186-р сар2018

Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболд Хилийн чанадад байгаа иргэддээ мэндчилгээ дэвшүүлж байна.

Өссөн гэр, төрсөн нутгаасаа алсад, өргөн дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, сурч, амьдарч байгаа Монгол ахан дүүс Та бүхнийхээ амар мэндийг айлтгаж, угтан ирэх шинэ оны мэндийг хүргэе. 

НҮБ-ын хөгжиж буй болон далайд гарцгүй орнуудын бодлого, мониторингийн газрын дарга С.Эрдэнэбилэг, “Родман энд Рэншоу” хөрөнгө оруулалтын банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Ж.Жамул, Москва дахь ЮНЕСКО-гийн төлөөлөгчийн газрын дарга Д.Бадарч, Монголоос хамгийн анх АНУ-ын Силикон Ваалийд ажиллаж буй Ш.Баатар, Финляндын Аабо их сургуулийн багш, доктор Ц.Цэрэн-Онолт, Yahoo-гийн инженер Ч.Ганболд, Майкрософт компанийн инженер Б.Сувдмаа, Майкрософт компанийн Windows C++ албаны дарга Л.Бат-Өлзий, БНСУ-ын Инчоны “Дусан” электроник компьютерийн үйлдвэрийн ажилтан Д.Базаррагчаа, Японы сумогийн их аварга М.Даваажаргал, Английн Лондон коллежийн оюутан Э.Энхмөрөн, Бангалор хотын бизнесмэн Х.Ганбат гээд хувь заяаныхаа эзэн болж харьд яваа мянга мянган Монгол иргэддээ Засгийн газрынхаа нэрийн өмнөөс, халуун элгэн нутгаас тань Монгол Улсын Ерөнхий сайд мэндчилж байна.
 
Шинэ зууны эхний арван өндөрлөж, хоёр дахь арван эхлэх оны зааг дээр Засгийн газрынхаа нэрийн өмнөөс Та бүхэндээ хандаж байна. Эх оронд тань өвлийн жавар хайруу ч хүмүүсийн сэтгэл халуун байна.
 
Хорин жилийн тэртээх энэ л өдрүүдэд монголчууд шинэ амьдрал, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэсгим хүйтнийг үл ажран жагсан цуглаж, үгээ хэлж, эрх чөлөөтэй амьдралын замыг эргэлт буцалтгүй сонгож байсан билээ. Өнөөдөр Монгол улс өнгөрсөн 20 жилийн алдаа оноогоо цэгнэн дүгнэж, ирэх 20 жилийн зорилго зорилтоо тодорхойлон харж байгаа үе.
 
Улиран одож буй онд ололт, амжилт, ахисан, алдсан нь юу байв гэдгээ дүгнэн хэлэлцдэг нь шинэ жилийн өмнөх энэ өдрүүд юм.  2010 онд эдийн засаг тогтворжлоо. Засгийн газар “Хүний хөгжил”-дөө анхаарч, ард олноороо анх удаа эцэг өвгөдөөсөө үлдээсэн байгалийнхаа баялгаас хишиг, хувь хүртэж эхэллээ. Монгол орон 65.000 иргэнээр бүл нэмж өнөр олуулаа боллоо. Сүүлийн 15 жилд байгаагүй арвин ургац авлаа.
 
Шинэ бүтээн байгуулалт, шинэ төмөр зам, шинэ аж үйлдвэрийн цогцолборууд, шинэ орон сууцны хорооллууд баригдахаар боллоо. Европын стандарт, Канадын технологийг монголынхоо боломжтой салбаруудад нутагшуулахаар боллоо. Монгол хүний билэг, авъяас тодорч, спорт, урлагийн салбарт тив, дэлхийн олон аврагууд төрлөө.
 
Амьдрал дандаа сайхан байдаггүй учир алдаа дутагдал, хямрал зөрчил, саад бэрхшээл манай орныг тойрсонгүй. Хямралд өртсөн банк санхүү, дэд бүтэц, барилга, мал аж ахуй гээд эдийн засгийн олон салбараа сэргээх ажлууд үргэлжилсээр байна. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын өгөөж шим  энгийн иргэдэд шууд мэдрэгдэхгүй байна.
 
Ажилгүйдэл 8.6 хувь, ядуурал 35.2 хувьтай байгаа нь Засгийн газрын санааг зовоосоор байна. Оргилуун дарс, ууттай бэлэг, баярын бялуугүйгээр шинэ оноо угтаж байгаа айл өрхүүд ч байгаа гэдгийг бид орхиж мартаж болохгүй.
 
Амжилт болгоноо баталгаажуулж, алдаа бүхнээ эргэн засах нь өөдөлж дэвжих улс орны нэгэн шалгуур байх учиртай. Та бүхнийгээ эх орондоо эргэн ирэхэд улс орныхоо хөгжлийг нэг алхмаар урагшлуулсан байхын төлөө, нэг шат илүү өндөр болгож барихын төлөө, нэг ч болсон шинэ зүйлийг сэдэж хэрэгжүүлсэн байхын төлөө бид зүтгэж байна. Ажил амьдралаа дээшлүүлэх, сурч боловсрох гэж алсыг зорьсон Та нарыгаа эх орон, төр засаг чинь ямагт санаж, ирэх өдрийг чинь тоолон хүлээдэг юм шүү.
 
Хэдийгээр хувь заяаны эрхээр өөр улсын иргэншилтэй болсон ч монгол хүний нэр төрийг өргөж, монгол эх орноо санагалзаж явдаг иргэдтэйгээ бид зүрх сэтгэлээрээ хамтдаа байдгаа хэлэхийг хүсч байна.
 
Өнөөдөр тусгаар Монгол Улсын минь 200 мянга орчим иргэн гадаадад ажиллаж, амьдарч, сурч байгаа гэсэн мэдээ бий. Ирэх жил болох шинэчилсэн бүртгэлээр энэ тоо улам тодорхой болно. Монгол төр иргэнээ нэг бүрчлэн бүртгэхийг чармайж байгаа тул Та бүхэн маань тусгаар улсынхаа бүрэн эрхт иргэн гэдгээ баталгаажуулж шинэчилсэн бүртгэлдээ хамрагдах нь монгол хүн бүрийн үүрэг юм шүү.
 
Та нарын маань олсон хураасан, илгээсэн бүхэн ахан дүүсийн тань амьдралыг тэтгээд зогсохгүй улс орны хөгжлийг дэвжээж байна. Та бүхний минь шинэ санаачилга, шинэ хүсэл тэмүүлэл улс орныг маань урагш хөдөлгөх хүч болно. Байнга биш ч гэсэн боломжтой үедээ би Та бүхнийхээ санал сэтгэгдлийг гадаад дахь монголчуудын блог, сайтуудаар орж судалж үздэг.
 
Анхаарах, ажил хэрэг болгох олон санал санаачилга байгааг анзаарч хэрэгжүүлэхийн төлөө зүтгэдэг билээ. Монгол хүн дэлхийн нэр хүндтэй газруудад уригдан ажиллаж, шилдэг брэндийг бүтээлцэж байгаад омогшиж, Монгол залуус Харвард, Жоржтаун, Оксфордод суралцаж эрдмийн зэрэг хамгаалж, эх орныхоо нэрийг өргөн, билэг оюуныхаа хүчийг батлан харуулж байгааг бахдан биширч явдаг.
 
Монгол хүний хүч хөдөлмөр, оюун ухаан дэлхийн хаана ч үнэлэгдэж чадаж байна. Гэвч 2.7 сая Монголчууд бид дэлхийн 6 тэрбум хүний хаана нь яваагаа эргэцүүлж бодох ёстой. Бид хаана төрсөн, хэний үр сад билээ гэдгээ хэзээ ч мартах учиргүй. Хүссэн үедээ эх орондоо ирж буцах нь цөөнгүй байгаад нь талархдаг. Өвгөдөө нутаглуулахад, хүүхдээ сургуульд ороход ирж амжихгүй, цагаан сар, шинэ жил, улсын наадмаар нутагтаа баярлаж чадахгүй гуниж яваа нь олон байгааг ч би мэдэрдэг.
 
Засгийн газар хүний нутагт байгаа иргэн бүртээ хүрч ажиллаж чадахгүй байгаа нь нууц биш. Тийм болохоор Хилийн чанад дахь иргэдтэйгээ хамтран ажиллах зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд байгуулан гадаадад амьдардаг иргэдийн бүртгэл, судалгааны нэгдсэн мэдээллийн сантай болох, тэднийг эх орондоо эргэн ирж ажиллах эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх, мэдээллийн солилцоог түргэтгэх, төр-хувийн хэвшил, төр-иргэний нийгмийн түншлэлийг хөгжүүлэхээр ажиллаж байна.
 
Зовлон бэрхшээл, хүнд хэцүү үед нь иргэддээ туслах зорилготой “Иргэдэд туслах сан” Гадаад харилцааны яамыг түшиглэн ажилладаг боллоо. Энэ онд гадаадад амьдарч  буй монголчуудынхаа анхдугаар  чуулга уулзалтыг эх орондоо зохион байгууллаа. Уг чуулга уулзалтад оролцогчдоос гаргасан шинэ санаачлагуудыг ажил хэрэг болгох нь бидний үүрэг болон үлдсэн. Хилийн чанадад нарийн мэргэжил, туршлага эзэмшсэн иргэдээ эх орныхоо бүтээн байгуулалтад татан оролцуулах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Зөгийн үүр” хөтөлбөр боловсруулж, баталлаа.
 
Энэ хөтөлбөр болоод монголчуудынхаа ажиллаж амьдарч байгаа орчинтой танилцуулах, тодорхой арга хэмжээнүүдийг авах зорилгоор Засгийн газрын төлөөлөгчдөө Герман, БНСУ-д ажиллуулав. Авч хэрэгжүүлэх арга хэмжээ олон байгаатай биечлэн танилцсан. Ирэх жил АНУ болоод бусад орнуудад ажиллуулах төлөвлөгөөтэй байна. Та бүхэнтэй уулзахаар очих Засгийн газрын төлөөлөгчдөд санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаарай. Монголчууд бид нэгдэн нийлсэн, хамтдаа үедээ хүчтэй байж ирсэн билээ. Би та бүхнийхээ дуу хоолой, үзэл бодол, бүтээлч шүүмжлэлийг сонсож, шууд харилцаатай байх боломжийг технологийн дэвшил олгож Твиттэр, фэйсбүүкийн дансуудаа идэвхжүүллээ.
 
Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэд өөрсдийн сонирхол, мэргэжлийн дагуу холбоо, нийгэмлэг байгуулах замаар эвлэлдэн нэгдэж, эрх ашгаа хамгаалах, улс орныхоо түүх соёл, хэл, иргэншлийг сурталчлан таниулах үйл ажиллагааг идэвхтэй явуулж байгаа нь бахдууштай хэрэг юм. Британийн монголчуудын холбоо, “Цахим Өртөө Холбоо”, АНУ-ын Вашингтон, Чикаго, Сан Франциско, Денвер хот дахь монголчуудын холбоо, “Даяар Монгол” веб хуудас, Вашингтон дахь Монголын Соёлын төв, БНСУ дахь “Далайн салхи” нийгэмлэгийн үлгэр дууриалаар хотоороо, улсаараа, сургуулиараа эвлэлдэн нэгдвэл энэхүү төрийн бус байгууллагаар нь дамжуулан Та бүхэндээ хүрч ажиллахад дөхөм  болно гэдгийг энэ дашрамд зөвлөе. Манай Засгийн газар олон улсын бүхий л төрлийн стандартыг эх орондоо нутагшуулахаар зорьж байгаа тул ажил амьдралын сайн сайхан хэвшлээ эх орондоо үлгэр дууриал болгон нэвтрүүлэхийг ч хүсье.
 
Манай улсын өмнө асар их боломжууд, үзээгүй том сорилтууд тавигдаж байна. Монгол улс ирэх 20 жилээ их бүтээн байгуулалтын он жилүүд болгон зарлалаа. Энэ бүтээн байгуулалтад сурсан мэдсэнээ харуулж, идэвхи санаачилгатай оролцоосой гэж энэ мэндчилгээгээр дамжуулан бүх монголчуудаасаа хүсч, урьж байна. Явах нэгэн өдөр байхад ирэх нэгэн өдөр бий гэж эцэг дээдэс минь цэцэлдэг билээ. Санаж сарвайх бүхнээ үлдээгээд харийг зорьсон өдөр байхад төрсөн нутаг, өссөн газар, аавын голомт, сайхан Монгол орондоо буцаж ирэх өдөр ирнэ.
 
Аавын бийд хүнтэй танилцаж, агтны бийд газар үзэхээр явсан та бүхэн маань эргэн ирж их үйлсийг жолоодон зүтгэх учиртай. Авдаг цалин нь дэлхийн жишигт биш ч нэмэгдэн өсөх боломж нээгдэнэ гэдэгт би итгэдэг. Монгол Улс маань хөгжлийнхөө шинэ гараан дээр ирээд байгаа энэ цаг мөчид манай төр засаг гадаадад боловсрол мэдлэг олж мэргэшсэн залуусаа эх орондоо ажиллах нөхцлөөр хангах нь зүйтэй гэж үзэж байна.
 
Улс орныхоо хөгжлийн талаар санаж бодож явдаг зүйлс, Засгийн газрын үйл ажиллагааны алдаа оноо, бодлого хөтөлбөр, авч буй арга хэмжээний талаарх үнэтэй санал сэтгэгдлээ Twitter.com/batboldpm, www.batbold.com, болон засгийн газрын Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй." target="_blank">Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. , Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй." target="_blank">Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. , Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй." target="_blank">Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. гэсэн хаягаар ирүүлээрэй. Ажил төрөл, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх болно.
 
Ирэх 2011 онд Монголын тулгар төр байгуулагдсаны 2220, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100, Ардын хувьсгалын 90 жил, улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын 90 жилийн билэг ерөөлтэй түүхт их ойнууд давхцан тохионо. Боломжтой нэгэн нь эх орондоо ирж, боломжгүй нь байгаа газар нутагтаа эдгээр тэгш дүүрэн ойн баяраа тэмдэглэж Монгол хүнийхээ омогшлыг мэдэрч, их түүхээрээ бахархан наадахыг хүсэе.

Та бүхнийхээ ажил үйлсэд амжилт хүсэж, сайхан Монгол орондоо хийж хэрэгжүүлэх шинэ санаачилга, шинэ тэмүүлэлтэй, дүүрэн хүсэл мөрөөдөлтэй ирнэ гэдэгт итгэж байна. Усны урт, газрын холд суугаа Монгол ахан дүүс минь ээ! Эцэг өвгөдийнхөө гал голомтод эргэж тавтай морилоорой. Эх орныхоо их бүтээн байгуулалтыг гардан хийцгээе. Та бид хамтдаа эх орноо хөгжүүлж, эзний ёсоор амьдрах учиртай.

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter