196-р сар2018

Европын нийгмийн загвар гэж юу вэ??

/Хөгжлийн загварын тухай цуврал №3/

Доктор /Ph.D./ Б. ЭНХМАНДАХ

Дээр бидний авч үзсэн Амьдралын Америк замаас эрс ялгаатай Европын нийгмийн загвар гэж юу байдаг талаар товч авч үзье.
Европын нийгмийн загвар /Europian social model/ гэдэг нь Европын олонхи оронд амьдралын өндөр стандарт, ажиллах сайн нөхцлийг эдийн засгийн өсөлттэй хослуулсан нийгмийг төлөвшүүлэх тухай нийтлэг төсөөллийг тодорхойлоход хэрэглэгддэг ойлголт юм.

Европын хувьд улс орон бүр өөр өөрийн гэсэн нийгмийн загварыг хэрэглэдэггүй бөгөөд Европд бүх нийтийн сайн сайхан нийгэм /welfare state/ байгуулах үйл явц нь түгээмэл хэд хэдэн шинжтэй байдаг байна. Бүх нийтийн засаглал, иргэн бүрийн нийгмийн оролцоо, нийгмийн хамгаалал болон ажлын байрны төгс хүрэлцээг хангах нь Европын улс орон бүрийн хувьд нийтлэг зорилт болсон байна. Тухайлбал, Европын Холбооны Гэрээнд ажлын байрыг хөхиүлэн дэмжих, амьдралын болон ажиллах нөхцлийг сайжруулах, удирдлага, ажиллагсдын хоорондын харилцан ойлголцлыг хангах, хүний нөөцийг хөгжүүлэх, нийгмийн хамгаалалыг төгөлдөржүүлэх  зэрэг нийгмийн зорилтуудыг тавьсан байдаг байна. Ингэхдээ Европын улс орон бүр хөгжлийн өөр өөр асуудалд илүүтэй анхаарч ирсэн байдаг аж.

Иймээс Европт Англо-Саксон, Их газрын, Газрын Дундад Тэнгисийн болон Умардын гэсэн нийгмийн 4 загвар байдаг гэж эрдэмтэд үздэг.

Ер нь Европын нийгмийн загвар нь Дайны дараах сэргэлттэй холбоотой гэж үздэг. Үүнд, судлаачид протекционизмын сулралт, төрөлт эрс нэмэгдсэн, хямд эрчим хүч, АНУ дахь сэтгэл ханамж бүхий амьдралын түвшинг гүйцэх хүсэл эрмэлзлэл зэрэг хүчин зүйлүүдийг нэрлэдэг байна. Европын нийгмийн загвар нь нөгөө талаар олон улсын эдийн засгийн интеграцид хамрагдаж амжаагүй Зөвлөлтийн эвсэл болон Хятад, Энэтхэгийн гадаад өрсөлдөх чадвар сул байснаар нөхцөлдөж байсан гэж үзэж болно.

Харин сүүлийн жилүүдэд даяаршил (globalisation), Европчлогдох үйл явц (Europeanisation) болон хүн амын өтлөлт (ageing population) зэргээс хамаарч, Европын нийгмийн загвар хэр тогтвортой бол гэсэн асуудал үүсч байгаа нь нууц биш ч хөгжлийн энэ загварыг судлах нь хөгжиж буй орнуудын хувьд ач холбогдолтой  хэвээрээ байна.

Хөгжлийн Европын загварын хувилбаруудыг тус бүрээр авч үзвэл:

Англо-Саксоны загвар

Их Британи, Ирландад хэрэглэгддэг Англо-саксоны загвар нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/-ын өндөр орлоготой орнуудын дундаж түвшинд хамаарах, Умардын гэхээсээ илүүтэй Их газрын Европын загварт илүү дөхүү нийгмийн бүдүүн бараг загвар гэж хэлж болно. Европын бусад олонхи орныг бодох юм бол эдгээр орнууд хэдийгээр ДНБ-ний харьцангуй өндөр өсөлттэй, ажилгүйдлийн түвшин бага хэдий ч ядуурал, тэгш бус байдалд нэрвэгдсээр байдаг.  Баруун Европын ихэнхи орнуудыг бодвол нийгмийн хамгаалал сул тул ИБУИНВУ, Ирландад улсын орлогыг хуваарилж, амжиргааны доод түвшинг хангахуйц орлогыг баталгаажуулж, эмнэлэгийн үйлчилгээний хувийн төлбөрийг хөхиүлдэг байна.

Их газрын Европ загвар

Австри, Франц, Герман, Бельги болон Люксембургт хэрэглэгддэг энэхүү загвар нь ажлын байрыг хамгаалахад илүүтэй чиглэгдсэн байдгын зэрэгцээ аж үйлдвэрлэлийг нарийн зохицуулсан зохицуулалттай байдгаараа онцлогтой аж. Гэхдээ, хөдөлмөрийн зах зээл нь уян хатан бус тул даяаршилд удаан дасан зохицдог байна. Даатгалд тулгуурласан ажилгүйдлийн тэтгэмж, төрийн санхүүжилтэд тулгуурласан нийгмийн сайн хамгаалал нь ядуурлыг бууруулж, эмнэлэгийн үйлчилгээг чанартай байлгахад  түлхэц болдог байна. Энэ загварыг ерөнхийдөө Англи-саксон болон Нордик загваруудын дундын хувилбар гэж үздэг байна.

Газрын Дундад Тэнгисийн загвар
Итали, Испани, Грек, Португал зэрэг орнуудад хэрэглэгддэг Газрын Дундад Тэнгисийн загвар нь Их газрын загварын нэгэн адил улсын тэтгэвэрт тулгуурласан нийгмийн хамгаалалд төвлөрдөг байна. Хөдөлмөрийн зах зээл нь Их газрын нэгэн адил ажлын байрны хамгаалалтай зохицож өгдөггүйн зэрэгцээ нийгмийн халамжийг хамгийн доод түвшингээр тооцсон байдаг нь дутагдалтай гэнэ.

Харин Нордик буюу Умардын загварыг Европын нийгмийн загваруудын хамгийн шилдэг нь хэмээн үздэг байна. Энэ загварын талаар жич тодруулан авч үзэх болно.


 

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter