162-р сар2019

Ажиа гэгээн 3 дахь жилдээ Монголчуудтай учиран золгов

Ш. Баатар, Америкийн Баруун Эргийн Монголчуудын Соёлын Сан

Хүн болбоос өөрийн хийсэн үйлийн үрийг өөрөө үүрэх хорвоогийн жамтай. Түүний нэг нь хорвоог хэсэн доншуучлах нэгэн дон буюу өвөгчүүлийн хэлдгээр "лүндэд дайвын дон" юм. Ийм дон туссан нэлээд олон монголчууд Америк нутагт аж төрөн сууж, ахан дүүс, ахуй Mонгол нутгаа мөрөөдөн санааширч явна. Тэднийг гаднаас нь харахад хэнээс дутахгүй сайхан харагдах ч сэтгэлдээ ямар нэгэн юм үгүйлэн байгаа нь нүдэнд нь суусан ялигүй гунигаас мэдрэгдэх төдий харагдана. Эл байдлыг битүүхэн ажигласан, тэдний нэгэн би бээр хэдэн жилийн өмнөөс өлзий буян нь дэлгэрсэн эгэлгүй нэгэн Монголтой тэднийг учируулж сэтгэлийн жаврыг нь үргээлгэх болсон билээ. Буянтай хүний сэтгэлийн элчинд гараа ээхээс эрхэм юм юу билээ.

Энэхүү эрхэм буянтан бол уг гарлаараа Баруун Монголын хошууд угсааны дэд Монгол гэгээн Ажиа Ринбүүчи билээ. Ажиа гэгээн нь бидний дээдэс шүтэж ирсэн шарын шашин Гэлүгбагийн ёсыг үндэслэгч Их Богд Зонхивын аавынх нь 21-р дүр болно. Ажиа гэгээнийг Хөхнуураас 2 настайд нь Банчин Богд тодруулсан учиртай гэнэ билээ. Монгол хүний төрлийг олж, бурхан шашины дээдийн дээд зиндаaнд хүрсэн алдарт Гүнбэн хийдийн хамба лам энэ гэгээн Хятадын төрийн өндөрлөгт шашиныг тэргүүлэх алба хашиж байгаад Банчин Богдыг тoдруулах маргаанд өртөж Америкт дүрвэн гарчээ. Биднийг заяa түшиж, энэ гэгээнтэй учирснаас хойш хэн л зовлонд унана гэгээний босгыг илээдэг жамтай болсон билээ.

Ажиа гэгээн хувилгааны нийгүүлэх ёсоор Америк, Монгол, Түвд, Хятад хүмүүст зориулж "Күмбүм Пандэ Линг" хийдийг Оакланд хотын төвд байгуулсан юм. Гэгээнтэй хөөрөлдөж байгаад уг хийдийг "Буман Бурхадын Төгс Баясгалант Хийд" хэмээн нэрийдэж, түмэн олонд зориулан ном хурах болсон билээ.

Цагаан сарын шинийн нэгэнд бат ёроол өргөх буяны хурлыг энэ хийдэд гурав дахь жилдээ хурж байна. Жилээс жилд хүрэлцэн ирэх сүсэгтэн олны тоо улам нэмэгдэж энэ жил хийдэд багтахгүй болж намайг сандаргав. Хүүхэд, томчуул нийлсэн 300 гаруй хүмүүс ирэхэд хөл тавих зайгүй шахуу битүү болов. Хоцорч ирсэн нь хаалганы цаанаас залибарч байгаа харагдав. Монголчууд маань хөгшин залуугүй ихэд сүсэгтэй гэдэг нь ийнхүү харагдаж байлаа.

Ажиа гэгээн лам гурван эрдэнэд залибарч мөргөл хийсний дараа олон нийт суудалдаа сууж, гэгээний талаар би товч тайлбар хийсэн юм. Цагаан сарын шинийн нэгний "молам" хурахад Америкийн зүүн эргээс Гандан хийдийн лам Алтантитэм хүрэлцэж ирж хуралд оролцсон юм. Ажиа гэгээн хуран цугларсан Mонголчууддаа хандаж "зовох зовлон, айх аюулгүй, эв найртай, нэгэндээ түшигтэй, нийтэд тустай" явж шинэ оноо туулахыг eрөөж айлтгал хийв. Буяны хурлыг хураангуйлан танилцуулбал eрөөлийн дээд итгэл – Жанрав, Богд Зонхив гэгээний Бодь мөрийн зэргийн хураангуй Юндэн шүжирмаа, аюул зовлонгоос аврах Римсүм гүмбү, Цэла намсүм гээд бурхадын тарина, гай барцад муу бүхнийг зайлуулах Гагву, аз хийморьтoй явахын төлөө хийморийн сан, эд лонжид хурааж олз омогтой явахын төлөө даллага авч, олон сахиусын ном уншлаа. Энэ бүхэн Молам eрөөлд багтдаг уламжлалтай. Бие, сэтгэл, хэл яриа ариун байхын төлөө " Гүмсүм түг"-ийн мандал өргөж, хуран цугларсан олон гэгээнд бараалхан адис, утлага хүртлээ.

Mонголчууд хоорондоо золгож, идээ будаа болон шинэлцгээв. Шинийн нэгэнд алс хол энэ газар айраг цагаатай байсан нь сүсэгтэн олонд баяр нэмлээ. Ажиа гэгээн түмнээс ирсэн өргөлийг нэг зоос тутаалгүй ном барлах буяны үйлд өргөхөө айлдав. Шилийн цагаан овооны Да Лам Намжилдорж (Бөрклийн Их сургуульд 60-аад онд багшилж байсан) гуайн шавь, олон арван жил Америкт aмьдaрсан Лувсан Хайдав гуай сүсэгтэн олонтой сэтгэлийнхээ үгийг хуваалцаж ер бусын баяртай байв. Энэ хүн сүүлчийн ноён гэгээний (Говийн догшин ноён хутагт) шавь юм гэнэ билээ. Магнай тэнийж, зүрх догдолсон Mонголчууд сэтгэлдээ баяртай сайхан харьцгаав.

Нэгэн Mонгол хүний сэтгэл тэнэгэр явбаас нийт Монголчууд сэтгэлээрээ баян явахын ерөөл болно. Түмэн олон маань сар шинэдээ сайхан шинэлж, сэтгэлээ ариусгаж, итгэл урмаан бадраан ихийг бүтээх болтугай. Ум амгалан байг.

Шинийн гурваны өдөр

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter