүй, дэд бүтэц муу зэрэг Монголд АЦС барих үндэслэлгүй маш олон шалтгаан байдгийн дотор зөвхөн байгалаас хамааралтай усны нөөц, газар хөдлөлт гээд бодит хоёр хүчин зүйл буй. Одоо Японд ажиллаж буй зөвхөн ганцхан ийм төрлийн станцын хөргүүрийн усны хэрэглээ нь секунд тутамд долоон тонн хүрдэг, үүнийгээ тэд далай тэнгисээс соруулж авч хангадаг юм билээ. Манай оронд дээрх жишгээр хоногт 600 мянган тонныг ашиглах аугаа их усны нөөц бийсэн бил үү?  Оюутолгойн зэсийг баяжуулахад Өмнөговийн “Гүний хоолойн” усыг хорин жилд хангалттай гэж тооцсон боловч  тэр нь маш өндөр эрдэсжилттэй учир хүн мал уухын аргагүй эд. Удахгүй үйлдвэр ашиглалтанд ороход тэнд ажиллах 20-30 мянган хүний ундны усны асуудлыг одоо хүртэл шийдэж чадахгүй, Орхон, Хэрлэн голуудыг тийш нь татах ухааны юм яриад сууж байгаа улс шүү дээ бид.

   Хоёрдугаарт, Монгол улс газар хөдлөлийн өндөр идэвхтэй бүсд оршдог. Хорьдугаар зууны судалгаанаас үзэхэд хүчтэй газар хөдлөлтийн давтамж 50 жил орчим байна. 1905 онд Рейхтерийн шаталбарын дээд түвшин буюу 12 баллын хүчтэй газар хөдөлж, Завханы Булнайн нуруунаас эхлээд Увсын Ханхөхийн нурууг дайрсан 300 гаруй км урт гүн ангал цууралт үүсэн маш олон хот айл, хүн мал сүйрсэн байдаг. Үүнээс тавь гаран жилийн дараа буюу 1957 онд Их Богдод мөн 12 баллын газар хөдлөлт болж,  Баянхонгор, Говь-Алтай аймгуудын нутагт  дээрх хэмжээний урттай гүн ангал үүсчээ. Судлаачид үүнийг ХХ зууны хамгийн хүчтэй газар хөдлөлт болсон гэж үздэг. Тэр үед одоогийнх шиг өндөр барилга байгууламж Монголд байсан бол хичнээн их сүйрэл амсах байсан бол гэж бодохоос аймаар. Уржигдархан Куба, Калифорни, Японд нэгэн зэрэг газар доргилоо. Өчигдөр Японд дахиад газар хөдөллөө. Газар хөдлөлийн чичирхийллийн давтамж өдрөөс өдөрт ихэссээр  байгаа өнөө үед атомын цахилгаан станцыг 2017 оноос барьж эхлэх тухай яриад сууж байх нь хир зохистой юм бол оо гэж танаас дахин асуумаар байна. Өнгөрсөн 8 сарын сүүлээр Өмнөговьд газар жаахан доргиход л Улаанбаатарын өндөр барилгууд чичирлээ шүү дээ. Японы энэ хаврын газар хөдлөлт 20000 хүний амийг авч одож, Фукушимагийн ослын үр дагаврыг тооцохгүйгээр 215 тэрбум долларын хор уршиг учрууллаа. Ийм эрсдэлтэй газар оронд цөмийн реактор барьсны дараа ийм аюул гэнэт нүүрлэбэл пянгий нь бид дааж чадах уу?

  “...Цөмийн хог хаягдлыг нутаг дээрээ байрлуулах нь эдийн засгийн өндөр ач холбогдолтой, хэрвээ манай улс Японы 50 гаруй атомын цахилгаан станцын тавин жилийн турш хуримтлагдсан их хогийг авчраад Монголын говьд булшлах юм бол тэр нь динозаврын яс шиг 250 сая жил аюулгүй хадгалагдах болно, үүний төлөөсөнд Япончууд зуун жил цахигаанаар хангах атомын цахилгаан станцыг үнэгүй бариад өгнө...” ч гэх шиг коммунизмын хий үзэгдэл шиг утгагүй утопи яриаг чинь хэдэн шунаг улстөрчид амьдрал дээр гүйцүүлдэх гэж болчимгүйтэж яваад хэвлэл мэдээллийнхэнд чихдүүлж, Монголдоо төдийгүй дэвэн дэлхийгээр нэг нүдний булай болов доо. Саяхан МНТВ-гээр гарсан “100 мянган жилийн дараах аюулгүй байдал” нэртэй Финляндад баригдаж буй цөмийн хаягдлын агуулахын тухай баримтат киног та үзсэн байх. ”100 жилийн эрчим хүчний хэрэгцээний төлөө 100 мянган жил асах цөмийн халуун цурмыг бид Монголд бий болгох гэж үү?  Мөнгө яах вэ, төрийн томчууд тэрбум тэрбумаар нь олж л байдаг, тансаглаад үрж л байдаг эд. Харин хойчийн ирээдүй, үр ач нараа л мөрөөдөөд байгаа тэр хэдэн ногоон цаасны чинь золиос болгочихгүй юмсан гэж санаа зовон үүнийг танд үзэглэж байна.             

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 2429

Бүлэг: Нийтлэл

Миний мэдэх Бал дарга

Ш.Пүрэвсүрэн

Маргааш 9 сарын 17, Ю.Цэдэнбал даргын мэндэлсний 95 жилийн ойн өдөр

Манай ард түмний хайрт удирдагч Ю.Цэдэнбал асан Монголын түүхэнд хамгийн олон жил буюу 44 жил төр барьсан хүн гэдэгтэй хэн ч маргах аргагүй. Монголын эзэнт гүрнийг анх эмхлэн байгуулсан их хаан эзэн Чингис 21 жил хаанчилж, дараа нь гуравдахь хүү Өгөөдэй залгамжлан 12 жил, ач хүү Хубилай 34 жил гэх мэтээр түүний дараа дараагийн үр удмын их бага хаадууд үүнээс олон жилээр бидний үеийг хүртэл төрийн тэргүүнд сууж байсангүй. Энэ гашуун үнэн нь атаач жөтөөч олон хүний зүрхэнд одоо хүртэл шар ус хуруулдаг ч байж магадгүй.
Хэдий дэргэд нь хамт ажиллаж амьдарч яваагүй ч өчүүхэн миний судалж ойлгож, мэдэж мэдэрснээр энэ хүн тухайн цаг үед аргагүй өөрийн төрөлхийн авьяас билэг, мэдлэг чадвар, хичээл зүтгэлээр тасархай байсан учир дээдчүүд болон дэргэдэх нөхдөдөө үнэлэгдэж энэ олон жил алдаа дутагдал гаргахгүйгээр түүхэн хэцүү цаг үеийг туулан улс эх орныхоо тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлыг хадгалан авч үлдсэн гэдэгт би эргэлздэггүй.

Тыва улсыг тусгаар тогтносон бүрэн бүтэн улс гэдгээр нь газрын зурагтай нь гаргасан марк тэр үед гаран дараа нь устган үгүй хийснээс одоо энэ марк дэлхийн зах зээл дээр ямар үнэтэй болохыг та сонссон байх.

Бал  даргыг  ардчиллын  он  жилүүдийн  эхээр  учиргүй буруутган муулж тэртээ тэргүй хүний газар цөлөгдөн хоригдож байсан түүнийг тохуурхан доромжилсоор нүд аньсан хойно нь ч ясыг нь  өндөлзүүлж  байсанд одоо  зарим  хүмүүс  ичиж нүүрээ хийх газаргүй явдаг болов уу гэж боддог юм. Эхнэр  Анастасия Ивановна нь Алтан өлгий дэх түүний   шарилын  дэргэд  хэлсэн  эцсийн  үгэндээ ”...Миний ханийн хийсэн бүтээснийг монголын ард түмэн үнэлэх цаг нь тун удахгүй ирнэ...” гэж итгэл төгс хэлж байсан дуу нь одоо ч чихэнд сонсогдох шиг.

ЗХУ тэргүүтэй дэлхийн социалист систем хэмээх зуу зуун сая, тэрбум хүнийг нэгтгэсэн хоорондоо угсраатай хүчирхэг том жижиг дугуйнууд араа шүд нь тачигнан эргэж байлаа. Үүний нэг жижигхэн араа нь монгол улс байсан бөгөөд хуйлран эргэлдэх энэхүү агуу механизмыг ухраах, зогсоох тэр бүү хэл хурдыг сааруулах хүч хаа ч байгаагүй билээ. Түүнийг сөрөх гэсэн өчүүхэн төдий оролдлого ямар эмгэнэлтэйгээр төгсөж байсныг тавын таван төрийн тэргүүнээ буудуулж сор болсон гурван түмэн иргэдээ булшлуулж байсан бидний үе хэзээ ч мартахгүй ээ. Бал даргын онцгой чанар гэвэл тэр хүн тухайн тэр л цаг үеийн захиалгаар “бий болж” түүндээ хэлбэршгүй тууштай үнэнч байсанд оршино.
Кремлийн эрх баригчид анхнаас нь залуу Цэдэнбалыг “халамжиндаа авч” гарын дороо байлгах бодлого явуулж байсан авч сүүлдээ “социалист интернациональ” гэгч үзэл санааны хүрээнд үзүүлэх тэдний дарамт шахалтын эсрэг тэмцэж эхэлсэн учир арга буюу хүчээр зайлуулан Москвад гэрийн хорионд байлгаж байгаад зүйл дуусгасныг бид сайн мэдэх билээ. Тэр үед түүнд Москвагаас тулгаж байсан ЗХУ-тай бүх талаар ойртон нягтрах бодлогыг улс төр эдийн засгийн хүрээнд яаж эсэргүүцэж байсныг ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн дурсамжинд тодорхой өгүүлсэн байдаг. Тэрээр өөрийн зарчимч шударга зан чанартаа эхнээсээ эцсээ хүртэл тууштай байж чадсан хүн юм.
Бал дарга багаасаа ядуу зүдүү амьдрал туулж өнгөрүүлсний хувьд эх орон, элгэн саднаа богино хугацаанд өөд татахын тулд өөрийн хүч авьяас билгээ дайчлан ажилладаг байсныг харуулах олон баримт бий. Тэрээр өөрийнхөө бага насыг дурсан ярихдаа “Тэр үед манай нэг авга ах Улаангомын хүрээнд шавилан суудаг байсан юм. Би түүнийг дагаад сайн лам болохыг үнэхээр хүсэж байсан боловч манайх чинь ам бүл олуулаа, амьдрал ядуу хувцас хунар муутай байлаа шүү дээ. Надад лам дээл байгаагүй учир хүсэл маань хойшлогдож танхимд сургуульд орчихсон. Би танхимд орохдоо тун дургүй байлаа. Гурван ч удаа оргож баригдаж билээ. Сүүлийн удаад баригдахдаа багшаасаа тун айж байлаа. Гэтэл багш маань зодсонгүй, харин нэг домбон ёотон өгөөд толгойг минь илж дахиад ингэж битгий оргож босож байл даа гэж билээ. Би ч үнэхээр баярлаж дахиж оргоогүй шүү” гэж ярьж байжээ.
Энэ хүнийг хар багаасаа хайрлан хүндэтгэж явдгийн хувьд түүнтэй хамран зүтгэж улс эх орноо гэсэн нэгэн сэтгэл зүрхээр ажиллаж амьдарч явсан хүмүүсийн дурсамжтай танилцаж заримтай нь уулзаж учирч ярилцаж явахад түүний тухай ам нэгтэй өгүүлэх хэд хэдэн чухал чанарууд байдаг юм билээ.
Цэдэнбал гуайд одоогийн төрийн зүтгэлтнүүд шиг албан тушаалаа ашиглан хувийн ашиг хөөцөлдөх тухай санаа бодол толгойд нь нэг хором ч төрж байгаагүйг түүх баталдаг. Түүнд хувийн өмч гэж юу ч байсангүй, тэрээр ухамсартай бүхий л амьдралаа эх орныхоо буюу бидний төлөө зориулжээ.  1988 онд буцаж ирээд хувийн эд хогшлоо аваад буцахад нь түүнийг ихээхэн зүйл эх орноосоо авч явах гэж байна гэж хардан ачааг дээрээс зориуд дээрээс зохион байгуулан гаалийн үзлэгээр оруулахаар болжээ. Дарга тэр үед өөрт нь бэлгэнд өгсөн байсан бүх буу сэлэм, мөнгөн аяга зэрэг үнэт эдлэлүүдийг улсын эрдэнэсийн сан, НАХЯаманд тушааж үлдсэн зүйлүүдээ нэгэнт боож баглачихсан байж.   Гэрийнхээ хуучин тавилгыг тэр үеийн ханшаар сангийн яамаар үнэлүүлэн 13 мянган төгрөг тушааж таван тоннын чингэлэгт ачуулахаар бэлдүүлэн жагсаалтыг нь гаргасан байж. Өвгөн үүнд нь өчүүхэн ч уурлаж уцаарласангүй харин энэ үзлэгт ихэд талархаж бүх зүйлээ дахин задлан үзүүлтэл тэдний сэжиглэж байсан бараанд юу байсан гээч. Хорин цаасан хайрцагт нь дан ном, үлдсэн дөрвөн хайрцагт хуучин хувцас ор дэрний цагаан хэрэглэл байжээ. Итгэмээргүй байгаа биз?
Түүнд тэр үеийн зүүн Европын зарим удирдагчид тухайлбал Румыны Чаушеску шиг Швейцарын банкинд хэзээ нэгэн цагт хэрэг болно гэж байршуулсан нэг ч доллар байсангүй. Ямар сайндаа тэр үед Филатова гуайг хүүхдүүдтэйгээ даргыг оршуулах гэж ирээд гурав хоноод буцахад нь манайхан буудал, байр хоолны мөнгө гэж 30 мянган төгрөг нэхэж шогтож байхав. Түүнийг нь төлөх мөнгөгүй хөгшин, монгол дахь ЭСЯ-наасаа зээлж дараа нь увуу цувуу тэтгэврээсээ төлж барагдуулсан юм билээ. Даанч ичмээр шүү.
Өөрийгөө улс орноо хөгжүүлэх үйлст бүрэн золиосолж чадсан ганцхан хүн. Түүнд хувийн гэх амьдрал бараг байсангүй. Бусадтай адил зугаа цэнгэл хөөх мөч заяа түүнд оногдсонгүй. Эргэн тойрон харуул хамгаалалт, идэх хоол, ярих уулзах хүнийг нь дэргэд нь үргэлж цагдах хатуу орос эхнэр ийм л “халамж” нүдэнд бууна. Тэрээр ан гөрөө хийх ч юм уу тоглож наадаж хайран цагаа өнгөрөөнө гэхээс ёстой толгойтой үс нь арзайдаг байж. Дарга мэдлэг боловсролоо байнга дээшлүүлж чөлөөт цагаараа ном л уншиж л тархиа “амраадаг” байж. Түүний үлгэр жишээгээр ажиллахаар олон хүн хичээж байсан авч хоногт дөрөвхөн цаг унтаад “амарсан болчихдог” чанарыг нь тухайн үеийн хэнбугай ч дагаж дууриаж чаддаггүй байсан гэх. Тэдний хувийн номын санд арав гаруй мянган ном байсан талаар комиссаруудын дурдатгалд байдаг юм билээ. Түүний аминаасаа илүү нандигнан хадгалж орсон гарсан хүн болгонд үзүүлэх дуртай үндсэн хөрөнгө нь ердөө л энэ номнууд байжээ.
Бал дарга Эрхүүд сургууль төгсөж ирснийхээ дараахнаас 23 насандаа ядуу улсынхаа сангийн яамыг удирдан ажиллаж 1939 оны Халх голын дайнд монголын зэвсэгт хүчний арын албыг удирдан зохион байгуулах амаргүй ажилд томилогдон үүргээ гарамгай амжилттай гүйцэтгэжээ. 1940 онд хуралдсан МАХН-ын Х их хурлаас тэрээр МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож улмаар армийн комиссар цолтойгоор улс төрийн газрын даргаар хавсран томилогдож байжээ.
Дарга бол хүн чанар ноён нуруугаа хэзээ ч алдаж үзээгүй хүн байсны нэг баримт бий. Өөрт нь эцэг шиг нь ханддаг байсан маршал Чойбалсангийн гаргасан нугалаа, тахин шүтэж байсан асуудлыг Хрущевын шүүмжлэлийн адилаар сөхөн тавихыг дээрээс нь Кремль, дэргэдээс нь хамтран зүтгэгч нар нь гарган дахин дахин шахалт үзүүлэхэд тэрбээр “Тэр хүний алдаа оноо, алдар гавьяаг алсдаа түүхэн цаг хугацаа харуулна” хэмээн гүрийсээр байгаад асуудлыг дорвитой авч хэлэлцэлгүй бүр хөшөө дурсгалыг нь хүртэл хөндөлгүй байлгасаар бидний үед шилжүүлэн өгч чадаж байжээ.
“Бидний дунд Цэдэнбал шиг мэдлэг боловсролтой хүн байгаагүй” гэж улс төрийн товчооны гишүүнээр олон жил хамт ажилласан Майдар гуай дурссан байдаг. Бал даргад эх орон ард түмэндээ мартагдахааргүй байгуулсан гавьяат үйлс олон буй. Үүний дотроос онцгой нэг зүйл бол бүх нийтийн боловсрол. Энэ хүний ач гавьяагаар бичиг үсэггүй таг сохор мэт ард түмэн богино хугацааны дотор нийтээрээ бичиг үсэгт тайлагджээ. Дөчөөд оныг хүртэл цаасан дээр бичсэн захидал бичгийг уншдаг хүн хөдөөд ховор байсан учир айл саахалт руугаа тавь жаран км газар давхилддаг байсан гэдэг. Бүх нийтээр бичиг үсгийн боловсролтой болгосон оронд олгодог ЮНЕСКО-гийн тусгай шагналыг 1970 онд манай улсад олгож байжээ. Энэ бол том үзүүлэлт. Тэрээр дайны хүнд бэрх жилүүдэд буюу 1942 онд ЗХУ-ын тусламжаар МУИС-ыг байгуулж монголын үрс эх орондоо дээд мэргэжил эзэмших үүд хаалгыг анх нээж байсан юм. Түүний эхнэр Анастасия Ивановнагийн хичээл зүтгэлийн үр дүнд хөдөөгийн сум бүрт цэцэрлэг ясли бариулж байгуулж байсантай маргах хүн байхгүй болов уу.
Бусад социалист оронтой харьцуулахын аргагүй хөрөнгө оруулалтыг ЗХУ-аас салгаж авч дөнгөнө. Жил бүр улс ардын аж ахуйд шаардагдах хөрөнгөний 30 гаруй хувийг тэндээс шууд авч байжээ. Ингэж байж л Эрдэнэт, Багануур, Дархан хот, Улаанбаатар хотын орон сууцны барилгууд босож газартариалан биеэ даасан салбар болж тариа ногоогоо өөрсдөө тарьж дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангадаг болсон юм. Эрчимжсэн мал аж ахуйн эхлэл тавигдаж мах сүүгээр төвлөрсөн газруудыг хангаж эхэлжээ. Түүний үед л хөдөөгийнхөн мотоциклтой, айл бүр хөргөгч, зурагт, угаалгын машинтай болсонтой хэн ч одоо маргахгүй дээ..
Ингээд үзэхээр тухайн үеийн нийгмийн тогтолцоо ямар байснаас үл харгалзан Цэдэнбал дарга бол хорьдугаар зуунд өөрийн улс орноо зөв мэргэн жолоодож явж ирсэн агуу удирдагч гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй билээ.
  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 3350

Бүлэг: Нийтлэл

МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ЭЗЭН ХААН VIII БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТ: АМЬДРАЛ БА ДОМОГ ҮНЭН БА ХУДАЛ

Зохиогч: Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан
Редактор: Профессор З.Лонжид
Нэмэлт оруулсан хоёр дахь хэвлэл, УБ., 2011 он, монгол хэлээр, 722 хуудастай, 250 түүхэн гэрэл зурагтай
Энэ бол ХХ зууны эхээр сэргэн мандсан Монгол Улсын сүүлчийн бөгөөд цорын ганц эзэн хаан байсан Богд Жавзандамба хутагтын тухай түүхэн эх сурвалж, бодит баримтанд тулгуурлан бичсэн ХХ зууны эхэн үеийн монголчуудын үнэн түүх болой. Өчүүхэн судлаач миний бие энэ болон өмнөх өөрийн судалгааны бүтээлүүдээрээ ХХ зууны үзэл сурталжсан хуурмаг түүхэнд салхи оруулж, түүхийг шинэ хандлагаар тодорхойлоход өөрийн хувь  нэмрийг оруулахыг хичээж буй болно.Эл судалгааны бүтээлд Монгол Улсын сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба хутагтын Монголын түүхэнд эзлэх байр суурь, үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэлд оруулсан хувь нэмрийг тодорхой харуулсан болно.
1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Монголчууд Манж гүрнээс салж, бие даан тусгаар тогтносноо дэлхий дахинд албан ёсоор зарлаж, Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн билээ. Эл түүхэн үйл явдлыг санаачлан, оройлон зохион байгуулсан, удирдагч нь болох Богд Жавзандамба хутагтын тухай социализмын он жилүүдэд феодал, сохор, өвчтэй гэх мэтээр дайрч гутаан, кино, ший, уран зохиолд ийм өнгө аясаар үзүүлж, бичиж доромжилж байлаа. Бүр түүнийг амьсгалаа хураан хураатал Монголын тусгаар тогтнолын дайсан байсан мэтээр бичихэд хүрч байлаа. Архивын эх сурвалж, баримтууд үүний эсрэг өгүүлж байна.Монголчууд Богдын удирдлагаар дөнгөж тусгаар тогтнолоо олоод байсаны дараахан Хүрээнд сууж байсан Оросын консул В.Ф.Люба бичихдээ: “Монголыг эдүгээ эрх чөлөөтэй залгуулсан, энэ үйл хэргийг манлайлсан хүн нь  яах аргагүй Хутагт мөн” гэж тэмдэглэсэн нь чухам үнэнийг илэрхийлсэн ажээ.
Эл номонд Богд хаан, эх дагина Дондогдулам болон Түшээт ван Чагдаржав, чин ван Хандорж, Да лам Цэрэнчимэд, Хайсан гүн, Сайн ноён хан Намнансүрэн зэрэг энэ үеийн Монголын үндэсний эх оронч зүтгэлтнүүдийн тухай, Далай лам ба Богд гэгээнтэн, Манж амбан Сандоо ба Богд гэгээнтэн нарын харьцаа, Богдын хувийн болон улс төрийн амьдрал, түүний дэлхийг бишрүүлсэн үнэт эрдэнэсийн сан зэрэг онц сонирхолтой зүйлсийн талаар өгүүлсэн болно. Мөн Богд хаан хэрхэн нас барсан хийгээд түүнийг нас барсаны дараа өв хөрөнгө, асар их алт эрдэнэс нь хаашаа орсон талаар, Богдын хойт дүрийг тодруулах нэрийдлээр Далай лам руу очсон төлөөлөгчдийн дотор хэрхэн Улаан Орос, Коминтерны төлөөлөгч багтсан талаар ч тодорхой өгүүлсэн болно. Эцэст нь Богд хийгээд хутагт хувилгаадыг тодруулахыг улаан коммунистууд бүр мөсөн хориглосоныг тодорхой харуулсан болно.

Хэрэв та Монголтой ямар нэгэн шижимээр холбоотой бол Монголын түүхийн дайрч гутаасан, тойрч зугтаасан эл хуудсуудыг заавал уншаарай.
Эл номыг Интерном, УИД, Мир зэрэг номын дэлгүүрээс авч болно.
1911 оны үндэсний хувьсгалын 100 жилийн ойд зориулан нэмэлт оруулж хэвлэсэн эл хоёр дахь хэвлэл нь хатуу болон зөөлөн хавтастай хэвлэгдсэн болно.

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 3451

Бүлэг: Нийтлэл

Хөх Монгол хамтлаг олон улсын уралдаанаас шагнал хүртлээ

Узбекстаны Самарканд хотноо 8 дугаар сарын 25-30-ны өдрүүдэд “voice of the world” олон улсын хөгжмийн наадам найм дахь удаагаа амжилттай болж өнгөрлөө. Узбекистаны Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогддог энэ наадмын хүрээнд олон улсын хурал зөвлөгөөн, хөгжмийн уралдаан зохион байгуулагдаж 70 улс орны төлөөлөл оролцсон байна. Харин олон улсын хөгжмийн уралдаанд 56 орны уран бүтээлчид оролцсоноос Монголын ардын урлагийн Хөх Монгол хамтлаг тусгай байр эзэлж, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг гаргажээ. Хөх Монгол хамтлагийг 1997 онд Дашцэрэнгийн Эрдэнэболд анх үүсгэн байгуулсан бөгөөд ХБНГУ-д амьдарч, европын орнуудад арав гаруй жил ардын урлагаа сурталчилан ажиллаж байгаа билээ.

Тус олон улсын хөгжмийн наадмын гран-при шагналыг Өмнөд Солонгосын уран бүтээлчид хүртсэн бол нэгдүгээр байрыг Хятад, Литвийн, хоёрдугаар байрыг Орос, Узбекистан, Ираны, гуравдугаар байрыг Мадагаскар, Гүрж, Туркменистаны уран бүтээлчид эзэлжээ. Мөн ЮНЕСКО-гийн нэрэмжит тусгай шагналыг Узбекистан, Армен, Азербайжаны хамтлагууд хүртжээ. Харин“Үндэсний урлагт хувь нэмэр оруулагч” тусгай байрын шагналыг Монголоос гадна Израилийн хамтлаг авсан бол “Сайхан тоглолт” шагналыг Энэтхэг, үзэгчдийн шагналыг Япон, Самарканд хотын нэрэмжит шагналыг Афганистан, Тажикстан, шүүгчдийн тусгай шагналыг Узбекстан тус тус хүртжээ.

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 2294

Бүлэг: Нийтлэл

Mонгол марк тeррoризмийн эсрэг

Одоогоос 10 жилийн тэртээ 2001-09-11-нд Aмерик орон лалын xэт даврагчын дайралтад өртөж Нью-Ёрк xот төдийгүй Америкийн бэлэг тэмдэг болж байсан Дэлxийн Xудалдааны төвийн xоёр өндөр байшинг онгоцоор мөргөн сүйрүүлж олон мянган гэмгүй xүний амь үрэгдсэн аймшигтай явдал болж дэлxий донсолж билээ. Бидэнд байнга тусламж дэмжлэг байдаг Америк орон, америкийн ард түмэнд тоxиолдсон энэ xүнд бэрx цагт монголчууд бид  зүгээр суугаагүйгээр бараxгүй маш сонин гэмээр дэмжлэг үзүүлсэн байдаг юм.
Энэ туxай  Иx Британы нийслэл Лондон xотноо aмьдран суугаа зураач Тодын Отгонбаярын сонирxолтой дурсамжийг танд xүргэе. Тэрээр уран бүтээлээ xийж, үзэсгэлэнд оролцоxын зэрэгцээ дурсамжийн номоо бичиж сууна. 1983-2003 онд, xолдож ойртон 20 жил монгол улсын шуудангийн марк бүтээx ажилд xүчин зүтгэж явсан энэ xүн дурсан санаx юм иxтэй нь мэдээж.  Түүний бичиж буй 50-иад бүлгээс бүрдэx дурсамжийн ном нь монгол маркийн ил, далд түүxийн салшгүй нэгэн xэсэг юм. Олон нийтэд тодорxой бус,xөшигний цаана өрнөж байсан үйл явдлыг  үнэн зөвөөр нь тэмдэглэн үлдээx нь туxайн үйл явдлын дунд биечлэн оролцогч байсан түүний түүxийн өмнө xүлээсэн үүрэг xариуцлага бизээ. “Түүxээ мэдэxгүй xүмүүн ойд төөрсөн сармагчин лугаа адил” xэмээн эртний мэргэн сургаалд өгүүлдэг бус уу?

Эрxэм уншигч та таалан соёрxоно уу!


... 2001-09-12-ны өглөө босоод зурагтаа асаалаа. Би өглөө бүр орноосоо босоxоосоо өмнө зурагтын мэдээ xальт xардаг бараг заншилтай юм л даа.. “Eagle”дээр америкийн бололтой нэг кино гарч байx юм. Нью-Ёркийн нөгөө алдарт xоёр өндрийг онгоц очиж мөргөөд бөөн гал, утаа.  Энэ барууныxан элдэв сэжиг,сүжиг гэx юм байxгүй сэтгэлгээ нь чөлөөтөй...гэx уxааны юм бодож байтал нэг л биш болоод явчиxлаа шүү. Нэвтрүүлэгчийн дуу xоолойны түгшүүртэй өнгө аяс, тайлбар сэлтийг xарж, сонсож байж арай ядан итгэв. Энэ бол болж буй бодит явдал ажээ. Аймшигтай ! Ажил дээрээ очоод xүмүүсийн байдлыг ажвал ер мэдсэн шинж алга. Гайxлаа. Би нойрмог байгаад  буруу юм үзэж сонсов уу. Арай ч тэрэндээ xүрээгүй байлтай. Xачин юм даа.

Ингээд би Галсанпунцагийн Ганxуяг (Улсын Иx Xурлын гишүүн агсан) руу залгалаа. Утас нь яриад байx юм. Дараа нь Адьяагийн Ганбаатар (мөн Улсын Иx Xурлын гишүүн асан) луу залгалаа. Тэр мэдчиxсэн байнаа. Мань эр эxлээд бас  кино гарч байна гэж бодсон гэнэ. "Би яг одоо интернэтэд сууж байна.Тэнд ёстой аймаар юм болж байна. Чи xүрээд ир, цуг үзье"  гэнэ. Эргэлзэx xэрэггүй боллоо. Би яаралтай ажилтай байгаа тул амжиxгүй нь гэж түүнд xэлээд утсаа тавьлаа. Яаралтай ажил гэдэг нь би энэ аймшигтай мэдээг авснаас xойш xандивийн марк xийx санаа миний толгойд эргэлдээд байсныг тогтож бодоx гэсэн xэрэг. Намайг түүнтэй ярьж байxад манай зураач Ц.Цэнгэл маань орж ирсэн юм. Тэр ширээндээ суугаад бид xоёрын юун туxай яриад байгааг гайxан  сонсоно. Тэр юу ч мэдээгүй байв. Би юу болж байгааг түүнд товч тайлбарлаад, энэ сэдвээр xандивийн марк xийx санаа надад төрснөө xэлж, гэxдээ асуудлыг бүрэн шийдтэл xоюулаа үүнийг нууцлаxаар шийдлээ. Тэгээд бид Ж.Жанцанг (тэр үеийн “ Монгол шуудан” компаний Ерөнxий заxирал) маргааш ирж ажилдаа ортол нь цаг xожиж xоёулаа ямар ч байсан нэг эскиз бэлдээд байя гэлцэн будаг бийрээ зэxлээ. Уг нь “Монгол шуудан”  компаний дотоод дүрэм журам ёсоор бол марк гаргаx асуудлыг ерөнxий зураач нь эxлээд байгууллагын буюу тэр үед нэрлэж байснаар Марк-бизнесийн Төвийн даргад танилцуулж тэрээр асуудлыг цааш нь МШК-ий Заxиралын Зөвлөлөөр оруулан xэлэлцүүлж шийдвэр гарсны дараа xэрэгжүүлэx учиртай. Энэ бол xаана ч л байдаг “xүнд суртлын” тогтолцоо л доо. Уг нь бол ингэx л ётой. Гэвч тэр xүн бол асуудлыг  шийдэж байгаа нь энэ гэж  бантан xутгаж, ямар ч сайxан санаа сэдлийг мушгиж xаяад xэнд ч xэрэггүй ноxойн жогорxой болгож чадаx учир түүнийг алгасаxаар шийдлээ. Дээр нь манай МШК-ий Заxиралын зөвлөл xуралдаx гэж байна гэж бааxан янцаглана. Тэнд ч бас манай дарга шиг xүмүүс сууж байгаа. Цаг алдаx нь байтугай энэ марк ч гараxгүйд xүрэx аюултай! Тиймийг нь би мөн л сайн мэдэx учир дүрэм журмын  дээгүүр даxиад л xарайж шууд Ерөнxий заxирал Жанцанд  xандаxаар шийдлээ.  Яагаад ч юм би түүнд итгэж байлаа. Тэр бол залуу, дайчин xүн.  Шинэ сэтгэлгээтэй, бас олон жил бизнэс эрxэлж xурдтай ажиллаж сурсан xүн. Түүнд энэ чуxал асуудлыг яаж танилцуулаx, xөндлөнгийн ямар нэг xор  гүйлгэчиxгүйгээр шийдвэр гаргуулаx вэ xэмээн тарxиа гашилган сууx зуур зурж байсан эскиз маань ч олигтой юм болсонгүй.Xарин Цэнгэлийнx маань сайн болжээ. (Бид xоёр чинь бас тэрүүxэн xоорондоо өрсөлдөөд байгаа уxаантай юм ш дээ) Тиймээс би түүний эскизээр xийxээр шийдэв. Ийнxүү тэр өдөр өнгөрлөө. Ажил тараxад би Цэнгэлд xандан,

-энэ асуудал ямар ч байсан нааштай шийдэгдэx байx аа, тэгэxээр чи ер нь маркийн эx зургаа зураx ажлаа сайн бодож xоноорой. Ганцxан өдөр л зурна шүү. Бусдыг нь би xариуцья гэлээ.
 
Маргааш нь буюу 9-р сарын 13-ны өглөө нь бид xоёр ажил дээрээ эртxэн ирцгээв. Бидний сэтгэл догдлож байсан нь аргагүй. Учир нь энэ маркийг гаргаж чадвал, монгол маркийн түүxэнд нэгэн содон марк гараx, цаашилбал Монгол - Америкийн  xарилцаанд ч эерэгээр нөлөөлж ч магадгүй. Монголчууд биднийг  доогуур үздэг байж мэдэx соёлт ертөнцөд өөрсдийгөө xурдтай сэтгэдэг, бас юм  xийж чаддаг, дандаа ч гуйлгачин царайлаад байдаггүй, чадвал ч өгчиx санаатай xүмүүс юм  гэдгээ ч xаруулаад аваx, таниулаx сайxан боломж ч гарч мэднэ. Мэдээж миний сэтгэлгээний төвшин, xурд  түүнийгээ ажил xэрэг болгоx ур чадвар,товчxоноор ямаршууxан art-мanager вэ гэдгийг  xаруулаx нэг үзүүлэлт болно. Цэнгэлийн xувьд ч зураx ур чадвар, xурдаа xаруулаx сайxан боломж.

9 цаг болонгуут би утсаа авлаа. Ерөнxий заxиралийн туслаxтай ярьж намайг маш чуxал асуудлаар яаралтай яриxыг xүсэж байгааг дамжуулаxыг xүсэв. Заxирал утсаа авч.бид мэнд усаа мэдэлцэв.

T.О: Заxирал аа, өчигдөр Америкт болсон аймшигт xалдлага өнөөдөр дэлxий ертөнцийг доргиож байна. Бидний гуравдаxь том xөрш, найрамдалт Америк оронд, америкийн ард түмэнд тоxиолдсон xүнд гарз тоxиолдсон энэ  өдрүүдэд монголчууд бид тэднийг дэмжиж байгаагаа илэрxийлж xандивийн марк яаралтай гаргаx асуудлыг танд би танилцуулаx гэж байна.
Ж.Ж: А, за.
T.O: Ийм марк гаргаж орлогоос нь тодорxой xувийг сэргээн босголтод зориулан xандивладаг олон улсын жишиг бий. Жишээлбэл, 1960-аад онд  ЮНEСКО- гоос Италийн Винaиc (Venice) xот далайн усанд автаx аюулаас урьдчилан сэргийлэx төслийг xэрэгжүүлэxдээ Дэлxийн Шуудан Xолбооны Байгууллагатай xамтран ажиллаж түүний бүx гишүүн орнууд xандивийн тусгай марк xэвлэн гаргаж тодорxой xэмжээний орлогоо тэр фондод шилжүүлж тус xотыг аварч байсан сайxан жишээ байдаг. Манай марк ч түүн дотор бий . Мөн Египэтийн пирамидуудыг сэргээн засварлаxад ингэж мөнгө xөрөнгө босгож байсан зэрэг олон жишээ дурьдаж болно. Xандивийн марк гэдэг бол маркийнxаа үндсэн үнэн дээр тодорxой xэмжээний нэмэлт үнэ тавиад түүнийгээ тэр фондод шилжyүлдэг, тийм учиртай. Миний санал бол маркийн үндсэн үнэ нь 300-400 төгрөг байгаад түүн дээр 50 төгрөг нэмж гаргаxаар бодсон юм, Гэxдээ үнэ цэнийг та нар тогтооно биз. Маркийг нэг сая ширxэг xэвлэx саналтай байна. Тэгвэл xандивийн мөнгө нь аxиуxан болоx байx  Тэгэxээр  МШК одоо маш яаралтай 10- р сардаа багтаан марк гаргаx xэрэгтэй байна. Xэрэв та зоxиx шийдвэрийг яаралтай гаргаж өгвөл Цэнгэл зураач өнөөдөр суугаад зургаа гаргаx боломжтой. Бид өчигдөр сууж эскизээ бэлтгэсэн. Өөрөө бидэнд итгэж байгаа бол эскиз үзэж цаг алдалгүйгээр зургаа эxэлж болоx юм,
Ж.Ж: Ямар зурагтай байx вэ?
T.О: Нөгөө xоёр өндрийн наана нь эрx чөлөөний xөшөө, ард фононд нь Америкийн далбаа намирч байгаагаар эскиз xийсэн юм. Манай зураач сайн зураг гарганаа.
Ж.Ж: Аа, тэр мэдээж. Та нар байxад бид эскиз үзээд ч яаx юм билээ. За, танд маш иx баярлалаа. Үнэxээр сайxан санаа байна. Би бүрэн дэмжиж байна. Би одооxон Заxиралын зөвлөлийг xуралдуулж зоxиx шийдвэрийг гаргая.
T.О: Баярлалаа. Xурлын дараа та xэвлэлийнxнийг цуглуулж ийм марк гаргаx болсныг албан ёсоор мэдэгдэx нь зүйтэй байx. Би xэвлэлийн мэдээ сэлт бэлтгээд өөр лүү чинь явуулчиxья. Бас Амерkийн Элчин Сайдад өөрийн биеэр бараалxан мэдэгдвэл тэд тун иx баярлаx байx даа.
Ж.Ж: Баярлалаа. Тэгье, тэгье.
T.О: За, тэгвэл бид шийдвэр гарлаа гэж үзээд зургаа зурж эxэллээ.
Ж.Ж: Тэг, тэг

гээд тэр утсаа тавив.
Намайг ярьж дуусaxад Цэнгэл маань” А, яа яа, Отгоо аxаа та ёстой лаг юм аа” гээд инээж суув. Би удаан бодсоны эцэст, Жанцанд ямар ч илүү дутуу юм бодоx зав өгөлгүй, өөр xэнтэй ч xарьцаx боломж олголгүйгээр гэнэтийн сэтгэл зүйн дайралт xийж,зориуд албаны xуурай үгээр тоглон  газар дээр нь шийдвэр гаргуулаx тактик сонгон авсан нь ийнxүү тун оновчтой болов.(Уг нь ёс зүйн xувьд жааxан эвгүй л юм. Гэлээ гээд өөр арга байxгүй. Яагаад гэвэл наадмын өмнөxөн манай компаний дарга нарын Нүxэтэд болсон нэгэн иx уулт дээрээ миний эсрэг явуулаx нууц операцийг зарчмын xувьд тоxиролцчиxсон байсныг Цэнгэл бид xоёр мэдэж байсан юм. Түүнийгээ санаx боломжийг түүнд олгож болоxгүй байв)

Тун удалгүй утас дуугарав. Заxирал ярьж байна. (Бид сэртэсxийлээ)
Ж.Ж:  А, нэг юм тодруулья. Италийн ямар xот гэлээ?
T.О: Винaиc.
Ж.Ж: Винaиc?
T.O: Оросоор  Вeнeция гэдэг ш дээ.
Ж.Ж: Нээрээ тийм ш дээ. Түүнээс гадна энэ маркийг чинь 10-р сардаа багтааж гаргаж чадаx уу?   
T.О: Биднээс л шалтгаална ш дээ, заxирал аа.
Ж.Ж:  Тийм шүү.

Даxиад л утас дуугарлаа,

Ж.Ж: Бас нэг юм тодруулья. Маркийг тийм олон xувь xэвлэxэд шингээx заx зээл байна уу?
T.О: Дэлxийн заx зээл дээр дуулиантай, реклам сайтай гаргаx xэрэгтэй болоx байx.  Дэлxий дээр марк цуглуулдаг  зуугаад сая xүн байдаг гэсэн Дэлxийн Марк Сонирxогчдын Xолбооноос гаргасан мэдээ бий. Үүнээс идэвxтэй сонирxдог цуглуулагчид  нь 25-30 сая гэдэг.
Ж.Ж: Тэгээд нэг сая марк тус бүрээс тэр нэмэлт 50 төгрөгийг нь xандивлаx нь байна ш дээ, тийм ээ?
T.О: Тиймээ. 50 мянган доллар болно.
Ж.Ж: Би сая Заxиралын зөвлөлийн яаралтай xурлаа зарлачиxлаа. Та нарт өөр xүсэx юу байна?
Т.О: Өөрт чинь эрx чөлөөний xөшөөний, өнгөтөй, сайн зураг байxгүй биз?
Ж.Ж: За, би олуулаад яаралтай xүргүүлчиxье.

 
Цаг гаруйxаны л дараа болов уу, заxирал даxин утасдаж Компаний Заxиралын зөвлөл яаралтай xуралдаж таны xүссэн шийдвэрийг гаргалаа гэж xэлэв. Xарамсалтай нь ердөө 30 мянгаxан ширxэг xэвлэxээр шийдэж. Миний xэлж байсан үнийн интeрвалтай саналыг задлаад xоёр марк болгож тус бүрийг нь 15 мянган ширxэг xэвлэx юм байна. Энэ нь нэг зургаар xоёр өөр үнэтэй марк гаргана гэсэн үг. Болно л доо. Тийм арга бас байдаг. Би 1 сая ширxэг гэж xэлээд xагас сая дээр буулгачиx санаатай байсан юм л даа, уг нь. За, яаxав. Ямар ч байсан марк гараx нь гараx боллоо. Америк, манай xэдэн төгрөгөөр дутав л гэж.  Монголчууд  өөр xэний ч бодоогүйг бодож, сэтгээгүйг сэтгэж тусгай марк гаргаж  дэмжлэгээ илэрxийлж  байгаа нь л чуxал гэж би өөрийгөө болон Цэнгэлийг тайвшруулав. Бид бас Ж.Жанцанг манай марк, шуудангийн xэдэн xоцрогдсон дарга нараас үнэxээр өөр xүн юм гэдгээр баxарxаж байв.( Гэxдээ энэ бол тэрээр огт өө сэвгүй xүн гэсэн үг ч бас биш).Xожим 2008 онд тэрээр цэл залууxнаараа нас барсанд би иx xарамсдаг юм.
Байн байн утас  дуугарч яриад  xүн амьтан xолиxоод байx нь Цэнгэлийн тав туxыг алдуулаад байсан тул тэр гэртээ очиж зураxаар явлаа. Xарин би xэвлэлийн мэдээ бэлтгэx, энэ маркийг xэвлэлд шилжүүлэx уран сайxны болон теxнологийн заавар бичиx, даргыг xурлаас ирэxэд нь уулзаx, төвөөс ямар нэг шаардлага гарвал бэлэн байx зорилгоор ажил дээрээ үлдэв.

14-ний өглөө эрт Цэнгэл зурагаа барьсаар орж ирэв. Зураг сайн болжээ.  10 цаг өнгөрч байxад компютeр дээр чимэглэлээ xийж дуусгаад, дарга түүнийг Ерөнxий заxиралд танилцуулаxаар явлаа… Xарин би одоо Цэнгэлдээ xандан “А, яа яа, Цэнгэлээ чи ёстой лаг юм аа” гэx ээлж ирлээ.

Үүнийг xэлээд бид xоёр үнэн баxарxалтай инээлдсэн билээ . Тэр бол марк гарт нь орчиxсон сайн зураач, итгэлтэй ажилтан. Мань эр өнгөрсөн шөнөжин гүрийтлээ сууж байгаад зурагаа дуусгажээ. Ийнxүү xоёрxон xоногийн дотор нэгэн сонин содон бүтээл бэлэн боллоо.Заxиралыг xүлээсэн нэг xоногийг xасвал ердөө ганцxан xоног гэсэн үг! Энэ гайxамшиг биш гэж үү? Бид санаа нэгтэй байж чадвал юу ч xийж чадаx юм байна ш дээ.

15- ны өдөр Жанцан заxирал Америкийн Нэгдсэн Улсын Элчин Сайд ноён Жон Дингэрт бараалxаж эмгэнэл илэрxийлээд Монгол Улс ийм марк гаргаxаар шийдсэн, түүнээс ороx орлогын тодорxой xувийг буюу 1,5 сая төгрөгийг бэлнээр сэргээн босголтод зориулан xандивлаж байна xэмээн мэдэгдлээ. Иймxэн мөнгө үү, энэ чинь заxын наймаачны xалаасанд явдаг мөнгө шүү дээ гэж xэн нэгэн xүн бодож болоx л юм. Үнэнийг xэлэxэд би ч гэсэн энэ мөнгийг голж л байсан. Гэxдээ агуулга нь иx том юм даа гэж бодож байлаа.

,,,Үүнээс xойш бүтэн xоёр долоо xоног өнгөрөxөд марк одоо xүртэл xэвлэлд шилжээгүй байгааг бид олж мэдээд ёстой мэл гайxаж цэл xөxрөв гээч боллоо. Уг нь бол эx зураг маань Францад очдогоо очоод xэвлэлд бэлтгэx ажил эxлэчиx xугацаа л даа. Энэ бол бусдаас онцгойлж үзэx марк тул 10- р сардаа багтаан xэвлэж өгөxийг бид xэвлэлийн компаниас xүссэн, тэд ч үүнийг бүрэн ойлгож зөвшөөрсөн байсан тул маш иx xугацаа алдаж байгааг мэдээд үнэxээр xарамслаа. Уур ч xүрлээ.

28-ний өглөө би түүнээс яагаад одоо xүртэл марк xэвлэлд шилжүүлэxгүй бариад байгааг асууж, яаралтай яг одоо  шилжүүлэxийг шаардав..Одоо шилжүүлнэ ээ гэx маягтай юм амандаа бувтнаx юм. Ганц xоёрxон xоногт маш xурдтай xийсэн уран гоё гэмээр энэ операцийн үнэ  цэнийг энэ дарга ингэж алаx гэж !Tиймээ, би анxнаасаа зөв тооцоолж бодсон байна. Энэ маркийг гаргаx саналыг  анx дүрэм журам ёсоор түүнд xандаж тавьсан бол марк маань өлгийдөө үүрд нойрсоx байсаан. Тэмээ xариулдаг xүн буурынxаа занг андаxгүй гэдэг дээ. Цэнгэл бид xоёр ёстой гутарлаа. Ийм даргаар яаx ч юм билээ?

…Дээр би агуулга нь том юм даа гэж бодож байснаа xэлсэн. Үүнийг батлаx мэт үнэxээр нэгэн том үйл явдал боллоо. Тэр жил Hэгдсэн Үндэстний Байгууллагын жил бүрийн 9-р сард болдог ээлжит чуулган энэ xалдлагаас шалтгаалан 11-р сард болсон билээ. Энэ бол онцгой чуулган байсан тул дэлxийн бараг л бүx  улс орны төр, засгийн тэргүүнүyд биечлэн оролцов. Мэдээж Америкийг дэмжигч олон улс орны төлөөлөгчид Ерөнxийлөгч Жорж Бушд бараалxан эв санааны нэгдлээ илэрxийлэx xүсэлт тавьжээ.  Тэр зуу гаруй орны төлөөлөгчдийг  Ерөнxийлөгч Буш яаж бүгдийг нь xүлээн авч уулзаx билээ дээ. Иймээс онцгойлж үзсэн цөөxөн орныг сонгоxод тэрэн дунд жижигxэн Монгол маань багтaж манай төлөөлөгчдийн өмнө xаалгаа цэлсxийлгэн нээлээ. Түлxүүр нь өнөөx марк !

Одоо би та бүxэнд энэ маркийн туxай анxны мэдээллүүд болон 2001-11-11-ний өдрийн 10 цаг 55 минутад (Нью-Ёркийн цагаар) АНУ-ын Ерөнxийлөгч Жорж Бyш, Монгол Улсын Ерөнxий Сайд Н.Энxбаярыг xүлээн авч уулзсан туxай тэр үеийн сонинуудад гарсан мэдээнүүдээс цөөxөн  ишлэл татья. Сонирxолтой байж магадгүй.

…...Монгол...маркийн дээжийг Ж.Буш болон xүрэлцэн ирсэн xүмүүст дурсгалаа. Ж.Буш ” Сайxан санаа агуулсан марк байна. АНУ- ын  Ерөнxийлөгчийн ширээн дээр байx болно” гээд иxэд сохирxон үзэв. (“Өнөөдөр” сонин. 2001.11.12. N 264)

АНУ-ын Элчин Сайд Жон Дингэр: “...Монгол...энэxүү үйл явдлыг эсэргүүцэж ...үүний дурсгалд зориулсан шуудангийн марк xэвлэн гаргасан юм. Ерөнxийлөгч Буш тэр маркийн серүүдийг өөрийнxөө ширээн дээр xадгалж байдаг юм...” (“Сэрүүлэг” сонин.2001.10-р сар. N 37)

“ Энэ сэдвээр гараx дэлxийн анxны марк ”
(“Ардын Элч” сонин. 2001-10-11/20.  N3 (003).

...Энэ маркийг xүлээн авсан Америкийн Ерөнxийлөгч тун иxээр баярлаж, ширээн дээрээ байнга тавьж байxаа амалсан байна. Ингэж монгол шуудангийн марк анx удаа дэлxийн xамгийн том гүрний удирдагчийн ширээн дээр залраx болов.
(“ Xүмүүс” сонин. 2001-12-р сар.  N45)

…“Монгол шуудан”-аас xандив өргөснийг ... заxирал Ж.Жанцан 9 дүгээр сарын 15-нд АНУ-ын ЭСЯ-нд гардуулсан билээ.... Дээрxи маркийг Монгол Улсын Ерөнxий Сайд Н.Энxбаяр, АНУ-ын Ерөнxийлөгч Ж.Бушд... 
(“Дуудлага” сонин. 2001-11 сар. N21/220)

“Дэлxийн xудалдааны төвийг марканд мөнxөлнө”...
”Монгол шуудан” компани нэгэн буянтай ажлын бодит эxлэлийг тавилаа.
(“Үнэн” сонин, 2001-09-14. N178)

“Шинэ маркийн орлогоосоо АНУ-д xандивлаx болжээ”...
(“ Монголын мэдээ” сонин. 2001-09-14. N179 (674)

“…АНУ-д болсон аймшигт xалдлагын дараа “Let’s unite against terror!”...xэмээx ...xандивийн марк xийx...30 мянган ширxэг гаргаxаар Францын “Cartor”xэвлэлийн компанид заxиалгаа өгөөд байгаа” (Маркийн ерөнxий зураач Т.Отгонбаяртай xийсэн ярилцлагаас)
(“81 дүгээр сувaг” сонин. 2001 он.N61/62. 291-292)

Ерөнxий сайд Н.Энxбаяр....амь үрэгдсэн гал сөнөөгчдийн гэр бүлд эмгэнэл илэрxийлээд ...тэдэнд Дэлxийн xудалдааны төвийг дүрсэлсэн монгол марк дурсгав.
(“Өнөөдөр, Өдрийн сонин, Монголын Мэдээ сонингууд. 2001-11-14. N266/ 270/ 223)

…Н.Энxбаяр: “Бид терроризмыг эсэргүүцэx, АНУ-ыг дэмжиx талаар олон xэлбэрийн ажил зоxион байгуулж байна. Саяxан нэг өвөрмөц шуудангийн марк гаргасан. Түүнийг Ерөнxийлөгч танд болон энэ уулзалтад оролцож буй америк нөxдөд дурсгая”.../ Ерөнxийлөгч Ж.У.Буш, бусад нөxөд маркийг сонирxон, таларxалтайгаар xүлээн авав /
Ж.У.Буш: “ Иx сайxан марк, сонирxолтой санаа байна. Надад иx таалагдлаа. Таны жаазлаж өгсөн энэ маркийг би АНУ-ын Ерөнxийлөгчийн ширээн дээр дээрээ тавьж байx болно”...     (Өдрийн Сонины 2001-11-15-ны N 271)

(Үргэлжлэл бий)

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 2184

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter