196-р сар2018

Амьдралын Америк зам хөгжлийн цорын ганц зөв зам мөн үү?

/Хөгжлийн загварын тухай цуврал №1/

Доктор /Ph.D./ Б. ЭНХМАНДАХ

Бид бүхний сайн мэдэх хөгжлийн загвар болох Амьдралын америк зам /American way of life/-ын талаар эхлээд авч үзье.
Энэ загвар нь нэг талаар дэлхий дахинаа чөлөөт хөгжлийн дээд үлгэр жишээ болж, Америк орныг ардчилал, зах зээлийн эдийн засгийн манлайлагч улс гүрэн болгоход хүргэсэн хөгжлийн нэг сонгодог загвар яах аргагүй мөн.

Амьдралын америк зам гэдэг ойлголт нь бүр 1776 онд Томас Жефферсоны бичсэн АНУ-ын Тусгаар тогтголын Тунхаглалын гол үзэл санаа болсон “Амьдрал, Эрх чөлөө ба Аз жаргалын төлөө тэмүүлэл” гэсэн Гурвал зарчмаас үүдэлтэй  бөгөөд өнөөдөр “Америк мөрөөдөл”, “Америкийн онцлог” зэрэг ойлголтуудаар баяжсан АНУ-ын иргэн бүрийн амьдралын хэв маяг болон төлөвшсөн амьдралын загвар гэж хэлж болно.
Вилл Хэрберг “Протестант, Католик, Еврей” номондоо “Амьдралын америк зам” гэдгийг улс төрийн хувьд “ардчилал, чөлөөт зах зээл” гэдэг шиг Америкийн нийгмийн хамгийн “нийтлэг шашин” гэж үзэх нь зүйтэй гэсэн байдаг.
Амьдралын Америк зам нь хувь хүний үнэлэмж, үнэт зүйлсийг дээдэлдэг хувийн шинж чанартай, хөгжил хөдөлгөөнтэй, прагматик шинжтэй төдийгүй бие даасан, нэр төртэй, бүхнийг шүүх ёс зүйг номолдог, хүмүүнлэг, үргэлж урагшаа харсан, өөдрөг үзэл гэж нэг талаас хэлж болно. Америкчууд өөрийгөө боловсруулах үйл явцад хэт итгэдэг учир боловсролын салбартаа хүртэл их фанатик байдлаар ханддаг. Ийм ч учраас Америк бол өөртөө итгэлтэй, нэр төрөө эрхэмлэсэн, бие даасан хүмүүсийн чөлөөт нийгэм. Энэ утгаар нь АНУ-ыг либертаричуудын “мөрөөдлийн эх орон” гэж хэлж болно.

Америкчууд их өгөөмөр, филантропик хүмүүс, тиймээс бусдын зовлон зүдгүүрийг эцэс төгсгөлгүй хуваалцахад бэлэн улс. Тиймээс “Бүх нийтийн сайн сайхны төлөө” бүхнээ зориулах ёс зүйг дээдэлсэн америкчуудыг нөгөө талаар идеалистууд ч гэж хэлж болно. Энэ ч утгаараа өнөөдөр АНУ-ыг дэлхий дээр “Ардчилалын өлгий нутаг”, “Ардчилалын эцэг” гэж нэрлэж байгаа нь хоосон зүйл бишээ.
Гэхдээ Амьдралын америк зам нь хөгжлийн загварын хувьд улс орон бүрт тохирох загвар мөн үү, биш үү? гэдэг нь өөр асуудал юм.
Дэлхийн номер нэг эдийн засаг бүхий Их гүрний хөгжлийн агуу том загвар жижиг, буурай хөгжилтэй улс орнуудад тэр бүр зохицохгүй гэж юуны өмнө хэлж болохоор байгаа юм.

Газар газраас аз жаргалыг хайн ирсэн олон сая хүн амтай, АНУ гэдэг нэгэн Их гүрнийг 200 гаруй жилийн өмнөөс өнөөг хүртэл төвхнүүлэхдээ хувь хүний эрх, эрх чөлөөний салшгүй хэсэг “амьдрал, эрх чөлөө ба аз жаргалын төлөө тэмүүлэл” зарчмыг тунхаглаж, хувь хүний өөрийн  болон бусдын өмнө хүлээх хариуцлагыг дээд зэргээр мэдрүүлсэн ч нөгөө талаар төрөөс хүний талаар авах бодлогыг хязгаарлаж өгснөөрөө Европын болон бусад нийгмийн баримжаат загваруудаас ялгагддаг нь тодорхой болсон зүйл.

“Уолл Стрийтийг эзлэ” хөдөлгөөнийхөн ардчиллын үнэт зүйлийг үгүй хийж буй үндэстэн дамнасан корпорациуд, нүсэр бүтэцтэй банкууд, АНУ-ын санхүүгийн олигархиудын эсрэг тэмцэж байгаа хэмээн өөрсдийгөө тодорхойлж буй бөгөөд нас, хүйс, арьс өнгө, улс төрийн үзэл баримтлалаараа өөр хоорондоо эрс ялгаатай эдгээр хүмүүс өөрсдийгөө хүн амын “99 хувь” хэмээн тодорхойлж, улстөрчдийг сайн, сайхан нийгмийг бүтээн байгуулахыг хүлээж, тэдэнд найдах хэрэггүй гэдгийг сануулах, ойлгуулах, баялаг бүтээдэг жирийн хүмүүсийг эрх мэдэлтэй болгохыг зорьж байна.

Ийнхүү өнөөдөр америкчуудын зарим нь өөрсдөө тогтолцооныхоо гажуудлыг олж хараад, хөдөлгөөн өрнүүлж байна. Чөлөөт зах зээлийн эдийн засаг нь эдийн засгийн үсрэнгүй өсөлтийг хангадаг ч, зөөлрүүлж хэлэх юм бол, түүний үр дүнг олон түмэнд мэдрүүлэх тал дээрээ дутагдалтай. Өөрөөр хэлбэл, аливаа зохицуулалтгүй, чөлөөт өрсөлдөөний дүнд нэг талд нийгмийн баялагийн ихэнхийг гартаа төвлөрүүлсэн монополиуд, нөгөө талд уг баялагаас хүртэх “хувьгүй” олонхи үүсдэг байна.

Манайд ч нийгмийн шилжилтийн үеийн төгсгөлд яг ийм дүр зураг харагдаж эхлээд байгаа.

Тиймээс Амьдралын америк зам нь өнөө цагт дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч ардчилал, эрх чөлөө, зах зээлийн нийгмийн амьдралын үлгэр дууриалал,  ерөнхий хэв хэмжээ болохоос биш улс орон бүрийн хөгжлийн тодорхой арга зам болоход үнэхээр “томдох” хөгжлийн загвар бололтой.


 

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter