Гадаадад суралцагч, төгсөгч оюутан залуусын чуулга уулзалтанд зориулсан мэндчилгээ

Цахиагийн Элбэгдoрж, 2002.08.29

Гадаадад суралцагч монгол оюутнуудын чуулга уулзалтад оролцож байгаа эрхэм залуус, анд нөхөд Та бүгдийн түмэн амгаланг алс холын Амeрик орны нийслэл Вашингтон хотоос айлтгаж, чуулганы тань ажилд арвин их амжилт хүсэн мэндчилье. Энэхүү чуулга уулзалтыг дэмжиж буй төрийн, хувийн болон олон нийтийн байгууллагын удирдлага, хамт олонд талархаж байна.

Уг чуулганаас Монгол орны шинэ зуун дахь хөгжилд дорвитой хувь нэмэр болохуйц шинэ санаа дэвшигдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Түүнийг Монголын олон нийт, төр засаг дэмжиж хэрэгжүүлэх их ажил өрнөнө гэдэгт бас итгэж байна.

Манай оюутан залуус бол нэг талаар улс орны минь ирээдүй, нөгөө талаар энэ ард түмний итгэлийн галыг өдөөгч, дэвжээгч гол хүч нь юм.

Ингэж уулзах, ийм арга хэмжээг төр түмэнтэйгээ хамтарч зохиох гэдэг бол том алхам. Гэхдээ та бүгдийн бодож санаж буй бүхэн дэвшүүлж, гаргаж байгаа санаа бур тодорхой ажил хэрэг болж чадвал орчин цагийн Монгол орны хамгийн том амжилтуудын нэг болох болно. Хамгийн гол нь эхлэл тавигдлаа. Энэ гэгээн үйл хэргийг үргэлжлүүлж Монголын төр, байгууллагууд эрдэмтэй боловсролтой, оюун төгс нүд тайлж, ухаан тэлсэн иргэдээ уриалан дуудаж хамтран ажиллах л үлдлээ.

Энэ чуулганд манай төрийн удирдах хүмүүс оролцож буйг сонсоход таатай байна. Тэднээс эрдэм чадалтай иргэдээ улс орныхоо хөгжилд татан оролцуулахад нөлөөлөхүйц шинэ санал санаачилга гарч бодит ажил болоосой гэж хүсэж байна.

Гадаадад суралцагч монгол оюутан залуус бол газрын хол усны уртад Эх орон гэдэг, эрх ашиг гэдэг нэг болохыг мэдэрсэн хүмүүс. Хөгжилтэй бол хөгжилтэй, хүн төрөлхтөнд олон зүйлээр гайхуулж толгой цохиж яваа, олон улс оронд сурч тэнд хүмүүс яaж амьдардаг, яaж сурдаг тэр жишгээр дунд нь яваа та нарт хэлэх үг дэвшүүлэх санаа олон бий.

Зоримог санаа дэвшүүлэхээс, дэвшилтэт алхам хийхээс бүү ухар залуусаа. Даацтай санал санаачилга, шинэ эхлэл гэдэг бол хүний амьдралын уртаар хэмжигддэггүй, хэдэн үе дамжин улс орныг, ард түмнийг хөтөлж явдаг юм.

Та бүхэн улс орныхоо хөгжлийн төлөө хэрэг болно, ийм зүйл хийх хэрэгтэй гэж шинэ санаа дэвшүүлж байгаа бол тэнд та бүхний орон зай хэрэгцээ байна гэсэн үг. Yvнийг ч хүмүүс хаа сайгүй мэдэрч байна. Орон зайгаа эзэл, хийх зүйлээ хийцгээ залуусаа.

Энэ чуулганыг өөрсдөө газрын холоос санаачилж цугласан шигээ хийх бүтээх зүйлээ санаачилж өөрсдөө хийж, өөрсдөө алдаж, онож байж л амжилтанд хүрнэ. Хэрэгтэй зүйл, сайн үйл сэдвэл түмэн олон чинь, төрөлх Эх орон чинь дэмжээд хамтраад ирэх юм байна гэдэг нь та бүхний зуны налгар цагаар налайж суулгүй уухайлж хөдөлсний үр дүн, өнөөгийн энэ чуулган чинь харуулж байна.

Монголчууд эрт дээр үеэс эрдэмтэн мэргэд, оюун билигт хүмүүсээ хайрлаж, үнэлж ирсэн ард түмэн. Энэ үнэлэмж цагийн эрхээр өөрчлөгдөж, унаж, уруудаж ирсэн боловч дахин сэргэж байна.

Бидэнд арвин их мэдлэгтэй, дэлхийн хөгжлийн энг хардаг, түүний шаардлагыг хангадаг, мэддэг хүн олох гэж зовдог эрдэг үе байсан. Одоо бол хэдэн арваараа, хэдэн зуугаараа тийм залуустай болсныг энэ чуулган батлаад нотлоод өгөх байх.

Монгол улс сүүлийн арав гаруй жилийн түүхэндээ олсон гайхамшигт амжилтын нэг бол энэ орон дэлхийд хэний ч өмнө нүүр улайлгахгүй боловсон хүчинтэй болсонд, тийм чадавхи бүхий болж буйд оршиж байна. Одоо Монгол улс энэ залуусаа ашиглаж нүүр улайхгүй тийм хөгжлийн түвшинд хүрэхийн төлөө урагшлах хэрэгтэй.

Дэлхийн түвшинд хүрч сурахын, тийм боловсрол олохын амаргүйг та бүхэн мэднэ. Тийм мэдлэг үнэлэгддэг, улс орныг, байгууллага, хамт олныг амжилтад хүргэдгийг та бүхэн мэднэ. Одоо үүнийгээ түмэнд мэдрүүлж үнэлүүлж ажиллах цаг ирж байна.

Эх орноо санах, ээж аав, элгэн садан, ах дүүгээ мөрөөдөхийн хэцүүг та бүхэн мэднэ. "Монгол зудтай байна" гэж сонсоод нутгаа санаж, зүүдэлж хонохын үнэнийг та бүхэн мэднэ.

Монголын нэрийг сайнаар сонсоод баярлахын сайхныг, улсынхаа тухай таагүй юм дуулаад санаа зовох, шаналахын хэцүүг та нар бас мэднэ. Холоос хэлсэн үг, гэрийн гадаа ярьж буй яриа гэр доторхи хүний чихэнд тэр тусмаа ажил ихтэй, албаны хүний сонор анхааралд хүрдэггүй болохыг та нар мэднэ. Тийм ч учраас та бүхэн алжаал тайлах цагаа умартан их ажил сэдэж нутагтаа очсон байх.

Хүний бодох сэтгэхээс бусад нь өөрчлөгдөн хувирч буй хорвоогийн аашийг та бүхэн мэднэ. Түүнд ямар хариулт хэрэгтэйг олоогүй ч, тэнд харин ямар асуулт дэвшигдэж буйг та нар мэдэж байгаа. Хилийн чанадаас нутаг орон чинь ямар харагддагыг та бүхэн мэднэ. Дэлхийн хүмүүс Монголыг хэр мэддэгийг, яаж мэддэгийг та нар бие сэтгэлээрээ мэдэрсэн. Нутгаа өмөөрөх, хайрлах, санахыг бас үзсэн.

Нутагт буй ах дүүс тань, найз нөхөд чинь ихэнх нь "Нааш ирэх гэж яaраад яaхав, наанаа байж бай" гэхэд та нар эх орон луугаа очиж байна. Хүмүүсийн зарим нь хилийн чанадыг зорьж, хөгжилтэй, нэртэй нэгнийг бараадах мөрөөдөлд автаж, тэдний ам харц гадагш чиглэж байхад та нар дотогш нутаг руугаа очиж байна. Энэ бол жам ёсны боловч гайхамшиг.

Та бүхэн тэнд хийх юмтай, хэлэх үгтэй хэрэгжүүлэх зүйлтэй нь харагдаж байна. Та нарын энэ алхам "Бүгдээрээ нутагтаа очъё.Тэнд хийх ажил их байнa." гэсэн уриа дуудлага мэт санагдаж байна.

Монгол бол хөгжлийнхөө гайхамшигтай эрин үедээ байгаа орон. Тарьсан үр бүхэн соёoлж болох, түүний үр жимсийг хүртэж болох, тийм боломжтой, тийм чадавхитай болж байгаа орон. Тэнд та бүхний орон зай бий. Yvнийг та нар мэдэрчээ. Маш зөв. Сайхан эхлэл. Сайхан эхэлж, муу хэлүүлж, шинэ замыг хүндрэл бэрхшээлтэйгээр туулдаг нь нийгмийн хөгжлийн жам. Шантрахгүй бас зогсохгүй л байх хэрэгтэй.

Дээхнэ үед монголчууд хүрээний ламаас сонин дуулж, тэд юу ярьж буйг чагнаж, үйл явцын өрнөлийг мэдэрдэг, аливааг үнэлдэг байсан тухай яриа байдаг. Одоо оюутан залуус та бүхнээс хүмүүс шинийг сонсож, хөгжлийн чиг хандлагыг мэдэх, мэдрэх хэрэгцээ байна. Yгээ хэл, дуугаа дуул, бүжгээ хий залуусаа. Санаагаа дэвшүүлж, бодлоо уралдуулж, хэн нь юу сурснаа үзүүл, юу хийж чадахаа үзүүл, юу бодож санаж явдгаа ярилц залуусаа.

Хэн нэгнээс адис хүртэж, хэн нэгний сургаал сонсож байж, хэн нэгнээс зөвшөөрөл авч байж юм хийх гэж оролдох хэрэггүй. Та бүхнийг сурахад чинь, уншихад чинь, шинэ юм мэдэхэд чинь, шинэ мэдлэг эзэмшихэд чинь хэн нэгэн зөвшөөрөл өгөөгүй. Одоо түүнийгээ ажил хэрэг болгоход бас хэн нэгнээс зөвшөөрөл гуйх хэрэггүй. Гуйсан юм гутаж, хийсэн зүйл үлддэгийг санацгаа.

Мэдээж та бүхэнд туслалцаа хэрэгтэй, та бүхнийг дэмжих алхам хэрэгтэй. Гэхдээ та бүхэнд тусалдаггүй юм гэхэд саад болохгүй байх л чухал. Төрийн байгууллагууд, манай урдаа барьдаг бизнeсийн болон олон нийтийн идэвхтнүүд та бүхнийг дэмжиж, хамтарч ажиллаж байна. Энэ бол Монголын эрх ашиг нэг, тэр нь Монголын хөгжих, эс хөгжих эсэх асуудалд оршдогийг харуулж байна. Хөгжлийг бүтээгч бүрэлдүүлэгч нь эрдэм мэдлэг, авъяaс чадвар бүхий хүмүүс юм.

Боловсрол, хүний хөгжлийн тухай асуудал өнөөдөр аль ч орны нийгэм, улс төр, эдийн засгийн хөгжлийг тодорхойлдог, түүний тухай дарга нь ч, цэрэг нь ч, баян нь ч, ядуу нь ч, ерөнхийлөгч нь ч, тариачин нь ч санаа тавьдаг, ярьдаг болжээ. Монгол өнөөдөр энэ тухай ярих биш түүнийг ажил хэрэг болгох гэж байгаа, түүний төлөө санаа тавьдаг, хөрөнгө хүч зардаг орон болж хувирч байна. Энэ бол бас л амжилт.

Хөгжилтэй, иргэд нь боловсролтой жижиг орон тийм зүйлээр дутмаг ямар ч том оронтой эн тэнцүү байх тийм боломж нээгдэж байна. Yvнийг манай оюутан залуус бас л олж харжээ. Монголын залуучууд чуулж, цуглаж, ярилцаж байж тэндээс шинэ юм гарч байсан, их үйл хэрэг эхэлж байсан удаатай. Та бүхний сэдсэн ажил бүхэн бүтэх болтугай.

Амeрикийн Нэгдсэн Улс, Вашингтон хот.